47-р бүлэг

Хүмүүсийн амийг төлөвшүүлж, хүмүүстэй хамт нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байснаар үр дүнд хүрэхийн тулд Би хүмүүсийг үргэлж хүлээн зөвшөөрч, Миний үгээс хангалт, шим тэжээл олж аваад, Миний бүх эд баялгийг хүртэх боломж олгосон. Би хүмүүсийг хэзээ ч ичээж байгаагүй атал хүмүүс Миний мэдрэмжийг хэзээ ч бодолцон үзэж байгаагүй. Учир нь хүмүүс хатуу сэтгэлтэй бөгөөд Надаас бусад зүйлсийг “үзэн яддаг”. Дутагдлаас нь үүдэн Би тэднийг ихэд өрөвддөг; тиймээс дэлхий ертөнц дээр амьдрах хугацаандаа газар дэлхийн бүх эд баялгийг ханатлаа эдлэг гэсэндээ Би хүмүүст арай илүү хичээл чармайлт гаргасан билээ. Би хүмүүст шударга бусаар ханддаггүй бөгөөд Намайг олон жил дагасныг нь бодолцон үзээд тэднийг гэх зүрх сэтгэлээ зөөлрүүлсэн. Би Өөрийнхөө ажлыг энэ хүмүүс дээр хийж тэвчих аргагүй мэт санагддаг. Тиймээс Намайг өөр шигээ хайрладаг хэрзгэр туранхай энэ хүмүүсийг хараад Миний зүрх сэтгэлд үгээр хэлэхийн аргагүй шаналал мэдрэгддэг. Гэхдээ хэн үүнээс болоод тогтсон журмыг зөрчиж болох билээ? Хэн үүнээс болж өөрийгөө үймүүлэх билээ? Гэсэн ч Би хүмүүст бүрэн дүүрэн эдлүүлэх гэж Өөрийн бүх эд баялгийг өгсөн бөгөөд энэ явдал дээр хүмүүст зохисгүй хандаагүй юм. Тиймээс хүмүүс Миний энэрэнгүй, өгөөмөр төрхийг харсаар байдаг. Би үргэлж тэвчээртэй байж, үргэлж хүлээсээр ирсэн. Хүмүүс хангалттай их таашаал авч, залхаад ирэхийн цагт Би тэдний хүсэлтийг “хангаж” эхлэн, хоосон амьдралаас нь зугтаалгаж, хүмүүстэй дахин хэзээ ч харьцахгүй болгоно. Газар дэлхий дээр Би далайн ус ашиглан хүмүүсийг залгиж, тэднийг өлсгөлөн гачаалаар хянаж, шавжийн тахлаар сүрдүүлж, тэднийг “услахын” тулд аадар бороо ашигласан ч тэд амьдралын хоосон байдлыг хэзээ ч мэдрээгүй. Хүмүүс одоо ч гэсэн газар дээр амьдрахын утга учрыг ойлгодоггүй. Миний өмнө амьдрах нь хүний амьдралын хамгийн гүн гүнзгий утга учир биш гэж үү? Миний дотор байх нь гамшгийн аюулаас зугтахад туслахгүй гэж үү? Газар дэлхий дээр хэчнээн олон бие махбод бие даасан эрх чөлөөтэй байдалд амьдарч байсан бэ? Махан биеийн амьдралын хоосон байдлаас хэн зугтсан бэ? Гэхдээ хэн үүнийг танин мэдэж чадах вэ? Хүн төрөлхтнийг бүтээсэн цагаас минь хойш нэг ч хүн газар дээр хамгийн их утга учиртай амьдралаар амьдарч чадаагүй, иймээс хүн төрөлхтөн амьдралаа туйлын утга учиргүй дэмий өнгөрүүлсэн. Гэхдээ хэн ч ийм төвөгтэй байдлаас салахыг хүсдэггүй, хэн ч ийм хоосон, залхмаар амьдралаас зайлсхийхийг хүсдэггүй. Хүмүүсийн туршлагаар бол, махан биед амьдардаг хүмүүс Надаас авах таашаалыг ашигладаг байсан хэдий ч тэдний нэг нь ч хүний ертөнцийн ёс заншлаас салаагүй билээ. Үүний оронд тэд үргэлж жам ёсонд захирагдаж, өөрсдийгөө хуурсаар ирсэн.

Намайг хүн төрөлхтний оршин тогтнолыг бүрмөсөн төгсгөмөгц газар дэлхийн “хавчлагыг” тэсвэрлэх ганц ч хүн үлдэхгүй; тэр үед л Миний агуу ажлыг бүрэн дүүрэн гүйцэлдсэн гэж хэлэх боломжтой болно. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болох үедээ Миний гүйцэлдүүлэхийг хүсдэг ажил бол махан биед амьдрахын хоосон байдлыг хүмүүст ойлгуулах явдал бөгөөд энэ боломжийг ашиглан махан биеийг устгана. Тэр үеэс эхлээд газар дээр нэг ч хүн оршин байхаа больж, газар дэлхийн хоосон байдлын тухай хэн ч хэзээ ч уйлахаа больж, махан биеийн бэрхшээл хүндрэлийн талаар хэн ч, хэзээ ч ярихаа больж, Намайг шударга бус гэж хэн ч гомдоллохоо больж, бүх хүн болон бүх зүйл амралтад орно. Дараа нь хүмүүс өөрсдөдөө тохирсон хүрэх газрыг олсон байх тул ийш тийш яаравчлан, байнга завгүй байхаа болино, мөн газар дэлхийн энд, тэндээс юм хайхаа ч болино. Тэр үед бүх хүний нүүр царайд инээмсэглэл тодорно. Тэгээд Би хүмүүсээс юу ч шаардахаа больж, цаашид ч тэдэнтэй маргахаа болино; бидний хооронд энхийн гэрээ гэж байхаа болино. Би газар дэлхий дээр оршиж, хүмүүс газар дээр амьдардаг; Би тэдэнтэй хамт амьдарч, оршин суудаг. Тэд бүгд Миний дэргэд байхын баяр баяслыг мэдэрдэг тул ямар ч шалтгаангүйгээр явахыг хүсдэггүй бөгөөд харин ч Намайг арай удаан хамт байлгахыг илүүд үзнэ. Би огт туслалгүйгээр газар дэлхийн хоосролыг харж яахан тэвчих билээ? Би газар дэлхийнх биш; тэвчээрийн ачаар л Би өөрийгөө хүчлэн байж өнөөдрийг хүртэл энд үлдсэн. Хүмүүс эцэс төгсгөлгүй гуйгаагүй сэн бол Би аль эрт явчих байлаа. Өнөө үед хүмүүс өөрсдийгөө харж хандаж чаддаг ба тэдэнд Миний тус дэм хэрэггүй, учир нь тэд төлөвшиж, Надаар тэжээлгэх шаардлагагүй болсон. Тиймээс Би хүмүүстэй хамт “ялалтын баяр” тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд дараа нь хүмүүсийг мэдэхгүй байх вий гэсэндээ Би тэдэнтэй салах ёс гүйцэтгэнэ. Мэдээж, бидний хооронд ямар ч хорсол байхгүй учраас муудалцан салах нь сайн зүйл биш. Тиймээс бидний барилдлага мөнхөд үргэлжилнэ. Бид тус тусын замаа хөөсний дараа хүмүүс Миний “өвийг” үргэлжлүүлж, амьдралынхаа туршид Миний заасан сургаалыг мартахгүй байж чадна гэж Би найдаж байна. Тэд Миний нэрд гутамшиг авчрах зүйл хийхгүй, харин Миний үгэнд хайхрамжтай хандана гэж Би найдаж байна. Намайг явсны дараа хүмүүс Намайг хангалуун байлгахын тулд хамаг чадлаараа хичээж чадна гэж Би найдаж байна; тэд Миний үгийг амьдралынхаа суурь болгон ашиглана, мөн Миний найдварыг хөсөрдүүлэхгүй гэж Би найдаж байна, учир нь Миний зүрх сэтгэл үргэлж хүмүүсийн төлөө зовниж, Би үргэлж тэдэнд сэтгэл татагдсаар ирсэн билээ. Нэгэнтээ Би хүмүүстэй хамт цугларч, тэнгэрт байдагтай адил ерөөлийг газар дээр эдэлсэн. Би хүмүүстэй хамт амьдарч, тэдэнтэй хамт оршин суусан; хүмүүс Намайг үргэлж хайрлаж, Би тэднийг үргэлж хайрласан. Бид бие биетэйгээ ойр дотно байсан. Хүмүүстэй хамт байсан цагаа эргээд бодох үедээ Би инээд хөөр, баяр баяслаар дүүрэн өдрүүдээ санадаг, тэгэхэд бас хэрүүл маргаан ч байсан. Гэсэн ч бидний хайр үүн дээр л тогтсон ба бидний хоорондох харилцаа хэзээ ч тасраагүй. Олон жил харилцахдаа хүмүүс Надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн бөгөөд Би ч бас хүмүүст эдэлж болох асар олон зүйлийг өгсөн, үүний төлөө тэд үргэлж хоёр дахин их талархсаар ирсэн билээ. Одоо бидний цуглаан хэзээ ч урьдынхтай адил байхгүй; бидний салж хагацах энэ мөчөөс хэн зугтаж чадах билээ? Хүмүүс Намайг гүн гүнзгий хайрласан, Би ч тэднийг хязгааргүй хайрласан—гэхдээ одоо яалтай ч билээ дээ? Тэнгэрлэг Эцэгийн шаардлагыг хэн зөрчиж зүрхлэх билээ? Би оршин суудаг газартаа буцан очоод, тэнд Өөрийнхөө ажлын өөр нэг хэсгийг гүйцээнэ. Магадгүй бидэнд дахин учрах боломж гарах байх. Хүмүүс хэт их гуниглалгүй, газар дэлхий дээр Намайг сэтгэл хангалуун байлгана гэж Би найдаж байна; тэнгэр дэх Миний Сүнс тэдэнд нигүүлслээ үргэлж хайрлана.

Бүтээлийн цаг үед Би, эцсийн өдрүүдэд Өөртэйгөө нэг санаатай бүлэг хүмүүсийг бий болгоно гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд газар дэлхий дээр жишиг тогтоосныхоо дараа оршин суудаг газар луугаа буцна гэж Би зөгнөсөн юм. Бүх хүн Намайг сэтгэл хангалуун болгомогцоо өөрсдөөс нь Миний шаардсан зүйлийг биелүүлсэн байх бөгөөд Би тэднээс ямар нэг зүйл хий гэж шаардахаа болино. Харин хүн бид хоёр хуучны өдөр хоногуудынхаа тухай түүхийг ярилцаад, дараа нь салан явцгаах болно. Би энэ ажлыг эхлүүлсэн ба хүмүүс Намайг буруугаар ойлгож, Миний санаа зорилгыг харгис, цэвдэг гэж бодох вий гэсэндээ тэдний сэтгэл санааг бэлдэж, тэдэнд Өөрийн санаа зорилгыг ойлгуулсан. Хүмүүс Надад хайртай мөртөө Намайг тохиромжтой амралтын газарт байлгахаас татгалздаг гэж үү? Тэд Миний төлөө тэнгэрлэг Эцэгээс гуйхыг хүсдэггүй гэж үү? Хүмүүс Надтай хамт өрөвдсөн нулимс урсгаагүй гэж үү? Тэд Эцэг, Хүү Биднийг эрт эргэн нэгдэхэд туслаагүй гэж үү? Тэгвэл тэд одоо яагаад хүсэхгүй байна вэ? Газар дэлхий дээрх Миний үйлчлэл биелсэн бөгөөд хүмүүсээс салж хагацсаныхаа дараа ч Би тэдэнд тусалсаар байх болно; энэ нь сайн хэрэг биш үү? Ажлаа илүү үр дүнтэй, харилцан ашиг тустай байлгахын тулд хэчнээн шаналгаатай байсан ч бид салж хагацах ёстой. Бидний нулимс чимээгүйхэн урсана; Би хүмүүсийг зэмлэхээ болино. Урьд нь Би хүмүүст олон зүйл хэлсэн ба бүгд тэдний зүрх сэтгэлийг шархлуулан, тэднийг гуниглуулж, уйлуулсан. Үүнийхээ төлөө Би одоо хүмүүсээс хүлцэл өчиж, уучлал гуйж байна. Намайг үзэн ядахгүй байхыг Би гуйж байна, учир нь энэ бүхэн тэдний сайн сайхны төлөө байдаг. Тиймээс, хүмүүс Миний сэтгэлийг ойлгоно гэж Би найдаж байна. Урьдын цагт бид маргалдаж байсан ч эргээд харахад бидний аль алинд ашиг тустай байжээ. Эдгээр маргаанаас болоод Бурхан болон хүмүүс нөхөрлөлийн гүүр барьжээ. Энэ нь бидний хамтын хичээл чармайлтын үр дүн биш гэж үү? Бид бүгд үүнийг таашаах ёстой. Би хүмүүсээс Миний урьдын “алдааг” уучлахыг хүсэж байна. Тэдний гэм буруу ч бас мартагдах болно. Тэд ирээдүйд Надад хайраар хандаж чадаж байгаа цагт тэнгэр дэх Миний Сүнс тайвширна. Энэ тухайд хүмүүс ямар шийдвэртэй байгааг—мөн хүмүүс Миний сүүлчийн хүсэлтийг биелүүлэхэд бэлэн байх эсэхийг Би мэдэхгүй. Би тэднээс өөр юу ч хүсдэггүй, харин Намайг хайрлаач гэж л хүсдэг. Тэр л хангалттай. Үүнийг биелүүлж чадах уу? Бидний дунд болсон бүх таагүй зүйл өнгөрсөнд үлдэг; бидний хооронд үргэлж хайр байг. Би хүмүүст маш их хайр өгсөн бөгөөд тэд Намайг хайрлахын тулд маш их төлөөс төлсөн юм. Тиймээс, бидний хоорондох хольцгүй, цэвэр ариун хайрыг хүмүүс нандигнаж, бидний хайр хүний ертөнц даяар түгж, үүрд мөнхөд өвлөгдөнө гэж Би найдаж байна. Дахин уулзахдаа бид хайраар холбогдсон хэвээр байж, бидний хайр мөнхөд үргэлжилж, бүх хүн үүнийг магтаж, түгээж байх болтугай. Энэ нь Намайг сэтгэл хангалуун болгож, Би хүмүүст инээмсэглэсэн царайгаа харуулах болно. Хүмүүс Миний захиасыг санаж явна гэж Би найдаж байна.

1992 оны 6 дугаар сарын 1

Өмнөх: 46-р бүлэг

Дараах: 1-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх