39-р бүлэг
Нүдээ нээгээд хар, Миний агуу хүч чадлыг чи хаа сайгүй харах болно! Чи хаана ч Надад итгэлтэй байж болно. Сансар огторгуй Миний агуу хүч чадлыг түгээж байна. Цаг агаарын дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн дундах гажуудал, нийгмийн хөдөлгөгч хүчний эмх замбараагүй байдал, хүмүүсийн зүрх сэтгэл дэх худал хуурмагт Миний хэлсэн үг биеллээ олчихсон. Нар цагаарч, сар улайна; энэ бүхэн тэнцвэрээ алдаж байна. Та нар эдгээрийг үнэхээр харахгүй л байна уу?
Бурханы агуу хүч чадал энд илчлэгддэг. Тэр бол хүмүүсийн олон жилийн турш эрэлхийлсэн—Төгс Хүчит—цорын ганц жинхэнэ Бурхан гэдэг нь эргэлзээгүй! Хэн үг айлдаад л аливааг бий болгож чаддаг вэ? Зөвхөн бидний Төгс Хүчит Бурхан. Түүнийг яримагц үнэн тэр даруй гарч ирдэг. Түүнийг жинхэнэ Бурхан гэж яаж хэлж болохгүй байх билээ?
Та нар бүгд Надтай хамтран ажиллахыг хүсэж байгааг Би сэтгэлийн гүндээ мэддэг бөгөөд Миний сонгосон хүмүүс, хайрт ах, эгч нар минь бүгд ийм хүсэл эрмэлзэлтэй ч орж эсвэл бодитоор хэрэгжүүлж чаддаггүй, бодит байдалтай нүүр тулаад биеэ барьж, тайван байж чаддаггүй. Та нар хэзээ ч Бурханы санаа зорилгыг анхаардаггүй, хувийн ашиг сонирхлоо түрүүнд тавьж, хүлээлгүйгээр өөрөө дур мэдэн үйлддэг. Ийм арга зам Миний санаа зорилгод хэзээ ч нийцэхгүй гэдгийг Би та нарт хэлчихье! Үр минь! Зүгээр л зүрх сэтгэлээ Надад бүрэн өгчих. Тодорхой бай! Би чиний мөнгийг ч, эд хөрөнгийг ч хүсдэггүй, мөн асар ихээр тэмүүлэн, хуурамч, ахархан бодолтойгоор Надад үйлчлэхээр Миний өмнө ирэхийг чинь ч хүсдэггүй. Асуудал гарах үед тайван, ариун зүрх сэтгэлтэй байж, хүлээж, эрж хай, Би чамд хариултыг нь өгөх болно. Бүү эргэлз! Яагаад Миний үгийг үнэн гэдэгт хэзээ ч итгэдэггүй юм бэ? Яагаад Миний үгэнд итгэж чаддаггүй юм бэ? Та нар бүр хэтэрхий зөрүүд, ийм цаг үед хүртэл хэвээрээ л байна; та нар хэтэрхий харанхуй бүдүүлэг, огтхон ч гэгээрээгүй! Та нар амин чухал үнэнээс хэр ихийг санаж байна вэ? Та нар үнэхээр үүнийг туулсан уу? Асуудалтай тулгарах үедээ та нар будилж, болгоомжгүй, яарч тэвдсэн үйлдэл хийдэг! Зүрх сэтгэлдээ асуудлыг үргэлж тунгаан боддогийн адил сүнсэнд орж, Надтай илүү их нөхөрлөх нь өнөөдөр гол зүйл юм. Ойлгож байна уу? Энэ бол гол нь! Оройтсон хэрэгжүүлэлт бол үнэндээ асуудал билээ. Хурдал, бүү алгуурла! Миний үгийг сонсдог, алгуурладаггүй, харин даруй хэрэгжүүлдэг хүмүүс асар ихээр ерөөгдөнө! Би та нарт хоёр дахин ихийг хайрлана! Санаа бүү зов! Секунд ч алгуурлалгүй Миний хэлснээр үйлд! Хүний үзэл чинь байнга ийм байдаг, та нар юмыг хойш тавьж, өнөөдөр хийх юмыг үргэлж маргааш болгож хойшлуулж байдаг. Ийм залхуу, ийм болхи. Үүнийг үгээр илэрхийлж чадахгүй нь! Би хэтрүүлээгүй—энэ бол бодит баримт. Хэрвээ чи үүнд итгэхгүй бол өөрийгөө анхааралтай ажиглаж, нөхцөл байдлаа шалга, үнэхээр тийм болохыг чи олж мэдэх болно!