Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
Хүн Бурханд итгэхдээ Түүнд яг яаж үйлчлэх ёстой вэ? Бурханд үйлчилдэг хүмүүс ямар нөхцөл байдлыг хангаж, ямар үнэнийг ойлгосон байх ёстой вэ? Мөн та нарын үйлчлэл хаана гажууддаг байж болох вэ? Энэ бүхний хариултыг та нар мэддэг байх ёстой. Эдгээр асуудал нь Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсний хөтөлсөн замаар хэрхэн алхах, мөн бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад хэрхэн захирагдах талаар хөндсөнөөрөө та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийг ойлгох боломжийг та бүхэнд олгох болно. Та нар тэр түвшинд хүрэх үедээ Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханд хэрхэн зөв зохистой итгэх, Бурханы хүсэлд нийцүүлэн юу хийх хэрэгтэйг ойлгоно. Энэ нь та нарыг Бурханы ажилд бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай болгоно; та нар Бурханы ажилд гомдоллохгүй, Түүнийг шүүж, задлан шинжлэхгүй, тэр ч бүү хэл судлахгүй. Тийм болохоор, та бүхэн үхэн үхтлээ Бурханд дуулгавартай байх чадвартай болж, Бурханаар удирдуулан жолоодуулж, өөрсдийгөө хонь шиг нядлахыг Бурханд зөвшөөрснөөрөө 1990-ээд оны Петр болж, загалмай дээр байсан ч гэсэн өчүүхэн ч гомдолгүйгээр Бурханыг хамгийн ихээр хайрлаж чадна. Зөвхөн тэгсэн цагт л та нар 1990-ээд оны Петр шиг амьдарч чадна.
Шийдсэн хүн бүхэн Бурханд үйлчилж чадна—гэхдээ зөвхөн Бурханы хүсэлд бүхий л талаар санаа тавьдаг, Бурханы хүслийг ойлгодог хүмүүс л Бурханд үйлчлэх эрхтэй, шаардлага хангасан байх ёстой. Би үүнийг та нарын дундаас олж мэдсэн: Бурханы төлөө гал халуунаар сайн мэдээ түгээж, Бурханы төлөө цааш явж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, аливаа зүйлээс татгалзах гэх мэтийг хийж байгаа цагт энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг гэж олон хүн боддог. Бурханд үйлчлэх гэдэг нь гартаа Библи барин, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, гэмшүүлж, улайлгах замаар хүмүүсийг аврах явдал гэж шашны бүр ч олон хүн боддог. Мөн Бурханд үйлчлэх гэдэг нь шашны сургуульд сурч, боловсорсны дараа сүмд номлож, Библийн судраас унших замаар хүмүүст зааж сургах явдал юм гэж боддог шашны олон албан тушаалтан бий. Түүнчлэн Бурханд үйлчлэх гэдэг нь ах эгч нарынхаа дундаас өвчтэйг нь эдгээж, чөтгөрүүдийг нь хөөн зайлуулж, эсвэл тэдний төлөө залбирч, тэдэнд үйлчлэх явдал гэж ядуу тарчиг газар нутгийн хүмүүс үздэг. Бурханд үйлчлэх гэдэг нь өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, Бурханд залбирч, хаа сайгүй чуулгануудаар алхаж, ажил хийх явдал гэж боддог хүмүүс та нарын дунд олон бий. Бурханд үйлчлэх гэдэг нь хэзээ ч гэрлэхгүй, гэр бүлтэй болохгүй, өөрийгөө бүхэлд нь Бурханд зориулахын нэр гэж үздэг зарим ах эгч байдаг. Гэвч Бурханд үйлчлэх гэдэг нь үнэндээ юу гэсэн үг болохыг тун цөөхөн хүн л мэддэг. Хэдий тэнгэрийн од шиг олон хүн Бурханд үйлчилдэг боловч шууд үйлчилж чадах, мөн Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадвартай хүмүүсийн тоо шалихгүй—өчүүхэн бага. Яагаад Би ингэж хэлдэг вэ? Та нар “Бурханд үзүүлэх үйлчлэл” гэдэг үгийн мөн чанарыг ойлгодоггүй, Бурханы хүслийн дагуу яаж үйлчлэх талаар маш бага ойлгодог учраас Би ингэж хэлдэг. Бурханд үзүүлэх яг ямар үйлчлэл Түүний хүсэлд нийцэж чадах вэ гэдгийг хүмүүс нэн даруй ойлгох хэрэгтэй.
Хэрвээ та нар Бурханы хүсэлд нийцүүлж үйлчлэхийг хүсдэг бол ямар хүмүүсийг Бурхан таашаадаг, ямар хүмүүсийг Бурхан жигшдэг, ямар хүмүүсийг Бурхан төгс болгодог, мөн ямар хүн Бурханд үйлчлэх шаардлага хангадгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бол та нарын хамгийн наад захын мэдвэл зохих зүйл юм. Түүнээс гадна, та нар Бурханы ажлын зорилтуудыг, мөн одоо, энд хийх гэж байгаа Бурханы ажлыг мэдэх ёстой. Үүнийг ойлгосныхоо дараа, Бурханы үгийн удирдамжаар дамжуулан та нар эхлээд орж, Бурханы даалгаврыг хүлээн авах ёстой. Та нар Бурханы үгийн талаар бодит туршлагатай болмогцоо, мөн Бурханы ажлыг үнэхээр мэддэг болох үедээ Бурханд үйлчлэх шаардлагыг хангах болно. Та нарыг Бурханд үйлчлэх үед Тэр сүнслэг нүдийг чинь нээж, Түүний ажлын тухай илүү их ойлголттой болж, илүү тодорхой харах боломжийг та нарт олгодог. Энэ бодит байдалд орох үед туршлага чинь илүү гүнзгий, бодит болж ийм туршлагатай хүн бүхэн чуулгануудаар алхаж, ах эгч нарыг тань хангаж чадна. Ингэснээр та нар нэг нь нөгөөгийнхөө давуу талаар дутагдлаа нөхөж, сүнсэндээ илүү баялаг мэдлэгийг олж авч чадна. Зөвхөн ийм үр дүнд хүрснийхээ дараа л та нар Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадвартай болж, үйлчлэлийнхээ явцад Бурханаар төгс болгуулж чадна.
Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таашаагдаж, Бурханд туйлын үнэнч байж чадах ёстой. Чи ганцаараа эсвэл олны өмнө үйлдсэн ч бай, Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч, Бурханы өмнө бат зогсож чаддаг бөгөөд бусад хүн чамд хэрхэн хандахаас үл хамааран үргэлж алхах ёстой замаараа алхаж, Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьдаг. Зөвхөн ийм л хүн Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс Бурханы агуу даалгавар болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, Бурханы зүрх сэтгэлийг өөрийн болгож, Бурханы ачааг өөрийн болгож авах чадвартай бөгөөд хэтийн ирээдүйгээ эс хайхардаг. Тэд хэтийн ирээдүйгүй, юу ч олж авахгүй байсан ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч ийм хүн бол Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс нь бас Түүний итгэлт хүмүүс юм; Бурханы итгэлт хүмүүс л Түүний санаа зовнил, бодлыг хуваалцаж чадна. Мөн махан бие нь өвдөж, сул дорой байсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэд хайрладаг зүйлээ орхиж, зовлон шаналлыг тэсэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг агаад Бурханы хийхийг хүсдэг зүйл ийм хүмүүсийн гэрчлэлээс төрөн гардаг. Иймийн учир энэ хүмүүс Бурханд таашаагддаг, тэд бол Бурханы Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух зарц нар нь бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чадна. Чи үнэхээр Бурханы дотнын хүн болох яг тэр үе нь Бурхантай хамт хаанчлах үе байх болно.
Есүс өөртөө ямар нэг төлөвлөгөө гаргаж, зохицуулалт хийлгүйгээр Бурханы хүсэлд бүрэн санаа тавьсан учраас Бурханы даалгавар буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр бас та бүхний маш сайн ойлгодог Бурханы дотнын хүн—Бурхан Өөрөө байсан. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; хэрэг явдлыг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн голд нь тавьж чаддаг, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Миний хүслийн дагуу биш, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд санаа тавих ёстой гэж? Таны алган дээрх шоргоолж шиг хүн яаж Таны анхаарал халамжийг хүртэх эрхтэй байж чадах юм бэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, Та Өөрийн тааллаар Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сийчиж буй мэт шаналлыг мэдэрч байсан ч үгнээсээ буцах өчүүхэн төдий ч санаа Түүнд байгаагүй; цовдлогдох газар луу нь нэгэн их хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, үхэл хийгээд Үхэгсдийн орны дөнгөнөөс чөлөөлөгдсөн юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэрээр гучин гурван жил амьдрах хугацаандаа тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг хонжоо, хохирлыг хэзээ ч бодож үзээгүй, Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүнд үүрүүлж, Түүгээр гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй, шаардлага хангасан байв. Амьдралынхаа туршид Тэрээр Бурханы төлөө хэмжээлшгүй их зовлон туулж, тоо томшгүй олон удаа Сатаны сорилтод орсон боловч хэзээ ч мохоогүй. Бурхан Түүнд итгэж, Түүнийг хайрласан учраас ийм агуу даалгавар өгсөн, тиймээс ч Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” хэмээн Өөрөө хэлсэн билээ. Тухайн үед зөвхөн Есүс л энэхүү даалгаврыг биелүүлж чадах байсан агаад Нигүүлслийн эрин үед бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлаа Бурхан гүйцээсний нэг бодитой тал нь энэ байлаа.
Хэрэв та нар Есүс шиг Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьж, махан биеэсээ татгалзаж чаддаг бол, Бурхан чухал даалгавраа та нарт даалгана, ингэснээр та нар Бурханд үйлчлэх нөхцөлийг хангах болно. Ийм нөхцөл байдалд л та нарыг Бурханы хүслийг гүйцэлдүүлж, Түүний даалгаврыг биелүүлж байна хэмээн хэлж зүрхэлнэ, тэр үед л та нар Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ. Есүсийн жишээтэй харьцуулбал чи өөрийгөө Бурханы дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханы хүслийг гүйцэлдүүлж байгаа гэж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр Бурханд үйлчилж байна гэж хэлж зүрхлэх үү? Өнөөдөр чи Бурханд хэрхэн үйлчлэхээ мэддэггүй байж өөрийгөө Бурханы дотнын хүн гэж хэлж зүрхлэх үү? Чи Бурханд үйлчилдэг гэж хэлбэл Түүнийг доромжилж буй хэрэг биш гэж үү? Энэ тухай бодоод үзээрэй: Чи Бурханд үйлчилж байна уу, эсвэл өөртөө үйлчилж байна уу? Чи Сатанд үйлчилдэг атлаа Бурханд үйлчилж байгаа гэж зөрүүдлэн хэлснээрээ Бурханыг доромжилж байгаа хэрэг биш гэж үү? Миний ардуур олон хүн байр суурийн ашиг тусад шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин үнэгүй хооллож эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд үнэгүй хооллож, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү том ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?
Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэхийн тулд ямар нөхцөлүүдийг биелүүлэх ёстойг та нарт мэдүүлэх гэж Би үүнийг хэлдэг. Хэрвээ та нар Бурханд зүрх сэтгэлээ өгдөггүй, Есүс шиг Бурханы хүсэлд бүхий л талаар санаа тавьдаггүй бол Бурханы итгэлийг олж чадахгүй, харин ч эцэстээ Бурханаар шүүгдэх болно. Магадгүй өнөөдөр ч гэсэн, Бурханд үйлчлэхдээ чи үргэлж Бурханыг мэхлэх санаа агуулж, Түүнд үргэлж хааш яаш хандаж байдаг. Товчхондоо, өөр юунаас ч үл хамааран хэрвээ чи Бурханыг хуурвал хахир хатуу шүүлт чам дээр ирнэ. Та нар Түүнд үйлчлэх зөв зам руу орсноор дамжуулан хоёргүй үнэнч сэтгэлээ Бурханд өгөх нь зүйтэй. Бурханы өмнө эсвэл бусад хүмүүсийн өмнө байгаа эсэхээс үл хамааран зүрх сэтгэл чинь үргэлж Бурханд хандаж байх ёстойн дээр чи Бурханыг яг л Есүс шиг хайрлахаар шийдсэн байх ёстой. Ийм маягаар Бурхан чамайг төгс болгож, ингэснээр чи Бурханы зүрх сэтгэлийн төлөө явдаг, Түүний зарц болно. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж, үйлчлэл чинь Түүний хүсэлд нийцэж байхыг хүсэж байвал Бурханд итгэх итгэлийн талаарх өмнөх үзэл бодлоо өөрчилж, Бурханд үйлчилж байсан хуучин арга барилаа өөрчлөх ёстой, ингэснээр чи Бурханаар илүү их төгс болгуулна. Ингэвэл Бурхан чамайг орхихгүй, мөн чи Петр шиг, Бурханыг хайрладаг хүмүүсийн тэргүүн эгнээнд байх болно. Хэрвээ чи гэмшихгүй хэвээр үлдвэл Иудас шиг төгсгөл чамд ирнэ. Бурханд итгэдэг бүх хүн үүнийг ойлгох ёстой.