Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (24)

14-р зүйл: Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулах юм уу хөөх (III хэсэг)

Янз бүрийн ёрын муу хүмүүсийг ялган таних стандарт ба үндэслэл

I. Бурханд итгэх зорилгод нь үндэслэх

Сүүлийн цуглаанаар бид удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлага болох “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулах юм уу хөөх” талаар нөхөрлөсөн. Энэ үүрэг хариуцлагын агуулгад үндэслэн бид янз бүрийн нөхцөл байдалтай төрөл бүрийн хүмүүсийн өөр өөр илрэлийг нэгтгэн дүгнэж, дараа нь илрэлд нь үндэслэн энэ янз бүрийн хүмүүсийг ялган таньсан. Энэ хүмүүсийг ялган таньснаар бид Бурханы гэрийн ялган таньж, зайлуулах хэрэгтэй ёрын муу хүмүүс—өөрөөр хэлбэл, Бурханы гэрт үлдээхгүй, зайлуулах бай болох хүмүүс хэн болохыг тодорхой олж тогтоохоор зорьсон. Өмнөх хоёр удаагийн нөхөрлөлөөр бид төрөл бүрийн ёрын муу хүмүүсийг гурван талаас нь ялган таньж, ангилах талаар нөхөрлөсөн. Өнөөдөр бид энэ гурван талаар дамжуулан төрөл бүрийн ёрын муу хүмүүсийг ангилах янз бүрийн нарийн ширийн зүйлийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Эхлээд арван дөрөв дэх үүрэг хариуцлага болон үүнд жагсаасан гурван тодорхой ангиллыг унш. (Удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлага: “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулах юм уу хөөх.” Нэгдүгээрт, Бурханд итгэх зорилго; хоёрдугаарт, хүн чанар; гуравдугаарт, үүрэгтээ хандах хандлага.) Уншиж дуусаад та нар өмнөх хоёр удаагийн нөхөрлөлийн зарим үндсэн агуулгыг санав уу? (Тийм ээ.) Эхлээд сүүлийн нөхөрлөлийн агуулгыг тоймлон үзье. (Өнгөрсөн удаа Бурхан хүний Бурханд итгэх зорилгын талаар нөхөрлөж, энэ сэдвийн дөрвөөс наймдугаар зүйлийг хамарсан: дөрөвдүгээрт, завшааныг ашиглах; тавдугаарт, чуулганыг шулж амьдрах; зургаадугаарт, хоргодох; долоодугаарт, дэмжигч олох; наймдугаарт, улс төрийн зорилгоор хөөцөлдөх.) Өнгөрсөн удаагийн нөхөрлөлөөр энэ таван зүйлийг хэлэлцсэн. Энэ таван төрлийн хүмүүсийн үндсэн илрэл болон илчилсэн завхарсан мөн чанарын талаарх нөхөрлөлөөр дамжуулан, мөн тэдний зан авир, Бурханд итгэх санаархал, зорилго, түүнчлэн Бурханд тавьдаг байнгын шаардлагаас нь дүгнэн үзвэл энэ хүмүүсийг ах эгч нар гэж тооцож, чуулганд үлдээх ёстой юу? (Үгүй, ийм хүмүүсийг зайлуулах ёстой, учир нь тэдний Бурханд итгэх итгэл үнэнийг эрэлхийлэх, эсвэл авралыг эрэлхийлэхийн төлөө байдаггүй. Тэд бүгд хувийн сэдэл, санаархалтай, өөрсдөдөө ашиг хонжоо олж, Бурханы гэрээс ашиг тус хүртэнэ гэж найддаг. Тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс биш; тэд бүгд үл итгэгчид юм.) Хэрвээ үл итгэгчдийг чуулганаас зайлуулахгүй бол тэд чуулганы ажил болон ах эгч нарт ямар хор хөнөөл учруулах вэ? (Тэд Бурханы үгийг идэж уудаггүй, Бурханы ажлыг ч туулдаггүй; тэд үнэнийг хүлээн авахгүйгээр чуулганд үлддэг. Түүгээр ч барахгүй тэд сөрөг байдал болон үзлээ гаргаж, улмаар саад тотгор, үймээн учруулж, сөрөг үүрэг роль гүйцэтгэдэг.) Эдгээр илрэл нь үндсэндээ хүмүүст харагддаг.

Өнгөрсөн нөхөрлөлөөр хэлэлцсэн таван төрлийн хүмүүсийн илрэлээс үзвэл, энэ хүмүүст нийтлэг шинж чанар байна уу? (Тийм.) Тэдний нийтлэг шинж чанар юу вэ? (Энэ хүмүүс бүгд үл итгэгчид.) (Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, үнэнд итгэдэггүй, үнэнийг сонирхдоггүй.) Энэ нь тэдний мөн чанарыг хөндөж байна. Нэгэнт тэд үнэнд итгэдэггүй тул үнэнийг хүлээн авахгүй. Үнэнийг огт хүлээн авдаггүй хүмүүсийн мөн чанар бол үл итгэгчийнх юм. Үл итгэгчдийн шинж тэмдэг юу вэ? Тэд завшааныг ашиглах, чуулганыг шулж амьдрах, гамшгаас зайлсхийх, дэмжлэг олох, найдвартай орлогын эх үүсвэртэй болохын тулд Бурханд итгэдэг. Тэдний зарим нь бүр улс төрийн зорилгоор хөөцөлдөж, тодорхой хэрэг явдлаар дамжуулан засгийн газартай холбоо тогтоон таалал олж, албан тушаал очихыг хүсдэг. Ийм хүмүүс бол бүгдээрээ үл итгэгчид юм. Тэд Бурханд итгэхдээ ийм сэдэл, санаархал тээдэг бөгөөд зүрх сэтгэлдээ Бурхан байдаг гэдэгт зуун хувь итгэдэггүй. Тэд Түүнийг хүлээн зөвшөөрлөө ч гэсэн маш эргэлзсэн байдлаар хүлээн зөвшөөрдөг, учир нь тэдний зууралддаг үзэл бодол нь бурхангүй үзэл юм. Тэд зөвхөн материаллаг ертөнцөд харж болох зүйлсэд л итгэдэг. Тэднийг Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй гэж бид яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл, Бурхан тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн гэдгийг, мөн хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Бурхан тэднийг залж чиглүүлж, захирсаар ирсэн гэх баримтад тэд огт итгэдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс тэд Бурхан бие махбодтой болж чадна гэсэн баримтад итгэх боломжгүй. Хэрвээ тэд Бурхан бие махбодтой болж чадна гэдэгт итгэдэггүй бол Бурханы илэрхийлсэн бүх үнэнд итгэж, хүлээн зөвшөөрч чадах уу? (Чадахгүй.) Хэрвээ тэд Бурханы илэрхийлсэн үнэнд итгэдэггүй бол Бурхан хүн төрөлхтнийг аварч чадна гэдэгт, мөн хүн төрөлхтнийг аврах Түүний удирдлагын төлөвлөгөөнд итгэдэг үү? (Итгэдэггүй.) Тэд алинд нь ч итгэдэггүй. Тэдний үл итгэлийн үндэс нь юу вэ? Тэд Бурхан оршин байдагт итгэдэггүй явдал юм. Тэд бол бурхангүй үзэлтнүүд, материалистууд. Тэд материаллаг ертөнцөд харж болох зүйлс л бодитой гэж итгэдэг. Тэд алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг зөвхөн хуйвалдаан, зүй бус арга замаар л олж авч болно гэж итгэдэг. Тэд сатанлаг гүн ухаанаар амьдарч байж л дэвжин дээшилж, аз жаргалтай амьдарна гэж итгэдэг. Тэд хувь заяа нь зөвхөн өөрсдийнх нь гарт байдаг, аз жаргалтай амьдралыг бий болгож, баталгаажуулахын тулд өөрсдөдөө л найдах ёстой гэж итгэдэг. Тэд Бурханы дээд эрхэд, эсвэл Түүний төгс хүчинд итгэдэггүй. Хэрвээ Бурханд найдвал юу ч үгүй хоцорно гэж тэд боддог. Эцсийн эцэст тэд Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлж чадна гэдэгт итгэдэггүй, Бурханы төгс хүчинд итгэдэггүй. Тийм учраас завшааныг ашиглах, чуулганыг шулж амьдрах, хоргодох, дэмжигч олох, эсрэг хүйстэнтэйгээ найзлах, улс төрийн зорилгоор хөөцөлдөх—албан тушаал, найдвартай орлогын эх үүсвэрээ баталгаажуулах гэх мэт санаархал, зорилго Бурханд итгэх итгэлд нь гарч ирдэг. Энэ хүмүүс чухамдаа Бурхан бүхнийг захирдаг гэдэгт итгэдэггүй учраас л өөрсдийн санаархал, зорилгыг өвөрлөн чуулганд айж эмээлгүйгээр, ичиж эрээлэхгүйгээр шургалан орж, өөрсдийн авьяас чадварыг ашиглах юм уу хүслээ биелүүлэхийг хүсдэг. Энэ нь, тэд ерөөл хүртэх санаархал, хүслээ хангахын тулд чуулганд шургалж байна гэсэн үг; тэд чуулганд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж авахыг хүсдэг бөгөөд ингэснээрээ найдвартай орлогын эх үүсвэрээ олж авна. Тэдний зан авир, түүнчлэн уг чанар-мөн чанараас нь харахад Бурханд итгэх зорилго, сэдэл, санаархал нь зүй ёсны биш бөгөөд тэдний хэн нь ч үнэнийг хүлээн авдаггүй, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй—тэд чуулганд шургалж орлоо ч гэсэн зүгээр л орон тоо бөглөдөг, ямар ч эерэг үүрэг роль гүйцэтгэдэггүй. Тиймээс чуулган ийм хүмүүсийг хүлээн авах ёсгүй. Хэдийгээр энэ хүмүүс чуулганд шургалсан ч тэд Бурханы сонгосон хүмүүс биш, харин сайхан сэтгэлээрээ бусдын авчирсан хүмүүс юм. “Тэд Бурханы сонгосон хүмүүс биш”—үүнийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Энэ нь, Бурхан тэднийг урьдчилан тогтоож, сонгоогүй; Тэр тэднийг ажлынхаа бай гэж үздэггүй; Бурхан тэднийг Өөрийн аврах хүмүүс гэж урьдчилан тогтоогоогүй гэсэн үг юм. Энэ хүмүүсийг чуулганд шургалмагц бид мэдээж тэднийг ах эгч нар гэж үзэж болохгүй, учир нь тэд үнэнийг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, эсвэл Бурханы ажлыг дуулгавартай дагадаг хүмүүс биш юм. Зарим хүн: “Нэгэнт тэд Бурханд үнэхээр итгэдэг ах эгч нар биш юм бол яагаад чуулган тэднийг зайлуулж, хөөдөггүй юм бэ?” гэж асууж магадгүй. Бурханы санаа зорилго бол Бурханы сонгосон хүмүүс энэ хүмүүсийг ялган таньж сурч, улмаар Сатаны заль мэхийг нэвт харж, Сатаныг голж сурах явдал юм. Бурханы сонгосон хүмүүс ялган таних чадвартай болмогц эдгээр үл итгэгчийг зайлуулах ёстой. Ялган танихын зорилго бол амбиц, хүсэл өвөрлөн Бурханы гэрт шургалж орсон эдгээр үл итгэгчийг ил болгож, чуулганаас зайлуулах явдал юм, учир нь энэ хүмүүс Бурханд жинхэнээсээ итгэдэг хүмүүс биш, үнэнийг хүлээн авч, эрэлхийлдэг хүмүүс бүр ч биш. Тэд чуулганд үлдлээ гээд ямар ч сайн юм болохгүй—харин ч ихээхэн хор хөнөөл учирна. Нэгдүгээрт, чуулганд шургалж орсныхоо дараа эдгээр үл итгэгч Бурханы үгийг хэзээ ч идэж уудаггүй, үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй. Тэд үргэлж Бурханы үг болон үнэнээс өөр зүйлсийг хэлэлцэж, бусдын зүрх сэтгэлийг үймүүлдэг. Тэд чуулганы ажилд зөвхөн саад болж, үймүүлж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт, хэрвээ тэд чуулганд үлдвэл яг л шүтлэггүй хүмүүс шиг дураараа дургиж, буруу үйл хийж, чуулганы ажилд саад болж, үймүүлэн, чуулганд олон далд аюул учруулна. Гуравдугаарт, тэд чуулганд үлдлээ ч гэсэн дуртайяа үйлчлэл үзүүлэгч болохгүй бөгөөд бага зэрэг үйлчлэл үзүүлж магадгүй ч энэ нь зөвхөн ерөөл хүртэхийн төлөө л байх болно. Ерөөл хүртэж чадахгүйгээ мэдэх өдөр ирвэл тэд уурсаж хилэгнэн, чуулганы ажлыг үймүүлж, хохирол учруулна. Тэгж байснаас тэднийг аль болох эртхэн чуулганаас зайлуулсан нь дээр. Дөрөвдүгээрт, эдгээр үл итгэгч бүлэглэл үүсгэж, антихристүүдийг дэмжиж, дагаж, чуулган дотор ёрын муу хүчийг бий болгон, чуулганы ажилд ихээхэн аюул занал учруулах магадлалтай. Энэ дөрвөн зүйлийг харгалзан үзвэл, Бурханы гэрт шургалж орсон эдгээр үл итгэгчийг ялган таньж, ил болгоод, дараа нь зайлуулах шаардлагатай. Зөвхөн ингэж байж л чуулганы ажлын хэвийн ахиц дэвшлийг хадгалж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы үгийг идэж ууж, чуулганы амьдралаар хэвийн амьдарч, улмаар Бурханд итгэх итгэлийн зөв замд ороход нь үр дүнтэй хамгаалж чадна. Учир нь эдгээр үл итгэгч чуулганд шургалах нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод асар их хор хөнөөлтэй байдаг. Тэднийг ялган таньж чаддаггүй, харин ч ах эгч нар гэж үздэг олон хүн бий. Зарим хүн тэдэнд цөөн хэдэн билиг авьяас, давуу тал байгааг хараад тэднийг удирдагч, ажилчин болгохоор сонгодог. Чуулганд хуурамч удирдагч, антихристүүд ингэж л гарч ирдэг. Мөн чанарыг нь харвал, тэдний хэн нь ч Бурхан оршин байдагт, Түүний үг үнэн гэдэгт, эсвэл Тэр бүхнийг захирдаг гэдэгт итгэдэггүй. Тэд Бурханы нүдэнд шүтлэггүй хүмүүс юм. Бурхан тэднийг огт тоодоггүй, Ариун Сүнс тэдэн дээр ажиллахгүй. Тиймээс мөн чанарт нь үндэслэн үзвэл тэд Бурханы авралын бай биш бөгөөд Бурханаар урьдчилан тогтоогдож, сонгогдоогүй нь лавтай. Бурхан тэднийг аврах боломжгүй. Аль ч талаас нь харсан, эдгээр үл итгэгчийн хэн нь ч Бурханы сонгосон хүмүүс биш юм. Тэднийг даруй, үнэн зөв ялган таньж, дараа нь зайлуулах ёстой. Тэднийг чуулганд гэтэж, бусдыг үймүүлэхийг зөвшөөрч болохгүй. Эдгээр үл итгэгч өөр өөр зорилго, сэдлээр чуулганд шургалдаг бөгөөд эхэндээ чи тэднийг нэвт харж, ялган таньж чадахгүй байж магадгүй. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, тэдэнтэй илүү олон удаа холбогдож, харилцахын хэрээр чи тэднийг улам бүр ойлгож, үл итгэгчид гэдгийг нь илтгэх янз бүрийн илрэлийг улам бүр тодорхой харах болно. Тэгвэл Бурханы үгэнд үндэслэн тэднийг ялган танихад илүү амархан байх биш үү? (Тийм ээ.) Хэрвээ Бурханы сонгосон хүмүүс бүгд үл итгэгчдийг ялган таньж чадвал тэднийг илчилж, зайлуулах цаг болжээ. Тэдний зан араншин ямар байх, нийгмийн байр суурь ямар байх, эсвэл чуулганд хэр их зиндаатай байх нь хамаагүй, хэрвээ хэдэн жил номлол сонссоныхоо дараа ч үнэнийг хүлээн авч чадахгүй, Бурханы талаарх үзлээр дүүрэн хэвээр байвал тэд аль хэдийн үл итгэгчид гэж илчлэгдсэн хэрэг. Бурханд итгэх зорилго, илрэлийг нь авч үзвэл тэд зайлуулагдах юм уу хөөгдөх ёстой хүмүүс мөн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ бол цаг хугацаа бүрд чуулганы хийх ёстой цэвэрлэгээний ажил юм.

Бурханд итгэх зорилго гэдэг сэдэв найман зүйлийг хамарсан, өөрөөр хэлбэл төрөл бүрийн ёрын муу хүмүүсийг ялган таньж, дараа нь тэднийг үнэн зөв тодорхойлж, зохих ёсоор шийдвэрлэхэд хангалттай илрэл бүхий найман төрлийн хүн байдаг. Товчхондоо, энэ найман төрлийн хүн чуулганд үлдэж болохгүй. Зарим нь: “Энэ найман төрлийн хүн тус бүрдээ зөвхөн нэг төрлийн зан авир гаргадаг уу?” гэж асууж магадгүй. Заавал тийм байх албагүй; зарим хүмүүсийн Бурханд итгэх зорилго дөрөв таван зүйлийг багтаадаг—тэд хоргоддог, чуулганыг шулж амьдардаг, завшааныг ашигладаг, улс төрийн зорилгоор хөөцөлддөг, мөн эсрэг хүйстнээ замбараагүй хайж, бусдыг ялгаваргүйгээр уруу татахын тулд чуулганд шургалдаг. Зарим хүний Бурханд итгэх зорилго хоёр зүйлийг хамарч магадгүй—нэг нь чуулганд албан тушаалтан болохоор эрэлхийлэх, нөгөө нь завшааныг ашиглах замаар ерөөл эрэлхийлэх, эсвэл зарим нь эсрэг хүйстнээ хайхын зэрэгцээ чуулганыг шулж амьдарч магадгүй. Мэдээж, энэ хүмүүс Бурханы гэрт ашиг хонжоо хайхаар ирдэг бөгөөд Бурханы гэр юм уу ах эгч нарыг ашиглан ажил хэргээ бүтээлгэх, өөрсдийнхөө төлөө хүчин зүтгэл гаргуулахаар зорьдог; зорилгодоо хүрч, хүслээ хангахын тулд тэд ах эгч нарыг өөрсдөдөө үйлчлүүлэх боломжит бүх аргыг ашигладаг. Товчхондоо, чуулганд шургалж орсон, зайлуулагдах юм уу хөөгдөх ёстой эдгээр үл итгэгч болон завшааныг ашиглагчдын Бурханы гэрт ирэх илэрхий зорилго нь үнэгүй хооллож, хувийн ашиг хонжооны төлөө нөхцөл байдлыг далимдуулан ашиглах явдал юм. Яриа эсвэл үйлдлээс нь тэдний зорилгыг үргэлж бүдэг бадаг ялган таньж болно. Энэ хүмүүс үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд үнэнийг сонирхдоггүй; заримдаа тэд зэвүүцэх юм уу эсэргүүцэх ааш авир, хандлага гаргадаг. Чуулган тэдэнд ямар ч үүрэг зохицуулсан бай, хэрвээ өөрсдөд нь ашигтай бол тэд дурамжхан хамтран ажилладаг. Хэрвээ ашиггүй бол тэд дотроо эсэргүүцэж, сөрөг, идэвхгүй байдал, тэр ч бүү хэл зэвүүцэл, татгалзлаа илэрхийлдэг. Ашигтай бол тэд багахан ажил хийдэг; ашиггүй бол зайлсхийдэг аль эсвэл идэвхгүйгээр аргацаадаг. Ажлын чухал мөчүүдэд тэд нуугдаж тоглон, алга болж, чуулганы ажлыг цалгардуулдаг. Эдгээр илрэлээс харахад тэдний Бурханд итгэх итгэл нь зүгээр л үнэгүй хооллохын төлөө гэдэг нь тодорхой байна; тэднийг үйлчлэл үзүүлэхэд ашиглалаа ч гэсэн нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог.

I. Чуулганыг хянах

Өнөөдөр бид Бурханд итгэх зорилго гэдэг сэдвийн сүүлийн зүйлийн талаар нөхөрлөнө. Өмнө дурдсан найман зүйлээс гадна, Бурханд итгэх зорилго, санаархал нь зүй ёсны биш өөр нэг төрлийн хүн бий. Гагцхүү ашиг хонжоогоор өдөөгдөж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг хамаг чадлаараа эрэлхийлдэг дээр дурдсан хүмүүсээс тэд юугаараа ялгаатай вэ? Энэ төрлийн хүн чуулганд албан тушаалтан болохын тулд, байр суурь юм уу найдвартай орлогын эх үүсвэрийн төлөө, эсвэл амьдралаа илүү тав тухтай болгохын төлөө гэх мэт зорилгоор орж ирдэггүй; тэд жирийн хүмүүс олж мэдэхэд хэцүү зорилготой байдаг. Энэ зорилго нь юу вэ? Энэ нь чуулганыг хянаж, захирах явдал юм. Чуулганыг хянах нь Бурханд итгэх зорилго гэдэг сэдвийн ес дэх зүйл юм. Энэ хүмүүс чуулганыг хянах даалгавартай орж ирдэг бөгөөд чуулганы хөгжлийн явцыг хяналтдаа авахаар зорьдог. Тэднийг илгээж буй хүмүүс, дээд албан тушаалтнууд юм уу дарга нар нь засгийн газар, шашны тодорхой бүлэг, эсвэл нийгмийн ямар нэг байгууллагыг төлөөлдөг байж магадгүй. Тэд чуулганыг сайн мэддэггүй, сониуч зангаар дүүрэн, тэр ч бүү хэл чуулганы үүсэл, бүрдэл, оршин тогтнолын талаар сэтгэл нь тавгүйтдэг учраас чуулганыг гүн гүнзгий ойлгож, чуулганы бүтэц, ажил, янз бүрийн нөхцөл байдлын талаар мэдэж авах санаархалтай байдаг. Тиймээс зарим хүн хянах ажлыг хийхээр чуулган руу илгээгддэг. Чуулганыг хянах ажил хийж байгаа хүмүүс засгийн газар, шашны бүлэг, эсвэл нийгмийн аль ч байгууллагаас ирсэн бай хамаагүй, Бурханд итгэх зорилго нь жинхэнэ ах эгч нарынхаас огт өөр байдаг. Тэд Бурханы авралыг хүлээн авахаар энд ирээгүй; тэд Бурханд итгэж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Бурханы үг, үнэн болон Бурханы авралыг хүлээн авахаар ирээгүй. Тэдний Бурханд итгэх итгэлийг улс төрийн зорилго, эсвэл ямар нэг байгууллагын өгсөн даалгавар дагалддаг. Тиймээс чуулганыг хянах нь тэдний чуулганд шургалж, Бурханд итгэх зорилго төдийгүй дээд албан тушаалтнуудынх нь даалгасан даалгавар юм; энэ бол цалингаа авахын тулд тэдний хийдэг ажил юм.

Чуулганыг хянахаар чуулганд шургалсан тэр хүмүүс юуг хянадаг вэ? Тэд чуулганы сургаал, зорилго, юуг сурталчилдаг, ямар ажил хийдэг, мөн гишүүдийнх нь бодол санаа, үзэл бодол гэх мэт олон талыг хянаж, засгийн газар, шашин шүтлэг, эсвэл нийгэмд ямар нэг хор хөнөөл учруулж байгаа эсэхийг үнэлдэг. Тэд үг ярианы хувьд нийгмийн эсрэг, засгийн газрын эсрэг, эсвэл улс орны эсрэг ямар нэг мэдэгдэл байгаа эсэхийг шалгадаг. Сургаалын хувьд, тэд чуулганы сурталчилж буй үзэл санаа яг юу болохыг хянадаг. Тэднийг чуулганд шургалах үед олж илрүүлэхэд амаргүй байж магадгүй, учир нь тэд цуглааны үеэр зүүрмэглэхгүйгээр анхааралтай сонсож, нухацтай тэмдэглэл хөтөлж магадгүй. Тэд бүр цуглаан бүр дээр янз бүрийн хүмүүсийн хэлсэн үгийг хичээнгүйлэн нэгтгэн дүгнэж, эцэст нь янз бүрийн хүмүүсийн өөр өөр бодол санаа, үзэл бодлын талаар дүгнэлт хийж, ангилаад, аль нь улсын засгийн газрын ашиг сонирхол, шаардлагад нийцэж байгааг, аль нь улсын засаглалд хор хөнөөлтэй, засгийн газартай сөргөлдөж байгаа зэргийг хардаг. Тэд чуулганы гишүүдийн сэтгэлийн гүн дэх эдгээр үзэл бодлын талаар нарийн нягт дүгнэлт хийж, ангилан, тэмдэглэл хөтөлж магадгүй. Тэд яагаад ингэдэг вэ? Яагаад гэвэл энэ бол тэдний ажил, даалгавар; тэд дээд албан тушаалтнууддаа тайлагнах ёстой. Энэ бол тэдний ажлын эхний хэсэг: чуулганы сургаал болон чуулганы бүх гишүүний үзэл бодлын чиг хандлагыг мэдэж авах. Эдгээр чиг хандлага нь нийгэм юм уу улс оронд хор хөнөөлтэй элемент агуулж байна гэж үзвэл, эсвэл зарим нэг хэт туйлширсан бодол санаа, үзэл бодол гарч ирж байна гэж үзвэл тэд үүнийг дээд албан тушаалтнууддаа даруй мэдээлж, тайлагнадаг, ингэснээр тохиромжтой арга хэмжээ авч чаддаг. Тэдний юун түрүүнд ойлгохыг зорьдог зүйл бол чуулганы сургаал юм—энэ бол чуулганыг хянах гол ажлуудынх нь нэг—үүний дараа чуулганы ажилтнуудын талаарх мэдээлэл орно. Жишээ нь, тэд чуулганы ахлах удирдагчид хэн болох, үүнд оршин суух хаяг, нас, гадаад төрх, боловсролын түвшин, сонирхол, хобби, эрүүл мэндийн байдал, өдөр тутмын амьдралдаа юу ярьдаг, хаашаа явдаг, ямар ажил хийдэг, түүнчлэн өдөр тутмын ажлын цаг, ажлын агуулга зэргийн талаар мэдээлэл цуглуулдаг. Тэд эдгээр удирдагч засгийн газар, шашин шүтлэг, эсвэл нийгмийн чиг хандлагын эсрэг ямар нэг мэдэгдэл хийсэн эсэх, эсвэл үйлдэл хийсэн эсэх, түүнчлэн улс орны засаглалын тогтолцоо болон одоогийн улс төрийн үйл явдалд эдгээр удирдагч хэрхэн хандаж байгаа зэргийг хардаг. Энэ бүхэн нь чуулганыг хянаж буй хүмүүсийн мэдэж авахыг зорьдог талууд юм. Үүнээс гадна, тэд бас чуулганы бүтэц, захиргааны бүтцэд байнга анхаарал хандуулдаг. Жишээ нь, тэд чуулганы удирдагч, ажилчид хэн болох, аль түвшний удирдагчид чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөний дараа тэдэнд ямар зохицуулалт хийгдсэн, ямар удирдагчид баривчлагдсан, дараа нь хэн ажлыг нь хүлээж авсныг бүртгэж байдаг. Тэд залгамжлагчийн нас, хүйс, Бурханд хэдэн жил итгэсэн, боловсролын түвшин, мөн—хэрвээ тэд авьяаслаг их сургууль төгсөгчид бол—улс орон, нийгэмд сөрөг нөлөөтэй эсэх, тэднийг засгийн газрын хэлтэст ажиллуулахаар элсүүлэх боломжтой эсэх зэрэг тодорхой мэдээллийг цуглуулдаг. Тэд бүр чуулганы тодорхой удирдагчид албан тушаалд очих юм уу чөлөөлөгдөх талаар ч олж мэдэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний байдал, захиргааны тодорхой ажил, чуулганы бүтэц зэрэг нь тэдний мэдэж авахыг зорьдог талууд юм. Түүнчлэн, тэд чуулганд хэдэн төрлийн ажил байгааг, хэдэн бүлэг байгааг, бүлэг бүрийн зааварлагчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг бүрэн мэдэж авахыг зорьдог. Тэд энд тэндгүй асууж сураглаж, ажиглаж, олж мэдэж, ажлаа асар нарийн гүйцэтгэдэг. Чуулганд шургалж орсон ийм хүмүүсийн хийх ажил, биелүүлэх даалгавар нь чуулганы нөхцөл байдлын бүх тал, янз бүрийн өрнөлийг цаг алдалгүй мэдэж авч, чуулганыг хянах зорилгодоо хүрэх явдал юм. Жишээ нь, үүнд чуулган хилийн чанадад хэрхэн хөгжиж байгаа, сайн мэдээ хэдэн улсад түгсэн, аль улсад чуулган байгуулагдсан зэрэг багтдаг—тэд энэ бүх нарийн ширийн зүйлийг мэдэж авах хэрэгтэй байдаг. Чуулганыг хянахдаа тэдний гүйцэтгэдэг гол ажлууд нь энэ: Нэгдүгээрт, чуулганы сургаалыг мэдэж авах; хоёрдугаарт, чуулганы боловсон хүчний нөхцөл байдлыг мэдэж авах; гуравдугаарт, чуулганы ажлын байдал болон сүүлийн үеийн гол хөдөлгөөнийг мэдэж авах. Тэд бүхэлдээ Сатан, агуу улаан лууны хамсаатан, гар хөл болж ажилладаг; тэд бол Сатаны жинхэнэ зарц нар юм.

Чуулганыг хянадаг ийм төрлийн хүмүүс чуулганы сургаал, боловсон хүчин, ажлын чиг хандлага, чуулганы цар хүрээ болон бусад талуудтай холбоотой мэдээллийг цуглуулах зорилгоор чуулганд шургалдаг. Тэд эдгээр тал тус бүрийг мэдэж аваад, дараа нь дээд албан тушаалтнууддаа тайлагнахыг зорьдог бөгөөд дээд албан тушаалтнууд нь нөхцөл байдалд үндэслэн чуулганы эсрэг чиглэсэн бодлогын төлөвлөгөө, арга хэмжээг хэдийд ч боловсруулж магадгүй. Товчхондоо, чуулганыг хянах тэдний зорилго нь огтхон ч сайн санааных биш юм. Эс бөгөөс, чуулганыг хянах нь тэдэнд эд баялаг ч, ашиг тус ч авчирдаггүй байхад тэд яагаад хянасаар байх билээ? Энэ нь чуулганы оршин тогтнолын талаар сэтгэл тавгүйтдэгээс болж байгаа биш үү? Тэд Бурханы байгуулж, удирддаг чуулган бол улс төр, нийгэм, улс төрийн бүлэг, байгууллагатай ямар ч холбоогүй, Бурханд цэвэр ариунаар итгэдэг хүмүүсээс бүрддэг гэдэгт итгэдэггүй. Гэвч тэд чуулганыг хэрхэн шалгахаас үл хамааран сэтгэл нь тавгүйтсэн хэвээр байдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэд бурхангүй үзэлтнүүд, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, бас үнэнийг үзэн яддаг. Тиймээс тэд итгэгчдийг дарангуйлах, баривчлах, түүнчлэн чуулганыг хянах зэрэг мунхаг, утгагүй үйлдэл хийх чадвартай байдаг. Тэд яагаад чуулганы эсрэг хяналт, эсэргүүцлийн арга хэмжээ авдаг вэ? Учир нь чуулган хэт томорч, хэт олон гишүүнтэй болсноор улс орон, засгийн газар, нийгэмд ихээхэн нөлөө үзүүлж, тэр ч бүү хэл уламжлалт соёл, уламжлалт шашны бүлгүүдэд заналхийлж, нөлөөлөх вий гэдэгт тэд хамгийн их санаа зовдог. Энэ бол чуулганыг хянаж, эсэргүүцэж буйн ар дахь жинхэнэ шалтгаан юм. Тиймээс тэд чуулганыг хянаж, эсэргүүцэх нь гүйцэтгэх ёстой улс төрийн даалгавар гэж үздэг.

Чуулганыг хянадаг ийм төрлийн хүмүүсийг чуулган дотор ялган танихад амаргүй байж магадгүй, учир нь тэд далд сэдэлтэй бөгөөд бусдад мэдэгдэхгүйн тулд өөрсдийгөө гүн нуудаг. Тиймээс тэд чуулган дахь олонхыг дагаж, ямар ч хачин зүйл хийхгүй, тун томоотой харагдаж, чуулганы хийж буй ажлын талаар хэзээ ч санал зөрөлдсөн үзэл бодол илэрхийлэхгүй байж магадгүй. Гэхдээ энэ хүмүүст нэг онцлог шинж бий: Тэд Бурханд итгэхдээ халуун ч биш, хүйтэн ч биш, хэт идэвхтэй ч биш, хэт идэвхгүй ч биш байдаг. Тэд өөрсдөд нь даалгасан үүргийг бага зэрэг хийж чаддаг ч хаана ажилладаг, гэр бүлийн байдал, эсвэл өмнө нь Бурханд итгэж байсан эсэх зэрэг хувийн мэдээллээ хэзээ ч илчилдэггүй. Хэрвээ хэн нэгэн хүн засгийн газрын хэлтэст ажилладаг тухай яривал тэд ихэд булзааруулж, засгийн газар, улс төр, бодлого, шашны талаар ямар нэг санал бодол хэлэхээс зайлсхийдэг. Тэдний зан авир нь аливаа эмзэг сэдвээс зайлсхийдгээрээ онцлогтой; тэд засгийн газрыг шүүмжилдэг ч үгүй, магтдаг ч үгүй, бодлого, засаглалын тогтолцоог нь ч хэлэлцдэггүй. Хэн нэгэн тодорхой нэг хүнийг тагнуул гэж заах үед тэд мэдэгдэхүйц сандарч, тэр ч бүү хэл хурдхан босоод өөрсдийгөө өмгөөлж магадгүй. Сандрахаас гадна, ийм эмзэг сэдвээс зайлсхийх хандлагатайг нь чи тэдний харцнаас анзаарч магадгүй; тэд өөрсдийг нь нэвт харж чадах хэнээс ч болов дөлж зугтдаг. Үүнээс гадна, тэд үл мэдэгдэх эх сурвалжаас үргэлж дуудлага хүлээн авдаг, эсвэл чуулгантай холбоогүй нууцлаг хүмүүс тэдэнтэй холбогдож, харилцдаг бөгөөд эдгээр дуудлагад хариулахдаа тэд бусдаас холддог. Хэрвээ хэн нэгэн энэ мөчид тэднийг санамсаргүй харвал тэд илт тэвдэж, улайж, асар тайван бус харагдаж, хэн болох нь илчлэгдэх вий гэж айдаг. Тэд чуулганы талаарх мэдээллийг нууцаар цуглуулахаас гадна ах эгч нарын нөхцөл байдлын талаар үе үе асууж сураглан, “Чи Бурханд хэдэн жил итгэсэн бэ? Эцэг эх чинь итгэдэг үү? Гэр бүлийнхэн чинь эх газарт байгаа юу? Эх газарт байгаа гэр бүлийнхнээс чинь хэн нь Бурханд итгэдэг вэ, хэдэн жил итгэж байна? Тэд хэдэн настай вэ? Танай орон нутгийн чуулганд хэдэн хүн байдаг вэ? Тэд одоо ямархуу байгаа вэ?” гэх мэт асуулт асуудаг. Тэд хүмүүсийн дэлгэхийг хүсдэггүй эмзэг, хувийн мэдээллийг хааяа хааяа асууж лавладаг. Ах эгч нарын хоорондох ерөнхий харилцаанд, хэрвээ хүн хуваалцахыг хүсэхгүй бол хэн ч санаатайгаар, идэвхтэйгээр хувийн эмзэг мэдээллийг нь асуудаггүй. Гэвч энэ хүн ийм асуудалд онцгой анхаарал хандуулж, бүр зарим удирдагч, ажилчин юм уу чухал ажил хариуцсан хүмүүсийн хөдөлгөөнийг мөшгөж, энэ хүмүүсийн компьютер, гар утсан дээрх өгөгдөл, эсвэл хаягийн мэдээлэлд нэвтрэхийг оролдож, эдгээр нарийн ширийн зүйлийг сайтар шалгах гэж зүтгэдэг. Хэрвээ тэд тодорхой нэг удирдагч цуглаанд оролцоогүйг анзаарвал “Тэр өнөөдөр цуглаанд ирсэнгүй. Юу хийж байгаа юм бол?” гэж асууна. Хэрвээ хэн нэгэн түүнийг завгүй байгаа гэж хэлбэл тэд: “Юу хийгээд завгүй байгаа юм бэ? Нөгөө шинэ итгэгчдийг дахиад усалж байгаа юм уу? Тэр шинэ итгэгчид хэн юм бэ? Тэд хэзээ итгэж эхэлсэн юм бэ? Би яагаад энэ талаар мэдээгүй байдаг билээ?” гэж цааш нь шалгаана. Тэд улам гүн ухаж төнхсөөр байдаг. Ах эгч нар: “Хэрвээ бид мэдэх ёсгүй бол асуухгүй байцгаая. Яагаад байнга асуугаад байгаа юм бэ? Энэ нь амь-оролтын тухай биш, үнэнтэй холбоогүй; мэдэх шаардлагагүй” гэж хэлдэг. Үүний хариуд шургалагч этгээд: “Гэхдээ эдгээр нь Бурханы гэрийн хэрэг явдал, чуулганы ажил шүү дээ; бид яагаад мэдэж болохгүй гэж? Бид бүгд Бурханд итгэдэг, жаахан мэдэхэд гэмгүй. Хэрвээ та нар мэдэхийг хүсэхгүй байгаа бол чуулганы ажил, эсвэл чуулганы удирдагчдад санаа тавьдаггүй гэсэн үг. Удирдагч яг хэнтэй уулзахаар явсан юм бэ? Хэдэн шинэ итгэгч байгаа вэ? Тэд хаана байгаа юм бэ? Би ч бас тэдэнтэй уулзмаар байна” гэж хариулдаг. Тэд эдгээр хэрэг явдлын талаар үргэлж асууж сураглаж байдаг.

Чуулганыг хянадаг хүмүүсийн хамгийн их анхаардаг өөр нэг ажил бол чуулганы санхүүгийн байдлыг ухамсарлах явдал юм. Нэг талаар, тэд чуулганы санхүүгийн эх сурвалжийг ойлгохыг эрмэлздэг. Тэд чуулган үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулсан эсэх, эрчимжүүлсэн үйлдвэртэй эсэх, хүүхдээр хөдөлмөр эрхлүүлдэг эсэх, чуулганы төрөл бүрийн ажил нь ашигтай эсэхийг мэдэхийг хүсдэг. Жишээлбэл, чуулган видео, кино, магтан дуу бүтээх, Бурханы үгийн ном хэвлэснээс ашиг олдог эсэх, эсвэл хэт их ашигтай ажилладаг эсэх; чуулганы санхүүгийн эх сурвалж юу болох; чуулганыг дэмжихээр хандив өргөдөг баян чинээлэг хүмүүс байдаг эсэх; энэ хүмүүсийн дунд улс төрийн дээд зиндааныхан юм уу саятан, тэрбумтнууд байдаг эсэх—эдгээр нь тэдний мэдэхийг хүсдэг нарийн ширийн зүйл юм. Чуулганы захиргааны бүтэц, санхүүгийн эх сурвалжийг олж мэдэхээс гадна тэд бас чуулганы санхүүгийн хадгалалтыг ойлгохыг зорьдог бөгөөд зорилго нь эдгээр мөнгөний урсгалыг мөшгөх явдал юм. Чуулган мөнгөө хэрхэн зарцуулдаг, ямар нэг хууль бус үйл ажиллагаанд оролцдог эсэх, дарангуйлагч засгийн газрыг эсэргүүцэж, хүний эрхийг хамгаалахын тулд нийгмийн дээд зиндааныхныг зохион байгуулдаг, эсвэл нийгмийн янз бүрийн байгууллага, бүлэгтэй хамтардаг эсэх гэх мэт нь ч бас тэдний мэдэхийг зорьдог чухал нөхцөл байдал юм. Зарим хүн: “Чуулганыг хянах ажлыг зөвхөн агуу улаан лууны улс орон л хийдэг үү?” гэж асуудаг. Энэ үг үнэн зөв үү? Үнэндээ бүхий л ертөнц, бүхий л хүний нийгэм Бурханыг эсэргүүцдэг. Зөвхөн дарангуй засаглалтай улс орнууд Бурханыг эсэргүүцдэг юм биш; Христийн шашинт гэгддэг улс орнуудад ч гэсэн эрх баригчдын ихэнх нь бурхангүй үзэлтнүүд болон шүтлэггүй хүмүүс байдаг бөгөөд сүсэг бишрэлтэй юм уу Христийн шашинтай гэгддэг эрх баригчдын дунд ч үнэнийг хүлээн авч чадах хүн цөөхөн байдаг. Ихэнх хүн үнэнийг хүлээн авах нь бүү хэл, хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл энэ хүмүүс Бурханд итгэдэг атлаа Түүнийг эсэргүүцдэг хүмүүс биш гэж үү? Жишээ нь, Христийн шашин, Католик шашин, Израилийн Иудаизм зэрэг шашны дээд зиндааныхан үнэнийг хүлээн авдаг хүмүүсээс бүрддэг үү? Огтхон ч үгүй. Тэдний хэн нь ч Бурханы ажлыг судалдаггүй; нэг нь ч үнэнийг хүлээн авч чаддаггүй. Нарийн яривал, тэд бүгд үл итгэгчид; бүгд Бурханыг эсэргүүцдэг, антихристүүд юм. Тэд Бурханы ажлыг үймүүлж, хорлон сүйтгэдэг, Бурханыг дагадаг хүмүүсийг харгисаар дарж, хавчдаг нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажилд хандаж буй хандлагаар нь нотлогддог. Аль урсгал нь итгэгчдэдээ үнэн замыг чөлөөтэй судлах, гаднын номлогчдыг сонсох, эсвэл танихгүй хүмүүсийг хүлээн авахыг зөвшөөрдөг вэ? Ганц нь ч ингэж чадахгүй. Аль үндэстэн, аль улс орон чуулганд найрсаг ханддаг вэ? (Нэг ч байхгүй.) Тэд чамд шашин шүтэх жаахан эрх чөлөө, амьсгаа авах жаахан зай олгож байгаа нь л их юм. Үүн дээр нэмээд тэд чамайг дэмжинэ гэж чи найдсаар байна уу? Бурханы чуулган гарч ирэх үед, эсвэл чуулган сайн мэдээг номлож эхлэх үед Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй, Бурханы илэрхийлсэн үнэнийг тун их зэвүүцэж, жигшдэг энэ хүмүүс тусгай ажил хийдэг ба энэ нь хүмүүс томилж, чуулганыг нарийн чанд хянах явдал юм. Энд буй “хянах” гэдэг нь тагнаж чагнах, мэдэж авах, хяналтдаа байлгах гэсэн утгатай; өөрөөр хэлбэл, үе шат бүрд чуулганыг бүх талаар нарийн чанд тагнаж, мэдэж авч, хяналтдаа байлгах гэсэн үг юм. Зарим хүн: “Тэд Бурханы ажлыг ил тод яллаж, эсэргүүцээгүй, бид ч орон нутагтаа амьдрахдаа хавчлага, дарамтад өртөөгүй. Биднийхээр бол, хилийн чанадад Бурханд итгэж, цуглаж, үүргээ гүйцэтгэж, сайн мэдээ түгээх нь агуу улаан лууны улс орноос хамаагүй дээр, хамаагүй аюулгүй санагддаг. Бид ямар ч саад тотгор туулаагүй” гэж хэлдэг. Ямар ч саад тотгор учраагүй, чамд зарим нэг эрх чөлөө олгогдсон гэдгээр чуулганыг хянах тэдний ажлыг үгүйсгэж болохгүй. Чамд өгсөн жаахан шашин шүтэх эрх чөлөө бол нийгмийн үндсэн тогтолцоо юм; чиний эдэлж байгаа зүйл бол ердөө л амьдарч буй улс орны чинь иргэн бүрийн эдэлдэг үндсэн эрх юм. Эдгээр үндсэн эрхийг эдэллээ гээд улсын засгийн газар, нийгмийн бүлгүүд, эсвэл шашны ертөнц Бурханы ажил болон чуулганы ажлыг хүлээн авч, хүлээн зөвшөөрч, найрсаг болсон, эсвэл дайсагнал, хяналт байхгүй болсон гэсэн үг биш. Тийм биз дээ? (Тийм ээ.) Энэ хийсвэр хэрэг биш биз дээ? (Хийсвэр биш.)

Сатаны дэглэмийн дайсагнал, хяналтад бид ямар хандлагаар хандах ёстой вэ? Бид үүнээс татгалзаж, зайлсхийх үү, эсвэл зүгээр л тоохгүй орхих уу? Эхлээд бодоод үз: Чуулганы аливаа ажлыг тэд хянахаас чуулган айдаг уу? (Үгүй.) Бидэнд ямар нэг нууц үйл ажиллагаа байдаг уу? Төр, засгийн газрын эсрэг улс төрийн үг яриа байдаг уу? (Үгүй.) Үүнийг баттай хэлж болно, Бурханд итгэх итгэл хэзээ ч улс төрд оролцдоггүй. Та нарын ихэнх нь Бурханд итгээд гурван жил гаруй болж байна, зарим нь бүр хорь, гучин жил ч итгэсэн. Ийм олон жил номлол сонсохдоо, чуулганд төр, нийгмийн эсрэг үг яриа байгааг олсон хүн байна уу? (Үгүй.) Огт байхгүй; Бурханы гэр хэзээ ч улс төр ярьдаггүй. Түүнчлэн, Төгс Хүчит Бурханы Чуулганыг Бурхан байгуулсан бөгөөд газар дээрх Бурханы хаанчлалын урьдчилсан загвар болохоос биш, хэн нэг хүний үүсгэсэн байгууллага биш, хэн нэг хувь хүний байгуулсан зүйл биш юм. Тэгвэл Бурханы байгуулсан чуулган ямар ажил хийдэг вэ? Нийгмийн эсрэг, шашны эсрэг, улс төрийн эсрэг ажил хийдэггүй. Тэгвэл чуулган ямар ажил хийдэг вэ? Нэгдүгээрт, чуулганы гол ажил нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврахаар Бурхан бие махбодтой болсон тухай сайхан мэдээг түгээж, Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг хүн төрөлхтнөөр хүлээн авахуулах явдал, ингэснээр тэд Бурхан руу эргэж, Бурханд шүтэн мөргөнө. Хоёрдугаарт, үнэнийг хүсэн эрмэлзэж буй хүмүүсийг Бурханы өмнө авчирч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах, ариусгагдах, эцэст нь аврагдахад хүргэдэг. Энэ бол Бурханы байгуулсан чуулганы эрхэлдэг ажил бөгөөд чуулганы оршин тогтнолын ач холбогдол, үнэ цэн юм. Энэ нь улс төр, бизнес, аж үйлдвэр, технологи, эсвэл нийгмийн аливаа салбартай хамааралгүй, салангид байдаг; чуулган эдгээр зүйлтэй ямар ч холбоогүй. Тэгвэл чуулганд хийдэг Бурханы авралын ажлын мөн чанар юу вэ? Хамгийн энгийн, хамгийн оновчтой үгээр хэлбэл хүн төрөлхтнийг удирдах явдал юм. Хүн төрөлхтнийг удирдах тодорхой агуулга нь хүмүүсийг Бурханы өмнө, Бурханы үгийн бодит байдал руу аваачиж, ариусгагдах болон авралд хүрэхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахад тэднийг хүргэх явдал юм. Энэ бол хүн төрөлхтнийг удирдах тодорхой ажил юм. Чуулганы эрхэлдэг аливаа ажил нь Бурханы удирдлага, Бурханы төлөвлөгөөтэй холбоотой, мэдээж Бурханы илэрхийлсэн үгтэй холбоотой байдаг; энэ нь ертөнцийн хүмүүсийн эрхэлдэг төрөл бүрийн ажилтай ямар ч холбоогүй. Тиймээс чуулганы сургаал номлол, боловсон хүчин, захиргааны бүтэц, чуулганы ажлын төлөв байдал, тэр ч бүү хэл чуулганы санхүүгийн байдал гээд чуулганы аливаа мэдээлэл нь аль ч улс орон, аль ч нийгэм, үндэстэн ястан, шашин, эсвэл хүний ямар ч бүлэгтэй хамааралгүй, өчүүхэн төдий ч холбоогүй байдаг. Тиймээс эдгээр зүйлээс харахад, эрх баригч нам ч бай, шашны бүлэг эсвэл нийгмийн бүлэг ч бай, хүмүүсийг явуулж чуулганыг хянуулж байгаа нь чухамдаа юу вэ? (Шаардлагагүй үйлдэл.) “Шаардлагагүй үйлдэл” гэдэг нь албархуу хэллэг. Түгээмэл хэллэг нь юу вэ? Хийх ажлаа олж ядсан хэрэг, тийм биз дээ? Миний үзэл бодлоор бол энэ нь хийх ажлаа олж ядсан хэрэг; өдөр хоногууд нь хэтэрхий тухтай, амар жимэр байгаа болохоор л тэд ийм хэдэн завтай хүнийг илгээн чуулганыг хянуулж, үүнийгээ бүр улс төрийн даалгавар, ноцтой ажил гэж үзэж байгаа хэрэг; үнэхээр утгагүй! Тэр хичээл чармайлтаараа боловсролын байгууллага, буяны байгууллага нээсэн нь хамаагүй дээр. Энэ бол зүгээр л махан биеийн тав тух нь хэтэрхий ихэдсэн, хийх ажлаа олж ядсан, зөв зүйтэй ажилд анхаараа төвлөрүүлэхгүй байгаа хэрэг юм! Хэрвээ бүх хүн төрөлхтөн Бурханы чуулган шиг Бурханаар биечлэн хариулуулж, удирдуулдаг байсан бол энэ ертөнц, энэ хүн төрөлхтөн шаардлагагүй олон байгууллага, зардал, чирэгдэл дээр ихийг хэмнэх байлаа. Ядаж л тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага зэрэг аюулгүй байдлын эдгээр салбар хэрэггүй болж, татан буугдаж, өөр ажилд хуваарилагдах байсан.

Чуулганыг хянадаг хүмүүс бүгд даалгавартай байдаг. Чуулганд шургалсны дараах тэдний гол даалгавар нь бидний дөнгөж сая нөхөрлөсөн хэдэн тал юм; тэд чуулган доторх хэдэн үндсэн, чухал нөхцөл байдлыг мэдэж авсныхаа дараа дээд албан тушаалтнууддаа тайлагнадаг. Тэдний бодол, санал, энэ ажлыг хийх зорилго ямар байхаас үл хамааран чуулганыг хянадаг энэ хүмүүс чуулганд гарч ирэх үед ах эгч нар сонор сэрэмжтэй байж, мэргэн ухаанаар шийдвэрлэх ёстой. Энэ арга зөв үү? (Зөв.) Тэгвэл хэт их сандрах хэрэг байна уу? (Үгүй.) Ийм хүмүүс гарч ирэхэд бид яаж хандах ёстой вэ? Хоёр зарчим бий, маш энгийн. Хэрвээ тэд хаа сайгүй мэдээлэл лавлаж, хайж байвал илт тагнуул, туршуулууд мөн. Ийм хүмүүс туйлын өөдгүй, давилуун хүн чанартай байдаг; тэд чуулганд ноцтой үймээн учруулдаг. Тэдний байгаа нь л гэхэд хүмүүсийн сэтгэлийг түгшээж, Бурханы өмнө очиход нь саад болдог. Цуглаан, үүрэг гүйцэтгэл ч саатаж, нөлөөлөлд өртөж, аюулгүй байдалд заналхийлдэг. Ийм хүнийг яаж шийдвэрлэх ёстой вэ? (Түүнийг чуулганаас зайлуулах.) Зөв; хэрвээ тэд чуулганы амьдрал юм уу чуулганы ажилд үймээн учруулж байвал шууд зайлуулах ёстой. Тэгвэл тэднээс нуугдаж, айх хэрэг байна уу? (Үгүй.) Зарим хүн хилийн чанадад тагнуултай тааралдаад яг л эх газарт цагдаатай тааралдсан юм шиг сандарч, хаа сайгүй нуугддаг. Зарим ах эгч ажил хөөцөлдөж яваад тагнуултай тааралддаг ба тагнуулыг юм асуухад асуулт асууж байгаа өнгө нь яг л цагдаа хэрэгтнийг байцааж байгаа мэт сүрдмээр санагдаж, айсандаа ажлаа ч бүтээж чадалгүй зугтдаг. Би: “Чи яагаад ийм арчаагүй юм бэ? Яагаад зугтаж байгаа юм? Юунаас айгаад байгаа юм бэ? Агуу улаан лууны улс оронд олон ах эгч баривчлагдсан ч айгаагүй; Иудас болоогүй, гэрчлэлдээ бат зогссон. Тэгтэл чи хилийн чанадад ирчихээд яагаад ингэтлээ айгаад байгаа юм бэ? Чи ямар ч хууль зөрчөөгүй; юунаас айгаад байгаа юм бэ?” гэж хэлдэг. Зарим хүн: “Тэр үргэлж надтай ойртох гээд, намайг байнга байцаагаад байна” гэдэг. Чи буцаагаад асуулт асууж чадахгүй гэж үү? “Чи намайг байцаах ямар эрхтэй юм бэ? Би чамайг таних бил үү? Чи иргэний үнэмлэх шалгаж байгаа агуу улаан лууны албан хаагч юм уу? Чи хэнийг төлөөлж байгаа юм бэ? Асуулт асуугаад байвал би чамайг шүүхэд өгнө шүү!” гэж хэлж болно шүү дээ. Тэднээс айх хэрэг байна уу? (Үгүй.) Зарим хүн тийм тагнуулуудтай таараад дуугарч зүрхлэхгүй, айсандаа хурдан зугтдаг. Зарим мунгинуу хүн огт ялган таньж чадахгүй, бүр Сатаны ийм тагнуул, гар хөл бологсдод сайн мэдээ түгээх гэж оролддог. Хэд хэдэн удаа оролдсоныхоо дараа л тэд “Энэ Бурхан байдагт итгэдэг хүн биш байна. Яагаад агуу улаан лууны албан хаагч шиг санагдаад байна аа?” гэж ухаардаг. Нэг л биш байгааг мэдрээд тэд больдог. Дараа нь тэд “Бурхан намайг хамгаалж байна; ашгүй би түүнд хувийн мэдээллээ дэлгээгүй. Дэмий л тэвдэж сандарчээ!” гэж тунгаан боддог. Тэд маш их айсандаа дахиж таарсан хүн болгондоо хамаагүй сайн мэдээ түгээж зүрхлэхээ больдог. Үнэндээ сайн мэдээ түгээснээр чуулганд тагнуул оруулсан тохиолдол үнэхээр гарч байсан. Тэд бол агуу улаан лууны чуулганд шургуулсан туршуулууд бөгөөд Сатаны зориуд зохицуулсан хүмүүс юм. Тэд хонины арьс нөмөрсөн чоно шиг, Бурханы үгийг идэж уухгүйгээр, үнэнийг нөхөрлөхгүйгээр чуулганд шургалж, үргэлж чуулганы талаарх мэдээллийг тандаж, хүний хувийн мэдээллийг ухаж төнхдөг. Тэдний зан авир сэжигтэй байгааг, эсвэл тэд чуулганд аль хэдийн үймээн учруулсныг олж мэдмэгцээ цаг алдалгүй зайлуулах ёстой—агуу улаан лууны туршуул, Сатаны зарц нараар чуулганыг үймүүлүүлж хэрхэвч болохгүй. Олж илрүүлсэн болгоноо зайлуул; тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй! Хэрвээ хэн нэгэн хүн тагнуултай эвтэй байж, уг тагнуулд үргэлж хайрлах сэтгэлээр хандаж, асуусан бүхэнд нь хариулж, тагнуулын гар хөл болж байвал ийм өөдгүй амьтдыг шууд хөөх ёстой! Сэжигтэй хүмүүсийг анхааралтай цагдаж, ажиглах ёстой; чуулганы талаарх ганц нарийн ширийн зүйлийг, ялангуяа хэн удирдагч, ажилчид болохыг тэдэнд хэлж болохгүй. Хэрвээ тагнуул ямар нэг мэдээлэл олж авах юм бол энэ нь чуулган болон ах эгч нарт хэдийд ч далд аюул, гамшиг авчирч болзошгүй. Тиймээс хэн нэгэн сэжигтэй байгааг олж тогтоох үед, тэр хүн Бурханы үгийг хэзээ ч идэж уудаггүй, үнэнийг нөхөрлөдөггүй л бол гарцаагүй үл итгэгч мөн бөгөөд түүнийг даруй зайлуулах нь зөв. Ийм хүн тагнуул биш байлаа ч сайн хүн биш тул түүнийг зайлуулах нь огтхон ч шударга бус хэрэг биш. Хэрвээ хэн нэгэн хүн тагнуултай дотно холбоотой, чуулганаас урваж чадах хүн гэдэг нь тогтоогдвол ямар ч нөхцөлд түүнийг даруй зайлуулах ёстой. Ийм өөдгүй амьтад, хог шаарнууд чуулган болон ах эгч нарт гамшиг л авчирч чадна. Тэд манаач нохойноос ч дор; муу үйл хийгээгүй байсан ч гэсэн тэднийг зайлуулах л ёстой. Одоо агуу улаан луу нуран унахын даваан дээр байгаа ч ялагдал, сүйрлээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг үргэлжлүүлэн баривчилж, хавчиж, Бурханы гэрт шургалахын тулд тагнуулын ажиллагаа явуулдаг. Тэд чуулганы ажлыг үймүүлж, сүйтгэхээ хэзээ ч зогсоогоогүй. Одоо илт сэжигтэй зарим хүн ил болсон. Тэдний мэдээлэл цуглуулах оролдлого нь шуугиан дэгдээж, бусад хүн тэднийг нэвт харахад амархан болгосон. Хэн болох нь ил болмогц тэднийг чуулганаас зайлуулсан. Гэхдээ тэр зальтай тагнуулууд бүгд ил болсон уу? Яавч үгүй. Газар сайгүй чуулгануудад агуу улаан лууны тагнуулууд шургалсан байх боломжтой. Зарим хүн агуу улаан лууд баригдсаныхаа дараа сүрдүүлэг, уруу таталт болон Сатаны бусад арга мэхэнд автаж, тэдний төлөө ажиллахаар болж, дараа нь чуулганд шургалдаг. Эдгээр нь нуугдмал тагнуулууд юм. Ийм туршуулууд тэрслүү, зальтай, бага зэрэг овсгоотой, ухаантай байдаг. Шүтлэггүй хүмүүсийн үгээр бол тэд бага зэрэг чадвартай. Тэд чуулганыг хянахдаа анхаарал татахгүйгээр хийж, чимээгүй, нууцлаг байдлаар авирлаж, харилцахдаа жинхэнэ санаархлаа хэзээ ч илчилдэггүй. Тэдэнтэй харилцахдаа ихэнх хүн юу ч мэдэрдэггүй; тагнуул мэдээлэл цуглуулж байгааг мэддэггүй, тагнуул Бурханд итгэх итгэлийг зэвүүцэж байгааг ч мэдэрдэггүй. Ихэнх хүн түүнийг чуулганыг хянахаар ирснийг ухаарахаас ч өмнө тэр тагнуул чуулганы үндсэн нөхцөл байдлыг аль хэдийн мэдэж авсан ч байж магадгүй. Гаднаа ийм хүмүүс чуулганд юм уу ихэнх хүнд ямар ч үймээн учруулдаггүй, тэгвэл тэднийг яаж шийдвэрлэх ёстой вэ? Бид тэдний чуулганыг хянаж буйг нь шийдвэрлэхийн тулд ямар нэг арга хэмжээ авах ёстой юу? Өмнө дурдсанчлан, чуулган ямар нэг талаар тэдний хяналтаас айдаг уу? (Үгүй.) Манай чуулганы оршин тогтнол болон эрхэлдэг төрөл бүрийн ажил ил тод, шударга байдаг; эдгээр ажил нь хүн төрөлхтний дундах хамгийн шударга үйлс юм. Хэрвээ ямар нэг байгууллага чуулганы аль нэг талыг ойлгохыг хүсвэл чуулганы туршлагын гэрчлэлүүд онлайнаар нийтэд цацагддаг—хүн бүр хүссэнээрээ үзэж болно. Ямар ч нууц, ямар ч хууль бус үйл ажиллагаа байхгүй, нийгмийн дэг журмыг алдагдуулсан, эсвэл тэрслүү үг яриа, үйлдэл бүр ч байхгүй. Тиймээс хэрвээ тэд чуулганы нөхцөл байдлыг нууцаар судалж, хянаж байгаа бол тэднийг зүгээр л орхи. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Тагнуулаар ажилладаг ийм хүмүүс мэргэжлийн тодорхой стандарттай байдаг бөгөөд тэд ар хударгаар яг ямар даалгавар гүйцэтгэж байгааг жирийн хүмүүс олж мэдэж чаддаггүй. Тиймээс тэд үймээн учруулахгүй л бол тэднийг тоох хэрэггүй; зүгээр л орхи. Түүнчлэн, энэ үл итгэгч, бурхангүй үзэлтэн, улс төр хөөсөн хүмүүс чуулганы амьдралд дасдаггүй, сонирхдог ч үгүй. Хүмүүс өдөр бүр Бурханы үгийг уншиж, шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, өөрийгөө мэдэх, Бурханыг мэдэх, зан чанарын өөрчлөлтийн талаар ярилцдаг чуулганд тэд өргөсөн дээр суусан мэт санагдахгүй, эсвэл тарчлахгүй байж яаж чадах юм бэ? Цуглаан болгон дээр тэд халуун тогоон дээрх шоргоолж мэт тайван бус байдаг; тэд чуулганд үлдэх гэж өөрсдийгөө хүчлэхийг хүсдэггүй. Чуулган бол зүгээр л чуулган болохоос улс төрийн байгууллага яавч биш гэдгийг тэд зүрх сэтгэлдээ ойлгодог. Чуулганыг хянаж, чуулганы талаар мэдэж авч, яг юу хийдгийг нь ухаарснаар тэд Бурхан бүх зүйлийг, хүн төрөлхтний хувь заяаг захирдаг гэсэн баримтын талаар мэдлэгтэй болж, мэдлэгийн хүрээгээ тэлж, төдийлөн мэдлэггүй амьдрахаа болино. Тэд ч бас бүтээгдсэн зүйл атлаа хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг ч мэддэггүй, энэ нь тэдний хэчнээн мунхаг, өчүүхэн болохыг харуулдаг! Тэднийг чуулганд үлдээхэд ямар нэг эрсдэл бий юу? Хэрвээ тэд чуулганд юм уу ах эгч нарт ямар ч аюул занал, үймээн учруулахгүй бол тэднийг зүгээр орхи. Тэднийг үймээн учруулах ямар нэг зүйл хиймэгц энэ нь тэдний ил болох мөч байх бөгөөд тэднийг шийдвэрлэх зөв цаг нь тэр юм. Баримт, нотолгоонд үндэслэн тэднийг даруй ялган таньж, тодорхойл—тэдний үүрэг даалгавар дуусгавар болж, чуулган тэднийг зүй ёсоор хөөнө. Ийм арга барил сайн уу? (Тийм.) Зарим хүн: “Чуулганы ажил ил тод, шударга биш гэж үү? Яагаад хүмүүсийн хянахыг хязгаарладаг юм бэ?” гэж асуудаг. Энэ нь голчлон агуу улаан луу, Сатаны дэглэмд чиглэсэн байдаг. Тэд чуулганыг хянаж байгаа нь Бурханы сонгосон хүмүүсийг дарах, баривчлах, хорлох зорилготой байдаг; тиймээс Бурханы сонгосон хүмүүсийг хавчлага, хядлагад өртөхөөс сэргийлэхийн тулд Бурханы гэр тэдний хяналтыг зөвшөөрдөггүй. Хэрвээ ардчилсан улс орны хүмүүс юм уу шашны бүлгүүд үнэн замыг судалъя гэвэл онлайнаар хайж, эсвэл чуулгантай холбогдож болно. Үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайдаг хэнийг ч чуулган хүлээн авдаг. Гэхдээ нөгөө тал нь хорон санаархал өвөрлөж, зөв бурууг мушгин гуйвуулж, чуулганыг гүжирдэхээр эрмэлзэж байвал Бурханы гэр яаж тэдний хяналтыг зөвшөөрөх юм бэ? Тэдний хяналтыг зөвшөөрөх нь туйлын тэнэг хэрэг болох биш үү? Энэ нь мунхаг, мэдлэггүй хэрэг болох биш үү? (Тийм.) Бурханы гэр үнэнийг эрж хайдаг хүмүүсийг үргэлж угтан авч, халуун дотноор хүлээн авдаг бөгөөд энэ нь Бурханы санаа зорилгод бүрэн нийцдэг. Хэрвээ хүмүүс үүнийг ойлгохгүй бол мунхаг, мэдлэггүйгээсээ болж байгаа хэрэг. Чуулганы гадаад бодлого ил тод, шударга, үнэн-зарчимд бүрэн нийцдэг бөгөөд оюун ухаан, мэргэн ухаанаар дүүрэн байдаг. Хэрвээ хэн нэгэн эдгээр эерэг зүйлийг ухамсарлаж чадахгүй бол утгагүй хүн, мунгинуу хүн юм. Зарим хүн: “Хэрвээ туршуул юм уу Сатаны зарц нар чуулганы талаар мэдэхээр ирвэл бид үнэнч шударга хүн байж, асуултад нь үнэнээр хариулах ёстой юу?” гэж хэлдэг. Диаволууд, болон Сатануудад үнэнийг хэлэх нь тэнэг хэрэг; энэ нь хүнийг үнэнч шударга хүн болгодоггүй, харин Сатаны гар хөл болгодог. Сатаны төрлийнхөн чуулганы нөхцөл байдлыг мэдэж, ойлгож авахыг хүсвэл Бурханы сонгосон хүмүүс тэдэнд хэлэх хариуцлага хүлээхгүй. Тэд үнэнийг хүлээн авч чаддаггүй, сайхан сэтгэлгүй байдаг тул тэдэнд хэлэх юм бидэнд байхгүй! Ингэх нь адгуу байгаа хэрэг биш, харин ухаалаг байгаа хэрэг юм. Зарим хүн: “Хэрвээ тэд надаас ‘Танай чуулганыг хэн удирддаг вэ? Тэд хэдэн жил итгэж байгаа вэ?’ гэж асуувал би хэлж болох уу?” гэж асуудаг. Чи тэднээс ингэж асуух ёстой: “Манай удирдагчийн талаар мэдэх гэсэн зорилго чинь юу вэ? Эхлээд надад хэлчих, би бодож үзээд чамд хэлэх эсэхээ шийдье.” Ийм хариулт ухаалаг байна уу? (Тийм.) Үүнийг зарчмын дагуу үйлдэх гэж нэрлэдэг. Ойлгож байна уу? Сайн мэдээний ажил түгэж, чуулган дахь хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэхийн хэрээр өөр өөр улс орон, бүс нутгийн чуулгануудад туршуул, тагнуулууд үе үе гарч ирж магадгүй. Ийм хүмүүсийн тухайд, тэдэнтэй зүгээр л ухаалгаар харилцахыг Бурханы сонгосон хүмүүст мэдэгдэхэд хангалттай. Хэрвээ тэд үймээн, саад учруулж байгаа нь тогтоогдвол даруй зайлуулах ёстой. Ихэнх хүн эдгээр тагнуулын ярьж, үйлдэж байгаа байдал, эсвэл биеэ авч яваа байдлын талаар тодорхой ойлголттой, ялган таних чадвартай байх ёстой бөгөөд тэдэнтэй харилцахдаа тодорхой хэмжээнд мэдэж, ухамсарлах нь гарцаагүй. Хэрвээ чуулганы цөөн хэдэн ах эгч ийм хүмүүсийг анзаарсан ч тагнуул, туршуул мөн эсэхийг нь баттай мэдэхгүй байгаа бол болгоомжтойгоор, ухаалгаар хандах ёстой. Хэрвээ ихэнх хүн анзаарсан бол бие биедээ мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болно. Хэрвээ сэжигтэй тагнуулууд чуулганд юм уу ах эгч нарт найрсаг хандахгүй, ах эгч нарыг урхидаж, чуулганыг үймүүлэхийг байнга эрмэлзэж, чуулганы нэр хүндийг унагах нотлох баримт үргэлж хайж, тэр ч бүү хэл ах эгч нарын зургийг авч, бичлэг хийж, эсвэл мэдэхийг хүссэн мэдээллээ олж авахын тулд өдөөн хатгаж, уруу татаж байвал ийм хүмүүсийг олж илрүүлмэгцээ зоргоор нь тавьж болохгүй—тэднийг чуулганаас даруй зайлуулах ёстой. Та нар өмнө нь ийм нөхцөл байдалтай тулгарч байгаагүй байж магадгүй тул Би та нарт урьдчилан анхааруулж байна. Энэ нь та нарын ойлголтыг тэлэхийн төлөө, хүн төрөлхтөн, нийгэм, улс төр, ертөнцийг таньж мэдэхийн төлөө юм—энэ нь тийм харанхуй, тийм ёрын муу байдаг.

Бурханд итгэх ес дэх зорилго болох чуулганыг хянах тухай үндсэн агуулгыг ингээд нөхөрлөж дууслаа. Бүгдийг тодорхой нөхөрлөсөн үү? (Тийм.) Чуулганыг хянадаг хүмүүс яг юуг хянахыг зорьдог вэ? (Чуулганы сургаал номлол, боловсон хүчний нөхцөл байдал, ажлын нөхцөл, санхүүгийн байдал.) Үндсэндээ энэ дөрвөн тал нь тэдний хамгийн их санаа зовдог зүйл юм. Энэ дөрвөн тал юуг хамардаг вэ? Энэ нь тэдний хамгийн их санаа зовдог зүйл болох нийгэм, улс орон, шашны ертөнцөд үзүүлэх чуулганы нөлөөг хамардаг. Тэд бас чуулган шашны нэрийдлээр улс төрд оролцож, засгийн газрыг түлхэн унагах вий гэж санаа зовдог бөгөөд чуулганыг хамгийн том далд аюул гэж үздэг. Тиймээс тэд чуулганыг дарж, хавчиж, хориглож, гишүүдийг нь баривчилдаг. Агуу улаан лууны улс орон бүх шашин шүтлэгийг хориглодог, зарим улс орон тодорхой итгэл үнэмшлийг хориглодог, харин ихэнх улс орон үнэн эрх мэдэл эзэмшихээс айдаг, ард түмэн үнэнийг хүлээн авахаас айдаг бөгөөд энэ нь тэдний засаглалд заналхийлдэг. Товчхондоо, тухайн газар Бурхан ажиллаж, үнэнийг илэрхийлэх тусам, мөн чуулган Ариун Сүнсний ажилтай байх тусам янз бүрийн засгийн газар тэднийг хянаж, дайсагнан үзэх магадлал төдий чинээ өндөр байдаг. Тиймээс засгийн газрууд чуулганы бүх хөдөлгөөнийг хянахын тулд үнэн замыг судалж буй хүмүүс болж дүр эсгэсэн тагнуулуудыг ихэвчлэн илгээж, чуулганы нөхцөл байдлыг мэдэж, ойлгож авах гэдэг. Үүнээс гадна, тэд уг чуулган улс төрд оролцож байгаа эсэх, чуулганы ажил явуулах нэрийдлээр улс төрийн ямар нэг үйл ажиллагаанд оролцож байгаа эсэх, эсвэл хилийн чанад дахь шашны хүчнүүдтэй холбоотой эсэх гэх мэтийг мэдэхийн тулд чуулганы ажлын чиг хандлагыг мэдэж авахаар оролддог. Эдгээр нь тэдний мэдэж авахыг хүсдэг, санаа зовдог зүйлс юм. Түүнчлэн, чуулганы санхүүгийн байдал ч бас тэдний мэдэхийг хүсдэг зүйл юм. Тэд “Энэ чуулганы хүмүүсийн тоо нэмэгдэж, хурдан хөгжсөн—мөнгө нь хаанаас гардаг юм бол? Ямар байгууллага, баян чинээлэг хүмүүс тэдэнд хандив өргөж байгаа юм бол?” гэж бодолхийлдэг. Товчхондоо, тэдний бодолцож үзээгүй зүйлийг бид бодоод олохгүй. Яагаад тэр вэ? Учир нь тэд ёрын муу; тэд бол ёрын муу хүмүүс. Чуулганы нөхцөл байдлыг мэдэж авах гэсэн тэдний оролдлого нь чуулганы оршин тогтнолд асар их санаа зовдгоос нь үүдэлтэй бөгөөд чуулган илүү олон хүнд нөлөөлж магадгүй, энэ нь өөрсдийнх нь засаглалд заналхийлнэ гэж тэд айдаг; чуулганы талаар тэдний санаа зовдог зүйл нь яг энэ юм. Чуулганы эрхэлж буй ажил хэчнээн шударга, хууль ёсны байсан ч тэд мөн л итгэдэггүй. Яагаад? Учир нь тэд бол үл итгэгчид, бурхангүй үзэлтнүүд, материалистууд—материалистуудын хийж чадах зүйл ердөө л энэ. Эдгээр нь тэдний санаа зовдог дөрвөн нөхцөл байдал юм. Энэ дөрвөн нөхцөл байдлын талаарх тэдний санаа зовнилын цаад шалтгаан, зорилгыг ойлгосны дараа ийм хүмүүсийг хэрхэн зүй зохистой шийдвэрлэх талаарх хоёр зарчмыг бид сая нөхөрлөлөө. Эдгээр зарчмыг товч дүгнээд, ярь даа. (Хэрвээ тэд чуулганд үймээн учруулбал тэднийг цэвэрлэ; хэрвээ үймээн учруулахгүй бол тэднийг тоох хэрэггүй.) Хэрвээ тэд үймээн учруулж, хаа сайгүй шиншилж, сандрал төрүүлж байвал өршөөлгүйгээр цэвэрлэ; хэрвээ үймээн учруулахгүй, ихэнх хүн анзаарахгүй, ялган таньж чадахгүй байвал тэднийг үл тоо. Энэ бол үнэхээр чуулганы ажил, бүгд шашны үйл ажиллагаа болохоос улс төрд огт оролцдоггүй гэдгийг тодорхой харж, энэ зүйлийг баталгаажуулмагцаа тэд өөрсдөө яваад өгнө. Энэ бол ардчилсан улс орнуудын шашны нөхцөл байдлыг ойлгохдоо ашигладаг арга барил юм. Хүн төрөлхтөн маш төвөгтэй гэдгийг өмнө нь бас дурдсан. Хүн төрөлхтний төвөгтэй байдлын шалтгаан юу вэ? Хүн төрөлхтний ёрын муугаас үүдэлтэй биш гэж үү? (Тийм.) Хүн төрөлхтний ёрын муу хэрхэн үүссэн бэ? Хүн төрөлхтнийг яагаад ёрын муу гэж хэлдэг вэ? Учир нь Сатан хүн төрөлхтнийг хэтэрхий гүнзгий завхруулсан. Хар ярианд юу гэж хэлдэг вэ? Сатан хүмүүсийг чөтгөр болгон хувиргасан; хүн төрөлхтөн бүгд диаволуудын захиралт дор байдаг, том жижиг хэтэрхий олон диавол байдаг тул хүмүүсийн цуглардаг газар чөтгөрүүдийн хот болсон гэдэг. Олон чөтгөр цуглах үед юмс төвөгтэй болдог; тэд бүх төрлийн ёрын муу үйл хийж, элдэв бузар булай үйл ажиллагаа явуулах чадвартай. Бүх диавол ёрын муу бөгөөд тэдний дунд үргэлж тэмцэл байдаг, хэзээ ч бие биетэйгээ таарч тохирдоггүй учраас энэ нь хэрэг явдлыг ээдрээтэй болгодог. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс цуглах үед хамаагүй энгийн байдаг; тэд бүгд Бурханы үгийг уншиж, чуулганы амьдралаар амьдрахад бэлэн байдаг бөгөөд бүгд үүргээ гүйцэтгэж, зөв зүйтэй ажил хийх дуртай байдаг. Тэд шударга бус, бузар булай үйл ажиллагаанд оролцдоггүй—хамгийн ихдээ л зарим нэг завхрал илчилж магадгүй. Зөвхөн ийм хүмүүс л Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан авралд хүрч чадна. Диаволууд Бурханд итгэх итгэлээр дамжуулан хэзээ ч аврагдаж чадахгүй, учир нь тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй. Диаволууд хэдэн арван жил, хэдэн зуун жил Бурханд итгэсэн ч өөрчлөгдөхгүй, энэ бол хүн бүрд илэрхий байдаг баримт юм. Одоо олон чуулган диавол хүмүүсийг цэвэрлэсэн, энэ нь сайн хэрэг бөгөөд Бурханы санаа зорилгод бүрэн нийцдэг. Зарим чуулганд хүмүүсийн тал нь диаволууд байхад зарим чуулганд цөөнх нь диаволууд байдаг. Ийм чуулгануудад чуулганы ажлыг явуулахад амархан уу? Мэдээж үгүй. Хэрвээ диаволуудыг цэвэрлэж, зөвхөн завхарсан хүн төрөлхтнийг үлдээвэл чуулганы ажил хийхэд хамаагүй хялбар болно. Хамгийн өрөвдөлтэй нөхцөл байдал бол зарим чуулганд хуурамч удирдагч юм уу антихристүүд эрх мэдэл эзэмшиж, диаволууд удирдлагыг гартаа авах явдал юм; тэр үед тус чуулганууд дахь Бурханы сонгосон хүмүүс үнэхээр зовдог. Надад хэл дээ, хуурамч удирдагч юм уу антихристүүд эрх мэдэл эзэмших нь Бурханы сонгосон хүмүүст амар амгалан, баяр хөөр авчирч чадах уу? Хуурамч удирдагч, антихристүүдийн бодол, санаа бүхэлдээ ёрын муу бөгөөд үнэний эсрэг байдаг. Хэрвээ тэднийг дэмждэг арав, хорин амьд чөтгөр байвал ийм чуулганд амьдрах нь чөтгөрүүдийн цуглардаг газарт, диавол хааны хянадаг чөтгөрийн үүрэнд амьдрахтай адил; энэ нь махны машин дотор амьдрахтай адил бөгөөд оюун ухаан, сүнсийг чинь тавгүйтүүлнэ. Өдөр бүр, хэнтэй тэмцэлдэж, маргалдах, хэнтэй найзалж, дотносох, хэнээс зайлсхийж, сэрэмжлэх гэх мэт зүйлс чиний бодлыг эзэмддэг; тайванорчин ч байхгүй, өчүүхэн ч амар амгалан байдалгүйгээр байнгын айдас, түгшүүр дунд амьдардаг. Энэ нь махны машин дотор байхтай адил биш гэж үү? (Тийм.) Энэ ёрын муу нийгэм, энэ ёрын муу хүн төрөлхтөн хүн бүрд, бүлэг, байгууллага бүрд ижилхэн хандаж, бүгдэд нь ижил үзэл бодол, байр сууринаас ханддаг. Үүний адилаар, тэд харьцангуй эерэг байгууллага болох чуулганд ч зөөлөн ханддаггүй, зүгээр орхидоггүй. Ямартай ч, бидний тэдэнд хандах хандлага зарчимтай байдаг, тийм биз дээ?

Бурханд итгэх ес дэх зорилго—чуулганыг хянах тухай одоо бүрэн нөхөрлөсөн, мөн удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлагын эхний ангиллын бүх агуулгыг ч бас үндсэндээ нөхөрлөж дууслаа. Энэ үл итгэгчид, бурхангүй үзэлтнүүдийн Бурханд итгэх зорилгын талаар бидний дүгнэсэн зүйл үндсэндээ энэ юм. Бидний нөхөрлөсөн сүүлийн зорилго агуулгын хувьд өмнөх хэдээсээ бага зэрэг ялгаатай. Чуулганыг хянадаг хүмүүс чуулганд шургалахдаа амин зуулга, байр суурь хөөцөлдөх юм уу амьдрал дээрээ тав тух хайж ирдэггүй, харин улс төрийн зорилготой ирдэг. Тэдний зорилгоос үл хамааран, бид тэднийг нэвт харж, ялган таньмагцаа даруй зохих арга хэмжээг авч, энэ хүмүүсийг зайлуулах юм уу хөөх ёстой, тэднийг чуулганд удаан хугацаагаар үлдээж хэрхэвч болохгүй. Энэ бол удирдагч, ажилчдын хувьд чухал ажил юм. Бурханд итгэх зорилгод нь үндэслэн хэн нь жинхэнэ ах эгч нар—Бурханы сонгосон хүмүүс болох, хэн нь чуулганы зайлуулж, хөөх ёстой янз бүрийн ёрын муу хүн болохыг ялган таньж, тодорхойл; энэ ёрын муу хүмүүсийг даруй олж тогтоож, дараа нь цаг алдалгүй холбогдох арга хэмжээг авч, тэднийг зайлуулах юм уу хөө. Энэ бол төрөл бүрийн ёрын муу хүмүүсийг ялган таньж, ангилах нэг дэх ангилал: Бурханд итгэх зорилго юм. Бид энэ талаар нөхөрлөж дууслаа.

II. Хүн чанарт нь үндэслэх

Одоо бид хоёр дахь ангилал буюу хүн чанарын талаар нөхөрлөнө. Хүний хүн чанарын илрэлээр дамжуулан тухайн хүн Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг эсэх, чуулганд үлдэхэд тохиромжтой эсэхийг бид ялган таньж, тодорхойлдог. Хүн чанарын илрэл, илчлэл болон хүн чанарын мөн чанарт нь үндэслэвэл тэд жинхэнэ ах эгч биш, чуулганд үлдэхэд тохиромжгүй, тэдний байгаа нь ах эгч нарыг үймүүлж байгаа бол, мөн зан авирынхаа дагуу тэд чуулганаас зайлуулах юм уу хөөх ёстой хүмүүст харьяалагдаж байвал чуулган зохих төлөвлөгөөг хурдхан гаргаж, энэ хүмүүсийг цэвэрлэх юм уу хөөх ёстой. Удирдагч, ажилчдын арван дөрөвдүгээр үүрэг хариуцлагын талаарх нөхөрлөл нь төрөл бүрийн ёрын муу хүмүүсийг зайлуулах юм уу хөөх тухай юм. Хүн чанарын үүднээс харвал энэ хүмүүсийн хүн чанар гарцаагүй муу, ёрын муу байдаг; энгийнээр хэлбэл, тэд ердөө ч сайн хүмүүс биш. Хүн чанарынх нь илрэлд үндэслэн, чуулганд үргэлжлүүлэн үймээн тарьж, Бурханы сонгосон хүмүүсийн чуулганы амьдрал болон үүрэг гүйцэтгэлийн хэвийн дэг журамд нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд тэднийг чуулганаас зайлуулах юм уу хөөх ёстой. Тэгвэл бид ямар илрэлээр дамжуулан хүний хүн чанар сайн эсвэл муу эсэхийг шүүж, улмаар чуулган тэднийг зайлуулах юм уу хөөх ёстой эсэхийг шийдэх вэ? Хоёр дахь ангилал—хүн чанарыг нэгтгэн дүгнэхэд мөн л олон зүйлийг хамардаг ч эхлээд нэг дэх зүйлийн талаар нөхөрлөцгөөе.

A. Хов жив ярих дуртай

Эхний зүйл нь хов жив ярих дуртай хүмүүсийн тухай юм. Ийм төрлийн хүнийг та нар бүгд харж байсан нь лавтай. Хов жив ярих дуртай байхын гол илрэл нь юу вэ? Зарчимгүй ярьж, санаархал, зорилго өвөрлөн хэрүүл маргаан дэгдээж, сөрөг нөлөө үзүүлэх явдал. Мэдээж ийм хүмүүсийн яриа нь муу зан чанар, хүн чанаргүй байдлаас үүдэлтэй ноцтой асуудалтай байдаг тул тэд хов жив ярих дуртай байдаг. Энэ үүднээс авч үзвэл, “хов жив ярих” гэдэг нь үнэнийг худал, худлыг үнэн гэж байнга ярьдаг гэсэн үг юм; энэ нь хар цагааныг сольж, тэр ч бүү хэл давс хужир нэмж, ул суурьгүй буруутгаж, үндэслэлгүй шүүмжилж, хүссэнээрээ ярих явдал юм. Тийм хүмүүс юмыг хэзээ ч эергээр ярьдаггүй; хэлсэн үг нь хүмүүсийг босгон байгуулдаггүй, хүмүүст ямар ч ашиг тусгүй, нэмэргүй байдаг. Тэдэнтэй харилцаж, холбогдож, ярилцах явцад тэдний яриаг сонсох нь хүмүүсийн зүрх сэтгэлийг харанхуй, булингарт автуулж, тэр ч бүү хэл Бурханд итгэх итгэлээ алдахад хүргэдэг, ингэснээр хүмүүс Бурханд итгэх хүсэлгүй болж, сүнслэг үйл ажиллагаа, цуглааны үеэр сэтгэлээ тайван байлгаж чаддаггүй. Тэдний тараадаг зөв буруу, хов живэнд хүмүүсийн оюун санаа, сүнс үргэлж тавгүйтдэг ба хүн бүрийг таагүй харж, бусдын дутагдлыг л харж эхэлдэг. Хов жив сонссоны дараа хүмүүсийн хэвийн сэтгэлгээ ихэвчлэн үймэрч, хэрэг явдлын талаарх зөв үзэл бодол нь ч үймэрч, зөв бурууг ялгахад хэцүү болдог. Ялган таних чадваргүй хүмүүс хов жив ярих дуртай хүмүүсийн хэлдэг зарим зүйлээс болоод өөрийн мэдэлгүй уруу татагдаж, сорилтод ордог. Тэд “Тэр хүмүүс хэнд ч хор хүргээгүй, цуглаанд хэвийн оролцдог, заримдаа бүр бусдад өглөг өгч, тусалдаг, ямар ч муу зүйл хийгээгүй” гэж боддог. Гэвч ийм хүмүүсттэй харилцсаны үр дагавраар тэд ихэвчлэн зөв буруугийн асуудалд орооцолдож, сорилтод автаж, хүмүүсийн дундах сэтгэл хөдлөлийн ээдрээтэй байдал, хүн хоорондын зүй бус харилцаанд орооцолддог. Хов жив ярьдаг энэ хүмүүс хүмүүсийн дундах зүй зохистой харилцааг үймүүлж, хүмүүсийн оюун санаан дахь цэвэр ойлголтыг хорлон сүйтгэхдээ мэргэшсэн байдаг. Тэдний үзэл бодлоор бол, сайн харилцаатай, бие биеэ дэмжиж, тусалж чаддаг хэн боловч тэдний нууц дайралт, шүүмжлэлийн бай болдог. Үүний адилаар, үүргээ жаахан үнэнчээр гүйцэтгэж, тодорхой хэмжээнд зарлагаддаг хэн боловч бас тэдний дайралтын бай болдог. Ямар нэг зүйл хэчнээн сайн, эерэг байсан ч тэд гутаах аргаа олдог. Тэд бүх зүйлийг битүүхэн шүүмжилж, бүх хэрэг дээр тайлбар хийж, бүх асуудал дээр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Энэ үзэл бодол нь үнэндээ жинхэнэ үзэл бодол биш; харин тэд дэмий чалчиж, зөв бурууг хольж хутгаж, хар цагааныг сольдог; тэд зорилгодоо хүрэхийн тулд, хүмүүсийн дунд яс хаяхын тулд, эсвэл зарим хүнийг гүтгэхийн тулд санаатайгаар, хөнгөн хуумгай байдлаар давс хужир нэмж, ор үндэсгүй буруутгаж, байхгүйг бий болгож ярихдаа ч тулдаг. Баримтыг мэдэхгүй хүмүүс тэдний яриаг сонсоод үндэслэлтэй санагдаж, худал байх боломжгүй гэж бодоод төөрөлддөг. Хов жив ярих дуртай ийм төрлийн хүн аливаа эерэг зүйлийг битүүхэн шүүмжилдэг. Энэ нь тэд шударга ёсны мэдрэмжтэйгээс болж байгаа юу? (Үгүй.) Үүргээ идэвхтэй гүйцэтгэдэг, үнэнч, өөрсдийгөө урам зоригтойгоор зарлагаддаг, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийг тэд эсэргүүцэж, үл хүндэлдэг. Тэгвэл энэ хүмүүсийн болчимгүй ярьдгийн шалтгаан юу вэ? Уг үндэс нь хаана оршиж байна вэ? Яагаад тэд үргэлж хов жив ярих дуртай байдаг вэ? (Хүн чанар муутай болохоор.) Зөв; хүн чанар муутайгаас болж байгаа юм. Хэрвээ хүн чанар сайтай байсан бол хов жив ярихгүй байсан. Яриа нь мөс чанар, эрүүл ухаанд үндэслэх ёстой; хүн алхам тутамдаа гажууд онол, тэрс үзэл чалчиж болохгүй. Хов жив ярихын үндэс нь муу хүн чанар юм. Ийм хүмүүсийн хэлсэн ямар ч үг гашуун амттай байдаг; зөөлрүүлж хэлбэл тэд бусдыг шүүмжилж байгаа ч үнэндээ үг нь яллах, хараах хорон санаархал, өдөөн хатгалга, атаархал, эсэргүүцэл, үзэн ядалт, тэр ч бүү хэл унасан дээр нь дэвслэх элемент агуулж байдаг. Товчхондоо, эдгээр нь хов жив ярихын гол шинж чанар юм. Эдгээр шинж чанараас гадна ийм хүмүүст өөр нэг нийтлэг шинж байдаг: Тэд өөрт нь байхгүй зүйлтэй хүмүүст дургүйцэж, өөрт нь байгаа зүйл бусдад байхгүй бол шоолдог. Тэдний хүн чанар сайн уу? (Үгүй.) Өөрт нь байхгүй зүйлтэй хүмүүст дургүйцэж, өөрт нь байгаа зүйл бусдад байхгүй бол шоолдог ийм хүмүүс өөрөөс нь илүү дээр хэнд ч атаархаж, ар хударгаар нь муулж, шүүмжилж, ялладаг; харин хэн нэгэн өөрөөс нь дор байвал егөөдөн инээж, дооглож, ёжилж, доромжлоход бэлэн байдаг. Тэд аливаа хэрэг явдлыг зөвөөр ойлгож, эсвэл хүний хамгийн үндсэн ёс суртахуунд үндэслэн үүнд хандаж чаддаггүй. Тэд хэн нэгнийг ерөөх шаардлагагүй, хэн нэгэнд сайн сайхныг хүсэх, бүх зүйл хүссэнээр нь болохыг хүсэх, эсвэл зөв замаар яваасай гэж хүсэх ч шаардлагагүй; гэхдээ ядаж л тэд ямар нэг хорсол тээлгүйгээр бусдыг зөв үнэлэх ёстой—тэд үүнийг ч хийж чаддаггүй. Тэдний хов жив ярихын цаад шалтгаан юу вэ? Мэдээж, тэдний яриа, бусдад хандах хандлага, зүрх сэтгэлийнхээ гүнд юу бодож, бусдад хэрхэн хандаж байгаагаас ийм төрлийн хүмүүсийн хүн чанар хорлонтой гэдэг нь илэрхий байдаг. Ийм төрлийн хүмүүс зөвхөн амаараа хов жив ярьдаг ч эдгээр үйлдлийн цаана тэдний хүрэхийг хүсдэг ололт амжилт, зорилго, мөн зүрх сэтгэлийнх нь гүн дэх хүмүүс, үйл явдалд хандах жинхэнэ үзэл бодол, хандлага оршиж байдаг. Хов жив ярих дуртай хүмүүс үнэнийг сайн ухамсарладаг эсэх, үнэнийг хайрладаг хүмүүс мөн эсэхийг түр хойш тавья, тэдний хүн чанарын онцлог шинж болох хов жив ярих дуртай байдалд нь үндэслэн үзвэл тэд чуулганы ах эгч нарт ямар нэг сайн юм уу эерэг нөлөө үзүүлж чадах уу? (Үгүй.) Яавч Үгүй!

Хов жив ярих дуртай хүмүүс ямар илрэлтэй байдгийг тодорхой жишээн дээр авч үзье. Жишээлбэл, гэр бүл нь маш баян боловч сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийхийн төлөө махан биеийн таашаалыг орхиж, гэрээсээ явж үүргээ гүйцэтгэсэн нэг эгч байлаа гэе. Надад хэл дээ, хэвийн хүмүүс энэ нөхцөл байдлыг хэрхэн үзэх вэ? Тэд түүнийг биширч, түүнд атаархахгүй гэж үү? Ядаж л тэд тэр эгчийг үүргээ гүйцэтгэхийн тулд махан биеийн таашаалыг золиосолж чадсанаараа сайшаалтай, үлгэр дуурайл авахуйц гэж бодно. Гэвч хов жив ярих дуртай хүмүүс түүний талаар юу гэж хэлдэг вэ? Тэд: “Тэр баян хүний амьдралыг орхиод өдөржин гадуур явж, сайн мэдээ түгээж байна; ингээд байвал эрт орой хэзээ нэгэн цагт нөхөр нь түүнийг хөөж гаргана даа! Бурханд итгэх нь ерөөл хүртэж, өөрийгөө зугаацуулах явдал биш гэж үү? Түүнийг хар л даа, ерөөлтэй хэр нь яаж эдлэхээ мэдэхгүй, гэр бүл, карьераа орхиод үнэн сэтгэлээсээ үүргээ гүйцэтгэж байна; тэнэг хэрэг биш үү? Хэрвээ манай гэр бүл тийм баян байсан бол би зүгээр л гэртээ жаргах байсан” гэдэг. Надад хэл дээ, тэр үгэнд хүн чанарт нийцсэн, бусдыг босгон байгуулсан ганц ч гэсэн өгүүлбэр байна уу? (Үгүй.) Жаахан ялган таних чадвартай хүмүүс үүнийг сонсоод, “Энэ нь баримтыг гуйвуулж байгаа хэрэг биш үү? Итгэгч хүн Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд бүхнийг орхиж, материаллаг таашаал хөөцөлдөхгүй байх нь угаасаа эерэг зүйл атал тэд үүнийг яллаж байна” гэж бодно. Хэрвээ ялган таних чадваргүй хүн үүнийг сонсвол төөрөлдөж, үймэрнэ; Бурханд итгэх зүтгэл, үүргээ гүйцэтгэхийн тулд аливааг орхиж, өөрийгөө зарлагадах зүтгэл нь тэр даруй эрс буурна. Хов жив ярих дуртай хүмүүсийн үг цөөн ч бусдад үзүүлдэг сөрөг нөлөө нь их бөгөөд хэн нэгнийг хэсэг зуур сөрөг болгож, сэргэж чадахааргүй болгоход хангалттай байдаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Харваас үнэмшилтэй сонсогдох хэдхэн үг л зарим хүнийг сонсмогц нь хордуулж чадна. Ийм хортой үг хэлж чаддаг хүмүүсийн хүн чанарын талаар энэ нь юу хэлж байна вэ? (Муу.) Сонссоны дараа хүний итгэлийг нэмэгдүүлэх өгүүлбэр тэдний үгэнд байна уу? (Үгүй.) Энэ бүх үг юу вэ? Ерөнхийдөө эдгээр нь бүгд үл итгэгчдийн үг; Бурханыг дагадаг хүмүүсийн хэлэх ёстой ганц ч өгүүлбэр байхгүй. Тодруулбал, энэ хүмүүсийн хэлсэн ганц ч өгүүлбэр ямар ч хүн чанарыг тусгадаггүй. Хүн чанаргүй байна гэж юу гэсэн үг вэ? Бүр ёс суртахуун ч байхгүй гэсэн үг. Ёс суртахуунгүй байна гэж юу гэсэн үг вэ? Тэр эгч амьдралын нөхцөл сайтай, баян гэр бүлтэй байхад энэ хүмүүсийн хандлага ямар байна вэ? Ердөө л атаархаад, дараа нь сайн сайхныг хүсээд өнгөрч байна уу? (Үгүй.) Тэгвэл тэдний хандлага юу вэ? Атаархал, дургүйцэл, хорсол, зүрх сэтгэлдээ гомдол тээх: “Тэр ийм их мөнгөтэй байх эрхтэй гэж үү? Надад яагаад тийм их мөнгө байдаггүй юм бэ? Бурхан яагаад намайг биш, түүнийг ерөөдөг юм бэ?” Тэр эгч баян, чинээлэг тул тэд атаархаж, үзэн яддаг бөгөөд жинхэнэ бишрэл юм уу сайн сайхныг хүссэн ганц ч үг хэлдэггүй. Энэ нь хамгийн наад захын ёс суртахуун ч огт байхгүйг илтгэдэг. Тэр эгч баян тул тэд үзэн ядалт өвөрлөдөг, бараг л түүнийг дээрэмдэж, эд хөрөнгийг нь залилж авах шахдаг. Түүнчлэн, энэ эгч баян гэр бүлд амьдарч байгаа ч амьдралын сайн нөхцөл, материаллаг тав тухыг орхин явж, үүргээ гүйцэтгэж чаддаг; Бурханд итгэгчийн хувьд энэ нь баяр хүргүүштэй, биширч, атаархууштай зүйл юм. Хүмүүс түүнд сайн сайхныг хүсэж, түүнтэй дотносож, түүнээс үлгэр дуурайл авахаар оролдож байх ёстой. Гэвч хов жив ярих дуртай энэ хүмүүс иймэрхүү үг хэлдэг үү? (Үгүй.) Тэд яаж ярьдаг вэ? Өгүүлбэр бүр нь хатуу үг, үзэн ядалтын өнгө аястай байдаг. Тэд яагаад ингэж ярьж чаддаг вэ? Учир нь тэд өөрсдийн нөхцөл байдалд сэтгэл ханамжгүй, сэтгэл дундуур байж, хорсол тээж явдаг тул уураа энэ баян эгчид гаргадаг. Бурханд итгэгчийн хувьд хүн үүргээ идэвхтэй гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлж чаддаг хүмүүсийг онцгойлон үнэлж, биширч, тэднээс суралцаж, үлгэр дуурайл авах ёстой. Өөрсдийн сул талыг нөхөхийн тулд тэр эгчийн давуу талаас суралцахын оронд энэ хүмүүс түүнийг тэнэг гэж шоолж, тэр ч бүү хэл нөхөр нь түүнээс салаасай гэж найддаг; түүний бүтэлгүйтэхийг харах гэж хүлээдэг. Хэрвээ тэр эгч үнэхээр нөхрөөсөө салбал тэд баярлахгүй гэж үү? Тэдний хүсэл биелэхгүй гэж үү? Энэ нь тэдний жинхэнэ мэдрэмж, мөн санаархал, зорилгыг тусгадаг. Тэд бусдад сайн сайхныг хүсдэггүй; сайн яваа, эсвэл өөрсдөөс нь илүү хэн нэгнийг хараад атаархал, хорслоор дүүрдэг. Хүний Бурханд итгэх итгэл хэчнээн хүчтэй байх нь хамаагүй, хэрвээ тэр хүн өөрсдөөс нь илүү байвал ер болохгүй. Тэд ямар ч хүн чанаргүй бөгөөд ерөөл, босгон байгуулалтын ганц ч үг хэлж чаддаггүй. Тэд яагаад ийм үг хэлж чаддаггүй вэ? Учир нь тэдний хүн чанар хэтэрхий ёрын муу! Тэд хэлэхийг хүсэхгүй, эсвэл зөв үг олдохгүй байгаа юм биш; харин зүрх сэтгэл нь атаархал, хорсол, дургүйцлээр дүүрэн байдаг тул ерөөлийн үг хэлэх боломжгүй болгодог. Тэгвэл зүрх сэтгэл нь ийм завхарсан зүйлээр дүүрэн байгаа нь тэдний хүн чанар хорлонтой гэдгийг илтгэж чадах уу? (Тийм.) Чадна. Тэд ийм завхарсан зан чанар харуулдаг учраас бусад хүн ялган танихад амархан болж, завхарсан мөн чанарыг нь нэвт харж чаддаг.

Өөр нэг жишээ авч үзье. Нэг эгч Бурханд итгэхээсээ өмнө бэр эгчтэйгээ үргэлж зөрчилддөг байжээ. Сүүлд нь хоёулаа Бурханд итгэж эхэлсэн бөгөөд Бурханы үгийг идэж ууснаар зарим үнэнийг ойлгож авсан байна. Тэд биеэ хэрхэн авч явах, бусадтай хэрхэн нийцэлтэй байх ёстойг ухаарч, завхрал нь илчлэгдэх үед бие биедээ сэтгэлээ нээж, өөрсдийгөө таньж мэдэхээр оролдож, энэ нь харилцааг нь улам эв найртай болгожээ. Зарим хүн тэдэнд атаархаж, “Тэднийг хар даа, гэр бүлээрээ Бурханд итгэдэг, бэрүүд яг л төрсөн эгч дүүс шиг байна. Энэ бүхэн Бурханд итгэдгээс нь болсон биш үү? Шүтлэггүй хүмүүсийн гэр бүлийнхэн огт таарч тохирдоггүй, үргэлж бие биетэйгээ тэмцэлдэж, өрсөлддөг, нэг эхээс төрсөн ах дүүс хүртэл тэгдэг. Итгэгчид хамаагүй дээр; бэрүүд төрсөн эгч дүүс биш ч гэсэн Бурханд итгэдэг л бол нийтлэг зорилгыг эрэлхийлж, нэг замаар алхаж, нэг хэлээр ярьдаг тул сүнсээрээ нийцтэй байдаг нь үнэхээр гайхалтай!” гэж хэлдэг. Энэ нь Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс шүтлэггүй хүмүүсээс ялгаатай болохыг харуулж байна. Өөр өөр гэр бүлээс гаралтай хүмүүс нийтлэг зорилго, эрэлхийллээр нэгдэж, Бурханы гэрт болон Бурханы өмнө нийцтэй байдаг. Ингэж хэлэхийн зорилго нь энэ бол Бурханы үг, ажлын үр нөлөө, Бурханаас хүмүүст өгсөн нигүүлсэл гэдгийг хүмүүст мэдэгдэх явдал юм. Энэ бол шүтлэггүй хүмүүст байдаггүй, тэдний эдэлж чаддаггүй зүйл. Ядаж л үүнийг сонссоны дараа хүн Бурханд итгэх нь сайн хэрэг гэж бодож, Бурханд итгэх итгэлийн талаар сайхан сэтгэгдэлтэй болно. Гэвч хов жив ярих дуртай хүн энэ талаар юу гэж хэлэхийг сонс доо: “Хм! Чи тэр бэрүүдийг гаднаа таарч тохирч, цуглааны үеэр эв найртай байхыг харж магадгүй—гэхдээ тэд бас заримдаа хоорондоо маргалддаггүй гэж үү? Чи мэдэхгүй байна, тэд өмнө нь ямар айхтар хэрэлддэг байсан гээч!” Бусад нь: “Тэдний урьдын маргаан, хэрүүл Бурханд итгэдэггүй, үнэнийг ойлгодоггүй байсантай нь холбоотой. Тэд одоо үнэхээр сайхан харилцаатай байгаа! Учир нь тэд одоо хоёулаа Бурханд итгэдэг, зарим үнэнийг ойлгодог, бие биедээ сэтгэлээ нээж нөхөрлөж, өөрсдийн завхралыг таньж мэдэж чаддаг, ихэнхдээ хамтдаа үүргээ гүйцэтгэдэг. Хэдийгээр тэдний хооронд бага зэрэг зөрчил байсаар байгаа ч ерөнхийдөө өөр хоорондоо алдаагаа хүлээн зөвшөөрч, хийж буй бүх зүйлээ хоорондоо зөвлөлдөж чаддаг. Энэ бол шүтлэггүй хүмүүсийн хүрч чадахгүй зүйл, цус нэгтэй хамаатнууд ч ингэж чадахгүй” гэдэг. Гэсэн ч хов жив ярьдаг хүн: “Хэрэлддэггүй айл гэж хаана байх вэ? Бэрүүд байтугай төрсөн эгч дүүс ч хэрэлддэг биз дээ? Тэд одоо эв найртай харагдаж байгаа нь бусдад зориулсан үзүүлбэр. Хадам аав нь үхмэгц өв хөрөнгөө булаацалдахгүй гэдэгт би лав итгэхгүй! Бурханд итгэх нь зүгээр л нэг хүсэл, нэг төрлийн сүнслэг тайтгарал биш гэж үү? Тэд үнэхээр үүнээс болж тийм их эд хөрөнгөө орхиж чадна гэж үү? Яавч үгүй!” гэдэг. Энэ үгэнд баримттай нийцэх ганц ч болов өгүүлбэр байна уу? Хүмүүст сайн сайхныг хүссэн, ерөөсөн ямар нэг зүйл байна уу? (Үгүй.) Бусад хүн өөрсөд шиг нь Бурханы нигүүлслийг эдэлж байгааг хараад Бурханд итгэх нь үнэхээр сайн хэрэг гэсэн хувийн сэтгэгдлээ илэрхийлсэн ямар нэг зүйл байна уу? (Үгүй.) Хов жив ярьдаг хүмүүсийн үзэл бодлоор бол ах эгч нарын дунд гарч буй эдгээр хувийн өөрчлөлт бүгд хуурамч; Бурханд итгэснээс ирдэг үнэнийг олж авах, зан чанарын өөрчлөлт бүгд худал; тэд Бурхан хүмүүсийг ариусгаж чадна, Бурхан хүмүүсийг өөрчилж чадна гэдэгт итгэдэггүй. Тэдний үгээс хүмүүсийг дураараа шүүж, үзэн ядаж, харааж байгааг нь төдийгүй Бурханы ажил, үг хүмүүст ямар үр нөлөө үзүүлдгийг үгүйсгэж, үл итгэж байгааг нь харж болно. Бэрүүд Бурханд итгэдгээсээ болоод сайн харилцаатай байж, хамт байхдаа бие биедээ хүлээцтэй, тэвчээртэй ханддаг. Хов жив ярих дуртай энэ хүн зүрх сэтгэлдээ тавгүйрхэж, сэтгэл дундуур болдог тул боломжит бүх аргаар эгч дүүсийн хооронд яс хаяхаар оролдож, тэднийг уулзах үедээ маргалдаж, хэрэлддэг болгож чадвал баярладаг. Энэ ямархуу төрх вэ? Энэ ямар сэтгэлгээ вэ? Сэтгэлгээнээс нь харвал энэ бага зэрэг гажууд биш үү? (Тийм.) Царай төрхийн хувьд энэ нь жигшүүртэй царай биш үү? (Тийм.) Гэсэн ч ийм төрлийн хүмүүс чуулганы амьдралд оролцсоор байдаг бөгөөд үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийн дунд тэдэн шиг хүмүүс цөөнгүй байдаг. Ийм хүмүүсийг ерөнхийд нь “хорон хэлтэй” гэдэг. Үнэндээ тэдний хэл хортой байгаад зогсохгүй дотоод ертөнц нь итгэхийн аргагүй харанхуй, хорлонтой байдаг! Ах эгч нар туршлагын ямар ч сайн гэрчлэл хуваалцсан бай, тэдний нүдээр энэ бүхэн нь зохиомол, төсөөлсөн зүйл бөгөөд ямар ч онцгой юм байхгүй. Бурхан хэний дотор шүүлт, гэсгээлтийн ажил хийж, ихээхэн зүйл олж авахад хүргэж, улмаар тэд босож зогсоод туршлагаа хуваалцаж, Бурханд гэрчлэл хийж чаддаг болсон ч бай хамаагүй—зүрх сэтгэлийнхээ гүнд энэ хүмүүс үүнд зэвүүцэж, “Юу нь тийм сайн байгаа юм бэ? Ийм олон номлол сонссоны дараа ямар ч хүн жаахан ойлголттой болохгүй гэж үү? Чи зүгээр л туршлагын гэрчлэлийн нийтлэл бичээд сэтгэл ханаж, өөрийгөө ялагч гэж үзэж байгаа юм уу? Ирээдүйд юмс буруугаар эргэх үед бурханы талаар гомдоллосон хэвээр байх эсэхийг чинь харъя л даа. Бурхан хүүхдийг чинь авчихвал чи уйлах эсэхийг, тэр үед бурханд итгэж чадах эсэхийг чинь харъя!” гэж боддог. Тэдний зүрх сэтгэл юугаар дүүрсэн гэж та нар бодож байна? Дэлхий нийтээрээ эмх замбараагүй байхыг хүсэх, хүмүүс зөв замаар алхахаас айх айдас биш гэж үү? Товчхондоо, хэний гэр бүлд юу тохиолдохоос үл хамааран тэд заавал ямар нэг зүйл хэлэх ёстой байдаг, гэхдээ юу хэлэхээс үл хамааран энэ хүмүүс бүгд нэг онцлог шинжтэй байдаг: тэд хэнийг ч сайн сайхан яваасай гэж хүсдэггүй—хүн бүрийг ямар ч гавьяагүй мэтээр ярьдаг; бусдыг хог новш мэтээр ярих нь тэднийг баярлуулдаг бөгөөд тэд бусдын зовлонд үргэлж баясдаг. Хэрвээ хүн баян гэр бүлтэй бол тэд атаархаж, уурлаж, үзэн ядаж, зүрх сэтгэлдээ байнга гомдоллож, Бурхан тэр хүний эд хөрөнгө, эдэлж буй нигүүлслийг хураан авч, өөрсдөд нь өгөөсэй гэж хүсдэг. Энэ хүмүүсийн бусдын ар хударгаар ярьдаг гомдлын үгийг сонсохын аргагүй байдаг. Тэд ямар нэг байдлаар Бурханд итгэгчидтэй адилхан байна уу? Мэдээж ийм төрлийн хүмүүс дүр эсгэхдээ гаргууд. Зүрх сэтгэл нь хэчнээн хорлонтой, харанхуй байсан ч цуглааны үеэр ах эгч нарын өмнө тэд ч бас өөрсдийн ойлголт, ухаарлыг нөхөрлөж, сүржин хоосон сургаал чалчин өөрсдийгөө далдалж, өөрсдөдөө “алдар суутай”, сайн дүр төрх бүрдүүлнэ. Гэвч нүднээс далдуур тэд хүний үнэргүй авирладаг. Ихэнх хүн хэрвээ энэ хүмүүстэй харилцаж байгаагүй, жинхэнэ илрэл юм уу зүрх сэтгэлийнх нь гүнд юу байгааг мэддэггүй, зөвхөн цуглааны үеэр зөв ярихыг нь л сонссон бол тэдний хүн чанар хэчнээн өөдгүй, харгис болохыг, эсвэл зан араншин нь хэчнээн дорд болохыг олж мэдэхгүй, харин ч бүр тэднийг сайнаар бодох болно. Тэдэнтэй илүү их цагийг өнгөрөөж, нүднээс далдуур амьдрал дахь үйлдэл, зан авирыг нь ойлгосны дараа л хүмүүс тэднийг аажмаар ялган таньж, жигшдэг. Тиймээс хэн нэгнийг ялган танихдаа зөвхөн цуглааны үеэр хэлдэг сайхан үгэнд нь үндэслэх ёсгүй; тэдний мөн чанар, үнэн төрхийг нь нэвт харахын тулд нүднээс далдуур амьдралынх нь үйлдэл, үгийг нь ажиглах ёстой.

Хов жив ярих дуртай төрлийн хүмүүс хүн шиг ярьдаггүйгээс гадна өөр нэг онцлогтой: Тэд хүн бүр, бүх зүйл, тэр ч бүү хэл танихгүй, харилцаж үзээгүй хүмүүсийнхээ талаар ч юм хэлэхийг хүсдэг бөгөөд бусдын амьдралын өчүүхэн жижиг зүйлийг ч зүгээр өнгөрөөдөггүй. Ингэж хэлснийх нь үр дүнд аливаа зүйл хэчнээн эерэг байсан ч тэдний яриагаар бол сөрөг болж хувирдаг; аливаа зүйл хэчнээн зүй зохистой байсан ч тэдний бузар амнаас гарахдаа сөрөг зүйл болж гажууддаг. Энэ нь тэднийг баярлуулж, тэд сайн хооллож, бөх унтдаг. Надад хэл дээ, энэ ямар төрлийн амьтан бэ? Жишээлбэл, зарим ах эгч энэ жил сайн орлоготой, санхүүгийн хувьд дээрдэж—аравны нэгээс арай илүү өргөл өргөвөл тэд атаархаж, “Энэ жил яагаад ийм их өргөл өргөж байгаа юм бэ? Бурхан хүнийг сайн, муу эсэхийг тодорхойлохдоо хэр их өргөл өргөсөнд чинь үндэслэдэггүй. Чиний идэвх зүтгэл ямар хэрэгтэй юм бэ? Бурханы гэр мөнгөөр дутахгүй” гэж хэлдэг. Сонсоход таагүй үг дахиад л гарч ирж байна, тийм биз дээ? Хэн зүй зохистой зүйл эсвэл үнэнд нийцсэн зүйл хийх нь хамаагүй, тэд үүнд дургүйцэж, зүрх сэтгэлдээ туйлын их зэвүүцдэг. Тэд сул талыг чинь барьж авах боломжит бүх аргыг хэрэглэн, чамайг дайрч, буруутгаж, яллах шалтаг хайдаг ба чамайг мохоож, эерэг байдлыг чинь үгүй хийж, чамайг бүрэн будилуулж, юу зөв, юу буруу болохыг ялгаж чадахгүй болтол чинь нүддэг. Тэгээд тэдний бах нь ханаж, дотроо чамайг дооглож, “Байгаа байдал чинь ердөө л энэ, тэгсэн хэр нь туршлагын гэрчлэл ярина гэнэ ээ!” гэж дотроо хэлдэг. Энэ нь диавол үнэн төрхөө харуулж байгаа хэрэг биш гэж үү? Эдгээр нь Сатаны зарц, антихристийн үг биш гэж үү? (Мөн.) Ийм төрлийн хүний тухай ярих тусам Миний уур хүрч, зэвүүцэж байна. Та нар ийм хүмүүстэй ер нь тааралдаж байсан уу? Гадаад төрх, царай зүс нь ямар байхаас үл хамааран, хов жив ярих гэж байх үедээ тэдний царайны хувирал хачин жигтэй болдог: уруул нь мурийж, нүд нь хялайж, хүн рүү эгцэлж харахаа больдог, зарим хүний царай зүс бүр гажиж байгаа мэт санагддаг. Энэ бол чамд дохио өгч, хүн шиг ярихгүй гэдгээ чамд хэлж байгаа хэрэг. Тэгвэл чи яах вэ? Чи энэ дохиог хүлээж авах уу, эсвэл хаах уу? (Хаана.) Чи тэднээс холдож, тэдэнд “Битгий ярь; би сонсмооргүй байна. Чи дэндүү их хов жив ярьдаг. Хэрвээ чи хүн шиг ярихгүй юм бол надаас хол бай. Би чиний үймээнд өртмөөргүй байна; би хүмүүс хоорондын ийм зүй бус харилцаанд орооцолдмооргүй байна, би чам шиг хүнд анхаарал хандуулахгүй” гэж хэлэх ёстой. Та нарын дундаас хэн хов жив ярих дуртай, хэн ийм төрхтэй байгааг ажиглаад, тэднээс хурдан холд. Ийм хүмүүсийн хүн чанарын онцлог юу вэ? Энэ нь хортой үг хэлэх, эсвэл хар ярианд хэлдгээр “хорон хэлтэй” байх явдал юм. Тэдний хортой үгийг ил болгосноор чи тэдний гаргадаг төрөл бүрийн мэдэгдлийг харж болно; үг яриагаар нь дамжуулан чи тэдний дотоод ертөнцийг харж, хүн чанар-мөн чанар нь яг ямар болохыг, тэд ёрын муу хүмүүс мөн эсэхийг тодорхойлж чадна. Хов жив ярих дуртай ийм төрлийн хүмүүс төрөл бүрийн дохио, мэдэгдэл гаргаснаар дамжуулан бусад хүн өөрсдийг нь ёрын муу хүмүүс гэж тодорхойлдог. Ийм төрлийн хүмүүс зайлуулагдах юм уу хөөгдөх стандартыг бүрэн хангадаг; тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй. Тэднийг зайлуулах ёстой бөгөөд тэднээр чуулганыг үймүүлүүлж болохгүй.

Бид дөнгөж сая хов жив ярих дуртай хүмүүсийн онцлог шинжийн талаар нөхөрлөсөн бөгөөд тэдний Бурханд итгэх итгэлийн нөхцөл байдал болон хүн чанарын илрэлээс харахад тэд үнэнийг зэвүүцдэг, үнэнийг хайрладаггүй хүмүүс гэдэг нь илэрхий байх ёстой. Тэдний хүн чанар нь зүйд нийцэхгүй, хүний хамгийн наад захын ёс суртахуунгүй байх хэмжээнд тааруухан байдаг; гагцхүү тэдний тохиолдолд, муу хүн чанарынх нь онцлог нь тэд хов жив ярих тун дуртай байдагт оршдог. Тэдний хэлж буй үгээс хүн чанарынх нь онцлог болон хүн чанар-мөн чанарыг ажиглаж болно; мэдээж ийм төрлийн хүмүүс бол муу хүн чанартай хүмүүс юм. Тэдний хүн чанар хэр муу вэ? Энэ нь ёрын муу байх хэмжээнд хүртэл муу тул тэднийг ёрын муу хүмүүсийн ангилалд оруулдаг. Учир нь тэдний ихэвчлэн хэлдэг үг нь хааяа нэг гомдоллох, бага зэрэг атаархах, хааяа нэг хүний сул талыг харуулах явдал биш; тэдний илрэл нь нийтлэг, жирийн завхарсан зан чанар биш, харин ёрын муу хүмүүсийн ангилалд багтдагийг нь батлахад хангалттай. Энэ бол нэг дэх төрлийн хүн: хов жив ярих дуртай хүмүүс юм.

Б. Завшааныг далимдуулах дуртай

Хоёр дахь төрлийн хүмүүс бол завшааныг далимдуулах дуртай хүмүүс юм. Завшааныг далимдуулах дуртай талаар нөхөрлөх үед зарим хүнд гарцаагүй үзэл төрдөг бөгөөд тэд “Ямар завхарсан хүн завшааныг далимдуулах дургүй байдаг юм бэ? Энэ бол хүний уг чанар; мууг үйлдэхгүй байгаа л бол завшааныг жаахан далимдуулахад юу нь тийм ноцтой гэж?” хэмээн боддог. Бидний энд нөхөрлөж буй завшааныг далимдуулах дуртай байдал нь хэвийн хүмүүс завшааныг далимдуулах дуртай байдгийн цар хүрээнээс даван гардаг—энэ нь ёрын муугийн түвшинд хүрдэг. Чуулганд ийм төрлийн хүн цөөнгүй, ядаж л нэг хэсэг нь байж таарна. Тэд “бид бүгд ах эгч нар” гэх нэрийдлээр, хаа сайгүй завшааныг далимдуулж, ах эгч нарын дунд, Бурханы гэрт, чуулганд завшааныг далимдуулдаг. Тэд ямар завшааныг далимдуулдаг вэ? Жишээ нь, гэрийнхэн нь байшин худалдаж авах хэрэгтэй ч мөнгө нь хүрэхгүй байвал тэд хамаатан садан, найз нөхдөөсөө зээлдэггүй, банкнаас зээл авахаар ч очдоггүй; харин хүүгийн талаар, эсвэл зээлээ хэзээ буцааж төлөх талаар огт дурдалгүйгээр ах эгч нараас зээлдэг—тэд зүгээр л зээлдэг. Тэд “зээлж байгаа” гэж хэлэх нь сайхнаар хэлж буй хэрэг; үнэн хэрэгтээ тэд зүгээр л авч байгаа юм, учир нь тэр мөнгийг буцааж төлөх юм уу хүү төлөх бодол тэдэнд огт байдаггүй. Тэд яагаад ах эгч нарыг онилдог вэ? Тэд бүгд ах эгч нар учраас бэрхшээлтэй үед тусламжийн гараа сунгах ёстой, хэрвээ хэн нэгэн туслахгүй бол ах эгч биш гэж тэд боддог. Тиймээс тэд ах эгч нараас мөнгө зээлэхээр очихдоо, өөрсдөд мөнгө зээлүүлэх нь зүй ёсны хэрэг гэж ах эгч нарт бодогдуулах элдэв шалтаг бодож олдог. Зарим хүн аль нэг ах эгчийн гэр бүл машинтайг хараад машинд нь санаархаж, хэд хоног тутам зээлэхээр очдог. Тэд зээлээд буцааж өгдөггүй, бензин хийж өгдөггүй, заримдаа бүр машиныг нь хонхойлгож, аваар осол хийдэг. Тэд бусдын гэрт байгаа сайхан хоол, хэрэгтэй зүйл, эсвэл ямар нэг үнэтэй зүйлийг хармагцаа санаархаж, арга сэдэж, өөртөө авахаар шунадаг. Тэд хэнийд ч очсон нүдэнд нь хулгайчийнх шиг шунал гялалзаж, хаа сайгүй нэгжиж, юм хайж, ямар нэг далимдуулах завшаан, эсвэл авч болох юм хайдаг—жижиг ваартай цэцгийг ч зүгээр өнгөрөөдөггүй. Бусадтай хамт гадуур гарах юм уу хооллохдоо тэд хэзээ ч тээврийн зардал, хоолны мөнгө гаргадаггүй. Ямар нэг сайхан зүйл харах болгондоо худалдаж авахыг хүсдэг ч төлбөр төлөх цаг болоход бусдаар төлүүлдэг, дараа нь буцааж төлөх тухай огт дурддаггүй; тэд зүгээр л нэг цент, таван цент ч байсан хамаагүй, завшааныг далимдуулахыг хүсдэг. Хэрвээ чи сайхан зүйлстэй болохыг хүсвэл өөрөө мөнгөө төлж болно; өөрийнхөө мөнгөөр төлөхийг хүсэхгүй байгаа бол бусдыг далимдуулах гэж бүү оролд, бүү ийм шунахай бай; бусдаар хүндлүүлэхийн тулд чи жаахан ч гэсэн ёс жудагтай байх ёстой. Гэвч ийм төрлийн хүн ёс жудаггүй байдаг, зөвхөн завшааныг далимдуулахыг хүсдэг бөгөөд завшааныг далимдуулах тусмаа улам баярладаг. Чуулганд ийм хүмүүс гарч ирэх нь шившиг үү, эсвэл алдар суу юу? (Шившиг.) Энэ бол шившиг. Тэд ингэж завшааныг далимдуулах нь зайлшгүй шаардлагатай гэж та нар хэлэх үү? Тэд хоол авч дийлэхгүй, эсвэл гэртээ хоол ундгүй болчхоод байгаа хэрэг үү? Яавч үгүй. Үнэндээ тэдэнд үрэх мөнгө, идэх хоол хангалттай бий; зүгээр л тэдний шунал маш их, бүр ёс жудгаа алдах хэмжээнд, бусдын жигшил зэвүүцлийг төрүүлэх хэмжээнд хүрсэн хэрэг. Ийм хүн сайн уу? (Үгүй.) Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ үргэлж завшааныг далимдуулахыг хүсдэг бөгөөд жаахан л хохирол амсвал гомдолтой санагдаж, заавал тэр тухайгаа ярих хэрэгтэй болдог. Ажил даалгах үед тэд үргэлж мөнгөний сэдвийг хөнддөг: “Ганц удаа явах унааны зардал ийм болно, байрлах зардал ийм болно, хоолны зардал ийм болох болно” гэх мэт. Тэдэнд “Мөнгөнд санаа зоволтгүй, чуулган өгнө” гэж хэлдэг. Гэвч мөнгө авсныхаа дараа тэд бодолхийлж, “Энэ хангалтгүй. Ердөө 200 юаниар би тэнд юу хийж чадах юм бэ? ‘Гэртээ арвич хямгач бай, харин аялахдаа ахиухан мөнгөтэй яв’ гэдэг дээ, би дахиад жаахан нөөц мөнгө авч явах хэрэгтэй; хэрвээ бүгдийг нь зарцуулахгүй бол үлдсэнийг нь чуулганд буцааж өгнө” гэж хэлдэг. Буцаж ирэхдээ тэд мөнгө үлдсэн талаар юу ч дурддаггүй, зардлаа ч тайлагнадаггүй. Тэд чуулганыг далимдуулж зүрхэлдэг юм чинь Бурханы тахилыг шамшигдуулж зүрхлэх үү? (Тийм.) Тэд ямар гээч амьтад вэ? Тэд ёс жудаггүй, бас мөс чанар, эрүүл ухаангүй. Бурхан ийм хүмүүсийг сайшаах уу? Зарим нь бүр усанд орж, үсээ угааж, хувцсаа угаахын тулд цуглааны газар юм уу зочин хүлээн авагч айлд очиж, чуулганы угаалгын машин, ус халаагч, шампунь, угаалгын нунтаг зэргийг ашигладаг; тэд өөрийнхийгөө хэмнэхийн тулд эдгээр хэрэглээний зүйлсийг далимдуулж, чуулганы зүйлсийг ашигладаг. Тэд өөрсдийгөө Бурханд итгэдэг тул Бурханы гэрийн нэг хэсэг гэж боддог, тиймээс Бурханы гэрийн аливаа эд зүйл өөрсдөд нь харьяалагддаг, дураараа хэрэглэж болно, хэрэглэхгүй бол, авахгүй бол, завшихгүй бол дэмий хэрэг болно гэж боддог; эвдэлсэн ч гэсэн төлөх бодолгүй байдаг. Өөрсдийнхөө юмыг тэд хэмнэж, ариг гамтай хэрэглэхээ мэддэг хэр нь Бурханы гэрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг хүссэнээрээ хэрэглэдэг ба эвдэлбэл төлдөггүй. Энэ сайн хүн мөн үү? Тэд яавч сайн хүн биш. Ялангуяа зарим тохиолдолд чуулган эд зүйл худалдаж авах хэрэгтэй болоход тэд идэвхтэйгээр сайн дураараа ажиллаж, ийм ажил хийхдээ тун дуртай байдаг. Тэд яагаад ийм идэвхтэй байдаг вэ? Тэд ашиг хонжоо олох, завшааныг далимдуулах боломжтой гэж боддог; эд зүйл худалдаж аваад үлдсэн мөнгийг нь өөрсдөө халаасалдаг. Тэд ямар ч хамаагүй завшааныг далимдуулахыг хүсдэг, далимдуулахгүй бол хий дэмий хэрэг гэж боддог; энэ бол тэдний баримталдаг логик юм. Хэрвээ завшааныг далимдуулж чадахгүй бол тэд ах эгч нарыг харааж, Бурханы гэрийг хараадаг—хэнийг ч хамаагүй хараадаг; тэд зүгээр л ёрын муу чөтгөрүүд, өмхий гуйлгачид, гуйлгачдын бүлгийн гишүүн хоолны саваа бариад хаа сайгүй ашиг хонжоо хайж, хаа сайгүй завшааныг далимдуулдаг. Хүмүүс: “Чи дандаа ингэж юм гуйх юм; тэгэхээр өмхий гуйлгачин биш үү?” гэдэг. Тэд: “Зүгээр ээ, намайг юу ч гэж хэлсэн болно—нарийн, харамч, өмхий гуйлгачин, гуйлгачдын бүлгийн гишүүн, үгээгүй ядуу гэж хэлсэн ч болно, завшааныг далимдуулж л байвал болох нь тэр” гэж хариулдаг. Ийм төрлийн хүмүүст ёс жудаг гэж байна уу? (Байхгүй.) Ийм хүмүүс ах эгч нарт тодорхой хэмжээний үймээн учруулдаг биш үү? Ялангуяа амьдрал хэцүү, эдийн засгийн нөхцөл тааруу гэр бүлүүдэд тодорхой хэмжээний үймээн, хор хөнөөл учруулдаг биш үү? (Тийм.) Тэд биеийн хэмжээ нь балчир, онцгой эмзэг хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх боломжтой юу? (Тийм.) Хүмүүс тэднийг хармагцаа зэвүүцдэг; харсан хүн болгон тээршаадаг ч татгалзахаас санаа зовдог тул тэдэнд ингэж илт мөлжүүлдэг. Тэднийг хүн чанар муутай, дорд ёс жудагтай гэдгийг хүн бүр мэддэг ч бүгд ах эгч нар гэж бодоод, тэд заримдаа үүрэг гүйцэтгэж чаддаг, бас ч гэж итгэлтэй, хааяа гэртээ хүн хүлээн авч жаахан хүчин чармайлт гаргаж чаддаг гэдгийг нь хараад—эдгээр зүйлийг бодсондоо ихэнх хүн, хаа сайгүй завшаан далимдуулдаг зан авирыг нь нүдээ аниад өнгөрөөж, нухацтай авч үздэггүй. Гэвч чуулганд тэдний учруулдаг үймээн улам бүр томорч, ихэнх хүнийг тавгүйтүүлэхэд хүрдэг; энэ асуудал биш гэж үү? (Тийм.) Ийм хүмүүс хаа сайгүй хүн хаздаг, хазаад алчихдаг галзуу нохой биш юм аа гэхэд хүмүүст амсхийх сэхээ өгдөггүй өмхий ялаа шиг байдаг. Хэрвээ тэднийг зайлуулахгүй бол тэд эцэс төгсгөлгүй үймээн учруулна. Тэд чуулганд үлдвэл байнга гай тарьж, хүмүүсийг амар тайван байлгахгүй. Үймүүлэх үед нь хүмүүс нэлээд бухимдаж, ийм хүмүүсийг ихэвчлэн зэвүүцдэг; гэсэн ч яах ч аргагүй тул ахин дахин тэвчээд өнгөрдөг. Тэд ямар гээч хүмүүс вэ? Хүмүүсийн дунд ийм жигшүүртэй луйварчид ч байдаг; ийм хүмүүс ер нь яах гэж Бурханд итгэдэг юм бэ? Тэд зүгээр л амьд явах эрхгүй! Боломжтой бүх завшааныг далимдуулдаг—ямар ичгүүртэй юм бэ! Зүгээр л чадварынхаа хэрээр материаллаг зүйлс эдэл; хэрвээ чадваргүй бол бүү эдэл, эсвэл бусдын зүйлийг бүү шамшигдуул. Бусад хүн хааяа үнэгүй өглөг өгснөөс болж, эсвэл ямар нэг зүйлд онцгой дуртай, ямар нэг зүйлд сэтгэл татагдсанаасаа болж чи жижиг сажиг, ялихгүй завшааныг далимдуулбал хэн ч үүнийг уучилж чадна. “Ядуурал амбицийг хязгаарладаг” гэж үг байдаг; энэ нь том асуудал биш. Гэхдээ хэрвээ чи ийм маягаар үргэлж завшаан хайж, ичих нүүргүй, увайгүй болохдоо тулж, өмхий гуйлгачин болж, эсвэл хүн бүрийн нүдэнд галзуу нохой, ялаа шиг болсон бол чамайг даруй зайлуулах ёстой. Ийм төрлийн хүмүүсийг нэгмөсөн шийдвэрлэж, энэ бүх асуудалд цэг тавих ёстой.

Завшааныг далимдуулах дуртай ийм хүмүүсийг та нар хэр зэрэг тэвчиж чадах вэ? Хэрвээ та нар үнэхээр тэвчиж чадахгүй, тэдэнд ашиглуулсны яг л үхсэн ялаа залгисан мэт санагдаж—ихэнх чинь уураа барьж дийлэхгүй, хамт байхдаа үргэлж тэдний талаар гомдоллодог бол—энэ үед, тэднийг аль хэдийн зайлуулах ёстой байсан биш үү? (Тийм.) Тэвчихийн аргагүй болж, хязгаартаа тулах үед хүн бүр гар нийлж, тэднийг зайлуулах ёстой. Энэ бол Бурханы гэрээс хор хөнөөлийг зайлуулж байгаа хэрэг бөгөөд хүмүүсийн сэтгэлд тун их таалагдах хэрэг юм. Ийм хүн бол зүгээр л өөдгүй новш бөгөөд ихэнх хүний амар амгаланг алдагдуулдаг. Энэ нь чуулганы амьдралд саад болж, үймүүлдэг хор хөнөөлтэй явдал болдог тул хүмүүс цугларч, энэ хүнтэй холбоотой асуудлыг нөхөрлөж, шийдвэрлэхээс өөр аргагүй болдог. Ёрын муу хүний учруулсан үймээн зарим хүнийг аль хэдийн хорлосон тул ингэж хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Ёрын муу хүнийг үргэлжлүүлэн мууг үйлдэхээс сэргийлэхийн тулд, чуулганы амьдралын хэвийн дэг журмыг хадгалахын тулд, мөн Бурханы сонгосон хүмүүсийг цаашид хорлогдохоос сэргийлэхийн тулд тэр ёрын муу хүнийг даруй шийдвэрлэж, зайлуулах ёстой. Хэрвээ тэр хүн зайлуулагдсаныхаа дараа чуулганыг мэдээлж болзошгүй бол түүнд “Чамайг зайлуулж, хөөгөөгүй. Гэртээ харьж тусгаарлагдаад, өөрийгөө эргэцүүл. Сайн эргэцүүлмэгцээ гэмшлийн захидал бич, тэгвэл бид чамайг чуулганд буцааж угтаж авна. Одоохондоо чи илүү их мөнгө олж, амьдралаа таашаах ёстой; үүний хажуугаар Бурханд итгэх тухай тунгаан бод. Ингэвэл чи аль алиныг нь орхигдуулахгүй” гэж ухаалгаар хэлэх ёстой. Энэ ямар сонсогдож байна? (Сайн.) Бид тэднийг зайлуулж, хөөж байна гэж хэлэхгүй; зүгээр л өнөөдрөөс эхлээд энэ хүн чуулганд байхаа болино. Ингэж шийдвэрлэвэл ямар байна? (Сайн.) Энэ үнэхээр сайн! Хэрүүл маргаан хийх, тооцоо бодох шаардлагагүй, зүгээр л энгийн бөгөөд тодорхой шийдэл нь тэднийг дэлхий ертөнц рүү буцааж, ажил хийлгэж, мөнгө олуулж, өөрсдийнхөөр нь амьдруул. Товчхондоо, завшааныг далимдуулах дуртай хүмүүсийн хүн чанар тийм ч сайн биш. Хэдийгээр үүнийг ёрын муу гэж хэлж болохгүй ч завшааныг далимдуулах дуртай зан авир нь тэднийг нэлээд ядаргаатай, жигшмээр болгодог. Тэд боломж бүрийг далимдуулан ашигладаг! Ийм хүмүүс хууль бус, гэмт хэргийн үйл ажиллагаа явуулдаггүй байлаа ч үйлдэл, зан авир нь чуулганы амьдралд удаан хугацааны саад тотгор, үймээн учруулдаг—эдгээр үр дагавар нь ямар ч ёрын муу үйлээс илүү ноцтой; энэ нь тэднийг үл итгэгч юм уу ёрын муу хүн гэж тодорхойлж, чуулганаас зайлуулахад хангалттай юм. Ингэх нь үл итгэгчид чуулганыг үймүүлж, ах эгч нарыг дарамтлах явдлыг бүрэн зогсоодог.

Бид өмнө нь завшааныг далимдуулах дуртай хүмүүсийг шийдвэрлэх онцгой аргын талаар нөхөрлөсөн бөгөөд энэ аргыг эх газар дахь хавчлагын онцгой нөхцөл байдалд үндэслэн боловсруулсан юм. Хилийн чанад дахь чуулгануудын хувьд тэднийг шууд зайлуулахад зүгээр. Гэхдээ уг шийдвэрлэх арга ямар төрлийн хүмүүст чиглэхээс үл хамааран, энэ нь зарчимтай, бас ухаалаг байх ёстой. Чуулганд захиргааны зарлиг, дүрэм журам байдаг, энэ бүхэн нь ах эгч нарын чуулганы хэвийн амьдрал болон үүргээ гүйцэтгэх хэвийн дэг журмыг хамгаалах зорилготой байдаг. Хэрвээ хэн нэгэн хүн ах эгч нарын чуулганы амьдралд юм уу үүргээ гүйцэтгэхэд саад болж, үймүүлбэл үүнийг зөвшөөрөхгүй; тэр хүн Бурханд жигшигдэн гологдоно. Мэдээж, ах эгч нарын өдөр тутмын амьдралд саад учруулж, хөндлөнгөөс оролцохыг ч зөвшөөрөхгүй. Энэ бол удирдагч, ажилчдын хариуцан шийдвэрлэх ёстой асуудал юм. Ах эгч нарын хамаатан садан, найз нөхөд, эсвэл танилууд болох хүмүүс “ах эгч нар” гэх нэрийг барьж, ах эгч нарыг өөртөө татаж, төөрөлдүүлж, үүргээ гүйцэтгэхэд нь саад болохыг оролдож магадгүй. Удирдагч, ажилчид, эсвэл ах эгч нар ийм хүмүүсийг шийдвэрлэх үүрэг, хариуцлага хүлээдэг. Тэдний зан авир, үйлдэл нь бусдыг үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагахад саад болж, мөн чуулганы ажилд үймээн учруулдаг тул удирдагч, ажилчид урагш гарч, нөхцөл байдлыг шийдвэрлэж, хязгаарлалт тавих ёстой. Мэдээж, бидэнд ийм хүмүүсийг шийдвэрлэх, зохицуулах тохиромжтой аргууд бий. Цохих, загнах шаардлагагүй; бид зүгээр л тэдэнд асуудлынх нь мөн чанарыг болон Бурханы сонгосон ихэнх хүн тэднийг буруутгаж, яллаж байгааг тодорхой хэлж өгөөд, эцэст нь “Чамайг зайлуулах нь олонхын гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан шийдвэр юм. Чи зөвшөөрөх эсэхээс үл хамааран чуулган ийм шийдвэр гаргаж, чамайг зохих ёсоор шийдвэрлэх эрх мэдэлтэй. Чи дуулгавартай дагах ёстой” гэж хэлнэ. Ийнхүү энэ асуудал шийдвэрлэгдэх бөгөөд ингэж шийдвэрлэх нь бүхэлдээ зарчимч юм. Завшааныг далимдуулах дуртай хүмүүст зарчмын дагуу хандаж, шийдвэрлэх ёстой. Хэрвээ тэд чамаас ямар нэг юм зээлж далимдуулахыг хүсэх юм бол чи хүсвэл зээлүүлж, хүсэхгүй бол татгалзаж болно; шийдвэр чинийх. Тэдэнд зээлүүлэх нь сайхан сэтгэл; татгалзах нь чиний эрх. Хэрвээ тэд: “Бид бүгд ах эгч нар биш бил үү? Ямар харамч юм бэ, юм зээлүүлэх ч хүсэлгүй байх гэж!” гэвэл чи: “Энэ бол миний өмч, надад зээлүүлэхгүй байх эрх бий. Энэ нь зарчимд нийцнэ. ‘Бид бүгд ах эгч нар’ гэдгээр намайг бүү дарамтал; чиний хэлж байгаа зүйл үнэн биш. Бурхан ‘Чи түүнд зээлүүлэх ёстой’ гэж хэлэхгүй л бол би чамд зээлүүлэхгүй” гэж хариулж болно. Хэн ч чуулганы нэрийг барьж, эсвэл “Бид бүгд итгэгчид, бүгд ах эгч нар” гэсэн санаагаар хувийн өмчийг сүрдүүлж авах, зээлэх эрхгүй. Энэ үнэн үү? (Тийм.) Энэ бол үнэн. Энэ үнэнийг баримталж байж л хүн бүрд шударга байдал хангагдаж, хүн бүр жинхэнэ эрхээ эдэлж чадна. Гэхдээ хэрвээ хэн нэгэн “Бурханы гэрийн ажлын хэрэгцээ”, “чуулганы ажлын хэрэгцээ”, эсвэл “ах эгч нарын хэрэгцээ” гэдгээр шалтаглан хувийн эд зүйлийг сүрдүүлэн авах, зээлэх гэвэл энэ нь үнэнтэй нийцэх үү? (Нийцэхгүй.) Чи үнэнтэй нийцэхгүй хүсэлтээс татгалзах эрхтэй юу? (Тийм.) Татгалзсаны чинь төлөө хэн нэгэн чамайг нарийн, харамч гэж цолловол чи айх уу? (Үгүй.) Хэрвээ хэн нэгэн энэ хэргийг сүр бадруулж, чамайг чуулганы ажлыг дэмждэггүй, эсвэл ах эгч нарыг хайрладаггүй гэж хэлээд, үүнээс болж ах эгч нар чамайг голох, тусгаарлахад хүрвэл чи айх уу? Чи хэлснээсээ буцна. Тэр үед чи “Машин зээлүүлэх юу нь тийм сүртэй юм бэ? Чуулган, Бурханы гэр, эсвэл ах эгч нар зээлсэн ч зүгээр. Ах эгч нарыг гомдоохгүй байсан нь дээр. Нэг хүнийг гомдоох аймшигтай биш, гэхдээ бүх ах эгч гомдож, надад хүйтэн хөндий хандаж, намайг тусгаарлавал би яах вэ?” гэж бодно. Чи Бурханд итгэдэг байж айх юм юу байна? Тэд чамайг тусгаарлалаа гээд тэд үнэнтэй гэсэн үг биш, эсвэл үйлдэл нь үнэнтэй нийцэж байна гэсэн үг биш. Үнэн бол хэзээд үнэн. Хүмүүсийн цөөнх юм уу олонх нь санал нийлэх эсэхээс үл хамааран энэ бол үнэн. Үнэн байхгүй бол цөөнх нь олонхдоо захирагдсан ч гэсэн энэ нь үнэн биш. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Хэн нэгэн үнэн-бодит байдалтай эсэх нь хэр сайхан ярьж байгаагаас бус, харин үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэж чадаж байгаа эсэхээс шалтгаална. Жишээ нь, чи үүргээ гүйцэтгэх зорилгоор шинэ компьютер худалдаж авлаа гэж бодъё, гэтэл хэн нэгэн үүнийг зээлэхийг хүсэж, чуулганы ажилд хэрэгтэй гэжээ. Чи зээлүүлэхээс татгалзахад тэр: “Чамд хайр алга, чи Бурханыг хайрладаггүй, өөрийгөө золиосолдоггүй юм байна. Ийм жаахан золиос ч гаргаж чадахгүй юм” гэж хэлнэ. Эдгээр үг зөв үү? Үнэнтэй нийцэж байна уу? (Үгүй.) Чи ингэж хариулах ёстой: “Компьютер бол үүргээ гүйцэтгэхэд минь зориулагдсан. Би одоо үүргээ гүйцэтгэж байгаа тул компьютергүй байж болохгүй. Хэрвээ чи миний компьютерыг зээлчихвэл үүргээ гүйцэтгэхэд минь нөлөөлөх биш үү? Тэр нь үнэнтэй нийцэх үү? Чамд компьютер яг юунд хэрэгтэй юм бэ? Чи чуулганы ажилд гэж хэлж байна; хэрвээ тийм бол чи үүнийг батлах хүн олох хэрэгтэй. Түүнчлэн, чуулганы ажилд байлаа ч чи надаас зээлэх ёсгүй. Хэрвээ чи миний компьютерыг авчихвал би үүргээ гүйцэтгэхдээ юу ашиглах юм бэ? Чи дэндүү аминч юм! Чуулганы ажлын хэрэгцээг далимдуулах шалтаг болгон бүү ашигла, би тэрэнд чинь хууртахгүй. Намайг ялган таних чадваргүй мунгинуу хүн гэж бүү бод; чи завшааныг далимдуулахыг хүсэж байна, гэхдээ тэр бүтэхгүй шүү!” Сатаны урхинд унахаас сэргийлэхийн тулд ийм хүмүүстэй ингэж ярих шаардлагатай. Энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан уу? Чи үнэнийг ойлгож, зарчмын дагуу үйлдмэгцээ хэн юу гэж хэлэхээс айх шаардлагагүй болно. Тэдний чамд зүүж байгаа худал шошгыг бүү тоо; тэдний чалчдаг тэр жаахан хоосон сургаал хэнд ч үнэмшилтэй санагдахгүй. Завшааныг далимдуулах дуртай хүмүүсийн хүн чанарын илрэл болон тэднийг шийдвэрлэх зарчмын талаар ингээд энгийн байдлаар нөхөрлөлөө.

Чуулганд гарч ирдэг завшааныг далимдуулах дуртай ийм хүмүүсийг тухайд нэг талаар хүмүүс илүү үнэн зөв, бодитоор ялган таних хэрэгтэй, нөгөө талаар хүмүүс үнэнийг ойлгох ёстой; Бурханд итгэх итгэлийн хувьд баримтлах ёстой байр суурь, хийх ёстой ажил, сахих ёстой зарчим, хүмүүс, үйл явдал, зүйлсэд хандах ёстой хандлагынхаа талаар зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байх ёстой. Олныг бүү дага, хүмүүсийг гомдоох вий гэж бүү ай, ялангуяа зарим хүнд таалагдахын тулд өөрийн баримтлах ёстой зарчим, байр суурийг бүү алд, хүмүүсийн тааллыг олох боловч Бурханы зүрх сэтгэлийг шархлуулж, Бурханы жигшлийг бүү төрүүл. Хэрвээ зарчимд нийцсэн үйлдэл бол уг үйлдлээс чинь болж хүмүүс гомдож, эсвэл ар хударгаар чинь хайр найргүй шүүмжилсэн ч тэр нь үр дагавар багатай; харин зарчимд нийцэхгүй үйлдэл бол уг үйлдлийг хийснээрээ хүн бүрийн сайшаал, дэмжлэгийг хүртэж, хүн бүртэй эвтэй найрсаг байлаа ч гэсэн—ганцхан Бурханы өмнө үүнийгээ тайлагнаж чадахгүй бол чи хохирол амслаа гэсэн үг. Хэрвээ чи олонхтой харилцаагаа хадгалж, тэднийг баярлуулж, сэтгэл хангалуун байлгаж, магтаалыг нь хүртсэн ч Бүтээгч Бурханыг гомдоовол чи дээд зэргийн тэнэг юм. Тиймээс чи юу ч хийсэн бай, энэ нь зарчимд нийцэж байгаа эсэх, Бурханд таалагдаж байгаа эсэх, үүнд хандах Бурханы хандлага юу болох, хүмүүс ямар байр суурь баримтлах ёстой, ямар зарчим сахих ёстой, Бурхан юу гэж зааварласан, үүнийг яаж хийх ёстойгоо тодорхой ойлгох ёстой—эхлээд үүнийг тодорхой болгох ёстой. Бусадтай харилцах харилцаа, бусадтай хийх эд материалын солилцоо, харилцаа холбоо чинь зарчимд нийцэх суурин дээр үндэслэсэн үү? Бурханд таалагдах суурин дээр үндэслэсэн үү? Хэрвээ үгүй бол чиний хийж байгаа бүхэн, чи үүнийг хэчнээн сайн сахиж, хэчнээн төгс хийж, бусдаас хэчнээн их магтаал хүртсэн ч Бурхан үүнийг санахгүй. Тиймээс хэн нэгэнтэй харилцах, холбогдох зарчим чинь тэр хүн чамайг далимдуулж байна уу, эсвэл чи тэр хүнийг далимдуулж байна уу гэдэгтэй холбоотой байх ёсгүй—энэ суурин дээр үндэслэх ёсгүй. Харин та нарын хийж байгаа зүйл үнэн-зарчимд нийцэж байгаа эсэхтэй холбоотой байх ёстой. Тэгж байж л үүнийг үнэхээр “Бурханд итгэх итгэлийн үүднээс” авч үзэж болно; тэгж байж л та нар “Бид бүгд итгэгчид, бүгд ах эгч нар” гэж хэлж болно; тэгж байж л үүнийг урьдач нөхцөл болгож чадна. Амь-оролт, үүрэг, чуулганы ажилтай холбоотой асуудлаас бусад ямар ч харилцаа “ах эгч нар” гэсэн урьдач нөхцөл дээр үндэслэх ёсгүй. Хэрвээ энэ нь үүрэг, амь-оролт, эсвэл хүмүүс хоорондын хэвийн харилцаатай холбоогүй ч хэн нэгэн хүн тодорхой зорилгод хүрэхийн тулд байнга “ах эгч нар” гэсэн халхавчаар шалтаглаж байвал тэд ийм үг яриа, арга барил, ашигтай нөхцөл байдлыг хувийн ашиг хонжоо хайж, завшааныг далимдуулах шалтаг болгон ашиглахаар эрэлхийлж байгаа нь эргэлзээгүй. Бурханы сонгосон хүмүүс сонор сэрэмжтэй байж, хууртахаас зайлсхийхийн тулд ийм асуудалд мэргэн ухаанаар хандах ёстой. Учир нь чуулган дахь ихэнх хүн үнэнийг ойлгодоггүй, зарим нь бүр үл итгэгчид бөгөөд зарчимгүй үйлдэж, увайгүй муу үйл хийдэг. “Ах эгч нар” гэх нэрийдлээр тэдний хийдэг зүйлс чуулганы ажилд хамгийн амархан нөлөөлж, үймүүлдэг. Өнөөдөр энэ бүхнийг хэлэхийн зорилго юу вэ? Бусадтай ярилцах, харилцахад суурь нь үнэн-зарчимд үндэслэх ёстой гэдгийг тодорхой болгохын тулд юм. Энэ нь хүмүүс хоорондын зүй бус харилцаанаас сэргийлдэг; мэдээж энэ нь бас завшааныг далимдуулах дуртай хүмүүс цоорхой олж ашиглахаас сэргийлдэг, нэр нүүрээ хэт их боддог эсвэл хүн чанар дорой хүмүүс үргэлж завшуулж, үргэлж мэхлүүлж, үргэлж хохирол амсахаас сэргийлдэг. Зарим хүн гэр бүлийнх нь нөхцөл байдал илт хэцүү байхад, завшааныг далимдуулах дуртай хүн мөнгө зээлүүлэхийг хүсэж, өөрийг нь өндрөөр үнэлдэг учраас сонголоо гэж хэлснээс болод өөрсдөө хохирон байж “зоригтой царайлан”, шаргуу хөдөлмөрлөж олсон мөнгөө зээлүүлдэг. Мөнгөө зээлүүлсний дараа юу болдог вэ? Зээлдэгч алга болдог. Тэгээд зээлүүлэгч өөрийг нь хамгаалсангүй гэж Бурханы талаар гомдоллодог. Энэ эрүүл ухаантай хэрэг мөн үү? Бурханд итгэнэ гэдэг нь аливааг хийхдээ бодох шаардлагагүй, Бурхан бүхнийг зохицуулна гэсэн үг гэж чи бодоо юу? Тэгвэл чи хэрэггүй хүн болох биш үү? Бурхан хүмүүсээс үнэнч шударга, ухаалаг байж, үнэн-зарчмын дагуу үйлдэхийг шаарддаг. Чи үүнийг ойлгож чадахгүй юу? Хэрвээ чи эдгээр үнэн-зарчмын дагуу үйлдэхгүй бол үргэлж хохирол амсаж, хууртвал таарна. Эцэст нь амьдрал чинь гарах гарцгүй болоход чи хэнийг буруутгах вэ? Чи өөрөө л үүнийг дуудсан. Чиний үйлдэл хайраас гараагүй; тэнэглэл байсан! Чи тэдэнд таалагдахын тулд луйварчинд мөнгө зээлүүлсэн, гэхдээ чамд мөнгө хэрэгтэй болоход чи Бурханы гэрээс гуйж чадах уу? Бурханы гэр чиний өмнөөс энэ хариуцлагыг үүрэх ёстой юу? Бурханы гэр энэ зардлыг төлнө гэж найдсанаараа чи Бурханд өртэй болж байгаа биш үү? Амьдралд гарах гарцгүй болчхоод чи яаж үүргээ гүйцэтгэж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханд залбирвал Бурхан чамайг сэтгэл хангалуун болгохгүй байж магадгүй; энэ нь юу тарина, түүнийгээ хураана гэгч бөгөөд болох ёстой юм болдгоороо л болж байна. Хэн чамайг ийм тэнэг бай гэсэн юм! Тэр хүнд итгэ гэж Бурхан чамд хэлсэн үү? Түүнд мөнгө зээлүүл гэж Бурхан чамд хэлсэн үү? Тэр хэлээгүй; энэ бол чиний хувийн үйлдэл бөгөөд Бурханы санаа зорилгыг төлөөлөхгүй. Хэрвээ чиний хувийн үйлдэл буруу байж, сөрөг үр дагаварт хүргэвэл чи хариуцлагыг нь өөрөө л үүрнэ. Чи яагаад Бурханы гэрт хариуцлага үүрүүлж, эсвэл өөрийнхөө төлөө Бурханд хариуцлага хүлээлгэх ёстой гэж? Намайг хамгаалсангүй гэж яагаад Бурханд гомдоллоно вэ? Чи насанд хүрсэн хүн; яагаад насанд хүрсэн хүнд байх ёстой шүүн тунгаах чадваргүй байна вэ? Нийгэмд чамаас гуйсан хүн болгонд чи мөнгө зээлүүлэх үү? Чи энэ талаар бодож үзэх хэрэгтэй биз дээ? Зүгээр л “ах эгч нар” гэсэн нэрийг хүсэлтдээ дурдсанаас болоод чи яагаад хэн нэгэнд мөнгө зээлүүлнэ гэж? Энэ нь мунхаг гэдгийг чинь харуулж байгаа бус уу? Чи зүгээр ч нэг мунхаг биш, тэнэг; туйлын тэнэг! Бүх ах эгч нар Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, бүгд үнэнийг ойлгодог гэж чи бодоо юу? Тэдний ядаж гуравны нэг нь үнэнийг хайрладаггүй, үл итгэгчид байдаг. Чи үүнийг ялган таньж чадахгүй гэж үү? Бүх ах эгч нар Бурханы авралын бай, үнэхээр Бурханаар сонгогдсон гэж чи боддог уу? “Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн” гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах эгч нар хэнийг төлөөлдөг вэ? Тэд завхарсан хүн төрөлхтнийг төлөөлдөг! Хэрвээ чи тэдэнд итгэвэл тэнэг байгаа хэрэг биш үү? Чиний хувийн үйлдэл ямар сөрөг үр дагаварт хүргэснээс үл хамааран Бурханы гэр, эсвэл ах эгч нараас бүү тусламж хүс; хэн ч чиний өмнөөс төлж чадахгүй, хэн ч чиний өмнөөс хариуцлага үүрэх үүрэг хүлээхгүй. Юу тарьснаа өөрөө л хураа; хариуцлагыг чи хүлээнэ. Түүнчлэн эдгээр хэрэг явдлыг нөхөрлөж, хэлэлцүүлэхээр чуулганы амьдралд бүү авчир; хэн ч үүнийг сонсохыг хүсэхгүй, бусад хүн чиний замбараагүй хэргийг шийдвэрлэх үүрэг хүлээхгүй. Хэрвээ хэн нэгэн хүн чамд үнэхээр туслахыг хүсвэл та хоёр хувьдаа шийдвэрлэж болно. Ойлгов уу?

Эдгээр хэрэг явдлын талаар нөхөрлөх нь хүмүүст сануулга болж, мэдлэгийг нь тэлж, сэрэмжлүүлгийн дохио болж, Бурханд итгэдэг хүмүүсийн дунд бүх төрлийн хүн байдаг гэдгийг тодорхой ойлгуулдаг. Та нарын санаж явах ёстой нэг чухал зүйл байдаг бөгөөд Би үүнийг өмнө нь хэд хэдэн удаа дурдсан: Бурханд итгэдэг хүмүүс завхарсан хүн төрөлхтний дундаас сонгогдсон. Энэ нь юу гэсэн үг вэ? Хувь хүн бүр Сатанаар завхруулагдсан, хүн бүрд завхарсан зан чанар байдаг, хүн бүр янз бүрийн хэмжээнд мууг үйлдэх чадвартай, тохиромжтой нөхцөлд Бурханыг эсэргүүцэх зүйл хийх чадвартай гэсэн үг. Бидний дөнгөж сая нөхөрлөсөн хов жив ярих, завшааныг далимдуулах дуртай байх явдлыг итгэгчид үйлддэг; шүтлэггүй хүмүүс бидэнд хамаагүй тул бид тэднийг энд дурдахгүй. Бидний нөхөрлөсөн хүн чанарын эдгээр илрэл нь чухамдаа Бурханд итгэдэг хүмүүсийн илрэл юм. Тиймээс “ах эгч нар” гэдэг цолыг агуу, эрхэмсэг, эсвэл ариун, халдашгүй зүйл гэж бүү үз. Хэрвээ тэгж үзвэл энэ нь мунхаг хэрэг. Бурхан: “Ах эгч нар үнэ цэнтэй. Тэд ах эгч нар болмогцоо ариусгагддаг, Бурханы дотнын хүн болдог, бүрэн итгэл даахуйц болдог; чи тэдэнд бүрэн итгэж болно, тэдний хэлсэн, хийсэн бүхэн үнэн” гэж хэзээ ч хэлээгүй. Ийм зүйл хэзээ ч болоогүй; эдгээр нь чиний үзэл, төсөөлөл юм. Хэрвээ одоог хүртэл чи “ах эгч нар” гэдэг цолны ар дахь бодитой утгыг харж чадахгүй хэвээр байгаа бол үнэхээр мунхаг байна; чи энэ олон жил номлолыг дэмий сонсжээ. Чи ямар хүн болохоо ч олж мэдээгүй хэр нь бусдад маш их итгэж, тэднийг—ах эгч нарыг—маш ариун нандин, агуу гэж үзэн, “ах эгч нар үүнд дургүй”, “ах эгч нар уурлаж байна”, “ах эгч нар зовж байна”, “ах эгч нар ингэсэн тэгсэн” гэж амны уншлага болгон, ах эгч нарын тухай ингэж дотночлон ярьдаг. Ах эгч нар ийм эрхэмсэг, ариун, ийм итгэл даахуйц гэж хэлсэн ганц ч болов өгүүлбэр Бурханы үгэнд байхыг чи харсан уу? Ганц ч өгүүлбэр байхгүй, тийм биз дээ? Тэгвэл чи яагаад тэднийг тэгж үздэг юм бэ? Энэ нь чамайг усан тэнэг болгож байна. Тиймээс ах эгч нараас болж хэчнээн их хохирол амсаж, алдагдал хүлээсэн ч энэ нь бүхэлдээ чиний буруу. Эцэст нь, амссан хохирол, алдагдлаа сургалтын төлбөр гэж тооц. Энэ бол чиний сурах сургамж. Та нар үүнийг үргэлж санаж явах ёстой: Ах эгч нар үнэнийг төлөөлдөггүй, Бурханыг бүр ч төлөөлдөггүй; тэд Бурханы дотнын хүмүүс, Бурханыг гэрчлэгчид, эсвэл Бурханы хайртай хүүхдүүдтэй эн тэнцүү биш. Ах эгч нар гэж хэн бэ? Тэд чам шиг л завхарсан хүмүүс; тэд Бурханы талаар үзэлтэй, үнэнийг хайрладаггүй, үнэнийг зэвүүцдэг, биеэ тоосон зан чанартай, харгис, хорон муу зан чанартай, бүх талаар өөрсдийгөө Бурханы дайсан болгох чадвартай, үүргээ хааш яаш гүйцэтгэдэг, тэр ч бүү хэл Бурханд итгэх нэрийдлээр бусад ах эгчийг далимдуулдаг. Энэ бүхнийг хэлэхийн зорилго юу вэ? Энэ нь чамайг ах эгч нартай чинь эвдрэлцүүлэх гэсэндээ бус, харин хүн бүрийн үнэн төрхийг тодорхой харж, “ах эгч нар” гэдэг цолд зөв хандаж, эргэн тойрныхоо хүмүүст зөв хандаж, хүн бүртэй зүй зохистой харилцаа тогтооход чинь туслахын тулд юм. Ах эгч нарын эгнээнд нэгдэх зорилгоор хувийн тус, эд материалын солилцоо, зусар үг, бялдуучлал, буулт хийх, эсвэл бусад ийм аргаар бусадтай сайн харилцаа тогтоох, хадгалах гэж бүү оролд. Ингэх шаардлагагүй бөгөөд энэ тал дээр хийж байгаа бүхэн чинь Бурханд жигшүүртэй, зэвүүцмээр байдаг. Тэгвэл хүмүүсийн дунд амьдрах хамгийн сайн арга зам, амьдралдаа баримтлах хамгийн сайн хандлага, зарчим юу вэ? Энэ бол Бурханы үг юм. Бурханы үгэнд юу гэж хэлдэг вэ? Хүн хоорондын зүй зохистой, хэвийн харилцаа тогтоо гэж хэлдэг. Энэ харилцааг хэрхэн тогтоодог вэ? Бурханы үгэнд үндэслэн бусадтай харилцаж, ярьж, холбогд. Жишээ нь, хэн нэгэн нүүж байгаа тул туслах цаг зав байгаа эсэхийг чинь асуувал чи хүсвэл явж болно; хэрвээ үүрэгт чинь нөлөөлж магадгүй гэж айсандаа хүсэхгүй байгаа бол татгалзаж болно. Энэ бол чиний эрх, бас чиний дагах ёстой зарчим. Чи тэднийг гомдоох вий, эсвэл ах эгч нарын эв эеийг эвдэх вий гэж айсандаа буулт хийж, дурамжханаар, сэтгэл зөрчилдөөнтэйгөөр зөвшөөрөөд, дараа нь дотроо дургүйцэж, үр дүнд нь үүргийнхээ гүйцэтгэлийг цалгардуулах шаардлагагүй. Ингэх нь зарчмын эсрэг гэдгийг чи маш сайн мэдэж байгаа хэр нь тэднийг сэтгэл хангалуун байлгаж, сайн харилцаагаа хадгалахын тулд чамайг шантаажилж, боол мэт зарахыг нь зөвшөөрдөг. Бусдыг сэтгэл хангалуун байлгаж байгаа чинь сайн үйл биш, Бурхан үүнийг санахгүй. Чиний хийж байгаа зүйл ердөө хүн хоорондын харилцааг хадгалахын төлөө байдаг; чи чуулганы ажлын төлөө, эсвэл үүргээ гүйцэтгэхийн төлөө ийн үйлддэггүй, энэ нь чиний хариуцлага, хүлээсэн үүрэг бүр ч биш. Бурхан ийм үйлдлийг хэзээ ч санахгүй, чи ийм үйлдэл хийлээ ч гэсэн дэмий л хийж байна. Тэгэхээр ийм хэрэг явдалтай тулгарах үедээ хэрхэн сонгохоо нухацтай, анхааралтай бодож үзэх ёстой биш үү? Зарим хүнээс тусламж хүсэхэд үнэндээ үүрэг нь тэднийг маш завгүй байлгаж, дөнгөж л цуглаанд оролцох юм уу сүнслэг үйл ажиллагаа хийх зав гаргаж дөнгөсөн байдаг. Тэд мэдээж явахыг огт хүсдэггүй, зарчмын дагуу бол явах ч ёсгүй. Гэхдээ тэд нэр нүүрээ хэт их боддогоосоо болоод “үгүй” гэж хэлж зүрхэлдэггүй. Эцэст нь юу болдог вэ? Тэд тэрхүү дорд, завшаан хайгч хүмүүст өөрсдийгөө ашиглуулж, амь-оролтдоо зориулах ёстой байсан цагаа дэмий үрдэг. Энэ хохирол биш гэж үү? Энэ бол хүртэх ёстой хохирол! Ийм хохирол амсах нь бусдын өрөвдөх сэтгэл, энэрлийг огтхон ч хүртэх эрхгүй. Яагаад хүртэх ёстой хохирол гэж хэлж байна вэ? Хэн чамайг Бурханы үгийг үл тоомсорло гэсэн юм? Хэн чамайг хүмүүсийг гомдоохоос ай гэсэн юм? Хэрвээ чи Бурханы үгийг сонсохоос илүү хүмүүсийг гомдоохгүй байхыг илүүд үзэж байгаа бол энэ хохирлыг хүртэх эрхтэй! Зарим хүн: “Хүмүүс вакуум орчинд амьдардаггүй; хүмүүс хоорондын харилцаа байх ёстой” гэдэг. Хамгийн гол нь хэрхэн харилцах вэ гэдэг юм. Зарчимд суурилсан харилцаа, эсвэл зарчимгүй, бүхнийг аргалж өнгөрөөхийг хичээдэг бялдууч хүний харилцаа хоёрын аль нь үнэн-зарчимтай нийцэж, Бурханы санаа зорилгод нийцэж, амь-оролтод чинь илүү ашиг тустай байдаг вэ? Алийг нь сонгохоо чи мэдэж байгаа биз дээ? Хэрвээ чи хэрхэн сонгохоо мэдсээр байж намаг балчигт шигдсээр байвал эцсийн үр дагаврыг нь ганцаараа үүрнэ. Энэ илэрхий биш гэж үү? (Тийм.)

Ёрын муу хүмүүсийн хүн чанарын өөр олон илрэл бий бөгөөд өнөөдрийн нөхөрлөл хязгаарлагдмал байж, зөвхөн хов жив ярих дуртай байх, завшааныг далимдуулах дуртай байх гэсэн талууд дээр л төвлөрлөө. Энэ хоёр талын тухай сонссоныхоо дараа л ихэнх хүн тодорхой мэдрэмжтэй, ялган таних чадвартай болж, “Тэгэхээр муу хүн чанар ийм байдаг юм байна!” гэж хэлдэг. Гэвч ийм хүмүүс чуулганд үнэхээр оршин байдаг тул яах ёстой вэ? Тэд байлаа гээд том асуудал биш, учир нь чуулганд зарчим, дүрэм журам байдаг; ийм хүмүүсийг шийдвэрлэхийн тулд зохих арга хэмжээг авч болно. Өнөөдөр эдгээр хэрэг явдлын талаар нөхөрлөсний зорилго бол энэ хоёр төрлийн ёрын муу хүний талаар тодорхой ойлголт, ялган таних чадвартай болоход нь ихэнх хүнд тусалж, улмаар хамтран ажиллаж тэднийг зайлуулах явдал юм.

2021 оны 11 дүгээр сарын 20

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (23)

Дараах: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (25)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх