23-р бүлэг

Амнаас минь дуу гарч, нүднээс минь гал бадран, Би дэлхийг бүхэлд нь харж, орчлон ертөнцийг бүхэлд нь ажиглаж байна. Бүх хүн Надад залбирч, харцаа Миний зүг хандуулаад уур хилэнгээ зогсоогооч хэмээн Намайг царайчлан гуйж, Миний эсрэг дахин тэрслэхгүй гэж амлаж байна. Гэвч энэ нь өнгөрсөн үе байхаа больсон; энэ бол одоо үе. Миний хүслийг хэн эргүүлж чадах билээ? Хүний зүрх сэтгэл дэх залбирал ч, тэдний амнаас гарсан үг ч тэгж чадахгүй нь лавтай биз дээ? Намайг байгаагүй бол хэн өнөөг хүртэл амьд үлдэж чадах байсан билээ? Миний амнаас гарсан үгээс болж амьдардаггүй хэн байх билээ? Миний нүдэнд харагддаггүй хэн байх билээ? Намайг шинэ ажлаа дэлхий даяар хэрэгжүүлж байхад хэн ер нь үүнээс зугтаж чадсан билээ? Уулс өндрийнхөө хүчээр үүнээс бултан зайлж чадах уу? Ус энгүй уудмаараа үүнийг няцаан зайлуулж чадах уу? Би төлөвлөгөөндөө юуг ч, хэзээ ч хөнгөн хуумгай орхидоггүй, тиймээс нэг ч хүн, нэг ч зүйл Миний гарын эрхшээлээс хэзээ ч зайлж байгаагүй. Өнөөдөр бүх хүн Миний ариун нэрийг шагшин магтаж, бас Намайг эсэргүүцсэн үг бүх хүний дунд ихсэж, газар дэлхий дээр Миний байгаа тухай домгууд бүх хүний дунд түгжээ. Хүмүүс Намайг шүүмжлэхийг Би тэвчдэггүй, Миний биеийг хуваахыг нь ч тэвчдэггүй бөгөөд Намайг харааж зүхэхийг нь бүр ч тэвчдэггүй. Хүн Намайг хэзээ ч үнэхээр мэдэж байгаагүй учраас Намайг үргэлж эсэргүүцэж, мэхэлдэг ба Миний Сүнсийг нандигнах юм уу Миний үгийг эрхэмлэж чаддаггүй. Үйл хэрэг, үйлдэл бүрийнх нь хариуд, Надад хандах хандлагынх нь хариуд Би хүнд зохих “шагналыг” нь хүртээдэг. Иймээс хүмүүс бүгдээрээ шагнал горилж ажилладаг бөгөөд хэн ч, хэзээ ч өөрийгөө золиослохтой холбоотой ажил хийгээгүй. Хүмүүс амь биеэ үл хайрлан зүтгэхийг хүсдэггүй, харин өртөг зардалгүй хүртэж болох шагналд дурладаг. Петр Миний өмнө өөрийгөө зориулсан хэдий ч энэ нь маргаашийн шагналын төлөө бус, харин өнөөдрийн мэдлэгийн төлөө байв. Хүмүүс хэзээ ч Надтай үнэн голоосоо ярилцаагүй, харин Надтай үе үе өнгөцхөн байдлаар харьцаж, тэгснээрээ Миний сайшаалыг төвөггүй олж авна гэж бодсон. Би хүний зүрх сэтгэлийн гүнийг хараад далдын далд байдаг “олон баялгийн уурхайг” нь ухаж гаргасан ба тэр зүйлийг хүн өөрөө ч хараахан мэдээгүй, харин Би шинээр олж илрүүлсэн юм. Иймээс хүн “баримт нотолгоо” харах үедээ л хуурамчаар өөрийгөө дорд үзэхээ больдог бөгөөд гараа сарвайж, өөрийн бузар байдлыг хүлээн зөвшөөрдөг. Бүх хүний таашаалд зориулан Надаар “олборлуулах” гээд хүлээж буй шинэ сэргэг зүйл хүмүүсийн дунд хавьгүй олон байдаг. Би хүний чадваргүй байдлаас болоод Өөрийнхөө ажлыг зогсоох нь байтугай, анхны төлөвлөгөөнийхөө дагуу хүнийг засдаг. Хүн бол жимсний модтой адил: Засаж янзлахгүй бол тэр модонд жимс ургахгүй, эцэстээ газар унах нэг ч жимсгүй, хатаж хувхайрсан навч, мөчир л харагдана.

Би Өөрийн хаанчлалын “дотоод өрөөг” өдрөөс өдөрт чимэглэж байхад хэн ч, хэзээ ч Миний ажлыг тасалдуулахаар “ажлын өрөө” рүү минь гэнэт дайран орж байгаагүй. Бүх хүн “ажлаас халагдан”, “албан тушаалаа алдаж”, улмаар амьдралдаа мухардалд орж, Сатаны булаан эзэлсэн “цөлд” ч унаж магадгүй гэж ихэд айсандаа Надтай хамтран ажиллахаар хамаг байдгаараа хичээж байна. Хүний айдсаас болоод Би түүнийг өдөр бүр тайтгаруулж, өдөр бүр хүний хайрыг өдөөж, түүнчлэн өдөр тутмынх нь амьдралд заавар өгдөг. Хүмүүс бүгдээрээ дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг байдаг; сүү өгөхгүй л бол тэд энэ газар дэлхийг төдхөн орхиж, дахин үзэгдэхээ болино. Хүмүүсийн гуйлтан дунд Би хүний ертөнцөд ирж, хүмүүс тэр дороо гэрлийн ертөнцөд амьдардаг ба нэг “өрөөнд” хашигдаад тэндээсээ тэнгэрт залбиран хашхирахаа больдог. Хүмүүс Намайг хармагцаа зүрх сэтгэлдээ хадгалсан “гомдлоо” даруй гаргаж, аманд нь хоол хийгээч гэж гуйх гээд Миний өмнө амаа ангайдаг. Гэвч дараа нь айдас нь дарагдаж, тайвшраад, Надаас юу ч гуйхаа больдог, харин бөх унтах юм уу Миний оршин тогтнолыг үгүйсгэн өөрсдийнхөө хэрэг явдлыг анхаарч эхэлдэг. “Сэтгэл хөдлөл”-гүй хүмүүс өөрсдийнхөө “шударга ёсыг” Надад яаж хэрэгжүүлдгийг хүн төрөлхтний “орхин явах”-аас тодорхой харж болно. Тийм учраас хүний энэ онцгүй талыг хараад Би чимээгүйхэн явж оддог бөгөөд түүнийг чин сэтгэлээсээ гуйж гувшихад нь амархан бууж ирэхээ болино. Хүний бэрхшээл өөрийн мэдэлгүй өдрөөс өдөрт ихэсдэг тул хүнд хүчир ажил хөдөлмөрийнхөө дунд Миний оршин тогтнолыг гэнэт олж мэдэх үедээ тэрээр “үгүй” гэж хэлэхийг минь зөвшөөрөлгүй Намайг заамдаж аваад өөрийнхөө гэрт зочин мэт оруулдаг. Гэхдээ тэр Надад зориулан тансаг сайхан хоол бэлдэн барьж болох ч Намайг ганц удаа ч гэсэн өөрийнхнийх нь нэг гэж тооцоогүй, харин Надаас багахан тусламж олж авахын тулд Надад зочин мэт ханддаг. Иймээс энэ удаа хүн өрөвдөлтэй байдлаа Миний өмнө эрээ цээргүй дэлгээд, бизнесийн зээлд хэрэгтэй байдаг шиг “гарын үсгийг” минь авна гэж горьдон, Намайг хамаг чадлаараа “хоргоодог”. Би хүний дохио зангаа, үйл хөдлөл бүрээс санаа зорилгыг нь бүүр түүрхэн мэдэрдэг: Түүний бодлоор бол Би нүүр царайных нь илэрхийлэлд нуугдсан, үгийнх нь цаана далдлагдсан утгыг тааварлаж мэдэхгүй, эсвэл хүний зүрх сэтгэлийн гүнийг хэрхэн харахаа мэддэггүй юм шиг л байдаг. Иймээс хүн туулсан туршлага бүрийг алдаа мадаггүй, юу ч орхилгүйгээр Надад нэгд нэггүй аминчлан хэлдэг бөгөөд дараа нь Миний өмнө шаардлагаа дэлгэж тавьдаг. Би хүний үйл хэрэг, үйлдэл бүрийг үзэн ядаж, жигшдэг. Хүмүүсийн дундаас Миний дуртай ажлыг хийсэн ганц ч хүн хэзээ ч байгаагүй ба хүмүүс Надад зориуд дайсагнаж, уур хилэнг минь санаатайгаар өөртөө татаж буй мэт байдаг: Тэд бүгдээрээ Миний өмнүүр урагш, хойш алхаж, Миний нүдэн дээр өөрсдийн хүслийг өөгшүүлдэг. Хүмүүсийн дунд Миний төлөө амьдардаг ганц ч хүн байдаггүй, үүний уршгаар бүх хүн төрөлхтний амьдрал үнэ цэн ч үгүй, утга учир ч үгүй болж, хүн төрөлхтнийг хоосон орон зайд амьдрахад хүргэдэг. Тэгсэн мөртөө л хүн сэрэхээс бас л татгалзаж, Миний эсрэг тэрсэлсээр, үргэлжлүүлэн хий хоосон амьдардаг.

Давж туулсан бүх шалгалтдаа хүмүүс хэзээ ч Миний сэтгэлд нийцэж байгаагүй. Харгис шударга бус байдлаасаа болж хүн төрөлхтөн Миний нэрийг гэрчлэхээр зорьдоггүй; харин ч амин зуулгаа Надад найдчихаад “өөр замаар гүйдэг”. Хүний зүрх сэтгэл Над руу бүрэн эргээгүй тул Сатан түүнийг яр шарханд нэрвэгдэж, хамаг бие нь бохир заваанаар бүрхэгдтэл гишгэлдэг. Гэвч нүүр царай нь хэчнээн ой гутам байгааг хүн бас л ухаардаггүй: Миний ар хударгаар Сатаныг шүтсээр байдаг. Энэ шалтгааны улмаас Би хүнийг ёроолгүй нүхэнд хилэгнэн хаяж, өөрийгөө хэзээ ч чөлөөлж чадахааргүй болгосон. Тэгсэн ч гэсэн, гашуудан уйлж байхдаа хүн бас л оюун санаагаа өөрчлөхөөс татгалзан, Намайг эцсээ хүртэл эсэргүүцэхээр санаархаж, улмаар Миний уур хилэнг зориуд өдөөхөөр найддаг. Хийсэн зүйлээс нь болоод Би хүнийг нүгэлтэн хэмээн үзэж, халуун дулаанаар тэврэхээс татгалздаг. Анхнаасаа тэнгэрэлчүүд Надад тууштай, зогсолтгүй үйлчилж, дуулгавартай байсан, гэвч хүн Надаас гараагүй, харин Сатанаас төрсөн юм шиг л ямагт яг эсрэгээр нь хийдэг байлаа. Тэнгэрэлчүүд бүгдээрээ тус тусын байранд Надад хамаг зүтгэлээ зориулдаг; тэд Сатаны хүчинд үл ганхан, үүргээ л биелүүлдэг. Тэнгэрэлчүүдээр угжуулж, тэжээлгэсэн Миний үй олон хөвгүүн, Миний ардууд бүгд эрүүл, чийрэг торнин өсдөг, тэдний дунд сул дорой нэг ч хүн үгүй. Энэ бол Миний үйл, Миний гайхамшиг. Миний хаанчлал байгуулагдсаныг ёслон их буугаар удаа дараалан галлахад тэнгэрэлчүүд айзамт хөгжмийн аясаар алхан Миний үзлэгт орохоор Миний индрийн өмнө ирнэ, учир нь тэдний зүрх сэтгэл хольц, шүтээнээс ангид бөгөөд Миний үзлэгээс дөлж зайлсхийдэггүй.

Хүчтэй салхи исгэрэн улихад тэнгэрүүд хоромхон зуур доош буун ирж, бүх хүн төрөлхтний амьсгааг боодог тул хүмүүс Намайг хүссэнээрээ дуудаж чадахаа больдог. Үүнийг мэдэлгүй бүх хүн нуран унасан. Модод салхинд нааш цааш найгаж, үе үе мөчир чадхийх сонсогдоод хатаж гандсан навчис бүгд хийсэн одно. Газар дэлхий гэнэтхэн хүйтэн, эзгүй санагдах бөгөөд хүмүүс намрын дараа хэзээ хэзээгүй нөмрөн ирэх гай гамшгийг хүлээн биеэ хураадаг. Шувууд толгод дээгүүр нааш цааш нисэлдэх нь уй гашуугаа хэн нэгэнд хашхиран өгүүлэх мэт; уулын агуйд арслан архирах нь чөмөг нь царцаж, толгойтой үс нь бостол хүмүүсийг айлгадаг бөгөөд хүн төрөлхтний төгсгөлийг ёрлосон ёозгүй совин мэт байх ажээ. Өөрсөдтэй нь хүссэнээрээ харьцах харьцалтад минь захирагдах хүсэлгүйгээр бүх хүн тэнгэрт буй Дээд Эзэнд чимээгүйхэн залбирдаг. Гэвч бяцхан булгийн усны шоржигнох чимээ хүчит салхийг хааж яахан чадах билээ? Хүмүүсийн залбирлын чимээнээс болоод энэ нь гэнэтхэн зогсож яахан чадах билээ? Аянга ниргэн ид догшрон нижигнэхдээ хүний хулчгар занг бодон намжиж яахан болох билээ? Хүн салхинд хойш урагш ганхдаг; борооноос нуугдах гэж ийш тийшээ гүйдэг; Миний уур хилэнгийн дор хүмүүс дагжин чичирч, Намайг биед нь гараа хүргэнэ гэхээс ихэд айн, Би хүний цээж рүү цаг ямагт онилсон бууны ам мэт, мөн тэр Миний дайсан атлаа найз минь юм шиг л байдаг. Түүний төлөөх Миний жинхэнэ санаа зорилгыг хүн хэзээ ч олж илрүүлээгүй, Миний жинхэнэ зорилгыг хэзээ ч ойлгоогүй тул өөрийн мэдэлгүй Надад халддаг; өөрийн мэдэлгүй Намайг эсэргүүцдэг; тэгсэн атлаа санаандгүйгээр Миний хайрыг бас харсан. Уур хилэнгийн минь дундаас Миний царайг харна гэдэг хүний хувьд хэцүү. Би уур хилэнгийнхээ хар үүлсийн цаана нуугдаж, аянгын гялбаан дунд, бүхий л орчлон ертөнцийн дээр зогсон, Өөрийн өршөөлийг хүн рүү доош нь илгээдэг. Хүн Намайг мэддэггүй учраас Миний санаа зорилгыг ойлгож чадаагүйнх нь төлөө Би түүнийг гэсгээдэггүй. Хүмүүсийн нүдээр бол, Би уур хилэнгээ үе үе гаргаж, инээмсэглэлээ хааяа хааяа харуулдаг, гэхдээ хүн Намайг харлаа ч гэсэн Миний зан чанарыг бүхлээр нь хэзээ ч үнэхээр хараагүй бөгөөд хэтэрхий хөшүүн, мэдрэмжгүй болсон учраас эвэр бүрээний таатай чимээг сонсож мөн л чаддаггүй. Миний дүр хүний ой дурсамжид, Миний бие хаа бодолд нь оршдог мэт байдаг. Гэхдээ, хүмүүс өнөөг хүртэл хөгжсөн боловч Намайг үнэхээр харсан ганц ч хүн байгаагүй, учир нь хүний уураг тархи дэндүү ядмаг. Хүн Намайг “задлан шинжилсэн” хэдий ч түүний шинжлэх ухаан тун хангалтгүй хөгжсөн учраас шинжлэх ухааны судалгаа нь хараахан ямар ч үр дүнд хүрээгүй. Тиймээс “Миний дүрийн” тухай сэдэв үргэлж хов хоосон байж, гүйцээх хэн ч үгүй, дэлхийн дээд амжилтыг эвдэх хэн ч үгүй байсаар ирсэн, учир нь хүн төрөлхтөн эдүгээ бат зогсож чадна гэдэг ч асар золгүй явдлын дундах хэмжээлшгүй их тайтгарал ажээ.

1992 оны 3 дугаар сарын 23

Өмнөх: 22-р бүлэг

Дараах: 24-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх