Ажил ба оролт 10
Хүн төрөлхтөн өдий хүртэл ахиж дэвшсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй нөхцөл байдал юм. Бурханы ажил, хүний оролт зэрэгцэн урагшилдаг тул Бурханы ажил ч бас зүйрлэшгүй гайхамшигт үйл явдал билээ. Өнөөдрийг хүртэлх хүний оролт бол урьд нь хүний хэзээ ч төсөөлж байгаагүй гайхамшиг юм. Бурханы ажил оргилдоо хүрч, улмаар хүний “оролт”1 ч оргилдоо хүрлээ. Бурхан чадах чинээгээрээ Өөрийгөө дорд болгосон ба хүн төрөлхтөн, эсвэл орчлон ертөнц, бүх зүйлийн алийг нь ч огт эсэргүүцээгүй. Харин хүн Бурханы толгой дээр гарч, Бурханыг дарлах нь дээд цэгтээ хүрлээ; бүгд оргилдоо хүрч, зөвт байдлын өдөр болох цаг ирлээ. Газрыг дүнсгэр байдал бүрхэн, харанхуй бүх ард түмнийг нөмөрч байгааг юунд цааш үргэлжлүүлнэм? Бурхан хэдэн мянган жил, бүр олон түмэн жил ажиж, тэвчээр нь аль хэдийн туйлдаа хүрлээ. Хүн төрөлхтний хөдөлгөөн бүрийг Тэр ажиглан, хүний зөвт бус байдал хэчнээн удаан түйвээхийг ажиглаж ирсэн ч аль эрт хөшүүн болсон хүн юу ч мэдэрдэггүй. Тэгвэл Бурханы үйл хэргийг хэн ер нь ажсан юм бэ? Хэн харцаа дээш хандуулж, алсын бараа харав? Хэн чих тавин сонсов? Хэн ер нь Төгс Хүчитийн гарт байв? Хүмүүс бүгд хий хоосон айдаст автдаг.2 Бухал өвс, дэрс ямар хэрэгтэй юм бэ? Тэд бие махбодтой болсон Бурханыг үхтэл нь тамлаж л чадна. Хэдийгээр тэд бухал өвс, дэрснээс цаашгүй ч “бүгдээс гаргууд”3 хийдэг нэг зүйлтэй: тэр нь Бурханыг үхтэл нь тамлаад, дараа нь “хүмүүсийн зүрх сэтгэлийг энэ баясгадаг” гэж хашхирах явдал. Яасан нэмэргүй амьтад вэ! Гайхмаар нь, хүмүүсийн эцэс төгсгөлгүй урсгал дунд тэд анхаарлаа Бурханд хандуулж, Түүнийг нэвтэршгүй бүслэлтэд оруулдаг. Ааг омог нь улам бадран,4 Бурханыг бүлэглэн хүрээлж, алхам ч хөдөлж чадахааргүй болгодог. Тэд гартаа элдэв янзын зэвсэг бариад, дайснаа харж буй мэтээр Бурханыг харж, харц нь уур хилэнгээр дүүрэн байдаг; тэгээд “Бурханыг мөчилж хаяна” гэхээс тэсэж яддаг. Хэчнээн гайхмаар гээч! Хүн, Бурхан хоёр яагаад ийм эвлэршгүй дайснууд болчхов? Хамгаас хайр татам Бурхан болон хүний хооронд өшөө хорсол байгаа юм гэж үү? Бурханы үйлдэл хүнд ямар ч ашиг тусгүй юм гэж үү? Хүнийг хохироодог юм уу? Хүн далдичилгүй Бурханыг цоо ширтэж, бүслэлтийг нь Тэр сэтлэн, гуравдагч тэнгэр лүү буцаж очоод хүнийг дахин гянданд хийх вий гэхээс ихэд айдаг. Хүн Бурханаас сэрэмжлэн байж суух газраа олж яддаг бөгөөд алсад газар дээр эвхрэлдэн “автомат буу” бариад, хүмүүсийн дундах Бурхан руу онилдог. Өчүүхэн л хөдөлмөгц нь Бурханы хамаг бие, өмсөж зүүсэн бүхэн гээд бүх зүйлийг нь хүн газрын хөрснөөс арчин, юу ч үлдээхгүй мэт байдаг. Бурхан, хүн хоёрын харилцаа засаршгүй болжээ. Бурхан хүнд ойлгохын аргагүй байдаг; харин хүн албаар хараагүй дүр эсгэж, тэнэглэн, Миний оршин тогтнолыг огт харахыг хүсдэггүй, шүүлтийг минь уучилдаггүй. Иймээс хүнийг тааварлаагүй байх үед Би чимээгүйхэн хөвөн оддог бөгөөд хүнтэй хэн нь дээр, хэн нь доор болохоо харьцуулахаа болино. Хамгийн дорд “амьтан” болох хүн төрөлхтнийг Би цаашид анхаармааргүй байна. Би амар тайван оршин суудаг газартаа Өөрийн нигүүлслийг бүрэн дүүрнээр нь эргүүлэн аваачсан; хүн тун дуулгаваргүй тул Миний эрхэм нандин нигүүлслээс нэмж эдлэх ямар шалтгаан байх билээ? Өөрт минь дайсагнагч хүчинд Би нигүүлслээ хий дэмий хайрлахыг хүсдэггүй. Өөрийн нандин үр жимсийг Би махруу зүтгэлтэй, эргэн ирэхэд минь халуунаар угтдаг Канааны тариаланчдад олгоно. Тэнгэр мөнх оршоосой, бас хамгийн гол нь хүн хэзээ ч бүү хөгшрөөсэй, тэнгэр хүн хоёр үүрд амраасай, мөнх ногоон “нарс, майлс” Бурханыг үүр дагалдаж, тэнгэрүүдийг үүрд дагалдан өв тэгш эринд хамт ороосой гэж гэж л Би хүсдэг.
Би хүнтэй олон өдөр хоногийг хамт өнгөрүүлж, дэлхий ертөнцөд хүнтэй хамт оршин суусан бөгөөд хүнд хэзээ ч нэмж шаардлага тавиагүй; харин хүнийг зүгээр л ямагт урагш замчилж, гагцхүү заан чиглүүлдэг бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны төлөө зохицуулалтын ажлаа зогсолтгүй гүйцэтгэдэг. Тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэн ер нь ойлгосон юм бэ? Тэнгэр газрын хооронд хэн зорчсон юм бэ? Би “өтөл насанд нь” дахин хүнтэй хамт баймааргүй байна, учир нь хүн хэт хуучинсаг үзэлтэй болохоор юу ч ойлгодоггүй; хүн Миний бэлдсэн зоог дээр гэдэс гарахаас өөрийг мэддэггүй бөгөөд бусад бүх зүйлээс хол хөндий байж, өөр ямар ч асуудлыг хэзээ ч бодолцдоггүй. Хүн төрөлхтөн хэт харамч, хүмүүсийн дунд дуу шуугиан, уй гуниг, аюул эрсдэл хэт их учраас эцсийн өдрүүдэд олж авсан ялалтын эрхэм нандин жимсээ Би хуваалцахыг хүсдэггүй. Хүн Намайг угтан авдаггүй тул өөрийн бүтээсэн баялаг ерөөлийг эдлэг—хүн төрөлхтөн рүү Би яалаа гэж хүчээр инээмсэглэх ёстой юм бэ? Ертөнцийн өнцөг булан бүрд халуун дулаан алга, дэлхий дэх байгалийн бүх өнгө үзэмжид хаврын өчүүхэн ч ул мөр алга. Учир нь хүн усны амьтан мэт өчүүхэн ч халуун дулаангүй, цогцос шиг бөгөөд судсаар нь лугших цус хүртэл сэтгэл жиндээх хөлдүү мөс мэт. Халуун дулаан гэж хаана байна? Бурханыг хүн шалтгаангүйгээр загалмайд цовдлоод дараа нь өчүүхэн ч санаа зовоогүй. Хэн ч, хэзээ ч харамсаагүй бөгөөд энэ харгис дарангуйлагчид хүний Хүүг дахин нэг удаа “амьдаар нь барьж”5, гал нээх багийн өмнө аваачин сэтгэл дэх үзэн ядалтдаа цэг тавихаар төлөвлөсөөр л байна. Ийм аюултай газарт үлдэх нь Надад ямар ашигтай юм бэ? Үлдвэл хүмүүст хямрал, хүчирхийлэл л авчирч, эцэс төгсгөлгүй төвөг удах болно, учир нь Би хүнд гагцхүү дайн л авчирч байсан болохоос амар амгаланг хэзээ ч авчирч байсангүй. Хүн төрөлхтний эцсийн өдрүүд дайнаар дүүрэн байх ёстой, хүний хүрэх газар хямрал, хүчирхийлэл дунд нуран унах ёстой. Би дайны “баяслаас” хуваалцах хүсэлгүй, мөн хүнийг цус урсган, золиос гаргахад нь дагахгүй, учир нь хүнд гологдоод “гуниг гутралд” автсан Надад хүний дайныг харах зориг зүрх алга—хүмүүс сэтгэлээ ханатал тулалдаг. Би амармаар байна, нойрсмоор байна; хүн төрөлхтөнд эцсийн өдрүүдэд нь чөтгөрүүд хань болог! Миний хүслийг хэн мэдэх вэ? Хүмүүс Намайг угтан авдаггүй, мөн хэзээ ч хүлээгээгүй тул хүнтэй Би гагцхүү салах ёс хийж, бие биеэ хүсэн хүлээх хайрын бэлэг болгон хүн төрөлхтөнд хүрэх газрыг нь хайрлаад, бүх эд баялгаа хүнд үлдээн, Өөрийн амийг хүмүүсийн дунд тарьж, хүний зүрх сэтгэлийн талбайд амийн үрээ суулган, хүнд мөнхийн дурсамж үлдээж, бүх хайраа өгөөд, Өөрт байгаа хүний нандигнадаг бүхнийг хүнд өгдөг. Бид хоёр бие биеэ үүрд хайрласан ч болоосой, өчигдөр маань бидний бие биедээ өгдөг сайхан зүйл байсан ч болоосой, учир нь Би аль хэдийн Өөрийгөө бүхэлд нь хүн төрөлхтөнд өгсөн атал хүнд ямар гомдол байж болох билээ? Би аль эрт амиа бүгдийг нь хүнд үлдээж, хүн төрөлхтөнд зориулан хайрын үзэсгэлэнт газрыг хагалахын тулд үг дуугүй шаргуу хөдөлмөрлөлөө; Би хүнд хэзээ ч үндэслэлтэй шаардлага тавьж байгаагүй, харин гагцхүү хүний зохицуулалтыг дуулгавартай дагаж, хүн төрөлхтөнд илүү сайхан маргаашийг бүтээхээс өөрийг хийгээгүй.
Бурханы ажил элбэг баян боловч хүний оролт маш их дутагдаж байна. Хүн, Бурхан хоёрын хамтын “аж ахуй” бараг бүгд Бурханы ажил; хүн хэр их орсон тухайд үзүүлэх зүйл бараг алга. Үгээгүй хоосон, харалган хүн бүр “эртний зэвсэг” гартаа барин өнөөдрийн Бурхантай хүч үздэг. Эдгээр “балар эртний бич” арайхийн цэх алхаж, “нүцгэн” биеэсээ огт ичдэггүй. Тэд Бурханы ажлыг үнэлэх ямар эрхтэй юм бэ? Дөрвөн мөчтэй эдгээр бичний олонхынх нь харц хилэнгээр дүүрч, гартаа эртний чулуун зэвсэг бариад Бурханы эсрэг тэмцэж, ертөнцөд урьд нь хэзээ ч үзэгдээгүй бичин хүний тулаан эхлүүлэх, бичин хүн, Бурханы хооронд газар даяар нэрд гарах эцсийн өдрүүдийн тэмцээн зохиохоор оролдож байна. Түүнчлэн энэ хагас босоо эртний бичин хүмүүсийн олонх нь маадгар зангаар бялхдаг. Нүүрийг нь бүрхсэн үс ширэлдээтэй, тэд алах санаа өвөртлөн урд хоёр хөлөө өргөдөг. Орчин цагийн хүн болж бүрэн хувьсах болоогүй тул зарим үед тэд цэх зогсож, заримдаа мөлхөн, духанд нь хөлс бурзайж, хүсэл эрмэлзэл нь нүдэнд илхэн. Хариу тулалдах хүчгүй, цохилтоос арай ядан зайлж чадах лагс, удаан дөрвөн мөчтэй, тэдний хань хамсаатан болох онгон дагшин эртний бичин хүмүүсийн дөрвөн хөл дээрээ зогсохыг хараад тэд биеэ барьж ядна. Юу болоод өнгөрснийг харж амжихын завдалгүй, нүд ирмэхийн зуур дэвжээн дээрх “баатар” дөрвөн мөч нь дээш тэрийн газар ойчно. Ийм олон жил газар дээр буруу байрлаж байсан дөрвөн хөл нь гэнэт орвонгоороо эргэсэн бөгөөд бичин хүн цааш эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болдог. Энэ цаг үеэс хойш хамгийн эртний бичин хүн газрын хөрснөөс арчигддаг нь үнэхээр “эмгэнэлтэй”. Энэхүү эртний бичин хүн дэндүү гэнэтхэн амь үрэгдлээ. Хүний энэ гайхамшигт ертөнцөөс юунд ийнхүү яаран одов? Төлөвлөгөөнийхөө дараагийн алхмыг нөхөдтэйгөө юунд хэлэлцсэнгүй вэ? Бурхантай хүчээ үзэхийн нууцыг үлдээлгүй ертөнцөөс хагацсан нь яасан харамсалтай! Ийм өтөл бичин хүн “эртний соёл, урлагийг” үр удамдаа уламжлуулан үлдээхгүй, ганц ч үг ган хийлгүй үхсэн нь ямар бодлогогүй хэрэг вэ. Ойр дотнынхноо дэргэдээ дуудаж хайртай гэдгээ хэлэх цаг ч байсангүй, чулуун хавтан дээр ганц ч үг үл үлдээж, тэнгэрнарыг үл ялгаж, үгээр илэрхийлшгүй хүндрэл бэрхшээлийнхээ тухай юу ч хэлсэнгүй. Эцсийн амьсгал авахдаа үхэж буй биеийнхээ хажууд үр удмаа дуудаад, “дэвжээ рүү гарч Бурхантай бүү тэмцээрэй” гэж нүд анихынхаа өмнө хэлсэнгүй, дөрвөн мөч нь тэнгэр өөд ургасан модны мөчир адил үүрд дээш гозойно. Тэр бич гашуун үхлээр үхсэн мэт санагдана… Гэнэтхэн дэвжээний цаанаас түсхийн инээх дуулдаж, хагас босоо бичин хүмүүсийн нэг нь ухаан мэдрэлээ алджээ; хөгшин бичин хүнийхээс илүү хөгжсөн, буга юм уу бусад зэрлэг ан намнах зориулалттай “чулуун муна” барьсан тэрээр уур бухимдал дүүрэн, толгойдоо сайтар боловсруулсан төлөвлөгөөтэйгөөр6 дэвжээн дээр үсрэн гардаг. Тэгээд гавьяа байгуулсан мэт байдаг. Чулуун мунынхаа “хүчийг” ашиглан “гурван минутын” туршид цэх зогсож чаддаг. Энэхүү гуравдагч “хөл” яасан агуу “бяртай” гээч! Бадируун, эв хавгүй, мунхаг хагас босоо бичин хүнийг гурван минутын турш цэх зогсоолоо—энэхүү хүндэт7 хөгшин бичин хүн ийм эзэрхэг байгаад гайхах зүйл алга. Мэдээж хэрэг эртний чулуун зэвсэг “нэр төрийнхөө дайд хүрдэг”: Хутганы бариул, ир, үзүүр байвч ганц гэм нь ир нь гялалздаггүй—энэ хэчнээн энэлэнтэй. Бусад нь чадавхгүй дорд амьтад, өөрөө эрэлхэг баатар мэтээр дэвжээн дээр зогсоод, доор байх хүмүүсийг жигшсэн харцаар харах эрт үеийн “бяцхан баатрыг” дахин хар. Тэрээр зүрх сэтгэлдээ тайзны өмнөх хүмүүсийг чимээгүйхэн жигшдэг. “Улс орон хүндрэлд ороод байна, энэ дор бүрийн маань хариуцлага атал та нар юунд айж хулчийна вэ? Улс оронд гай гамшиг нүүрлэхийг хараад цус урсгасан тулаанд та нар оролцохгүй юм биш биз? Улс гай гамшгийн ирмэгт байхад яагаад та нар сэтгэл зовнихыг эн түрүүнд тавихгүй, зугаа цэнгэлийг адагт үлдээхгүй байна вэ? Улс орон дампуурч, ард түмэн доройтохыг та нар яаж харж тэвчинэ вэ? Үндэстнээ харийн эрхшээлд оруулах ичгүүрийг та нар үүрэхэд бэлэн гэж үү? Ямар гээч нэмэргүй амьтад вэ!” Ингэж бодох зуур нь тайзны өмнө зодоон үүсэж, бичин хүний нүд улам бүр уурсаж, дэлбэрэх8 гэж байгаа мэт болдог. Бурханыг тулааны өмнө бүтэлгүйтээсэй гэхээс тэсэж ядан, Бурханыг хөнөөж хүмүүсийг баярлуулна гэхээс байж яддаг. Чулуун зэвсэг нь зохисон нэр алдартай ч гэлээ Бурханд хэзээ ч дайсагнаж чадахгүй гэдгээ тэр огт мэддэггүй. Биеэ хамгаалж, хэвтэж, босож амжаагүй байхад нь түүний хоёр нүд хараагүй болж, тэр урагш хойш ганхана. Тэгээд эртний өвөг дээдэс рүүгээ унаад дахин босдоггүй; эртний бичин хүнийг чанга тэврээд дахин орь дуу тавьдаггүй бөгөөд өөрийн дорой байдлыг хүлээн зөвшөөрч, эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болдог. Энэ хоёр хөөрхий бичин хүн дэвжээний өмнө насан эцэслэдэг. Өнөөдрийг хүртэл амьд явсан хүн төрөлхтний өвөг дээдэс зөвт байдлын Нар илэрсэн өдөр мэдлэггүйгээсээ үүдэн амь үрэгдсэн нь золгүй еэ! Олон мянган жил хүлээсэн бичин хүмүүс ерөөл хүртэх өдрөө өөрсдийн ерөөлийг диаволуудын хаантай хамт “эдлэхээр” Үхэгсдийн орон руу аваачиж, ийм агуу ерөөлийг алдан өнгөрөөсөн нь хэчнээн мунхаг хэрэг вэ! Амьдын ертөнц дэх энэ ерөөлийг хүү охидтойгоо эдлэхээр хадгалж яагаад болсонгүй вэ? Тэд гагцхүү өөрсдөдөө гай дуудаж байна! Багахан байр суурь, нэр хүнд, нэрэлхүү зангийн төлөө амь үрэгдэх золгүйтэлтэй учирч, тамын хаалгыг нээж, тамын хөвгүүд болохоор уралдаж байгаа нь юутай харамсалтай. Ийм төлөөс огт шаардлагагүй. “Үндэсний үзлээр тэгтлээ бялхаж явсан” эртний өвөг дээдэс “өөрсдөдөө тэгтлээ хатуурхаж, бусдад маш хүлцэнгүй хандаж”, өөрсдийгөө тамд унаган, өнөөх чадваргүй дорд амьтдыг гадна үлдээсэн нь юутай харамсалтай. Ийм “ардын төлөөлөгчид” хаанаас олдох юм бэ? Тэд “үр хүүхдийнхээ сайн сайхны” төлөө, “ирээдүй хойч үеийн амар тайван амьдралын” төлөө, Бурханы үймүүлэхийг зөвшөөрдөггүй тул өөрсдийн амийг үл хайхардаг. Мөн “үндэстний төлөө” цааргагүйгээр өөрсдийгөө зориулж, Үхэгсдийн оронд үг дуугүй ордог. Ийм үндэсний үзлийг хаанаас олж болох вэ? Бурхантай тулалдаж байхдаа тэд үхэхээс ч, цус урсгахаас ч айдаггүй, маргаашийн төлөө бүр ч санаа зовдоггүй. Тэд зүгээр л тулааны талбарт гардаг. “Зориулах сэтгэлийнхээ” хариуд тэд гагцхүү мөнхийн гэмшилд автаж, мөнх дүрэлзэх тамын галд шатдаг нь хэчнээн хөөрхийлөлтэй!
Ямар сонирхолтой юм бэ! Бие махбодтой болсон Бурханыг хүмүүс яагаад байнга голж, хараан зүхэж ирсэн бэ? Бие махбодтой болсон Бурханы талаар хүмүүс яагаад ямар ч ойлголтгүй байдаг юм бэ? Бурхан буруу цаг үедээ ирсэн юм гэж үү? Бурхан буруу газар ирчихсэн юм гэж үү? Бурхан хүний “зөвшөөрсөн гэх гарын үсэггүйгээр” бие даан үйлдсэнээс үүдэн ийм зүйл тохиолдсон юм гэж үү? Хүний зөвшөөрөлгүйгээр Бурхан шийдвэр гаргаснаас болсон юм гэж үү? Бурхан урьдчилан сануулга өгснийг баримтууд өгүүлдэг. Бурхан махбод болохдоо ямар ч буруу зүйл хийгээгүй—Тэр хүнээс зөвшөөрөл авах ёстой гэж үү? Түүнчлэн Бурхан хүнд аль эрт сануулсныг магадгүй хүмүүс мартчихсан бололтой. Хүн буруугүй, учир нь тэр аль эрт Сатаны завхралд өртөөд сүнсний ертөнцөд юу тохиож буй талаар байтугай тэнгэрийн дор өрнөж буй зүйлсийн талаар ч юу ч ойлгож чаддаггүй! Хүний өвөг дээдэс болох бичин хүн дэвжээн дээр амь үрэгдсэн нь тун харамсалтай хэдий ч гайхах зүйл биш: Тэнгэр, газар хоёр хэзээ ч нийцтэй байгаагүй атал усан толгойтой бичин хүн Бурханыг дахин махбод болно гэж сэтгэж яахан чадах билээ? “Жаран нас” хүрсэн ийм “хөгшин хүн” Бурхан илэрсэн өдөр насан эцэслэсэн нь хэчнээн гунигтай. Ийм агуу ерөөл ирэх үед ертөнцийг ерөөлгүй орхин одсон нь гайхалтай хэрэг бус уу? Бие махбодтой болсон Бурхан бүх шашин, давхаргыг донсолгож, шашны хүрээний анхдагч дэг журмыг “үймүүлж”, Бурхан илрэхийг хүсэн мөрөөсдөг бүх хүний зүрх сэтгэлийг донсолгосон. Дээдлэн хүндлэхгүй хэн байна? Бурхантай уулзах гэж хүсэн хүлээхгүй хэн байна? Хүмүүсийн дунд Бурхан олон жил биечлэн байсан ч хүн үүнийг хэзээ ч ухаараагүй. Өнөөдөр Бурхан Өөрөө гарч ирж, ялгамж чанараа олон түмэнд тунхагласан байхад яагаад энэ нь хүний зүрх сэтгэлд баясал авчирч үл чадав? Бурхан нэгэн цагт хүнтэй баяр гунигаа хуваалцсан бол өнөөдөр хүн төрөлхтөнтэй дахин уулзаад өнгөрч одсон цаг хугацааны шастирыг хуваалцдаг. Иудагаас явсных нь дараа хүмүүс Түүний ямар ч ул мөрийг олж чадаагүй. Бурхантай дахин нэг уулзах сан гэж хүсэн мөрөөсдөг тэд өнөөдөр Түүнтэй ахин нүүр учирч, дахин уулзсан гэдгээ огт мэддэггүй. Энэ нь өчигдрийг санагдуулахаас өөр яалтай? Хоёр мянган жилийн өмнөх энэ өдөр иудейчүүдийн үр удам болох Ионагийн хүү Симон Аврагч Есүсийг харж, Түүнтэй нэг ширээнд хооллож, Түүнийг олон жил дагасныхаа дараа улам их хайрлах болсон: Тэр Эзэн Есүсийг чин сэтгэлээсээ хайрлан, асар их хайртай байсан билээ. Жавартай тэжээлийн онгоцонд төрсөн алтан шаргал үстэй нярай нь бие махбодтой болсон Бурханы эхний дүр гэдгийг иудейчүүд огт мэдээгүй. Түүнийг өөрсөдтэйгөө адилхан гэж бүгд бодоцгоон, ялгаатай гэж хэн ч бодоогүй—энэхүү ердийн, эгэл Есүсийг хүмүүс яаж таньж чадах билээ? Иудейчүүд Түүнийг тухайн цаг үеийн иудей хүү гэж бодоцгоосон юм. Хэн ч Түүнийг хайр татам Бурхан гэж хараагүй бөгөөд хүмүүс Түүнд гагцхүү сохроор шаардлага тавьж, арвин баялаг ерөөл, амар амгалан, баяр баясал хайрлаач гэж хүссэн. Саятан мэт Түүнд хүний хүсэж болох бүх зүйл бий гэдгийг л тэд мэдэж байлаа. Гэвч хүмүүс Түүнд хэзээ ч хайр татам Нэгэн хэмээн хандаагүй; тэр үеийн хүмүүс Түүнийг хайрлаагүй, гагцхүү эсэргүүцэж, бодлогогүй шаардлага тавьсан. Есүс хэзээ ч эсэргүүцээгүй, харин Өөрийг нь мэдэхгүй байсан ч гэлээ хүнд цаг ямагт нигүүлсэл хайрласан юм. Тэр чимээгүйхнээр хүмүүст гагцхүү халуун дулаан, хайр, өршөөл хайрлан, хэрэгжүүлэх шинэ арга замыг өгч, хуулийн хүлээсээс хүнийг гаргасан. Хүн Түүнийг хайрлаагүй, гагцхүү Түүнд атаархаж, гойд авьяас билгийг нь таньсан. Хайр татам Аврагч Есүс хүн төрөлхтний дунд ирэх үедээ хэчнээн их доромжлол туулсныг харалган хүн төрөлхтөн яахан мэдэх билээ? Түүний зовуурийг хэн ч бодолцож үзээгүй, Эцэг Бурханыг гэх хайрыг нь хэн ч мэдээгүй, Түүний ганцаардлыг хэн ч мэдэж чадаагүй; Мариа төрсөн эх нь хэдий ч өршөөлт Эзэн Есүсийн сэтгэл дэх бодлыг яахан мэдэх билээ? Хүний Хүүгийн туулсан үгээр илэрхийлшгүй зовлонг хэн мэдэх билээ? Хүмүүс хүсэлт тавьсныхаа дараа Түүнийг цэвдгээр үл ойшоон, гадагш хаясан. Иймээс Есүс өдрөөс өдөрт, жилээс жилд гудамжаар хэрэн хэсэж, олон жил тэнүүчилсээр урт атлаа ахархан гучин гурван хүнд бэрх жилийг өнгөрөөсөн юм. Хүмүүс хэрэгтэй үедээ инээмсэглэсэн царай гарган Түүнийг гэртээ урьж, шаардлага тавихаар оролддог байлаа—харин тус нэмрийг нь авсныхаа дараа хаалгаар даруй хөөн гаргадаг байв. Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, цусыг нь ууж, хайрласан нигүүлслийг нь эдэлсэн атлаа өөрсдөд нь хэн амь хайрласныг хэзээ ч мэддэггүй байснаасаа болж Түүнийг бас эсэргүүцсэн. Эцэст нь Есүсийг загалмайд цовдолсон ч Тэр ганц ч үг дуугараагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй л байна. Хүмүүс Түүний махыг идэж, цусыг ууж, өөрсдөд нь зориулан бэлддэг хоол хүнсийг нь идэцгээн, нээсэн замаар нь алхдаг атлаа Түүнийг голохоор санаархсан хэвээр байдаг; үнэндээ тэд өөрсдөд нь амь хайрласан Бурханд дайсан мэт хандаж, өөрсөд шиг нь боол хүмүүст тэнгэр Эцэг мэт ханддаг. Ингэснээрээ тэд Түүнийг албаар эсэргүүцдэг бус уу? Есүс хэрхэн загалмай дээр амь тавих болов? Та нар мэдэх үү? Өөрт нь хамгийн ойр дотно байсан, Өөрийг нь идэж, ууж, эдэлж байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Есүс шалихгүй, хэвийн багшаас цаашгүй байсан учраас Иудас урвасан бус уу? Есүс ер бусын, тэнгэрийн Нэгэн гэдгийг хүмүүс үнэхээр олж харсан бол хорин дөрвөн цагийн туршид загалмайд амьдаар нь цовдолж, эцэст нь Түүнийг амьсгал хураахад хүргэж яахан чадах билээ? Бурханыг хэн мэдэж чадах вэ? Хүмүүс гагцхүү ханаж цадашгүй шуналтайгаар Бурханыг эдэлдэг атлаа Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй. Гар бариад бугуй барих хүмүүс “Есүсийг” тушаал, захирамждаа бүрэн дуулгавартай болгосон юм. Толгой тавих газаргүй хүний энэ Хүүд хэн ер нь өршөөнгүй байдлаар хандсан юм бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүч нэгтгэх талаар хэн ер нь бодолцсон юм бэ? Хэн ер нь Түүний талаар бодож үзсэн юм бэ? Хэн ер нь Түүний хүндрэл бэрхшээлийг хайхарч ирсэн юм бэ? Өчүүхэн ч хайргүйгээр хүн Түүнийг нааш цааш угзардаг; өөрийнх нь гэрэл, амь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд шаналал туулсан хоёр мянган жилийн өмнөх “Есүсийг” яаж дахин нэг удаа цовдлохоо нууцхан төлөвлөхөөс өөр юу ч хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм их үзэн ядалт төрүүлдэг гэж үү? Түүний хийсэн бүхэн аль эрт мартагдсан гэж үү? Олон мянган жил хуримтлагдсан үзэн ядалт эцэст нь оргилон гарах болно. Иудейчүүдийн өрөөсөн дугуй та нар! “Есүс” та нарт хэзээ дайсагнасан болоод Түүнийг та нар тэгтлээ их үзэн ядах ёстой юм бэ? Тэр маш ихийг хийж, маш их үг хэлсний аль нь ч та нарт ашиг тус болоогүй юу? Хариуд нь юу ч нэхэлгүй амиа өгч, Өөрийгөө та нарт бүрэн дүүрэн өгсөн атал Түүнийг амьдаар нь барьж идэхийг хүссээр байгаа юм гэж үү? Тэр юугаа ч харамлалгүй, ертөнцийн алдар суу, хүмүүсийн дундах халуун дулаан, хайр, бүх ерөөлийг эдлэлгүйгээр та нарт бүхнээ өгсөн. Хүмүүс Түүнд маш муухай ханддаг, газар дэлхийн бүх эд баялгийг хэзээ ч эдлээгүй, чин үнэнч, оргилуун зүрх сэтгэлээ хүнд бүрэн дүүрэн зориулдаг, Өөрийгөө хүн төрөлхтний төлөө бүрэн дүүрэн зориулсан Түүнд хэн ер нь халуун дулааныг өгөв? Хэн ер нь Түүнийг тайтгаруулав? Хүн Түүнд бүхий л дарамтыг өгч, хамаг золгүйтлээ Түүнд нялзаан, хүмүүсийн дундах хамгийн золгүй туршлагыг Түүнд тулгасан бөгөөд бүхий л шударга бус явдалд Түүнийг буруутгаж, үүнийг нь Тэр үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Есүс ер нь хэн нэгэнд эсэргүүцэл илэрхийлсэн гэж үү? Хэн нэгнээс ер нь жаахан нөхөн төлбөр нэхсэн гэж үү? Хэн ер нь Түүнийг өрөвдөж үзсэн юм бэ? Хэвийн хүмүүс та нарын хэн нь хүүхэд насандаа хайраар дутаа вэ? Хэнд чинь өнгөлөг сайхан залуу нас байгаагүй вэ? Хэн чинь хайртай хүмүүсийнхээ халуун дулаанаар дутнам? Хэнд хамаатан садан, найз нөхдийн хайр үгүйлэгдэнэ вэ? Хэн бусдаас хүндлэл хүлээхгүй байна? Халуун дулаан гэр бүлгүй хэн байна? Итгэмжит хүний тайтгарлаар хэн дутнам? Гэтэл Есүс ер нь эдгээрийн аль нэгийг эдэлж байсан гэж үү? Хэн ер нь Түүнд багахан халуун дулааныг мэдрүүлсэн юм бэ? Хэн Түүнд өчүүхэн ч болов тайтгарал өгсөн юм бэ? Хэн ер нь Түүнд хүний багахан ёс суртахууныг харуулсан юм бэ? Хэн Түүнийг ер нь хүлцэж байсан юм бэ? Хүнд хэцүү цаг үед хэн ер нь Түүнтэй хамт байсан юм бэ? Хүнд хэцүү амьдралыг хэн ер нь Түүнтэй хамт өнгөрөөсөн юм бэ? Хүн Түүнд тавих шаардлагаа хэзээ ч сулруулаагүй; зүгээр л ямар ч эргэлзээгүйгээр шаардлага тавьдаг бөгөөд хүний ертөнцөд ирээд Тэр хүний шар үхэр, морь, хоригдол байж, хүнд бүхнээ өгөх ёстой мэт байдаг; эс бөгөөс хүн Түүнийг хэзээ ч уучлахгүй, Түүнд хэзээ ч зөөлөн хандахгүй, Түүнийг хэзээ ч Бурхан гэж дуудахгүй, мөн Түүнийг хэзээ ч сайнаар бодохгүй. Хүн Бурханыг үхтэл нь шаналгахаар шийдсэн мэт Бурханд хэтэрхий хатуу ханддаг бөгөөд үхсэнийх нь дараа л Бурханд тавих шаардлагаа сулруулна; эс бөгөөс Бурханд тавих шаардлагынхаа стандартыг хэзээ ч бууруулахгүй. Ийм хүнийг Бурхан жигшихгүй байж яаж чадах юм бэ? Энэ нь өнөөдрийн эмгэнэл бус уу? Хүний мөс чанар хаана ч алга. Хүн Бурханы хайрыг хариулна гэж хэлсээр байгаа ч Бурханыг шинжиж, үхтэл нь тамладаг. Өвөг дээдсээс уламжилж ирсэн Бурханд итгэхийн “нууц жор” энэ бус уу? “Иудейчүүд” байхгүй газар гэж алга, өнөөдөр тэд өнөөх л ажлаа хийж, Бурханыг эсэргүүцэх нэг л ажлаа гүйцэлдүүлэх атлаа өөрсдөө Бурханыг дээдэлж байна гэж боддог. Хүн хоёр нүдээрээ Бурханыг таньж яахан чадах билээ? Махан биед амьдардаг хүн Бурханыг Сүнснээс ирсэн бие махбодтой болсон Бурхан хэмээн үзэж яахан чадах билээ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дунд үнэн гэж хаана байна вэ? Жинхэнэ зөв шударга байдал хаана байна вэ? Бурханы зан чанарыг хэн мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн тэмцэж чадах вэ? Бурханыг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч мэдэлгүйгээр голсонд гайхах зүйл алга. Хүн Бурханы оршин тогтнолыг хүлцэж яахан чадах вэ? Ертөнцийн харанхуйг гэрэл үлдэн хөөхийг хүн яаж зөвшөөрөх билээ? Энэ бүхэнд хүн нэр төртэйгөөр зүтгэдэг бус уу? Энэ нь хүний шулуун шударга оролт бус уу? Гэтэл Бурханы ажил хүний оролтод төвлөрдөг бус уу? Та нар Бурханы ажлыг хүний оролттой нэгтгэн Бурхан, хүн хоёрын хооронд сайн харилцаа тогтоож, хүний биелүүлэх учиртай үүргийг чадах чинээгээрээ биелүүлээсэй гэж Би хүсэж байна. Ийм маягаар дараа нь Бурханы ажил эцэслэж, Тэр алдар сууг олж авснаар төгсөх болно!
Тайлбар:
1. Энд “хүний ‘оролт’” гэдэг нь хүний дуулгаваргүй зан араншинг илтгэж байна. Хүмүүс амь руу орох эерэг зүйлийг хэлэхээс илүүтэй тэдний сөрөг зан араншин, үйлдлийг энэ нь хэлдэг. Энэ нь Бурханыг эсэргүүцдэг хүний бүх үйлийг ерөнхийд нь хэлж байгаа болно.
2. “Хий хоосон айдаст автдаг” гэдэг нь хүний хүн чанарын төөрөлдсөн амьдралыг егөөджээ. Энэ нь чөтгөрүүдтэй хамт амьдардаг хүн төрөлхтний амьдралын үзэшгүй муухай байдлыг хэлсэн болно.
3. “Бүгдээс гаргууд” гэдгийг егөөдсөн байдлаар хэлжээ.
4. “Ааг омог нь улам бадран” гэж егөөдөн хэлсэн бөгөөд энэ нь хүний үзэшгүй муухай байдлыг хэлдэг.
5. “Амьдаар нь барих” гэдэг нь хүний балмад, жигшүүртэй зан араншинг хэлж байна. Хүн Бурханд зэрлэг балмад хандаж, өчүүхэн ч уучлал үл үзүүлэн, утгагүй шаардлага тавьдаг.
6. “Толгойдоо сайтар боловсруулсан төлөвлөгөөтэй” гэж егөөдөн хэлсэн бөгөөд хүмүүс өөрсдийгөө мэддэггүй, биеийн бодит хэмжээгээ мэддэггүйг илтгэжээ. Энэ нь доромж үг юм.
7. “Хүндэт” хэмээн егөөдөн хэлжээ.
8. “Дэлбэрэх” гэсэн нь Бурханд ялагдах үедээ уур бухимдлаар дүүрдэг хүмүүсийн үзэшгүй муухай төлөв байдлыг илтгэжээ. Энэ нь Бурханыг эсэргүүцдэг хэр хэмжээг нь илтгэдэг.