118-р бүлэг
Миний Хүүд гэрчлэл хийхээр өндийн босдог хэнд ч болов Би нигүүлслээ хайрлана; Миний Хүүд гэрчлэл хийхээр өндийн босдоггүй, харин ч эсэргүүцэж, үнэлэлт дүгнэлтээ хийхдээ хүний үзэл ашигладаг хэнийг ч байсан Би устгана. Бүгд тодорхой харах ёстой! Миний Хүүд гэрчлэл хийж байгаа нь Намайг хүндэтгэж байгаа үйлдэл бөгөөд энэ нь Миний хүслийг хангадаг. Эцгийг л хүндлээд, харин Хүүг нь дээрэлхэж, дарангуйлахаа боль. Ингэдэг хүмүүс бол агуу улаан лууны үр сад юм. Ийм өөдгүй амьтдаар Өөрийн Хүүд гэрчлэл хийлгэх хэрэг Надад байхгүй; Би тэднийг ёроолгүй нүхэнд устгана. Үнэнч, шударга үйлчлэл үзүүлэгчид Хүүд минь үйлчлэл үзүүлээсэй гэж Би хүсэж байна; бусад нь Надад хэрэггүй. Энэ бол Миний зөвт зан чанар бөгөөд Би бол ариун агаад өө сэвгүй Бурхан Өөрөө гэдгийг энэ нь харуулдаг. Миний захиргааны зарлигийг зөрчдөг хэнийг ч Би өршөөхгүй. Өнгөрсөнд, гэр бүл дотор ч бай, дэлхий дээр ч бай, Таныг үл тоомсорлож, хяхан хавчсан хэнийг ч Би нэг нэгээр нь гэсгээх бөгөөд хэнийг ч хэлтрүүлэхгүй, учир нь Надад мах, цуснаас бүрдсэн ямар ч хэсэг байхгүй. Өнөөдөр Танд гэрчлэл хийж байгаа нь тэдгээр үйлчлэл үзүүлэгч Надад үйлчлэл үзүүлээд дууссаныг харуулдаг, иймд бүү эргэлзэж, санаа зов. Эцсийн эцэст тэд бол Таны үйлчлэл үзүүлэгчид бөгөөд энэ бүхний эцэст Та бол тэнгэрийнх, Миний бие Тангүйгээр байж чадахгүй учир Та эцэст нь Миний биед эргэн ирнэ. Өмнө нь Таныг үл тоомсорлож, Тантай нийцдэггүй байсан хүмүүс (энэ нь бусдын харж чаддаггүй, харин зөвхөн Та л зүрх сэтгэлдээ мэддэг зүйл юм) одоо үнэн дүр төрхөө илчилж, унасан, учир нь Та бол Бурхан Өөрөө бөгөөд Таныг үл тоомсорлож, Танд халддаг хэнийг ч Та тэвчдэггүй. Хэдий үүнийг гаднаас нь огт харж болохгүй ч Миний Сүнс Таны дотор байгаа нь маргаангүй. Бүх хүн үүнд итгэх ёстой, эс бөгөөс Намайг үл тоомсорлодог бүх хүнийг Миний төмөр саваа цохих вий! Нэгэнт Би Танд гэрчлэл хийж байгаа хойно, Та гарцаагүй эрх мэдэлтэй бөгөөд Таны хэлдэг бүхэн бол Миний илэрхийлэл, Таны хийдэг бүхэн бол Миний илрэл, учир нь Та бол Миний хайрт, Та бол Миний үнэн биеийн дутагдаж болшгүй хэсэг билээ. Иймд Таны үйлдэл болгон, Таны өмсөж байгаа, Таны хэрэглэж байгаа зүйл, Таны амьдардаг газар—тэдгээр нь мөн гарцаагүй Миний үйл хэрэг юм. Хэн ч Танаас өө сэв олохыг оролдож, Таныг өөнтөглөх ёсгүй. Ингэсэн хүнийг Би өршөөхгүй!
Би бүх муу зарцыг гэрээсээ хөөж гаргаад, Өөрийн гэрт бүх үнэнч зарцаар ууган хөвгүүддээ гэрчлэл хийлгэнэ; энэ бол Миний төлөвлөгөө, Миний ажилладаг арга зам. Муу зарц нар Миний Хүүд гэрчлэл хийх үед үхсэн хүний үнэр үнэртэж, Надад жигшмээр байдаг. Үнэнч зарц нар Миний Хүүд гэрчлэл хийхэд, үнэнч, чин сэтгэлийнх байдаг бөгөөд Би үүнийг хүлээн зөвшөөрдөг. Иймээс, Миний Хүүд гэрчлэл хийхийг хүсдэггүй хэн боловч, яг одоо эндээс зайл! Би чамайг хүчлэхгүй—хэрвээ Би чамайг яваач гэвэл чи явах ёстой! Үр дагавар чинь юу болохыг, чамайг юу хүлээж байгааг хар; үйлчлэл үзүүлдэг хүмүүс үүнийг хэнээс ч илүү ойлгодог. Намайг үл тоомсорлодог хэнд ч Миний шүүлт, Миний уур, Миний хараал, Миний шатаалт, Миний дүрэлзсэн хилэн хэдийд ч тусна. Миний гар хэнд ч өршөөл үзүүлдэггүй; үйлчлэл үзүүлдэг хүн өмнө нь хэчнээн үнэнч байсан нь хамаагүй, өнөөдөр Миний Хүүг үл тоомсорлох аваас Би тэднийг даруй устгаж, Өөрийн өмнө үлдэхийг зөвшөөрөхгүй. Миний өршөөлгүй гарыг үүнээс харж болно. Хүмүүс Намайг мэддэггүй, тэдний уг чанар Намайг үл тоомсорлодог учраас Надад үнэнч хүмүүс ч гэсэн өөрсдийн таашаалын төлөө л үнэнч байдаг. Өөрсдөд нь сөргөөр нөлөөлөх ямар нэгэн зүйл тохиолдвол тэдний зүрх сэтгэл тэр дороо өөрчлөгдөж, Миний дэргэдээс ухарч холдохыг хүсдэг. Энэ бол Сатаны уг чанар юм. Та нар өөрсдийгөө үнэнч хэмээн итгээд, өөрийнхөөрөө зүтгэх ёсгүй! Хэрэв өөрсдөд нь ашигтай зүйл байхгүй л бол энэ араатны сүрэг Надад үнэнч байж чадахгүй билээ. Хэрвээ Би Өөрийн захиргааны зарлигийг зарлаагүй бол та нар аль эрт ухарч няцах байсан. Та нар одоо бүгд хадны завсар хавчуулагдсан, Надад үйлчлэл үзүүлэхийг хүсдэггүй мөртөө Миний гарт цохиулахыг бас хүсдэггүй. Намайг үл тоомсорлодог хэнд ч хэдийд ч үлэмж гай гамшиг тохиолдоно гэж Намайг тунхаглаагүй бол та нар аль эрт ухарч няцах байсан. Хүмүүсийн хэрэглэдэг заль мэхийг Би мэдэхгүй гэж үү? Ихэнх хүн одоо өчүүхэн найдлага өвөрлөдөг ч энэхүү найдлага нь урам хугаралт болж хувирахад тэд цааш явах хүсэлгүй болж, буцаад явъя гэж гуйдаг. Би хэнийг ч хүчээр үлдээхгүй гэдгээ өмнө нь хэлсэн, гэхдээ чиний хувьд ямар үр дагавар гарахыг сайн бодоорой. Энэ бол Би чамайг сүрдүүлж байгаа хэрэг биш, энэ бол бодит баримт юм. Хүний уг чанарыг Надаас өөр хэн ч ухан ойлгож чадахгүй; хүмүүс бүгд үнэнч байдал нь хир буртагтай гэдгийг мэдэхгүй, өөрсдийгөө Надад үнэнч гэж боддог. Энэхүү хир буртаг нь хүмүүсийг сүйрүүлнэ, учир нь тэдгээр нь агуу улаан лууны явуулга билээ. Би үүнийг аль эрт ил болгосон; Би бол төгс хүчит Бурхан, тиймээс ийм энгийн зүйлийг Би ойлгохгүй байж яаж болох билээ? Чиний санаа зорилгыг харахаар Би мах цусыг чинь нэвтлэх чадвартай. Хүний уг чанарыг ойлгох нь Миний хувьд хэцүү биш, харин хүмүүс өөрсдийгөө ухаантай гэж бодож, өөрсдөөс нь өөр хэн ч санаа зорилгыг нь мэдэхгүй гэж итгэдэг. Төгс хүчит Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийн дотор оршдог гэдгийг тэд мэддэггүй гэж үү?
Өөрийн Хүүг Би эцсээ хүртэл хайрлаж, агуу улаан луу болон Сатаныг үүрдийн үүрд үзэн ядах болно. Намайг эсэргүүцдэг бүх хүнд Миний гэсгээлт тусна, нэг ч дайсныг хэлтрүүлэхгүй. “Би Сионд том чулуу тавьдаг. Итгэгчдийн хувьд энэ чулуу нь тэдний барилгын суурь юм. Итгэдэггүй хүмүүсийн хувьд энэ нь тэдний бүдрэх чулуу билээ. Диаволын хөвгүүдийн хувьд энэ нь тэднийг бяц дарж алах чулуу юм” гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үгийг Би урьд нь хэлсэн төдийгүй, олон хүн үүнийг зөгнөж, энэ эрин үед олон хүн энэ хэсэг үгийг уншсан. Мөн түүнчлэн, зарим хүн эдгээр үгийг тайлбарлах гэж оролдсон ч, хэн ч өмнө нь эдгээр нууцыг тайлсан удаа байхгүй, учир нь энэ ажил эцсийн өдрүүдийн энэ цаг үед л хийгддэг билээ. Иймд, хэдийгээр зарим хүн эдгээр үгийг тайлбарлах гэж оролдсон ч тэдний тайлбар нь бүгд төөрөгдөл юм. Өнөөдөр, Би та нарт бүхий л утгыг нь илчилсэн тул та нар, Өөрийн ууган хөвгүүдэд гэрчлэл хийж байгаагийн минь ноцтой байдал болон үүнийг хийж байгаа зорилгыг минь мэдэж магадгүй юм. Би Сионд том чулуу тавьдаг, энэ чулуу нь Миний ууган хөвгүүдэд гэрчлэл хийж байгааг хэлдэг. “Том” гэдэг үг нь гэрчлэлийг асар их далайцтайгаар хийсэн гэсэн үг биш, харин Миний ууган хөвгүүдэд гэрчлэл хийхдээ, үй олон үйлчлэл үзүүлэгч ухарч няцах болно гэдгийг хэлж байгаа юм. Энд, “итгэдэггүй хүмүүс” гэдэг нь Миний Хүүд гэрчлэл хийснээс болж ухарч няцдаг хүмүүсийг хэлдэг. Тиймээс тэрхүү чулуу нь иймэрхүү хүмүүсийн хувьд бүдрэх хад юм. Би үүнийг хад гэж хэлж байгаа шалтгаан иймэрхүү хүн Миний гарт цохиулна, тиймээс хүмүүсийг бүдрэхэд хүргэдэг хад гэдгийг унах юм уу сул дорой болохтой холбоотойгоор хэлээгүй, харин Миний гарт цохиулахтай холбоотойгоор хэлсэн билээ. “Итгэгчдийн хувьд, энэ чулуу бол тэдний барилгын суурь” гэдгийн “итгэгчид” гэдэг нь үнэнч үйлчлэл үзүүлэгчдийг хэлдэг, харин “тэдний барилгын суурь” гэдэг нь Надад үнэнч үйлчлэл үзүүлснийхээ дараа тэдний хүлээн авах нигүүлсэл болон ерөөлийг хэлдэг. Ууган хөвгүүдэд гэрчлэл хийсэн гэдэг нь энэхүү хуучин эрин үе удахгүй бүхэлдээ өнгөрөн одно гэдгийг илтгэдэг; өөрөөр хэлбэл энэ нь Сатаны хаанчлалын сүйрлийг бэлгэддэг; тиймээс Харь үндэстнүүдийн хувьд, энэ нь тэднийг няц дарж алдаг хад юм. Иймд, бүх улс үндэстнийг хэдэн хэсэг болгон хагалан бутаргана гэдэг нь дэлхийг бүхэлд нь шинэчлэхийг хэлдэг; хуучин нь өнгөрөн одож, шинэ нь бүтээн байгуулагдана—энэ бол “хагалан бутаргах” гэдгийн жинхэнэ утга юм. Та нар ойлгож байна уу? Энэхүү эцсийн үе шатанд Миний хийдэг ажлыг энэ хэдхэн үгээр нэгтгэн дүгнэж болно. Энэ бол Миний гайхалтай үйл хэрэг, та нар Миний хүслийг Миний үгээс ухаарах ёстой.