3. Ехова, Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан нь бүгд өөр өөр эрин үе дэх Бурханы нэрс гэж та нар гэрчилдэг. Бурхан яагаад өөр өөр эрин үед өөр өөр нэртэй болдгийг би асуумаар байна. Үүний ач холбогдол нь юу вэ?
Холбогдох Бурханы үг:
Эрин үе бүрд Бурханы Өөрийн хийдэг ажил жинхэнэ зан чанарынх нь илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр болон Түүний хийдэг ажил хоёулаа эрин үеийн хамтаар өөрчлөгддөг—тэдгээр нь бүгд шинэ байдаг. Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хууль ашиглахаас бүрдэж байв. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлээд Өөрийн ажлыг гадагш тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэрээр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв. Нигүүлслийн эрин үед Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байсан, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврахын төлөө байв. Түүний зан чанар энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд Бурхан хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд хүний төлөө загалмайд цовдлогдох ёстой болсон юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн авснаар л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл, асар их, хэмжээлшгүй нигүүлсэл, авралыг хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ. Нигүүлслийн эрин үед Есүс гэдэг нь Бурханы нэр байлаа. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн юм. Нигүүлслийн эрин үед Бурханыг Есүс гэж нэрлэж байв. Тэрээр Хуучин Гэрээнээс даван гарсан шинэ ажлын үе шатыг хийсэн бөгөөд цовдлолын хамтаар Түүний ажил дуусчээ. Энэ нь бүхэлдээ Түүний ажил байв. Тиймээс Хуулийн эрин үед Ехова гэдэг нь Бурханы нэр байсан ба Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан—хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрин үеийг төгсгөхийн тулд Өөрийн хүч чадлыг ашигладаг Төгс Хүчит билээ. Эрин үе бүрд, Түүний ажлын үе шат болгонд Бурханы зан чанар илэрхий байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханаа дууддаг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг хэлэхээ больсон; харин үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажил хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байв. Үүнээс хойш Бурханы нэр Ехова байхаа больсон; оронд нь Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс эхлээд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажил эхлүүлжээ. Иймээс өнөөдөр Еховагийн үгийг идэж, уусаар байгаа, мөн Хуулийн эрин үеийн ажлын дагуу бүхнийг хийсээр байгаа хүн—чи дүрэм журмыг сохроор мөрдөж байгаа бус уу? Чи өнгөрсөн үед гацчихаагүй гэж үү? Эцсийн өдрүүд ирсэн гэдгийг чи одоо мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр л байх юм гэж үү? Ехова Израилийн ард түмэнд Мессиа ирнэ гэж хэлсэн ч ирэх үедээ Тэрээр Мессиа биш, харин Есүс гэж нэрлэгдэж байв. Өөрөө дахин ирнэ, явсан шигээ ирнэ гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үг байсан боловч Есүс ямар байдлаар явсныг чи харсан уу? Есүс цагаан үүл хөлөглөн явж одсон, гэхдээ Тэр цагаан үүл хөлөглөн хүмүүсийн дунд биечлэн ирэх юм гэж үү? Хэрвээ тэгсэн бол Түүнийг Есүс гэж нэрлэсээр байх бус уу? Есүсийг дахин ирэх үед эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх тул Түүнийг Есүс гэж нэрлэсээр байж болох уу? Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг. Тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиа ирнэ гэж зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр илүү шинэлэг ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр ч бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь хачин жигтэй зүйл биш; ердөө хүмүүс л дэндүү бодлогогүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэр яаж ч өөрчлөгдсөн бай, зан чанар, мэргэн ухаан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л нэрлэж болно гэж боддог бол мэдлэг чинь хэтэрхий хязгаарлагдмал юм байна. Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байна, Бурхан үргэлж, үүрд Есүс гэх нэртэй байна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж чи баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг дуусгасан бөгөөд сүүлчийн эрин үеийг ч бас дуусгана гэж чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг дуусгаж чадна гэж хэн хэлж чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?
Эрин үе бүр дэх Бурханы ажил үргэлж адилхан байж, Түүнийг үргэлж нэг нэрээр нэрлэдэг байсан бол хүн Түүнийг яаж мэдэх юм бэ? Бурханыг Ехова гэж нэрлэх ёстой, Бурханыг Ехова гэж нэрлэхээс бусдаар, өөр ямар нэг нэрээр нэрлэгддэг нэгэн бол Бурхан биш. Аль эсвэл Бурхан зөвхөн Есүс байж болох ба Есүсийн нэрээс өөр ямар ч нэрээр Түүнийг нэрлэж болохгүй; Есүсээс бусад тохиолдолд, Ехова бол Бурхан биш, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан төгс хүчит гэдэг нь үнэн боловч Бурхан бол хүнтэй хамт байдаг Бурхан, Түүнийг Есүс гэж нэрлэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байдаг гэж хүн итгэдэг. Ингэх нь хоосон сургаал мөрдөж, Бурханыг тодорхой цар хүрээнд хязгаарлаж байгаа хэрэг юм. Иймээс эрин үе бүрд Бурханы хийдэг ажил, Түүнийг нэрлэдэг нэр, Түүний авдаг дүр төрх—өнөөдрийг хүртэлх үе шат болгонд Түүний хийдэг ажил—эдгээр нь ганц ч дэг журмыг дагадаггүй ба ямар ч хязгаарлалтад баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа, Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил алгуур өөрчлөлт туулж, Түүний нэрэнд зохих өөрчлөлт гардаг. Ганц ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд эрин үе бүрд Түүний хийдэг ажил зан чанарыг нь төлөөлдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. Есүсийн хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг л төлөөлж чадсан бөгөөд Еховагийн хийсэн ажил зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг л төлөөлж байв. Ехова зөвхөн Израиль, Египетийн ард түмэн болон Израилийн гаднах бүх үндэстний хүмүүсийг л удирдан чиглүүлсэн юм. Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь, эрин үеийг залж чиглүүлэнгээ Есүсийн нэрээр ажилласан Бурханы ажил байлаа… Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан ч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр нь өөр байсны адилаар ажлын агуулга өөр, эрин үе өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэр авдаг нь Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагш ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг харуулдаг. Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ, илүү агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
“Бурхан бидэнтэй хамт” гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэлбэл энэ нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүс гэдэг нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Маш олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөр олон хүн, өөрсдийнх нь доторх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан маш агуу! Бурхан маш ариун! Бурхан маш хайр татам! Өнөөдөр хүний иймэрхүү үг хэллэг оргилдоо хүрсэн атал хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй байдаг, учир нь Бурханы оршихуй маш элбэг арвин агаад хүний хэл тун хомсхон. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, тэгвэл Тэрээр тогтсон нэг нэртэй байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд цаг хугацааны ач холбогдол бүхий энэхүү тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай агаад Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—аяа, үүнийг яах ч аргагүй—иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэхээ больж, Түүнийг зүгээр л “Бурхан” гэж дууддаг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн мөртөө бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг тул үүнийг ердөө дүрслэх аргагүй. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Ганц нэрийн төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүний нэрс байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдэл дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо ч Бурханы нэрийн араас хөөцөлдсөөр байна уу? Чи Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно хэмээн хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэж байх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Түүнийг ямар ч нэрээр нэрлэсэн бай—үүнийг Тэр Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр боловч энэ нэр бол хүний нэгтгэн дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт нэг Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, маш ухаалаг, маш өргөмжит, тун гайхалтай, тун нууцлаг, үнэхээр төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, тэгээд өөр юу ч хэлж чадахгүй; мэддэг бүхэн чинь ийм жаахан байдаг. Тийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд Бурхан ажлаа хийж байгаа хэвээр хэдий ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3