10.6. Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, дуулгавартай дагах тухай

391. Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүрэн аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээгдсэн зүйлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээдэг зүрх сэтгэлээ алдаж, бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргийг ч алдаж, Бурханы эсрэг тэрсэлдэг дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эрхшээл дор амьдарч, Сатаны явуулгад захирагдсан; тиймээс Бурхан бүтээгдсэн зүйлсийнхээ дунд ажиллах аргагүй болж, тэдний эмээсэн сэтгэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, эцэст нь Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Тэрслүү хөвгүүдийг бүрэн сүйрүүлэх нь ч бас хүмүүсийг Бурханд илүү сайн шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө эцэст нь хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суутай хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь тэрсэлдэг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

392. Чи Бурханд итгэдэг юм чинь Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлээр үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, дуулгавартай дагах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа дуулгавартай дагаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү зарим хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Тэдэнд Бурханаар авхуулах найдвар бүр ч бага байдаг бус уу? Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах бус, харин зөв шударга байдал ба зөв шударга бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, түүнчлэн дуртайяа дуулгавартай дагадаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ангилагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ёстой ажил юм. Харин үйлдэл болгон нь тэрслүү хүмүүс шийтгүүлж, мөнхийн хараалын объект, галд шатаагдахаар хаягдах болно. Тэр цаг ирэхэд өнгөрсөн эрин үеийн “агуу агаад мохошгүй баатрууд” хамгийн адгийн, хамгийн их адлагдсан “үхээнц, сул дорой хулчгарууд” болно. Зөвхөн энэ л Бурханы зөвт байдлын бүх талыг, хүний халдаж чадахгүй Түүний зан чанарыг харуулж чадна. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намдааж чадна. Энэ бүхэн үндэслэлтэй гэдэгтэй та нар санал нийлэхгүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг үнэн сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна

393. Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе шатанд асар их дуулгавартай байснаа дараагийн үед муу юм уу дуулгавартай байж чадахгүй байвал Бурхан чамайг орхих болно. Бурханыг энэ алхмаар явахад нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхмаар өгсөхөд үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэгсэн цагт л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүйгээ хүрэхээр дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Миний нөхөрлөдөг шинэ ажилтай чи алхаа нийлүүлж чадахгүй, урьдын үгтэй зууралдсаар байвал аминд чинь яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллах болно. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирж, хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлнэ. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд юмсыг олж авч эсвэл харах боломж олгохыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадвал чамд Бурханаар төгс болгуулах асар их найдлага байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь баргар, гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг. Зөв замд ормогцоо чи бүх зүйл дээр илчлэл олж авна. Ариун Сүнс бусдад юу илчилдэг байх нь хамаагүй, хэрвээ чи тэдний мэдлэгт үндэслэн аливааг өөрөө туулж мэдэрвэл энэ туршлага амийн чинь нэг хэсэг болох ба энэ туршлагаасаа бусдыг хангаж чадна. Үгийг тоть шиг давтаж бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага, мэдлэгийн тухай ярьж эхлэхээсээ өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд илүү их ашиг тустай байх болно. Чи Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагаж ийм маягаар туршлагажих хэрэгтэй. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлээс хичээл сурах хэрэгтэй, тэгвэл чиний амь өснө. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц гаргадаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг үнэн сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна

394. Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх ёстой. Дан ганц өнгөн дээрээ захирагдаад Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд зан чанараа өөрчлөх гэж эрж хайлгүйгээр Бурханы үгийн өнгөц талуудыг дуулгавартай дагах төдий байх нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх биш юм. Бурханд дуулгавартай байх болон Бурханы ажилд захирагдах нь яг адилхан юм. Бурханд л захирагдаад, Түүний ажилд захирагддаггүй хүмүүсийг дуулгавартайд тооцож болохгүй, үнэнээсээ захирагддаггүй атлаа гаднаа зулгуйдан зусарддаг хүмүүсийг бүр ч тооцож болохгүй. Бурханд үнэнээсээ захирагддаг хүмүүс бүгдээрээ ажлаас нь хүртэж, Бурханы зан чанар болон ажлын талаарх ойлголтод хүрдэг. Зөвхөн ийм л хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг. Ийм хүмүүс шинэ ажлаас шинэ мэдлэг олж авч, мөн үүнээс шинэ өөрчлөлтийг туулж чаддаг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан сайшаадаг; ийм хүмүүс л төгс болгуулдаг, зан чанараа өөрчилсөн хүмүүс билээ. Бурханы сайшаадаг хүмүүс нь Бурханд, түүнчлэн Түүний үг болон ажилд баяртайяа захирагддаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л зөв; ийм хүмүүс л Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж, Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг үнэн сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна

395. Махбодод байх хугацаандаа Бурханы хүмүүсээс шаарддаг дуулгавартай байдал нь хүмүүсийн төсөөлдөг шиг шүүлт хийхгүй, эсэргүүцэхгүй байх явдал биш; харин ч, Түүний үгийг амьдралын зарчим, оршин тогтнолын сууриа болгон ашиглаж, үгийнх нь мөн чанарыг гарцаагүй хэрэгжүүлж, Түүний хүслийг бүрэн дүүрэн хангахыг Бурхан хүмүүсээс шаарддаг. Бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байхыг хүмүүсээс шаардахын нэг тал нь Түүний үгийг хэрэгжүүлэхтэй хамаатай, харин нөгөө тал нь Түүний хэвийн болон бодит байдалд дуулгавартай байж чадахтай хамаатай. Энэ хоёр нь хоёулаа туйлын байх ёстой. Энэ талуудын аль алийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс бол зүрх сэтгэлдээ Бурханыг гэх жинхэнэ хайр өвөрлөдөг бүх хүн юм. Тэд бол Бурханаар авхуулсан хүмүүс бөгөөд бүгд Бурханыг амь шигээ хайрладаг…

Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол Түүний хүсэлд нийцдэг хүмүүс юм. Тэд зөвхөн Түүний ажилд захирагдах хэрэгтэй бөгөөд тэнгэр дэх Бурханы тухай санаа бодолд байнга анхаарч, тодорхойгүй байдалд амьдарч, махбод дахь Бурханд бэрхшээл учруулахаа болих хэрэгтэй. Түүнийг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс бол Түүний үгийг заавал сонсож, Түүний зохицуулалтад захирагддаг хүмүүс юм. Ийм хүмүүс тэнгэр дэх Бурхан үнэндээ яг ямар болох, эсвэл тэнгэр дэх Бурхан хүн төрөлхтний дунд одоогоор ямархуу ажил хийж байж болохыг огтхон ч анхаардаггүй; харин газар дээрх Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч, бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй, бие махбодтой болсон Бурханы хэвийн агаад бодит байдлын талаар хэзээ ч төвөг уддаггүй. Махбод дахь Бурханд захирагддаг хүмүүс Түүгээр төгс болгуулж чадна. Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь тэнгэр дэх Бурхан биш, харин газар дээрх Бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс тэнгэр дэх Бурханыг үргэлж агуу хэмээн үзэж, газар дээрх Бурханыг эгэл жирийн хүн мэт үзэх ёсгүй; энэ нь шударга бус. Тэнгэр дэх Бурхан бол ер бусын мэргэн ухаантай агуу агаад гайхалтай атлаа огтхон ч оршин байдаггүй; газар дээрх Бурхан тун жирийн агаад шалихгүй; бас маш хэвийн. Түүнд ер бусын оюун ухаан юм уу газар донсолгом үйл үйлддэггүй; Тэр зүгээр л тун хэвийн, бодитой байдлаар ажиллаж, үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй, эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн үнэхээр бие махбодтой болсон тэнгэр дэх Бурхан бөгөөд хүмүүсийн дунд амьдарч буй Бурхан үнэхээр мөн. Хүмүүс өөрсдийн ойлгож чадах, өөрсдийнх нь төсөөлөлд таарсан нэгнийг Бурхан гэж дөвийлгөөд, харин өөрсдийнхөө хүлээн зөвшөөрч чадахгүй, огтхон ч төсөөлж чадахгүй нэгнийг дорд хэмээн үзэх ёсгүй. Энэ бүхэн хүмүүсийн тэрслүү байдлаас урган гардаг; энэ нь Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтний эсэргүүцлийн бүх эх сурвалж юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм

396. Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг ойлгож, хүлээн авч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханыг хүсэмжлэх хүсэлгүй хүмүүс зориуд Бурханд захирагдаж чаддаггүй, харин байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдгаасаа болж Бурханд тэрсэлж л чадна. Хүн өмнө нь ирсэн зүйлд автсан учраас Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Урьд өмнө нь ирсэн зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн үзэл, төсөөлөл өгч, эдгээр нь тэдний оюун ухаанд Бурханы дүр болсон байдаг. Тиймээс тэд өөрсдийн үзэл болон төсөөлсөн стандартууддаа итгэдэг. Хэрвээ чи, өнөөдөр бодит ажил хийдэг Бурханыг өөрийн төсөөллийн Бурхантай харьцуулдаг бол итгэл чинь Сатанаас гардгийн дээр чиний эрхэмлэдэг зүйлсээр сэвтсэн байна—харин Бурхан ийм итгэлийг хүсдэггүй. Чадвар чансаа нь хэчнээн сүртэй, хэчнээн их зориулдаг нь хамаагүй—бүр бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулж, зовж тарчилсан ч бай—Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаадаггүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл хайрлаж, үүнийг хэсэгхэн хугацаанд эдлэх боломж олгодог. Ийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй бөгөөд Бурхан тэднийг ээлж дараалан таягдан хаяна. Хөгшин, залуу байхаас үл хамааран, Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагадаггүй, буруу санаа бодолтой хүмүүс бол эсэргүүцэж, саад болдог хүмүүс бөгөөд Бурханд таягдуулан хаягдах нь дамжиггүй. Бурханд огт дуулгавартай байдаггүй, нэрийг нь хүлээн зөвшөөрөх төдий байдаг, Бурханы сайхан сэтгэл, хайр татам байдлыг бага зэрэг мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдардаг бөгөөд Бурханаар авхуулж, төгс болгуулахгүй. Бурхан дуулгавартай байдал, Бурханы үгийг идэж, ууж, таашааж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүй үнэнийг идэвхтэйгээр хүсэмжилж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; Бурханы ийм л итгэлийг хүсдэг билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр, тэвчээр бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг л эдэлдэг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөцхөн байдгийн дээр “Бурхан хүнд хайртай”, “Бурхан хүнд энэрэнгүй ханддаг” гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас хүмүүс Бурханыг үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь ирэх үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол тэд огтхон ч дуулгаваргүй юм. Тэдэнд Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалт, мөн олон жилийн итгэлийн дүнд олж авсан хуучин туршлагууд, Библи дээр үндэслэсэн янз бүрийн дүрэм журам байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүмүүний зүйлс дүүрэн энэ хүмүүс яаж Бурханд дуулгавартай байж чадах юм бэ? Тэд эрхэмлэдэг зүйлийнхээ дагуу “дуулгавартай дагадаг”—иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүснэ гэж үү? Энэ бол Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш, харин дүрэм журмыг мөрдөж буй хэрэг; мөн өөрсдийгөө тайтгаруулж, сэтгэл хангалуун болгож байгаа явдал юм. Үүнийгээ чи Бурханд дуулгавартай байна гэж хэлбэл Түүнийг доромжилж байгаа хэрэг бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой

397. Итгэхдээ Бурханыг дуулгавартай дагахаар эрж хайдаггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Бурхан хүмүүсээс үнэнийг эрж хайж, Өөрийнх нь үгээр цангаж, Өөрийнх нь үгийг идэж ууж, хэрэгжүүлэхийг шаарддаг, ингэснээр тэд Бурханыг дуулгавартай дагадаг болно. Жинхэнэ санаа зорилго чинь ийм бол Бурхан гарцаагүй чамайг өргөмжилж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Энэ бол маргаангүй бөгөөд үүнийг өөрчлөхийн аргагүй билээ. Хэрвээ санаа зорилго чинь Бурханыг дуулгавартай дагахын төлөө биш, өөр зорилготой байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—бүр Бурханы өмнөх залбирал чинь, тэр ч байтугай үйлдэл бүр чинь—Бурханы эсрэг байх болно. Үг чинь зөөлөн, зан ааш чинь эелдэг байлаа ч гэсэн, үйлдэл, илэрхийлэл бүр чинь бусдад зөв зохистой санагддаг, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагддаг байлаа ч гэсэн чиний санаа зорилго, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын чинь тухайд гэвэл чиний үйлдэл бүхэн Бурханыг эсэргүүцэж, ёрын мууг хийж байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг атлаа зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг тэднээс Бурхан ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчилж, хоёр нүүртэн болгоныг Ариун Сүнс гарцаагүй жигшин голно гэдгийг бүх хүнд харуулна. Санаа бүү зов, Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, ээлж дараалан зайлуулна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой

398. Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадах эсэхийг шалгахад гол нь тэд Бурханаас хэрээс хэтэрсэн зүйл хүсдэг эсэхийг, далд сэдэл өвөрлөдөг эсэхийг харах явдал юм. Хэрвээ хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг бол Бурханд дуулгавартай биш гэдгийг энэ нь нотолдог. Чамд юу ч тохиолдсон бай, чи үүнийг Бурханаас хүлээн авдаггүй, үнэнийг эрж хайдаггүй, үргэлж өөрийнхөө төлөө маргаж, үргэлж өөрийнхөө зөв гэж боддог бол, тэр ч бүү хэл Бурхан бол үнэн, зөвт байдал гэдэгт ч эргэлзэж чаддаг бол асуудалд орох болно. Ийм хүмүүс хамгийн их биеэ тоосон, Бурханд тэрслүү байдаг. Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадахгүй. Хэрвээ чи Бурханд шаардлага тавьдаг бол энэ нь Бурхантай наймаацахаар оролдож байгааг чинь, мөн өөрийнхөө хүслийг сонгож, үүнийхээ дагуу үйлдэж байгааг чинь нотолдог. Үүгээрээ чи Бурханаас урваж байгаа ба дуулгавартай байдал чамд байдаггүй. Бурханд шаардлага тавих нь өөрөө эрүүл ухаангүй хэрэг; Тэр бол Бурхан мөн гэдэгт чи үнэхээр итгэдэг бол Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй, шаардлагаа үндэслэлтэй гэж бодсон ч бай, үгүй ч бай, Бурханд шаардлага тавихад чи тохирохгүй. Хэрвээ чи Бурханд жинхэнээсээ итгэдэг бөгөөд Тэр бол Бурхан мөн гэдэгт итгэдэг бол зөвхөн Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай дагана, өөр сонголт чамд байхгүй. Өнөөдөр хүмүүс өөрийнхөө сонголтыг хийгээд зогсохгүй, бүр өөрийнх нь хүслээр үйлдэхийг Бурханаас шаарддаг. Тэд Бурханд дуулгавартай байхыг сонгодоггүй, харин ч бүр өөрсдөд нь дуулгавартай байхыг Бурханаас шаарддаг. Энэ нь үнэхээр эрүүл ухаангүй хэрэг бус уу? Тиймээс хүнд жинхэнэ итгэл байдаггүй, ямар ч бодит итгэл байдаггүй ба Бурханы магтаалыг хүлээн авч хэзээ ч чадахгүй. Хүмүүс Бурханд тавих шаардлагаа багасгаж чадвал жинхэнэ итгэл, дуулгавартай байдал нь нэмэгдэж, эрүүл ухаан нь ч бас харьцангуй хэвийн болно. Хүмүүс маргах хандлагатай байх тусам, илүү их зөвтгөх шалтгаантай байх тусам, тэдэнтэй харилцахад төдий чинээ хэцүү байдаг. Тэд олон юм шаарддаг төдийгүй гар бариад бугуй барина. Нэг талаар сэтгэл ханамжтай байх үедээ нөгөө талаар шаардлага тавина. Тэд бүх талаар сэтгэл ханамжтай байх ёстой байдаг бөгөөд тэгэхгүй бол гомдоллож эхлэн, аливаа зүйлийг найдваргүйд тооцож, болчимгүй авирладаг. Хожим нь тэд өртэйгөө мэдэрч, харуусаж, гашуун нулимс урсган уйлж, үхэхийг хүсдэг. Тэгэх ямар хэрэг байна вэ? Тэд эрүүл ухаангүй, байнгын түгшүүртэй байгаа бус уу? Энэ цуврал асуудлыг үндсээр нь шийдвэрлэх ёстой. Чи завхарсан зан чанартай бөгөөд үүнийгээ шийдвэрлэхгүй бол, асуудалд орж, гамшиг учрах хүртэл үүнийг шийдвэрлэхээ хүлээх юм бол энэ хохирлоо яаж нөхөх юм бэ? Энэ нь орсон борооны араас цув нөмөрсөн хэрэг болох бус уу? Иймээс завхарсан зан чанарынхаа асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд анх гарч ирэх үед нь үнэнийг эрэлхийлж, шийдвэрлэх ёстой. Чи завхарсан зан чанарыг анхан шатанд нь шийдвэрлэж, улмаар ямар ч буруу юм хийхгүй байх баталгаа гаргаж, ирээдүйн асуудлаас сэргийлэх ёстой. Хэрэв завхарсан зан чанар үндэслэж, хүний бодол санаа, үзэл бодол болох юм бол ёрын мууг хийхэд нь уг хүнийг чиглүүлж чадна. Тиймээс өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэх нь үндсэндээ завхарсан зан чанараа олж илрүүлж, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хурдан эрж хайхын төлөө байдаг. Уг чанарт чинь юу байгааг, юунд дуртайгаа, юуг эрэлхийлдэгээ, юу олж авахыг хүсдэгээ чи мэдэх ёстой. Эдгээр зүйл нь Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэхийг, юугаараа эндүү ташаа байгааг харахын тулд Бурханы үгээр задлан шинжлэх ёстой. Эдгээр зүйлийг ойлгомогцоо чи хэвийн бус эрүүл ухааны асуудлаа, өөрөөр хэлбэл, үндэслэлгүй, байнга төвөгтэй байдаг асуудлаа шийдвэрлэх ёстой. Энэ нь зөвхөн завхарсан зан чанарын асуудал биш, харин эрүүл ухаангүй байдлыг чинь хөнддөг. Ялангуяа ашиг сонирхолтой нь холбоотой асуудал дээр, ашиг сонирхолдоо хэт автсан хүмүүс хэвийн эрүүл ухаангүй байдаг. Энэ бол сэтгэл зүйн асуудал, мөн хүмүүсийн эмзэг цэг юм. Зарим хүн өөрт нь тодорхой хэв чанар, билиг авьяас байгаа мэт санагдаж, үргэлж удирдагч байж, бусдаас онцгойрохыг хүсдэг учраас Бурханаас өөрийг нь ашиглахыг шаарддаг. Хэрэв Бурхан өөрийг нь ашиглахгүй бол “Бурхан намайг таалахгүй байж яаж болох юм бэ? Хэрэв Та намайг ашиглаж, ямар нэг чухал зүйл хийлгэвэл Таны төлөө өөрийгөө зарлагадана гэдгээ амлая!” гэж хэлдэг. Ийм санаа зорилго зөв үү? Бурханы төлөө зарлагадах нь сайн зүйл боловч Бурханы төлөө зарлагадах хүслийнх нь ард сэдэл байдаг. Тэдний хайрладаг зүйл нь байр суурь бөгөөд энэ бол тэдний анхаардаг зүйл. Хүмүүс үнэхээр дуулгавартай байж, Бурхан өөрийг нь ашигладаг эсэхээс үл хамааран Бурханыг чин сэтгэлээсээ дагаж, байр суурьтай эсэхээсээ үл хамааран Бурханы төлөө зарлагадаж чаддаг бол тэднийг эрүүл ухаантай, Бурханд дуулгавартай гэж тооцож болно.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг

399. Бодит амьдралын асуудлуудтай тулгарах үедээ чи Бурханы эрх мэдэл болон дээд эрхийг хэрхэн мэдэж, ойлговол зохилтой вэ? Чи эдгээр асуудалтай тулгараад, хэрхэн ойлгож, шийдвэрлэж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад захирагдах санаа зорилго, хүсэл, бодит байдлаа харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой. “Хүлээх” гэдэг нь Бурханы цагийг хүлээж, чамд зориулан Түүний зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг хүлээж, Түүний хүсэл аажмаар чамд илчлэгдэхийг хүлээнэ гэсэн үг юм. “Эрж хайх” гэдэг нь чиний төлөө гэсэн Бурханы сайн санааг Түүний бэлдэж тавьсан хүмүүс, үйл явдал, юмсаар дамжуулан ажиглаж ойлгох, тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгох, хүн юу биелүүлэх ёстойг болон түүний дагаж мөрдөх ёстой арга замыг ойлгох, Бурхан хүмүүс дээр ямар үр дүнд хүрэхийг хүсэж, тэднээс Тэр ямар ололт амжилт олж авах санаатай байгааг ойлгох гэсэн үг юм. “Захирагдах” гэдэг нь мэдээж, Бурханы зохион байгуулсан хүмүүс, үйл явдал, юмсыг, Түүний дээд эрхийг хүлээн авч, түүгээр дамжуулан Бүтээгч хүний хувь заяаг хэрхэн захирдаг, Тэр Өөрийн амиар хүнийг хэрхэн хангадаг, хүний дотор үнэнийг хэрхэн оруулдгийг мэдэж авахыг хэлнэ. Бурханы зохицуулалт болон дээд эрхийн доорх бүх зүйл байгалийн хуулийг дуулгавартай дагадаг бөгөөд хэрвээ чи өөрийнхөө бүх зүйлийг зохицуулж, захирахыг Бурханд зөвшөөрөхөөр шийдвэл чи хүлээж, эрж хайж, захирагдаж сурах хэрэгтэй. Энэ бол Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүн бүхний баримтлах ёстой хандлага, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн авахыг хүсдэг хүн бүхэнд байх ёстой үндсэн чанар юм. Ийм хандлагатай болж, ийм чанарыг эзэмшихийн тулд чи илүү шаргуу ажиллах ёстой. Жинхэнэ бодит байдалд орж болох цорын ганц арга зам энэ юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

400. Ноа Бурханы зааврыг дагаж байхдаа Бурханы санаа зорилго юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, их тайлбарлалгүйгээр нэг юм хий гэж зааварласан бөгөөд Ноа ёсоор болгож, түүнийг нь хийсэн. Тэрээр дотроо Бурханы хүслийн учрыг олох гэж оролдоо ч үгүй, Бурханыг эсэргүүцээ ч үгүй, мөн хуурамч зан гаргаа ч үгүй. Тэр явж очоод л цайлган, эгэл сэтгэлээр зохих ёсоор нь хийсэн. Бурханы юу л хий гэснийг хийсэн бөгөөд дуулгавартай дагаж, Бурханы үгийг сонссон нь түүний аливааг хийх итгэл үнэмшил байлаа. Бурханы даалгасан зүйлийг тэр ингэж шулуухан, энгийнээр хариуцаж авсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, түүнчлэн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн олз, гарзын талаар бодох явдал биш, харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад, Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэхэд Ноа хэзээ гэдгийг нь асуугаагүй, эсвэл юу тохиолдохыг асуугаагүй, мөн Бурханаас дэлхийг хэрхэн устгах гэж байгааг лав асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааварласнаар хийсэн. Бурхан яаж хийхийг, юугаар хийхийг хүссэнчлэн бүхнийг яг Бурханы хэлснээр хийсэн бөгөөд бас даруйхан ажлаа эхэлсэн. Тэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн хандлагатайгаар Бурханы зааврын дагуу үйлдсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Бурханаас ертөнцийг сөнөөх хүртэл хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу, эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай дагаж, сонсож, ёсоор нь хийсэн.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

401. Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхнийг дуулгавартай дагахаар хичээсэн. Тэрээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн авч чадсан, ингэх зуураа ганц ч гомдол хэлээгүй. Эдгээрийн юу ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлийг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч бай, чи үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл мөн бөгөөд Бүтээгчийн санаа зорилгыг үүнээс илүү хангах юу ч үгүй. Чи Бурханы төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл, гэхдээ чи Бурханыг дуулгавартай дагадаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам Бурханаар яллагдана, учир нь чи үнэнийг эзэмшдэггүй, Бурханыг дуулгавартай дагах чадваргүй, Бурханы эсрэг тэрсэлдэг хүн юм. Чи үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэхэд биш, Бурханы төлөө ажиллахад л анхаардаг; чи Бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй, Бүтээгчийг дуулгавартай дагадаггүй, хайрладаггүй бөгөөд төрөлхөөсөө Бурханы эсрэг тэрсэлдэг хүн. Ийм шалтгааны улмаас тийм хүмүүст Бүтээгч дургүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

402. Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх нь чамд бодитой Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл жирийн байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө дуулгавартай байж, бүр үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй чинь үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийдэг бол Бурханаар авхуулсан гэсэн үг юм. Үхэлд хүртэл захирагдаж, Түүний өмнө гомдоллохгүй, шүүлт хийхгүй, гүжирдэхгүй, ямар ч үзэлгүй, ямар нэгэн далд санаагүй байж чаддаг бол ийм маягаар Бурхан алдрыг олж авна. Хүний дорд үздэг эгэл хүний өмнө дуулгавартай байж, ямар ч үзэлгүйгээр үхэлд хүртэл захирагдаж чаддаг байх нь жинхэнэ гэрчлэл билээ. Хүмүүсийг ор гэж Бурханы шаарддаг бодит байдал нь Түүний үгийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлж, бодитой Бурханы өмнө бөхийж, завхралаа мэдэж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь эдгээр үгээр нь дамжуулан Түүгээр авхуулж чаддаг байх явдал юм. Эдгээр айлдвар чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиглэж, Өөрийн ажлыг дуусгадаг. Бие махбодтой болсон Бурханы бодитой байдлын талаар ямар ч үзэлгүй байх үедээ буюу энэ шалгалтад бат зогсох үедээ чи энэ гэрчлэлийг сайн хийжээ. Хэрвээ чамд бодитой Бурханы талаар бүрэн ойлгож, Петр шиг үхэлд хүртэл захирагдаж чадах өдөр ирвэл чи Бурханаар авхуулж, төгс болгуулна. Бурханы хийдэг, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл бол чамд зориулсан шалгалт юм. Хэрвээ Бурханы ажил чиний үзэлтэй нийцэж байсан бол энэ нь чамаас зовохыг, эсвэл цэвэршүүлэгдэхийг шаардахгүй. Түүний ажил маш бодитой, чиний үзэлтэй нийцдэггүй учраас тийм үзлийг хаяхыг чамаас шаарддаг. Ийм учраас энэ нь чиний хувьд шалгалт юм. Бурханы бодит байдлаас л болж бүх хүн шалгалтуудын дунд байгаа; Түүний ажил ер бусын биш, харин бодитой. Түүний бодитой үгсийг, Түүний бодитой айлдваруудыг ямар ч үзэлгүйгээр бүрэн ойлгосноор, мөн ажил нь бодитой болох тусам Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг байснаар чи Түүгээр авхуулна. Бурханы олж авах бүлэг хүмүүс бол Бурханыг мэддэг хүмүүс; өөрөөр хэлбэл, Түүний бодит байдлыг мэддэг хүмүүс юм. Үүнээс гадна, тэд бол Бурханы бодитой ажилд захирагдаж чаддаг хүмүүс билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм

403. Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүн шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайсан эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханы төлөө хөдөлмөрлөсөн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн байдаггүй. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэлийн бай болно; түүнчлэн тэд ёрын муу үйл хэргийнхээ дагуу шийтгүүлнэ. Хүмүүс Бурханд итгэж, бас Түүнийг дуулгавартай дагаваас зохино. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй, Бурханд захирагдаж чаддаггүй хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулалтын ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбод дахь нүдэнд үзэгддэг Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцсээр байх юм бол энэ “тодорхойгүй үзэлтнүүд” эргэлзээгүй сүйрлийн бай болно. Та нарын дунд буй зарим хүн—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бүх хүн эцэстээ таягдан хаягдаж, устгагдана. Түүнчлэн, нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, Түүний илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг мөртөө тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг ч бас эрэлхийлдэг бүх хүн бүр ч илүүтэйгээр мөхлийн бай болно. Энэ хүмүүсийн аль нь ч Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг ирэх хүртэл үлдэж чадахгүй, амралтын цаг ирэх хүртэл ийм хүмүүстэй төстэй ганц ч хүн үлдэж чадахгүй. Чөтгөрийн хүмүүс үнэнийг хэрэгжүүлдэггүй; Бурханыг эсэргүүцэж, тэрслэх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханыг дуулгавартай дагах санаа зорилго тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдана.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Өмнөх: 10.5. Хэрхэн үнэнч шударга хүн байх тухай

Дараах: 10.7. Өөрийн үүргийг хэрхэн шаардлага хангахуйцаар биелүүлэх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх