110-р бүлэг

Бүх зүйл илчлэгдэх тэр үе бол Би амрах цаг, түүнчлэн, бүх зүйл эмх цэгцэд орох үе байх болно. Би Өөрийн ажлыг биечлэн хийдэг; бүх зүйлийг Би Өөрөө зохион байгуулж, зохицуулдаг. Сионоос гарч ирэх болон буцах үедээ, мөн ууган хөвгүүдээ бүрэн төгс болгох үедээ Би Өөрийн агуу ажлыг дуусгасан байх болно. Хүмүүсийн үзлээр бол, хийгдсэн зүйлийг харж, мэдрэхүйц байх ёстой, харин Миний харж байгаагаар, Намайг үүнийг төлөвлөх мөчид бүх зүйл гүйцэлддэг. Сион бол Миний гэр орон, бас Миний хүрэх газар билээ; Би тэнд Өөрийн төгс хүчийг илчилж, Би Өөрийн ууган хөвгүүдийн хамтаар гэр бүлээрээ аз жаргалаа хуваалцана. Тэнд Би тэдэнтэй хамт үүрдийн үүрд амьдарна. Сион, хүмүүсийн хүсэн тэмүүлдэг тэр үзэсгэлэнт газар. Эрин үеүдийн туршид тоо томшгүй олон хүн Сион руу тэмүүлж ирсэн боловч анхнаасаа ганц ч хүн ороогүй. (Өнгөрсөн үеүдийн ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн аль нь ч тэр Сион руу ороогүй; учир нь, Би ууган хөвгүүдээ эцсийн өдрүүдэд сонгож байгаа ба тэд бүгд энэ цаг үед төрж байгаа; үүгээр дамжуулан Миний ярьсан өршөөл, нигүүлсэл минь илүү ил тод болдог.) Одоо ууган хөвгүүд болсон хүн бүр Надтай хамт Сион руу орж, тэрхүү ерөөлийг эдлэх болно. Би Өөрийн ууган хөвгүүдийг тодорхой түвшинд өргөж байгаа, учир нь тэдэнд Миний хэв чанар, Миний суу алдарт дүр төрх байдаг бөгөөд тэд Надад гэрчлэл хийж, Намайг алдаршуулж, Намайг амьдран харуулж чадна. Түүнчлэн, тэд Сатаныг дийлж, агуу улаан лууг шившиглэх чадвартай. Яагаад гэвэл Миний ууган хөвгүүд ариун онгон; тэд бол Миний хайрладаг, Миний сонгож, таалсан хүмүүс билээ. Би тэднийг өргөдгийн шалтгаан нь тэд өөрсдийн байр сууринд зогсож, даруухнаар нууцхан Надад үйлчилж, Надад хүчирхэг гэрчлэл хийж чадна. Би Өөрийн бүх эрч хүчийг ууган хөвгүүдийнхээ төлөө зарлагадаж, тэдэнд үйлчлүүлэхээр бүх төрлийн хүн, үйл явдал, юмсыг хянамгай зохицуулсан. Эцэст нь, Би Өөрийн бүрэн алдрыг ууган хөвгүүдээр дамжуулан бүх хүнд харуулж, тэдний ачаар бүх хүнийг Өөртөө бүрэн үнэмшүүлэх болно. Би ямар ч чөтгөрийг хүчлэхгүй, Надад гэрчлэл байгаа, мөн Миний гарт эрх мэдэл байгаа учир тэднийг эрээгүй аашлахаас, эсвэл тэдний балмад байдлаас Би айдаггүй. Сатаны төрлийн хүмүүс ээ, Намайг одоо сонс! Миний айлддаг үг бүр, Миний хийдэг юм бүхний цаад зорилго нь ууган хөвгүүдээ төгс болгох явдал юм. Тиймээс чи Миний тушаалыг анхаарч, Миний ууган хөвгүүдийг дуулгавартай дагах ёстой; эс бөгөөс Би чамтай харьцаж, тэр даруй мөхөөх болно! Миний ууган хөвгүүд Миний захиргааны зарлигийг хэдийнээ хэрэгжүүлж эхэлсэн, учир нь зөвхөн тэд л Миний сэнтийг хамгаалах эрхтэй; Би тэднийг хэдийнээ тосолсон. Миний ууган хөвгүүдэд захирагддаггүй хэн боловч мэдээжийн хэрэг олигтой биш, агуу улаан луу Миний удирдлагын төлөвлөгөөг нураах гэж тэднийг илгээсэн нь дамжиггүй. Ийм олиггүй этгээдийг Миний гэрээс тэр дор нь хөөн гаргах ёстой. Тиймэрхүү юм Надад үйлчлэл хийхийг Би хүсэхгүй; тэр үүрдийн сүйрэлтэй нүүр тулах болно—тун удахгүй, саадгүй нүүр тулна! Надад үйлчилдэг хүмүүс Миний сайшаалыг хэдийнээ хүртсэн байх ёстой; тэд төлөх ёстой байж болзошгүй төлөөсөндөө санаа зоволгүйгээр дуулгавартай байх ёстой. Хэрвээ тэд тэрслүү бол Надад үйлчлэл үзүүлэхэд тэнцэхгүй; Надад иймэрхүү амьтан хэрэггүй. Тэд хурдан эндээс зайлах ёстой; Би тэднийг огт хүсдэггүй! Та нар одоо үүнийг тодорхой ойлгосон байх ёстой! Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүс үүнийг сайн хийж, асуудал гаргах ёсгүй. Хэрвээ чамд ямар ч найдваргүй мэт санагдан, асуудал гаргаж эхэлбэл, Би чамайг түдгэлзэлгүйгээр дуусгах болно! Надад үйлчилдэг чи үүнийг тодорхой ойлгож байна уу? Энэ бол Миний захиргааны зарлиг.

Надад гэрчлэл хийх нь Миний ууган хөвгүүдийн үүрэг, иймээс Би та нараас Миний төлөө ямар нэгэн зүйл хийхийг шаарддаггүй; та нар үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Миний та нарт хайрласан ерөөлийг эдэлж л байвал Би сэтгэл хангалуун байх болно. Би бүхий л орчлон ертөнц даяар, газар дэлхийн зах хязгаар хүртэл аялахдаа ууган хөвгүүдээ сонгож, бүрэн төгс болгосон. Энэ бол дэлхийг бүтээхээс өмнө Миний хийж дуусгасан зүйл; хүн төрөлхтний дундаас хэн ч үүнийг мэдэхгүй, гэхдээ Миний ажил чимээгүйхэн хийгдсэн. Энэхүү баримт нь хүний үзэлтэй нийцдэггүй! Гэхдээ баримт бол баримт, хэн ч тэдгээрийг өөрчилж чадахгүй. Том, жижиг бүх чөтгөр хуурамч дүрээрээ жинхэнэ төрхөө илчилж, янз бүрийн хэмжээгээр Миний гэсгээлтэд өртөнө. Миний ажилд алхам, Миний үгэнд мэргэн ухаан байдаг. Миний үг, үйлдлээс та нар ямар нэгэн зүйл харсан уу? Би зүгээр нэг юм хийгээд, хэлээд байна уу? Миний үг ердөө л ширүүн, шүүмжилсэн, эсвэл тайвшруулсан байна уу? Тэр нь хэтэрхий энгийн ч гэсэн хүн төрөлхтний хувьд үүнийг харах нь огтхон ч энгийн биш. Миний үгэнд мэргэн ухаан, шүүлт, зөвт байдал, сүр жавхлан, тайтгарал байгаад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр Надад юу байгаа, Би юу болохыг агуулдаг. Миний үг нэг бүр хүн төрөлхтний илчилж чадахгүй нууц юм; Миний үг туйлын ойлгошгүй бөгөөд хэдийгээр нууцууд илчлэгдсэн ч, хүн төрөлхтний чадварт тулгуурлавал, тэдгээр нь хүн төрөлхтний төсөөлөл, ойлголтын хүрээний гадна байсаар байна. Миний хувьд ойлгоход хамгийн энгийн үг нь хүмүүст ойлгоход хамгийн хэцүү зүйл байдаг, иймд хүн бид хоёрын ялгаа нь тэнгэр, газрын хоорондох ялгаа шиг юм. Ийм учраас, Би Өөрийн ууган хөвгүүдийн хэлбэрийг бүхэлд нь өөрчилж, тэднийг бүхэлд нь бие рүү оруулахыг хүсдэг. Ирээдүйд, тэд махан биеэс бие рүү ороод зогсохгүй дотор нь байхдаа хэлбэрээ янз бүрийн хэмжээнд өөрчлөх болно. Энэ бол Миний төлөвлөгөө. Энэ бол хүмүүсийн хийж чадахгүй зүйл; тэдэнд үүнийг хийх ямар ч арга зам үгүй. Иймд, Би үүнийг та нарт нарийвчлан тайлбарлалаа ч гэсэн та нар үүнийг ойлгохгүй л байх болно; та нар зөвхөн ер бусын мэдрэмжид л орж чадна. Учир нь Би бол ухаалаг Бурхан Өөрөө билээ.

Та нар нууцуудыг харахаараа бүгд зарим нэг байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Хэдийгээр та нар зүрх сэтгэлийнхээ гүнд эдгээр нууцыг хүлээн авч, хүлээн зөвшөөрдөггүй ч, амаараа хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү хүмүүс хамгийн ов мэхтэй бөгөөд Би нууцуудыг илчлэхдээ тэднийг нэг нэгээр нь таягдаж, хаях болно. Гэхдээ Би бүх зүйлийг алхмуудаар хийдэг. Би аливааг яаран хийдэггүй, бас сохроор дүгнэлтэд хүрдэггүй; учир нь Надад бурханлаг зан чанар байдаг. Би одоо юу хийж байгаа, дараагийн алхамдаа юу хийхийг минь хүмүүс тодорхой харж огт чаддаггүй. Би нэг алхмын үгийг хэлэх үед л Миний ажилладаг арга зам Надтай хамт нэг алхам урагшилдаг. Бүх зүйл Миний үгэн дотор тохиолдож, бүх зүйл Миний үгэн дотор илчлэгддэг учраас хэн ч тэвчээргүй байх ёсгүй; Надад зүй ёсоор үйлчлэл үзүүлэх л хангалттай. Эрин үеүдийн өмнө Би инжрийн модны талаар зөгнөсөн, гэтэл эрин үеүдийн турш хэн ч инжрийн модыг хараагүй, хэн ч үүнийг тайлбарлаж чадаагүй, хэдийгээр урьдын магтаалуудад энэ хэллэг дурдагдсан ч гэсэн хэн ч үүний жинхэнэ утгыг мэдээгүй. Эдгээр үг нь “агуу гамшиг” гэх хэллэг шиг хүмүүсийг будилуулсан бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд хэзээ ч задлаагүй нууц байсан билээ. Инжрийн мод бол нэг төрлийн сайн жимсний мод байх, цаашилбал энэ нь ариун хүмүүсийг хэлдэг гэж хүмүүс бодсон хэдий ч эдгээр үгийн жинхэнэ утгаас нь маш хол байсаар л байсан. Би эцсийн өдрүүдэд Өөрийн хуйлмал номыг дэлгэхдээ та нарт үүнийг хэлнэ. (“Хуйлмал ном” гэдэг нь Миний хэлсэн бүх үг—эцсийн өдрүүд дэх Миний үгийг хэлдэг; энэхүү ном нь тэр бүгдийг агуулдаг.) Инжрийн мод гэдэг нь Миний захиргааны зарлиг—нэг бүрийг нь хэлдэг. Гэхдээ энэ бол үүний ямар утгатай болохын ердөө нэг хэсэг нь юм. Инжрийн модны нахиалах нь Би махбодоор ажиллаж, ярьж эхэлж байгаа боловч Миний захиргааны зарлиг мэдэгдээгүй хэвээр байгааг хэлдэг (учир нь, тэр үед Миний нэрийг хараахан гэрчлээгүй, Миний захиргааны зарлигийг хэн ч мэдээгүй байсан). Миний нэрийг гэрчилж, түгээж, бүх хүн магтаж, Миний захиргааны зарлиг үр дүнд хүрэх үед инжрийн мод үр шимээ өгнө. Энэ бол юуг ч орхигдуулаагүй, бүрэн дүүрэн тайлбар; энд бүгд илчлэгдсэн (Миний өмнөх үгэнд, Миний бүрэн гүйцэд илчлээгүй хэсэг байсан учраас Би үүнийг хэлж байна; иймээс та нар тэвчээртэй хүлээж, эрж хайх хэрэгтэй байсан).

Би ууган хөвгүүдийг бүрэн төгс болгохдоо, Өөрийн бүрэн алдар, Өөрийн төрх байдлыг бүхэлд нь орчлон ертөнцөд илчилнэ. Үүнийг биеэр хийж, энэ нь бүх хүний дээр Өөрийн үнэн биед байх болно; энэ нь Миний Сион уулан дээр, Миний алдар суунд, тэр тусмаа магтаалын дуун дунд хийгдэнэ. Түүнчлэн, Миний дайснууд Миний эргэн тойронд ухарч, ёроолгүй нүх, хүхэртэй галт нуур луу буух болно. Өнөөдөр хүмүүсийн төсөөлж чадах зүйл хязгаарлагдмал бөгөөд Миний анхдагч санаа зорилготой нийцдэггүй; өдөр бүр үг хэлэх үедээ хүмүүсийн үзэл, бодлыг онилдгийн минь шалтгаан энэ юм. Миний хэлдэг зүйл бүхэлдээ та нарт нийцэж, та нар ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй байх өдөр (бие рүү орох өдөр) ирнэ. Тэр үед та нар өөрийн гэсэн бодолтой байхаа больж, Би айлдвар тавихаа болино. Та нар өөрийн гэсэн бодолтой байхаа болих учир Би та нарыг шууд л гэгээрүүлнэ—энэ бол ууган хөвгүүдийн эдлэх ерөөл бөгөөд тэд Надтай хамт хаан болж хаанчлах үед ийм зүйл болно. Хүмүүс өөрсдийн төсөөлж чадахгүй зүйлд итгэдэггүй, үүнд итгэдэг зарим нэг хүн байлаа ч, Би тусгайлан гэгээрүүлсэн учраас л тэгдэг. Эс бөгөөс, хэн ч итгэхгүй бөгөөд энэ бол туулах ёстой зүйл юм. (Энэ алхмыг туулахгүйгээр, Миний агуу хүчийг илчилж чадахгүй бөгөөд энэ нь Би Өөрийн айлдвар төдийхнөөр дамжуулан хүмүүсийг үзлээс нь салгадаг гэсэн үг юм. Өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч Намайг орлож чадахгүй. Би бол үүнийг гүйцэлдүүлж чадах цор ганц Нэгэн; гэхдээ энэ нь туйлын биш. Би хүн төрөлхтнөөр дамжуулж энэ ажлыг хийх ёстой.) Хүмүүс Миний үгийг сонсоод эрч хүч авдаг ч эцэст нь тэд бүгд ухарч няцдаг. Тэд өөрийн эрхгүй ингэдэг. Үүний зэрэгцээ, хүмүүсийн ухаарч чадахгүй нууцууд бий. Хэн ч юу тохиолдохыг төсөөлж чадахгүй, харин Би та нарт, үүнийг Миний илчилдэг зүйлээс харах боломж олгох болно. Үүгээр дамжуулан “Миний хэрэгцээнд тохирохгүй бүх хүнийг Би үндсээр нь устгах болно” хэмээх Миний энэхүү үгийн жинхэнэ утга илэрхий болно. Миний ууган хөвгүүд янз бүрийн илрэлтэй, Миний дайснууд ч мөн адил. Тэднийг бүгдийг нь та нарт нэг нэгээр нь илчлэх болно. Санаж яв! Ууган хөвгүүдээс өөр хэнд ч муу сүнсний ажил байдаг. Тэд нар бүгд Сатаны зарц юм. (Удахгүй тэд нэг нэгээрээ илчлэгдэх боловч эцсийг нь хүртэл үйлчлэл хийх шаардлагатай зарим хүн, хэсэг хугацаанд л үйлчлэл хийх шаардлагатай зарим хүн байдаг.) Миний үгийн ажил дор, бүгд үнэн төрхөө харуулах болно.

Бүх улс үндэстэн, бүх газар, бүх урсгал Миний нэрийн баялгийг эдэлдэг. Гай гамшиг одоогоор хуримтлагдаж, Миний атганд байгаа, мөн Би үүнийг аажмаар буулгахаар бэлдэж байгаа учраас хүн бүр үнэн замыг яаралтай эрж хайж байгаа бөгөөд ингэсний төлөөс нь бүхнээс татгалзах байсан ч гэсэн үүнийг эрж хайх ёстой. Би бүх зүйлд Өөрийн гэсэн цагтай. Би үүнийг гүйцэлдэх болно гэж хэлбэл, яг тэр үед, тэр минут, бүр тэр секундэд гүйцэлдэх болно. Хэн ч үүнд саад болж, үүнийг зогсоож чадахгүй. Эцсийн эцэст, агуу улаан луу бол Миний эрхэндээ оруулсан дайсан; тэр бол Надад үйлчлэл үзүүлэгч бөгөөд Би юу ч хэлсэн бай тэр өчүүхэн ч эсэргүүцэлгүйгээр хийдэг. Тэр бол үнэхээр Миний ачаа болсон араатан юм. Миний ажил гүйцэлдэхэд Би түүнийг ёроолгүй нүхэнд, хүхэртэй галт нууранд хаях болно (Би устгагдах хүмүүсийг хэлж байна). Устгагдах хүмүүс үхлийг амсаад ч зогсохгүй, Намайг хавчиж хяхсаныхаа төлөө хатуу шийтгүүлэх болно. Энэ бол үйлчлэл үзүүлэгчдээр дамжуулан Миний хийсээр байх ажил юм. Би Сатанаар өөрийг нь хөнөөлгөж, устгуулж, агуу улаан лууны үр садыг бүхэлд нь ор мөргүй сөнөөнө. Энэ бол Миний ажлын нэг хэсэг; үүний дараа Би Харь үндэстнүүд рүү хандах болно. Эдгээр нь Миний ажлын алхам билээ.

Өмнөх: 109-р бүлэг

Дараах: 111-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх