1. Дэлхийн даяар гамшиг байнга тохиолдож, цар хүрээ нь улам бүр нэмэгдэж байгаа нь эцсийн өдрүүд ирснийг тунхаглаж байна. Библид “Бүх зүйлийн төгсгөл ойрхон байна” (1 Петр 4:7) гэж хэлсэн байдаг. Эзэн эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ сайныг шагнаж, мууг шийтгэн, хүмүүсийн төгсгөлийг тодорхойлох болно гэдгийг бид мэднэ. Тэгэхээр Тэр хэрхэн сайныг шагнаж, мууг шийтгэн, хүмүүсийн төгсгөлийг тодорхойлох вэ?

Холбогдох Бурханы үг:

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд үүгээрээ Тэрээр зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөр өөр шинж чанартаа үндэслэн өөр өөр төрөлд хуваагддаг. Энэ нь чухамдаа Бурхан хүмүүсийн төгсгөл, хүрэх газрыг илчилдэг үе юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол тэрслүү, зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөлийг илчилж болно. Хүмүүс гэсгээгдэж, шүүгдэх үедээ л жинхэнэ төрхөө харуулдаг. Муу нь муутай, сайн нь сайнтай тавигдах бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр ёрын муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгнө. Энэ бүх ажил зөвт гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, тэрслүү байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас гэсгээлт, шүүлт голлосон, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүмүүсийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож, ёрын мууг илчилж чадна, тийнхүү зөв шударга бус бүхэн хатуу шийтгүүлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; эс бөгөөс хүн төрөлхтний нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний тэрслүү элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, газар дээр хүн төрөлхтний илүү өндөр байдалд орж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдөрт орж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэхийг нь цаашид зөвшөөрөхгүй. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд ёрын муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханы төлөө хөдөлмөрлөсөн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд ёрын муу байдлынхаа улмаас, тэрслүү байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран ёрын муу хүмүүс эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, эсвэл Бурханы эсрэг тэрсэлсэн үү гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтнийг аврах ажлаа хийж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, ёрын мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Харин ч Өөрийнх нь ажил бүрэн дуусах үед л үүнийг хийнэ. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь ганцхан зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр бүрэн ариусгагдсан хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан ёрын мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан тэднийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн дууссан ажил биш байх байлаа. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүрэн ариусгагдана; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг боловсруулж эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан замналыг, тэдний төрөлх ангиллыг болон тэдний эцсийн илрэлийг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас зугтаж чадахгүй, Миний хуваарилсны дагуу бүгд төрлөөрөө ангилагдана. Би хүний нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа хэчнээн өрөвдөлтэй байгаад нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй хүмүүс бүгд ялгаагүй шийтгүүлнэ гэдгийг та нар ойлгох ёстой. Энэ бол ямар ч хүний өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ хариуг амсдаг юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүн шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайсан эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханы төлөө хөдөлмөрлөсөн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн байдаггүй. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэлийн бай болно; түүнчлэн тэд ёрын муу үйл хэргийнхээ дагуу шийтгүүлнэ. Хүмүүс Бурханд итгэж, бас Түүнийг дуулгавартай дагаваас зохино. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй, Бурханд захирагдаж чаддаггүй хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулалтын ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбод дахь нүдэнд үзэгддэг Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцсээр байх юм бол энэ “тодорхойгүй үзэлтнүүд” эргэлзээгүй сүйрлийн бай болно. Та нарын дунд буй зарим хүн—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бүх хүн эцэстээ таягдан хаягдаж, устгагдана. Түүнчлэн, нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, Түүний илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг мөртөө тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг ч бас эрэлхийлдэг бүх хүн бүр ч илүүтэйгээр мөхлийн бай болно. Энэ хүмүүсийн аль нь ч Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг ирэх хүртэл үлдэж чадахгүй, амралтын цаг ирэх хүртэл ийм хүмүүстэй төстэй ганц ч хүн үлдэж чадахгүй. Чөтгөрийн хүмүүс үнэнийг хэрэгжүүлдэггүй; Бурханыг эсэргүүцэж, тэрслэх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханыг дуулгавартай дагах санаа зорилго тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдана. Чамд үнэн байгаа эсэх, чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, хааяа яаж ярьж, үйлддэгээс биш, харин мөн чанараас чинь хамаардаг. Хүн устгагдах уу, үгүй юу гэдэг нь мөн чанараар нь тодорхойлогддог; энэ нь хүний зан авир, үнэний эрэлхийллээр илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Бүгд ажил хийдэг, ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас хүн чанарын мөн чанар сайтай, үнэнийг эзэмшдэг хүмүүс бол үлдэх хүмүүс, харин хүн чанарын мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгддэг Бурханы эсрэг тэрсэлдэг хүмүүс бол сүйрлийн бай болох хүмүүс юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол ёрын муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, ёрын муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн боддог; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний ёрын муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Өөрийнх нь төлөө зарлагадан тодорхой цаг хугацааг өнгөрүүлснээс нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Ёрын муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байдаг, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алддаг бол мөн нэгэнтээ Бурханы төлөө үнэнчээр хөдөлмөрлөж байсан энэ хүмүүс эцэстээ Бурханд гэрчлэл хийж чадахгүй, оногдсон үүргээ биелүүлж чадахгүй хэвээр байдаг бол тийм хүмүүс сүйрлийн бай хэвээр байх болно. Товчхондоо бол ёрын муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Хүн ерөөл хүртэх, зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог болохоос бусдынхтай адил нийтлэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд иймэрхүү хэллэг, эсвэл дүрэм журам огт байдаггүй. Хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагыг хангаснаас болж байгаа бөгөөд эцэстээ амралтын үе хүртэл үлдэж чадахгүй бол Бурханы эсрэг тэрсэлж, Бурханы шаардлагыг хангаагүйгээс болж байгаа юм. Хүн бүрд тохирох хүрэх газар гэж бий. Энэ хүрэх газар нь хувь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусад хүмүүстэй ямар ч хамаагүй. Хүүхдийн ёрын муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй, зөв шударгыг нь ч эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийнх нь ёрын муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй, мөн эцэг эхийнх нь зөв шударгыг үр хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын ерөөлийг эдэлдэг. Хэн ч өөр хүнийг орлож чадахгүй; энэ нь зөвт байдал юм. Хүний өнцгөөс бол хэрвээ эцэг эх нь ерөөл хүртвэл үр хүүхдүүд нь ч бас хүртэж чадах бөгөөд үр хүүхдүүд нь мууг үйлдвэл эцэг эх нь тэдний нүглийг нөхөн төлөх ёстой байдаг. Энэ бол хүний үзэл бодол, аливааг хийх хүний арга зам юм; энэ нь Бурханы үзэл бодол биш. Хүн бүрийн төгсгөл, үйлдлээс нь гардаг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог ба энэ нь үргэлж зүй зохистойгоор тодорхойлогддог. Хэн ч өрөөл бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж байлаа гээд үр хүүхдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн үр хүүхдийн ачлалт хайр байлаа гээд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш. “Тэр үед хоёр хүн талбайд байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь орхино” гэх үгийн жинхэнэ утга учир энэ юм. Үр хүүхдээ гэх их хайрандаа үндэслэн мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж хэн ч чадахгүй, мөн өөрийн зөв шударга үйлдлийн үндсэн дээр эхнэрээ (эсвэл нөхрөө) амралтад аваачиж хэн ч чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байж чадахгүй. Эцсийн эцэст, зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, мууг үйлдэгчид нь мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгсэд эцэстээ амьд үлдэнэ, харин мууг үйлдэгчид устгагдана. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын муу хүмүүсийн үр хүүхдүүд зөв шударга үйл хийлээ ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх ёрын муу үйл хийлээ ч гэсэн, бүх ёрын муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, шүтлэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, шүтлэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүмүүс махан биеийн, гэр бүлийн сэтгэл татагдалт байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн, гэр бүлийн сэтгэл татагдалт байхаа болино. Үүргээ биелүүлдэг хүмүүс бол биелүүлдэггүй хүмүүсийн дайсан; Бурханыг хайрладаг хүмүүс болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол өөр хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад орох хүмүүс болон устгагдсан байх хүмүүс нь хоорондоо таарамжгүй хоёр төрлийн бүтээгдсэн зүйл юм. Үүргээ биелүүлдэг бүтээгдсэн зүйл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл сүйрлийн бай болно; үүнээс гадна, энэ нь мөнхөд үргэлжилнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Чи одоо шүүлт гэж юу болох, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамд шүүлтийг дуулгавартай дага гэж зөвлөе, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Зөвхөн шүүлтийг л хүлээн авдаг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс буюу шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханд жигшигдэн гологдоно. Тэдний нүгэл фарисайчуудынхаас хавьгүй илүү ноцтой, илүү их байдаг, учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Хөдөлмөрлөхөд ч зохисгүй энэ хүмүүс илүү хүнд шийтгэл буюу цаашлаад мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь чухамдаа Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго яг энэ биш гэж үү? Шүүлтийн цаг үед элдэв янзын ёрын муу үйл хийсэн хүмүүсийг Бурхан муу ёрын сүнснүүд язганасан газар луу явуулж, тэр муу ёрын сүнснүүдийн зоргоор махан биеийг нь устгуулдаг бөгөөд тэр хүмүүсийн биеэс хүүрийн өмхий үнэр ханхалдаг. Энэ нь тэдний зүй ёсны цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичдэг бөгөөд цаг нь ирэхэд Тэр тэднийг бузар сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр хүссэнээр нь бузарлуулдаг, ингэснээр тэр хүмүүс хэзээ ч дахин төрөхгүй, дахин хэзээ ч гэрэл үзэхгүй. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсээ хүртэл үнэнч хэвээр үлддэггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан ёрын муу хүмүүсийн дунд жагсааж, тэднийг ёрын муу хүмүүстэй хамт намагт хөлбөрөн, тэдэнтэй хамтдаа зүсэн зүйлийн өөдгүй этгээдүүдийн бүлэглэл үүсгэхэд хүргэх ба эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, эсвэл хүч чадлаасаа ямар ч хувь нэмэр оруулаагүй хүмүүсийг Бурхан хаяж, огт анзаарахгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурхан хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй, харин Бурхантай хааш яаш харьцахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг Бухан Өөрийнх нь ардуудад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийн дунд жагсаадаг. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чадна, харин ихэнх нь хөдөлмөр нь стандартад ч нийцэхгүй хүмүүсийн хамтаар устгагдана. Эцэст нь Бурхан Өөртэй нь адилхан зүрх сэтгэл, оюун санаатай хүмүүс, Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүсийг бүгдийг нь хаанчлалдаа аваачна. Тэд бол Бурханы ажлын биелэлт. Бурханы хуваасан ангиллын алинд нь ч багтаж чадахгүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд шүтлэггүй хүмүүсийн эгнээнд жагсах бөгөөд тэдний төгсгөл ямар байхыг та нар лавтайяа төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь ганцхан та нарын л сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй, Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Өмнөх: 3. Жинхэнэ Бурханд бас итгэдэг, сүм, чуулганд Бурханыг шүтдэг, бүхий л харагдах байдлаараа маш сүсэг бишрэлтэй харагддаг хүмүүс Иудейн шашин болон Христийн шашинд олон бий. Хэдийгээр зарим хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаггүй ч тэд Бурханыг илт эсэргүүцэх юм уу яллах ямар нэгэн зүйл хийгээгүй. Бурхан тэдэн шиг хүмүүсийг аврах болов уу?

Дараах: 2. ХКН болон шашны ертөнц Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцэн, олон цуу яриа, төөрөгдлийг зохиож, тараасаар ирсэн. Эдгээр цуурхал, төөрөгдлийг сохроор хүлээн авдаг, үнэн замыг эрж хайж, судлахад хүчин чармайлт гаргадаггүй хүмүүст Бурхан хэрхэн хандах вэ? Тэд ямар төгсгөлтэй байх бол?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх