82. Байцаалтын өрөөний эрүү шүүлт

Шяо Минь, Хятад

2012 онд сайн мэдээ номлох явцдаа би Хятадын Коммунист Намд баривчлагдсан юм. 9 дүгээр сарын 13-ны оройхон би гэртээ харьж, урьдын л адилаар цахилгаан скүтерээ гадаа байрлуулаад хонх дарлаа. Хачирхалтай нь, хаалгаа онгойлгов уу, үгүй юу дөрвөн бадируун эр яг л чоно мэт над руу дайрав. Тэд миний гарыг ар нуруунд минь мушгиж гавлаад, дараа нь сандал дээр түлхэн суулгаж, сандалтай хүлэв. Хэд хэдэн цагдаа тэр даруй цүнхийг минь онгичиж эхэллээ. Энэ гэнэтийн, харгис хэрцгий байдалтай тулгараад би айдаст автан мэгдэж, хэрцгий чононуудад баригдсан, эсэргүүцэх ямар ч чадалгүй, хөөрхийлөлтэй бяцхан хурга мэт санагдсан юм. Дараа нь тэд намайг авч гараад, хар суудлын машины арын суудалд суулгалаа. Машин дотор, гаргасан амжилтдаа хөөрсөн хөгийн эр шиг царайтай цагдаагийн ахлагч эргэж харснаа зальжин маасайж, “Хөөе! Чамайг яаж барьсныг мэдэх үү?” гэв. Яг л аюултай гэмт хэрэгтэн байгаа мэт цагдаа нар намайг хоёр талаас барьж, зугтахаар оролдох вий гэж айж байв. Би уурлаж, бас самгардаж байсан бөгөөд цагдаа нар намайг хэрхэн тарчлаахыг тааварлаж чадахгүй байлаа. Тэдний эрүү шүүлтийг тэсвэрлэж чадалгүй, Иудас болж, Бурханаас урвах вий гэж би ихэд айв. Гэвч тэр үед би Бурханы энэ үгийг бодлоо: “Миний өмнө тогтмол залбирч, гуйж байгаа цагт Би та нарт бүх итгэлийг хайрлана. Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 75-р бүлэг). Төгс Хүчит Бурханы үг надад итгэл, хүч чадал өгч, аажмаар тайвшрахад минь туслав. “Тийм ээ. Хорон муу цагдаа нар хэчнээн зэрлэг, харгис байлаа ч тэд бол ердөө л Бурханы гар дахь шатрын хүү бөгөөд Бурханы зохион байгуулалт дор байдаг. Залбирч, үнэн сэтгэлээсээ Бурханыг дуудаж байгаа цагт Бурхан надтай хамт байх бөгөөд санаа зовох зүйл юу ч байхгүй. Энэ хорон муу цагдаа нар намайг харгисаар тамлаж, зодвол энэ нь ердөө л Бурхан итгэлийг минь туршихыг хүссэн хэрэг байх болно. Тэд махан биеийг минь хэчнээн тарчлаасан ч бай, зүрх сэтгэлдээ Бурханд найдаж, Бурханыг дуудахыг минь болиулж хэзээ ч чадахгүй. Махан биеийг минь хөнөөсөн ч гэсэн сүнсийг минь хөнөөж чадахгүй, бүх зүйлийн адилаар би ч Бурханы гарт байдаг” гэж би бодов. Ингэж бодмогцоо би диавол Сатанаас айхаа больж, Бурханы төлөө гэрчлэлд зогсохоор шийдлээ. Тиймээс би: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Тэд намайг өнөөдөр яадаг ч бай, бүгдтэй нь нүүр тулахад би бэлэн. Махан бие минь сул дорой хэдий ч би Танд найдан амьдарч, намайг ашиглах нэг ч боломжийг Сатанд өгөхгүй байхыг хүсэж байна. Намайг хамгаалаач, Өөрөөсөө бүү урвуулаач, намайг ичгүүртэй Иудас бүү болгооч” хэмээн зүрх сэтгэлдээ дуудав. Машинаар явж байх замдаа би чуулганы нэг магтан дууг оюун санаандаа дуулсаар байлаа: “Бурханы дээд эрх, зохицуулалтын дагуу би гай зовлонтой, шалгалттай нүүр тулдаг. Би цөхөрч, нуугдаж яахан болох билээ? Бурханы алдар бүгдийн тэргүүнд байдаг. Гай зовлонгийн үеэр Бурханы үг намайг чиглүүлж, итгэлийг минь төгс болгодог. Үхлийн ямар ч айдасгүйгээр Бурханд би туйлын үнэнч байдаг. Түүний хүсэл үргэлж бүгдээс дээгүүр” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурхан сэтгэл хангалуун байгаасай л гэж би хүснэ”). Чимээгүйхэн дуулахын хэрээр зүрх сэтгэл минь хүч чадлаар дүүрч, Бурханд найдан, гэрчлэлд зогсож, Сатаныг ичээхээр би сэтгэл шулуудсан юм.

Намайг байцаалтын өрөө рүү аваачихад чуулганд надтай адил үүрэг гүйцэтгэж байсан эгч, чуулганы удирдагч хоёр ч бас тэнд байхыг хараад би гайхширлаа. Тэд ч бас бүгдээрээ баригдчихсан байв! Чуулганы эгч нар луугаа харж байхыг минь нэг цагдаа харчхаад харцаа над дээр тогтоон: “Юугаа мэлрээд байгаа юм? Тийшээ ор!” хэмээн зандарлаа. Биднийг өөр хооронд маань яриулахгүйн тулд цагдаа нар өөр өөр байцаалтын өрөөнд хорилоо. Тэд намайг бүдүүлгээр нэгжиж, бүсийг минь тайлан, хаа сайгүй тэмтчив. Энэ нь надад балиар доромжлол шиг санагдаж, ХКН-ын засгийн газрын энэ аялдан дагалдагч чөтгөрүүд үнэхээр ёрын муу, жигшүүртэй, өөдгүй болохыг би харсан! Би цухалдаж байсан ч мангасуудын энэ үүр бол эрүүл ухаан орших газар огт биш байсан тул уураа барих хэрэгтэй болов. Чуулганд харьяалагддаг шинэ цахилгаан скүтер, надад байсан 600 гаруй юанийг хурааж авсныхаа дараа тэд намайг байцааж эхэллээ: “Нэр чинь хэн бэ? Чуулганд ямар албан тушаалтай вэ? Удирдагч чинь хэн бэ? Одоо хаана байгаа вэ?” Намайг ямар ч хариу хэлсэнгүйд цагдаа над руу бархирч, “Хэлэхгүй байх юм бол биднийг олж мэдэхгүй гэж бодож байна уу? Бид юу хийж чадахыг чи огт мэдэхгүй байна! Танай дээд түвшний удирдагч нарыг ч бас баривчилчихсан гэдгийг чи мэдэх хэрэгтэй!” гэв. Тэгээд тэд үргэлжлүүлэн цөөн хэдэн нэр дурдаад, аль нэгийг нь таних эсэхийг надаас асууж, байцаалтаа үргэлжлүүлэв. “Чуулганы чинь бүх мөнгө хаана хадгалагддаг вэ? Хэлээтэх!” Тэдний хэлсэн бүхнийг би няцааж, “Би хэнийг ч танихгүй! Юу ч мэдэхгүй!” гэж байлаа. Эхний шатны байцаалт нь амжилт олоогүйг хараад тэд шалгарсан аргаа хэрэглэхээр шийдэж, тамир тэнхээг минь барах гэсэндээ ээлжлэн байцааж, тарчлааж эхлэв. Эхний өдөр цагдаа нар надаас хүссэн мэдээллээ авч дөнгөөгүй болохоор ичсэндээ уурлацгааж, тэр дундаас ахлагч нь: “Би түүний гөжүүд занд бууж өгнө гэж байхгүй. Тамлаад өг!” гэж ширүүн хэллээ. Цагдаа нар ар нуруунд гавлаатай хэвээр байсан гарыг минь ширээнээс өлгөөд, хагас суугаа байрлалтай байхыг надаас шаардав. Тэд намайг дайсагнасан харцаар харж, асуултаар дарамталлаа. “Удирдагч чинь хаана байна? Чуулганы бүх мөнгө хаана байна?” Тэрхүү эрүү шүүлтийн дарамт дор буулт хийж, өөрсдөд нь бууж өгөхийг минь тэд тэсэн ядан хүлээж байлаа. Хорон муу цагдаа нар энэ тамлалаа цаг хагас орчим үргэлжлүүлсний дараа хөл минь янгинан салгалж эхлэв. Зүрх минь хүчтэй цохилж, гар ч бас ихэд өвдөж байлаа. Тэсвэр тэвчээрийнхээ хязгаарт тулаад дахиад нэг хором ч тэсэж чадахгүй мэт санагдсанд би сэтгэлдээ чин зүрхнээсээ ийн дуудлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Намайг авраач. Би цааш тэвчихгүй нь. Иудас шиг Танаас урвахыг би хүсэхгүй байна. Надад хүч чадал өгөөч.” Яг тэр үед Бурханы эдгээр үг санаанд оров: “Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үг намайг сэрээн, Бурханаас урвуулж, үнэнийг эрэлхийлэхийг минь болиулах гэсэндээ Сатан намайг ийм маягаар тарчлааж байгааг ухаарах боломж олгосон юм. Энэ бол сүнсний ертөнцөд явагдаж байгаа тулаан байлаа: Энэ нь намайг сорих Сатаны оролдлого, мөн намайг шалгах Бурханы арга зам байв. Энэ мөчид л миний хийх гэрчлэл Бурханд хэрэгтэй байсан юм. Бурхан надад найдлага тавьж байсан бөгөөд яг тэр мөчид олон тэнгэрэлч болон диавол Сатан намайг ажиглаж, байр сууриа илэрхийлэхийг минь бүгд хүлээж байлаа. Би бүхнийг орхиод шалдаа буучхаж ер болохгүй, бас Сатанд бууж өгч ч болохгүй байв; Бурханы хүсэлд нийцэхийн тулд Бурханы ажлыг өөрөөрөө дамжуулан хэрэгжүүлэх ёстой гэдгээ би мэдэж байлаа. Хувиршгүй зарчмын дагуу энэ бол бүтээгдсэн зүйлийн хувиар гүйцэтгэх ёстой миний үүрэг—миний дуудлага байсан юм. Энэ чухал үед, миний хандлага болон зан авир Бурханы төлөө ялгуусан гэрчлэл хийх чадварт минь шууд нөлөөлөх байсан бөгөөд Бурхан Сатаныг ялж, алдар суу олж авсныг гэрчлэх чадварт минь бүр ч шууд нөлөөлөх байв. Бурханд уй гашуу авчрах юм уу Түүний урмыг хугалж болохгүй гэдгээ би мэдэж байсан бөгөөд намайг шаналгаж байсан Сатаны зальт явуулгыг амжилтад хүргэж болохгүй байлаа. Ингэж бодоод зүрх сэтгэлд минь хүч чадал гэнэт нэмэгдэж, би: “Та нар намайг үхтэл зодлоо ч би юу ч мэдэхгүй хэвээр л байна!” гэж шийдэмгий хэлэв. Яг тэр үед нэг эмэгтэй цагдаа өрөөнд орж ирлээ. Тэр намайг хараад, “Түүнийг хурдан буулга. Та нар яах гэж байгаа юм бэ, түүнийг алах гээ юү? Түүнд ямар нэг юм тохиолдвол та нар хариуцна шүү!” гэлээ. Төгс Хүчит Бурхан залбирлыг минь сонсож, тэр аюултай мөчид намайг хор хөнөөлөөс хамгаалсныг би зүрх сэтгэлдээ мэдэж байв. Хорон муу цагдаа нар намайг буулгамагц би тэр даруй шалан дээр эвхрэн уналаа. Зогсож чадахгүй, гар хөл минь бүрэн мэдээгүй болсон байв. Би дөнгөж л амьсгалах чадалтайгаа, дөрвөн мөчөө огт мэдрэхгүй байсан юм. Яг тэр үед би маш их айж, нүднээс минь нулимс тасралтгүй урсаж, “Би эрэмдэг болж дуусах болов уу?” гэж бодлоо. Гэхдээ тийм байдалд ч хорон муу цагдаа нар намайг бас л орхисонгүй. Хоёр талд нэг нэгээрээ гараас минь бариад, намайг яг л цогцос адил сандал руу чирсээр, сандал дээр түлхэж суулгав. “Ярихгүй юм бол түүнийг олсоор хүлээд дүүжил!” гэж нэг цагдаа нь заналтай хэлэв. Өөр нэг хорон муу цагдаа нарийхан нейлон уяа маш хурдан гаргаж ирээд, үүгээрээ гавтай гарыг минь дулааны шугамаас дүүжлэв. Гар минь тэр дороо эгц татагдаж, удалгүй нуруу, мөр өвдөж эхэллээ. Хорон муу цагдаа нар намайг үргэлжлүүлэн байцааж, “Бидний мэдэхийг хүссэн зүйлийг хэлэх гэж байна уу?” хэмээн асуув. Би мөн л хариулсангүй. Тэд маш их уурлаж, намайг сэрээх гэж байна гээд нүүр лүү минь аягатай ус цацсан юм. Тэр үед аль хэдийн өчүүхэн төдий ч хүч чадалгүй болтлоо тамлуулчихаад байсан би маш их ядарсандаа нүдээ ч нээж чадахгүй байв. Дуугүй байгааг минь хараад хорон муу цагдаа нарын нэг нь надаар доог тохуу хийхийн тулд гараараа нүдийг минь нээх гэж балмад, ичгүүр сонжуургүйгээр хүчлэв. Нэлээд хэдэн цагийн байцаалт, тамлалд хорон муу цагдаа нар мэддэг бүх арга чаргаа барсан ч намайг яриулах гэсэн оролдлого нь бүгд бүтэлгүйтлээр дууссан юм.

Байцаалтаар надаас юу ч олж сонсохгүйгээ хараад хорон муу цагдаа нар диаволын мэх хэрэглэхээр шийджээ: Тэд миний учрыг олуулахаар өөрийгөө “байцаалтын мэргэжилтэн” гэж нэрлэдэг хүнийг хотоос авчирчээ. Тэгээд намайг өөр өрөөнд оруулж, төмөр сандал дээр суухыг тушаагаад шагайг минь сандлын хөлөөс, гарыг минь сандлын түшлэгээс чанга хүлэв. Хэсэг хугацааны дараа нүдний шил зүүсэн, цэмцгэр царайтай эр цүнх барьсаар орж ирлээ. Тэр над руу ярзайтал инээж, эелдэг дүр эсгэн, гар, шагайг минь сандалтай хүлж байсан хүлээсийг тайлж, өрөөний нэг хананд байсан модон орон дээр суухыг минь зөвшөөрөв. Нэгэн хоромд тэр надад ус аягалж, чихрээр дайлж байлаа. Тэр над руу дөхөж ирээд, хуурамч нөхөрсөг байдлаар “Яах гэж ингэж зовно вэ? Чи маш их зовлоо, гэтэл үнэндээ энэ чинь тийм ч том асуудал биш шүү дээ. Бидний мэдэхийг хүссэн зүйлийг хэлчих, тэгээд л бүх зүйл сайхан болно…” гэв. Энэ шинэ нөхцөл байдалтай тулгараад би яаж хийх ёстойгоо мэдээгүй тул зүрх сэтгэлдээ Бурханд шалавхан залбирч, намайг гэгээрүүлж, замчлаач хэмээн Түүнийг дуудав. Яг тэр үед би Төгс Хүчит Бурханы энэ үгийг бодлоо: “Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг харуулж, диавол үргэлж диавол байх ба Бурханыг эсэргүүцэж, Бурханыг үзэн яддаг чөтгөрийн мөн чанараа диавол хэзээ ч өөрчилж чадахгүй гэдгийг ухаарахад тусалсан юм. Хатуу, эсвэл зөөлөн арга хэрэглэсэн ч бай, намайг Бурханаас урвуулж, үнэн замыг орхиулах нь үргэлж тэдний зорилго байдаг. Бурханы үгийн анхааруулгын ачаар би Сатаны зарим зальжин явуулгыг ялган таньж, оюун ухаан минь цэлмэж, байр сууриндаа бат зогсож чадсан юм. Тэгэхэд “ХКН-ын засгийн газар нь хүмүүсийн Бурханд итгэхийг хориглодог. Хэрэв чи Төгс Хүчит Бурханд үргэлжлүүлэн итгэх юм бол гэр бүлийнхнээ бүгдийг нь татан оролцуулж, хүүхдүүдийнхээ ирээдүй, ажил эрхлэлт болон төрийн албаны хэтийн ирээдүйд нөлөөлнө. Сайтар тунгааж бодсон чинь дээр дээ” гэж байцаагч надад хэлсэн. Түүнийг ийн хэлсний дараа миний дотор тулаан эхэлж, би тун их түгшлээ. Арга мөхөстөж байх яг тэр үедээ би Сатаны өмнө амжилттай гэрчлэлд зогссон Петрийн туршлагын талаар гэнэт бодлоо; өөр лүү нь Сатаны чулуудсан зальжин явуулга бүрээр дамжуулан Петр Бурханыг ойлгохоор хичээдэг байв. Иймээс зүрх сэтгэлийнхээ гүнд би Бурханд хандан, бүх зүйлийг Түүнд даатгаж, Бурханы хүслийг эрж хайсан юм. Нэг л мэдэхэд Төгс Хүчит Бурханы энэ үг санаанд орлоо: “Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Бурханы үг намайг гэрлээр дүүргэв. “Тийм ээ! Бурхан бол Бүтээгч, хүн төрөлхтөн бидний хувь заяа Бурханы гарт байдаг. Диавол Сатан бол Бурханыг эсэргүүцдэг төрлийнх. Хэрэв тэд тамд мөхөх ёстой хувь заяагаа ч өөрчилж чадахгүй юм бол хүний хувь заяаг удирдаж яаж чадах билээ? Хүний хувь заяаг Бурхан урьдаас тогтоодог, миний хүүхдүүд ирээдүйд ямар ажил хийхийг, хэтийн ирээдүй нь ямар байхыг Бурхан шийднэ—Сатан эдгээр зүйлийг хянаж огт чадахгүй” гэж би бодлоо. Ингэж бодоод би Сатан болон чөтгөрүүд ямар жигшмээр, ичгүүргүй болохыг бүр тодорхой харж чаддаг болсон юм. Намайг хүчлэн Бурханыг үгүйсгүүлж, голуулах гэсэндээ Сатан хорлонтой, өөдгүй арга ашиглаж байсан бөгөөд эдгээр сэтгэхүйн тоглоом нь миний толгойг эргүүлж, хууран мэхлэхийн төлөө байв. Төгс Хүчит Бурханы цагаа олсон гэгээрэл, удирдамж байгаагүй бол Сатан намайг аль хэдийн түлхэн унагаж, олзлох байлаа. Сатан ямар жигшмээр, ёрын муу гэдгийг мэдсэн болохоор түүний зальжин явуулгад автахгүй гэсэн итгэл минь улам нэмэгдэв. Эцэст нь хорон муу цагдаа аргаа барж, яахаа мэдэхгүй болсон тул сэтгэл гонсгор явж одсон юм.

Гурав дахь өдөр нь, надаас ямар ч мэдээлэл аваагүйг мэдээд Эрүүгийн Цагдаагийн Бригадын дарга уурлан бухимдаж, доод түвшний хүмүүсийнхээ мэдлэг чадваргүйд гомдоллов. Тэр ёжтой инээмсэглэн, над руу ирээд, “Чи яагаад одоо хүртэл үнэнийг хэлэхгүй байгаа юм бэ? Чи өөрийгөө Лиу Хулань гэж бодоо юу? Бид аль хэдийн хамгийн муугаа үзүүлсэн гэж бодож байгаа учраас чи айхгүй байна уу, аан? Яагаад Төгс Хүчит Бурхан чинь ирж, чамайг аврахгүй байгаа юм бэ?” гэж егөөдөн хэлэв. Тэрээр ярих үедээ, тачигнаж, цэнхэр гэрэл анивчуулсан жижигхэн цахилгаан бороохой нүдний минь өмнө эргэлдүүлэн, намайг айлгаж байснаа цэнэглэж байсан том цахилгаан бороохойг зааж, “Харж байна уу? Энэ жижиг бороохойн цэнэг удахгүй дуусна. Тэр мөчид би бүрэн цэнэглэгдсэн том бороохойгоор чамайг тогонд цохиулна, тэгээд ярих эсэхийг чинь харъя л даа! Тэр үед ярьж эхэлнэ гэдгийг чинь би мэдэж байна!” гэж намайг сүрдүүлэв. Тэр том бороохойг хараад би: “Энэ хорон муу цагдаа үнэхээр хэрцгий догшин. Тэр эцэст нь намайг алах болов уу? Би энэ тамлалыг тэсэж чадах болов уу? Тогонд цохиулаад үхэх болов уу?” гэж өөрийн эрхгүй сандарч эхлэв. Тэр мөчид сул дорой, хулчгар байдал, шаналал, аргаа барсан мэдрэмж бүгд л оюун ухааныг минь дүүргэх шиг санагдлаа. Би яаравчлан Бурханыг дуудаж, “Өө Бурхан минь, намайг хамгаалж, надад итгэл, хүч чадал өгөөч” гэв. Тэгтэл Бурханы үгийн магтан дууны хэдэн мөр санаанд орлоо: “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн бүрэг, аймхай бодол тээдэг бол Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айсандаа хуурч буй хэрэг юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Өвчин тусах нь Бурханы хайр юм”). Эзэн Есүсийн эдгээр үг бас санаанд оров: “Биеийг хөнөөх боловч сүнсийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сүнс хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай(Матай 10:28). Бурханы үгээс үүдэн нулимс асгарч, миний сэтгэл асар их хөдөлсөн юм. Миний зүрх сэтгэл дэх хүч чадал дүрэлзэх гал мэт байв. “Өнөөдөр үхэх байсан ч айх зүйл юу байна? Бурханы төлөө үхэх нь үнэхээр алдар цуутай зүйл. Би үхэх хүртлээ Сатантай тулалдахын тулд бүх зүйлийг орхих болно!” гэж бодов. Яг тэр үед Бурханы үгийн өөр нэг магтан дууны зарим мөр санаанд орлоо: “Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, үхэл хийгээд Үхэгсдийн орны дөнгөнөөс чөлөөлөгдсөн юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Эзэн Есүсийг дуурайцгаа”). Би зүрх сэтгэлдээ ахин дахин дуулж, нулимс хацар даган тасралтгүй урсаж байв. Миний нүдний өмнө Эзэн Есүс Христийн загалмайд цовдлогдох дүр зураг харагдлаа: Фарисайчууд Эзэн Есүсийг элэглэн тохуурхаж, гутаан доромжилж, гүтгэж, зандалчин нь Түүнийг төмөр үзүүртэй ташуураар хөх няц болтол нь ороолгож, эцэст нь Түүнийг харгисаар загалмайд цовдолсон ч Тэр огт дуугараагүй. Эзэн Есүсийн туулсан бүхэн нь хүн төрөлхтнийг гэх хайрынхаа төлөөх зовлон шаналал байсан бөгөөд энэхүү хайр Өөрийн амийг хайрлах хайраас нь давсан юм. Тэр мөчид Бурханы хайраас үүдэн зүрх сэтгэл минь хөдөлж, зоригжин, би асар их хүч чадал, итгэлээр дүүрлээ. Би юунаас ч айгаагүй бөгөөд Бурханы төлөө үхэх нь алдар цуутай, харин Иудас байх нь хамгийн том шившиг гэж санагдсан юм. Гайхалтай нь, би өөрийн амийг өгөөд ч хамаагүй Бурханы төлөө гэрчлэлд зогсоно гэж шийдэх үед хорон муу цагдаа өрөөнд гүйн орж ирээд, “Хотын талбай дээр асуудал гарлаа, үүнийг дарж, нийгмийн дэг журмыг сахиулахын тулд цагдаагийн хүчийг дайчлах хэрэгтэй!” гэж хэлэв. Хорон муу цагдаа нар яаран одлоо. Тэднийг буцаж ирэх үед шөнө орой болсон байсан бөгөөд дахин намайг байцаах эрч хүч тэдэнд байсангүй. Тэд надад: “Нэгэнт чи ярихгүйгээс хойш чамайг хорих байр луу илгээнэ” гэж заналтай хэлсэн юм. Дөрөв дэх өдрийн өглөө хорон муу цагдаа нар миний зургийг авч, бийрээр нэрийг минь бичсэн том дөрвөлжин тэмдэг хүзүүнд минь зүүлээ. Би яг л яллагдсан гэмт хэрэгтэн шиг байсан ба хорон муу цагдаа нар намайг элэглэн тохуурхаж, дооглож байв. Би хамгийн их доромжлол амсаж буй мэт надад санагдсан ба дотроо маш сул дорой байсан юм. Миний сэтгэл санааны байдал буруу байгааг ухаарсан тул би: “Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлийг хамгаалж, Таны хүслийг ойлгон, Сатаны зальжин явуулгад урхидуулахгүй байх боломж олгооч” хэмээн зүрх сэтгэлдээ чимээгүйхнээр Бурханыг яаран дуудав. Залбирсны дараа Бурханы үгийн нэг хэсэг санаанд минь орж ирлээ: “Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой… Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2). Бүтээгдсэн зүйлийн хувиар үнэнийг эрэлхийлэн, Бурханыг шүтэн мөргөж, хангалуун байлгахын тулд амьдрах нь хамгийн утга учиртай, үнэ цэнтэй амьдрал гэдгийг Бурханы үг надад ойлгуулсан юм. Өнөөдөр Бурханд итгэх итгэлийнхээ төлөө баригдаж хоригдох, энэ бүх доромжлол, шаналлыг туулах, Христийн гай зовлонг хуваалцах боломжтой байх нь ичгүүртэй биш, харин ч алдар цуутай зүйл билээ. Сатан Бурханыг шүтэн мөргөдөггүй; харин ч эсрэгээрээ Бурханы ажлыг тасалдуулж, саад болохын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд энэ нь хамгийн ичгүүртэй, жигшүүртэй зүйл юм. Ингэж бодоод би хүч чадал, баяр хөөрөөр дүүрэв. Хорон муу цагдаа нар миний нүүрэн дэх инээмсэглэлийг хараад гайхсан харцаар ширтэж, “Чамд баярлаад байх юу байгаа юм бэ?” гэцгээв. Би шударгаар, нухацтайгаар “Бурханд итгэх, Бурханыг шүтэн мөргөх нь тун зөв зүйл юм. Энд ямар ч буруу юм байхгүй. Би яагаад аз жаргалтай байж болохгүй гэж?” хэмээн хариулсан юм. Үүнийг сонсоод тэд хэлэх үггүй болов. Бурханы үгийн удирдамж дор би Сатаныг ялахын тулд дахин нэгэнтээ Бурханд найдаж чадсан билээ.

Дараа нь намайг цагдан хорих байранд аваачив. Тэр газрын бүх зүйл бүр ч илүү дүнсгэр, айдас төрүүлэм байсан бөгөөд яг л нэг төрлийн тамд буугаад ирчихсэн мэт санагдаж байв. Өгдөг хоол нь үргэлж жижигхэн хар мантуу, хятад байцааны хэдэн навч хөвсөн аяга усан шөл байв. Би өдөр болгон бүхэл өдөржингөө маш их өлсөж, ходоод минь хоол нэхэн хоржигнодог байлаа. Гэсэн хэдий ч би ачлагын мал шиг ажиллах ёстой байсан бөгөөд хуваарилсан ажлаа амжуулахгүй бол зодуулж, эсвэл шийтгэлд нь харуулд зогсдог байв. Ёрын муу цагдаа нар намайг хэдэн өдөр харгисаар эрүүдэн шүүсэн учраас би аль хэдийн толгойноос хөлийн ул хүртлээ хөхөрч, шархдаад алхахад ч бэрх болсон боловч засан хүмүүжүүлэх офицер надаар хүнд зэс утас хүчээр зөөлгөдөг байв. Энэ хүнд ажлаас болж гэмтсэн нуруу минь тэсэхүйеэ бэрх өвдөх болж, орой бүр ор луугаа мөлхөхөөс өөр юу ч хийж чаддаггүй байлаа. Гэсэн хэдий ч засан хүмүүжүүлэх офицер намайг шөнийн цагаар харуулд зогсоодог байсан бөгөөд үүнээс болоод би дэндүү их тамирдаж туйлдаж байлаа. Нэг шөнө би манаанд гарч байхдаа засан хүмүүжүүлэх офицерын байхгүй байгааг далимдуулан хэсэг амарч авахаар сэм доош суусан юм. Гэтэл гэнэтхэн хорон муу засан хүмүүжүүлэх офицер намайг хяналтын өрөөний дэлгэцээр хараад над руу дайран ирж, “Хэн чамайг сууж болно гэсэн юм?” хэмээн бархирлаа. Хоригдлуудын нэг нь надад: “Хурдхан түүнээс уучлалт гуй, тэгэхгүй бол чамайг ‘модон орон дээр унтуулна’ шүү” гэж шивнэв. Үүгээрээ тэр, хоригдлын өрөөнд модон хаалганы хавтан оруулж тавиад, үүндээ хоригдлын хөл, тавхайг гинжилж, бугуйг нь хүлдэг тамлах аргыг хэлсэн юм. Хоригдлыг ингэж хавтанд хүлээд хоёр долоо хоногийн турш дахин хөдөлгөдөггүй. Үүнийг сонсоод уур, үзэн ядалт хоёр зэрэг буцалсан ч өчүүхэн төдий ч эсэргүүцэл үзүүлж болохгүй гэдгээ мэдэж байсан болохоор уураа барихаас өөр юу ч хийж чадсангүй. Ийм дарлал, эрүү шүүлтийг тэвчихэд надад хэцүү байв. Тэр шөнө би мөс шиг хүйтэн орон дээрээ хэвтээд, тэр бүх шударга бус явдлыг бодон уйлахад зүрх сэтгэл минь Бурханд хандах гомдол, шаардлагаар дүүрч: “Энэ хэзээ дуусах юм бэ? Энэ тамын газарт нэг өдөр ч хэтэрхий их юм” гэж бодлоо. Дараа нь би Бурханы энэ үгийг бодов: “Хэрэв чи хүний амьдралын ач холбогдлыг ойлгодог, хүний амьдралын зөв замд орсон бөгөөд ирээдүйд Бурхан чамд яаж ч хандсан ямар ч гомдол, сонголтгүйгээр Түүний эрхээр захирагддаг, Бурханд ямар ч шаардлага тавьдаггүй бол чи ийм маягаар үнэ цэнтэй хүн болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?). Бурханы үг намайг өөрөөсөө ичихэд хүргэлээ. Шаналал бэрхшээл хэчнээн их байлаа ч Петрийн адилаар Бурханд дуулгавартай байхаар эрж хайж, өөрийнхөө тусын тулд ямар нэг шийдвэр гаргаж, шаардлага тавихгүй гэж үргэлж хэлдэг байснаа би бодов. Гэвч хавчлага, бэрхшээл тохиолдох үед зовж, төлөөс төлөх ёстой байхад би гарах гарц бодож олохоор оролджээ. Надад ямар ч дуулгавартай байдал байсангүй! Тэгэхэд л би эцэст нь Бурханы сайн санаа зорилгыг ойлгосон юм: Зовлонг тэвчих шийдвэрийг минь батжуулахын тулд Бурхан надад энэ гасланг тохиолдуулж, зовлондоо дуулгавартай байж сурах боломж олгосон, тэгснээр би Бурханы зохион байгуулалтад захирагдаж, Түүний амлалтыг хүлээн авах шаардлагыг хангаж чадах байлаа. Бурханы надад хийж байсан бүхэн хайраас үүдсэн, намайг аврахын төлөө байжээ. Дараа нь миний зүрх сэтгэл чөлөөлөгдсөн ба хилсэдсэн мэт санагдаж, шаналахаа больсон юм. Би зөвхөн Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, гэрчлэлд зогсон Сатаныг шившиглэхийг л хүсэж байлаа.

Сарын дараа би суллагдсан юм. Тэд надад “хуулийн хэрэгжилтийг тасалдуулж, буруу номын байгууллагын үйл ажиллагаанд оролцсон” гэх ял зүүлгэн, хувийн эрх чөлөөг минь хязгаарласан юм. Нэг жилийн турш хот юм уу мужаасаа гарахыг минь хориглосон бөгөөд цагдаа дуудах бүрд хүссэн цагт нь очих ёстой байв. Гэртээ хадгалж байсан бүх эд зүйлийг минь цагдаа нар дээрэмдэж авсныг гэртээ харьсныхаа дараа л би олж мэдсэн юм. Үүнээс гадна хорон муу цагдаа нар гэрийг минь яг л тонуулч дээрэмчид шиг ухаж төнхөн, намайг суллагдахаас өмнө 25,000 юань тушаах ёстой гэж гэрийнхнийг минь заналхийлжээ. Хадам ээж минь тэр бүх аймшигт явдлыг тэсэж чадалгүй зүрхний шигдээс тусаж, эмнэлэгт хэвтэн, 2000 гаруй юаниар эмчилгээ хийлгэсний дараа л эдгэрчээ. Эцэст нь гэр бүлийнхэн маань цагдаа нарт 3000 юань цуглуулж өгөхийн тулд таньдаг бүх хүнээсээ мөнгө гуйж зээлэхээс өөр аргагүй болж, тэгснээр л би суллагджээ. Хорон муу цагдаа нарын харгис эрүү шүүлтээс болж биед минь хүнд хор уршиг үлдэж зовоох болсон билээ. Шоронд байх хугацаанд асар их ачаалал өгснөөс болж гар, хөл минь байнга хавдаж, өвчин ордог; би бүр хоёр кило хагас ногоо ч өргөж, эсвэл хувцсаа ч угааж чаддаггүй бөгөөд ажиллах чадамжаа бүрэн алдсан.

Баривчлагдаж, хавчигдсан тэрхүү туршлага надад үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг Коммунист Намын чөтгөрийн төрхийг тодорхой харуулсан юм. Энэ нь Сатан болон тэр чигтээ Тэнгэрийн эсрэг үйлддэг чөтгөрлөг, гажууд Хятадын Коммунист Намыг жигших сэтгэлийг минь төрүүлсэн. Түүнчлэн, Бурханы ажил үнэхээр бодитой, ухаалаг гэдгийг жинхэнээсээ мэдэрсэн билээ. Коммунист Намд баривчлагдаж, хавчигдсан нь намайг ялган таних чадвартай болгосон; мөн шийдвэрийг минь хатуужуулж, итгэлийг минь төгс болгож, хэрхэн Бурханд хандаж, Бурханд найдахыг надад сургасан. Би Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг амталж, тэдгээр нь үргэлж бидний дэргэд байдаг тусламжийн эх сурвалж болж чадна гэдгийг харж, зөвхөн Бурхан л хүнийг хайрлаж, хүнийг аварч чадна гэдгийг харж, зүрх сэтгэлдээ Бурхантай улам ойр болсон. Би зовлон бэрхшээл, шалгалт туулснаар энэ бүх шагналыг хүртжээ. Бурханд талархъя!

Өмнөх: 81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Дараах: 83. Сатаны сорилтыг ялан дийлсэн нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

88. Шоронгийн зовлон бэрхшээл

Шяо Фань, Хятад2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх