6-р бүлэг
Сүнсний доторх хэрэг явдалд, чи нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй; Миний үгийг хичээнгүйлэн анхаарах ёстой. Миний Сүнс ба Миний бие махбодыг, Миний үг ба Миний бие махбодыг хуваагдашгүй нэгэн бүхэл мэт харах тэрхүү төлөв байдлыг зорих хэрэгтэй, ингэснээр бүх хүн Миний өмнө Намайг сэтгэл хангалуун байлгаж чадна. Би орчлон ертөнцийг Өөрийн хөлөөр туулж, харцаа хаяа хязгаарт нь бэлчээж, хүний туршлагын чихэрлэг, исгэлэн, гашуун, аагтай амтыг амтлан бүх хүний дунд алхсан, гэвч үнэндээ хүн Намайг хэзээ ч таниагүй, Намайг хаа сайгүй явахад ч анзаараагүй. Учир нь Би чимээгүй байж, ямар ч ер бусын үйл хийгээгүй, иймээс үнэндээ Намайг хэн ч, хэзээ ч хараагүй. Юмс одоо урьдынх шигээ байхаа больсон: Би бүтээлийн эхлэлээс хойш хүний хэзээ ч үзээгүй зүйлсийг хийж, эрин үеүдийн туршид хүний хэзээ ч сонсож байгаагүй үгийг хэлэх гэж байна, учир нь Би бүх хүн төрөлхтнөөс махбод дахь Намайг мэддэг болооч гэж хүсдэг. Энэ бол Миний удирдлагын алхмууд бөгөөд энэ талаарх өчүүхэн төдий ч таамаг хүмүүст байдаггүй. Би энэ талаар илэн далангүй ярьсан ч хүний оюун санаа нь мунгинасаар байдаг болохоор түүнд нэг бүрчлэн тайлбарлах боломжгүй. Хүний адгийн дорд байдал үүнд оршдог, тийм биз? Энэ бол Миний засахыг хүсдэг яг тэр зүйл юм, үгүй гэж үү? Энэ бүх он жилүүдэд Би хүн дээр юу ч хийгээгүй; энэ бүх он жилүүдэд Миний махбод болсон биетэй шууд холбоотой байсан хүмүүс хүртэл Миний бурханлаг чанараас шууд гарах дуу хоолойг хэзээ ч сонсоогүй. Иймээс Миний талаарх мэдлэг хүмүүст дутмаг байх нь гарцаагүй, гэхдээ эрин үеүдийн туршид энэ нэг зүйл хүн төрөлхтний Намайг гэх хайранд дангаараа нөлөөлөөгүй. Одоо харин Би та нарт гайхамшигт, тайлагдашгүй ажил тоолшгүй олныг авчирч, бас олон үг хэлсэн. Гэтэл иймэрхүү нөхцөл байдалд ч гэсэн маш олон хүн Намайг нүүрэн дээр минь эсэргүүцэж байна. Би чамд цөөн хэдэн жишээ дурдъя:
Чи Миний санаа зорилгыг ухаарч, амийг мэдрэх гээд өдөр бүр тодорхойгүй Бурханд залбирдаг. Гэхдээ Миний үг яг бууж ирэхэд чи тэдгээрийг өөрөөр хардаг: Чи Миний үг болон Миний Сүнсийг хуваагдашгүй нэгэн зүйл гэж үздэг боловч Над шиг хүн ийм үг хэлэх чадваргүй, харин ч энэ нь Миний Сүнсний олгосон үр дүн юм хэмээн бодож хүнийг нь хөсөр хаядаг. Энэ мэт нөхцөл байдлын тухай чи яаж мэдэх юм бэ? Чи Миний үгэнд тодорхой хэмжээгээр итгэдэг ч Миний өмссөн махбодын тухайд их бага хэмжээгээр өөрийн гэсэн үзэл тээж, түүнийгээ өдрөөс өдөрт лавшруулан бодож, “Тэр яагаад аливааг ингэж хийдэг юм бэ? Энэ Бурханаас ирдэг юм гэж үү? Байж боломгүй юм! Миний бодлоор, Тэр надтай бараг адилхан, эгэл, жирийн л хүн” гэж хэлдэг. Дахин хэлэхэд, чи ийм нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлах вэ?
Миний дээр хэлсэн зүйлийн тухайд, та нарын дунд ийм үзлээр зэвсэглээгүй хүн байна уу? Үүнийг эзэмшдэггүй хүн байна уу? Чи үүнийг яг л өөрийн нэг өмч шиг зуурчихаад, энэ бүх хугацаанд хаях дургүй байсан мэт харагдаж байна. Тэр ч бүү хэл, чи идэвхтэй хүчин чармайлт гаргахыг бүр ч хүсээгүй; харин Намайг биечлэн ажил хийхийг хүлээдэг. Үнэнийг хэлэхэд, Намайг эрж хайлгүйгээр амар хялбар мэдэж авсан нэг ч хүн байхгүй. Үнэн хэрэгтээ, Би та нарт өнгөц үгээр сургамж номлодог юм биш, учир нь чамд лавлагаа болгох гэж Би өөр өнцгөөс жишээ татаж чадна:
Петрийг дурдмагц хүн бүр магтан шагширч, Бурханыг гурвантаа үгүйсгэсэн, түүнчлэн Сатанд үйлчилж, улмаар Бурханыг туршсан, гэвч эцэстээ Түүний төлөө загалмайд уруу харж цовдлогдсон гэх зэрэг Петрийн тухай энэ бүх түүхийг тэр дороо санацгаадаг. Петр Намайг хэрхэн мэдэж авсныг, мөн түүний эцсийн үр дүн ямар байсан талаар одоо та нарт өгүүлэх нь маш чухал гэж Би үзэж байна. Петр гэгч энэ хүн гойд сайн хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байлаа. Түүний эцэг, эх Намайг хавчдаг, Сатанд эзэмдүүлсэн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, энэ шалтгааны улмаас тэд Петрт замыг дамжуулсан гэж хэлж болохгүй юм. Цэцэн цэлмэг, төрөлхийн оюун билэгтэй Петрийг эцэг эх нь бага балчраас нь хайрладаг байжээ; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Яагаад гэвэл, юуны өмнө тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйл Бурханаас эхтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй Түүнээс шууд ирдэг гэдэгт тэр итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг эрж хайх хүслийг нь улам бадраасан юм. Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсоогүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сүйхээтэй байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралдаа тэр бүтэлгүйтлийн занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, урьд өмнө бүтэлгүйтсэн хүмүүсээс сургамж авахад онцгой анхаарч байв. Мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарчээ. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр төдийгүй, бүр ч чухал нь Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадталаа эерэг талууд дээр хурдасгасан юм. Ийм ч учраас, тэрээр байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэх, өмсөх, унтахдаа ч юм уу ер нь хаана ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгасны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр Надад итгэх итгэлээ хэзээ ч алдаж, урам хугараагүй. Өөрийг нь хэдийн хаячихсан гэж Намайг хэлэхэд ч тэрээр цөхрөөгүй, харин Намайг бодитой байдлаар, урьдын хэрэгжүүлэлтийн зарчимд нийцэлтэйгээр үргэлжлүүлэн хайрласан. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үг хэрэглэн явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байгаа юм болов уу?” Ийм төрлийн шалгалт дунд Петр хэдийгээр Миний санааг яг таг ухаарч чадаагүй боловч Надад ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүмүүс Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү? Энэ удаа Намайг Петрийн талаар яагаад ийм урт зүйл ярьсныг та нар ойлгохыг хичээж, сайтар бодох хэрэгтэй. Энэ нь та нарын биеэ авч явах зарчим болох ёстой.
Хэдийгээр Намайг мэддэг маш цөөн хүн байдаг ч, үүнээс болж Би Өөрийн уурыг хүнд гаргахгүй, учир нь хүмүүс маш олон дутагдалтай тул Миний хүссэн түвшинд хүрнэ гэдэг тэдэнд хэцүү. Тиймээс Би өнөөдрийг хүртэл мянга мянган жилийн турш хүнийг өршөөсөөр ирсэн. Гэхдээ Миний өршөөлөөс болж та нар өөрсдийгөө өөгшүүлэх гэж яарахгүй гэдэгт Би найдаж байна; харин ч Петрээр дамжуулан та нар Намайг мэдэж авч, Намайг эрж хайж, Петрийн бүх түүхээр дамжуулан урьд хожид байгаагүй илчлэлийг хүлээн авч, өмнө нь хүний хүрч байгаагүй түвшинд ийм маягаар хүрэх ёстой. Орчлон ертөнц болон хязгааргүй уудам огторгуй даяар, тэнгэр, газар дахь бүх зүйл, газар дээрх тоо томшгүй олон зүйл, тэнгэр дэх үй олон зүйл нэг бүрчлэн Миний ажлын сүүлийн үе шатны төлөө бүх хүч чадлаа зориулж байна. Та нар Сатаны хүчээр ийш тийш жолоодуулж, хөндлөнгийн ажиглагчид болж үлдэхийг хүсэхгүй байлгүй дээ? Хүмүүсийн зүрх сэтгэл дэх Миний талаарх мэдлэгийг Сатан байнга залгиж, шүдээ хавиран, сарвуугаа сарвайлгаж, сүүлчийн амь тэмцсэн тулаандаа ордог. Энэ мөчид та нар түүний зальжин ов мэхэнд олзлогдохыг хүсэж байна уу? Миний ажлын сүүлийн үе шат дуусах мөчид өөрийнхөө амьдралыг сүйрүүлэхийг хүсэж байна уу? Мэдээж та нар Намайг өршөөл энэрлээ дахиад нэг удаа хүртээнэ гэж хүлээсээр байгаа юм биш биз дээ? Намайг мэдэхээр эрж хайх нь хамгийн чухал зүйл, гэхдээ та нар бодит хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулахаа умартах ёсгүй. Та нар Миний удирдамжид захирагдаж, өөрсдийн хүсэл тэмүүлэл, санаа зорилгод автахаа болино гэж найдсандаа Би нарийн ойлголтыг шууд Өөрийнхөө үгээр та нарт илчилж байна.
1992 оны 2 дугаар сарын 27