1. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирсэн, Төгс Хүчит Бурхан гэх шинэ нэртэй болсон гэж та нар гэрчилдэг. Яаж тийм байж болдог юм бэ? Библид: “Өөр хэний ч дотор аврал үгүй: учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй” (Үйлс 4:12). “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэж тодорхой хэлсэн байдаг. Эзэн Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй, Эзэн эргэж ирэхдээ өөр ямар ч нэрээр дуудагдах аргагүй гэдэгт бид итгэдэг.
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:12).
“‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8).
“Хуран цугласан олон хүний дуу хоолой, их усны шуугиан, хүчит аянгын нүргээн мэт дуу гарахыг би сонслоо, ‘Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилсан’ гэв” (Илчлэл 19:6).
Холбогдох Бурханы үг:
Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг. Тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиа ирнэ гэж зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр илүү шинэлэг ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр ч бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь хачин жигтэй зүйл биш; ердөө хүмүүс л дэндүү бодлогогүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэр яаж ч өөрчлөгдсөн бай, зан чанар, мэргэн ухаан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л нэрлэж болно гэж боддог бол мэдлэг чинь хэтэрхий хязгаарлагдмал юм байна. Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байна, Бурхан үргэлж, үүрд Есүс гэх нэртэй байна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж чи баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг дуусгасан бөгөөд сүүлчийн эрин үеийг ч бас дуусгана гэж чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг дуусгаж чадна гэж хэн хэлж чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?
Бурхан газар дээр ирэх бүрдээ Өөрийн нэр, хүйс, дүр төрх болон ажлыг өөрчилдөг; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй. Тэр бол үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Өмнө нь ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгддэг байв; энэ удаа дахин ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Өмнө нь ирэх үедээ Тэр эрэгтэй байсан; энэ удаа Тэр дахиад эрэгтэй байж болох уу? Нигүүлслийн эрин үед ирэхдээ Түүний ажил нь загалмайд цовдлогдох явдал байсан; дахин ирэх үедээ Тэр мөн л хүн төрөлхтнийг нүглээс золин аварч болох уу? Тэр дахин загалмайд цовдлогдож болох уу? Тэгэх нь Өөрийн ажлыг давтаж байгаа хэрэг болох бус уу? Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс бий. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажилд гарсан өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг нотолдоггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэднэ, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил урагшлахаа хэзээ ч больдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний зан чанар хүнд аажмаар илчлэгддэг бөгөөд илчлэгддэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм. Анх Бурханы зан чанар хүнээс нуугдмал байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч ил тод илчилж байгаагүй бөгөөд хүн Түүний талаар огт мэддэггүй байсан. Үүнээс болоод Тэр зан чанараа хүнд аажмаар илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигладаг боловч ийм маягаар ажиллах нь Бурханы зан чанар эрин үе бүрд өөрчлөгддөг гэсэн үг биш юм. Бурханы хүсэл үргэлж өөрчлөгдөж байгаа учраас зан чанар нь байнга өөрчлөгдөж байдаг юм биш. Харин ч Түүний ажлын эрин үеүд өөр өөр байдгаас болоод Бурхан, хүн Өөрийг нь мэддэг болж чадах байх гэсэндээ Өөрийн төрөлх зан чанарыг бүхэлд нь аваад, хүнд алхам алхмаар илчилдэг. Гэхдээ энэ нь, Бурхан анх ямар ч тодорхой зан чанаргүй байсан, эсвэл эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн нотолгоо яавч биш—ийм ойлголт нь андуу ташаа юм. Өөр өөр эрин үеийн дагуу Бурхан Өөрийн төрөлхийн болон тодорхой зан чанарыг—Тэр юу болохоо хүнд илчилдэг; ганц эрин үеийн ажил Бурханы бүх зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс “Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш” хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд “Бурхан хувиршгүй” хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үхмэл үгээр хязгаарлаж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэр байж болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагш ахиж байдгийн тэмдэг билээ.
Бурхан бол үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болохгүй; Сатан бол үргэлж Сатан ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин Түүний ажлын тухайд бол, энэ нь үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг. Хэрвээ шинэ эрин үед хүмүүс Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харж чадахгүй бол Түүнийг загалмайд үүрд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг хэлэхээ больсон; харин үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажил хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байв. Үүнээс хойш Бурханы нэр Ехова байхаа больсон; оронд нь Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс эхлээд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажил эхлүүлжээ. Иймээс өнөөдөр Еховагийн үгийг идэж, уусаар байгаа, мөн Хуулийн эрин үеийн ажлын дагуу бүхнийг хийсээр байгаа хүн—чи дүрэм журмыг сохроор мөрдөж байгаа бус уу? Чи өнгөрсөн үед гацчихаагүй гэж үү? Эцсийн өдрүүд ирсэн гэдгийг чи одоо мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр л байх юм гэж үү? Ехова Израилийн ард түмэнд Мессиа ирнэ гэж хэлсэн ч ирэх үедээ Тэрээр Мессиа биш, харин Есүс гэж нэрлэгдэж байв. Өөрөө дахин ирнэ, явсан шигээ ирнэ гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үг байсан боловч Есүс ямар байдлаар явсныг чи харсан уу? Есүс цагаан үүл хөлөглөн явж одсон, гэхдээ Тэр цагаан үүл хөлөглөн хүмүүсийн дунд биечлэн ирэх юм гэж үү? Хэрвээ тэгсэн бол Түүнийг Есүс гэж нэрлэсээр байх бус уу? Есүсийг дахин ирэх үед эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх тул Түүнийг Есүс гэж нэрлэсээр байж болох уу? Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Эрин үе бүр дэх Бурханы ажил үргэлж адилхан байж, Түүнийг үргэлж нэг нэрээр нэрлэдэг байсан бол хүн Түүнийг яаж мэдэх юм бэ? Бурханыг Ехова гэж нэрлэх ёстой, Бурханыг Ехова гэж нэрлэхээс бусдаар, өөр ямар нэг нэрээр нэрлэгддэг нэгэн бол Бурхан биш. Аль эсвэл Бурхан зөвхөн Есүс байж болох ба Есүсийн нэрээс өөр ямар ч нэрээр Түүнийг нэрлэж болохгүй; Есүсээс бусад тохиолдолд, Ехова бол Бурхан биш, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан төгс хүчит гэдэг нь үнэн боловч Бурхан бол хүнтэй хамт байдаг Бурхан, Түүнийг Есүс гэж нэрлэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байдаг гэж хүн итгэдэг. Ингэх нь хоосон сургаал мөрдөж, Бурханыг тодорхой цар хүрээнд хязгаарлаж байгаа хэрэг юм. Иймээс эрин үе бүрд Бурханы хийдэг ажил, Түүнийг нэрлэдэг нэр, Түүний авдаг дүр төрх—өнөөдрийг хүртэлх үе шат болгонд Түүний хийдэг ажил—эдгээр нь ганц ч дэг журмыг дагадаггүй ба ямар ч хязгаарлалтад баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа, Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил алгуур өөрчлөлт туулж, Түүний нэрэнд зохих өөрчлөлт гардаг. Ганц ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд эрин үе бүрд Түүний хийдэг ажил зан чанарыг нь төлөөлдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Хэрвээ хүн, эцсийн өдрүүдэд шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажил хийж эхэлсэн гэдгийг минь мэдэлгүй, Намайг дандаа Есүс Христ гэж дууддаг бол, мөн Аврагч Есүсийн ирэхийг үргэлж хэнхэглэн хүлээдэг бол тийм хүмүүсийг Би Надад итгэдэггүй хүмүүс гэж хэлнэ. Тэд бол Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд Надад итгэх итгэл нь хуурамч юм. Тийм хүмүүс Аврагч Есүсийн тэнгэрээс ирэхийг нүдээр үзэж чадах уу? Тэд Миний ирэхийг биш, харин иудейчүүдийн Хааны ирэхийг л хүлээдэг билээ. Ариун бус, хуучин энэ ертөнцийг бүрэн устгахыг минь тэд хүсэн мөрөөсдөггүй, харин өөрсдөө золин аврагдах гэсэндээ Есүсийн хоёр дахиа ирэхийг хүсэн хүлээдэг. Есүс энэхүү бузартсан, зөв шударга бус газраас бүх хүн төрөлхтнийг дахин нэг удаа золин аврахыг тэд хүлээдэг. Ийм хүмүүс эцсийн өдрүүд дэх Миний ажлыг гүйцэлдүүлэх хүмүүс болж яаж чадах юм бэ? Хүний хүсэл Миний хүслийг биелүүлж, Миний ажлыг хэрэгжүүлэх чадалгүй, учир нь хүн ердөө л Миний урьд нь хийсэн ажлыг биширч, нандигнадаг болохоос Намайг үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан Өөрөө гэдгийг огт мэддэггүй. Хүн Намайг Ехова, бас Есүс гэдгийг л мэддэг болохоос хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих эцсийн өдрүүдийн Нэгэн гэдгийг огт мэддэггүй. Хүний хүсэн хүлээдэг, мэддэг зүйл нь бүгд түүний үзлээс улбаатай бөгөөд энэ нь ердөө л тэдний хоёр нүдээрээ харж чадах зүйл байдаг. Тэр нь Миний хийдэг ажилтай нийцдэггүй, харин зөрчилддөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
“Бурхан бидэнтэй хамт” гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэлбэл энэ нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүс гэдэг нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Маш олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөр олон хүн, өөрсдийнх нь доторх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан маш агуу! Бурхан маш ариун! Бурхан маш хайр татам! Өнөөдөр хүний иймэрхүү үг хэллэг оргилдоо хүрсэн атал хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй байдаг, учир нь Бурханы оршихуй маш элбэг арвин агаад хүний хэл тун хомсхон. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, тэгвэл Тэрээр тогтсон нэг нэртэй байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд цаг хугацааны ач холбогдол бүхий энэхүү тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай агаад Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—аяа, үүнийг яах ч аргагүй—иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэхээ больж, Түүнийг зүгээр л “Бурхан” гэж дууддаг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн мөртөө бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг тул үүнийг ердөө дүрслэх аргагүй. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Ганц нэрийн төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүний нэрс байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдэл дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо ч Бурханы нэрийн араас хөөцөлдсөөр байна уу? Чи Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно хэмээн хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэж байх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Түүнийг ямар ч нэрээр нэрлэсэн бай—үүнийг Тэр Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр боловч энэ нэр бол хүний нэгтгэн дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт нэг Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, маш ухаалаг, маш өргөмжит, тун гайхалтай, тун нууцлаг, үнэхээр төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, тэгээд өөр юу ч хэлж чадахгүй; мэддэг бүхэн чинь ийм жаахан байдаг. Тийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд Бурхан ажлаа хийж байгаа хэвээр хэдий ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн