Ажил ба оролт 6
Ажил болон оролт нь угаасаа бодитой байдаг; тэдгээр нь Бурханы ажил болон хүний оролтыг хэлдэг. Бурханы жинхэнэ нүүр царай болон Бурханы ажлыг хүн ойлгож огт чаддаггүй нь түүний оролтод хамгийн их бэрхшээл авчирсан. Бурхан эцсийн өдрүүдэд ямар ажил хийхийг, эсвэл махбодод ирж, сайн муугийн алинд ч хүнтэй хамт зогсохын тулд Бурхан яагаад туйлын их доромжлол амссан болохыг өнөөдөр ч гэсэн олон хүн мөн л мэддэггүй. Бурханы ажлын зорилгоос эхлээд эцсийн өдрүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөөний зорилго хүртэлх эдгээр зүйлийг хүмүүс ер мэддэггүй. Олон янзын шалтгаанаар хүмүүс Бурханы шаарддаг оролтын тухайд үргэлж хайнга, хоёрдмол санаатай1 байсаар ирсэн нь махбод дахь Бурханы ажилд туйлын их бэрхшээл авчирсан юм. Хүмүүс бүгд саад тотгор болсон мэт санагддаг ба өнөөдөр ч гэсэн тэд тодорхой ойлгохгүй хэвээр байдаг. Тийм учраас, та нарыг Иов шиг, Бурханыг голсноос үхэхийг илүүд үзэн, бүхий л доромжлолыг тэвчих Бурханы үнэнч зарц болгохын тулд, мөн Петр шиг бүхий л оршихуйгаа Бурханд өргөж, эцсийн өдрүүдэд Бурханаар авхуулах дотнын хүмүүс болгохын тулд бид хүн дээр хийдэг Бурханы ажил, Бурханы яаралтай санаа зорилгын талаар ярих ёстой гэж Би бодож байна. Бүх ах эгч нар байгаа бүхнээ өгч, өөрсдийн бүхий л оршихуйг Бурханы тэнгэрлэг хүсэлд өргөн барьж, Бурханы гэр дэх ариун зарц болж, Бурханы хайрласан хязгааргүй их амлалтыг эдэлж, ингэснээр Эцэг Бурханы зүрх сэтгэл тун удалгүй тайван амрах болтугай. “Эцэг Бурханы хүслийг биелүүлэх” гэдэг нь Бурханыг хайрладаг бүх хүний уриа байх ёстой. Эдгээр үг хүний оролтын хөтөч, түүний үйлдлүүдийг чиглүүлэх луужин болох ёстой. Энэ нь хүнд байх ёстой шийдвэр мөн. Газар дээрх Бурханы ажлыг бүрэн гүйцэлдүүлж, махбод дахь Бурханы ажилтай хамтран ажиллах нь хүний үүрэг бөгөөд нэг л өдөр Бурханы ажил дуусах үед Түүнийг тэнгэр дэх Эцэг рүүгээ эртхэн буцан очиход хүн баяртайгаар үднэ. Энэ нь хүний биелүүлэх ёстой хариуцлага биш гэж үү?
Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн сүүлчийн хэсэг рүүгээ шилжсэн. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн нуруундаа үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь Түүнийг дооглохын тулд иудейчүүдийн ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил асар их шуугиан тарьсны дараа юмс дахин намжжээ. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж, хаа сайгүй байсан чуулгануудыг хариулж, усалж эхэлсэн юм. Тэдний ажлын агуулга нь дараах байдалтай байв: Тэд бүх хүнээс гэмшиж, нүглээ улайж, баптисм хүртэхийг шаардсан; элчүүд бүгд Есүсийн цовдлолын дотоод түүх, нэмж хачирлаагүй үнэн болон Есүсийн цовдлолын тухай түгээхээр явсан тул хүн бүр Есүсийн өмнө нүүрээрээ газар унан мөргөж нүглээ улайхаас өөр аргагүй болжээ; түүнчлэн, элчүүд Есүсийн хэлсэн үгийг хаа сайгүй тунхаглахаар явсан билээ. Тэр үеэс Нигүүлслийн эрин үеийн чуулгануудыг байгуулж эхэлсэн юм. Тухайн эрин үед Есүсийн хийсэн зүйл ч бас хүний амьдрал болон тэнгэрлэг Эцэгийн хүслийн тухай л ярих явдал байсан бөгөөд эрин үе өөр байсан учраас тэдгээр үг болон хэрэгжүүлэлтийн олонх нь өнөөдрийнхөөс асар их ялгаатай байлаа. Гэхдээ мөн чанартаа тэдгээр нь адилхан: Яг нарийндаа хоёулаа л махбод дахь Бурханы Сүнсний ажил юм. Ийм ажил болон айлдвар өнөөг хүртэл үргэлжилсэн тул өнөөдрийн шашны байгууллагууд иймэрхүү зүйлийг өөр хоорондоо хуваалцсаар байгаа бөгөөд энэ нь огт өөрчлөгддөггүй. Есүсийн ажил дуусаж, чуулганууд Есүс Христийн зөв замд аль хэдийн орсон боловч Бурхан ажлынхаа өөр нэг үе шатны төлөвлөгөөг эхлүүлсэн нь эцсийн өдрүүдэд махбодод ирэх явдал байв. Хүний харж байгаагаар, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг аль хэдийн төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Бурханд олгосон. Хүн бүр Бурханы ажил бүрэн гүйцэлдсэн гэж боддог. Үнэн хэрэгтээ, Бурханы өнцгөөс бол Түүний ажлын жаахан хэсэг л гүйцэлдсэн юм. Тэрээр хүн төрөлхтнийг л золин аварсан; харин хүн төрөлхтнийг байлдан дагуулаагүй, хүний сатанлаг төрхийг бүр ч өөрчлөөгүй. Тийм учраас Бурхан “Миний махбод болсон бие үхлийн шаналлыг туулсан хэдий ч тэр нь бие махбодтой болсны минь бүхий л зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон боловч Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Харин нэг хэсгийг нь л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго нь Сатаны савраас аврагдсан бүх хүнийг төгс болгож, олж авах явдал учраас махбодод ирэхийн аюулыг дахин нэг удаа сөрөхөөр Бурхан бэлдсэн билээ. “Бие махбодтой болох” гэдэг нь алдар суу авчирдаггүй (Бурханы ажил хараахан дуусаагүй учраас) боловч хайртай Хүүгийн ялгамж чанартайгаар гарч ирдэг Нэгнийг хэлдэг, Тэр бол Христ, Бурханы таалал Түүнд оршдог гэсэн үг юм. Тийм учраас, үүнийг “аюулыг сөрөх” гэж хэлдэг. Бурханы махбод болсон бие хүч чадал багатай, асар болгоомжтой байх ёстой2 бөгөөд Түүний хүч чадал тэнгэр дэх Эцэгийн эрх мэдлээс асар зөрүүтэй; Тэрээр махбодын үйлчлэлийг л хэрэгжүүлэн, өөр ажилд оролцолгүйгээр Эцэг Бурханы ажил болон даалгаврыг биелүүлж, ажлын нэг хэсгийг л гүйцэтгэдэг. Ийм учраас Бурханыг газар дээр ирмэгц нь “Христ” гэж нэрлэсэн. Энэ нь уг нэрд агуулагдсан утга учир юм. Ирэхэд нь сорилт дагалддаг гэж хэлдгийн учир нь ажлын нэг хэсэг л биелж байгаагаас болдог. Түүнчлэн, Эцэг Бурхан Түүнийг зөвхөн “Христ”, “хайртай Хүү” хэмээн дууддаг ч Түүнд бүх алдрыг өгөөгүйн шалтгаан нь Бурханы махбод болсон бие ажлын нэг хэсгийг хийхээр ирдэг, мөн тэнгэр дэх Эцэгийг төлөөлөхөөр биш, харин ч хайртай Хүүгийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ирдгээс л болдог. Хайртай Хүү мөрөндөө үүрсэн даалгавраа бүгдийг нь биелүүлэх үед Эцэг нь Түүнд бүрэн алдрыг Эцэгийн ялгамж чанарын хамтаар өгөх болно. Үүнийг “тэнгэрийн хууль” гэж хэлж болно. Махбодод ирсэн Нэгэн болон тэнгэр дэх Эцэг нь хоёр өөр ертөнцөд байгаа учраас энэ хоёр зөвхөн Сүнсээр бие биенээ ширтэн харж, Эцэг нь хайртай Хүүгээ ажигладаг боловч Хүү нь Эцэгээ холоос харж чаддаггүй. Мөн махбодын хийж чадах чиг үүрэг дэндүү жаахан бөгөөд Тэрээр хэдийд ч алагдах боломжтой учраас энэхүү ирэлт хамгийн их аюул агуулдаг гэж хэлж болно. Энэ нь Бурхан Өөрийн хайртай Хүүг дахин нэгэнтээ барын аманд орхин, амийг нь аюулд оруулж, Сатаны хамгийн их төвлөрдөг газарт Түүнийг тавихтай адилхан. Ийм аймшигтай орчин нөхцөлд ч гэсэн Бурхан “Түүнийг нас биед хүртэл нь өсгүүлэх” гээд бузар, садар самуун байдлаар дүүрсэн газрын хүмүүст Өөрийн хайртай Хүүг өгсөн билээ. Учир нь, Бурханы ажлыг зохистой, хэвийн байлгах цорын ганц зам энэ бөгөөд Эцэг Бурханы бүх хүслийг биелүүлж, хүн төрөлхтний дундах Түүний ажлын сүүлчийн хэсгийг хэрэгжүүлэх цорын ганц зам юм. Есүс Эцэг Бурханы ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлснээс цаашгүй. Бурханы махбод болсон биед тулгардаг саад бэрхшээл болон гүйцэлдүүлэх ажлын ялгаанаас үүдэн махбодод хоёр дахь удаагаа эргэн ирэх болно гэдгийг Есүс Өөрөө мэдээгүй. Тиймээс, Бурхан эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болно, өөрөөр хэлбэл, Тэрээр махбод дахь ажлынхаа хоёр дахь хэсгийг хийхийн тулд махбодод дахин ирнэ гэж Библийн ямар ч тайлбарлагч, эсвэл эш үзүүлэгч тодорхой зөгнөж зүрхлээгүй юм. Тиймээс, Бурхан аль эрт Өөрийгөө махбодод нуусан гэдгийг хэн ч ухаараагүй. Есүс дахин амилж, тэнгэр өөд гарсныхаа дараа л энэ даалгаврыг хүлээн авсан учраас Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болох тухай ямар ч тодорхой зөгнөл байдаггүй бөгөөд үүнийг хүний оюун ухаанаар тунгаан бодох аргагүй байдагт гайхах юмгүй. Библи дэх зөгнөлийн олон номын бүгдэд нь үүнийг тодорхой дурдсан нэг ч үг байдаггүй. Харин Есүсийг ажиллахаар ирэх үед, онгон эмэгтэй хүүхэдтэй болж, хүү төрүүлнэ буюу Тэр Ариун Сүнснээс олдсон гэсэн утгатай тодорхой зөгнөл аль хэдийн байлаа. Тэгсэн ч гэсэн, үхэх аюултай гэдгийг нь Бурхан мөн л хэлсэн, тэгвэл өнөөдөр энэ нь бүр ч тийм байх бус уу? Энэ удаа бие махбодтой болох нь Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюултай гэж Бурхан хэлдэгт гайхах юмгүй. Бурхан Синимийн газар нутагт бүлэг ялагчдыг олж авна гэдгээ олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах тул хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы хөл тавьдаг газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн нутаг буюу агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа яг тэр газар юм. Тэнд Бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар үүнийг бүрмөсөн ялж, шившиглэдэг. Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан лууны мөн чанарыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлыг агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин нэгэнтээ махбодод ирсэн юм. Хүний энгийн нүдээр бол Бурхан махбодоор шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы үзэл бодлоор бол, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байршил болон Түүний ажлын хөтөлбөрт өөрчлөлт гарсан. Өнөөдрийн ажилд авсан махбодын дүр Есүсээс шал өөр харагддаг хэдий ч Тэд адилхан мөн чанар, эх үндэстэй бөгөөд нэг эх сурвалжаас ирсэн. Тэд гаднаа олон ялгаатай байж болох ч Тэдний ажлын дотоод үнэн бүхэлдээ адилхан юм. Эцсийн эцэст эрин үеүд нь өдөр шөнө шиг ялгаатай. Бурханы ажил яаж өөрчлөгдөшгүй хэв маягийг дагаж болох юм бэ? Эсвэл Түүний ажлын өөр өөр үе шат бие биедээ саад болж яаж чадах юм бэ?
Есүс иудейчүүдийн төрхийг авч, иудейчүүд шиг хувцаслаж, иудейчүүдийн хоолыг идэж өссөн. Энэ нь Түүний хэвийн хүн чанарын тал юм. Гэвч, өнөөдөр Бурханы махбод болсон бие Ази иргэний төрхтэй бөгөөд агуу улаан лууны үндэстэнд өссөн. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы зорилготой яавч зөрчилддөггүй. Харин ч тэдгээр нь нэг нэгнээ нөхөж, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг илүү бүрэн гүйцэд болгодог. Бурханы махбод болсон биеийг “хүний Хүү” эсвэл “Христ” гэж хэлдэг учраас өнөөдрийн Христийн гадна талыг Есүс Христийнхтэй харьцуулж болохгүй. Эцсийн эцэст энэхүү махбодыг “хүний Хүү” гэж дууддаг ба энэ нь махан биеийн төрхтэй байдаг. Бурханы ажлын үе шат болгон нэлээд гүн гүнзгий утга агуулдаг. Есүс Ариун Сүнснээс олдсоны шалтгаан нь Тэр нүгэлтнүүдийг золин аврах байснаас үүдсэн юм. Тэр нүгэлгүй байх ёстой байв. Гэвч эцэстээ Тэр албан хүчээр нүгэлт махан биеийн төрхийг авч, нүгэлтнүүдийн нүглийг үүрэх үедээ л хараагдсан загалмайнаас буюу хүмүүсийг гэсгээхдээ Бурханы ашигладаг загалмайнаас тэднийг аварсан юм. (Загалмай бол хүмүүсийг хараах, гэсгээх Бурханы хэрэгсэл юм; хараах болон гэсгээх талаар дурдах нь ялангуяа нүгэлтнүүдтэй хамаатай байдаг.) Үүний зорилго нь бүх нүгэлтнийг гэмшүүлж, цовдлолоор дамжуулан нүглийг нь улайлгах явдал байлаа. Өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө Бурхан Ариун Сүнснээс олдсон бие махбодтой болж, бүх хүн төрөлхтний нүглийг Өөртөө үүрсэн юм. Үүнийг энгийн үгээр дүрсэлбэл, бүх нүгэлтний оронд Тэрээр ариун махбодыг тахил болгосон бөгөөд өөрийн гишгэлсэн гэм зэмгүй бүх хүн төрөлхтнийг Бурханд буцаан өгөхийг Сатанаас “гуйхын” тулд Есүс Сатаны өмнө нүглийн тахил болон тавигдсантай энэ нь адилхан юм. Тийм учраас, золин авралын ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлэхэд Ариун Сүнснээс олдох шаардлагатай байв. Энэ бол чухал нөхцөл, мөн Эцэг Бурхан болон Сатаны хоорондох тулааны “эвийн гэрээ” билээ. Тийм учраас, Есүсийг Сатанд өгсний дараа л ажлын энэ үе шат дууссан юм. Гэсэн хэдий ч Бурханы золин авралын ажил нь өнөөдөр урьд хожид байгаагүй сүр жавхланд хүрсэн ба шаардлага тавих ямар ч шалтаг Сатанд байхгүй тул бие махбодтой болохын тулд Бурхан Ариун Сүнснээс олдох шаардлагагүй болсон. Бурхан төрөлхийн ариун, гэм зэмгүй тул энэ удаа бие махбодтой болсон Бурхан нь Нигүүлслийн эрин үеийн Есүс байхаа больсон юм. Гэвч Тэр мөн л Эцэг Бурханы хүслийн төлөө, мөн Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө бие махбодтой болж байгаа. Энэ нь мэдээж үндэслэлгүй тайлбар биш биз дээ? Бие махбодтой болсон Бурхан цогц дүрэм журмыг мөрдөх ёстой гэж үү?
Бурхан бие махбодтой болох тухай зөгнөлийг олно гэж найдаад олон хүн Библиэс нотолгоо хайдаг. Удаан төлөвлөсөн боловч хүнд хэзээ ч хэлээгүй ажлаа сонирхолтойгоор, тааламжтайгаар хийхийн тулд Бурхан Библи дотор “ажиллахаа” аль хэдийн больж, үүний хил хязгаарын гадна “үсрэн гарсан” гэдгийг будилсан, авцалдаагүй бодолтой хүн яаж мэдэх юм бэ? Хүмүүс эрүүл ухаанаар маш дутмаг. Бурханы зан чанарыг үл ялиг амссаныхаа дараа тэд тавцан суурилуулж, өндөр зэрэглэлийн “тэргэнцэр” дээр огт хайхрамжгүй суун Бурханы ажлыг хянан шалгаж, нарны доорх бүх зүйлийн тухай гоёмсог авцалдаагүй яриагаар Бурханыг сургаж эхлэхдээ тулдаг. Томруулдаг шил зүүж, сахлаа илсэн олон “хөгшин хүн” насан туршдаа уншсан шарласан “хуучин литээ” (Библиэ) дэлгэдэг. Үг бувтнаж, нүд нь цог жавхаатай гялалзах тэр хүн одоо Илчлэлийн Номыг, тэгээд Даниелийн номыг дараа нь хүн бүрийн сайн мэддэг Исаиагийн Номыг ээлжлэн нээдэг. Жижигхэн үгс шигүү бичигдсэн хуудас руу ээлж дараалан ширтээд тэрээр чимээгүйхэн унших ч уураг тархи нь тасралтгүй эргэцүүлнэ. Гэнэтхэн гар нь сахлаа илж байснаа болиод, угзарч эхэлдэг. Эрт орой нэгэн цагт сахлынх нь тасрах чимээ сонсогдоно. Тийм хачирхалтай авир хүний гайхлыг төрүүлдэг. “Яагаад тийм их хүч хэрэглэнэ вэ? Юунд тэгж их уурлана вэ?” Хөгшин хүнийг дахин нэгэнтээ харвал хөмсөг нь одоо арзайжээ. Тэр хөгшин хөгцөрсөн мэт харагдах хуудаснуудаас нүд салгахгүй байх зуур бууралтсан хөмсөг нь галууны өд мэт, хөгшний зовхиноос яг хоёр сантиметрийн зайд, санаандгүй атлаа маш төгс зохицсон мэт доош буужээ. Тэрээр нэг хуудсыг хэд хэдэн удаа эргэн харсны эцэст өөрийн эрхгүй хөл дээрээ үсрэн, хэн нэгэнтэй дэмий ярьж3 байгаа мэт чалчиж эхэлнэ, гэсэн ч түүний нүднээс цацрах гэрэл литийг орхисонгүй. Гэнэт тэр тухайн хуудсаа хааж, “өөр ертөнц” рүү эргэдэг. Түүний хөдөлгөөн маш их яарсан4, айдас хүргэм бөгөөд хүмүүсийг бараг гайхшируулдаг. Одоо, түүнийг чимээгүй байх зуур нүхнээсээ гарч ирээд, дөнгөж тайвширч, чөлөөтэй хөдөлж эхэлж байсан хулгана түүний гэнэтийн хөдөлгөөнөөс маш их цочин сандарсандаа нүх рүүгээ буцан гүйж, дахин хэзээ ч гарч ирэхгүйгээр утаа мэт арилна. Одоо энэ хөгшний зүүн гар түр зуур зогсоосон хөдөлгөөнөө сэргээж, сахлаа дээш доош, дээш доош илнэ. Тэр суудлаасаа холдож, ширээн дээр номоо үлдээжээ. Хаалганы завсар болон онгорхой цонхоор салхи орж ирээд, өршөөлгүйгээр үлээн номыг нэг хааж, нэг нээнэ. Энэ дүр зургийн тухайд бол, үгээр илэрхийлэх аргагүй эзгүйрсэн байдалтай байдаг ба номын хуудаснууд салхинд шаржигнах чимээг үл тооцвол бүх бүтээл нам гүм болсон мэт санагдана. Тэрээр нуруугаа үүрэн, өрөөн дотор хойш урагш холхиж, нэг зогсож, нэг алхан, үе үе толгойгоо сэгсэрч, амандаа “Өө! Бурхан минь! Та үнэхээр тэгнэ гэж үү?” хэмээх үгийг давтаж байгаа мэт харагддаг. Бас үе үе толгой дохин “Өө Бурхан минь! Таны ажлыг хэн ухан ойлгож чадах билээ? Таны мөрийг хайх нь хэцүү бус уу? Шалтгаангүйгээр төвөг удах зүйл хийхгүй гэдэгт тань би итгэж байна” гэдэг. Одоо тэр хөгшин алгуурхнаар сайтар бодохыг хүсэж байгаа мэт хөмсгөө зангидаж, нүдээ тас анин, сандарсан царай гаргахын зэрэгцээ тун их зовсон нүүрний хувирал харуулна. Хөөрхий хөгшин! Бүх насаараа амьдарчхаад, нэлээд хожимдсон хойноо “харамсалтайгаар” ийм асуудалтай тулгарчээ. Үүнийг яах ч билээ дээ? Би ч гэсэн арга мухардаж, яах ч аргагүй байна. Түүний хуучин лит шарласан нь хэний буруу вэ? Сахал, хөмсөг нь цагаан цас адил нүүрнийх нь өөр өөр хэсгийг хайр найргүйгээр бүрхсэнд хэн буруутай вэ? Сахлынх нь үс түүний ахмад насыг төлөөлдөг мэт. Гэсэн ч хүн Бурханы байгааг хуучин литээс хайх хүртлээ мунхаглана гэж хэн мэдэх билээ? Хуучин лит хэчнээн хуудастай байж чадах билээ? Энэ нь Бурханы бүх үйл хэргийг нарийн зөв тэмдэглэж үнэхээр чадах уу? Хэн үүнийг баталгаажуулж зүрхлэх вэ? Гэсэн ч хүн үгийг задлан шинжилж, дэмий юмаар хөөцөлдсөнөөр5 Бурханы илрэлтийг эрж хайж, Бурханы хүслийг хангана гэж үнэхээр бодож, улмаар амь руу орно гэж найддаг. Амь руу орохоор оролдох нь сонсогдож байгаа шигээ амархан гэж үү? Энэ нь хамгийн хөгийн утгагүй, буруу ташаа үндэслэл биш гэж үү? Чамд инээдтэй санагдахгүй байна уу?
Тайлбар:
1. “Хоёрдмол санаатай” гэдэг нь Бурханы ажлын талаарх тодорхой мэдлэг ухаан хүмүүст байдаггүй гэдгийг илтгэдэг.
2. “Хүч чадал багатай, асар болгоомжтой байх ёстой” гэдэг нь махан биеийн бэрхшээл дэндүү их, хийсэн ажил хэтэрхий хязгаарлагдмал гэдгийг илтгэдэг.
3. “Дэмий ярих” гэдэг нь Бурханы ажлыг судлах үеийн хүмүүсийн муухай нүүр царайг хэлсэн зүйрлэл юм.
4. “Яарсан” гэдэг нь “хөгшин хүн” Библиэс лавлахдаа тэсэн ядсан, яаруу тэвдүү үйл хөдлөл хийхийг хэлдэг.
5. “Үгийг задлан шинжилж, дэмий юмаар хөөцөлдөх” гэдэг нь үгээс болж дэмий юмаар хөөцөлддөг мөртөө үнэнийг эрж хайдаггүй, эсвэл Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, гажууд онолын мэргэжилтнүүдийг дооглохын тулд хэрэглэгдсэн.