24-р бүлэг

Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг мөртөө бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал Надад хандах хайр, үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй—тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг. Гэсэн ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин өөрийн мулгуу байдлаас болж хүн Миний бүх үйл хэрэг болон ирмүүн санаа зорилгыг харах чадваргүй байдаг. Би бол бүх улс үндэстний дундах тэргүүлэгч Нэгэн, Би бол бүх хүний дундаас Хамгийн Дээд нь; зүгээр л хүн Намайг мэддэггүй. Маш олон жилийн турш Би хүмүүсийн дунд амьдарч, хүний ертөнц дэх амьдралыг мэдэрсэн атал тэр Намайг үргэлж үл ойшоож, Надтай харь гаригийн оршихуй мэт харьцсан. Зан чанар болон хэлний ялгаанаас болоод хүмүүс Надад гудамжны танихгүй хүн мэт ханддаг. Миний хувцас ч бас хэтэрхий өвөрмөц шинжтэй харагддаг, үүний үрээр хүнд Надтай харилцах итгэл дутдаг. Зөвхөн тэр үед л Би хүний ертөнцийн ганцаардлыг болон шударга бус байдлыг мэдэрдэг. Би бүгдийнх нь царайг ажиглан явган зорчигчдын дунд алхдаг. Тэд царайг нь уйтгар гунигаар дүүргэдэг өвчин туссан мэт байдаг; мөн өөрсдийнх нь чөлөөлөлтөд саад болдог гэсгээлтийн дунд амьдардаг мэт байдаг. Хүн өөрийгөө дөнгөлж, даруу төлөв дүр үзүүлдэг. Ихэнх хүмүүс Надаар өөрсдийгөө магтуулахын тулд Миний өмнө хуурамч дүр эсгэж, Миний тусламжийг олж авч магад болохоор Миний өмнө өөрсдийгөө зориуд өрөвдөлтэй болгон харагдуулдаг. Миний ар хударгаар хүмүүс бүгд Намайг аргалж, Надад дуулгаваргүй ханддаг. Миний зөв биш гэж үү? Энэ нь хүний амьд үлдэх бодлого биш гэж үү? Хэн амьдралдаа Намайг амьдран харуулсан бэ? Хэн бусдын дундаас Намайг өргөмжилсөн бэ? Хэн Сүнсний өмнө хүлээтэй байсан бэ? Хэн Сатаны өмнө Надад өгсөн гэрчлэлдээ бат зогссон бэ? Надад хандах “үнэнч” байдалдаа хэн үнэн зөв байдлыг нэмсэн бэ? Надаас болж хэн агуу улаан луунд хаягдсан бэ? Хүмүүс Сатантай хамт нүгэл үйлддэг, тэгээд одоо түүнтэй хамт шавар шавхайд хутгалддаг; тэд Намайг үл тоомсорлохдоо мэргэжилтэн, Намайг эсэргүүцэх эсэргүүцлийг зохион бүтээгчид бөгөөд Надтай хааш яаш хандахдаа “мэргэшсэн оюутнууд” юм. Өөрийн хувь тавилангийн төлөө хүн газар дээр энд тэндгүй хайдаг бөгөөд Би түүнийг даллан дуудах үед тэр Миний эрхэм нандин байдлыг мэдэрч чадахгүй хэвээр үлдэж, өөртөө найдах найдлагадаа үргэлжлүүлэн “итгэсээр”, бусдад “ачаа” болохыг хүсдэггүй. Хүний “хүсэл эрмэлзэл” эрхэм нандин мөртөө хэний ч хүсэл эрмэлзэл хэзээ ч онц дүн авч байгаагүй: Тэд бүгд Миний өмнө бутарч, ямар ч чимээ аниргүйгээр нуран унадаг.

Би өдөр болгон ярьж, өдөр бүр шинэ зүйл хийдэг. Хэрвээ хүн өөрийн бүх хүч чадлыг ашиглахгүй бол Миний дуу хоолойг сонсоход бэрхшээл үүсэж, Миний царайг харахад төвөгтэй болох болно. Хайртай хүн нь туйлын сайхан, дуу хоолой нь хамгийн эелдэг байж магадгүй боловч хүн Түүний алдар суутай царайг амархан харж, дуу хоолойг нь сонсох чадваргүй. Эрин үеүдийн туршид хэн ч Миний царайг амархан харж байгаагүй. Би нэгэнтээ Петртэй ярьж, Паулд “харагдсан” боловч изриальчуудаас өөр хэн ч Миний царайг үнэхээр харж байгаагүй. Өнөөдөр Би хүнтэй хамт амьдрахын тулд хүмүүсийн дунд биечлэн ирсэн. Энэ нь та нарт үнэхээр ховор, эрхэм нандин санагдахгүй байна гэж үү? Та нар өөрсдийн цаг хугацааг хамгийн сайнаар ашиглахыг хүсэхгүй байна гэж үү? Ийм маягаар та нар цагийг дэмий өнгөрөөхийг хүсэж байна уу? Хүмүүсийн оюун ухаан дахь цагийн зүү гэнэт зогсоно гэж үү? Эсвэл цаг хугацаа эргээд ухарна гэж үү? Эсвэл хүн эргээд залуу болно гэжүү? Өнөөдрийн ерөөгдсөн амьдрал хэзээ нэгэн цагт дахин ирэх болов уу? Би “үргүй зарлагад” нь тохирсон “шагналыг” хүнд өгдөггүй. Би зүгээр л өөр бусад бүх зүйлийг даван гарч, Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийдэг ба хүн завгүйгээс болж, эсвэл түүний хашхирах чимээнээс болж цаг хугацааны урсгалыг зогсоодоггүй. Хэдэн мянган жилийн туршид хэн ч Миний хүчийг хувааж чадаагүй бөгөөд хэн ч Миний анхдагч төлөвлөгөөг нурааж чадаагүй юм. Би орон зайг даван гарч, эрин үеийг дамнаж, бүх зүйлийн дээр болон дунд аль алинд нь Өөрийн бүхий л төлөвлөгөөний гол цөмийг эхлүүлэх болно. Хэдийгээр хүмүүс ам нээн эдгээр зүйлийн төлөө залбирч, бусад бүх зүйлийг умартан эдгээр зүйлийг Надаас шаарддаг боловч ганц ч хүн Надаас онцгой харьцаа хүртэж чадаагүй, эсвэл Миний гараас “шагнал” хүртэж чадаагүй. Энэ хүмүүсээс хэн нь ч, хэзээ ч Миний сэтгэлийг хөдөлгөөгүй бөгөөд Миний “цэвдэг хатуу” дуу хоолой тэднийг бүгдийг нь цааш түлхсэн юм. Ихэнх хүн өөрсдийгөө “хэтэрхий залуу” хэмээн бодсоор байдаг, иймээс хоёр дахь удаагаа өөрсдөд нь энэрэнгүй хандаж, асар их өршөөл үзүүлэхийг тэд Надаас хүлээдэг ба Би өөрсдийг нь арын хаалгаар оруулна гэж боддог. Гэсэн ч Би Өөрийнхөө төлөвлөгөөнд хөндлөнгөөс хааш яаш оролцож яаж болох юм бэ? Хүнийг газар дээр дахиад хэдэн жил амьдруулахын тулд залуу насных нь төлөө Би дэлхий эргэхийг зогсоож чадах уу? Хүний уураг тархи маш төвөгтэй мөртөө дутагддаг зүйлс бас байдаг юм шиг санагддаг. Үүний үр дүнд, хүний оюун санаанд Миний ажилд зориуд саад болох “гайхамшигтай аргууд” үргэлж гарч ирдэг.

Хэдийгээр Би хүний нүглийг олон удаа уучилж, сул доройгоос нь болж түүнд онцгой дэмжлэг үзүүлсэн боловч мэдлэггүй байдлаас нь болж Би түүнд зохих ёсоор хандсан цаг үе бас олон бий. Хүн ердөө л Миний сайхан сэтгэлд хэрхэн талархахаа хэзээ ч мэдэж байгаагүй, тийм болохоор тэр одоогийн нөхцөл байдалдаа живсэн байдаг: тоос шороонд хучигдсан, хувцас нь уранхай ноорхой, толгой дээрх үс нь хогийн ургамал мэт, нүүр нь хөө тортогтой, хөлөндөө балиар, өөрөө хийсэн гуталтай, гар нь яг л үхсэн бүргэдийн савар шиг хажуу талд нь сулхнаар унжиж байдаг. Намайг нүдээ нээгээд харахад хүн яг л ёроолгүй нүхнээс авираад гараад ирсэн юм шиг харагддаг. Би уурлахгүй байж чаддаггүй: Би хүнд үргэлж тэвчээртэй хандсаар ирсэн атал Миний ариун хаанчлалд хүссэнээрээ ирж, буцахыг Би яаж диаволд зөвшөөрч чадах билээ? Миний гэрт үнэгүй хоол идэхийг Би яаж гуйлгачинд зөвшөөрөх билээ? Тийм бохир чөтгөрийг Өөрийн гэрт зочноор хүлээн авч Би яахан тэвчих билээ? Хүн үргэлж “өөртөө хатуу”, “бусдад зөөлөн” байсан атлаа Надад өчүүхэн төдий ч найрсаг хандаж байсан удаагүй, учир нь Би бол тэнгэр дэх Бурхан, иймээс тэр Надад өөрөөр ханддаг бөгөөд өчүүхэн ч болов хайр энэрлийг Надад хэзээ ч үзүүлж байгаагүй. Хүний нүд нэн сүйхээтэй мэт байдаг: Надтай тулгармагцаа түүний царай төрх тэр дороо өөрчлөгддөг ба хүйтэн, хайхрамжгүй царайдаа багахан ч гэсэн илэрхийлэл нэмдэг. Надад хандах хандлагаас нь болж Би хүнд тохирох хориг тогтоодоггүй, зүгээр л орчлон ертөнцийн дээрх тэнгэрийг харж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Хүний ой ухаанд Би хэзээ ч ямар ч хүнд сайхан сэтгэл үзүүлээгүй, гэхдээ Би бас хэнд ч хэзээ ч зохисгүй хандаж байгаагүй. Хүн зүрх сэтгэлдээ Надад зориулсан “хоосон суудал” үлдээдэггүй учраас Намайг тэмүүлэн зүтгэж, түүний дотор оршиход тэр эрээ цээргүйгээр Намайг хүчлэн гаргаад, дараа нь долигонуур яриа, зусар үг ашиглан шалтаг тоочиж, өөрийгөө Миний таашаалын төлөө зориулахад хэтэрхий дутмаг агаад чадваргүй гэж хэлдэг. Түүнийг ярьж байхад царайд нь байнга “бараан үүл” хуралдаж, хүмүүсийн дунд юу юугүй гай гамшиг бууж ирэх гэж байгаа мэт байдаг. Тэгсэн ч тэр аюулыг үл хайхран Намайг яв гэж гуйсаар байдаг. Хэдийгээр Би хүнд Өөрийн үгийг, Өөрийн тэврэлтийн халуун дулааныг өгдөг ч тэр сонсох эрхтэнгүй мэт байдаг тул Миний дуу хоолойд өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, оронд нь толгойгоо бариад яаруу сандруу гараад явдаг. Би бага зэрэг урам хугарч, бас бага зэрэг хилэгнэн хүнээс холддог. Харин тэгэхэд хүн тэр даруйдаа агуу шуурга, хүчирхэг давлагааны дайралт дунд нэн даруй алга болдог. Удалгүй тэр Над руу уйлан хашхирдаг, гэхдээ тэр яаж салхи, давлагааны хөдөлгөөнд нөлөөлж чадах билээ? Аажмаар хүний бүхий л ул мөр хаанаас ч олдохооргүйгээр алга болдог.

Эрин үеүдээс өмнө Би орчлон ертөнцийн дээрээс бүх газар нутгийг харсан. Би газар дээр агуу ажил төлөвлөсөн: Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн төрөлхтнийг бүтээх, тэнгэр дээрхтэй адил газар дээрх хаанчлалыг бүтээн байгуулах, Миний хүч чадал тэнгэрийг бүрхэж, Миний мэргэн ухаан орчлон ертөнц даяар тархах боломж олгох. Иймээс олон мянган жилийн дараа, өнөөдөр Би Өөрийн төлөвлөгөөг үргэлжлүүлдэг. Гэвч газар дээрх Миний төлөвлөгөө буюу удирдлагыг хэн ч мэддэггүй, тэр ч бүү хэл газар дээрх Миний хаанчлалыг хардаггүй. Иймээс, хүн сүүдрийн хойноос хөөцөлддөг ба тэнгэр дэх Миний ерөөлийн төлөө “чимээгүй төлөөс” төлөхийг хүсэж, Намайг хуурахаар оролдон Миний өмнө ирдэг. Үр дүнд нь тэр Миний уур хилэнг өдөөж, Би түүнд шүүлт авчирдаг, гэсэн ч тэр сэрээгүй л байна. Тэр газар дээр байгаа зүйлийн талаар огтхон ч мэдэлгүй яг л газар доор ажиллаж байгаа мэт өөрийн хэтийн ирээдүйгээс өөр юуг ч эс хайдаг. Бүх хүний дундаас Миний гялалзах гэрлийн доор амьдарч байгаа хэн нэгнийг Би хэзээ ч хараагүй. Тэд харанхуйн ертөнцөд амьдардаг бөгөөд түнэр харанхуйдаа амьдарч дассан мэт санагддаг. Гэрэл гарч ирмэгц гэрэл ажилд нь саад болсон мэт тэд холддог; үүнээс болоод гэрэл тэдний амар тайван байдлыг алдагдуулж, тэднийг бөх унтах боломжгүй болгож орхисон мэт тэд бага зэрэг унтууцсан харагддаг. Үр дүнд нь, хүн гэрлийг зайлуулахын тулд бүх хүчээ хуралдуулдаг. Гэрэл ч бас мэдрэмж дутмаг мэт байдаг тул хүнийг нойрноос нь сэрээдэг, харин хүн сэрэх үедээ нүдээ аньж, уур хилэнд автдаг. Тэр зарим талаар Намайг таашаадаггүй ч зүрх сэтгэлдээ Би оноог нь мэддэг. Би аажмаар гэрлийг эрчимжүүлж, бүх хүнийг Өөрийн гэрэл дунд амьдруулдаг, тийм болохоор тэд тун удалгүй гэрэлтэй харьцахдаа чадмаг болж, цаашлаад бүгд гэрлийг нандигнадаг. Энэ үед Миний хаанчлал хүмүүсийн дунд ирчихсэн, бүх хүн баяр хөөртэйгээр бүжиглэн тэмдэглэж, газар дэлхий гэнэт баяр хөөрөөр бялхдаг ба гэрэл ирснээр хэдэн мянган жилийн чимээгүй байдал эвдэгддэг…

1992 оны 3 дугаар сарын 26

Өмнөх: 23-р бүлэг

Дараах: 25-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх