89. Тархи угаахын эсрэг тулаан

Жао Лян, Хятад

Би 19 настай байхдаа Бурханд итгэснийхээ төлөө Хятадын Коммунист Намын цагдаа нарт баривчлагдсан юм. Тэд Бурханыг үгүйсгүүлж, ах эгч нараас минь урвуулахын тулд намайг 60 хоногийн эрүү шүүлт, тархи угаалтад оруулсан. Тэрхүү туршлага үнэхээр зүрх сэтгэлд минь хадагдсан бөгөөд би үүнийг хэзээ ч мартахгүй.

Тэр өглөө цуглаанд явах замдаа би, миний очиж явсан газрын ойролцоо гурван машин зогсож байхыг анзаарч, бага зэрэг тавгүйтлээ. Тэнд ихэвчлэн тийм олон машин байдаггүй байв. Би очингуутаа ах эгч нарт энэ тухай хэлсэн бөгөөд бид цуглааны газар маань аюулгүй байхаа больсныг ухаарч, байршлаа солих тухай ярилцаж эхэллээ. Төд удалгүй дөрвөн үл таних хүн хашаанд орж ирэн, Үндэсний Аюулгүй Байдлын Бригадынх гэж хэлээд, байшинд тэсэрч дэлбэрэх бодис нуусан эсэхийг шалгаж явна гэв. Тэд биднийг буйдан дээр хүчээр доош дарж нэгжээд, юу ч олоогүй тул намайг өөр нэг ахтай хамт машиндаа суулгалаа. Тэгээд биднийг цагдаагийн хэлтэст аваачихад цагдаа нар биднийг байшингийн хонгилд, тус тусад нь хорив. Энэхүү гэнэтийн баривчилгаа яг л зүүд шиг санагдсан бөгөөд цагдаа нар надад яаж хандахыг би огт мэдэхгүй байсан юм. Би бага зэрэг айж, Бурханд тасралтгүй залбиран, надад итгэл өгөөч гэж гуйж байлаа. Тэгээд байнга дуулдаг байсан Бурханы үгийн магтан дууны хэдэн мөрийг бодсон юм: “Төгс Хүчитийн ер бусын, агуу байдал.” “Энэ ертөнцийн бүх зүйл Төгс Хүчитийн бодлын дагуу, Түүний нүдэн дор хурдан өөрчлөгддөг. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэтхэн ирж байхад хүн төрөлхтний эртнээс эзэмшсэн зүйлс мэдэгдэлгүйгээр алга болдог. Төгс Хүчитийн хаана байдгийг хэн ч ухан ойлгож чаддаггүй, Төгс Хүчитийн амийн хүчний ер бусын, агуу байдлыг мэдэрч бүр ч чаддаггүй(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Би Бурханд ингэж залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь, би Танд талархаж, Таныг магтъя! Та орчлон ертөнц дээрх бүх зүйлийг захирдаг, миний хувь заяа Таны гарт байдаг. Өнөөдөр намайг баривчлахыг цагдаа нарт Та зөвшөөрсөн. Тэд намайг яаж ч эрүүдэн шүүсэн бай, намайг хэчнээн ч их зовоосон ч бай, би хэзээ ч Танаас урвахгүй, Иудас болохгүй байж гэрчлэлд зогсохыг хүсэж байна.”

16 цаг өнгөрөхөд цагдаа нар намайг хашаанд нь зочид буудал шиг харагдах дөрвөн давхар барилга эгнэсэн буйдхан цогцолборт аваачлаа. Цагдаа нар баривчлагдсан хүмүүсийг нууцаар байцааж, эрүүдэн шүүхдээ зочид буудал руу илгээдэг гэж олон ах эгч хэлдэг байсан юм. Тэд намайг ч бас эрүүдэн шүүх гэж байгаа юм болов уу гэж би өөрийн эрхгүй гайхширч байв. Тэр нь нэлээд эзгүй газар байлаа. Тэд намайг хөнөөх боломжтой ба хэн ч үүнийг мэдэхгүй. Энэ тухай бодоод би улам их айж, чимээгүйхнээр Бурханыг ахин дахин дуудаж байлаа. Тэд намайг дөрвөн давхрын нэг өрөөнд аваачсан бөгөөд Эрүүгийн Цагдаагийн Бригадын дарга нь эелдэг царайлан “Чиний нэр хэн бэ? Хаана амьдардаг вэ?” гэж асуусан юм. Би түүнээс “Яагаад намайг баривчилж байгаа юм бэ? Яагаад намайг энд авчирсан юм бэ?” гэхэд тэрээр “Энэ бол итгэгчдийг тусгайлан сурган хүмүүжүүлж, өөрчлөх хууль эрхзүйн боловсрол олгох сургалт. Бид чиний тухай бүхнийг мэдэж байгаа болохоор чамайг баривчилсан. Эс бөгөөс, өөр хэн нэгнийг барих байсан. Төгс Хүчит Бурханы Чуулган бол үндэсний гол бай, үүнийг устгах ёстой. Төгс Хүчит Бурханд итгэгчид баривчлагдах нь гарцаагүй” гэв. “Итгэл үнэмшлийн эрх чөлөө үндсэн хуулинд байдаг биз дээ?” гэж намайг асуухад тэрээр мушилзан, “Итгэл үнэмшлийн эрх чөлөө юу? Энэ нь өөрийн гэсэн хязгаартай. Бидний дэмжлэгийг авахын тулд Бурханд итгэхдээ чи Намыг сонсож, дүрэм журмыг нь дагах ёстой. Төгс Хүчит Бурханд итгэснээр чи Намын эсрэг зогсож байна. Бид яаж чамайг баривчлахгүй байх билээ?” гэж хэлэв. Би хариуд нь: “Бид зүгээр л Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханыг гэрчлэхийн тулд сайн мэдээ хуваалцдаг. Бид улс төрд хэзээ ч оролцдоггүй. Та нар яахаараа биднийг Намын эсрэг тэмцдэг гэж хэлж чадаж байна аа? Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй боловч улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байдаггүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг өөд нь татах ба эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Бурханы үг маш тодорхой байна. Тэрээр орчлон ертөнцийг захирч, бүх үндэстэн, ард түмний хувь заяаг гартаа атгадаг, гэхдээ Бурхан улс төрд оролцдоггүй. Бие махбодтой болсон Бурхан голчлон үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхийн тулд эцсийн өдрүүдэд газар дэлхий дээр ирсэн, ингэснээр хүмүүс үнэнийг ойлгож, завхарсан сатанлаг зан чанараасаа ангижирч, аврагдаж чадна” гэж хэллээ. Намайг ярьж дуусахаас өмнө цагдаа тэсгэл алдан үгийг минь таслаад, Төгс Хүчит Бурханы Чуулганыг доромжилсон элдэв янзын зүйл хэлж, итгэлээ орхихыг надад зөвлөсөн юм. Түүнийг юу ч гэж хэлсэн бай, би Бурханы өмнө тайван байж, Сатаны ов мэхнээс намайг хамгаалахыг Түүнээс гуйлаа.

Гурав дахь өдөр нь үд дундын үед тэд намайг уулзалтын өрөөнд буцаан дуудав. Нэг цагдаа өөрийгөө танилцуулж, Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын ахмад, бас сурган хүмүүжүүлж, өөрчлөх чиглэлээр ажилладаг гэж хэллээ. Тэрээр миний нэр, амьдардаг газар, чуулганы мэдээллийг асуув. Би ярихаас татгалзсан тул тэрээр зүүн гарыг минь сунгуулж, алгыг минь дээш харуулан ширээн дээр тавиулаад дараа нь тамхи татангаа үнсийг нь гар дээр сэгсэрч унаган, “Өнөөдрийн технологи ашиглаад бид чамайг ярьсан ч, яриагүй ч олж мэдэх л болно гэдгийг чи мэдэх ёстой. Чи мулгуу юм уу? Би чамд боломж өгч байна. Миний тамхины үзүүр Фаренгейтийн 800 градус орчим байгаа. Ямархуу санагдахыг нь үзмээр байна уу?” гээд тамхиа хоёр удаа хүчтэй сорж, дараа нь тамхиныхаа улайссан үзүүрээр алгыг минь түлэв. Өвдсөндөө гараа угз татахад минь өөр нэг цагдаа гарыг минь хүчлэн барилаа. Тамхины үзүүрийг ахин дахин хүргэхэд миний гарын алга түлэгдэж, ихэд өвдөн, духнаас минь хөлс урсаж, бага зэрэг сул дорой санагдаад би өөрийнхөө нэрийг хэлэв. Тэр үед тэд намайг тамлахаа больсон боловч Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, доромжилсон видео үзүүлж, хов жив уншуулсан юм.

Тав дахь өдрийн үд дунд тэд надад Шаньдуны Жаоюанийн хэргийн тухай мэдээ үзүүлээд, юу бодож байгааг минь асуулаа. “Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүс биш. Манай Чуулганы нэг ч хүн иймэрхүү зүйл хийхгүй. Сайн мэдээ хуваалцах зарчим гэж бидэнд байдаг. Ёрын муу хүмүүс биш, харин Бурхан байгаа гэдэгт итгэдэг сайхан сэтгэлтэй хүмүүст л бид үүнийг номлодог. Жан Лидон мэтийн муухай хүмүүс сайн мэдээ номлох стандартад маань өчүүхэн төдий ч нийцэхгүй. Бурхан тэднийг итгэгч гэж үздэггүй, Чуулган тэднийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж би хэллээ. Итгэл минь ганхаагүйг хараад тэрээр: “Бид бүх удирдагчийг чинь баривчилсан, тэднийг байцаагаад бүхнийг олж мэднэ. Бид чамтай цагаа дэмий үрэх шаардлагагүй. Хэчнээн залуу болохыг чинь хараад бид чамайг аврахыг хүссэн юм” гэж хэлэв. “Бүгд худал үг. Тэд зүгээр л намайг Бурханаас урвуулахаар оролдож байна. Тэд юу ч хэллээ гэсэн, би ах эгч нараа хэзээ ч худалдахгүй. Бурханаас хэзээ ч урвахгүй!” гэж би бодлоо. Тэр оройн 7 цагаас хойш тархи угаах ангийн сэтгэл судлаач надаар хичээлийн тухай эргэцүүлэл бичүүлэхэд би: “Жаоюанийн хэргийг Төгс Хүчит Бурханд итгэгч үйлдээгүй. Үүнийг ёрын муу чөтгөр хийсэн ба хийсэн зүйлийнх нь төлөө Бурхан түүнийг шийтгэнэ” гэж бичив.

Оройн есөн цаг өнгөрсний дараахан Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын ахмад орж ирсэн ба миний бичсэн зүйлд үнэхээр дургүйцжээ. Тэрээр над дээр ирж, нэг гараараа намайг сандлаас өргөж босгоод, нөгөө гараараа ахин дахин цохиж, дараа нь намайг өшиглөөд шалан дээр унагаав. Тэгснээ намайг чирэн орон дээр гаргаад, цохиж эхэллээ. Хэдэн удаа цохисныхоо дараа тэрээр модон өлгүүр авч, үүгээрээ толгой түрүүгүй цохин, чуулганы тухай мэдээлэл өгөхийг шаардсан юм. Би дуугүй байсаар л байв. Үүнд уурласандаа тэрээр бүх хувцсаа тайлахыг тушаалаа. Тэгж их улангассан байхыг нь хараад би айж, дотроо Бурханд тасралтгүй залбирч, надад итгэл, хүч чадал өгөөч гэж гуйж байв. Цагдаа намайг угз татан, хүчээр хувцсыг минь тайлж, өлгүүрээр дахиад хэдэн удаа цохисноо хоёр зааварлагчаар намайг орон дээр доош дарууллаа. Зааварлагчид цагдаа нарт хөлсөөр ажилладаг, гэхдээ мөс чанартай бол өсвөр насны хүүхдийг тамлахад цагдаа нартай хамтрахгүй гэж би бодож байсан ч буруу бодсон байлаа. Тэд намайг доош чанга дарж, огт хөдөлгөөнгүй болголоо. Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын тэр ахмад галзуу солиотой мэт, тамхиараа миний хөхний толгойг түлж, яах ийхийн зуур шарж орхиод, агаарыг түлэгдсэн махны үнэрээр дүүргэв. Өвдсөндөө хүйтэн хөлс минь асгарч, хөлөөрөө тэлчилж тийчилсээр байлаа. Дараа нь тэрээр “Чи ярих уу, үгүй юу?” хэмээн хашхирах зуураа бэлэг эрхтнийг минь түлж эхлэв. Өвдсөндөө чангаар орилон уйлж байхад “Бурханаас урваж болохгүй” гэсэн ганц бодол л бодогдож байсан юм. Би зүрх сэтгэлдээ Бурханд зогсолтгүй залбирч, ёрын муу цагдаагийн эрүү шүүлтийг давж гарах хүч чадал, итгэл өгөөч гэж Бурханаас гуйж байлаа.

Би юу ч хэлээгүй тул ахмад харгис байдлаар: “Чамд илүү хатуу хандахгүй л бол болохгүй юм шив дээ” гэж хэлэв. Тэгээд эргэж хараад, халуун сав авч, над дээр нэг аяга буцалсан ус асгахад би өвдсөндөө хашхирлаа. Түүнийг “Чи ярих уу?” гэж хүйтнээр асуухад нь “Би юу ч мэдэхгүй” гэж би аймшиггүйгээр хариулсан юм. Үүнийг сонсоод уурлаж хилэгнэсэндээ тэрээр гэдсэн дээр минь дахиад хоёр аяга буцалсан ус асгалаа. Өмнөх шигээ их өвдөхгүй байгааг минь хараад тэр гэдсэнд минь гараа хүргэн, ус халуун биш байна гэж бархираад эргэж харан, савтай усыг буцалгахыг тушаалаа. Тэгснээ нүүрэндээ муухай инээмсэглэл тодруулан, “Хормын дараа буцалж буй халуун ус бие дээр чинь асгарахын амтыг чи мэдэрнэ дээ” гэв. Үүнийг сонсоод би өөрийн эрхгүй айсан бөгөөд өмнө нь асгасан халуун ус тэрнээс арай хүйтэн байсан тухай бодлоо. Хэрвээ над дээр үнэхээр буцалж буй халуун ус асгавал тэвчиж чадах болов уу? Айж түгшсэндээ би чимээгүйхэн Бурханд залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь, надад итгэл, хүч чадал өгөөч. Би гэрчлэлд зогсон, Танаас урвахгүй, ах эгч нарыг худалдахгүй байхыг хүсэж байна.” Залбирсны дараа Бурханы энэ үг бодогдлоо: “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 6-р бүлэг). Би Бурханы үгийг тунгаан бодоод, аймхай хулчгар бодол төрөх нь Сатаны заль мэхэнд автаж байгаа хэрэг гэдгийг ухаарч, Бурханд үнэхээр итгэдэггүй гэдгээ харсан юм. Гэрчлэлд зогсохын тулд би амиараа дэнчин тавьж, хором бүрд Бурханд найдах ёстой байлаа. Намайг хүлээж буй эрүүл шүүлттэй нүүр тулахад шаардлагатай итгэлийг энэхүү ойлголт надад өгсөн билээ.

Яг тэр үед тэрээр тамхи асааж, удаан гэгч нь хоёр сороод, миний өмнө зогсож, хорлонтойгоор инээмсэглэн, “Хүлээж бай, ус бараг бэлэн боллоо!” гэв. Ингэж хэлэнгээ тэрээр тамхиныхаа үзүүрийг миний цээжин дээр, усанд түлсэн яг тэр хэсэгт тавьсан юм. Би өвдөлтөөс зайлсхийхээр оролдсоор байв. Долоо юм уу найман минутын дараа ус буцаллаа. Ус пор пор хийн, данхнаас уур гарч байхыг хараад толгой өвдөж эхэлсэн ба дотор зарсхийн, хамаг биеийн үс босов. Цагдаа данхыг бариад, тагийг нь онгойлгож, надад ойртон ирэхэд халуу оргих нь надад мэдрэгдэж байлаа. Тэгээд тэрээр халуун устай данхыг гэдсэнд минь наасан юм. Төөнөж түлэх өвдөлтийг мэдрээд би зөнгөөрөө ориллоо. Цагдаа тэр боломжийг ашиглан, үнэнээ хэлэх эсэхийг минь дахиад асуусан бөгөөд юм хэлэхгүй байгааг минь хараад аяга авч, усаар дүүргэн, цээжин дээр цацсан юм. Маш их өвдсөн болохоор би үсэрч цовхчиж байсан бөгөөд тэрээр данхыг хоосрох хүртэл над руу халуун ус цацсаар байв. Би чичрэхээ больж чадахгүй, биеийн минь урд хэсэг түлэгдсэнээс болоод бүхэлдээ цэврүүтсэн байлаа. Хамгийн том цэврүү нь өндөгний хэмжээтэй байсан юм. Зааварлагч нар харж тэвчилгүй, явахыг хүссэн тул ахмад шууд хаалга руу очин, хаалгыг түгжээд, “Битгий яв, энд үлдээд харж бай. Түүнд үзүүлээд өгөхийг минь хар” гэж бархирлаа. Дараа нь тэр тэдэнд дахиад ус буцалга гэж хэлсэн юм. Үүнийг сонсоод би нулимсаа барьж чадалгүй, “Дахиад түлэх нь, эхний савтай ус намайг ийм байдалтай болгож орхисон байхад нэмээд түлэгдвэл яах билээ? Би хүчтэй байж чадна гэж үү?” хэмээн бодлоо. Би Бурханыг тасралтгүй дуудан, Түүнээс итгэл, хүч чадал гуйсаар байв. Тэгтэл Бурханы эдгээр үг санаанд орлоо: “Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 75-р бүлэг). Цагдаа нар намайг тамлаж байсан нь Бурханы зөвшөөрлөөр тохиолдож байлаа. Бурхан миний итгэлийг төгс болгохыг хүссэн байв. Цагдаа нар хэчнээн ёрын муу, хэчнээн харгис хэрцгий байх нь хамаагүй, энэ нь мөн л Бурханы гарт байлаа. Бурханд залбирч, Бурханд найдаж байгаа цагт Сатаны эрүү шүүлтийг ялан дийлэхэд Бурхан намайг залж чиглүүлнэ гэдгийг би мэдэж байв. Тэгээд би айхаа больж, эрүү шүүлттэй нүүр тулсаар байх итгэлтэй болсон юм.

Төд удалгүй, хоёр дахь савтай ус буцаллаа. Ахмад данхтай усыг барин, аягыг халуун усаар дүүргээд, миний өмнө авчирч, бэлэг эрхтэн рүү минь үүнийгээ цацаж эхлэв. Би өвдсөндөө хашхиран орилж, өөрийн эрхгүй ухарлаа. Тэрээр хэдэн алхам урагшилж, намайг байцаасаар байсан боловч би хариулахаас татгалзсаар байв. Ахмад халуун усаар дүүргэсэн аягыг бэлэг эрхтний минь доор бариад, “Чи ярих уу, үгүй юу?” гэж асуухад би нэг ч үг хэлсэнгүй. Тэрээр аягыг шууд дээш өргөхөд эрхтэн минь тэр чигтээ дотор нь орлоо. Өвдөлтөөс болоод би хашхирч, зөнгөөрөө ухарч, дагжин чичирч, цаашид үнэхээр тэвчиж чадахаа больж, тасралтгүй залбиран, хүч чадал өгч, намайг Бурханаас урвуулахгүй байлгаач хэмээн Бурханаас гуйсаар байсан юм. Тэгтэл Эзэн Есүсийн хэлсэн зүйл бодогдлоо: “Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно(Матай 16:25). Би бие махбодын зовлонгоос зайлсхийхийн тулд бусдыг худалдаж, Бурханаас урвах юм бол Бурханы зан чанарт халдана гэдгээ мэдэж байсан юм. Би там руу явж, тэндээ үүрд мөнх зовох болно. Үүнийг ойлгоод би, хэчнээн их зовсон ч бай хамаагүй, шүд зуун, Бурханаас хэзээ ч урвахгүй гэж шийдсэн билээ. Тэр ёрын муу цагдаа миний эрхтэн дээр дахиад хоёр аяга халуун ус асгаж, намайг байцаасаар байв. Би доошоо хараад, бэлэг эрхтний минь гадна талын арьс түлэгдсэнийг харсан бөгөөд хоёр зааварлагч намайг харж тэвчихгүй байлаа. Арга ядсандаа тэд: “Хүү минь, зүгээр л хэлчих. Ингэж зовох ямар хэрэгтэй юм бэ?” гэсэн юм. Би дуугарсангүй. Яг тэр үед цагдаагийн туслах алхан орж ирж, намайг хармагцаа хэсэг зуур алмайрч, толгойгоо хажуу тийш эргүүлэн над дээр алхан ирээд, “Зүгээр л үнэнээ хэлчих. Бид олонхыг чинь барьчихсан. Чи хэлэхгүй байлаа ч гэсэн өөр хэн нэгэн хэлнэ. Бид чамд боломж олгож байна” гэлээ. Би толгойгоо унжуулан, юу ч хэлсэнгүй. Дуугүй байгааг минь хараад цагдаа уурсан хашхирч, “Та нар холдож бай. Хэр удаан тэсэхийг нь харъя л даа!” гэлээ. Тэгээд тэрээр аяганд халуун ус хийж, цээжин дээр минь дахин цацахад би орилж, амь тэмцэн үсэрсэн юм. Над руу халуун ус цацахад миний бие дээрх цэврүүнүүд хагарч, арьс нь наалдаж байлаа. Төд удалгүй шинэ цэврүүнүүд үүсэж, тэсэхүйеэ бэрх өвдөн, би бага зэрэг сул дорой болж эхэлсэн юм. “Тэд олон ах эгчийг баривчилсан. Би ярихгүй байсан ч гэсэн, магадгүй өөр хэн нэгэн ярина. Би яагаад энэ бүхнийг туулах ёстой юм бэ? Тэдэнд зүгээр л хэдэн юм хэлчихье, тэгвэл ингэж зовох хэрэггүй болно” гэж бодлоо. Тэр цагдаа болих бодолгүй байгааг би харсан бөгөөд дараагийн эрүү шүүлтийг тэвчиж чадах эсэхээ огт мэдэхгүй байв. Гэвч ярих юм бол би Иудас болно. Яг тэр үед Бурханы эдгээр үг бодогдсон юм: “Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурхан найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалдсан хүмүүстэй харилцахыг хүсдэггүй. Хэрвээ би ярих юм бол Бурханаас урвасан хэрэг болох бус уу? Би юу ч хэлж болохгүй. Яасан ч болохгүй. Тэгээд би дотроо ийнхүү залбирлаа: “Бурхан минь, намайг гэгээрүүлж, ах эгч нараа худалдахыг минь болиулсанд тань баярлалаа. Би хэчнээн их зовсон ч бай, хэзээ ч Иудас болохгүй.”

Дуугүй байхыг минь хараад Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын ахмад тамхиа асааж, хорон муухай инээмсэглэн, “Яараад яах вэ дээ. Бидэнд өчнөөн их цаг байна” гэж хэлэх зуураа хамар луу минь утаагаа үлээж байв. Үүнийхээ дараа аяга аван, толгой дээр минь халуун ус асгалаа. Би зөн совингоороо холдож, ус баруун чихийг минь даган, нуруу руу урсав. Би өвдсөндөө хашхирч, нуруу минь шатаж байх шиг санагдлаа. Тэрээр миний гэдэс рүү дахиад хэдэн аяга ус асгаж, гуя руу ус цацсан бөгөөд ус цацсан газар нь тэр даруй цэврүүтсэн юм. Тэгээд данх хоосроход тэрээр зааварлагчдаар дахиад ус буцалгуулж, гурав дахь савтай ус хэдхэн минутын дараа буцаллаа. Данхнаас уур савсаж байхыг хараад би чичрэхээ больж ер чадсангүй. Тэрээр маасайн инээж, данхыг аван, “Гайхалтай!” гэж хэлээд, данхаа дахин миний биед тулган, “Чи ярих уу, үгүй юу?” хэмээн заналхийлэв. Би хариулаагүй тул тэрээр аягатай халуун усыг ар араас нь над дээр асгаж, миний бие асар их өвдөж байлаа. Тэрээр болих бодолгүй байгааг би харсан бөгөөд хэр удаан тэвчиж чадахаа мэдэхгүй байсан юм. Маш их өвдсөндөө зүгээр л үхэхийг хүсэж байв, ингэвэл тэгж зовоод байх хэрэггүй болно, бас махан биеийн сул дорой байдлаасаа болоод хэнийг ч худалдахгүй. Би өөрийгөө хөнөөж болох хатуу зүйл олохоор өрөөг тойруулан харсан боловч тэнд нэг ширээ л байсан бөгөөд хана нь модоор хийгдсэн байлаа. Толгойгоо нэг цохиход л үхнэ гэж би бодохгүй байв, тэгвэл дараа нь илүү их эрүү шүүлтийг тэсвэрлэх хэрэгтэй болно. Би одоохондоо за гээд хэлчихье, тэгвэл бусад хүмүүсийн гэрийг таниулахын тулд тэд намайг аваад явна, гадаа гараад би машинаас үсрээд үхэж болох юм гэж бодлоо. Яг ингэж бодож байхад цагдаа надаас ярих эсэхийг минь асуусаар байсан бөгөөд би толгой дохив. Хүмүүсийн гэрийг таниулахаар тэд намайг даруйхан аваад явна гэж би бодсон боловч гайхмаар нь, тэр надаас чуулганы тухай хэлэхийг шаардлаа. Доод давхраас арав гаруй цагдаа хүрч ирсэн бөгөөд яг тэр үед би бага зэрэг хулчийсан юм. Би зүгээр л толгой дохисон болохоор хэрвээ юу ч хэлэхгүй бол тэд илүү харгис эрүү шүүлт ашиглах болов уу? Тэгээд би зүгээр л чуулганы нэрийг, барагцаалсан байршилтай нь хэлье гэж бодлоо. Гайхмаар нь, тэд гар бариад бугуй барьж байв. Тэрээр чуулганы тухай илүү олон асуулт чулуудаж, Сатанд тэр мэдээллийг өгсөндөө би үнэхээр харамссан юм. Хэрвээ энэ хэвээр үргэлжлүүлбэл би Иудас болох бус уу? Түүнийг бусад зүйлийн тухай асуухад нь би мэдэхгүй гэж хэллээ. Надаас олигтой юм мэдэж авч чадаагүй тул тэрээр намайг өрөө рүү минь буцаасан юм. Өрөөндөө очоод би дотроо: “Би яагаад үхэхээр оролдоод байгаа юм бэ? Бурхан намайг үхүүлэхийг хүсдэг гэж үү? Энэ чинь сул доройн тэмдэг биш үү?” гэж бодлоо. Дараа нь би Бурханы үгийн нэг магтан дууг санасан юм: “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай.” “Өнөөдөр ихэнх хүмүүс зовлон үнэ цэнгүй, өөрсдөө итгэлээсээ болоод дарлуулдаг, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж боддог. Зарим хүний зовлон тодорхой нэг цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ нь яаж Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг харуулах юм бэ? Тийм хүмүүс үнэ цэнгүй, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс!… Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Бурханы үгийг тунгаан бодоод би хэчнээн хулчгар, сул дорой, чадваргүй байснаа харсан юм. Махан биеийн сул дорой байдлаас болоод, зовлонгоос айсандаа би үхэхийг хүссэн. Тэгэх нь Бурханыг алдаршуулж чадахгүй. Тэр нь жинхэнэ гэрчлэл биш. Баривчлагдахаасаа өмнө би, хэзээ нэгэн цагт Хятадын Коммунист Намд баривчлагдаж, хавчигдах юм бол бусад ах эгч нарын адил гэрчлэлд зогсохыг хүсэж байна, хэзээ ч Бурханаас урвахгүй, Иудас болохгүй гэж Бурханы өмнө андгайлсан. Гэвч надад ямар нэг зүйл тохиолдох үед, цагдаа нарын эрүү шүүлтийн өмнө би тэр нөхцөл байдлаас яаж зугтаж болох тухай л бодсон. Гэрчлэлд зогсож, Бурханыг сэтгэл хангалуун байлгах тухай бодоогүй. Надад ямар ч жинхэнэ итгэл, Бурханд дуулгавартай байдал байхгүй гэдгийг би ухаарсан юм. Цагдаа нар Бурханаас урвуулж, гэрчлэлийг минь алдуулахын тулд намайг тамлаж байж. Хэрвээ би үхлээр дамжуулан үүнээс зугтсан бол Сатаны доог тохуу болох бус уу? Ингэж бодоод би сул дорой байсандаа харамсав. Би яаж ам нээж чадав аа? Бурхан надад гэрчлэлд зогсох боломж олгосон боловч би үүнийг ашигласангүй. Тэр нь Бурханы хувьд гомдмоор, ой гутам байжээ. Тэгээд хэрвээ тэд надаар хүмүүсийн гэрийг таниулахыг хүсэх юм бол явахгүй, намайг яаж ч тамласан бай, Бурханд найдаж, гэрлэлд зогсоно гэж би шийдсэн юм!

Маргааш өглөө нь 6 цаг 30 минутад хотын гаж урсгалтай тэмцэх газрын дарга хэчнээн хүнд гэмтсэнийг минь хараад, хариуцлага хүлээхгүйн тулд намайг хүнээр эмнэлэг рүү хүргүүлэв. Эмнэлэг явах замд тэр хүн надад: “Эмнэлэгт очоод юу ч битгий хэл, аль эсвэл чи үр дагаврыг нь хариуцна шүү!” хэмээн зэвүүнээр анхааруулсан юм. Үүнийг сонсоод уур маш их хүрэв. Ингэж их гэмтээснийхээ дараа ч надаар үнэнийг хэлүүлэхгүй, намайг сүрдүүлж байгаа нь ёрын муу, жигшүүртэй байв! Эмч надаас юунаас болоод ингэж түлэгдсэнийг асуусан бөгөөд намайг үнэнээ хэлсэн ч гэсэн эмч юу ч хийж чадахгүй гэдгийг би мэдэж байсан тул халуун сав хагараад түлэгдсэн гэж хэллээ. Үүнд итгээгүй эмч: “Хагарсан халуун сав ингэж түллээ гэж үү?” хэмээн асуусан юм. Цагдаа эмчийг тэр даруй хажуу тийш татан, хэдэн юм шивнэсний дараа эмч шархыг минь боож эхлэн, намайг эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй гэж хэллээ. Цагдаа энэ бол онцгой нөхцөл, эмнэлэгт хэвтэж болохгүй гээд, бүрэн хариуцлага хүлээхийг зөвшөөрсөн маягтад надаар гарын үсэг зуруулав. Дараа нь тэр намайг тархи угаах төв рүү шууд буцаан авчирлаа. Миний гэмтэл хичээлд суухааргүй хэтэрхий ноцтой байсан боловч цагдаа нарт энэ нь таалагдаагүй тул өдөр бүр намайг цагдаж, тархи угаах хоёр хүнийг илгээдэг байв. Тэд итгэлийг минь орхиулахын тулд хатуу, зөөлөн аргын аль алийг оролдож үзэж байлаа.

Арван долоо хоногийн дараа шархыг минь эдгээгүй байхад тэд намайг хичээлд буцаан суулгасан юм. Тэнд нөхөрсөг дүр үзүүлсэн их сургуулийн профессор, сэтгэл судлаач хоёр сайхан зүйл хэлэн, надад ойртож, намайг яриулахаар оролдож байв. Би Бурханыг ахин дахин дуудаж, Сатаны заль мэхнээс намайг хамгаалаач гэж гуйж байлаа. Би тэдэнд Бурханыг гэрчилсэн юм. Арганд нь орохгүй байгааг минь хараад тэд уурлалаа. Дараагийн хэдэн өдөр нь тэд өөрсдийн бичсэн, манай чуулганыг доромжилсон ном уншуулж, доромжилсон хэдэн видео үзүүлэв. Тэдний оргүй хоосноос зохиосон худал хуурмаг намайг эгдүүцүүлж, дотор муухай оргиулаад, тэдний хэлсэн ганц ч зүйлийг би сонсоогүй.

Нэгэн өглөө дивизийн дарга хэдэн зааварлагчийн хамтаар миний амьдардаг байранд дайран орж ирлээ. Үүнийг хараад бага зэрэг айсан тул би чимээгүйхэн залбирч, аймшигтай муухай тэр цагдаа нартай нүүр тулж чадах мэргэн ухааныг надад өгөөч гэж Бурханаас гуйв. Дивизийн дарга заналхийлсэн байдлаар “Бид өчигдөр Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг Зуун Өдрийн Тулааныхаа талаар уулзалт хийсэн. Ял хатуу байх болно. Чам шиг залуухан, ганц бие хүмүүсийн хувьд бүр ч дор байна. Ялангуяа чам мэтийн хөдөлж өгдөггүй хүмүүс шууд л гал нээх баг руу явна. Тэд толгойг чинь зад буудаж, тархийг чинь дэлбэлнэ” гэж хэллээ. Түүнийг ингэж хэлэх үед би бага зэрэг цочирдсон боловч дараа нь Эзэн Есүсийн үгийг бодов: “Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно(Матай 16:25). Бурханы төлөө амиа зориулах нь нэр төрийн хэрэг бөгөөд Бурхан үүнийг дурсан тэмдэглэнэ гэдгийг би мэдэж байв. Харин үхлээс айсандаа Бурханаас урвах нь Түүний зан чанарт халдаж, зэвүүцлийг нь төрүүлнэ. Миний бие амьдарсаар байсан ч гэсэн Бурханы нүдээр бол би үхдэл болж, Бурхан миний сүнсийг таягдан хаяад, би тамд шийтгүүлнэ. Эрин үеүдийн туршид тоо томшгүй олон итгэгч хяхан хавчигдаж, амиа золиосолсон. Тэд бүгд Бурханы төлөө гэрчлэлд зогссон. Амиа золиослох нь Бурхан намайг өргөж буй хэрэг. Би үхэх байсан ч гэсэн Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, гэрчлэлд зогсоход бэлэн байв. Намайг чимээгүй байх үед цагдаа: “Чи гэртээ харимаар байна уу, шоронд ормоор байна уу?” хэмээн сүрдүүллээ. Би гэртээ харихыг маш их хүсэж байсан боловч тэрний төлөөс нь гэмшлийн захианд гарын үсэг зурж, чуулганаас холбоо таслах явдал гэдгийг мэдэж байсан тул маш шийдэмгийгээр “Шорон!” гэж хэлэв. Уурласандаа түүний нүд нь бүлтийж, намайг хуруугаараа чичлэн, “Чи үнэхээр зовоогүй юм байна л даа!” гэж хэлээд уурсан гарч одлоо.

Үүний дараа тэрээр миний тархийг угаах нэг пастор олжээ. Пастор орж ирмэгцээ: “Хүү минь, чи одоо ч залуу байна. Намайг сонс, чи буруу замаар явж байна” гэж хэлээд, Библиэс Матай 24:23–24–г гарган, “Чи Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэж хэлдэг, гэхдээ Библид юу гэж хэлснийг хар: ‘Тэр үед хэн нэгэн хүн та нарт, “Хараач, Христ энд байна”; эсвэл “Христ тэнд байна” гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно.’ Эзэн ирсэн гэж хэлдэг хэн ч бай буруу. Чи үүнийг дагаж болохгүй” гэхэд нь би Библийг аваад, “Эцсийн өдрүүдэд эргэн ирэх үед нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдэг, гайхамшиг үзүүлнэ гэж Эзэн Есүс бидэнд анхааруулж байсан. Тэр бидэнд сэрэмжтэй бай гэж хэлсэн. Хэрвээ та Эзэний ирэлтийн тухай бүх мэдээ худал гэж хэлбэл, Эзэний Өөрийнх нь эргэн ирэлтийн баримтыг үгүйсгэж байгаа юм биш үү? Хуурамч Христүүд үнэнийг эзэмшдэггүй. Тэд зүгээр л тэмдэг, гайхамшгаар хүмүүсийг мэхэлдэг. Төгс Хүчит Бурхан тийм юм үзүүлдэггүй. Тэрээр хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахын тулд зүгээр л үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийдэг. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, нэгэн жинхэнэ Бурхан мөн” гэж хариуллаа. Арганд нь ороогүйг хараад пастор элдэв янзын доромжилсон зүйл хэлэхэд би ууртайгаар “Ариун Сүнсийг доромжилбол энэ амьдралд ч, ирэх амьдралд ч уучлагдахгүй” гэж хариулсан юм. Ингэж хэлэхийг минь сонсоод тэрээр: “Чи үнэхээр гөжүүд хүүхэд юм. Сэхээрч үз, хүү минь. Зүгээр л тэдний хүссэн болгоныг хэлээд, буруугаа хүлээ. Үнэхээр хоригдох юм бол чи харамсана даа!” гэхэд “Би харамсахгүй ээ, харин үнэн замыг эрж хайхыг танд хатуу зөвлөе. Бурханыг эсэргүүцэхээ боль. Аймшигтай нүгэл үйлдэх юм бол хэтэрхий оройтсон байх болно шүү” гэж би хариулсан юм. Тэрээр галзууртлаа уурлаж, “Чи засаршгүй, хэтэрхий зөрүүд юм” гэж хэлээд аргаа барсан байдалтай босоод, явж одов.

Хэд хоногийн дараа Эрүүгийн Цагдаагийн Бригадын дарга намайг албадан, Бурханыг үгүйсгэж, доромжилсон зүйлсийг давтан хэлүүлэхээр оролдсон бөгөөд намайг татгалзахад түрэмгий байдлаар: “Чи залхаан цээрлүүлэлтээс айгаад байгаа юм уу? Бурхан байхгүй юм чинь тийм зүйл хаанаас ирэх юм бэ? Итгэлээ орхисон хүмүүс зүгээр л байгаа биз дээ?” гэлээ. “Одоохондоо үхэхгүй байна гэдэг нь сайн үр дүн гэсэн үг биш. Бурхан хүмүүсийг тэр дор нь шийтгэдэггүй юм” гэж хэлэхэд минь тэр намайг уурлан барьж аваад, хэд хэдэн удаа алгадсан боловч би мөн л нэг ч үг хэлээгүй ба Эзэн Есүсийн хэлсэн зүйлийг бодож байлаа: “Хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй(Матай 12:31). Эдгээр үгийн хүчээр би огт ганхаагүй бөгөөд юу ч хэлэлгүй хоёр цаг өнгөрлөө. Уурлаж хилэгнэсэндээ тэр намайг үснээс минь зулгаан дотуур байр луу чирч, “Ярих хүртэл нь хоол битгий өг” гэж хорлонтойгоор хэлэв. Би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсан бөгөөд Эзэн Есүсийн эдгээр үг санаанд орлоо: “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг(Матай 4:4). Бурханы үг бол бидний амийн хангалт. Хоолгүй байсан ч гэсэн Бурхан л зөвшөөрөөгүй бол би үхэхгүй. Гайхмаар нь, цэвэрлэгээ хийдэг эмэгтэй тэр шөнө надад нэг мантуу сэмхэн өгсөн юм. Хүмүүсийн зүрх сэтгэл, сүнс Бурханы гарт байдаг гэдгийг би үнэхээр мэдэрсэн. Үүний дараа цагдаа нар надаар ажлын өрөөгөө өдөр бүр цэвэрлүүлсэн бөгөөд ширээн дээр нь “Үг нь махбодоор илэрсэн” номын нэг хувь байж таарсан юм. Би өдөр тутмын цэвэрлэгээ хийх зуураа үүнийг сэмхэн шагайн харж, Бурханы үг надад итгэл, хүч чадал өглөө. Цагдаа нар намайг бурхангүй үзлийн гажууд онолоор байнга булж байсан боловч Бурханы үгийн удирдамжаар би үүний нөлөөнд огтхон ч автаагүй билээ.

Нэг өдөр тэд их сургуулийн хоёр профессортой хамт миний тархийг угааж, уруу татахаар элдэв янзын зүйл оролдож үзэн, “Хэрвээ чи нааштай хандаж, гурван захианд гарын үсэг зурахгүй юм бол таван жил шоронд хоригдох ял авч, хожим нь эхнэр олоход хэцүү байх болно. Чи залуу насаа ингэж дэмий үрж яаж чадаж байна аа? Ингэх нь үнэ цэнтэй гэж үү?” хэмээн хэлсэн юм. Тэр нь надад нөлөөллөө. Би залуу байна гэдгээ бодож, үнэхээр тэнд олон жил зовох гэж үү хэмээн гайхширав. Энэ тухай бодож байгаад Сатаны заль мэхэнд автаж байгаагаа ухаарсан тул яаравчлан ингэж залбирлаа: “Өө Бурхан минь! Би Сатаны урхинд унах шахлаа. Намайг хамгаалаач, тэгвэл би гэрчлэлд зогсож чадна.” Залбирсныхаа дараа би Бурханы үгийн магтан дууны хэдэн мөрийг бодсон юм: “Залуу хүмүүс үнэнгүйгээр байх ёсгүй, хуурамч дүр, шударга бус байдлыг ч өвөрлөх ёсгүй—харин зүй зохистой үзэл бодолдоо бат зогсох учиртай. Тэд зүгээр л урсгал даган хөвөх ёсгүй, харин шударга ёс болон үнэний төлөө золиос гаргаж, тэмцэж зүрхлэх цог золбоотой байх ёстой(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Залуусын мөрдөх ёстой зүйл”). Би үнэнийг олж авахын тулд ямар ч өвдөлт шаналлыг тэвчиж чадах ёстой, түр зуурын тав тухын төлөө Бурханаас урваж болохгүй, цагдаа нар надад юу ч хийлээ гэсэн гэрчлэлд зогсож, Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой гэдгээ мэдэж байлаа. Намайг юу ч хэлэхгүй болохоор тэд аргаа баран явсан юм. Үдээс хойш нь нөгөө пастор буцаж ирээд, худлаа инээмсэглэн, “Чамайг шоронд орох гэж байгаа гэж сонслоо. Чи тэгж болохгүй. Тэндхийн амьдрал хүнлэг бус. Чам шиг жаахан хүү тэсвэрлэж чадна гэж бодож байна уу?” гэж хэлээд утсаа гарган, зодуулж хүчирхийлүүлсэн зарим Христэд итгэгчийн зургийг харуулаад, “Тэднийг хар даа. Тэдний зарим нь 10 жил, зарим нь 20 жилийн ял авч, зарим нь шоронд нас барсан. Би жинхэнэ итгэгч гэдгийг чинь харж байна. Тэдний хүссэн зүйлд гарын үсгээ зураад, гарсныхаа дараа итгэлээ хэрэгжүүлж болно шүү дээ. Ингэж зовох шаардлагагүй! Одоо гарын үсэг зурчих, би чиний өмнөөс хэдэн үг хэлчихье. Тэгэхгүй бол чи амьд гарах боломжгүй” гэж хэлсэн юм. Би санаа зовж, үнэхээр ял авах юм бол шоронд цагдаа нар намайг хүссэнээрээ тамлаж, хамаагүй их зовоох нь гарцаагүй гэж бодоод өөрийн эрхгүй айсан боловч тэр захиануудад гарын үсэг зурах нь Бурханаас урваж, араатны тэмдэгтэй болно гэсэн үг гэдгийг мэдэж байлаа. Зүрх сэтгэлдээ би Бурханд залбирч, Бурханыг дуудаж, гэрчлэлд зогсох итгэл өгөөч гэж гуйж байв. Тэгээд пасторт “Би гарын үсэг зурахгүй ээ” гэж хэлэхэд пастор мухардалд ороод явсан юм.

Хотын гаж урсгалтай тэмцэх хэлтсийн дарга ч бас надаар гурван захианд гарын үсэг зуруулахаар оролдон, ууртайгаар “Ямар ч өөрчлөлтгүй хоёр сар өнгөрлөө. Би одоо чамаас тодорхой хандлага хүлээж байна шүү. Дахиж итгэхгүй гэж хэлэх юм бол чи гэртээ харьж болно, харин итгэнэ гэвэл шууд шорон руу явна! Чи итгэсэн хэвээр л байна уу?” гэв. Би үнэхээр зөрчилдлөө. Тийм гэж хэлбэл шоронд явна гэсэн үг, тэгээд тэнд намайг ямар эрүү шүүлт хүлээж байгааг хэн мэдэх билээ дээ. Гэхдээ үгүй гэж хэлбэл Бурханаас урвана гэсэн үг. Би залбирч, надад зориг өгөхийг Бурханаас гуйсан бөгөөд гэрчлэлд зогсоход бэлэн санагдав. Яг тэр үед би Бурханы үгийн магтан дууг санасан юм: “Есүс өөртөө ямар нэг төлөвлөгөө гаргаж, зохицуулалт хийлгүйгээр Бурханы хүсэлд бүрэн санаа тавьсан учраас Бурханы даалгавар буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн голд нь тавьж чаддаг, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: ‘Эцэг Бурхан минь! Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Миний хүслийн дагуу биш, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд санаа тавих ёстой гэж? Таны алган дээрх шоргоолж шиг хүн яаж Таны анхаарал халамжийг хүртэх эрхтэй байж чадах юм бэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, Та Өөрийн тааллаар Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна’ гэсэн юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Эзэн Есүсийг дуурайцгаа”). Эзэн Есүс цовдлогдохоор явах замдаа зовсон. Махан биеийн сул дорой байдал Түүнд байсан боловч Тэрээр Бурханы даалгаврыг биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж чадсан юм. Тэрээр бие махбодын өвдөлтийг үл хайхран Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагасан билээ. Мөн Петр Бурханыг гэх хайрынхаа төлөө үхлийг дуулгавартай дагаж, Бурханы төлөө толгойгоо доош харуулан цовдлогдохыг хүссэн. Миний өчүүхэн жаахан зовлон юухан байх билээ? Бурханы үг итгэлийг минь нэмэгдүүлж, би айхаа болиод, шоронд орсон ч гэсэн Бурханы төлөө гэрчлэлд зогсоно гэж шийдсэн юм! Би маш тууштайгаар “Тэгвэл би шорон явна” гэж хэлэв. Үүнийг сонсоод тэр уурлаж, “Юмаа багла, чи маргааш шоронд орно” хэмээн хариулаад хаалга саван, унтууцан алхаж одлоо. Гайхмаар нь, хоёр хоногийн дараа манай орон нутгийн цагдаагийн хэлтсийн дөрвөн цагдаа ирээд, намайг гэрт минь аваачих гэж байгаагаа хэлсэн юм. Тэр хоромд би Бурханы ажил үнэхээр гайхалтай болохыг мэдэрч, намайг гэх Түүний халамж, өршөөлийг мэдэрлээ. Цагдаа нар намайг нутагт минь буцаан аваачиж, аман мэдүүлэг аваад, долоо хоногт нэг удаа хэлтэст тайлагнаж байгаарай гэв. Бурханы удирдамжаар би хожим нь тэндээс зугтаж, үүргээ дахин гүйцэтгэх боломжтой болсон юм.

Цагдаа нарт баривчлагдаж, эрүүдэн шүүгдсэн минь сэтгэлд гүн хадагдсан юм. Коммунист Нам хэчнээн харгис, хүнлэг бус болохыг би харж, Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг нь бүрэн дүүрэн харсан. Би тэр чөтгөрүүдийг маш их үзэн яддаг. Түүнчлэн би Бурханы хүч чадал, эрх мэдлийг туулсан. Шалгалт, бэрхшээлийн үеэр Бурхан намайг залж чиглүүлж, надад итгэл, хүч чадал өгөхийн тулд Өөрийн үгийг ашигласаар байсан. Бурхан л биднийг хайрладаг, Бурханы үг л бидний амь байж чадна гэдгийг би харж, Бурханд итгэх итгэл минь бүр ч ихэссэн юм. Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх: 88. Шоронгийн зовлон бэрхшээл

Дараах: 90. Шалгалт, гай зовлонгоор төгс болсон итгэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх