38-р бүлэг
Хүн төрөлхтний төрөлхийн зан араншин буюу хүн төрөлхтний жинхэнэ нүүр царайг харгалзан үзвэл өнөөг хүртэл үргэлжлүүлж чаддаг байх нь үнэхээр амархан байгаагүй ба үүгээр л дамжуулан Бурханы агуу хүч чадал үнэхээр илэрхий болсон. Махан биеийн мөн чанар, мөн түүнчлэн одоог хүртэл агуу улаан луу хүнийг завхруулсан баримтыг бодоод үзвэл, Бурханы Сүнсний удирдамж байгаагүй бол хүн яаж өнөөдрийг хүртэл зогссоор байж чадах юм бэ? Хүн Бурханы өмнө очих эрхгүй боловч Бурхан Өөрийн удирдлагын төлөө, Өөрийн агуу ажлыг төд удалгүй хэрэгжүүлэхийн төлөө хүн төрөлхтнийг хайрладаг. Үнэнийг хэлэхэд хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг ямар ч хүн энэ насандаа хариулж огт чадахгүй. Магадгүй зарим хүн амиа золиослон Бурханы нигүүлслийг хариулахыг хүсдэг байх, гэхдээ Би чамд хэлье: Хүн Бурханы өмнө үхэх үнэ цэнгүй тул хүний үхэл хий дэмий байх болно. Яагаад гэвэл, Бурханы хувьд хүний үхэл бол бүр дурдахын ч хэрэггүй, сохор зоосны ч үнэгүй, газар дээрх шоргоолжны үхэлтэй адил. Би хүмүүст, өөрсдийгөө хэтэрхий өндрөөр үнэлэхгүй байж, Бурханы төлөө үхэх нь Тай уулын чинээ асар их хүндтэй гэж бодохгүй байхыг зөвлөе. Үнэндээ хүний үхэл бол ердөө өд мэт хөнгөн, дурдахын ч хэрэггүй юм. Гэвч нөгөө талаар хүний махан бие угаасаа үхэх үйлтэй тул махан бие эцэстээ газар дээр төгсгөл болох ёстой. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн баримт юм. Энэ бол хүний амьдралын бүхий л туршлагаас Миний нэгтгэн дүгнэсэн “байгалийн хууль” тул нэг л мэдэхэд Бурхан хүний төгсгөлийг ийм маягаар тодорхойлсон. Чи ойлгов уу? Бурхан: “Би хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг жигшдэг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй; Би анхнаасаа хүнийг үзэн ядсан мэт санагддаг боловч тэднийг ихэд өрөвддөг. Тиймээс хүмүүс Надад үргэлж хоёр янзаар хандаж ирсэн—учир нь Би хүнийг хайрладаг, бас үзэн яддаг” гэж хэлсэнд гайхах юмгүй.
Байгаагийнх нь төлөө, эсвэл илрэлтийнх нь төлөө Бурханыг магтдаггүй хэн байна вэ? Энэ удаа Би хүний доторх бохир заваан, зөв шударга бус байдлыг бүрмөсөн мартчихсан мэт байдаг. Хүн төрөлхтний өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг зан, дуулгаваргүй байдал, эсэргүүцэл, бүх тэрслүү байдлыг Би сэтгэлийнхээ мухарт хийгээд мартдаг. Хүн төрөлхтний эдгээр байдлаас болж Бурхан хязгаарлагддаггүй. Би Бурхантай адил “зовж шаналдаг” тул цаашид хүний хязгаарлалтад өртөх вий гэсэндээ Өөрийгөө энэ асуудлаас салгадаг. Тэгж төвөг удаж яах юм бэ? Хүн Надтай хамт Бурханы гэр бүлд нэгдэх хүсэлгүй байхад тэднийг хүчлэхийн тулд Би яаж Өөрийн хүч чадлыг ашиглаж чадах юм бэ? Би хүнийг дарангуйлах зүйлсийг хийдэггүй бөгөөд Би Бурханы гэр бүлд төрсөн учраас мэдээж хүн бид хоёр үргэлж өөр байдагт гайхах юмгүй. Энэ нь өнөөдрийн өрөвдөлтэй ялагдлын байдалд хүнийг хүргэсэн юм. Гэхдээ Би хүний сул талуудаас үргэлжлүүлэн зай барьдаг; Надад ямар сонголт байгаа юм бэ? Би хүчин мөхөс болохоор тэр бус уу? Бурхан хүн төрөлхтний “ажлын хэсгээс” “тэтгэвэрт гарахыг” хичээж, түүнчлэн “тэтгэвэр” нэхдэгт гайхах юм алга. Намайг хүний өнцгөөс ярих үед хүн сонсдоггүй, гэхдээ Бурханы өнцгөөс ярих үед минь ч гэсэн хүн дуулгаваргүй байхаа ер нь больсон бил үү? Магадгүй Бурхан гэнэт хүн төрөлхтний “ажлын хэсгээс” “тэтгэвэрт гарах” өдөр ирэх байх, тэр цаг ирэхэд Бурханы үг бүр ч илүү ширүүн болно. Өнөөдөр Надаас болоод Бурхан ийм маягаар ярьдаг байж магадгүй бөгөөд хэрвээ тэр өдөр ирвэл Бурхан Надтай адил эелдэг зөөлнөөр, тэвчээртэйгээр “цэцэрлэгийн хүүхдүүдэд үлгэр ярихгүй”. Магадгүй Миний хэлж байгаа зүйл төдийлөн тохиромжгүй ч бие махбодтой болсон Бурханы төлөө л Бурхан хүнийг барих барьцаа бага зэрэг сулруулахад бэлэн байдаг; эс бөгөөс, хэтийн төлөвийг эргэцүүлэн бодоход дэндүү аймшигтай байх болно. Бурханы хэлсэнчлэн, “Би нэгэнтээ хүмүүсийг барих барьцаа тодорхой хэмжээнд сулруулж, махан биеийнхээ хүсэлд дураараа ташуурах боломж олгосон—үүнээс болоод тэд эрээ цээргүй цадиггүй авирлаж зүрхэлсэн ба бүгд махан биед амьдарч байгаа учраас Намайг үнэхээр хайрладаггүй гэдгийг үүнээс харж болно.” Бурхан энд яагаад “хүсэлдээ ташуурах” болон “махан биед амьдарч байгаа” гэж хэлсэн бэ? Үнэнийг хэлэхэд хүн Миний тайлбаргүйгээр ийм үгийг аяндаа ойлгоно. Зарим хүн ойлгохгүй байна гэж хэлж магадгүй бөгөөд энэ бол, хариултыг нь хэдийнээ мэдэж байгаа мөртөө мэддэггүй дүр эсгэж байгаа хэрэг гэж Би хэлнэ. Цөөн хэдэн үгийг сануулъя: Яагаад Бурхан “Би хүнээс Надтай хамтран ажиллахыг л шаарддаг” гэж хэлдэг вэ? Бас Бурхан яагаад хүний уг чанарыг өөрчлөхөд хэцүү гэж хэлдэг вэ? Бурхан яагаад хүний уг чанарыг жигшдэг вэ? Хүний уг чанар яг юу юм бэ? Хүний уг чанарын гаднах зүйл юу юм бэ? Эдгээр асуултыг тунгаан бодсон хүн байна уу? Магадгүй энэ нь хүний хувьд шинэ сэдэв байж болох ч үүнийг зохих ёсоор анхааран үзэхийг Би хүнээс гуйсаар байдаг, эс бөгөөс “хүний уг чанарыг өөрчлөхөд хэцүү” гэх мэт үгээс болоод хүн үргэлж Бурханыг гомдооно. Тийм маягаар Түүнтэй сөргөлдөх ямар хэрэгтэй юм бэ? Эцсийн эцэст зүгээр л гай дуудаж байгаа бус уу? Энэ нь чулуу руу өндөг шидэж байгаатай адил төгсгөлд хүргэх бус уу?
Үнэндээ хүнд тулгардаг бүх шалгалт, сорилт нь хүнийг сур гэж Бурханы шаарддаг хичээлүүд юм. Бурханы санаа зорилгын дагуу бол, хүн хайрладаг зүйлээ золиослох ёстой болсон ч гэсэн эдгээр зүйлийг биелүүлж чадна, гэхдээ хүн үргэлж өөрийгөө хайрладаг учраас Бурхантай үнэхээр хамтран ажиллаж чаддаггүй. Бурхан хүнээс их юм шаарддаггүй. Хүнээс Бурханы шаарддаг бүхэн амархнаар, аз жаргалтайгаар биелэх учиртай; хүн л зовлон бэрхшээл туулахыг хүсдэггүй. Яг л хүүхэд нь эцэг эхээ асарч халамжлахын тулд мөнгөө хэмнэж, хуримтлуулан амьдарснаар үүргээ биелүүлж чаддагтай адилхан. Гэсэн ч тэд хангалттай сайн хооллохгүй байхаас, хувцас нь хэтэрхий энгийн байхаас айдаг тул янз бүрийн шалтгаанаар эцэг эхийнхээ хайр халамжийн ачийг хариулахаа бүрмөсөн умартаад, тэднийг халамжлах ажил баяжих хүртэл нь хүлээж болох мэт байдаг. Хүмүүст эцэг эхээ хайрлах ачлал элбэрэл байдаггүй гэдгийг Би үүнээс хардаг—тэд бүгд ачлалгүй хүүхдүүд. Миний үг хэтэрхий туйлширсан байж болох ч Би бодит баримтуудын өмнө учир утгагүй юм ярьж чадахгүй. Би Өөрийгөө сэтгэл хангалуун байлгахын төлөө Бурханыг эсэргүүцэхдээ “бусдыг дуурайж” чадахгүй. Газар дээрх хэн ч ачлалтай сэтгэлтэй биш учраас л Бурхан ийнхүү хэлсэн: “Тэнгэрт Сатан Миний дайсан; газар дээр хүн Миний өстөн. Тэнгэр, газрын хоорондох нэгдлээс үүдэн Би тэднийг ес дэх үеэ хүртэл бүгд буруутай гэж үздэг.” Сатан бол Бурханы дайсан; Бурхан ингэж хэлдгийн шалтгаан нь, тэр Бурханы агуу ивээл, сайхан сэтгэлийн ачийг хариулдаггүй, харин ч “усны урсгалын эсрэг сэлдэг” ба ингэснээр Бурханд ачлал элбэрлээ харуулах үүргээ биелүүлдэггүй. Хүмүүс ч бас ийм байдаг бус уу? Тэд “эцэг эхдээ” ямар ч ачлал хүндлэл үзүүлдэггүй ба “эцэг эхийнхээ” хайр халамжийн ачийг хэзээ ч хариулдаггүй. Газар дээрх хүмүүс бол тэнгэр дэх Сатаны хамаатан садан юм гэдгийг харуулахад энэ хангалттай. Хүн, Сатан хоёр нэгэн зүрх сэтгэл, оюун ухаанаар Бурханыг эсэргүүцдэг тул Бурхан есөн үеэр нь татан оролцуулаад, хэнийг ч өршөөхгүй байхад гайхах юмгүй. Урьд нь Бурхан тэнгэр дэх хүлцэнгүй зарцаараа хүн төрөлхтнийг удирдуулсан боловч тэр дуулгавартай байгаагүй, харин өөрийн зан араншинг өөгшүүлж, тэрсэлсэн юм. Тэрслүү хүмүүс ч бас энэ замаар алхаж байгаа бус уу? Бурхан “жолоо цулбуураа” хэчнээн их чангалсан ч хамаагүй хүмүүс ердөө ганхахгүй ба замаасаа буцаж чадахгүй. Миний үзэл бодлоор хэрвээ хүмүүс ийм маягаар үргэлжлүүлбэл өөрсдийгөө сүйрүүлнэ. Магадгүй одоо чи “Хүмүүс хуучин уг чанарынхаа ужиг хүлээсийг тастах чадваргүй” гэсэн Бурханы үгийн жинхэнэ утгыг ойлгоно. Бурхан хүнд хэд хэдэн удаа сануулсан: “Хүний дуулгаваргүй байдлаас болоод Би түүнийг орхидог.” Бурхан яагаад үүнийг ахин дахин хэлдэг вэ? Бурхан үнэхээр тийм цэвдэг юм гэж үү? Яагаад Бурхан бас “Би бол хүн төрөлхтний нэг биш” гэж хэлдэг юм бэ? Маш их цаг завтай өдрүүддээ эдгээр нарийн асуудлыг хэн үнэхээр анхааралтай бодож үзсэн бэ? Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт зарцуулж, тэдгээрт хааш яаш хандахгүй бай гэж Би хүн төрөлхтнийг шавдуулдаг; ингэх нь чамд ч, эсвэл бусад хүнд ч ямар ч ашиггүй. Хэлэх хэрэггүй зүйлийг хэлэхгүй байж, тунгаан бодох хэрэггүй зүйлийн талаар бодохгүй байх нь дээр. Энэ нь илүү энгийн байх бус уу? Ингэж хэрэгжүүлэхэд юу нь буруу байх билээ? Бурхан газар дээрх ажлынхаа төгсгөлийг тунхаглахаас өмнө хэн ч “хөдлөхөө” больж болохгүй; хэн ч үүргээсээ бултаж болохгүй. Одоо цаг нь биш; Бурханы хөтөч юм уу манлайлагч мэт бүү авирла. Одоо зогсоод, урагш явахаа болиход хэтэрхий эртэднэ гэж Би бодож байна—чи юу гэж бодож байна вэ?
Бурхан хүмүүсийг гэсгээлтэн дунд аваачиж, үхлийн уур амьсгал руу аваачсан ч эсрэгээрээ Бурхан газар дээрх хүнээр юу хийлгэх вэ? Мэдээж, идэж, өмсөж болохгүй, харин харж л болдог Бурханы гэр дэх хувцасны шүүгээ болох нь хүний зорилго биш. Хэрвээ тийм л байх байсан бол хүмүүсийн махан биеийг тэгэж их зовоохын тулд ийм олон төвөгтэй үйл явцыг ашиглах юунд хэрэгтэй гэж? Бурхан: “Хүний гэмт хэрэг Миний гэсгээлтийг хүртэхэд хангалттай болохоор Би хүнийг ‘цаазын тавцан’ руу дагалдан явдаг” гэсэн. Энэ удаа Бурхан хүмүүсийг өөрсдийг нь цаазын тавцан руу алхуулдаг уу? Яагаад хэн ч “тэдний төлөө өршөөл эрдэггүй” юм бэ? Тэгвэл хүн яаж хамтран ажиллах ёстой вэ? Бурхан шүүлтээ хийдгийн адилаар хүн үнэхээр сэтгэл хөдлөлийн нөлөөнд автахгүйгээр үйлдэж чадах уу? Эдгээр үгийн үр нөлөө үндсэндээ хүн хэрхэн үйлдэхээс хамаардаг. Эцэг нь мөнгө олоод гэртээ авч ирэхэд ээж нь эцэгтэй нь хэрхэн хамтран ажиллахаа мэдэхгүй, өрхийн ахуйгаа хэрхэн удирдахаа мэдэхгүй бол тэр айл ямар байдалд орох вэ? Чуулганы одоогийн байр байдлыг хар: Удирдагчдын хувиар та нарт ямар санагдаж байна вэ? Та нар хувийн сэтгэгдлээ ярилцах уулзалт хийж болох юм. Ээж нь гэр дэх зүйлсээ сүйдэлдэг бол тийм гэр бүлийн хүүхдүүд ямар харагдах вэ? Өнчин хүүхдүүд шиг үү? Гуйлгачид шиг үү? Бурхан: “Хүмүүс бүгд Намайг ‘оюуны чадавх’ дутмаг бурханлаг чанартай гэж боддог боловч хүн чанараараа бүх зүйлийг нэвт шувт харж чадна гэдгийг минь хэн ухаарч чадах билээ?” гэж хэлсэнд гайхах юмгүй. Тийм илэрхий нөхцөл байдлын тухайд бол Бурхан Өөрийн бурханлаг чанарын үүднээс ярих хэрэггүй. Бурханы хэлсэнчлэн “Хадаас хадахад лантуу ашиглах хэрэггүй.” Энэ удаа, “Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй” хэмээх Бурханы онч үгийг бодитоор туулсан хүмүүс байгаа байх. Энэ мөчид яг л Бурханы хэлсэнчлэн: “Өнөөгийн нөхцөл байдлаас болоод хүмүүс бүгд дурамжхан толгой бөхийдөг боловч зүрх сэтгэлдээ үнэмшээгүй хэвээр үлддэг.” Эдгээр үг дуран мэт байдаг. Ойрын ирээдүйд хүн өөр нөхцөл байдалд алхан орсон байна. Үүнийг засаршгүй байдал гэж нэрлэдэг. Ойлгож байна уу? Тэр нь Бурханы энэ хоёр асуултын хариу юм: “Хүмүүс Намайг явна гэж айсандаа л нүглээс татгалздаг бус уу? Тэд гэсгээлтээс айсандаа л гомдоллодоггүй гэдэг нь үнэн бус уу?” Үнэндээ одоогийн үе шатанд хүмүүс бага зэрэг үлбэгэр, ядарч туйлдсан мэт байдаг. Тэд Бурханы ажлыг анхаарах талаар огт боддоггүй ба гагцхүү махан биеийнхээ төлөө зохицуулалт, төлөвлөгөө гаргахад л анхаардаг. Тийм биз дээ?