87. Харгис эрүү шүүлт итгэлийг минь батжуулсан

Жао Руй, Хятад

2009 оны хавар Хятадын Коммунист Нам Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийг онилсон өргөн хүрээтэй баривчилгааны кампанит ажил явуулсан юм. Улс орон даяар чуулганы удирдагчдыг ар араас нь баривчилж, шоронд хийлээ. 4-р сарын 4-ний оройн 9 цагийн үед би үүргээ хамт биелүүлж байсан эгчтэй хамт Ван эгчийн гэрээс дөнгөж гаран, зам руу алхаж байтал энгийн хувцастай гурван эр гэнэт араас үсрэн гарч ирж, гараас хүчээр чангаан, “Явцгаая! Та хоёр бидэнтэй цуг явна даа!” гэж хашхираад, яах ийхийн зуургүй замын хажууд зогсож байсан хар суудлын машины арын суудал руу бид хоёрыг түлхэн суулгалаа. Энэ нь кинон дээр хулигаанууд ирж, гэгээн цагаан өдрөөр хүн хулгайлдаг шиг л байсан хэдий ч одоо бидэнд бодит амьдрал дээр ийм зүйл тохиолдож буй нь туйлын аймшигтай байсан юм. Би тэвдэн сандарч, гагцхүү Бурханыг чимээгүйхэн ахин дахин дуудахаас өөр яаж ч чадсангүй: “Хүндэт Бурхан минь! Намайг авраач! Өө Бурхан минь, намайг авраач дээ…” Намайг тайвширч амжаагүй байхад суудлын тэрэг Хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооны хашаанд орж зогссон юм. Бид цагдаагийн гарт орсон гэдгийг би тэр үед л ухаарсан билээ. Удалгүй Ван эгчийг бас авчрав. Бид гурвыг хоёр давхрын албан өрөөнд аваачаад, нэг эмэгтэй цагдаа өчүүхэн ч тайлбар хийлгүй цүнхийг маань булаан авч, биднийг хана руу харуулан зогсоолоо. Дараа нь тэрээр биднийг хүчээр нүцгэлээд, биед нэгжлэг хийсэн бөгөөд ингэх явцдаа биедээ болон цүнхэндээ авч явсан хувийн эд зүйлсээс маань чуулганы ажлын талаарх зарим материал, чуулганы хадгалсан мөнгөний баримт, бидний гар утас, бэлнээр 5,000 гаруй юань, банкны карт, нэг цагийг хүчээр хураав. Энэ бүхэн болж байхад долоо, найман эрэгтэй цагдаа өрөөнд байнга орж гарч байсан бөгөөд биднийг ажиглаж байсан хоёр цагдаа бүр тас тас инээлдэж, над руу заан, “Энэ чуулганы том тушаалтан байна, өнөөдөр бид том нөхөр барьсан бололтой шүү” гэцгээв. Удалгүй энгийн хувцастай дөрвөн цагдаа намайг гавлан, нүдийг минь малгайгаар халхлаад, хотоос нэлээд зайтай байх Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо руу хүргэсэн билээ.

Байцаалтын өрөөнд ороод, өндөрт байх төмөр сараалжин цонх, аймшигтай, зэврүүн харагдах тэр барын ванданг харах үед урьд нь эрүүдэн шүүгдэж байсан ах эгч нарын аймшигт түүхүүд санаанд буулаа. Ёрын муу цагдаа нарын дараа нь намайг тамлах үл мэдэгдэх эрүү шүүлтийн талаар бодоод би үхтлээ айж, хоёр гар өөрийн эрхгүй салгалж эхлэв. Энэхүү цөхрөнгөө барсан нөхцөл байдалд би Бурханы үгийг бодлоо: “Зүрх сэтгэлд чинь одоо ч айдас хургаж байгаа. Ингэхээр зүрх сэтгэл чинь Сатаны бодлоор дүүрэн хэвээр байгаа биш гэж үү?” “Ялагч гэж юу вэ? Христийн сайн цэргүүд сүнсээрээ хүчтэй байхын тулд зоригтой байж, Надад найдах ёстой; тэд дайчин болж, Сатантай үхтэлээ тулалдахын тулд тэмцэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 12-р бүлэг). Бурханы үгийн гэгээрэл тэвдсэн зүрх сэтгэлийг минь аажмаар тайвшруулж, айдас минь Сатанаас гаралтай гэдгийг ухааруулав. “Сатан намайг дарангуйлалдаа буулган авахын тулд махан биеийг минь тамлахыг хүсэж байна. Би түүний зальхай явуулгад автаж болохгүй. Бурхан цаг ямагт миний бат түшиг тулгуур, мөнхийн дэмжлэг байх болно. Энэ бол сүнслэг тулаан бөгөөд би Бурханы төлөө гэрчлэлд зогсох шаардлагатай. Би Бурханы талд зогсох ёстой ба Сатанд бууж өгч болохгүй” гэж би дотроо бодлоо. Үүнийг ухаараад би Бурханд чимээгүйхэн залбирав: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Таны сайн санаа зорилгоор л би өнөөдөр энэ хорон муу гурван цагдаагийн гарт орлоо. Гэвч биеийн хэмжээ минь хэтэрхий өчүүхэн, бас би айж, сандарч байна. Надад итгэл, урам зориг хайрлаач гэж залбиръя, тэгснээр би Сатаны нөлөөний хязгаарлалтаас ангижирч, түүнд захирагдалгүй Таны төлөө гэрчлэлд бат зогсож чадна!” Залбирлаа дуусгасны дараа зүрх сэтгэл минь урам зоригоор дүүрч, заналтай царайлсан өнөөх ёрын муу цагдаа нараас төдийлөн айхаа болилоо.

Яг тэр үед хоёр цагдаа намайг барын вандан дээр түлхэн суулгаж, гар хөлийг минь түгжлээ. Өндөр нуруутай, биерхүү, балмад нэг цагдаа нь ханан дээрх “Хуулийн боловсон хэрэгжилт” хэмээх үг рүү заагаад, дараа нь ширээ балбан, “Чи хаана байгаагаа мэдэж байна уу? Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо бол Хятадын засгийн газрын хүчирхийллээр мэргэшсэн салбар! Хэрэв чи үнэнээ хүлээхгүй бол шангаа хүртэх болно шүү! Хэлээч! Нэр чинь хэн бэ? Хэдэн настай вэ? Хаанаас ирсэн бэ? Чуулганд ямар албан тушаалтай вэ?” гэж бархирав. Түүний түрэмгий занг хараад би дүрсхийн уурласан юм. “Тэд өөрсдийгөө үргэлж л ‘Ардын цагдаа’ гэцгээж, ‘хорон мууг үндсээр нь устгаж, хууль баримтлагчдыг амар амгалан амьдруулах’ зорилготой хэмээдэг ч бодит байдал дээр зүгээр л хэдэн дээрэмчин, гэмт этгээд, гэмт хэргийн ертөнцийн алуурчид юм байна. Тэд бол шударга ёсыг онилон дайрч, сайн, шулуун шударга иргэдийг шийтгэдэг чөтгөрүүд! Энэ цагдаа нар хууль зөрчиж, гэмт хэрэг үйлддэг хүмүүсийг хараагүй мэт царайлж, тэдэнд хуулиас гадуур амьдрах боломж олгодог. Гэтэл бид Бурханд итгэж, Бурханы үгийг уншиж, амьдралын зөв замаар алхахаас өөр зүйл хийдэггүй атлаа энэхүү бүлэг балмад этгээдийн хүчирхийллийн гол бай болсон. ХКН-ын засгийн газар үнэхээр шударга ёсыг дураараа гажуудуулагч юм” гэж би дотроо бодлоо. Хэдийгээр энэ ёрын муу цагдаа нарыг би үнэн зүрхнээсээ үзэн ядсан боловч биеийн хэмжээ минь хэтэрхий өчүүхэн, тэдний харгис эрүү шүүлтийг тэсвэрлэж чадахгүй гэдгээ мэдэж байсан тул Бурханыг ахин дахин дуудаж, надад хүч чадал хайрлахыг Түүнээс гуйв. Яг тэр мөчид Бурханы үг намайг гэгээрүүлсэн юм: “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Бурханы үгийн тайтгарал, зоригжуулалт тайвшрахад минь тусалсан бөгөөд “Өнөөдөр би бүх юмаараа дэнчин тавихад бэлэн байх ёстой—хамгийн муудаа л үхэх болбол үхье. Энэ бүлэг чөтгөрүүд чуулганы мөнгө, ажил, манай удирдагчдын талаар надаас олж мэднэ гэж бодож байгаа бол санасны гарз!” гэж дотроо бодов. Дараа нь тэд намайг яаж ч байцааж, мэдээлэл авахаар оролдлоо гэсэн би ганц ч үг хэлсэнгүй.

Намайг ам нээхээс татгалзаж байгааг хараад, өөр нэг цагдаа багтартлаа уурлаж, ширээ балбасныхаа дараа над руу дайран ирээд, сууж байсан барын ванданг минь өшиглөн, дараа нь толгой руу нударснаа, “Мэдэж байгаа зүйлээ бидэнд хэл! Биднийг юу ч мэдэхгүй гэж битгий бодоорой. Юу ч мэдэхгүй байсан бол та гурвыг яаж тэгж шийдэмгийгээр барьж чадна гэж бодоо вэ?” гэж чарлалаа. Өндөр нуруутай тэр цагдаа: “Тэвчээрийг минь битгий бараад бай! Чамд жаахан өвдөлт амсуулахгүй бол биднийг зүгээр л хоосон сүрдүүлээд байна гэж бодох нь ээ. Бос!” гэж бархирлаа. Ингэж хэлмэгцээ тэр намайг барын вандангаас цонхны доор чирч аваачсан бөгөөд хананд нэлээд дээр байх тус цонх төмөр сараалжтай байв. Тэд хоёр гарыг минь тус тусад нь хадаастай гаваар гавлаж, хоёр гавныхаа нөгөө талыг төмөр сараалжнаас зүүсэн бөгөөд ингэснээр би цонхноос гараараа зүүгдэн, хөлийн өлмийгөөрөө л газарт хүрч байлаа. Цагдаа нарын нэг нь өрөөний хэмийг багасгахын тулд агааржуулагч асаагаад, дараа нь хуйлсан номоор толгой руу минь заналтай цохив. Намайг ам нээхгүй хэвээр байгааг хараад тэр багтартлаа уурлан: “Чи хэлэх үү, үгүй юу? Хэлэхгүй бол чамайг ‘савлуур дээр суулгана’ шүү!” гэж хашхирлаа. Ингэж хэлснээ цэргийн ангиллын урт тэлээ ашиглан хоёр хөлийг минь хүлээд, тэр тэлээг барын ванданд уяв. Дараа нь тэд ванданг хананаас холдуулж, ингэснээр би агаарт дүүжлэгдэж байлаа. Бие минь урагшлах үед гав хоёр бугуйн уг руу гулсаж, гавын доторх хадаас гарын минь ар луу шигдэв. Би туйлын их өвдөлт мэдэрсэн ч тэр хорон муу цагдаа нарын доог тохуу болохыг хүсээгүй учраас орь дуу тавихгүй гэсэндээ уруулаа чанга хазлаа. “Өвдөөгүй юм шиг байна! Би жаахан нэмэрлээд өгье” гэж нэг цагдаа өөдгүй байдлаар маасайн хэлэв. Ингэж хэлээд тэр хөлөө өргөн, хоёр шилбэн дээр минь чанга гишгээд, биеийг минь хоёр тийш савлууллаа. Үүнээс болоод гав миний бугуй, гарын арыг улам чанга хавчсаар, эцэст нь би маш их өвдсөндөө өөрийн эрхгүй амь тэмцэн орилсон бөгөөд тэд үүнд элгээ хөштөл хөхрөлдөв. Тэр үед л өнөөх цагдаа хөлөн дээр минь гишгэхээ больж, намайг агаарт дүүжлээтэй үлдээлээ. Хорь орчим минутын дараа тэр цагдаа гэнэт барын ванданг над руу буцаан өшиглөхөд аймшигтай хяхтнах дуу гарсан бөгөөд намайг хашхирч байхад бие минь байрлалдаа буцан орж, хоёр хөлийн өлмий л газарт шүргэн, хананаас зүүгдээтэй болов. Үүний зэрэгцээ гав бугуй руу буцаад гулссан байлаа. Гав гэнэт суларснаас болоод хоёр гарын цус хурдан эргэлдэж, тохой руу даруй орсон бөгөөд цус эргэн ирэх даралтын улмаас лугшсан өвдөлт мэдрэгдэв. Тэд миний зовохыг хараад олиггүй байдлаар мар мар инээснээ, намайг цааш байцаан: “Танай чуулган хэдэн хүнтэй вэ? Та нар мөнгөө хаана хадгалдаг вэ?” гэж асуулаа. Тэд намайг яаж ч байцаалаа гэсэн би ам нээхээс татгалзсан бөгөөд эцэст нь тэд маш их уурласандаа: “Хараал идэг! Чи ч хатуу самар юм аа! Хэр удаан тэсэхийг чинь харна аа!” хэмээн хараал зүхэл урсгаж эхэллээ. Ингэж хэлээд тэд барын ванданг дахин нэг удаа хананаас холдуулж, намайг дахин агаарт дүүжиллээ. Энэ удаад гарын минь ар талын аль хэдийн зүсэгдсэн шархан дээрээс гав чанга хавчсан бөгөөд хоёр гар минь тэр дороо хавдан, цусан хаван гүйж, дэлбэрэх гэж байгаа мэт мэдрэгдэж байв. Өвдөлт эхний удаагийнхаас бүр ч хүчтэй байлаа. Тэд хоригдлуудыг эрүүдэн шүүж, шийтгэж байсан “урьдын алдарт гавьяа” бүрээ нэг нэгэндээ тод томруунаар дүрслэв. Арван таван минутын турш ингэсний дараа тэд эцэст нь сандлыг дахин буцаан өшиглөж, би цонхноос эгц доош дүүжлэгдэн, хоёр хөлийн өлмий маань л газарт шүргэж байсан урьдын байрлалдаа эргэн орлоо. Энэ явцад, хүү татах мэт өвдөлт намайг дахин нэг удаа нөмрөн авсан юм. Яг тэр үед намхан, махлаг эрэгтэй цагдаа орж ирээд, “Наадах чинь ам нээсэн үү?” гэж асуухад хоёр цагдаа: “Энэ жинхэнэ Лиу Хулань байна!” гэж хариуллаа. Тэрхүү махлаг, ёрын муу цагдаа над руу эгцлэн алхаж ирээд, нүүрэн дундуур тасхийтэл алгадаж, “Чамайг хэр хатуужилтай болохыг харъя л даа! Хоёр гарыг чинь би суллаад өгье” гэж хорсолтойгоор хэллээ. Би зүүн гар луугаа хараад, асар их хавдаж, хар хөх болсон байгааг нь олж харав. Яг тэр үед тэрээр зүүн гарын минь хуруунуудыг барьж аваад, нааш цааш нь сэгсэрч, үрж, чимхэж эхэлсэн бөгөөд эцэст нь дахин мэдээ орж, өвдөлт мэдрэгдлээ. Дараа нь тэр гавын тохиргоог хамгийн бариу болгон өөрчлөөд, нөгөө хоёр цагдаад намайг дахин агаарт дүүжил хэмээн дохио өгөв. Намайг дахин нэг удаа агаарт дүүжлэн, ийм байдалтайгаар хорин минутын турш байлгасны дараа буулгалаа. Тэд намайг ахин дахин агаарт дүүжилж, эргүүлэн буулгасаар байсан бөгөөд өвдөлтөөс ангижрахын тулд үхэхийг хүсэх хүртэл минь намайг тамласан юм. Гав гарын дээш доош гулсах бүрийд урьдынхаасаа улам их өвдөж байлаа. Эцэст нь хадаастай гав хоёр бугуйд минь гүн шигдэж, гарын ар талын арьсыг нэвтэлсэн бөгөөд асар их цус гоожив. Хоёр гарын маань цусны эргэлт бүрэн боогдож, бөмбөлөг шиг болтлоо хавдсан байв. Хүчилтөрөгч дутагдсанаас толгой лугшин өвдөж, хагарах гэж байгаа мэт санагдаж байлаа. Би үнэхээр л өөрийгөө үхэх нь гэж бодсон юм.

Яг цааш тэсэж чадахгүй нь гэж бодогдох үед Бурханы үгийн нэг хэсэг санаанд орлоо: “Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ). Бурханы үг надад гэнэтийн хүч чадал өгч, Эзэн Есүс загалмай дээр хэрхэн зовсон талаар би бодлоо: Ромын цэргүүд Түүнийг ташуурдаж, доог тохуу хийж, доромжлон, цус нөж болтол нь зодсон билээ. Гэсэн ч Түүнд мөн л хүнд загалмай үүрүүлж, эцэст нь биеийнх нь цус урсаж дуусах хүртэл тэрхүү загалмайд Түүнийг амьдаар нь цовдолсон юм. Яасан харгис тамлал вэ! Ямар гээч төсөөлөхийн аргагүй зовлон бэ! Гэвч Эзэн Есүс энэ бүхнийг чимээгүйхэн тэвчсэн. Өвдөлт үгээр илэрхийлэхийн аргагүй хүчтэй байсан нь лавтай ч Эзэн Есүс бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө Өөрийгөө Сатаны гарт дуртайяа өгсөн юм. “Өнөөдөр Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болж, бурхангүй үзэлтэй Хятад улсад ирсэн. Энд Тэрээр Нигүүлслийн эрин үед тулгарснаасаа хавьгүй илүү амь өрссөн аюултай нүүр тулсан юм. Төгс Хүчит Бурхан гарч ирж, ажлаа явуулж эхэлснээс хойш ХКН-ын засгийн газар Христийг гүжирдэж, доромжилж, улайран хөөж, барьж авахын тулд байж болох бүх аргыг ашиглан, Бурханы ажлыг нураахаар хий дэмий найдсан. Хоёр удаа бие махбодтой болохдоо Бурханы туулсан зовлонг хүн тэсвэрлэх нь байтугай, төсөөлж ч чадахгүй. Бурхан бидний төлөө тийм их зовлонг тэвчсэн байхад би илүү их мөс чанартай байх ёстой; үхэх ёстой болсон ч Бурханыг хангалуун байлгаж, тайтгаруулах ёстой” гэж би дотроо бодов. Арслангийн үүрэнд хаягдсан Даниел, загалмай дээр толгойгоо доош харуулан цовдлогдсон Петр, толгойгоо авхуулсан Иаков гээд л үе үеийн бүх ариун хүн, эш үзүүлэгчийн туулсан хүнд хүчир явдал тэр мөчид санаанд буулаа… Энэ ариун хүмүүс болон эш үзүүлэгчид бүгд үхлийн ирмэг дээр Бурханы төлөө цангинасан гэрчлэлд зогссон бөгөөд Бурханыг гэх тэдний итгэл, үнэнч зан, дуулгавартай байдлыг би даган дуурайхаар зорих ёстой гэдгээ ухаарав. Иймээс би Бурханд чимээгүйхэн залбирлаа: “Хүндэт Бурхан минь! Та нүгэлгүй боловч биднийг аврахын төлөө цовдлогдсон. Тэгээд ажлаа явуулахын тулд амиа эрсдэлд оруулан Хятадад дахин бие махбодтой болсон. Таны ийм агуу хайрыг би хэзээ ч хариулж чадахгүй. Өнөөдөр Тантай хамт зовох нь миний хувьд хамгийн их нэр төрийн хэрэг бөгөөд Таны зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд би гэрчлэлд зогсоход бэлэн байна. Сатан надаас амийг минь авлаа ч гэсэн, би хэзээ ч гомдоллосон үг хэлэхгүй!” Оюун санаа минь Бурханы хайранд төвлөрснөөр биеийн өвдөлт мэдэгдэхүйц багасах мэт санагдав. Тэр шөнийн сүүл хэсэгт хорон муу цагдаа нар намайг ээлжлэн тамласаар байсан юм. Дараа өглөөний 9 цагийн орчимд л тэд эцэст нь хоёр хөлийг минь тайлж, намайг цонхноос дүүжлээтэй орхилоо. Хоёр гар минь хоёулаа мэдээ алдаж, мэдрэмжгүй болсон бөгөөд хамаг бие минь хавагнасан байв. Тухайн үед, надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан эгчийг хажуу талын байцаалтын өрөөнд аваачсан байлаа. Гэнэт найм, есөн цагдаа миний байцаагдаж байсан өрөөнд цувран орж ирсэн бөгөөд намхан, махлаг цагдаа ууртайгаар орж ирээд, намайг хариуцаж байсан ёрын муу цагдаа нараас: “Наадах чинь ам нээв үү?” гэж асуухад “Ам нээгээгүй л байна” гэж тэд хариулав. Тэдний хариултыг сонсмогцоо өнөөх цагдаа над руу давхиж ирээд, нүүрэн дундуур хоёр удаа алгадан, “Чи одоо хүртэл үгэнд орохгүй байна гэнэ ээ! Бид нэрийг чинь мэднэ, бас чуулган дахь чухал удирдагч гэдгийг чинь ч мэднэ. Биднийг юу ч мэдэхгүй гэж битгий эндүүр! Чи мөнгөө хааш нь хийсэн бэ?” гэж уурсан хашхирлаа. Намайг чимээгүй байгааг харсан тэрээр: “Чи ам нээхгүй бол бид өөрсдөө олж мэдэх цагт чамд улам л муу гэж мэд. Чуулган дахь байр суурийг чинь харгалзан үзвэл чи шоронд хорин жил хоригдох ял сонсоно доо!” гэж намайг сүрдүүлэв. Дараа нь тэд миний банкны картыг аваад, картын нэр, нууц дугаарыг асуулаа. “Харж л байг, надад хамаагүй. Манай гэр бүл наад данс руу чинь угаасаа тийм ч их мөнгө шилжүүлээгүй. Харах юм бол тэд чуулганы мөнгөний талаар намайг залхаахаа болино биз” гэж би дотроо бодсон юм. Ийнхүү шийдээд нэр болон нууц дугаарыг тэдэнд хэллээ.

Дараа нь би бие засах өрөө орохыг гуйсан бөгөөд тэгэхэд л эцэст нь тэд намайг буулгалаа. Тэр үед би хоёр хөлийнхөө хяналтыг бүрэн алдсан байсан тул тэд намайг бие засах газар луу өргөж аваачаад, гадна нь харуулд зогсоцгоов. Гэвч хоёр гар минь бүх мэдрэлээ аль эрт алдсан байсан бөгөөд тархинаас минь очих тушаал хоёр гарт огт хүрэхгүй байсан тул би өмдөө тайлж огт чадахгүй, тэнд зүгээр л хана налан зогслоо. Хэсэг хугацааны дараа би гарч ирэхгүй хэвээр байсан тул нэг цагдаа хаалга өшиглөн онгойлгоод: “Болоогүй л байна уу” хэмээн самуунаар маасайв. Гараа хөдөлгөж чадахгүй байгааг минь харсан тэрээр над руу ирж өмдийг минь тайлсан бөгөөд бие зассаны дараа өмдийг минь татлаа. Бие засах газрын гадаа бүлэг эрэгтэй цагдаа цуглаад, элдэв янзын доромж үг хэлцгээн, бузар үг яриагаараа намайг доромжилж байсан юм. Над шиг хорин хэдхэн настай, гэм зэмгүй залуу охиноор доог тохуу хийж буй энэ дээрэмчид, чөтгөрүүдийн шударга бус байдалд би гэнэт цөхрөн, уйлж эхэллээ. Бас хоёр гар минь үнэхээр саажин, цаашид өөрийгөө авч явж чадахааргүй болсон байвал ингэж явснаас үхсэн нь дээр гэж бодогдсон юм. Тэр мөчид би зүгээр алхаж чадаж байсан бол барилгаас үсрэн, тэндээ насан эцэслэх байлаа. Намайг хамгийн сул дорой байх яг тэр үед “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ” хэмээх чуулганы магтан дуу санаанд оров: “Хайр, үнэнч байдлаа Бурханд өгч, Бурханыг алдаршуулах үүргээ би гүйцэлдүүлнэ. Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл өг, Сатанд бүү бууж өг. Өө! Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй. Бурханы итгэл зүрх сэтгэлд байдаг, би улигт Сатаныг ичээхэд шийдвэр төгс байх ёстой. Шаналал, бэрхшээлийг Бурхан урьдаас тогтоодог, Түүнд үнэнч байхын тулд би доромжлолыг тэвчинэ. Хэзээ ч дахин би Бурханы нулимсыг унагаж, санааг нь зовоохгүй” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Энэ магтан дуу надад итгэл өгч, сүнс минь хүчирхэгжсэн юм. “Би Сатаны заль мэхэнд хууртаж, иймхэн юмны төлөө амиа эцэслэх ёсгүй. Бурханыг шархлуулж, Бурханаас урвах зүйл хийлгэхийн тулд тэд надаар доог тохуу хийж, даажигнаж байна. Хэрэв би үхэх юм бол тэдний зальхай явуулгад л автаж байгаагаас ялгаагүй. Сатаны хуйвалдааныг амжилттай болгож болохгүй. Үнэхээр би эрэмдэг болсон ч гэсэн эцсийн амьсгал минь үлдсэн байгаа цагт Бурханд гэрчлэл хийхийн төлөө цааш амьдрах ёстой” гэж би дотроо бодлоо.

Байцаалтын өрөөнд эргэж ирээд би эцэж туйлдсандаа шалан дээр унав. Цагдаа нар намайг бүчиж, буцаад бос хэмээн бархирлаа. Нүүрэн дундуур минь алгадсан өнөөх намхан нуруутай, махлаг цагдаа над руу давхиж ирэн, заналтайгаар өшиглөөд, дүр эсгэж байна хэмээн намайг буруутгалаа. Тэр мөчид бие минь салгалж эхэлсэн бөгөөд амьсгал давхцан, гүн амьсгаа авч эхэллээ. Зүүн хөл, цээжний зүүн тал маань татвалзан, өөд өөдөөсөө татаж эхлэв. Хамаг бие минь хүйтэн, хөшүүн болж, цагдаа нар яаж ч татаж, хөшлөө гэсэн намайг тэнийлгэж чадсангүй. Бурхан надад гарах гарц нээхийн тулд энэхүү өвдөлт, өвчинг ашиглаж байгааг би мэдэж байсан юм. Эс бөгөөс тэд намайг үргэлжлүүлэн харгисаар тамлах байв. Амь өрссөн байдалд байгааг минь харсныхаа дараа л эцэст нь ёрын муу цагдаа нар намайг зодохоо больцгоов. Дараа нь тэд намайг барын ванданд түгжиж, чуулганы эгчийг минь тамлахаар хажуу өрөө рүү орсон бөгөөд намайг мануулахаар хоёр цагдаа үлдээлээ. Эгчийн цус царцаам хашхирааныг би ахин дахин сонсоод, тэр чөтгөрүүд рүү дайрч очин, үхтлээ тулалдахыг асар их хүсэж байсан ч саажиж, туйлын их эцэж цуцсан байсан тул Бурханд залбирч, эгчид минь хүч чадал хайрлан, хамгаалснаар гэрчлэлд зогсох боломж олгооч гэж Бурханаас гуйхаас өөр яаж ч чадсангүй. Үүний зэрэгцээ ард түмнээ зовлонгийн гүнд унагасан ёрын муу, хорон тэр намыг би заналтайгаар харааж, хүний төрхтэй энэ араатнуудыг шийтгээч гэж Бурханаас хүслээ. Дараа нь, тэнд амь тавих гээд хэвтэж байгааг минь тэд хараад манаан дээрээ хүн үхүүлэхийг хүсээгүй тул намайг эцэст нь эмнэлэг явуулав. Эмнэлэг дээр ирсний дараа хоёр хөл болон цээж минь дахин татваганаж, хоорондоо татагдаж эхэлсэн бөгөөд биеийг минь эргүүлэн эгц байрлалд оруулахад хэдэн хүн шаардагдлаа. Хоёр гар минь хоёулаа бөмбөлөг шиг хөөж, цус нөжид будагдсан байв. Хоёр гар минь тэр чигтээ идээлж пэмбийсэн байсан тул тэд дусал залгаж чадаагүй юм. Учир нь зүүгээр хатгамагц хураагуур судаснаас цус урсаж, эргэн тойрных нь зөөлөн эдэд нэвчин, тарьсан газраас цус алдаж байв. Эмч юу болоод байгааг хараад: “Бид энэ гавыг тайлах хэрэгтэй!” гэлээ. Түүнчлэн намайг зүрхний өвчтэй байж болзошгүй хэмээн санаа зовсон тул нэмэлт шинжилгээ хийлгэхээр хотын эмнэлэг рүү явуулахыг цагдаа нарт зөвлөлөө. Тэр хорон муу цагдаа нар надад яаж ч туслахыг хүсээгүй боловч үүний дараа намайг гавлахаа больсон. Маргааш нь намайг байцааж байсан цагдаа, аман мэдүүлэг болгон ашиглах Бурханы тухай доромжлол, гүтгэлгээр дүүрэн мэдэгдэл бичээд, намайг гарын үсэг зур гэж шаардлаа. Тус мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзахад минь тэр унтууцаж, гарыг минь шүүрч аван, хүчээр хурууны хээг минь даруулсан билээ.

4-р сарын 9-ны оройхон дивизийн дарга болон хоёр эрэгтэй цагдаа намайг цагдан хорих газар луу хүргэлээ. Цагдан хорих газрын эмч хамаг бие маань хавагнасан, алхаж чадахгүй, гартаа ямар ч мэдээгүй болж, амь минь дээсэн дөрөөн дээр байх шиг байгааг хараад намайг тэнд үхэх вий гэж айсандаа хүлээн авахаас татгалзав. Дараа нь дивизийн дарга цагдан хорих газрын захирагчтай нэг цаг гаруй хэлэлцээ хийн, надад ямар нэг зүйл тохиолдвол цагдан хорих газар хариуцлага хүлээхгүй гэж амласан бөгөөд тэр үед л захирагч нь намайг хүлээн авахыг эцэст нь зөвшөөрсөн юм.

Арваад хоногийн дараа арав гаруй ёрын муу цагдаа өөр дүүргээс шилжиж ирсэн бөгөөд намайг өдөржин, шөнөжин ээлжээр байцаахын тулд цагдан хорих газарт түр томилогдлоо. Хоригдлыг байцааж болох хугацаанд хязгаар тогтоосон байдаг ч цагдаа нар үүнийг маш ноцтой чухал хэрэг хэмээсэн тул намайг ер зүгээр орхихгүй байлаа. Хэтэрхий удаан байцаах юм бол бие нь муу байгаа болохоор эрүүл мэнд нь муудах вий гэж айсандаа тэд байцаалтаа шөнийн 1 цагийн орчимд дуусган, хорихын өрөө рүү минь явуулаад, маргааш нь үүрээр намайг дууддаг байсан юм. Тэгээд гурав хоног дараалан өдөрт 18 цагийн турш намайг байцаав. Гэвч тэд хэдий намайг зовоож байсан ч би ганц ч үг хэлсэнгүй. Хатуу арга нь бүтэхгүй байгааг мэдсэн тэд зөөлөн арга руу шилжлээ. Тэгээд гэмтэл бэртэлд минь анхаарал хандуулан, надад эм авч өгч, шарханд минь тос түрхэж өгдөг байв. Ийм гэнэтийн “сайхан сэтгэлтэй” учирсан би сэрэмж алдан, “Чуулганы талаар зүгээр л ач холбогдолгүй зүйл хэлчихвэл зүгээр байх…” гэж бодох даруйд Бурханы үг санаанд орсон билээ: “Хуумгай хандлага бүү баримтал, харин аливаа зүйл тохиолдох үед Надад улам их ойрт; Миний гэсгээлтийг зөрчихөөс зайлсхийж, Сатаны зальхай явуулгад унахгүй байхын тулд бүх талаар сэрэмж, болгоомжтой бай(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 95-р бүлэг). Сатаны зальхай явуулгад автсан гэдгээ би гэнэт ойлголоо. Тэд хэдхэн хоногийн өмнө намайг тамлаж байсан тэр хүмүүс биш гэж үү? Тэд зан авираа өөрчилж болох ч ёрын муу уг чанар нь хувиршгүй—нэгэнт л чөтгөр бол ямагт чөтгөр байх болно. Тэд зүгээр л хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд үргэлж далд сэдэл өвөрлөж явдаг гэдгийг Бурханы үг надад ухааруулсан юм. Дараа нь тэд намайг яаж ч уруу татаж, зовоолоо гэсэн би ганц ч үг хэлсэнгүй. Удалгүй Бурхан тэдний үнэн төрхийг илчиллээ; Ву ахмад гэгч цагдаа: “Чи чуулганы удирдагч байж мөнгө хаана байгааг мэдэхгүй гэнэ ээ? Чамайг хэлэхгүй бол одоод мэдчих арга бидэнд байгаа шүү!” гэж ширүүнээр байцаасан юм. Хөгшин, янхигар цагдаа хараал зүхэл урсган, “Хараал идэг, харж үзээд байхаар даврах нь ээ! Чамайг ам нээхгүй бол гаргаад, дахиад дүүжилнэ шүү. Тэгээд чи Лиу Хулань болж, биднээс мэдээлэл нуухыг хүссээр байх нь уу, харна аа! Чамайг зохицуулах өчнөөн арга байгаа!” гэж бархирав. Түүнийг энэ маягаар ярих тусам би ам нээхгүй байхаар улам шийдлээ. Эцэст нь тэрээр бухимдсандаа алхаж ирээд, намайг түлхэж, “Ийм ааш авиртай байвал хорин жилийн ял хөнгөднө шүү!” гэв. Ингэж хэлчхээд өрөөнөөс цөхрөн гарч одов. Дараа нь Мужийн Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Хэлтэст үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн цагдаа намайг байцаахаар ирлээ. Тэрээр Бурханыг дайрч давшилж, эсэргүүцсэн олон үг хэлж, хэчнээн туршлагатай, мэдлэгтэй тухайгаа тасралтгүй сайрхахад бусад цагдаа нар түүнийг харамгүй магтав. Түүний сэхүүн, өөртөө сэтгэл хангалуун байдлынх нь муу муухайг харж, үнэнийг орвонгоор нь эргүүлж, цуурхал тараах бүх худал үг, хуурмаг буруутгалыг нь сонсоод энэ цагдааг үзэн ядах, зэвүүцэх зэрэгцлээ. Тэгээд түүнийг харж ч тэвчихгүй байсан тул зүгээр л урдах ханыг ширтэн, үг бүрийг нь сэтгэлдээ няцаав. Түүний хурц шүүмжлэл бүхий л өглөөжин үргэлжилсэн бөгөөд эцэст нь тэр ярьж дуусаад миний бодлыг асуулаа. “Би боловсролгүй болохоор таны юу гэж чалчаад байгааг ер ойлгосонгүй” гэж би тэвчээр алдан хэлэв. Уурссандаа тэр бусад байцаагчдад: “Энэ найдлагагүй болж. Аль хэдийн бурханжсан юм байна, өнгөрчээ!” гэж хэлээд, гонсойсон байдалтай сажилж одлоо.

Ёрын муу цагдаа нар намайг цагдан хорих газрын өрөө рүү чирч оруулах үед Ван эгч тэр өрөөнд байгааг би хараад хайртай хүнийхээ бараанд зүрх сэтгэлд минь халуун дулаанаар бялхлаа. Энэ бол Бурханы зохион байгуулалт, зохицуулалт бөгөөд Бурханы хайр намайг харж хандаж байна гэдгийг би мэдэж байсны зэрэгцээ тухайн үед үндсэндээ эрэмдэг болж, гар хөл минь айхтар хавдан, идээ бээрт идэгдэж, хуруунууд минь хүрэхэд хатуу, зайдас шиг болж, мэдээ алдан, хоёр хөл минь бараг хөдөлж чадахгүй, хамаг бие сул дорой, өвдөлтөд нэрвэгдсэн байсан тул Бурхан ийм зүйл хийсэн гэдгийг би мэдэж байсан юм. Тэр хугацаанд эгч минь намайг өдөр бүр асардаг байсан юм—шүдийг минь угааж, нүүрийг минь цэвэрлэж, намайг усанд оруулж, үс самнан, хооллож ундалдаг байлаа… Нэг сарын дараа эгч суллагдсан бөгөөд намайг албан ёсоор баривчилсан тухай надад мэдэгдэв. Эгчийг суллагдсаны дараа би өөрийгөө асарч чадахгүй хэвээр байгаагаа, мөн цаашид хэр удаан хоригдохоо мэдэхгүй байгаагаа бодоод асар их арга мухардан, сэтгэлээр уналаа. Тэгээд өөрийн эрхгүй Бурханыг дуудсан юм: “Өө Бурхан минь, би эрэмдэг амьтан мэт санагдаж байна—цаашид яаж энэ хэвээр амьдрах юм бэ? Зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж Танаас гуйя, тэгснээр би энэ нөхцөл байдлыг даван туулж болох юм.” Аргаа баран, яахаа огт мэдэхгүй байх яг тэр үед Бурханы үг бодогдлоо: “Нэг л өдөр Бурхан тань та нарыг огт танил биш газарт аваачих болно гэдгийг та нар бодож үзсэн үү? Би та нараас бүх зүйлийг чинь нэг өдөр булааж авахад та нарт юу болохыг төсөөлж чадах уу? Тэр өдөр та нарын эрч хүч одоогийнх шигээ байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!). Бурханы үг миний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэгч гэрэлт цамхаг мэт байж, Түүний хүслийг надад ойлгуулсан юм. “Одоо надад тулгарсан орчин бол миний хамгийн бага мэддэг орчин юм. Бурхан итгэлийг минь төгс болгохын тулд ийм орчинд Өөрийнх нь ажлыг туулахыг надаас хүсэж байна. Эгч минь намайг орхисон ч Бурхан тэгээгүй нь лавтай! Алхаж ирсэн замаа эргээд бодохоор Бурхан намайг замын алхам бүрд замчилсан! Бурханд найдвал давж чадахааргүй бэрхшээл гэж үгүй” гэж би дотроо бодоод, итгэл минь хэтэрхий бага юм гэдгийг харсан тул Бурханд ийнхүү залбирав: “Хүндэт Бурхан минь, би Таны гарт өөрийгөө бүрмөсөн даатгаж, Таны зохион байгуулалтыг дуулгавартай дагахыг хүсэж байна. Би ирээдүйд ямар ч нөхцөл байдалтай тулгарлаа гэсэн гомдоллохгүй, Таныг дуулгавартай дагана.” Залбирлаа дуусгасны дараа надад тайван, амар амгалан мэдрэмж төрлөө. Маргааш өдөр нь засан хүмүүжүүлэх офицер шинэ хоригдол авчрав. Тэрээр миний байдлыг хармагцаа гуйлгах ч үгүйгээр намайг асарч сувилж эхэллээ. Үүнээс би Бурханы гайхалтай, итгэмжит байдлыг харсан юм. Бурхан намайг орхисонгүй—хүний бодлыг оруулаад тэнгэр, газар дээрх бүх зүйл Бурханы гарт байдаг. Бурханы зохион байгуулалт, зохицуулалт байгаагүй бол урьд нь огт уулзаж байгаагүй энэ эмэгтэй яагаад надад ингэтлээ сайн хандана гэж? Үүний дараа би Бурханы хайрыг улам их харлаа. Тэр эмэгтэйг цагдан хорих газраас суллагдсаны дараа Бурхан миний урьд өмнө нь огт уулзаж байгаагүй эмэгтэйчүүдийг нэг нэгээр нь өндийлгөн, намайг асарч сувилуулсан бөгөөд тэд буухиа дамжуулах мэт миний асаргааг бие биедээ дамжуулж байв. Суллагдсаныхаа дараа миний данс руу мөнгө шилжүүлсэн зарим нэг хоригдол ч байлаа. Энэ хугацаанд бие минь жаахан зовсон хэдий ч хүнийг гэх Бурханы хайрын чин сэтгэлийг би мэдэрч чадсан юм. Хүн ямар ч нөхцөл байдалд орлоо гэсэн Бурхан хэзээ ч орхидоггүй, харин түүний байнгын туслахаар ажилладаг. Хүн Бурханд итгэх итгэлээ алдаагүй байгаа цагт Бурханы үйл хэргийг харж чадах нь лавтай.

Би нэг жил гурван сарын турш саатуулагдсаны дараа ХКН-ын засгийн газраас “буруу номын байгууллагаар дамжуулан хууль сахиулах үйл ажиллагаанд саад хийхээр ажилласан” гэх хэргээр яллуулан, гурван жил зургаан сарын хорих ял сонслоо. Ял сонссоныхоо дараа би Мужийн Эмэгтэйчүүдийн Шорон руу ялаа эдлэхээр шилжсэн юм. Шоронд бидэнд бүр ч хүний үнэргүй ханддаг байв. Бид өдөр бүр хар ажил хийх ёстой болдог байсан бөгөөд өдөр тутмын ажлын ачааллын шаардлага нь ямар ч хүний дуусгаж болох үндэслэлтэй хэмжээнээс хол илүү байлаа. Ажлаа дуусгаж чадахгүй бол бидэнд бие махбодын шийтгэл амсуулдаг байв. Хөдөлмөрөөрөө олсон бараг бүх мөнгө маань шоронгийн харгалзагчдын халаас руу ордог байсан юм. Бидэнд амьжиргааны зардал гэх нэрээр сар бүр цөөхөн хэдэн юань л өгдөг байлаа. Тэр шоронгийн ашигладаг албан үг нь хоригдлуудыг хөдөлмөрөөр дамжуулан засан хүмүүжүүлэх явдал байсан ч бодит байдал дээр бид зүгээр л мөнгөний машин, тэдний цалингүй зарц нар байсан юм. Гаднаас нь харахад, хоригдлуудын ялыг хөнгөлөх шоронгийн дүрэм журам маш хүнлэг санагдахаар байв—хоригдлууд тодорхой нөхцөлийг биелүүлснээр ялаа зохих ёсоор хөнгөлүүлэх эрхтэй болж болох байлаа. Гэвч үнэндээ энэ нь ердөө л өнгөлөн далдлалт, гадаад үзэмж төдий байсан билээ. Яг үнэн хэрэгтээ тэдний хүнлэг гэгдэх тогтолцоо нь цаасан дээрх хоосон үгээс цаашгүй байв: Харгалзагчдын биечлэн гаргадаг тушаал л шоронгийн жинхэнэ хууль байлаа. Шорон нь хангалттай хөдөлмөрийн хүчээр хангаж, шоронгийн харгалзагчдын орлогыг бууруулахгүйн тулд жил бүрийн нийт ял хөнгөлөлтийг чанга хянадаг байсан юм. Ял хөнгөлөх гэдэг нь хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахын тулд шоронгийн ашигладаг арга хэрэгсэл байлаа. Шорон дахь хэдэн зуун хоригдол дундаас арав орчим нь л ялаа хөнгөлүүлдэг байсан тул хүмүүс тус жагсаалтад орохын тулд яс арьс болтлоо ажиллацгааж, бие биеийнхээ эсрэг хуйвалддаг байв. Гэвч, эцэст нь ялаа хөнгөлүүлдэг хоригдлуудын ихэнх нь анхнаасаа биеийн хүчний хөдөлмөр хийх шаардлагагүй байсан, цагдаа танил талтай хүмүүс байдаг байсан юм. Хоригдлууд энэ талаарх хорслоо сэтгэлдээ тээж явахаас өөр аргагүй байлаа. Зарим нь эсэргүүцэн амиа хорлосон ч дараа нь шоронгийн зүгээс хохирогчдын ар гэрийнхнийг тайвшруулах түүхийг дураараа зохиодог байсан тул тэдний үхэл бүгд хий дэмий болдог байлаа. Шоронд харгалзагчид бидэнд хэзээ ч хүний ёсоор хандаж байгаагүй; тэдэнтэй ярихыг хүсвэл бид газарт явган сууж, тэдэн рүү өлийж харах ёстой байсан бөгөөд сэтгэлд нь ямар нэг зүйл нийцэхгүй бол тэд биднийг загнаж, бузар хараал зүхлээр доромжилдог байлаа. Урт удаан гурван жил хагасын дараа миний ял эцэст нь дуусгавар болж, гэртээ харих үед маш туниагүй, эцэж туйлдан, бараг танигдахын аргагүй яс арьс болсон байгааг минь хараад гэр бүлийнхэн маань уй гашуугаа нууж чадалгүй, их ч уйлцгаасан даа. Гэвч бидний зүрх сэтгэл Бурханд талархах талархлаар дүүрэн байлаа. Намайг амьд мэнд хэвээр байгаад, мөн газар дээрх тэр тамаас бүрэн бүтэн гаргахын тулд намайг хамгаалсанд нь бид Бурханд талархсан билээ.

Саатуулагдаж байх үед минь хорон муу цагдаа нар хоёр ч удаа ирж, гэр орныг минь улайран онгичиж, нэгжсэн гэдгийг би гэртээ харьсныхаа дараа л олж мэдсэн юм. Бурханд итгэдэг аав ээж хоёр минь гэрээсээ зугтаж, засгийн газарт баригдахаас зайлсхийхийн тулд хоёр жил шахуу хугацааг дүрвэж өнгөрөөжээ. Эцэст нь тэднийг гэртээ эргэн ирэх үед хашааны шарилж байшин шиг өндөр ургаж, дээврийн нэг хэсэг нурж унаад, гэр орон маань тэр чигтээ аймшигтай ундуй сундуй болсон байж. Цагдаа нар бас манай тосгоноор явж, бидний талаар худал үг тараасан байв: Тэд намайг хүнээс ойролцоогоор нэг саяас зуун сая хүртэлх юань залилсан, эцэг эхийг маань дүүг их сургуульд явуулахын тулд хүнээс хэдэн зуун мянган юань залилсан гэж ярьсан байлаа. Энэхүү бүлэг чөтгөрүүд бол салбартаа тэргүүлэх мэргэжлийн дипломтой худалчид байсан юм! Үнэндээ эцэг эх маань гэрээсээ дүрвэсэн учраас дүү минь их сургуулийнхаа төлбөрийг тэтгэлгийн мөнгө болон зээлээр төлж, коллежоо төгсөхөөс өөр аргагүй болсон байлаа. Түүнчлэн дүү минь ажлаар гэрээс хол явах үедээ, эхлээд гэр бүлийнхээ тарьсан тарианы ургацаас зарж, долоогоно жимс түүж зараад замын зардлаа бага багаар цуглуулах ёстой болсон байв. Гэтэл тэр диаволууд мөс чанаргүй аашилж, гэр бүлийг минь зохиомлоор буруутгасан нь өнөөг хүртэл цуу яриа болон ам дамжсаар байгаа юм. Одоо ч тосгоныхон маань намайг ял эдэлсэн улс төрийн гэмт хэрэгтэн, залилан мэхлэгч хэмээн үл тоомсорлосоор байдаг билээ. Би ХКН буюу бүлэг диаволуудыг үнэхээр үзэн яддаг!

Би Бурханыг дагаж өнгөрүүлсэн он жилүүдээ эргээд санахад ХКН-ын засгийн газрын чөтгөрлөг уг чанар болон мөн чанарыг онолын түвшинд илчилдэг Бурханы үгийг л хүлээн зөвшөөрсөн болохоос тэдгээрийг хэзээ ч үнэхээр ойлгоогүй байсан юм. Бага балчраас минь надад эх оронч боловсролын ягшмал зарчмыг суулгасан нь намайг тодорхой нэг байдлаар бодоход сургаж, системтэйгээр мэхэлсэн учраас би Бурханы үгийг хэтрүүлэг гэж ч боддог байсан бөгөөд улс орноо тахин шүтэхээ больж чадахгүй, үргэлж Коммунист Намын зөв, цэрэг арми манай эх орныг хамгаалдаг, цагдаа нар нийгэм дэх ёрын муу этгээдүүдийг шийтгэж, устган, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг гэж боддог байлаа. Тэр чөтгөрүүдийн гарт хавчлага туулснаар л би ХКН-ын засгийн газрын үнэн төрхийг олж харсан; тэд туйлын зальхай, хоёр нүүртэй бөгөөд Хятадын ард түмэн болон дэлхий дахиныг олон жилийн турш худал хуурмагаараа мэхэлж иржээ. Тэгээд итгэл бишрэлийн эрх чөлөө, ардчилсан хууль ёсны эрхийг баримталдаг дүр эсгэдэг ч бодит байдал дээр шашин шүтлэгийг улайран хяхаж хавчдаг. Тэд өөрсдийн дарангуйлал, албадан хяналт, харгислалыг л үнэхээр баримталдаг. ХКН-ын харгис хавчлагын явцад махан бие минь хүнд бэртэж, өвдөж, сул дорой байсан ч Бурханы үг намайг тасралтгүй гэгээрүүлж, итгэл, хүч өгсөөр байсан болохоор би Сатаны заль мэхийг нэвт харж, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадсан юм. Үүний зэрэгцээ Бурханы хайр, сайхан сэтгэлийг гүнээ мэдэрч, Бурханыг дагах итгэл минь батажсан. Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Одоо би чуулганд эргэн ирж, сайн мэдээ түгээснээр үүргээ гүйцэтгэж байгаа. Бурханд талархъя!

Өмнөх: 86. ХКН-ын шорон дахь өдөр хоногууд

Дараах: 88. Шоронгийн зовлон бэрхшээл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Ван Ган, Хятад2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх