40-р бүлэг
Та нар яагаад ийм мулгуу юм бэ? Яагаад ийм хөшүүн юм бэ? Хэд хэдэн сануулга та нарыг сэрээсэнгүй; Намайг энэ бухимдуулж байна. Хөвгүүд минь ийм байхыг харах зүрх Надад үнэндээ алга. Зүрх сэтгэл минь яаж үүнийг тэвчиж чадах билээ? Ээ халаг! Би та нарыг Өөрийн гараар сургах хэрэгтэй болжээ. Миний алхаа хурдассаар байна. Хөвгүүд минь! Хурдан босоод Надтай хамтран ажилла. Хэн одоо Миний төлөө өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагадаж байна вэ? Хэн ганц ч үг гомдоллохгүйгээр өөрийгөө бүрэн зориулж чадаж байна вэ? Та нар үргэлж маш хөшүүн, мулгуу байдаг! Хэчнээн хүн Миний сэтгэлд санаа тавьж, хэн Миний үгийн Сүнсийг үнэхээр ухаарч чаддаг вэ? Би гагцхүү сэтгэл түгшин хүлээж, найдаж л чадна; та нарын хөдөлгөөн нэг бүр зүрх сэтгэлийг минь хангалуун болгож чадахгүй байгааг хараад Би юу хэлэх билээ? Хөвгүүд минь! Эцэгийн чинь өнөөдөр хийдэг бүхэн хөвгүүдийнхээ төлөө л байдаг. Миний хөвгүүд яагаад зүрх сэтгэлийг минь хэзээ ч ойлгож чаддаггүй юм бэ? Хөвгүүд минь яагаад Эцэг Миний санааг үргэлж зовоодог юм бэ? Хэзээ хөвгүүд минь өсөж том болж, Миний санааг зовоохоо больж, Намайг санаа амар байлгах вэ? Хэзээ Миний хөвгүүд бие даан амьдарч, өндийн босож, Эцэгийн мөрөн дээрх ачааг хөнгөлж чадах вэ? Би хөвгүүдийнхээ төлөө чимээгүйхэн нулимс л урсгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний биелэлтийн төлөө болон Өөрийн хайрт хөвгүүдээ аврах гэж хамгаа зориулдаг. Надад өөр сонголт үгүй.
Миний амлалтууд биелсэн, та нарын нүдний өмнө ил байна. Та нар яагаад Миний зүрх сэтгэлд санаа тавьж чаддаггүй юм бэ? Яагаад? Яагаад? Эдүгээг хүртэл чи тоолж үзсэн үү: Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, чуулганыг тэтгэж тэжээсэн зүйл чи хэр ихийг хийсэн бэ? Үүнийг сайтар тунгаан бод, хайнга бүү бай. Ганц ч гэсэн үнэнийг бүү тавьж явуул. Зөвхөн гадаад үзэмжийг анхаараад мөн чанарыг орхигдуулж болохгүй. Үг, үйлдэл бүр, хөдөлгөөн нэг бүр чинь Христийн суудлын өмнөх шүүлтийг туулсан эсэх, мөн хуулбарлан дуурайж биш, харин амийн илэрхийллийг дотроосоо цацруулан шинэ хүний дүр төрхтэй болж өөрчлөгдсөн эсэхээ цаг үргэлж шинжилж байх ёстой. Хохирол амсахаас зайлсхийхийн тулд өөрийн амийг бүү саатуул. Хурдхан энэ нөхцөл байдлыг засаж, Миний зүрх сэтгэлийг хангалуун болго, мөн биеэ авч явах зарчмуудыг санаж яв: Аливаа зүйлийг зөвт байдалтайгаар, шулуун шударгаар үйлдэж, Миний зүрх сэтгэлийг хангалуун болго. Бодлогогүй бүү бай. Чи үүнийг санаж явж чадах уу?