Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (23)

14-р зүйл: Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулах юм уу хөөх (II хэсэг)

Сүүлийн цуглаанаар бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арван дөрөвдүгээр зүйл болох “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулах юм уу хөөх” талаар нөхөрлөсөн. Бид үүний нэг тал болох чуулган гэж юу болох талаар нөхөрлөсөн. Чуулганы тодорхойлолтын талаар нөхөрлөсний дараа энэ болон удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арван дөрөвдүгээр зүйлийн хооронд ямар холбоо хамаарал байгааг та нар тодорхой ойлгосон уу? (Бурхан чуулганы тодорхойлолтын талаар нөхөрлөсний дараа бид чуулган яагаад оршин тогтнодог, чуулган ямар үүрэг роль гүйцэтгэдэг, чуулганы хийдэг ажил юу болохыг ойлгосон. Үүнд үндэслэн бид чуулганд ямар хүмүүс саад болж, үймүүлж, эерэг үүрэг роль гүйцэтгэхгүй байгааг ялган таньж, дараа нь тэр хүмүүсийг зайлуулах юм уу хөөж чадна.) Чуулган гэж юу болохыг ойлгосныхоо дараа удирдагч, ажилчид Бурхан яагаад чуулганыг байгуулдаг, чуулганы үүсэл хүмүүст ямар нөлөө үзүүлдэг, чуулган ямар ажил хийх ёстой, ямар хүмүүс чуулганыг бүрдүүлдэг, ямар хүмүүс жинхэнэ ах эгч нар болохыг мэдэх ёстой. Эдгээр зүйлийг ойлгож, мэдсэний дараа та нар арван дөрөвдүгээр үүрэг хариуцлагад тоймлон үзсэн ажил болох “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулах юм уу хөөх” талаар үндсэн ойлголт, тодорхойлолт, мөн түүнчлэн зарчмын суурьтай болдог. Энэ бол онол болон үзэгдлийн тухайд та нарын тодорхой ойлгож, мэдэх ёстой зүйл юм. Үүнийг ойлгосны дараа удирдагч, ажилчдын хийх ёстой эхний ажил бол бүх төрлийн ёрын муу хүмүүсийг ялган таних явдал юм. Үүнийг хийх стандарт, зарчим юу вэ? Бүх төрлийн ёрын муу хүмүүсийг ялган таних нь чуулганы тодорхойлолт, чуулганы оршин тогтнолын утга учир, үнэ цэн, чуулганыг байгуулснаар Бурханы хийдэг ажил зэрэгт үндэслэх ёстой. Өнгөрсөн удаа бүх төрлийн ёрын муу хүмүүсийг ялган таних стандарт, үндэслэлийг гурван том ангилалд хуваасан. Тэр гурван ангилал нь юу вэ? (Бурханд итгэх зорилго, хүн чанар, үүрэгтээ хандах хандлага.) Энэ гурван том ангилал нь хангалттай тодорхой, иж бүрэн үү? Зарим хүн: “Яагаад бүх төрлийн хүмүүсийг ялган танихдаа үнэнийг хайрладаг түвшин, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээдэг түвшинд нь үндэслэдэггүй, харин Бурханд итгэх зорилго, хүн чанар, үүрэгтээ хандах хандлагад нь үндэслэдэг юм бэ? Эдгээр стандарт хэтэрхий доогуур биш үү? Өөрөөр хэлбэл, энэ гурван ангиллын тодорхой агуулгаас харахад хүмүүсийн Бурханд болон үнэнд хандах хандлага ямар байх талаар яагаад гүнзгийрүүлж ярихгүй байна вэ? Хүмүүс засалт, шүүлт, гэсгээлтийг хүлээн авахад бэлэн байгаа эсэх, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй эсэхийг болон үнэнтэй холбоотой өөр илүү гүнзгий агуулгыг яагаад дурддаггүй юм бэ?” гэж хэлдэг. Та нар энэ асуултын талаар ер нь бодож үзэж байсан уу? Энэ асуудлыг одоохондоо хойш тавья. Эхлээд хүмүүсийн Бурханд итгэх зорилго, хүн чанар, үүрэгтээ хандах хандлага гэсэн гурван шалгуурыг авч үзье. Гарчгаас нь харахад энэ гурван шалгуур өнгөцхөн байна уу, үгүй юу? Хэрвээ хүн хамгийн үндсэн энэ гурван шалгуур дээр стандартад нийцэхгүй бол тэднийг ах, эгч гэж нэрлэж болох уу? (Үгүй.) Тэд чуулганы гишүүнд тооцогдож чадах уу? Тэд чуулганы нэг хэсэг гэж Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж чадах уу? (Үгүй.) Аль нь ч боломжгүй. Тиймээс, хэрвээ хүн энэ гурван шалгуурын аль нэгийг нь ч хангахгүй, стандартад нийцэхгүй бол ийм хүмүүсийг ялган таних ёстой; тэд янз бүрийн ёрын муу хүмүүсийн эгнээнд орох бөгөөд тэднийг зайлуулах юм уу хөөх ёстой. Хүн ах эгч мөн эсэх, Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн, эсвэл чуулганы хүлээн авах ёстой гишүүн мөн эсэх нь ядаж л энэ гурван шалгуурыг хангаж, давж байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ тэд энэ гурван шалгуурт ч тэнцэж чадахгүй бол гарцаагүй ах, эгч биш. Мэдээж Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхгүй, чуулган ч бас хүлээж авах ёсгүй. Тэгвэл чуулган тэдэнд яаж хандаж, тэднийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? (Зайлуулж, хөөх ёстой.) Нэгэнт ялган таньсан бол тэднийг зайлуулж, хөөх ёстой. Яг ийм л байдаг.

Янз бүрийн ёрын муу хүмүүсийг ялган таних стандарт ба үндэслэл

I. Бурханд итгэх зорилгод нь үндэслэх

Г. Завшааныг ашиглах

Сүүлийн цуглаанаар бид Бурханд итгэх гурван зорилгыг нөхөрлөж, жагсаасан. Хэрвээ бид тэдгээрийг гарчиг болгон жагсаавал, нэг дэх нь албан тушаалтан болох хүслээ хангах; хоёр дахь нь эсрэг хүйстнээ хайх; гурав дахь нь гамшгаас зайлсхийх юм. Бид энэ гурван зорилгын талаар нөхөрлөж дууссан. Дараа нь бид дөрөв дэх зорилгын талаар нөхөрлөнө: Зарим хүн зөвхөн завшааныг ашиглах шалтгаанаар Бурханд итгэдэг, тиймээс энэ зорилгын гарчиг нь “завшааныг ашиглах” юм. Зарим хүн шашны ертөнц дэх бүх шашин, урсгал эзгүйрч, Ариун Сүнсний ажилгүй байгааг—хүмүүсийн итгэл, хайр хөрж, хүмүүс өөрсдөө улам бүр доройтож, аврагдах найдвар харагдахгүй байгааг, хүмүүс Эзэнд олон жил итгээд юу ч олж аваагүйг хардаг. Шашны ертөнц тэр чигтээ эзгүй газар болж хувирсныг хараад тэд өөрсдөдөө гарах гарц хайдаг. Тэд “Одоо аль чуулган олон хүнтэй, хөгжин цэцэглэж, хөгжлийн ирээдүйтэй байна вэ?” гэж бодолхийлдэг. Шашны ертөнцийн эсэргүүцэж, ялладаг Төгс Хүчит Бурханы Чуулган хөгжин цэцэглэж, Ариун Сүнсний ажилтай байгааг, дотоод болон гадаадад сайн хөгжиж байгааг тэд олж мэддэг. Тэд “Энэ чуулганы гишүүдийн тоо өсөж, сайн хөгжиж байгаа, хүн хүч, эд хөрөнгө, санхүүгийн нөөц арвинтай, хөгжлийн ирээдүйтэй гэж би дуулсан. Хэрвээ би энэ сайхан боломжийг ашиглаад тэдний чуулганд нэгдвэл ямар нэг ашиг тус хүртэж чадах биш үү? Өөртөө сайхан хэтийн ирээдүйг баталгаажуулах биш үү?” гэж боддог. Ийм санаархал, зорилго, жаахан сониуч зангаар тэд чуулганд шургалдаг. Энэ хүмүүс чуулганд шургалж орсныхоо дараа үнэн, Бурханд итгэх итгэл, эсвэл амь зан чанарын өөрчлөлтийг сонирхдоггүй. Чуулганд нэгдэх тэдний зорилго бол зүгээр л дэмжигч юм уу байрлах газар олж, хүсэж буй хэтийн ирээдүйгээ олж авах явдал юм. Үнэндээ зүрх сэтгэлдээ тэд Бурханд итгэхийг, Бурханы илэрхийлдэг үнэнийг, эсвэл Бурханы хийдэг авралын ажлыг огт сонирхдоггүй бөгөөд эдгээр зүйлийн талаар сонсохыг, эсвэл эрж хайхыг хүсдэггүй. Ялангуяа тэд Бурханы ажил болон Ариун Сүнсний ажлыг огт сонирхдоггүй. Энэ хүмүүс нийгэм дэх завшааныг ашиглагчидтай адилхан бөгөөд ямар ч салбарт орсон бай, гагцхүү алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж авах боломж олохын тулд л тэгдэг ба өөрсдийн хэтийн ирээдүй, хувь заяаны төлөө л хөрөнгө оруулалт хийж, төлөөс төлдөг. Оролцож буй талбар юм уу салбарт нь одоогоор ямар ч илэрхий хэтийн ирээдүй байхгүйг, эсвэл тэр салбар нь давуу талаа харуулж, цойлон гарах боломж олгохгүйг олж мэдмэгцээ тэд ажлаа солих уу эсвэл салбараа солих уу гэж дотроо байнга тооцоолж байдаг. Юу ч хийсэн бай, ийм хүмүүс үргэлж үйлдэл хийх аятай боломжийг хүлээж байдаг; тэд санаархал, зорилготойгоор чуулганд нэгддэг. Чуулган хөгжин цэцэглэж байх үед, нийгэмд юм уу аль нэг улсад бат зогсож, хөгжих хэтийн ирээдүйтэй байх үед тэд чуулганы ажилд идэвхтэй, урам зоригтойгоор оролцдог. Гэвч чуулган дарагдаж, хязгаарлагдмагц эсвэл хувийн хүсэл, шаардлагыг нь хангаж чадахгүй болмогц тэд чуулганыг орхиж, өөрсдөдөө өөр гарц хайх эсэхээ бодож эхэлдэг. Энэ хүмүүс чуулганд нэгдсэний жинхэнэ зорилго нь үнэнийг сонирхсоноос болоогүй нь тодорхой; тэд Бурханы оршин тогтнол болон хүмүүсийг аврах Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн үндсэн дээр чуулганд нэгдээгүй. Тэд чуулганыг сонгохдоо хүртэл олон гишүүнтэй, алдартай, томоохон хэмжээний, ялангуяа дотоод болон гадаадад тодорхой түвшний нэр хүндтэйг нь сонгодог. Тэдний хувьд ийм төрлийн чуулган л стандартад нь нийцдэг бөгөөд эрмэлздэг юм уу эрэлхийлдэг зорилгод нь бүрэн дүүрэн нийцдэг. Гэвч ямар ч байсан тэд хэзээ ч үнэнд жинхэнээсээ итгэж байгаагүй, Бурханы оршин тогтнол юм уу Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч байгаагүй. Тэд заримдаа чуулганы төлөө ямар нэг зүйл хийж, эсвэл чуулганы ажлын зарим хэсэгт өөрсдийгөө зориулж байгаа мэт харагддаг ч зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнд хандах, Бурханд хандах хандлага нь өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг. Тэдний хандлага ямар байдаг вэ? Тэдний байнга баримталдаг хандлага бол одоохондоо зүгээр л дагаж, энэ чуулганаас чухам юу олж авч чадахаа харах, Бурханы хэлсэн үгээс яг хэд нь, ямар хэмжээнд биелэхийг харах, Бурханы хүнд амласан ерөөлийг хэзээ олж авч болох, эдгээр ерөөл богино хугацаанд харагдаж, биелж чадах эсэхийг харах явдал юм. Тэдний хандлага үргэлж ийм байдаг. Тэд сониуч зан, туршиж үзэх хүсэлтэйгээр, мөн Бурханы үг биелж, биеллээ олбол ерөөл хүртэнэ, алдагдал хүлээхгүй гэсэн хандлагаар Бурханы гэрт ирдэг. Ийм хүмүүс Бурханы гэрт ирээд, бусадтай нөхөрсөг, дүрэм журам сахидаг, саад, үймээн учруулдаггүй, элдэв хэрэг тарьдаггүй мэт харагддаг ч Бурханд болон үнэнд хандах хандлагад нь үндэслэн тэднийг илт үл итгэгчид гэж тодорхойлж болно.

Бурханд итгэхдээ зөвхөн завшааныг ашиглан ерөөл олж авах гэдэг, үнэнийг олж авах хүсэлгүй иймэрхүү үл итгэгчдийг бид яаж ялган таних вэ? Тэд хэчнээн олон номлол сонсож, тэдэнд үнэнийг хэчнээн их нөхөрлөсөн ч хүмүүс, зүйлсийн талаарх бодол санаа, үзэл бодол, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, тэд Бурханы үгийг хэзээ ч нухацтай тунгаан боддоггүй, Бурханы илэрхийлсэн үнэн, эсвэл янз бүрийн асуудлын талаарх Бурханы хэлсэн зүйлийг огт хүлээн авдаггүй. Тэд зүгээр л өөрсдийн үзэл бодол, Сатаны гүн ухаантай зууралддаг. Тэд зүрх сэтгэлдээ Сатаны гүн ухаан, логикийг зөв, зүйтэй гэж бодсоор байдаг. Жишээ нь, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Албан тушаалтнууд бэлэг авчирсан хүмүүст бэрхшээл учруулдаггүй”, эсвэл “Сайн хүмүүс амар тайван амьдардаг” гэх мэт. Тэр ч бүү хэл, “Хүн бурханд итгэдэг л бол сайн байх ёстой, энэ нь хэзээ ч амь таслахгүй гэсэн үг; амь таслах нь нүгэл бөгөөд бурхны хувьд өршөөгдөшгүй зүйл” гэж хэлдэг хүмүүс ч бий. Энэ ямар гээчийн үзэл бодол вэ? Энэ бол Буддын шашны үзэл бодол. Буддын шашны үзэл бодол нь хүмүүсийн үзэл, төсөөлөлд нийцэж магадгүй ч үүнд ямар ч үнэн байхгүй. Бурханд итгэх итгэл Бурханы үгэнд үндэслэх ёстой; зөвхөн Бурханы үг л үнэн юм. Зарим хүн Бурханд итгэхдээ шүтлэггүй хүмүүсийн утгагүй үзэл бодол, шашны ертөнцийн ташаа онолыг үнэн хэмээн хүлээн авч, тэдгээрийг нандигнаж, тэдгээртэй зууралддаг. Энэ хүмүүс үнэнийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? Тэд хүний үг болон Бурханы үгийг, эсвэл диаволууд, Сатан болон цор ганц жинхэнэ Бурхан, Бүтээгчийг хооронд нь ялгаж чаддаггүй. Тэд Бурханд залбирдаггүй, үнэнийг эрж хайдаггүй, Бурханы илэрхийлсэн ямар ч үнэнийг хүлээн авдаггүй. Хүмүүс, гадаад ертөнц болон бусад бүх асуудлын талаарх тэдний бодол санаа, үзэл бодол хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэд уламжлалт соёлоос эхтэй, урьд нь баримталж байсан үзэл бодлоо л баримталдаг. Тэр үзэл бодол нь хэчнээн хөгийн байсан ч тэд үүнийг ухамсарлаж чаддаггүй бөгөөд тэдгээр эндүү ташаа үзэл бодолтойгоо зууралдаад, тавьж явуулдаггүй. Энэ бол үл итгэгчийн нэг илрэл юм. Нөгөө нь юу вэ? Тэр нь чуулганы цар хүрээ тэлж, нийгэм дэх байр суурь нь тасралтгүй өсөхийн хэрээр тэдний зүтгэл, сэтгэл хөдлөл, итгэл өөрчлөгддөг явдал юм. Жишээ нь, чуулганы ажил гадаадад түгэн дэлгэрч, цар хүрээ нь тэлэх үед, сайн мэдээний ажил бүрэн түгэх үед тэд үүнийг хараад даруй хүч ордог. Тэд чуулган улам бүр нөлөөтэй болж, засгийн газрын дарамт, хавчлагад өртөхөө болино гэж боддог, Бурханд итгэх итгэлд нь найдвар байна, өөрсдөө толгойгоо өргөж, сэтгэлээ онгойлгон амьсгаа авч болох нь гэж үздэг; тиймээс Бурханд итгэснээрээ зөв бооцоо тавьсан, мөрий нь эцэстээ ашгаа өгөх гэж байна гэж тэдэнд санагддаг. Ерөөл хүртэх боломж нь улам бүр нэмэгдэж байна гэж тэд боддог бөгөөд эцэст нь баярлаж эхэлдэг. Өнгөрсөн жилүүдэд агуу улаан луу Христэд итгэгчдийг баривчилж, дарангуйлж байгааг байнга хардаг байсан учраас тэдэнд дарамттай, шаналгаатай, тарчлаантай санагддаг байсан. Тэд яагаад тарчилдаг байсан бэ? Яагаад гэвэл, чуулган маш хүнд байдалд байсан бөгөөд тэд Бурханд итгэх зөв сонголт хийсэн эсэхдээ санаа зовж байсан, үүнээс ч илүүтэйгээр чуулганд үлдэх үү, явах уу гэдэгтээ шаналж, санаа зовдог байсан. Тэр жилүүдэд чуулганд ямар ч хүнд нөхцөл байдал тулгарсан, энэ нь тэдний сэтгэл санаанд нөлөөлдөг байв; чуулган ямар ч ажил хийж байсан, нийгэм дэх чуулганы нэр хүнд, байр суурь яаж ч хэлбэлзэж байсан, энэ нь тэдний сэтгэл хөдлөл, сэтгэл санаанд нөлөөлдөг байлаа. Үлдэх үү, явах уу гэдэг асуулт тэдний оюун ухаанд үргэлж эргэлдэж байв. Ийм хүмүүс үл итгэгчид мөн биз дээ? Чуулган улсын засгийн газарт яллагдаж, дарангуйлагдах үед, эсвэл итгэгчид баривчлагдаж, шашны ертөнцөд шүүгдэж, яллагдаж, гүтгүүлж, гологдох үед тэд чуулганд нэгдсэндээ ихэд ичиж, тэр ч бүү хэл асар их шившиг, доромжлолыг мэдэрдэг; зүрх сэтгэл нь ганхаж, Бурханд итгэж, чуулганд нэгдсэндээ харамсдаг. Тэд чуулганы жаргал, зовлонг хуваалцах, эсвэл Христтэй хамт зовох ямар ч бодолгүй байдаг. Харин ч чуулган цэцэглэн хөгжиж байх үед тэд итгэлээр бялхаж харагддаг ч чуулган хавчигдаж, гологдож, дарлагдаж, яллагдах үед тэд зугтаж явахыг хүсдэг. Ерөөл хүртэх ямар ч найдвар, эсвэл хаанчлалын сайн мэдээ түгэх ямар ч найдвар харагдахгүй үед тэд орхин явахыг бүр ч их хүсдэг. Бурханы үг биелэхийг харахгүй байх үедээ, их сүйрэл хэзээ бууж ирж, хэзээ дуусахыг юм уу Христийн хаанчлал хэзээ биеллээ олохыг мэдэхгүй байх үедээ тэд эргэлзэж тээнэгэлздэг бөгөөд сэтгэл амар үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Ийм зүйл тохиолдох бүрд тэд Бурханыг орхиж, чуулганыг орхиж, гарах гарц хайхыг хүсдэг. Ийм хүмүүс үл итгэгчид мөн биз дээ? Тэдний үйлдэл бүр махан биеийнх нь ашиг сонирхлын төлөө байдаг. Бурханы ажлыг туулж, Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөж, чуулганы амьдралаар амьдарснаар тэдний бодол санаа, үзэл бодол хэзээ ч аажмаар өөрчлөгдөхгүй. Тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход тэд хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй, эсвэл энэ талаар Бурханы үгэнд юу гэж хэлснийг, Бурханы санаа зорилго юу болохыг, Бурхан хүмүүсийг хэрхэн залж чиглүүлдгийг, эсвэл Бурхан хүмүүсээс юу шаарддагийг хайдаггүй. Чуулганд нэгдэх цорын ганц зорилго нь чуулган “толгойгоо өргөж, сэтгэлээ онгойлгон амьсгаа авах” тэр өдрийг хүлээж, ингэснээрээ өөрсдийнхөө үргэлж хүсэж ирсэн ашиг тусыг шүүрч авах явдал юм. Мэдээж тэд Бурханы үг бол үнэн гэдгийг харсан учраас чуулганд нэгдсэн—гэхдээ тэд үнэнийг огт хүлээн авдаггүй, Бурханы бүх үг биелнэ гэдэгт итгэдэггүй. Тэгэхээр та нар юу гэж хэлэх вэ, ийм хүмүүс үл итгэгчид мөн үү? (Мөн.) Чуулганд эсвэл гадаад ертөнцөд юу ч болсон бай, энэ нь ашиг сонирхолд нь хэр их нөлөөлөх, эрэлхийлдэг зорилгод нь хэр их нөлөө үзүүлэхийг тэд дэнсэлдэг. Асуудал үүсэх өчүүхэн төдий шинж тэмдэг илрэхэд л тэд өөрсдийн хэтийн ирээдүй, ашиг сонирхол, чуулганд үлдэх үү, явах уу гэдгээ даруй асар сэргэгээр бодно. Тэр ч бүү хэл “Өнгөрсөн жил бурханы ажил дуусна гэж хэлсэн—тэгвэл яагаад одоо болтол үргэлжлээд байгаа юм бэ? Бурханы ажил яг хэдэн онд дуусах юм бэ? Би мэдэх эрхгүй гэж үү? Би хангалттай удаан тэвчсэн, миний цаг хугацаа үнэ цэнтэй, миний залуу нас үнэ цэнтэй—та нар намайг ингэж хүлээлгээд байж болохгүй биз дээ?” гэж байнга асуудаг хүмүүс ч бий. Тэд Бурханы үг биелсэн эсэх, чуулганы нөхцөл байдал, чуулганы байр суурь, нэр хүндэд онцгой мэдрэмтгий ханддаг. Тэд үнэнийг олж авч чадах эсэх, эсвэл аврагдаж чадах эсэхээ тоодоггүй, харин амьд үлдэж чадах эсэх, Бурханы гэрт үлдсэнээр ашиг тус, ерөөл олж авч чадах эсэхдээ маш мэдрэмтгий байдаг. Ийм хүмүүс ерөөгдөх хүсэлдээ хөтлөгдөн завшааныг ашигладаг. Тэд эцсээ хүртэл итгэсэн ч үнэнийг ойлгохгүй хэвээр байх бөгөөд ярих ямар ч туршлагын гэрчлэлгүй байна. Та нар ийм хүмүүстэй таарч байсан уу? Үнэндээ чуулган бүрд ийм хүмүүс бий. Та нар тэднийг анхааралтай ялган таних ёстой. Ийм хүмүүс бүгд үл итгэгчид, Бурханы гэр дэх гай түйтгэр бөгөөд чуулганд асар их хор хөнөөлтэй, ямар ч ашиг тусгүй тул тэднийг чуулганаас зайлуулах ёстой.

Завшааныг ашиглагчдын шинж чанарыг нэгтгэн дүгнэцгээе. Тэдний эхний онцлог шинж бол тэд Бурхан оршин байдаг эсэх тухай хэрэг явдалд төдийлөн нухацтай ханддаггүй. Хэрвээ чи тэднээс Бурхан оршин байдаг эсэхийг асуувал тэд: “Байдаг л байлгүй. Гэхдээ байхгүй байсан ч зүгээр. Би зүгээр л бурхны хэлсэн зөгнөлүүд биелэх эсэх, их сүйрэл ирэх эсэхийг л харах гэж энд байгаа” хэмээн хэлнэ. Бодол санаа, үзэл бодолдоо тэд Бурхан оршин байдаг эсэх нь хамаагүй гэсэн хандлагатай байдаг. Тэгвэл тэд Бурханд итгэж, чуулганд нэгдэж байгаа нь доог тохуу биш гэж үү? (Тийм ээ.) Тэдний Бурханд итгэх итгэл нь энгийн итгэл үнэмшил, зүгээр л тоглоом бөгөөд үнэн юм уу амьдралын замтай нь ямар ч холбоогүй байдаг. Үнэндээ тэд Бурхан оршин байдаг эсэхийг тоодоггүй; Бурхан байсан ч зүгээр, байхгүй байсан ч зүгээр. Зарим хүн тэднийг няцааж, Бурхан байхгүй гэж хэлэхэд тэд гонсойдоггүй, ийм хүмүүсийг үзэн яддаггүй. Хэрвээ хүмүүс Бурхан байдаг гэж хэлбэл тэд: “Байдаг бол байдаг л юм байгаа биз. Ямартай ч итгэвэл бурхан байдаг, итгэхгүй бол байхгүй” гэдэг. Энэ бол тэдний үзэл бодол. Ийм хүмүүс жинхэнэ итгэгчид мөн үү? Тэд үл итгэгчид, тийм биз дээ? (Тийм.) Бурхан оршин байдаг эсэх нь тэдэнд хамаагүй юм чинь Бурханд итгэх итгэлд нь чин сэтгэл байна уу? Тэд чин сэтгэлтэй байх боломжгүй. Завшааныг ашигладаг хүмүүсийн эхний онцлог шинж юу вэ? (Тэд Бурхан оршин байдаг эсэх тухай төдийлөн нухацтай ханддаггүй.) Энэ бол эхний онцлог шинж юм.

Завшааныг ашигладаг хүмүүсийн хоёр дахь онцлог шинж юу вэ? Тэд эерэг болон сөрөг зүйлсийг ялгаж салгахдаа нэг их нухацтай ханддаггүй. Тэд аль үг хэллэг, хүмүүс, үйл явдал, зүйлс эерэг, аль нь сөрөг болохыг ялган таньдаггүй бөгөөд үүнд нухацтай ханддаггүй. Тэдний хувьд сайн зүйлийг муу, муу зүйлийг сайн гэж хэлж болдог бөгөөд яг л “Худал үгийг мянга давтвал үнэн болдог” хэмээн шүтлэггүй хүмүүсийн хэлдэгтэй адил; энэ үг тэдний хувьд хүчинтэй байдаг. Хэрвээ чи тэднээс үнэн гэж юу болохыг асуувал тэд Бурханы үг бол үнэн гэж хэлэхгүй нь лавтай, учир нь тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд юу гэж хэлэх вэ? Тэдний жинхэнэ үзэл бодол бол худал үгийг мянга, түм давтвал үнэн болно гэдэг юм, өөрөөр хэлбэл олон хүн ямар нэг зүйлийг хэлбэл тэд үүнийг үнэн гэж боддог. Энэ нь яг л шүтлэггүй хүмүүсийн “Дэлхий дээр анх зам гэж байгаагүй, олон хүн явахын хэрээр зам бий болсон” гэж хэлдэгтэй адилхан. Тэд юу зөв эсвэл буруу, шударга эсвэл хорон муу болохыг тоодоггүй; хэн их чадвартай байна, тэр хүний зөв, хэн хэрэггүй, арчаагүй байна, тэр хүн эсрэг талынх гэж тэд үздэг. Тэд Бурханы хэлж, хийдэг бүхэн эерэг зүйл гэдгийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй, хүмүүсээс амьдран харуул гэж Бурханы шаарддаг зүйл бол эерэг зүйлсийн бодит байдал гэдгийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүмүүс бүр “Чи бурхан бол үнэн, бурхны үг бол бүх эерэг зүйлийн бодит байдал гэж хэлдэг. Тэгэхээр дэлхий дээр эерэг зүйл байхгүй гэсэн үг үү? Дэлхий дээр ч бас эерэг зүйл, үнэн байдаг биш үү?” гэх мэт гажууд онол ярьдаг. Энэ утгагүй яриа биш үү? Энэ гажууд онол биш үү? (Мөн.) Энэ хүмүүс Бурханы үгийг үг, үйлдлийнхээ шалгуур болгодоггүй. Жишээ нь, тэднийг гажууд онол ярихад нь чи тэднийг няцаавал тэд: “Чи өөрийгөө зөв гэж бодож байна, би өөрийгөө зөв гэж бодож байна, тэгэхээр өөр өөрсдийнхөөрөө байцгаая. Хүн юуг сайн гэж бодно, тэр нь зөв” гэж хэлнэ. Энэ ямар гээчийн үзэл бодол вэ? Энэ зүгээр л булзааруулах гэсэн оролдлого биш үү? (Тийм.) Энэ бол тэнэг, мунгинуу үзэл бодол; энэ хүмүүс эерэг, сөрөг зүйлсийг ялгаж салгахдаа нухацтай ханддаггүй. Үүнд нухацтай хандахгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы ярьдаг бүх эерэг зүйл үнэнтэй холбоотой, үнэнд нийцдэг, Бурханаас ирдэг гэдгийг, Бурханы ярьдаг сөрөг зүйлс үнэний эсрэг бөгөөд Сатанаас ирдэг гэдгийг тэд зүрх сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч чаддаггүй гэсэн үг юм. Тэд энэ баримтыг хүлээн авдаггүй бөгөөд ойлголтуудыг бүдгэрүүлэхийг үргэлж хүсдэг. Бусдад танигдаж, яллагдахаас зайлсхийхийн тулд тэд эерэг болон сөрөг зүйлсийг ялгаж салгахдаа хэзээ ч нухацтай ханддаггүй, жинхэнэ үзэл бодлоо хэзээ ч ил болгодоггүй, үргэлж хоёрдмол утгаар ярьдаг, яг юу бодож байгаагаа хүмүүст хэзээ ч хэлдэггүй. Тэд хэнтэй ярьж байгаагаасаа шалтгаалан өөр өөр зүйл ярьж, хэрэгтэй үед салхи даган намирдаг. Энэ хүмүүс бүх талаараа үнэнийг, эсвэл Бурханы оршин тогтнолыг сонирхдоггүй. Энэ бол завшааныг ашиглагч хүмүүсийн хоёр дахь илрэл юм: Тэд эерэг болон сөрөг зүйлсийг ялгаж салгахдаа төдийлөн нухацтай ханддаггүй.

Завшааныг ашиглагч энэ хүмүүст өөр ямар шинж чанар байдаг вэ? Энэ хүмүүс үйл явдал хэрхэн өрнөхөд үндэслэн үлдэх үү, явах уу гэдгээ үргэлж сонгодог, нөхцөл байдалд дасан зохицохдоо тун гаргууд байдаг. Тэд чуулганд нэгдэхдээ л гарах стратеги, хэтийн ирээдүйнхээ төлөө хангалттай бэлтгэл хийж, алхам бүрийг төлөвлөчихсөн байдаг. Зүрх сэтгэлдээ тэд хэрвээ Бурханы үг биелбэл яах вэ, тодорхой хэдэн жилийн дараа биелэхгүй бол яах вэ гэдгийг тооцоолж, төлөвлөгөө гаргадаг. Ийм төрлийн хүн чуулганд орсныхоо дараа чуулганы ажилд хэзээ ч бүх зүрх сэтгэлээ зориулдаггүй. Харин дараагийн алхмаа шийдэхийн тулд чуулганы хөгжил, чуулганы өөрсдөд нь хандах хандлага, арга зам болон бусад хүчин зүйлийг байнга ажиглаж байдаг. Энэ хүмүүсийн бодол санаа нэлээд ээдрээтэй биш гэж үү? (Тийм.) Тэд чуулганд нэгдсэн хэдий ч гэрээт ажилтан шиг үргэлж түр зуурын байр суурьтай байдаг бөгөөд үргэлж “бие нь энд байгаа ч сэтгэл нь өөр газар байдаг” байдалтайгаар үлдэж, оюун санаа нь явуулга, төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг. Бурханд итгэж, чуулганд нэгдэх тэдний сонголт нь дурамжхан буулт хийсэн хэрэг болохоос сүнслэг хэрэгцээ, эсвэл Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрсөн үндсэн дээр Бурханыг дагаж, хүний амьдралын зөв замаар алхах хүсэл биш юм. Тэдэнд ийм итгэл байхгүй. Энэ хүмүүс харзнаж хүлээх хандлагаар Бурханд итгэж, “Хэрвээ бурханд итгэх нь энэ амьдралд зуу дахин ихийг, ирэх ертөнцөд мөнх амийг авчирч, аврагдах, тэнгэрийн хаанчлалд орох боломж авчрах юм бол би дагаж, итгэнэ. Хэрвээ эдгээрийг хүлээн авч чадахгүй бол би хэдийд ч, ямар ч нөхцөлд чуулганыг орхиж, итгэхээ болино” гэж зүрх сэтгэлдээ тооцоолдог. Тэд завшааныг ашиглан ерөөл олж авах гэж найдсандаа л Бурханд итгэдэг. Хэрвээ тэд ерөөл хүртэж чадахгүй бол хэдийд ч, ямар ч нөхцөлд үүргээ орхиж, өөрсдөдөө өөр гарц төлөвлөж чадна, учир нь тэдний зүрх сэтгэл чуулганд хэзээ ч үндэслээгүй, тэд Бурханд итгэх, Бурханыг дагах замыг үнэхээр сонгоогүй.

Завшааныг ашиглагч энэ хүмүүсийн гол шинж чанар нь энэ гурав юм: Тэд Бурхан оршин байдаг эсэхэд нухацтай ханддаггүй, эерэг болон сөрөг зүйлсийг ялгаж салгахдаа нухацтай ханддаггүй, мөн хэдийд ч, ямар ч нөхцөлд чуулганыг орхиж чаддаг. Ах эгч нар тэдэнд хэчнээн сайн хандсан ч нөхцөл байдал ашиг сонирхолд нь нийцэхгүй, одоогийн хэрэгцээг нь хангахгүй л бол тэд чуулганыг орхин явж чадна. Гэхдээ очих газаргүй байх үедээ тэд буцаж ирэх сонголт хийдэг. Буцаж ирснийхээ дараа ч тэд үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд хэдийд ч дахиад чуулганыг орхин явж магадгүй. Тэд ямар гээчийн өөдгүй амьтад вэ? Тэдний ирж, очих нь маш дураараа харагддаг; тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй. Эдгээр нь завшааныг ашиглагч хүмүүсийн шинж чанар юм; мөн чанарын тухайд тэд бол үл итгэгчид. Зарим хүн гурваас таван жил, зарим нь найм юм уу арван жил тууштай итгэж чадах ч зорилго нь ердөө л завшааныг ашиглан ерөөл эрж хайх явдал байдаг. Ийм хүмүүс энгийн биш. Тэд Хятадын эх газар дахь хатуу ширүүн, хяхан хавчсан орчинд өдийг хүртэл тэвчсэн—энэ нь “хал үзэж, халуун чулуу долоох”-той бага зэрэг адилхан биш гэж үү? Зарим хүн арван жил итгэснийхээ дараа цаашид тэвчиж чадахаа больдог тул “Арван жил боллоо. Залуу нас минь чуулганд дэмий үрэгдлээ. Хэрвээ би энэ арван жил дэлхий ертөнцөд шаргуу ажилласан бол хэчнээн их мөнгө олох байсан бол? Магадгүй би менежер болох байсан байх, маш их хөрөнгөтэй болох байсан байх” гэж гомдоллодог. Тэгээд тэд тайван сууж чадахаа больдог. Тэд өчүүхэн сониуч зан, ерөөл хүртэх хүслээ хангахын тулд л арван жил Бурханд итгэсэн боловч үнэнийг хэзээ ч эрэлхийлээгүй. Үр дүнд нь тэд юу ч олж аваагүй. Тэд Бурханд итгэсэндээ харамсаж, тэр ч бүү хэл өөрсдийгөө зэмлэж, “Чи тэнэг, мангар! Чи өргөн, амар хялбар замаар явахын оронд энэ хэцүү бэрх замаар явах гэж зүтгэсэн. Хэн ч чамайг албадаагүй; энэ чиний өөрийн сонголт байсан!” гэдэг. Зарим хүн арван жил итгэснийхээ дараа ч орхин явж чаддаг, ингэхдээ нүд ирмэх зуур л явчихдаг. Нийгэмд хоёр, гурван жил арай ядан амь зуусныхаа дараа тэд нийгэм өөрсдийнх нь төсөөлж байсан шиг дардан, амар хялбар биш, үл итгэгч ертөнц харагддаг шигээ өнгөлөг, хүсүүштэй биш гэдгийг олж мэддэг; тэдний хувьд дэлхий ертөнцийн хаана ч амьдрахад амаргүй байдаг. Бодож үзсэнийхээ дараа тэд чуулган илүү дээр гэдгийг олж мэддэг тул ичгүүр сонжуургүйгээр буцаж ирдэг. Буцаж ирэх үедээ тэд: “Бурханд итгэх сайн; шүтлэггүй хүмүүс муу, үргэлж хүмүүсийг дээрэлхдэг. Дэлхий ертөнцөд зовлон хэтэрхий их байна. Бурханы үгийг уншихгүй, чуулганы амьдралаар амьдрахгүй өнгөрүүлсэн энэ жилүүдэд би харанхуйд унаж, өдөр бүр уйлж, шүдээ хавирч байсан; би хүний төрхгүй болтлоо зүдэрсэн. Бурханд итгэх нь дээр!” гэдэг. Тэд Бурханд итгэх нь дээр гэж тунхагладаг ч үнэндээ энэ ертөнцөд гамшиг хэтэрхий их байгааг, хүн төрөлхтөн удахгүй их сүйрлийг туулах гэж байгааг сонссон учраас л тэгдэг. Мөнгө, газар, машин, байшинтай байх нь хэрэггүй; зөвхөн итгэлтэй хүмүүс л аврагдаж чадна. Тиймээс тэд дахин Бурханд итгэхээр буцаж ирдэг. Энэ нь завшааныг ашиглагч биш гэж үү? (Тийм.) Завшааныг ашиглагч хүмүүс хэдийд ч чуулганыг орхиж чадна. Хэрвээ чуулганд буцаж ирснээр ерөөл хүртэх найдвар байгааг харвал тэд хэдийд ч буцаж ирж чадна. Буцаж ирснийхээ дараа тэд харамссан хэдэн үг хэлж, Бурханыг дахиж хэзээ ч орхихгүй гэдгээ илэрхийлж чадах ч дэлхий ертөнцөд бүх зүйл тайван, амар амгалан байгааг, хэдэн өдөр сайхан амьдарч болохыг харсныхаа дараа тэд хэдийд ч дахиад чуулганыг орхин явж чадна. Тэд Бурханы гэр болон чуулганыг юу гэж үздэг вэ? Тэд үүнийг чөлөөт зах зээл хэмээн үзэж, хүссэнээрээ ирж, явдаг. Надад хэл дээ, хэрвээ ийм хүмүүс зайлуулагдсан, эсвэл өөрсдөө явсан бол эргэж ирэхийг хүсэх үед нь чуулган тэднийг буцааж хүлээж авах ёстой юу? (Үгүй.) Тэднийг буцаан хүлээж авах ёсгүй. Тэднийг буцаан хүлээж авах нь алдаа бөгөөд зарчмыг зөрчдөг. Энэ хүмүүс чуулганы гишүүдийн стандартад нийцдэггүй. Тэд хэдийд ч чуулганыг орхиж чаддаг бөгөөд ерөөл олж авахын тулд хэдийд ч чуулганд буцаад шургалж чаддаг ч энэ бүх хугацаанд тэд үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй. Энэ нь тэд жинхэнэ итгэгчид биш гэдгийг нотолдог. Ийм хүмүүс үүрд зайлуулагдаж, хөөгдөх бай байх болно. Чуулган тэднийг зайлуулж, тэдэнд “Битгий харамс. Нэгэнт явсан бол чи буцаж ирж болохгүй. Чуулган чамд хоёр дахь удаагаа хаалгаа нээхгүй. Энэ бол зарчим” гэж хэлэх ёстой. Зарим хүн: “Тэд тухайн үедээ мунхаг байсан ч одоо биеэ маш сайн авч явж байгаа. Тэд бяцхан хурга шиг дуулгавартай, орон гэргүй тэнүүлч шиг өрөвдөлтэй байна. Ах эгч нарыг харах болгондоо тэд харамсаж байгаагаа, өртэй гэдгээ илэрхийлдэг, харамсан уйлснаас нүд нь улайчихсан байдаг. Тэд маш өрөвдөлтэй харагддаг, нүглээ улайх хандлага нь маш сайн. Тэднийг буцаагаад авъя” гэж хэлдэг. Энд зарчимд нийцэх ямар нэг өгүүлбэр байна уу? (Байхгүй.) Гурав, эсвэл бүр арван жил итгэснийхээ дараа ч тэд эрс шийдэмгийгээр, тээнэгэлзэхгүйгээр чуулганыг орхиж чаддаг. Тэд ямар гээчийн өөдгүй амьтад вэ? Тэд жинхэнэ итгэгчид мөн үү? (Биш.) Анх Бурханыг дагахаар сонгохдоо тэд чин сэтгэлтэй байсан уу? Үгүй. Хэрвээ тэдэнд өчүүхэн төдий ч чин сэтгэл байсан бол чуулганыг орхих гэж ингэтлээ шийдэхгүй байсан. Ерөнхийдөө хүн сул дорой, сэтгэлээр унасан, эсвэл ажил үйлс нь бүтэхгүй байх үедээ л ийм бодолтой байж болох ч Бурханд гурав, тав, эсвэл бүр арван жил итгэснийхээ дараа өөр зам хайхаар эрс шийдвэртэйгээр чуулганыг хэзээ ч орхихгүй. Хэрвээ тэд дураараа чуулганыг орхин явж чадаж байгаа бол анх үнэн замыг хүлээн авч, чуулганд нэгдэхдээ чин сэтгэлээсээ хандаагүйг энэ нь харуулдаг; тэдэнд далд сэдэл, зорилго байсан—үүнийг өөрөөр хэлэх аргагүй. Ийм хүмүүсийг тодорхой ялган таних ёстой. Тэд жинхэнэ итгэгчид биш. Тэд Бурханд итгэж, Бурханыг дагаж байгаа нь завшааныг ашиглан ерөөл олж авах гэж найдсаных юм. Ийм хүмүүсийг завшааныг ашиглагчид гэж ангилдаг бөгөөд нэгэнт ялган таньсан бол чуулганаас зайлуулах ёстой. Хэрвээ тэд чуулганыг орхин явахгүй, чуулган дотор хувийн ашиг хонжооныхоо төлөө нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ашигласаар байвал энэ нь хэн ч тэднийг ялган таньж чадахгүй байгаагаас болдог. Гэхдээ эдгээр завшааныг ашиглагчийн янз бүрийн илрэлийн талаарх өнөөдрийн нөхөрлөлөөр дамжуулан удирдагч, ажилчид болон Бурханы сонгосон хүмүүс ийм хүмүүсийн талаар тодорхой ойлголттой, ялган таних чадвартай болох ёстой. Тэд Бурханы үгийг хэзээ ч уншдаггүй, Бурханд залбирдаггүй, Бурханы ажил юм уу Бурханы илэрхийлдэг үнэнийг сонирхдоггүй, эерэг зүйлсийг сонирхдоггүй, нухацтай авч үздэггүйг нэгэнт олж мэдсэн бол тэднээс сайтар сэрэмжлэх ёстой. Тэдний Бурханд итгэх сэдэл, зорилгыг ажиглаж, чуулганд хандах хандлага, үнэнд хандах хандлага, Бурханд хандах хандлагыг нь олж тогтоох шаардлагатай. Хэрвээ тэд зөв хандлагагүй, үнэнийг эрэлхийлэх, үүргээ гүйцэтгэхэд тун хайхрамжгүй ханддаг, өчүүхэн төдий ч сонирхдоггүй, Бурханы үгэнд үргэлж эргэлзсэн хандлага баримталдаг нь илт байвал ийм хүмүүс ашиг завшааныг ашиглагчид, үл итгэгчид гэдгийг баталж болно. Тэр тохиолдолд тэднийг ах эгч гэж үзэх ёсгүй; тэд чуулганы нэг хэсэг биш. Харин ч тэднийг чуулганаас зайлуулах ёстой. Тэд олон жил итгэсэн ч үнэнийг хүлээн авахгүй хэвээр байдаг; тэдэнд үнэнийг үргэлжлүүлэн нөхөрлөх нь хэрэгтэй гэж үү? Тэдний гэмшихийг үргэлжлүүлэн хүлээх нь бодитой юу? Ийм хүмүүс дээр цаашид бүү ажилла, гэмшихийг нь бүү хүлээ. Хэрвээ тэд үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй бөгөөд явахгүйгээр чуулганд үлдэх хугацаагаа сунгахыг хүсэж байвал чуулганы удирдагчид арга олж, тэднийг ухаалгаар тусгаарлах ёстой. Энэ нь тохиромжтой юу? (Тийм.) Энэ хүмүүс завшааныг ашиглагчид мөн гэдэг нь танигдсан л бол янз бүрийн ёрын муу хүмүүс болон үл итгэгчдийн эгнээнд аль хэдийн ангилагдсан байдаг. Тэд ёрын муу хүмүүс, үл итгэгчид учраас чуулганаас зайлуулагдах юм уу хөөгдөх зарчим, нөхцөлийг хангаж байна. Тэднийг оройтож зайлуулснаас эртхэн зайлуулсан нь гарцаагүй дээр. Тэднийг эртхэн зайлуулбал олон асуудлаас зайлсхийх бөгөөд тэд ч цаашид гоморхох шаардлагагүй болно. Ийм хүмүүст “Чи хэзээ явах, яаж явахаа, мөн үлдэх үү, явах уу гэдгээ зүрх сэтгэлдээ байнга тооцоолоод байх шаардлагагүй. Бурханы гэр болон Бурхан хүмүүсийг албаддаггүй; хэрвээ чи явахыг хүсвэл чуулган чамайг үлдээх гэж ятгахгүй. Гэхдээ чамд нэг зүйлийг тодорхой хэлэх ёстой: Хэрвээ чи Бурханы гэрийн хүн биш гэдэгтээ итгэлтэй байгаа бол, чуулганы гишүүн байхыг хүсэхгүй байгаа бол аль болох хурдан яв; бүү цаг алд. Энэ нь хүн бүрд сайн. Хэрвээ чи Бурханы оршин тогтнолд итгэдэг, Бурханы үгийг үнэн гэж хүлээн авч чаддаг, чуулганд нэгдэх чин хүсэлтэй бол чи зүй ёсоор чуулганы гишүүн мөн. Гэхдээ одоо бол чи гишүүн биш. Чи завшааныг ашиглах гэж ирсэн, магадгүй чи өөрөө үүнийгээ мэдэхгүй байж болох ч Бурханы үг, үнэн болон бүх төрлийн хүмүүстэй харьцах чуулганы зарчмын дагуу бид завшааныг ашиглагч гэдгийг чинь ялган таньсан. Чи чуулганыг орхих тохиромжтой цагийг байнга тооцоолж байгаа; энэ үнэхээр төвөгтэй. Чи зөв цагийг хайх шаардлагагүй; одоо явж болно. Хэрвээ чи Бурханы илрэлт болон ажлын талаар үргэлж эргэлздэг бол би чамд одоо тодорхой хэлье: Чи цаашид юмсыг тунгаан бодож, шинжих шаардлагагүй, өөртөө байнга хүндрэл учруулах хэрэггүй—чи одоо чуулганаас явж болно, Бурханы гэрийн хаалга нээлттэй, Бурханы гэр чамайг үлдээхгүй, мөн хүмүүсийг албаддаггүй.” гэж тодорхой хэлэх ёстой. Ингэх нь тохиромжтой юу? (Тийм.) Тэдэнд “гарах гарц” өг; тэднийг энд өдөр бүр халуун тогоон дээрх шоргоолж шиг бүү тарчлаа, сэтгэл татагдалт, махан бие, хэтийн ирээдүй, үлдэх үү, явах уу гэдэг асуудлаасаа болж байнга тарчлахыг нь бүү зөвшөөр. Тэд эдгээр зүйлээс болж хэчнээн их шаналлаа ч энэ нь хэзээ ч ямар ч үр дүнд хүргэхгүй. Тэд хэзээ явах, яаж явах, хэрвээ эрт явбал хохирол, гай зовлон амсах эсэх, удаан үлдвэл ерөөл хүртэж чадах эсэхээ зүрх сэтгэлдээ тунгаан бодсоор байдаг. Явсных нь дараа Бурханы үг биелбэл яах вэ? Явахгүй байхад Бурханы үг биелэхгүй хэвээр байвал яах вэ? Тэд эдгээр зүйлд байнга санаа зовж, түгших шаардлагагүй. Тэд Бурханд чин хүсэлтэйгээр итгэхгүй байгаа юм чинь аль болох хурдан явах ёстой. Тэд энд үлдэж, хувийн ашиг хонжооныхоо төлөө нөхцөл байдлыг ашиглах гэж оролдон, өөр хүн шиг дүр эсгэх ёсгүй. Надад хэл дээ, тэдэнд ингэж зөвлөж, ийм маягаар шийдвэрлэх нь сайн уу? (Тийм.) Завшааныг ашиглагчдыг зайлуулах юм уу хөөх ёстой янз бүрийн ёрын муу хүмүүсийн тоонд ангилах нь хэтрүүлсэн хэрэг үү? (Үгүй.) Зарим хүн: “Ийм хүмүүсийг яаж ёрын муу хүмүүс гэж үзэж болох юм бэ?” гэж хэлдэг. Үл итгэгчдийн дунд сайн хүн хэд байдаг вэ? Бурханы нүдээр, Бурханд итгэдэг, Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн зан чанар-мөн чанар ёрын муу гэж тооцогддог байхад Бурханд огт итгэдэггүй, Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэлэхийн ч хэрэггүй. Тэгэхээр тэднийг ёрын муу хүмүүс гэж ангилах нь хэтрүүлсэн хэрэг үү? (Үгүй.) Ямартай ч тэд ядаж л хүн—ёрын муу хүн гэж нэрлэгдэж байна. Тэд ёрын муу чөтгөр гэж ангилагдаагүй нь аль хэдийн хангалттай сайн. Тэднийг ёрын муу хүмүүсийн дунд ангилах нь туйлын зохистой бөгөөд тохиромжтой; энэ нь огтхон ч хэтрүүлсэн хэрэг биш. Ийм ёрын муу хүмүүс бас Бурханы гэрээс зайлуулах юм уу хөөх ёстой янз бүрийн төрлийн хүмүүсийн нэг юм. Энэ бол дөрөв дэх төрлийн үл итгэгч бөгөөд Бурханд итгэх зорилго нь завшааныг ашиглах явдал байдаг.

Завшааныг ашиглагч ийм хүмүүсийн гол шинж чанар нь юу вэ? Та нар энэ хүмүүстэй харилцаж, тэдний илчилдэг зан чанар, үзэл бодол, хандлага, хүн чанарыг ажигласнаар ямар гол шинж чанаруудыг олж мэдсэн бэ? Дүгнээд хэл дээ. (Завшааныг ашиглагчид анхнаасаа үнэнийг эрэлхийлэх гэж Бурханд итгэдэггүй. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулган хөгжин цэцэглэж байгааг сонсдог тул Бурханы гэрээс ямар нэг ашиг тус, ерөөл хүртэх, ашиг хонжоо хайх гэж найдсандаа л Бурханд итгэдэг. Хэрвээ хэсэг хугацааны дараа эдгээр зүйлийг хүлээн авахгүй бол тэд явахыг хүсдэг. Энэ хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй, Бурханд итгэхийг огт сонирхдоггүй.) Завшааныг ашиглагчдын хамгийн том асуудал юу вэ? Гол асуудал нь тэд үнэнийг сонирхдоггүй, харин ерөөл хүртэхийг хамгийн их сонирхдог тул үнэнийг хүлээн авах нь тэдний хувьд хамгийн хэцүү байдаг. Зарим хүн: “Зүгээр л үнэнийг сонирхдоггүйгээс нь болоод тэднийг зайлуулж, хөөж болохгүй биз дээ?” гэдэг. Энэ хүмүүс үнэнийг сонирхдоггүй нь Бурханы үгийг хэзээ ч уншдаггүй, үнэнийг хэзээ ч нөхөрлөдөггүйгээс нь голчлон харагддаг. Хэрвээ тэд хэн нэгэн үнэнийг нөхөрлөж, өөрийгөө мэдэх тухай ярьж, эсвэл асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж байгааг сонсвол зүрх сэтгэлдээ тун их зэвүүцэж, ер сонирхдоггүй бөгөөд зүүрмэглэж эхэлдэг. Тэд эдгээр зүйлд туйлын дургүйцдэг, тэр ч бүү хэл дэмий чалчих, гамшгийн тухай ярих, Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлж байгаа тухай хэлэлцэх замаар бусдыг үнэнийг нөхөрлөхөд саад болдог. Үүний үр дүнд үнэнийг эрэлхийлдэггүй зарим хүн эдгээр сэдвийг сонсоод сэтгэл нь хөдөлж, хэлэлцүүлэгт нэгддэг. Энэ нь чуулганы амьдралыг илт үймүүлж байгаа хэрэг биш үү? Тэд өдөр тутмын амьдралдаа Бурханы үгийг ховорхон уншдаг бөгөөд хааяа нэг унших үедээ ямар нэг зүйл санааг нь зовоож байгаагаас л болж уншдаг байх магадлалтай. Тэд цуглаан хийх, Бурханы үгийг идэж уух, Бурханы үгийг нөхөрлөхийг сонирхдоггүй. Тэд зөвхөн “Бурханы өдөр хэзээ ирэх вэ? Их сүйрэл хэзээ дуусах вэ? Бид тэнгэрийн хаанчлалын ерөөлийг хэзээ эдэлж чадах вэ?” гэдэгт л санаа зовдог. Тэд эдгээр зүйлийн талаар үргэлж бодлогоширдог. Хэрвээ хэн ч эдгээр сэдвийг хэлэлцэхгүй бол тэд интернэтээс хайж, хайсныхаа дараа цуглааны үеэр эдгээр зүйлийг тарааж эхэлдэг. Зүрх сэтгэл нь эдгээр зүйлээр дүүрдэг. Бусдыг өөрсдийнх нь сонирхдог сэдвээр нөхөрлөж байгааг сонсох л юм бол тэд ярианд оролцож, нөхөрлөлд нэгдэж чаддаг. Гэвч үнэн юм уу Бурханы үгтэй холбоотой агуулгыг сонсмогцоо сонсохыг хүсдэггүй. Тэд зүүрмэглэж эхэлдэг, зарим нь бүр явдаг, харин бусад нь тайван бус болж эхэлдэг—тэд элдэв янзын муухай төрх гаргадаг. Чамайг “Бурханы үгийг нөхөрлөцгөөе” гэхэд тэд “Би цангаж байна, ус уух хэрэгтэй байна” гэдэг. “Өөрийгөө танин мэдэх тухай нөхөрлөцгөөе”, эсвэл “Үүргээ гүйцэтгэх нарийн ширийн зүйлийн талаар нөхөрлөцгөөе; Бурханы үгэнд энэ талаар юу гэж хэлснийг, үнэн-зарчим юу болохыг харцгаая” гэхэд чинь тэд “Надад хийх ажил байна. Би явлаа. Та нар сайхан ярилцаарай” гэдэг. Тэд элдэв янзын шалтаг олж, Бурханы үг болон үнэнийг нөхөрлөхөөс татгалзаж, зайлсхийдэг. Энэ нь тэд үнэнийг хайрладаггүйгээр үл барам, зүрх сэтгэлийнхээ гүнээс үнэнийг зэвүүцэж, эсэргүүцдэг гэдгийг тодорхой ил болгодог. Бурханы үг, үнэнийг дурдах бүрд тэд илт эсэргүүцдэггүй, маргалддаггүй ч татгалзаж, зайлсхийхийн тулд янз бүрийн шалтаг олдог. Эдгээр зан авир нь тэднийг завшааныг ашиглагчид гэдгийг тодорхой харуулж байгаа биш үү? Энэ нь тэд бол үл итгэгчид, тодорхой зорилгоор, завшааныг ашиглах гэж Бурханд итгэдэг гэдгийг тодорхой илтгэж байгаа биш үү? (Тийм.) Зарим хүн: “Та тэднийг үл итгэгчид, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаггүй гэж хэлж байна, тэгвэл яагаад тэд одоог хүртэл итгэж, чуулганы ажлын төлөө хүчин чармайлт гаргаж, зовлон бэрхшээлийг тэвчиж чадаж байгаа юм бэ?” гэж хэлдэг. Бидний дөнгөж сая дурдсан зан авир энэ асуултад хариулахад хангалттай биш гэж үү? Эдгээр зан авир нь тэднийг ялган таньж, ангилсан маань үнэн зөв гэдгийг нотлоход хангалттай. Тиймээс хүний Бурханд итгэх зорилго завшааныг ашигласан байдалтай эсэхийг хэмжихийн тулд Бурханд, Бурханы ажилд, үнэнд, эерэг болон сөрөг зүйлсэд хандах хандлагад нь үндэслэн үүнийг хэмжиж, ялган таних ёстой. Энэ бол хамгийн үнэн зөв арга юм. Гадаад зан авир, үйлдлээр нь хэмжих нь үнэн зөв биш, бодитой биш. Жинхэнэ дотоод бодол санаа, Бурханд болон үнэнд хандах хандлага нь л асуудлыг илчилдэг; зөвхөн эдгээр нь л тэднийг ямар төрлийн хүн болохыг тодорхойлох хамгийн үнэн зөв стандарт юм. Одоо та нар Бурханд итгэх зорилго нь завшааныг ашиглах явдал байдаг хүмүүсийн мөн чанарыг үндсэндээ тодорхой ойлгов уу? Та нар бүгд ийм хүмүүстэй таарч байсан уу? (Тийм.) Ийм хүмүүс аль болох хурдан явсан нь дээр. Хэрвээ тэд чин сэтгэлээсээ үйлчлэл үзүүлэх хүсэлтэй бол тэднийг дурамжхан үлдээж болно. Гэвч хэрвээ тэд үүргээ гүйцэтгэдэггүй, ямар ч үйлчлэл үзүүлж чаддаггүй, харин чуулганы ажил болон чуулганы амьдралд саад болж, сөрөг нөлөө үзүүлдэг бол тэднийг аль болох хурдан явуулах ёстой. Энэ бол үл итгэгчдийг зайлуулах зарчим юм. Бурханы гэрт Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүс хэрэгтэй; үнэнч үйлчлэл үзүүлэгчид хэрэгтэй. Тоо бөглөх үл итгэгчид, эсвэл тээнэгэлзэн ажиглагчид огт хэрэггүй. Чуулганд тоо бөглөх хэн ч хэрэггүй. Энэ сэдвийн талаарх нөхөрлөлөө ингээд дуусгая.

Д. Чуулганыг шулж амьдрах

Дараа нь бид Бурханд итгэх тав дахь зорилго буюу чуулганыг шулж амьдрах талаар нөхөрлөцгөөе. Чуулганыг шулж амьдрах гэдэг энэ сэдвийг та нар мэднэ биз дээ? (Тийм ээ.) Чуулганыг шулж амьдардаг хүмүүсийн илрэл юу вэ? Бид ямар илрэлээр дамжуулан, тэдний Бурханд итгэх зорилго цэвэр бус, тэд чин сэтгэлээсээ Бурханыг дагадаггүй, авралд хүрэхийг хичээдэггүй, мөн аврал хүртэх зорилгодоо хүрэхийн тулд Бурханы оршин тогтнолд итгэх итгэл болон Бурханы авралыг хүлээн авахад үндэслэн үнэнийг эрэлхийлж, хүлээн авч, Бурханы үгийг хэрэгжүүлэхээр ирдэггүй, харин чуулганыг шулж амьдрахаар ирдэг гэдгийг тодорхойлж болох вэ? Чуулганыг шулж амьдрах гэж юу гэсэн үг вэ? Өнгөц утга нь маш тодорхой. Энэ нь өдөр тутмын амьдралтай холбоотой асуудал болон хоол ундны асуудлаа шийдвэрлэхийн тулд шашны итгэлээр дамжуулан ямар нэг урсгалд нэгдэх гэсэн үг юм. Энэ бол чуулганыг шулж амьдрахын хамгийн товч, оновчтой тодорхойлолт, бас хамгийн тодорхой тодорхойлолт юм. Тэгвэл энэ хүмүүс жинхэнэ итгэгч биш, харин чуулганыг шулж амьдрахаар ирсэн гэдгийг батлах ямар илрэлийг харуулдаг вэ? Зарим хүн тодорхой ур чадвартай, жирийн хүн шиг ажиллах чадвартай байдаг ч энэ нийгэм шударга бус, тэнд ажиллаж амьжиргаагаа залгуулах амаргүй гэдгийг хардаг. Гэр бүлийнхээ бүх гишүүнийг тэжээхийн тулд ажиллаж мөнгө олоход өглөө эрт босож, орой унтаж, ихээхэн зовлон бэрхшээл туулж, олон гомдол цөхрөлийг тэвчих шаардлагатай болдог—хүн эв дүйтэй, уян хатан байх ёстойгоос гадна хангалттай харгис, муу байх ёстой бөгөөд арга мэх, чадвартай байх ёстой—тэгж байж л тогтвортой амьжиргаатай болж, нийгэмд хөлөө олж чадна. Ажиллаж байгаа тэр хүмүүсийг харвал, ямар салбарт байгаа, нийгмийн дээд, дунд, эсвэл доод давхаргад байгаа эсэхээс үл хамааран амьжиргаагаа залгуулах амаргүй байдаг. Тэр цагаан захтай ажилчид гял цал гадаад төрхтэй, өндөр албан тушаал, өндөр боловсрол, их цалин, урамшуулалтай хүн шиг царайлж, хүн бүрийн атаархлыг төрүүлдэг ч ажлын байран дээрээ тулгардаг саад бэрхшээл болгон нь хүнд зовлон зүдүүр байдаг. Ямар ч салбарт ажиллах амаргүй. Тариачин байж, газар тариалан эрхлэх бүр ч хэцүү. Тариачид маш шаргуу хөдөлмөрлөдөг ч гэр бүлээ тэжээх төдий л хоол хүнс олж авдаг, тэдэнд хувцас хунар, бусад хэрэгцээт зүйлээ авах, эсвэл байшингаа засах мөнгө байдаггүй бөгөөд мөнгө зарцуулахыг хүсвэл ногоо зарах юм уу мал маллахад түшиглэдэг—тариачин байх бүр ч зовлонтой! Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “Мөнгө олох хэцүү—төрөх амархан ч амьдрах хэцүү”—амьжиргаагаа залгуулах маш хэцүү. Зарим хүн амьжиргаагаа залгуулах арга замгүй байдаг бөгөөд шүтлэггүй хүмүүс маш муу гэдгийг хараад, шашны итгэлтэй хүмүүс гэм зэмгүй, чуулганд амьжиргаагаа залгуулах арай амар байж магадгүй гэж боддог тул Бурханы гэр сайн мэдээ номлож буй боломжийг ашиглан чуулганд шургалдаг. Тэд үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг хоол хүнсээр хангадаг гэдгийг дуулаад үүрэг гүйцэтгэхээр ирдэг. Үүрэг гүйцэтгэхийг хүсдэг зарим хүн “Би гэр бүлийнхээ гол тэжээгч. Гэрт газар тариалан эрхлэх хүн байгаад, гэр бүлийн минь амьжиргааны зардал хангагдаж л байвал би үүргээ гүйцэтгэнэ” гэж боддог. Тэдний Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэх гол зорилго нь амьд үлдэхэд хангалттай хоол хүнс, дулаан хувцас олж авах—өдөрт гурван удаа хооллох, ажиллаж, мөнгө олоход түшиглэн өөрсдийгөө тэжээх шаардлагагүй болох явдал юм; чуулган болон ах эгч нарын тусламж байгаа цагт тэдний хувьд бүх зүйл зүгээр байдаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэд чуулганы зохицуулсан бүхнийг хийдэг. Бас чуулганд орсныхоо дараа удирдагч болох, номлол айлдах арга барилыг сурч эхэлдэг зарим хүн бий. Тэд Бурханы үгийг их уншиж, Бурханы үгийг их хуулж бичиж, цээжилдэг бөгөөд цээжилснийхээ дараа бусдад номлож, асуудлаа шийдвэрлэхэд нь хүмүүст тусалж сурдаг. Тэд хүн бүрд туслахын тулд боломжтой бүх аргыг хэрэглэдэг бөгөөд хүмүүс тусламжийг нь авсныхаа дараа өөрсдөд нь тусламжийн гараа сунгана гэж найддаг, мөн номлолыг нь болон номлосон Бурханы үгийг нь сонссоныхоо дараа хүмүүс өөрсдөд нь талархаж, улмаар өглөг өгч, туслалцаа үзүүлнэ гэж найддаг. Жишээ нь, хэрвээ тэдэнд гэрийнхээ ус, цахилгааны төлбөрийг төлөх мөнгө байхгүй бол ах эгч нар төлөхөд нь тусалж чадна, хэрвээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх юм уу өвчтэй эцэг эхийнхээ эмчилгээний зардлыг төлөх мөнгө байхгүй бол үүрэг гүйцэтгэж байгаа учраас нь чуулган юм уу ах эгч нар эдгээр мөнгийг өгч чадна. Ийм маягаар тэд Бурханд итгэхдээ сэтгэл амарч, Бурханд итгэх нь үнэ цэнтэй, өөрсдөө ямар ч хохирол амсаагүй, зорилгодоо хүрсэн гэж боддог. Тэд зүрх сэтгэлдээ Бурханд тасралтгүй талархаж, “Энэ бүхэн бол бурханы нигүүлсэл, бурханы ивээл. Бурханд талархъя!” гэж хэлдэг. Бурханы хайрыг “хариулахын” тулд тэд чуулганы зохицуулалтыг “мөрддөг” бөгөөд хоол хүнс, амьжиргааны зардлаар хангагдаж л байвал ямар ч төрлийн ажил хийнэ—тэдний зорилго бол ердөө л хариуд нь тогтвортой амьжиргаатай болох явдал юм. Чуулган тэдний амьдралын хэрэгцээг үл тоомсорлож, бэрхшээлийг нь цаг тухайд нь шийдвэрлэхгүй болмогц тэд аз жаргалгүй болдог. Чуулганы ажил болон Бурханы гэрээс өөрсдөд нь даалгасан үүрэгт хандах хандлага нь даруй өөрчлөгддөг. Тэд: “Ингэж болохгүй, би гарч мөнгө олох хэрэгтэй. Өмнө нь би чуулганы ажил хийж байсан болохоор мөнгө олох боломж гараагүй. Би бүр тэр ажлыг хийхийн тулд биечлэн гарч агуу улаан лууд баривчлагдах эрсдэлд байнга орж байсан бөгөөд хаа сайгүй хүмүүс намайг таньдаг болсон. Одоо мөнгө олоход надад тохиромжгүй байна. Би яах ёстой вэ?” гэж хэлдэг. Ийм нөхцөл байдалд тэд ах эгч нарт бэрхшээл, шаардлагаа идэвхтэй илэрхийлж, тэр ч бүү хэл Бурханы гэр лүү хандан, шаардлага тавьдаг. Зарим хүн амьжиргааны зардал юм уу өтлөх насандаа хэрэглэх мөнгөгүй байдаг ч энэ асуудлаа өөрсдөө шийдвэрлэдэггүй. Харин Бурханы гэрт хүчин чармайлт гаргаж, амьжиргааны зардлаа залгуулахыг хүсдэг. Зарим хүн үүнийгээ бүр даамжруулдаг—тэд Бурханы гэрээс амьжиргааны зардал, хүүхдүүдээ өсгөх, эцэг эхээ тэжээх зардлыг нэхэмжлээд зогсохгүй эмчилгээний зардал нэхдэг. Зарим хүн бүр зээлээ төлөх мөнгийг хүртэл Бурханы гэрээс нэхдэг—тэдний шаардлага улам хэрээс хэтэрч, тэд ийм зүйл нэхэхдээ үнэхээр ичгүүр сонжуургүй байдаг. Зарим хүн Бурханд итгэж, чуулганд нэгдсэнийхээ дараа зардлаа нөхөхийн тулд Бурханы гэрээс авдаг мөнгө, мөн идэвхтэй нэхэмжилдэг нэмэлт хөрөнгө нь тэдний ажиллаж олдог мөнгөнөөс давдаг. Эдгээр нөхцөл хангагдсан суурин дээр гаднаа тэд Бурханы гэрээс даалгасан ажлыг бүхнээ зориулан, асар үнэнчээр гүйцэтгэж байгаа мэт харагддаг. Гэвч эдгээр ашиг тус багасах юм уу алга болмогц тэдний хандлага өөрчлөгддөг. Чуулганаас даалгасан ажилд хандах тэдний хандлага нь ах эгч нарын тэдэнд хандах хандлага болон Бурханы гэрээс тэдэнд өгч буй санхүүгийн тусламжийн хэмжээнээс шалтгаалан өөрчлөгддөг. Тэдний эдэлж буй нигүүлсэл хасагдах юм уу алга болмогц үүргээ гүйцэтгэж байгаа нь харагдахаа больдог. Энэ хүмүүс Бурханд итгэж эхэлсэн мөчөөсөө л Бурханы гэрт хэрхэн зальдаж байр суурьтай болох, энд хөлөө олсныхоо дараа ах эгч нарын өглөг, тусламж, түүнчлэн Бурханы гэрийн тусламж, өдөр тутмын амьдралын хангамжийг хэрхэн “зүй ёсоор” эдлэхээ тооцоолдог. Тэд Бурханы төлөө өөрсдийгөө огтхон ч чин сэтгэлээсээ зарлагаддаггүй, өөрсдийгөө яавч болзолгүйгээр зарлагаддаггүй—харин чуулганыг шулж амьдрах, амьжиргаагаа баталгаажуулах гэсэн ганцхан зорилготойгоор чуулганд нэгддэг. Энэ зорилго нь хүссэнээр нь биелэхгүй болмогц тэд хурдан дайсагнаж, үл итгэгчийн үнэн төрхөө хурдан илчилдэг. Бурханд итгэж эхэлснээсээ хойш тэд чин сэтгэлтэй байдаггүй; тэд Бурханыг чин сэтгэлээсээ дагадаггүй, эсвэл шагнал гуйхгүйгээр, хариуд нь юу ч нэхэхгүйгээр Бурханы төлөө дуртайяа аливааг хаяж, өөрсдийгөө зарлагаддаггүй. Харин тэд өөрсдийн шаардлага, санаархал, зорилготойгоор—Бурханд итгэснээсээ хойш чуулганыг шулж амьдрах, чуулган болон ах, эгч нарт найдан амьжиргаагаа залгуулах гэсэн шийдэмгий зорилготойгоор Бурханд итгэхээр ирдэг. Энэ зорилго нь хүссэнээр нь биелэхгүй юм уу бүтэхгүй болмогц тэд ажиллах юм уу бизнес хийх замаар өөр гарц хайдаг. Ийм хүмүүс байдаг биз дээ? (Байдаг.) Чуулганд ийм төрлийн зарим хүн байдаг. Эхэндээ Бурханы гэр юм уу ах эгч нар тэдэнд хувцас хунар, өдөр тутмын хэрэгцээт зүйл, мөнгө зэргийг өглөг болгон өгөх үед тэд гаднаа санаа зовсон мэт харагддаг ч дотроо бол магнай хагартлаа баярлаж байдаг. Жишээ нь, тэд нэг, хоёр ах эгчийг хүлээн авдаг, эсвэл бүтэн цагаар үүргээ гүйцэтгэдэг тул Бурханы гэр юм уу ах эгч нар гэр бүлд нь өглөг өгч, санхүүгийн тусламж үзүүлдэг гэе. Тэд үүнд нэлээд баяртай, сэтгэл хангалуун байж, Бурханд итгэх нь үнэ цэнтэй, ашигтай, ямар ч хохиролгүй гэж боддог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний зүрх сэтгэл улам шунахай болж, гараа улам их сунгаж, улам ичгүүргүй болдог—хэчнээн ихийг өгсөн ч хэзээ ч сэтгэл ханадаггүй. Эхэндээ тэд юм авахдаа санаа зовдог ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүнийг тодорхой хэмжээнд зүй ёсны гэж үзэж, дараа нь хангалтгүй байна гэж дургүйцэж эхэлдэг. Сүүлдээ тэд Бурханы гэр тодорхой хэмжээний мөнгө өгөх ёстой, эс бөгөөс тэд амьд үлдэж чадахгүй, улмаар үүргээ гүйцэтгэж чадахгүй гэж шууд шаарддаг. Тэдний шунал улам ихсэж байгаа биш үү? (Тийм ээ.) Ийм их нигүүлсэл эдэлсэн хэр нь тэд үүнийг хариулах талаар боддоггүй төдийгүй Бурханы гэрээс улам ихийг шаарддаг. Тэд Бурханы гэр өөрт нь өртэй, ах эгч нар өөрт нь өртэй, өөрт нь өглөг өгч, санхүүгийн тусламж үзүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үздэг. Хэрвээ багыг өгөх юм уу оройтуулж өгвөл тэд дургүйцдэг. Тэд өөрсдөд нь хэчнээн их мөнгө, ямар ч зүйл өгсөн авдаг бөгөөд үүнийг зүй ёсны гэж боддог. Тэд үүргээ удаан хугацаанд гүйцэтгэх тусмаа өөрсдийгөө бүр ч их эрхтэй гэж санаж, өөрсдийг нь өндөр зэрэглэлийн гар утас, компьютерээр хангахыг Бурханы гэрээс шаардаж эхэлдэг. Тэд бас гэрт нь агааржуулагч суурилуулж, богино долгионы зуух, аяга таваг угаагч зэрэг цахилгаан хэрэгслээр хангахыг Бурханы гэрээс шаарддаг. Тэд бүр Бурханы гэрээс өөрсдөд нь байшин авч өгч, машинаар хангахыг шаарддаг бөгөөд зарим нь гэрийн үйлчлэгч нэхдэг. Тэдний шаардлага улам ихсэж, шунал нь нэмэгдэж, эцэст нь тэд хэрээс хэтэрсэн хөгийн зүйл нэхэж, юу ч хамаагүй гуйж зүрхэлдэг. Тэд “Би бурханд итгэхдээ Бурханы гэрийн төлөө өөрийгөө зарлагадаж, хүчин чармайлт гаргасан. Би бурханы гэрийн нэг хэсэг. Та нар бурханд маш олон өргөл өгдөг—надад хувь хүртээхэд юу нь буруу байх билээ? Тэгээд ч надад хувь хүртээлээ гээд зүгээр өгч байгаа хэрэг биш; би бас бурханы гэрт хүчин чармайлт гаргаж, эрсдэл үүрч, зовлон бэрхшээл туулж, төлөөс төлдөг. Би эдгээрийг эдлэх нь зүй ёсны хэрэг биш үү? Тиймээс бурханы гэр миний шаардлагыг болзолгүйгээр хангаж, хэрэгтэй бүхнийг минь өгөх ёстой, надаас харамлах ёсгүй” гэж боддог. Надад хэл дээ, энэ нь чуулганыг шулж амьдарч буйн илрэл биш гэж үү? Ийм хүмүүс үл итгэгчид биш үү? (Мөн.) Эдгээр зан авирын үнэн зөв тодорхойлолт бол чуулганыг шулж амьдрах явдал юм. Чуулганыг шулж амьдрах гэж юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханд итгэх нэрийдлээр Бурханы гэрээс мөнгө, эд хөрөнгө шантаажлах, Бурханы гэрийн төлөө хүчин чармайлт гаргаж, үүрэг гүйцэтгэх нэрийдлээр Бурханы гэрээс шан харамж нэхэхийг хэлнэ. Чуулганыг шулж амьдрах гэдэг нь энэ юм. Ийм хүмүүс үнэнийг эрэлхийлж чадах уу? (Үгүй.) Тэд юуны төлөө аливааг хаяж, хүчин чармайлт гаргаж, зовлон бэрхшээл туулдаг вэ? Үүрэг гүйцэтгэхийн төлөө юу? Тэд үнэнийг хэрэгжүүлж байна уу? (Үгүй.) Тэд огтхон ч үүргээ гүйцэтгэхийн төлөө биш, харин бүхэлдээ амьжиргаагаа залгуулахын төлөө хүчин чармайлт гаргаж, зовлон бэрхшээл туулдаг бөгөөд өөрсдийгөө хэнээр ч шүүмжлүүлдэггүй—тэд зүгээр л чуулганыг зүй ёсоор шулж амьдрахыг хүсдэг. Эдгээр нь чуулганыг шулж амьдардаг хүмүүс юм.

Чуулганыг шулж амьдардаг хүмүүс өөр шалтгаанаар бус, гагцхүү амьжиргаагаа залгуулж, амин зуулгатай болохын тулд л Бурханд итгэдэг. Та нарын эргэн тойронд чуулганыг шулж амьдардаг хүмүүс бий юу? Тэдний илрэлийн талаар ярь даа. (Би ийм хүнтэй таарч байсан. Эхэндээ тэр жаахан ухаантай, урам зоригтой мэт санагдсан тул чуулган түүгээр сайн мэдээ номлуулахаар зохицуулсан. Тэр үед гэр бүлийнх нь амьдрал хэцүү байсан тул чуулган түүнд бага зэрэг тусламж үзүүлсэн. Гэвч тэрээр мөнгийг зарчимгүй үрж, зарцуулах ёсгүй зүйлд зарцуулж, хэмнэж болох зүйл дээр хэмнэхгүй байгаа нь сүүлд мэдэгдсэн. Ах эгч нар түүнтэй үнэн-зарчмыг нөхөрлөхөд тэр урвайж, дотроо маш их эсэргүүцэж байсан. Тэрээр Бурханы гэрийн мөнгийг зүй бусаар ашигласан учраас чуулган Бурханы гэрийн зохицуулалт, заалтын дагуу боломжийн тохируулга хийж, түүнд өгдөг санхүүгийн тусламжийг багасгасан юм. Үр дүнд нь тэрээр үүргээ гүйцэтгэхдээ урьдын эрч хүчээ алдаж, улам бүр хааш яаш болсон. Сүүлдээ чуулган түүнд туслахаа больж, тэр үүргээ гүйцэтгэхдээ сэтгэл гаргахаа больсон. Тэрээр хэрхэн ажиллаж, мөнгө олох талаар бодож хамаг цагаа өнгөрөөдөг болсон. Тэр ч бүү хэл, ах эгч нараас мөнгө зээлээд, машин худалдаж авч, компани байгуулахад хөрөнгө оруулах хэрэгтэй байна, ингэвэл сайн мэдээ номлоход илүү хялбар болж, илүү олон хүнийг олж авна гэж хэлсэн. Тэрээр энэ үгээрээ хүмүүсийг илт хуурч, төөрөлдүүлж байсан; тэр сайн мэдээ номлох нэрийдлээр ах эгч нараас мөнгийг нь луйвардаж байсан.) Энэ хүнийг яаж шийдвэрлэсэн бэ? (Түүнийг шууд хөөсөн.) Тэгэх нь зөв. Энэ бол чуулганыг шулж амьдарч буй хэрэг юм. Чуулганыг шулж амьдардаг хүмүүс Бурханд анх итгэхдээ бага зэрэг урам зоригтой харагдаж, өөрсдийгөө бага зэрэг зарлагаддаг бөгөөд энэ үед тэдний шаардлага өндөр биш байдаг—тэд зүгээр л хоолтой байхад болдог. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд өгсөн зүйлд сэтгэл ханахаа больж, улам их зүйл шаардаж эхэлдэг бөгөөд шаардлага нь хангагдахгүй бол зальжин байдлаар авирлаж эхлэн, үйлчлэл үзүүлэх хүсэлгүй болдог. Үүргээ бага зэрэг гүйцэтгэх үед нь ч тэднийг харж хандах хүн хэрэгтэй болдог, эс бөгөөс тэд хааш яаш хийдэг. Эцэст нь, тэдний үзүүлж буй үйлчлэл нэмэр болохоос илүү нэрмээс болж байгаа нь мэдэгдэх үед тэднийг таягдан хаядаг. Зарим хүн: “Бурханы гэр яагаад тэднийг хайрладаггүй юм бэ?” гэж хэлдэг. Хайрлахад ч бас зарчим гэж бий. Тэр хүмүүс бол үл итгэгчид, тэд Бурханы үгийг уншдаггүй, үнэнийг хүлээж авдаггүй, үүргээ гүйцэтгэхдээ байнга зальжин авирлаж, хааш яаш ханддаг, үнэнийг нөхөрлөх үед сонсдоггүй, ямар ч засалтыг хүлээж авдаггүй бөгөөд тэднийг засаршгүй гэж хэлж болно. Үр дүнд нь тэднийг зайлуулж, таягдан хаях замаар л шийдвэрлэх боломжтой. Хэрвээ удирдагч, ажилчид ийм төрлийн хүнийг олж илрүүлбэл даруй шийдвэрлэх ёстой бөгөөд хэрвээ ах эгч нар ийм хүнийг олж илрүүлбэл удирдагч, ажилчдад даруй мэдээлэх ёстой. Энэ бол Бурханы сонгосон хүн бүрийн хариуцлага юм. Энэ хүн чуулганыг шулж амьдардаг, зөвхөн амьжиргаагаа залгуулахыг л хүсдэг, үл итгэгч гэдэг нь батлагдаж, мөн мөнгө өгөхгүй бол ажиллахаас татгалздаг, хангалттай төлөхгүй байна гэж бодвол дургүйцэж, дайсагнадаг, хангалттай мөнгө төлсөн үед л жаахан ажил хийдэг нь батлагдмагц тэдэнд ямар ч өршөөл үзүүлэх ёсгүй—тэднийг зайлуулах ёстой! Нарийн яривал, ийм хүмүүс Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхэд ч тэнцэхгүй. Хэрвээ чи тэдэнд мөнгө өгөхгүй бол тэд үйлчлэл үзүүлэхийг хүсэхгүй; харин мөнгө өгч байгаа цагт тэд зүгээр л үйлчлэл үзүүлж байгаагаа мэдэж байсан ч хийхийг хүссээр байх болно. Гэвч эдгээр үл итгэгч ямар үйлчлэл үзүүлж чадах вэ? Тэд үйлчлэлээ ч сайн үзүүлж чаддаггүй, үйлчлэл нь стандартад нийцдэггүй тул тэднийг таягдан хаях ёстой. Тиймээс тэд бол чуулганыг шулж амьдардаг төрлийн хүмүүс гэдгийг ялган таньмагцаа хийх ёстой хамгийн эхний зүйл бол тэднийг ёрын муу хүмүүс гэж үзэн шийдвэрлэж, чуулганаас хөөх явдал юм. Энэ нь огтхон ч хэрээс хэтэрсэн хэрэг биш; энэ нь хүмүүсийг зайлуулж, хөөх Бурханы гэрийн зарчимд бүрэн нийцдэг. Ийм хүнд гэмших боломж олгох хэрэгтэй юу? Тэднийг үлдээж ажиглах хэрэгтэй юу? (Үгүй.) Тэд гэмшиж чадах уу? (Үгүй.) Энэ нь чухамдаа тэдний уг чанар юм; тэд хэзээ ч гэмшихгүй. Тэд бол Сатаны төрөл юм. Сатаны төрлийн дунд адгийн шаар шиг уг чанартай нэг төрлийн хүн байдаг бөгөөд тэд хаа ч байсан бусдыг шулж үнэгүй идэж уухыг хүсдэг, хаашаа ч явсан ямар ч зүй зохистой ажил хийдэггүй, зөвхөн хүмүүсийг залилж, хуурахыг л хичээдэг. Тэд Бурханд итгэгчид хүн чанартай гэдгийг хараад, энэ хүмүүсийг амархан олз гэж үздэг тул чуулганыг шулж амьдрахаар Бурханы гэрт ирдэг. Бурханы гэр тэднийг аль хэдийн ялган таньж, тэднээс сэрэмжилсэн, мөн тэдэн шиг хүмүүстэй харьцах зарчимтай гэдгийг тэд мэддэггүй. Чуулганыг шулж амьдрах оролдлого нь бүтэлгүйтэх үед тэд ичсэндээ уурлаж, үнэн төрхөө ил болгодог. Тэр үед Бурханы гэр яагаад ийм хүмүүст гэмших боломж олгодоггүйг чи мэдэх болно—яагаад гэвэл тэд хүн чанаргүй, өөрчлөгдөж чадахгүй. Тэд бол шүтлэггүй хүмүүсийн ярьдаг адгийн шаарнууд юм. Тиймээс Бурханы гэр ийм хүмүүсийг шууд зайлуулах юм уу хөөх замаар шийдвэрлэдэг бөгөөд хэзээ ч чуулганд буцааж авдаггүй. Тэднийг ёрын муу хүмүүс гэж үзэн шийдвэрлэх нь тохиромжтой юу? (Тийм.) Үүгээр энэ сэдвийн талаарх нөхөрлөлөө өндөрлөе.

Е. Хоргодох

Дараа нь бид зургаа дахь зорилго, чуулганаас зайлуулах юм уу хөөх ёстой зургаа дахь төрлийн үл итгэгч буюу хоргодох зорилгоор Бурханд итгэдэг хүмүүсийн тухай нөхөрлөнө. Зарим хүн: “Хоргодохын илрэл юу вэ? Хоргодохын тулд Бурханд итгэдэг хүмүүс байдаг юм уу? Тийм хүмүүс үнэхээр байдаг уу?” гэж хэлдэг. Та нар хэн нэгний “Чуулган бол хоргодох газар; хүмүүс хоргодохын тулд Бурханд итгэдэг” гэж хэлэхийг сонсож байсан уу? Шашны олон хүн ингэж хэлдэг. Энэ үгийн мөн чанарын тухайд гэвэл, энэ үг болон бидний задлан шинжлэх гэж буй “хоргодохын тулд Бурханд итгэх” гэсэн зорилгын хооронд ялгаа бий юу? (Тийм.) Ялгаа нь юу вэ? Тэд юунаас хоргоддог юм бэ? (Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс ч гэсэн үнэнийг эрэлхийлэхдээ зарим нэг хольцтой байдаг; тэд ч бас гамшиг юм уу бэрхшээлээс зайлсхийж, жаахан амар тайвныг олж авах гэж найддаг. Гэхдээ зургаа дахь зорилгод дурдсан төрлийн хүмүүс гагцхүү хоргодохын тулд л Бурханд итгэдэг бөгөөд тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл өчүүхэн төдий ч байдаггүй. Энэ бол ялгаа нь.) Энд буй ялгаа нь Бурханд итгэх зорилгодоо хольцтой байх болон гагцхүү хоргодох зорилгоор Бурханд итгэх хоёрын ялгаа юм. Энэ ялгаанаас гадна тэд юунаас хоргодож байгаад ч ялгаа бий. Зарим хүний Бурханд итгэх зорилго нь хольцтой байдаг; тэд гамшгаас зайлсхийх, гамшгаас зугтахын тулд, эсвэл Бурхан өөрсдийг нь хамгаалж, харж хандана, тэгснээр зарим аюул, гамшгаас бодитоор зайлсхийж чадна гэсэндээ Бурханд итгэдэг. Тэдний зайлсхийхийг зорьдог зүйл нь эдгээр гамшиг юм. Бидний нөхөрлөж буй зургаа дахь зорилгод багтах энэ төрлийн хүмүүс буюу хоргодох зорилгоор Бурханд итгэдэг хүмүүс илүү өргөн хүрээтэй зүйлсээс хоргодохоор эрэлхийлдэг. Тэдний хувьд хамгийн тулгамдсан асуудал нь хараахан тохиолдоогүй байгаа их сүйрлээс зайлсхийхээс ч хавьгүй илүү юм. Тэгвэл тэдний хувьд хамгийн тулгамдсан асуудал нь юу вэ? Нийгэмд хүчирхэг дайсантай тулгарах, шүүхийн маргаан шийдвэрлэх, засгийн газрын албан тушаалтан юм уу нөлөө бүхий хүмүүсийг гомдоох, хууль зөрчих, улс оронд нь дайн юм уу янз бүрийн гамшиг тохиолдох, эсвэл өөрсдийнх нь амь нас, гэр бүлийнх нь аюулгүй байдалд заналхийлсэн зарим хүн, үйл явдалтай тулгарах гэх мэт. Эдгээр нөхцөл байдалтай тулгарсныхаа дараа тэд итгэж болохуйц, найдвартай гэж үзсэн чуулганаа олж, хоргодохоор эрэлхийлдэг; энэ бол зургаа дахь зорилгод дурдсан хоргодох явдал юм. Өөрөөр хэлбэл, тэд өдөр тутмын амьдралдаа амь нас, гэр бүл, ажил, карьер гэх мэтэд нь аюул учруулах зарим бэрхшээлтэй тулгарах үедээ чуулганд ирж хоргодон, олон тооны хүнээс бүрдсэн хүчний тусламжийг хайдаг. Энэ бол зургаа дахь зорилгод дурдсанчлан хоргодох зорилгоор Бурханд итгэх явдал юм. Энэ нь жинхэнэ итгэгчдийн хольцоос ялгаатай байгаа биш үү? (Тийм.) Ийм төрлийн хүний Бурханд итгэх зорилго нь хоргодох, чуулганаас тусламж эрэх явдал юм. Өөрөөр хэлбэл, тэд чуулган өөрсдөд нь тусламжийн гараа сунгана гэж найддаг бөгөөд санхүүгийн тусламжаас гадна өөрсдийг нь хамгаалалт, дэмжлэг, тусламжаар хангахыг чуулганаас шаарддаг. Иймэрхүү зарим хүн бас чуулганы нийгэм дэх нөлөө, байр суурь, нэр хүндийг ашиглан Бурханд итгэдэг хүмүүсийг дарлаж, хорлодог хорон муу дэглэм юм уу хорон муу хүчтэй тэмцэхийг хүсдэг, ингэснээр амь нас, амьжиргаа хамгаалагдаж чадна. Энэ бол тэдний Бурханд итгэх зорилго юм. Ийм хүмүүс байдаг уу? Тэд чуулганыг улс төр, нийгмээс тусгаарлагдаж болох хоргодох сайн газар гэж үздэг бөгөөд тусламж хэрэгтэй үед нь чуулган чин сэтгэлээсээ, эелдгээр тусламжийн гараа сунгаж, ямар ч санхүүгийн тусламж үзүүлж, өөрсдийг нь өмгөөлж, хамгаалж, шүүхийн зарга дээр өөрсдийг нь төлөөлж, өөрсдийнх нь эрх, ашиг сонирхлын төлөө тэмцэж чадна гэж боддог. Энэ хүмүүсийн Бурханд итгэх зорилго энэ юм. Өнөөдрийг хүртэл чуулганд ийм хүмүүс байгаа юу? Та нар ийм хүмүүс байдаг гэж сонсож байсан уу? Хилийн чанад дахь чуулгануудад ийм хүмүүс гарцаагүй байгаа. Энэ хүмүүс зөвхөн хоргодох зорилгоор л Бурханд итгэж, чуулганд нэгддэг. Тэд итгэл гэж юу болохыг ойлгодоггүй, үнэнийг бүр ч сонирхдоггүй. Гэвч бэрхшээлтэй тулгарч, нийгмээс ямар ч тусламж олж чадахгүй үедээ тэд чуулганыг боддог бөгөөд чуулган бол аюулгүй хоргодож болох газар, зугтах хамгийн сайн зам, хамгийн аюулгүй газар гэж үздэг тул гамшгаас зайлсхийх зорилгодоо хүрэхийн тулд Бурханд итгэж, чуулганд орох сонголт хийдэг.

Гамшгууд одоо улам бүр ихсэж, хүн амьдрах аргагүй болж байна. Гагцхүү гамшгаас зайлсхийхийн тулд л Бурханд итгэхээр сонгодог зарим хүн бий. Тэд Бурхан оршдог гэдэгт итгэдэг ч үнэнийг өчүүхэн төдий ч хайрладаггүй. Хэрвээ тийм хүмүүс Бурханд итгэхээр ирвэл чуулган тэднийг оруулах ёстой юу? Энэ асуудлыг олон хүн тодорхой хардаггүй бөгөөд Бурхан оршдог гэдэгт итгэдэг хэн бүхнийг чуулган хүлээн авах ёстой гэж боддог. Энэ бол аймшигтай алдаа юм. Хэн нэгнийг хүлээн авах чуулганы шийдвэр нь тухайн хүн Бурханд итгэхэд бэлэн эсэхэд биш, харин үнэнийг хүлээн авч чадах эсэх, Бурханы авралын бай мөн эсэхэд үндэслэх ёстой. Бурханд итгэснээр ерөөл хүртэж, гарц олохыг хүсдэг олон диавол байдаг—чуулган ийм хүмүүсийг ч бас хүлээж авах ёстой юу? Энэ нь итгэж л байвал хэнийг ч хүлээж авдаг байсан Нигүүлслийн эрин үед сайн мэдээ номлохтой адилгүй; Хаанчлалын эрин үед чуулган хэнийг хүлээж авахтай холбоотой зарчим болон Бурханы захиргааны зарлигийн хязгаарлалт байдаг. Хэн ч байлаа гэсэн үнэнийг хайрладаггүй, үнэнийг хүлээн авдаггүй бол хүлээн авч болохгүй. Яагаад тийм хүмүүсийг хүлээн авдаггүй вэ? Гол нь бид тэдний уг гарлыг юм уу үнэн хэрэгтээ ямархуу хүмүүс болохыг тодорхой харж чадахгүй учраас тийм хүмүүсийг хүлээн авч болохгүй. Хэрвээ чуулган диавол юм уу жигшмээр ёрын муу хүнийг хүлээн авбал чуулганд ямар муу үр дагавар гарахыг хүн бүр мэднэ. Түүнчлэн, Бурханд итгэхдээ бид Бурханы санаа зорилгыг болон Бурхан хэнийг авардаг, хэнийг таягдан хаядгийг ойлгох ёстой. Чуулган ямар хүмүүсээс бүрддэг вэ? Бурханы авралыг хүлээн авдаг, үнэнийг хайрладаг, Бурханы хүлээн авдаг хүмүүсээс бүрддэг. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэггүй, үнэнийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан авардаггүй, учир нь үнэнийг хүлээн авахгүй байх нь хүний уг чанарын асуудал бөгөөд ийм төрлийн хүн Сатанд харьяалагддаг, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тиймээс ийм хүмүүсийг чуулганд хэзээ ч оруулж болохгүй. Хэрвээ хүн ёрын муу хүн юм уу диаволыг чуулганд оруулбал тэр хүн Сатаны зарц юм. Тэд чуулганы ажлыг зориуд нурааж, сүйтгэхээр ирсэн учир Бурханы дайсан юм. Тийм диавол юм уу Бурханы дайсныг чуулганд оруулах нь Бурханы зан чанарт халдаж, захиргааны зарлигийг зөрчсөн хэрэг бөгөөд Бурханы гэр үүнийг яасан ч хүлцэхгүй. Ёрын муу хүмүүс, диаволуудыг чуулганд оруулахыг хориглоно—энэ бол сайн мэдээ номлох ажлын талаарх чуулганы тодорхой байр суурь, шаардлагуудын нэг юм. Чуулган гамшгаас зайлахын тулд Бурханд итгэхээр сонгодог хүмүүсийг хүлээн авах ямар ч хариуцлага хүлээхгүй, мөн үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй хүмүүсийг хэзээ ч чуулганд оруулж болохгүй, учир нь Бурхан тийм хүмүүсийг авардаггүй юм. Төгс Хүчит Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөггүй, үнэнийг эсэргүүцэж, зэвүүцдэг хэн боловч ёрын муу хүн бөгөөд Бурхан тэднийг авардаггүй. Зүрх сэтгэлдээ Бурханыг хүлээн зөвшөөрдөг ч үнэнийг хайрладаггүй, цадталаа талх иддэг үл итгэгчид гэж ангилагддаг хүмүүсийн тухайд гэвэл, чуулган хэнийг нь ч хэзээ ч хүлээж авах ёсгүй. Чуулганд ирж хоргодохыг хүсдэг нийгмийн тэр ичгүүр сонжуургүй хүмүүсийн талаар ярихын ч хэрэггүй—тэднийг бүр ч хүлээж авах ёсгүй. Яагаад гэвэл, чуулган бол буяны байгууллага биш, харин Бурхан хүнийг аврах ажлаа хийдэг газар юм. Чуулганы ажил улсын засгийн газартай ямар ч холбоогүй. Нийгмийн байгууллагууд хүмүүсийг сайн үйл хийх, зэвсгээ хаяхад ятгадаг—энэ нь улс үндэстний төлөө байдаг бөгөөд чуулгантай ямар ч хамаагүй. Хэрвээ хэн нэгэн хүн шүтлэггүй ёрын муу хүн, диавол, эсвэл үл итгэгчийг чуулганд оруулж зүрхэлбэл тэр хүн Бурханы зан чанарт халдаж, Бурханы захиргааны зарлигийг зөрчсөн байх болно. Ёрын муу хүн, диаволыг чуулганд оруулсан хэнийг боловч Бурханы гэрээс зайлуулах юм уу хөөх ёстой. Энэ бол сайн мэдээ номлох ажлын талаарх чуулганы тодорхой байр суурь юм. Энэ ёрын муу хүмүүс, диаволууд Бурханы гэрт ирж хоргодохыг хүсвэл тэдэнд буруу хаалгаар орж ирсэн, буруу газар сонгосон гэдгийг нь хэлэх ёстой. Чуулган тэднийг яавч хүлээж авахгүй. Энэ бол хоргодохыг хүсдэг шүтлэггүй хүмүүст хандах чуулганы тодорхой байр суурь юм. Үүнийг тодорхой ойлгов уу? (Тийм.) Тэгвэл бид ийм хүмүүсийг яаж шийдвэрлэх ёстой вэ? Тэдэнд хэлэх тохиромжтой арга зам юу вэ? Чи ингэж хэл: “Аль ч улс оронд Улаан Загалмайн нийгэмлэг, халамжийн байгууллагууд, хоргодох байр, Буддын шашны сүм хийд, түүнчлэн нийгмийн зарим сайн дурын бүлгэм байдаг. Хэрвээ чамд бэрхшээл тулгарч, шийдвэрлүүлэх ёстой гомдол байгаа гэж бодож байвал эдгээр байгууллагаас тусламж эрж болно. Түүнчлэн, чи засгийн газраас улс төрийн орогнол юм уу дүрвэгчийн орогнол хүсэж болох бөгөөд санхүүгийн нөхцөл байдал чинь боломжтой бол өмгөөлөгч хөлслөн хэрэг дээрээ туслуулж болно. Харин энэ бол чуулган; энэ бол Бурханы ажилладаг газар, Бурхан хүмүүсийг авардаг газар болохоос биш, чиний хоргодох газар биш. Тиймээс чи чуулганд ороход тохиромжгүй, энд үлдээд ямар ч нэмэргүй. Бурхан ийм хүмүүсийг хүлээж авдаггүй, чуулган ч бас тэднийг хүлээж авдаггүй. Шүтлэггүй хүмүүс ямар ч бэрхшээлтэй тулгарсан, нийгэм дэх буяны байгууллага, тусламжийн байгууллага, эсвэл Иргэний Хэргийн товчооноос тусламж эрэх ёстой—эдгээр байгууллага нь хүмүүст үйлчлэх, өглөг өгөх, бусдад туслахад санаа тавьдаг. Чамд ямар ч гомдол, шаардлага байсан тэдэнд хэлж, эсвэл засгийн газарт өргөдөл гаргаж болно. Тэдгээр нь чамд хамгийн тохиромжтой газар юм.” Чуулган ямар ч үл итгэгч, шүтлэггүй хүнийг хүлээж авдаггүй. Хэрвээ хэн нэгэн тун “элэгсэг” бол тийм хүмүүсийг хувиараа хүлээж аваад, өөрөө учрыг нь олог; тэд тийм хүмүүсийг өөрсдөө хариулж болох бөгөөд Бурханы гэр үүнд оролцохгүй. Зарим хүн: “Тэгвэл чуулган яагаад сайн мэдээ номлодог юм бэ? Сайн мэдээ номлохын зорилго юу вэ?” гэж асууж магадгүй. Сайн мэдээ номлох нь Бурханы даалгавар юм. Сайн мэдээний бай бол Бурханыг эрж хайж, үнэн замыг эрж хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн тэмүүлдэг, үнэнийг хайрлаж, үнэнийг хүлээн авч чаддаг, Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс юм—зөвхөн энэ хүмүүст л сайн мэдээ номлож болно. Бурханыг эрж хайдаггүй, үнэнийг хүлээн авдаггүй, харин хоргодохын тулд ирдэг хүмүүсийн тухайд гэвэл, тэдэнд сайн мэдээ номлодоггүй. Зарим мунгинасан хүн энэ хэрэг явдлыг нэвт харж чаддаггүй бөгөөд өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед будилдаг—тэд бол Бурханы санаа зорилгыг хэзээ ч ойлгохгүй мунхаг хүмүүс юм.

Ё. Дэмжигч олох

Бурханд итгэдэг хүмүүсийн долоо дахь зорилго бол дэмжигч олох явдал юм. Та нар ийм хүмүүсийг харж байсан уу? Энэ бол нэлээд онцгой нөхцөл байдал; хэдийгээр тийм хүмүүс олон биш ч гэсэн гарцаагүй байдаг. Учир нь Бурханы чуулганууд Хятадад төдийгүй Ази, Европ, Америк тив, Африкийн янз бүрийн улс оронд бий болсон, тиймээс эдгээр завшааныг ашиглагч болон үл итгэгч тэдгээрийг даган гарч ирнэ. Энэ хүмүүс гарч ирэх магадлал хэр их байх нь хамаагүй, ямартай ч нэгэнт гарч ирвэл та нар тэдэнтэй нүүр тулж, ялган таних ёстой бөгөөд ийм үл итгэгчид ямар нэг байр суурь олж авч, чуулганд үймээн үүсгэхийг зөвшөөрч болохгүй. Хэрвээ та нар эдгээр асуудал гарч ирээгүй, эсвэл та нарт тулгараагүй болохоор оршдоггүй гэж бодож байгаа бол энэ нь мунхаг бодол юм. Эдгээр асуудал үүсмэгц хэрвээ чи ялган таних чадваргүй, хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байвал энэ нь чуулган, Бурханы гэр, ах эгч нар болон чуулганы ажилд асар их далд аюул авчирна. Тиймээс, аливаа зүйл тохиолдохоос өмнө ямар асуудалтай нүүр тулах ёстой, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх ёстойг чи мэдэж байх хэрэгтэй. Энэ бол хамгийн сайн арга; энэ нь чамд үл үзэгдэх хамгаалалт болдог. Бурханд итгэх долоо дахь зорилгод дурдсан, дэмжигч олохын тулд Бурханд итгэдэг хүмүүс цөөнгүй бий. Энэ нийгэм хаа сайгүй шударга бус явдал, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтаар дүүрэн байдаг. Нийгмийн бүх давхаргад амьдарч буй хүмүүс нийгэм дэх төрөл бүрийн шударга бус явдлыг жигшиж, үзэн яддаг бөгөөд бас уур хилэнгээр дүүрэн байдаг. Гэвч хэрвээ чи хүний ертөнцөөс алга болохгүй л бол хүний ертөнцийн шударга бус явдлаас зугтах амаргүй. Хүн дэлхий ертөнцөд амьдарч байгаа цагт, энэ хүмүүсийн дунд амьдарч байгаа цагт их, бага хэмжээгээр дээрэлхүүлж, доромжлуулах бөгөөд зарим хүчирхэг хүчинд мөшгөгдөж, хавчигдаж ч магадгүй. Энэ төрөл бүрийн шударга бус явдал, тэгш бус байдал нь хүмүүсийн сэтгэл зүйд асар их стресс үүсгэж, сэтгэл зүйн ихээхэн дарамт авчирдаг бөгөөд мэдээж хүмүүсийн хэвийн амьдралд олон төвөг учруулдаг. Үр дүнд нь зарим хүнд өөрийн эрхгүй нэг бодол төрдөг: “Хүн нийгэмд хөлөө олохын тулд ар талд нь түшиж дэмжих хүч байх ёстой. Тэгвэл бэрхшээлтэй тулгарч, тусламж хэрэгтэй байх үед, эсвэл ганцаардаж, арга мөхөстөх үед нь тэдний арыг даах, өмнөөс нь шийдвэр гаргах, тулгарсан бэрхшээл, асуудлыг нь зохицуулж өгөх, эсвэл үндсэн амьжиргааг нь баталгаажуулах бүлэг хүн байх болно.” Тиймээс тэд ийм дэмжлэгийг олохоор чармайдаг. Мэдээж энэ хүмүүсийн зарим нь эцэстээ чуулганыг олдог. Чуулганы хүмүүс зүрх сэтгэлээрээ нэгдмэл, нэг зорилгын төлөө ажилладаг, дор бүрнээ итгэлтэй, сайхан санаа зорилготой, бусдад эелдэг ханддаг, нийгмийн зөрчилдөөнөөс хол байж, нийгмийн ёрын муу чиг хандлагаас зай барьдаг гэж тэд үздэг. Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд чуулган бол энэ нийгэм, ертөнц дэх агуу шударга ёсны бэлгэ тэмдэг гэдэг нь эргэлзээгүй; чуулганы хүмүүс ч бас бусдын оюун санаанд эерэг, сайн, сайхан дүр төрхтэй байдаг. Зарим хүн нийгмийн доод давхаргынх, нийгэмд ямар ч эрх мэдэлгүй, гэр бүлийн сайн ар тал огт байхгүй учраас Бурханд итгэхээр сонгодог. Тэд сургуульд сурах, найз нөхөдтэй болох, ажил олох, эсвэл янз бүрийн зүйл хийхдээ элдэв бэрхшээлтэй тулгардаг тул энэ нийгэмд амьд үлдэж, хөлөө олохын тулд өөрсдөд нь туслах хүмүүс байх ёстой гэж үздэг. Жишээ нь, тэд ажил хайхдаа өөрсдөдөө найдаж, сохроор хайвал хайсаар байгаад тохирох ажил олж чадалгүйгээр хуримтлалаа бараг шавхаж магадгүй. Харин чин сэтгэлээсээ тусалж чадах найдвартай хүмүүс ажил хайхад нь тэдэнд тусалбал туулах ёстой бэрхшээл нь хамаагүй цөөрч, ажил хайхад зарцуулах цаг хугацаа нь ихээхэн багасдаг. Тиймээс, хэрвээ ийм дэмжигч олж чадвал нийгэмд шийдвэрлэх ёстой бүх зүйл буюу сургуульд сурах, ажил хайх, тэр ч бүү хэл өдөр тутмын амьдрал, амьд үлдэх тухайд ч гэсэн өөрсдөд нь зуучилж, дэмжих хүмүүс, ард нь туслах урам зоригтой бүлэг хүн байна гэж тэд үздэг. Тиймээс тэд чуулганыг олох үедээ зөв газраа олсон гэж боддог. Чуулган тэдний хувьд нийгэмд хөлөө олж, амар тайван амьдралд хүрэх маш сайн сонголт болдог. Жишээ нь, эмчид үзүүлэх, дэлгүүр хэсэх, даатгал худалдаж авах, байр худалдаж авах, хүүхдүүддээ сургууль сонгоход нь туслах, тэр ч бүү хэл аливаа хэрэг явдлыг зохицуулахдаа тэд тусламжийн гар сунгаж, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нь туслах хайр энэрэлтэй хүмүүсийг чуулганаас үргэлж олж чаддаг. Ингэснээр амьдрал нь хамаагүй илүү тав тухтай болж, нийгэмд цаашид ганцаардахаа больж, хэрэг явдлыг зохицуулахад тулгардаг бэрхшээл ихээхэн багасдаг. Тиймээс тэдний хувьд чуулганд ирж Бурханд итгэх нь үнэхээр бодит ашиг тус өгдөг. Тэд эмчид үзүүлсэн ч гэсэн ах эгч нар эмнэлэгт танил тал олж, тэдэнд тусалдаг; тэд худалдан авалт хийхдээ хамгийн хямдралтай үнээр авахын тулд ах, эгч нарыг ашиглаж, тэр ч бүү хэл хөнгөлөлттэй үнээр байр худалдаж авч чаддаг. Чуулганы ах эгч нарын тусламжтайгаар энэ бүх асуудал шийдэгддэг. Тэд “Бурханд итгэх үнэхээр сайхан! Ажил хайх, асуудал зохицуулах, юм худалдаж авах гээд бүгд одоо тааламжтай боллоо! Надад ямар нэг зүйл хэрэгтэй болох бүрд зүгээр л утсаар ярих юм уу бүлэгт зурвас бичихэд л бүгд хүч хавсран тусламжийн гараа сунгадаг. Чуулганд сайхан сэтгэлтэй хүмүүс маш олон; хэрэг явдлыг зохицуулахад үнэхээр тухтай! Дэмжигч олох амар байгаагүй болохоор би яасан ч чуулганыг орхихгүй. Гэвч бурханы гэрийн цуглаан дээр дандаа бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөдөг нь надад эвгүй, төвөгтэй санагддаг. Би бурханы үгийг идэж, уухыг хүсдэггүй, үнэний талаар нөхөрлөл сонсох бүрдээ зэвүүцдэг. Гэхдээ сонсохгүй бол болохгүй—би тэднийг орхиж явж чадахгүй. Тэд надад маш их тусалдаг. Хэрвээ би сонсохоос татгалзвал ичмээр санагдана, бас итгэхээ болилоо гэж хэлэх ч эвгүй, тиймээс зүгээр л аяыг нь дагаж, сайхан үг хэлэх ёстой” гэж боддог. Тэд зүрх сэтгэлдээ үнэндээ итгэхийг хүсдэггүй ч энэ мэдрэмжээ дотроо нуухаас өөр аргагүй байдаг. Зарим хүн: “Тэднийг ах эгч нараар ажил хэргээ зохицуулуулахаар үргэлж гуйж байгааг, ах эгч нарыг туслах үед тэд нэлээд баяртай байгааг л Та харж байна—ганцхан үүнээс болоод л Бурханд итгэх зорилго нь дэмжигч олох явдал гэдгийг Та ялган таньж чадлаа гэж үү?” гэдэг. Эдгээр илрэлээс гадна, тэд ер нь Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөдөг эсэх, үүргээ гүйцэтгэж чаддаг эсэх, ямар нэг бодитой өөрчлөлт гаргасан эсэхийг хар; ингэвэл тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг эсэхийг чи мэднэ. Дэмжигч хайдаг хүмүүс зүгээр л чуулган болон ах эгч нарыг ашиглан ажил хэргээ бүтээлгэж, амьдралынхаа бэрхшээлийг шийдвэрлүүлэхийн тулд Бурханд итгэдэг. Гэвч тэд үүргээ гүйцэтгэх талаар хэзээ ч дурддаггүй, Бурханы үгийг идэж ууж, нөхөрлөдөг ч үгүй. Ажил бүтээх ямар нэг овжин арга замын талаар сонсмогцоо тэд маш их хөөрцөглөж, зогсоо зайгүй чалчиж эхэлдэг бөгөөд яриаг нь таслах ч аргагүй байдаг. Гэвч үүрэг гүйцэтгэх, эсвэл үнэнч шударга байж, худал хэлэхгүй, бусдыг хуурахгүй байх тухайд тэд таг дуугүй болдог. Тэд зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг сонирхдоггүй—чи хэчнээн урам зоригтой ярьсан ч тэд ямар ч хариу үзүүлдэггүй, оролцдоггүй; тэр ч бүү хэл яриаг чинь байнга тасалж, сэдвийг өөрсдийн сонирхдог зүйл рүү эргүүлэхийг оролддог. Тэд ах эгч нараар өөрсдөдөө юм хийлгэж, өөрсдийнхөө төлөө хичээл чармайлт гаргуулах арга зам олох гэж тархиа гашилган, ах эгч нарт үүрэг гүйцэтгэх юм уу Бурханы төлөө өөрийгөө зарлагадах талаар дурдах ямар ч боломж олгохыг хүсдэггүй. Хэрвээ хэн нэгэн тэдэнд үүргээ гүйцэтгэж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахыг зөвлөвөл тэд хариуд нь яаралтай хийлгэх хувийн ажлаа хурдан олдог; ах эгч нар энэ ажлыг нь зохицуулж байх зуур тэд Бурханы гэрийн төлөө дурамжхан жаахан хүчин чармайлт гаргаж, ах эгч нарын хүсэлтийг дөнгөн данган биелүүлдэг бөгөөд хувийн ажил хэрэг нь бүтмэгц ах эгч нарт хүйтэн хөндий ханддаг. Чуулгантай холбоотой байж, чуулган гэх энэ дэмжигч болон ах эгч нар гэх эдгээр туслагчийг алдахгүйн тулд тэд өөрсдөд нь хэрэгтэй хүн бүртэй ойр дотно холбоотой байж, байнга мэнд ус мэдэж, санаа тавьж, хайхрамжтай боловч чин сэтгэлийн бус үг хэлж харилцаагаа хадгалдаг. Тэд Бурханы оршин тогтнолд хэчнээн их итгэдэг, Бурхан тэднийг хэчнээн их ерөөдөг, Бурхан тэдэнд хэчнээн их нигүүлсэл өгдөг, тэд хэрхэн байнга нулимс урсгаж, Бурханд өртэй гэдгээ мэдэрч, Бурханы хайрыг хариулахыг хүсдэг талаараа ярьдаг—энэ нь ах эгч нарыг мэхэлж, тусламжийг нь олж авахын төлөө юм. Хэн нэгэн өөрсдөд нь хэрэггүй болмогц тэд холбоо барих мэдээллийг нь даруй блоклож, устгадаг. Тэд өөрсдөд нь хамгийн ашигтай, хамгийн хэрэгтэй хүмүүст улайран тал засаж, аяыг нь дагаж, ойртож дотносдог. Хэрэггүй хүмүүс буюу өөрсөдтэй нь адил нийгэмд нөлөөгүй, байр суурьгүй, мөн түшиж тулах хүнгүй, нийгмийн доод давхаргад байдаг хүмүүс рүү тэд хялайж ч хардаггүй. Тэд зөвхөн өөрсдөд нь хэрэгтэй, нийгэмд холбоо сүлбээтэй, чадвартай гэж үздэг хүмүүстэйгээ л харилцдаг. Тэд чуулган эсвэл ах эгч нараас ямар нэг зүйл хэрэгтэй үед л чуулганы төлөө хүчин чармайлт гаргаж, бэрхшээл туулж чаддаг. Үнэндээ, ийм хүмүүсийн үл итгэгчийн илрэлүүд маш илэрхий байдаг. Тэд гэртээ Бурханы үгийг хэзээ ч уншдаггүй, бэрхшээл байхгүй үед Бурханд хэзээ ч залбирдаггүй, чуулганы амьдралд маш дурамжхан оролцдог. Тэд үүрэг гүйцэтгэе гэж гуйдаггүй, чуулганы ажилд оролцох санаачилга гаргадаггүй; ялангуяа аюултай ажилд хэзээ ч идэвхтэй оролцдоггүй. Тэд хийхээр зөвшөөрсөн ч гэсэн асар тэвчээргүй байдаг бөгөөд дуудаж, урьсан цагт л дурамжхан жаахан хүчин чармайлт гаргадаг. Эдгээр нь үл итгэгчдийн илрэл юм. Бурханы үгийг уншихгүй, үүрэг гүйцэтгэхгүй—хэдийгээр тэд чуулганы амьдралд дурамжхан оролцдог ч энэ нь чуулганы ах эгч нарын нийгэмлэг буюу өөрсдийнхөө асар том дэмжигчийг алдахгүйн төлөө байдаг. Тэд ирээдүйд ажил хэргээ зохицуулахад илүү дөхөм байлгахын тулд л энэ хүмүүстэй харилцаагаа хадгалдаг. Ийм хүмүүс нийгэмд хөлөө олж, суурьших газартай болж, амьдралаа эхлүүлмэгцээ, мөн дэлхий ертөнцөд амжилт олж, нөлөөтэй болж, гялалзсан хэтийн ирээдүйтэй болмогцоо чуулганыг хурдхан, эргэлзэх зүйлгүйгээр орхиж, ах эгч нартай харилцаагаа тасалж, холбоо тасарна. Хэрвээ тэдэнтэй сайн харилцаатай, сайн мэдээний бай байгаад, тэр хүнд сайн мэдээ номлохын тулд чи тэдэнтэй холбогдохыг хүсвэл холбогдож чадахгүй. Тэд чуулгантай харилцаагаа таслаад зогсохгүй хувь хүмүүстэй тогтоосон найз нөхөрлөлийн харилцаагаа ч эцэс болгодог. Тэд үл итгэгчид гэдгээ хэдийнээ илчилсэн хэрэг биш үү? (Тийм.) Тэгвэл чуулган ийм хүмүүсийг яаж шийдвэрлэх ёстой вэ? (Зайлуулах.) Бид тэдэнд боломж олгож, сул тал болон амьдралынх нь бэрхшээлийг ойлгож, Бурхан оршин байдаг гэдэгт итгэх, үнэнийг сонирхдог болох, Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддаг болоход нь туслахын тулд тэднийг илүү их дэмжиж, туслах ёстой юу? Энэ ажлыг хийх хэрэгтэй юу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Яагаад гэвэл, энэ хүмүүс ерөөсөө ч Бурханд итгэхээр ирээгүй.) Тийм ээ, тэд Бурханд итгэхээр ирээгүй; зорилго нь маш тодорхой—тэд дэмжигч олохоор энд ирсэн. Тэгвэл ийм хүмүүстэй үнэнийг нөхөрлөх нь ямар нэг үр дүнд хүрч чадах уу? (Үгүй.) Тэд үүнийг хүлээж авахгүй; тэд үүнийг үнэлдэггүй, тэдэнд хэрэггүй, сонирхохгүй.

Зүгээр л дэмжигч олохын тулд Бурханд итгэдэг хүмүүсийг бид юу гэж тодорхойлох ёстой вэ? Тэднийг хувийн ашиг сонирхлоо эн түрүүнд тавьдаг хүмүүс гэж тодорхойлох нь нэлээд тохиромжтой. Хэн нэгэн өөрт нь хэрэгтэй, ашигтай гэж үзвэл тэд тэр хүний хүссэн бүхнийг хийнэ; бүр хэлсэн бүх тушаалыг нь дагана. Тэд хувийн ашиг сонирхлоо юм бүхнээс дээгүүр тавьдаг; ямар нэг зүйл ашиг сонирхолд нь нийцэж л байвал болох нь тэр. Хэрвээ чи тэдэнд Бурханд итгэх нь ерөөл, ашиг тус авчирна гэж хэлбэл тэд Бурханд гарцаагүй итгэж, чиний хий гэсэн бүхнийг хийнэ. Нийгэмд ажил хэрэг зохицуулах чадвар чинь тэдний хэрэгцээг хангаж, ашиг тус хүртээж л байвал тэд чамтай гарцаагүй холбогдоно. Гэхдээ чамтай холбогдож байна гэдэг нь тэд Бурханд үнэхээр итгэж чадна гэсэн үг биш, чам шиг Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагадна гэсэн үг ч биш. Тэд чамтай сайн таарч тохирч, та нар онцгой сайн харилцаатай байлаа ч гэсэн та нар нэг хэлээр ярьж, нэг замаар яв, эсвэл ижил зүйл эрэлхийлдэг гэсэн үг биш юм. Тиймээс та нар ийм хүмүүст мэхлэгдэж болохгүй. Ийм хүмүүс овжин бөгөөд бусадтай харилцах арга мэхтэй байдаг. Тэдний Бурханд итгэх зорилго нь дэмжигч олох явдал болохоос биш, үнэнийг эрэлхийлж, авралд хүрэх явдал биш. Энэ нь тэдний зан араншин хэчнээн дорд, харанхуй болохыг харуулдаг! Тэд ашиглаж болох хүмүүсийг олохоор чуулганд ирж, өөрсдөдөө янз бүрийн ашиг хонжоо олохоор хуйвалддаг. Ийм хүмүүс яахаас ч буцахгүй, элдэв янзын ичгүүргүй зүйлийг хийх чадвартай гэсэн үг биш үү? (Тийм.) Бурханд итгэх зорилго нь дэмжигч олж, амьжиргаагаа залгуулах явдал гэдэг баримтаас л харахад энэ хүмүүс өөдтэй хүмүүс биш бөгөөд зан араншин нь дорд, аминч, жигшүүртэй, сувдаг, асар харанхуйд амьдардаг нь тодорхой байна. Тиймээс тэдэнтэй харьцах чуулганы зарчим нь мөн л тэднийг ялган таньж, дараа нь зайлуулах юм уу хөөх явдал юм. Тэд жинхэнэ итгэгчид биш, харин гарц хайж, завшааныг далимдуулахаар, мөн ах эгч нарыг ашиглан ажил хэргээ зохицуулж, тэднийг өөрсдөдөө үйлчлүүлэхийг хүсэн чуулганд ирсэн гэдгийг ялган таньмагцаа удирдагч, ажилчид болон ах эгч нар нөхцөл байдлыг даруй, үнэн зөв шийдвэрлэх ёстой. Чуулганы юм уу ах эгч нарын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр тэднийг аль болох хурдан зайлуул эсвэл хөө. Тэднийг ах эгч нарын дунд үргэлжлүүлэн орогнуулах ёсгүй. Тэд бол Бурханы авралын бай биш. Ийм хүмүүс та нарын дунд сэм гэтэж байхдаа хэнийг ашиглаж болохыг харахын тулд хүн бүрийг байнга шунан харж байдаг. Тэд чуулганд ашиглаж болох хүн байгаа эсэхийг үргэлж тооцоолж байдаг—хэн эмнэлэгт ажилладаг хамаатантай, хэн өвчнийг эмчилж мэддэг эсвэл анагаах нууц жортой, хэн дэлгүүрээс бөөний үнээр юм авч чадах, аль ахын гэр бүл машин борлуулдаг, хэн хөнгөлөлттэй үнээр байр олж өгч чадах гэх мэт—эдгээр асуудлыг тусгайлан судалдаг. Энэ хүмүүс тооцоолон бодохдоо тун нарийн нямбай! Тэд жижиг хэрэг явдлыг ч тооцоолдог бөгөөд ах эгч нарын эсрэг явуулга хийж, тэднийг далимдуулан ашиглахаар төлөвлөдөг. Тэд хүн бүрийн гэр бүлийн байдлыг судалж, хүн бүрийг өөрсдийн явуулга, хуйвалдааны хүрээнд байлгадаг. Ийм хүмүүстэй харилцах үед зүрх сэтгэл чинь амар тайван байж чадах уу? (Үгүй.) Амар тайван биш бол яах ёстой вэ? Та нар ийм хүмүүсээс сэрэмжлэх ёстой. Энэ хүмүүс далд сэдэлтэйгээр Бурханд итгэдэг; тэд үнэн юм уу авралыг эрэлхийлэхээр бус, харин өөрсдөдөө дэмжигч, амин зуулга, гарах гарц олохоор энд байгаа. Ийм хүмүүс тун аминч, жигшүүртэй, дотуур тамиртай байдаг. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаггүй. Чуулганд ямар нэг зүйлд хэрэг болох үед тэд хаанаас чолддоггүй, харин уг хэрэг явдал дуусмагц дахин гарч ирдэг. Энэ хүмүүс зөвхөн далимдуулан ашиглахыг л мэддэг бөгөөд тэднийг чуулганд үлдээх нь ямар ч хэрэггүй; тэднийг аль болох хурдан янз бүрийн аргаар зайлуулах ёстой. Зарим хүн: “Нэг хүнийг шийдвэрлэхэд үнэхээр янз бүрийн арга шаардлагатай гэж үү?” гэдэг. Чуулганд төрөл бүрийн хүн бий; тэдний олонх нь зүгээр л дэмжигч, гарах гарц олохын тулд, ерөөл хүртэх юм уу гамшгаас зайлсхийхийн тулд Бурханд итгэдэг. Гагцхүү эдгээр сэдлийн ноцтой байдал нь л ялгаатай байдаг; зарим хүн нэг төрлийн зан авир гаргадаг бол бусад нь өөрийг гаргадаг. Тиймээс өөр өөр хүмүүст өөр өөрөөр хандах ёстой; зөвхөн энэ л зарчимд нийцнэ. Дэмжигч хайж буй эдгээр үл итгэгчийн тухайд гэвэл, тэднийг даруй зайлуулах ёстой. Чуулганд үнэгүй хоол идэхийг нь бүү зөвшөөр. Тэд ах эгч нараас ажил хэргийг нь зохицуулж өгөхийг гуйдаг—үнэндээ ажил хэргийг нь зохицуулж туслахад өчүүхэн л хүчин чармайлт шаардлагатай байхад яагаад тэдэнд ийм жаахан тусламж ч үзүүлж болохгүй гэж? Нэгдүгээрт, хамгийн гол нь энэ хүмүүс жинхэнэ итгэгчид биш; тэд бол тэр чигтээ үл итгэгчид. Хоёрдугаарт, энэ хүмүүс итгэдэггүй байж байгаад жинхэнэ итгэгч болж өөрчлөгдөж чадахгүй. Тэд бол Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс биш; Бурханы авралын бай биш—харин чуулганд шургалсан мууг үйлдэгчид юм. Гуравдугаарт, энэ хүмүүс чуулганд хаа сайгүй яаран гүйлдэж, тулгарсан асуудал нь хэчнээн том байхаас үл хамааран ах эгч нараас үргэлж тусламж эрдэг нь үл анзаарагдам байдлаар ах эгч нарыг зовоохын зэрэгцээ чуулганд ноцтой сөрөг уур амьсгал бүрдүүлж, хүн бүрд хор хөнөөл учруулдаг. Тиймээс зөвхөн дэмжигч олохын тулд Бурханд итгэдэг эдгээр диаволыг аль болох хурдан зайлуулах нь хамгийн сайн. Хэрвээ чи тэднийг хараахан олж тогтоогоогүй, эсвэл ийм төрлийн хүн гэдгийг нь хараахан ухаараагүй байгаа бол тэднийг үлдээж ажиглаж болно. Тэд бол Бурханы гэрийн зайлуулах шаардлагатай янз бүрийн ёрын муу хүмүүсийн нэг гэдгийг ялган таньж, нэвт хармагцаа бүү тээнэгэлз, эелдэг зан гарга. Бүгдээрээ хэлэлцэж, харилцан зөвшилцөлд хүрснийхээ дараа тэднийг зайлуулж болно. Хэрвээ чуулганы удирдагч, ажилчид энэ хэргийг үл тоовол, ах эгч нарын олонх нь тэднийг зөвхөн дэмжигч, гарц олохын тулд Бурханд итгэдэг төрлийн хүн гэдгийг баталж байгаа цагт та нар хуурамч удирдагчдаар дамжилгүйгээр тэднийг шууд зайлуулах эрхтэй. Ингэх нь зөв бөгөөд үнэн-зарчимд бүрэн нийцнэ. Энэ бол та нарын эрх, та нарын хүлээсэн үүрэг, хариуцлага; энэ нь та нарыг хамгаалахын төлөө юм. Мэдээж, жинхэнэ итгэгч ах эгч нарт бэрхшээл тулгарах үед бид хайраар тусалж, дэмжих, эсвэл эд материалын туслалцаа үзүүлэх замаар чадах чинээгээрээ тусламж үзүүлэх хариуцлага, үүрэг хүлээдэг. Энэ бол ах эгч нарын хоорондох хайр, Бурханд итгэдэг хүмүүсийн хайр юм. Гэвч бид үл итгэгчдэд тусламж үзүүлэх хариуцлага, үүрэг хүлээдэггүй, учир нь тэд ах эгч нар биш бөгөөд ийм нигүүлсэл, ийм тусламжийг хүртэхэд тэнцэхгүй. Энэ бол хүмүүст зарчмын дагуу хандаж буй хэрэг юм. Бурханд итгэх долоо дахь зорилгын талаарх бидний нөхөрлөл ингээд өндөрлөж байна. Ийм төрлийн хүмүүсийн талаар дахиад тодорхой жишээ татах шаардлагагүй. Товчхондоо, Бурханд итгэх зорилго нь дэмжигч олох явдал байдаг хэнийг ч бай чуулганаас зайлуулах юм уу хөөх ёстой. Удирдагч, ажилчид чуулганд ийм хүмүүс байгааг ялган таньмагцаа тэднийг даруй зайлуулах ёстой. Олсон хүн бүрээ зайлуул, нэгийг ч бүү үлдээ. Хэрвээ ах эгч нарын олонх нь аль хэдийн туйлдаж, аргаа барж, тэвчихийн аргагүй болчхоод байхад удирдагч, ажилчид “Тэдэнд бэрхшээл байгаа; бид туслах ёстой” гэж хэлэн тэднийг өмгөөлсөөр байвал ийм удирдагчдад “Тэд Бурханд жинхэнээсээ итгэгчид огтхон ч биш. Тэд өөрсөдтэй нь Бурханы үгийг нөхөрлөдөг хэнийг ч тоодоггүй, хэлэх үед үүргээ гүйцэтгэхээс татгалздаг. Тэдэнд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах ямар нэг санаа зорилго хэзээ ч байгаагүй, тэд зүгээр л ажил хэргээ зохицуулахын тулд ах эгч нарыг ашиглахыг хүсдэг. Бид ийм үл итгэгчдэд туслах хариуцлага, үүрэг хүлээдэггүй!” гэж хэлэх ёстой. Чуулганы удирдагч зөвшөөрөхгүй байсан ч та нар олонхтой нэгдэж, тэднийг чуулганаас зайлуулах эрхтэй. Хэрвээ энэ үед ч чуулганы удирдагч зөвшөөрөхгүй хэвээр байвал асуудлыг дээш нь мэдээл; удирдагчийг тусгаарлаж, өөрийг нь эргэцүүлүүл. Түүнийг зөвшөөрсөн үед та нар удирдлагыг нь дахин хүлээн авч болно. Хэрвээ тэрээр үргэлжлүүлэн санал зөрсөөр байвал та нар түүнийг огцруулж, шинэ удирдагчийг дахин сонгож болно. Энэ бол Бурханд итгэх долоо дахь зорилго: дэмжигч олох.

Ж. Улс төрийн зорилгоор хөөцөлдөх

Дараа нь найм дахь зорилгын талаар нөхөрлөе: улс төрийн санаархал, улс төрийн зорилго өвөрлөн Бурханд итгэх. Ийм хүмүүс гарч ирэх магадлал төдийлөн их биш боловч хэр их магадлалтайгаас үл хамааран, гарч ирэх боломж байгаа л бол бид тэдний жишээг дурдаж, ил болгож, нөхөрлөж, тодорхойлох ёстой. Хүн бүр тэднийг ялган таньж, дараа нь тэднийг аль болох хурдан зайлуулж, улмаар чуулган болон ах эгч нарт төвөг удаж, аюул учруулахаас сэргийлэхийн тулд бид ингэх ёстой. Энэ нь чуулган болон ах эгч нарыг хамгаалахын тулд юм. Тиймээс улс төрийн зорилгоор Бурханд итгэдэг хүмүүс бол бидний ялган таньж, сэрэмжлэх ёстой хүмүүс бөгөөд мөн чуулганы аль болох хурдан зайлуулах ёстой ёрын муу хүмүүс юм. Улс төрийн зорилготой хүмүүсийн илрэл юу вэ? Тэд чамд жинхэнэ бодол санаагаа хэлэхгүй. Тэд: “Би зүгээр л улс төр сонирхдог, улс төрд оролцох дуртай, тиймээс өөр шалтгаанаар бус, улс төрийн санаархал, улс төрийн зорилгоор л Бурханд итгэдэг. Та нар намайг хүссэнээрээ л зохицуул” гэж тодорхой хэлэхгүй. Тэд ингэж хэлэх үү? (Үгүй.) Тэгвэл тэднийг улс төрийн зорилготой гэдгийг ямар илрэлээс нь ялган таньж болох вэ? Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх зорилго нь цэвэр биш гэдгийг баталгаажуулахад тэдний хэлдэг ямар үг, хийдэг ямар зүйл, ямар нүүрний хувирал, харц, ярианы өнгө аяс хангалттай байдаг вэ? Тэд юу ч хэлж, хийсэн бай, зүрх сэтгэлдээ юм нуудаг бөгөөд хэн ч тэднийг ухан ойлгож чаддаггүй. Тэд онцгой ялгамж чанар, гарал үүсэлтэй; тэдний яриа, зан авираас тэд хуйвалдаж, явуулга хийж байгаа нь харагддаг, мөн ярьж, хийж байгаа зүйл нь стратегитай болох нь харагддаг. Тэднийг ярих үед жирийн хүн жинхэнэ сэдэл, бодлыг нь ойлгож чаддаггүй, яагаад ийм зүйл хэлж байгааг нь мэддэггүй. Хэдийгээр гаднаа энэ хүмүүс Бурханд итгэх, эсвэл үнэнийг нөхөрлөхөд огтхон ч дайсагнаж, шүүмжилдэггүй, тэр ч бүү хэл эдгээр зүйлд бага зэрэг дуртай мэт харагдаж магадгүй ч тэд зүгээр л хачин санагддаг—тэд бусад ах эгч нараас өөр, зарим талаар ойлгомжгүй байдаг. Зарим талаар ойлгомжгүй хүмүүстэй та нар ихэвчлэн яаж харьцдаг вэ? Зүгээр л энгийн байдлаар тэднээс сэрэмжилдэг үү? Эсвэл санаачилга гарган тэднийг судалж, яг юу болоод байгааг нь олж мэдэх үү? (Бид тэднийг ажиглах ёстой.) Хүн юу ч хийж байсан, зорилго, санаархал нь ерөнхийдөө богино хугацаанд амархан ил болдоггүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам—тэд юу ч хийхгүй л биш бол—үйлдэл хийх үедээ тэд гарцаагүй өөрсдийгөө илчилнэ. Жижиг сажиг зүйлээс ажиглаж, сэжүүр хай—чи тэдний яриа, зан авираас, үйлдлийнх нь санаархал, чиглэлээс, мөн ярихдаа ашиглаж буй үг, өнгө аясаас нь зарим мэдээлэл, сэжүүрийг олж мэдэж чадна. Үүнийг хийж чадах эсэх нь чи нягт нямбай эсэхээс, тодорхой түвшний оюуны чадамжтай, хэв чанартай эсэхээс хамаарна. Зарим мунхаг хүн хүний нийгэмд оршдог аюул, харгис хэрцгий байдлыг таньж чаддаггүй; хэнтэй таарахаас үл хамааран, тэдэнтэй харилцахдаа үргэлж адилхан арга барил ашигладаг. Үр дүнд нь тэд улс төрийн зорилготой, зальжин, ов мэхтэй улс төрчидтэй таарах үедээ амархан Иудас болж, чуулганыг худалдах хэрэгсэл болж, өөрийн мэдэлгүйгээр чуулганыг урхинд оруулах тэнэг зүйл хийдэг.

Улс төрийн зорилготой энэ хүмүүс үнэндээ ямар илрэлтэй байдаг вэ? Энэ хүмүүс нийгмийн тодорхой гарал үүсэлтэй; тэд бол улс төрийн хүрээлэлд хутгалддаг хүмүүс юм. Улс төрийн хүрээлэл дэх байр суурь нь ямар байхаас үл хамааран, албан тушаалтан ч бай, хар бор ажил хийдэг ч бай, эсвэл улс төрийн хүрээлэлд хөлөө олохоор бэлтгэж байгаа ч бай хамаагүй, товчхондоо энэ хүмүүс нийгэмд улс төрийн гарал үүсэлтэй байдаг; энэ бол төвөгтэй, онцгой нөхцөл байдал юм. Энэ хүмүүс Бурханы оршин тогтнолд итгэдэг эсэхээс үл хамааран эрэлхийлэл, явж буй зам, уг чанар-мөн чанараас нь дүгнэвэл энэ хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүн болж чадах уу? Тэд үл итгэгчээс, улс төрд тэмүүлдэг улс төрчөөс Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүн болж өөрчлөгдөж чадах уу? (Үгүй.) Энэ гарцаагүй юу? Эсвэл боломж бий юу? (Яавч үгүй.) Энэ бол гарцаагүй боломжгүй. Бурханд итгэх болон улс төр нь хоёр өөр зам юм; энэ хоёр зам эсрэг чиглэлд хөгждөг, нийтлэг зүйл байхгүй, яавч огтлолцох боломжгүй. Эдгээр нь тэс өөр замууд юм. Тиймээс улс төрийн зорилготой, эсвэл улс төрд дуртай, улс төрд тэмүүлдэг хүмүүс ямар нэг илэрхий улс төрийн зорилгогүйгээр Бурханд итгэлээ ч гэсэн өөр зорилго өвөрлөсөн хэвээр байдаг; тэдний зорилго үнэнийг олж авах юм уу аврагдах явдал биш гэдэг нь тодорхой. Хамгийн наад зах нь тэднийг Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй гэж тодорхойлж болно. Тэд Бурхан байдаг гэсэн домгийг л хүлээн зөвшөөрдөг болохоос биш, Бурханы оршин тогтнол, эсвэл Бурхан бүхнийг захирдаг гэсэн баримтыг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс энэ хүмүүс улс төрд тэмүүлсэн үл итгэгчээс Бурханы оршин тогтнолд итгэдэг, Бурханы ажлыг хүлээн авч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чаддаг жинхэнэ итгэгч болж хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Улс төрийн зорилготой эдгээр үл итгэгч Бурханд итгэхдээ үнэндээ ямар зорилго өвөрлөдөг вэ? Энэ нь тэдний эрэлхийлэл, эрхэлдэг мэргэжилтэй холбоотой. Жишээ нь, зарим хүн улс төрийн хүрээлэлд үргэлж тодорхой хувийн шаардлага тавьдаг, улс төрийн агуу зорилго, хүсэл эрмэлзэлтэй гэх мэт байдаг бөгөөд юу байхаас үл хамааран бүгд улс төртэй холбоотой байдаг. “Улс төр” гэж юуг хэлж байна вэ? Энгийнээр хэлбэл, энэ нь дэглэм, эрх мэдэл, засаглалтай холбоотой. Тиймээс улс төрийн зорилгоор Бурханд итгэх нь мэдээж тэдний улс төрийн эрэлхийлэлтэй холбоотой. Тэгвэл тэдний зорилго юу вэ? Тэд яагаад чуулганы хүмүүст дуртай болдог вэ? Тэд зорилгодоо хүрэхийн тулд чуулган хэмээх байгууллага, чуулган дахь олон тооны хүн, мөн янз бүрийн мэргэжил, нийгмийн давхаргаас гаралтай чуулганы энэ хүмүүсийн нөлөөг ашиглахыг хүсдэг. Чуулганы сургаал, чуулганы янз бүрийн ажлын үйл ажиллагаа, Бурханы сонгосон хүмүүсийн чуулганы амьдралаар амьдардаг арга зам, үүргээ хэрэгжүүлдэг байдал гэх мэтийн талаар олж мэдсэнийхээ дараа тэд өөрсдийгөө чуулганд нэгтгэхийг оролддог. Тэд Бурханы сонгосон хүмүүсийн нөхөрлөлдөө байнга ашигладаг сүнслэг нэр томьёо, янз бүрийн хэллэг гэх мэтийг оюун санаандаа бат хадгалж, нэг л өдөр эдгээр зүйлийг ашиглан хүн бүрийг цуглуулан өөрсдийнхөө үгийг сонсгож, өөрсдөдөө ашиглаж, улмаар улс төрийн зорилгодоо хүрч чадна гэж найддаг. Яг л шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр, хэсэг хугацаанд бэлтгэл хангасны дараа далбаагаа өргөж, хүмүүсийг бослогод уриалан дуудах үед илүү олон хүн дуудлагад нь хариулж, өөрсдийг нь дагана, ингэснээр тэд чуулганаас хэсэг бүлэг хүмүүсийг олж авч, өрсөлдөгчидтэйгээ тэмцэлдэх хүчээ болгох чадна. Ийм зүйл Хятадын орчин үеийн түүхэнд хэд хэдэн удаа тохиолдож байсан. Жишээ нь, Чин гүрний үеийн Цагаан Лянхуа бүлгийн бослого, Тайпингийн бослого нь улс төрийн зорилготой хүмүүс засгийн газрын эсрэг тэмцэхдээ шашныг ашигласан тохиолдол байв. Тэдний шашны сургаал үнэн замаас хазайсан бөгөөд үнэнтэй огт нийцэхгүй олон утгагүй, хөгийн талуудтай байсан. Улс төрийн зорилготой хүмүүс хүмүүсийн оюун санааг нэгтгэх, хүлж баглах, нөлөөлж, сургахын тулд ийм сургаалыг ашигласан. Эцэст нь тэд улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд энэ сургагдсан хүмүүсийг ашигласан юм. Улс төрийн зорилготой энэ хүмүүс анх Бурханд итгэхээр ирэхдээ чуулганы нэрийг л сонирхдог. Өөрөөр хэлбэл, тэд чуулган хэмээх байгууллагын нэр дор хэн болохоо, сэдэл зорилгоо нууж чадна—энэ бол нэг тал нь. Нөгөө тал нь гэвэл, Бурханд итгэх нэрийдлээр улс төрийн үзэл бодлоо тарааж л байвал чуулганы хүмүүсийг сургахад маш амархан, энэ хүмүүс алдартай хүмүүсийг шүтэн биширч, сонсох магадлалтай гэж тэд боддог. Үр дүнд нь улс төрийн зорилготой энэ хүмүүс чуулганы хүмүүсийг ашиглах объект гэж үзэх хандлагатай байдаг. Тэд чуулган бол хэн болохоо нуухад маш амархан газар, чуулганы гишүүд бол өөрсдөд нь амархан ашиглуулдаг объект гэж үздэг—энгийнээр хэлбэл, тэд ингэж л хардаг. Тиймээс чуулганд нэгдэх зорилго нь нэг л өдөр хүчээ авмагцаа улс төрийн өрсөлдөгчидтэйгээ тэмцэлдэж, эрх мэдэл олж авна гэж найдах явдал—энэ бол тэдний улс төрийн зорилго юм. Тэд өөрсдийг нь шүтэж, дагадаг хүмүүсийг улс төрийн нөлөөллийн хүрээнийхээ нэг хэсэг болгон өргөжүүлэхийн тулд Бурханд итгэх итгэлээр шалтаглахыг хүсдэг. Зарим хүн: “Тэд ийм зорилготой байж магадгүй ч хэрвээ ямар ч үйлдэл хийхгүй бол бид сайндаа л тэднийг үл итгэгчид юм уу хуурамч итгэгчид гэж харж чадна. Тэдэнд тодорхой улс төрийн зорилго байгааг бид яаж харж чадах юм бэ?” гэж хэлдэг. Энэ хэцүү биш. Зүгээр л цаг гарган ажигла. Улс төрийн зорилготой л бол тэд гарцаагүй үйлдэл хийнэ. Хэрвээ үйлдэл хийхийг хүсэхгүй байгаа бол тэд яах гэж чуулганд шургалсан байх вэ? Хэрвээ тэд хараахан үйлдэл хийгээгүй байгаа бол боломж олдоогүй учраас тэр. Боломж олдмогц тэд үүний дагуу үйлдэл хийнэ. Жишээ нь, хэрвээ засгийн газар буруу бодлого хэрэгжүүлэх юм уу Бурханы сонгосон хүмүүсийг дарангуйлж, баривчилбал ах эгч нар сайндаа л энэ асуудлыг хэлэлцэж, ялган таниад, тэгээд л болчихно. Ямартай ч Бурханд итгэх, үүргээ гүйцэтгэх, Бурханы хүслийг дагах нь чухал. Тэд жижиг хэргээс болж том дүр зургийг алдахгүй; тэд үргэлжлүүлэн ердийнхөөрөө Бурханд итгэж, зохих ёсоор үүргээ гүйцэтгэнэ. Гэвч улс төрийн зорилготой хүмүүс өөр. Тэд хэрэг явдлыг дэвэргэж, цадиггүйгээр ил болгож, өргөнөөр сурталчилж, улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд хүн бүрийг өдөөн хатгаж, засгийн газрын эсрэг босгохыг цөхрөлтгүй хүсдэг бөгөөд зорилгодоо хүрэхээс нааш зогсохгүй. Улс төрд оролцохын төлөө тэд Бурханд итгэх, үүргээ гүйцэтгэх явдлыг бүрмөсөн хойш тавьж, Бурханы хүнд тавьдаг шаардлага, Бурханы санаа зорилгыг үл тоомсорлодог. Тэд ийм галзуу байхад хүмүүс тэднийг ялган таньж чадахгүй хэвээр байх уу? Ийм хүмүүс Бурханыг дагаж байна уу, эсвэл улс төрийг дагаж байна уу? Ялган таних чадваргүй зарим хүн амархан төөрөлддөг. Улс төрд оролцдог энэ хүмүүс үнэн гэж юу болохыг мэддэггүй, Бурханы ажил хүмүүсийн завхарсан зан чанарыг цэвэрлэж, тэднийг Сатаны нөлөөнөөс аврахын төлөө байдаг гэдгийг бүр ч ойлгодоггүй. Тэд хүний эрх, улс төрд оролцох нь шударга ёсны мэдрэмжтэй байж, Бурханыг дуулгавартай дагаж байгаа хэрэг гэж боддог. Улс төр, хүний эрхэд оролцох нь хүн үнэн-бодит байдалтай гэдгийг төлөөлдөг үү? Энэ нь уг хүн Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг төлөөлдөг үү? Чи хүний эрх, улс төрийг хэчнээн сайн зохицуулсан ч бай, энэ нь завхарсан зан чанар чинь цэвэрлэгдсэн гэдгийг төлөөлдөг үү? Энэ нь эрх мэдэл эзэмших амбиц, хүсэл чинь цэвэрлэгдсэн гэдгийг төлөөлдөг үү? Олон хүн эдгээр асуудлыг нэвт харж чаддаггүй. Мэдээж Сүнь Ят-сэнь ч бас Христэд итгэгч байсан. Аюулд орох үедээ тэр өөрийг нь аврахыг гуйн Бурханд залбирсан. Тэрээр бүх амьдралаа хувьсгалд зориулсан—тэр Бурханы сайшаалыг хүртсэн үү? Тэр үнэнийг хэрэгжүүлдэг, Бурханыг дуулгавартай дагадаг хүн байсан уу? Тэр Бурханы үгийг хэрэгжүүлсэн туршлагын гэрчлэлтэй байсан уу? Түүнд эдгээрийн аль нь ч байгаагүй. Паул дуудагдсаныхаа дараа сайн мэдээг тасралтгүй номлож, ихээхэн бэрхшээл зовлон туулсан боловч үнэнээсээ гэмшээгүй, амь-оролтгүй, хуучин нүглээ давтан үйлдсээр байсан, мөн боломж гарах бүрд өөрийгөө өргөмжилж, гэрчилж байсан тул антихрист болж, шийтгүүлсэн. Ямартай ч, үнэнийг хүлээн авахгүйгээр Бурханд итэх, үргэлж алдар нэр, байр суурь хөөцөлдөх, үргэлж супер хүн юм уу агуу хүн байхыг хүсэх нь маш аюултай. Улс төрийн зорилготой бүх хүн бол антихристүүд юм. Энэ хүмүүс улс төрийн хүсэл эрмэлзлээ биелүүлэхээ амархан болихгүй бөгөөд итгэгчдийг өдөөн хатгаж, улс төрийн хүчээ болгон өөртөө татах боломжийг үргэлж хайх болно. Хэрвээ нэг л өдөр тэд итгэгчдийг амархан далимдуулан ашиглах боломжгүй, итгэгчид зөвхөн үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг, тэд Христийг л дагадаг болохоос биш, хүнийг дагадаггүй гэдгийг харвал тэр үед л эдгээр итгэгчийг бүрмөсөн орхино.

Угаасаа улс төрийн зорилготой хүмүүсийн бодол санаа нь улс төртэй холбоотой зүйлсээр дүүрэн байдаг—эрх мэдэл, нөлөө, засаглал, хуйвалдаан, улс төрийн арга гэх мэт. Тэд Бурханд итгэх гэж юу болох, итгэл гэж юу болох, үнэн гэж юу болохыг ойлгодоггүй, Бурханыг яаж дуулгавартай дагахыг бүр ч ойлгодоггүй. Тэд бас Тэнгэрийн хүсэл гэж юу болохыг ойлгодоггүй. Тэдний амьд үлдэх зарчим бол “Хүн байгалийг ялна”, “Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” гэдэг юм. Тиймээс ийм хүмүүсийг өөрчлөх гэж оролдох нь боломжгүй бөгөөд мунхаг санаа юм. Энэ хүмүүс чуулганы ах эгч нарын дунд улс төрийн үзэл бодол байнга тарааж, улс төрийн үйл ажиллагаа явуулах, улс төрд оролцоход хүмүүсийг өдөөн турхирдаг. Тэдний Бурханд итгэх зорилго нь улс төрийн зорилгод хөтлөгдсөн гэдэг нь маш тодорхой. Энэ мөн чанарыг бусадхүмүүс хурдан, амархан ялган таньж чадна. Энэ хүмүүс итгэл, зөв замаар алхах, Тэнгэрийн хүслийг дуулгавартай дагах талаар юу ч мэддэггүй—тэд аливаа хүний бодол санаа, замыг улс төрийн арга мэх ашиглан өөрчилж болно гэж үздэг, ялангуяа хүний хувь заяаг хүний арга зам, арга барилаар өөрчилж болно гэж үздэг. Тиймээс тэд Бурханы бүтээсэн байгалийн хуулийг болон хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрх гэх мэт гүн гүнзгий атлаа илэрхий хэрэг явдлын талаар юу ч мэддэггүй; тэд эдгээр хэрэг явдлын тухайд мэдлэггүй хүмүүс бөгөөд ер ойлгож чаддаггүй. Би үүгээр юу хэлэх гээд байна вэ? Хэрвээ чи Бурханд итгэх зорилго нь улс төрийн зорилгод хөтлөгдсөн хэн нэгнийг олж мэдвэл тэднийг өөрчлөх юм уу ятгах гэж яасан ч оролдох ёсгүй, тэдэнтэй маш олон үнэнийг нөхөрлөх ч шаардлагагүй. Тэднээс сэрэмжлэхийн зэрэгцээ чи чуулганы янз бүрийн түвшний чуулганы удирдагчдад юм уу найдвартай ах эгч нарт тэдний талаар аль болох хурдан мэдэгдэж, дараа нь тэднийг чуулганаас хөөх арга зам олох ёстой. Чи бусдад мэдэгдэхгүйгээр зөвхөн дотроо тэднээс нууцхан, сэмхэн сэрэмжилж болохгүй. Тэгвэл улс төр ярих дуртай, улс төрийн зорилготой хүмүүсийг ямар төрлийн хүмүүс бага зэрэг ялган таньж чадах вэ? Ахимаг настай хүмүүс үү, эсвэл залуу хүмүүс үү? Ах нар уу, эсвэл эгч нар уу? (Ахимаг насны ах нар.) Тийм ээ; ахимаг насны ах нар, өөрөөр хэлбэл нийгмийн туршлагатай, улс төртэй холбогдож байсан, эсвэл улс төрийн хавчлагад өртөж байсан хүмүүс—эдгээр хэрэг явдлын талаар ойлголттой хүмүүс—улс төрийн асуудлыг харьцангуй тодорхой харж чадна. Мэдээж тэд улс төрд оролцдог хүмүүсийг бага зэрэг ялган таньж чадах бөгөөд ялангуяа тэдний амбиц, хүсэл, түүнчлэн бодол санаа, үзэл бодол, мөрөөдөл, хүсэл тэмүүллийг харьцангуй тодорхой харж чадна. Тиймээс тэд энэ хүмүүсийг бусдаас харьцангуй хурдан ялган таньж чаддаг. Хэн нэгэн энэ хүмүүсийг улс төрийн зорилготой, үл итгэгчид гэдгийг ялган таньмагцаа тэднээс сэрэмжилж, эдгээр үл итгэгчийг ил болгох ёстой. Үүний зэрэгцээ тэд үнэнийг ойлгодоггүй мунхаг, мэдлэггүй хүмүүсийг хамгаалж, тэднийг төөрөлдөж, ашиглуулахаас сэргийлж, чуулганы дотоод мэдээллийн заримыг санамсаргүй задруулахаас сэргийлэх ёстой. Энэ хэрэг явдлыг чуулганы удирдагчдад мэдэгдэж, тэдэнтэй хэлэлцэж, ахимаг насны илүү олон хүн юм уу зарим үнэнийг ойлгодог, тодорхой хэмжээний биеийн хэмжээтэй хүмүүст улс төрийн зорилготой энэ хүмүүсээс сэрэмжлэхийг аль болох хурдан мэдэгдэх шаардлагатай. Энэ хүмүүсийн үл итгэгч мөн чанарыг тодорхой харахад нь бусдад тусалж, улмаар мунхаг, мэдлэггүй ах эгч нарыг тэдэнд ашиглуулахаас хамгаалах нь чухал. Хэрвээ чи эдгээр хэрэг явдлыг нэвт харж чадахгүй, ялган таних чадваргүй бол зарим хорлонтой, зальжин, ов мэхтэй хүмүүс чамтай ярьж, хөөрөлдөх үед чи өөрийнхөө жинхэнэ нөхцөл байдлын нарийн ширийнийг болон мэддэг бүхнээ асуугаагүй байхад нь ч сайн дураараа уудлан ярьж, санамсаргүйгээр Иудас болно. Ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Чи ярихдаа нөгөө хүн ямар зорилго өвөрлөж байгааг мэдэхгүйгээр тэднийг ах эгч гэж үзэн, зүрх сэтгэл дэх бүхнээ өөрийн мэдэлгүй хэлдэг—ярьсныхаа дараа ямар үр дагавар гарахыг мэддэггүй. Бусад хүн ийм хүмүүсээс сэрэмжилж байгааг хараад чи “Чи хэтэрхий болгоомжтой юм. Ах эгч нарын хооронд нуух юм юу байх вэ дээ?” гэдэг. Бусад хүн яагаад ярихгүй байгааг чи ухаардаггүй—үүнийг тэнэглэл гэж нэрлэдэг.

Улс төрийн зорилготой хүмүүс бас гарцаагүй үл итгэгчид мөн, учир нь тэд үнэнийг хайрладаггүй, үнэнийг хүлээн авахгүй. Тэд Бурханд итгэлээ ч гэсэн антихристүүд гэх ёрын муу хүмүүсийн ангилалд бүрэн хамаарна. Ийм хүмүүсээс сэрэмжлэх нь үнэндээ хамгийн идэвхгүй арга барил юм. Идэвх санаачилгатай арга барил бол тэднийг эрт олж илрүүлж, аль болох хурдан шийдвэрлэж, хөөснөөр чуулган болон ах эгч нарт ямар нэг төвөг учруулахаас сэргийлэх явдал юм. Энэ хүмүүс чуулган дотор хэдийд ч, хаана ч бусдад нөлөөлж, ямар ч нөхцөлд чуулганы хэвийн дэг журмыг сүйтгэж чадах учраас ийм үл итгэгчдийг үргэлжлүүлэн хүлцэж, тэвчиж болохгүй. Тэдэнд гэмших өөр нэг боломж бүү олго; бүү мунхаг бай. Нэгэнт олж илрүүлсэн бол ирээдүйн гай зовлонгоос сэргийлэхийн тулд тэднийг аль болох хурдан хөөх ёстой. Ингэхийн зорилго нь үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг төөрөлдөж, ашиглуулан, Сатан болон ёрын муу диаволуудын утсан хүүхэлдэй болохоос сэргийлэх явдал юм. Мэдээж, одоо чиний хамгийн их хийх учиртай зүйл бол улс төрийн зорилготой хүмүүсийг чуулганы талаар ямар нэг чухал мэдээллийг олж мэдэхээс сэргийлэх явдал юм. Чи тэднийг хэдий чинээ эрт ялган таньж, хөөнө, ах эгч нар тэдэнтэй төдий чинээ бага харилцаж, тэдний төөрөгдөл, нөлөөнд төдий чинээ бага орно. Тиймээс цаг хугацааны хувьд ийм хүмүүсийг эртхэн шийдвэрлэж, хөөх нь оройтсоноос дээр—эрт байх тусмаа сайн. Идэвх санаачилгатай байх нь идэвхгүй байхаас дээр. Улс төрийн зорилготой хүмүүс муу санаатай байдаг; тэд чуулган болон Бурханы гэрийн төлөө ямар нэг зүйл хийх чин сэтгэлтэй байх боломжгүй. Хэрвээ тэд ах эгч нарыг төөрөлдүүлж, ашиглаж чадахгүй бол бүрэн шившиг болж, сайн дураараа, тэр ч бүү хэл баяртай гэж хэлэлгүйгээр чуулганыг орхин явна. Улс төрийн зорилгоор хөөцөлдөх хэмээх Бурханд итгэх найм дахь зорилгын талаарх бидний нөхөрлөл ингээд өндөрлөж байна.

2021 оны 10 дугаар сарын 30

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (22)

Дараах: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (24)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх