Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Бидний сүүлийн хэдэн нөхөрлөл та нарын хүн нэг бүрд маш их нөлөө үзүүлсэн. Одоогийн байдлаар хүмүүс эцэст нь Бурханы жинхэнэ оршин тогтнол болоод Бурхан үнэндээ хүнд маш ойр байдгийг лавтай мэдэрч чаддаг. Хэдийгээр хүмүүс Бурханд маш олон жил итгэж байсан боловч Түүний бодол, санааг хэзээ ч одоогийнх шигээ үнэхээр ойлгоогүй, мөн Түүний бодитой үйлсийг одоогийнх шигээ үнэхээр мэдрээгүй. Мэдлэг байна уу, бодит хэрэгжүүлэлт байна уу аль нь ч бай, ихэнх хүн ямар нэг шинэ зүйл сурч, илүү их ойлголтод хүрч, урьдын эрэл хайгуулынхаа алдааг ухаарч, өөрсдийн туршлагын өнгөц байдлыг болон хэтэрхий их туршлага нь Бурханы хүсэлд нийцдэггүй болохыг, мөн хүнд хамгийн их дутагддаг зүйл нь Бурханы зан чанарын талаарх мэдлэг юм гэдгийг ухаарсан. Хүмүүсийн хувьд бол энэхүү мэдлэг нь ердөө л мэдрэмжид суурилсан мэдлэгийн нэг төрөл юм; ухаалаг мэдлэгийн түвшин рүү өсөхийн тулд туршлагаараа дамжуулан аажмаар гүнзгийрүүлж, бататгахыг шаарддаг. Хүн Бурханыг үнэхээр ойлгохоосоо өмнө, зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолд итгэдэг гэж субьектив байдлаар хэлж болох боловч Тэр үнэндээ ямар төрлийн Бурхан бэ, Түүний хүсэл юу вэ, Түүний зан чанар ямар вэ, хүн төрөлхтөнд хандах Түүний бодит хандлага ямар вэ гэх мэт тодорхой асуултуудын талаар тэдэнд ямар ч бодитой ойлголт байдаггүй. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийг асар ихээр эвдэж, итгэл нь хэзээ нэгэн цагт цэвэр ариун, төгс байдалд хүрэхэд саад болдог. Хэдий чи Бурханы үгтэй нүүр тулж, эсвэл туршлагаараа дамжуулан Бурхантай учирсан гэж санагдсан ч гэсэн Түүнийг бүрэн ойлгодог гэж хэлж бас л болохгүй. Чи Бурханы бодол, Тэр юуг хайрладаг, юуг үзэн яддаг, Түүнийг юу уурлуулдаг, Түүнд юу баяр хөөр авчирдгийг мэддэггүй учраас Түүний талаарх жинхэнэ ойлголт чамд байдаггүй. Итгэл чиний субьектив хүсэл дээр үндэслэсэн тодорхойгүй байдал, төсөөллийн суурин дээр бий болсон. Жинхэнэ итгэлээс энэ нь хол хэвээр, чи жинхэнэ дагагч болох хол хэвээр л байна. Библийн эдгээр түүхээс авсан жишээнүүдийн тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэл, Тэр ажлынхаа алхам бүрд юу бодож байсан, Тэр яагаад энэ ажлыг хийсэн, үүнийг хийх үеийн Түүний анхны санаа зорилго, төлөвлөгөө юу байсан, Тэр Өөрийн санаандаа хэрхэн хүрсэн, мөн Өөрийн төлөвлөгөөг хэрхэн бэлтгэж, боловсруулсныг мэдэх боломж олгосон. Эдгээр түүхээр дамжуулан бид Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын үеийн тодорхой санаа, бодит бодол бүрийнх нь талаар, өөр өөр цаг хугацаанд, өөр өөр эрин үед хүнд хандах Бурханы хандлагын талаар нарийвчилсан тодорхой ойлголт олж авч чадна. Нөхцөл байдал болгонтой тулгарахдаа Бурхан юу бодож байсан, Түүний хандлага ямар байсан, Түүний ил гаргадаг зан чанарыг хүмүүс ойлгож чадвал Түүний жинхэнэ оршин тогтнолыг улам гүнзгий ухаарч, Түүний бодитой, жинхэнэ байдлыг илүү гүнзгий мэдрэхэд нь хүн бүрд тусалж чадна. Эдгээр түүхийг ярьж байгаа Миний зорилго бол хүмүүст Библийн түүхийг ойлгуулах гэсэндээ биш, мөн Библийн мөрүүдийг, тэнд гардаг хүмүүсийг мэддэг болоход нь тэдэнд туслах гэсэндээ ч биш, тэр тусмаа, Хуулийн эрин үед Бурханы хийсэн зүйлийн цаад шалтгааныг ойлгоход хүмүүст туслахын тулд биш юм. Харин ч Бурханы хүсэл, зан чанар, Түүний өчүүхэн хэсэг нэг бүрийг ойлгож, Бурханы талаар илүү жинхэнэ, илүү үнэн зөв ойлголт, мэдлэг олж авахад хүмүүст туслахын төлөө юм. Ингэснээр хүмүүсийн зүрх сэтгэл бага багаар Бурханд нээгдэж, Бурхантай ойр болж, тэд Түүнийг, Түүний зан чанар, мөн чанарыг илүү сайн ойлгож, жинхэнэ Бурханыг Өөрийг нь илүү сайн мэдэж чадна.

Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох тухай мэдлэг нь хүмүүст эерэг нөлөө үзүүлж чадна. Бурханд илүү итгэлтэй болж, жинхэнээсээ Түүнд дуулгавартай болж, Түүний төлөө эмээдэг байдалд хүрэхэд нь тэдэнд тусалж чадна. Тэгээд тэд Түүнийг сохроор дагаж, шүтэн мөргөдгөө болино. Бурхан тэнэгүүдийг, олонхыг сохроор дагадаг хүмүүсийг биш, харин зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй, Бурханы гэрч болж чадах бүлэг хүнийг, Түүний хайр татам байдал, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Түүний зөвт зан чанараас болж Бурханыг хэзээ ч орхихгүй хүмүүсийг хүсдэг. Хэрвээ Бурханы дагагчийн хувьд, зүрх сэтгэл нь тодорхойгүй байдалтай байсаар, эсвэл Бурханы жинхэнэ оршин тогтнол, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, хүн төрөлхтнийг аврах Түүний удирдлагын төлөвлөгөө талаар тодорхой мэдэхгүй, төөрөлдсөөр байгаа бол итгэл чинь Бурханы магтаалыг хүртэж чадахгүй. Иймэрхүү хүн Өөрийг нь дагахыг Бурхан хүсдэггүй, ийм төрлийн хүн Өөрийнх нь өмнө ирэхэд Тэр дургүй. Учир нь, иймэрхүү хүн Бурханыг ойлгодоггүй, зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаггүй—тэдний зүрх сэтгэл Бурханд хаалттай байдаг учраас Түүнд итгэх итгэл нь өө сэвээр дүүрэн байдаг. Бурханыг дагаж байгаа байдлыг нь зөвхөн сохор гэж л хэлж болно. Бурханд жинхэнээсээ дуулгавартай болж, Түүнээс эмээхэд хүргэдэг Бурханы талаарх жинхэнэ ойлголт, мэдлэгтэй байвал л хүмүүс жинхэнэ итгэлийг олж авч, жинхэнэ дагагчид болж чадна. Зөвхөн ийм маягаар л тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд нээж чадна. Үүнийг Бурхан хүсдэг, учир нь тэдний хийдэг, боддог бүхэн Бурханы туршилтыг давж, Бурханд гэрчлэл хийж чадна. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Түүний хийж байгаа бүхэн дэх хүсэл, Түүний бодлынх нь талаар Миний та нарт ярьж байгаа бүхэн, Би ямар ч байрнаас, ямар ч өнцгөөс ярьж байсан, бүгд л Бурханы жинхэнэ оршин тогтнолын тухай илүү лавтай мэдэж, хүн төрөлхтний төлөөх Түүний хайр, хүмүүсийн төлөөх Бурханы сэтгэлийн зовнил, хүн төрөлхтнийг аварч, удирдах Түүний чин хүслийг үнэхээр улам илүү ойлгож, бодитойгоор үнэлэхэд чинь туслахын төлөө билээ.

Дэлхийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа, үйлдлийн тойм

Өнөөдөр бид эхлээд хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа, хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн эрин үе албан ёсоор эхлэх хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх болно. Бид дараа нь Бурханы бодол, санааны алийг нь хүн мэдэхгүй байгааг олж мэдэж болох бөгөөд тэндээсээ Бурханы удирдлагын төлөвлөгөөний дэс дарааллыг тодруулж, Бурхан Өөрийн удирдлагын ажлыг бий болгосон орчин нөхцөл, түүний эх сурвалж, хөгжлийн үйл явцыг, мөн түүнчлэн Түүний удирдлагын ажлаасаа гаргахыг хүсдэг үр дүнг—өөрөөр хэлбэл, Түүний удирдлагын ажлын гол цөм болон зорилгыг нэгд нэгэнгүй ойлгож чадна. Эдгээр зүйлийг ойлгохын тулд бид хүн байхгүй байсан тэр алс холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй…

Бурхан анхны амьд хүнийг биечлэн бүтээв

Бурханыг орноосоо өндийхөд нь анх төрсөн бодол нь: амьд хүн—жинхэнэ, амьтай хүнийг, хамт амьдарч, байнгын хань нөхөр нь байх хэн нэгнийг бүтээх явдал байв; энэ хүн Түүнийг сонсож, Тэр түүнд сэтгэлээ дэлгэж, ярилцаж чадах байв. Тэгээд Бурхан, анх удаа атга шороо авч, түүнийгээ ашиглан оюун санаандаа төсөөлсөн дүр төрхийн дагуу хамгийн анхны амьд хүнийг бүтээж, дараа нь энэхүү амьтай бүтээлд Адам хэмээх нэр өгсөн. Энэхүү амьд, амьсгалдаг хүнтэй болчхоод Түүнд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, хань нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Тэрээр мөн эцэг байхын хариуцлага, үүнтэй хамт ирдэг сэтгэлийн зовнилыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгалан авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы бодлоороо, тэр ч бүү хэл үгээрээ биш, харин хоёр гараараа хийсэн анхных нь зүйл байсан юм. Ийм оршихуй—бие махбод, хэлбэр дүрстэй, мах цуснаас бүрдсэн амьд, амьсгалдаг хүн Бурханы өмнө зогсоод Бурхантай ярьж чадаж байхад Тэр урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр хөөрийг мэдэрсэн билээ. Бурхан хариуцлагаа үнэхээр мэдэрч, энэхүү амьд оршихуй зүрх сэтгэлийг нь хөндөөд зогсохгүй, мөн өчүүхэн хөдөлгөөн бүрээрээ Түүний сэтгэлийг хөдөлгөж, зүрх сэтгэлийг нь дулаацуулж байсан. Энэхүү амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед олон ийм хүн олж авъя гэж Тэр анх удаагаа бодсон юм. Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн хэд хэдэн үйл явдлууд нь энэ байсан билээ. Бурханы хувьд энэ бүх үйл явдал нь анх удаа тохиолдсон боловч эдгээр анхны үйл явдал дээр Тэр тухайн үед баяр баясгалан, хариуцлага, сэтгэл зовнил гээд юу ч мэдэрч байсан гэсэн, тэдгээрийг Өөртэй нь хуваалцах хэн ч байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүн Түүний хайр, сэтгэл зовнил, хүнийг гэх санаа зорилгыг нь хүлээн авч, ухаарч ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн учраас Тэр зүрх сэтгэлдээ уйтгар гуниг, шаналлыг мэдэрсээр байсан юм. Хэдийгээр Тэр эдгээр зүйлийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь мэдэхгүй, бас ойлгоогүй. Бурханд хүний авчирсан аз жаргал, баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол, мэдрэмж байв. Бурхан энэ бүх зүйлийг хийж байх зуур Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь шаналал болон хувирч, эдгээр мэдрэмж нь сэтгэлийн түгшүүртэй холилдож байв. Түүний хийхийг хүсэж байсан ганц зүйл нь энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн санаа зорилгыг эртхэн ойлгуулахаар яаравчлах явдал байлаа. Тэгвэл тэд Түүний дагалдагчид болж, Түүнтэй адил бодолтой байж, Түүний хүсэлд нийцэж чадах байв. Тэд Бурханы айлдахыг зүгээр л сонсож, хэлэх үггүй хэвээр үлдэхээ болино; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юун түрүүнд тэд Бурханы шаардлагад хайхрамжгүй хандахаа болино. Бурханы хийсэн эдгээр анхны зүйл маш их утга учиртай бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнтэй байдаг.

Бүх зүйл болон хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн удирдлагыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний дундаас ихэд хайрладаг хүмүүсээ олж авах гэж тэсэн ядаж байв.

Хуулийн эрин үеийн хавьцаа Бурхан урьд хожид хийгдээгүй хэд хэдэн ажлыг хийв

Дараа нь Бурхан хүн төрөлхтөнийг бүтээснээс хойш нэг их удалгүй, бүх дэлхий даяар асар их үер болсон гэдгийг бид Библиэс харж болно. Үерийн тухай тэмдэглэлд Ноа дурдагддаг ба Ноа бол Бурханы даалгаврыг гүйцэтгэхийн тулд Түүнтэй хамт ажиллахаар Бурханы дуудлагыг хүлээн авсан анхны хүн байсан гэхэд болно. Мэдээжээр, энэ нь мөн Бурхан дэлхий дээр нэг хүнийг Өөрийнхөө тушаалын дагуу ямар нэг зүйл хийлгэхээр дуудсан анхны тохиолдол байсан. Ноа бүхээг барьж дуусахад Бурхан газар дэлхийг анх удаагаа үерт автуулсан. Бурхан дэлхийг үерээр устгах үедээ, хүмүүсийг бүтээснээсээ хойш тэднийг анх удаа маш их жигшиж байлаа; энэ нь хүн төрөлхтнийг усны үерээр устгах шаналгаатай шийдвэр гаргахад хүргэсэн зүйл юм. Үер газар дэлхийг сүйрүүлсний дараа Бурхан дэлхийг дахин хэзээ ч үерээр устгахгүй гэдгийг харуулах гэрээ буюу Өөрийн анхны гэрээг хүмүүстэй байгуулжээ. Энэхүү гэрээний тэмдэг нь солонго байлаа. Энэ нь хүн төрөлхтөнтэй байгуулсан Бурханы анхны гэрээ байсан тул солонго нь Бурханы өгсөн гэрээний анхны тэмдэг байв; солонго бол оршин байдаг бодитой, биет зүйл юм. Солонгын оршин тогтнол урьд нь алдсан хүн төрөлхтний хойноос Бурханд үргэлж уй гашууг төрүүлж, тэдэнд юу тохиолдсоныг Түүнд байнга сануулах зорилготой… Бурхан хурдаа сааруулаагүй—Тэр Өөрийн удирдлагын дараагийн алхмыг хийх гэж тэсэн ядаж байлаа. Тэгээд Бурхан Абрахамыг Израиль даяар хийх Өөрийн ажилд анхны сонголт болгон сонгосон. Энэ нь бас Бурхан ийм хүнийг сонгосон анхны тохиолдол байсан юм. Энэ хүнээр дамжуулан хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг хэрэгжүүлэн эхэлж, энэ хүний үр удмын дунд Өөрийн ажлыг үргэлжлүүлэхээр Бурхан шийдсэн. Абрахамтай хамт Бурханы хийсэн зүйл энэ юм гэдгийг бид Библиэс харж болно. Тэгээд Бурхан Израилийг эхний сонгогдсон газар болгож, Өөрийнхөө сонгосон ард түмэн буюу израильчуудаар дамжуулан Хуулийн эрин үеийн ажлаа эхэлсэн юм. Бурхан бас дахин анх удаагаа хүн төрөлхтний дагах ёстой тусгай хууль, дүрмээр израильчуудыг хангаж, тэдэнд дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ нь, тэд яаж тахил өргөвөл зохих, яаж амьдарвал зохих, юу хийх ёстой ба хийх ёсгүй, ямар баяр болон өдрүүдийг тэмдэглэх ёстой болон хийж байгаа бүхэндээ баримталбал зохих зарчмуудынх нь талаар маш тодорхой, стандартчилсан дүрмийг Бурхан хүнд өгсөн анхны тохиолдол байв. Энэ нь Бурхан хүн төрөлхтөнд хэрхэн амьдрах талаар тийм дэлгэрэнгүй, стандартчилсан журам, зарчим өгсөн анхны удаа байлаа.

Би “анх удаа” гэж хэлэх бүрдээ Бурханы урьд өмнө нь хэзээ ч гүйцэтгэж байгаагүй ажлыг хэлдэг. Энэ нь урьд өмнө нь оршин байгаагүй ажлыг хэлдэг бөгөөд Бурхан хэдийгээр хүн төрөлхтөн, бүх төрлийн биет, амьд зүйлсийг бүтээсэн боловч энэ нь Бурханы өмнө нь хэзээ ч хийж байгаагүй төрлийн ажил юм. Энэ бүх ажил нь хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагыг багтаасан; энэ нь бүгд хүмүүстэй, Түүний аврал болон хүн төрөлхтнийг удирдахтай холбоотой байсан. Абрахамын дараа Бурхан дахин нэг зүйлийг анх удаа хийсэн—Тэр Иовыг Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханы төлөө гэрчлэлд үргэлжлүүлэн зогсох зуураа Сатаны уруу таталтыг дааж чадах, хуулийн доор амьдардаг нэгэн болгохоор сонгосон. Энэ нь Бурхан Сатанд хүнийг уруу татах боломж олгосон анхны удаа байсан бөгөөд Сатантай мөрий тавьсан анхны удаа байсан. Эцэст нь Тэрээр, Сатантай тулгарах зуураа Өөрт нь гэрчлэл хийж чадах хүнийг, Сатаныг бүрмөсөн шившиглэж чадах хүнийг анх удаагаа олж авсан. Бурхан хүн төрөлхтнийг бүтээснээс хойш энэ нь Түүний олж авсан, Түүнд гэрчлэл хийж чадах анхны хүн байсан юм. Энэ хүнийг олж авчхаад Бурхан Өөрийн удирдлагыг үргэлжлүүлэн ажлынхаа дараагийн үе шатыг гүйцэтгэж, Өөрийнхөө ажлын дараагийн алхамд зориулан сонгох байршил болон хүмүүсийг бэлтгэхийг бүр ч илүү хүсэн эрмэлзэх болсон.

Энэ бүхний тухай нөхөрлөсний дараа та нар Бурханы хүслийн талаар жинхэнэ ойлголттой болсон уу? Хүн төрөлхтнийг удирдах, хүн төрөлхтнийг аврах энэ явдлыг Бурхан өөр юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн санаагаар, Өөрийн үгээр хийдэггүй ба мэдээж хааш яаш хандлагаар хийдэггүй—Тэр энэ бүх зүйлийг төлөвлөгөө, зорилго, стандарттайгаар, хүсэлтэйгээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан, хүн хоёрын аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, саад бартаа хэчнээн их байх нь, хүн хэчнээн сул дорой байх нь, эсвэл хүн төрөлхтний тэрслүү зан хэр гүнзгий байх нь хамаагүй, аль нь ч Бурханд хэцүү биш юм. Бурхан Өөрийгөө завгүй байлгаж, уйгагүй хичээл чармайлтаа зарцуулж, хийхийг хүсдэг ажлаа удирддаг. Түүнчлэн бүх зүйлийг зохицуулж, Өөрийн ажиллах тэр бүх хүнийг болон гүйцэлдүүлэхийг хүсдэг бүх ажлаа захирч байдаг—эдгээрийн аль нь ч урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй. Энэ нь Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг удирдаж, аврах энэхүү гол том төсөлд тийм өндөр төлөөс төлсөн анхны удаа юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Өөрийн шаргуу хичээл чармайлт, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин болон Өөрийн зан чанарын бүх талыг хүн төрөлхтөнд бага багаар, юу ч үлдээлгүй илэрхийлж, гаргаж байгаа. Тэрээр урьд өмнө нь Өөрийн хэзээ ч хийж байгаагүй эдгээр зүйлийг гаргаж, илэрхийлдэг. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурханд ийм их ойр бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар ч бүтээл хэзээ ч байгаагүй юм. Удирдаж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал; Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг. Хэдийгээр Тэр тэдний төлөө маш их төлөөс төлсөн ч гэсэн, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн гомдоож, дуулгаваргүй загнадаг ч гэсэн Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүй үргэлжлүүлдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд уярч, Түүнийг бүтээлийн Эзэн хэмээн таньж, Түүний дэргэд буцаж ирнэ гэдгийг Тэр мэддэг билээ…

Өнөөдөр энэ бүхнийг сонссоныхоо дараа Бурханы хийдэг бүх зүйл маш энгийн юм шиг та нарт санагдаж магадгүй. Хүмүүс Бурханы үг болон ажлаас тэдний төлөө гэсэн Түүний санаа зорилгын заримыг үргэлж мэдэрдэг мэт боловч тэдний мэдрэмж, мэдлэг болон Бурханы юу бодож байгаагийн хооронд үргэлж тодорхой хэмжээний зай байдаг. Тийм учраас, Бурхан яагаад хүн төрөлхтнийг бүтээсэн тухай болон Өөрийн найдаж буй хүн төрөлхтнийг олж авах хүслийнх нь цаад шалтгааны талаар бүх хүнд хэлэх нь чухал гэж Би боддог. Үүнийг хүн бүхэнтэй хуваалцах нь чухал, ингэснээр хүн бүхэн үүнийг зүрх сэтгэлдээ тодорхой мэддэг болж, ойлгож авна. Бурханы бодол, санаа бүр, Түүний ажлын үе, шат болгон бүхий л удирдлагын ажилтай нь уялдаж, нягт холбоотой байдаг, тиймээс та нар ажлынх нь алхам бүр дэх Бурханы бодол, санаа болон хүслийг ойлговол энэ нь Түүний удирдлагын төлөвлөгөөний ажил хэрхэн бий болсныг ойлгохтой адилхан юм. Энэ суурин дээр Бурханы талаарх ойлголт чинь гүнзгийрдэг. Миний өмнө нь дурдсан, энэ дэлхийг анх бүтээхдээ Бурханы хийсэн бүх зүйл нь хэдийгээр одоохондоо “мэдээлэл” төдий бөгөөд үнэнийг эрж хайхад хамаагүй мэт санагдаж болох боловч туршлагын чинь явцад, энэ нь ганц хоёрхон мэдээлэл төдий энгийн зүйл ч биш, зүгээр ч нэг нууц төдий биш юм гэж бодох өдөр ирэх болно. Чиний амь өсөхийн хэрээр, зүрх сэтгэлд чинь Бурхан жаахан байр эзлэх үед, эсвэл Түүний хүслийг бүхэлд нь гүн гүнзгий ойлгох үедээ чи Миний өнөөдөр ярьж байгаа зүйлийн ач холбогдол, хэрэгцээг үнэхээр ойлгох болно. Та нар үүнийг одоо хэр хэмжээнд хүлээн авсан нь хамаагүй, эдгээр зүйлийг ойлгож, мэдэх нь мөн л чухал юм. Бурхан ямар нэг зүйл хийхдээ, Өөрийн ажлыг гүйцэтгэхдээ санаагаараа ч бай, гараараа ч бай хамаагүй, анхны удаагаа ч юм уу, эсвэл сүүлчийн удаагаа ч хийсэн байх нь хамаагүй—хамгийн гол нь Бурханд төлөвлөгөө байдаг бөгөөд хийдэг юм бүхэнд нь Түүний зорилго, Түүний бодол байдаг. Эдгээр зорилго болон бодол нь Бурханы зан чанарыг төлөөлдөг ба тэдгээр нь Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлдэг. Энэ хоёр зүйл—Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох гэдгийг—хүн нэг бүр ойлгох ёстой. Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хүн ойлгомогцоо Бурхан яагаад ингэж хийж, яагаад ингэж хэлдгийг аажмаар ойлгож чадна. Тэгснээр тэд Бурханыг дагаж, үнэнийг болон зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэхдээ илүү их итгэлтэй байж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханы талаарх хүний ойлголт болон Бурханд итгэх итгэл нь салшгүй юм.

Хүмүүсийн мэдэж, ойлгож авдаг зүйл нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох байдаг байхад тэдний олж авдаг зүйл Бурханаас ирдэг амь байх болно. Нэгэнт энэ амь дотор чинь шингэсэн бол Бурханаас эмээх чинь улам бүр ихэснэ. Энэ бол аяндаа гарах үр дүн юм. Хэрвээ чи Бурханы зан чанар, эсвэл мөн чанарыг ойлгож мэдэхийг хүсэхгүй бол, хэрвээ чи эдгээр зүйлийн талаар тунгаан бодож, анхаарлаа хандуулахыг бүр ч хүсэхгүй байгаа бол Бурханд итгэх итгэлийг эрж хайж байгаа одоогийн арга зам чинь Түүний хүсэлд хэзээ ч нийцэхгүй, Түүний магтаалыг хүртэх боломж чамд олдохгүй гэдгийг Би баттай хэлж чадна. Түүнээс гадна, чи үнэхээр хэзээ ч аврал хүртэж чадахгүй—эдгээр нь эцсийн үр дагавар юм. Хүмүүс Бурханыг ойлгодоггүй, Түүний зан чанарыг мэддэггүй бол зүрх сэтгэлээ Түүнд хэзээ ч үнэнээсээ нээж чадахгүй. Тэд Бурханыг ойлгомогцоо Түүний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгож, амтлахаар сонирхож, үүнд итгэж эхэлнэ. Бурханы зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгож, амтлах үед зүрх сэтгэл чинь аажмаар, бага багаар Түүнд нээгддэг. Зүрх сэтгэлээ Түүнд нээх үедээ чи Бурхантай наймаацсан наймаа чинь, Бурханаас нэхдэг зүйл чинь, хэрээс хэтэрсэн хүсэл чинь хэчнээн ичгүүртэй, жигшүүртэй болохыг мэдрэх болно. Зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр нээх үедээ Түүний зүрх сэтгэл маш хязгааргүй ертөнц болохыг чи ойлгож, өмнө нь хэзээ ч үзэж мэдэрч байгаагүй хүрээнд орох болно. Энэ хүрээнд ямар ч башир арга, ямар ч хууран мэхлэлт, ямар ч харанхуй, ямар ч хорон муу байдаггүй. Тэнд зөвхөн чин сэтгэл болон итгэлтэй байдал байдаг; зөвхөн гэрэл болон шударга зан байдаг; зөвхөн зөвт байдал болон сайхан сэтгэл байдаг. Энэ нь хайр, халамжаар дүүрэн, энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байдаг бөгөөд үүгээр дамжуулан чи амьд байхын аз жаргал, баяр хөөрийг мэдэрнэ. Эдгээр зүйл нь зүрх сэтгэлээ Бурханд нээсний чинь дараа Түүний чамд илчлэх зүйл юм. Энэхүү хязгааргүй ертөнц Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаар дүүрэн байдаг; энэ нь мөн Түүний хайр, Түүний эрх мэдлээр дүүрэн байдаг. Эндээс чи Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Түүнд юу баяр баясгалан авчирдаг, Тэр яагаад санаа зовдог, Тэр яагаад гунигладаг, Тэр яагаад уурладаг … гэх мэт бүх талыг харж болно. Энэ нь өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж, Бурханыг оруулсан хүн нэг бүрийн харж чадах зүйл юм. Чи зүрх сэтгэлээ Түүнд нээсэн цагт л Бурхан зүрх сэтгэлд чинь орж чадна. Хэрвээ Тэр зүрх сэтгэлд чинь орох л юм бол чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харж чадах ба мөн чамайг гэх Түүний санаа зорилгыг харж чадна. Тэр үед чи Бурханы талаарх юм бүхэн маш үнэ цэнтэй бөгөөд Түүнд юу байгаа, Тэр юу болохыг үнэхээр эрхэмлэвээс зохистой гэдгийг олж мэдэх болно. Үүнтэй харьцуулахад эргэн тойронд чинь байгаа хүмүүс, юмс, үйл явдлууд, тэр ч байтугай хайртай хүмүүс, хань нөхөр, дуртай зүйлсийг чинь бараг дурдахын ч хэрэггүй юм. Тэдгээр нь маш өчүүхэн, маш дорд; ямар ч эд зүйл чамайг дахин хэзээ ч татаж чадахгүй, мөн ямар ч эд зүйл чамайг уруу татан, үүний төлөө ямарваа нэгэн төлөөс төлүүлж дахиад хэзээ ч чадахгүй гэдгийг чи мэдэрнэ. Бурханы даруу зангаас чи Түүний агуу байдал, бүхнээс давуу чанарыг нь харах болно. Түүнчлэн урьд нь чиний нэлээд жижиг гэж итгэж байсан, Бурханы зарим үйл хэргээс чи Түүний хязгааргүй мэргэн ухаан, хүлээцтэй байдлыг харж, Түүний тэвчээр, тэсвэр, мөн чиний талаарх ойлголтыг харах болно. Энэ нь чамд Түүнийг гэх хайрыг төрүүлнэ. Хүн төрөлхтөн ийм бузар ертөнцөд амьдарч байгааг, хажууд чинь байгаа хүмүүс, амьдралд чинь тохиолддог зүйлс, бүр хайрладаг хүмүүсийг чинь ч, чамайг гэсэн тэдний хайр, хамгаалалт, халамж гэгчийг нь хүртэл дурдахын ч хэрэггүй—гагцхүү Бурхан л чиний хайртай Нэгэн бөгөөд чиний хамгийн их эрхэмлэдэг Нэгэн бол гагцхүү Бурхан юм гэдгийг чи тэр өдөр мэдрэх болно. Тэр өдөр ирэхэд дараах зүйлийг хэлэх хүмүүс гарна гэж Би итгэж байна: Бурханы хайр маш агуу бөгөөд Түүний мөн чанар маш ариун—Бурханд ямар ч заль мэх, ямар ч хорон муу, ямар ч атаархал, хэрүүл тэмцэл байдаггүй, харин зөвхөн зөвт байдал, жинхэнэ байдал л байдаг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохын юм бүхнийг хүн хүсэн эрмэлзэх хэрэгтэй. Хүмүүс үүний төлөө хичээж, эрмэлзэх хэрэгтэй. Үүнд хүрэх хүн төрөлхтний чадвар юун дээр үндэслэдэг вэ? Энэ нь Бурханы зан чанарын талаарх тэдний ойлголт болон Бурханы мөн чанарын талаарх тэдний ойлголт дээр үндэслэдэг. Иймээс Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгох нь хүн бүрийн насан туршийн хичээл; зан чанараа өөрчлөхийг эрмэлздэг, Бурханыг мэдэхийг эрмэлздэг хүн бүрийн зорих насан туршийн зорилго юм.

Бурхан ажил хийхээр анх удаа бие махбодтой болов

Бид Бурханы анх удаа хийсэн, өмнө нь хэзээ ч хийж байгаагүй цуврал бүх ажлынх нь талаар дөнгөж сая ярилаа. Эдгээр зүйл нь дор бүрнээ Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы хүсэлтэй холбоотой юм. Тэдгээр нь бас Бурханы Өөрийн зан чанар болон Түүний мөн чанартай холбоотой. Хэрвээ бид Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа бол Хуучин Гэрээ юм уу Хуулийн эрин үед зогсож болохгүй—бид цааш үргэлжлүүлэн, Бурханы ажлын алхмуудыг дагах хэрэгтэй. Иймээс Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхдээ бидний өөрсдийн алхмыг Нигүүлслийн эрин үе рүү—нигүүлсэл, авралаар дүүрэн эрин үе рүү аваачсан. Энэ эрин үед Бурхан өмнө нь хэзээ ч хийж байгаагүй дахиад нэг маш чухал зүйлийг анх удаагаа хийсэн. Энэ шинэ эрин үе дэх ажил нь Бурхан болон хүн төрөлхтний аль алинд шинэ эхлэлийн цэг—Бурханы анх удаа хийсэн бас өөр нэг шинэ ажлаас бүрдсэн эхлэлийн цэг байсан юм. Энэ шинэ ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй, хүмүүс болон бүх зүйлийн төсөөлөхийн аргагүй зүйл байсан. Энэ нь одоо бүх хүний сайн мэддэг зүйл бөгөөд—Бурхан анх удаа хүн болж, анх удаа хүний дүр төрхтэйгээр, хүний ялгамж чанартайгаар шинэ ажлаа эхэлсэн юм. Энэ шинэ ажил нь Бурхан Хуулийн эрин үе дэх Өөрийн ажлыг дуусгасныг болон Тэрээр цаашид хуулийн дор юу ч хийхгүй, хэлэхгүй гэдгийг харуулжээ. Тэр хуулийн хэлбэрээр, эсвэл хуулийн дүрэм журам, зарчмын дагуу юуг ч ярихгүй ба юу ч хийхгүй. Өөрөөр хэлбэл, хууль дээр үндэслэсэн Түүний бүх ажил үүрд зогссон бөгөөд цаашид үргэлжлэхгүй, яагаад гэвэл, Бурхан шинэ ажил эхэлж, шинэ зүйл хийхийг хүссэн. Түүний төлөвлөгөө дахин нэгэнтээ шинэ эхлэлийн цэгт хүрсэн тул Бурхан хүн төрөлхтнийг дараагийн эрин үе рүү хөтлөх ёстой болжээ.

Энэ нь хүмүүсийн хувьд баярт мэдээ байсан уу, эсвэл муу ёрын мэдээ байсан уу гэдэг нь хувь хүн бүрийн мөн чанар ямар байснаас шалтгаалж байв. Зарим хүний хувьд энэ нь баяртай биш, харин муу ёрын мэдээ байсан гэж хэлж болно, учир нь зөвхөн хууль, дүрэм, сургаал номлолыг дагадаг боловч Бурханаас эмээдэггүй тэр хүмүүс Бурханыг шинэ ажлаа эхлэхэд нь Бурханы хуучин ажлыг хэрэглэн шинэ ажлыг нь яллах хандлагатай байлаа. Энэ хүмүүсийн хувьд энэ нь муу ёрын мэдээ байсан. Гэвч гэм зэмгүй, нээлттэй, Бурханд үнэнч бөгөөд Түүний авралыг хүлээн авахад бэлэн хүн бүрийн хувьд Бурхан анх удаа бие махбод болсон нь маш баяртай мэдээ байлаа. Учир нь хүмүүс оршин тогтнох болсноос хойш Бурхан хүмүүсийн дунд Сүнс бус хэлбэртэйгээр гарч ирж, амьдарсан анхны удаа нь энэ байсан; энэ удаа Тэр хүнээс төрж, хүмүүсийн дунд хүний Хүү болон амьдарч, тэдний дунд ажилласан юм. Энэхүү “анхны удаа” нь хүмүүсийн үзлийг нураасан; мөн бүх төсөөллийг давсан. Түүнчлэн Бурханы бүх дагагч бодитой ашиг тус хүртсэн юм. Бурхан хуучин эрин үеийг дуусгаснаар үл барам Өөрийн хуучин ажиллах арга барил болон ажиллах маягийг ч цэглэсэн. Тэрээр Өөрийнх нь хүслийг дамжуул гэж элч нараас шаардахаа больж, үүлний цаана нуугдахаа больж, аянгаар дамжуулан хүмүүст харагдаж, тушаангуй ярихаа ч больсон. Өмнөх ямар ч зүйлтэй адилгүйгээр, хүмүүсийн хувьд ойлгож, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан төсөөлшгүй аргаар буюу бие махбод болж, тухайн үеийн ажлыг эхлүүлэхийн тулд Тэрээр хүний Хүү болсон юм. Бурханы энэ үйлдэл хүн төрөлхтнийг бүрэн гайхшируулсан; энэ нь тэднийг бас сандраасан, учир нь Бурхан урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй шинэ ажлаа дахиад эхлүүлжээ. Өнөөдөр бид шинэ эрин үед Бурхан ямар шинэ ажил гүйцэтгэснийг харах бөгөөд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын тухайд энэ шинэ ажлаас юу сурч болохыг авч үзнэ.

Дараах үгийг Библийн Шинэ Гэрээнд тэмдэглэжээ:

1. Есүс Амралтын өдөр тариан түрүү шувтран идэв

Матай 12:1 Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.

2. Хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн мөн

Матай 12:6–8 Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.

Эхлээд энэ хэсийг авч үзье: “Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.”

Би яагаад энэ хэсгийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Амралтын өдөр байтал Эзэн Есүс гадагш гарч, тариан талбай дундуур шавь нараа дагуулан явсан гэдэг нь энэ бичвэрээс хамгийн түрүүнд бидэнд мэдэгдсэн зүйл юм. Үүнээс ч “тэрслүү” нь юу гэвэл, тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуульд зааснаар бол Амралтын өдөр хүмүүс дураараа гадагшаа гарах юм уу ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйл байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь урт хугацааны турш уг хуульд захирагдан амьдарсан хүмүүсийг балмагдуулж, тэр ч байтугай энэ нь бүр шүүмжлэл өдөөсөн юм. Тэдний самгардсан болон Есүсийн хийсэн зүйлийн талаар хэрхэн ярьж байсан тухай бид одоохондоо хойш тавиад Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдөр үүнийг хийхээр сонгож, тус хуульд захирагдан амьдарч байсан хүмүүст энэ үйлдлээрээ юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ хэсэг болон Миний ярихыг хүсэж байгаа Бурханы зан чанарын хоорондох холбоо энэ юм.

Эзэн Есүс ирэхдээ, Бурхан Хуулийн эрин үеийг орхин явж, шинэ ажил эхлүүлсэн ба энэхүү шинэ ажил нь Амралтын өдрийг сахихыг шаарддаггүй гэдгийг хүмүүст хэлэхийн тулд Өөрийн бодитой үйлдлийг ашигласан юм. Бурхан Амралтын өдрийн хязгаараас гарч буй нь ердөө л Түүний шинэ ажлын урьдчилсан жишээ байсан ба бодитой, агуу ажил үргэлжлэн явагдах гэж байсан юм. Эзэн Есүс Өөрийн ажлыг эхлүүлэхдээ Хуулийн эрин үеийн “гав дөнгийг” аль хэдийн ардаа орхисон ба тэрхүү эрин үеийн дүрэм, зарчмуудыг эвдэж гарсан байв. Түүнд хуультай холбоотой ямар ч зүйлийн ул мөр байгаагүй; Тэр үүнийг бүрмөсөн хаяж, цаашид мөрдөхөө больсон ба үүнийг мөрд гэж хүн төрөлхтнөөс шаардахаа больсон. Эндээс чи Эзэн Есүс Амралтын өдөр тариан талбайгаар явсан, Эзэн амраагүй гэдгийг харж байна; Тэрээр амралгүй, гадаа ажиллаж байсан. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн үзэлд цохилт болсон ба Тэр цаашид хуульд захирагдан амьдрахаа больж, Амралтын өдрийн хязгаарыг орхиж, хүн төрөлхтний өмнө, тэдний дунд шинэ дүр төрхтэйгээр, ажиллах шинэ арга замтайгаар гарч ирсэн гэдгийг энэ нь тэдэнд мэдэгдсэн юм. Түүний энэ үйлдэл нь хуулийн доороос гарч, Амралтын өдрийг орхисноор эхэлсэн шинэ ажлыг авчирсан гэдгийг нь хүмүүст хэлсэн юм. Бурхан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхдээ өнгөрсөнтэй цаашид зууралдаагүй бөгөөд Хуулийн эрин үеийн дүрэм журмын талаар цаашид тоохоо больсон. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр өдөр бүр ажилладагтайгаа адилаар Амралтын өдрөөр бас л ажилласан ба Амралтын өдөр шавь нар нь өлсөх үедээ тариан түрүү шувтран идэж байжээ. Бурханы нүдээр энэ нь тун хэвийн зүйл байв. Бурханы хувьд, хийхийг хүсдэг шинэ ажил, хэлэхийг хүсдэг шинэ зүйлээ шинээр эхлүүлэх боломжтой юм. Тэр ямар нэг шинэ зүйлийг эхлэх үедээ өмнөх ажлаа дахин дурддаг ч үгүй, үргэлжлүүлэн явуулдаг ч үгүй. Учир нь Бурхан ажиллахдаа Өөрийн гэсэн зарчимтай байдаг, Түүний шинэ ажил эхлэхийг хүсдэг үе нь хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд тэр үед Түүний ажил илүү өндөр түвшинд орно. Хэрвээ хүмүүс хуучны үгээр юм уу дүрэм журмын дагуу ажилласаар, тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнийг нь санахгүй, эсвэл сайшаахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон. Шинэ ажил эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын өөр өөр талыг харж чаддаг. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучин зүйлтэй зууралддаггүй, эсвэл хуучирч элэгдсэн замаар алхдаггүй; ажиллаж, ярих үедээ Тэр хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм чөлөөлөгдсөн, чөлөөтэй байдаг ба юу ч хориглодоггүй, ямар ч хязгаарлалт байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй, эсвэл шавар баримал биш бөгөөд хүмүүсийн хоймортоо залж, шүтэн мөргөдөг шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, цоглог бөгөөд хүн төрөлхтөнд авчирдаг үг болон ажил нь бүгд амь, гэрэл, бүгд эрх чөлөө, чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэн, амь, замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд юунд ч баригддаггүй. Хүмүүсийн юу хэлэх нь хамаагүй, Түүний шинэ ажлыг яаж ч харж, яаж ч үнэлэх нь хамаагүй, Тэр Өөрийн ажлыг огт тээнэгэлзэлгүй биелүүлэх болно. Тэр хэний ч үзлийг, эсвэл Өөрийнх нь ажил болон үгийг буруутган чичихийг, Өөрийнх нь шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхийг ч хүртэл тоохгүй. Бүх бүтээлийн дундаас хэн ч хүний оюун ухаан, хүний төсөөлөл, мэдлэг, эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж, тодорхойлж, Түүний ажлыг гутааж, үймүүлж, хорлон сүйтгэж чадахгүй. Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориг байдаггүй; энэ нь ямар ч хүн, үйл явдал, зүйлд хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин үймүүлж чадахгүй. Түүний шинэ ажлын тухайд бол, Тэр үүрдийн ялгуусан Хаан байж, аливаа дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл, төөрөгдөл Түүний хөлийн улан дор гишгэлүүлдэг. Тэрээр Өөрийн ажлын аль шинэ үе шатыг хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь гарцаагүй хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих бөгөөд Түүний агуу ажил гүйцэлдэх хүртэл бүхий л орчлон ертөнц даяар саадгүй хэрэгжих нь лавтай. Энэ бол Бурханы төгс хүчин, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. Тиймээс Эзэн Есүс Амралтын өдрөөр шууд гадагш гарч, ажиллаж байсан, учир нь Түүний зүрх сэтгэлд ямар ч дүрэм байгаагүй, хүн төрөлхтнөөс үүсэн гарсан ямар ч мэдлэг, сургаал номлол байгаагүй. Түүнд байсан зүйл нь Бурханы шинэ ажил, Бурханы зам юм. Түүний ажил хүн төрөлхтнийг чөлөөлж, хүмүүсийг суллаж, гэрэлд оршин тогтнож, амьдрах боломж олгох зам байлаа. Харин шүтээн болон хуурамч бурхдыг шүтдэг хүмүүс өдөр бүр Сатанд хүлэгдэн амьдарч, бүх төрлийн дүрэм, хориг цээрт баригддаг—өнөөдөр нэг зүйл хориглогдсон бол маргааш нь өөр нэг зүйл гэх мэтээр—амьдралд нь ямар ч эрх чөлөө байдаггүй. Тэд ярьж хэлэх ямар ч баяр баясгалангүй амьдардаг, гав, дөнгөтэй хоригдол шиг л байдаг. “Хориг” гэж юуг төлөөлдөг вэ? Энэ нь хязгаарлалт, хүлээс болон мууг төлөөлдөг. Хүн нэг шүтээн шүтэж эхэлмэгцээ хуурамч бурхан, муу ёрын сүнсийг шүтэж байгаа юм. Тийм үйл ажиллагаанд оролцохын хамтаар хориг ирдэг. Чи энийг, эсвэл тэрийг идэж болохгүй, өнөөдөр гарч болохгүй, маргааш хоол хийж болохгүй, нөгөөдөр шинэ байранд нүүж орж болохгүй, хурим, эсвэл оршуулга хийхэд, эсвэл бүр хүүхэд төрүүлэхэд ч тодорхой өдрүүдийг сонгох ёстой болдог. Үүнийг юу гэдэг вэ? Үүнийг хориг гэдэг; энэ нь хүн төрөлхтний хүлээс бөгөөд тэднийг хянаж, тэдний зүрх сэтгэл, биеийг хязгаарлаж байгаа Сатан болон муу ёрын сүнснүүдийн гав дөнгө юм. Бурхан ийм хориг тавьдаг уу? Бурханы ариун байдлын талаар ярих үедээ чи эхлээд: Бурхан ямар ч хориг тавьдаггүй. Бурханд үг болон ажилдаа баримталдаг зарчим байдаг боловч ямар ч хориг тавьдаггүй, учир нь Бурхан Өөрөө үнэн, зам, амь мөн гэдэг талаар бодох ёстой.

Одоо бичвэрээс дараах эшлэлийг авч үзэцгээе: “Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Матай 12:6–8). Энд буй “сүм” гэх үг юуг хэлж байна вэ? Энгийн үгээр хэлбэл, “сүм” гэж сүр жавхлантай, өндөр барилгыг хэлдэг ба Хуулийн эрин үед сүм нь тахилчид Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна” гэхдээ “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээжээр, “нэгэн” гэдэг нь бие махбодтой Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байлаа. Тэдгээр үг нь хүмүүст юу хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн—Бурхан сүмийг аль хэдийн орхиж, тэнд ажиллахаа больсон байсан, тиймээс хүмүүс сүмийн гадна Бурханы мөрийг хайж, Түүний шинэ ажилд Түүний алхмыг дагах ёстой юм. Эзэн Есүс ингэж хэлсний цаад үндэслэл нь хуулийн доорх хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үздэг болсон байв. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмийг шүтэж байсан учраас шүтээн бүү шүт, харин Бурханыг шүт, учир нь Тэр бол дээдийн дээд юм гэдгийг Эзэн Есүс тэдэнд анхааруулжээ. Тиймээс Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг болгооно” гэж хэлсэн юм. Эзэн Есүсийн нүдээр бол хуулийн доор амьдарч байсан ихэнх хүмүүс Еховаг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөсөн дүр эсгэж байсан нь тодорхой бөгөөд Эзэн Есүс үүнийг шүтээн шүтэх явдал гэж тодорхойлсон. Эдгээр шүтээн шүтэгч нь сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш, зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алдах байв. Сүмгүйгээр тэд шүтэх газаргүй болж, тахилаа өргөж чадахгүй болдог байлаа. Тэдний “амьдрах газар” гэгч нь сүмд байрлаж, өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэхийн тулд Ехова Бурханыг шүтэн мөргөх нэрийдлээр хуурамч дүр эсгэдэг газар юм. Тэдний “тахил өргөх” гэгч нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор ердөө л өөрсдийнхөө хувийн ичгэвтэр ажлыг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд хүмүүс болон Бурханыг хуурахдаа сүмийг нүүрэн тал, тахилыг халхавч болгон ашиглаж байсан учраас Эзэн Есүс хүмүүст анхааруулахын тулд эдгээр үгийг хэлсэн билээ. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөө үед хамааруулж үзвэл энэ нь адилхан хүчинтэй, адилхан чиг хандлагатай хэвээр байна. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийн туулсан Бурханы ажлаас ялгаатай ажлыг туулсан боловч тэдний уг чанар-мөн чанар нь адилхан. Өнөөдрийн ажлын орчин нөхцөлд хүмүүс “сүм бол Бурханаас илүү агуу” гэх үгээр дүрсэлсэнтэй адил төрлийн зүйлийг хийсээр л байх болно. Жишээ нь, хүмүүс үүргээ биелүүлэхийг өөрсдийн ажил мэт үздэг; Бурханд гэрчлэл хийж, агуу улаан луутай тулалдахыг тэд хүний эрхийг хамгаалсан, ардчилал, эрх чөлөөний төлөөх улс төрийн хөдөлгөөн мэтээр үздэг; тэд өөрсдийн үүргийг ашиглан ур чадвараа мэргэжил болгосон боловч Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг зүгээр л нэг дагаж мөрдөх шашны номлолоос өөр юу ч биш мэт үздэг; гэх мэт. Эдгээр зан авир нь мөн чанартаа “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил биш гэж үү? Ялгаа нь гэвэл, хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсан бол өнөөдөр өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна. Дүрмийг эрхэмлэдэг тэр хүмүүс дүрмийг Бурханаас илүү агуу гэж үздэг, байр сууринд хайртай хүмүүс байр суурийг Бурханаас илүү агуу гэж үздэг, мэргэжилдээ хайртай хүмүүс мэргэжлээ Бурханаас илүү агуу гэж үздэг гэх мэт—тэдний бүхий л илэрхийлэл нь Намайг “Хүмүүс үгээрээ Бурханыг хамгийн агуу гэж магтдаг боловч тэдний нүдэнд бүх зүйл Бурханаас илүү агуу байдаг” гэж хэлэхэд хүргэж байна. Учир нь хүмүүс Бурханыг дагах замдаа өөрсдийн авьяасыг харуулж, өөрсдийн ажил хэрэг, мэргэжлийн албыг гүйцэтгэх боломж олмогцоо Бурханаас холдож, хайртай ажил мэргэжилдээ өөрсдийгөө зориулдаг. Бурханаас тэдэнд даалгасан зүйл, Бурханы хүслийн тухайд бол тэдгээр зүйл аль хэдийн хаягдсан байдаг. Энэ хүмүүс болон хоёр мянган жилийн өмнө өөрсдийн ажил хэргийг сүмд явуулж байсан хүмүүсийн байр байдал хоорондоо ямар ялгаатай юм бэ?

Дараа нь энэ хэсэг дэх “Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая. Энэ өгүүлбэрт бодитой тал байна уу? Та нар бодитой талыг нь харж байна уу? Бурханы хэлдэг үг бүр Түүний зүрх сэтгэлээс гардаг, тэгвэл Тэр яагаад ингэж хэлсэн бэ? Та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Та нар энэ өгүүлбэрийн утгыг одоо ойлгож байж магадгүй, гэхдээ үүнийг хэлсэн тэр цагэх үед тийм ч олон хүн ойлгоогүй, учир нь хүн төрөлхтөн дөнгөж Хуулийн эрин үеэс гарч байсан юм. Тэдний хувьд Амралтын өдрийг орхих нь маш хэцүү байсан бөгөөд жинхэнэ Амралтын өдөр юу болохыг ойлгох талаар бол ярихын ч хэрэггүй.

“Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн өгүүлбэр нь хүмүүст Бурханы талаарх бүх зүйл материаллаг бус шинж чанартай гэдгийг хэлж байгаа бөгөөд хэдийгээр Бурхан бүх материаллаг хэрэгцээг чинь хангаж чадах боловч бүх материаллаг хэрэгцээ чинь хангагдмагц эдгээр зүйлээс авах сэтгэл ханамж үнэний эрэл хайгуулыг чинь орлож чадах уу? Мэдээж тэгэх боломжгүй! Бидний нөхөрлөсөн Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хоёулаа үнэн юм. Үүний үнэ цэнийг, хэчнээн ч үнэ цэнтэй бай, ямар нэг материаллаг зүйлтэй харьцуулж болохгүй, мөн үнэ цэнийг нь мөнгөөр хэмжиж болохгүй, учир нь энэ бол материаллаг зүйл биш бөгөөд хүн нэг бүрийн зүрх сэтгэлийн хэрэгцээг хангадаг. Хүн бүрийн хувьд эдгээр биет бус үнэний үнэ цэн нь чиний үнэлдэг ямар ч материаллаг зүйлийн үнэ цэнээс илүү байх ёстой, тийм биз дээ? Энэ мэдэгдэл нь та нарын тунгаан бодох хэрэгтэй зүйл юм. Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы юм бүхэн хүн нэг бүрийн хувьд хамгийн чухал зүйл бөгөөд тэдгээрийг ямар ч материаллаг зүйл орлож чадахгүй гэдэг бол Миний хэлсэн үгийн гол утга нь юм. Би чамд нэг жишээ хэлье: Өлссөн үед чамд хоол хэрэгтэй. Энэ хоол нь харьцангуй сайн, эсвэл харьцангуй хангалтгүй байж болох боловч цадталаа идчих л юм бол өлсгөлөн байх тааламжгүй мэдрэмж арилна—алга болно. Чи тайван сууж чадах ба бие чинь амарна. Хүмүүсийн өлсгөлөнг хоолоор шийдэж болно, харин чи Бурханыг дагаж байхдаа Түүний талаар юу ч ойлгоогүйгээ мэдэрвэл өөрийн зүрх сэтгэл дэх хоосон байдлыг хэрхэн шийдэх вэ? Үүнийг хоолоор шийдэж болох уу? Эсвэл чи Бурханыг дагаж байхдаа Түүний хүслийг ойлгохгүй бол зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнгөө дарахын тулд юу хэрэглэх вэ? Бурханаар авруулах туршлагынхаа явцад өөрийн зан чанарыг өөрчлөхөөр зорих зуураа хэрвээ чи Түүний хүслийг ойлгохгүй бол, эсвэл үнэн юу болохыг мэдэхгүй бол, Бурханы зан чанарыг ойлгохгүй бол сэтгэл чинь тавгүйтэх бус уу? Зүрх сэтгэл чинь айхтар өлсөж, цангахыг мэдрэх бус уу? Эдгээр мэдрэмж зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдрэхэд чинь саад болох бус уу? Иймээс чи өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг хэрхэн дарах вэ—үүнийг шийдэх арга зам бий юу? Зарим хүн дэлгүүр хэсдэг, зарим нь итгэл даах найзтай болдог, зарим нь ханатлаа унтдаг, бусад нь Бурханы үгийг илүү их уншдаг, эсвэл үүргээ биелүүлэхийн тулд улам шаргуу ажиллаж, илүү их хүч чармайлт зарцуулдаг. Эдгээр зүйл та нарын жинхэнэ бэрхшээлийг шийдэж чадах уу? Та нар иймэрхүү аргыг бүгдээрээ бүрэн ойлгож байгаа. Арга тасрах үед чинь, үнэний бодит байдал болон Бурханы хүслийг мэдэх боломжийг олгох Бурханы гэгээрлийг олж авъя гэсэн хүчтэй хүслийг мэдрэх үед чинь чамд юу хамгийн их хэрэгтэй вэ? Чамд хэрэгцээтэй зүйл бол их хоол ч биш, хэдэн сайхан үг ч биш, тэр ч байтугай, махан биеийн түр зуурын тав тух болон ханамж ч биш—чамд хэрэгцээтэй зүйл бол юу хийх ёстойг чинь, үүнийг хэрхэн хийх ёстойг чинь Бурхан чамд шууд, тодорхой хэлэх, үнэн гэж юу болохыг чамд тодорхой хэлж өгөх явдал юм. Үүнийг ойлгосны дараа, өчүүхэн жаахан ойлголттой болсон ч гэсэн чиний зүрх сэтгэлд сайхан хоол идсэнээс ч илүү ханамжтай санагдахгүй гэж үү? Сэтгэл чинь хангалуун байх үед зүрх сэтгэл, бүхий л оршихуй чинь жинхэнэ амралтыг олж авдаг бус уу? Би яагаад “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн энэ өгүүлбэрийг та нартай хуваалцахыг хүссэнийг энэ зүйрлэл болон шинжилгээнээс одоо ойлгож байна уу? Үүний утга нь Бурханаас ирдэг зүйл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний юм болгон нь бусад ямар ч зүйлээс, хамгийн их нандигнан хайрладаг гэж бодож байсан зүйл юм уу хүнээс чинь ч илүү агуу юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн Бурханы амнаас үг сонсож чадахгүй, Түүний хүслийг ойлгохгүй бол амралтыг олж авч чадахгүй. Намайг яагаад та нарт энэ эшлэлийг харуулах гэж хүссэнийг та нар хожмын туршлагаараа ойлгох болно—энэ бол маш чухал. Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Үнэн гэдэг бол хүмүүсийн амьдралд дутагдаж болохгүй зүйл, тэд үүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; бас энэ бол хамгийн агуу зүйл гэж хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, хүрч чадахгүй боловч ач холбогдлыг нь үл ойшоож болохгүй; энэ бол зүрх сэтгэлийг чинь амрааж чадах цорын ганц зүйл билээ.

Үнэний талаарх ойлголт чинь та нарын байр байдалтай нийлж байна уу? Бодит амьдрал дээр аль үнэн нь чамтай учирсан хүмүүс, үйл явдал, зүйлстэй холбоотой байгааг чи эхлээд бодох ёстой; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Үнэний аль тал нь чамд учирсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр шууд Бурханы хүслийг хайхаар явбал энэ нь үр дүнд хүрч чадахгүй харалган хандлага юм. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар зүйлс тохиолдсон, тэдгээр нь үнэний ямар талтай холбоотой болохыг харж, чиний туулсан зүйлтэй холбоотой зарим үнэнийг Бурханы үгээс хайх хэрэгтэй. Дараа нь өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг тэрхүү үнэнээс хай; ийм маягаар чи Бурханы хүслийг шууд бусаар ойлгож чадна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь эргэцүүлж бодолгүй шууд л нэг сургаалыг хэрэглэх, эсвэл нэг хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь өөрөө, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээгдсэн зүйлийн амьдралдаа дагах ёстой дүрэм, өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол туулсан туршлагаараа аль болох их ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа, Тэр юу болохыг тод томруун болгож, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг тодорхой илэрхийлдэг; энэ нь Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсдэг, Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг, ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгээс зан чанарыг нь ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой туршлагаар энэхүү ойлголтод хүрэх шаардлага юм. Хэрвээ хүн Бурханыг мэдэхийн тулд бодит амьдралаас холдвол үүнийгээ биелүүлж чадахгүй. Бурханы үгээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн тэдний ойлголт нь онол болон үгээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан Өөрөө яг ямар вэ гэдгээс зөрүүтэй байдаг.

Бидний одоо ярилцаж байгаа зүйлс бүгд Библид тэмдэглэсэн түүхийн цар хүрээнд байдаг. Эдгээр түүхээр дамжуулан, эдгээр тохиолдсон зүйлсийг шинжилснээр дамжуулан хүмүүс Түүний зан чанарыг болон Түүний илэрхийлсэн Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгож чадах ба энэ нь Бурханы бүх талыг илүү өргөн, илүү гүнзгий, илүү ойлгомжтой, илүү нарийн ойлгох боломжийг тэдэнд олгодог. Тэгэхээр Бурханы бүх талыг таних цорын ганц арга зам нь эдгээр түүхийг мэдэх явдал уу? Үгүй ээ, энэ нь цорын ганц арга зам биш! Учир нь, Хаанчлалын эрин үед Бурханы хэлдэг зүйл, хийдэг ажил нь Түүний зан чанарыг мэдэж, үүнийг илүү бүрэн мэдэхэд хүмүүст илүү сайн тусалж чаддаг. Гэвч хүмүүсийн сайн мэддэг Библид тэмдэглэсэн түүх юм уу жишээгээр дамжуулан Бурханы зан чанарыг, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгох нь арай хялбар гэж Би бодож байна. Би шүүлт, гэсгээлтийн үгсийг болон өнөөдөр Бурханы илэрхийлдэг үнэнийг үг үгээр нь хэлж, ийм маягаар Бурханыг мэдүүлэх гэвэл чамд энэ нь хэтэрхий улиг болсон, хэтэрхий залхмаар санагдах бөгөөд тэр ч байтугай, зарим хүнд Бурханы үг нэгэн хэвийн санагдах болно. Харин Бурханы зан чанарыг мэдэхэд нь хүмүүст туслахын тулд Би Библийн түүхүүдийг жишээ болгон авах юм бол хүмүүст уйтгартай санагдахгүй. Тэр үед Бурханы зүрх сэтгэлд юу байсан тухай—Түүний ааш зан, уян сэтгэл, эсвэл Түүний бодол, санаа гээд нарийн зүйлс хүмүүст хүний хэлээр өгүүлэгдсэн, эдгээр жишээг тайлбарлах явцад энэ бүхний зорилго нь Бурханд юу байгаа, Тэр юу болох нь нэгэн хэвийн биш гэдгийг тэдэнд ойлгуулж, мэдрүүлэх явдал гэж хэлж болох юм. Энэ нь домог биш, эсвэл хүмүүсийн харж, хүрч чадахгүй зүйл ч биш. Энэ бол үнэхээр оршин байдаг, хүмүүсийн мэдэрч, ойлгож чадах зүйл гэдгийг тэдэнд ойлгуулж, мэдрүүлдэг. Энэ бол эцсийн зорилго билээ. Энэ эрин үед амьдарч байгаа хүмүүс ерөөгдсөн гэж хэлж болно. Бурханы өмнөх ажлын талаар илүү өргөн ойлголтыг олж авахын тулд тэд Библийн түүхүүдийг ашигладаг; Түүний хийсэн ажлаас тэд Түүний зан чанарыг харж чадна; Бурханы илэрхийлсэн эдгээр зан чанараар дамжуулан хүн төрөлхтнийг гэх Бурханы хүслийг ойлгож, Түүний ариун байдлын тод томруун илрэл болон хүмүүсийг гэх анхаарал халамжийг нь ойлгож чадна, ийм маягаар тэд Бурханы зан чанарын талаар илүү нарийн, илүү гүн гүнзгий мэдлэгт хүрч чадна. Та нар одоо бүгдээрээ үүнийг мэдэрч байгаа гэдэгт Би итгэж байна!

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн дуусгасан ажлын цар хүрээнээс Бурханд юу байгаа, Тэр юу болохын өөр нэг талыг харж болно. Энэ тал нь Түүний бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн бөгөөд Түүний хүн чанараас хүмүүс үүнийг харж, ойлгож чадсан юм. Махбод дахь Бурхан Өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулсныг хүмүүс хүний Хүүгээс харсан бөгөөд махбодоор илэрхийлэгдсэн Бурханы бурханлаг чанарыг харсан юм. Энэ хоёр төрлийн илэрхийлэл нь тун бодитой Бурханыг харах боломжийг хүмүүст олгож, Бурханы талаар өөр ухагдахуунтай болох боломжийг олгосон. Гэвч дэлхийг бүтээснээс Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх цаг хугацаанд, өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеэс өмнө хүмүүсийн харж, сонсож, туулсан Бурханы талууд нь Бурханы бурханлаг чанар, материаллаг бус хүрээнд Бурханы хийсэн, хэлсэн зүйл, мөн харж, хүрч болшгүй үнэн биеэсээ Түүний илэрхийлсэн зүйлс байлаа. Эдгээр зүйл нь хүмүүст, Бурхан агуу байдлаараа сүндэрлэж байдаг бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг байнга мэдрүүлдэг байв. Бурхан өөрсдийнх нь ухамсарлах чадварт жирсхийн орж ирээд гараад явчихдаг гэсэн сэтгэгдлийг хүмүүст Бурхан төрүүлсэн бөгөөд Түүний бодол, санаа нэг бүрийг ойлгож, ухаарахаар оролдох нь байтугай тэдгээрт хүрэх ямар ч аргагүй, маш нууцлаг, баригдашгүй гэж хүмүүст санагддаг байлаа. Хүмүүсийн хувьд Бурханы бүх зүйл маш хол, хүмүүс харж, хүрч чадахааргүй тун хол байв. Тэрээр тэнгэрт өндөрт байгаа мэт санагддаг, бас огт оршин байдаггүй мэт санагддаг байлаа. Иймээс хүмүүсийн хувьд Бурханы зүрх сэтгэл, санааг, эсвэл Түүний ямар нэгэн бодлыг ойлгох нь биелшгүй, бүр хүрэхийн ч аргагүй байсан юм. Хэдийгээр Бурхан Хуулийн эрин үед тодорхой зарим ажил гүйцэтгэж, түүнчлэн Түүний тухай зарим нэг бодитой мэдлэгийг биеэр туулж, ухамсарлах боломжийг хүмүүст олгох нэлээд нарийн тодорхой үг хэлж, нэлээд нарийн тодорхой зан чанар илэрхийлсэн боловч эцсийн эцэст, Бурханд юу байгаа, Тэр юу болохын эдгээр илэрхийлэл нь материаллаг бус хүрээнээс ирсэн бөгөөд хүмүүсийн ойлгосон, мэдсэн зүйл мөн л Түүнд юу байгаа, Тэр юу болохын бурханлаг тал байсан юм. Хүн төрөлхтөн Түүнд юу байгаа, Тэр юу болох тухай энэ илэрхийллээс тодорхой үзэл баримтлал олж авч чадаагүй бөгөөд Бурханы талаарх сэтгэгдэл нь “ойртоход хэцүү, мэдрэхүйд жирсхийн орж ирээд, гараад явчихдаг сүнслэг биеийн” цар хүрээн дотор гацсан хэвээр байлаа. Бурхан хүмүүсийн өмнө харагдахын тулд материаллаг ертөнцийн онцгой нэг объект юм уу дүр зураг хэрэглээгүй учраас тэд Түүнийг хүний хэл ашиглан тодорхойлж бас л чадаагүй. Хүмүүс зүрх сэтгэл болон оюун ухаандаа Бурханд стандарт тогтоож, Тэр хэр өндөр, хэр том байдаг, ямар харагддаг, яг юунд дуртай, Түүний зан байдал ямар байдаг гэх зэргээр Түүнийг бодит болгож, хүн шиг болгохын тулд өөрсдийн хэлийг ашиглахыг үргэлж хүсэж байлаа. Үнэндээ, хүмүүс ингэж бодож байсныг Бурхан зүрх сэтгэлдээ мэдэж байв. Тэрээр хүмүүсийн хэрэгцээг огт анддаггүй байсан, мэдээж Өөрөө юу хийх ёстойгоо ч мэдэж байсан тул Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлыг өөр арга замаар хэрэгжүүлсэн. Энэ шинэ арга зам нь бурханлаг, бас хүнлэг байсан. Эзэн Есүсийг ажиллаж байх үеэр Бурханд хүн чанарын олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь, Тэр бүжиглэж чаддаг, хуримд оролцож чаддаг, хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүнчлэн Эзэн Есүс бас бурханлаг чанарыг нь төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээжээр, энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Хүмүүсийн харж, хүрч болох эгэл жирийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олсон энэ үед Тэрээр жирсхийн гарч ирээд явдаг, мөн Түүнд ойртож чадахгүй гэж хүмүүст санагдахаа больсон юм. Харин ч тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноос Бурханы хүслийг ухаарч, бурханлаг чанарыг нь ойлгох гэж оролдож байв. Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарыг илэрхийлснээрээ дамжуулан сүнсний ертөнцөд оршдог харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, цуснаас бүтсэн бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, Бурханы байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг тодорхой, хүний шинжтэй болгосон. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Хүний Хүү нь Өөрийн хүн чанар, бурханлаг чанарын аль алинаар Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үг болон ажилтай харьцаж, туулах боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар, даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы жинхэнэ биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь урьд өмнө хүн төрөлхтний хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, ямар өнцгөөс ярих нь, эсвэл ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр учрах нь хамаагүй, Бурхан өөр юуг ч биш харин Өөрийгөө л төлөөлдөг. Тэрээр ямар нэг хүнийг, эсвэл завхарсан ямар ч хүн төрөлхтнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

Дараа нь бид Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийг авч үзэх болно.

3. Алдагдсан хонины тухай сургаалт зүйрлэл

Матай 18:12–14 Та нар юу гэж бодож байна? Хэрвээ хүн зуун хоньтой байгаад тэдний нэг нь төөрч явсан бол тэр хүн ерэн есөн хонио үлдээгээд уул руу явж, төөрсөн нэг хонио эрж хайхгүй гэж үү? Тэгээд түүнийг олбол тэр хонь нь төөрөөгүй үлдсэн ерэн есөн хониноос ч илүү баярлуулна гэж Би та нарт лавтай хэлнэ. Тэгээд ч бас энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэрт буй Эцэгийн чинь хүсэл биш юм.

Энэ хэсэг бол сургаалт зүйрлэл—энэ нь хүмүүст ямархуу мэдрэмж өгдөг вэ? Энд ашигласан илэрхийлллийн арга буюу сургаалт зүйрлэл нь хүний хэлний уран дүрслэл бөгөөд ийм болохоор энэ нь хүний мэдлэгийн хүрээнд хамаардаг. Хэрвээ Бурхан Хуулийн эрин үед үүнтэй төстэй зүйл хэлсэн бол ийм үг нь Бурхан хэн болохтой үнэхээр нийцэхгүй байнагэж хүмүүст санагдах байсан, харин Нигүүлслийн эрин үед хүний Хүү эдгээр үгийг өгүүлэх үед энэ нь хүмүүст сэтгэл зассан, аятайхан бөгөөд дотно санагдсан. Бурхан махбодтой болж, хүний дүр төрхөөр гарч ирэхдээ Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд Өөрийнх нь хүн чанараас бий болсон маш тохиромжтой сургаалт зүйрлэл ашигласан. Энэ дуу хоолой нь Бурханы дуу хоолойг болон тухайн эрин үед хийхийг хүссэн Түүний ажлыг төлөөлжээ. Энэ нь мөн Нигүүлслийн эрин үеийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлсөн. Хүмүүст хандах Бурханы хандлагын өнцгөөс авч үзвэл, Тэрээр хүн бүрийг хоньтой зүйрлэсэн юм. Хэрэв нэг хонь төөрвөл түүнийг олохын тулд Тэр хэрэгтэй бүхнийг хийх байсан. Энэ нь тухайн үед хүн төрөлхтний дунд махбодод байх үеийн Бурханы ажлын зарчмыг төлөөлсөн. Бурхан тэрхүү ажилд гаргах Өөрийн эрмэлзэл болон хандлагыг дүрслэхийн тулд энэ сургаалт зүйрлэлийг ашигласан юм. Энэ нь Бурхан махбод болсны давуу тал байв: Тэрээр хүн төрөлхтний мэдлэгийг ашиглан хүний хэлээр хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлж чадсан. Тэрээр хүмүүсийн ойлгошгүй гүн гүнзгий, бурханлаг хэлээ хүний хэлээр, хүний арга замаар хүмүүст тайлбарлаж, “орчуулж өгсөн”. Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусалсан юм. Тэр мөн хүний хэл хэрэглэн хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, хүмүүст ойлгогдохуйцаар ярилцаж чадаж байв. Тэрчлэн хүний хэл, мэдлэгийг хэрэглэн ярьж, ажиллаж, хүмүүст Бурханы сайн санаа, ойр дотно байдлыг мэдрүүлж, зүрх сэтгэлийг нь харуулж чадсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Бурханы үг болон үйлдэлд ямар нэг хориг байна уу? Хүмүүсийн үзэж байгаагаар бол Бурхан Өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйл, хийхийг хүссэн ажлын талаар ярихдаа, эсвэл Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний мэдлэг, хэл, ярих маягийг ашиглах ямар ч аргагүй. Гэвч энэ нь эндүү ташаа бодол юм. Бурхан ийм төрлийн сургаалт зүйрлэл хэрэглэснээр хүмүүс Бурханы бодит байдал болон чин сэтгэлийг мэдэрч, тэр үеийн хүмүүст хандаж байсан хандлагыг нь харж чадсан. Энэ сургаалт зүйрлэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарч байсан хүмүүсийг нойрноос нь сэрээсэн бөгөөд Нигүүлслийн эрин үед амьдарч байсан хүмүүсийн дараа дараагийн үеийнхэнд ч урам зориг өгсөн. Энэ сургаалт зүйрлэлийн хэсгийг уншсанаар хүмүүс хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы чин сэтгэлийг мэдэж, Бурханы зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жин, ач холбогдлыг ойлгодог.

Энэ хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая: “Тэгээд ч бас энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэрт буй Эцэгийн чинь хүсэл биш юм.” Энэ нь Эзэн Есүсийн өөрийнх нь үг байсан уу, эсвэл тэнгэрт буй Эцэгийн үг байсан уу? Өнгөцхөн авч үзвэл Эзэн Есүс ярьж байгаа мэт харагдах боловч Түүний хүсэл нь Бурханы Өөрийн хүслийг төлөөлдөг тул Тэр: “Тэгээд ч бас энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэрт буй Эцэгийн чинь хүсэл биш юм” гэж хэлжээ. Тухайн үеийн хүмүүс зөвхөн тэнгэрт буй Эцэгийг л Бурхан гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрсдийнх нь нүдний өмнө харагдаж байсан энэ хүн ердөө л Түүний илгээсэн хүн бөгөөд тэнгэрт буй Эцэгийг төлөөлж чадахгүй гэж үзэж байлаа. Тийм учраас, Эзэн Есүс энэ сургаалт зүйрлэлийн төгсгөлд энэ өгүүлбэрийг нэмэх ёстой болсон, ингэснээр хүмүүс хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг лавтай мэдэрч, Түүний хэлсэн үгийн үнэн магадтай, нарийн зөв байдлыг мэдэрч чадах байсан юм. Хэдийгээр энэ өгүүлбэр нь хэлэхэд энгийн нэг зүйл байсан боловч халамж, хайраар хэлэгдсэн бөгөөд Эзэн Есүсийн даруу, нууцлаг байдлыг харуулжээ. Бурхан махбод болсон ч бай, эсвэл сүнсний ертөнцөд ажилласан ч бай, хүний зүрх сэтгэлийг хамгийн сайн мэддэг, хүмүүст юу хэрэгтэйг хамгийн сайн ойлгодог байсан, хүмүүс юунд санаа зовдог, тэднийг юу төөрөгдүүлдгийг мэддэг байсан, тийм учраас Тэр энэ өгүүлбэрийг нэмсэн юм. Энэ өгүүлбэр нь хүн төрөлхтөнд нуугдсан нэг асуудлыг тодруулсан: Хүмүүс хүний Хүүгийн хэлсэн зүйлд үл итгэж байсан болохоор Эзэн Есүс ярьж байх үедээ: “Тэгээд ч бас энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэрт буй Эцэгийн чинь хүсэл биш юм” гэж нэмж хэлэх ёстой болсон бөгөөд зөвхөн энэ шалтгаанаар л Түүний үг үр дүнд хүрч, тэдгээрийн нарийн зөвд хүмүүсийг итгүүлж, тэдгээрийн үнэмшилтэй байдлыг сайжруулж чадах байсан. Бурхан жирийн нэг хүний Хүү болоход Бурхан ба хүн төрөлхтний харилцаа маш төвөгтэй болж, хүний Хүүгийн нөхцөл байдал маш бэрхшээлтэй байсан гэдгийг энэ нь харуулдаг. Мөн тухайн үед хүмүүсийн дунд Эзэн Есүсийн эзлэх байр суурь хэчнээн ялихгүй байсныг харуулдаг. Тэр үүнийг хэлэхдээ үнэндээ хүмүүст, эдгээр үг бол Миний Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг төлөөлөөгүй, харин та нарын зүрх сэтгэлдээ тээдэг Бурханы хүсэл гэдэгт та нар итгэж болно гэж хэлэх гэсэн юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь егөөтэй зүйл байсан бус уу? Хэдийгээр Бурхан махбодоор ажиллах нь Түүний үнэн биед байдаггүй олон давуу талтай байсан боловч Тэр тэдний эргэлзээ, үл тоох байдал, түүнчлэн тэдний хөшүүн байдал, мунхаг занг сөрөх хэрэгтэй байлаа. Хүний Хүүгийн ажлын үйл явц нь хүн төрөлхтний гололтыг амсаж, Өөрийнх нь эсрэг тэмцлийг туулах үйл явц байсан гэж хэлж болно. Түүнээс гадна, биечлэн ажиллаж, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, мөн Өөрийн мөн чанараар хүн төрөлхтний итгэлийг тасралтгүй олж авч, хүн төрөлхтнийг байлдан дагуулах үйл явц байсан юм. Энэ нь бие махбодтой болсон Бурхан газар дээр Сатаны эсрэг дайн хийж байсан зүйл биш байв; харин ч энэ бол Бурхан эгэл хүн болж, Өөрийг нь дагаж байсан хүмүүстэй тэмцэж эхэлсэн явдал байсан бөгөөд энэхүү тэмцэлд хүний Хүү Өөрийн даруу зангаар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоор, мөн Өөрийн хайр, мэргэн ухаанаар Өөрийн ажлыг гүйцээсэн юм. Тэр Өөрийн хүссэн хүмүүсийг олж авч, Өөртөө тохирох ялгамж чанар, байр суурийг эзэмшиж, Өөрийн сэнтийд “эргэн очсон.”

Дараа нь доорх хоёр хэсгийг судраас авч үзэцгээе.

4. Дал дахин долоон удаа уучлах

Матай 18:21–22 Дараа нь Петр Түүн дээр ирж, “Эзэн минь, ах дүү маань миний эсрэг бурууг үйлдвэл би түүнийг хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?” гэв. Есүс түүнд: “Би чамд долоон удаа биш, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэжээ.

5. Эзэний Хайр

Матай 22:37–39 Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи бусдыг өөрийн адил хайрла” гэжээ.

Энэ хоёр хэсгийн нэг нь уучлалын тухай, нөгөө нь хайрын тухай өгүүлдэг. Энэ хоёр сэдэв нь Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэхийг хүссэн ажлыг үнэхээр тодотгодог.

Бурхан махбод болохдоо Өөрийн ажлын нэг үе шатыг авчирсан нь тухайн эрин үе дэх тодорхой ажил, Түүний илэрхийлэхийг хүссэн зан чанар байсан юм. Тухайн үед хүний Хүүгийн хийсэн бүхэн нь тэр эрин үед Бурханы хийхийг хүссэн ажлын эргэн тойронд явагджээ. Тэр үүнээс илүүг ч, дутууг ч хийхгүй байсан. Түүний хэлсэн юм болгон, хэрэгжүүлсэн бүх төрлийн ажил нь бүгд энэ эрин үед хамаатай байв. Тэр үүнийг хүний хэлээр хүний арга замаар илэрхийлсэн ч бай, эсвэл бурханлаг хэлээр илэрхийлсэн ч бай, ямар аргаар, эсвэл ямар өнцгөөс тийнхүү үйлдсэн нь хамаагүй, Түүний зорилго бол Тэр юу хийхийг хүсдэг, Түүний хүсэл юу болох, Тэр хүмүүсээс юу шаарддагийг ойлгоход хүмүүст туслах явдал байсан юм. Түүний хүслийг ойлгож мэдэж, хүн төрөлхтнийг аврах Түүний ажлыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд Тэр янз бүрийн арга барил, өөр өөр үзэл бодол ашиглаж байв. Иймээс Нигүүлслийн эрин үед, хүн төрөлхтөнтэй ярилцахыг хүссэн зүйлээ илэрхийлэхийн тулд Эзэн Есүс ихэвчлэн хүний хэл ашиглаж байсныг бид хардаг. Үүнээс гадна, бид Түүнийг хүмүүстэй ярилцаж, хэрэгцээг нь хангаж, хүссэн зүйлээр нь тусалж байсан эгэл нэгэн замч гэдэг өнцгөөс хардаг. Ингэж ажиллах нь Нигүүлслийн эрин үеийн өмнөх Хуулийн эрин үед үзэгдээгүй зүйл байв. Тэр хүн төрөлхтөнтэй илүү дотно, илүү энэрэнгүй болсон ба түүнчлэн арга, хэлбэрийн аль алинаар илүү бодитой үр дүнд хүрч чадсан. Хүмүүсийг дал дахин долоон удаа уучлах тухай зүйрлэл энэ санааг үнэхээр тодорхой болгодог. Энэ зүйрлэл дэх тооны зорилго нь үүнийг өгүүлэх үеийн Эзэн Есүсийн санаа зорилгыг хүмүүст ойлгуулах явдал байв. Түүний санаа зорилго бол хүмүүс бусдыг нэг юм уу хоёр удаа ч биш, бүр долоон удаа ч биш, харин дал дахин долоон удаа уучлах ёстой гэдэг санаа байлаа. “Дал дахин долоон удаа” гэх санаан дотор ямар гээчийн санаа агуулагддаг вэ? Энэ нь, уучлалыг өөрсдийн хариуцлага, сурах ёстой зүйл, баримтлах ёстой “зам” болгоход хүмүүсийг хүргэхийн төлөө байв. Хэдий энэ нь зүгээр л нэг зүйрлэл боловч гол чухал зүйлийг тодруулж өгсөн билээ. Энэ нь, Түүний санааг ихэд ойлгож, хэрэгжүүлэлтийн зохистой арга зам ба хэрэгжүүлэлтийн зарчим, стандартыг олоход хүмүүст тусалсан. Энэхүү зүйрлэл тодорхой ойлгоход нь хүмүүст тусалсан бөгөөд тэд ямар ч болзолгүйгээр, ямар ч хязгааргүйгээр, бусдыг ойлгож, хүлээцтэй байх хандлагатайгаар уучилж сурах ёстой гэсэн тодорхой үзэл баримтлалыг тэдэнд өгчээ. Эзэн Есүс үүнийг хэлэх үед зүрх сэтгэлд нь юу байсан бэ? Тэр үнэхээр “дал дахин долоон удаа” гэх тоог гэж бодож байсан уу? Үгүй, тэгээгүй. Бурхан хүнийг хэдэн удаа уучлах тоо байдаг уу? Энд дурдсан “хэдэн удаа” гэдгийг маш их сонирхдог, энэ тооны эх үүсвэр болон утга учрыг ойлгохыг үнэхээр хүсдэг олон хүн бий. Яагаад энэ тоо Эзэн Есүсийн амнаас гарсныг тэд ойлгохыг хүсдэг; энэ тоонд илүү гүнзгий далд утга бий гэж тэд боддог. Гэхдээ үнэндээ энэ бол зүгээр л Бурханы ашигласан хүний ярианы зүйрлэл байсан. Ямар нэг далд санаа, эсвэл утга учрыг Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд тавьсан шаардлагын хамтаар авч үзэх ёстой. Бурхан хараахан махбод болоогүй байх үед Түүний үг бүрэн бурханлаг чанараас гардаг байсан учраас хүмүүс хэлсэн зүйлийнх нь ихэнхийг ойлгодоггүй байлаа. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүмүүст харагдашгүй, хүршгүй байсан; үүнийг хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлдэг байсан. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнцөд нэвтэрч чадахгүй байсан юм. Гэхдээ Бурхан махбод болсныхоо дараа хүн чанарын өнцгөөс хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд сүнсний ертөнцөөс гарч, цар хүрээг нь давсан. Бурханыг ойлгож, мэдэх, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хэмжээнд тааруулан шаардсан стандартыг чадах хэрээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд Тэр хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр нь дамжуулан, хүмүүсийн хүлээн авч чадах аргыг ашиглан, ойлгож чадах хэлээр нь, олж авч чадах мэдлэгээр нь дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махбодод ажиллах Бурханы арга зам болон зарчмууд нь ихэвчлэн хүн чанарын арга барилаар, эсвэл хүн чанарар дамжин биелж байсан боловч энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан юм. Хүн чанар дахь Бурханы ажил илүү тодорхой, жинхэнэ, зорилттой, арга барил нь хавьгүй уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ Хуулийн эрин үед хийгдсэн ажлыг давж гарсан.

Одоо Эзэнийг хайрлах, хөршөө өөр шигээ хайрлах талаар ярилцъя. Энэ нь шууд бурханлаг чанараар илэрхийлсэн зүйл мөн үү? Үгүй, мэдээж тийм биш! Эдгээр нь хүний Хүүгийн хүн чанараараа хэлсэн бүх зүйл байсан; хүмүүс л “Хөршөө өөр шигээ хайрла”, “Өөрийнхөө амийг нандигнадаг шигээ бусдыг хайрла” гэх мэтийн зүйл хэлдэг. Гагцхүү хүмүүс л иймэрхүү маягаар ярьдаг. Бурхан хэзээ ч ийм маягаар ярьж байгаагүй. Наад зах нь, хүн төрөлхтнийг гэсэн Өөрийн хайрыг зохицуулахын тулд “хөршөө өөр шигээ хайрла” гэх маягийн зарчим Түүнд хэрэггүй учраас, мөн хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр нь Түүнд юу байгаа, Тэр юу болохын төрөлхийн илчлэл учраас Бурханы бурханлаг чанарт ийм төрлийн хэл байдаггүй. Бурхан: “Би хүн төрөлхтнийг Өөр шигээ хайрладаг” гэх мэтийн зүйл хэлж байхыг та нар ер нь хэзээ сонссон юм бэ? Та нар тэгж сонсоогүй, учир нь, хайр бол Бурханы мөн чанарт, Түүнд юу байгаа, Тэр юу болоход байдаг билээ. Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр, Түүний хандлага, хүмүүст хандах арга зам нь Түүний зан чанарын жам ёсны илэрхийлэл, илчлэл юм. Тэр үүнийг тодорхой нэгэн арга замаар зориуд хийх хэрэггүй, эсвэл хөршөө Өөр шигээ хайрладаг болохын тулд тодорхой нэгэн арга барил, ёс зүйн дүрмийг зориуд дагах хэрэггүй—Тэр аль хэдийн ийм мөн чанарыг эзэмшсэн байдаг. Чи үүнээс юу харж байна вэ? Бурхан хүн чанараар ажиллах үед Түүний олон арга барил, үг болон үнэн нь хүний арга замаар илэрхийлэгдсэн. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст мэдэгдэж, ойлгуулахын тулд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Түүний хүсэл илэрхийлэгдсэн. Тэдний мэдэж авсан, ойлгосон зүйл бол Бурханы Өөрийн төрөлх ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох байв. Өөрөөр хэлбэл, махбод дахь хүний Хүү нь байж болох хамгийн их хэмжээгээр, аль болох нарийн зөвөөр Бурханы Өөрийн төрөлх зан чанар болон мөн чанарыг илэрхийлсэн юм. Хүний Хүүгийн хүн чанар нь тэнгэрт буй Бурхантай харилцах хүний харилцаа болон харилцан үйлчлэлд саад тотгор болоогүйгээр зогсохгүй, үнэндээ хүн төрөлхтнийг бүтээлийн Эзэнтэй холбох цорын ганц суваг, цорын ганц гүүр байсан юм. Одоо энэ мөчид, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн ажлын шинж чанар, арга барил болон ажлын одоогийн үе шатны хооронд адил төстэй байдал олон байгааг та нар мэдэрдэггүй гэж үү? Ажлын одоогийн энэ үе шат нь Бурханы зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ихээхэн ашиглаж, Бурханы Өөрийн хүслийг илэрхийлэхийн тулд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын үг хэл, арга барил болон хүний мэдлэгийг ашигладаг. Бурхан махбод болмогцоо хүний өнцгөөс, эсвэл бурханлаг өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй, Түүний хэл болон илэрхийлэх арга барилын олонх нь бүгд хүний хэл, арга барилаар дамжин ирдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан махбод болох үед энэ нь чиний хувьд Бурханы бүхнийг чадагч байдал, мэргэн ухааныг харах, Бурханы бүх бодитой талыг мэдэх хамгийн сайн боломж юм. Бурхан махбод болсон үед, өсөх явцдаа Тэрээр хүн төрөлхтний зарим мэдлэг, ердийн мэдлэг, хэл болон илэрхийлэх арга барилыг хүн чанараар ойлгож, суралцаж, мэдэж авсан. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн бүтээсэн хүмүүсээс гарсан эдгээр зүйлийг эзэмшсэн юм. Тэдгээр нь махбод дахь Бурханы Өөрийн зан чанар, Өөрийн бурханлаг чанарыг илэрхийлэх хэрэгсэл болсон бөгөөд хүн төрөлхтний дунд, хүний өнцгөөс, хүний хэлийг ашиглан ажиллах үедээ Өөрийн ажлыг илүү тохиромжтой, илүү жинхэнэ, илүү нарийн зөв болгох боломжийг Түүнд олгожээ. Энэ нь Түүний ажлыг хүмүүст илүү хүртээмжтэй, илүү хялбар ойлгогдохуйц болгож, улмаар Бурханы хүссэн үр дүнд хүрсэн юм. Бурханы хувьд махбодод ийм байдлаар ажиллах нь илүү бодитой биш гэж үү? Энэ Бурханы мэргэн ухаан биш гэж үү? Бурхан махбод болсон үе, мөн Бурханы махбод биелүүлэхийг хүссэн ажлаа хийж чаддаг болсон үе нь Тэр Өөрийн зан чанар болон ажлыг бодитоор илэрхийлэх үе бөгөөд бас Өөрийн үйлчлэлийг хүний Хүүгийн хувиар албан ёсоор эхлүүлж чадах үе байсан юм. Энэ нь, Бурхан, хүн хоёрын хооронд “үеийн зай завсар” байхаа больж, Бурхан элчүүдээр дамжуулан ярилцах ажлаа удахгүй зогсоож, мөн Өөрийн хүссэн бүх үг болон ажлыг Бурхан Өөрөө биечлэн илэрхийлж чадах болсон гэсэн үг байв. Энэ нь бас, Бурханы авардаг хүмүүс Түүнд илүү ойр байж, Түүний удирдлагын ажил шинэ газар нутагт орж, бүх хүн төрөлхтөн шинэ эринтэй учрах дөхлөө гэсэн үг байлаа.

Эзэн Есүсийг төрөх үед олон үйл явдал тохиолдсон гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Тэдгээр үйл явдлын дотроос хамгийн том нь Тэрээр диаволын хаанд агнуулж, тэр ч бүү хэл, тус хотын хоёр болон түүнээс бага насны бүх хүүхэд хядуулах хэмжээнд хүрсэн явдал юм. Хүн төрөлхтний дунд махбод болсноороо Бурхан асар их эрсдэл хүлээсэн нь илэрхий юм; хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагыг гүйцээхийн тулд Тэр асар их төлөөс төлсөн нь мөн илэрхий билээ. Хүн төрөлхтний дунд махбодоор хийх ажилдаа тавьж байсан Бурханы асар их итгэл найдвар ч илэрхий. Бурханы махбод хүн төрөлхтний дунд ажлаа явуулах боломжтой болоход Түүнд ямар санагдсан бэ? Хүмүүс үүнийг тодорхой хэмжээнд ойлгож чадах ёстой, тийм биз дээ? Хамгийн наад зах нь Бурхан Өөрийн шинэ ажлыг хүмүүсийн дунд өрнүүлж чадах болсон учраас баяртай байсан. Эзэн Есүс баптисм хүртэж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ажлаа албан ёсоор эхлэх үед Бурханы зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхсан юм, учир нь маш олон жил хүлээж, бэлдсэний дараа Тэрээр хэвийн хүний махбодыг өмсөөд хүмүүсийн харж, хүрч чадах мах цуснаас бүрдсэн махан биетэй хүний дүртэйгээр Өөрийн шинэ ажлыг эхэлж чадах болсон юм. Тэр эцэстээ хүний ялгамж чанараар дамжуулан хүмүүстэй нүүр нүүрээ харалцан, чин сэтгэлээсээ ярилцаж чадах болсон. Бурхан эцэстээ хүн төрөлхтөнтэй нүүр тулан хүний арга замаар, хүний хэлээр ярилцаж чадах болсон; Тэрээр хүний хэлийг ашиглан хүн төрөлхтнийг хангаж, гэгээрүүлж, тэдэнд тусалж чадах болсон; Тэр тэдэнтэй хамт нэг ширээнд хооллож, тэдэнтэй хамт нэг орон зайд амьдарч чадах болсон. Тэр мөн хүмүүстэй адилаар, бүр тэдний нүдээр хүмүүсийг харж, аливаа зүйлийг харж, бүх зүйлийг харж чадах болсон. Бурханы хувьд энэ нь аль хэдийн махбод дахь Түүний ажлын эхний ялалт байсан юм. Үүнийг мөн агуу ажлын биелэлт байсан гэж хэлж болно—энэ нь мэдээж Бурханы хамгийн их баярласан зүйл билээ. Тэр үеэс эхлээд хүн төрөлхтний дунд явуулах ажилдаа Бурхан анх удаа тайтгарах шиг болсон юм. Болж өнгөрсөн энэ бүх үйл явдал нь маш бодитой, маш жирийн байсан бөгөөд Бурханы мэдэрсэн тайтгарал тун бодитой байлаа. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ажлын шинэ үе шат биелж, Бурхан баярлах болгонд хүн төрөлхтөн Бурханд, авралд улам ойртож чадах юм. Бурханд бол, энэ нь бас Түүний шинэ ажлын эхлэл, Түүний удирдлагын төлөвлөгөө нэг алхам урагшлах үе, цаашлаад, Түүний санаа зорилго бүрэн биелэхэд дөхөж очих үе билээ. Хүн төрөлхтний хувьд ийм боломж ирж байгаа нь азтай бөгөөд маш сайн хэрэг; Бурханы авралыг хүлээдэг бүх хүний хувьд бол маш чухал, баяр хөөртэй мэдээ юм. Бурхан ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлэх үед Түүнд шинэ эхлэл байдаг ба энэ шинэ ажил болон шинэ эхлэлийг тавьж, хүн төрөлхтөнд танилцуулах үе нь ажлын энэ үе шатны үр дүн аль хэдийн тодорхойлогдож, үүний эцсийн үр нөлөө, үр ашгийг Бурхан аль хэдийн харчихсан байдаг үе юм. Бас эдгээр үр нөлөө Бурханыг сэтгэл хангалуун болгож, мэдээж Түүний зүрх сэтгэлийг баярлуулдаг үе юм. Бурханы нүдээр бол, Тэр Өөрийн хайж байсан хүмүүсийг аль хэдийн хараад тодорхойлчихсон ба энэ бүлэг хүмүүсийг буюу Түүний ажлыг амжилттай болгож, Түүнд сэтгэл ханамжийг авчирч чадах энэ бүлэг хүмүүсийг аль хэдийн олоод авчихсан тул Бурханы санаа амардаг. Тиймээс Тэрээр санаа зовохоо болиод аз жаргалыг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод хүмүүсийн дунд шинэ ажил эхлүүлэх боломжтой болж, хийх ёстой ажлаа саадгүй хийж эхлэхэд, мөн бүх зүйл биелсэн гэж Түүнд санагдахад Түүний хувьд төгсгөлийг нь аль хэдийн харчихдаг. Үүнээс үүдэн Түүний сэтгэл ханаж, зүрх сэтгэл нь жаргалтай байдаг. Бурханы аз жаргал хэрхэн илэрхийлэгддэг вэ? Хариулт нь ямар байж болохыг та нар төсөөлж чадах уу? Бурхан уйлж болох уу? Бурхан уйлж чадах уу? Бурхан алга ташиж чадах уу? Бурхан бүжиглэж чадах уу? Бурхан дуулж чадах уу? Тэгвэл Тэр юу дуулах бол? Мэдээж Бурхан сайхан, сэтгэл хөдлөм дуу буюу Өөрийнх нь зүрх сэтгэл дэх баяр баясгалан, аз жаргалыг илэрхийлж чадах дуу дуулж чадна. Тэр үүнийг хүн төрөлхтний төлөө, Өөрийнхөө төлөө, бүх зүйлийн төлөө дуулж чадна. Бурханы аз жаргал ямар ч байдлаар илэрхийлэгдэж болно—Бурханд баяр баясгалан, уйтгар гуниг байдаг ба Түүний янз бүрийн мэдрэмж нь төрөл бүрийн байдлаар илэрхийлэгдэж болох учраас энэ бүхэн нь хэвийн юм. Энэ бол Түүний эрх бөгөөд үүнээс илүү хэвийн, зүй зохистой юу ч үгүй. Хүмүүс энэ талаар өөрөөр бодох ёсгүй. Та нар Бурханд “цагариг чангалах шившлэг”а ашиглахаар оролдон, Тэр энийг, эсвэл тэрийг хийх ёсгүй, ингэж, эсвэл тэгж үйлдэх ёсгүй хэмээн Түүнд хэлж, ийм маягаар Түүний аз жаргал юм уу Түүнд байж болох аливаа мэдрэмжийг хязгаарлах учиргүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд, Бурхан аз жаргалтай байж болохгүй, нулимс урсгаж болохгүй, уйлж болохгүй—Тэр ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлж болохгүй. Энэ хоёр нөхөрлөлийн үеэр бидний ярилцсан зүйлээс та нар Бурханыг цаашид ингэж харахгүй, харин Бурханд зарим нэг эрх чөлөө, чөлөөлөлтийг олгох болно гэдэгт Би итгэж байна. Энэ бол маш сайн зүйл. Ирээдүйд Бурхан гунигтай байгаа тухай сонсоод та нар Түүний уйтгар гунигийг үнэхээр мэдэрч, Түүний жаргалтай байгааг сонсоод Түүний аз жаргалыг үнэхээр мэдэрч чадаж байвал та нар ядаж Бурханыг юу баярлуулдаг, юу гуниглуулдгийг тодорхой мэдэж, ойлгож чадна. Бурханыг гунигтай байхад гунигийг нь мэдэрч, Бурхан аз жаргалтай байхад аз жаргалыг нь мэдэрч чаддаг бол Тэр чиний зүрх сэтгэлийг бүрэн олж авсан байх бөгөөд та хоёрын хооронд ямар ч саад бартаа байхаа болино. Чи Бурханыг хүний төсөөлөл, үзэл болон мэдлэгээр хязгаарлах гэж оролдохоо болино. Тэр үед Бурхан чиний зүрх сэтгэлд амьд агаад тод томруун болно. Тэр чиний амийн Бурхан, бүх зүйлийн чинь Эзэн байх болно. Та нарт ийм хүсэл эрмэлзэл байдаг уу? Үүнийг биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Дараа нь Бичвэрийн дараах хэсгүүдийг уншицгаая.

6. Уулан дээрх Сургаал

Ерөөлүүд (Матай 5:3–12)

Давс ба гэрэл (Матай 5:13–16)

Хууль (Матай 5:17–20)

Хилэгнэл (Матай 5:21–26)

Завхайрал (Матай 5:27–30)

Гэр бүл салах нь (Матай 5:31–32)

Тангараг (Матай 5:33–37)

Нүдийг нүдээр (Матай 5:38–42)

Дайснаа хайрлах нь (Матай 5:43–48)

Өглөгийн тухай заавар (Матай 6:1–4)

Залбирал (Матай 6:5–8)

7. Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүд

Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1–9)

Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24–30)

Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31–32)

Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)

Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай 13:36–43)

Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)

Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45–46)

Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47–50)

8. Тушаалууд

Матай 22:37–39 Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи бусдыг өөрийн адил хайрла” гэжээ.

Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” янз бүрийн хэсгийг авч үзье. Энэ өөр өөр хэсгүүд юуг хөнддөг вэ? Янз бүрийн энэ хэсгүүдийн агуулга нь бүгд Хуулийн эрин үеийн дүрэм журмаас илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд илүү ойр дөхөм байсан гэж лавтай хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр хэлбэл эдгээр зүйл нь хүмүүсийн бодит хэрэгжүүлэлттэй илүү холбоотой байдаг.

Дараах тодорхой агуулгыг уншицгаая: Ерөөлүүдийг чи хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар чи юу мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Гэр бүл салалтын талаар юу гэж хэлсэн, үүнд ямар төрлийн дүрмүүд байдаг вэ? Хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн талаар юу гэсэн билээ? Гэх мэтчилэн. Энэ бүх зүйл нь хүн төрөлхтний Бурханд итгэж, Бурханыг дагах хэрэгжүүлэлтийн тал бүрд хамаатай байдаг. Эдгээр хэрэгжүүлэлтийн зарим нь өнөөдөр ч гэсэн хэрэглэгдсээр байгаа боловч одоо хүмүүсээс шаарддаг зүйлээс илүү өнгөц юм. Тэдгээр нь Бурханд итгэх явцад хүмүүст тулгардаг нэлээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа хүний амь зан чанар дээр ажлаа хэдийн явуулж эхэлсэн боловч Түүний ажлын энэ талууд нь хуулийн суурин дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдвийн талаар ярих дүрэм болон арга зам үнэнтэй хамаатай байсан уу? Мэдээж тийм байсан! Өмнөх бүх дүрэм журам, зарчим болон Нигүүлслийн эрин үеийн эдгээр номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой болон мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юу илэрхийлсэн, яаж илэрхийлсэн, эсвэл ямар илэрхийлэл юм уу хэл хэрэглэсэн нь хамаагүй, Түүний илэрхийлсэн бүх зүйлийн үндэс суурь, эх сурвалж, эхлэлийн цэг нь Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын зарчим дээр суурилдаг. Энэ бол туйлын үнэн. Иймээс Түүний хэлсэн эдгээр зүйл одоо бага зэрэг өнгөцхөн мэт санагддаг хэдий ч тэдгээрийг үнэн биш гэж хэлж мөн л болохгүй, учир нь тэдгээр нь, Бурханы хүслийг хангаж, амь зан чанартаа өөрчлөлт хийхийн тулд Нигүүлслийн эрин үеийн хүмүүст зайлшгүй хэрэгтэй байсан зүйлс юм. Эдгээр номлолын аль нэг нь үнэнтэй нийцэхгүй байна гэж хэлж болох уу? Үгүй, болохгүй! Эдгээр нь нэг бүрчлэн үнэн, учир нь бүгдээрээ хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага байсан; тэдгээр нь бүгд биеэ хэрхэн авч явах талаар Бурханы өгсөн зарчим, цар хүрээ байсан бөгөөд Бурханы зан чанарыг төлөөлдөг. Гэвч тухайн үеийн амийн өсөлтийнхөө түвшинд үндэслээд тэд зөвхөн эдгээр зүйлийг хүлээн авч, ойлгож чаддаг байсан. Хүн төрөлхтний нүгэл хараахан шийдэгдээгүй байсан учраас Эзэн Есүс зөвхөн эдгээр үгийг л хэлж чадсан ба тэд хэрхэн үйлдэх ёстой, юу хийх ёстой, ямар зарчим болон цар хүрээнд аливааг хийх ёстой болон хэрхэн Бурханд итгэж, Түүний шаардлагыг хангах ёстой талаар тухайн үеийн хүмүүст хэлэхийн тулд Тэр ийм хүрээнд багтсан энгийн сургаалыг л ашиглаж чадаж байлаа. Энэ бүхэн нь тэр үеийн хүн төрөлхтний биеийн хэмжээн дээр үндэслэн тодорхойлогджээ. Хуульд захирагдан амьдарч байсан хүмүүсийн хувьд эдгээр сургаалыг хүлээн авахад амархан биш байсан, иймээс Эзэн Есүсийн заасан зүйл энэ цар хүрээн дотор л байх хэрэгтэй байв.

Дараа нь “Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүдийн” янз бүрийн агуулгыг харцгаая.

Эхнийх нь тариачны тухай сургаалт зүйрлэл юм. Энэ нь маш сонирхолтой сургаалт зүйрлэл; үр тариа тарих нь хүмүүсийн амьдралд нийтлэг тохиолддог үйл явдал билээ. Хоёр дахь нь үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл юм. Үр тариа тарьж байсан ямар ч хүн, мэдээж насанд хүрэгчид бүгд “үрийн сүүл” гэж юу болохыг мэднэ. Гурав дахь нь гичийн үрний тухай сургаалт зүйрлэл юм. Гич гэж юу болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Хэрвээ мэддэггүй бол Библиэс харах хэрэгтэй. Дөрөв дэх сургаалт зүйрлэл нь хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл бөгөөд исгэхэд зориулж хөрөнгө хэрэглэдгийг, мөн энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйл гэдгийг ихэнх хүн мэднэ. Эрдэнэсийн тухай зургаа дахь сургаалт зүйрлэл, сувдны тухай долоо дахь сургаалт зүйрлэл, торны тухай найм дахь сургаалт зүйрлэлийг оролцуулаад дараагийн бүх сургаалт зүйрлэл нь хүмүүсийн амьдралаас урган гарсан, хүмүүсийн бодит амьдралаас үүдэлтэй байдаг. Эдгээр сургаалт зүйрлэл нь ямар төрлийн зүйлийг дүрсэлж байна вэ? Энэ нь Бурхан хэвийн хүн болж, хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, амьдралын хэл буюу хүний хэлийг ашиглан, хүмүүстэй ярилцаж, хэрэгтэй зүйлээр нь хангаж байгаа дүр зураг юм. Бурхан махбод болж, хүн төрөлхтний дунд удаан хугацаанд амьдрахдаа хүмүүсийн олон янзын амьдралын хэв маягийг мэдэрч, нүдээр харсны дараа эдгээр туршлага нь Өөрийн бурханлаг хэлийг хүний хэл болгон өөрчилсөн сургалтын материал нь болжээ. Мэдээжээр, амьдралд Түүний харж, сонссон эдгээр зүйл нь хүний Хүүгийн туршлагыг ч бас баяжуулсан. Тэрээр хүмүүст зарим үнэнийг ойлгуулж, Бурханы зарим хүслийг ойлгуулахыг хүсэх үедээ Бурханы хүсэл болон хүн төрөлхтөнд тавих шаардлагын тухай хүмүүст хэлэхийн тулд дээр дурдсантай адил сургаалт зүйрлэлүүдийг ашиглаж байв. Эдгээр сургаалт зүйрлэл нь бүгд хүмүүсийн амьдралтай холбоотой байсан; хүний амьдралаас гадуурх нэг ч зүйл байгаагүй. Эзэн Есүс хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байхдаа тариан талбайгаа арчилж байгаа тариачдыг харсан бөгөөд үрийн сүүл болон хөрөнгө гэж юу болохыг мэдсэн; хүмүүс эрдэнэст дуртайг Тэр ойлгосон, иймээс Тэр эрдэнэс болон сувдны сургаалт зүйрлэлийг хоёуланг нь ашигласан. Амьдрал дээр Тэр тороо хаяж буй загасчдыг олон удаа харсан; Эзэн Есүс үүнийг болон хүний амьдралтай холбоотой бусад үйл ажиллагааг харсан бөгөөд Өөрөө ч бас тийм амьдралыг туулсан. Бусад бүх хэвийн хүний адилаар Тэрээр хүмүүсийн өдөр тутмын хэвшлийг туулж, өдөрт гурав хооллож байсан. Тэр ердийн хүний амьдралыг биеэр амсаж, бусдын амьдралыг ажигласан. Тэр энэ бүхнийг ажиглаж, биечлэн туулах үедээ яаж сайхан амьдрах, эсвэл яаж илүү эрх чөлөөтэй, илүү тав тухтай амьдрах талаар бодоогүй юм. Харин, жинхэнэ хүний амьдралыг туулж байхдаа Эзэн Есүс хүмүүсийн амьдралын зовлон бэрхшээлийг харсан. Сатаны эрхшээл, Сатаны завхралын дор нүгэлт амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн зовлон бэрхшээл, өрөвдөлтэй байдал, уйтгар гунигийг Тэр харсан. Тэр хүний амьдралыг биечлэн туулж байх зуураа ялзрал дунд амьдарч байгаа хүмүүс хэчнээн арга мөхөс байдгийг бас мэдэрсэн бөгөөд нүгэлд амьдардаг, Сатан болон ёрын муугийн учруулсан тамлал дунд бүх зүг чигээ алдсан хүмүүсийн өрөвдөлтэй нөхцөл байдлыг харж, мэдэрсэн. Эзэн Есүс эдгээр зүйлийг харахдаа Өөрийн бурханлаг чанараар харсан уу, эсвэл хүн чанараараа харсан уу? Түүний хүн чанар үнэхээр оршин байсан, яахын аргагүй амьд байсан; Тэр энэ бүхнийг мэдэрч, харж чадаж байсан. Гэхдээ мэдээж Тэр үүнийг Өөрийн мөн чанар буюу бурханлаг чанараар ч гэсэн харсан. Өөрөөр хэлбэл, хүн болсон Эзэн Есүс буюу Христ Өөрөө энийг харсан бөгөөд Түүний харсан бүхэн нь махбодод амьдрах хугацаандаа махбодоор хийж эхэлсэн Өөрийнх нь ажлын ач холбогдол, чухал хэрэгцээг Түүнд мэдрүүлсэн. Бие махбодоор үүрэх ёстой болсон Түүний хариуцлага маш их бөгөөд Түүнд тулгарах зовлон шаналал хэчнээн харгис хатуу байж болохыг Тэр Өөрөө мэдэж байсан хэдий ч хүн төрөлхтөн нүглийн дунд арчаагүй байгааг хараад, тэдний амьдралын өрөвдөлтэй байдал болон хуулийн доорх сулхан тэмцлийг нь хараад улам их уй гашууг мэдэрч, хүн төрөлхтнийг нүглээс аврах гэж улам их дэнслэх болсон. Тэр ямар ч бэрхшээлтэй тулгарсан бай, эсвэл ямар ч зовлон шаналал туулсан бай, нүгэл дунд амьдарч байгаа хүн төрөлхтнийг золин аврахаар улам бүр шийдсэн юм. Энэ явцад Эзэн Есүс Өөрийн хийх хэрэгтэй ажлыг болон Түүнд юу даалгасныг улам ч илүү тодорхой ойлгож эхэлсэн гэхэд болно. Тэр бас хийх гэж байгаа ажлаа дуусгахыг бүр их хүсэн эрмэлзэх болсон—энэ нь хүн төрөлхтний бүх нүглийг үүрч, хүн төрөлхтнийг золин аврах байсан, ингэснээр нүглийн төлөөх тахилын улмаас тэд цаашид нүгэлтэйгээр амьдрахгүйн зэрэгцээ Бурхан хүний нүглийг уучилж, хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг үргэлжлүүлэн явуулж чадах байсан юм. Эзэн Есүс хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход зүрх сэтгэлдээ бэлэн байсан гэж хэлж болно. Тэр бас нүглийн тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан ба үнэндээ энэ ажлыг дуусгахаар тэмүүлж байв. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр Өөрийн үүрэг даалгаврыг нэг ч минут, ганц ч агшин хойшлуулалгүй аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн. Тэгж их яарсандаа Тэр Өөрийнх нь шаналал зовлон ямар их байхыг бодоогүй, Өөрөө хэчнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй болох талаар ч цаашид бодоогүй. Өөрийн зүрх сэтгэлд Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан нь: Тэр Өөрийгөө өргөн барих л юм бол, нүглийн тахил болж загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл хэрэгжиж, Бурхан шинэ ажил эхлүүлж чадна гэдэг байлаа. Хүн төрөлхтний нүгэл дунд амьдарч, оршин тогтнодог байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон хийхээр шийдсэн зүйл нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Бурханы хүслийг биелүүлэх цорын ганц зорилго Түүнд байв, ингэснээр Бурхан ажлынхаа дараагийн алхмыг амжилттайгаар эхлүүлж чадах байлаа. Тэр үед Эзэн Есүсийн санаанд ийм л зүйл байсан юм.

Бие махбодтой болсон Бурхан махбодод амьдрахдаа хэвийн хүн чанартай байсан; Түүнд хэвийн хүний сэтгэл хөдлөл, эрүүл ухаан байсан. Тэр аз жаргал гэж юу болохыг, өвчин зовлон гэж юу болохыг мэддэг байсан бөгөөд хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч буйг хараад хүмүүст зүгээр л хэдэн сургаал хайрлаж, ямар нэг зүйлээр тэднийг хангаж, тэдэнд ямар нэг юм зааж сургах нь нүглээс нь салгахад хангалтгүй гэдгийг ихээхэн мэдэрсэн юм. Тушаалуудад дуулгавартай байлгах нь ч бас тэднийг нүглээс аварч чадахгүй—гагцхүү хүн төрөлхтний нүглийг үүрч, нүгэлт биетэй адил болж байж л Тэр хариуд нь хүн төрөлхтний эрх чөлөө, хүн төрөлхтнийг уучлах Бурханы уучлалыг олж авч чадах байв. Иймээс хүний нүгэлт амьдралыг туулж, нүдээр харсныхаа дараа Эзэн Есүсийн зүрх сэтгэлд хүчтэй хүсэл илэрсэн нь нүгэл дунд тэмцэлдэн амьдардаг амьдралаасаа салах боломжийг хүмүүст олгох хүсэл байсан. Энэ хүсэл нь, Түүнийг загалмай руу аль болох хурдан очиж, хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой гэж улам ихээр бодоход хүргэсэн юм. Эдгээр нь тухайн үед хүмүүстэй хамт амьдарч, тэдний нүгэлт амьдралын гаслан зовлонг харж, сонсож, мэдэрсний дараах Эзэн Есүсийн бодол байлаа. Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтний төлөө ийм хүсэлтэй байж, ийм зан чанарыг илэрхийлж, илчилж чадсан—энэ нь ердийн хүнд байдаг зүйл мөн үү? Иймэрхүү орчинд амьдарч байгаа ердийн хүн юу харах бол? Тэд юу бодох вэ? Хэрвээ ердийн хүн энэ бүхэнтэй тулгарвал асуудлыг өндөр өнцгөөс авч үзэх үү? Мэдээж үгүй! Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы гадаад төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан ч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ. Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол, Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл ч бас үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний махбодоор илэрхийлдэг зүйл нь үнэний болон амийн хангалт юм. Эдгээр хангалт нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагддаг. Ямар ч ялзарсан хүний зүрх сэтгэлд өөртэй нь холбоотой цөөхөн хүн л байдаг. Тэрхүү цөөн хэдхэн хүнийг л тэр анхаарч, санаа тавьдаг. Гамшиг нүүрлэх үед тэрээр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийг бодно. Арай энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ л зарим хамаатнаа, эсвэл сайн найзаа бодно, гэхдээ тийм энэрэнгүй хүн ч гэсэн үүнээс олон хүнийг бодох уу? Үгүй, хэзээ ч үгүй! Учир нь, хүмүүс бол эцсийн эцэст хүмүүс бөгөөд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чадна. Гэтэл бие махбодтой болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн басамжилж дорд үзэх нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурийн өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний дорд өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүрээ болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээ, ялзарсан хүмүүсийн хүрч чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг хэмжүүрээ болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр ялгаатай мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог. Бурханы Өөрийн илэрхийлэл болон илчлэлийг та нар Эзэн Есүсээс харж байна уу? Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн бүхэн нь Түүний үйлчлэл болон Бурханы удирдлагын ажилтай холбоотой байсан бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы мөн чанарын илэрхийлэл, илчлэл байсан гэж хэлж болно. Хэдийгээр Түүнд хүний илрэл байсан боловч Түүний бурханлаг мөн чанар болон бурханлаг чанарын илчлэлийг үгүйсгэж болохгүй. Энэхүү хүний илрэл нь үнэхээр хүн чанарын илрэл байсан уу? Түүний хүн чанарын илрэл нь ялзарсан хүмүүсийн хүний илрэлээс мөн чанараараа бүхэлдээ өөр. Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан. Хэрвээ Тэр үнэхээр эгэл жирийн ялзарсан хүмүүсийн нэг байсан бол хүн төрөлхтний нүгэлт амьдралыг бурханлаг өнцгөөс харж чадах байсан уу? Яавч үгүй! Энэ бол хүний Хүү ба жирийн хүмүүсийн хоорондох ялгаа юм. Ялзарсан хүмүүс бүгд нүгэлд амьдардаг бөгөөд аливаа хүн нүглийг харах үедээ ямар ч онцгой юм мэдэрдэггүй; тэд бүгд адилхан, тав тухгүй, эсвэл бохир гэдгийг огтхон ч мэдрэхгүйгээр шаварт амьдардаг гахай шиг—харин ч сайн идэж, бөх унтдаг. Хэрвээ гахайн хороог цэвэрлэвэл гахай үнэндээ даруй тавгүйтэх бөгөөд цэвэрхэн байж чадахгүй. Тэр бохир заваан амьтан учраас тун удалгүй дахиад л тун таатайгаар шаварт өнхөрч байх болно. Хүмүүс гахайг бохир заваан гэж үздэг, хэрвээ чи гахайн хороог цэвэрлэх юм бол гахайд тийм ч таатай санагдахгүй—тийм учраас хэн ч гэртээ гахай байлгадаггүй. Хүмүүс гахайг яаж харах нь гахайд өөрсдөд нь ямар санагддагаас үргэлж өөр байх болно, учир нь хүн гахай хоёр бол адил төрлийнх биш юм. Бие махбодтой болсон хүний Хүү ялзарсан хүнтэй адил төрлийнх биш учраас зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтнийг болон бүх зүйлийг бурханлаг өнцгөөс, Бурханы өндрөөс харж чадна.

Бурхан махбод болж, хүн төрөлхтний дунд амьдрах үедээ ямар зовлон туулдаг вэ? Энэ зовлон нь юу вэ? Үнэхээр ойлгодог хүн бий юу? Зарим хүн, Бурхан асар их зовдог бөгөөд хэдийгээр Тэр Бурхан Өөрөө мөн боловч хүмүүс Түүний мөн чанарыг ойлгодоггүй, харин Түүнийг үргэлж хүн гэж үзэх хандлагатай байдаг, энэ нь Түүнийг гомдоож, хэлмэгдсэн мэт санагдуулдаг гэж хэлдэг—ийм шалтгааны улмаас Бурханы зовлон үнэхээр их гэж тэд хэлдэг. Бусад хүмүүс, Бурхан гэм зэмгүй, ямар ч нүгэлгүй боловч хүн төрөлхтөнтэй адилхан зовж, хүн төрөлхтний хамт хавчлага, гүтгэлэг, доромжлол амсдаг гэж хэлдэг; Тэр мөн Өөрийн дагагч нарын үл ойлголцол, дуулгаваргүй байдлыг хүлцдэг—тиймээс Бурханы зовлонг үнэхээр хэмжих боломжгүй гэж тэд хэлдэг. Та нар Бурханыг үнэхээр ойлгодоггүй юм шиг байна. Үнэн хэрэгтээ та нарын ярьдаг энэ зовлон Бурханы хувьд бол жинхэнэ зовлонд тооцогддоггүй, учир нь үүнээс ч их зовлон байдаг. Тэгвэл Бурханы Өөрийнх нь хувьд жинхэнэ зовлон гэж юу вэ? Бурханы махбод болсон биеийн хувьд жинхэнэ зовлон юу вэ? Бурханы хувьд хүн төрөлхтөн Түүнийг ойлгохгүй байх нь зовлонд тооцогддоггүй ба хүмүүс Бурханы талаар зарим нэг буруу ойлголттой байж, Түүнийг Бурхан гэж үздэггүй нь ч зовлонд тооцогддоггүй. Гэсэн хэдий ч Бурхан асар их шударга бусыг туулсан байж таарна, Бурхан махбодод өнгөрүүлсэн хугацаандаа Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтөнд харуулж, Өөрийнхөө агуу байдлыг болон Бурхан ялихгүй махбодод даруухнаар нуугдаж байгааг хүмүүст харуулж чадахгүй, тиймээс энэ нь Түүнд асар их шаналгаатай байсан биз гэж хүмүүс дандаа боддог. Хүмүүс Бурханы зовлонгийн талаар өөрсдийн ойлгож чадах, харж чадах зүйлсийг сэтгэлдээ ойрхон тусган авч, Бурханыг элдэв янзын өрөвдөх сэтгэлээр дардаг ба тэр ч байтугай, Түүний зовлонгийн талаар үргэлж жаахан магтаал хэлнэ. Үнэн хэрэгтээ Бурханы зовлонгийн талаар хүмүүс юу ойлгодог болон Тэр үнэхээр юу мэдэрдгийн хооронд их ялгаа бий. Би та нарт үнэнийг хэлж байна—Бурханы Сүнс, эсвэл Бурханы махбод болсон бие ч бай хамаагүй, Бурханы хувьд тийм зовлон бол жинхэнэ зовлон биш. Тэгвэл Бурхан яг юунд зовж шаналдаг вэ? Бурханы зовлонг зөвхөн бие махбодтой болсон Бурханы өнцгөөс ярьцгаая.

Бурхан махбод болж, эгэл жирийн, хэвийн хүн болж, хүн төрөлхтний дунд хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах үедээ хүмүүсийн амьдралын арга барил, хууль болон гүн ухааныг харж, мэдэрч чадахгүй гэж үү? Эдгээр амьдрах арга барил, хууль нь Түүнд ямар санагддаг вэ? Тэр зүрх сэтгэлдээ жигшил зэвүүцлийг мэдэрдэг үү? Тэр яагаад жигшиж зэвүүцэх билээ? Хүн төрөлхтний амьдрах арга барил, хуулиуд юу вэ? Тэдгээр нь ямар зарчимд үндэслэдэг вэ? Тэдгээр нь юун дээр тулгуурладаг вэ? Хүн төрөлхтний амьдралын арга барил, хууль гэх мэт нь—бүгд Сатаны логик, мэдлэг болон гүн ухаанд тулгуурлан бий болсон. Ийм төрлийн хуулин дор амьдарч байгаа хүмүүст ямар ч хүн чанар, ямар ч үнэн байдаггүй—тэд бүгд үнэнийг эсэргүүцэж, Бурханд дайсагнадаг. Хэрвээ бид Бурханы мөн чанарыг харвал, Түүний мөн чанар Сатаны логик, мэдлэг болон гүн ухааны яг эсрэг байдаг. Түүний мөн чанар зөвт байдал, үнэн, ариун байдал болон эерэг бүх зүйлийн бусад бодит байдлаар дүүрэн байдаг. Ийм мөн чанарыг эзэмшээд, ийм хүн төрөлхтний дунд амьдарч байгаа Бурхан юу мэдэрдэг вэ? Зүрх сэтгэлдээ юу мэдэрдэг вэ? Шаналлаар дүүрэн байдаг бус уу? Түүний зүрх сэтгэл шаналж байдаг бөгөөд энэхүү шаналал нь ямар ч хүний ойлгож, мэдэрч чадахгүй зүйл юм. Яагаад гэвэл, Түүний нүүр тулж, тулгарч, сонсож, харж, амсаж байгаа бүхэн нь бүх хүн төрөлхтний ялзрал, ёрын муу, үнэний эсрэг тэрсэлж, сөрөх явдал байдаг. Хүмүүсээс гардаг бүхэн нь Түүний зовлонгийн эх сурвалж юм. Өөрөөр хэлбэл, Түүний мөн чанар нь ялзарсан хүмүүсийнхтэй адил биш учраас хүмүүсийн ялзрал нь Түүний хамгийн их зовлонгийн эх сурвалж болдог. Бурхан махбод болоод Өөртэй нь адилхан хэлтэй хэн нэгнийг олж чадах уу? Ийм хүнийг хүн төрөлхтний дундаас олох аргагүй. Бурхантай ярилцаж, харилцан ойлголцож чадах хүн нэг ч олдохгүй—Бурхан энэ талаар ямар сэтгэл хөдлөлтэй байдаг гэж чи хэлэх вэ? Хүмүүсийн хэлэлцдэг, хайрладаг, эрэлхийлж, хүсэн хүлээдэг зүйлс нь бүгд нүгэл болон ёрын муу чиг хандлагатай хамаатай байдаг. Бурхан энэ бүхэнтэй нүүр тулах үед Түүний зүрх рүү хутга дүрж байгаа мэт байдаггүй гэж үү? Эдгээр зүйлтэй тулгараад Тэр зүрх сэтгэлдээ баяр хөөртэй байж чадах уу? Тэр тайтгарал олж чадах уу? Түүнтэй хамт амьдарч буй хүмүүс тэрслүү зан, ёрын муугаар дүүрсэн хүмүүс юм—тиймд Түүний зүрх сэтгэл зовж шаналахгүй байж яаж чадах билээ? Энэ зовлон үнэхээр хэр их вэ, хэн энийг хайхардаг вэ? Хэн анхаарал хандуулдаг вэ? Хэн үүнийг ойлгох чадвартай вэ? Хүмүүс Бурханы зүрх сэтгэлийг ойлгох ямар ч аргагүй. Түүний зовлонг хүмүүс үнэндээ ойлгох чадваргүй бөгөөд хүмүүсийн хүйтэн, хөшүүн байдал Бурханы зовлонг бүр ч гүнзгийрүүлдэг.

Библид: “Үнэгэнд нүх, шувуудад ч үүр бий; гэтэл хүний Хүү толгой хоргодох газаргүй байна” гэсэн эшлэл байдаг учраас Христийн зовлонг үргэлж өрөвддөг зарим хүн байдаг. Хүмүүс үүнийг сонсоод үнэн сэтгэлээсээ авч үзэн, энэ нь Бурханы амсдаг хамгийн их зовлон, Христийн туулдаг хамгийн их зовлон мөн гэж боддог. Одоо үүнийг баримтуудын өнцгөөс харвал үнэхээр тийм байна уу? Үгүй; Бурхан эдгээр бэрхшээлийг зовлон гэж үздэггүй. Тэр махан биеийн бэрхшээлээсээ болоод шударга бус байдлыг эсэргүүцэн гомдоллож байгаагүй ба хүмүүсээс хариу нэхэж, эсвэл Өөрийг нь ямар нэг зүйлээр шагна гэж шаардаагүй. Гэхдээ Тэр хүн төрөлхтний бүх зүйлийг, ялзармал амьдралыг, ялзарсан хүний ёрын мууг харах үедээ, хүн төрөлхтөн Сатаны атганд, Сатанд хоригдоод зугтаж чадахгүй байгааг, нүгэлтэй амьдарч байгаа хүмүүс үнэн гэж юу болохыг мэдэхгүй байгааг харах үедээ энэ бүх нүглийг тэвчиж чаддаггүй. Хүн төрөлхтнийг жигших Түүний жигшил зэвүүцэл өдөр өдрөөр ихэсдэг боловч Тэр энэ бүхнийг тэвчих хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы асар их зовлон юм. Бурхан Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг ч, эсвэл Өөрийн сэтгэл хөдлөлийг ч дагалдагчдынхаа дунд бүрэн илэрхийлж чаддаггүй ба Түүний дагалдагчдаас хэн нь ч Түүний зовлонг үнэхээр ойлгож чадахгүй. Энэ зовлонг өдөр өнжилгүй, жил алгасалгүй, ахин дахин амсдаг Түүний зүрх сэтгэлийг хэн ч ойлгож, тайвшруулах гэж оролддоггүй. Та нар энэ бүгдээс юу харж байна вэ? Бурхан өгсөн зүйлийнхээ хариуд хүмүүсээс юу ч шаарддаггүй, гэвч мөн чанараасаа болж Тэрээр хүн төрөлхтний ёрын муу, ялзрал болон нүглийг огтхон ч тэвчиж чаддаггүй, харин ч туйлын их жигшил, үзэн ядалтыг мэдэрдэг, энэ нь Бурханы зүрх сэтгэл, бие махбодыг дуусашгүй их зовлон туулахад хүргэдэг. Та нар энэ бүхнийг харсан уу? Та нарын хэн нь ч үүнийг харж чадахгүй нь бараг л үнэн биз, учир нь та нарын хэн нь ч Бурханыг үнэхээр ойлгож чаддаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та нар үүнийг аажмаар өөрсдөө туулах ёстой.

Одоо судрын дараах хэсгийг авч үзье:

9. Есүс гайхамшиг үзүүлсэн нь

а. Есүс таван мянган хүнийг хооллосон нь

Иохан 6:8–13 Түүний шавь нарын нэг Симон Петрийн дүү Андрей Түүнд: “Энд таван арвайн талх, хоёр жижиг загастай нэг хөвгүүн байна: гэвч энэ нь өдий олон хүнд юу болох вэ?” гэсэнд Есүс: “Хүмүүсийг суулга” гэв. Тэр газар өвс ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөснийхөө дараа шавь нартаа тараан өгч, шавь нар нь нөгөө суусан хүмүүст хувааж өгөв; мөн загасыг ч хүссэн хэмжээгээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа: “Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул” гэв. Тийнхүү хүмүүс идээд илүү гарсан таван арвайн талхнаас үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулж, арван хоёр сагс дүүргэжээ.

б. Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

Иохан 11:43–44 Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар “Лазар, гараад ир!” гэж хашхирсанд гар хөл нь оршуулгын бөсөөр ороолттой, нүүр нь алчуураар ороолттой тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг тайлж явуул” гэв.

Эзэн Есүсийн үзүүлсэн гайхамшгуудын дундаас бид энэ хоёрыг л сонгосон, учир нь эдгээр нь энд Миний ярихыг хүссэн зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн үзүүлсэн гайхамшгуудыг маш сайн төлөөлдөг.

Эхлээд эхний хэсгийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.

“Таван талх, хоёр загас” гэдгийн санаа нь юу вэ? Таван талх, хоёр загас ер нь хэдэн хүнийг хангалттай хооллож чадах вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршилд үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай. Энэ бол “таван талх, хоёр загасны” хамгийн үндсэн санаа юм. Гэсэн хэдий ч энэхүү хэсэгт таван талх, хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон бэ? Библид дараах байдлаар тэмдэглэсэн байдаг: “Тэр газар өвс ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх, хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юуг харуулдаг вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах боломжгүй, учир нь хүмүүс болон хоолны хоорондох зөрүү дэндүү их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн таван мянган хүнд хүрэлцэхгүй. Гэвч энд Эзэн Есүс гайхамшиг үзүүлсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлсэн төдийгүй бүр хоол үлдсэн. Библид: “Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа: ‘Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул’ гэв. Тийнхүү хүмүүс идээд илүү гарсан таван арвайн талхнаас үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулж, арван хоёр сагс дүүргэжээ” гэсэн байна. Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар, байр суурийг хүмүүст харуулж, Бурханд боломжгүй юм гэж байдаггүйг харуулсан—ийм маягаар тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэн мөнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж, чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй, ер бусын, нууцлаг санагдаж байсан нь гарцаагүй, харин Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байв. Энэ нь Бурханы хувьд нэгэнт энгийн зүйл байсан юм бол яагаад одоо үүнийг онцгойлон тайлбарлах ёстой юм бэ? Яагаад гэвэл, энэ гайхамшгийн цаана байгаа зүйл нь урьд өмнө нь хүн төрөлхтний хэзээ ч нээн илрүүлээгүй Эзэн Есүсийн хүслийг агуулдаг.

Эхлээд энэ таван мянган хүн ямар хүмүүс байсныг ойлгох гээд үзье. Тэд Эзэн Есүсийн дагалдагчид байсан уу? Тэд Түүний дагалдагчид байгаагүй гэдгийг бид Библиэс мэдэж байна. Эзэн Есүс хэн болохыг тэд мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Ядаж л, өмнө нь зогсож буй хүн Христ байсныг тэд мэдээгүй, эсвэл зарим хүн зөвхөн Түүний нэрийг мэдэж, Түүний хийсэн зүйлийн талаар ямар нэг зүйл мэдсэн юм уу сонссон байж магадгүй. Тэдний хувьд Эзэн Есүсийн тухай түүхийг сонсох үедээ сониуч зан нь төрсөн төдий, харин тэднийг Түүнийг дагадаг байсан гэх нь бүү хэл, Түүнийг ойлгодог байсан гэж хэлж лав болохгүй. Эзэн Есүс энэ таван мянган хүнийг харахад тэд өлсөж, гэдсээ дүүргэх тухай л бодож байсан тул энэ нөхцөлд Эзэн Есүс тэдний хүслийг биелүүлжээ. Тэдний хүслийг биелүүлэхдээ Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Зөвхөн цадталаа идэхийг л хүсэж байсан энэ хүмүүст хандах Түүний хандлага ямар байсан бэ? Энэ үед Эзэн Есүсийн бодол болон хандлага нь Бурханы зан чанар, мөн чанартай хамаатай байсан. Зөвхөн их хоол идэхийг л хүссэн хоосон ходоодтой энэ таван мянган хүнтэй тулгараад, Өөрийнх нь талаар сониуч зан, итгэл найдвараар дүүрэн энэ хүмүүстэй тулгараад Эзэн Есүс тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд энэ гайхамшгийг ашиглах талаар л бодсон. Гэхдээ тэд Өөрийнх нь дагалдагч болно гэж Тэр найдаагүй, учир нь тэд зүгээр л зугаацаж, цадталаа идэхийг хүссэн гэдгийг Тэр мэдэж байсан тул Өөртөө байсан зүйлийг ашигтайгаар ашиглаж, таван мянган хүнийг хооллохын тулд таван талх, хоёр загас хэрэглэжээ. Тэр сонирхолтой зүйл харах дуртай, гайхамшиг харахыг хүссэн энэ хүмүүсийн нүдийг нээж, тэд бие махбодтой болсон Бурханы гүйцэлдүүлж чадах зүйлсийг өөрсдийн нүдээр харсан билээ. Хэдийгээр тэдний сониуч занг хангахын тулд Эзэн Есүс биет зүйл ашигласан боловч энэ таван мянган хүн ердөө л сайн хоол идэхийг хүсэж байсныг зүрх сэтгэлдээ хэдийнээ мэдэж байсан болохоор Тэр тэдэнд номлоогүй, юу ч хэлээгүй—зүгээр л тэдэнд энэ гайхамшгийг харуулсан. Тэр энэ хүмүүст Өөрийг нь үнэнчээр дагадаг шавь нартаа ханддаг шиг хандаж яавч чадаагүй, гэхдээ Бурханы зүрх сэтгэлд бүх бүтээл Өөрийнх нь захиралт дор байдаг бөгөөд шаардлагатай үед Бурханы нигүүлслийг хүртэх боломжийг Өөрийн хараанд буй бүтээлд олгодог юм. Энэ хүмүүс Түүний хэн болохыг мэдээгүй, Түүнийг ойлгоогүй, талх, загас идсэнийхээ дараа ч Түүний талаар ямар нэг гойд сэтгэгдэл, Түүнд талархах сэтгэл төрөөгүй байлаа ч энэ нь Бурханы дургүйцээд байх юм биш байсан—Тэр энэ хүмүүст Бурханы нигүүлслийг эдлэх гайхалтай боломж өгсөн. Бурхан хийдэг зүйлдээ зарчимч байдаг бөгөөд үл итгэгчдийг харж, хамгаалдаггүй, ялангуяа тэдэнд Өөрийнхөө нигүүлслийг эдлүүлдэггүй гэж зарим хүн хэлдэг. Үнэхээр тийм байдаг уу? Бурханы нүдээр бол тэд Түүний Өөрийнх нь бүтээсэн амьд бүтээл мөн болохоор Тэр тэднийг удирдаж, анхаарал тавьж, олон янзын байдлаар тэдэнд хандаж, тэдний төлөө төлөвлөж, тэднийг захирна. Эдгээр нь бүх зүйлд хандах Бурханы бодол ба хандлага юм.

Хэдийгээр талх, загас идсэн таван мянган хүн Эзэн Есүсийг дагахаар төлөвлөөгүй ч гэсэн Тэр тэдэнд хатуу шаардлага тавиагүй; тэднийг цадталаа идсэний дараа Эзэн Есүс юу хийснийг та нар мэдэх үү? Тэр тэдэнд ер нь номлосон уу? Үүнийг хийснийхээ дараа Тэр хаашаа явсан бэ? Сударт Эзэн Есүс тэдэнд ямар нэг зүйл хэлсэн гэж тэмдэглээгүй, харин Тэр гайхамшиг үйлдчихээд чимээгүйхэн явж одсон. Тэгвэл тэр хүмүүст Тэрээр ямар нэгэн шаардлага тавьсан уу? Ямар нэгэн үзэн ядалт байсан уу? Үгүй, эдгээрийн аль нь ч байгаагүй. Өөрийг нь дагаж чадахгүй энэ хүмүүст Тэр цаашид ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй бөгөөд энэ удаа Түүний зүрх сэтгэл шаналж байсан. Яагаад гэвэл, Тэрээр хүн төрөлхтөн буруу замд орсныг харж, хүн төрөлхтөн Өөрийг нь голсныг мэдэрсэн бөгөөд энэ хүмүүсийг харж, тэдэнтэй хамт байх үедээ хүний мулгуу, мунхаг байдлаас болж маш их гуниглаж, сэтгэл нь өвдсөн учраас Тэр энэ хүмүүсийг аль болох хурдан орхиж явахыг л хүссэн. Эзэн зүрх сэтгэлдээ тэдэнд ямар ч шаардлага тавиагүй, тэдэнд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй, тэр тусмаа Өөрийн эрч хүчийг тэдэнд зарцуулахыг хүсээгүй. Тэд Өөрийг нь дагаж чадахгүй гэдгийг мэдэж байсан боловч энэ бүхнийг үл хайхран тэдэнд хандах Түүний хандлага мөн л маш тодорхой байв. Тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд Тэр тэдэнд эелдгээр хандахыг л хүсэж байсан бөгөөд үнэндээ энэ нь Өөрийн захиралт доорх бүх бүтээлд хандах Бурханы хандлага буюу бүх бүтээлд эелдгээр хандаж, тэднийг хангаж, хооллож тэжээх явдал юм. Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан байсан учраас Бурханы мөн чанарыг аяндаа илчилж, энэ хүмүүст эелдгээр хандсан. Тэр өршөөнгүй, хүлээцтэй сэтгэлээр тэдэнд хандаж, тийм зүрх сэтгэлээр эелдэг зангаа харуулж байсан юм. Энэ хүмүүс Эзэн Есүсийг яаж үзэж байсан болон ямар үр дүн гарахаас үл хамааран бүх бүтээлийн Эзэний байр сууринд үндэслэн бүтээл бүрд хандсан. Түүний илчилсэн бүхэн нь гарцаагүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох байв. Эзэн Есүс энэ зүйлийг чимээгүйхэн хийгээд, дараа нь чимээгүйхэн явсан—энэ нь Бурханы зан чанарын ямар тал вэ? Үүнийг Бурханы хайр энэрэл гэж болох уу? Үүнийг Бурханы аминч бус байдал гэж хэлж болох уу? Энэ нь жирийн нэг хүний хийж чадах зүйл мөн үү? Мэдээж үгүй! Эзэн Есүсийн таван талх, хоёр загасаар хооллосон энэ таван мянган хүн мөн чанартаа хэн байсан бэ? Тэдгээр нь Түүнтэй нийцдэг хүмүүс байсан гэж хэлж болох уу? Тэд бүгд Бурханд дайсагнаж байсан гэж хэлж болох уу? Тэд Эзэнтэй огт нийцтэй байгаагүй бөгөөд тэдний мөн чанар нь Бурханд туйлын дайсагнасан байсан гэж итгэлтэйгээр хэлж болно. Гэвч Бурхан тэдэнтэй хэрхэн харьцсан бэ? Тэрээр хүмүүсийн Бурханд хандах дайсагналыг намдаах арга ашигласан—энэ аргыг “найрсаг зан” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Эзэн Есүс энэ хүмүүсийг нүгэлтнүүд гэж харсан ч гэсэн Бурханы нүдэнд тэд Түүний бүтээл байсан, иймээс Тэр эдгээр нүгэлтэнтэй мөн л найрсаг харьцсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй зан бөгөөд энэ хүлээцтэй зан нь Бурханы Өөрийн ялгамж чанар болон мөн чанараар тодорхойлогддог. Иймээс энэ нь Бурханы бүтээсэн ямар ч хүний хийж чадахгүй зүйл—Бурхан л үүнийг хийж чадна.

Чи Бурханы бодол, хүн төрөлхтөнд хандах хандлагыг үнэхээр ойлгож, бүтээгдсэн зүйл бүрийг гэх Бурханы сэтгэл хөдлөл, санаа зовнилыг үнэхээр ойлгох үедээ Бүтээгчийн бүтээсэн хүн нэг бүрд зориулсан халамж, хайрыг ойлгож чадна. Ийм зүйл тохиолдох үед чи Бурханы хайрыг дүрслэх хоёр үгийг хэрэглэнэ. Тэр хоёр үг нь юу вэ? Зарим хүн “аминч бус” гэдэг, зарим нь “энэрэн туслах” гэдэг. Энэ хоёроос “энэрэн туслах” гэдэг нь Бурханы хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжгүй үг юм. Энэ үг бол хүмүүс уужим сэтгэлтэй, өргөн мэдлэгтэй хүнийг дүрслэхдээ хэрэглэдэг үг юм. Энэ нь ямар ч зарчмыг үл харгалзан буяны ажлыг ялгаварлахгүйгээр, мухар сохроор хийхийг хэлдэг учраас Би энэ үгийг үзэн яддаг. Энэ нь мунхаг, төөрөлдсөн хүмүүст түгээмэл байдаг уян сэтгэлийн илэрхийлэл юм. Бурханы хайрыг дүрслэхээр энэ үгийг хэрэглэх үед гарцаагүй гутаан доромжилсон утга байдаг. Бурханы хайрыг илүү зохистойгоор илэрхийлэх хоёр үг энд Надад байна. Тэр нь юу вэ? Эхнийх нь “энгүй”. Энэ үг маш их дурсамж сэргээдэг биш үү? Хоёр дахь нь “уудам”. Бурханы хайрыг дүрслэхэд Миний хэрэглэдэг энэ хоёр үг цаанаа бодит утга учиртай. Үгчилбэл, “энгүй” гэдэг нь юмны хэмжээ, эсвэл багтаамжийг дүрслэдэг, гэхдээ тэр зүйл хэчнээн том байх нь хамаагүй, энэ нь хүмүүсийн харж, хүрч чадах зүйл юм. Яагаад гэвэл, энэ нь оршин байдаг—энэ нь хийсвэр юм биш, харин хүмүүст харьцангуй үнэн зөв, бодитой байдлаар ойлголт өгч чадах зүйл юм. Чи үүнийг хоёр юм уу гурван хэмжээст өнцгөөс харж байгаа нь хамаагүй, энэ нь бодитой байдлаар оршин байдаг зүйл учраас оршин тогтнолыг нь төсөөлөх шаардлагагүй. Бурханы хайрыг дүрслэхийн тулд “энгүй” гэдэг үг хэрэглэх нь хэдийгээр Түүний хайрыг тоо хэмжээгээр тодорхойлохоор оролдож байгаа мэт боловч энэ нь Түүний хайр бол тоолохын аргагүй гэсэн мэдрэмжийг мөн өгдөг. Бурханы хайр нь хий хоосон зүйл ч биш, үлгэр домгийн зүйл ч биш учраас Бурханы хайрын хэмжээг тодорхойлж болно гэж Би хэлдэг. Харин ч энэ нь Бурханы захиралт доор буй бүх зүйлийн хуваалцдаг зүйл бөгөөд бүх бүтээл янз бүрийн түвшинд өөр өөр өнцгөөс хүртдэг зүйл билээ. Хэдийгээр хүмүүс үүнийг харж, эсвэл үүнд хүрч чадахгүй боловч энэхүү хайр бүх зүйлийг тэжээж, амьдруулдаг нь тэдний амьдралд Бурханы хайрыг бага багаар илчилдэг ба өнгөрөн одож буй хором бүрд тэдний эдэлсэн Бурханы хайрыг тоолж, гэрчилдэг. Бүх зүйлийг хангаж, тэжээн тэтгэж байгаа Бурханы нууц нь, мөн бүх зүйлийн төлөөх Бурханы бодол, ялангуяа хүмүүсийн төлөөх Бурханы бодол нь хүмүүсийн хувьд ойлгож ухаарахад хэцүү зүйл учраас Би Бурханы хайр бол хэмжээлшгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө урсгасан Бүтээгчийн цус, нулимсыг хэн ч мэдэхгүй. Өөрийнхөө гараар бүтээсэн хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрын гүнийг юм уу жинг хэн ч ухаарч чадахгүй, хэн ч ойлгож чадахгүй. Бурханы хайрыг энгүй гэж дүрслэх нь үүний өргөн хүрээ болон оршин тогтнолын үнэнийг ухаарч, ойлгоход хүмүүст туслахын тулд байдаг. Мөн ингэснээр хүмүүс “Бүтээгч” гэдэг үгийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ухаарч, “бүтээл” хэмээх нэршлийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ойлгож чадна. “Уудам” гэдэг үг ихэнхдээ юу дүрсэлдэг вэ? Энэ нь ерөнхийдөө “уудам орчлон”, эсвэл “уудам далай” гэх мэтээр далай тэнгис, эсвэл орчлон ертөнцийг дүрслэхэд хэрэглэгддэг. Орчлон ертөнцийн өргөн уудам, аниргүй гүнийг хүн ойлгохын аргагүй; энэ нь хүний төсөөллийг эзэмддэг, тэдний асар их бахдан биширдэг зүйл юм. Үүний нууцлаг, гүн гүнзгий байдал нь нүдэнд харагдахуйц атлаа хүрэхийн аргагүй байдаг. Далай тэнгисийн тухай бодохдоо чи өргөн уудмыг нь боддог—энэ нь зах хязгааргүй харагддаг ба чи үүний нууцлаг байдал болон асар ихийг багтаах багтаамжийг нь мэдэрдэг. Ийм учраас Би Бурханы хайрыг дүрслэхийн тулд “уудам” гэдэг үгийг хэрэглэж, энэ хайр хэчнээн үнэ цэнтэйг мэдэрч, Бурханы хайрын гүн гүнзгий гоо сайхныг болон Түүний хайрын хүч хязгааргүй, өргөн уудам гэдгийг мэдрэхэд нь хүмүүст туслах гэсэн билээ. Би Түүний хайрын ариун байдал болон Түүний хайраар илчлэгдсэн Бурханы эрхэм чанар, халдашгүй байдлыг мэдрэхэд нь хүмүүст туслахын тулд энэ үгийг ашигласан юм. Одоо та нар “уудам” гэдэг нь Бурханы хайрыг дүрслэхэд тохиромжтой үг мөн гэж бодож байна уу? Бурханы хайр “энгүй”, “уудам” гэсэн энэ хоёр үгтэй тохирох уу? Маргаангүй! Гагцхүү энэ хоёр үг л Бурханы хайрыг хүний хэлээр дүрслэхэд харьцангуй тохиромжтой, харьцангуй ойр дөхөм байдаг. Та нар тэгж бодохгүй байна уу? Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслүүлсэн бол та нар энэ хоёр үгийг хэрэглэх байсан уу? Та нар бараг л тэгэхгүй, учир нь Бурханы хайрын талаарх та нарын ойлголт болон ухаарал хоёр хэмжээст өнцгийн цар хүрээнд хязгаарлагдсан бөгөөд гурван хэмжээст орон зайн өндөрт хүрээгүй. Иймээс хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслэн хэлүүлсэн бол хэлэх үг дутаж байгаагаа та нар мэдрэх байсан; эсвэл та нар бүр хэлэх ч үггүй болох байсан. Өнөөдөр Миний ярьсан хоёр үгийг ойлгоход та нарт хэцүү байсан байж магадгүй, эсвэл та нар зүгээр л санал нийлэхгүй байж ч магадгүй. Энэ нь Бурханы хайрын талаарх та нарын ухаарал болон ойлголт өнгөцхөн бөгөөд явцуу хүрээнд хязгаарлагддагийг л харуулж байна. Бурхан аминч бус гэж Би өмнө нь хэлсэн; та нар “аминч бус” гэх энэ үгийг санаж байгаа. Бурханы хайрыг зөвхөн аминч бус хэмээн дүрсэлж болох юм гэж үү? Энэ нь хэт явцуу хүрээ биш гэж үү? Та нар үүнээс ямар нэг зүйл олж авахын тулд энэ асуудлыг илүү их тунгаан бодох ёстой.

Дээрх зүйлс нь эхний гайхамшгаас Бурханы зан чанар, мөн чанарын талаар бидний харсан зүйл юм. Энэ нь хэдэн мянган жилийн турш хүмүүсийн уншиж ирсэн түүх хэдий ч нэгэн энгийн үйл явдлыг агуулдаг, хүмүүст нэгэн энгийн үзэгдэл харах боломж олгодог атлаа энэхүү энгийн үйл явдлаас бид илүү үнэ цэнтэй зүйл болох Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг харж чаддаг. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь Бурханыг Өөрийг нь төлөөлдөг бөгөөд Бурханы Өөрийнх нь бодлын илэрхийлэл юм. Бурхан Өөрийнхөө бодлыг илэрхийлэх нь Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойн илэрхийлэл байдаг. Түүнийг ойлгож, Түүнийг мэдэж, Түүний хүслийг ухаарч, Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг сонсож, Түүний хүслийг хангахаар идэвхтэйгээр хамтран ажиллаж чадах хүмүүс байх болно гэж Тэр найддаг. Эзэн Есүсийн хийсэн эдгээр зүйл нь Бурханы чимээгүй илэрхийлэл байсан юм.

Дараа нь Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь гэх хэсгийг харцгаая.

Энэ хэсгийг уншсаны дараа та нарт ямар сэтгэгдэл төрсөн бэ? Эзэн Есүсийн гүйцэтгэсэн энэ гайхамшгийн ач холбогдол нь өмнөхөөсөө хамаагүй их байсан, учир нь үхсэн хүнийг булшнаас нь буцаан амилуулахаас илүү гайхалтай гайхамшиг гэж үгүй. Эзэн Есүс иймэрхүү зүйлийг хийх нь тухайн эрин үед туйлын ач холбогдолтой байв. Бурхан бие махбодтой болсон учраас хүмүүс зөвхөн Түүний гадаад дүр төрхийг, Түүний бодитой талыг болон Түүний ялихгүй жаахан талыг л харж байсан. Хэдийгээр зарим хүн Түүний зан авирын заримыг юм уу Түүнд байсан зарим онцгой чадварыг харж, ойлгож байсан боловч Эзэн Есүс хаанаас ирснийг, мөн чанартаа чухам хэн байсныг, үнэндээ өөр ямар зүйл хийх чадвартайг хэн ч мэдээгүй. Энэ бүхнийг хүн төрөлхтөн мэддэггүй байсан. Маш олон хүн Эзэн Есүсийн талаарх эдгээр асуултад хариулах нотолгоог олж, үнэнийг мэдэхийг хүссэн. Бурхан Өөрийн ялгамж чанарыг нотлохын тулд ямар нэг зүйл хийж чадах байсан уу? Бурханы хувьд энэ нь хялбархан ажил байлаа. Тэр Өөрийн ялгамж чанар, мөн чанарыг нотлохын тулд хаана ч, хэдийд ч ямар нэг юм хийж чадах байв, гэхдээ Бурхан аливааг төлөвлөгөөтэйгээр, алхам алхмаар хийдэг. Тэр аливаа зүйлийг эмх замбараагүйгээр хийгээгүй, харин ч хүнд харуулах хамгийн утга учиртай зүйлийг хийхдээ зөв цаг, зөв боломжийг хайдаг байлаа. Ийм маягаар Тэр эрх мэдэл, ялгамж чанараа нотолсон юм. Тэгвэл Лазарыг амилуулсан нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг нотолж чадсан уу? Бичвэрийн дараах хэсгийг харцгаая: “Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар ‘Лазар, гараад ир!’ гэж хашхирсанд … тэр үхсэн хүн гарч ирэв…” Эзэн Есүс үүнийг хийх үедээ: “Лазар, гараад ир” гэдэг ганц зүйл л хэлсэн. Лазар дараа нь булшнаасаа гарч ирсэн—энэ нь Эзэний хэлсэн хэдхэн үгээс үүдэн биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй, өөр ямар ч үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх ёстой юу, эсвэл тушаал гэх үү? Эсвэл ид шид маягийн юм байсан уу? Өнгөн дээрээ энэ нь гайхамшиг гэгдэж болох юм шиг санагддаг бөгөөд үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээж бас л гайхамшиг гэж болно. Харин үхсэн хүний сүнсийг дуудаж авчрах учиртай нэг төрлийн ид шид гэж үзэж болохгүй, энэ нь яавч ямар нэг төрлийн илбэ увдис байгаагүй. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, өчүүхэн төдий баталгаа байсан гэж хэлэх нь зөв. Энэ бол Бурханы эрх мэдэл, хүч чадал билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь одуулж, Үхэгсдийн орон руу, эсвэл очих ёстой газар луу нь явуулах эрх мэдэл байдаг. Хүний үхэх хугацаа, үхсэнийхээ дараа очих газрыг Бурхан шийддэг. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай, газар нутагт хязгаарлагдалгүйгээр эдгээр шийдвэрийг хаана ч, хэдийд ч гаргаж чадна. Тэр хийхийг хүсвэл хийж чадна, учир нь бүх зүйл, бүх амьд амьтан Түүний захиралт дор байдаг бөгөөд бүх зүйл Түүний үгээр, Түүний эрх мэдлээр төрж, амьдарч, устаж үгүй болдог. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна, энэ нь ч бас Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол гагцхүү Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.

Лазарыг үхлээс буцаан авчрах гэх зэрэг зүйлийг хийсэн Эзэн Есүсийн зорилго нь хүн болон Сатанд нотолгоо харуулах, мөн хүн төрөлхтний бүх зүйлийг, хүн төрөлхтний амьдрал, үхлийг Бурхан шийддэг ба Тэр хэдийгээр бие махбодтой болсон ч гэсэн харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсний ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд мэдэгдэх явдал байсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүн төрөлхтөн болон Сатанд харуулах гэсэн. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчилж, харуулсан ба мөн хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг гэсэн үгийг бүх зүйлд илгээх Бурханы арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь хүн төрөлхтөнд зааварлаж, хүн төрөлхтнийг хангахын тулд Өөрийн хүч чадал, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг хүн төрөлхтөнд харуулах Бүтээгчийн үггүй арга байв. Мөн Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд бодит үйлдлээр хэлэх Түүний арга зам байлаа. Хүн төрөлхтөнд зааварчлахдаа Түүний ашигласан ийм чимээгүй арга барил нь үүрдийн, арилшгүй байдаг бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлээс хэзээ ч арилахгүй цочрол болон гэгээрлийг авчирсан юм. Лазар амилсан нь Бурханыг алдаршуулсан—энэ нь Бурханы дагалдагч нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд гагцхүү Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт, үзэгдлийг бат суулгасан. Бурханд ийм эрх мэдэл байдаг хэдий ч, мөн Тэр Лазарыг амилуулж хүн төрөлхтний амьдрал, үхлийг захирдаг Өөрийнхөө дээд эрхийг мэдэгдсэн хэдий ч энэ нь Түүний үндсэн ажил байгаагүй. Бурхан ямар нэг зүйлийг хэзээ ч утга учиргүйгээр хийдэггүй. Түүний хийдэг юм бүхэн асар их үнэ цэнтэй байдаг бөгөөд энэ нь эрдэнэсийн агуулах дахь гоц гойд эрдэнийн чулуу юм. Тэрээр “хүнийг булшнаас нь гаргахыг” Өөрийн ажлын үндсэн, цорын ганц зорилго юм уу хэсэг огтхон ч болгохгүй. Бурхан утга учиргүй зүйл хийдэггүй. Дан ганц Лазарын амилал нь Бурханы эрх мэдлийг харуулж, Эзэн Есүсийн ялгамж чанарыг батлахад хангалттай юм. Ийм учраас Эзэн Есүс ийм гайхамшгийг давтаагүй. Бурхан аливаа зүйлийг Өөрийнхөө зарчмын дагуу хийдэг. Хүний хэлээр бол Бурханы оюун санааг ноцтой асуудлууд эзэмддэг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурхан аливааг хийхдээ Өөрийн ажлын зорилгоос хазайдаггүй. Энэ үе шатанд Тэр ямар ажил хийхийг хүсэж байгаагаа, юу бүтээхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд Өөрийн төлөвлөгөөний дагуу хатуу чанд ажиллана. Хэрвээ ялзарсан хүнд ийм чадвар байсан бол тэр хэчнээн аймаар гэдгээ бусдад мэдэгдэхийн тулд өөрийн чадварыг харуулах арга замыг л бодох ба ингэснээр тэд түүнд мэхийн ёсолж, ингэснээр тэр тэднийг хянаж, тэднийг залгих байсан. Энэ бол Сатанаас гардаг ёрын муу юм—үүнийг ялзрал гэдэг. Бурханд тийм зан чанар байдаггүй, тийм мөн чанар байдаггүй. Аливааг хийх Түүний зорилго бол Өөрийгөө гайхуулах явдал биш, харин хүн төрөлхтнийг илүү их илчлэл болон удирдамжаар хангах явдал юм, иймээс хүмүүс Библиэс ийм төрлийн тун цөөхөн жишээ хардаг. Энэ нь Эзэн Есүсийн хүч чадал хязгаарлагдмал байсан, эсвэл Тэр тийм төрлийн зүйл хийх чадваргүй байсан гэсэн үг биш юм. Бурхан зүгээр л үүнийг хийхийг хүсээгүй, учир нь Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь маш бодит ач холбогдолтой байсан, мөн Бурхан бие махбодтой болсны үндсэн ажил нь гайхамшиг үзүүлэх явдал байгаагүй, үхсэн хүмүүсийг амьдруулах явдал байгаагүй, харин хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан юм. Иймээс Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын ихэнх нь хүмүүст заах, тэднийг хангах, тэдэнд туслах явдал байсан бөгөөд Лазарыг амилуулах зэрэг үйл явдал нь Эзэн Есүсийн хэрэгжүүлсэн үйлчлэлийн ердөө өчүүхэн хэсэг байв. Тэр ч бүү хэл “гайхуулах” гэдэг нь Бурханы мөн чанарын нэг хэсэг биш гэж хэлж болох тул Эзэн Есүс илүү олон гайхамшиг үзүүлээгүй нь зориуд биеэ барьсных биш, мөн орчны хязгаарлалтаас ч болсон биш бөгөөд хүч чадал дутсаных лав биш байсан юм.

Эзэн Есүс Лазарыг үхлээс буцааж авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн энэ хэдэн үгийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юу ч хэлээгүй. Тэгвэл эдгээр үг юуг харуулдаг вэ? Эдгээр нь, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад Бурхан үг яриагаараа юуг ч бүтээж чадна гэдгийг харуулдаг. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхийг бүтээхдээ үгээрээ л хийж, аман тушаал, эрх мэдэлтэй үг хэрэглэсэн бөгөөд ийм маягаар бүх зүйл бүтээгдэж, тийнхүү гүйцэлдсэн. Эзэн Есүсийн хэлсэн энэ хэдхэн үг тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхдээ Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдэл, Бүтээгчийн хүч чадлыг адил тэнцүү агуулж байлаа. Бурханы амнаас гарсан үгийн үрээр бүх зүйл бүрэлдэж тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгээс болж Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр нотлон харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байв. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар хүн төрөлхтөнд Бурханы заасан ойлголт юм. Одоо бид энэ сэдвийн талаарх хэлэлцүүлгээ ингээд дуусгая. Тэгээд бичвэрийг дахиад жаахан уншицгаая.

10. Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт

Марк 3:21–22 Есүсийн хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав. Тэд, “Тэр өөрийн ухаангүй болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар, “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” гэв.

11. Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

Матай 12:31–32 Би та нарт хэлж буйн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.

Матай 23:13–15 Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан, тэгэх үедээ түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Дээр буй хоёр хэсгийн агуулга нь өөр. Эхлээд эхний хэсгийг нь харцгаая: Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт.

Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаар фарисайчуудын үнэлснийг Библид: “Тэр өөрийн ухаангүй болжээ… Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэж тэд хэлжээ” (Марк 3:21–22) гэсэн. Эзэн Есүсийн талаарх хуулийн багш нар болон фарисайчуудын шүүлт нь зүгээр л бусад хүмүүсийн үгийг дуурайж байсан хэрэг биш, үндэслэлгүй таамаглал ч байсан юм биш—энэ нь Эзэн Есүсийн үйлдлийг харж, сонссон зүйлээсээ үүдэн Түүний талаар гаргасан дүгнэлт нь юм. Хэдийгээр тэдний дүгнэлт өнгөн дээрээ шударга ёсны төлөө хийгдсэн, үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн хэгжүүн зангаа барих нь тэдэнд ч гэсэн хэцүү байсан. Эзэн Есүсийг үзэн ядах улайрсан эрч хүч нь тэдний өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон ёрын муу сатанлаг төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцсэн атгаг муу уг чанарыг илчилсэн юм. Эзэн Есүсийг шүүхдээ тэдний хэлсэн эдгээр зүйл нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан ба үнэнд дайсагнасан балиар, атгаг муу уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг судлаагүй, Түүний хэлсэн, эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг ч шалгаагүй. Харин ч зориуд тэгэхээс тэгэх гэж сохроор, уурсан галзуурч, Түүний хийсэн зүйлийг дайрч давшлан, гутаасан. Тэд бүр Түүний Сүнсийг буюу Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг хамаа намаагүй гутаахдаа тулсан. Тэдний “Тэр өөрийн ухаангүй болжээ”, “Беелзебүл” ба “чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч гэж тэд хэлсэн. Өөрийгөө махбодоор хувцасласан, бие махбодтой болсон Бурханы Сүнсний ажлыг тэд галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүл, чөтгөрүүдийн захирагч гэж доромжилсноор үл барам Бурханы ажлыг яллаж, Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь Сатан болон диаволын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, доромжлолын мөн чанартай тэр чигээрээ адилхан байлаа. Тэд ялзарсан хүмүүсийг төлөөлөөд зогсохгүй, бүр Сатаны биелэл байсан юм. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг байсан ба Сатаны хамсаатан, зарц нар байв. Тэдний Эзэн Есүс Христийг доромжилж, гүтгэсэн мөн чанар нь байр суурийн төлөө Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурхантай хийсэн тэдний өрсөлдөөн, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний эсэргүүцлийн мөн чанар болон Түүнд дайсагнасан хандлага, түүнчлэн тэдний үг, тэдний бодол Бурханы Сүнсийг шууд доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн, хийсэн зүйлийг зүй зохистойгоор шүүн тодорхойлж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь: “Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх судрын хэсэгт хэлсэнчлэн энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй. “Энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх Бурханы үгийн жинхэнэ утга учрын тухай өнөөдөр ярилцъя. Өөрөөр хэлбэл, “энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” гэх үгийг Бурхан хэрхэн биелүүлдгийн нууцыг тайлцгаая.

Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар болон хүмүүс, үйл явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээжээр, дээрх хоёр хэсэг ч ялгаагүй. Библийн энэ хоёр хэсгээс та нар ямар нэг юм анзаарав уу? Тэдгээрээс Бурханы уур хилэнг харсан гэж зарим хүн хэлдэг. Зарим хүн, хүн төрөлхтний халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг талыг харсан бөгөөд хэрвээ хүмүүс Бурханыг доромжлох ямар нэг зүйл хийвэл Түүний уучлалыг хүртэж чадахгүй гэж хэлдэг. Энэ хоёр хэсгээс хүмүүс Бурханы уур хилэн болон хүний халдахыг тэвчдэггүй байдлыг нь харж, ойлгодог баримт байгаа ч гэсэн тэд Түүний хандлагыг лавтай ойлгоогүй хэвээр байдаг. Энэ хоёр хэсэгт Түүнийг доромжилж, уурлуулдаг хүмүүст хандах Бурханы жинхэнэ хандлага болон арга замын далд утга агуулагддаг. Түүний хандлага болон арга зам нь “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх энэ хэсгийн жинхэнэ утга учрыг харуулдаг. Хүмүүс Бурханыг доромжилж, уурлуулах үед Тэр ялын тогтоол гаргадаг ба энэ ялын тогтоол нь Түүний өгсөн үр дүн юм. Үүнийг Библид ийм байдлаар дүрсэлсэн байдаг: “Би та нарт хэлж буйн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” (Матай 12:31), “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ!” (Матай 23:13). Гэвч тэдгээр хуулийн багш нар, фарисайчууд, түүнчлэн Эзэн Есүсийг эдгээр зүйлийг хэлсний дараа Түүнийг галзуу гэж хэлсэн хүмүүс ямар үр дүн амссаныг Библид тэмдэглэсэн үү? Тэд ямар нэг шийтгэл амссан гэсэн тэмдэглэл Библид байдаг уу? Байгаагүй, үүнийг баттай хэлж болно. “Байгаагүй” гэж хэлсэн нь тийм тэмдэглэл байгаагүй гэсэн үг биш, харин үнэндээ хүний нүдээр харж болох ямар ч үр дүн байгаагүй юм. “Тэмдэглэгдээгүй” гэдэг нь тодорхой зүйлсийг шийдэх Бурханы хандлага болон зарчмын асуудлыг тодорхой болгодог. Өөрийг нь доромжилж, эсэргүүцдэг хүмүүс, эсвэл бүр Түүнийг гүтгэдэг хүмүүс—Түүнийг санаатайгаар дайрч давшилж, гүтгэж, хараадаг хүмүүстэй харьцахдаа—Бурхан нүдэн балай чихэн дүлий байдаггүй, харин ч тэдэнд хандах Түүний хандлага тодорхой байдаг. Тэрээр зүрх сэтгэлдээ энэ хүмүүсийг жигшиж, ялладаг. Тэр ч байтугай тэдний үр дүн ямар байхыг ил тод зарладаг, ингэснээр Түүнийг доромжилдог хүмүүст хандах Түүний хандлага тодорхой гэдгийг хүмүүс мэдэж, өөрсдийнх нь үр дүнг Тэр хэрхэн тодорхойлохыг мэдэж авна. Гэвч Бурхан эдгээр зүйлийг хэлсний дараа ч тэр хүмүүсийг Бурхан хэрхэн зохицуулах тухай үнэнийг хүмүүс тун бага ойлгодог ба тэдэнд Бурханы өгсөн төгсгөл болон ялын тогтоолын цаад зарчмыг ойлгож чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийг нь зохицуулах Бурханы тодорхой хандлага болон арга барилыг харж чаддаггүй. Энэ нь аливааг хийх Бурханы зарчимтай холбоотой. Бурхан зарим хүмүүсийн ёрын муу үйлд арга хэмжээ авахдаа бодит баримтуудыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Тэр тэдний нүглийг зарладаггүй, тэдний төгсгөлийг тодорхойлдоггүй, харин тэдэнд тохирох шийтгэл, шударга цээрлүүлэлтийг оноохын тулд бодит баримтуудыг шууд хэрэглэдэг. Эдгээр баримт гарч ирэх үед хүмүүсийн махан бие шийтгэл хүртдэг, өөрөөр хэлбэл, уг шийтгэл нь хүний нүдээр харж болох зүйл байдаг. Зарим хүний муу үйлдэлд арга хэмжээ авахдаа Бурхан тэднийг үгээр л хараадаг, бас Бурханы хилэгнэл тэдэн дээр буудаг боловч тэдний хүлээн авах шийтгэл нь хүмүүсийн харж чадахгүй зүйл байж магадгүй. Гэсэн хэдий ч иймэрхүү төгсгөл нь шийтгүүлэх, алуулах гэх мэт хүмүүсийн харж чадах төгсгөлөөс ч илүү ноцтой байж болно. Яагаад гэвэл, Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй, цаашид өршөөл үзүүлэхгүй, эсвэл тэднийг тэвчихгүй, тэдэнд өөр боломж олгохгүй гэж шийдсэн тохиолдолд тэдэнд хандах Түүний хандлага нь тэднийг хойш тавих явдал юм. Энд буй “хойш тавих” гэдгийн утга юу вэ? Энэ нэр томьёоны үндсэн утга нь ямар нэг зүйлийг хойш тавиад, үл тоож, анхаарал хандуулахаа болих гэсэн үг. Гэвч Бурхан хэн нэг хүнийг хойш тавих үед үүний утга учрын талаар хоёр өөр тайлбар байдаг: Эхний тайлбар нь Тэр тухайн хүний амь, тухайн хүний бүх зүйлийг Сатанд хариуцуулан өгдөг бөгөөд Бурхан тэр хүнийг цаашид хариуцахгүй, цаашид удирдахгүй. Тэр хүн нь галзуу, тэнэг байна уу, амьд байна уу, үхсэн байна уу, эсвэл шийтгүүлээд тамд унасан байна уу гэдгийн аль нь ч Бурханд хамаагүй. Тийм бүтээл Бүтээгчтэй ямар ч хамаагүй байна гэсэн үг. Хоёр дахь тайлбар нь гэвэл, Бурхан Өөрөө тухайн хүнд Өөрийн гараар ямар нэг зүйл хийхийг хүсэж байна гэж шийдсэн гэсэн үг. Тэр иймэрхүү хүний үйлчлэлийг ашиглах юм уу ийм хүнийг товойлгогч болгон ашиглаж болзошгүй. Ийм төрлийн хүнтэй харьцах тусгай арга, тэдэнд хандах тусгай арга Түүнд байх боломжтой, жишээ нь яг Паул шиг. Энэ бол ийм төрлийн хүнтэй харьцахаар шийдсэн Бурханы зүрх сэтгэл дэх зарчим ба хандлага юм. Иймээс хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнийг гүтгэж, доромжлохдоо Түүний зан чанарыг хилэгнүүлбэл, эсвэл Бурханы тэвчээрийн хязгаарыг давбал үр дагавар нь төсөөлөхийн ч аргагүй байдаг. Хамгийн хатуу ширүүн үр дагавар нь Бурхан тэдний амийг болон тэдний бүх зүйлийг Сатанд бүрмөсөн шилжүүлэн өгөх явдал юм. Тэд үүрд мөнхөд уучлагдахгүй. Энэ нь тэр хүн Сатаны аманд орсон хоол, түүний гар дахь тоглоом болно гэсэн үг бөгөөд тэр үеэс хойш тухайн хүн Бурханд ямар ч хамаагүй болно. Сатан Иовыг сорих үед энэ нь ямархуу зовлон зүдүүр байсныг та нар төсөөлж чадах уу? Иовын амийг хөнөөхийг Сатанд зөвшөөрөөгүй болзол байсан ч гэсэн Иов асар их зовсон юм. Сатанд бүрмөсөн өгөгдсөн, Сатаны атганд бүрэн орсон, Бурханы анхаарал, өршөөлийг бүрэн алдсан, цаашид Бүтээгчийн захиралт дор байхаа больсон, Түүнийг шүтэн мөргөх эрх, Бурханы захиралт дор бүтээл байх эрхээ алдсан, бүтээлийн Эзэнтэй харилцах харилцаа нь бүрмөсөн таслагдсан хүнд Сатаны учруулах хор хөнөөлийг төсөөлөхөд бүр ч хэцүү байх бус уу? Иовд үзүүлсэн Сатаны хавчлага нь хүний нүдээр харж болох зүйл байсан, гэхдээ Бурхан хүний амийг Сатанд өгвөл үр дагавар нь хүний төсөөлшгүй зүйл байх болно. Жишээ нь, зарим хүн үхэр, илжиг болон төрж магадгүй, харин зарим хүн бузар, муу ёрын сүнсэнд эзлэгдэж, эзэмдүүлж магадгүй гэх мэт. Энэ бол Бурханы Сатанд хүлээлгэн өгсөн зарим хүний төгсгөл юм. Гаднаасаа бол, Эзэн Есүсийг шоолсон, муулсан, гүтгэсэн, ялласан, доромжилсон хүмүүс ямар ч үр дагавар амсаагүй мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ, бүх зүйлтэй харьцах арга зам Бурханд байдаг. Тэр төрөл бүрийн хүмүүстэй хэрхэн харьцдагийнхаа үр дүнг хүмүүст хэлэхдээ ойлгомжтой хэл ашиглахгүй байж болох юм. Заримдаа Тэр шууд хэлдэггүй, харин шууд хийдэг. Тэр энэ талаар ярихгүй байна гэдэг нь үр дүн байхгүй гэсэн үг биш—үнэндээ тийм тохиолдолд үр дүн нь бүр ч илүү ноцтой байж болзошгүй. Гаднаасаа Бурхан зарим хүнд Өөрийнхөө хандлагыг илэн далангүй хэлдэггүй мэт харагддаг ч үнэндээ Бурхан тэдэнд удаан хугацаанд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй байдаг. Тэр тэднийг дахин харахыг хүсдэггүй. Тэдний хийсэн зүйл, зан авирын улмаас, тэдний уг чанар-мөн чанарын улмаас Бурхан тэднийг Өөрийн нүднээс далд оруулахыг хүсдэг ба тэднийг шууд Сатанд өгч, тэдний сүнс, оюун ухаан, биеийг Сатанд өгч, хүссэн бүхнээ хийхийг Сатанд зөвшөөрөхийг л хүсдэг. Бурхан тэднийг хэр зэрэг үзэн ядаж, хэр зэрэг жигшиж байгаа нь ойлгомжтой юм. Хэрвээ хүн өөрийг нь харах ч хүсэлгүй болж, бүрмөсөн орхихоор бэлдэх хүртэл нь, Өөрөө харьцахыг ч хүсэхгүй болох хүртэл нь Бурханыг хилэгнүүлбэл—хэрвээ Бурхан түүнийг Сатанд өгч, Сатан хүссэн зүйлээ хийж, түүнийг хянаж, залгиж, зоргоороо хандахыг нь зөвшөөрөх тийм хэмжээнд хүрвэл—энэ хүн бүрмөсөн дуусна. Түүний хүн байх эрх нь бүр цуцлагдаж, Бурханы бүтээлийн зүйл байх эрх нь ч дуусна. Энэ хамгийн ноцтой шийтгэл биш гэж үү?

Дээр өгүүлсэн бүхэн нь: “энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” гэсэн үгийн учрыг бүрэн тайлбарласан бөгөөд энэ нь бас бичвэрийн эдгээр хэсгийн тухай энгийн тайлбар юм. Та бүхэн одоо энэ талаар ойлголттой болсон гэж Би бодож байна.

Одоо Бичвэрийн дараах хэсгүүдийг уншицгаая.

12. Өөрийн амиллын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үг

Иохан 20:26–29 Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томас тэдэнтэй хамт дотор байв: хаалга хаалттай байсан боловч Есүс ирж, тэдний дунд зогсоод, “Амар амгалан та нарт байх болтугай” гэв. Дараа нь Тэр Томаст, “Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь; энд гараа хүргэж, Миний сүвээ рүү хий: бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай” гэлээ. Тэгэхэд Томас Түүнд хариулан, “Эзэн минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст өгүүлрүүн, “Томас, чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!” гэжээ.

Иохан 21:16–17 Тэр дахиад хоёр дахь удаагаа “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэхэд тэр “Тийм ээ, Эзэн минь, би Таныг хайрладаг гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд “Миний хонийг тэжээ” гэлээ. Тэр дахиад гурав дахь удаагаа “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэв. Тэр “Чи Намайг хайрладаг уу?” гэж гурав дахь удаагаа асуусан учир Петр зовниж, “Эзэн минь, Та бүхнийг мэднэ, би Таныг хайрладаг гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Миний хонийг тэжээ” гэж түүнд хэллээ.

Эдгээр хэсэгт өгүүлж буй зарим зүйл нь дахин амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн болон шавь нартаа айлдсан зүйлс юм. Эхлээд Эзэн Есүсийг амилахаас өмнө болон дараа ямар нэгэн ялгаа байсан эсэхийг харцгаая. Тэр урьдын Эзэн Есүс хэвээрээ байсан уу? Эргэж амилсны дараах Эзэн Есүсийг дүрсэлсэн дараах мөрүүд Бичвэрт байдаг: “Хаалга хаалттай байсан боловч Есүс ирж, тэдний дунд зогсоод, ‘Амар амгалан та нарт байх болтугай’ гэв.” Тэр үед Эзэн Есүс махбодод оршин байхаа болиод сүнслэг биед байх болсон гэдэг нь маш тодорхой байна. Учир нь Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан; хаалга хаалттай байхад ч гэсэн Тэр хүмүүсийн дунд орж ирээд тэдэнд Өөрийгөө харуулж чадсан. Энэ бол эргэж амилсны дараах Эзэн Есүс болон амилахаасаа өмнө махан биед амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондын хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр агшны сүнслэг биеийн харагдах байдал болон Эзэн Есүсийн урьдны гадаад төрх хоорондоо ямар ч ялгаагүй байсан боловч тэр агшинд Эзэн Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс эргэж амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба өмнөх махан биетэй нь харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүст илүү ээдрээтэй, будилмаар байсан. Түүнчлэн энэ нь Эзэн Есүс болон хүмүүсийн хооронд улам их зай бий болгосон ба тэр агшинд Эзэн Есүс улам нууцлаг болсныг хүмүүс зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Хүмүүсийн энэ танин мэдэхүй болон мэдрэмжүүд нь харж, эсвэл хүрч чадахгүй Бурханд итгэдэг байсан эрин үе рүү нь тэднийг гэнэт буцаан аваачсан. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд, Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг нотолж, Түүний эргэж амилсан бодит баримтыг нотлох боломжийг олгосон. Түүнээс гадна, энэ үйлдэл нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг махбодоор ажиллаж байх үеийнхтэй нь, хүмүүсийн харж, хүрч чадах Христ байсан үеийнхтэй нь адил болгож сэргээжээ. Үүний нэг үр дүн бол Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс эргэж амилсан гэдэгт хүмүүс огт эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг золин аврах Эзэн Есүсийн ажилд ч эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлж, энэ цагаас эхлэн Эзэн Есүс “алга болсон”, эсвэл “нэг ч үг хэлэлгүй орхиж явснаас” болоод хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй байх байсан. Тийнхүү Тэр тэднийг Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган урагшилсаар байхаар болгосон. Тиймээс Нигүүлслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, тэр үеэс эхлэн, хуулийн дор амьдарч байсан хүмүүс албан ёсоор хуулиас гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь эргэж амилсныхаа дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон талт утга учир юм.

Эзэн Есүс сүнслэг биед байсан юм бол хүмүүс яаж Түүнд хүрч, Түүнийг харж байсан бэ? Энэ асуулт нь Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд харагдсаны ач холбогдлыг хөнддөг. Дөнгөж сая уншсан бичвэрийн хэсгүүдээс та нар ямар нэг юм анзаарав уу? Үндсэндээ сүнслэг бие харагдаж, баригддаггүй ба эргэж амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн ажил аль хэдийн гүйцсэн байсан. Иймээс ер нь бол хүмүүстэй уулзахын тулд Тэр Өөрийн анхдагч төрхөөр тэдний дунд эргэж ирэх хэрэг огтхон ч байгаагүй, гэхдээ Эзэн Есүсийн сүнслэг бие Томас мэтийн хүмүүст харагдсан нь Түүний харагдсаны ач холбогдлыг илүү бодитой болгож, хүмүүсийн зүрх сэтгэлд илүү гүн шингэсэн. Тэр Томас дээр ирэхдээ эргэлзэгч Томасыг гартаа хүргүүлээд түүнд ингэж хэлсэн: “Энд гараа хүргэж, Миний сүвээ рүү хий: бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай.” Эдгээр үг, үйлдэл нь Эзэн Есүс зөвхөн эргэж амилсныхаа дараа хэлж, хийхийг хүссэн зүйл биш байсан; үнэндээ энэ нь загалмайд цовдлогдохоосоо өмнө Түүний хэлж, хийхийг хүсэж байсан зүйл юм, учир нь Томасын эргэлзээ зөвхөн тэр үед л эхэлсэн юм биш, харин Эзэн Есүсийг дагаж байсан тэр бүх хугацаанд түүнд байсан билээ. Загалмайд цовдлогдохоосоо өмнө Эзэн Есүс Томас мэтийн хүмүүсийн талаар аль хэдийн ойлгож байсан нь илэрхий юм. Иймээс бид үүнээс юу харж болох вэ? Тэр эргэж амилсныхаа дараа ч бас Эзэн Есүс хэвээр байсан. Түүний мөн чанар өөрчлөгдөөгүй. Гэхдээ үхлээс амилж, сүнсний ертөнцөөс Өөрийнхөө анхдагч дүрээр, Өөрийнхөө анхдагч зан чанартайгаар, бие махбодтой байх үедээ хүн төрөлхтнийг ойлгож байсан ойлголттойгоо эргэн ирсэн Эзэн Есүс эхлээд Томасыг олж очин Томасыг хавиргандаа хүргүүлж, эргэж амилсны дараах Өөрийн сүнслэг биеийг харуулаад зогсоогүй, Томасын гарыг хүргүүлж, сүнслэг биеийнхээ оршин буйг мэдрүүлэн эргэлзээг нь бүрмөсөн арилгасан юм. Эзэн Есүсийг загалмайд цовдлогдохоос өмнө Христ мөн гэдэгт нь Томас үргэлж эргэлзэж, итгэж чадахгүй байжээ. Бурханд итгэх түүний итгэл нь зөвхөн нүдээрээ харж, гараараа барьж чадах зүйл дээр л үндэслэн бүрэлдэж байсан. Эзэн Есүс ийм төрлийн хүмүүсийн итгэлийг сайн ойлгодог байлаа. Тэд зөвхөн тэнгэр дэх Бурханд л итгэдэг байсан ба Бурханы илгээсэн Нэгэнд, эсвэл махбод дахь Христэд итгэдэг ч үгүй, Түүнийг хүлээн авдаг ч үгүй байсан. Эзэн Есүсийн оршин тогтнолыг болон Тэр үнэхээр бие махбодтой болсон Бурхан гэдгийг Томасаар хүлээн зөвшөөрүүлж, итгүүлэхийн тулд Тэр Томаст гараа сунган хавирганд нь хүрэхийг зөвшөөрсөн. Эзэн Есүсийг амилсны өмнө болон дараа Томаст байсан эргэлзээ ялгаатай байсан уу? Тэр үргэлж эргэлзэж байсан ба Эзэн Есүсийн сүнслэг бие түүнд биечлэн харагдаж, Өөрийн бие дэх хадаасны оромд хүргэснийг эс тооцвол өөр хэн ч түүний эргэлзээг тайлж чадахгүй, хэн ч түүнийг эргэлзээнээс нь салгаж чадахгүй байв. Иймээс Эзэн Есүс Томасыг хавиргандаа хүргүүлж, хадаасны сорвинууд үнэхээр байгааг мэдрүүлсэн цагаас хойш Томасын эргэлзээ арилж, Эзэн Есүс эргэн амилсныг лавтай мэдэж, Эзэн Есүс бол жинхэнэ Христ, бие махбодтой болсон Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэсэн. Хэдийгээр энэ удаа Томас эргэлзэхээ больсон боловч Христтэй уулзах боломжоо үүрд алдсан байсан юм. Тэр Түүнтэй хамт байх, Түүнийг дагах, Түүнийг мэдэх боломжоо үүрд алджээ. Мөн Христээр төгс болгуулах боломжоо ч алдсан юм. Эзэн Есүсийн илрэлт болон үг эргэлзээгээр дүүрэн байсан хүмүүсийн итгэлийг дүгнэлт, шийдвэрээр хангасан. Тэрээр эргэлзэгчдэд хэлэхийн тулд, зөвхөн тэнгэрт байдаг Бурханд итгэдэг, харин Христэд үл итгэгчдэд хэлэхийн тулд Өөрийн бодитой үг, үйлдлийг ашигласан: Бурхан тэдний итгэлийг сайшаагаагүй, мөн Түүнийг дагах зуураа Түүнд эргэлзэж байгааг нь ч сайшаагаагүй. Тэд Бурханд болон Христэд бүрэн итгэсэн тэр өдөр л Бурхан Өөрийн агуу ажлыг дуусгасан өдөр болж чадсан юм. Мэдээжээр, тэр өдөр нь бас тэдний эргэлзээнд ялын тогтоол гарсан өдөр байсан. Христэд хандах тэдний хандлага хувь заяаг нь тодорхойлсон ба тэдний арилшгүй эргэлзээ нь тэдний итгэл ямар ч үр өгөөж авчраагүйг илтгэж, хөшүүн байдал нь тэдний итгэл найдвар талаар болсныг илтгэж байсан. Тэнгэр дэх Бурханд итгэх тэдний итгэл төсөөллөөр тэжээгдэж, Христэд эргэлздэг нь үнэндээ Бурханд хандах тэдний жинхэнэ хандлага байсан учраас хэдийгээр тэд Эзэн Есүсийн бие дээрх хадаасны сорвинд хүрсэн ч гэсэн тэдний итгэл хэрэггүй хэвээр байсан бөгөөд тэдний үр дүнг хулсан хувингаар ус хутгах шиг хий дэмий гэж л дүрсэлж болох юм. Эзэн Есүсийн Томаст хэлсэн зүйл бас хүн бүрд хэлэх Түүний арга зам гэдэг нь маш тодорхой байлаа: Амилсан Эзэн Есүс бол гучин гурван жил хагасыг хүн төрөлхтний дунд ажиллаж өнгөрөөсөн Эзэн Есүс юм. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийн сүүдэрт хөндийг туулж, амиллыг туулсан боловч Түүнд ямар ч талаар өөрчлөлт гараагүй. Хэдийгээр Тэр одоо бие дээрээ хадаасны сорвитой ч гэсэн, амилж булшнаас алхан гарч ирсэн ч гэсэн, Түүний зан чанар, хүн төрөлхтний тухай Түүний ойлголт, хүн төрөлхтөнд хандах Түүний санаа зорилго өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Түүнчлэн загалмайнаас буун ирж, нүглийг ялж, бэрхшээлийг даван туулж, үхлийг ялсан гэдгээ Тэрээр хүмүүст хэлж байв. Хадаасны сорвинууд нь ердөө л Тэр Сатаныг ялсны нотолгоо, бүх хүн төрөлхтнийг амжилттайгаар аврахын тулд нүглийн тахил болсны нотолгоо байсан юм. Тэр хүн төрөлхтний нүглийг аль хэдийн Өөртөө үүрч, Өөрийн золин аврах ажлыг дуусгасан гэдгээ хүмүүст хэлж байлаа. Тэр шавь нартайгаа уулзахаар эргэж ирэхдээ Өөрийнхөө илрэлтээр дамжуулан тэдэнд энэ мессежийг хэлсэн юм: “Би амьд хэвээрээ, оршин буй хэвээрээ; өнөөдөр Би та нарын өмнө үнэхээр зогсож байна, иймээс та нар Намайг харж, Надад хүрч болно. Би үргэлж та нартай хамт байх болно.” Эзэн Есүс Томасын тохиолдлыг хожмын хүмүүст зориулсан анхааруулга болгон ашиглахыг ч бас хүссэн: Хэдийгээр чи Эзэн Есүст итгэхдээ Түүнийг харж, Түүнд хүрч чадахгүй ч жинхэнэ итгэлээсээ үүдэн ерөөгдсөн бөгөөд жинхэнэ итгэлээрээ дамжуулан Эзэн Есүсийг харж чадна, ийм хүмүүс ерөөгддөг.

Томаст харагдах үедээ Эзэн Есүсийн хэлсэн, Библид тэмдэглэгдсэн эдгээр үг нь Нигүүлслийн эрин үеийн бүх хүнд асар их тус болсон. Томаст харагдаж, Томаст үг хэлсэн нь дараагийн үеийнхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн; эдгээр нь үүрдийн ач холбогдлыг агуулдаг. Томас Бурханд итгэдэг боловч Бурханд эргэлздэг хүмүүсийг төлөөлдөг. Тэд сэжиглэмтгий зантай, хар дотортой, урвамтгай бөгөөд Бурханы гүйцэлдүүлж чадах зүйлд итгэдэггүй. Тэд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний дээд эрхэд итгэдэггүй, бие махбодтой болсон Бурханд ч итгэдэггүй. Гэвч Эзэн Есүсийн амилсан нь тэдний энэ зан байдалд хүчтэй цохилт өгсөн ба энэ нь бас тэдэнд өөрсдийн эргэлзээг нээн илрүүлэх, өөрсдийн эргэлзээг таних, хар санаатай байснаа хүлээн зөвшөөрч, улмаар Эзэн Есүсийн оршин тогтнол болон амилалд үнэхээр итгэх боломж олгосон. Томаст тохиолдсон зүйл нь хожмын үеийнхэнд зориулсан анхааруулга, сануулга байсан, ингэснээр илүү олон хүн Томас шиг эргэлзэгч байж болохгүй, эргэлзээгээр дүүрэх юм бол харанхуйд живэх болно гэдгийг өөрсдөдөө анхааруулж чадах юм. Хэрвээ чи Бурханыг яг Томас шиг дагаж, Бурхан оршин байдаг уу, үгүй юу гэдгийг баталж, нотолж, эргэцүүлж бодохын тулд Эзэний хавирганд хүрч, Түүний хадаасны сорвийг тэмтэрч үзэхийг үргэлж хүсдэг бол Бурхан чамайг орхино. Иймээс Эзэн Есүс хүмүүсийг Томас шиг зөвхөн нүдээрээ харсан зүйлд л итгэдэг биш, харин цэвэр, үнэнч хүмүүс байж, Бурханд эргэлзэх сэтгэл өвөрлөлгүйгээр зүгээр л Түүнд итгэж, дагахыг шаарддаг. Ийм хүмүүс ерөөгддөг. Энэ бол Эзэн Есүсийн хүмүүст тавьж буй тун жаахан шаардлага, Өөрийнхөө дагалдагчдад өгсөн анхааруулга юм.

Дээрх нь эргэлзээгээр дүүрэн хүмүүст хандах Эзэн Есүсийн хандлага билээ. Тэгвэл Өөрт нь үнэнчээр итгэж, дагаж чадсан хүмүүст Эзэн Есүс юу хэлж, юу хийсэн бэ? Үүнийг бид Эзэн Есүс, Петр хоёрын ярианаас харах гэж байна.

Энэ ярианд Эзэн Есүс: “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэх нэг зүйлийг Петрээс ахин дахин асуусан. Энэ бол Эзэн Есүс эргэн амилсныхаа дараа Христэд үнэхээр итгэж, Эзэнийг хайрлах гэж эрмэлздэг Петртэй адилхан хүмүүсээс шаардаж байсан илүү өндөр стандарт юм. Энэ асуулт нь лавлаж нягтлах шиг, бас байцаах шиг байсан, гэхдээ үүнээс гадна энэ нь Петр шиг хүмүүст тавьсан шаардлага, хүлээлт байсан. Хүмүүс өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийгөө шалгаж, Эзэн Есүсийн хүмүүст тавьдаг шаардлага юу вэ? Би Эзэнийг хайрладаг уу? Би Бурханыг хайрладаг хүн мөн үү? Би Бурханыг яаж хайрлах ёстой вэ? гэж асууж байг гэсэндээ Эзэн Есүс лавлан асуух энэхүү аргыг ашиглажээ. Хэдийгээр Эзэн Есүс энэ асуултыг зөвхөн Петрээс асуусан боловч үнэн хэрэгтээ Петрээс эдгээр асуултыг асууснаараа, энэ боломжийг ашиглан Бурханыг хайрлахаар эрмэлздэг илүү олон хүнээс ийм асуулт асуухыг зүрх сэтгэлдээ хүсэж байв. Петр бол ердөө л ийм хүмүүсийн төлөөлөгч болж, Эзэн Есүсийн амнаас ийм асуулт сонсохоор ерөөгдсөн байжээ.

Эргэн амилсныхаа дараа Эзэн Есүсийн Томаст хэлсэн “Энд гараа хүргэж, Миний сүвээ рүү хий: бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай” гэх үгтэй харьцуулбал “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэж Петрээс гурван удаа давтан асуусан нь Эзэн Есүсийн хандлагын хатуу чанд байдал болон асуух үедээ Түүний мэдэрсэн яаралтай байдлыг илүү сайн мэдрэх боломжийг хүмүүст олгосон. Зальжин, хуурмаг уг чанартай бөгөөд эргэлзэгч Томасын тухайд гэвэл, Эзэн Есүс Өөрийнхөө бие дэх хадаасны сорвинд түүний гарыг хүргүүлж, улмаар Эзэн Есүс бол эргэж амилсан хүний Хүү мөн гэдэгт түүнийг итгүүлж, Эзэн Есүсийн Христ хэмээх ялгамж чанарыг хүлээн зөвшөөрүүлсэн. Хэдийгээр Эзэн Есүс Томасыг хатуу ширүүн зэмлээгүй, мөн түүний талаар ямар ч тодорхой шүүлтийг үг яриагаараа илэрхийлээгүй боловч тийм хүмүүст хандах Өөрийн хандлага, шийдэмгий байдлыг харуулангаа түүнийг ойлгосон гэдгээ бодитой үйлдлээрээ Томаст мэдэгдсэн. Эзэн Есүсийн ийм төрлийн хүмүүст тавих шаардлага, хүлээлтийг хэлсэн үгээс нь харж чадахгүй, учир нь Томас шиг хүмүүст өчүүхэн төдий ч жинхэнэ итгэл байдаггүй. Тэдэнд тавих Эзэн Есүсийн шаардлага ердөө энэ хүрсэн, харин Петр шиг хүмүүст үзүүлсэн Түүний хандлага огт өөр байсан. Тэр Петрээс гараа сунгаж, хадаасны сорвинд нь хүр гэж шаардаагүй, “бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай” гэж Петрт хэлээ ч үгүй. Харин ч Тэр Петрээс нэг асуултаа ахин дахин асуусан. Энэ асуулт нь Христийн дагагч бүхнийг өөрийн эрхгүй харамсаж, айж, Эзэн Есүсийн санаа зовсон, гунигтай байдлыг мэдрэхэд хүргэдэг тунгаан бодууштай, утга учиртай асуулт байсан. Тэд асар их өвдөж, зовж байхдаа Эзэн Есүсийн анхаарал, халамжийг илүү их ойлгож чаддаг; ариун цагаан, үнэнч хүмүүст хандах Түүний чин сэтгэлийн сургаал, хатуу чанд шаардлагуудыг тэд ухаардаг. Эдгээр энгийн үгэнд илчлэгдсэн, хүмүүсээс хүсэж буй Эзэний хүлээлт бол зөвхөн Түүнийг итгэж, дагах биш харин хайранд хүрч, өөрийн Эзэнийг, өөрийн Бурханыг хайрлах явдал юм гэдгийг Эзэн Есүсийн асуулт хүмүүст мэдрүүлдэг. Ийм хайр нь санаа тавих, дуулгавартай байх явдал юм. Энэ нь хүмүүс Бурханы төлөө амьдарч, Бурханы төлөө үхэж, бүх зүйлээ Бурханд зориулж, бүх зүйлээ Бурханы төлөө зарцуулж, өгөх явдал юм. Ийм хайр бас Бурханыг тайвшруулж, гэрчлэлийг таашааж, амрах боломж олгодог. Энэ бол хүн төрөлхтөн Бурханд хариу барьж байгаа хэрэг, хүний хариуцлага, үүрэг, даалгавар бөгөөд хүмүүсийн насан туршдаа дагах ёстой зам юм. Энэ гурван асуулт нь Петр болон төгс болгуулах боломжтой бүх хүнд тавьсан Эзэн Есүсийн шаардлага, сургамж байсан юм. Петрийг эцсээ хүртэл амьдралын замаа дагахад хөтөлж, зоригжуулсан зүйл нь энэ гурван асуулт байсан бөгөөд Эзэн Есүсийн явахдаа асуусан энэ асуултууд нь Эзэнийг гэх хайраасаа болж төгс болох замаа эхлэхэд Петрийг хөтлөн, энэ хайраасаа болж Эзэний зүрх сэтгэлд анхаарал тавьж, Эзэнд дуулгавартай байж, Эзэнд тайвшрал өгч, өөрийнхөө бүхий л амьдрал, бүхий л оршихуйг өргөл болгоход нь түүнийг хөтөлсөн юм.

Нигүүлслийн эрин үед Бурханы ажил нь үндсэндээ хоёр төрлийн хүмүүст зориулсан байсан. Эхний төрлийнх нь Түүнд итгэж, дагадаг, Түүний тушаалыг сахиж, загалмай үүрч чаддаг, Нигүүлслийн эрин үеийн замыг баримталж чаддаг хүмүүс байсан юм. Ийм төрлийн хүн Бурханы ерөөлийг хүртэж, Бурханы нигүүлслийг эдэлдэг байв. Хоёр дахь төрлийн хүмүүс нь Петр шиг, төгс болгуулж чадах хүмүүс байсан. Иймээс Эзэн Есүс дахин амилсныхаа дараа хамгийн их утга учиртай энэ хоёр зүйлийг эхлээд хийсэн юм. Нэгийг нь Томаст, нөгөөг нь Петрт хийсэн. Энэ хоёр зүйл юуг төлөөлдөг вэ? Эдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы жинхэнэ санаа зорилгыг төлөөлдөг үү? Тэдгээр нь Бурханы хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийг харуулдаг уу? Томаст хийсэн Түүний ажил нь эргэлзэгч байлгүй, зүгээр л итгэ гэж хүмүүст анхааруулах явдал байсан. Петрт хийсэн ажил нь Петр шиг хүмүүсийн итгэлийг бэхжүүлж, ийм хүмүүст тодорхой шаардлага тавьж, тэдний зорих ёстой зорилго юу вэ гэдгийг харуулах явдал байлаа.

Эзэн Есүс амилсныхаа дараа шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ харагдаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд шаардлага тавьж, Өөрийн санаа болон хүмүүст тавих хүлээлтийг ардаа орхисон. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы хувиар хүн төрөлхтнийг гэх Түүний зовнил болон хүмүүст тавих шаардлага хэзээ ч өөрчлөгдөөгүй; эдгээр нь Түүнийг махбодод байх үед ч, цовдлогдож, эргэн амилсныхаа дараа сүнслэг биед байхад ч адилхан хэвээр байсан. Загалмайд цовдлогдохоосоо өмнө ч Тэр эдгээр шавийнхаа төлөө санаа зовж байсан, хүн нэг бүрийн байдлыг зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан, хүн бүрийн дутагдлыг ойлгож байсан ба мэдээж нас барж, амилж, сүнслэг бие болсныхоо дараа ч гэсэн хүн бүрийн талаарх Түүний ойлголт бие махбодтой байх үеийнхтэй нь адил байсан. Хүмүүс Түүний ялгамж чанар бол Христ гэдэгт бүрэн итгээгүй байгааг Тэр мэдэж байсан, харин махбодод байх хугацаандаа Тэр хүмүүст хатуу чанд шаардлага тавиагүй. Гэхдээ Тэр амилсныхаа дараа тэдэнд үзэгдэж, Эзэн Есүс бол Бурханаас ирсэн, Тэр бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг тэдэнд төгс итгүүлсэн бөгөөд Өөрийн илрэлт болон амиллын баримтыг хүн төрөлхтний насан туршийн эрэл хайгуулын хамгийн агуу үзэгдэл, сэдэл болгон ашигласан. Түүний үхлээс амилсан нь Түүнийг дагасан бүх хүнийг хатуужуулаад зогсоогүй, мөн Нигүүлслийн эрин үе дэх Түүний ажлыг хүн төрөлхтний дунд бүрэн хэрэгжүүлсэн, тийнхүү Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн авралын сайн мэдээ нь хүн төрөлхтний дунд өнцөг булан бүрд аажмаар тархсан юм. Эзэн Есүс амиллынхаа дараа илэрсэн нь ямар нэгэн ач холбогдолтой байсан гэх үү? Хэрвээ чи тэр үед Томас юм уу Петр байсан бол, ийм утга учиртай энэ зүйл чиний амьдралд тохиолдсон бол чамд ямаршуу үр нөлөө үзүүлэх байсан бэ? Чи үүнийг Бурханд итгэх амьдралынхаа дээд зэргийн, хамгийн агуу үзэгдэл гэж үзэх байсан уу? Чи үүнийг Бурханыг дагах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахаар хичээх, насан туршдаа Бурханы хайрыг эрж хайх жолоодогч хүч гэж үзэх байсан уу? Энэхүү хамгийн агуу үзэгдлийг түгээхийн тулд чи насан туршийн хичээл чармайлтаа зориулах байсан уу? Эзэн Есүсийн авралыг түгээх явдлыг чи Бурханаас ирсэн даалгавар гэж хүлээн авах байсан уу? Хэдийгээр та нар үүнийг биеэр туулаагүй ч Томас, Петр хоёрын жишээ нь орчин үеийн хүмүүсийн хувьд Бурхан болон Бурханы хүслийн талаар тодорхой ойлгож авахад хэдийн хангалттай юм. Бурхан махбод болсныхоо дараа, хүн төрөлхтний дундах амьдралыг биечлэн туулж, хүний амьдралыг биечлэн туулсныхаа дараа, хүн төрөлхтний доройтол болон хүний амьдралын нөхцөл байдлыг харсныхаа дараа хүн төрөлхтөн хэчнээн арга мөхөс, гашуудалтай, өрөвдөлтэй болохыг махбод дахь Бурхан илүү гүн гүнзгий мэдэрсэн гэж хэлж болно. Бурхан махбодод амьдарч байхдаа Өөрийн хүн чанараас болж, бие махбодын зөн совингоосоо болж хүний нөхцөл байдлыг улам их өрөвдөх болсон. Энэ нь Түүнийг дагалдагчдадаа илүү санаа тавихад хүргэсэн юм. Эдгээр нь та нарын ойлгож чадахааргүй зүйл байж болзошгүй, гэвч дагалдагч нэг бүрийнхээ төлөө Бурхан ингэж санаа зовж, анхаардгийг Би “үлэмж анхаарал” гэсэн хоёрхон үгээр дүрсэлж чадна. Хэдийгээр энэ нэр томьёо хүний хэлнээс гарсан ч, хэдийгээр энэ нь яг л хүний хэллэг боловч дагалдагч нараа гэсэн Бурханы сэтгэлийг үнэхээр илэрхийлж, дүрсэлдэг. Хүмүүсийг гэх Бурханы үлэмж анхаарлын тухайд гэвэл, өөрсдийнхөө туршлагын явцад та нар үүнийг аажмаар мэдэрч, амсах болно. Гэвч өөрийн хувийн зан чанарыг өөрчлөхөөр зорьсны үндсэн дээр Бурханы зан чанарыг аажмаар ойлгосноор л үүнийг биелүүлж болно. Эзэн Есүс ингэж харагдах үедээ дагалдагчдадаа тавих Өөрийн анхаарлыг хүн чанарт бодитой болгож, Өөрийн сүнслэг биед буюу та нарын хэлдгээр Өөрийнхөө бурханлаг чанарт дамжуулж өгсөн. Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал, халамжийг дахин нэгэнтээ туулж, мэдрэх боломж олгосны сацуу Бурхан бол эрин үеийг эхлүүлж, эрин үеийг өрнүүлж, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчирхгээр нотолж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүний итгэлийг батжуулж, Тэр бол Бурхан Өөрөө мөн гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагагчдад мөнхийн баталгаа өгсөн ба Тэрээр Өөрийн илрэлтээр дамжуулан шинэ эрин үе дэх ажлынхаа үе шатыг бас эхлүүлсэн юм.

13. Есүс дахин амилсныхаа дараа талх идэж, судрыг тайлбарласан нь

Лук 24:30–32 Тийнхүү Тэр тэдэнтэй хамт ширээнд сууж, талх авч ерөөгөөд хугалж, тэдэнд өгөв. Тэгэхэд тэдний нүд нээгдэж, Түүнийг танив; харин Тэр тэдний хараанд үзэгдэхгүй алга болжээ. Тэд бие биедээ “Замд Түүнийг бидэнтэй ярилцаж байхад, бидэнд судар нээж үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.

14. Шавь нар нь Есүст хайрсан загас өгсөн нь

Лук 24:36–43 Мөн тэднийг тийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, “Амар амгалан нь та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн эмээж, сүнс харлаа гэж бодоцгоов. Тэгэхэд нь Тэр “Та нар яагаад зовнив? Та нарын сэтгэлд яагаад элдвийн бодол төрөв? Миний гар, хөлийг хар, энэ бол Би байна: Намайг бариад үз; учир нь сүнсэнд яс, мах байхгүй, харин та нарыг харахад Надад байна шүү дээ” гэв. Тэр тийнхүү өгүүлээд тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг баярласандаа бас л итгэж ядан гайхширч байхад нь Тэрээр: “Та нарт энд идэх юм байна уу?” гэхэд тэд нэг хэсэг хайрсан загас зөгийн балны сархинагтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.

Одоо бичвэрийн дээр дурдсан хэсгүүдийг авч үзэцгээе. Эхний хэсэгт Эзэн Есүс амилсныхаа дараа талх идэж, судар тайлбарлаж байгаа тухай өгүүлж байгаа бол хоёр дахь хэсэгт Эзэн Есүс хайрсан загас идэж байгаа тухай өгүүлж байна. Энэ хоёр хэсэг нь Бурханы зан чанарыг мэдэхэд чинь яаж туслах вэ? Эзэн Есүс талх идэж, дараа нь хайрсан загас идсэн тухай эдгээр дүрслэлээс та нар ямар дүр зураг төсөөлж байна вэ? Эзэн Есүс та нарын өмнө суугаад талх идэж байсан бол ямар санагдах байсныг та нар төсөөлж чадах уу? Эсвэл Тэр та нартай хамт нэг ширээнд суугаад хооллож, хүмүүстэй хамт загас, талх идэж байсан бол тэр мөчид чамд ямар санагдах байсан бэ? Чи өөрөө Эзэнд маш ойр, Тэр чамд тун дотно байна гэж чамд санагдвал энэ мэдрэмж чинь зөв. Энэ бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа цугларсан хүмүүсийн өмнө талх, загас идсэнээр олж авахыг хүсэж байсан яг тэр үр дүн юм. Хэрвээ Эзэн Есүс амилсныхаа дараа хүмүүстэй зөвхөн ярилцаж, тэд Түүний яс, махыг нь тэмтэрч чадалгүй, харин Тэр бол хүрч болшгүй Сүнс гэж л бодсон бол тэдэнд ямар санагдах байсан бэ? Тэдний урам хугарах байсан бус уу? Урам хугарсан хүмүүст хаягдсан мэт санагдах байсан бус уу? Эзэн Есүс Христээс холдсон мэт санагдах байсан бус уу? Ийм зай Бурхантай харьцах хүмүүсийн харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх байсан бэ? Хүмүүс гарцаагүй айж, Түүнд ойртож зүрхлэхгүй байсан ба тэгээд Түүнийг хүндэтгэсэн хандлагатай болох байсан. Тэр үеэс эхлээд тэд Эзэн Есүс Христтэй харилцах дотно харилцаагаа тасалж, Нигүүлслийн эрин үеэс өмнө байсан шигээ тэнгэр дэх Бурхан ба хүн төрөлхтний хоорондох харилцаа руугаа буцаж очих байсан. Хүмүүсийн хүрч, эсвэл мэдэрч чадахгүй сүнслэг бие нь тэдний Бурхантай ойр дотно байдлыг үндсээр нь таслах байсан бөгөөд Эзэн Есүс Христийг махбодод байхад бий болсон, Тэр болон хүмүүсийн хооронд ямар ч зайгүй байсан тэр дотно харилцааг үгүй болоход ч хүргэх байсан юм. Сүнслэг биеийн хүмүүст төрүүлсэн зүйлс нь зөвхөн айх, зайлсхийх, дуугүй ширтэх мэдрэмж л байсан. Тэд Түүнийг дагаж, итгэж, хүндлэх нь бүү хэл, Түүнд ойртож, ярилцаж ч зүрхлэхгүй байх байлаа. Хүмүүс Өөрт нь ийм сэтгэлээр хандахыг Бурхан харахыг хүсээгүй. Хүмүүс Түүнээс зайлсхийж, эсвэл өөрсдийгөө Түүнээс холдуулж байхыг Тэр харахыг хүсээгүй; хүмүүс Түүнийг ойлгож, Түүнд ойртож, Түүний гэр бүл байгаасай гэж л хүссэн. Хэрвээ чиний гэр бүл, чиний хүүхдүүд чамайг харсан атлаа танихгүй, бас чамд дөхөж ирж зүрхлэхгүй, харин үргэлж чамаас дөлөөд байвал, мөн тэдний төлөө хийсэн бүхнийг чинь ойлгохгүй байвал чамд ямар санагдах вэ? Шаналгаатай байхгүй гэж үү? Чиний зүрх шархлахгүй гэж үү? Хүмүүс Түүнээс зайлсхийхэд Бурханд яг ийм санагддаг. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүс хүмүүст мах цуснаас бүрдсэн Өөрийн биеэр үзэгдэж, тэдэнтэй хамт мөн л идэж, уусан юм. Бурхан хүмүүсийг гэр бүлээ гэж үздэг ба хүн төрөлхтөн ч бас Түүнийг хамгийн ойр дотноо Нэгнээ гэж үзээсэй хэмээн хүсдэг; зөвхөн ийм маягаар л Бурхан хүмүүсийг үнэхээр олж авч чадна, ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр хайрлаж, шүтэн мөргөж чадна. Одоо та нар амилсныхаа дараа Эзэн Есүс талх идээд судрыг тайлбарласан тухай болон шавь нар нь Түүнд хайрсан загас өгсөн тухай энэ хоёр хэсгийг сонгож авсны минь санаа зорилгыг ойлгож чадах нь уу?

Амилсныхаа дараа хэлсэн, хийсэн олон зүйлээ Эзэн Есүс сайтар бодсон гэж хэлж болно. Эдгээр зүйл хүн төрөлхтнийг гэх Бурханы эелдэг зан, хайр сэтгэлээр дүүрэн байсан ба махбодод байх хугацаандаа хүн төрөлхтөнтэй тогтоосон дотно харилцаандаа тавьдаг хичээнгүй анхаарал, нандигналаар нь ч бас дүүрэн байсан. Үүнээс гадна, тэдгээр нь махбодод байх хугацаандаа Өөрийн дагагчидтай хамт хооллож, амьдарч байсан үеийнх нь дурсамж, хүсэл тэмүүллээр дүүрэн байсан юм. Иймээс Бурхан, хүн хоёр хоорондоо хөндий зайтай гэж хүмүүст санагдуулахыг Бурхан хүсээгүй, хүн төрөлхтнийг Бурханаас холдоосой гэж ч хүсээгүй. Түүнчлэн Эзэн Есүс амилсныхаа дараа хүмүүстэй маш ойр дотно байсан Эзэн биш болсон гэж, мөн Тэрээр сүнсний ертөнц рүү буцаж, хүмүүсийн хэзээ ч харж, хүрч чадашгүй Эцэг дээрээ буцаж очсон учраас хүн төрөлхтөнтэй хамт байхаа больсон гэж хүн төрөлхтөнд санагдуулахыг Тэр хүсээгүй. Түүний болон хүн төрөлхтний хооронд байр суурийн ялгаа бий болсон гэж хүмүүст санагдуулахыг Тэр хүсээгүй. Өөрийг нь дагахыг хүсдэг боловч Түүнийг хүндэтгэсэн зайд байлгадаг хүмүүсийг хараад Бурханы зүрх сэтгэл өвддөг, учир нь энэ бол тэдний зүрх сэтгэл Түүнээс маш хол байгаа, тэдний зүрх сэтгэлийг татах нь Түүний хувьд маш хэцүү байх болно гэсэн үг юм. Иймээс хэрвээ Тэр тэдний харж, хүрч чадахгүй сүнслэг биетэйгээр хүмүүст үзэгдсэн бол хүнийг Бурханаас дахиад нэг удаа холдуулах байсан ба энэ нь эргэн амилсныхаа дараа Христ өндөр дээд агаад хүмүүсээс өөр болчихсон, тэгээд цаашид хүнтэй хамт нэг ширээнд сууж хооллож чадахгүй, яагаад гэвэл, хүмүүс нүгэлтэй, бохир заваан, Бурханд ойртож хэзээ ч чадахгүй гэж хүн төрөлхтөн андуурахад хүрэх байсан. Хүн төрөлхтний энэ буруу ойлголтыг арилгахын тулд Эзэн Есүс махбодоор хийдэг байсан шигээ, Библид тэмдэглэсэн “Тэр талх авч ерөөгөөд хугалж, тэдэнд өгөв” гэх зэрэг олон зүйлийг хийсэн. Түүнчлэн Тэр урьдынхтайгаа адилаар бичвэрийг тэдэнд тайлбарлаж өгсөн. Эзэн Есүсийн хийсэн энэ бүх зүйл нь Эзэн өөрчлөгдөөгүй, Тэр бол урьдын Эзэн Есүс хэвээрээ гэдгийг Түүнийг харсан бүх хүнд мэдрүүлсэн. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийг үзсэн боловч эргэж амилсан ба хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр хүмүүсийн дунд байх гээд эргэж ирсэн бөгөөд Түүний юу ч өөрчлөгдөөгүй. Хүмүүсийн өмнө зогсож байсан хүний Хүү бол Эзэн Есүс мөн байсан. Түүний зан төрх, хүмүүстэй ярьж хөөрөх нь тун танил санагдаж байжээ. Тэр өгөөмөр сэтгэл, нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан—Тэр бусдыг Өөр шигээ хайрладаг, хүн төрөлхтнийг дал дахин долоон удаа өршөөж чадах Эзэн Есүс хэвээр байсан. Тэр урьдын адилаар хүмүүстэй хамт хооллож, бичвэрийг хамт хэлэлцэж байсан ба үүнээс ч чухал нь, Тэр яг өмнөхтэйгээ адил мах, цуснаас бүтсэн, харж, хүрч болохоор байсан. Хүний Хүү Тэрээр ойр дотно байдлыг мэдэрч, санаа амар байж, алдсан зүйлээ олж авахын баяр баяслыг мэдрэх боломжийг хүмүүст олгосон. Хүмүүс асар тайвнаар, хүн төрөлхтний нүглийг уучилж чадах хүний Хүүд зоригтой, итгэлтэйгээр найдаж эхэлсэн. Тэд мөн тээнэгэлзэх зүйлгүйгээр Эзэн Есүсийн нэрээр залбирч, Түүний нигүүлсэл, ерөөлийг олж авахаар, Түүнээс амар амгалан, баяр баясгаланг олж авч, халамж, хамгаалалт авахын тулд залбирч эхэлсэн бөгөөд Эзэн Есүсийн нэрийн дор өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж эхэлсэн юм.

Эзэн Есүсийг махбодоор ажиллаж байх үед Түүний дагагчдын ихэнх нь Түүний ялгамж чанарыг болон Түүний хэлсэн зүйлийг бүрэн нотолж чадаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох гэж байх үед Түүний дагагчдын хандлага нь ажигласан байдалтай байсан. Тэгээд Түүнийг загалмайд цовдлогдохоос эхлээд булшинд хийх хүртэл Түүнд хандах хүмүүсийн хандлага нь урам хугаралт байсан. Энэ хугацаанд, Эзэн Есүсийн махбодод байх үедээ айлдсан зүйлсэд хүмүүс зүрх сэтгэлдээ эргэлзэж байснаа тэр чигт нь үгүйсгэх болсон. Дараа нь Түүнийг булшнаас гарч, хүмүүст нэг бүрчлэн үзэгдэхэд Түүнийг нүдээрээ харж, Түүний амилсан тухай мэдээг сонссон хүмүүсийн дийлэнх нь үгүйсгэх хандлагаас тээнэгэлзэх хандлага руу аажмаар шилжсэн. Эзэн Есүс Томасын гарыг сүвээндээ хүргүүлж, амилсныхаа дараа талх хувааж, олон хүний өмнө идээд дараа нь тэдний өмнө хайрсан загас идэх үед л Эзэн Есүс бол бие махбодтой Христ юм гэсэн баримтыг тэд үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Энэхүү мах цустай сүнслэг бие тэр хүмүүсийн өмнө зогсоод хүн нэг бүрийг зүүднээс нь сэрээж байгаа мэт байсан гэж хэлж болно: тэдний өмнө зогсож байсан хүний Хүү нь эрт галвын үеэс оршин байсан Нэгэн байсан юм. Тэр хэлбэр дүрс, мах цустай байсан бөгөөд аль хэдийнээс урт удаан хугацааны турш хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, хооллож байсан… Тэр үед хүмүүс Түүний оршин тогтнол тун үнэн, маш гайхалтай гэдгийг мэдэрсэн. Үүний зэрэгцээ тэд бас маш их баяртай, аз жаргалтай байж, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байв. Түүний дахин илрэлт нь Түүний даруу байдлыг үнэхээр харж, Түүний ойр дотно байдлыг, хүн төрөлхтөнд татагддагийг нь, тэдний талаар хэр их боддогийг нь мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэхүү богинохон уулзалт нь Эзэн Есүсийг харсан хүмүүст, нэг насны амьдрал нь өнгөрсөн мэт санагдуулсан. Тэдний төөрсөн, будилсан, айсан, түгшсэн, хүсэн хүлээсэн, хөшүүн зүрх сэтгэл тайвшралыг олсон. Тэд эргэлзэж, эсвэл урам хугарахаа больсон, учир нь одоо шинэ итгэл, найдах ямар нэг зүйл байна гэдгийг тэд мэдэрсэн юм. Тэдний өмнө зогсож буй хүний Хүү цаг үргэлж тэдний ар тал байна; Тэр үүрд мөнхөд тэдний бат бөх цамхаг, хоргодох газар болно.

Хэдийгээр Эзэн Есүс дахин амилсан боловч зүрх сэтгэл болон ажил нь хүн төрөлхтнийг орхиогүй. Хүмүүст харагдсанаараа Тэр, ямар ч хэлбэрээр оршин байх нь хамаагүй, хэдийд ч, хаана ч хүмүүсийг дагалдаж, тэдэнтэй хамт алхаж, тэдэнтэй хамт байна гэдгээ хэлсэн юм. Тэр хэдийд ч, хаана ч хүн төрөлхтнийг хангаж, хариулж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг олгох бөгөөд тэдэнд дахин хэзээ ч хүчин мөхөс санагдуулахгүй гэдгээ хүмүүст хэлсэн юм. Түүнчлэн Эзэн Есүс хүмүүст энэ дэлхий дээр амьдрахдаа ганцаараа биш гэдгийг нь хүмүүст мэдэгдэхийг хүссэн. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа; Бурхан тэдэнтэй хамт байдаг. Тэд үргэлж Бурханд найдаж болно, Тэр бол Өөрийн дагагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа болих бөгөөд Түүнийг өөрсдийн нүглийн тахил хэмээн хүлээн авсан хүмүүс нүгэлд хүлэгдэхээ болино. Хүний нүдээр бол дахин амилсныхаа дараа Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын эдгээр хэсэг нь маш жаахан зүйлс байсан, харин Миний үзэж байгаагаар бол, Түүний хийсэн юм болгон маш утга учиртай, маш их үнэ цэнтэй, маш чухал, ач холбогдол ихтэй байсан.

Хэдийгээр Эзэн Есүсийн махбодоор ажилласан үе нь бэрхшээл, зовлонгоор дүүрэн байсан боловч мах цустай сүнслэг биеэрээ гарч ирснээрээ Тэрээр хүн төрөлхтнийг махбодоор золин аврах тухайн үеийн ажлаа бүрэн дүүрэн, төгс хийж гүйцэлдүүлсэн юм. Тэр махбод болсноор үйлчлэлээ эхэлсэн бөгөөд Өөрийн махан биеийн дүр төрхөөр хүн төрөлхтөнд үзэгдсэнээр Өөрийн үйлчлэлийг төгсгөсөн билээ. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг зарлан тунхаглаж, Христийн ялгамж чанараараа шинэ эрин үеийг эхлүүлсэн юм. Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар Тэр Нигүүлслийн эрин үе дэх ажлыг хэрэгжүүлж, Өөрийн бүх дагалдагчийг Нигүүлслийн эрин үед хатуужуулж, удирдсан. Бурханы ажлын тухайд гэвэл, Тэр эхэлсэн зүйлээ мадаггүй дуусгадаг гэж хэлж болно. Төлөвлөгөө, алхмууд байдаг ба ажил нь Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч байдал, гайхалтай үйл хэрэг, Бурханы хайр, өршөөлөөр дүүрэн байдаг. Мэдээж, Бурханы бүх ажилд байдаг үндсэн зангилаа нь хүн төрөлхтний төлөөх Түүний анхаарал халамж юм; үүнд Түүний хэзээ ч хойш тавьж чадахгүй санаа зовнилын мэдрэмж шингэсэн байдаг. Библийн эдгээр эшлэлд, амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн юм бүхэнд хүн төрөлхтний төлөөх Бурханы хувиршгүй найдвар, анхаарал, мөн түүнчлэн Бурханы хичээнгүй халамж, хүн төрөлхтнийг гэх энхрийлэл илчлэгдсэн юм. Эдүгээг хүртэл эдгээрийн аль нь ч өөрчлөгдөөгүй—та нар үүнийг харж байна уу? Үүнийг харах үедээ зүрх сэтгэл чинь өөрийн мэдэлгүй Бурханд ойртдог бус уу? Хэрвээ та нар тэр эрин үед амьдарч байгаад Эзэн Есүс амилсныхаа дараа бодитой хэлбэрээр та нарт үзэгдсэн бол, хэрвээ та нарын өмнө суугаад талх, загас идэн, та нарт бичвэрийг тайлбарлаж, та нартай ярилцсан бол ямар санагдах байсан бэ? Та нар баярлах байсан уу? Эсвэл буруутай санагдах байсан уу? Өмнөх буруу ойлголт, Бурханаас зайлсхийж, Бурхантай зөрчилдөж, Түүнд эргэлзсэн зэрэг нь—зүгээр л арилах байсан бус уу? Бурхан, хүн хоёрын харилцаа улам хэвийн, зүй зохистой болох байсан бус уу?

Библийн энэ хязгаарлагдмал бүлгүүдийг тайлбарласнаар та нар Бурханы зан чанараас ямар нэгэн өө сэв олсон уу? Та нар Бурханы хайраас ямар нэгэн хольц олж илрүүлсэн үү? Бурханы бүхнийг чадагч байдал, мэргэн ухаанаас ямар нэгэн заль мэх, ёрын мууг харсан уу? Мэдээж үгүй! Одоо та нар Бурхан бол ариун гэж баттай хэлж чадах уу? Бурханы сэтгэл хөдлөл болгон нь Түүний мөн чанар, зан чанарын илчлэл гэж баттай хэлж чадах уу? Та нар эдгээр үгийг уншсаны дараа үүнээс олж авсан ойлголт чинь зан чанараа өөрчилж, Бурханаас эмээхэд чинь тусалж, үр ашгаа өгч, эдгээр үг нь та нарт өдөр бүр өсөн нэмэгдэх үр ашиг өгч, ингэснээр энэхүү эрэл хайгуулын явцад та нар Бурханд улам бүр ойртож, Бурханы шаарддаг стандартад улам бүр ойртоно гэж Би найдаж байна. Та нар үнэний эрэл хайгуулаас уйдахаа больж, үнэний эрэл хайгуул болон зан чанарын өөрчлөлт нь та нарт төвөгтэй, илүүц мэт санагдахаа болино. Харин ч Бурханы жинхэнэ зан чанарын илэрхийлэл болон Бурханы ариун мөн чанарын зоригжуулалтаар та нар гэрлийг эгээрэн хүсэж, шударга ёсыг эгээрэн хүснэ, мөн үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар чармайж, Бурханаар авхуулах хүн болж, жинхэнэ хүн болно.

Өнөөдөр бид, Нигүүлслийн эрин үед анх удаа бие махбодтой болохдоо Бурханы хийсэн зарим зүйлийн талаар ярилцлаа. Эдгээр зүйлээс бид Түүний махбодоор илэрхийлж, илчилсэн зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын бүх талыг харлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болохын энэ бүх тал нь ихэд хүнлэг болсон санагддаг боловч үнэндээ илчилж, илэрхийлсэн бүхний мөн чанар нь Түүний хувийн зан чанараас салшгүй юм. Хүн чанараар Өөрийн зан чанарыг илэрхийлж буй бие махбодтой болсон Бурханы бүх арга, бүх тал нь Түүний хувийн мөн чанартай салшгүй холбогдсон байдаг. Иймээс Бурхан бие махбодтой болох арга замыг ашиглан хүн төрөлхтөн дээр ирсэн нь маш чухал юм. Түүнчлэн махбодоор хийсэн Түүний ажил ч бас чухал, гэхдээ махан биетэй амьдарч байгаа хүн бүхэнд болон ялзралд амьдарч байгаа хүн болгонд бүр ч илүү чухал зүйл бол Түүний илчилсэн зан чанар, Түүний илэрхийлсэн хүсэл юм. Энэ нь та нарын ойлгож чадах зүйл мөн үү? Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгосныхоо дараа та нар Бурханд яаж хандвал зохих талаараа ямар нэгэн дүгнэлт хийсэн үү? Эцэст нь энэ асуултын хариуд Би та бүхэнд гурван зөвлөгөө өгмөөр байна: Нэгдүгээрт, Бурханыг бүү турш. Бурханы тухай хэр зэрэг ойлгодог чинь хамаагүй, Түүний зан чанарын талаар хэр зэрэг мэддэг чинь хамаагүй, Түүнийг туршиж огтхон ч болохгүй. Хоёрдугаарт, Бурхантай байр суурь бүү булаацалд. Бурхан чамд ямар байр суурь өгч, эсвэл чамд ямар ажил даалгах нь хамаагүй, Тэр чамаар ямар үүрэг гүйцэтгүүлэхээр өргөх нь хамаагүй, Бурханы төлөө өөрийгөө хэчнээн их зарлагадаж, золиосолсон чинь ч хамаагүй, Түүнтэй байр суурь огтхон ч бүү булаацалд. Гуравдугаарт, Бурхантай бүү тэмцэлд. Бурханы чамд хийсэн зүйлийг, чиний төлөө Түүний зохицуулсан зүйлийг, Түүний чамд авчирсан зүйлийг ойлгох эсэх чинь, дуулгавартай дагаж чадах эсэх чинь хамаагүй, Бурхантай огтхон ч бүү тэмцэлд. Хэрвээ чи энэ гурван зөвлөгөөг мөрдөж чадах юм бол нэлээд аюулгүй байх бөгөөд Бурханыг тийм ч амархан уурлуулахгүй. Өнөөдрийн нөхөрлөлөө ингээд дуусгая.

2013 оны 11 дүгээр сарын 23

Тайлбар:

а. “Цагариг чангалах шившлэг” нь “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх хятад романд Тансан ламын ашигладаг шившлэг юм. Тэрээр энэ шившлэгийг ашиглан Сүн Ү Күнийг хянаж, толгой дахь төмөр цагаригийг нь чангалснаар, толгойг нь янгинатал өвтгөж, улмаар түүнийг хяналтдаа оруулдаг. Энэ нь хүнийг хүлдэг зүйлийг дүрслэх зүйрлэл болжээ.

Өмнөх: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Дараах: Цор ганц Бурхан Өөрөө I

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх