83. Сатаны сорилтыг ялан дийлсэн нь

Чэнь Лу, Хятад

Энэ нь 2012 оны 12-р сарын 21-ний өглөө байв. Арав гаруй ах, эгч цуглаан хийж байтал гэнэт хаалга чангаар тогшиж: “Хаалгаа нээ! Хаалгаа нээ! Гэрийг чинь шалгана!” гэж хашхирав. Нэг эгчийг хаалга онгойлготол зургаа, долоон цагдаа бороохой барин, дайран орж ирлээ. Тэд биднийг бүдүүлгээр түлхэн холдуулаад, дараа нь шүүгээнүүдийг онгичиж эхлэв. Нэг залуухан эгч урагш гарч: “Бид хууль зөрчөөгүй. Яагаад байшинг нэгжиж байгаа юм бэ?” гэж асуулаа. Цагдаа нар: “Зүгээр л байгаарай! Чамайг тэнд зогс гэсэн бол зүгээр л зогсож бай. Бид чамайг ярь гээгүй л бол дуугай бай!” гэж хэлээд түүнийг хэрцгийгээр газар шидэн, “Эсэргүүцэхийг хүсэх юм бол зодно шүү!” гэж хашхирав. Эгчийн хумс хугарч, хуруунаас нь цус гарч байлаа. Цагдаа нарын хэрцгий царайг хараад би үзэн ядахын зэрэгцээ айж байсан тул хүч чадал, итгэл өгч, гэрчлэлд зогсоход минь хамгаалаач гэж Бурханд чимээгүйхэн залбирсан юм. Залбирсны дараа зүрх сэтгэл минь нэлээд тайвшрав. Цагдаа нар сайн мэдээний олон материал, Бурханы үгийн номыг хураан авч, биднийг цагдаагийн машинд суулгалаа.

Биднийг цагдаагийн хэлтэст ирэхэд бидний барьж явсан бүхнийг хураан авч, бидний нэр, хаяг, манай чуулганы удирдагчид хэн болохыг асууж байцаав. Би юу ч хэлсэнгүй; бас өөр нэг эгч ч юу ч хэлээгүй тул цагдаа нар биднийг толгойлогч гэж үзээд, тус тусад нь байцаахаар болов. Би тэр үед маш их айж байсан—цагдаа нар ялангуяа Бурханд итгэгчдэд харгис хэрцгий ханддаг гэж сонссон, бас байцаалтын гол бай гэж ангилагдсан байлаа. Энэ нь мэдээж ноцтой харгислалаар дүүрэн байх болно. Би аймшигтай байр байдалд, айж эмээж байх яг тэр үедээ хажууд маш ойрхон байсан эгчийн ингэж залбирахыг сонсов: “Өө Бурхан минь, Та бол бидний хад, бидний хоргодох газар. Сатан Таны хөл доор байдаг, би Таны үгийн дагуу амьдарч, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсоход бэлэн байна!” Үүнийг сонссоны дараа сэтгэл цэлмэлээ. Энэ үнэн—Бурхан бол бидний хад, Сатан Түүний хөл доор байдаг, ийм байхад би юунаас айх юм бэ? Би Бурханд найдаж байгаа цагт Сатаныг ялан дийлж чадна! гэж би бодлоо. Гэнэт би айхаа больсон боловч бас ичиж байв. Тэр эгч ийм явдалтай тулгараад залбирч, Бурханд найдан, Бурханд итгэх итгэлээ алдаагүй байхад айж хулчийсан тухайгаа би бодлоо. Би Бурханд итгэдэг хүний ноён нуруутай байж огт чадсангүй. Намайг зоригжуулж, надад тусалсан Бурханы хайр болон тэр эгчийн залбирлын ачаар би цагдаа нарын эзэрхэг хүчнээс айхаа больж, чимээгүйхэн ингэж шийдсэн юм: Би баривчлагдсан болохоор Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсохоор шийдлээ. Би Бурханы урмыг хугалах хулчгар хүн яасан ч болохгүй!

Арван цагийн үед хоёр цагдаа намайг гавлаж, ганцааранг минь байцаахаар нэг өрөөнд аваачлаа. Цагдаа нарын нэг нь орон нутгийн аялгаар намайг байцаав. Би ойлгоогүй бөгөөд түүнээс юу хэлснийг нь асуухад энэ асуулт тэднийг гэнэт уурлуулж орхисон юм. Зогсож байсан нэг цагдаа миний үснээс шүүрэн авч, намайг урагш хойш сэгсчив. Ийш тийш сэгсэрснээс толгой эргэж, хуйхыг минь хуулж байх шиг санагдаж, хэсэг үс зулгаагдан унаж байлаа. Үүний яг дараа өөр нэг цагдаа над руу гүйн ирж, “Бид чамтай хатуухан үзэх хэрэгтэй юм биз дээ? Ярь! Сайн мэдээ номло гэж чамд хэн даалгасан бэ?” гэж хашхирлаа. Миний уур маш их хүрч, “Сайн мэдээ номлох нь миний үүрэг” гэж хариулав. Хоёр дахь удаагаа ингэж хэлэхэд минь тэрээр миний үснээс шүүрэн авч, нүүр рүү алгадаж, цохиж, “Дахиад тэр сайн мэдээгээ номлохыг чинь харъя л даа!” гэж хашхирч байлаа. Тэрээр миний нүүрийг улаан хүрэн болж, өвдтөл цохисноос болоод нүүр хавдаж эхлэв. Тэр өөрөө ядармагцаа намайг зодохоо больж, дараа нь надаас олсон гар утас, MP4 тоглуулагчийг аваад чуулганы тухай мэдээллийг надаас асуулаа. Би мэргэн ухаанд найдан тэдэнтэй харьцаж байв. Гэнэт цагдаа: “Чи эндхийнх биш. Мандарин хэлээр маш сайн ярьдаг—дундаж хүн лав биш. Үнэнээ хэл! Яагаад энд ирсэн юм бэ? Хэн чамайг явуулсан бэ? Чиний удирдагч хэн юм?” хэмээн асуулаа. Энэ асуултуудыг сонсоод зүрх минь амаар гарах шахаж, надад итгэл, хүч чадал өгөхийг Бурханаас гуйсан юм. Залбирлаар дамжуулан зүрх сэтгэл минь аажмаар тайвширч, “Би юу ч мэдэхгүй” гэж хариуллаа. Ингэж хэлэхийг минь сонсоод тэд ууртайгаар ширээ нүдэн: “Зүгээр л хүлээж бай, удахгүй чамд үзүүлээд өгнө!” гэж хашхирав. Дараа нь тэд миний MP4 тоглогчийг аваад асаалаа. Би маш их айж, тэр надтай харьцахдаа ямар арга ашиглахыг мэдэхгүй байсан тул Бурханыг яаран дуудав. Тоглуулсан зүйл нь Бурханы үгийн нэг хэсгийн уншлага байх юм гэж би төсөөлсөнгүй: “Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурханы үгийг сонсоход зүрх сэтгэлийг минь сүлбэх шиг санагдлаа. Эзэн Есүсийг ажиллаж байх үед Түүнийг дагаж, нигүүлслийг нь эдэлсэн хүмүүс олон байсан ч Түүнийг загалмайд цовдлогдож байхад, мөн Ромын цэргүүд Христэд итгэгчдийг баруун солгойгүй баривчилж байхад олон хүн айж зугтаасан. Энэ нь Бурханд асар их шаналал авчирсан! Тэгвэл би тэдгээр ач санадаггүй хүмүүсээс ямар ялгаатай юм бэ? Би Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдэлж байхдаа Бурханыг дагах итгэл дүүрэн байсан боловч зовж, төлөөс төлөхийг шаардсан зовлон зүдүүртэй тулгарах үедээ айж хулчийсан. Энэ нь Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулж яаж чадах юм бэ? Завхарсан хүмүүс биднийг аврахын тулд эрхэм дээд Бурхан махбод болж, бурхангүй үзэлтэй улс төрийн нам засагладаг Хятад улсад даруухнаар, нууцаар ирээд, эдгээр чөтгөрийн мөрдлөг, яллалтыг тэвчиж, үнэнийг эрэлхийлэх замд биднийг биечлэн хөтөлсөн тухай би бодлоо. Биднийг аврахын тулд Бурхан бүхнийг хийсэн байхад Түүний авралын нигүүлслийг эдэлсэн хүний хувьд би Түүнд гэрчлэл хийхийн тулд багахан төлөөс төлж яагаад чадахгүй гэж? Мөс чанартаа би өөрийгөө зэмлэн, маш аминч, маш үнэ цэнгүй байснаа үзэн ядаж байлаа. Бурхан надад найдаж, санаа зовниж байсныг би гүн гүнзгий мэдэрсэн юм. Биеийн хэмжээ минь төлөвшөөгүй, Сатаны хүчирхийлэлтэй нүүр тулаад айж байгааг минь Тэр сайн мэднэ гэж надад санагдсан; цагдаа Бурханы үгийн уншлагыг тоглуулснаар дамжуулан Бурхан надад үүнийг сонсгон, Түүний хүслийг ойлгох боломж олгосон, ингэснээр би гай зовлон, дарангуйллын дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадах байв. Тэгэхэд би Бурханы хайранд маш их сэтгэл хөдөлж, нулимс урсган, “Өө Бурхан минь! Би Танаас урвахыг хүсэхгүй байна. Сатан намайг яаж ч тамласан хамаагүй, би гэрчлэлд зогсож, Таны сэтгэлийг тайвшруулахаар шийдсэн” хэмээн чимээгүйхэн Бурханд залбирсан юм.

Гэнэт тасхийх чимээ гарч цагдаа тоглуулагчийг унтраагаад над руу дайран ирж, үзэн ядсан байдлаар: “Хэлэхгүй бол би чамайг эрүүдэн шүүнэ шүү!” гэв. Тэгээд тэд надад нүцгэн хөлөөрөө газар зогсохыг тушааж, үнэхээр доор байрласан бетон блокны голд байх төмөр цагаригаас баруун гарыг минь гавлав. Тэд надаас бөгтийн зогсохыг шаардсан бөгөөд доош хагас суухыг зөвшөөрөөгүй, зүүн гараараа хөлөө тулахыг ч зөвшөөрөөгүй. Хэсэг хугацааны дараа би зогсож чадахаа болиод хагас суухыг хүссэн боловч цагдаа: “Хагас суухгүй! Хэрэв бага зовохыг хүсэж байвал хурдан үнэнээ хэл!” гэж хашхирлаа. Би шүд зуун тэвчихээс өөр аргагүй болов. Хэр их хугацаа өнгөрснийг бүү мэд. Хөлийн ул мөс шиг хөрч, хоёр хөл минь өвдөж, мэдээгүй болсон бөгөөд би үнэхээр зогсож тэсэхгүй болсон тул хагас суув. Цагдаа намайг босгож, аягатай хүйтэн ус авчран, хүзүү рүү асгасан. Маш их даарснаас би дагжин чичирч эхлэв. Дараа нь тэд миний гавыг тайлж, намайг модон сандалд түлхэн суулгаж, хоёр гарыг минь нурууны ардуур оруулан сандлын хоёр талаас гавлаад, цонх нээж, агааржуулагчийг асаасан юм. Хүйтэн салхи гэнэт хүчтэй цохиж, би хүйтнээс болоод дагжиж, зүрх сэтгэлдээ өөрийн эрхгүй сул дорой болсон боловч энэ зовлонгийн дунд тасралтгүй залбирч, Бурханаас энэ өвдөлтийг тэвчих хүсэл, хүч чадал өгч, махан биеийн сул талыг ялан дийлэх боломж олгохыг гуйлаа. Яг тэр үед Бурханы үг намайг дотроос минь залж чиглүүлсэн юм: “Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү өөгшүүл… Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Намайг Бурханаас урвуулахын тулд Сатан махан биеийг минь эрүүдэн шүүхийг хүссэнийг Бурханы үг надад ойлгуулсан бөгөөд хэрэв махан биедээ анхаарал хандуулах юм бол би түүний арга мэхэнд автах байлаа. Би Бурханы үгийн энэ хоёр өгүүлбэрийг оюун санаандаа ахин дахин санаж, Сатаны заль мэхнээс сэрэмжлэн, санаанаас нь татгалзах ёстой гэж өөртөө хэлж байв. Дараа нь цагдаа нар том савтай хүйтэн ус авч, бүгдийг нь миний хүзүү рүү асгалаа. Миний бүх хувцас нэвт норсон юм. Яг тэр мөчид намайг мөсөн байшинд оруулж байх шиг санагдаж байв. Намайг айхтар чичирч байгааг хараад нэг цагдаа туг үсийг минь зулгаан, толгойг минь хүчээр өргөж, цонхоор тэнгэр өөд харуулан “Даарч байгаа биздээ? Тэгвэл Бурхан чинь ирээд чамайг аврах байлгүй!” гэж даажигнав. Намайг хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг хараад тэрээр над дээр том савтай хүйтэн ус дахин асгаж, агааржуулагчийг хамгийн хүйтэн тохиргоон дээр тавиад, над руу эгц үлээлгэв. Гаднын тэсгэм хүйтэн агаар, жихүүн салхи намайг дахин нэгэнтээ бүрхэн авлаа. Би маш их даарснаас атиран биеэ эвхээд, бараг л хөлдөж, вений судсан дотор цус царцах шиг санагдав. Тэгээд өөрийн эрхгүй ийм галзуу бодол бодогдож байлаа: “Ийм хүйтэн өдөр байхад тэд намайг хүйтэн усаар норгож, агааржуулагч асааж байна. Тэд намайг хөлдөөж алах гээ юу? Хэрэв би энд үхвэл гэр бүлийнхэн минь энэ талаар огт мэдэхгүй.” Би харанхуй болон цөхрөлд живж байхдаа хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайд цовдлогдож байхдаа Эзэн Есүсийн амссан зовлонгийн тухай гэнэт бодлоо. Бас Бурханы энэ үгийг бодов: “Цэвэршүүлэлт туулсан хайр сул дорой биш, харин хүчтэй байдаг. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалт туулуулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй, Бурханы төлөө бүхнийг дуртайяа хөсөр хаяж, Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчиж чадваас хайр чинь цэвэр ариун, итгэл чинь бодитой байх болно. Тэгсэн цагт л чи үнэхээр Бурханаар хайрлагдсан нэгэн, үнэхээр Бурханаар төгс болгуулсан нэгэн байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Бурханы эдгээр үг үнэхээр намайг зоригжуулсан юм. Бурханыг гэрчлэх чадвартай байгаа минь Бурхан намайг өргөж буй хэрэг—би махан биед анхаарлаа хандуулж яахан болох билээ? Тэгээд би амиа алдах байсан ч гэсэн Бурханд үнэнч байхаар шийдсэн бөгөөд аажмаар тийм ч хүйтэн санагдахаа больсон юм. Үд дундаас эхлээд оройн долоон цаг хүртэл цагдаа нар намайг үргэлжлүүлэн байцаасан. Тэд огт ам нээхгүй гэдгийг минь харсан тул намайг байцаалтын өрөөнд түгжиж, над руу хүйтэн агаар үлээлгэсээр байв.

Оройн хоолны дараа цагдаа нар байцаалтаа улам эрчимжүүллээ. Тэд заналтайгаар сүрдүүлэн: “Бидэнд хэлээдэх! Танай чуулганы удирдагч хэн бэ? Хэрэв хэлэхгүй бол бид өөр арга хэрэглэнэ; халуун чинжүүний шүүс, савантай ус уулгаж, ялгадас идүүлж, нүцгэлээд подвалд хаяж, хөлдөөж ална шүү!” гэлээ. Ёрын муу цагдааг ингэж хэлэхэд тэд үнэхээр хүн биш, харин хүний бие махбодтой сүрэг чөтгөр юм гэдгийг би харсан. Тэд намайг ингэж заналхийлэх тусам би тэднийг зүрх сэтгэлдээ улам их үзэн ядаж, тэдэнд хэзээ ч бууж өгөхгүй гэж улам зориг шулуудсан юм. Тэд бууж өгөхгүй байгааг минь хараад, даавуун уут олж усанд дэвтээн, миний толгойд углалаа. Тэд намайг хөдөлгөхгүйн тулд толгой дээр дарж, уутны амыг чангалж эхлэв. Гарыг минь сандалд гавласан болохоор би огт хөдөлж чадаагүй. Нэг их удалгүй би бүтэж үхэх дөхөж, бүх бие минь хөшсөнийг мэдэрлээ. Гэвч энэ нь тэдний үзэн ядалтыг арилгахуйц биш хэвээр байв. Тэд хүйтэн устай сав авч, хамар руу цутгаад, хэрэв ярихгүй бол бүтэж үхнэ шүү хэмээн заналхийлж байлаа. Нойтон уут агаар нэвтрүүлэхгүй, дээрээс нь хамарт минь ус цутгасаар байв. Амьсгалахад маш хэцүү байсан бөгөөд үхэл ойртож буй мэт санагдаж байлаа. Би чимээгүйхэн Бурханд залбирч: “Өө Бурхан минь, миний энэ амьсгалыг Та надад өгсөн, өнөөдөр би Таны төлөө амьдрах учиртай. Ёрын муу цагдаа нар намайг яаж ч тамласан, би Танаас урвахгүй. Хэрэв Та надаас амьдралаа золиослохыг шаардвал би Таны төлөвлөгөө, зохицуулалтыг өчүүхэн ч гомдолгүйгээр дуулгавартай дагахад бэлэн байна…” гэлээ. Намайг ухаан алдаж эхлэн, амьсгалахаа бараг болих гэж байхад тэд гэнэт гараа сулласан юм. Би зүрх сэтгэлдээ Бурханд зогсолтгүй талархсаар байлаа. Би ёрын муу цагдаа нарын гарт орсон ч гэсэн, Бурхан тэдэнд миний махан биеийг эрүүдэн шүүхийг л зөвшөөрсөн болохоос амийг минь авахыг зөвшөөрсөнгүй. Үүний дараа миний итгэл өссөн юм.

Маргааш нь үд дундын үед хэдэн цагдаа өөр нэг эгч бид хоёрыг цагдаагийн машинд суулгаж, цагдан хорих төв рүү аваачлаа. Тэдний нэг нь: “Чи эндхийх биш. Бид чамайг зургаа хүртэлх сар хориод дараа нь 3-5 жилийн ял ноогдуулна, ямар ч тохиолдолд хэн ч үүнийг мэдэхгүй” гэж айлгах маягтай хэлэв. “Ял аа?” Би ял авна гэж сонсмогцоо өөрийн эрхгүй сул дорой боллоо. Хэрэв би үнэхээр ял аваад шоронд суувал дараа нь яаж хүний царай харах юм бэ, хүмүүс намайг яаж харах юм бэ гэж гайхширлаа. Шоронд би Төгс Хүчит Бурханд итгэдэг эгч нартай хамт нэг өрөөнд хоригдов. Хэдийгээр тэд чөтгөрүүдийн тэр үүрэнд хоригдож байсан ч өчүүхэн төдий ч айдас харуулаагүй юм. Тэд нэг нэгнээ зоригжуулж, дэмжиж байсан бөгөөд сөрөг, сул дорой намайг хараад хувийн туршлагаа ярьж, гэрчлэл хийн, Бурханд итгэх итгэлийг надад өгсөн. Тэд бас намайг зоригжуулахын тулд магтан дуу дуулсан юм: “Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан даруухнаар махбод болж, чуулгануудын дунд алхаж, үнэнийг илэрхийлж, алхам бүрд биднийг уйгагүй усалж, залж чиглүүлсэн. Олон арван жилд өдөр бүр Тэр үүнийг хийсэн, бүгд хүнийг ариусгаж, төгс болгохын төлөө байдаг. Олон хавар, зун, намар, өвлийг Тэр үзэж, зовлон жаргалыг баяртайяа амталсан. Огт харамсалгүйгээр, амь бие хайргүйгээр бүхнийг золиосолж, бүх хайраа хүн төрөлхтөнд өгсөн. Бурханы шүүлтийг би туулж, шалгалтуудын гашуун зовлонг амталсан. Зовлонг жаргал дагалдаж, миний завхрал цэвэрлэгдсэн, Бурханы хайрыг хариулахын тулд зүрх сэтгэл, биеэ би өргөн барина. Би Бурханы төлөө хөдөлмөрлөж, өөрийгөө зарлагадан нэг газраас нөгөө рүү явна. Хайртай хүмүүс минь намайг орхиж, бусад нь намайг гүтгэсэн ч эцсээ хүртэл Бурханыг тууштай хайрлана. Бурханы хүслийг дагахдаа би бүрэн дүүрэн үнэнч байна. Шалгалт, хүнд хэцүү зовлон намайг дардаг. Босож, унасан амьдралаар би амьдардаг. Бүх насаараа зовох байсан ч би Бурханыг дагаж Түүнийг гэрчилнэ” (Хургыг Дагаж Шинэ Дуу Дуулъя “Бурханы хайрыг хариулж, Түүний гэрчлэгч байх нь”). Энэ дууг бодоод би асар их зоригжсон юм. Бид Бурханыг дайсан гэж үздэг бурхангүй үзэлт намын засагладаг улс оронд жинхэнэ Бурханыг дагаж, зөв замаар алхаж байгаа нь үнэн байв. Бид олон бэрхшээл амсах тавилантай байсан боловч энэ бүхэн утга учиртай бөгөөд үнэнийг эрэлхийлж, Бурханы замыг дагахын төлөө хяхан хавчигдаж байгаа учраас шоронд суух нь ч алдар суутай зүйл байлаа. Энэ нь, аймшигт гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө энэ хорвоогийн хүмүүс шоронд хоригддогоос шал өөр байв. Тэгээд би, үнэн замыг баримтлахын төлөө хавчлага, доромжлол амссан үе үеийн маш олон ариун хүмүүсийн тухай бодлоо. Би Бурханы үгийн маш их хангалтыг чөлөөтэй хүртсээр ирсэн—үе үеийн хүмүүсийн ойлгож чадаагүй үнэнийг ойлгож, үеийн үед мэдээгүй нууцыг мэдсэн мөртөө би яагаад Бурханыг гэрчлэхийн тулд жаахан ч гэсэн зовлонг тэвчиж чадахгүй байгаа юм бэ? Ингэж бодоод би сул дорой байдлаасаа аажмаар гарч, зүрх сэтгэл минь итгэл, хүч чадлаар дүүрээд, Бурханд найдаж, маргаашийн эрүү шүүлт болон үнэнээ хэлэхийг шаардсан шаардлагыг толгой гудайлгахгүй угтахаар шийдсэн юм.

Арван өдрийн дараа цагдаа нар намайг хорих газар луу ганцаарангч нь явуулав. Тэнд байсан бусад бүх хүн залилан, хулгай, хууль бус бизнес эрхэлсний төлөө хоригдож байхыг би харлаа. Намайг ормогц тэд надад: “Энд орж ирсэн хүн ер нь гардаггүй. Бид бүгдээрээ ялаа хүлээж байна, зарим нь бүр хэдэн сар хүлээж байна” гэлээ. Энэ хүмүүсийг хараад би маш их сандарч, зүрх хагарах шахаж, тэд надтай мууxай харьцах байх гэж айсан юм. Дараа нь, цагдаа нар намайг энэ хүмүүстэй хамт хорьсон юм чинь гэмт хэрэгтний ял оноох магадлалтай юм байна гэж бодогдлоо. Зарим ах эгч найман жилийн турш хоригдож байсан тухай би сонссон байв. Миний ял хэдэн жил байхыг би мэдээгүй бөгөөд дөнгөж 29 настай байлаа! Залуу насаа энэ харанхуй өрөөнд хоригдон өнгөрөөх юм гэж үү? Айсуй өдөр хоногуудыг би яаж давах билээ? Тэр мөчид миний төрсөн нутаг, эцэг эх, нөхөр, хүүхэд минь гэнэт надаас маш хол байгаа мэт санагдав. Зүрхийг минь хутгаар сийчих мэт болж, нүдэнд нулимс цийлэгнэлээ. Би Сатаны заль мэхэнд автсан гэдгээ мэдсэн тул энэ зовлон зүдүүрээс ангижруулна гэж найдсандаа Бурханыг шалавхан дуудав. Залбирлынхаа дунд би тодорхой удирдамжийг дотроо мэдэрсэн юм: Иов туршигдаж байсны яг адилаар Бурхан ийм зүйл болохыг зөвшөөрсөн—би гомдоллож болохгүй. Тэгээд би Бурханы үгийг бодлоо: “Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой… Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). Бурханы үгийн шүүлт, гэсгээлт намайг ичээлээ. Би Бурханд өчүүхэн төдий ч чин үнэнч хандаагүй гэдгээ харсан юм. Би Түүний сайн гэрчлэгч болохыг хүсэж байна гэж хэлсэн мөртөө шоронд хоригдох аюултай тулгарсан үедээ зөвхөн зугтахыг л хүссэн. Би үнэний төлөө зовж огтхон ч чадаагүй. Баривчлагдсанаас хойших үеэ эргээд бодоход Бурхан цаг ямагт миний хажууд байжээ. Тэрээр замаа алдах вий, замдаа бүдрэх вий гэж айсандаа намайг нэг ч алхам орхиогүй байв. Намайг гэх Бурханы хайр үнэхээр чин сэтгэлийнх бөгөөд огтхон ч хий хоосон биш байсан. Гэвч би хувиа хичээсэн, амиа боддог зантай байсан, мөн махан биеийнхээ олз, гарзын тухай л бодож байжээ. Би Бурханы төлөө ямар ч төлөөс төлөхийг хүсээгүй—надад яаж хүн чанар байх юм бэ? Мөс чанар яаж байх юм бэ? Ингэж бодох үедээ би харууслаар дүүрч, өртэй гэдгээ мэдэрч байлаа. Би чимээгүйхэн Бурханд залбирч, гэмшсэн юм: “Өө Бурхан минь! Миний буруу. Би Танд зөвхөн амаараа үйлчилж, Таныг хуурч болохгүй. Би Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд бодит байдлыг амьдран харуулахыг хүсэж байна. Миний ял ямар ч байлаа гэсэн, би заавал Таны төлөө гэрчлэлд зогсоно.” Тэр үед цаг агаар маш хүйтэн байв. Бусад хоригдлууд намайг зовоохгүй байсан төдийгүй, үнэндээ намайг халамжилж, надад хувцас хунар өгч, өдөр тутмын ажилд минь тусалсан юм. Энэ бүхэн нь Бурханы төлөвлөгөө, зохицуулалт гэдгийг би мэдэж байсан бөгөөд Бурханд үнэхээр талархаж байлаа!

Цагдан хорих байранд цагдаа нар намайг хэд хоног тутамд нэг удаа байцааж байв. Надтай хатуу харьцаад юу ч олж долоохгүй гэдгийг ухаарах үедээ тэд надтай зөөлөн харьцаж эхэлсэн. Цагдаа нар надтай зориуд аятайхан ярьж, хөөрч, надад идүүлэхээр сайхан хоол өгч, сайн ажил олоход минь тусална гэж хэлэв. Энэ нь Сатаны заль мэх гэдгийг би мэдэж байсан тул намайг байцаах бүрд нь Бурханд залбирч, намайг хамгаалж, тэдний заль мэхэнд урхидуулахгүй байхыг гуйж байлаа. Нэгэн удаа нэг цагдаа намайг байцааж байхдаа өөдгүй муу санаа зорилгоо эцэст нь илчилж, “Бид чамтай дайсагнасан юм байхгүй, зүгээр л Төгс Xүчит Бурханы Чуулганыг дарахыг хүсэж байна. Бидэнтэй нэгдэнэ гэдэгт чинь найдаж байна” гэлээ. Би эдгээр муу үгийг сонсоод ихэд уурлав. “Бурхан хүнийг бүтээж, одоог хүртэл биднийг үргэлжлүүлэн хангаж, удирдаж байна. Одоо Бурхан өөрийн бүтээсэн хүмүүсийг аврахаар, зовлонгийн ёроолгүй ангалаас зугтахад бидэнд туслахаар ирсэн. Энэ юу нь буруу юм бэ? Яагаад энэ диаволууд ингэж их үзэн ядаж, гүжирддэг юм бэ? Бид бол Бурханы бүтээл. Бурханыг дагаж, Түүнд шүтэн мөргөх нь зөв, зохистой байхад яагаад Сатан бидэнд ингэж саад хийж, Бурханыг дагах эрх чөлөөг минь булааж авахаар оролддог юм бэ? Одоо тэд Бурханыг устгах тэмцэлдээ намайг утсан хүүхэлдэй болгохоор хичээж байна. Хятадын Коммунист Нам бол үнэхээр Бурханыг эсэргүүцэхээр шийдсэн сүрэг чөтгөр юм. Тэд үнэхээр ёрын муу!” гэж бодогдов. Би дургүйцлээр дүүрч, ХКН-ыг бүр ч их үзэн ядсан бөгөөд Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Түүний зүрх сэтгэлийг тайвшруулахыг л хүсэж байлаа. Цагдаа нар ярихгүй хэвээр байгааг минь хараад миний эсрэг сэтгэл зүйн арга хэрэглэж эхлэв. Тэд үүрэн телефоны оператор Чайна Мобайлаар дамжуулан нөхрийг минь олоод намайг ятгуулахаар нөхөр, хүүхэд хоёрыг минь авчирсан юм. Нөхөр маань анхандаа Бурханд итгэх итгэлд минь дургүйцдэггүй байсан боловч цагдаа нарт мэхлэгдсэнийхээ дараа надад: “Итгэлээ орхихыг чамаас гуйж байна. Намайг биш юм аа гэхэд ядаж хүүхдээ бодооч. Ээж нь шоронд орвол түүнд аймшигтай нөлөө үзүүлнэ…” гэж ахин дахин хэлсэн юм. Өөрийнх нь үг миний сэтгэлийг өөрчилж чадахгүй нь гэдгийг харах үедээ нөхөр минь: “Чи үнэхээр зөрүүд, хүний үг сонсохгүй юм—тэгвэл чамаас салаад өгье л дөө!” гэх хатуу үг чулуудав. Энэ “салалт” гэдэг үг зүрхийг минь гүн гүнзгий сүлбэж, би ХКН-ын засгийн газрыг бүр ч их үзэн ядахад хүрлээ. Тэдний гүтгэлэг, тарьсан хэрүүл маргаанаас болж нөхөр минь Бурханы ажлыг үзэн ядахад хүрч, надад ийм сэтгэлгүй үг хэлсэн. ХКН-ын засгийн газар үнэхээр жирийн ард түмнийг Тэнгэрт халдахад хүргэдэг буруутан байв! Энэ нь бас нөхөр, эхнэрийн харилцааг дордуулдаг буруутан байлаа! Ийн бодоод би нөхөртөө илүү юм хэлэхийг хүссэнгүй. Би зүгээр л тайвнаар: “Хурдхан хүүхдээ аваад гэртээ харь” гэж хэлэв. Цагдаа нар энэ арга амжилтгүй болохыг хараад маш их уурлаж, ширээнийхээ өмнүүр урагш хойш алхан, над руу хашхирч, “Бид маш шаргуу ажилласан боловч чамаас ганц ч хариулт авсангүй! Хэрэв чи ярихаас татгалзсаар байвал бид чамайг энэ бүс нутгийн тэргүүн, улс төрийн хоригдол гэж хаяглах болно! Хэрэв чи өнөөдөр ярихгүй бол өөр боломж гарахгүй шүү!” гэв. Гэхдээ тэд яаж ч үглэж, орилсон хамаагүй, би зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, итгэлийг минь хүчирхэгжүүлэхийг гуйж байлаа.

Байцаалтын үеэр Бурханы үгийн нэг магтан дуу намайг дотроос минь үргэлж залж чиглүүлж байсан юм: “Эцсийн өдрүүдийн ажилд биднээс туйлын их итгэл, хайр шаардагддаг. Ажлын энэ үе шат өмнөх бүх үе шатнаас өөр учраас бид ялихгүй хайнга байдлаас үүдэн бүдэрч болзошгүй: Бурханы төгс болгож буй зүйл нь нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, хүн төрөлхтний итгэл юм. Бурханы хийдэг зүйл бол үгийг итгэл, хайр, амь болгон хувиргах явдал. Хүмүүс олон зуун цэвэршүүлэлт туулаад, Иовоос илүү итгэл эзэмшдэг цэгт хүрэх ёстой. Тэд Бурханыг хэзээ ч орхилгүйгээр асар их зовлон, элдэв янзын тамлалтыг тэсвэрлэх ёстой. Тэд үхэн үхтлээ дуулгавартай байж, Бурханд асар их итгэх үед Бурханы ажлын энэ үе шат гүйцэлддэг(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы төгс болгодог зүйл бол итгэл”). Бурханы үгээс хүлээн авсан итгэл, хүч чадлын ачаар байцаагдаж байх зуураа би маш тууштай харагддаг байсан. Гэвч өрөөндөө буцаж ирэх үедээ өөрийн эрхгүй бага зэрэг сул дорой, гомдолтой болж, нөхөр минь надаас үнэхээр салах гэж байгаа мэт санагдаж, орон гэргүй болох нь гэж бодогдож байв. Би бас хэдэн жилийн ял авахаа мэдэхгүй байсан юм. Энэ шаналлын дунд би Бурханы эдгээр үгийг бодлоо: “Одоо чи Петрийн явсан яг тэр замыг тодорхой харж чадах ёстой. Хэрвээ чи Петрийн замыг тодорхой харж чаддаг бол өнөөдөр хийгдэж байгаа ажлын талаар тодорхой мэдэж байх тул гомдоллож, идэвхгүй болохгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг хүсэн эрмэлзэхгүй. Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааны байдлыг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; ямар нэг ирээдүйг, эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхий дээрх эд хөрөнгийг эрж хайгаагүй; зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрах гэж эрэлхийлсэн ба энэ нь Бурханы хайрыг хариулж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай). Петрийн үйл хэрэг миний сэтгэлийг гүнээ хөдөлгөсний сацуу Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд бүхнээ өгөх хүсэл төрүүллээ. Энэ нь үнэн байв. Петр хамгийн их уй гашууд автсан үедээ ч тэвчиж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг байсан. Тэрээр өөрийн ирээдүй, хувь заяа, эсвэл ашиг тусыг анхаараагүй бөгөөд эцэст нь загалмай дээр толгойгоо уруу харуулан цовдлогдох үедээ Бурханы төлөө цангинасан сайн гэрчлэл хийсэн юм. Бие махбодтой болсон Бурханыг дагах, амийн эцэс төгсгөлгүй хангалт болон Түүний нигүүлсэл, ерөөлийг эдлэх сайн завшаан надад байсан боловч хэзээ ч Бурханы төлөө жинхэнэ төлөөс төлж байсангүй. Түүний төлөө гэрчлэлд зогсох хэрэгтэй цаг ирсэн, би Түүнийг ганцхан энэ удаа сэтгэл хангалуун байлгаж чадахгүй гэж үү? Энэ боломжоо алдах юм бол би насан туршдаа харамсах бус уу? Ингэж бодоод би Бурханы өмнө: “Өө Бурхан минь, би Петрийн үлгэр жишээг дагахыг хүсэж байна. Миний үр дүн ямар ч бай, салах юм уу шоронд орох ёстой болсон ч гэсэн би Танаас урвахгүй!” гэж шийдсэн юм. Залбирсны дараа миний дотор хүч чадал нэмэгдэж байгаа нь мэдрэгдлээ. Би ял авах эсэх, ялын хугацаа хэр урт байх талаар бодохоо больсон бөгөөд гэртээ харьж, гэр бүлийнхэнтэйгээ дахин нэгдэх эсэх тухай бодохоо больсон. Харин чөтгөрүүдийн үүрэнд дахиад нэг өдөр байх нь Бурханы төлөө гэрчлэлд зогсох өөр нэг өдөр бөгөөд би бүр эцсээ хүртэл ял эдэлсэн ч Сатанд бууж өгөхгүй гэж л бодсон юм. Би бүх зүйлийг өргөн барих үедээ Бурханы хайр энэрлийг үнэхээр амталсан билээ. Хэд хоногийн дараа нэгэн өдрийн үдээс хойш харгалзагч надад гэнэтхэн: “Чи юмаа цуглуулаад гэртээ харьж болно” гэв. Би чихэндээ итгэж ер зүрхэлсэнгүй! Үнэхээр их догдоллоо. Сүнсний ертөнц дэх энэ тулаанд эцэст нь Сатан ялагдаж, Бурхан алдаршсан юм!

ХКН-ын цагдаа нарт 36 хоног саатуулагдан, хавчигдсаныхаа дараа би ХКН-ын засгийн газрын харгис дарлал, тэрслүү, эсэргүү мөн чанарыг үнэхээр ойлгосон. Тэр цагаас хойш би үүнийг ихэд үзэн яддаг болсон юм. Тэр гай зовлонгийн үеэр Бурхан үргэлж надтай хамт байж, намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, алхам бүрдээ Сатаны харгислал болон туршилтыг даван туулах боломж олгож байсныг би мэднэ. Энэ нь надад Бурханы үг бол үнэхээр хүн төрөлхтний амь, бидний хүч чадал мөн гэдэг баримтыг үнэхээр мэдрүүлсэн юм. Бас Бурхан бол бидний Эзэн бөгөөд бүх зүйлийг захирдаг, мөн Сатанд хэчнээн их заль мэх байлаа ч гэсэн Бурхан ямагт ялан дийлдэг гэдгийг надад үнэхээр ухааруулсан билээ. ХКН миний махан биеийг тамлаж, албан хүчээр Бурханаас урвуулж, Бурханыг орхиулахаар оролдсон боловч тэдний харгис эрүү шүүлт намайг дийлж чадаагүй төдийгүй, миний шийдвэрийг бэхжүүлж, тэдний ёрын муу төрхийг нэгд нэггүй харж, Бурханы хайр, авралыг мэдрэх боломж олгосон юм. Би зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд талархаж байна!

Өмнөх: 82. Байцаалтын өрөөний эрүү шүүлт

Дараах: 84. Нугаршгүй итгэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх