10.5. Хэрхэн үнэнч шударга хүн байх тухай
384. Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай тул Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч шударга зан гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, ямар ч зүйл дээр Бурханд хуурамч хандахгүй байх, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх, бодит баримтыг хэзээ ч нуухгүй, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй, зүгээр л Бурханд бялдуучлах гэсэн оролдлого хийхгүй гэсэн үг юм. Товчхондоо үнэнч шударга байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхний хувьд хоёр дахин хэцүү бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч шударга хүмүүс байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш “ухаантай”, өөрсдийн тааруухан сэтгэлгээндээ үндэслэн журамт хүмүүсийн зүрх сэтгэлийг хэмжихдээ маш сайн учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл маш ов мэхтэй юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардамнахгүй нь лавтай! Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой, тун “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд ярихад хэцүү олон хувийн хэрэг явдал байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол Би чамайг аврал хүртэхэд асар хэцүү, харанхуйгаас гарч ирэхэд бэрх хүн юм гэж хэлнэ. Хэрвээ чи үнэний замыг эрж хайх үнэхээр дуртай бол үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал хүсэхгүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, бүхий л оршихуйгаа зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрэл дотор тэтгэгдэж, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга
385. Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн авдаг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи таамагладаг: уучилшгүй нүгэлтэй, явцуу сэтгэлтэй, шударга бус, үндэслэлгүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, дотуур тамиртай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олохгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ
386. Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдлээ Бурханы өмнө авчрахаас хэтэрхий их айдаг; чи Түүний махбодыг мэхэлж магадгүй ч Түүний Сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлэж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардаггүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй; үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй байж, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно…
Бурханд итгэгч байна гэдэг нь хийж буй бүхнээ Түүний өмнө авчирч, шинжүүлэх ёстой гэсэн үг юм. Хийж буй зүйлээ Бурханы Сүнсний өмнө авчирч болох боловч Бурханы махбодын өмнө авчирч болохгүй бол чи Түүний Сүнсээр шинжүүлж байгаагүйг харуулж байна. Бурханы Сүнс гэж хэн бэ? Бурхан гэрчлэл хийдэг хүн хэн бэ? Тэд нэг биш гэж үү? Ихэнх нь Тэднийг хоёр тусдаа оршихуй гэж үзэн, Бурханы Сүнс бол Бурханы л Сүнс, харин Бурхан гэрчлэл хийдэг хүн бол ердөө л нэг хүн гэж итгэдэг. Гэвч чи андуурсан бус уу? Энэ хүн хэний өмнөөс ажилладаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй. Бурханы Сүнс, Түүний махбод болсон бие хоёр нэг бөгөөд учир нь Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Энэ хүн чамд базаахгүй хандвал Бурханы Сүнс эелдэг хандана гэж үү? Чи будилсан бус уу? Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжилтийг хүлээн авах явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн авч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн авах нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийнх нь санаа зорилгод нийцдэг хүмүүсийг Бурхан төгс болгодог
387. Үнэнч хүн байхын тулд үнэнийг хэлж, чин сэтгэлээсээ ярих ёстой, хэрвээ худал хэлж, хууран мэхлэх юм бол сэтгэлээ нээж, өөрийгөө илчилж, буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг сонсох үедээ зарим хүн: “Үнэнч байх хэцүү юм. Би боддог бүхнээ бусдад хэлэх ёстой гэж үү? Эерэг зүйлийг л ярилцахад хангалттай бус уу? Би бусдад хар бараан, завхарсан талаа хэлэх хэрэггүй биз дээ?” гэдэг. Хэрвээ чи эдгээр зүйлийг бусдад хэлдэггүй, өөрийгөө задлан шинжилдэггүй бол өөрийгөө хэзээ ч мэдэхгүй; мөн ямаршуу зүйл болохоо хэзээ ч танихгүй бөгөөд бусад хүн хэзээ ч чамд итгэж чадахгүй. Энэ бол баримт. Хэрэв бусад хүний итгэлийг хүлээх хүсэлтэй бол чи эхлээд үнэнч байх ёстой. Үнэнч хүн байхын тулд чи эхлээд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр үүнийг харж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн нүүр царайг чинь харж чадна; чи сайхан харагдахын тулд дүр эсгэж, дүр үзүүлэхээр оролдох ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч хүн байхын урьдач нөхцөл юм. Чи үргэлж дүр эсгэж, ариун, эрхэм дээд, агуу дүр үзүүлж, өндөр ёс суртахуунтай царайлж байна. Тэгээд хүмүүст завхрал, дутагдлаа харуулдаггүй. Мөн өөрийгөө шулуун шударга, агуу, өөрийгөө золиослогч, шударга, хувиа хичээдэггүй гэж итгүүлэхийн тулд хүмүүст хуурамч дүр харуулдаг. Энэ нь ов мэхтэй, хуурамч байдал биш гэж үү? Яваандаа хүмүүс чамайг нэвт шувт харж чаддаг болохгүй гэж үү? Тиймээс бүү дүр эсгэ, бүү өөрийгөө хайрцагла; харин өөрийгөө болон зүрх сэтгэлээ ил болгон бусдад харуул. Хэрэв чи зүрх сэтгэлээ уудлан бусдад харуулж, эерэг ч бай, сөрөг ч бай, бүх бодол, төлөвлөгөөгөө ил болгож чаддаг бол үнэнч байгаа хэрэг бус уу? Хэрэв чи өөрийгөө ил болгон бусдад харуулж чадвал Бурхан ч бас чамайг хараад, “Чи өөрийгөө ил болгон бусдад харуулсан тул Миний өмнө ч бас үнэнч байгаа нь лавтай” хэмээн хэлнэ. Хэрэв чи зөвхөн бусдын нүднээс далдуур Бурханд өөрийгөө ил болгож, бусадтай хамт байхдаа үргэлж агуу, эрхэм дээд, шулуун шударга, аминч бус дүр эсгэдэг бол Бурхан юу гэж бодож, юу гэж хэлэх вэ? “Чи үнэхээр ов мэхтэй хүн. Туйлын хоёр нүүртэй, шалихгүй, мөн үнэнч хүн биш юм” гэж Тэр хэлнэ. Бурхан чамайг тийнхүү яллана. Хэрэв чи үнэнч шударга хүн байхыг хүсвэл Бурханы өмнө ч бай, бусад хүмүүсийн өмнө ч бай, өөрийнхөө илэрхийлэл, сэтгэлийн үгийг ил тод, нээлттэй байлгаж чаддаг байх ёстой. Ингэх амархан уу? Үүний тулд хэсэг хугацаанд дадлагажихын зэрэгцээ байнга Бурханд залбирч, найдах шаардлагатай. Чи бүх хэрэг явдал дээр зүрх сэтгэлдээ байгаа үгээ энгийнээр, нээлттэй ярьж дадах ёстой. Ингэж дадлагажвал чи ахиц гаргаж чадна. Хэрвээ чи томоохон бэрхшээлтэй тулгарвал Бурханд залбирч, үнэнийг эрж хайх ёстой. Чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг болтлоо зүрх сэтгэлдээ тэмцэж, махан биеийг ялан дийлэх хэрэгтэй. Өөрийгөө ингэж дадлагажуулснаар зүрх сэтгэл чинь аажмаар нээлттэй болно. Чи улам гэнэн цагаан болж, үг яриа, үйлдлийн чинь үр дагавар өмнөхөөсөө өөр байх болно. Худал хэлж, хуурч мэхлэх чинь улам багасаж, Бурханы өмнө амьдарч чаддаг болно. Тэр үед чи үндсэндээ үнэнч хүн болсон байна.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт
388. Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь заяагаа сүйрүүлсэн байх болно гэж та нар боддог. Гэхдээ, гагцхүү хүрэх газрынхаа төлөө хүчин чармайлтаа зарцуулдаг хүмүүс хий дэмий хүчин чармайлт гаргаж байгаа хэрэг гэж та нар ер нь бодож байв уу? Ийм хүчин чармайлт жинхэнэ биш—худал хуурмаг, хууран мэхлэлт юм. Хэрвээ тийм бол, хүрэх газрынхаа төлөө л хичээл чармайлтаа зарлагаддаг хүмүүс эцсийн ялагдлынхаа ирмэгт байна, учир нь хүний Бурханд итгэх итгэл хууран мэхлэлтээс болж бүтэлгүйтдэг билээ. Надад зусардах, долигонох юм уу Надад урам зоригтой хандахад дургүй гэдгээ Би урьд нь хэлсэн. Үнэнч шударга хүмүүс Миний үнэн болон хүлээлттэй нүүр тулахад Би дуртай. Үүнээс ч илүүтэйгээр, хүмүүс Миний зүрх сэтгэлийг дээд зэргээр харгалзан үзэж, Миний төлөө бүхнийг зарлагадаж ч чадах үед Би дуртай. Ийм маягаар л Миний зүрх сэтгэл тайтгарах боломжтой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай
389. Үнэнийг эрэлхийлэхийн тулд хүн үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой, гэхдээ үнэнийг хэрэгжүүлэхийн тулд хаанаас эхлэх ёстой вэ? Үүнд ямар ч дүрэм журам байхгүй. Өөрийнхөө ойлгож байгаа үнэний талыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэв чи үүрэг гүйцэтгэж эхэлсэн бол үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хэрэгжүүлж эхлэх ёстой. Үүргээ гүйцэтгэх явцад хэрэгжүүлэх үнэний олон тал байдаг бөгөөд чи ойлгож байгаа үнэний талаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, чи эхлээд үнэнч шударга хүн байж, үнэнээ хэлж, зүрх сэтгэлээ нээж болно. Ах эгч нартайгаа ярихад хэтэрхий ичмээр зүйл байвал өвдөг сөгдөөд, үүнийгээ залбирлаар дамжуулан Бурханд хэлэх хэрэгтэй. Чи Бурханд юу хэлэх ёстой вэ? Зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Бурханд хэл; хий дэмий бүү тал зас, Түүнийг хуурах гэж бүү оролд. Үнэнч шударга байхаас эхэл. Хэрэв чи сул дорой байсан бол сул дорой байснаа хэл; хорон муу байсан бол хорон муу байснаа хэл; ов мэхтэй байсан бол ов мэхтэй байснаа хэл; хэрцгий, муу санаатай байсан бол үүнийхээ тухай Бурханд хэл. Хэрвээ чи байр суурийн төлөө үргэлж тэмцэж байгаа бол үүнийгээ ч Бурханд хэл. Бурхан чамайг сахилгажуулаг; чамд зориулсан орчныг зохицуулаг. Бүх бэрхшээлээ туулж, бүх асуудлаа шийдвэрлэхдээ Бурханаар туслуул. Чи зүрх сэтгэлээ Бурханд нээх ёстой; хаалттай бүү байлга. Чи Бурханд зүрх сэтгэлээ хаалаа ч гэсэн, Тэр чамайг шинжиж мөн л чадна. Гэхдээ чи Бурханд зүрх сэтгэлээ нээвэл үнэнийг олж авч чадна. Тэгвэл чи аль замыг сонгох ёстой вэ? Чи зүрх сэтгэлээ нээж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Бурханд хэлэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд чи худал хэлж, дүр эсгэж болохгүй. Үнэнч шударга хүн байхаас эхлэх ёстой. Олон жил бид үнэнч шударга хүн байх тухай үнэний талаар нөхөрлөж ирсэн хэр нь өнөөдөр хайхрамжгүй хэвээр байж, зөвхөн өөрийн санаархал, хүсэл, зорилгын дагуу л ярьж, үйлддэг, гэмших тухай хэзээ ч бодож байгаагүй олон хүн байсаар байна. Үнэнч шударга хүмүүсийн хандлага энэ биш. Бурхан яагаад хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг вэ? Хүмүүсийг ойлгоход амархан болгохын тулд уу? Мэдээж үгүй. Бурхан үнэнч шударга хүмүүсийг хайрлаж, ерөөдөг учраас Бурхан хүмүүсээс шударга байхыг шаарддаг. Шударга хүн байна гэдэг нь мөс чанартай, эрүүл ухаантай хүн байна гэсэн үг. Энэ нь итгэж болохуйц, Бурханы хайрладаг, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг хайрладаг хүн байх гэсэн үг юм. Үнэнч шударга хүн байх нь хэвийн хүн чанар, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах хамгийн суурь илэрхийлэл юм. Хэрэв хүн хэзээ ч үнэнч шударга байгаагүй эсвэл үнэнч шударга гэж тооцогдож байгаагүй бол үнэнийг ойлгож чадахгүй, үнэнийг олж авч бүр чадахгүй. Хэрэв чи Надад итгэхгүй байгаа бол өөрөө шалга, эсвэл өөрөө туулаад үз. Үнэнч шударга хүн байснаар л чиний зүрх сэтгэл Бурханд нээлттэй байж, үнэн чиний амь болж, чи үнэнийг хүлээн авч, үнэнийг ойлгож, олж авч чадна. Хэрэв чиний зүрх сэтгэл үргэлж хаалттай, зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ хэнд ч нээхгүй, хэлэхгүй, улмаар хэн ч чамайг ойлгож чадахгүй байгаа бол хана чинь хэтэрхий зузаан бөгөөд чи хүмүүсийг маш ихээр мэхэлж байна. Хэрэв чи Бурханд итгэсэн хэрнээ өөрийгөө Бурханд бүрэн нээж чаддаггүй, Бурханыг хууран мэхлэхийн тулд Бурханд худал хэлэх юм уу хэтрүүлэн ярьж, Бурханд зүрх сэтгэлээ нээж чаддаггүй, тойруугаар ярьж, санаа зорилгоо нууж чаддаг бол чи зөвхөн өөртөө хор хөнөөл учруулах бөгөөд Бурхан чамайг үл хайхарч, чиний дотор ажиллахгүй. Чи ямар ч үнэнийг ойлгохгүй, ямар ч үнэнийг олж авахгүй. Одоо та нар үнэнийг эрэлхийлж, олж авахын чухлыг ойлгож байна уу? Үнэнийг эрэлхийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Чи үнэнч шударга хүн байх ёстой. Хүмүүс үнэнч шударга байхаар эрэлхийлж байж л хэр гүн гүнзгий завхарснаа, мөн үнэхээр хүний төрхтэй эсэхээ мэдэж, өөрсдийгөө сайтар хэмжиж, дутагдлаа харж чадна. Тэд үнэнч байдлыг хэрэгжүүлэх үедээ л хэр олон худал үг хэлдэг, ов мэх, булхайгаа хэчнээн гүн нуудгаа мэддэг болж чадна. Үнэнч байхаар хэрэгжүүлэх туршлагатай болж байхдаа л хүмүүс завхралынхаа тухай үнэнийг аажмаар мэдэж авч, уг чанар-мөн чанараа мэдэж авч чаддаг бөгөөд тэгсэн цагт л тэдний завхарсан зан чанар тасралтгүй ариусгагдана. Завхарсан зан чанар нь тасралтгүй ариусах явцад л хүмүүс үнэнийг олж авч чадна. Эдгээр үгийг яаралгүй туул. Бурхан зальжин хүмүүсийг төгс болгодоггүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг олж авахгүй. Үүний адилаар чи үнэнийг олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно. Хэрэв чи Бурханыг олж авахгүй бол энэ нь юу гэсэн үг вэ? Чи Бурханыг олж аваагүй, үнэнийг ойлгоогүй бол Бурханыг мэдэхгүй тул Бурхантай нийцэлтэй байж яавч чадахгүй бөгөөд тэр тохиолдолд чи Бурханы дайсан байна. Хэрвээ чи Бурхантай нийцэлтэй биш бол Бурхан чиний Бурхан биш; Бурхан чиний Бурхан биш бол чи аврагдаж чадахгүй. Аврал хүртэхээр эрэлхийлдэггүй бол чи яагаад Бурханд итгэдэг юм бэ? Аврал хүртэж чадахгүй бол чи үүрд Бурханы өстөн дайсан байх бөгөөд үр дүн чинь тодорхойлогдох болно. Иймээс хэрвээ хүмүүс аврагдахыг хүсвэл эхлээд үнэнч шударга байх ёстой. Эцэст нь Бурханаар авхуулах хүмүүс нэг тэмдгээр тэмдэглэгддэг. Энэ нь юу болохыг та нар мэдэх үү? “Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй; тэд гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:5) гэж Библийн Илчлэлд бичсэн байдаг. “Тэд” гэж хэн бэ? Тэд бол Бурханы аварч, төгс болгож, олж авсан хүмүүс юм. Бурхан энэ хүмүүсийг хэрхэн дүрсэлдэг вэ? Тэдний биеэ авч явах байдлын шинж чанар, илэрхийлэл юу вэ? Тэд гэм зэмгүй байдаг. Тэгээд огт худал хэлдэггүй. Огт худал хэлдэггүй гэж юу гэсэн үг болохыг та нар бүгд ойлгож, ухаарч чадах байх: Энэ нь үнэнч шударга байна гэсэн үг. “Гэм зэмгүй байх” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь мууг үйлдэхгүй гэсэн үг. Мууг үйлдэхгүй байх нь ямар суурин дээр үндэслэдэг вэ? Энэ нь Бурханаас эмээх суурин дээр үндэслэдэг нь эргэлзээгүй. Тиймээс гэм зэмгүй байх гэдэг нь Бурханаас эмээж, муугаас зайлах гэсэн үг юм. Гэм зэмгүй хүнийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Бурханы нүдэнд, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс л төгс байдаг; тиймээс гэм зэмгүй хүмүүс нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс бөгөөд төгс хүмүүс л гэм зэмгүй. Энэ нь тун зөв юм.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт
390. Чиний дотор жинхэнэ итгэл, жинхэнэ үнэнч зан байгаа эсэхийг, Бурханы төлөө зовсон бүртгэл чамд байгаа эсэхийг болон Бурханыг туйлын дуулгавартай дагасан эсэхээ чи мэдэх ёстой. Хэрвээ чамд эдгээр зүйл байдаггүй бол чиний дотор тэрслүү байдал, ов мэх, шунал, гомдол үлдсэн байдаг. Зүрх сэтгэл чинь үнэнч шударга биш учраас чи Бурханд хэзээ ч сайшаагдаагүй бөгөөд хэзээ ч гэрэлд амьдраагүй. Хүний хувь заяа эцэстээ яах нь түүнд үнэнч шударга, цагаан сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч шударга бус, асар хорлонт сэтгэлтэй, бохир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэлд бичигдсэнээр хүнийг шийтгэдэг газар очиж таарах нь гарцаагүй. Чи өөрийгөө маш үнэнч шударга гэж хэлдэг атлаа үнэний дагуу үйлдэж, үнэн үг хэлж хэзээ ч дөнгөдөггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байна уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цэцгий мэт үзнэ гэж найдсаар л байна уу? Ийм бодол утгагүй бус уу? Чи бүх зүйл дээр Бурханыг мэхэлдэг; тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгаж болох юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга