21-р бүлэг
Хүн Миний гэрлийн дунд унадаг бөгөөд Миний авралаас болж бат зогсдог. Намайг бүх орчлон ертөнцөд аврал авчрах үед хүн Миний сэргээн босголтын урсгал дунд орох арга замыг олохоор оролддог ч энэхүү сэргээн босголтын хүчтэй урсгалд ул мөргүй угаагдан арилсан олон хүн бай; хүчтэй ширүүн усны урсгалд залгигдан живсэн олон хүн бий; мөн хүчтэй ширүүн урсгал дунд бат зогсож, зүг чигийн мэдрэмжээ хэзээ ч алдалгүй, улмаар өнөөдрийг хүртэл хүчтэй урсгалыг даган яваа хүмүүс ч бас олон байдаг. Би хүнтэй хамт урагшилдаг атал хүн Намайг мөн л хэзээ ч мэдээгүй; тэрээр гаднаа өмсдөг хувцсыг минь л мэддэг боловч Миний дотор нуугдсан эд баялгийн талаар мэддэггүй. Би өдөр бүр хүнийг хангаж, түүнд өгч байдаг хэдий ч тэр жинхэнээсээ хүлээн авах чадваргүй бөгөөд Миний өгсөн бүх баялгийг авч чаддаггүй. Хүний ямар ч завхрал Надад анзаарагдалгүй өнгөрдөггүй; Миний хувьд түүний дотоод ертөнц усанд туссан тэргэл сар мэт тодорхой байдаг. Би хүнд хааш яаш ханддаггүй, мөн түүнийг аргалдаг ч үгүй; хүн зүгээр л өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадваргүй, тиймээс бүх хүн төрөлхтөн үргэлж доройтсоор ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн ийм доройтлоос бүрэн ангижрах чадваргүй хэвээр байна. Ядуу дорд, өрөвдмөөр хүн төрөлхтөн! Яагаад хүн Намайг хайрладаг ч Миний Сүнсний санаа зорилгыг дагаж чаддаггүй юм бэ? Би үнэхээр Өөрийгөө хүн төрөлхтөнд илчлээгүй гэж үү? Хүн төрөлхтөн үнэхээр Миний нүүр царайг хараагүй гэж үү? Би хүн төрөлхтөнд хэтэрхий бага өршөөл энэрэл үзүүлсэн юм гэж үү? Өө бүх хүн төрөлхтний босогчид оо! Тэд Миний хөл дор няц гишгэгдэх ёстой; тэд Миний гэсгээлт дунд замхрах ёстой бөгөөд Миний агуу ажил үйлс бүрэн дуусах өдөр хүн төрөлхтний дундаас хөөгдсөн байх ёстой, ингэснээр бүх хүн төрөлхтөн тэдний үзэшгүй муухай нүүр царайг мэднэ. Хүн Миний царайг ховорхон харж, эсвэл Миний дуу хоолойг ховорхон сонсдогийн учир нь дэлхий ертөнц тэр даяараа дэндүү ороо бусгаа, дуу шуугиан нь хэтэрхий их байдаг, тиймээс хүн Миний дүр төрхийг эрж хайхдаа, мөн Миний зүрх сэтгэлийг ойлгохоор оролдохдоо хэтэрхий хойрго байдаг. Энэ нь хүний завхралын шалтгаан биш гэж үү? Үүнээс болж хүн гачигдалтай байдаггүй гэж үү? Бүх хүн төрөлхтөн үргэлж Миний хангалт дунд байсаар ирсэн; хэрвээ тэгээгүй бол, хэрвээ Би өршөөнгүй байгаагүй бол өнөөдрийг хүртэл хэн амьд үлдэх билээ? Надад цаглашгүй их баялаг бий, гэхдээ бүх гай гамшиг ч бас Миний гарт байдаг—хэн гамшгаас хүссэн үедээ зугтаж чадах билээ? Хүний залбирал, эсвэл түүний зүрх сэтгэл дэх уйлаан түүнд ингэх боломж олгодог гэж үү? Хүн хэзээ ч Надад үнэн голоосоо залбирч байгаагүй тул бүх хүн төрөлхтний дундаас нэг ч хүн насан туршдаа жинхэнэ гэрэлд амьдарч байгаагүй; хүмүүс анивчсан гэрэл дунд л амьдардаг. Энэ нь хүн төрөлхтний өнөөдрийн гачигдлыг бий болгосон юм.
Хүн бүр тэсэн ядан хүлээж, Надаас ямар нэгэн зүйл авахын тулд Миний төлөө бүхнээ зориулахад бэлэн байдаг тул хүний сэтгэл зүйд нийцүүлэн түүний дотор жинхэнэ хайрыг төрүүлэхийн тулд Би амлалт өгдөг. Хүнд хүч чадал өгдөг зүйл нь үнэхээр түүний жинхэнэ хайр гэж үү? Тэнгэр дэх Миний Сүнсийг хөдөлгөсөн зүйл нь хүний Надад өгсөн үнэнч байдал гэж үү? Хүний үйлдлүүд тэнгэрт өчүүхэн төдий ч нөлөөлж байгаагүй бөгөөд хүнд хандах Миний хандлага түүний үйлдэл бүрд суурилдаг байсан бол бүх хүн төрөлхтөн Миний гэсгээлт дунд амьдрах байсан юм. Нулимс хацрыг нь даган урсах олон хүнийг Би харсан бөгөөд Миний эд баялгийн хариуд зүрх сэтгэлээ өргөн барьсан олон хүнийг харсан. Тийм “үнэн сүсэгтэй байдал”-ыг үл харгалзан Би хүний гэнэтийн хүсэл эрмэлзлийн үр дүнд Өөрт байгаа бүхнийг хэзээ ч чөлөөтэй өгөөгүй, учир нь хүн Миний өмнө өөрийгөө баяртайяа зориулахад хэзээ ч бэлэн байгаагүй билээ. Би бүх хүн төрөлхтний багийг хуулж, эдгээр багийг галт нууранд хаясан, үүний үр дүнд хүний хэлдэг үнэнч байдал болон гуйлт Миний өмнө хэзээ ч бат зогсоогүй. Хүн яг л тэнгэр дэх үүл шиг: Салхи улихад хүн хүчнээс нь эмээдэг учраас үүний дараагаар яаран хөвж, дуулгаваргүй байдлаасаа болоод бут ниргүүлэх вий хэмээн ихэд айдаг. Энэ нь хүний үзэшгүй муухай нүүр царай биш гэж үү? Энэ нь хүний дуулгавартай байдал гэгч биш гэж үү? Энэ нь хүний “чин сэтгэл” болон хуурамч сайхан сэтгэл биш гэж үү? Олон хүн Миний амнаас гарсан бүх айлдварт үнэмшихээс татгалздаг бөгөөд олон хүн Миний үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй, иймээс тэдний үг болон үйлдэл урвах санаа зорилгыг нь илчилдэг. Миний ярьдаг зүйл хүний хуучин уг чанарын эсрэг байдаг уу? Би “байгалийн хуулийн” дагуу зохих тодорхойлолтыг хүнд өгөөгүй гэж үү? Хүн Надад үнэнээсээ дуулгавартай байдаггүй; хэрвээ тэр үнэхээр Намайг хайсан бол Би ийм ихийг хэлэх хэрэггүй байх байсан юм. Хүн бол үнэ цэнгүй хог шаар бөгөөд Би түүнийг албан хүчээр урагшлуулахын тулд Өөрийн гэсгээлтийг ашиглах ёстой; хэрвээ Би ийнхүү хийгээгүй бол Миний өгсөн амлалт түүний зугаа цэнгэлд хангалттай байсан ч гэсэн—түүний зүрх сэтгэлийг хөдөлгөж чадах байсан уу? Хүн олон жилийн турш шаналгаат тэмцлийн дунд үргэлж амьдарсан; тэр үргэлж цөхрөл дунд амьдарсан гэж хэлж болно. Үүний үр дүнд тэрээр бухимдалтай үлдэж, бие сэтгэлээрээ ядарч туйлдсан тул түүнд Миний өгдөг бүх эд баялгийг баяртайгаар хүлээн авдаггүй. Өнөөдөр ч гэсэн хэн ч Надаас сүнсний бүх сайхан амтыг хүлээн авч чаддаггүй. Хүмүүс гагцхүү ядуу хэвээр үлдэж, сүүлчийн өдрийг хүлээж л чадна.
Олон хүн Намайг үнэн голоосоо хайрлахыг хүсдэг боловч тэдний зүрх сэтгэл өөрсдийнх нь биш учраас өөрсдийгөө хянах аргагүй байдаг; олон хүн Миний өгсөн шалгалтыг туулангаа Намайг үнэхээр хайрладаг ч үнэхээр оршин байдаг гэдгийг минь ухаарах чадваргүй байдаг бөгөөд бодит оршин тогтнолоос минь болоод биш, ердөө л хоосон байдал дунд Намайг хайрладаг; олон хүн зүрх сэтгэлээ Миний өмнө дэлгээд, дараа нь зүрх сэтгэлдээ ямар ч анхаарал хандуулдаггүй, тиймээс боломж олдонгуут л Сатан тэдний зүрх сэтгэлийг булаан авдаг ба тэгээд тэд Намайг орхидог; Намайг үгээрээ хангахад олон хүн үнэн голоосоо Намайг хайрладаг ч Миний үгийг сүнсэндээ нандигнадаггүй, харин тэдгээрийг нийтийн өмч шиг хааш яаш ашиглаж, хүссэн үедээ ирсэн газар луу нь эргүүлээд шиддэг. Хүн зовлон шаналал дунд Намайг хайж, шалгалтан дунд Намайг бишрэн хардаг. Амар тайван цаг үед тэр Намайг таашаадаг, аюул осол дунд Намайг үгүйсгэдэг, завгүй байх үедээ Намайг мартаж, завтай үедээ Миний төлөө хийсэн дүр үзүүлдэг—гэсэн ч хэзээ ч, хэн ч Намайг насан туршдаа хайрлаж байгаагүй. Хүн Миний өмнө чин үнэнч байгаасай гэж Би хүсдэг: Надад ямар нэгэн зүйл өгөхийг Би хүнээс шаарддаггүй, харин бүх хүн Намайг ноцтойгоор авч үзэж, Намайг аргалахын оронд хүний чин сэтгэлийг буцаан авчрах боломжийг Надад олгохыг л шаарддаг. Миний гэгээрэл, гэрэлтүүлэлт болон хүчин чармайлтын минь үнэ цэн бүх хүнд шингэдэг, гэвч хүний үйлдэл болгоны үнэн бодит байдал ч бас бүх хүнд шингэж, Намайг хуурах тэдний хууран мэхлэлт ч шингэдэг. Хүний хууран мэхлэлтийн орц найрлагууд эхийн хэвлийд байхаас нь түүнд байсан мэт, төрсөн цагаасаа хойш эдгээр онцгой заль мэхний чадварыг эзэмшсэн мэт байдаг. Үүнээс гадна, тэрээр энэ тоглоомд хэзээ ч бууж өгөөгүй; эдгээр зальжин ур чадварын эх үүсвэрийг хэн ч, хэзээ ч нэгд нэггүй хараагүй. Үүний үр дүнд хүн өөрийн мэдэлгүй хууран мэхлэлт дунд амьдардаг ба тэр өөрийгөө уучилдаг юм шиг, Намайг зориуд хуурдаг гэхээсээ илүү энэ нь Бурханы зохицуулалт юм шиг байдаг. Энэ нь Намайг мэхлэх хүний хууран мэхлэлтийн жинхэнэ эх сурвалж биш гэж үү? Энэ нь түүний зальхай арга ухаан биш гэж үү? Би хүний ов заль болон бялдуучлалаас болж хэзээ ч будилаагүй, учир нь Би олон жилийн өмнө түүний гол чанарыг ойлгож авсан юм. Түүний цусанд хэр их хольц байдгийг болон түүний чөмгөн дотор Сатаны хэр их хор байдгийг хэн мэдэх билээ? Хүн Сатаны учруулсан хор хөнөөлийг мэдрэхээ болих хүртлээ өдөр ирэх тусам үүнд дасдаг, тиймээс “эрүүл оршин тогтнох урлагийг” олж мэдэх ямар ч сонирхолгүй байдаг.
Хүн Надаас хол байх үед, Намайг турших үед Би үүлсийн дунд Өөрийгөө түүнээс нуудаг. Үүний үр дүнд тэр Миний ямар ч ул мөрийг олж чаддаггүй бөгөөд зөвхөн хорон муу нэгний гарт, хүссэн бүхнийг нь хийж амьдардаг. Хүн Надад ойр байх үед Би түүнд харагддаг бөгөөд түүнээс Өөрийн царайг нуудаггүй, энэ үед хүн Миний эелдэг төрх байдлыг хардаг. Тэр гэнэт сэхээрч, нэг л мэдэхэд түүнд Намайг гэх хайр төрдөг. Зүрх сэтгэлдээ тэр зүйрлэшгүй сайхныг мэдэрч, орчлон ертөнц дэх Миний оршин тогтнолыг мэдэхгүй явж байснаа гайхдаг. Тиймээс ч хүн Миний хайр татам байдлыг, түүнчлэн Миний эрхэм нандин байдлыг илүү их мэдэрдэг. Үүний үр дүнд тэр Намайг дахин хэзээ ч орхихгүй байхыг хүсэж, Намайг өөрийнх нь амьдралын гэрэл гэж үздэг бөгөөд өөрийг нь орхих вий гэдгээс ихэд айсандаа Намайг чанга тэвэрдэг. Хүний урам зоригоос болж Миний сэтгэл хөдөлдөггүй, харин хайраас нь болж Би түүнд өршөөнгүй ханддаг. Энэ мөчид хүн даруй Миний шалгалтын дунд амьдардаг. Миний нүүр царай түүний зүрх сэтгэлээс алга болж, амьдрал нь тэр даруй хий хоосон санагдаж, зугтах бодол төрдөг. Энэ мөчид хүний зүрх сэтгэл ил болдог. Миний зан чанараас болоод тэр Намайг тэвэрдэггүй, харин Өөрийнхөө хайраас болж түүнийг хамгаалахыг Надаас гуйдаг. Гэсэн ч Миний хайр хүнийг буцаан цохих үед тэрээр бодлоо даруйхан өөрчилдөг; тэр Надтай байгуулсан гэрээгээ урж хаяад, Миний өршөөнгүй царайг дахин хэзээ ч харахыг хүсэхгүйгээр Миний шүүлтээс зугтаадаг тул Миний талаарх үзэл бодлоо өөрчилж, Намайг хэзээ ч хүнийг аварч байгаагүй хэмээн хэлдэг. Жинхэнэ хайранд гагцхүү өршөөл л байдаг гэж үү? Миний гялалзах гэрэл дор амьдарч л байвал хүн Намайг хайрладаг уу? Тэрээр өчигдрийг эргэн санадаг ч өнөөдөртөө амьдардаг—энэ нь хүний нөхцөл байдал биш гэж үү? Та нар үнэхээр маргааш ч гэсэн энэ хэвээрээ байх уу? Хүн өнгөц байдлаар Намайг сэтгэл хангалуун болгодог биш, харин үнэн голоосоо Намайг хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй байгаасай гэж л Би хүсдэг.
1992 оны 3 дугаар сарын 21