Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?
Байлдан дагуулагддаг хүмүүс бол товойлгогчид бөгөөд хүмүүс төгс болгуулсныхаа дараа л эцсийн өдрүүдийн ажлын үлгэр жишээ, загвар болдог. Бүрэн төгс болгуулахаасаа өмнө тэд бол товойлгогчид, хэрэгсэл, мөн түүнчлэн хүчин зүтгэгчид юм. Бурханаар бүрэн байлдан дагуулагдсан хүмүүс бол Түүний удирдлагын ажлын биелэлт, мөн үлгэр жишээ, загвар билээ. Тийм хүмүүсийг дүрслэхэд ашигласан энэ үг шалихгүй байж болох ч олон сонирхолтой түүхийг илчилдэг. Өчүүхэн итгэлтэй та нар үргэлж шалихгүй цолны төлөө нүүрээ минчийтэл маргалдаж, заримдаа үүнээс үүдэн харилцаа чинь ч сүйрдэг. Хэдийгээр энэ нь ердөө жаахан цол боловч та нарын бодол санаанд, та нарын итгэлд энэ нь авцалдаагүй нэг нэрээс хавьгүй илүүгээр үл барам, харин хувь заяатай чинь хамаатай чухал хэрэг явдал юм. Иймээс эрүүл ухаангүй хүмүүс иймэрхүү жаахан юмнаас болж үргэлж асар их хохирол амсана—энэ бол ялихгүй юманд ямааны гарз гаргаж байгаа хэрэг мөн. Та нар шалихгүй цолноос болж зугтан одоод, хэзээ ч эргэж ирэхгүй. Энэ нь амийг чухал биш гэж үздэгээс чинь болж байгаа бөгөөд та нар ямар нэрээр дуудагдах тухайдаа хэтэрхий их ач холбогдол өгдөг. Иймээс сүнслэг амьдралдаа, бүр бодит амьдралдаа ч гэсэн та нар байр суурийн талаарх үзлээсээ болж олон ярвигтай, хачин түүхийг үргэлж бий болгоно. Та нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй ч бодит амьдралд чинь ийм хүмүүс үнэхээр байдаг гэдгийг Би хэлье, гэхдээ та нар хараахан нэг нэгээрээ илчлэгдээгүй. Ийм төрлийн зүйлс та бүхний амьдралд тохиолдож байсан. Хэрвээ чи үүнд итгэхгүй бол доор буй, нэг эгчийн (эсвэл ахын) амьдралын товч дүрслэлийг хар. Тэр хүн үнэндээ чи ч байх боломжтой, эсвэл таньдаг хүн чинь байж ч магадгүй. Хэрвээ Би андуураагүй бол энэхүү товч дүрслэл нь чамд байсан туршлагыг дүрсэлдэг. Энэхүү дүрслэлд юу ч дутагдаагүй, ганц бодол, санаа ч орхигдоогүй, харин бүхэлдээ энэ түүхэнд тэмдэглэгдсэн. Хэрвээ итгэхгүй бол эхлээд зүгээр л уншаад үз.
Энэ бол “сүнслэг хүний” нэгэн жаахан туршлага юм.
Чуулганы ах эгч нарын хийсэн олон зүйл Бурханы хүсэлтэй нийцэхгүй байгааг хараад тэр эгч бачимдаж, тэднийг ийнхүү загнаж эхэлжээ: “Өөдгүй амьтад! Та нарт ер нь мөс чанар алга уу? Яагаад та нар үнэндээ мөс чанаргүй зүйл хийж байгаа юм бэ? Хүссэн болгоноо хийхийн оронд яагаад үнэнийг эрж хайдаггүй юм бэ?… Би та нарт ингэж хэлж байгаа ч бас өөрийгөө үзэн ядаж байна. Бурхан тэсэн ядаж байгааг хараад би дотроо шатдаг. Надад Бурханы даалгасан ажлыг бүрэн биелүүлэхийг би үнэхээр хүсдэг, бас та нарт үйлчлэхийг үнэхээр хүсдэг. Гэхдээ яг одоо бол би маш сул дорой байна. Бурхан бидэнд маш их цаг зарцуулж, маш олон үг хэлсэн боловч бид одоо ч хэвээрээ л байна. Зүрх сэтгэлдээ би Бурханд хэтэрхий их өртэйгөө үргэлж мэдэрдэг…” (Үргэлжлүүлэн ярьж чадалгүй, уйлж эхлэв.) Дараа нь тэр ийнхүү залбирч эхэллээ: “Өө Бурхан минь! Надад хүч чадал өгч, миний сэтгэлийг урьдынхаасаа ч их хөдөлгөөч гэж би Танаас гуйж байна, Таны Сүнс надад ажиллах болтугай. Би Тантай хамтран ажиллахад бэлэн байна. Эцэст нь Та алдрыг олж авах л юм бол амиа өгөх ёстой байсан ч гэсэн, яг одоо би өөрийгөө бүхэлд нь Танд өгөхөд бэлэн байна. Бид асар их магтаал өргөхийг хүсэж байна, ингэснээр ах эгч нар Таны ариун нэрийг магтаж, Таныг алдаршуулж, Таныг илэрхийлж, Таны ажил үнэн зөв гэдгийг тогтоож, Таны үүрдэг ачаанд бүх анхаарлаа хандуулахын тулд баяр хөөртэйгөөр дуулж, бүжиглэж чадна…” Тэр ийм маягаар чин сэтгэлээсээ залбирсан бөгөөд Ариун Сүнс үнэхээр түүнд ачаа өгчээ. Энэ хугацаанд тэр эгч маш их ачаа үүрч, бүхэл өдөржингөө уншиж, бичиж, сонсож өнгөрүүллээ. Тэр чадах чинээгээрээ завгүй байв. Түүний сүнслэг байдал гойд сайн байсан бөгөөд зүрх сэтгэлдээ үргэлж эрч хүчтэй, ачаатай байсан юм. Хааяа хааяа сул дорой болж, хана мөргөж байсан боловч тун удалгүй хэвийн байдалдаа эргэн ордог байжээ. Иймэрхүү хэсэг хугацааны дараа түүний ахиц тун хурдацтай байдаг байсан бөгөөд тэрээр Бурханы олон үгийг ойлгож чадсанаас гадна магтан дуунуудыг хурдан сурч—ерөнхийдөө түүний сүнслэг байдал гойд сайн байв. Чуулган дахь олон зүйл Бурханы хүсэлтэй нийцэхгүй байгааг харах үедээ тэр бачимдаж: “Энэ чинь үүрэгтээ үнэнч байгаа хэрэг үү? Та нар яагаад ийм жаахан төлөөс ч төлж чаддаггүй юм бэ? Хэрвээ та нар үүнийг хийхийг хүсэхгүй бол би хийнэ …” хэмээн ах эгч нараа зэмлэжээ.
Ачаатай байх үед Ариун Сүнс ажиллах тусам түүнд төдий чинээ өөртөө итгэлтэй санагдаж байв. Тэр хааяа зарим нэг бэрхшээлтэй тулгарч, идэвхгүй болж байсан боловч үүнийг давж гарч чаддаг байлаа. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ажлыг туулах үед, нөхцөл байдал нь гайхалтай байх үед ч гэсэн тэр эгч тодорхой нэг бэрхшээл, бага зэргийн сул дорой байдлаас зайлсхийж мөн л чадаагүй. Ийм зүйлс зайлшгүй тохиолддог боловч тун удалгүй тэр тэдгээр байдлаас гарч чаддаг байлаа. Сул дорой байдлыг мэдрэх үедээ залбираад биеийн хэмжээ нь үнэхээр хангалтгүй гэдгийг мэдэрдэг байсан боловч Бурхантай хамтран ажиллахад бэлэн байв. Бурхан юу ч хийсэн бай, Түүний хүслийг хангалуун байлгаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байлаа. Түүний талаар тодорхой санал бодол болон сэжиг таамагтай зарим хүн байсан ч тэрээр өөрийгөө хойш тавьж, идэвх санаачилгатайгаар тэдэнтэй хамт нөхөрлөж чаддаг байсан юм. Ариун Сүнс хэвийн ажлаа гүйцэтгэх үеэр хүмүүсийн байр байдал иймэрхүү байдаг. Хэсэг хугацааны дараа Бурханы ажил өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд хүмүүс бүгдээрээ ажлын өөр алхамд орж, Бурхан тэдэнд өөр шаардлага тавьсан юм. Иймээс хүмүүст шинэ шаардлага тавьсан шинэ үг хэлсэн байв: “…Би та нарыг зөвхөн үзэн яддаг, хэзээ ч ерөөдөггүй. Надад та нарыг ерөөх бодол хэзээ ч байгаагүй, бүрэн төгс болгох бодол ч байгаагүй, учир нь та нар хэтэрхий тэрслүү. Та нар шударга бус агаад ов мэхтэй, хэв чанараар дутмаг, дорд байр суурьтай учраас Миний хараанд юм уу Миний зүрх сэтгэлд хэзээ ч байгаагүй. Миний ажил та нарыг яллах ганцхан санаа зорилготой хийгддэг; Миний гар та нараас хэзээ ч хол байгаагүй, Миний гэсгээлт ч хол байгаагүй. Би та нарыг үргэлжлүүлэн шүүж, хараасан. Та нарт Миний тухай ямар ч ойлголт байхгүй учраас Миний уур хилэн үргэлж та нар дээр байсан. Би үргэлж та нарын дунд ажилласан хэдий ч та нарт хандах Миний хандлагыг та нар мэдэх ёстой. Энэ нь гагцхүү зэвүүцэл л байдаг—өөр ямар ч хандлага юм уу санал байхгүй. Та нар Миний мэргэн ухаан ба Миний агуу хүч чадлыг товойлгогч болон ажиллаасай л гэж Би хүсдэг. Та нар бол Миний товойлгогчдоос өөр юу ч биш, учир нь та нарын тэрслүү байдлаар Миний зөвт байдал илчлэгддэг. Өөрийн ажлын төлөө Би та нарыг товойлгогч болгож, Өөрийн ажлын хавсралт болгон ажиллуулна…” “Хавсралт” болон “товойлгогч” хэмээх үгсийг хармагцаа тэр эгч ингэж бодож эхэлсэн: “Ийм үгийг би яаж дагах юм бэ? Ийм төлөөс төлчхөөд би товойлгогч хэвээр байна. Товойлгогч нь ердөө үйлчлэл үзүүлэгч биш гэж үү? Бид үйлчлэл үзүүлэгч болохгүй, харин Бурханы ардууд болно гэж өмнө нь хэлж байсан атал өнөөдөр бид үйлчлэл үзүүлэгчдийн үүрэгтэй байгаа бус уу? Үйлчлэл үзүүлэгчдэд амь байдаггүй бус уу? Би хэчнээн их зовлон туулсан ч, Бурхан үүний төлөө намайг магтахгүй! Товойлгогч байж гүйцсэний минь дараа тэгээд л дуусах бус уу?…” Тэр эгч энэ талаар бодох тусмаа төдий чинээ их гутарчээ. Тэр чуулганд ирээд ах эгч нарынхаа байдлыг харах үедээ бүр ч тавгүйтэж: “Та нар зүгээр биш! Би бас зүгээр биш байна! Би сөрөг болчихлоо. Өө! Яах ч билээ дээ? Бурхан одоо ч биднийг хүсдэггүй. Ийм төрлийн ажил хийснээрээ Тэр биднийг сөрөг болгохгүй байна гэж байхгүй. Миний юу болохгүй байгааг би мэдэхгүй байна. Би бүр залбирахыг ч хүсэхгүй байна. Ямартай ч би яг одоо зүгээр биш байна, дотоод хүчээ дайчилж үнэхээр чадахгүй нь. Би олон удаа залбирсан боловч үргэлжлүүлж бас л чадахгүй, үргэлжлүүлэхийг ч хүсэхгүй байна. Би ингэж л харж байна. Бурхан биднийг товойлгогчид гэж хэлдэг, тэгвэл ‘товойлгогчид’ нь үйлчлэл үзүүлэгчид төдий биш гэж үү? Бурхан биднийг Түүний хөвгүүд, эсвэл ардууд биш, харин товойлгогчид гэж хэлдэг. Бид Түүний ууган хөвгүүд байх нь байтугай, хөвгүүд нь ч биш. Бид юу ч биш, ердөө л товойлгогчид. Хэрвээ бид тийм юм бол таатай үр дүнтэй байх боломжтой гэж үү? Товойлгогчдод ямар ч найдвар байхгүй, учир нь тэдэнд амь байдаггүй. Хэрвээ бид Түүний хөвгүүд, Түүний ардууд байсан бол найдвар байх байсан—бид бүрэн төгс болгуулж чадах байсан. Товойлгогчид Бурханы амийг агуулж чадах уу? Өөрийнх нь төлөө үйлчлэл үзүүлдэг хүмүүст Бурхан амь оруулж чадах уу? Түүний хайрладаг хүмүүс бол Түүний амьтай хүмүүс бөгөөд Түүний амьтай хүмүүс л Түүний хөвгүүд, ардууд юм. Хэдийгээр би сөрөг, сул дорой байгаа ч та бүхнийг сөрөг биш гэж найдаж байна. Ийм маягаар ухарч няцан, сөрөг байх нь Бурханы хүслийг хангалуун байлгаж чадахгүй гэдгийг мэдэж байгаа ч би товойлгогч байхыг хүсэхгүй байна. Би товойлгогч байхаас айдаг. Ямартай ч надад иймхэн л эрч хүч байгаа бөгөөд би одоо цааш үргэлжлүүлэн явж чадахгүй. Та нарын нэг нь ч над шиг байхгүй, харин надаас тодорхой хэмжээний урам зориг олж авч чадна гэж би найдаж байна. Надад үхчихдэг болоосой гэж ч санагдаж байна! Үхэхээсээ өмнө би та нарт эцсийн үгээ үлдээе—та нар эцсээ хүртэл товойлгогч болон үйлдэж чадна гэж би найдаж байна; эцэст нь Бурхан магадгүй товойлгогчдыг магтах байх…” Ах эгч нар үүнийг харах үедээ: “Эгч яаж ийм сөрөг байж чадаж байна аа? Сүүлийн хэдэн өдөр зүв зүгээр байсан биз дээ? Яагаад гэнэтхэн ийм хүйтэн болчхов оо? Яагаад хэвийн биш байна вэ?” гэж гайхжээ. Тэрээр: “Намайг хэвийн биш байна гэж бүү хэл. Үнэндээ би зүрх сэтгэлдээ бүхнийг тодорхой мэдэж байгаа. Бурханы хүслийг хангалуун байлгаагүй гэдгээ би мэднэ, гэхдээ энэ нь би Түүний товойлгогч болохыг хүсэхгүй байгаагаас л болсон бус уу? Би ямар ч муу юм хийгээгүй. Магадгүй нэг өдөр Бурхан ‘товойлгогчдын’ цолыг ‘бүтээл’ болгож, түүгээр ч үл барам чухалчлан ашигладаг бүтээлээ болгон өөрчлөх байх. Энд бага зэрэг найдвар байгаа бус уу? Та нар сөрөг, урам хугарсан байдалтай байлгүй, Бурханыг үргэлжлүүлэн дагаж, товойлгогч болон үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийж чадна гэж би найдаж байна. Ямартай ч би үргэлжлүүлж чадахгүй. Миний үйлдлээр бүү хязгаарлагд” гэж хэлсэн. Бусад хүмүүс түүнийг сонсоод: “Чи Түүнийг дагахаа больсон ч гэсэн бид үргэлжлүүлнэ, учир нь Бурхан бидэнд хэзээ ч шударга бус хандаж байгаагүй. Сөрөг байдлаас чинь болж бид хязгаарлагдахгүй” гэжээ.
Хэсэг хугацааны ийм туршлагын дараа тэр эгч товойлгогч байх тухайд сөрөг байдалтай хэвээр байсан болохоор Би түүнд: “Чамд Миний ажлын талаар ямар ч ойлголт алга. Миний үгийн дотоод үнэн, мөн чанар, эсвэл зорьсон үр дүнгийн талаар ямар ч ойлголт алга. Чи Миний ажлын зорилгыг ч, мэргэн ухааныг ч мэддэггүй. Чамд Миний хүслийн талаар ямар ч ухаарал алга. Чи товойлгогч учраас ухарч няцахаа л мэддэг—байр суурийн төлөөх чиний хүсэл хэтэрхий их! Чи ямар тэнэг юм бэ! Урьд нь Би чамд маш ихийг хэлсэн. Чамайг төгс болгоно гэж хэлсэн; чи мартчихаа юу? Товойлгогчдын тухай ярихаасаа ч өмнө төгс болгуулах тухай яриагүй гэж үү?” гэсэн юм. “Түр хүлээгээрэй, би энэ талаар бодож үзье. Тийм ээ, тэр үнэн! Товойлгогчдын талаар ярихаасаа өмнө Та тэдгээр зүйлийг хэлсэн шүү!” “Төгс болгуулах тухай ярихдаа Би хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа л төгс болгуулна гэж хэлсэн биз дээ?” “Тийм!” “Миний үг чин сэтгэлийнх байгаагүй гэж үү? Тэдгээрийг үнэнч шударгаар хэлээгүй гэж үү?” “Тийм ээ! Та хэзээ ч, ямар ч хуурамч зүйл хэлж байгаагүй Бурхан—хэн ч үүнийг үгүйсгэж зүрхлэхгүй. Гэхдээ Таны ярьдаг арга зам хэтэрхий олон.” “Миний ярих арга зам ажлын өөр өөр алхмын дагуу өөрчлөгддөггүй гэж үү? Миний хэлдэг зүйл чиний хэрэгцээнд үндэслэн хийгдэж, хэлэгддэггүй гэж үү?” “Та хүмүүсийн хэрэгцээний дагуу ажиллаж, хэрэгтэй зүйлээр нь тэднийг хангадаг. Энэ худлаа биш!” “Тэгвэл чамд Миний хэлсэн зүйлс ач тустай байгаагүй гэж үү? Миний гэсгээлт чиний төлөө байгаагүй гэж үү?” “Үүнийг миний төлөө гэж Та яаж хэлж чадаж байна аа! Та намайг бараг үхтэл минь гэсгээсэн—би цаашид амьдрахыг хүсэхгүй байна. Өнөөдөр Та энийг хэлж, маргааш тэрийг хэлнэ. Та намайг төгс болгож байгаа нь миний төлөө гэдгийг би мэдэж байгаа ч Та намайг төгс болгоогүй—Та намайг товойлгогч болгоод, гэсгээсээр байдаг. Та намайг үзэн яддаг, тийм биз дээ? Хэн ч Таны үгэнд итгэж зүрхэлдэггүй, Таны гэсгээлт намайг аврахын тулд биш, харин зүрх сэтгэл дэх үзэн ядалтаа л шийдвэрлэхийн төлөө байдаг гэдгийг одоо л би тодорхой харлаа. Өмнө нь Та надаас үнэнийг нуусан, Та намайг төгс болгох бөгөөд гэсгээлт бол намайг төгс болгохын төлөө байдаг гэж Та хэлсэн. Иймээс би үргэлж Таны гэсгээлтэд дуулгавартай байсан; өнөөдөр товойлгогч цолтой байх юм гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Бурхан минь, Та намайг өөр ямар нэг зүйл болгон ажиллуулсан бол дээр байх байсан бус уу? Та надад товойлгогчийн малгай өмсгөх ёстой гэж үү? Би хаанчлалын хаалгач байхыг ч зөвшөөрнө. Би хаа сайгүй гүйж, өөрийгөө зарлагадсан ч эцэст нь гар хоосон байна—надад сохор зоос ч алга. Гэтэл одоо ч гэсэн Та намайг Өөрийн товойлгогч болгон ажиллуулна гэж хэлж байна. Би бүр яаж царайгаа харуулж чадах юм бэ?” “Чи юу яриад байна аа? Би урьд нь маш их шүүлтийн ажил хийсэн, чи үүнийг ойлгодоггүй гэж үү? Чи өөрийгөө үнэхээр ойлгодог уу? ‘Товойлгогч’ цол ч бас үгийн шүүлт биш гэж үү? Товойлгогчийн тухай бүх яриа минь ч бас арга барил, чамайг шүүх арга зам гэж чи боддог уу? Тэгвэл чи Намайг яаж дагах юм бэ?” “Таныг яаж дагахаа би төлөвлөөгүй л байна! Эхлээд би үүнийг мэдэх ёстой: Би товойлгогч уу, үгүй юү? Товойлгогчид ч бас төгс болгуулж болох уу? ‘Товойлгогч’ хэмээх цолыг өөрчилж болох уу? Товойлгогч байснаараа би цангинасан гэрчлэл хийж, дараа нь төгс болгуулсан хүн, Бурханыг хайрлах үлгэр жишээ, Бурханы ойр дотнын хүн болж чадах уу? Би бүрэн төгс болгуулж чадах уу? Надад үнэнийг хэлээч!” “Юмс үргэлж хувирч, үргэлж өөрчлөгдөж байдгийг чи мэдэхгүй гэж үү? Одоогоор чи товойлгогч байх үүрэгтээ дуулгавартай байхыг хүсэж байгаа л бол өөрчлөгдөж чадна. Товойлгогч мөн үү, биш үү гэдэг чинь чиний хувь заяатай ямар ч хамаагүй. Амь зан чанартаа өөрчлөлт гаргасан хүн байж чадах уу, үгүй юү гэдэг чинь л гол нь юм.” “Надад хэлээч, Та намайг төгс болгож чадах уу, үгүй юү?” “Чи эцсийг нь хүртэл дагаж, дуулгавартай байж чадах л юм бол чамайг төгс болгож чадна гэдгээ Би баталж байна.” “Би ямар зовлон туулах ёстой вэ?” “Гай тотгор, мөн түүнчлэн үгийн шүүлт, гэсгээлт, ялангуяа үгийн гэсгээлт, энэ нь товойлгогч байх гэсгээлттэй адилхан!” “Бас товойлгогчтой адил гэсгээлт үү? За яах вэ, гай тотгор туулснаар Танаар төгс болгуулж чадах юм бол, найдвар байгаа л бол зүгээр. Ердөө өчүүхэн төдий найдлага байсан ч гэсэн товойлгогч байхаас дээр. ‘Товойлгогч’ хэмээх тэр цол маш муухай сонсогддог. Би товойлгогч байхыг хүсэхгүй байна!” “Товойлгогч байхад юу нь тийм аймаар байгаа юм бэ? Товойлгогчид ч чадвараараа гойд сайн биш гэж үү? Товойлгогчид ерөөл эдлэх үнэ цэнгүй гэж үү? Хэрвээ Би товойлгогч ерөөл эдэлж чадна гэж хэлэх юм бол чи ч гэсэн ерөөл эдэлж чадна. Миний ажлаас болж хүмүүсийн цол өөрчлөгддөг нь үнэн биз дээ? Ердөө нэг цол чамайг ийм их зовоож байна уу? Үнэндээ ийм товойлгогч байх чинь зүй ёсны хэрэг. Чи дагахыг хүсэж байна уу, үгүй юү?” “За яах вэ, Та намайг бүрэн төгс болгож чадах уу, үгүй юү? Таны ерөөлийг эдлэх боломжийг надад олгож чадах уу?” “Чи эцсийг нь хүртэл дагахыг хүсэж байна уу, үгүй юү? Чи өөрийгөө өргөн барихыг хүсэж байна уу?” “Би сайтар бодоод үзье. Товойлгогч ч бас Таны ерөөлийг эдэлж, бүрэн төгс болгуулж чадна. Бүрэн төгс болгуулсныхаа дараа би Таны дотнын хүн болж, Таны хүслийг бүхэлд нь ойлгож, Таны эзэмшдэг зүйлийг эзэмшинэ. Би Таны эдэлдэг зүйлийг эдэлж чадна, бас Таны мэддэг зүйлийг мэднэ… Гай тотгор туулж, төгс болгуулсныхаа дараа би ерөөл эдэлж чадна. Тэгвэл үнэндээ би ямар ерөөл эдлэх юм бэ?” “Чи ямар ерөөл эдлэх талаар бүү санаа зов. Би чамд хэлсэн ч гэсэн чи тэдгээрийг төсөөлж чадахгүй. Сайн товойлгогч байсныхаа дараа чи байлдан дагуулагдаж, амжилттай товойлгогч байх болно. Энэ бол байлдан дагуулагдсан хүний үлгэр жишээ, загвар юм, гэхдээ мэдээж чи байлдан дагуулагдсаныхаа дараа л үлгэр жишээ, загвар болж чадна.” “Үлгэр жишээ, загвар гэж юу юм бэ?” “Энэ нь бүх Харь үндэстний, өөрөөр хэлбэл, байлдан дагуулагдаагүй хүмүүсийн үлгэр жишээ, загвар юм.” “Тэр нь хэчнээн хүнийг агуулдаг юм бэ?” “Маш олон хүн. Ердөө дөрөв, таван мянган та нар ч биш—бүх дэлхий даяар энэ нэрийг хүлээн зөвшөөрдөг бүх хүн байлдан дагуулагдах ёстой.” “Тэгвэл тав, аравхан хот биш юм байна!” “Энэ талаар одоо бүү санаа зов, хэтэрхий их бүү анхаар. Зүгээр л яг одоо хэрхэн орох ёстой талаараа анхаарлаа төвлөрүүл! Бүрэн төгс болгуулж чадна гэдгийг чинь Би баталж байна.” “Ямар хэмжээнд? Бас би ямар ерөөл эдэлж чадах вэ?” “Чи юунд ингэж их санаа зовно вэ? Бүрэн төгс болгуулна гэдэгт чинь Би баталгаа өгсөн; Би итгэл даадаг гэдгийг чи мартчихав уу?” “Та итгэл даахуйц гэдэг нь үнэн, гэхдээ Таны ярих арга барилын зарим нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр Та бүрэн төгс болгуулж чадна гэдгийг минь батална гэж хэлж байгаа ч маргааш Та, энэ нь лавтай биш гэж хэлж магадгүй. Зарим хүнд Та ‘чам шиг хүн бүрэн төгс болгуулж чадахгүй гэдгийг Би батална’ гэж хэлдэг. Таны үгэнд юу болоод байгааг би мэдэхгүй. Би зүгээр л үүнд итгэж зүрхэлдэггүй.” “Тэгвэл чи өөрийгөө өргөл болгож чадах уу, үгүй юү?” “Юуг өргөл болгоно гэж?” “Өөрийн ирээдүй, өөрийн найдварыг өргөл болгох.” “Тэрийг орхиход амархан! Гол нь ‘товойлгогч’ цол—би үүнийг үнэхээр хүсэхгүй байна. Хэрвээ Та надаас тэр цолыг авчих юм бол би юуг ч хүлээн авч, юуг ч хийж чадна. Эдгээр нь ердөө ялихгүй хэрэг биш гэж үү? Та тэрхүү тодорхойлолтыг авч хаяж чадах уу?” “Тэр амархан, тийм биз дээ? Хэрвээ Би чамд тэр цолыг өгсөн бол бас авч хаяж чадах нь лавтай. Гэхдээ одоо цаг нь биш. Чи ажлын энэ алхмыг туулж гүйцээх ёстой бөгөөд тэр үед л шинэ цол олж авч чадна. Хүн чам шиг байх тусмаа төдий чинээ товойлгогч байх хэрэгтэй. Товойлгогч байхаас чи хэдий чинээ их айна, Би чамайг төдий чинээ их тэгж хаяглана. Чам шиг хүнийг хатуу чанд сахилгажуулж, харьцах ёстой. Хүн тэрслүү байх тусмаа, төдий чинээ үйлчлэл үзүүлэгч байх бөгөөд эцэстээ тэд юу ч олж авахгүй.” “Ингэж их хичээнгүйлэн эрж хайчхаад би яагаад ‘товойлгогч’ хэмээх нэрийг хаяж чадахгүй гэж? Бид энэ бүх жилүүдэд Таныг дагаж, багагүй зовсон. Бид Таны төлөө олон зүйл хийсэн. Салхи борооноор ч явсан; бид залуу насныхаа төгсгөл рүү дөхөж байна. Бид гэрлээгүй, гэр бүлээ ч эхлээгүй, гэрлэсэн ч гэсэн бид мөн л гарч ирдэг. Би дунд сургууль төгстөлөө сургуульд сурсан, гэхдээ Таны ирснийг дуулангуутаа их сургуульд орох боломжоо орхисон. Тэгтэл Та биднийг товойлгогч гэж байна! Бид маш ихийг алдсан! Бид энэ бүхнийг хийсэн боловч одоо ердөө л Таны товойлгогчид болж таарлаа. Энэ нь миний ангийнхан, миний үеийнхэнд намайг юу гэж бодогдуулах вэ? Тэд намайг хараад, албан тушаал, байр суурийн маань талаар асуух үед би яаж ичихгүй тэдэнд хэлж чадах юм бэ? Анх Танд итгэх итгэлээсээ болж би ямар ч төлөөс төлсөн бөгөөд бусад хүмүүс бүгд намайг тэнэг гэж шоолсон. Гэхдээ би дагасаар л байсан бөгөөд итгээгүй бүх хүнд өөрийгөө харуулж чадах миний өдөр ирэхийг хүлээсэн. Гэтэл харин өнөөдөр Та намайг товойлгогч гэж байна. Хэрвээ Та надад хамгийн дорд цолыг өгсөн бол, намайг хаанчлалын ардуудын нэг байхыг зөвшөөрсөн бол энэ нь зүгээр байх байв! Би Таны шавь, эсвэл Таны итгэлийг хүлээсэн хүн биш байсан ч гэсэн, зүгээр л Таны дагагч байхад миний хувьд зүгээр байх байсан! Энэ бүх жилүүдэд бид Таныг дагаж, гэр бүлээ орхисон бөгөөд өнөөг хүртэл үргэлжлүүлэн эрж хайхад маш хэцүү байсан, харин харуулах зүйл маань ‘товойлгогч’ хэмээх цол л байна! Би Таны төлөө бүхнийг орхисон; газар дэлхийн бүх эд баялгийг орхисон. Урьд нь нэг хүн намайг хань болох боломжтой хүнтэй танилцуулсан. Тэр үнэхээр царайлаг, сайхан хувцасласан байсан; өндөр зиндаатай боловсон хүчний хүү байсан юм. Тухайн үед би түүнийг үнэхээр шохоорхсон. Гэхдээ, Бурхан гарч ирж, ажлаа хийж байгаа, мөн биднийг хаанчлал руу хөтөлж, төгс болгох гэж байгаа бөгөөд цаг алдалгүй бүхнийг орхих шийдвэртэй бай гэж биднээс шаардсаныг сонсмогцоо надад ямар ч шийдэмгий байдал байхгүй байгааг би харсан юм! Тэгээд би өөрийгөө хатуужуулж, тэр боломжоос татгалзсан. Дараа нь тэр манай гэр бүлд хэд хэдэн удаа бэлэг илгээсэн боловч би тэдгээрийг бүр хараа ч үгүй. Тэр үед намайг сэтгэл гонсгор байсан гэж Та бодож байна уу? Тийм сайн зүйл талаар болсон. Би яаж гонсойхгүй байж чадах юм бэ? Би шөнө унтаж ч чадахгүй болтлоо хэдэн өдрийн турш сэтгэл гонсгор байсан боловч эцэст нь больсон. Залбирах бүрд минь: ‘Чи Миний төлөө бүхнийг золиослоход бэлэн үү? Миний төлөө өөрийгөө зарлагадахад бэлэн үү?’ гэж Ариун Сүнс сэтгэлийг минь хөдөлгөдөг. Таны тэдгээр үгийг бодох болгондоо би уйлдаг байсан. Хэчнээн удаа сэтгэл хөдөлж, гуниглан уйлснаа би мэдэхгүй. Жилийн дараа тэр эрэгтэй гэрлэсэн гэдгийг би сонссон. Надад гунигтай байсан гэдгийг хэлэх нь илүүц боловч би Таны төлөө тэрийг бас л орхисон. Миний хоол, хувцас тааруухан гэдгийг дурдахын ч хэрэггүй—би тэрхүү гэрлэлтийг хаясан, энэ бүхнийг хаясан, иймээс Та намайг товойлгогч болгох ёсгүй! Би өөрийгөө Танд өргөн барихын тулд амьдралынхаа хамгийн чухал үйл явдал болох гэрлэлтийг орхисон! Хүний бүх амьдрал нь сайн хань олж, аз жаргалтай гэр бүлтэй байхаас өөр юу ч биш. Би энэ хамгийн сайн зүйлээ тавьж явуулсан, одоо би гар хоосон, орь ганцаараа байна. Та намайг хааш нь явуулах вэ? Би Таныг дагаж эхэлснээсээ хойш л зовсон. Би сайхан амьдралтай байгаагүй. Гэр бүл, ажил мэргэжил, түүнчлэн махан биеийн бүх зугаа цэнгэлийг хаясан бөгөөд бид бүхний гаргасан энэ золиослол Таны ерөөлийг эдлэхэд бас л хангалтгүй гэж үү? Тэгтэл одоо энэ ‘товойлгогч’ гэх зүйл. Бурхан минь, Та үнэхээр дэндлээ! Биднийг хар—энэ дэлхий дээр түшиж тулах юу ч бидэнд алга. Бидний зарим нь хүүхдүүдээ хаясан, зарим нь ажил, хань ижлээа гэх мэтийг хаясан; бид махан биеийн бүх зугаа цэнгэлийг хаясан. Бид өөр юунд найдах ёстой юм бэ? Бид энэ дэлхийд хэрхэн үргэлжлүүлэн амьдрах юм бэ? Бидний гаргасан эдгээр золиос сохор зоосны ч үнэгүй гэж үү? Та тэрийг огтхон ч харахгүй байна уу? Бидний байр суурь дорд, хэв чанар дутуу дулимаг—бид үүнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч Таны биднээр хийлгэхийг хүссэн зүйлийг бид хэзээ ер нь анхаарахгүй байсан юм бэ? Одоо Та биднийг өрөвдөх сэтгэлгүйгээр орхиж, ‘товойлгогч’ гэх цолоор ‘хариу барьж’ байгаа юм уу? Бүх золиослол маань ‘товойлгогч’ хэмээх цолыг л бидэнд авчирсан гэж үү? Эцэст нь хүмүүс надаас Бурханд итгэснээрээ юу олж авсныг асуувал би тэдэнд ‘товойлгогч’ гэх энэ үгийг харуулж үнэхээр болох уу? Би бол товойлгогч гэж ам нээн хэлж яаж чадах юм бэ? Би эцэг эхдээ тайлбарлаж чадахгүй, мөн хань болох боломжтой байсан хүндээ тайлбарлаж чадахгүй. Би ийм их төлөөс төлсөн, гэтэл хариуд авсан зүйл нь товойлгогч байх! Аах! Надад маш гунигтай санагдаж байна!” (Гуяа цохин, уйлж эхэллээ.) “Хэрвээ Би одоо чамд товойлгогч цолыг өгөхийн оронд Өөрийн ардуудын нэг болгож, удирдамж өгөөд сайн мэдээ түгээлгэхээр явуулна гэж хэлсэн бол, хэрвээ Би чамайг ажиллуулахын тулд байр суурь өгсөн бол чи үүнийг хийж чадах уу? Чи энэ ажлын алхам бүрээс үнэндээ юу олж авсан бэ? Гэтэл чи энд бүр өөрийнхөө түүхээр Намайг хөгжөөж байна—үнэхээр ичгүүр сонжуургүй юм! Чи төлөөс төлсөн гэж хэлсэн боловч юу ч олж аваагүй. Хүнийг олж авах Миний болзол юу болохыг Би чамд хэлэхээ мартсан юм гэж үү? Миний ажил хэний төлөө байдаг вэ? Чи мэдэх үү? Чи энд хуучин гоморхлыг сэдрээж байна! Чи ер нь хүн гэж тооцогдох уу? Туулсан зовлонгоо чи өөрийн хүслээр үүрээгүй гэж үү? Чиний зовлон ерөөл хүртэхийн тулд байгаагүй гэж үү? Чи Миний шаардлагыг хангасан уу? Чи гагцхүү ерөөл олж авахыг л хүсдэг. Чамд ямар ч ичгүүр алга! Чамаас шаардах Миний шаардлага хэзээ ер нь албадмал байдалтай байсан юм бэ? Хэрвээ чи Намайг дагахыг хүсэж байгаа бол бүх зүйл дээр Надад дуулгавартай байх ёстой. Болзол нөхцөлөө тохиролцохоор бүү оролд. Эцсийн эцэст энэ бол зовлонгийн зам гэдгийг Би чамд урьдчилан хэлсэн. Энэ нь хүнд бэрхээр дүүрэн, аятай таатай боломж багатай байдаг. Чи мартчихаа юу? Би үүнийг олон удаа хэлсэн. Хэрвээ чи зовоход бэлэн байгаа бол Намайг дага. Харин зовохыг хүсэхгүй байгаа бол боль. Би чамайг хүчлээгүй—ирэх, явах чинь чөлөөтэй! Гэхдээ, Миний ажил ингэж хийгддэг бөгөөд чиний тэрслүү байдлаас болж Би Өөрийн ажлыг бүхэлд нь хойшлуулж чадахгүй. Чи дуулгавартай байхыг хүсэхгүй байж болох юм, гэхдээ тэгж чадах өөр хүмүүс байгаа. Та нар бүгд цөхрөнгөө барсан хүмүүс! Юунаас ч айдаггүй! Чи Надтай болзол нөхцөл тохиролцож байна—чи үргэлжлүүлэн амьдрахыг хүсэж байна уу, үгүй юү? Чи өөрийнхөө төлөө төлөвлөж, нэр алдар, ашиг хонжооныхоо төлөө тэмцдэг. Миний ажил бүгд та нарын төлөө байдаггүй гэж үү? Чи сохор юм уу? Намайг махбод болохоос өмнө чи Намайг харж чадаагүй бөгөөд чиний хэлсэн эдгээр үгийг тэр үед уучилж болох байсан, гэхдээ одоо Би бие махбодтой болж, та нарын дунд ажиллаж байгаа атал чи бас л харж чадахгүй байна уу? Чи юу ойлгохгүй байгаа юм бэ? Чи хохирол амссан гэж хэлсэн; иймээс цөхрөнгөө барсан хүмүүс та нарыг аврахын тулд Би махбод болж, маш их ажил хийсэн бөгөөд одоо ч чи гомдоллосоор байна—чи Намайг хохирол амссан гэж хэлэхгүй гэж үү? Миний хийсэн зүйл бүгд та нарын төлөө байгаагүй гэж үү? Би одоогийн биеийн хэмжээнд нь үндэслэн энэ цолыг хүмүүст хэрэглэдэг. Хэрвээ Би чамайг ‘товойлгогч’ гэж нэрлэвэл чи тэр даруй товойлгогч болдог. Үүний адилаар, хэрвээ Би чамайг ‘Бурханы ардуудын нэг’ гэж нэрлэвэл чи тэр даруй тийм болно. Би чамайг юу ч гэж нэрлэсэн, чи тийм л байна. Энэ бүхэн Миний амнаас гардаг хэдхэн үгээр биелдэггүй гэж үү? Миний энэ хэдхэн үг чамд тийм их уур хүрмээр байна уу? За яах вэ тэгвэл, Намайг өршөөгөөрэй! Хэрвээ чи одоо дуулгавартай байхгүй бол эцэстээ хараагдана—тэгвэл чи жаргалтай байх уу? Чи амийн замд анхаарал хандуулдаггүй, харин өөрийн байр суурь, цолонд л төвлөрдөг; чиний амь ямархуу вэ? Асар их төлөөс төлсөн гэдгийг чинь Би үгүйсгэдэггүй, гэхдээ биеийн хэмжээ болон хэрэгжүүлэлтээ хар—одоо ч гэсэн чи болзол нөхцөлөө тохиролцохоор хичээж байна. Шийдэмгий зангаараа олж авсан биеийн хэмжээ чинь энэ үү? Чамд бас ёс жудаг байгаа юу? Чамд мөс чанар байна уу? Би буруу зүйл хийсэн юм гэж үү? Чамд тавих Миний шаардлага алдаатай байсан уу? Тэгвэл энэ юу вэ? Би чамайг хэдэн өдөр товойлгогч болгон ажиллуулах байсан атал чи ингэхийг хүсэхгүй байна. Энэ ямар гээчийн шийдвэр вэ? Та нар бүгд сул дорой, хулчгарууд! Чам шиг хүмүүсийг одоо шийтгэх нь мэдээжийн зүйл!” Намайг ингэж хэлмэгц, тэр эгч нэг ч үг хэлээгүй.
Одоо ийм төрлийн ажлыг туулаад та нар, Бурханы ажлын алхам болон хүмүүсийг өөрчлөх арга барилынх нь талаар ямар нэг зүйл ухаарсан байх ёстой. Ингэх нь өөрчлөлтийн үр дүнд хүрэх цорын ганц зам юм. Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж эвддэг ба хүмүүс Сатаны эдгээр уруу таталтаас салж чаддаггүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж итгэдэггүй, “Бид Бурханд итгэдэг, иймээс Тэр бидэнд ерөөл хайрлаж, бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид Бурханд итгэдэг, иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хэнээс ч илүү их байр суурь, ирээдүйтэй байх ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй” хэмээн бодсоор байдаг. Олон жилийн турш, амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг. Та нарын одоогийн бодол болон үзэл санаа яг ийм биш гэж үү? “Нэгэнт Бурханд итгэдэг тул би зүгээр л ерөөлүүдэд дарагдах ёстой, миний байр суурь хэзээ ч алга болохгүй бөгөөд үл итгэгчдийнхээс илүү өндөр байх нь баталгаатай байх ёстой.” Та нар дотроо ийм үзэл санааг ганц, хоёрхон жилийн турш өвөрлөсөөр ирээгүй, харин энэ нь олон жилийн турш тэнд байсан. Та нарын наймаацах сэтгэлгээ хэт их хөгжсөн. Та нар өнөөдөр энэ алхамд хүрсэн хэдий ч байр суурийг одоо ч гэсэн тавьж явуулаагүй, харин нэг л өдөр нэр төр чинь сүйрнэ гэсэн гүн айдастайгаар үргэлж энэ талаар сураглаж, үүнийг өдөр тутам ажиглаж байдаг. Хүмүүс тав тухтай байдалд шунах хүслээ хэзээ ч хойш тавиагүй. Иймээс Би та нарыг одоо ийм маягаар шүүвэл эцэст нь та нар ямар түвшний ойлголттой байх вэ? Хэдийгээр байр суурь чинь өндөр биш боловч ямартай ч Бурханы өргөлтийг эдэлсэн гэж та нар хэлнэ. Дорд зиндаанд төрсөн учраас та нарт байр суурь байхгүй бөгөөд Бурханы өргөлтөөс болж байр суурьтай байгаа—энэ бол та нарт Түүний хайрласан зүйл юм. Өнөөдөр та нар Бурханы сургалтыг, Түүний гэсгээлт болон шүүлтийг биечлэн хүлээн авч чаддаг. Бүр ч илүүтэйгээр энэ нь Түүний өргөлт юм. Бас та нар Түүний ариусгалт болон шатаалтыг биечлэн хүлээн авч чаддаг. Энэ бол Бурханы агуу хайр билээ. Эрин үеүдийн туршид Түүний ариусгалт болон шатаалтыг хүлээн авсан ганц ч хүн байгаагүй, Түүний үгээр төгс болгуулж чадсан нэг ч хүн байгаагүй. Бурхан одоо та нартай нүүр тулан ярилцаж, та нарыг ариусгаж, дотоод тэрслүү занг чинь илчилж байна—энэ нь үнэхээр Түүний өргөлт билээ. Хүмүүс ямар чадвартай вэ? Давидын хөвгүүд байсан ч, эсвэл Моабын үр удам байсан ч, дүгнэн хэлбэл хүмүүс нь сайрхаад байх юмгүй, бүтээгдсэн зүйл юм. Нэгэнт та нар Бурханы бүтээл болохоор бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Та нарт тавих өөр шаардлага байхгүй. Та нар ингэж залбирах ёстой: “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгож байна. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой. Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно. Би бол бүтээлийн Эзэний бүтээсэн өчүүхэн жаахан бүтээл, бүтээгдсэн бүх хүний дундах нэгэн төдий билээ. Та намайг бүтээсэн бөгөөд надад хүссэнээ хийхийн тулд одоо намайг дахин нэгэнтээ Өөрийн гарт байрлуулсан. Бүх зүйл Таны тогтоосон зүйл учраас би Таны хэрэгсэл, Таны товойлгогч байхад бэлэн байна. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдаг.” Цаг нь ирэх үед чи байр суурийн талаар бодохоо больж, үүнээс ангижирна. Тэр үед л чи өөртөө итгэлтэйгээр, зоригтойгоор эрж хайж чадах бөгөөд тэр үед л зүрх сэтгэл чинь ямар нэгэн хязгаарлалтаас ангид болж чадна. Эдгээр зүйлээс ангижирмагц хүмүүст өөр санаа зовнил байхаа болино. Яг одоо та нарын олонхын санаа зовнил юу вэ? Та нар үргэлж байр сууринд хязгаарлагддаг бөгөөд байнга хэтийн ирээдүйдээ санаа зовж байдаг. Та нар үргэлж Бурханы айлдваруудын хуудсыг эргүүлэн, хүн төрөлхтний хүрэх газартай холбоотой үгийг уншихыг хүсэж, хэтийн ирээдүй, хүрэх газар чинь ямар байхыг мэдэхийг хүсдэг. “Надад үнэхээр хэтийн ирээдүй байгаа гэж үү? Бурхан тэдгээрийг булаагаад авчихсан уу? Бурхан намайг товойлгогч гэж л хэлсэн; тэгвэл миний хэтийн ирээдүй юу юм бэ?” хэмээн та нар гайхширдаг. Та нарын хувьд хэтийн ирээдүй, хувь заяагаа хойш тавих хэцүү байдаг. Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Найдваргүй хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү? Бурханы айлдварууд гармагц та нар байр суурь, ялгамж чанар чинь яг юу болохыг харахаар яардаг. Та нар байр суурь, ялгамж чанарыг эхэнд тавиад үзэгдлийг хоёрдугаарт тавьдаг. Гуравдугаарт та нарын орох ёстой зүйл, харин дөрөвдүгээрт Бурханы одоогийн хүсэл байдаг. Та нарт Бурханы өгсөн “товойлгогч” хэмээх цол өөрчлөгдсөн үү, үгүй юү гэдгийг та нар эхлээд хардаг. Та нар уншсаар уншсаар байдаг бөгөөд “товойлгогч” хэмээх цолыг авч хаясныг харах үедээ баярлаж, Бурханд тасралтгүй талархаж, Түүний агуу хүч чадлыг магтдаг. Гэхдээ та нар товойлгогч хэвээр гэдгээ хальт хармагцаа хямарч, зүрх сэтгэлдээ нэн даруй ямар ч урам зориггүй болдог. Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу? Хэрвээ эрэл хайгуулын бай чинь үнэнийг эрж хайх явдал биш бол чи энэ боломжийг ашиглан, амжилтад хүрэхийн тулд дэлхий ертөнцдөө буцаж очсон нь дээр. Ийм маягаар цагаа дэмий үрэх үнэхээр хэрэггүй—юунд өөрийгөө тамлана гэж? Үзэсгэлэнтэй сайхан дэлхий ертөнц дээр чи элдэв янзын зүйлийг эдэлж чаддаг нь үнэн биз дээ? Мөнгө, сайхан хүүхэн, байр суурь, нэрэлхүү зан, гэр бүл, хүүхдүүд гэх мэт—энэ бүхэн нь чиний эдэлж чадах, дэлхий ертөнцийн хамгийн сайхан зүйлс биш гэж үү? Энэ хавиар эргэлдэж, жаргалтай байж чадах газраа хайх ямар хэрэгтэй юм бэ? Хүний Хүүд толгой хоргодох газар ч байхгүй, иймээс чи яаж амар тайван газартай байж чадах юм бэ? Тэр яаж чамд амар тайван сайхан газар бүтээж өгч чадах юм бэ? Ингэх боломжтой юу? Миний шүүлтээс гадна өнөөдөр чи үнэний талаарх сургаалыг л хүлээн авч чадна. Чи Надаас тав тух олж авч чадахгүй, өдөр шөнөгүй боддог жаргалтай амьдралаа ч олж авч чадахгүй. Би чам дээр энэ дэлхийн эд баялгийг хайрлахгүй. Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлбэл Би чамд амийн замыг бүхэлд нь өгч, чамайг усандаа буцан орсон загас мэт байлгахад бэлэн байна. Хэрвээ чи чин сэтгэлээсээ эрэлхийлэхгүй бол Би бүгдийг нь буцаан авна. Тав тухтай байдалд шунадаг, гахай нохой шиг хүмүүст Өөрийн амнаас гарах үгийг өгөхийг Би хүсэхгүй байна!
Тайлбар:
а. Эх бичвэрт “эхнэрээ” гэж байдаг.