92-р бүлэг
Хүн бүр Миний үг, үйлдлээс Миний төгс хүчин, Миний мэргэн ухааныг харж чадна. Би хаа ч явсан, Миний ажил тэнд байдаг. Миний мөр зөвхөн Хятадад төдийгүй, дэлхий ертөнцийн бүх улс оронд бий. Гэвч энэ нэрийг эхлээд хүлээн авсан нь зөвхөн өмнө нь дурдсан долоон улс бөгөөд энэ нь Миний ажлын дараалал юм; ойрын ирээдүйд та нар энэ талаар тов тодорхой мэддэг болж, нэгд нэггүй ойлгох болно. Хэрэв Би та нарт одоо хэлбэл үүнээс үүдэн олонх чинь унах болно гэж эмээж байна, учир нь Би та нарын биеийн хэмжээнд тааруулж үг хэлж, Өөрийн дуу хоолойг айлддаг, Миний хийдэг бүхэнд хэний ч ухан ойлгож чадахааргүй эцэс төгсгөлгүй мэргэн ухаан минь бий; цорын ганц арга бол үүнийг та нарт бага багаар хэлж өгөх явдал юм. Үүнийг мэдэж ав! Та нар Миний нүдээр бол үүрд хүүхдүүд хэвээрээ; алхам тутамд чинь Би та нарыг залж чиглүүлж, зааварчлах ёстой. Хүмүүс ээ, зөвхөн Миний удирдамж дор л та нар амьдарч чадна; үүнгүйгээр бол хэн ч цааш амьдарч чадахгүй. Орчлон ертөнц тэр чигтээ Миний гарт байгаа ч ийш тийш яаран гүйж байгааг минь чи хардаггүй. Харин ч эсрэгээрээ Би тайван, аз жаргалтай байдаг. Хүмүүс Миний төгс хүчинг мэддэггүй, бүгд Миний төлөө сэтгэл түгшинэ—та нар өөрсдийгөө ямар бага мэддэг юм бэ! Та нар Миний өмнө, үнэ цэнгүй аар саар юмаа гайхуулж, өөрсдийгөө бахадсаар байдаг! Би үүнийг эртнээс л нэвт шувт харсан. Бас та нар Миний өмнө заль мэх гаргадаг, муу олиггүй амьтад! Миний гэрээс яг одоо зайл! Би та нар шиг өөдгүй юмнуудыг хүсдэггүй. Та нар шиг олиггүй амьтдыг байлгаж байснаас Миний хаанчлалд хэн ч байгаагүй нь дээр! Чи бахь байдгаараа хооллож, хувцасласаар байгаа ч чам дээр Би аль хэдийн ажиллахаа больсныг чи мэдсэн үү? Гэхдээ чи Сатаны төлөө амьдарч, Сатанд үйлчлэл хийж байгаагаа мэдсэн үү? Гэсэн атлаа чамд Миний өмнө зогсох нүүр байж л байдаг! Үнэхээр ичгүүр сонжуургүй юм!
Урьд нь Би “Агуу гамшиг удахгүй болно; агуу гамшиг Миний гараас аль хэдийн унасан” гэж үргэлж хэлдэг байсан. “Агуу гамшиг” гэж юуг хэлж байна вэ, мөн энэ “унасан” гэдгийг яаж тайлбарлах ёстой вэ? Эдгээр агуу гамшиг нь хүний сүнс, бие, сэтгэлийг гэмтээх зайлахын аргагүй гамшгийг хэлдэг гэж та нар боддог бөгөөд Миний ярьдаг “газар хөдлөлт, өлсгөлөн, тахал” бол эдгээр агуу гамшиг гэж боддог. Гэвч та нар Миний үгийг буруугаар ойлгосноо мэддэггүй. Тэгээд та нар энэ “унасан” гэдэг нь агуу гамшиг эхэлсэн гэх утгатай гэж боддог—инээдтэй юм! Та нар үнэхээр ингэж ойлгодог, та нарын тайлбарыг сонсоод Би үнэхээр уурладаг. Хүмүүсийн илчилж чадаагүй нууц (энэ бол хамгийн далд нууц) бол эрин үеүдийн туршид ч хамгийн ноцтойгоор буруу тайлбарласан нууц бөгөөд хэний ч биечлэн туулаагүй нууц юм (энэ нууц зөвхөн эцсийн өдрүүдэд тохиох учиртай тул зөвхөн сүүлийн эрин үеийн хүн л харж чадах ч үүнийг танихгүй), Би үүнийг хамгаас чанд битүүмжилсэн учир хүн үүнд нэвтэрч огт чадахгүй (бүр үүний хамгийн өчүүхэн хэсгийг ч харж чадахгүй). Одоо Миний ажил энэ үе шат хүртэл явагдсан тул Өөрийн ажлын хэрэгцээний дагуу Би та нарыг гэгээрүүлнэ; эс тэгвэл хүмүүс яагаад ч ойлгохгүй. Одоо Би нөхөрлөж эхэлнэ; хүн бүр анхаарал хандуулах ёстой, учир нь Миний ууган хөвгүүдийг оролцуулаад анхааралгүй байсан хэн ч бай, Миний шүүлтийг туулна, бүр ноцтой тохиолдолд тэд Миний гарт цохиулан унана (тэдний сүнс, сэтгэл, биеийг авна гэсэн үг). Агуу гамшгийг Миний хаанчлалын захиргааны зарлиг нэг бүртэй холбоотойгоор ярьдаг бөгөөд Миний захиргааны зарлигийн нэг бүр нь агуу гамшгийн нэг хэсэг юм. (Миний захиргааны зарлиг та нарт бүхэлдээ ил болоогүй ч үүнд бүү санаа зов, бүү сэтгэл түгш; хэтэрхий эрт мэдвэл та нарт ашиг тус багатай зарим зүйл бий. Үүнийг санаж яв! Би бол ухаалаг Бурхан.) Тэгвэл нөгөө хэсэг нь юу вэ? Агуу гамшиг нь Миний захиргааны зарлиг, Миний уур хилэн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Агуу гамшиг тохиолдох цаг үе нь бас Би уурандаа шатаж, Өөрийн захиргааны зарлигийг хэрэгжүүлж эхлэх цаг үе байх болно. Энд Би Өөрийн ууган хөвгүүдэд хэлье: Та нар үүнээс болоод яавч доройтох ёсгүй. Бүх зүйл, бүх юмыг Би урьдчилан тогтоодог гэдгийг чи мартаа юу? Миний хүү, юунаас ч бүү ай! Би чамайг хамгаалах нь лавтай; чи Надтай хамт үүрд сайн ерөөл эдэлж, Надтай мөнхөд хамт байх болно. Чи Миний хайртай хүн тул Би чамайг орхихгүй. Би мунхаг зүйл хийдэггүй, гэхдээ хэрвээ Би ийм хүндрэл бэрхшээлтэйгээр дуусгасан зүйлээ тастан хаявал Өөртөө л гай чирч байгаа хэрэг болох бус уу? Чамайг зүрх сэтгэлдээ юу боддогийг Би мэднэ. Чи санав уу? Надаар өөр юу гэж хэлүүлмээр байна? Би агуу гамшгийн тухай илүү их ярья. Агуу гамшиг болох цаг үе бол хамгийн аймшигтай цаг үе байх бөгөөд хүний муу муухайг дээд зэргээр илчилнэ. Миний нүүр царайн гэрэлд бүх төрлийн чөтгөрлөг дүр төрх илчлэгдэн, нууж, халхлах газаргүй, бүрэн ил болно. Агуу гамшгийн үр нөлөө нь Миний сонгоогүй, урьдчилан тогтоогоогүй бүх хүнийг Миний өмнө сөгдүүлж, уйлж, шүдээ хавиран Надаас уучлал гуйхад хүргэх юм. Энэ бол Сатаныг шүүх Миний шүүлт, Миний хилэнт шүүлт. Одоо Би энэ ажлыг хийж байгаа бөгөөд чадвартай мэт дүр эсгэж, худал үгээр замаа засах гэсэн хэсэг хүн байж магадгүй; ингэх тусам нь Сатан тэдэн дээр улам их ажиллаж, улмаар анхны дүр төрх нь илчлэгдэх тэр цэгт хүрэх болно.
Би Өөрийн ажлыг хийх гэж яарахгүй байна, Би хүн бүрийг Өөрөө зохион байгуулж (энэ нь тэднийг элэг доог болгож, агуу улаан лууны үр удам гэдгийг нь нотолдог, Би тэдэнд анхаарал хандуулдаггүй учир “зохион байгуулдаг” гэх үгийг ашиглах нь хэтийдсэн хэрэг биш), бүх үйл хэргийг Өөрөө гүйцэтгэдэг. Миний хувьд бүх зүйл амжилттай болдог, энэ бол аюулгүй, баттай амжилт юм; Миний хийдэг бүхэн алхам алхмаар аль хэдийн зохицуулагдсан. Би та нарт Өөрийн хүсэл, Өөрийн ачааг бага багаар хэлдэг. Энэ үеэс эхлэн Миний үг бүх улс үндэстэн, бүх ард түмэнд харагдаж эхэлнэ. Миний ууган хөвгүүд аль хэдийн бүрэн төгс болгуулсан учраас (Миний үг Миний хөвгүүд, Миний ардуудад голлон анхаардаг) Миний ажилладаг арга барил дахин өөрчлөгдөж эхэлсэн. Үүнийг тодорхой харж байна уу? Сүүлийн хэдэн өдөрт та нар Миний ярианы өнгийг мэдэрсэн үү? Би Өөрийн ууган хөвгүүдийг замын алхам бүрд тайтгаруулдаг боловч одоогоос эхлэн (Миний ууган хөвгүүд аль хэдийн бүрэн төгс болсон тул) гартаа хутга барьж байна (“хутга” гэдэг нь “хамгийн хатуу үг” гэсэн үг юм). Хоромхон зуур тааламжгүй харагдсан хэнийг ч болов (энэ нь урьдчилан тогтоогдож, сонгогдоогүй хүмүүсийг хэлдэг, иймээс зөрчилдсөн зүйл байхгүй) Надад үйлчлэл үзүүлж байна уу, эсвэл өөр зүйл байна уу хамаагүй, Би даруйхан хаях болно. Би бол төгс хүчит Бурхан, Би бүх хүнээр Өөртөө үйлчлэл хийлгэж чадна. Би тийм хүмүүсээс хагацахдаа огт дургүйцэхгүй; хэрвээ Би тэднийг хүсдэггүй гэж хэлбэл хүсдэггүй л гэсэн үг. Одоо энэ цаг ирсэн учир Өөрийн минь сэтгэлд нийцдэггүй хүнийг харах л юм бол Би тэднийг шинжлэх ч үгүйгээр даруй хаяна, учир нь Би бол хэлсэндээ хүрдэг Бурхан билээ. Надад үйлчлэхээр Надаар урьдчилан тогтоогдсон хүмүүсийн хувьд гэвэл, чи хэчнээн сайн байлаа ч гэсэн, Намайг эсэргүүцэх ямар нэг зүйл хийсэн ч бай үгүй ч бай, хэрвээ Надад таалагдахгүй л бол Би шууд хөөж явуулна. Ирээдүйн гай бэрхшээлээс Би айдаггүй. Надад Өөрийн минь захиргааны зарлиг бий, Би үгэндээ хүрдэг бөгөөд Миний үг биелэх болно. Би Сатаныг үлдээнэ гэж үү? Намайг сонсоцгоо, хүмүүс ээ! Та нар айх хэрэггүй; Намайг яв гэж хэлэхэд чи явах ёстой. Надад бүү шалтаг тооч; чамд хэлэх үг Надад үгүй! Учир нь Би ихэд тэвчсэн, тэгээд ч Миний захиргааны зарлигийг хэрэгжүүлэх цаг ирж, та нарын эцсийн өдөр ч бас ирээд байна. Олон мянган жил та нар эх захаа алдаж, аливааг дандаа толгой мэдэн, дураараа хийдэг байсан ч Би үргэлж хүлээцтэй байсан (Би уужим сэтгэлтэй бөгөөд чиний завхралыг тодорхой хэмжээнд зөвшөөрдөг). Гэвч одоо Миний өршөөл төгсгөлдөө ирсэн бөгөөд та нарыг эзэмдэж, гал болон хүхэрт нууранд хаях цаг ирлээ. Үтэр түргэн замаас минь зайл. Би Өөрийн шүүлтийг албан ёсоор хэрэгжүүлж, Өөрийн уур хилэнг гаргаж эхэллээ.
Дэлхий ертөнцийн бүх улс үндэстэн, бүх газар нутагт газар хөдлөл, өлсгөлөн, тахал, элдэв янзын гамшиг ойр ойрхон тохиолдож байна. Намайг бүх улс үндэстэн, бүх газар нутагт агуу ажлаа хийх үед эдгээр гамшиг дэлхий ертөнцийг бүтээснээс хойш ямар ч цаг үед болж байснаас илүү ширүүн байх болно. Энэ бол бүх хүнийг шүүх Миний шүүлтийн эхлэл, гэхдээ Миний хөвгүүд тайван байж болно; та нарт ямар ч гамшиг тохиолдохгүй, мөн Би та нарыг хамгаална. (Та нар дараа нь махбод бус, биед амьдрах учир ямар ч гамшгийн зовлон шаналлыг туулахгүй гэсэн үг.) Та нар зүгээр л Надтай хамт хаан болж хаанчлан, бүх улс үндэстэн, бүх ард түмнийг шүүж, орчлон ертөнц болон газар дэлхийн зах хязгаарт Надтай хамт үүрд сайн ерөөл эдэлнэ. Эдгээр үг бүгд хэрэгжиж, нүдний чинь өмнө удахгүй биелнэ. Би ганц ч цаг, ганц ч өдөр хойшлуулалгүй, аливааг асар хурдан хийдэг. Бүү санаа зов, бүү түгш; чамд Миний өгсөн ерөөлийг өөр хэн ч булаан авч чадахгүй—энэ бол Миний захиргааны зарлиг юм. Бүх хүн Миний үйл хэргээс үүдэн Надад дуулгавартай байх болно; тэд тасралтгүй уухайлаад зогсохгүй, баярласандаа эцэс төгсгөлгүй дэвхцэх болно.