Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай
Бурхан бол бодитой Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний хэлдэг бүх үг бодитой, мөн Түүний илэрхийлдэг бүх үнэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагүй, оршин байдаггүй, ул үндэсгүй байдаг. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үг рүү хүмүүсийг залж чиглүүлэх гэж байгаа. Хэрвээ хүмүүс бодит байдал руу орохоор эрэлхийлж байгаа бол бодит байдлыг эрж хайж, бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажиж, бодит байдлыг амьдран харуулах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, бусдын үг жинхэнэ эсэхийг төдий чинээ их таньж чаддаг; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, төдий чинээ бага үзэлтэй байдаг; хүмүүс бодит байдалд хэдий чинээ их туршлагажна, бодитой Бурханы үйл хэргийг төдий чинээ их мэддэг ба завхарсан, сатанлаг зан чанараасаа салах нь тэдний хувьд төдий чинээ амархан байдаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханыг төдий чинээ их мэдэж, махан биеийг төдий чинээ их жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханы шаардлагын стандартад төдий чинээ дөхөж очдог. Бурханаар авхуулдаг хүмүүс бол бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг, бодит байдалд туршлагажсанаар дамжуулан Бурханы бодит үйл хэргийг мэдэж авсан хүмүүс юм. Бурхантай бодитоор хамтран ажиллаж, биеэ сахилгажуулах тусмаа чи Ариун Сүнсний ажлыг төдий чинээ олж авч, бодит байдлыг төдий чинээ олж авч, мөн Бурханаар улам их гэгээрүүлэгдэж, улмаар Бурханы бодит үйл хэргийн талаарх мэдлэг чинь төдий чинээ ихэснэ. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдарч чаддаг бол өнөөгийн хэрэгжүүлэлтийн зам чамд улам тодорхой болж, шашны үзэл болон өнгөрсөн үеийн хуучин хэрэгжүүлэлтээс өөрийгөө илүү сайн салгаж чадна. Өнөөдөр бодит байдал бол анхаарлын төв юм: Хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, үнэний тухай мэдлэг нь төдий чинээ тодорхой болж, Бурханы хүслийн талаарх ойлголт нь төдий чинээ ихэсдэг. Бодит байдал нь бүх бичиг үсэг, хоосон сургаалыг даван гарч чаддаг, бүх онол болон мэдлэгээс давж чаддаг ба хүмүүс бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэх тусам, Бурханыг төдий чинээ чин сэтгэлээсээ хайрлаж, Түүний үгээр өлсөж, цангадаг. Хэрвээ чи үргэлж бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэг бол амьдралын гүн ухаан, шашны үзэл болон төрөлхийн зан авир чинь Бурханы ажлыг даган аяндаа арилна. Бодит байдлыг эрэлхийлдэггүй, бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс ер бусын зүйлсийн араас хөөцөлдөх талтай байдаг ба амархан мэхлэгдэнэ. Ариун Сүнс ийм хүмүүс дээр ажиллах ямар ч аргагүй байдаг тул тэдэнд хий хоосон, амьдрал нь ямар ч утгагүй санагддаг.
Чи үнэнийг хайхын төлөө бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор залбирч, зовохыг хүсэх үед л Ариун Сүнс чам дээр ажиллаж чадна. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүст бичиг үсэг, сургаал, хоосон онолоос өөр юу ч байдаггүй ба үнэнгүй хүмүүс угаасаа Бурханы талаар олон үзэлтэй байдаг. Иймэрхүү хүмүүс, Бурхан махан биеийг нь сүнслэг бие болгон өөрчилж, тэгснээр тэд гурав дахь тэнгэр өөд гарч магад гэж л хүсэн эрмэлзэж байдаг. Энэ хүмүүс хэчнээн мунхаг вэ! Ийм зүйл хэлдэг бүх хүн Бурханы талаар, эсвэл бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй байдаг; ийм хүмүүс Бурхантай хамтран ажиллах боломжгүй, харин зөвхөн идэвхгүйгээр л хүлээж чадна. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг тодорхой харж, цаашлаад үнэнд орж, үүнийг хэрэгжүүлэхийг хүсвэл бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор өлсөж цангах ёстой. Өлсөж цангах үед чинь, Бурхантай бодитоор хамтран ажиллах үед чинь Бурханы Сүнс гарцаагүй чамайг хөдөлгөж, чиний дотор ажиллана, энэ нь чамд илүү их гэгээрэл авчирч, бодит байдлын тухай илүү их мэдлэгийг өгч, аминд чинь асар тустай байх болно.
Хэрвээ хүмүүс Бурханыг мэдье гэвэл Бурхан бол бодитой Бурхан гэдгийг эхлээд мэдэх ёстой, түүнчлэн Бурханы үгийг, Бурханы махбод дахь бодит илрэлтийг болон Бурханы бодитой ажлыг мэдэх ёстой. Бурханы бүх ажил бодитой гэдгийг мэдсэнийхээ дараа л чи Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадна, энэ замаар л чи өөрийн амийг өсгөж чадна. Бодит байдлын талаар огт мэддэггүй бүх хүн Бурханы үгийг туулах ямар ч аргагүй байдаг ба тэд үзэлдээ баригдаж, төсөөлөл дотроо амьдардаг, тиймээс тэд Бурханы үгийн талаар ямар ч мэдлэггүй байдаг. Чи бодит байдлыг мэдэх тусмаа, Бурханд улам ойртож, Түүнтэй улам ойр дотно болно; чи тодорхойгүй байдал, хийсвэрлэл, хоосон сургаалыг эрж хайх тусмаа Бурханаас төдий чинээ холдож, улмаар Бурханы үгийг туулах нь хүнд бэрх, хэцүү гэдгийг, мөн орох чадваргүй гэдгээ төдий чинээ их мэдэрнэ. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдалд орж, сүнслэг амьдралынхаа зөв замд орохыг хүсвэл эхлээд бодит байдлыг мэдэж, тодорхойгүй болон ер бусын зүйлсээс өөрийгөө салгах ёстой, өөрөөр хэлбэл, Ариун Сүнс чамайг дотроос чинь хэрхэн бодитоор гэгээрүүлж, залж чиглүүлдэг болохыг эхлээд ойлгох ёстой. Ийм маягаар, хүний доторх Ариун Сүнсний бодит ажлыг үнэхээр ухаарч чадвал чи Бурханаар төгс болгуулах зөв замд орсон байх болно.
Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы ажил бол хамгийн бодит бөгөөд хүмүүсийн хүрч чадах зүйл; энэ бол хүмүүсийн туулж, биелүүлж чадах зүйл юм. Хүмүүст маш их тодорхойгүй, ер бусын зүйлс байдаг, эдгээр нь Бурханы одоогийн ажлыг мэдэхэд тэдэнд саад болдог. Тиймээс дадлага туршлагадаа тэд үргэлж хазайж, аливаа юмс хүнд хэцүү гэдгийг үргэлж мэдэрдэг ба эдгээр нь бүгд тэдний үзлээс болдог. Хүмүүс Ариун Сүнсний ажлын зарчмуудыг ухаарч чаддаггүй, бодит байдлыг мэддэггүй тул оролтын замдаа үргэлж сөрөг байдаг. Тэд Бурханы шаардлагуудыг алсаас хардаг ба тэдгээрийг биелүүлж чаддаггүй; тэд ердөө л Бурханы үг үнэхээр сайн гэдгийг хардаг боловч орох замыг олж чаддаггүй. Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, хайж, Бурханд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр эрэлхийлэх тусам, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн талаарх мөн чанарын мэдлэгийг бий болгож чадна. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бий болно. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээж, Бурханы үгийг уншдаггүй, эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг хүлээдэг. Харин зөв ойлголттой хүмүүс ингэж итгэдэг: Намайг хамтран ажиллахын хэрээр л Бурхан ажиллаж чадна. Бурханы ажлын надад үзүүлэх үр нөлөө хэрхэн хамтран ажиллахаас минь шалтгаалдаг. Бурханыг ярих үед Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний хийх ёстой зүйл.
Петр бодит байдалд хамгийн их анхаарал хандуулсныг та нар Петр, Паул хоёрын жишээнээс тодорхой харж болно. Петрийн туулсан зүйлээс, түүний туршлага нь өнгөрсөн цаг үеийн бүтэлгүйтсэн хүмүүсийн сургамжийг нэгтгэн дүгнэснийг, мөн тэрээр урьдын ариун хүмүүсийн давуу талыг шингээснийг харж болно. Үүнээс Петрийн туршлага хэр бодит байсныг, хүмүүс эдгээр туршлагад хандаж, хүрч, эдгээрийг биелүүлж чадна гэдгийг харж болно. Харин Паул өөр байсан: Түүний ярьсан бүхэн нь гурав дахь тэнгэр лүү явах, сэнтийд залрах, зөвт байдлын титэм гэх мэт тодорхойгүй, үл үзэгдэх зүйлс байв. Тэрээр байр суурь, хүмүүст зааж сургах, зэрэг зиндаагаа гайхуулах, Ариун Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлэх гэх мэт гадаад талын зүйлсэд анхаарлаа төвлөрүүлсэн юм. Түүний эрэлхийлсэн юу ч бодит байгаагүй, ихэнх нь уран зөгнөл байсан, тиймээс Ариун Сүнс хүмүүсийг хэр их хөдөлгөдөг, хүмүүсийн эдэлдэг асар их баяр хөөр, гурав дахь тэнгэр лүү явах, эсвэл хүмүүсийн байнгын сургуулилт хийх дуртай байдаг хэр хэмжээ, Бурханы үгийг унших дуртай байдаг хэр хэмжээ гэх мэтийг бүгдийг нь ер бусын бүх зүйл гэж үзэж болно—эдгээрийн аль нь бодитой биш. Ариун Сүнсний бүх ажил хэвийн, бодит байдаг. Бурханы үгийг уншаад залбирах үедээ чи дотроо тогтвортой, гэрэлтэй байдаг бөгөөд гадаад дэлхий ертөнц чамд саад болж чадахгүй; чи дотроо Бурханыг хайрлахыг хүсэж, эерэг зүйлстэй харилцахыг хүсэж, ёрын муу ертөнцийг жигшдэг. Энэ бол Бурханы дотор амьдарч байгаа хэрэг юм. Энэ нь хүмүүсийн хэлдэг шиг асар их таашаал эдлэх явдал биш—иймэрхүү яриа нь бодитой биш. Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхлэх ёстой. Бурханы хийдэг бүхэн бодит бөгөөд туршлагаараа чи Бурханыг үнэхээр мэдэж, Бурханы ажлын мөр болон хүмүүсийг хөдөлгөж, гэгээрүүлдэг Ариун Сүнсний арга замд анхаарлаа хандуулах ёстой. Хэрвээ чи Бурханы үгийг ууж идэн, залбирч, илүү бодит байдлаар хамтран ажиллаж, Петрийн адилаар өнгөрсөн цаг үеийн сайныг шингээж, мууг нь голоод, мөн чихээрээ сонсож, нүдээрээ ажиглан, зүрх сэтгэлдээ үргэлж тунгаан бодож, залбирч, Бурханы ажилтай хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийвэл Бурхан чамайг гарцаагүй залж чиглүүлнэ.