Хэв чанарыг өсгөх нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм

Хүмүүсийн хэв чанарыг өсгөнө гэдэг нь, Бурханы үгийг ойлгож, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг болохын тулд ойлгох чадвараа сайжруулахыг та нараас шаардана гэсэн үг юм. Энэ бол хамгийн үндсэн шаардлага. Юу хэлж байгааг минь ойлгохгүйгээр Намайг дагадаг бол итгэл чинь будилуу бус уу? Би хэчнээн их үг айлдлаа гээд хэрэв та нар ойлгож хүчрэхгүй, Намайг юу ч хэлсэн бай нэг л сайн ойлгохгүй байвал та нар дорд хэв чанартай байна гэсэн үг юм. Ойлгох чадваргүйгээр та нар Миний хэлдэг зүйлээс юу ч ойлгохгүй тул хүссэн үр дүнд хүрэхэд маш хэцүү болдог; Би та нарт шууд хэлж чаддаггүй маш их зүйл байдаг бөгөөд зорьсон үр дүнд хүрч чаддаггүй тул нэмэлт ажил шаардагддаг. Та нарын ойлгох чадвар, аливааг харах чадвар болон амьдардаг стандарт хэтэрхий дутагдалтай болохоор “хэв чанарыг өсгөх” ажлыг та нар дээр хэрэгжүүлэх ёстой. Энэ нь зайлшгүй бөгөөд өөр сонголт үгүй билээ. Тэгснээр л зарим нэг үр дүнд хүрч чадна; эс бөгөөс, Миний хэлдэг бүх үг ямар ч хэрэггүй болно. Тэгвэл та нар түүхэнд нүгэлтэн болж үлдэх биш үү? Хамгийн өөдгүй хүмүүс болохгүй гэж үү? Та нар дээр ямар ажил гүйцэтгэж байгааг, та нараас юу шаардаж байгааг мэдэхгүй гэж үү? Та нар хэв чанараа мэдэх учиртай: Хэв чанар чинь Миний шаардлагад огт нийцдэггүй. Тиймээс энэ нь Миний ажлыг хойш татахгүй гэж үү? Одоогийн хэв чанар, ёс жудагт чинь үндэслэвэл та нарын хэн нь ч Надад гэрчлэл хийхэд тохирохгүй, мөн хэн нь ч ирээдүйн ажлын минь хүнд хариуцлагыг үүрэх чадваргүй. Та нар ихэд ичихгүй байна уу? Ийм маягаар үргэлжлүүлбэл та нар Миний хүслийг хангалуун байлгаж яаж чадах билээ? Чи амьдралдаа чадах чинээгээрээ амьдрах ёстой. Цаг хугацааг дэмий бүү өнгөрүүл—тэгэх нь ямар ч үнэ цэнгүй. Өөрийгөө юугаар зэвсэглэх учиртайгаа чи мэдэх ёстой. Өөрийгөө арван хуруу тэгш гэж бүү бод—туулах зам чинь мөн л урт байна! Хүн чанарын жаахан ч атугай эрүүл ухаан чамд байхгүй бол өөр юу ч хэлэх билээ? Бүх зүйл дэмий болох биш үү? Миний шаарддаг хүн чанар, хэв чанарын тухайд бол, та нараас хэн чинь ч шаардлагад бүрэн нийцдэггүй. Ашиглахад тохирох нэгнийг олох туйлын хэцүү байдаг. Та нар өөрсдийгөө Миний төлөө илүү агуу ажил хийж, Надаас илүү агуу даалгавар авч чадна гэж итгэдэг ч үнэндээ өмнө чинь илхэн байгаа олон хичээл рүү хэрхэн орохоо ч мэддэггүй юм чинь илүү гүнзгий үнэн рүү хэрхэн орж чадах билээ? Та нарын оролт үелсэн хандлага, түвшинтэй байх ёстой. Эмх замбараагүй байх ёсгүй—тэгвэл нэмэргүй. Хамгийн өнгөцхөн оролтоос эхэл: Ойлголт, тодорхой байдалд хүртлээ эдгээр үгийг мөр мөрөөр нь унш. Бурханы үгийг унших үедээ мориор давхингаа цэцэгсийг бахдан харах адил бүү гүйлгэн унш, бас уншсан нэр ч бүү зүү. Чи мэдлэгээ нэмэгдүүлэхийн тулд лавлах номуудыг (дүрмийн, эсвэл яруу илтгэх зүйн номууд гэх мэт) ч бас тогтмол уншиж болно. Романтик роман, агуу хүмүүсийн намтар, нийгмийн шинжлэх ухааны тухай ном бүү унш; эдгээр нь ямар ч ашиг тусгүй бөгөөд хор хөнөөл учруулж л чадна. Чи орох, ойлгох ёстой бүхнээ эзэмших ёстой. Хүмүүсийн хэв чанарыг өсгөх нь тэдэнд мөн чанар, ялгамж чанар, байр суурь, үнэ цэнийх нь талаар мэдлэг өгөх зорилготой юм. Хүмүүс яагаад Бурханд итгэх итгэлийн үнэнийг эрэлхийлэх ёстойг чи ойлгох хэрэгтэй. Сурч боловсорсоор байх шаардлагатай; үүнийг хаяж болохгүй! Яагаад хүмүүсийн хэв чанарыг өсгөх ёстой, яаж өсгөх ёстой, мөн ямар талууд руу орох хэрэгтэйг та нар ойлгох ёстой. Хэвийн хүн чанарыг амьдран харуулахын ач холбогдол, энэ ажлыг яагаад хийх ёстойг болон хүний гүйцэтгэх учиртай үүргийг ч ойлгох ёстой. Жишээлбэл, боловсролтой болохдоо та нар, аль талуудыг судлах хэрэгтэйг, хүн тэдгээрт яаж орох вэ гэдгийг ойлгох ёстой. Сурч боловсрохын зорилгыг та нар бүгд мэдэж байх хэрэгтэй. Энэ нь Бурханы үгийг ойлгож, үнэн рүү орохын төлөө биш гэж үү? Чуулганууд даяар өнөөдөр юу давамгайлдаг вэ? Хүмүүсийг боловсролтой болгуулах нь Бурханы үгийг эдлэхээ мартахад тэднийг хүргэдэг бөгөөд тэд бүхэл өдөржингөө сурч боловсрохоос өөр юу ч хийдэггүй. Чи тэднээс хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг шаардвал тэд гэр орноо цэвэрлэж, хоол хийж, эсвэл гал тогооны хэрэгсэл худалдан авахад л санаа тавина. Эдгээр зүйлд л тэдний гол анхаарал төвлөрнө; тэд бүр чуулганы хэвийн амьдралаар хэрхэн амьдрахыг ч мэдэхгүй байх болно. Хэрвээ чи ийм нөхцөл байдалд байгаа бол хэрэгжүүлэлтээсээ хазайгаад явчихжээ. Тэгвэл яагаад чамаас сүнслэг амьдрал руу орохыг шаарддаг юм бэ? Ердөө л тэдгээр зүйлийг сурах нь чамайг шаардлага биелүүлэх чадваргүй болгож орхино. Амь руу орох нь мөн л хамгийн чухал зүйл юм; харин тэр ажлыг хийж буйн шалтгаан нь туршлагынх нь явцад хүмүүст тулгардаг бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд байдаг. Хэв чанарыг чинь өсгөх нь чамд хүний уг чанар, мөн чанарын тухай мэдлэг өгдөг бөгөөд үүний гол зорилго нь хүмүүсийн сүнслэг амийг өсгөж, зан чанарыг нь өөрчлөх явдал юм. Чи яаж хувцаслаж, өөрийгөө яаж сайхан харагдуулахаа мэддэг байж болно, мөн ажигч гярхай, ухаалаг байж ч болно, гэхдээ эцсийн эцэст ажилдаа явах өдөр ирэхэд чи явж чадахгүй. Тиймээс хэв чанараа өсгөх явцад өөр бас юу хийх ёстойгоо чи мэдэж байх ёстой. Зорилго нь чамайг өөрчлөх явдал; хэв чанарыг чинь өсгөх нь нэмэлт юм. Хэв чанар чинь сайжрахгүй бол нэмэргүй, зан чанар чинь өөрчлөгдөхгүй бол бүр ч долоон дор. Алийг нь ч орхигдуулж болохгүй. Хэвийн хүн чанарыг эзэмших нь цангинасан гэрчлэл хийчихсэн гэсэн үг биш—чамаас шаарддаг зүйл тийм ч энгийн биш.

Хүмүүсийн хэв чанар нь, хэвийн хүн чанартай хүмүүсийн эрүүл ухаан, амьдралын хэв маягт хүрэх хэмжээнд өргөгдөж, бас амь руу орсон үед л тэд ярих өөрчлөлт, гэрчлэлтэй болно. Гэрчлэл хийх өдөр ирэхэд амьдралдаа гарсан өөрчлөлт болон өөрийн доторх Бурханы тухай мэдлэгээ ч бас ярих ёстой. Энэ хоёр талын хослол л чиний жинхэнэ гэрчлэл болон чиний ургац юм. Хүн чанар чинь гаднаа өөрчлөгдсөн боловч дотроо ямар ч ойлголтгүй байвал хангалтгүй, мөн дотроо үнэн болон ойлголттой байгаа ч хэвийн хүн чанарыг амьдран харуулахаа огоорч гүйцвэл бас л нэмэргүй. Өнөөдөр чам дээр хийгддэг ажил бусдад харуулахын тулд биш, харин чамайг өөрчлөхийн төлөө байдаг. Чи өөрийгөө өөрчлөхөд л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Өдөр бүр бичиж, сонсохоос өөрийг хийхгүй амьдарвал нэмэргүй; тал бүрд оролттой байх ёстой. Чи ариун хүний хэвийн амьдралаар амьдрах ёстой. Олон эгч залуу бүсгүйчүүд шиг, ах нар сурвалжтан юм уу нөлөө бүхий хүмүүс шиг хувцаслаж, ариун хүний ямар ч төрхгүй байдаг. Хүний хэв чанарыг өсгөх гэдэг зүйл нь явцын дунд биелдэг. Бурханы үгийг идэж, уух өөр нэг зүйл бол гол түлхүүр юм. Хэв чанар чинь өссөн ч Бурханы үгийг идэж, уугаагүйгээс болоод хэрэглэгдэхгүй бол сурах хүчин чармайлт чинь талаар болох биш үү? Хоёр талыг хослуулах ёстой. Чамаас шаарддаг зүйлийн талаар хэлэлцэж байхад яагаад Бурханы тухай мэдлэгийг сөхдөг юм бэ? Энэ нь ажлын үр дүнг гаргахын төлөө байдаг бус уу? Байлдан дагуулагдсаныхаа дараа чи өөрийнхөө туршлагаар гэрчлэл хийж чаддаг байх ёстой. Гаднаа хэвийн хүн чанартай харагддаг хэр нь туршлагаа үгээр илэрхийлж чаддаггүй байж таарвал нэмэргүй. Хэвийн сүнслэг амьдралтай байх зуураа чи бас хэвийн хүн чанарт хүрэх ёстой бөгөөд үүний олон талыг санаандгүй сурч авна. Шал шүүрдэхэд хүртэл тодорхой дадлага хэрэгтэй гэж чи бодож байна уу? Үүнээс ч долоон дор зүйл бол хоол идэхдээ савхаа барьж сурахын тулд нэг цагийг зарцуулах явдал юм! Хэвийн хүн чанарт ямар талууд агуулагддаг вэ? Гүн ойлголт, эрүүл ухаан, мөс чанар болон ёс жудаг. Эдгээр тал бүрд хэвийн байдалд хүрч чадвал хүн чанар чинь зүйд нийцнэ. Чи хэвийн хүний төрхтэй, Бурханд итгэгчтэй төстэй байх ёстой. Хэтэрхий ихийг биелүүлж, эсвэл дипломат ёсонд оролцох хэрэггүй; чи зүгээр л хэвийн хүний эрүүл ухаантай хэвийн хүн байж, аливааг нэвт харж чаддаг, ядахдаа хэвийн хүн шиг харагддаг байх ёстой. Тэр нь л хангалттай. Өнөөдөр чамаас шаарддаг бүхэнд чадвар чинь хүрнэ; огт боломжгүй зүйл шаардаж байгаа хэрэг биш. Нэг ч хэрэгцээгүй үг, эсвэл хэрэгцээгүй ажлыг чам дээр гүйцэтгэхгүй. Амьдралд чинь илэрхийлэгдэж, илчлэгдсэн бүх муу муухай байдлаасаа чи ангижрах ёстой. Та нарыг Сатан завхруулсан бөгөөд Сатаны хороор бялхаж байдаг. Энэхүү завхарсан сатанлаг зан чанараасаа ангижрахыг л чамаас шаарддаг. Өндөр албан тушаалтай, эсвэл алдартай, агуу хүн бол гэж чамаас шаарддаггүй. Тэглээ гээд ямар ч хэрэггүй. Та нар дээр хийгдэж байгаа ажил та нарт төрөлхөөсөө байдаг зүйлийг харгалзан үздэг. Хүмүүсээс Миний шаарддаг зүйл хязгаар дотор тодорхойлогддог. Хэрвээ та нар сэхээтнүүдийн ярьдаг хэв маяг, дууны өнгөөр ярьж хэвшвэл энэ нь нэмэргүй; та нар ингэж чадахгүй. Хэв чанарыг чинь харгалзан үзвэл, та нар ядаж л мэргэн ухаан, эв дүйтэй ярьж, аливааг тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж чаддаг байх ёстой. Шаардлага хангахад энэ л хэрэгтэй. Хамгийн наад зах нь чи гүн ойлголт, эрүүл ухааныг олж авахад л болно. Яг одоо хамгийн чухал зүйл бол завхарсан сатанлаг зан чанараа хаях явдал юм. Өөрт чинь илэрдэг муу муухай байдлаа чи хаях ёстой. Тэдгээрийг хаяхгүй бол дээд зэргийн эрүүл ухаан, гүн ойлголтын талаар ярьж яаж чадах билээ? Эрин үе өөрчлөгдсөнийг хараад олон хүнд даруу зан, эсвэл тэвчээр байдаггүй бөгөөд тэдэнд ямар ч хайр, эсвэл ариун хүний төрх ч бас магад байдаггүй. Ийм хүмүүс ямар утгагүй гээч! Тэдэнд өчүүхэн төдий ч болов хэвийн хүн чанар бий гэж үү? Яриад байх гэрчлэл тэдэнд байдаг уу? Тэдэнд гүн ойлголт юм уу эрүүл ухаан огт байдаггүй. Мэдээж хүмүүсийн хэрэгжүүлэлтийн гажууд, алдаа мадагтай зарим талыг засаж залруулах хэрэгтэй; жишээ нь, урьдын хатуу чанд сүнслэг амьдрал, хөшүүн, мунхаг гадаад төрх зэрэг нь бүгд өөрчлөгдөх ёстой. Өөрчлөх гэдэг нь замбараагүй болох юм уу махан биед ташуурч, юу хүссэнээ хэлнэ гэсэн үг биш. Чи сул задгай ярих ёсгүй. Хэвийн хүн шиг ярьж, биеэ авч явна гэдэг нь уялдаа холбоотой ярьж, “тийм” гэвэл “тийм”, “үгүй” гэвэл “үгүй” л гэдэг байхыг хэлнэ. Баримтад тулгуурлаж, зохих ёсоор ярь. Бүү хуур, бүү худал хэл. Зан чанарын өөрчлөлттэй холбоотойгоор хэвийн хүний хүрч болох хязгаарыг ойлгох ёстой. Эс бөгөөс, чи бодит байдал руу орж чадахгүй.

Өмнөх: Израильчууд шиг үйлчил

Дараах: Моабын үр удмыг аврахын ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх