7-р бүлэг
Барууны бүх салбар Миний дуу хоолойг сонсох ёстой:
Өнгөрсөн үед та нар Надад үнэнч байсан уу? Та нар онц гойд зөвлөмжийн үгийг минь сонссон уу? Та нарт бүдэг бадаг, тодорхойгүй биш, бодит найдвар бий юү? Хүний үнэнч байдал, хайр, итгэл—Надаас ирдэг зүйлээс өөр юу ч байхгүй, Миний өгдөг зүйлээс өөр юу ч үгүй. Миний ардууд аа, Миний үгийг сонсохдоо та нар Миний хүслийг ойлгодог уу? Миний зүрх сэтгэлийг хардаг уу? Урьд нь үйлчлэлийн зам дээр байхдаа та нар аз эз, өсөлт уналттай тулгаран, доош унаж, бүр Надаас ч урвах хүртлээ аюулд орж байсан хэр нь Би хором бүрд та нарыг байнга аварч байсан гэдгийг та нар мэдсэн үү? Хором бүрд Би та нарыг дуудаж, аврахын тулд ямагт Өөрийн дуу хоолойгоор айлдаж байсныг мэдсэн үү? Та нар хэдэн удаа Сатаны торонд унав? Хэдэн удаа та нар хүмүүсийн урхинд орооцолдсон бэ? Түүнчлэн та нар хэр олон удаа биеэ барьж чадалгүй өөр хоорондоо эцэс төгсгөлгүй зөрчилдөөнд орж байсан бэ? Хэр олон удаа та нарын бие Миний гэрт, харин зүрх сэтгэл чинь хаа нэгтээ байсан бэ? Гэсэн хэдий ч та нарыг дэмжихийн тулд Би маш олон удаа авралын гараа сунгасан, Би та нарын дунд маш олон удаа өршөөлийн үрийг цацсан. Зовлонгийн дараах өрөвдмөөр байдлыг чинь Би маш олон удаа харж тэвчээгүй; маш олон удаа… Та нар үүнийг мэдэх үү?
Гэвч өнөөдөр Миний халамж доор та нар эцэстээ бүх бэрхшээлийг даван туулж, Би та нартай хамт баярлан хөөрдөг; энэ бол Миний мэргэн ухааны биелэлт юм. Гэхдээ, үүнийг сайн сана! Хэн унаж, харин та нар хүчтэй хэвээр үлдсэн бэ? Та нарын дундаас хэн нь сул дорой мөчийг хэзээ ч үзэлгүй хүчтэй байсан юм бэ? Хүмүүсийн дундаас хэн нь Надаас ирээгүй ерөөлийг эдэлсэн бэ? Хэн нь Надаас ирээгүй золгүй явдлыг амссан бэ? Намайг хайрладаг хүмүүс бүгд зөвхөн ерөөл хүлээн авдаг гэж үү? Намайг хайрлаж чадалгүй, харин ч эсэргүүцсэн учраас Иовд золгүй явдал тохиолдсон юм гэж үү? Паул Намайг үнэхээр хайрлаж чаддаг учраас Миний дэргэд Надад үнэнч үйлчилж чадсан юм гэж үү? Та нар хэдийгээр Миний гэрчлэлийг бат мөрддөг байж магадгүй боловч та нарын дундаас хэний гэрчлэл нь шижир алт шиг, ямар ч хольцгүй байж чадах вэ? Хүний үнэнч байдал жинхэнэ байж чадах уу? Би хэнээс ч, хэзээ ч ихийг шаардаагүй учраас та нарын гэрчлэл Надад таашаал авчирч байгаа нь “үнэнч байдалтай” чинь зөрчилддөггүй. Миний төлөвлөгөөний анхдагч санаа зорилгын дагуу байсан бол та нар бүгд “гологдол бүтээгдэхүүн”—стандартад нийцэхгүй байх байсан. Энэ нь “өршөөлийн үр цацах” талаар Миний ярьсан зүйл биш гэж үү? Та нарын хардаг зүйл Миний аврал уу?
Та нар бүгдээрээ эргэн санах хэрэгтэй: Миний гэрт эргэн ирснээсээ хойш, өөрийнхөө ашиг, алдагдлыг эргэцүүлэхгүйгээр, Петрийн нэгэн адил Намайг мэдэж авдаг хүн байна уу? Та нар Библийн өнгөн талыг ягштал цээжилчихсэн боловч үүний мөн чанараас ямар нэг зүйлийг өөрийн болгосон уу? Тэгсэн ч гэсэн өөрийгөө үнэхээр тавьж явуулахаас татгалзан “эд хөрөнгөтэйгөө” зууралдсаар байна. Намайг айлдах үед, та нартай нүүр тулан ярилцах үед Миний илчилсэн амийн үгийг хүлээн авахын тулд хаалттай хуйлмал номоо доош тавьсан хүн та нарын дунд хэн байна? Та нар Миний үгийг ойшоодоггүй, эрхэмлэдэг ч үгүй. Харин өөрсдийн байр суурийг хадгалахын тулд дайснуудаа буудах гэж Миний үгсийг пулемёт мэт ашигладаг; Намайг мэдэхийн тулд Миний шүүлтийг хүлээн авъя гэж та нар өчүүхэн төдий ч хичээдэггүй. Та нар бүгд хэн нэгэн рүү зэвсэг чиглүүлдэг ба бүгд “хувиа хичээдэггүй”, нөхцөл байдал бүрд “бусдын талаар боддог”. Энэ чинь та нарын өчигдөр хийж байсан зүйл биш гэж үү? Бас өнөөдөр? Та нарын “үнэнч байдал” хэдхэн оноогоор өсөж, та нар бүгд бага зэрэг хашир сууж, бага зэрэг төлөвшсөн; үүнээс болж Надаас айх та нарын “айдас” ямар нэг байдлаар ихэссэн ба хэн ч “хөнгөмсөг авирладаггүй”. Яагаад та нар үргэлж идэвхгүй байдалд оршдог юм бэ? Яагаад та нарын хаанаас ч эерэг тал нь ерөөсөө олддоггүй юм бэ? Өө, Миний ардууд аа! Өнгөрсөн үе аль хэдийн өнгөрсөн; та нар цаашид үүнтэй зууралдах ёсгүй. Өчигдөр чи бат зогссон бол өнөөдөр Надад чин үнэнч байдлаа өгөх ёстой; түүнчлэн, маргааш Миний төлөө сайн гэрчлэл хийх ёстой бөгөөд ирээдүйд Миний ерөөлийг өвлөж авна. Энэ бол та нарын ойлгох ёстой зүйл билээ.
Хэдийгээр Би та нарын өмнө байхгүй ч гэсэн Миний Сүнс та нарт гарцаагүй нигүүлсэл хүртээнэ. Та нар Миний ерөөлийг нандигнаж, үүний улмаас өөрсдийгөө мэдэж авч чадна хэмээн Би найдаж байна. Үүнийг өөрийн хөрөнгө гэж бүү үз; үүний оронд та нар өөрсдөдөө дутагдаж байгаа зүйлийг Миний үгээс аван дүүргэж, үүнээс өөрийнхөө эерэг элементүүдийг гаргаж авах ёстой. Энэ бол та нарт өгч буй Миний захиас юм!
1992 оны 2 дугаар сарын 28