20-р бүлэг
Миний гэрийн баялаг тоо томшгүй, хэмжээлшгүй атал тэдгээрийг эдлэхийн тулд хүн хэзээ ч Над дээр ирээгүй. Хүн тэдгээрийг өөрөө ганцаараа эдлэх чадваргүй, мөн хүчин чармайлтаа ашиглан өөрийгөө хамгаалах ч чадваргүй; харин ч үргэлж бусдад итгэж найддаг. Миний хардаг бүх хүнээс нэг нь ч Намайг хэзээ ч өөрийн ухамсраар, шууд эрж хайгаагүй. Тэд бүгд бусдын шахалтаар, олонхыг дагаж Миний өмнө ирдэг бөгөөд тэд өөрсдийн амьдралыг баялаг болгохын тулд төлөөс төлөх юм уу цаг хугацаа зарцуулах хүсэлгүй байдаг. Тиймээс хүмүүсийн дундаас хэн ч, хэзээ ч бодит байдалд амьдраагүй бөгөөд бүх хүн утга учиргүй амьдралаар амьдардаг. Хүний урт хугацааны туршид тогтсон арга зам, ёс заншлын улмаас бүх хүний биед газрын хөрсний үнэр нэвчсэн. Үр дүнд нь хүн хөшүүн болж, дэлхий ертөнцийн хоосролыг мэдрэхээ болиод энэхүү хүйтэн цэвдэг дэлхийд өөрийгөө зугаацуулах ажил хийн завгүй байдаг. Хүний амьдралд өчүүхэн төдий ч халуун дулаан байдал байдаггүй бөгөөд хүн чанарын ямар ч ул мөр, гэрэл гэгээ байдаггүй—гэсэн ч тэр үргэлж өөрийгөө өөгшүүлж, юунд ч хүрсэн юмгүй яаран тэвдэж, насан туршдаа ямар ч үнэ цэнгүй амьдардаг. Насан эцэслэх өдөр нь нүд ирмэхийн зуур ойртож, хүн гашуун үхлээр нас бардаг. Энэ дэлхий дээр тэр хэзээ ч, юу ч биелүүлээгүй, эсвэл юу ч олж аваагүй—тэрээр яаран ирж, яаран оддог. Миний нүдээр харвал, тэдний хэн нь ч юу ч авчраагүй, эсвэл юу ч авч одоогүй, иймээс хүнд дэлхий ертөнц шударга бус санагддаг. Гэхдээ хэн ч яаран одохыг хүсдэггүй. Миний амлалт тэнгэрээс хүмүүсийн дунд гэнэт ирж, замаа алдсан үед нь мөнх амийн замыг дахин нэг харуулах өдрийг тэд зүгээр л хүлээдэг. Тиймээс өөрт нь өгсөн амлалтаа үнэхээр биелүүлсэн эсэхийг минь харахын тулд хүн Миний үйл хэрэг, үйлдэл бүрийг ширтдэг. Гай зовлон дунд, туйлын их шаналал дунд байхдаа, эсвэл шалгалтад орж, унахын даваан дээр байхдаа хүн бэрхшээлээсээ хурдхан зугтаж, өөр хүслэнт газар луу очих гэсэндээ өөрийнхөө төрсөн өдрийг хараан зүхдэг. Гэхдээ шалгалт өнгөрөхөд хүн баяр хөөрөөр бялхдаг. Тэрээр газар дэлхий дээр төрсөн өдрөө тэмдэглэж, төрсөн өдрийг нь ерөөгөөч гэж Надаас гуйдаг; энэ үед хүн өнгөрсөн үеийн тангаргийн талаар дурдахаа больж, үхэл өөр лүү нь хоёр дахь удаагаа ирэх вий гэдгээс ихэд айдаг. Миний гар дэлхий ертөнцийг өргөхөд хүмүүс баяр хөөртэйгөөр бүжиглэж, цаашид гуниглахаа болиод, бүгд Надад найддаг. Би Өөрийн гараар нүүрээ далдалж, хүмүүсийг газар доор дарахад тэдний амьсгал даруй давчдаж, бараг л амьдрах боломжгүй болдог. Өөрсдийг нь устгана хэмээн Надаас тэд бүгд айж, бүгдээрээ Намайг дуудан хашхирдаг, учир нь тэд бүгд Миний алдрыг олж авах өдрийг харахыг хүсдэг билээ. Хүн Миний өдрийг оршин тогтнолынхоо хөрөнгө гэж үздэг бөгөөд Миний алдар ирэх өдрийг хүсэн хүлээдэг учраас л хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл амьдарсан билээ. Эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүс Миний бүх алдрыг харах хувьтай байх нь Миний амаар зарлигдсан ерөөл юм.
Эрин үеүдийн туршид олон хүн энэ дэлхийгээс гансрал гутралтайгаар, дурамжханаар явж одсон, мөн олон хүн найдвар, итгэл тээн энэ дэлхийд ирсэн. Би олон хүний ирэхийг зохицуулж, олон хүнийг явуулсан. Тоо томшгүй олон хүн Миний гараар дамжсан. Олон сүнс Үхэгсдийн орон руу хаягдаж, олон сүнс махан биед амьдарч, олон сүнс үхээд газар дээр дахин мэндэлсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч, хэзээ ч хаанчлалын ерөөлийг өнөөдөр эдлэх боломж олдоогүй. Би хүнд маш ихийг өгсөн атал тэр жаахныг олж авсан, учир нь Сатаны хүчний ширүүн дайралт түүнийг Миний бүх эд баялгийг эдэлж чадахааргүй болгож орхисон. Хүнд тэдгээрийг харах зол завшаан л байснаас биш, бүрэн эдэлж хэзээ ч чадаагүй. Хүн тэнгэрийн баялгийг хүлээн авахын тулд өөрийн бие дэх эрдэнэсийн санг хэзээ ч олж илрүүлээгүй, иймээс өөрт нь Миний хайрласан ерөөлүүдийг алдсан. Хүнийг Миний Сүнстэй холбодог чухам тэр эрхтэн нь түүний сүнс биш гэж үү? Яагаад хүн хэзээ ч сүнсээрээ Надтай холбогдоогүй юм бэ? Яагаад тэр махан биеэрээ Надад ойртож ирдэг мөртөө сүнсээрээ ойртож чаддаггүй юм бэ? Миний жинхэнэ нүүр царай бие махбодын нүүр царай юу? Хүн яагаад Миний мөн чанарыг мэддэггүй юм бэ? Миний ямар ч ул мөр хүний сүнсэнд үнэхээр хэзээ ч байгаагүй гэж үү? Би хүний сүнснээс бүрмөсөн алга болсон гэж үү? Хэрвээ хүн сүнсний ертөнцөд ордоггүй бол Миний санаа зорилгыг яаж ухаарч чадах юм бэ? Хүний нүдээр бол, сүнсний ертөнцөд шууд нэвтэрч чадах ямар нэг зүйл бий юу? Би Өөрийн Сүнсээр хүнийг дуудсан удаа олон боловч хүн Надад хутгалуулсан мэт авирлаж, өөрийг нь өөр ертөнц рүү хөтөлж аваачих вий гэсэн асар их айдастайгаар Намайг холоос ажигладаг. Би хүний сүнсэнд асуулт тавьсан удаа олон боловч тэр огт мэдэхгүй хэвээр үлдэж, Намайг гэрт нь ороод бүх эд зүйлийг нь хураан авах боломжийг ашиглана гэхээс жигтэйхэн их айдаг. Тиймээс тэр Намайг гадаа үлдээж, Надад сайтар хаасан хүйтэн хаалга л харуулдаг. Хүн унаж Би түүнийг аварсан удаа олон атал хүн сэрснийхээ дараа нэн даруй Намайг орхиж, Миний хайранд сэтгэл нь үл хөдлөн, Над руу сэрэмжилсэн харц чулууддаг; Би хүний зүрх сэтгэлийг хэзээ ч дулаацуулж байгаагүй. Хүн бол сэтгэлийн хөдөлгөөнгүй, хүйтэн цуст амьтан. Хэдийгээр Миний тэврэлт түүнийг дулаацуулдаг ч тэр үүнд хэзээ ч сэтгэл хөдөлж байгаагүй. Хүн яг л уулын зэрлэг хүн шиг. Хүн төрөлхтнийг энхрийлэн хайрладгийг минь тэр хэзээ ч нандигнаагүй. Тэр Надад ойртож ирэхийг хүсдэггүй, харин зэрлэг араатны заналхийллийг тэсвэрлэн уулсын дунд амьдрахыг илүүд үздэг—гэхдээ тэр бас Миний дотор хоргодохыг хүсдэггүй. Би ямар ч хүнийг албаддаггүй: Би ердөө Өөрийн ажлыг л хийдэг. Хүчит далайгаас хүн Над руу сэлэх өдөр лавтай ирнэ, ингэснээр тэд газар дээрх бүх эд баялгийг эдэлж, тэнгист залгиулах эрсдэлийг ардаа орхих юм.
Миний үг биелэхэд хаанчлал газар дээр аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орж, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард хэвийн хүний амьдралыг эргүүлэн авдаг. Жавартай хүйтэн өвөл дуусаж, бүхэл жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс дүнсгэр, тарчиг хүний ертөнцтэй нүүр тулахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус гэж үгүй; бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч, хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно. Би дэлхий даяар явж, Өөрийн сэнтий дээр тааламжтай суун, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнхөө хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо болино. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд оршино. Энэ нь хүмүүст хайрладаг хамгийн агуу ерөөл минь бус уу? Өнөөдөр төлж буй төлөөсийнхөө үрээр та нар ирээдүйн ерөөлийг өвлөн авч, Миний алдрын дунд амьдарна. Та нар Миний Сүнсний мөн чанартай холбогдохыг бас л хүсэхгүй байна уу? Та нар өөрсдийгөө хөнөөхийг хүссээр байна уу? Хүмүүс зуурдынх ч байлаа гэсэн өөрсдийн харж чадах амлалтуудын хойноос хөөцөлдөхийг хүсдэг атлаа үүрд мөнх байх маргаашийн амлалтуудыг хэн ч хүлээн авахыг хүсдэггүй. Хүнд харагддаг зүйлс бол Миний устгах зүйлс бөгөөд хүний мэдэрдэггүй зүйлс нь Миний хийж гүйцэлдүүлэх зүйлс юм. Энэ бол Бурхан, хүн хоёрын ялгаа билээ.
Хүн Миний өдөр хэзээ ирэхийг тооцоолсон ч яг тодорхой огноог хэн ч, хэзээ ч мэдээгүй, тиймээс хүн мэдээ алдсан байдал дунд л амьдарч чадна. Хүний хүсэл тэмүүлэл хязгааргүй тэнгэр даяар цуурайтаад, дараа нь алга болдог учраас хүн итгэл найдвараа ахин дахин алдаж, тэгснээр одоогийн нөхцөл байдалдаа буусан. Миний айлдваруудын зорилго бол хүнийг огноогоор хөөцөлдүүлэх биш, мөн цөхрөлийнх нь улмаас түүнийг сүйрэл рүү нь хөтлөх явдал ч биш. Би Өөрийнхөө амлалтыг хүнээр хүлээн авхуулахыг хүсдэг бөгөөд бүх дэлхий даяарх хүмүүс Миний амлалтыг хуваалцаасай гэж хүсдэг. Би амийн эрч хүчээр дүүрэн амьд амьтдыг хүсэж байгаа болохоос биш, үхэл нэвчсэн цогцоснуудыг хүсээгүй. Нэгэнт Би хаанчлалын ширээний ард заларсан учраас Миний хяналт шалгалтыг хүлээж авахыг газар дээрх бүх хүнд тушаана. Өөрийнхөө өмнө Би ямар ч бохир бузар зүйл байлгахыг зөвшөөрөхгүй. Миний ажилд ямар ч хүн хөндлөнгөөс оролцохыг Би тэвчихгүй; Миний ажилд саад учруулсан бүхэн газар доорх гяндан руу хаягдах ба суллагдсаныхаа дараа ч гай гамшигт автсан хэвээр байж, газрын төөнөсөн галыг хүлээн авна. Өөрийн махбод болсон биедээ Намайг байхад Миний ажлын талаар Миний махбодтой маргадаг хэнийг ч бай Би жигшинэ. Газар дээр хамаатан садангүй гэдгээ Би бүх хүнд сануулсан удаа олон бөгөөд Намайг өөрсөдтэйгөө эн тэнцүү мэт үзэж, өнгөрсөн үеийн талаар хамтдаа дурсахын тулд Намайг өөрсөд рүүгээ чангаасан хэн ч бай сүйрэлд өртөнө. Миний тушаадаг зүйл энэ юм. Ийм асуудлууд дээр Би хүнд өчүүхэн төдий ч хүлээцтэй хандахгүй. Миний ажилд хөндлөнгөөс оролцож, Надад зөвлөгөө өгдөг бүх хүн Надаар гэсгээгдэх бөгөөд хэзээ ч уучлагдахгүй. Хэрвээ Би илэн далангүй ярихгүй бол хүн хэзээ ч сэхээрэхгүй бөгөөд өөрийн мэдэлгүйгээр Миний гэсгээлтэд унана—учир нь хүн махбод дахь Намайг мэддэггүй билээ.
1992 оны 3 дугаар сарын 20