22-р бүлэг

Хүн гэрэл дунд амьдардаг боловч гэрлийн эрхэм нандиныг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанар, гэрлийн эх сурвалж, түүнчлэн гэрэл хэнд харьяалагддагийг мэддэггүй. Хүмүүсийн дунд гэрэл өгөхдөө Би тэдний дундах нөхцөл байдлыг нэн даруй шинжилдэг: Гэрлээс болж бүх хүн өөрчлөгдөж, өсөж байгаагийн дээр харанхуйг орхисон. Би орчлон ертөнцийн өнцөг булан бүрийг ажиглаж, уулс мананд бүрхэгдсэнийг, ус хүйтэнд хөлдсөнийг, мөн гэрэл ирснээс болоод хүмүүс илүү эрхэм зүйлийг олж мэдэж магад гэсэндээ Зүүн зүг рүү харахыг үзсэн—гэсэн ч хүн будан дундаас тодорхой зүг чигийг ялган харж чадахгүй хэвээр үлдсэн юм. Бүхий л дэлхий мананд хучигдсан учраас үүлсийн дундаас харахад минь хэн ч, хэзээ ч Миний оршин тогтнолыг олж мэдээгүй. Хүн газар дэлхий дээр ямар нэг зүйлийг эрж хайж байгаа; тэр хоол хүнс хайж байгаа мэт санагддаг; мөн Миний ирэхийг хүлээхээр санаархаж байгаа мэт харагддаг—гэсэн ч тэр Миний өдрийг мэддэггүй, Зүүн зүгт сүүмэлзэх гэрэл рүү байн байн харж л чадна. Би бүх хүний дундаас Миний зүрх сэтгэлд үнэхээр нийцдэг хүмүүсийг эрж хайдаг. Би бүх ард түмний дунд алхаж, бүх ард түмний дунд амьдардаг ч хүн газар дээр эсэн мэнд, эрүүл саруул байдаг болохоор Миний зүрх сэтгэлд үнэхээр нийцдэг хэн ч үгүй. Хүмүүс Миний хүслийг хэрхэн анхаарахаа мэддэггүй, Миний үйлдлийг харж чаддаггүй ба гэрлийн дотор алхаж, гэрлийн тусгалд байж чаддаггүй. Хэдийгээр хүн Миний үгийг үргэлж эрхэмлэдэг ч Сатаны зальжин арга мэхийг нэвт харах чадваргүй; хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг учраас зүрх сэтгэлдээ хүссэнээ хийж чаддаггүй. Хүн Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Түүнийг өргөмжлөх үед минь тэр үнэ цэнгүйгээ мэдэрдэг боловч үүнээсээ үүдэн Миний сэтгэлийг хангалуун байлгахаар хичээдэггүй. Тэр зүгээр л Миний өгсөн “байр суурийг” гартаа бариад шинжилдэг; Миний хайр татам байдалд мэдрэмжгүй хандаж, харин өөрийн байр суурийн ашиг тусад шунан зүтгэдэг. Энэ нь хүний дутагдал бус уу? Уулс нүүхдээ чиний байр суурийн төлөө тойруу замаар явж болно гэж үү? Ус урсахдаа хүний байр суурийн өмнө урсахаа больж болно гэж үү? Тэнгэр, газар хүний байр сууриас болж орвонгоороо эргэж болно гэж үү? Би нэгэнтээ хүнд ахин дахин өршөөнгүй хандаж байсан—гэтэл хэн ч үүнийг эрхэмлэн нандигнаагүй. Тэд үүнийг зүгээр л түүх мэт сонссон, эсвэл тууж шиг уншсан. Миний үг хүний зүрх сэтгэлийг үнэхээр хөдөлгөдөггүй юм гэж үү? Миний айлдвар үнэхээр ямар ч үр нөлөөгүй гэж үү? Нэг ч хүн Миний оршин тогтнолд итгэдэггүй юм гэж үү? Хүн өөрийгөө хайрладаггүй; харин ч Над руу дайрч давшлахын тулд Сатантай нэгдэж, Сатаныг Надад үйлчлэх “хөрөнгө” болгон ашигладаг. Би Сатаны бүх зальжин явуулгыг нэвт харж, газар дэлхийн хүмүүс Сатаны хууран мэхлэлтийг хүлээн авдгийг болиулна, ингэснээр тэд Сатаны оршин тогтнолоос болж Намайг эсэргүүцэхгүй.

Хаанчлалд Би бол Хаан—гэхдээ Надад Хаан шиг хандахын оронд хүн Надтай “тэнгэрээс бууж ирсэн Аврагч” шиг харьцдаг. Үүний улмаас өөрт нь өглөг өгөхийг тэр Надаас хүсэн хүлээж, Намайг мэдэхээр эрж хайдаггүй. Маш олон хүн Миний өмнө гуйлгачин шиг гуйж гувшсан; маш олон хүн Надад “хүүдийгээ” нээж, амь зуух хоол өгөхийг гуйсан; маш олон хүн өлсгөлөн чоно адилаар шуналт харцаа Над дээр тогтоож, Намайг ховдоглон идэж, ходоодоо дүүргэхийг хүссэн; маш олон хүн гэм буруугаасаа болоод чимээгүйхэн толгойгоо гудайлган ичиж, Миний өршөөл энэрлийг гуйн залбирсан, эсвэл Миний гэсгээлтийг дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Намайг айлдах үед хүний янз бүрийн тэнэг авир шал утгагүй санагддаг ба түүний жинхэнэ төрх гэрэл дунд илчлэгддэг; тэгээд гялалзсан гэрэлд хүн өөрийгөө уучилж чаддаггүй. Тиймээс тэр Миний өмнө яаран ирж, бөхийгөөд нүглээ улайдаг. Хүний “үнэнч шударга зангаас” болж Би түүнийг авралын тэргэн дээр дахин нэг удаа татан гаргасан, тиймээс хүн Надад талархаж, Над руу хайрын харц чулууддаг. Гэсэн ч тэр үнэхээр Надад хоргодох дургүй хэвээр байдаг бөгөөд зүрх сэтгэлээ Надад бүрэн өгөөгүй. Тэр зүгээр л Надаар бардамнан сайрхдаг ч Намайг үнэхээр хайрладаггүй, учир нь хүн оюун ухаанаа Надад хандуулаагүй; түүний бие Миний өмнө байдаг ч зүрх сэтгэл нь Миний ард байдаг. Дүрэм журмын талаарх хүний ойлголт хэт дульхан, мөн тэр Миний өмнө ирэх ямар ч сонирхолгүй байдаг учраас Би түүнийг зохих дэмжлэгээр хангадаг, ингэснээр тэр гөжүүд мэдлэггүй байдлынхаа дундаас Над руу эргэж магад юм. Энэ нь хүнд Миний өгдөг яг тэр өршөөл бөгөөд хүнийг аврахаар хичээдэг Миний арга барил билээ.

Орчлон ертөнц дахины хүмүүс Миний өдөр ирснийг тэмдэглэж, тэнгэрэлчүүд Миний бүх ардын дунд алхдаг. Сатан үймүүлэх үед тэнгэр дэх үйлчлэлээсээ болоод тэнгэрэлчүүд Миний ардуудад үргэлж тусалдаг. Тэд хүний сул талаас болж диаволд хууртдаггүй, харин харанхуйн хүчний дайралтаас үүдэн манан дунд хүний амьдралыг туулахаар бүр ч их чармайдаг. Бүх хүн Миний нэрийн дор захирагддаг бөгөөд Намайг илт эсэргүүцэхээр хэн ч, хэзээ ч өндийн босдоггүй. Тэнгэрэлчүүдийн хөдөлмөрөөс үүдэн хүн Миний нэрийг хүлээн зөвшөөрдөг ба бүгд Миний ажлын урсгал дунд байдаг. Дэлхий ертөнц нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Өө, шашны ертөнц! Газар дээрх Миний эрх мэдлээс болж устахгүй байж яаж чадах билээ? Хэн Надад дуулгаваргүй хандаж, Намайг эсэргүүцсээр байж зүрхлэх билээ? Хуулийн багш нар уу? Шашны албан тушаалтан болгон уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс, бүрэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Бүх хүний дундаас хэн Намайг тасралтгүй магтаж, хэн дуусашгүй аз жаргалтай байдаггүй вэ? Би агуу улаан лууны ичээ буй газар нутагт амьдардаг ч энэ нь Намайг айн чичирч, эсвэл зугтахад хүргэдэггүй, учир нь түүний хүмүүс бүгд аль хэдийн түүнийг үзэн ядаж эхэлсэн. Лууны төлөө, лууны өмнө юу ч, хэзээ ч “үүргээ” биелүүлж байгаагүй; харин ч бүх зүйл зохистой гэж үзсэнээ хийж, дор бүрнээ өөрсдийнхөө замаар явдаг. Газар дээрх улс орнууд мөхөхгүй байж яахан чадах билээ? Газар дээрх улс орнууд нуран унахгүй байж яахан чадах билээ? Миний ардууд баярлан хөөрөхгүй байж яахан чадах билээ? Тэд баяр баясалтайгаар дуулахгүй байж яахан чадах билээ? Энэ нь хүний ажил уу? Хүний гараар хийгдсэн зүйл үү? Би хүнд оршин тогтнолынх нь үндсийг өгч, түүнийг материаллаг зүйлээр хангасан, гэсэн ч хүн одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханадаггүй бөгөөд Миний хаанчлалд оръё гэж гуйдаг. Гэвч төлөөс төлөхгүйгээр, өөрийгөө амь бие хайргүй зориулахыг хүсэхгүйгээр хүн яаж Миний хаанчлалд тийм амархан орж чадах билээ? Хүнээс ямар нэг зүйлийг хатуу нэхэхийн оронд Би газар дээрх Өөрийн хаанчлалыг алдраар дүүргэхийн тулд хүнд шаардлага тавьдаг. Хүн өнөөг хүртэл Надаар замчлуулсан бөгөөд ийм нөхцөл байдалд оршиж, Миний гэрлийн удирдамж дунд амьдардаг. Хэрвээ ийм байгаагүй сэн бол газар дээрх хүмүүсээс хэн өөрсдийн хэтийн ирээдүйг мэдэх билээ? Хэн Миний хүслийг ойлгох билээ? Би хүнд тавих шаардлагадаа Өөрийн хангалтыг нэмдэг; энэ нь байгалийн хуультай нийцдэг бус уу?

Өчигдөр та нар салхи, бороон дунд амьдарсан; өнөөдөр Миний хаанчлалд орж, хаанчлалын ардууд болсон; маргааш та нар Миний ерөөлийг эдэлнэ. Хэн ер нь ийм зүйлсийг төсөөлж байсан бэ? Та нар амьдралдаа хэчнээн их саад тотгор, зовлон бэрхшээл туулах вэ—та нар мэдэх үү? Салхи бороон дунд Би урагшилж, жил бүрийг хүмүүсийн дунд өнгөрөөж, өнөө үед ирлээ. Эдгээр нь чухамдаа Миний удирдлагын төлөвлөгөөний алхмууд биш гэж үү? Миний төлөвлөгөөнд хэн ер нь нэмэрлэсэн билээ? Миний төлөвлөгөөний алхмуудаас хэн зугтаж чадах билээ? Би хэдэн зуун сая хүний зүрх сэтгэлд амьдардаг, Би бол хэдэн зуун сая хүний дундах Хаан бөгөөд Би хэдэн зуун сая хүнд гологдож, доромжлуулж ирсэн. Миний дүр хүмүүсийн зүрх сэтгэлд үнэхээр байдаггүй. Хүн Миний үгээс Миний алдар суутай төрхийг бүүр түүрхэн л мэдэрдэг боловч бодол нь үймэрдгээс болоод өөрийн мэдрэмжид итгэдэггүй; хүний зүрх сэтгэлд тодорхойгүй Би л байдаг боловч тэндээ удаан байдаггүй. Иймээс Намайг хайрлах түүний хайр ч бас ийм байдаг: Хүн болгон Намайг өөрсдийнхөө зан аашийн дагуу хайрласан мэт, сарны бүүдгэр гэрэлд түүний хайр анивчиж байсан мэт Миний өмнө түүний хайр тасалдан харагддаг. Өнөөдөр Миний хайраас л болж хүн үлдэж, амьд үлдэх сайн аз завшаантай болсон. Хэрвээ тэгээгүй бол, турж эцсэн биеэсээ болоод хүмүүсийн дотроос хэн лазерын туяанд хэрчигдэхгүй байх билээ? Хүн одоо ч өөрийгөө мэддэггүй. Тэр Миний өмнө гайхуулж, Миний нүднээс далдуур сайрхдаг, гэхдээ Миний өмнө хэн ч Намайг эсэргүүцэж зүрхэлдэггүй. Гэсэн ч хүн Миний ярьдаг эсэргүүцлийн утга учрыг мэддэггүй; харин ч Намайг хуурах гэж оролдсоор, өөрийгөө өргөмжилсөөр байдаг—ингэснээрээ тэр Намайг илт эсэргүүцдэг бус уу? Би хүний сул талуудыг тэвчдэг боловч хүний гаргасан эсэргүүцэлд өчүүхэн төдий ч өршөөнгүй ханддаггүй. Хэдийгээр тэр утгыг нь мэддэг ч энэ утгын дагуу үйлдэхийг хүсдэггүй ба зүгээр л өөрийнхөө дур сонирхлын дагуу үйлдэн, Намайг мэхэлдэг. Би Өөрийн зан чанарыг цаг үргэлж үгээрээ тодорхой болгодог атал хүн ялагдалтай эвлэрдэггүй—үүний зэрэгцээ өөрийн зан чанарыг илчилдэг. Миний шүүлтийн дунд хүн бүрэн үнэмшиж, Миний гэсгээлтийн дунд эцэстээ Миний дүрийг амьдран харуулж, газар дээрх Миний илрэл болно!

1992 оны 3 дугаар сарын 22

Өмнөх: 21-р бүлэг

Дараах: 23-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх