2. Эцсийн өдрүүдийн эргэж ирсэн Бурханыг Төгс Хүчит Бурхан гэж нэрлэдэг гэж та нар гэрчилдэг. “Төгс Хүчит Бурхан” гэдэг нэр нь Бурханы төгс хүчинг хэлдэг болохоос Бурханы шинэ нэр биш гэдэгт бид итгэдэг. Та нар яагаад “Төгс Хүчит Бурхан” гэдэг нь Бурханы шинэ нэр гэж хэлнэ вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:12).
“‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8).
“Тэд Бурханы зарц Мосегийн дууг болон Хурганы дууг дуулан, ‘Таны үйлс агуу болоод гайхалтай, Төгс Хүчит Эзэн Бурхан минь; үндэстнүүдийн Хаан Таны замууд шударга агаад үнэн’ гэв. Өө Эзэн минь, хэн Танаас эмээхгүй, Таны нэрийг алдаршуулахгүй байх билээ?” (Илчлэл 15:3–4).
Холбогдох Бурханы үг:
Сионд магтаал ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Суу алдарт ариун нэрийг үй олон ард түмэн шагшин магтаж, энэ нь түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнц дотор, сүр жавхлантай, сүрлэг Сион уулын дээр мандсан гэрэлт Нар билээ…
Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дууддаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Үй олон ард түмэн энэ уул руу цуварна. Үй олон ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы бүх ардыг усалж, тэжээдэг. Бидний амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы тухай шинэ гүнзгий ойлголтыг байнга өгдөг. Бид туршлагын дунд Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга гарч ирж, зөв хүмүүс дотор гарч ирдэг. Бид үнэндээ маш их ерөөгдсөн! Бид өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай нөхөрлөж, бүх зүйлийг Бурханд хариуцуулдаг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван болдог, ийм маягаар бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг. Бид өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санаа бүрдээ Бурханы үг дотор амьдарч, цаг ямагт аливааг ялган таньж чаддаг. Бурханы үг чадварлагаар залж чиглүүлдэг; санамсаргүй байхад л дотор нуугдсан зүйлс ээлж дараалан ил гарна. Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд алгуурлахыг тэвчдэггүй юм; Бодол, санаануудыг маань Бурхан ил болгодог. Хором бүрд бид Христийн суудлын өмнө амьдарч, Христийн суудлын өмнөх шүүлтийг туулж байна. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэмдсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Бурханы хааны хэргэмийг сэргээхийн тулд Түүний сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэх сэхэхээ үзэх тэмцлийг туулах ёстой. Хуучны бид цовдлогдсон цагт л дахин амилсан Христийн амь бүрэн эрхээр хаанчилна болно.
Одоо, Ариун Сүнс биднийг булаалдах тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахад бэлэн байгаа цагт Бурхан биднийг дотроос маань үргэлж гэрэлтүүлэн ариусгаж, Сатаны эзэмшиж байсан зүйлийг шинээр сэргээх нь гарцаагүй, ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгоно. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт босгон байгуулагдаж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 1-р бүлэг
Төгс Хүчит Бурхан—хаанчлалын Хаан гэрчлэгдсэнээс хойш Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүрэн дэлгэрчээ. Бурханы илрэлт Хятадад гэрчлэгдээд зогсохгүй, Төгс Хүчит Бурханы нэр бүх улс үндэстэн, бүх газар нутагт гэрчлэгдсэн юм. Тэд бүгд энэ ариун нэрийг дуудаж, боломжтой бүх аргаар Бурхантай нөхөрлөхийг эрмэлзэж, Төгс Хүчит Бурханы хүслийг ухаарч, чуулган дотор уялдаа холбоотой үйлчилж байна. Ариун Сүнс ийм гайхалтайгаар ажилладаг.
Янз бүрийн улс үндэстний хэл нэг нэгээсээ ялгаатай байдаг боловч цорын ганц Сүнс бий. Энэ Сүнс орчлон ертөнц даяарх чуулгануудыг нэгтгэдэг бөгөөд өчүүхэн ч ялгаагүйгээр Бурхантай туйлын нэг юм, энэ бол эргэлзэх аргагүй зүйл билээ. Ариун Сүнс одоо тэднийг дуудаж байгаа бөгөөд Түүний дуу хоолой тэднийг сэрээж байна. Энэ бол Бурханы өршөөлийн дуу хоолой юм. Тэд бүгд Төгс Хүчит Бурханы ариун нэрийг дуудаж байна! Тэд бас магтаал өргөж, дуулдаг. Ариун Сүнсний ажилд ямар нэг гажуудал огтхон ч байх боломжгүй бөгөөд энэ хүмүүс зөв замын дагуу урагшлахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг, тэд эргэж буцдаггүй ба гайхамшгууд нь ар араасаа овоордог. Энэ бол хүмүүс төсөөлөхөд хэцүү, таамаглах боломжгүй зүйл юм.
Төгс Хүчит Бурхан бол орчлон ертөнц дэх амийн Хаан билээ! Тэрээр алдар суут сэнтийд заларч, дэлхийг шүүж, бүгдийг ноёлж, бүх улс үндэстнийг захирдаг. Бүх хүн Түүнд өвдөг сөгдөж, Түүнд залбирч, Түүнд ойртож, Түүнтэй ярилцдаг. Чи Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, байр суурь чинь хэчнээн өндөр ч бай, зэрэг зиндаа чинь хэчнээн дээгүүр ч бай, зүрх сэтгэлдээ Бурхантай сөргөлдөх юм бол шүүгдэх ёстой бөгөөд Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, шаналалтайгаар гуйх чимээ гаргах ёстой; энэ нь үнэндээ өөрийнхөө үйлдлийн үр жимсийг хурааж байгаа хэрэг юм. Энэхүү уйлах дуу чимээ бол гал ба хүхэрт нуурт тарчилж буй дуу бөгөөд Бурханы төмөр саваагаар гэсгээгдэж буй хашхираан мөн; энэ нь Христийн суудлын өмнөх шүүлт билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 8-р бүлэг
Намайг нэг үе Ехова гэж нэрлэдэг байсан, бас нэгэн цагт хүмүүс Намайг Мессиа гэдэг байсан ба хүмүүс нэгэнтээ Намайг хайр, хүндлэлтэйгээр Аврагч Есүс гэж дууддаг байсан. Өнөөдөр Би урьд нь хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс байхаа больсон. Харин ч Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийг төгсгөл болгох Бурхан билээ; Би бол газар дэлхийн зах хязгаараас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч уулзаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг ямагт мэддэггүй байсаар ирсэн. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхаж байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл үгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл үгүй. Эцэстээ үй олон улс орон Миний үгээс болж ерөөгдөнө, бас Миний үгээс болж бут ниргүүлнэ. Ийм маягаар Тэр бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг эцсийн өдрүүдэд бүх хүн харна. Мөн нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд бүх зүйлийг шатаах нарны дөл, түүнчлэн бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болсныг минь бүгд харна. Энэ бол эцсийн өдрүүд дэх Миний ажил юм. Би энэ нэрийг авсан, ийм зан чанартай, ингэснээр Би бол зөвт Бурхан, төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүн харж, ингэснээр цор ганц жинхэнэ Бурхан Намайг бүх хүн шүтэн мөргөж, ингэснээр тэд Миний жинхэнэ царайг харна: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, зөвхөн Золин аврагч ч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан гэдгийг харна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин төлөөллийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханаа дууддаг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе—сүүлчийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг, төгс хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеий төгсгөнө.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь үүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Маш олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөр олон хүн, өөрсдийнх нь доторх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан маш агуу! Бурхан маш ариун! Бурхан маш хайр татам! Өнөөдөр хүний иймэрхүү үг хэллэг оргилдоо хүрсэн атал хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй байдаг, учир нь Бурханы оршихуй маш элбэг арвин агаад хүний хэл тун хомсхон. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, тэгвэл Тэрээр тогтсон нэг нэртэй байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд цаг хугацааны ач холбогдол бүхий энэхүү тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай агаад Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—аяа, үүнийг яах ч аргагүй—иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэхээ больж, Түүнийг зүгээр л “Бурхан” гэж дууддаг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн мөртөө бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг тул үүнийг ердөө дүрслэх аргагүй. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг судлахад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Ганц нэрийн төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүний нэрс байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдэл дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо ч Бурханы нэрийг судалсаар байна уу? Чи Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно хэмээн хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэж байх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Түүнийг ямар ч нэрээр нэрлэсэн бай—үүнийг Тэр Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Бүтээгдсэн зүйл болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр боловч энэ нэр бол хүний нэгтгэн дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт нэг Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, маш ухаалаг, маш өргөмжит, тун гайхалтай, тун нууцлаг, үнэхээр төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, тэгээд өөр юу ч хэлж чадахгүй; мэддэг бүхэн чинь ийм жаахан байдаг. Тийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд Бурхан ажлаа хийж байгаа хэвээр хэдий ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3