10.4. Шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг хэрхэн туулах тухай
366. Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд үүгээрээ Тэрээр зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөр өөр шинж чанартаа үндэслэн өөр өөр төрөлд хуваагддаг. Энэ нь чухамдаа Бурхан хүмүүсийн төгсгөл, хүрэх газрыг илчилдэг үе юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол тэрслүү, зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөлийг илчилж болно. Хүмүүс гэсгээгдэж, шүүгдэх үедээ л жинхэнэ төрхөө харуулдаг. Муу нь муутай, сайн нь сайнтай тавигдах бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр ёрын муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгнө. Энэ бүх ажил зөвт гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, тэрслүү байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас гэсгээлт, шүүлт голлосон, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүмүүсийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож, ёрын мууг илчилж чадна, тийнхүү зөв шударга бус бүхэн хатуу шийтгүүлнэ. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг. Шинэ эрин үе болгоны ажлын төлөө Бурханы зан чанар илчлэгдэж, илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүмүүсийн төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүмүүсийг хязгааргүй өршөөл, хайр энэрлээр хайрласаар, тэдэнд хайртай хэвээр байж, тэдэнд зөвт шүүлт тулгахгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн төдий ч зөвт шүүлтгүйгээр тэднийг өршөөсөөр байлаа гэе. Тэгвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтний тохиромжтой хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээ нь, хүмүүсийг үргэлж хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлтэй элэгсэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн гэмт хэргээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хүмүүст хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвт шүүлт л хүмүүсийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үеийг төгсгөдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
367. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүн дотроо Бурханыг эсэргүүцдэг уг чанартай байдаг. Тиймээс хүнийг золин аварсан нь золин авралаас цаашгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч хүний доторх хорт чанарыг арилгаагүй юм. Ийм бузар хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд өнөөгийн бүх ажил хийгддэг; ингэснээр хүн үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, цэвэршүүлэлтээр дамжуулан завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; үгийн цэвэршүүлэлт, шүүлт, ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг. Хүн золин авруулж, нүглээ уучлуулсан хэдий ч үүнийг Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л үзэж болно. Гэвч хүн нүглээс ангижралгүйгээр махан биед амьдардаг бөгөөд үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Ихэнх хүн өдрөөр нүгэл үйлдээд, орой нь нүглээ улайдаг. Иймээс нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг хэдий ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн, учир нь хүн завхарсан зан чанартай хэвээр байгаа. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ мэдэх үедээ гомдоллож, амийг эрэлхийлэхээ больж, туйлын сөрөг болдог. Хүн Бурханы ноёрхол дор бүрэн дуулгавартай байж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь чухамдаа сатанлаг завхарсан зан чанар биш гэж үү? Гэсгээлтэд өртөөгүй байх үедээ чи гараа бусдаас, бүр Есүсээс ч илүү өндөрт өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү болно! Бурханы дотнын хүн болно! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатанаас урва! Агуу улаан луунаас урва! Агуу улаан луу эрх мэдлээ нэгмөсөн алдах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай!” Чи бусад бүх хүнээс илүү чанга хашхирсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг ирэхэд чиний завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн. Чиний хашхираан намжиж, чи шийдэмгий байдлаа алдсан. Энэ бол хүний завхрал; энэ бол нүглээс илүү гүн нэвчсэн зүйл, Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болоход маш амаргүй бөгөөд өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг. Үгийн шүүлтээр л дамжуулан энэ үр дүнд хүрч болно. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
368. Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Тэр яллаж, харааж, шүүж, гэсгээдэг, ингэснээр чи өөрийгөө мэдэж авна, чиний зан чанар өөрчлөгдөнө, цаашлаад чи үнэ цэнээ мэдэж, Бурханы бүх үйлдэл зөвт бөгөөд, Бурханы зан чанарын дагуу, Бурханы ажлын шаардлагын дагуу байдаг, Тэрээр хүнийг аврахын тулд Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, мөн Тэр бол хүнийг хайрлаж, аварч, шүүж, гэсгээдэг зөвт Бурхан гэдгийг харна. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, тэрслүү гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг илчлэхийг хүсдэг гэдгийг мэддэггүй бол аливааг туулж мэдрэх ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь бүхэлдээ Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор буулган авахын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь өршөөл, хайр энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө бууж өгч, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их өршөөл, хайр энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил өршөөл юм уу хайр энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хайр найргүй цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр ирдэг зүйл нь мөн л зэмлэлийн үг, Бурхан та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт ч бай, эсвэл харгис цэвдэг цэвэршүүлэлт, гэсгээлт ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйл төрлөөрөө ангилагдах, эсвэл төрөл бүрийн хүмүүс илчлэгдэх эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой
369. Хүний байдал болон Бурханд хандах хүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, хүнийг Бурханы талаар мэдлэгтэй, бас Бурханыг дуулгавартай дагадаг, хайрладаг, гэрчлэл хийдэг болгосон. Иймээс хүн Бурханы цэвэршүүлэлт төдийгүй шүүлт, засалтыг туулах ёстой, ингэхгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд Түүнийг үнэхээр хайрлаж, Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурхан хүнийг зүгээр л өрөөсгөл үр дүнгийн төлөө бус, харин олон талт үр дүнгийн төлөө цэвэршүүлдэг. Иймээс Бурхан үнэнийг эрж хайх хүсэлтэй хүмүүсийн шийдвэр, хайрыг төгс болгохын тулд тэдэн дээр цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхыг хүсдэг, Бурханыг хүсэмжилдэг хүмүүст ийм цэвэршүүлэлтээс илүү утга учиртай, ач тустай зүйл гэж үгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан учир Бурханы зан чанарыг хүн ойлгож, ухамсарлахад амар биш. Эцсийн эцэст Бурхан хүнийх шиг зан чанартай байх боломжгүй учраас Түүний зан чанарыг ойлгоно гэдэг хүнд амаргүй байдаг. Хүн төрөлхөөсөө үнэнгүй бөгөөд Сатаны завхруулсан хүмүүсийн хувьд үнэнийг ухамсарлахад амаргүй байдаг; хүнд үнэн, үнэнийг хэрэгжүүлэх шийдэмгий зан байдаггүйн дээр зовж, цэвэршүүлэгдэж, шүүгдэхгүй бол шийдэмгий зан нь хэзээ ч төгс болохгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн авахад маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд илчилж, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодит засалтаар хангадаг. Баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүн өөрийнхөө талаар болон үнэний талаар илүү их мэдлэгтэй болж, Бурханы санаа зорилгыг улам их ойлгож, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжтой болдог. Цэвэршүүлэлтийн ажил явуулах Бурханы зорилго энэ юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс зайлуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших бодит туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх чиг үүргээ гүйцэтгэж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна
370. Хүмүүсийн зан чанарыг хүмүүс өөрсдөө өөрчилж чадахгүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн засалт, сахилгажуулалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн ил болголт, шүүлт, сахилгажуулалт, засалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал зүйл бол тэд Бурханы одоогийн үг, ажлыг дуулгавартай дагаж чадна. Энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч гэсэн тэд эдгээр үзлийг орхиж, санаатайгаар дуулгавартай дагаж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм
371. Бурханы цэвэршүүлэлт их байх тусам, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы агуу их хайр, асар их авралыг улам сайн харж чаддаг. Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд түшиглэх ёстой—тэр үед л Бурханы санаа зорилгыг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Зовлон үгүй бол хүмүүст Бурханыг гэх жинхэнэ хайр байхгүй; тэднийг дотроос нь сорьж, үнэхээр цэвэршүүлэхгүй бол зүрх сэтгэл нь үргэлж гадаа хөвж байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарч чадахгүй гэдгээ, хэчнээн их тэрсэлсэн болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг; шалгалт нь хүмүүсийг төгс болгож бүр ч сайн чаддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна
372. Бага зэрэг хязгаарлагдаж, зовлон бэрхшээл туулах нь та нарын хувьд сайн хэрэг; хэрвээ та нарыг амар тайван байлгавал та нар сүйрнэ, тэгвэл та нар яаж хамгаалагдаж чадах юм бэ? Өнөөдөр та нар гэсгээгдэж, шүүгдэж, хараагддаг учраас л хамгаалагддаг. Ихээхэн зовсон учраас л хамгаалагддаг. Хэрвээ тэгээгүй бол та нар аль хэдийн доройтолд орох байсан. Энэ нь та нарт зориуд хүндрэл учруулж байгаа хэрэг биш—хүний уг чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг бөгөөд хүмүүсийн зан чанарыг өөрчлөхийн тулд ингэх ёстой юм. Өнөөдөр та нарт Паулын мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй, түүний өөрийгөө мэдэх чадвар ч байдаггүй. Та нарыг үргэлж дарамталж байх ёстой бөгөөд сүнсийг чинь сэрээхийн тулд үргэлж гэсгээж, шүүж байх ёстой. Гэсгээлт, шүүлт бол та нарын аминд хамгийн ашиг тустай зүйл юм. Шаардлагатай үед бас баримтуудын ирэлтийн гэсгээлт байх ёстой; тэр үед л та нар бүрэн буулт хийнэ. Гэсгээлт, хараалгүйгээр толгой бөхийх дургүй, буулт хийх дургүй тийм уг чанар та нарт байдаг. Нүдний чинь өмнөх баримтгүйгээр ямар ч үр нөлөө байхгүй байх болно. Та нарын ёс жудаг хэтэрхий дорд агаад үнэ цэнгүй! Гэсгээлт, шүүлтгүйгээр та нарыг байлдан дагуулах хэцүү бөгөөд шударга бус, дуулгаваргүй байдлыг чинь дарахад бэрх байх болно. Хуучин уг чанар чинь маш гүн үндэслэсэн байдаг. Хэрвээ та нарыг сэнтий дээр тавих юм бол та нар орчлон ертөнц дэх өөрийн байрыг мэдэхгүй, тэр ч бүү хэл хаашаа чиглэн явж байгаагаа ч мэдэхгүй. Та нар бүр хаанаас ирснээ ч мэдэхгүй юм чинь Бүтээгчийг яаж мэдэх юм бэ? Өнөөдрийн цагаа олсон гэсгээлт, хараал байгаагүй бол чиний сүүлчийн өдөр аль эрт ирчихсэн байх байлаа. Та нарын хувь заяаны талаар ярихын ч хэрэггүй—бүр ч их аюул заналхийлж байгаа бус уу? Цагаа олсон энэхүү гэсгээлт, шүүлтгүйгээр та нар хэчнээн их биеэ тоож, хэр их доройтохыг хэн мэдэх билээ. Энэ гэсгээлт, шүүлт та нарыг өдий хүргэж, оршин тогтнолыг чинь хадгалсан. Хэрвээ та нарыг “эцгийнхтэй” чинь адилхан арга барил хэрэглэн “сургаж боловсруулсан” бол ямар ертөнцөд орох байсныг чинь хэн мэдэх билээ! Та нарт өөрсдийгөө хянах, эргэцүүлэх ямар ч чадвар байхгүй. Та нар шиг хүмүүсийн хувьд, ямар нэг саад тотгор, үймээн самуун учруулалгүй, зүгээр л дагаж, дуулгавартай байвал Миний зорилго биелнэ. Та нар өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг илүү сайн хүлээн авах ёстой бус уу? Та нарт өөр ямар сонголт байгаа юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 6
373. Бурханы ажлын үе шат бүрд хүмүүсийн хамтран ажиллах ёстой арга зам байдаг. Бурхан хүмүүсийг цэвэршүүлдэг болохоор цэвэршүүлэлт туулахдаа тэд итгэлтэй байдаг. Бурхан хүмүүсийг төгс болгодог болохоор тэд Бурханаар төгс болгуулах итгэлтэй байж, Түүний цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхөд, Бурханы харьцалт, засалтад бэлэн байдаг. Хүмүүст гэгээрэл, гэрэлтүүлэлт авчирч, Өөртэйгөө хамтран ажиллуулж, хэрэгжүүлүүлэхийн тулд Бурханы Сүнс хүмүүсийн дотор ажилладаг. Бурхан цэвэршүүлэлтийн үеэр ярьдаггүй. Тэр Өөрийн дуу хоолойгоор айлддаггүй боловч хүмүүсийн хийх ёстой ажил байж л байгаа. Чи өөрт хэдийн байгаа зүйлийг баримтлах ёстой, чи Бурханд залбирч, Бурхантай ойр байж, Бурханы өмнө гэрчлэлд зогсож чадсаар байх ёстой; ийм маягаар чи үүргээ биелүүлнэ. Хүмүүсийн итгэл болон хайрыг шалгах Бурханы шалгалтууд нь Түүнд илүү их залбирч, Бурханы өмнө Түүний үгийг илүү их амтлахыг шаарддаг гэдгийг та бүхэн Түүний ажлаас тодорхой харах хэрэгтэй. Бурхан чамайг гэгээрүүлж, Өөрийн хүслийг чамд ойлгуулдаг боловч чи үүний алийг нь ч хэрэгжүүлдэггүй бол юу ч олж авахгүй. Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ чи Түүнд залбирч чадсаар байх ёстой бөгөөд Түүний үгийг амтлах үедээ Түүний өмнө ирж, эрж хайж, урам хугаралт, хүйтэн сэтгэлийн ямар ч ул мөргүйгээр Түүнд итгэх итгэлээр дүүрэн байх ёстой. Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс цугларалтын үеэр эрч хүчээр дүүрэн байдаг боловч гэртээ харих үедээ харанхуйд унадаг. Хамт цуглахыг хүртэл хүсдэггүй зарим хүн бий. Иймээс хүмүүс ямар үүрэг биелүүлэх ёстойг чи тодорхой ойлгох ёстой. Бурханы хүсэл чухам юу болохыг чи мэдэхгүй байж болох боловч үүргээ гүйцэтгэж, залбирах ёстой үедээ залбирч, үнэнийг хэрэгжүүлэх ёстой үедээ хэрэгжүүлж, хүмүүсийн хийх ёстой зүйлсийг хийж чадна. Чи анхны үзэгдлээ баримталж чадна. Ийм маягаар Бурханы ажлын дараагийн алхмыг хүлээн зөвшөөрөх илүү боломжтой болно. Бурхан нуугдмал байдлаар ажиллах үед чи эрж хайдаггүй бол энэ нь асуудал болдог. Цугларалтуудын үеэр Түүнийг ярьж, номлох үед чи урам зоригтойгоор сонсдог ч Түүнийг ярихгүй байх үед чи эрч хүчээр дутаж, ухарч няцдаг. Ямар төрлийн хүн ингэдэг вэ? Энэ бол ердөө л урсгалаараа явдаг хүн юм. Тэд ямар ч үзэл баримтлал, гэрчлэл, үзэгдэлгүй байдаг! Ихэнх хүмүүс ийм байдаг. Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлбэл нэг л өдөр асар том шалгалт ирэх үед чи шийтгэлд унах болно. Үзэл баримтлалтай байх нь Бурхан хүмүүсийг төгс болгох явцад маш чухал байдаг. Хэрвээ чи Бурханы ажлын нэг ч үе шатанд эргэлздэггүй, хүний үүргийг биелүүлж, Бурханы чамаар хэрэгжүүлүүлдэг зүйлийг чин сэтгэлээсээ баримталдаг бол, өөрөөр хэлбэл, Бурханы захиасыг санаж, Тэр өнөө үед юу ч хийдэг байсан Түүний захиасыг мартдаггүй бол, Түүний ажилд эргэлздэггүй, үзэл баримтлалаа хадгалж, гэрчлэлээ баримталж, алхам алхмаар ялалтад хүрдэг бол эцэст нь чи Бурханаар төгс болгуулж, ялагч болгуулах болно. Хэрвээ чи Бурханы шалгалтуудын алхам бүрд бат зогсож чаддаг, эцсийг нь хүртэл бат зогсож чаддаг бол чи бол ялагч, Бурханаар төгс болгуулсан нэгэн юм. Хэрвээ чи одоогийн шалгалтуудад бат зогсож чадахгүй бол ирээдүйд бүр ч илүү хэцүү болно. Хэрвээ чи зөвхөн шалихгүй зовлон туулаад, үнэнийг эрэлхийлдэггүй бол эцэст нь юу ч олж авахгүй, гар хоосон үлдэх болно. Бурхан ярихгүй байгааг хараад эрэл хайгуулаа орхиж, зүрх сэтгэл нь сарнидаг зарим хүн байдаг. Ийм хүн мунхаг бус уу? Иймэрхүү хүмүүст ямар ч бодит байдал байдаггүй. Бурханыг ярихад тэд үргэлж ийш тийш гүйж, гаднаа завгүй, урам зоригтой харагдах боловч Бурхан одоо ярихгүй байгаа болохоор тэд эрж хайхаа больдог. Ийм хүн ирээдүйгүй. Цэвэршүүлэлтийн үеэр чи эерэг харах өнцгөөс орж, сурах ёстой хичээлүүдээ сурч мэдэх ёстой; Бурханд залбирч, Түүний үгийг уншихдаа өөрийн байдлыг үүнтэй харьцуулж, дутагдлаа олж нээж, сурах хичээл чамд маш олон байгааг олж мэдэх ёстой. Цэвэршүүлэлт туулахдаа чин сэтгэлээсээ эрж хайх тусмаа өөрийгөө хангалтгүй гэдгээ төдий чинээ их олж мэднэ. Цэвэршүүлэлт туулж байх үед чамд олон асуудал тулгардаг; чи тэдгээрийг тодорхой харж чадахгүй, гомдоллож, махан биеэ илчилдэг—ийм маягаар л чиний дотор завхарсан зан чанар дэндүү олон байгааг олж нээж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой
374. Шалгалт туулж байхдаа хүмүүс сул дорой болж, эсвэл дотроо сөрөг байдал тээж, эсвэл Бурханы санаа зорилгыг юм уу хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ерөнхийдөө чи Бурханы ажилд итгэлтэй байж, Иовын адилаар Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Иов сул дорой болж, өөрийнхөө төрсөн өдрийг хараасан ч төрснөөсөө хойш хүмүүсийн эзэмшдэг бүх зүйлийг Ехова өгсөн, мөн Ехова бол тэдгээрийг булаан авах Нэгэн мөн гэдгийг үгүйсгээгүй. Тэр ямар ч шалгалт туулсан энэ итгэлээ хадгалсан. Туршлагынхаа явцад хүмүүс Бурханы үгээс ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, товчхондоо Бурханы хүсдэг зүйл бол тэдний итгэл, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, шийдэмгий занг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг, хүмүүс үүнийг харж, үүнд хүрч чадахгүй; ийм нөхцөлд итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед итгэл шаардлагатай. Үзлээ орхиж чадахгүй үед чинь итгэл шаардагддаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чи итгэлтэй байж, байр сууриндаа бат зогсож, гэрчлэлдээ бат зогсох шаардлагатай. Иовыг энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэлтэй байх үедээ л чи Бурханыг харж чадна. Итгэлтэй байх үед л Бурхан чамайг төгс болгоно, чи итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Чиний олж авахаар найдаж байгаа бүхнийг Бурхан чамд хайрлана. Чамд итгэл байхгүй бол төгс болгуулж чадахгүй бөгөөд чи Бурханы үйлсийг харж чадахгүй, Түүний төгс хүчийг харж бүр ч чадахгүй. Бодитой туршлагаараа чи Бурханы үйл хэргийг харах итгэлтэй болох үед Бурхан чамд харагдаж, чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлнэ. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чадах юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйл хэргийг харж чадна. Энэ бүхэнд итгэлээр дамжуулан хүрдэг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. Итгэл гэж юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь ямар нэг зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй байх үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл. Зовлонгийн үеэр, цэвэршүүлэлтийн үеэр хүмүүст итгэл хэрэгтэй, итгэлтэй болсныхоо дараа тэд цэвэршүүлэлттэй нүүр тулна—цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах аргагүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрэлхийлж, Бурханы үйл хэргийг мэдэхээр эрэлхийлж, үнэний дагуу үйлдэж чаддаг бол энэ нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд Бурханд итгэх итгэлээ алдаагүйг чинь энэ нь нотолдог. Чи цэвэршүүлэлтийн үеэр үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж, Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд эргэлзэхгүй байж, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байж, сэтгэлийнхээ гүнд Түүний санаа зорилгыг эрж хайж, Түүний санаа зорилгыг бодолцон үзэж чаддаг бол Бурханд жинхэнэ итгэлтэй байх гэдэг нь энэ юм. Урьд нь чамайг хаан болж хаанчилна гэж Бурханыг хэлэхэд чи Түүнийг хайрласан, Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрэлхийлсэн. Гэвч одоо Бурхан нуугдсан, чи Түүнийг харж чадахгүй, чамд бэрхшээл тулгарсан—энэ үед чи Бурханд найдах найдвараа алдах уу? Тиймээс чи цаг ямагт амийг эрэлхийлж, Бурханы санаа зорилгыг хангахаар эрэлхийлэх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг, энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой
375. Цэвэршүүлэлтийн ажлын гол зорилго нь хүмүүсийн итгэлийг төгс болгох юм. Эцэст нь юунд хүрэх вэ гэхээр чи явахыг хүссэн ч явж чадахгүй, зарим хүн үлдсэн өчүүхэн найдвараа алдсан байсан ч гэсэн итгэсээр байж чадна, мөн хүмүүс хэтийн төлөвийнхөө төлөө ямар ч найдвар тээхээ болих юм. Зөвхөн энэ үед л Бурханы цэвэршүүлэлт дуусдаг. Амьдрал, үхлийн хооронд эргэлддэг үе шатанд хүн хүрээгүй л байгаа, тэд үхлийг үзээгүй учраас цэвэршүүлэлтийн явц хараахан дуусаагүй байна. Үйлчлэл үзүүлэгчийн шатанд байсан хүмүүс хүртэл дээд зэргээр цэвэршүүлэгдээгүй. Иов дээд зэргийн цэвэршүүлэлтийг туулсан, түүнд итгэж найдах юу ч байгаагүй. Хүмүүс ямар ч найдваргүй, итгэж найдах юу ч байхгүй болох хүртлээ цэвэршүүлэлтийг туулах ёстой—энэ л жинхэнэ цэвэршүүлэлт билээ. Үйлчлэл үзүүлэгчийн цаг үед зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван байсан бол, Тэр юу ч хийсэн, чиний төлөө гэсэн Түүний санаа зорилго ямар ч байсан, чи Түүний зохицуулалтыг үргэлж дуулгавартай дагасан бол замын төгсгөлд Бурханы хийсэн бүхнийг чи ойлгох болно. Чи Иовын шалгалтыг туулдаг, мөн нэгэн зэрэг Петрийн шалгалтыг туулдаг. Иовыг турших үед тэр гэрчлэлд зогсож, эцэст нь Ехова түүнд илчлэгдсэн. Гэрчлэлд зогссоны дараа л тэр Бурханы нүүр царайг харах эрхтэй болсон. “Би бузар газар нутгаас нуугдаж, ариун хаанчлалд Өөрийгөө харуулдаг” гэж яагаад хэлдэг вэ? Энэ нь чи ариун байж, гэрчлэлд зогссон үед л Бурханы нүүр царайг харах нэр хүндтэй болж чадна гэсэн үг юм. Хэрэв чи Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй бол Түүний нүүр царайг харах нэр хүнд чамд байхгүй. Цэвэршүүлэлттэй тулгарахад ухарч няцан, Бурханы эсрэг гомдол гаргаж, ингэснээрээ Түүний төлөө гэрчлэлд зогсож чадалгүй, Сатаны доог тохуу болбол чи Бурханы илрэлтийг олж харахгүй. Хэрэв чи шалгалтын дунд өөрийн махан биеийг харааж, Бурханы эсрэг гомдоллолгүй, гомдоллож, үгээрээ нүгэл үйлдэлгүйгээр өөрийн махан биеийг жигшиж чадсан Иов шиг байвал гэрчлэлд зогсох болно. Цэвэршүүлэлтийг тодорхой хэмжээгээр туулсан ч Иов шиг хэвээр байж, Бурханы өмнө туйлын дуулгавартай байж, Түүнээс өөр зүйл шаардахгүй, бас өөрийн үзэлгүй байж чадах аваас Бурхан чамд харагдана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой
376. Чиний бүтэлгүйтэл, сул дорой байдлын олон туршлага, сөрөг байдалтай байх үеийг бүгдийг нь Бурханы шалгалт гэж хэлж болно. Учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл, үйл явдал Түүний гарт байдаг. Чиний бүтэлгүйтэх эсэх эсвэл чиний сул дорой байж, бүдрэх эсэх нь бүгд Бурханаас шалтгаалах бөгөөд Бурханы гарт байдаг. Бурханы харах өнцгөөс энэ бол чиний шалгалт, хэрэв чи үүнийг таньж чадахгүй бол энэ нь уруу таталт болох болно. Хүмүүсийн таних ёстой хоёр төрлийн байдал байдаг: Нэг нь Ариун Сүнснээс ирдэг ба нөгөөгийнх нь магадлалтай эх үүсвэр нь Сатан юм. Нэг нь, Ариун Сүнс чамайг гэрэлтүүлснээр чамд өөрийгөө мэдэх, өөрийгөө жигших, өөртөө харамсах сэтгэл төрж, Бурханыг үнэхээр хайрлах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахад зүрх сэтгэлээ зориулах боломж олгодог байр байдал юм. Нөгөө нь чи өөрийгөө мэддэг боловч, сөрөг, сул дорой байдаг байр байдал юм. Энэ байдлыг Бурханы цэвэршүүлэлт, мөн Сатаны уруу таталт ч гэж хэлж болно. Хэрэв чи үүнийг чамайг аврах Бурханы аврал гэж танивал, мөн одоо Түүнд гүнээ өртэй гэдгээ мэдэрвэл, хэрэв одоогоос эхлэн Түүний ачийг хариулахаар хичээж, цаашид ийм доройтолд унахаа боливол, Түүний үгийг идэж, уухад хүчин чармайлт гаргавал, өөрийгөө үргэлж дутуу байна гэж үзэж, хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй байвал энэ нь Бурханы шалгалт юм. Зовлон зүдүүр дуусаж, чи дахин нэгэнтээ урагшлах үед Бурхан чамайг хөтөлж, гэрэлтүүлж, гэгээрүүлж, тэжээн тэтгэсээр байх болно. Харин чи үүнийг танихгүй, сөрөг байж, өөрийгөө зүгээр л цөхрөлд оруулж, ийм байдлаар бодвол Сатаны уруу таталт чам дээр ирсэн байх болно. Иов шалгалт туулах үед Бурхан, Сатан хоёр хоорондоо мөрий тавьж байсан бөгөөд Иовыг зовоохыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Хэдийгээр энэ нь Бурханы Иовыг шалгах шалгалт байсан ч гэсэн үнэн хэрэгтээ Сатан түүн дээр ирсэн. Сатаны хувьд тэр Иовыг уруу татаж байсан боловч Иов Бурханы талд байсан. Тийм байгаагүй бол Иов уруу таталтад орох байсан. Хүмүүс уруу таталтад ормогцоо аюулд ордог. Цэвэршүүлэлт туулахыг Бурханы шалгалт гэж хэлж болох боловч хэрэв чи сайн байдалтай биш бол үүнийг Сатаны уруу таталт гэж хэлж болно. Үзэгдэл чамд тодорхой биш бол Сатан чамайг буруутгаж, үзэгдлийг чинь тодорхойгүй болгоно. Чи өөрөө ч мэдэлгүй уруу таталтад автана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой
377. Шалгалт туулж байхад Бурхан юу хийхийг хүсдэг, Тэр ямар ажил гүйцэлдүүлэхийг хүсдэгийг мэддэггүй байсан ч гэсэн, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы санаа зорилго үргэлж сайн байдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ чи Түүнийг үнэн зүрх сэтгэлээр эрэлхийлдэг бол Тэр чамайг хэзээ ч орхихгүй бөгөөд эцэст нь чамайг гарцаагүй төгс болгож, хүмүүсийг зохих хүрэх газарт нь аваачна. Бурхан одоогоор хүмүүсийг хэрхэн туршиж байгаагаас үл хамааран, Тэр хүмүүсийг зохих үр дүнгээр нь хангаж, хийсэн зүйлд нь үндэслэн зохих залхаан цээрлүүлэлтийг ногдуулах өдөр ирэх болно. Бурхан хүмүүсийг тодорхой нэг цэгт хүртэл хөтлөөд, дараа нь зүгээр л тэднийг хөсөр хаяж, умартахгүй. Учир нь Бурхан бол итгэж болохуйц билээ. Энэ үе шатанд Ариун Сүнс цэвэршүүлэлтийн ажил хийж байна. Тэр хүн нэг бүрийг цэвэршүүлж байгаа. Үхлийн шалгалт болон гэсгээлтийн шалгалтаас бүрдсэн ажлын алхамд, үгээр дамжуулан цэвэршүүлэлтийг хэрэгжүүлсэн. Хүмүүс Бурханы ажлыг туулахын тулд эхлээд Түүний одоогийн ажлыг, мөн хүн төрөлхтөн хэрхэн хамтран ажиллах хэрэгтэйг ойлгох ёстой. Үнэндээ, энэ нь хүн бүрийн ойлгох ёстой зүйл юм. Бурхан юу хийх нь хамаагүй, энэ нь цэвэршүүлэлт байна уу, эсвэл Тэр үг хэлэхгүй ч байсан, Бурханы ажлын нэг ч алхам хүн төрөлхтний үзэлтэй нийцдэггүй. Түүний ажлын алхам бүр хүмүүсийн үзлийг бут цохиж, эвддэг. Энэ бол Түүний ажил. Гэхдээ, Бурханы ажил тодорхой үе шатанд хүрсэн тул Тэр ямартай ч бүх хүн төрөлхтнийг үхүүлэхгүй гэдэгт чи итгэх ёстой. Тэр хүн төрөлхтөнд амлалт болон ерөөлийн аль алийг нь өгдөг бөгөөд Түүнийг эрэлхийлдэг бүх хүн ерөөлийг нь олж авч чадна, харин тэгдэггүй хүмүүсийг Бурхан таягдан хаяна. Энэ нь чиний эрэл хайгуулаас шалтгаалдаг. Өөр бусад зүйлээс үл хамааран, Бурханы ажил дуусах үед хүн нэг бүр тохирсон хүрэх газартай байх болно гэдэгт чи итгэх ёстой. Бурхан хүн төрөлхтнийг сайхан хүсэл эрмэлзлээр хангасан боловч эрэл хайгуулгүйгээр тэдгээрийг олж авах боломжгүй. Чи одоо үүнийг харж чаддаг байх ёстой—Бурхан хүмүүсийг цэвэршүүлж, гэсгээх нь Түүний ажил, харин хүмүүсийн хувьд цаг үргэлж зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой
378. Хүн Хаанчлалын эрин үед бүрмөсөн бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулалтын ажлын дараа хүн цэвэршүүлэлт, гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлдээ бат зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн авах шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн сорилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн авах ёстой. Гай зовлон дунд буй хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг, харин үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрэлхийлдэг хүмүүс эцэстээ бат зогсоно; тэд бол хүн чанартай, Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээс салахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм. Үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүс өнөөдөр бусдын хүчээр хоолоо олж идсээр байх ч эцсийн гай зовлон, эцсийн туршилтаас нэг нь ч зугтаж чадахгүй. Ялах хүмүүсийн хувьд тийм гай зовлон нь үлэмж их цэвэршүүлэлт юм; харин үймээн самууныг өөрсдийнхөө төлөө ашигладаг хүмүүсийн хувьд энэ нь бүрмөсөн таягдан хаягдах ажил мөн. Тэднийг яаж ч шалгасан бай, зүрх сэтгэлд нь Бурхан байдаг хүмүүсийн үнэнч байдал өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг; харин зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй хүмүүсийн хувьд, Бурханы ажил махан биед нь ашиггүй болмогц тэд Бурханыг үзэх үзэл бодлоо өөрчилж, бүр Бурханаас салж оддог. Ийм хүмүүс бол эцэстээ бат зогсохгүй, Бурханы ерөөлийг л хайдаг, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулж, зориулах хүсэлгүй хүмүүс юм. Ийм олиггүй хүмүүс Бурханы ажил дуусгавар болох үед бүгд хөөгдөх ба огт өрөвдүүлэх үнэ цэнгүй. Хүн чанаргүй хүмүүс Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Орчин нөхцөл нь амар тайван, аюулгүй, эсвэл ашигтай байгаа үед тэд Бурханд бүрэн дуулгавартай байдаг боловч хүссэн зүйлээ алдвал, эсвэл эцэстээ няцаагдвал даруй эсэргүүцдэг. Ердөө ганцхан шөнийн дотор тэд инээмсэглэсэн, “сайхан сэтгэлтэй” хүн байснаа муухай царайтай, хэрцгий алуурчин болж, өчигдрийн өглөгийн эзэнтэйгээ ямар ч шалтаг, шалтгаангүйгээр гэнэт заналт дайсан мэт харьцдаг. Нүд цавчилгүй хөнөөж мэдэх энэ чөтгөрүүдийг хэрвээ хөөхгүй бол тэд далд аюул болохгүй гэж үү? Хүнийг аврах ажил нь байлдан дагуулалтын ажил дууссаны дараа биелдэггүй. Байлдан дагуулалтын ажил дууссан хэдий ч хүнийг ариусгах ажил дуусаагүй; хүн бүрэн ариусгагдаж, Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс бүрэн төгс болгуулж, зүрх сэтгэлдээ Бурхангүй дүр эсгэгчид цэвэрлэгдмэгц л ийм ажил дуусна. Бурханы ажлын сүүлийн үе шатанд Түүнийг сэтгэл хангалуун болгодоггүй хүмүүс бүрмөсөн таягдан хаягдах ба таягдан хаягддаг хүмүүс нь диаволынх юм. Тэд Бурханы сэтгэлийг хангалуун байлгах чадваргүй тул Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд хэдий энэ хүмүүс өнөөдөр Бурханыг дагадаг ч эцэстээ үлдэх хүмүүс мөн гэдгийг энэ нь баталдаггүй. “Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс аврал хүртэнэ” гэдэг үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр, Бурханыг дагах нь амархан гэж олон хүн итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч төгс болгуулах хүмүүсийн нэг мөн гэдгийг чинь энэ нь баталдаггүй. Шалгалт туулах чадваргүй, гай зовлонгийн дунд ялгуусан байх чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй тул Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа сорилтод бат зогсож чаддаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэхийг ажлыг нь сорьсноор, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүн өөрөө юу гэж дүгнэхтэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг амархан голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг тодорхойлж чадахгүй. “Буудай үрийн сүүл болж чадахгүй, үрийн сүүл буудай болж чадахгүй” гэдэг нь эргэлзээгүй. Бурханыг үнэхээр хайрладаг бүх хүн эцэстээ хаанчлалд үлдэх ба Бурхан Өөрийг нь үнэхээр хайрладаг хэнд ч муу хандахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
379. Бурханаар гэсгээгдэж байх үедээ Петр: “Өө Бурхан минь! Миний махан бие тэрслүү бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүдэг. Би Таны гэсгээлт, шүүлтэд баярлан хөөрдөг, Та намайг хүсэхгүй байсан ч гэсэн Таны шүүлтээс би ариун, зөвт зан чанарыг тань хардаг. Бусад хүмүүс Таны шүүлтээс Таны зөвт зан чанарыг хараг гэсэндээ Та намайг шүүх үед би сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг илэрхийлж, бүх бүтээгдсэн зүйлд Таны зөвт зан чанарыг харуулах юм бол, мөн Таныг гэх хайрыг минь илүү цэвэр болгох юм бол, би зөв шударга нэгний төрхтэй болж чадах юм бол Таны шүүлт сайн, учир нь энэ нь Таны сайн санаа билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа ба Таны өмнө очиход тохирохгүй хэвээр гэдгээ би мэднэ. Хатуу ширүүн орчноор ч бай, эсвэл асар их зовлонгоор дамжуулаад ч бай, Та намайг бүр их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та юу ч хийсэн бай, миний хувьд энэ нь эрхэм нандин. Таны хайр маш гүн гүнзгий, би Таны зохицуултад захирагдахад бэлэн, өчүүхэн төдий ч гомдоллохгүй” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг туулсны дараах Петрийн мэдлэг, мөн Бурханыг гэсэн түүний хайрын гэрчлэл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
380. Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах билээ? Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр бодож байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлж, Бурханы нүүр царайн гэрэлд амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхиогүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт, шүүлт юм; түүнчлэн энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал билээ.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү их хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Хүн амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой, Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй, ингэснээр Сатаны явуулга, нөлөөллөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдарна. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
381. Хүн Сатаны нөлөөн дор амьдарч, махан биед оршдог; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол улам илүү доройтно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсдэг бол цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр ийнхүү залбирсан: “Бурхан минь, надад элэгсэг хандах үед тань би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой байж, үгээр хэлэхийн аргагүй зовлон туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг тэрслүү байдлаас минь болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэднэ. Таны санаа зорилгыг хангаж чаддаггүй учраас би уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ сүнслэг түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт хүлцэл, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр би Таны өршөөл, хайр энэрлийг эдлэхгүй байх байсан. Өнөөдөр, Таны хайр тэнгэрүүдийг даван гарсан ба бусад бүх зүйлээс илүү давдгийг би бүр ч их хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл, хайр энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олсон. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэхгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байх байсан. Хэдийгээр би хэдэн зуун шалгалт, зовлонг туулж, бүр үхэхдээ тулсан ч гэсэн, Таныг үнэхээр мэдэж, дээд зэргийн авралыг олж авсан. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт, сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эрхшээл дор харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол Таны Сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авах юм бол би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр миний хувьд дэндүү гүн гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй хайр билээ. Таны хайр байхгүй бол би Сатаны эрхшээл дор амьдарч, Таны суу алдарт царайг харж чадахгүй байх байсан. Би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би арай ядан үргэлжлүүлнэ. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил тул би Таныг яаж орхиж чадах билээ? Би чин сэтгэлээсээ Танаас гуйя, Таны тайтгарлын хэдхэн үг байлаа ч гэсэн хамгийн их тайтгарлыг минь надаас бүү аваач гэж Танаас гуйж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; би Таныг хайрлахгүй байж яахан чадах билээ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч тийм амьдрал нь илүү утга учиртай, намайг илүү төгөлдөржүүлж, илүү их өөрчилж чадах ба бүтээгдсэн зүйлийн эзэмших ёстой үнэнд намайг хүргэж чадна гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан.”
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
382. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийсэн байх ба ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авсан бөгөөд асар их зовлон туулсан хэдий ч Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан; Түүний гэсгээлт, шүүлт л намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан, аврагдаж ч чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйлийн хувиар хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээгдсэн зүйл Бурханы зөвт зан чанар болон зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг би өнөөдөр харж байна. Сатаны завхруулсан бүтээгдсэн зүйл болохын хувьд хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг, түүнчлэн агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авч чадахгүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байсан ба үүгээр би ерөөгдсөн.” Энэ бол төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшдэг хүмүүс юм. Тэд бүр эцсийг нь хүртэл туулах үедээ Бурханы шүүлтийн үеэр Сатаны нөлөөнөөс бүрмөсөн ангижирч, Бурханаар авхуулах нь гарцаагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
383. Олон жилийн туршлагынхаа дараа цэвэршүүлэлт, гэсгээлтийн зовлонг туулаад хүн хашир болсон. Хэдийгээр өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдал” нь алдагдсан ч хүн өөрийн биеэ авч явах зарчим болон маш олон жилийн турш хүн төрөлхтнийг аварсан Бурханы уйгагүй санаа зорилгыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн юм. Аажмаар хүн харанхуй бүдүүлэг байдлаа, сургахад хэчнээн хэцүү болохоо, Бурханы талаар бүх эндүүрлээ, Бурханд тавьж байсан хэрээс хэтэрсэн шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харамсдаг дурсамж болж, Бурханы үг болон энхрий хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, бие нь хүчтэй болоход хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хардаг… Тэр үргэлж миний хажууд байж, намайг харж хандаж байсан болж таардаг. Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр байдаг. Хүн Еден цэцэрлэгийн цаг үед буцаж очсон мэт байдаг ч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсдоггүй, Еховагийн царайнаас цаашид нуугдахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөн мөргөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна