Та нар бүгд маш жудаггүй!

Та нар бүгд дэгжин суудалд сууж, өөрсөдтэйгээ адил төрлийн залуу үеийнхэнд зааж сурган, тэднийг бүгдийг нь өөртэйгээ хамт суулгадаг. “Үр удам” чинь аль хэдийн амьсгаагүй болж, Миний ажлыг алдсан гэдгийг та нар огт мэддэггүй. Миний алдар суу Зүүн зүгийн газар нутгаас баруун зүгийн газар нутаг хүртэл гялбуулдаг боловч ертөнцийн зах хязгаар хүртэл тархаад, урган гарч, гэрэлтэж эхлэх үед нь Би Зүүний алдраа буцаан авч, баруун зүгт аваачна, ингэснээр Зүүн зүгт Намайг орхисон, харанхуйн хүмүүс тэр цагаас эхлээд гэрэлтүүлэлтээс хагацна. Тэр үед та нар сүүдэрт хөндийд амьдарна. Хэдийгээр өнөөгийн хүмүүс өмнөхөөсөө зуу дахин илүү дээр боловч Миний шаардлагад нийцэж чадахгүй хэвээр байгаа ба Миний алдрын гэрчлэл биш хэвээр байгаа. Та нар урьдынхаасаа зуу дахин илүү дээр байж чадаж байгаа нь бүхэлдээ Миний ажлын үр дүн юм; энэ нь газар дээрх Миний ажлаас бий болсон үр жимс билээ. Гэвч Би та нарын үг, үйл хэрэг, түүнчлэн ёс жудгийг үзэн ядсаар байдаг бөгөөд Миний өмнө гаргаж байгаа үйлдэлд чинь туйлын их дургүйцдэг, учир нь та нарт Миний талаар ямар ч ойлголт байдаггүй. Тэгвэл та нар яаж Миний алдрыг амьдран харуулж, яаж Миний хожмын ажилд туйлын үнэнч байж чадах юм бэ? Та нарын итгэл маш сайхан; та нар бүх амьдралаа Миний ажлын төлөө зарлагадаж, үүний төлөө амьдралаа золиослоход бэлэн гэж хэлдэг боловч зан чанар чинь тийм ч их өөрчлөгдөөгүй. Бодит ааш авир чинь тун өөдгүй гэх баримтыг үл харгалзан та нар биеэ тоосон байдлаар ярьдаг. Хүмүүсийн хэл болон уруул тэнгэрт байдаг хэдий ч хөл нь хаа хол газар дээр байгаа мэт байдаг бөгөөд үүний үр дүнд тэдний үг, үйл хэрэг, нэр төр гутамшигтай хэвээр байдаг. Та нарын нэр төр сүйрч, намба төрх чинь доройтсон, ярьж байгаа байдал чинь дорд, амьдрал чинь жигшүүртэй, тэр ч бүү хэл, хүн чанар чинь тэр чигтээ олиггүй дорд болсон. Та нар бусдад явцуу сэтгэлээр ханддаг бөгөөд жижиг сажиг юм бүр дээр маргалддаг. Та нар нэр төр, байр сууриасаа болж там руу, галт нуур луу унахад ч бэлэн байх хэмжээнд хүртлээ хэрэлдэж муудалцдаг. Одоогийн үг болон үйл хэрэг чинь та нарыг нүгэлтэй гэж тодорхойлоход минь хангалттай. Миний ажилд хандах хандлага чинь та нарыг зөв шударга бус хүмүүс гэж тодорхойлоход минь хангалттай бөгөөд жигшил зэвүүцлээр дүүрэн бузар сүнснүүд гэдгийг чинь харуулахад зан чанар чинь хангалттай. Та нарын харуулж, илчилж байгаа зүйл та нарыг бузар сүнсний цусыг ханатлаа уусан хүмүүс гэж хэлэхэд хангалттай байдаг. Хаанчлалд орох тухай дурдах үед та нар мэдрэмжээ илчилдэггүй. Одоо байгаа байдал чинь Миний тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход хангалттай гэж та нар бодож байна уу? Үг болон үйл хэрэг чинь эхлээд Миний туршилтыг туулахгүйгээр та нар Миний ажил болон үгийн ариун газарт орж чадна гэж итгэж байна уу? Миний хоёр нүдийг хэн хууран мэхэлж чадах юм бэ? Та нарын жигшүүртэй, дорд ааш авир болон яриа яаж Миний харцнаас зайлж чадах юм бэ? Та нарын амьдралыг Би тэдгээр бузар сүнсний цусыг ууж, махыг идэх амьдрал хэмээн тодорхойлсон, учир нь та нар Миний өмнө өдөр бүр тэднийг дуурайдаг. Миний өмнө та нарын зан авир тун муу байсаар ирсэн болохоор Би яаж зэвүүцэхгүй байж чадах юм бэ? Та нарын үг бузар сүнсний хольцыг агуулдаг: Та нар хар шид хийдэг хүмүүсийн адилаар, мөн тэрслүү агаад зөвт бусын цусыг уудаг хүмүүсийн адилаар аргалж, нуун далдалж, зусарддаг. Хүний бүх илэрхийлэл туйлын зөв шударга бус байдаг тул зөв шударга хүмүүсийн байдаг ариун газарт яаж бүх хүнийг байрлуулж болох юм бэ? Жигшүүртэй зан авир чинь чамайг зөвт бус хүмүүстэй харьцуулахад ариун хэмээн ялгаж чадна гэж чи бодож байна уу? Могойнх шиг хэл чинь, сүйрэл учруулж, зэвүүцэл төрүүлдэг энэ махан биеийг чинь эцэст нь мөхөөх бөгөөд бузар сүнсний цусаар хучигдсан гар чинь ч бас эцэст нь чиний сүнсийг там руу чангаана. Тэгвэл чи бузраар хучигдсан гараа цэвэрлэхийн тулд яагаад энэ боломжийг шүүрэн авахгүй гэж? Зөв шударга бус үг хэлдэг хэлээ таслахын тулд чи яагаад энэ боломжийг ашиглахгүй гэж? Өөрийнхөө хоёр гар, хэл болон уруулын төлөө чи тамын галд зовоход бэлэн байгаа юм гэж үү? Хүн төрөлхтнийг бүтээхээсээ хавьгүй өмнө зүрх сэтгэлийг нь гартаа атгаж байсан учраас Би хүн бүрийн зүрх сэтгэлийг хоёр нүдээрээ ажигладаг. Би хүмүүсийн зүрх сэтгэлийг аль эртнээс нэвт шувт харсан тул тэдний бодол санаа Миний харцнаас зайлж яахан чадах билээ? Тэд Миний Сүнсний шатаалтаас зугтаж яахан амжих билээ?

Уруул чинь тагтааныхаас илүү зөөлөн боловч зүрх сэтгэл чинь эртний могойныхоос ч илүү хорлонтой. Уруул чинь бүр Ливан эмэгтэйчүүдийнх шиг сайхан боловч зүрх сэтгэл чинь тэднийхээс эелдэг зөөлөн биш бөгөөд мэдээж канаанчуудын гоо үзэсгэлэнтэй харьцуулахын аргагүй. Чиний зүрх сэтгэл маш хорон санаатай! Би зөв шударга бус хүний уруул болон зүрх сэтгэлийг л үзэн яддаг бөгөөд хүмүүст тавих Миний шаардлага ариун хүмүүсээс шаарддагаас минь огтхон ч өндөр биш; Би зүгээр л зөв шударга бус хүний ёрын муу үйл хэргийг зэвүүцдэг бөгөөд тэрээр бузар заваан байдлаа хаяж, одоогийн төвөгтэй байдлаасаа зугтаж, ингэснээрээ зөв шударга бус хүмүүсээс ялгаран, зөв шударга хүмүүстэй хамт амьдарч, ариун байж чадна гэж найддаг. Та нар Надтай адил орчин нөхцөлд байгаа мөртөө бузраар бүрхэгдсэн; анх бүтээгдсэн хүмүүсийн анхдагч төрх та нарт өчүүхэн төдий ч байхгүй. Түүнчлэн, та нар өдөр болгон тэдгээр бузар сүнсний төрхийг дуурайн, тэдний хийдэг зүйлийг хийж, хэлдэг зүйлийг хэлдэг учраас бүх хэсэг, бүр хэл, уруулд чинь хүртэл тэдний бохир ус нэвчин, та нар бүхэлдээ тийм хир толбоор хучигдахдаа тулсан бөгөөд ганц ч хэсгийг чинь Миний ажилд ашиглаж болдоггүй. Үнэхээр зүрх шимшрэм! Та нар үхэр, адууны ийм ертөнцөд амьдардаг атал та нарт үнэндээ төвөгтэй санагддаггүй; баяр хөөрөөр дүүрэн байж, эрх чөлөөтэй, амар хялбараар амьдардаг. Тэрхүү бохир усанд сэлж байгаа мөртөө ийм төвөгтэй байдалд орсон гэдгээ үнэндээ ухаардаггүй. Өдөр бүр чи бузар сүнсийг дагалдаж, “ялгадастай” харилцдаг. Амьдрал чинь нэлээд дорд атал чи, хүний ертөнцөд огтхон ч оршдоггүй, мөн өөрийгөө хянадаггүй гэдгээ үнэндээ мэддэггүй. Чиний амьдралыг тэр бузар сүнснүүд аль хэдийн гишгэлээд, ёс жудгийг чинь бохир ус аль хэдийн сэвтээсэн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи газар дэлхийн диваажинд амьдарч, аз жаргалтай байгаа гэж бодож байна уу? Бузар сүнснүүдтэй хамт амьдарч, чамд зориулан тэдний бэлдсэн бүх зүйлтэй зэрэгцэн оршсон гэдгээ чи мэдэхгүй гэж үү? Чиний амьдардаг байдал яаж утга учиртай байж чадах юм бэ? Чиний амьдрал яаж үнэ цэнтэй байж чадах юм бэ? Чи бузар сүнс эцэг эхийнхээ төлөө ийш тийш завгүй гүйсээр ирсэн мөртөө чамайг урхидагчид нь чамайг төрүүлж, өсгөсөн бузар сүнс эцэг эх чинь гэдгийг огт мэддэггүй. Түүнчлэн, бүх бузар буртгийг чинь үнэндээ тэд чамд өгсөн гэдгийг чи мэддэггүй; тэд чамд “таашаал” өгдөг, чамайг гэсгээдэггүй, мөн шүүдэггүй бөгөөд ялангуяа чамайг хараадаггүй гэдгийг л чи мэднэ. Тэд хэзээ ч чамд дэлбэртлээ уурладаггүй, харин хайраар, эелдгээр ханддаг. Тэдний үг зүрх сэтгэлийг чинь тэжээж, чиний хайрыг булаадаг болохоор чи толгой нь эргэсэн байдалтай болж, өөрийн мэдэлгүй тэдэнд татагдаж, үйлчлэн, тэдний гарц, бас зарц болоход бэлэн байдаг. Чамд ямар ч гомдол байдаггүй, харин тэдний төлөө морь нохой мэт зүтгэхэд бэлэн байдаг; чи тэдэнд мэхлэгддэг. Ийм учраас чи Миний хийдэг ажилд бүр ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Чи Миний гараас нууцаар мултрахыг үргэлж хүсдэгт гайхах юмгүй бөгөөд Миний ивээлийг овжноор олж авахын тулд нялуун үг хэрэглэхийг үргэлж хүсдэгт чинь гайхах юмгүй. Чамд аль хэдийн өөр нэг төлөвлөгөө, өөр нэг зохицуулалт байгаа болж таардаг. Чи Төгс Хүчит Миний үйлдлүүдийн багахныг харж чадах боловч Миний шүүлт, гэсгээлтийг өчүүхэн ч мэддэггүй. Миний гэсгээлт хэзээ эхэлснийг чи огт мэддэггүй; Намайг хэрхэн хуурахаа л мэддэг ч Би хүний ямар ч халдлагыг тэвчихгүй гэдгийг мэддэггүй. Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол хартай Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй. Өөрийнхөө үгийг Миний тахилын ширээн дээр, хоёр нүдний минь өмнө тавьсны дараа чамд өөр нэг хайр байж болно гэж чи бодоо юу? Тийм маягаар Намайг тэнэгтүүлэхийг Би яаж хүмүүст зөвшөөрч чадах юм бэ? Чи өөрийнхөө хэлээр Надад хааш яаш андгай, тангараг тавьж болно гэж бодоо юу? Чи Хамгийн Дээд Миний сэнтийгээр тангараглаж яаж чадах юм бэ? Чиний тангараг аль хэдийн алга болсон гэж чи бодоо юу? Би та нарт хэлье: Та нарын махан бие нас барж болох ч тангараг чинь үгүй болохгүй. Эцэст нь Би тангарагт чинь үндэслэн та нарыг яллана. Гэсэн ч Намайг аргалахын тулд та нар өөрсдийн үгийг Миний өмнө тавиад зүрх сэтгэлээрээ бузар сүнс болон муу ёрын сүнсэнд үйлчилж болно гэж боддог. Намайг хуурдаг тэр нохой, гахай шиг хүмүүсийг Миний уур хилэн яаж тэвчиж чадах юм бэ? Би Өөрийн захиргааны зарлигийг гүйцэтгэж, Надад итгэдэг тэр бүх ёсорхуу, “чин сүсэгт” хүмүүсийг бузар сүнснүүдийн гараас булаан авах ёстой ба ингэснээр тэд дэг журамтай байдлаар Надад “үйлчилж”, Миний шар үхэр, Миний адуу болж, Миний нядалгааны эрхээр байж магад юм. Би чамаар өмнөх шийдвэрийг чинь сэргээлгэж, Өөртөө дахин нэгэнтээ үйлчлүүлнэ. Намайг хууран мэхэлдэг ямар ч бүтээлийг Би тэвчихгүй. Чи Миний өмнө дур зоргоороо хүсэлт тавьж, худал хэлж болно гэж бодсон уу? Би чиний үг болон үйл хэргийг сонсоогүй, эсвэл хараагүй гэж бодсон уу? Чиний үг, үйл хэрэг яаж Надад харагдахгүй байж чадах юм бэ? Хүмүүс Намайг тийнхүү мэхлэхийг Би яаж ер нь зөвшөөрч чадах юм бэ?

Би та нарын дунд байж, хэд хэдэн хавар, намрын турш та нартай харилцсан; Би та нарын дунд удаан хугацаанд амьдарч, та нартай хамт амьдарсан. Та нарын жигшүүртэй зан авирын хэр их нь яг Миний нүдний өмнүүр бултсан бэ? Та нарын үнэн сэтгэлийн үг Миний чихэнд тасралтгүй цуурайтаж байна; та нарын сая сая хүсэл эрмэлзэл Миний тахилын ширээн дээр тавигдсан—бүр тоолохын ч аргагүй дэндүү олон. Гэсэн ч та нарын зориулалт болон зарлагадсан зүйл өчүүхэн төдий ч байдаггүй. Миний тахилын ширээн дээр та нар жаахан ч болов чин сэтгэл тавьдаггүй. Надад итгэх итгэлийн чинь үр жимс хаана байна вэ? Та нар Надаас эцэс төгсгөлгүй нигүүлсэл хүлээн авч, тэнгэрийн эцэс төгсгөлгүй нууцуудыг харсан; тэр ч байтугай Би та нарт тэнгэрийн гал дөлийг харуулсан боловч та нарыг шатаах сэтгэл Надад байгаагүй. Гэсэн ч хариуд нь та нар Надад хэр ихийг өгсөн бэ? Надад хэр ихийг өгөхөд бэлэн байна вэ? Миний чамд өгсөн хоолыг гартаа бариад чи эргэж, үүнийгээ Надад өргөдөг, тэр ч бүү хэл шаргуу ажлынхаа хөлсөнд олсон зүйл чинь энэ бөгөөд байгаа бүхнээ Надад өргөн барьж байна гэж ч хэлдэг. Надад өгч буй “хувь нэмэр” чинь бүгд Миний тахилын ширээнээс хулгайлагдсан зүйл гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Түүнчлэн, одоо үүнийг Надад өргөн барьж байгаа чинь Намайг мэхэлж байгаа хэрэг бус уу? Өнөөдөр Би, шаргуу ажлынхаа хариуд чиний олж, Надад өргөн барьсан зүйлийг биш, харин Өөрийн тахилын ширээн дээрх бүх тахилыг эдэлдэг гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Та нар үнэндээ ийм маягаар Намайг хуурч зүрхэлдэг тул Би яаж та нарыг өршөөж чадах юм бэ? Би үүнийг цаашид яаж тэвчиж чадах юм бэ? Би бүхнийг та нарт өгсөн. Би та нарт бүхнийг нээж, хэрэгцээг чинь хангаж, нүдийг чинь нээсэн атал та нар Намайг ийм маягаар мэхэлж, мөс чанараа үл ойшоодог. Би амь биеэ үл хайрлан бүх зүйлийг та нарт хайрласан болохоор хэдий та нар зовдог ч тэнгэрээс Миний авчирсан бүхнийг Надаас мөн л олж авсан. Гэсэн ч та нарт ямар ч зориулалт байхгүй бөгөөд өчүүхэн жаахан хувь нэмэр оруулсан ч гэсэн дараа нь та нар Надтай “тооцоо хийхээр” оролддог. Чиний хувь нэмэр юу ч үгүйтэй адил биш гэж үү? Надад өгсөн зүйл чинь элсний ширхэг төдий боловч Надаас гуйсан зүйл чинь нэг тонн алт юм. Чи зүгээр л бодлогогүй байгаа бус уу? Би та нарын дунд ажилладаг. Өөр нэмэлт тахил байтугай, Надад өгөх ёстой аравны нэгийн ул мөр ч огт байдаггүй. Үүнээс гадна, үнэн сүсэгт хүмүүсийн өргөсөн аравны нэгийг ч хорон муу нэгэн булаан авдаг. Та нар бүгд Надаас холдон тараагүй гэж үү? Та нар бүгд Надтай дайсагнадаггүй гэж үү? Та нар бүгд Миний тахилын ширээг сүйтгэж байгаа биш үү? Ийм хүмүүс яаж Миний нүдэнд эрдэнэс шиг харагдаж чадах юм бэ? Тэд Миний үзэн яддаг гахай, нохой биш гэж үү? Та нарын муу үйлийг Би яаж эрдэнэс гэж хэлж чадах юм бэ? Миний ажил үнэндээ хэний төлөө хийгддэг вэ? Өөрийн эрх мэдлийг илчлэхийн тулд та нарыг бүгдийг нь цохин унагах л зорилготой байдаг юм гэж үү? Та нарын амьдрал бүгд Надаас гарах ганцхан үгэн дээр тогтдоггүй гэж үү? Яагаад Би та нарт зааварлахын тулд үгийг л ашиглаад, та нарыг аль болох хурдан цохин унагаахын тулд үгийг бодит баримт болгон хувиргахгүй байгаа юм бэ? Миний үг болон ажлын зорилго ердөө хүн төрөлхтнийг цохин унагаахын төлөө байдаг уу? Би гэмгүй хүнийг ялгаварлахгүйгээр хөнөөдөг Бурхан гэж үү? Яг одоо хүний амьдралын зөв замыг эрж хайхын тулд та нарын хэчнээн нь бүхий л оршихуйгаараа Миний өмнө ирж байна вэ? Миний өмнө та нарын бие л байдаг; зүрх сэтгэл чинь мөн л эрх дураараа, Надаас холын холд байдаг. Миний ажил үнэндээ юу болохыг мэддэггүй учраас та нарын зарим нь Намайг орхин одож, өөрсдийгөө Надаас холдуулж, ямар ч гэсгээлт, шүүлт байдаггүй диваажинд амьдрахаар найддаг. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлдээ хүсдэг зүйл биш гэж үү? Би мэдээж чамайг албадахаар оролдоогүй. Ямар замаар явах чинь чиний өөрийн сонголт. Өнөөдрийн зам нь шүүлт, хараал дагалддаг зам боловч та нарт Миний хайрласан бүхэн—шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай хамаагүй, Миний өгч чадах хамгийн сайхан бэлэг бөгөөд та нарт яаралтай хэрэгтэй бүх зүйл юм гэдгийг та нар бүгд мэдэх ёстой.

Өмнөх: Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн

Дараах: Хуулийн эрин үе дэх ажил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх