Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн

Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний хүслийг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилийн гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй л байдаг, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, гагцхүү өөрсдийнхөө ирээдүй болон хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн байсан тэд Миний хийдэг ажлыг тоосон шинжгүй хэвээрээ л байж, харин ирээдүйд хүрэх газартаа л гагцхүү анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжлээд байвал Миний ажил яаж өргөжиж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар түгж чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг бутаргана, мөн Ехова Израилийн овог бүрийг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэнэ гэдгийг мэдэж ав. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстэн рүү өргөжүүлж, томчуул, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг алдаршуулдаг, Миний ариун нэрийг бүх овог, үндэстний хүмүүс ам амандаа магтан өргөмжилдөг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелэх болно. Би бол израильчуудын цор ганц Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.

Хэдэн мянган жилийн турш Миний удирдсаар ирсэн ажил эцсийн өдрүүдэд л хүнд бүрэн илчлэгддэг. Одоо л Би хүнд Өөрийн удирдлагын нууцыг бүрэн нээж байгаа бөгөөд Хүн Миний ажлын зорилгыг мэдэж аваад зогсохгүй, Миний бүх нууцын талаар ойлголттой болсон. Санааг нь зовоодог хүрэх газрынх нь тухай бүх зүйлийг Би хүнд хэлсэн. 5,900 гаруй жилийн турш далдалж байсан Өөрийнхөө бүх нууцыг Би аль хэдийн хүнд дэлгэсэн. Ехова гэж хэн бэ? Мессиа гэж хэн бэ? Есүс гэж хэн бэ? Та нар энэ бүхнийг мэдэх ёстой. Миний ажлын эргэлтийн цэг энэ хэдэн нэрд бий. Та нар үүнийг ойлгов уу? Миний ариун нэрийг хэрхэн тунхаглах ёстой вэ? Намайг аль нэг нэрээр минь дуудаж гуйдаг үндэстнүүдэд Миний нэрийг хэрхэн түгээх ёстой вэ? Миний ажил өргөжиж байгаа бөгөөд Би ажлаа аливаа бүх үндэстэнд бүхэлд нь түгээнэ. Миний ажил та нарын дотор нэгэнт хэрэгжсэн тул Ехова Израилд Давидын гэрийн хоньчдыг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэж, үндэстэн бүрийн дунд тараан бутаргана. Учир нь, эцсийн өдрүүдэд Би бүх үндэстнийг хэдэн хэсэг бутартал нь няц дарах бөгөөд ард түмнийг нь шинээр хуваарилна. Намайг дахин эргэж ирэхэд үндэстнүүд Миний дүрэлзэх галаар тогтоосон хилээр аль хэдийн хуваагдчихсан байх болно. Тэр үед Би хүн төрөлхтөнд Өөрийгөө төөнөх нар мэт шинээр илэрхийлж, тэдний хэзээ ч харж байгаагүй Ариун Нэгний дүрээр Өөрийгөө ил тод харуулж, урьд Ехова Би Иудейн овгуудын дунд алхаж байсантайгаа адилаар үй олон үндэстний дунд алхана. Тэр цагаас эхлэн Би газар дээрх хүн төрөлхтний амьдралыг зална. Тэнд тэд Миний алдар сууг гарцаагүй харах ба өөрсдийнх нь амьдралыг залж чиглүүлэх агаар дахь үүлэн баганыг харах нь гарцаагүй, учир нь Би ариун газарт илрэх болно. Хүн Миний зөвт байдлын өдрийг, түүнчлэн Миний алдар суут илрэлийг харна. Тэр нь Би газар дээр ноёрхол тогтоож, Өөрийн олон хөвгүүнийг алдар суу руу аваачих үе байх болно. Газар дээрх хүмүүс хаа сайгүй мэхийх бөгөөд Миний асрыг хүн төрөлхтний дунд, Миний өнөөдрийн хэрэгжүүлж буй ажлын хадан дээр бат бэх босгоно. Хүмүүс бас сүмд Надад үйлчилнэ. Бохир, жигшүүрт зүйлсэд дарагдсан тахилын ширээг Би яйртал цохиод шинээр хийнэ. Нялх хурга, тугалуудыг ариун тахилын ширээн дээр овоолно. Би өнөөдрийн сүмийг буулгаад шинийг барина. Зэвүүн хүмүүсээр дүүрсэн, одоо байгаа сүм нурах бөгөөд Миний барьсан сүм Надад үнэнч зарц нараар дүүрнэ. Тэд Миний сүмийн суу алдрын төлөө дахин нэг өндийн босож, Надад үйлчилнэ. Намайг агуу алдар суу хүртэх тэр өдрийг та нар гарцаагүй харах ба Би хуучин сүмийг буулгаад шинийг барих тэр өдрийг ч гарцаагүй харна. Түүнчлэн Миний асар хүний ертөнцөд хүрч ирэх тэр өдрийг та нар гарцаагүй харна. Би сүмийг хэмх цохимогцоо Намайг бууж ирэхийг харах хүмүүсийн нүдэн дээр Өөрийнхөө асрыг хүний ертөнцөд авчирна. Бүх үндэстнийг бут цохисныхоо дараа Би тэднийг нэг дор шинээр цуглуулж, тэр цагаас Өөрийн сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг тавина, тэгснээр бүгд Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстэн дэх Миний ажилд өөрсдийгөө үнэнчээр зориулах болно. Тэд өнөөгийн израилчууд шиг тахилчийн өмсгөл, титмээр гоёх ба Ехова Миний алдар суу тэдний дунд дуурьсаж, Миний сүр жавхлан тэдний дээр эргэлдэж, тэдэнтэй хамт орших болно. Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас ийм маягаар гүйцэлдэнэ. Харь үндэстнүүд дэх Миний ажил Израилд хийсэн Миний ажил шиг байх болно, яагаад гэвэл, Би Израил дахь ажлаа өргөжүүлж, үүнийгээ Харь үндэстнүүдэд түгээх юм.

Одоо үе бол Миний Сүнс агуу зүйлс хийж буй цаг бөгөөд Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ. Түүгээр ч зогсохгүй, одоо бол Миний бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилах цаг юм, ингэснээр Миний ажил илүү түргэн, илүү үр дүнтэй явагдах болно. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барьж, цаашлаад чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, итгэлтэй болж, Миний ажлыг илүү сайн үр дүнд хүргэхийн тулд бүх хүч чадлаа зориулаач гэж л Би та нараас шаарддаг. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Өөр хоорондоо тэмцэлдэж, буцах зам хайж эсвэл махан биеийн тав тух хөөцөлдөхөөс татгалз, эдгээр нь Миний ажлыг хойшлуулах ба гайхалтай ирээдүйг чинь баллах болно. Тэгэх нь чамд хамгаалалт өгөх нь байтугай харин ч сүйрэл авчирна. Тэгвэл тэнэглэж байгаа хэрэг болох бус уу? Өнөөдөр чиний шуналтайгаар эдлэн буй зүйлс чинь ирээдүйг чинь яг баллаж буй юм, харин өнөөдөр чиний амсаж буй зовлон чинь л чамайг яг хамгаалж буй билээ. Мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас бултаж, төөрөлдөж яваад өтгөн мананд ороод нарыг олж чадахгүй болохоос зайлсхийхийн тулд чи эдгээр зүйлийг тодорхой мэдэж байх ёстой. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ. Тэр үед Миний өдөр хүн төрөлхтөнд ойртсон байх болно. Чи Миний шүүлтээс яаж зугтах юм бэ? Төөнөх нарны халууныг чи яаж тэсэх юм бэ? Миний хайрласан элбэг хангалуун бүхнийг хүн цээжиндээ нандигнахын оронд хэний ч анзаарахааргүй газарт хаядаг. Миний өдөр хүн дээр буух үед хүн элбэг дэлбэг байдлыг минь олж чадахаа болино, эсвэл аль эрт өөрт нь хэлсэн үнэний гашуун үгийг минь ч олж чадахаа болино. Тэрээр гэрлийн гэгээг алдаж, харанхуйд унасан учраас уйлж, орилно. Өнөөдөр та нар ердөө л Миний аман дахь хурц илдийг харж байна. Та нар Миний гартаа барьж буй таяг, эсвэл хүнийг шатаадаг дөлийг минь хараахан үзээгүй байгаа, тийм учраас л та нар одоо ч гэсэн Миний өмнө хямсгар, цадиггүй загнадаг. Тийм болохоор л та нар одоо ч гэсэн гэрт минь Надтай тэмцэлдэж, Миний амаараа хэлсэн зүйлтэй өөрийн хүний хэлээр маргадаг. Хүн Надаас айдаггүй, өнөөдрийг хүртэл Надтай дайсагнасаар ирсэн хэр нь бас л ямар ч айдасгүй байдаг. Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг чагнан мэдсэн. Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдирч байгаагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хараандаа тусгадаг, ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занг шүүж чадна. Тиймээс хүний далд үг, үйл хэрэг үргэлж Миний шүүх суудлын өмнө байж байдаг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Би хүнийг шүүхээ хэзээ ч зогсоож байгаагүй. Миний ажил бол Миний Сүнсний дэргэд хүний хэлсэн үг, хийсэн ажлыг бүгдийг шатааж, ариусгах явдал юм. Ийнхүүа, Намайг дэлхийгээс одсон ч хүмүүс Надад үнэнч хэвээр үлдэх ба ариун зарц нарын минь Надад үйлчилдгийн адилаар үйлчилж, газар дээрх Миний ажилд бүрэн төгс болох өдрөө хүртэл үргэлжлэх боломжийг бүрдүүлнэ.

Тайлбар:

а. Эх бичвэрт “Ийнхүү” гэдэг үг байдаггүй.

Өмнөх: Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

Дараах: Та нар бүгд маш жудаггүй!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх