46-р бүлэг
Энэ бүх үгэн дундаас нэг нь ч өнөөдрийнхөөс илүү мартагдашгүй биш. Бурханы үг урьд нь хүний байр байдлыг, эсвэл тэнгэрийн нууцуудыг илчилсэн ч одоогийн энэхүү айлдвар өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Энэ нь дооглож, тоглоом тохуу хийдэггүй, харин тун гэнэтийн зүйл байдаг: Бурхан доош сууж, хүмүүстэй тайвнаар ярилцаж байгаа. Түүний санаа зорилго юу вэ? Бурханыг “Өнөөдөр Би орчлон ертөнцийн дээр шинэ ажил эхлүүлсэн. Би газар дээрх хүмүүст шинэ эхлэл өгч, Миний гэрээс нүүхийг тэднээс бүгдээс нь шаардсан. Хүмүүс үргэлж өөрсдийгөө өөгшүүлэх дуртай байдаг учраас ухамсартай байж, Миний ажлыг үргэлж үймүүлэхгүй байхыг Би тэдэнд зөвлөдөг” гэж хэлэх үед чи юу харсан бэ? Бурханы ярьдаг энэхүү “шинэ эхлэл” нь юу вэ? Бурхан өмнө нь хүмүүст явахыг зөвлөсөн боловч тухайн үед Бурханы санаа зорилго нь тэдний итгэлийг турших явдал байсан. Тэгвэл өнөөдөр өөр өнгө аясаар ярих үедээ Тэр чин сэтгэлээсээ байна уу, эсвэл худлаа юу? Урьд нь хүмүүс Бурханы ярьсан шалгалтуудыг мэддэггүй байсан. Зөвхөн үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхмаар л дамжуулан тэд Бурханы шалгалтуудыг нүдээрээ харж, биеэрээ амссан. Тиймээс тэр цагаас эхлээд Петрийн зуу зуун шалгалтуудын үлгэр жишээний ачаар хүмүүс үргэлж “энэ нь Бурханы шалгалт байсан” хэмээн итгэж алдаа гаргасан. Түүнчлэн, Бурханы үгэнд баримтууд тун ховорхон байсан. Тийм болохоор хүмүүс Бурханы шалгалтын тухай сохор итгэлд бүр ч их автсан тул Бурханы хэлсэн бүх үгийг Бурханы гүйцэтгэсэн бодит баримттай ажил гэж хэзээ ч бодоогүй; үүний оронд тэд, өөр хийх юмгүй Бурхан хүмүүсийг туршихын тулд үгийг тусгайлан ашиглаж байгаа гэж итгэсэн юм. Найдваргүй атлаа найдвар өгч байгаа мэт санагддаг тийм шалгалтуудын дунд хүмүүс дагасан болохоор “үлдсэн бүх хүн гарцаагүй сайнаасаа муу нь их байх болно” гэж Бурханыг хэлсний дараа ч дагахдаа л анхаарсаар байсан ба орхин явах ямар ч санаагүй байсан. Хүмүүс тийм төөрөгдөл дунд дагасан бөгөөд ямар ч найдвар байхгүй гэдэгт тэдний нэг нь ч итгэлтэй байж зүрхлээгүй—энэ нь Бурханы ялалтын баталгааны нэг хэсэг юм. Тэр Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг залж жолооддог гэдгийг Бурханы үзэл бодол харуулдаг. Хүмүүсийн төөрөгдөл нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Бурханыг орхин явахгүй байхад тэднийг хүргэдэг, иймээс энэ алхмын үеэр Бурхан хүмүүсийн төгс бус сэдлийг ашиглан тэднээр Өөртөө гэрчлэл хийлгэдэг ба энэ нь “Би хэсэг хүмүүсийг олж авсан” гэж Бурханы хэлсний гүн гүнзгий ач холбогдол юм. Сатан саад учруулахын тулд хүмүүсийн сэдлийг ашигладаг байхад Бурхан хүнээр үйлчлүүлэхийн тулд сэдлийг нь ашигладаг—энэ нь “хүмүүс яаж ийгээд орж чадна гэж төсөөлдөг боловч хуурамч орох тасалбаруудаа Надад өгөхөд нь Би тэр даруй гал руу шиддэг ба өөрсдийнх нь ‘уйгагүй хичээл чармайлт’ шатаж буйг хараад тэд итгэл найдвараа алддаг” хэмээх Бурханы үгийн жинхэнэ утга юм. Бурхан бүх зүйлээр үйлчлүүлэхийн тулд тэднийг залж жолооддог тул хүний янз бүрийн бодол санаанаас бултдаггүй ч хүмүүст яв гэж зоригтойгоор хэлдэг; үнэнч шударга үг болон арга барилыг хослуулах нь Бурханы ажлын гайхалтай байдал, мэргэн ухаан бөгөөд хүмүүсийг төөрөлдүүлж, толгойг нь эргүүлж орхидог. Бурхан Өөрийнх нь гэрээс нүүхийг хүмүүсээс үнэхээр шаардаж байгаа ба энэ нь нэг төрлийн шалгалт биш гэдгийг үүнээс харж болох бөгөөд Бурхан энэ боломжийг ашиглан “Гэхдээ Би бас хүмүүст, ерөөл хүртэж чадахгүй байх үедээ хэн ч Надад гомдоллож болохгүй гэж хэлсэн” гэдэг. Бурханы үг жинхэнэ, эсвэл худлаа эсэхийг хэн ч ухаарч чадахгүй, гэхдээ Бурхан энэ боломжийг ашиглан хүмүүсийг тогтвортой болгож, тэднийг явах хүсэлгүй болгодог. Тиймээс хэрвээ нэг л өдөр тэд хараагдвал Бурханы үг тэдэнд урьдчилан анхааруулсан байх бөгөөд хүмүүсийн хэлдгээр “сайн үг сонсоход хатуу боловч явдалд тустай” билээ. Өнөөдөр хүмүүс Бурханыг чин үнэнч сэтгэлээр хайрладаг учраас жинхэнэ үү, эсвэл худлаа юу гэдгийг нь ялгаж чадахгүй үгээр байлдан дагуулагдаж, Бурханыг хайрлах болсон, ийм учраас Бурхан “Би Өөрийн агуу ажлыг аль хэдийн гүйцэлдүүлсэн” гэж хэлсэн юм. Бурхан “Тэд амьд үлдэх замаа олно гэж Би найдаж байна. Энэ тухайд бол Би хүчин мөхөс” гэж хэлсэн нь Бурханы энэ бүх айлдварын бодит байдал юм—гэсэн ч хүмүүс тэгж боддоггүй; харин ч тэд үргэлж Бурханы үгэнд өчүүхэн төдий ч анхаарал хандуулалгүйгээр дагасан. Тийм болохоор Бурханыг “хожим нь бидний хооронд ямар ч үг байхаа больж, цаашид бидэнд ярилцах зүйл байхаа больж, бид нэг нэгэндээ саад болохгүй, тус тусынхаа замаар явна” гэж хэлэх үед эдгээр үг нь бодит байдал бөгөөд өчүүхэн төдий ч хольцгүй юм. Хүмүүс юу ч гэж боддог бай, энэ нь Бурханы “бодлогогүй” байдал юм. Бурхан аль хэдийн Сатаны өмнө гэрчлэл хийсэн бөгөөд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бүх хүнийг Өөрийг нь орхин явахгүй байхад хүргэнэ гэж хэлсэн—иймээс ажлын энэ алхам гүйцэлдсэн ба Бурханы хүний гомдлыг огт анхаардаггүй. Гэхдээ Бурхан анхнаасаа үүнийг тодорхой хэлсэн учраас хүмүүс яах ч аргагүй болж, арга буюу уураа барьж, амаа хамхисан. Бурхан, Сатан хоёрын хоорондох тулаан бүхэлдээ хүн дээр тулгуурладаг. Хүмүүс өөрсдийгөө хянаж чаддаггүй; тэд бол үнэхээр жинхэнээсээ утсан хүүхэлдэй бөгөөд Бурхан Сатан хоёр хөшигний араас утсыг нь татаж байдаг. Бурхан хүмүүсийг ашиглан Өөртөө гэрчлэл хийлгэх үедээ тэднийг Өөртөө үйлчлэл хийлгэхээр ашиглахын тулд боломжтой бүхнийг хийдэг бөгөөд хүмүүсийг Сатанаар удирдуулж, түүнчлэн Бурханаар зааварчлуулахад хүргэдэг. Бурханы хийхийг хүссэн гэрчлэл дуусах үед Тэр хүмүүсийг нэг тийш чулуудаж, тэднийг зовоон орхихын сацуу Өөрөө тэдэнтэй ямар ч хамаагүй мэт авирладаг. Хүмүүсийг ашиглахыг дахин хүсэх үедээ Тэр тэднийг дахин нэгэнтээ авч, ашигладаг—хүмүүс үүнийг өчүүхэн төдий ч мэддэггүй. Тэд зүгээр л эзэн нь дураараа ашигладаг үхэр, адуу шиг байдаг бөгөөд тэдний нэг нь ч өөрсдийгөө захирч чаддаггүй. Энэ нь бага зэрэг гунигтай сонсогдож болох ч хүмүүс өөрсдийгөө захирч чадах эсэхээс үл хамааран Бурханд үйлчлэл үзүүлэх нь сэтгэл гонсойхуйц зүйл биш, харин нэр төрийн хэрэг юм. Бурхан ийм маягаар үйлдэх учиртай мэт байдаг. Төгс Хүчитийн хэрэгцээг хангаж чаддаг байх нь бахархах зүйл биш гэж үү? Чи юу гэж бодож байна вэ? Чи Бурханд үйлчлэл үзүүлэх шийдвэрээ ер нь гаргасан уу? Өөрийнхөө хувийн эрх чөлөөг хайх эрхтэй байхыг чи хүссээр байгаа юм гэж үү?
Ямартай ч Бурханы хийдэг бүхэн сайн, дуурайваас зохилтой бөгөөд эцсийн эцэст хүн Бурхан хоёр өөр юм. Энэ үндсэн дээр, Бурхан чиний хайрыг анхааран үзэх эсэхээс үл хамааран чи Бурханыг хүний зүрх сэтгэлээр хайрлах ёстой. Бурханы зүрх сэтгэлд бас асар их уйтгар гуниг байдгийг Бурханы үг харуулдаг. Бурханы үгийн улмаас л хүмүүс цэвэршүүлэгддэг. Гэсэн ч эцсийн эцэст энэ ажил нь өчигдөр тохиолдсон—тэгвэл Бурхан дараа нь яг юу хийх вэ? Өнөөдрийг хүртэл энэ нь нууц хэвээр үлдсэн, тиймээс хүмүүс үүнийг ойлгож, ухаарч чаддаггүй бөгөөд Бурханы хөгжмийн аясаар л дуулахаас өөр аргагүй байдаг. Гэсэн хэдий ч Бурханы хэлдэг бүхэн бодитой бөгөөд бүгд биелдэг—энэ бол гарцаагүй!