Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Бурханаар гэсгээгдэж байх үедээ Петр: “Өө Бурхан минь! Миний махан бие дуулгаваргүй бөгөөд Та намайг гэсгээж, намайг шүүдэг. Би Таны гэсгээлт, шүүлтэд баярлан хөөрдөг ба Та намайг хүсэхгүй байсан ч гэсэн Таны шүүлтээс би ариун, зөвт зан чанарыг тань хардаг. Намайг шүүх үед тань бусад хүмүүс Таны шүүлтээс Таны зөвт зан чанарыг харж болох учраас би сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ энэ нь Таны зан чанарыг илэрхийлж, бүх бүтээлд Таны зөвт зан чанарыг харуулах юм бол, мөн Таныг гэх хайр минь илүү цэвэр болж, би зөв шударга нэгний төрхтэй болж чадах юм бол Таны шүүлт сайн, учир нь Таны нигүүлсэнгүй хүсэл энэ билээ. Миний дотор одоо ч тэрслүү зүйл их байгаа ба Таны өмнө очиход тохирохгүй хэвээр гэдгээ би мэднэ. Хатуу ширүүн орчноор ч бай, эсвэл асар их зовлонгоор дамжуулаад ч бай, Та намайг бүр их шүүгээсэй гэж би хүсэж байна; Та юу ч хийсэн бай, миний хувьд энэ нь үнэ цэнтэй. Таны хайр маш гүн гүнзгий бөгөөд би өчүүхэн төдий ч гомдолгүйгээр Таны зохицуулалтад өөрийгөө өгөхөд бэлэн байна” гэж залбирсан. Энэ бол Бурханы ажлыг туулсны дараах Петрийн мэдлэг, мөн Бурханыг гэсэн түүний хайрын гэрчлэл юм. Өнөөдөр та нар аль хэдийн байлдан дагуулагдсан—гэхдээ энэхүү байлдан дагуулалтыг та нар хэрхэн илэрхийлдэг вэ? Зарим хүн: “Байлдан дагуулагдсан минь Бурханы эрхэм дээд нигүүлсэл, өргөмжлөл юм. Хүний амьдрал хоосон бөгөөд ямар ч утга учиргүй. Хүн яаран тэвдэж амьдралаа өнгөрүүлэн, үеэс үед үр хүүхэд төрүүлж, өсгөдөг ба эцэстээ юу ч үгүй хоцордог. Өнөөдөр, Бурханаар байлдан дагуулагдсаныхаа дараа л би ингэж амьдрах нь ямар ч үнэ цэнгүйг харлаа; энэ үнэхээр утга учиргүй амьдрал юм. Би ер нь үхээд, энэ бүхнийг дуусгасан нь дээр юм байна!” гэж хэлдэг. Байлдан дагуулагдсан тийм хүмүүс Бурханаар авхуулж чадах уу? Тэд үлгэр жишээ, үлгэр дуурайл болж чадах уу? Тийм хүмүүс бол идэвхгүй байдлын сурах бичиг юм; тэдэнд ямар ч хүсэл тэмүүлэл байдаггүй, өөрсдийгөө сайжруулахаар чармайдаггүй. Хэдий тэд байлдан дагуулагдсан гэж тооцогддог ч тийм идэвхгүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр: “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдарсан бол Таныг гэх хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн юм. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ: “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ; надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр Таны төлөө үхэж, цовдлогдож чадаж байгаа нь намайг тайвшруулж, санаа амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгаж, Танд өөрийгөө өгч чаддаг байж, Танд амиа өргөн барихаас илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдруулсан бол би Таныг хайрлахад бүр ч бэлэн байх байлаа. Амьд байгаа цагтаа би Таныг хайрлана. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд Таны зөвт зан чанар надад бүр ч илэрхий болдог. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгодог учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн хангалуун болгож чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас одоо ч сэтгэл ханахгүй байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгч чадаагүй; би мөн ч хол байна даа. Энэ мөчид эргээд бодоход би Танд маш их өртэйгөө мэдэрч байгаа бөгөөд бүх алдаагаа болон Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөд энэ мөчийг л ашиглаж чадна.”

Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлэх ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү өндөр дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэх илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ л амьдрал юм; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг талд идэвхтэйгээр орох идэвх санаачилга гаргахад төвлөрөх ёстой ба түрхэн зуурын амар тайвны төлөө сөрөг болж, ухарч няцангаа илүү гүн гүнзгий, илүү нарийн ширийн, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний санаа зорилгыг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, хатуу зоригтой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй. Нэг л мэдэхэд амьдрал чинь урсаад өнгөрнө; үүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй. Хүний хувиар, Бурханыг эрэлхийлдэг хүний хувиар чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгох ёстойгоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгах ёстойгоо болон нэгэнт Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай бодолцон үзэж чаддаг байх ёстой. Өнөөдөр чи байлдан дагуулагдсандаа сэтгэл хангалуун байгаад зогсохгүй, ирээдүйд алхах замаа ч бас бодолцон үзэх ёстой. Чи төгс болгуулах хүсэл тэмүүлэл, зориг зүрхтэй байх ёстой ба өөрийгөө чадваргүй гэж дандаа бодох ёсгүй. Үнэн хүнийг алагчилж үздэг үү? Үнэн хүмүүсийг албаар эсэргүүцэж чадах уу? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлбэл энэ нь чамайг цөхрүүлж чадах уу? Хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсвол энэ нь чамайг түлхэн унагаах уу? Хэрвээ чи үнэхээр амийг эрэлхийлэхээр эрмэлздэг бол амь чамаас зугтаж чадах уу? Хэрвээ чамд үнэн байхгүй бол энэ нь, үнэн чамайг үл тоодгоос болдог юм биш, харин чи үнэнээс хол хөндий байдгаас болдог; хэрвээ чи шударга ёсны төлөө бат зогсож чаддаггүй бол шударга ёсонд ямар нэг буруу зүйл байгаа юм биш, харин чи шударга ёс бодит баримтыг мушгин гуйвуулдаг гэж үздэгээс болдог; хэрвээ чи олон жил эрэлхийлсэн ч амийг олж аваагүй бол амь чамд мөс чанаргүй хандаж байгаа юм биш, харин чамд амийг гэх мөс чанар байхгүй бөгөөд амийг хөөн зайлуулснаас болдог; хэрвээ чи гэрэлд амьдардаг ч гэрлийг олж авах чадваргүй байсаар ирсэн бол гэрэл чамайг гэрэлтүүлж чаддаггүйгээс энэ нь болсон юм биш, харин чи гэрлийн оршин тогтнолд ямар ч анхаарал хандуулаагүй болохоор гэрэл чамаас чимээгүй холдон одсоноос болдог. Хэрвээ чи эрэлхийлдэггүй бол чамайг, амьдралдаа ямар ч зориг зүрхгүй, харанхуйн хүчийг эсэргүүцэн сөрөх сэтгэлгүй, үнэ цэнгүй хог шаар гэж л хэлж болно. Чи хэтэрхий сул дорой! Чи өөрийг чинь хүрээлэн байгаа Сатаны хүчнээс зугтах чадваргүй ба ийм аюулгүй, амар тайван амьдралаар амьдарч, мэдлэггүй хэвээр үхэхийг л хүсдэг. Чиний биелүүлэх ёстой зүйл бол байлдан дагуулагдах эрэлхийлэл; энэ бол чиний хүлээсэн үүрэг. Хэрвээ чи байлдан дагуулагдахдаа л сэтгэл ханадаг бол гэрлийн оршин тогтнолыг хөөн зайлуулж байгаа хэрэг юм. Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлолыг тэвчих ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Өөрийнхөө ажлын шаардлагаар, түүнчлэн хүнд хэрэгтэй учраас Бурхан хүнийг гэсгээж, шүүдэг. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба ингэснээр л Бурханыг гэх хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн үнэмшсэн боловч өчүүхэн төдий бүтэлгүйтэл тулгарахад асуудалд ордог; биеийн хэмжээ чинь хэтэрхий жаахан хэвээр бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй. Өнөөдөр та нар Бурханд зарим нэг талаар хүндэтгэлтэй ханддаг, Бурханаас эмээдэг ба Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг мэддэг ч цэвэр ариун хайранд хүрэх нь байтугай, Түүнийг гэх тийм их хайр ч та нарт байдаггүй; мэдлэг чинь хэтэрхий өнгөц, биеийн хэмжээ чинь мөн л хангалтгүй. Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нар мөн л гэрчлэл хийгээгүй, оролтын чинь дэндүү багахан нь санаачилгатай байдаг ба хэрхэн хэрэгжүүлэхээ огт мэддэггүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд зөвхөн Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг, гэхдээ тэдэнд хэрэгжүүлэх арга зам байдаггүй, өөрсдийнх нь зорилго юу болохыг ч тодорхой мэддэггүй. Төгс болгуулсан хүмүүс хэвийн хүн чанартай байдгаар үл барам, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас илүү өндөр дээд үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад мөс чанараа ашигладгаар үл барам, үүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам, хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, мөн хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн өөрийн эрхгүй Бурханыг хайрладаг гэдгийг харсан! Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг гэх хайр нь хувийн хүсэл тэмүүллээ биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд Бурханыг мэддэгээсээ болоод л Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгах төдийд л сэтгэл ханадаг. Тэд Бурхантай наймаа хийдэггүй, мөн “Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй” гэх мөс чанараар Бурханыг гэх хайраа хэмждэггүй. Төгс болгуулсан хүмүүс: “Бурхан бол Бүтээгч бөгөөд бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх надад байгаа тул би утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлж, Түүнийг хангалуун болгох ёстой” гэж үргэлж боддог. Петрийн мэдэрсэн зүйлтэй энэ нь яг адилхан: Тэр хамгийн сул дорой байх үедээ Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран би Таныг үргэлж санадаг гэдгийг Та мэднэ. Цаг хугацаа, орон зай ямар ч байсан, би Таныг хайрлахыг хүсдэгийг Та мэднэ, гэхдээ миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан, би дэндүү сул дорой, хүчин мөхөс, миний хайр хэтэрхий хязгаарлагдмал, Танд хандах чин сэтгэл минь дэндүү хомс билээ. Таны хайртай харьцуулбал би зүгээр л амьдрахад ч тохирохгүй. Миний амьдрал хий дэмий биш байж, Таны хайрын ачийг хариулаад зогсохгүй, түүнчлэн өөрт байгаа бүхнээ Танд зориулахыг л би хүсдэг. Хэрвээ би Таныг хангалуун болгож чадвал бүтээлийн хувиар сэтгэлийн амар амгаланг олж авах ба үүнээс өөр юуг ч би хүсэхгүй. Хэдийгээр би одоо сул дорой, хүч чадалгүй байгаа ч Таны ятгалгыг мартахгүй, Таны хайрыг мартахгүй. Одоо би зөвхөн Таны хайрыг хариулахаас хэтрэхгүй байна. Өө Бурхан минь, надад таагүй санагдаж байна! Өөрийн зүрх сэтгэл дэх хайрыг би Танд хэрхэн буцаан өгөх вэ, би яаж чадах бүхнээ хийж, Таны хүслийг биелүүлж чаддаг байж, өөртөө байгаа бүхнийг Танд өргөн барьж чадах билээ? Та хүний сул талыг мэднэ; би яаж Таны хайрыг хүртэхүйц байж чадах юм бэ? Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ жаахан гэдгийг, миний хайр хэтэрхий хомс гэдгийг Та мэднэ. Ийм орчинд би яаж чадах бүхнээ хийх вэ? Таны хайрыг хариулах ёстойгоо би мэднэ, өөртөө байгаа бүхнийг Танд өгөх ёстойгоо би мэднэ, гэвч өнөөдөр миний биеийн хэмжээ хэтэрхий жаахан байна. Надад хүч чадал, итгэл өгөхийг би Танаас гуйж байна, ингэснээр би Танд зориулах илүү цэвэр ариун хайрыг эзэмшиж чаддаг болж, өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болно; би Таны хайрыг хариулах чадвартай байгаад зогсохгүй, Таны гэсгээлт, шүүлт, шалгалт болон илүү хүчтэй хараалыг ч гэсэн туулж чадна. Та надад Өөрийн хайрыг харуулсан ба Таныг хайрлахгүй байж би чадахгүй, хэдий би өнөөдөр сул дорой, хүчин мөхөс байгаа ч Таныг мартаж яахан чадах билээ? Таны хайр, гэсгээлт, шүүлт бүгд Таныг надад мэдүүлсэн ч Та маш агуу учраас Таны хайрыг хангах чадваргүйгээ би бас мэдэрдэг. Би өөртөө байгаа бүхнийг хэрхэн Бүтээгчид зориулж чадах билээ?” гэж хэлсэн. Петрийн хүсэлт ийм байсан ч биеийн хэмжээ нь хэтэрхий хангалтгүй байлаа. Энэ мөчид зүрхэнд нь хутга зоогоод эргүүлж байгаа мэт түүнд санагджээ. Тэрээр шаналан тарчилж байлаа; тийм нөхцөл байдалд тэр юу хийхээ мэдэхгүй байв. Гэсэн ч тэр ийнхүү үргэлжлүүлэн залбирсан юм: “Өө Бурхан минь! Хүний биеийн хэмжээ балчир бага, мөс чанар нь сул дорой ба миний хийж чадах цорын ганц зүйл бол Таны хайрыг хариулах билээ. Өнөөдөр би Таны хүслийг хэрхэн хангахаа мэддэггүй бөгөөд чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ өгч, өөрт байгаа бүхнийг Танд зориулахыг л хүсдэг. Таны шүүлтээс үл хамааран, Таны гэсгээлтээс үл хамааран, Та надад юу өгөхөөс үл хамааран, Та надаас юу авахаас үл хамааран, Танд хандах өчүүхэн төдий гомдлоос ч намайг чөлөөлж өгөөч. Олон удаа, Та намайг гэсгээж, шүүх үед би дотроо гомдоллон, ариун байдалд хүрэх юм уу Таны хүслийг биелүүлэх чадваргүй байсан. Таны хайрыг хариулсан минь аргагүй байдалд орсноос болсон ба энэ мөчид би өөрийгөө бүр ч их үзэн ядаж байна.” Бурханыг гэх илүү цэвэр ариун хайрыг эрж хайсан учраас Петр ийнхүү залбирсан юм. Тэрээр эрж хайж, гуйж байсан, түүнчлэн өөрийгөө буруутгаж, өөрийн нүглийг Бурханд улайж байлаа. Тэрээр Бурханд өртэйгөө мэдэрч, өөрийгөө үзэн ядсан мөртөө бас бага зэрэг гунигтай, идэвхгүй байв. Бурханы хүслийн төлөө хангалттай сайн байж чадахгүй байгаа мэт, чадлаараа хичээж чадахгүй байгаа мэт түүнд дандаа санагддаг байжээ. Тийм нөхцөл байдалд Петр Иовын итгэлийг эрэлхийлсээр байсан. Иовын итгэл хэчнээн их байсныг тэр харсан, учир нь өөрийнх нь бүх зүйл Бурханаас өгөгдсөн, Бурхан өөрөөс нь бүх юмыг эргүүлэн авах нь зүйн хэрэг бөгөөд Бурхан Өөрийн хүссэнээр хэнд ч өгч болно—энэ бол Бурханы зөвт зан чанар гэдгийг Иов харсан юм. Иовд ямар ч гомдол байгаагүй, Бурханыг магтсаар байж чадсан. Петр ч бас өөрийгөө мэдэж байсан ба зүрх сэтгэлдээ ийнхүү залбирсан: “Өнөөдөр би мөс чанараа ашиглан Таны хайрыг хариулж байгаадаа, мөн хэчнээн их хайрыг Танд буцааж өгсөндөө сэтгэл ханах ёсгүй, учир нь миний бодол санаа хэтэрхий завхарсан бөгөөд би Таныг Бүтээгч хэмээн харж чаддаггүй билээ. Би одоо ч гэсэн Таныг хайрлахад тохирохгүй учраас өөртөө байгаа бүхнийг Танд зориулж чаддаг болох ёстой ба үүнийг би дуртайяа хийх болно. Би Таны хийсэн бүхнийг мэдэж, сонголтгүй байх ёстой ба Таны хайрыг харж, Таныг магтан, Таны ариун нэрийг дээдлэн магтаж чаддаг байх ёстой, ингэснээр Та надаар дамжуулан агуу алдар сууг олж авч болох юм. Би Таныг гэх энэ гэрчлэлдээ бат зогсоход бэлэн байна. Өө Бурхан минь! Таны хайр маш эрхэм нандин, гайхалтай сайхан; би муу ёрын нэгний гарт амьдрахыг хүсэж яахан чадах билээ? Намайг Та бүтээсэн бус уу? Би яаж Сатаны эрхшээл дор амьдарч чадах юм бэ? Би бүхий л оршихуй минь Таны гэсгээлт дунд амьдрахыг илүүд үзнэ. Би муу ёрын нэгний эрхшээл дор амьдрахыг хүсэхгүй байна. Хэрвээ би ариусгагдаж, өөрт байгаа бүхнээ Таны төлөө зориулж чадах л юм бол өөрийн бие болон оюун санааг Таны шүүлт, гэсгээлтэд өргөн барихад бэлэн байна, учир нь би Сатаныг жигшдэг ба түүний эрхшээл дор амьдрахыг хүсдэггүй. Намайг шүүснээрээ Та Өөрийн зөвт зан чанарыг харуулдаг; би аз жаргалтай, өчүүхэн төдий ч гомдолгүй байна. Бүтээлийн үүргээ биелүүлж чадаж л байвал миний бүх амьдралыг Таны шүүлт дагалдахад би бэлэн байна, үүгээр дамжуулан би Таны зөвт зан чанарыг мэдэж авч, муу ёрын нэгний нөлөөнөөс өөрийгөө ангижруулна.” Петр үргэлж ингэж залбирсан, үргэлж ингэж эрж хайсан ба харьцангуй өндөр түвшинд хүрсэн. Тэрээр Бурханы хайрыг буцаан төлж чадаад зогсохгүй, хамгийн чухал нь бүтээлийн үүргээ ч бас биелүүлсэн юм. Тэр мөс чанартаа зэмлүүлээгүйгээр үл барам, мөс чанарын стандартыг даван гарч чадсан юм. Түүний залбирал Бурханы өмнө очсоор байсан болохоор түүний хүсэл тэмүүлэл улам өндөр болж, Бурханыг гэх хайр нь бүр ч их болсон. Хэдий тэр зовлонт шаналлыг туулсан ч Бурханыг хайрлахаа мартаагүй ба Бурханы хүслийг ойлгох чадвартай болохоор эрж хайсаар байсан юм. Залбиралдаа тэр дараах үгсийг хэлсэн: “Би Таны хайрыг хариулахаас хэтрээгүй. Би Сатаны өмнө Танд гэрчлэл хийгээгүй, Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж чадаагүй ба махан бие дотор амьдарсаар л байна. Би Сатаныг ялж, түүнийг шившиглэхийн тулд өөрийн хайрыг ашиглаж, улмаар Таны хүслийг хангахыг хүсэж байна. Би өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч Сатанд өгөлгүйгээр, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхийг хүсэж байна, учир нь Сатан бол Таны дайсан билээ.” Ийнхүү эрж хайх тусам, түүний сэтгэл улам хөдөлж, эдгээр зүйлийн талаарх түүний мэдлэг улам ихэссэн. Нэг л мэдэхэд тэрээр Сатаны нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханд өөрийгөө бүрмөсөн буцаан аваачих ёстой гэдгийг мэдэж авсан юм. Энэ нь түүний хүрсэн түвшин байлаа. Тэр Сатаны нөлөөг даван гарч, махан биеийн зугаа цэнгэл, таашаалаас ангижирч байсан ба Бурханы гэсгээлт, шүүлтийн аль алийг илүү гүн гүнзгий мэдрэхэд бэлэн байв. Тэрээр: “Би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдардаг хэдий ч, хэчнээн их зовсон ч гэсэн Сатаны эрхшээл дор амьдрахыг хүсэхгүй л байна, Сатаны ов мэхэнд автахыг ч хүсэхгүй л байна. Би Таны хараал дунд амьдрахдаа баярлаж, Сатаны ерөөл дунд амьдрахдаа шаналдаг. Таны шүүлтийн дунд амьдарснаар би Таныг хайрладаг, энэ нь надад асар их баяр хөөр авчирдаг. Таны гэсгэээлт, шүүлт зөвт агаад ариун; энэ нь намайг цэвэрлэхийн төлөө, үүнээс ч илүүтэйгээр намайг аврахын төлөө байдаг. Би Таны халамжинд байхын тулд бүх амьдралаа Таны шүүлтийн дунд өнгөрөөхийг илүүд үзнэ. Би Сатаны эрхшээл дор ганц ч хором амьдрахыг хүсэхгүй; би Танаар цэвэрлүүлэхийг хүсдэг; зовлон бэрхшээл туулсан ч гэсэн Сатанд ашиглуулж, хууртахыг би хүсэхгүй. Энэхүү бүтээл би Танаар ашиглуулж, Танаар эзэмдүүлж, Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэх ёстой. Би бүр Танаар хараалгах ёстой. Та намайг ерөөхийг хүсэх үед миний зүрх сэтгэл баярлан хөөрдөг, учир нь би Таны хайрыг харсан билээ. Та бол Бүтээгч, би бол бүтээл: би Танаас урваж, Сатаны эрхшээл дор амьдрах ёсгүй, мөн Сатанаар ашиглуулах ч ёсгүй. Сатаны төлөө амьдарсны оронд би Таны морь, эсвэл үхэр байх ёстой. Бие махбодын жаргалгүйгээр Таны гэсгээлтийн дунд амьдрах нь надад илүү дээр бөгөөд Таны нигүүлслийг алдах байсан ч энэ нь надад таашаал авчирна. Таны нигүүлсэл надтай хамт байдаггүй хэдий ч би Танаар гэсгээгдэж, шүүгдэх дуртай; энэ нь Таны хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл билээ. Хэдий Та надад үргэлж сүр жавхлантай, уур хилэнтэй ханддаг ч би Таныг орхин явж чадахгүй, мөн Таныг хангалттай хайрлаж ч чаддаггүй. Би Таны гэрт амьдрахыг илүүд үзнэ, Танаар хараалгаж, гэсгээгдэж, цохиулахыг илүүд үзэх ба Сатаны эрхшээл дор амьдрахыг хүсэхгүй, мөн зөвхөн махан биеийн төлөө яарч, завгүй байхыг ч хүсэхгүй, махан биеийн төлөө амьдрахыг бүр ч хүсэхгүй” гэсэн юм. Петрийн хайр цэвэр ариун хайр байв. Энэ нь төгс болгуулах туршлага, төгс болгуулах хамгийн өндөр түвшин юм; үүнээс илүү утга учиртай амьдрал гэж үгүй. Тэрээр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авсан, Бурханы зөвт зан чанарыг нандигнасан ба үүнээс илүү эрхэм нандин зүйл Петрт байгаагүй. Тэрээр ингэж хэлсэн юм: “Сатан надад материаллаг таашаал өгдөг боловч би тэдгээрийг эрхэмлэдэггүй. Бурханы гэсгээлт, шүүлт над дээр ирдэг—үүнээс би нигүүлсэл хүртдэг, үүнээс би таашаал авдаг, үүгээр би ерөөгддөг. Бурханы шүүлт байгаагүй бол би хэзээ ч Бурханыг хайрлахгүй байсан, би одоо ч Сатаны эрхшээл дор амьдарч, түүгээр хянуулж, удирдуулж байх байсан. Хэрвээ тэгсэн бол би хэзээ ч жинхэнэ хүн болохгүй байх байсан, учир нь би Бурханыг хангалуун байлгаж чадахгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахгүй байх байсан. Бурхан намайг ерөөлгүй, дотоод тайтгаралгүйгээр орхиж, дотор минь гал дүрэлзэж байгаа мэт, амар амгалан, баяр хөөргүй байсан ч гэсэн, мөн Бурханы гэсгээлт, сахилгажуулалт хэзээ ч надаас холдоогүй ч гэсэн Бурханы гэсгээлт, шүүлтээс би зөвт зан чанарыг нь харж чаддаг. Би үүнд баярлан бахаддаг; үүнээс илүү үнэ цэнтэй, утга учиртай зүйл амьдралд үгүй. Хэдийгээр Түүний халамж, хамгаалалт нь догшин ширүүн гэсгээлт, шүүлт, хараал, цохилт болсон ч би эдгээр зүйлээс таашаал авсаар байдаг, учир нь тэдгээр нь намайг илүү сайн цэвэрлэж, өөрчилж чадна, намайг Бурханд илүү ойр аваачиж чадна, Бурханыг илүү хайрладаг болгож чадна, мөн Бурханыг гэх хайрыг минь илүү цэвэр болгож чадна. Энэ нь намайг бүтээлийн үүргээ биелүүлэх боломжтой болгож, намайг Бурханы өмнө аваачиж, Сатаны нөлөөнөөс холдуулж, Сатанд үйлчлэхийг минь болиулдаг. Сатаны эрхшээл дор амьдралгүй, өөртөө байгаа бүхнийг болон өөрийн хийж чадах бүхнийг юуг ч үлдээлгүйгээр Бурханд зориулж чадаж байвал—тэр үед л би бүрэн сэтгэл ханах болно. Бурханы гэсгээлт, шүүлт намайг аварсан бөгөөд миний амьдрал Бурханы гэсгээлт, шүүлтээс салшгүй юм. Газар дээрх миний амьдрал Сатаны эрхшээл дор байдаг бөгөөд Бурханы гэсгээлт, шүүлтийн халамж, хамгаалалт байгаагүй бол би үргэлж Сатаны эрхшээл дор амьдрах байсан, түүнчлэн утга учиртай амьдралыг амьдран харуулах боломж, арга зам ч надад байхгүй байх байсан. Бурханы гэсгээлт, шүүлт намайг хэзээ ч орхихгүй л бол би Бурханаар цэвэрлэгдэж чадна. Бурханы хатуу ширүүн үг, зөвт зан чанар, Бурханы сүр жавхлант шүүлт байснаар л би дээд зэргийн хамгаалалтыг олж авч, гэрэлд амьдрах болж, Бурханы ерөөлийг олж авсан билээ. Цэвэрлэгдэж, өөрийгөө Сатанаас салгаж, Бурханы эрх мэдэл дор амьдарч чаддаг байх—энэ бол энэ насны минь амьдрал дахь хамгийн агуу ерөөл юм.” Энэ нь Петрийн туулсан хамгийн өндөр түвшин билээ.

Төгс болгуулсныхаа дараа хүний хүрэх ёстой байр байдал яг энэ юм. Хэрвээ чи энэ зэрэгт хүрч чадахгүй бол утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй. Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах билээ? Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр бодож байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд хүнийг амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхиогүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт, шүүлт юм; түүнчлэн энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал билээ.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү их хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Хүн амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Сатаны явуулга, нөлөөллөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт. Хүн Сатаны нөлөөн дор амьдарч, махан биед оршдог; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол улам илүү доройтно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсдэг бол цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр ийнхүү залбирсан: “Бурхан минь, надад элэгсэг хандах үед тань би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой байж, үгээр хэлэхийн аргагүй зовлон туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлаас болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэднэ. Таны хүслийг хангаж чаддаггүй учраас би уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр би Таны өршөөл, өгөөмөр сэтгэлийг эдлэхгүй байх байсан. Өнөөдөр, Таны хайр тэнгэрүүдийг даван гарсан ба бусад бүх зүйлээс илүү давдгийг би бүр ч сайн хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл, хайр энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олсон. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэхгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байх байсан. Хэдийгээр би хэдэн зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бүр үхэхдээ тулсан ч гэсэн, Таныг үнэхээр мэдэж, дээд зэргийн авралыг олж авах боломжийг энэ нь надад олгосон. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт, сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эрхшээл дор харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол Таны Сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авах юм бол би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр бол дэндүү гүн гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй хайр билээ. Таны хайр байхгүй бол би Сатаны эрхшээл дор амьдарч, Таны суу алдарт царайг харж чадахгүй байх байсан. Би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил тул би Таныг яаж орхиж чадах билээ? Би Танаас гуйя, санаа амраасан хэдхэн үг байлаа ч гэсэн миний хамгийн их тайвшралыг надаас бүү аваач гэж би Танаас хүсэж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; би Таныг хайрлахгүй байж яахан чадах билээ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч тийм амьдрал нь илүү утга учиртай, мөн намайг илүү их баяжуулж, намайг илүү их өөрчилж чадах ба бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгож чадна гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан.”

Хүн бүхий л амьдралдаа Сатаны эрхшээл дор амьдардаг, өөрөө Сатаны нөлөөнөөс ангижирч чадах хүн нэг ч үгүй. Бүгд өчүүхэн ч утга учиргүй, эсвэл үнэ цэнгүйгээр бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэн үгүй. Өөрийг нь Сатаны нөлөөнөөс чөлөөлөх үнэнийг хүн олж авч чадахгүй. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч өөрийгөө Сатаны нөлөөний хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид маш цөөхөн хүн энэ нууцыг олж илрүүлсэн, тун цөөн хүн үүнийг ухаарсан. Ийм болохоор, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны урхидалтын нөлөөллөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр та нар Сатаны эрхшээл дор байсаар байгаа бус уу? Дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, бохир заваан, дуулгаваргүй гэдгээ бүр ч мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч гэсэн сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Энэхүү амгалан байдал нь завхарсан байдлаас чинь болдоггүй гэж үү? Энэхүү санаа амар байдал дуулгаваргүй байдлаас чинь гардаггүй гэж үү? Хүмүүс хүний тамд амьдардаг, Сатаны харанхуй нөлөөн дор амьдардаг; газар нутаг даяар сүнснүүд хүнтэй хамт амьдарч, хүний махан бие рүү бага багаар халдан довтолдог. Газар дээр чи үзэсгэлэнтэй сайхан диваажинд амьдардаггүй. Чиний байгаа газар бол диаволын ертөнц, хүний там, үхэгсдийн ертөнц юм. Хэрвээ хүн цэвэрлэгдэхгүй бол бохир заваан байдаг; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулахгүй бол Сатаны хоригдол хэвээр үлддэг; хэрвээ шүүгдэж, гэсгээгдэхгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болон амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир Сатаны эрхшээл дор амьдарсаар байгааг чинь батлахад хангалттай. Хэрвээ чиний оюун санаа болон бодол цэвэрлэгдээгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол бүхий л оршихуй чинь Сатаны эрхшээлийн хяналтад байж, оюун санаа чинь Сатанд захирагдах ба бодлыг чинь Сатан зохион байгуулж, бүх оршихуйг чинь Сатаны гар хянаж байдаг. Чи одоо Петрийн стандартаас яг хэр хол байгаагаа мэдэж байна уу? Чамд тийм хэв чанар байгаа юу? Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хэр их мэддэг вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хэр ихийг эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж авч чадахгүй бол ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс гэсгээлт, шүүлтийг ердөө ч мэдэх чадваргүй. Хэрвээ чи махан биеийн амар тайван, махан биеийн зугаа цэнгэлээр хөөцөлдвөл цэвэрлэгдэх ямар ч аргагүй байх ба эцэст нь Сатан руу эргэн очно, учир нь чиний амьдран харуулдаг зүйл бол Сатан, мөн махан бие билээ. Өнөөдрийн байдлаар олон хүн амийг эрэлхийлдэггүй ба тэд ариусгагдах тухай, эсвэл илүү гүн гүнзгий амийн туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тийм болохоор тэд яаж төгс болгуулж чадах юм бэ? Амийг эрэлхийлдэггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй бөгөөд Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс Сатаны харанхуй нөлөөнөөс зугтаах чадваргүй байдаг. Зүгээр л зан үйл мөрдөж, ердийн үйл ажиллагаанд оролцдог шашны итгэгчдийн адилаар тэд Бурханыг мэдэх болон зан чанарын өөрчлөлтөд орох талаар нухацтай ханддаггүй. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудад нухацтай ханддаггүй, үнэн рүү орохоор эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлыг ойлгох ёстой. Ялангуяа Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн энэ ажлыг яагаад хүн дээр хийдгийг ойлгох ёстой. Чи үүнийг хүлээн авч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы тухай болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхээр зорьдог бол төгс болгуулах боломж олдоно.

Төгс болгуулах хүмүүсийн хувьд байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; хүн байлдан дагуулагдмагцаа л төгс болгуулах ажлыг туулж чадна. Зөвхөн байлдан дагуулагдах үүргийг л биелүүлэх нь тийм ч их үнэ цэнтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад тохирохгүй. Чи сайн мэдээ түгээхэд хувь нэмэр оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, шинэчлэхээр эрэлхийлдэггүй, иймээс чамд амийн ямар ч бодит туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгддэг ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан боловч эцэстээ Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу байдаггүй бол мэдээж зан чанарын өөрчлөлтийг туулахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийсэн байх ба ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авсан бөгөөд асар их зовлон туулсан хэдий ч Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан; Түүний гэсгээлт, шүүлт л намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан, аврагдаж ч чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйлийн хувиар хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээл Бурханы зөвт зан чанар болон зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг би өнөөдөр харж байна. Сатаны завхруулсан бүтээл болохын хувьд хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг, түүнчлэн агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авч чадахгүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байсан ба үүгээр би ерөөгдсөн.” Энэ бол төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшдэг хүмүүс юм. Тэд бүр эцсийг нь хүртэл туулах үедээ Бурханы шүүлтийн үеэр Сатаны нөлөөнөөс бүрмөсөн ангижирч, Бурханаар авхуулах нь гарцаагүй.

Байлдан дагуулагдсаны дараа хүмүүст ямар ч цангинасан гэрчлэл байдаггүй. Тэд ердөө л Сатаныг шившиглэсэн, гэхдээ Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулаагүй. Чи хоёр дахь авралыг олж аваагүй; зүгээр л нүглийн тахилыг олж авсан, гэхдээ хараахан төгс болгуулаагүй—энэ нь асар их хохирол юм. Та нар юунд орох ёстойгоо, юуг амьдран харуулах ёстойгоо ойлгох учиртай ба тэдгээрт орох ёстой. Хэрвээ эцэст нь төгс болгуулж чадахгүй бол чи жинхэнэ хүн болохгүй ба харууслаар дүүрнэ. Анх Бурханы бүтээсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан, өөрөөр хэлбэл, Еден цэцэрлэгт байх үедээ тэд бохир заваанаар сэвтээгүй, ариун байсан. Тэд бас Еховад итгэлтэй, Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл, тэд Сатаны нөлөөллийн үймээнд автаагүй, Сатаны хоргүй байсан бөгөөд бүх хүн төрөлхтнөөс хамгийн ариун нь байлаа. Тэд ямар ч бузраар бохирдолгүй, махан биед эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж, Еден цэцэрлэгт амьдардаг байжээ. Дараа нь Сатанд уруу татагдах үедээ тэд могойн хортой, Еховагаас урвах хүсэлтэй болж, Сатаны нөлөөн дор амьдарсан юм. Эхэн үедээ тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; ийм байр байдалд л тэд хүн байв. Сүүлд нь, Сатанд уруу татагдсаныхаа дараа тэд сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, Сатаны нөлөөн дор амьдарсан. Тэд аажмаар Сатаны завхралд өртөж, хүний анхдагч дүр төрхийг алдсан юм. Анх хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч ёрын муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм. Түүний бодол ёрын муу, бузраар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун байдалгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Бурханы ихээхэн ажлыг туулсан боловч чи өөрчлөгдөөгүй, эсвэл цэвэрлэгдээгүй. Чи Сатаны эрхшээл дор амьдарсаар байдаг ба Бурханд мөн л захирагддаггүй. Энэ бол байлдан дагуулагдсан боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүнийг яагаад төгс болгуулаагүй гэдэг вэ? Учир нь энэ хүн амийг буюу Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бөгөөд зөвхөн махан биеийн зугаа цэнгэл, түр зуурын тав тухад шунадаг. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй. Тийм хүмүүс бол алхаж яваа цогцос, ямар ч сүнсгүй үхдэлүүд юм! Сүнсэн дэх хэрэг явдлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, ариун байдлыг эрэлхийлдэггүй, үнэнийг амьдран харуулахаар зорьдоггүй, зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад л сэтгэл ханадаг, Бурханы үгээр амьдарч, ариун хүмүүс болж чаддаггүй хүмүүс бол аврагдаагүй хүмүүс билээ. Учир нь, хэрвээ хүнд үнэн байхгүй бол Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Би Петр шиг хүмүүсийг, төгс болгуулахаар зорьдог хүмүүсийг л хүсдэг. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг олж авах учиртай юм биш. Бурхан ч гэсэн та нарыг олж авах нь үүний зорилго юм; та нар Бурханаар авхуулахын тулд Бурханыг олж авдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, эдгээр үгийг хэрэгжүүлэх үе чинь эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч бас эдгээр үгийг олж авсан байна, өөрөөр хэлбэл, та нар дээд зэргийн энэхүү авралыг олж авсан байх болно. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болсон байх болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан нэгний төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, харин алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй буюу Еховагийн амьсгалгүй хүн тул ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх боломжтой ч олж авсан зүйл чинь өчүүхэн аврал төдий бөгөөд чи сүнстэй амьд оршихуй болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт туулсан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба цэвэрлэгдсэн хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнтэй бөгөөд тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан. Нэг л өдөр хэн нэгэн хүн чамд ингэж хэлэх болно: “Чи Бурханы ажлыг туулсан юм чинь Түүний ажил ямархуу болохыг яриад өгөөч. Давид Бурханы ажлыг туулж, Еховагийн үйл хэргийг харсан, Мосе ч гэсэн Еховагийн үйл хэргийг харсан бөгөөд тэр хоёр Еховагийн үйл хэргийг дүрсэлж чаддаг байсан, мөн Еховагийн гайхалтай байдлын талаар ярьж чадсан. Та нар бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийсэн ажлыг харсан; чи Түүний мэргэн ухааны талаар ярьж чадах уу? Түүний ажлын гайхалтай байдлын талаар ярьж чадах уу? Бурхан та нарт ямар шаардлага тавьсан бэ, та нар тэдгээрийг хэрхэн туулсан бэ? Та нар эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулсан—та нарын хамгийн агуу үзэгдэл юу вэ? Та нар энэ тухай ярьж чадах уу? Бурханы зөвт зан чанарын тухай ярьж чадах уу?” Эдгээр асуулттай тулгарах үедээ чи хэрхэн хариулах вэ? Хэрвээ чи: “Бурхан үнэхээр зөвт, Тэр биднийг гэсгээж, шүүдэг ба биднийг өршөөлгүйгээр ил болгодог; Бурханы зан чанар хүний халдлагыг үнэхээр тэвчдэггүй; Бурханы ажлыг туулсныхаа дараа би араатан шиг байдлаа мэдэж авч, Бурханы зөвт зан чанарыг үнэхээр харсан” гэж хэлбэл өнөөх хүн чамаас “Чи Бурханы талаар өөр юу мэдэх вэ? Хүн яаж амь руу ордог юм бэ? Чамд ямар нэг хувийн хүсэл эрмэлзэл байгаа юу?” хэмээн үргэлжлүүлэн асууна. Чи: “Сатанаар завхруулагдсаныхаа дараа Бурханы бүтээлүүд араатан болж, илжигнээс өөрцгүй болсон. Өнөөдөр би Бурханы гарт амьдардаг тул Бүтээгчийн хүслийг хангаж, заасан бүхнийг нь дуулгавартай дагах ёстой. Надад өөр сонголт байхгүй” гэж хариулна. Хэрвээ чи ийм ерөнхий зүйл ярих юм бол тэр хүн юу яриад байгааг чинь ойлгохгүй. Бурханы ажлын талаар ямар мэдлэгтэйг чинь асуух үедээ тэр хувийн туршлагыг чинь хэлж байгаа юм. Бурханы гэсгээлт, шүүлтийг туулсны дараа энэ талаар ямар мэдлэгтэй болсныг чинь тэр асууж байгаа, үүгээрээ хувийн туршлагыг чинь хэлж байгаа ба үнэний талаарх мэдлэгээ ярихыг чамаас хүсэж байгаа юм. Хэрвээ чи ийм зүйлсийн талаар ярьж чадахгүй бол өнөөдрийн ажлын талаар юу ч мэддэггүйг чинь энэ нь баталдаг. Чи үргэлж хуурмаг зүйлийг, эсвэл нийтээрээ мэддэг зүйлийг л ярьдаг; чамд нарийн тодорхой туршлага байхгүй, мэдлэгт чинь мөн чанар бүр ч байхгүй, бас чамд ямар ч жинхэнэ гэрчлэл байхгүй тул бусад хүн чамд үнэмшдэггүй. Бурханы идэвхгүй дагагч бүү бай, чамайг сониуч болгох зүйлсийг бүү эрэлхийл. Халуун ч биш, хүйтэн ч биш байснаараа чи өөрийгөө сүйрүүлж, амиа саатуулна. Чи тийм идэвхгүй зогсонги байдлаасаа салж, эерэг зүйлсийг эрэлхийлж, сул талуудаа даван гарахад сурамгай болох ёстой, ингэснээр чи үнэнийг олж авч, үнэнийг амьдран харуулж болох юм. Чиний сул талын хувьд айх юм юу ч байхгүй ба чиний дутагдал хамгийн том асуудал чинь биш. Харин тэр халуун ч биш, хүйтэн ч биш байж, үнэнийг эрж хайх хүсэлгүй байдаг чинь хамгийн том асуудал, хамгийн том дутагдал юм. Та бүхний хамгийн том асуудал бол байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байж, зүгээр л идэвхгүйгээр хүлээдэг тэр хулчгар сэтгэхүй юм. Энэ нь та нарын хамгийн том саад бартаа бөгөөд үнэний эрэл хайгуулын чинь хамгийн том дайсан билээ. Миний хэлдэг үг маш гүн гүнзгий учраас л дуулгавартай дагадаг бол чи үнэхээр мэдлэгтэй хүн биш, мөн үнэнийг нандигнадаг хүн ч биш. Чинийх шиг дуулгавартай байдал бол гэрчлэл биш бөгөөд Би тийм дуулгавартай байдлыг сайшаадаггүй. Хэн нэгэн чамаас, “Чиний Бурхан яг хаанаас ирсэн бэ? Чиний энэ Бурханы мөн чанар юу вэ?” гэж асууж магадгүй. “Түүний мөн чанар бол гэсгээлт, шүүлт” гэж чи хариулна. Тэгэхэд тэрээр үргэлжлүүлэн “Бурхан хүнд энэрэнгүй, хайр энэрэлтэй ханддаг биш үү? Чи үүнийг мэдэхгүй гэж үү?” гэхэд чи: “Тэр бол бусдын Бурхан. Энэ нь шашны хүмүүсийн итгэдэг Бурхан болохоос манай Бурхан биш” гэж хариулна. Чам шиг хүмүүс сайн мэдээ түгээх үедээ үнэн замыг гуйвуулдаг, тэгвэл чи ямар хэрэгтэй юм бэ? Бусад хүмүүс яаж үнэн замыг чамаас олж авч чадах юм бэ? Чи үнэнгүй бөгөөд үнэний талаар юу ч ярьж чадахгүй, түүнчлэн үнэнийг амьдран харуулж ч чадахгүй. Чи Бурханы өмнө амьдрахад яаж тохирох юм бэ? Сайн мэдээг бусдад түгээх үедээ, үнэний тухай нөхөрлөж, Бурханд гэрчлэл хийх үедээ хэрвээ чи тэднийг үнэмшүүлж чадахгүй бол тэд үгийг чинь няцаах болно. Чи хог хаягдал биш үү? Чи Бурханы ажлаас маш ихийг туулсан ч үнэний талаар ярьж байгаа чинь ямар ч утгагүй байдаг. Чи ямар ч хэрэггүй биш үү? Ямар хэрэгтэй юм бэ? Та нар Бурханы ажлыг маш их туулсан мөртөө Түүний талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байж яаж чадаж байна вэ? Бурханы талаар ямар бодит мэдлэгтэйг чинь асуухад чи хэлэх ч үггүй болж, эсвэл хамаагүй зүйл ярьж—Бурхан бол сүр хүчтэй, чиний хүлээн авсан агуу ерөөлүүд бол үнэхээр Бурханы өргөмжлөл, мөн Бурханыг биечлэн харж чаддаг байхаас илүү нэр төрийн хэрэг гэж үгүй хэмээн хариулдаг. Ингэж хэлэх нь ямар үнэ цэнтэй юм бэ? Тэдгээр нь хэрэггүй, дэмий хоосон үг! Бурханы маш их ажлыг туулчхаад чи Бурханы өргөмжлөл бол үнэн гэдгийг л мэдсэн юм уу? Чи Бурханы ажлыг мэдэх ёстой, тэр үед л чи Бурханд жинхэнэ гэрчлэл хийж чадна. Үнэнийг олж аваагүй хүмүүс Бурханд гэрчлэл хийж яаж чадах юм бэ?

Хэрвээ ийм их ажил, ийм их үг чамд ямар ч үр нөлөө үзүүлээгүй бол Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи үүргээ биелүүлж чадахгүй ба ичгүүр гутамшигт автана. Тэр үед чи Бурханд маш их өртэйгөө, мөн Бурханы талаарх мэдлэг чинь маш өнгөц гэдгийг мэдэрнэ. Хэрвээ чи өнөөдөр Бурханыг ажиллаж байх зуур Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бол дараа нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байна—чи юу ч үгүй, хоосон үлдэнэ. Тэгвэл чи Бурханд тайлан өгөхдөө юу ашиглах юм бэ? Бурханыг харах нүүр чамд байна гэж үү? Чи яг одоо эрэл хайгуулдаа шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь Петр шиг, Бурханы гэсгээлт, шүүлт хүнд яг ямар ашиг тустай болохыг, мөн Түүний гэсгээлт, шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй, энэ бохир заваан газарт, шавар шавхайд бүр ч гүн шигдэнэ гэдгийг ойлгох болно. Хүмүүс Сатанаар завхруулагдаж, нэг нэгнийхээ эсрэг явуулга хийж, нэг нэгнээ уландаа гишгэлж, Бурханаас эмээхээ больсон. Тэдний дуулгаваргүй байдал хэтэрхий их, үзэл нь дэндүү олон бөгөөд бүгд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанарыг цэвэрлэх боломжгүй ба хүн аврагдаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханы махбод дахь ажлаар илэрхийлэгддэг зүйл нь яг нарийндаа Сүнсний илэрхийлдэг зүйл бөгөөд Түүний хийдэг ажил Сүнсний хийдэг зүйлийн дагуу явагддаг. Өнөөдөр, хэрвээ энэ ажлын тухай юу ч мэддэггүй бол чи маш мунхаг бөгөөд маш ихийг алджээ! Хэрвээ чи Бурханы авралыг олж аваагүй бол итгэл чинь шашны итгэл бөгөөд чи бол шашны Христэд итгэгч юм. Чи үхмэл сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг бусад хүмүүс үнэн болон амийг олж авч чаддаг байхад чиний итгэл Бурханы сайшаалыг хүртэх чадваргүй. Харин ч чи мууг үйлдэгч буюу муу үр дагавартай, заналт үйл үйлддэг хүн болсон; мөн Сатаны тоглоом тохуу болж, Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш, харин хүнээр хайрлуулахын тулд, шүтэн мөргүүлж, эрж хайлгахын тулд байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрэлхийлдэггүй бол “Тэр үед би яагаад Бурханыг зохих ёсоор дагаж, зохих ёсоор хангалуун байлгаж, амь зан чанартаа өөрчлөлт хийхийг зорьсонгүй вэ? Тухайн үед Бурханд захирагдаж чадаагүйдээ, Бурханы үгийн тухай мэдлэгийг эрэлхийлээгүйдээ би үнэхээр харамсаж байна. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн; би яагаад эрэлхийлж чадаагүй юм бол оо? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой хэмжээнд өөрийгөө үзэн ядна. Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсана, тэгээд тэр үед цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи эрэлхийлдэггүй. Чи өөрийгөө басамжилж байгаа бус уу? Өнөөдөр, Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа хэдий ч чамд тавьсан шаардлага, амьдран харуул гэж чамаас шаардсан зүйлд ямар ч илүүц зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдвэл зохистой бус уу? Бурханы гэсгээлт, шүүлт чиний сүнсийг сэрээх чадваргүй гэж үү? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бие махбодын багахан тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс; тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна. Бурхан бол зөвт Бурхан бөгөөд хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр хүнийг алагчлахгүй нь гарцаагүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж үү? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг зөвт зан чанараараа шүүдэг ч хүнд тавьдаг шаардлагуудад минь тохиромжтой нөхцөл байдаг бөгөөд хэн байхаас үл хамааран, Миний шаарддаг зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой. Чиний чадвар хэр болох нь, хэр удаан ийм чадвартай байсан чинь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн байхгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагадаг бол тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр, хэрвээ чи Миний хэлсэн үгийг мөрдсөн бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа үргэлж зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож үзээгүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэр нь шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч хольцоор сэвтээгүй: Үүнд хүний ямар ч хүсэл байдаггүй ба махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн: “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгэхэд Би чамаас “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал арилжаа наймаанд үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас л Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг хүртэнэ гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдана” гэх Миний үгэнд далд утга бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Надаар бүрэн авхуулах хүмүүс юм, тэд бол Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, гэхдээ өөр яасан гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа зорилго чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олоод, азтай болно гэж найдсан хандлагаар л энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгч бүхний зөвт шийтгэл энэ юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдож, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. “Тухайн үед Бурханыг дагах зуураа би бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх билээ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй!” Гэсэн ч оюун санаандаа хүн: “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний халдлагыг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг юм: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хэний ч хувьд энэ захиргааны зарлиг нь зөвт шийтгэл, энд ямар ч аврал үгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгүүлнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе; авралын ажил төгсгөл болж, хүнийг аврах ажил хийгдэхээ больж, мууг үйлддэг хүн нэг бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм. Зарим хүн: “Бурхан Өөрийнх нь хажууд үргэлж байдаг хүн нэг бүрийг санадаг. Тэрээр бидний хэнийг ч мартахгүй. Бид гарцаагүй Бурханаар төгс болгуулна. Тэрээр доор байгаа хүмүүсийн хэнийг ч санахгүй, тэдний дундаас төгс болгуулах хүмүүс нь Бурхантай байнга уулздаг биднээс цөөхөн байх нь лавтай; бидний дундаас хэнийг ч Бурхан мартахгүй, бид бүгдээрээ Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн ба Бурханаар төгс болгуулах нь гарцаагүй” гэж хэлдэг. Та нар бүгдээрээ ийм үзэлтэй байдаг. Энэ нь зөвт байдал мөн үү? Чи үнэнийг хэрэгжүүлсэн үү, үгүй юу? Чи үнэндээ иймэрхүү цуу яриа түгээдэг—чамд ямар ч ичгүүр сонжуур алга!

Өнөөдөр, зарим хүн Бурханаар ашиглуулахыг зорьдог боловч байлдан дагуулагдсаныхаа дараа шууд ашиглуулж чадахгүй. Өнөөдрийн ярьсан үгийн тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед чи бас л тэдгээрийг биелүүлж чадахгүй байвал төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгуулах цагийн төгсгөл ирэх нь хүн Бурханд таягдуулан хаягдах уу, эсвэл ашиглуулах уу гэдгийг тодорхойлно. Байлдан дагуулагдсан хүмүүс бол зүгээр л идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээ төдий юм; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ зөвхөн эсрэг талын товойлгогчоос цаашгүй. Хүний амь зан чанар өөрчлөгдөж, дотор гаднагүй өөрчлөлтөд хүрсэн үедээ л бүрэн төгс болгуулсан байх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдах, эсвэл төгс болгуулахын алийг хүсдэг вэ? Чи алинд нь хүрэхийг хүсдэг вэ? Төгс болгуулах нөхцөлүүдийг чи биелүүлсэн үү? Чамд аль нөхцөл нь дутагдсаар байдаг вэ? Чи өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ, мөн дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Чи хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Чи хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Чи төгс болгуулах хүсэлт тавьдаг, тэгвэл чи ариун байдлыг эрэлхийлдэг хүн мөн үү? Чи ариусгагдахын тулд гэсгээлт, шүүлт туулахаар эрэлхийлдэг хүн мөн үү? Чи цэвэрлэгдэхээр эрэлхийлдэг тул гэсгээлт, шүүлтийг хүлээн авахад бэлэн байна уу? Чи Бурханыг мэдье гэх хүсэлт тавьдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг чамд байгаа юу? Өнөөдөр, чам дээр Түүний хийдэг ихэнх ажил бол гэсгээлт, шүүлт; чам дээр хийгдэж байгаа энэхүү ажлын тухай чиний мэдлэг юу вэ? Чиний туулсан гэсгээлт, шүүлт чамайг цэвэрлэсэн үү? Энэ нь чамайг өөрчилсөн үү? Чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү? Чи өнөөдрийн маш их ажил—хараал, шүүлт ба илчлэлтээс залхаж байна уу—эсвэл эдгээр зүйл чамд асар их ашиг тустай гэж санагдаж байна уу? Чи Бурханыг хайрладаг, гэхдээ юунаас болж Бурханыг хайрладаг вэ? Жаахан нигүүлсэл хүлээн авсан учраас л Бурханыг хайрладаг уу? Эсвэл амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл чи гэсгээлт, шүүлтээр нь цэвэрлэгдсэнийхээ дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу чамайг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцөлүүдийг биелүүлсэн бэ? Түүнийг төгс болгуулсны дараа гол чухал илэрхийлэл нь юу байсан бэ? Тэр Эзэн Есүсийг үгүйлэн санаж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадаагүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр зовлон шаналлыг хүлээн авч, өөрийнхөө бохир заваан, дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг бүр ч их хайрласан уу? Бурханыг гэх түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү цэвэр ариун болсон уу, эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Чи Бурханы нигүүлслээс болж, мөн өнөөдөр Тэр чамд ялимгүй жаахан ерөөл өгснөөс болж Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр мөн үү? Чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, зөвт зан чанарыг нь харсныхаа дараа Түүнийг үнэхээр хайрлаж чаддаг болж, улмаар бүрэн үнэмшиж, Түүнийг мэддэг болох ёстой юу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж чи хэлж чадах уу? Чиний эрэлхийлдэг зүйл чинь гэсгээлт, шүүлтийн дараа байлдан дагуулагдах явдал уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа цэвэрлэгдэж, хамгаалагдаж, халамжлуулах явдал уу? Эдгээрийн алийг чи эрэлхийлдэг вэ? Чиний амьдрал утга учиртай юу, эсвэл ямар ч утгагүй, үнэ цэнгүй юу? Чи махан биеийг хүсдэг үү, эсвэл үнэнийг хүсдэг үү? Чи шүүлтийг хүсэж байна уу, эсвэл тав тухыг уу? Бурханы ажлаас маш ихийг туулж, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харсан болохоор чи хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханыг гэх хайраа хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд ямар нэг үр нөлөө үзүүлсэн үү? Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар мэдлэгтэй юу, үгүй юу гэдэг чинь юуг амьдран харуулж байгаагаас чинь, мөн Бурханыг ямар хэмжээнд хайрладгаас чинь хамаардаг! Ам чинь Бурханд хайртай гэж хэлдэг ч амьдран харуулдаг зүйл чинь хуучин, завхарсан зан чанар юм; чамд Бурханаас айх айдас огт байдаггүй, мөс чанар бүр ч байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг ч өөрийн үзлийг хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтод, чиний хэлдэг үгэнд, чиний амьдралд Бурханыг гэх хайрын ямар ч илрэл байдаггүй ба Бурханыг хүндлэх хүндлэл байдаггүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг хүртсэн хүн мөн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй байдаг ч амьдран харуулдаггүй юм гэж үү? Өнөөдөр, хүнээс жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулахыг шаарддаг нөхцөл нь юу вэ? Петрийн залбирал нь түүний амнаас гарсан үгээс цаашгүй байсан уу? Тэдгээр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарсан үг байсан бус уу? Петр зөвхөн залбираад, үнэнийг хэрэгжүүлдэггүй байсан уу? Чиний эрэл хайгуул хэний төлөө байдаг вэ? Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр чи өөрийгөө хэрхэн хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт хүнд ямар ч ашиг тусгүй юу? Бүх шүүлт нь шийтгэл мөн үү? Зөвхөн амар амгалан, баяр хөөр, материаллаг ерөөл, түр зуурын тав тух л хүний аминд ашиг тустай юм гэж үү? Хэрвээ хүн шүүлтийн амьдралгүйгээр таатай, тухтай орчинд амьдардаг бол цэвэрлэгдэж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, цэвэрлэгдэхийг хүсдэг бол төгс болгуулахыг хэрхэн хүлээн авах ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?

Өмнөх: Моабын үр удмыг аврахын ач холбогдол

Дараах: Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх