Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Сүүлийн цуглааныхаа үеэр бид маш чухал сэдвийн талаар нөхөрлөсөн. Тэр юу байсныг та нар санаж байна уу? Би давтаж хэлье. Бидний сүүлийн нөхөрлөлийн сэдэв бол: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө байсан. Энэ сэдэв та нарт чухал уу? Үүний аль хэсэг нь та нарт хамгийн чухал вэ? Бурханы ажил уу, Бурханы зан чанар уу, эсвэл Бурхан Өөрөө юу? Алийг нь та нар хамгийн их сонирхож байна вэ? Аль хэсгийг нь та нар хамгийн их сонсмоор байна вэ? Тэр асуултад хариулах нь та нарт хэцүү гэдгийг Би мэднэ, учир нь Бурханы зан чанарыг Түүний ажлын бүх талаас харж болох бөгөөд Түүний зан чанар Түүний ажилд үргэлж газар сайгүй илэрдэг ба үнэндээ Бурханыг Өөрийг нь төлөөлдөг; Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө бүгд салшгүй холбоотой.

Бурханы ажлын талаарх бидний сүүлчийн нөхөрлөлийн агуулга нь олон жилийн өмнө тохиолдсон үйл явдлын талаарх Библийн тэмдэглэлүүдээс бүрдэж байсан. Тэдгээр нь бүгд хүн болон Бурханы тухай түүх байсан бөгөөд хүнд тохиолдсон зүйлсийн тухай байхын зэрэгцээ Бурханы оролцоо болон илэрхийллийг ч бас багтаадаг, иймээс эдгээр түүх нь Бурханыг мэдэхэд онцгой үнэ цэн, ач холбогдолтой байдаг. Хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараахан Бурхан хүнтэй харьцаж, хүнтэй ярилцаж эхэлсэн бөгөөд Түүний зан чанар хүнд илэрхийлэгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнтэй анх харилцсан цагаасаа Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо хүнд тасралтгүй мэдэгдэж эхэлсэн. Урьдын хүмүүс, эсвэл өнөөгийн хүмүүс үүнийг харж, ойлгож чадах эсэхээс үл хамааран Бурхан Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн мөн чанарыг илэрхийлэн хүнтэй ярьж, хүмүүсийн дунд ажилладаг—энэ бол баримт бөгөөд хэн ч үгүйсгэж чадахгүй юм. Энэ нь бас Бурханы зан чанар, Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь Түүнийг хүнтэй ажиллаж, харилцах явцад байнга ил гарч, илчлэгдэж байдаг гэсэн үг юм. Тэр хүнээс хэзээ ч, юу ч нууж, далдлаагүй, харин юу ч үлдээлгүйгээр Өөрийн зан чанарыг нийтэд мэдэгдэж, ил гаргадаг. Ингэж хүн Өөрийг нь мэдэж, бас Түүний зан чанар, мөн чанарыг ойлгож чадна гэж Бурхан найддаг. Түүний зан чанар болон мөн чанарыг хүн мөнхийн нууц гэж үзэхийг Тэр хүсдэггүй, мөн хүн төрөлхтөн Бурханыг хэзээ ч тайлагдашгүй таавар гэж үзэхийг Тэр хүсдэггүй. Хүн төрөлхтөн Бурханыг мэддэг болсон үедээ л урагшлах замаа мэдэж, Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрөх ба ийм хүн төрөлхтөн л үнэхээр Бурханы ноёрхол дор амьдарч чадах бөгөөд гэрэлд, Бурханы ерөөл дунд амьдарна.

Бурханы гаргаж, илэрхийлсэн үгс болон зан чанар нь Түүний хүслийг төлөөлдөг, бас Түүний мөн чанарыг төлөөлдөг. Бурхан хүнтэй харилцах үедээ юу ч хэлж, хийж, эсвэл ямар зан чанар харуулах нь хамаагүй, мөн Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох талаар хүн юу харах нь хамаагүй, тэдгээр нь бүгд хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Хүн хэр ихийг ухаарч, ухамсарлаж, ойлгож чадахаас үл хамааран энэ нь бүгд Бурханы хүслийг—хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Энэ нь маргаангүй юм! Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл бол хүмүүсээс ямар байхыг, юу хийхийг, мөн хэрхэн амьдрахыг болон яаж Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байхыг шаарддаг явдал юм. Эдгээр зүйл Бурханы мөн чанараас салшгүй юу? Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд шаардлага тавихын зэрэгцээ Өөрийн зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо гаргаж байдаг. Тэнд ямар ч худал хуурмаг, дүр эсгэлт, нуун далдлалт, гоёж чимэглэсэн зүйл байдаггүй. Гэсэн ч хүн яагаад мэдэх чадваргүй байдаг вэ, мөн хүн яагаад Бурханы зан чанарыг хэзээ ч тодорхой ойлгож чадахгүй байсаар байна вэ? Хүн яагаад Бурханы хүслийг хэзээ ч ухаараагүй вэ? Бурханы илчилж, гаргадаг зүйл бол Бурханд Өөрт нь юу байгаа болон Өөрөө хэн болох нь; мөн Түүний жинхэнэ зан чанарын хэсэг, тал бүр юм—тэгээд хүн яагаад харж чаддаггүй юм бэ? Яагаад хүн бүрэн төгс мэдлэгтэй болж чаддаггүй юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан байдаг. Тэгвэл энэ шалтгаан нь юу вэ? Бүтээгдсэн цагаасаа хойш хүн хэзээ ч Бурханыг Бурхан шиг үзэж хандаагүй. Хамгийн эртний цаг үед дөнгөж бүтээгдсэн хүний тухайд Бурхан юу хийсэн нь хамаагүй, хүн Түүнийг зүгээр л найз нөхөр, түшиглэж болох нэгэн гэж үзсэн бөгөөд Бурханы талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй байсан. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь түшиглэж, найз нөхрөө гэж үзэж байсан Нэгэний илэрхийлсэн зүйл Бурханы мөн чанар байсныг хүн мэдээгүй, мөн Тэр бол бүх зүйлийг захирдаг Нэгэн гэдгийг ч мэдээгүй. Энгийнээр хэлбэл, тэр үеийн хүмүүс Бурханыг огтхон ч таньж мэдээгүй. Тэнгэр, газар болон бүх зүйлийг Тэр хийсэн гэдгийг тэд мэдээгүй бөгөөд Тэр хаанаас ирсэн, түүнчлэн Тэр хэн байсан гэдгийг мэдэхгүй байсан. Мэдээж, тэр үед Өөрийг нь мэдэхийг, эсвэл ухаарахыг, эсвэл Өөрийнх нь хийсэн бүхнийг ойлгохыг, эсвэл Өөрийнх нь хүслийн талаар мэддэг байхыг Бурхан хүнээс шаардаагүй, учир нь энэ бол хүн төрөлхтнийг бүтээсний дараах хамгийн эртний цаг үе байсан юм. Хуулийн эрин үеийн ажилд бэлтгэж эхлэх үедээ Бурхан хүнд зарим нэг зүйлийг хийсэн бөгөөд мөн Бурханд хэрхэн тахил өргөж, шүтэн мөргөж байхыг хүнд хэлж, хүнээс зарим зүйлийг шаардаж эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн Бурханы тухай цөөн хэдэн энгийн төсөөлөлтэй болж, зөвхөн тэр үед л хүн ба Бурханы хоорондын ялгааг, бас Бурхан бол хүн төрөлхтнийг бүтээсэн Нэгэн байсан гэдгийг мэдэж авчээ. Бурхан бол Бурхан, хүн бол хүн гэдгийг хүн мэдсэн үед Бурхан тэр хоёрын дунд тодорхой зай бий болсон, гэсэн ч Түүний талаар асар их мэдлэг буюу гүн ойлголттой болооч гэж Бурхан хүнээс хүсээгүй. Тийнхүү Бурхан Өөрийн ажлын үе шат, нөхцөл байдалд үндэслэн хүнд өөр өөр шаардлага тавьдаг. Та нар эндээс юу харж байна вэ? Бурханы зан чанарын ямар талыг та нар ойлгож байна вэ? Бурхан бодитой юу? Хүнээс шаардах Бурханы шаардлагууд тохиромжтой юу? Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараах хамгийн эртний цаг үед, Бурхан хүнийг байлдан дагуулж, төгс болгох ажлыг хараахан хэрэгжүүлээгүй, тийм ч олон үг хэлээгүй байхдаа хүнээс багыг шаардаж байсан. Хүн юу хийсэн, хэрхэн авирласнаас үл хамааран—Бурханд халдсан зарим нэг зүйл хийсэн ч гэсэн—Бурхан бүгдийг нь уучилж, өнгөрөөсөн юм. Яагаад гэвэл, Бурхан хүнд юу өгснөө, мөн хүний дотор юу байгааг мэдэж байсан, иймээс хүнд тавих ёстой Өөрийн шаардлагын стандартыг мэдэж байлаа. Хэдийгээр тэр үед Түүний шаардлагын стандарт маш бага байсан ч гэсэн Түүний зан чанар агуу байгаагүй, эсвэл мэргэн ухаан болон төгс хүчин нь хоосон үгээс цаашгүй байсан гэсэн үг биш юм. Хүнд Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь мэдэх цорын ганц зам байдаг нь: хүн төрөлхтнийг удирдаж, аврах Бурханы ажлын алхмуудыг дагаж, хүн төрөлхтөнд Бурханы хэлдэг үгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Хүн Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Бурханы зан чанарыг мэдмэгцээ Өөрийн үнэн биеийг харуулаач гэж Бурханаас мөн л гуйх уу? Үгүй, хүн гуйхгүй, гуйж ч зүрхлэхгүй, учир нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгож ухаарснаар хүн жинхэнэ Бурханыг Өөрийг нь болон Түүний үнэн биеийг аль хэдийн харсан байх болно. Энэ бол зайлшгүй үр дүн билээ.

Бурханы ажил болон төлөвлөгөө зогсолтгүй урагшлахын хэрээр, мөн энэ дэлхийг дахин хэзээ ч үерийн ус ашиглан сөнөөхгүйн тэмдэг болгон хүнтэй солонгын гэрээ байгуулсныхаа дараа Бурхан, Өөртэй нь нэг санаатай байж чадах хүмүүсийг олж авах улам их шаргуу хүсэлтэй болсон юм. Мөн газар дээр Өөрийнх нь хүслийг биелүүлж чадах хүмүүсийг олж авах, цаашлаад харанхуйн хүчнээс мултарч, Сатанд хүлэгдэхгүй байж чадах, газар дэлхий дээр Түүнд гэрчлэл хийж чадах бүлэг хүнийг олж авах бүр ч илүү яаралтай хүсэл Түүнд байсан. Тийм бүлэг хүн олж авах нь Бурханд удтал байсан хүсэл буюу бүтээлийн цагаас хойш Түүний хүлээсээр ирсэн зүйл байлаа. Тийнхүү дэлхийг сөнөөхийн тулд Бурхан үер ашигласныг, эсвэл хүнтэй байгуулсан Түүний гэрээг үл харгалзан Бурханы хүсэл, сэтгэл санааны байдал, төлөвлөгөө, итгэл найдвар нь бүгд хэвээр үлдсэн. Түүний хийхийг хүссэн зүйл буюу Бүтээлийн цагаас өмнө удтал хүсэн эрмэлзсэн зүйл бол хүн төрөлхтний дундаас Өөрийн олж авахыг хүссэн хүмүүсийг олж авах—Түүний зан чанарыг ухамсарлан мэдэж, Түүний хүслийг ойлгож чадах бүлэг хүмүүс, Түүнийг шүтэн мөргөж чадах бүлгийг олж авах явдал байсан юм. Тийм бүлэг хүмүүс нь Түүнд гэрчлэл хийж лавтай чадах бөгөөд тэд бол Түүний итгэлийг хүлээсэн хүмүүс гэж хэлж болно.

Өнөөдөр бүгдээрээ Бурханы мөрөөр буцан явж, Түүний ажлын алхмуудыг үргэлжлүүлэн дагацгаая, ингэснээр бид Бурханы бодол, санаа болон Бурхантай хамаатай бүх төрлийн нарийн ширийнийг, маш урт хугацаанд “битүүмжлэгдсэн” бүхнийг нээн илрүүлж магадгүй юм. Эдгээр зүйлээр дамжуулан бид Бурханы зан чанарыг мэдэж, Бурханы мөн чанарыг ойлгож эхлэх бөгөөд дор бүрнээ Бурханыг зүрх сэтгэлдээ оруулж, Бурханд хүрэх зайгаа багасган Бурханд аажмаар ойртож очно.

Бидний сүүлд ярьсан зүйлийн нэг хэсэг нь Бурхан яагаад хүнтэй гэрээ байгуулсан тухай байсан. Энэ удаа бид Библийн доорх хэсгүүдийн тухай нөхөрлөх болно. Эхлээд Библиэс уншицгаая.

I. Абрахам

1. Бурхан Абрахамд хүү өгөхөөр амлав

Эхлэл 17:15–17 Бурхан Абрахамд, “Чиний эхнэр Сараин тухайд гэвэл, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй, харин түүний нэр Сара байх болно. Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө: Тийм ээ, Би түүнийг ерөөх болно, тэгээд тэр үндэстнүүдийн эх болж; хүмүүсийн хаад түүнээс гарах болно” гэв. Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.

Эхлэл 17:21–22 “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.

Бурханы хийхээр шийдсэн ажилд хэн ч саад учруулж чадахгүй

Ингээд та бүгд Абрахамын түүхийг дөнгөж сая сонслоо, тийм үү? Үер дэлхийг сөнөөсний дараа түүнийг Бурхан сонгосон, түүний нэрийг Абрахам гэдэг байсан бөгөөд түүнийг зуун настай, эхнэр Сара нь ерэн настай байхад Бурханы амлалт түүнд ирсэн. Бурхан түүнд юу амласан бэ? Бурхан Библид дурдсан зүйлийг амласан: “Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө.” Бурхан түүнд хүү өгнө гэсэн амлалтын цаана юу байсан бэ? Библид дараах тэмдэглэл байдаг: “Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.” Өөрөөр хэлбэл, өтөл насны энэ хос хүүхэдтэй болоход хэтэрхий хөгшин байв. Бурханыг амлалт өгсний дараа Абрахам юу хийсэн бэ? Тэр нүүрээрээ газар унан инээж, “Зуун настай надад хүү төрнө гэж үү?” хэмээн өөртөө хэлсэн. Абрахам энэ нь боломжгүй гэж итгэж байсан—түүнд өгсөн Бурханы амлалт нь тоглоом тохуунаас өөр юу ч биш гэж итгэсэн гэсэн үг. Хүний үзлээр бол, энэ нь хүний биелүүлж чадашгүй зүйл бөгөөд Бурхан ч ялгаагүй биелүүлж чадашгүй, боломжгүй зүйл байлаа. Абрахамд энэ нь инээдтэй байсан байх: “Бурхан хүнийг бүтээсэн атлаа ийм хөгшин хүн хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг яагаад ч юм мэддэггүй юм шиг байна; Бурхан надад хүүхэдтэй болох боломж олгож чадна гэж бодоод, надад хүү өгнө гэнэ—огт боломжгүй зүйл!” Иймээс Абрахам нүүрээрээ газар унан: “Боломжгүй зүйл—Бурхан надаар тоглож байна, энэ үнэн байж таарахгүй!” хэмээн дотроо бодон инээж байсан. Тэр Бурханы үгийг нухацтай хүлээж аваагүй. Тэгвэл, Бурханы нүдэнд Абрахам ямар хүн байсан бэ? (Зөв шударга.) Түүний зөв шударга хүн байсныг хаана хэлсэн байна вэ? Бурханы дуудсан бүх хүн зөв шударга, төгс бөгөөд Бурхантай хамт алхдаг хүмүүс байсан гэж та нар боддог. Та нар номлол дагадаг! Бурхан хэн нэгнийг тодорхойлохдоо зоргоороо хийдэггүй гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Энд, Абрахам зөв шударга хүн байсан гэж Бурхан хэлээгүй. Бурханы зүрх сэтгэлд хүн бүрийг хэмжих стандарт байдаг. Абрахам ямар төрлийн хүн байсныг Бурхан хэдийгээр хэлээгүй ч гэсэн биеэ авч явах байдлаас нь үзэхэд Бурханд итгэх Абрахамын итгэл ямар байсан бэ? Энэ нь жаахан хийсвэр байсан уу? Эсвэл тэр их итгэлтэй байсан уу? Үгүй, тэр тийм байгаагүй! Түүний инээд болон бодлууд хэн байсан бэ гэдгийг нь харуулсан, иймээс тэр зөв шударга байсан гэсэн та нарын итгэл бол зөвхөн та нарын төсөөллийн хоосон бодол, номлол сургаал сохроор хэрэглэсэн хэрэг бөгөөд хөнгөн хуумгай үнэлгээ юм. Бурхан, Абрахамын инээд болон жаахан илэрхийллийг харсан уу? Тэдгээрийг мэдсэн үү? Бурхан мэдсэн. Гэхдээ Бурхан хийхээр шийдсэн зүйлээ өөрчлөх байсан уу? Үгүй! Бурхан энэ хүнийг сонгоно гэж төлөвлөж, шийдсэн үед энэ нь аль хэдийн биелсэн. Хүний бодол юм уу, биеэ авч явах байдлын аль нь ч Бурханд өчүүхэн төдий ч нөлөөлж, саад болохгүй; Бурхан Өөрийн төлөвлөгөөг зоргоороо өөрчлөхгүй, мөн хүний биеэ авч явах байдал хэдий мунхаг байж болох ч тэрнээс нь болж Өөрийн төлөвлөгөөг цочмог өөрчлөх юм уу, нураахгүй байсан. Тэгвэл Эхлэл 17:21–22 дээр юу гэж бичсэн байдаг вэ? “‘Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна’ гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.” Абрахамын бодсон, эсвэл хэлсэн зүйлд Бурхан өчүүхэн төдий ч анхаарал хандуулаагүй. Түүний үл тоомсорлосон шалтгаан юу байсан бэ? Үүний учир нь, тэр үед Бурхан, хүнээс агуу итгэлтэй байгаач, Бурханы талаар ихийг мэддэг чадвартай болооч гэх юм уу, тэр ч байтугай, Бурханы хийсэн, хэлсэн зүйлийг ойлгож чаддаг байгаач гэж шаарддаггүй байсан юм. Тиймээс, Түүний хийхээр шийдсэн зүйлийг, Түүний сонгохоор шийдсэн хүмүүсийг, эсвэл Түүний үйлдлүүдийн зарчмыг бүрэн ойлгооч гэж Тэр хүнээс шаардаагүй, учир нь хүний биеийн хэмжээ зүгээр л тохирохгүй байсан билээ. Тэр үед Абрахамын юу ч хийж, яаж ч авирласныг Бурхан хэвийн гэж үзсэн. Тэр яллаж, зэмлээгүй, харин ердөө л “Сара чамд дараа жилийн энэ цагт Исаакийг төрүүлж өгнө” гэж хэлсэн юм. Бурханы хувьд эдгээр үгийг тунхагласных нь дараа энэ хэрэг алхам алхмаар биелж эхэлсэн; Бурханы нүдэнд бол Түүний төлөвлөгөөгөөр бүтэх ёстой байсан зүйл аль хэдийн биелсэн. Үүнийг зохицуулсныхаа дараа Бурхан явсан. Хүн юу хийж, юу бодох, хүн юу ойлгох нь, мөн хүний төлөвлөгөө—эдгээрийн аль нь ч Бурханд ямар ч хамаагүй. Бүх зүйл Бурханы тогтоосон цаг хугацаа болон үе шатыг баримтлан Бурханы төлөвлөгөөний дагуу явагддаг. Бурханы ажлын зарчим ийм юм. Хүн юу ч бодож юм уу, мэдэхэд нь Бурхан хөндлөнгөөс оролцдоггүй, гэхдээ бас хүн итгэхгүй юм уу ойлгохгүйгээс болоод л Өөрийн төлөвлөгөөнөөс няцаж, Өөрийн ажлыг хаядаггүй. Тиймээс хэрэг явдлууд Бурханы төлөвлөгөө болон бодлын дагуу бүтдэг. Энэ нь бидний Библиэс хардаг яг тэр зүйл юм: Бурхан Исаакийг Өөрийнхөө тогтоосон хугацаанд төрүүлсэн. Хүний биеэ авч явах байдал, зан авир Бурханы ажилд саад учруулсан гэдгийг баримтууд нотолдог уу? Тэдгээр нь Бурханы ажилд саад учруулаагүй! Бурханд итгэх хүний өчүүхэн итгэл болон Бурханы талаарх үзэл, төсөөлөл нь Бурханы ажилд нөлөөлсөн үү? Үгүй, нөлөөлөөгүй! Огтхон ч үгүй! Бурханы удирдлагын төлөвлөгөөнд ямар ч хүн, хэрэг явдал, эсвэл орчин нөлөөлдөггүй. Түүний хийхээр шийдсэн бүхэн Түүний төлөвлөгөөний дагуу зохих цагтаа биелж, гүйцэлдэх бөгөөд Түүний ажилд ямар ч хүн саад учруулж чадахгүй. Бурхан, хүний тэнэглэл болон мунхаглалын зарим талыг, тэр ч байтугай, Түүнд хандах хүний эсэргүүцэл болон үзлийн зарим талыг үл хэрэгсдэг ба Өөрийн хийх ёстой ажлыг тоолгүй хийдэг. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд энэ нь Түүний бүхнийг чадагч байдлын илрэл юм.

2. Абрахам Исаакийг өргөсөн нь

Эхлэл 22:2–3 Тэр: “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав.

Эхлэл 22:9–10 Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа.

Бурханы удирдлагын ажил болон хүн төрөлхтнийг аврах ажил нь Абрахам, Исаакийг тахил болгосноор эхэлдэг

Абрахамд хүү хайрласнаар Абрахамд Бурханы хэлсэн үг биелсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; харин ч хүн төрөлхтнийг удирдах болон аврах Бурханы сүр жавхлант төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл бол Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний зөвхөн оршил байсан. Тэр үед, Абрахам Исаакийг тахил болгон өргөх мөчид Сатантай хийх Бурханы тулаан чимээгүйхэн эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?

Бурхан хүнийг мунхаг байсан ч тоодоггүй—Тэр хүнээс үнэнч байхыг л шаарддаг

Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-т Бурхан Абрахамд дараах тушаалыг өгсөн: “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө.” Бурханы санаа тодорхой байсан: Хайртай, цорын ганц хүү Исаакаа шатаалт тахил болго гэж Абрахамд хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал хүний үзэлтэй мөн л зөрчилдөж байна уу? Тийм ээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзэлтэй нэлээд харшилддаг; энэ нь хүн ойлгохын аргагүй юм. Өөрсдийнхөө үзэлд хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгэхгүй, мөн боломжгүй гэж бодоход нь Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болго гэж шаардсан. Энэ нь үнэхээр итгэхийн аргагүй бус уу! Бурхан чухам юу хийх санаатай байсан бэ? Бурханы жинхэнэ санаа зорилго юу байсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр Абрахамд хүү өгсөн атлаа үг дуугүй тахил өргөхийг Абрахамаас бас хүссэн. Энэ нь хэтэрхий байсан уу? Гуравдагч этгээдийн үзлээр харвал, энэ нь хэтэрснээр үл барам бас юу ч гэсэн “шалтгаангүйгээр асуудал үүсгэж байгаа” хэрэг байлаа. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл шаардаж байна гэж үзээгүй. Хэдийгээр тэр энэ талаар өөрийн гэсэн цөөн хэдэн, багахан санаа бодолтой, мөн Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан боловч Исаакийг тахил болгон өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүг өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юу харагдаж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Эх бичвэрт дараах тэмдэглэлийг дурджээ: “Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав” (Эхлэл 22:3). “Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа” (Эхлэл 22:9–10). Абрахам гараа сунган хүүгээ алахаар хутга авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг золиосол гэж Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд тэр үед өмнөх тэнэглэл, мунхаглал, Бурханы талаарх буруу ойлголтыг нь үл харгалзан Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан, мөн өөрт нь Бурханы өгсөн хүү Исаакийг тэр Бурханд үнэхээр эргүүлэн өгөх гэж байв. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Өөрийн хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.

Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр итгэхээргүй зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч чухамхүү энэ үл нийцэх болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Абрахам тэр зуур өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадахад, Исаакийг өргөл болгоход, зөвхөн тэр үед л Бурхан хүн төрөлхтөнд буюу Өөрийн сонгосон Абрахамд итгэх, сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Өөрийнх нь сонгосон энэ хүн Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй чухал удирдагч юм гэдэгт Бурхан итгэжээ. Хэдийгээр энэ нь зөвхөн шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүнийг гэх хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг тахилд өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагт нь зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтад тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан хийхээр зорьсон зүйлийнхээ үр дүнг аль хэдийн харчихсан байв. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг харсан. Яг л энэ “болзолгүй” байдлыг Бурхан хүсэж байсан юм. “Би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—Бурхан яагаад надад бас л сэтгэл хангалуун биш байдаг юм бэ? Тэр яагаад намайг шалгаад л байдаг юм бэ? Тэр яагаад намайг туршаад л байдаг юм бэ?” гэж хүмүүс дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү? Энэ сэдвийг ингээд орхиё. Дараа нь бид “Бурханы Абрахамд өгсөн амлалтыг” уншина.

3. Бурханы Абрахамд өгсөн амлалт

Эхлэл 22:16–18 Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөртөө тангараглаж байна: Би чамайг ерөөж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг олшруулна; чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэлээ.

Энэ бол Бурхан Абрахамыг ерөөсөн тухай бүрэн тэмдэглэл юм. Хэдий товч боловч агуулга нь баялаг: Энэ нь Бурханы Абрахамд өгсөн бэлгийн учир шалтгаан, цаад үндэслэл болон Түүний Абрахамд өгсөн зүйл юу байсныг багтаадаг. Энэ нь бас, Бурхан эдгээр үгийг хэлэхдээ баярлаж, догдолж байсныг, түүнчлэн Өөрийнх нь үгийг сонсож чадах хүмүүсийг олж авах Түүний хүсэл тэмүүллийн яаралтай байдлыг шингээсэн. Үүнээс бид Түүний үгэнд дуулгавартай хандаж, Түүний тушаалыг дагадаг хүмүүст хандах Бурханы хайр энхрийлэл, зөөлөн харьцааг харна. Иймээс, хүмүүсийг олж авахын тулд Түүний төлдөг төлөөс болон тэднийг олж авахад Түүний зориулдаг анхаарал халамж, бодлыг ч бид бас харна. Цаашлаад, “Би Өөртөө тангараглаж байна” гэдэг үгийг агуулсан хэсэг нь Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ажлын цаана Бурханы ганцаараа үүрсэн гашуун зовлон, шаналлын хүчтэй мэдрэмжийг бидэнд өгдөг юм. Энэ нь тунгааж бодууштай, мөн дараагийн хүмүүст онцгой ач холбогдолтой бөгөөд гүн гүнзгий нөлөөтэй хэсэг билээ.

Хүн чин сэтгэл болон дуулгавартай байдлынхаа үрээр Бурханы ерөөлийг олж авдаг

Бидний энд уншсан, Бурханаас Абрахамд хүртээсэн ерөөл агуу байсан уу? Яг хэр зэрэг агуу байв? Энд “үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө” гэсэн нэг чухал өгүүлбэр байна. Урьд хожид хэнд ч хүртээгээгүй ерөөлийг Абрахам хүртсэн гэдгийг энэ өгүүлбэр харуулдаг. Бурханыг хүсэхэд Абрахам өөрийн ганц хүүг—хайртай ганц хүүгээ—Бурханд буцааж өгсөн (энд бид “өргөл болгосон” гэдэг үгийг хэрэглэж болохгүй; тэр өөрийн хүүг Бурханд эргүүлэн өгсөн гэж хэлэх ёстой), Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамд зөвшөөрөөгүйгээр үл барам харин ч түүнийг ерөөсөн. Тэр Абрахамыг ямар амлалтаар ерөөсөн бэ? Түүний үр удмыг үржүүлнэ гэсэн амлалтаар ерөөсөн. Тэд хэр их үржих байсан бэ? Библид дараах тэмдэглэл бий: “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг чиний үр удам дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэнэ; чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөнө.” Бурхан эдгээр үгийг ямар нөхцөлд хэлсэн бэ? Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы ерөөлийг хэрхэн хүлээж авсан бэ? Библид “чи Миний дуу хоолойг дуулгавартай дагасан учир” гэж яг л Бурханы хэлснээр хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, Абрахам, Бурханы тушаалыг дагасан учраас, Бурханы хэлсэн, хүссэн, тушаасан бүхнийг өчүүхэн ч гомдолгүйгээр хийсэн учраас Бурхан түүнд ийм амлалт өгсөн. Энэ амлалтад Бурханы тухайн үеийн бодлыг хөндсөн нэг чухал өгүүлбэр бий. Та нар харсан уу? “Би Өөртөө тангараглаж байна” гэсэн Бурханы үгэнд та нар нэг их анхаарал хандуулаагүй байх. Энэ нь ямар утгатай вэ гэхээр, Бурхан эдгээр үгийг хэлэхдээ Өөрөөрөө тангараглаж байсан юм. Хүмүүс андгай тавихдаа юугаар тангарагладаг вэ? Тэд Тэнгэрээр тангарагладаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханд андгай тавьж, Бурханаар тангарагладаг. Бурхан Өөрөөрөө тангарагласан үзэгдлийн талаар хүмүүс нэг их ойлголттой биш байж магад боловч Би та нарт зөв тайлбар өгөхөөр та нар ойлгож чадна. Түүний үгийг сонсож л чадахаас биш, Түүний зүрх сэтгэлийг ойлгодоггүй хүнтэй тулгараад Бурхан дахин ганцаардаж, барьц алдах шиг болсон. Аргаа барсандаа—дотоод ухамсраараа гэж хэлж болно—Бурхан тун энгийн зүйл хийсэн: Бурхан зүрхэн дээрээ гараа тавиад энэ амлалтаа Абрахамд хүртээх үедээ Өөртөө хандсан ба Бурхан, “Би Өөртөө тангараглаж байна” гэж хэлэхийг хүн сонссон. Бурханы үйлдлээр дамжуулан чи өөрийнхөө тухай бодож болох юм. Чи зүрхэн дээрээ гараа тавиад өөртэйгөө ярь, юу хэлж байгаагаа сайн мэддэг үү? Чиний хандлага чин үнэн үү? Чи зүрх сэтгэлтэйгээ илэн далангүй ярьдаг уу? Тиймээс Бурхан, Абрахамтай ярих үедээ нухацтай, үнэнч шударга байсан гэдгийг бид эндээс харж болно. Абрахамтай ярьж, түүнийг ерөөхийн зэрэгцээ Бурхан мөн Өөртэйгээ ярьж байсан. Тэр Өөртөө: Би Абрахамыг ерөөж, түүний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт олшруулна, учир нь тэр Миний үгийг дуулгавартай дагадаг ба тэр бол Миний сонгосон нэгэн хэмээн хэлж байсан. Бурхан “Би Өөртөө тангараглаж байна” гэж хэлэх үедээ Израилийн сонгогдсон хүмүүсийг Абрахамаас төрүүлж, дараа нь Өөрөө тэр хүмүүсийг Өөрийн ажилтай хөл нийлүүлэн урагш хөтөлнө гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан Абрахамын үр удамд Өөрийн удирдлагын ажлыг үүрүүлж, Бурханы ажил ба Бурханы илэрхийлсэн зүйл Абрахамаар эхэлж, Абрахамын үр удамд үргэлжлэн улмаар хүнийг аврах Бурханы хүслийг биелүүлэх байсан юм. Энэ нь ерөөгдсөн зүйл биш гэж үү? Хүнд үүнээс илүү агуу ерөөл гэж үгүй; энэ нь хамгийн их ерөөлтэй зүйл гэж хэлж болно. Абрахамын олж авсан ерөөл нь түүний үр удмыг үржүүлэх явдал биш байсан, харин Абрахамын үр удам дахь Бурханы удирдлага, Түүний даалгавар болон Түүний ажлын биелэлт байсан юм. Абрахамын авсан ерөөл нь түр зуурынх биш, харин Бурханы удирдлагын төлөвлөгөө ахихын хэрээр үргэлжилнэ гэсэн үг юм. Бурхан үүнийг ярих үедээ, мөн Бурхан Өөрөөрөө тангараглах үедээ аль хэдийн шийдвэр гаргачихсан байлаа. Энэ шийдвэрийн үйл явц үнэн байсан уу? Энэ нь бодитой байсан уу? Тэр үеэс эхлээд Түүний хүчин чармайлт, Түүний төлсөн төлөөс, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бүх зүйл, Түүний амь хүртэл Абрахамд, Абрахамын үр удамд өгөгдөнө гэж Бурхан шийдсэн. Мөн түүнчлэн энэ бүлэг хүмүүсээс эхлэн Тэр Өөрийн үйл хэргийг харуулж, Түүний мэргэн ухаан, эрх мэдэл болон хүч чадлыг харах боломжийг хүнд олгоно гэж Бурхан шийдсэн юм.

Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм

Бурхан Өөртэйгөө ярихын зэрэгцээ Абрахамтай бас ярьсан, гэхдээ өөрт нь өгсөн Бурханы ерөөлийг сонсохоос гадна тэр мөчид Бурханы бүх үгэн дэх Бурханы жинхэнэ хүслийг Абрахам ойлгож чадсан уу? Тэр чадаагүй! Иймээс Өөрөөрөө тангараглах тэр мөчид Бурханы зүрх сэтгэл ганцаардмал, гунигтай хэвээр байсан. Түүний зорьсон, төлөвлөсөн зүйлийг ойлгож, ухаарч чадах нэг ч хүн байгаагүй. Тэр мөчид, Абрахамыг оролцуулаад хэн ч Түүнтэй итгэмжлэн ярилцаж чадахгүй, тэр ч бүү хэл, хийх ёстой ажлаа хийхэд нь Түүнтэй хамтран ажиллаж чадах хэн ч байгаагүй. Гадна талдаа бол Бурхан Абрахамыг, Өөрийнх нь үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авсан. Гэвч үнэндээ, Бурханы талаарх энэ хүний мэдлэг нь бараг л оргүй хоосон байсан. Хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн боловч Бурханы зүрх сэтгэл хангалуун болоогүй л байсан. Бурхан сэтгэл хангалуун биш байсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Түүний удирдлага дөнгөж л эхэлсэн гэсэн үг, Түүний олж авахыг хүссэн хүмүүс, Түүний харахыг эгээрэн хүссэн хүмүүс, Түүний хайрласан хүмүүс Түүнээс хол хэвээр байсан гэсэн үг; Түүнд цаг хугацаа хэрэгтэй байсан, Тэр хүлээх, тэвчээртэй байх хэрэгтэй байв. Учир нь, тэр үед Түүнд юу хэрэгтэй, Тэр юу олж авахыг хүсдэг, эсвэл Тэр юу хүсэн эрмэлздэгийг Бурханаас Өөрөөс нь өөр мэддэг хүн байгаагүй. Иймээс Бурханы сэтгэл ихэд хөөрөхийн зэрэгцээ бас сэтгэл нь хүнд оргиж байсан. Гэсэн ч Тэр алхаагаа зогсоолгүй хийх ёстой зүйлийнхээ дараагийн алхмыг үргэлжлүүлэн төлөвлөсөн юм.

Абрахамд өгсөн Бурханы амлалтаас та нар юу харж байна вэ? Абрахам ердөө л Бурханы үгийг дуулгавартай дагасан учраас Бурхан түүнд агуу ерөөл хайрласан. Хэдийгээр энэ нь гаднаа хэвийн, мэдээжийн хэрэг мэт харагддаг боловч үүнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг: хүн Өөрт нь дуулгавартай байхыг Бурхан онцгойлон эрхэмлэж, Өөрийнх нь талаарх хүний ойлголт болон Өөрт нь хандах чин сэтгэлийг нандигнадаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хэр их нандигнадаг вэ? Тэр үүнийг хэр их нандигнадгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгох нэг ч хүн байхгүй байж ч магадгүй юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болоход нь хүүгээ Бурханд өргөл болго гэж Абрахамаас шаардсан. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагаж, Бурханы үгийг дуулгавартай дагасан бөгөөд түүний чин сэтгэл Бурханыг уярааж, Бурханд эрхэмлэгдсэн. Бурхан үүнийг хэр их эрхэмлэсэн бэ? Тэр үүнийг яагаад эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ухаарч, Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй байхад Абрахам тэнгэрийг донсолгож, газрыг доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзээгүй сэтгэл ханамжийг мэдрүүлж, Өөрийнх нь үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Энэхүү сэтгэлийн ханамж, баяр баясгалан Бурханы өөрийнх нь гараар бүтээгдсэн зүйлээс ирсэн бөгөөд энэ бол хүнээс Бурханд өргөсөн хамгийн анхны “тахил”, мөн хүнийг бүтээснээс хойш Бурханы хамгийн их эрхэмлэсэн зүйл байв. Бурхан энэхүү тахилыг хүлээн хэцүү бэрх цагийг туулсан бөгөөд үүнийг Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг гэж үзсэн. Энэ нь Өөрийнх нь хүчин чармайлт болон Өөрийнх нь төлсөн төлөөсний анхны үр дүнг Бурханд харуулж, хүн төрөлхтөнд найдвар бий гэдгийг харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээсээ хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүнийг бүр ч илүү ихээр эгээрэн хүсэх болсон. Тэр ч бүү хэл, Бурхан Абрахамыг амьдарсаар байна гэж найдсан, учир нь Өөрийн удирдлагыг үргэлжлүүлэхэд Абрахамынх шиг тийм зүрх сэтгэл Өөрийг нь дагаж, Өөртэй нь хамт байгаасай гэж Тэр хүссэн юм. Бурхан юу хүсэж байсан нь хамаагүй, энэ бол зүгээр л нэг хүсэл, зүгээр л нэг санаа байсан—учир нь, Абрахам бол ердөө л Түүнийг дуулгавартай дагаж чадах хүн байсан, түүнд Бурханы талаар өчүүхэн төдий ч ойлголт, мэдлэг байгаагүй. Абрахам бол Бурханыг мэдэх, Бурханыг гэрчилж чадах, Бурхантай нэгэн санаатай байх хэмээх хүнээс Бурханы шаарддаг стандартын хаана нь ч хүрээгүй нэгэн байлаа. Иймээс Абрахам, Бурхантай хамт алхаж чадаагүй. Абрахам Исаакийг өргөл болгосноос Бурхан Абрахамын чин сэтгэл, дуулгавартай байдлыг харж, Бурханы шалгалтыг давсан гэдгийг нь харсан. Бурхан түүний чин сэтгэл, дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч тэр Бурханы итгэлийг хүлээсэн, Бурханыг мэддэг, Бурханыг ойлгодог хүн болох, мөн Бурханы зан чанарыг мэддэг хүн байх гавьяагүй хэвээр байв; тэр Бурхантай нэг санаатай байж, Бурханы хүслийг биелүүлэх хүн огт биш байсан. Иймээс Бурхан зүрх сэтгэлдээ ганцаардмал, санаа зовсон хэвээр байсан юм. Бурхан ганцаардаж, санаа зовох тусмаа Өөрийн удирдлагыг аль болох хурдан үргэлжлүүлж, Өөрийн удирдлагын төлөвлөгөөг биелүүлж, Өөрийн хүсэлд аль болох хурдан хүрэхийн тулд бүлэг хүмүүсийг сонгон олж авч чаддаг байх нь улам их хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы их хүслэн бөгөөд бүр эхнээсээ өнөөдрийг хүртэл өөрчлөгдөлгүй үлдсэн юм. Бурхан анх хүнийг бүтээснээсээ хойш бүлэг ялагчдыг, Түүнтэй хамт алхаж, Түүний зан чанарыг ойлгож, мэдэж, ухаарч чадах бүлгийг эгээрэн хүссэн билээ. Бурханы энэхүү хүсэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэр хэчнээн удаан хүлээх хэрэгтэй болсон ч, өмнөх зам нь хэчнээн хүнд хэцүү байж магадгүй ч, хүсэн эрмэлзсэн зорилтууд нь хэчнээн хол байсан ч, Бурхан хүнд тавьсан найдлагаа хэзээ ч өөрчлөөгүй, хэзээ ч орхиогүй. Одоо Би үүнийг хэлсэн болохоор та нар Бурханы хүслээс зарим нэг зүйлийг ухаарав уу? Та нарын ухаарсан зүйл тийм ч гүн гүнзгий биш байх—гэхдээ аажмаар ухаарна!

Абрахамыг амьдарч байх үед Бурхан нэг хотыг бас устгасан. Энэ хотыг Содом гэдэг байлаа. Олон хүн Содомын түүхийг мэддэг нь эргэлзээгүй, гэхдээ энэ хотыг устгахын үндэс болсон Бурханы бодол санааг хэн ч мэдэхгүй.

Иймээс Абрахамтай ярилцсан Бурханы дараах ярианаас өнөөдөр бид Түүний зан чанарыг мэдэхийн зэрэгцээ тухайн үеийн Түүний бодлыг мэдэх болно. Тэгээд дараах Библийн хэсгүүдийг уншицгаая.

II. Бурхан Содомыг устгахаар шийдсэн нь

Эхлэл 18:26 Тэгээд Ехова: “Хэрвээ Би Содом хотынхон дотроос тавин зөв шударга хүнийг олох аваас тэднийг бодоод тэр газрыг бүхэлд нь өршөөнө” гэж хэлэв.

Эхлэл 18:29 Абрахам дахин Түүнтэй ярьж, “Тэндээс дөчин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр: “Би тэрийг устгахгүй” гэв.

Эхлэл 18:30 Абрахам Түүнд “Тэндээс гучин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр: “Би тэрийг устгахгүй” гэв.

Эхлэл 18:31 Абрахам Түүнд “Тэндээс хорь олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр: “Би хотыг устгахгүй” гэв.

Эхлэл 18:32 Абрахам дахин Түүнд “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Тэр: “Би тэр хотыг устгахгүй” гэв.

Энд Библиэс Миний сонгосон хэдэн эшлэл байна. Эдгээр нь бүрэн эх хувь биш. Хэрвээ та нар эхийг нь үзмээр байвал Библиэс өөрсдөө харж болно; цаг хэмнэхийн тулд Би эх бичвэрийн зарим хэсгийг орхисон. Энд Би зөвхөн хэдэн гол эшлэл болон өгүүлбэрийг сонгож, бидний өнөөдрийн нөхөрлөлд үл нөлөөлөх хэдэн өгүүлбэрийг орхилоо. Бидний нөхөрлөх бүх хэсэг болон агуулгад эдгээр түүхийн нарийн ширийнийг, мөн эдгээр түүхэн дэх хүний зан төлвийг анхааралгүй алгасана; харин тэр үед Бурханы бодол, санаа ямар байсан тухай л ярина. Бурханы бодол, санаанаас бид Бурханы зан чанарыг харах ба Бурханы хийсэн бүхнээс жинхэнэ Бурханыг Өөрийг нь харна—ингэж бид зорилгодоо хүрнэ.

Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай орж, Түүний тушаалыг дагаж чаддаг хүмүүст санаа тавьдаг

Дээрх хэсгүүд нь хэд хэдэн чухал үгийг буюу тоог агуулсан. Эхлээд Ехова тухайн хотоос тавин зөв шударга хүн олбол энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэж, өөрөөр хэлбэл, тэр хотыг устгахгүй гэж хэлсэн. Тэгвэл үнэн хэрэг дээрээ Содом хотод тавин зөв шударга хүн байсан уу? Байгаагүй. Үүний дараахан Абрахам Бурханд юу гэж хэлсэн бэ? Тэрээр тэнд дөчин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд Бурхан Би үүнийг хийхгүй гэсэн. Дараа нь Абрахам тэндээс гучин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Бурхан, Би үүнийг хийхгүй гэсэн. Тэгвэл хорин хүн олдох аваас? Би үүнийг хийхгүй. Арван хүн? Би үүнийг хийхгүй. Яг үнэндээ арван зөв шударга хүн тэр хотод байсан уу? Арав байгаагүй—харин нэг хүн байсан. Энэ нэг хүн нь хэн байсан бэ? Лот байсан. Тэр үед Содомд ганц зөв шударга хүн байсан, гэхдээ ийм тоонд хүрэхэд Бурхан маш хатуу чанд, эсвэл их шаардлагатай байсан уу? Үгүй, Тэр тийм байгаагүй! Иймээс хүн “Дөч байвал яах вэ?”, “Гуч байвал яах вэ?” гэж асуусаар “Арав байвал яах вэ?” гэхэд Бурхан: “Тэнд ердөө арван хүн байсан ч Би энэ хотыг устгахгүй; Би үүнийг өршөөж, энэ арваас гадна бусад хүмүүсийг уучилна” гэсэн. Арав нь өчүүхэн тоо байсан боловч үнэндээ Содомд ядаж тийм тооны ч зөв шударга хүн байгаагүй болж таарсан. Тэгэхээр Бурханы бодлоор энэ хотын хүмүүсийн нүгэл хилэнц болон хорон муу нь тэднийг устгахаас өөр аргагүй байдалд Бурханыг хүргэсэн байгаа биз дээ. Тэнд тавин зөв шударга хүн байвал энэ хотыг устгахгүй гэж Бурхан хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Эдгээр тоо нь Бурханд чухал биш байсан. Юу чухал байсан бэ гэвэл, энэ хотод Өөрийнх нь хүссэн зөв шударга хүн байсан эсэх нь чухал байсан. Хэрвээ уг хотод ганцхан зөв шударга хүн байвал уг хотыг устгасны улмаас тэр хүн аюулд өртөхийг Бурхан зөвшөөрөхгүй байв. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан энэ хотыг устгах эсэх нь хамаагүй, тэнд хэдэн зөв шударга хүн байгаа нь хамаагүй, Бурханы хувьд энэ нүгэлт хот хараагдаж, зүхэгдэх ёстой бөгөөд устгагдах ёстой, Бурханы нүднээс арилах ёстой, харин зөв шударга хүмүүс үлдэх ёстой байсан юм. Эрин үеийг үл харгалзан, хүн төрөлхтний хөгжлийн үе шатыг үл харгалзан Бурханы хандлага өөрчлөгддөггүй: Тэрээр мууг үзэн ядаж, Өөрийн нүдэнд зөв шударга хүмүүст анхаарал тавьдаг. Бурханы энэ тодорхой хандлага нь басхүү Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Хот дотор ганцхан л зөв шударга хүн байсан учраас Бурхан цаашид тээнэгэлзээгүй. Эцсийн үр дүнд Содом зайлшгүй устгагдах байсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Тэр үед тэнд тавин зөв шударга хүн байсан бол, эсвэл арван хүн байсан бол Бурхан хотыг устгахгүй байсан, энэ нь, Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж чадах цөөхөн хүнийг бодоод Бурхан хүн төрөлхтнийг уучилж, тэдэнд хүлцэхээр шийдэх байсан, эсвэл залж чиглүүлэх ажил хийх байсан гэсэн үг юм. Бурхан хүний зөв шударга үйлсэд асар их итгэдэг, Түүнийг шүтэн мөргөж чадах хүмүүст асар их итгэдэг ба Түүний өмнө сайн үйлс хийж чадах хүмүүст Тэр асар их итгэдэг.

Хамгийн эртний үеэс өнөөдрийг хүртэл Бурхан хэн нэгэн хүнд үнэнийг хэлж, эсвэл Бурханы замын талаар ярьж байсан тухай та нар ер нь Библиэс уншсан уу? Үгүй, хэзээ ч үгүй. Хүнд хэлсэн Бурханы үгийг уншихад хүмүүст юу хийхийг л хэлж байсан. Зарим нь үүнийг хийж гүйцэлдүүлсэн, зарим нь үгүй; зарим нь итгэсэн, зарим нь итгээгүй. Ийм л байсан. Тиймээс тухайн эрин үеийн зөв шударга хүмүүс—Бурханы бодлоор зөв шударга байсан хүмүүс нь ердөө л Бурханы үгийг сонсож, Бурханы тушаалыг дагаж чаддаг хүмүүс байв. Тэд бол Бурханы үгийг хүмүүсийн дунд биелүүлдэг зарц нар байлаа. Тийм хүмүүсийг Бурханыг мэддэг хүмүүс гэж болох байсан уу? Тэднийг Бурханы төгс болгосон хүмүүс гэж хэлж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Тэгэхээр, тэдний тоог үл харгалзан, Бурханы бодлоор бол эдгээр зөв шударга хүмүүсийг Бурханы итгэмжлэгдсэн хүн гэж нэрлэвэл таарах байсан уу? Тэднийг Бурханы гэрчүүд гэж нэрлэж болох байсан уу? Мэдээж үгүй! Тэд лав Бурханы итгэмжлэгдсэн хүн болон гэрчүүд гэж нэрлэгдэж таарахгүй байсан. Тэгвэл тийм хүмүүсийг Бурхан юу гэж нэрлэсэн бэ? Библийн Хуучин Гэрээнд Бурхан тэднийг “Миний зарц” гэж нэрлэсэн олон тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, тэр үед Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы зарц нар байсан, тэд газар дээр Бурханд үйлчилдэг хүмүүс байсан юм. Энэ нэршлийн тухай Бурхан юу гэж бодож байсан бэ? Тэр тэднийг яагаад ингэж нэрлэсэн бэ? Бурханы зүрх сэтгэлд хүмүүсийг юу гэж нэрлэх тухай стандарт байдаг уу? Гарцаагүй байдаг. Бурхан хүмүүсийг зөв шударга, төгс, чигч, эсвэл зарц нар гэж хэлэх нь хамаагүй, Түүнд стандарт байдаг. Тэр хэн нэгнийг Өөрийн зарц гэж хэлэхдээ энэ хүн Түүний элч нарыг хүлээж авч чадна, Түүний тушаалыг дагаж чадна, мөн элч нарын тушаасан зүйлийг гүйцэтгэж чадна гэдэгт бат итгэлтэй байдаг. Энэ хүн юу гүйцэтгэдэг вэ? Газар дээр хийж, гүйцэтгэ гэж Бурхан хүнд тушаасан зүйлийг гүйцэтгэдэг. Тэр үед, газар дэлхий дээр хийж, гүйцэтгэ гэж хүнээс Бурханы шаардсан зүйлийг Бурханы зам гэж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Учир нь, тэр үед Бурхан хүнээс зөвхөн цөөн хэдэн энгийн зүйл хийхийг хүссэн; Тэр хүнд зөвхөн энийг, эсвэл тэрийг хий гэснээс өөр юм хэлэлгүй цөөн хэдэн энгийн тушаал өгсөн. Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Учир нь, тэр үед олон нөхцөл байдал хараахан бүрдээгүй, цаг нь хараахан болоогүй байсан бөгөөд Бурханы замыг баримтлах нь хүн төрөлхтөнд хэцүү байсан, тиймээс Бурханы зам Бурханы зүрх сэтгэлээс хараахан гарч эхлээгүй байлаа. Бурханы дурдаж байсан, бидний энд харж байгаа—хорь, эсвэл гуч ч юм уу—зөв шударга хүмүүсийг Бурхан Өөрийнхөө зарц гэж үздэг байсан. Бурханы элч нар эдгээр зарц дээр ирэхэд тэд элч нарыг хүлээн авч, тэдний тушаалуудыг дагаж, тэдний үгээр үйлдэж чаддаг байв. Энэ нь Бурханы үзэхэд, зарц нарын хийх, хүрэх ёстой яг тэр зүйл байсан юм. Бурхан хүмүүсийг нэрлэхдээ бодолтой байдаг. Тэд одоо та нарын байгаа шиг ихээхэн номлол сонссон, Бурхан юу хийх гэж байсныг мэддэг, Бурханы хүслийн талаар их ойлгодог, Түүний удирдлагын төлөвлөгөөг ухаардаг байсан болохоор нь Тэр тэднийг Өөрийн зарц гэж нэрлээгүй, харин тэд хүн чанараараа үнэнч шударга бөгөөд Бурханы үгийг дагаж чаддаг байсан учраас тэгсэн юм; Бурханыг тушаахад тэд хийж байснаа хойш тавьж, Бурханы тушаасныг гүйцэтгэж чаддаг байв. Иймээс Бурханы хувьд зарц гэдэг цолын утга учрын өөр нэг тал нь тэд газар дэлхий дээрх Түүний ажилд хамтран ажилладаг ба хэдийгээр Бурханы элч биш байсан ч гэсэн тэд бол Бурханы үгийг газар дээр гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч байсан. Тэгэхээр энэ зарц нар буюу зөв шударга хүмүүс нь Бурханы зүрх сэтгэлд их чухал байгаа биз дээ. Дэлхий дээр Бурханы эхлэх гэж байсан ажил, Түүнтэй хамтран ажиллах хүмүүсгүйгээр байж чадахгүй байсан бөгөөд Бурханы зарц нарын хүлээсэн үүргийг Бурханы элч нараар орлуулшгүй байсан. Энэ зарц нарт Бурханы тушаасан даалгавар бүр Түүнд асар их ач холбогдолтой байсан тул Тэр тэднийг алдаж болохгүй байв. Эдгээр зарц нарын Бурхантай ажилласан хамтын ажиллагаагүйгээр хүн төрөлхтний дундах Бурханы ажил зогсоход хүрч, түүний уршгаар Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы итгэл найдвар талаар болох байлаа.

Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийнхөө жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэдэг

Библийн тэмдэглэлүүд дээр Содомд Бурханы арван зарц байсан уу? Үгүй, байгаагүй! Уг хот Бурханд өршөөгдөхүйц байсан уу? Тус хотод зөвхөн нэг хүн—Лот—Бурханы элчүүдийг хүлээн авсан. Үүний цаад утга нь гэвэл, тус хотод Бурханы ганц зарц л байсан бөгөөд тиймээс Лотыг авраад Содом хотыг устгахаас өөр зам Бурханд байгаагүй гэсэн үг. Дээр эш татсан Абрахам болон Бурханы хоорондын яриа энгийн мэт санагдаж болох ч маш гүн гүнзгий зүйлийг харуулдаг: Бурханы үйлдлүүдэд зарчим байдаг ба шийдвэр гаргахаасаа өмнө Тэр ажиглаж, сайтар бодож, урт хугацаа зарцуулдаг; цаг нь болохоос өмнө Тэр лав ямар нэгэн шийдвэр гаргахгүй, эсвэл аливаа дүгнэлт яаран хийхгүй. Содомыг устгах Бурханы шийдвэр өчүүхэн төдий ч буруу байгаагүй гэдгийг Абрахам болон Бурханы хоорондын яриа бидэнд харуулдаг, учир нь энэ хотод дөчин зөв шударга хүн байхгүй, гучин ч зөв шударга хүн байхгүй, хорь ч байхгүй гэдгийг Бурхан аль хэдийн мэдэж байв. Тэнд бүр арав ч байгаагүй. Тус хотод Лот л цорын ганц зөв шударга хүн байсан юм. Содомд тохиолдсон бүхнийг, тэндхийн нөхцөл байдлыг Бурхан ажиглаж байсан бөгөөд гарын арван хуруу шигээ мэддэг байлаа. Тиймээс Түүний шийдвэр буруу байж таарахгүй. Харин ч Бурханы төгс хүчит байдалтай харьцуулбал хүн маш хөшүүн, маш тэнэг ба мунхаг, маш харалган. Үүнийг бид Бурхан болон Абрахамын хоорондоо ярилцсан үгээс харж болно. Бурхан анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн зан чанарыг гаргасаар ирсэн. Түүнчлэн бидний харвал зохих Бурханы зан чанар энд ч бас байна. Тоонууд бол энгийн бөгөөд юуг ч илэрхийлдэггүй, харин энд Бурханы зан чанарын маш чухал илэрхийлэл бий. Бурхан тавин зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байсан. Бурханы өршөөл энэрлээс болоод уу? Түүний хайр, хүлээцээс болоод уу? Та нар Бурханы зан чанарын энэ талыг харсан уу? Тэнд аравхан зөв шударга хүн байсан ч Бурхан тэр арван зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байх байв. Энэ нь Бурханы хүлээц, хайр биш гэж үү? Бурханы өршөөл, хүлээц, мөн тэрхүү зөв шударга хүмүүст санаа тавих учраас Тэрээр тус хотыг устгахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй байдал. Эцэст нь бид ямар үр дүнг харж байна вэ? Абрахам: “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Бурхан: “Би тэр хотыг устгахгүй” гэв. Түүний дараа Абрахам өөр юу ч хэлээгүй—учир нь Содомд түүний хэлсэн арван зөв шударга хүн байгаагүй, түүнд өөр хэлэх үг ч байгаагүй бөгөөд тэр үед Бурхан яагаад Содомыг устгахаар шийдсэнийг ойлгосон юм. Үүнээс Бурханы ямар зан чанар харагдаж байна вэ? Бурхан ямар шийдвэр гаргасан бэ? Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хотод арван зөв шударга хүн байхгүй бол Бурхан үүний оршин тогтнохыг зөвшөөрөхгүй байсан ба үүнийг лавтайяа устгах байсан. Энэ нь Бурханы уур хилэн биш гэж үү? Энэ уур хилэн нь Бурханы зан чанарыг төлөөлөхгүй гэж үү? Энэ зан чанар нь Бурханы ариун мөн чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүн халдах ёсгүй Бурханы зөвт мөн чанарын илчлэл биш гэж үү? Содомд арван зөв шударга хүн байхгүй гэдгийг нотлоод Бурхан тус хотыг устгах нь мадаггүй болж, тэр хотод байсан хүмүүсийг хатуу шийтгэх гэж байсан, яагаад гэвэл, тэд Бурханыг эсэргүүцсэн ба маш бохир, ялзарсан байсан юм.

Яагаад бид эдгээр хэсгийг ийм маягаар задлан шинжилсэн бэ? Яагаад гэвэл, эдгээр энгийн цөөхөн өгүүлбэр нь Бурханы өгөөмөр энэрэлт зан чанар болон айхтар уур хилэнг бүрэн илэрхийлж өгдөг. Зөв шударга хүмүүсийг эрхэмлэж, өршөөн энэрч, хүлээцтэй хандаж, тэдэнд санаа тавихын зэрэгцээ Бурхан зүрх сэтгэлдээ Содомд байсан ялзарсан хүмүүсийг бүгдийг гүнээ жигшиж байв. Энэ нь өгөөмөр өршөөл болон айхтар уур хилэн байсан уу, үгүй юу? Бурхан уг хотыг ямар аргаар устгасан бэ? Галаар. Тэр яагаад тус хотыг гал хэрэглэж устгасан бэ? Ямар нэг зүйл галд шатаж байхыг хараад, эсвэл ямар нэг зүйлийг шатаах гэж байхдаа чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Яагаад чи тэр юмыг шатаамаар байдаг вэ? Тэр юм чамд цаашид хэрэггүй, тэрийг дахиж харахыг ч хүсэхгүй гэж боддог уу? Чи тэр юмыг огоорохыг хүсдэг үү? Бурхан гал хэрэглэсэн нь огоорох, үзэн ядах гэсэн утгатай байсан бөгөөд Тэр Содомыг дахин харахыг хүсээгүй. Энэ бол Содомыг галаар устгах болсон Бурханы сэтгэлийн хөдөлгөөн байсан юм. Гал хэрэглэсэн нь Бурханы хэр их ууртай байсныг харуулдаг. Бурханд өршөөл энэрэл, хүлээц үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнг сул тавих үед Бурханы ариун байдал болон зөвт байдал нь ямар ч халдлагыг тэвчдэггүй талыг нь хүнд бас үзүүлдэг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу ажиллахад хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт болон Өөрийнх нь эсрэг дайсагналаар дүүрэн байхад Бурхан ихэд уурладаг. Тэр хэр их хэмжээнд хүртэл уурладаг вэ? Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл Түүний уур хилэн үргэлжилнэ. Зөвхөн тэр үед л Бурханы уур арилна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй, хэрвээ зүрх сэтгэл нь Бурханаас холдож, хэзээ ч эргэж ирэхгүйгээр Бурханаас нүүр буруулсан бол, харваас буюу тэдний хийсвэр хүслийн хувьд, тэд биеэрээ, эсвэл бодол санаагаараа Бурханд шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байя гэж хүсэхийг нь үл тоомсорлон Бурханы уур хилэн зогсолтгүй ундарна. Бурхан хүнд өргөн боломж өгчихөөд уураа айхтар ноцтой гаргахад энэ нь нэгэнт суларвал буцаах аргагүй болох бөгөөд Тэр тийм хүн төрөлхтөнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм. Энд, Бурхан нэг хотыг устгах нь хүмүүст хэвийн мэт санагддаг, учир нь Бурханы бодлоор бол нүглээр дүүрэн хот оршин тогтнож, хэвээр үлдэж болохгүй бөгөөд түүнийг Бурхан устгах нь ухаалаг явдал байсан. Гэсэн ч Содомыг устгахаас өмнө болон дараа тохиолдсон зүйлээс бид Бурханы зан чанарыг бүхэлд нь харж болно. Тэрээр нинжин, сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлсэд гүнээ хилэгнэж, уур хилэнгээ зогсолтгүй илгээдэг. Эдгээр нь Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал бөгөөд түүнчлэн, тэдгээрийг Бурхан эхнээс нь эцсийг нь хүртэл ил харуулсан: өгөөмөр өршөөл ба айхтар уур хилэн. Та бүхний ихэнх нь Бурханы өршөөлөөс юм үзэж мэдэрсэн боловч та нараас тун цөөхөн нь Бурханы уур хилэнг ойлгосон. Бурханы өршөөл, хайр энэрлийг хүн бүрээс харж болно; өөрөөр хэлбэл, Бурхан хүн бүрт маш их өршөөнгүй байж ирсэн. Гэсэн ч Бурхан та нарын дундах ямар нэг хүнд юм уу, аль нэг хэсэгт айхтар уурлаж байсан удаа тун ховорхон эсвэл хэзээ ч уурлаж байгаагүй гэж хэлж болно. Тайвшир! Эрт, орой хэзээ нэгэн цагт Бурханы уур хилэн хүн бүхэнд харагдаж, мэдрэгдэх болно, харин одоо цаг нь хараахан болоогүй байна. Яагаад энэ вэ? Яагаад гэвэл, Бурхан хэн нэгэнд байнга уурлах үед, өөрөөр хэлбэл, Бурхан айхтар уур хилэнгээ түүн дээр буулгах үед энэ нь Тэр уг хүнийг удтал жигшиж, голсон, тэр хүний оршин тогтнолыг үзэн ядаж, оршин тогтнолыг нь тэвчиж чадахаа больсныг харуулж байгаа юм; Түүний уур хилэн тэдэн дээр буумагц тэд үгүй болно. Өнөөдөр Бурханы ажил тэр цэгт хараахан хүрээгүй байна. Бурхан айхтар уурлах л юм бол та нарын хэн нь ч үүнийг дааж чадахгүй. Тэгэх үед Бурхан та нарт бүгдэд нь асар их өршөөнгүй байсан бөгөөд Түүний айхтар уурыг хараахан хараагүй гэдгээ та нар ойлгоно. Хэрвээ итгэхгүй байгаа хүмүүс байвал Бурханы уур хилэнг өөрсөд дээрээ буугаач гэж гуй, ингэснээр та нар Бурханы уур хилэн болон хүний халдлагыг тэвчдэггүй Түүний зан чанар үнэхээр оршин байдаг эсэхийг мэдэрч болох юм. Та нар тэгж зүрхлэх үү?

Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг үгээс нь л хардаг бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээсээ амсаагүй

Библийн эдгээр хэсгээс харж болох Бурханы зан чанарын хоёр талыг нөхөрлөвөл зохих уу? Энэ түүхийг сонсоод та нар Бурханы талаар шинэчлэгдсэн ойлголттой болсон уу? Ямар ойлголттой байна вэ? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, Бурханы нигүүлсэл, өршөөл, хайр энэрлийг энэ сүүлчийн бүлгийнхэн шиг хэмжээгээр эдэлсэн бүлэг байхгүй гэж хэлж болно. Хэдийгээр сүүлчийн үе шатанд Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийж, Өөрийн ажлыг сүр жавхлан, уур хилэнтэйгээр хийсэн боловч Бурхан ажлаа хэрэгжүүлэхийн тулд голдуу зөвхөн үг хэрэглэдэг; Тэрээр зааж сургах, услах, хангах, тэжээхийн тулд үг хэрэглэдэг. Ингэх зуур Бурханы уур хилэн үргэлж далд нуугдаж байдаг бөгөөд Бурханы хилэнт зан чанарыг Түүний үгээс мэдрэхээс гадна тун цөөхөн хүн Түүний уур хилэнг биечлэн үзсэн юм. Юу гэсэн үг вэ гэхээр, Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр Бурханы үгэнд илэрсэн уур хилэн хэдийгээр Бурханы сүр жавхлан болон халдашгүй байдлыг үзэх боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү уур хилэн нь Түүний үгээс цааш хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг зэмлэх, хүнийг илчлэх, хүнийг шүүх, хүнийг гэсгээх болон хүнийг яллахдаа ч үг хэрэглэдэг—гэхдээ Бурхан хүнд хараахан айхтар их уурлаагүй байгаа бөгөөд хүнд Өөрийн уур хилэнг Өөрийн үгээс гадна бараг гаргаагүй. Тиймээс энэ эрин үед хүний мэдэрсэн Бурханы өршөөл, хайр энэрэл нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл байдаг байхад хүний үзэж амссан Бурханы уур хилэн нь ердөө л Түүний айлдваруудын өнгө, уур амьсгалын үр нөлөө юм. Олон хүн энэ үр нөлөөг Бурханы уур хилэнгийн жинхэнэ туршлага ба жинхэнэ мэдлэг хэмээн буруугаар ойлгодог. Иймд Бурханы үгээс өршөөл, өгөөмөр сэтгэлийг нь харсан, мөн хүний халдлагыг тэвчдэггүйг нь харсан гэж ихэнх хүн итгэдэг, мөн тэдний ихэнх нь Бурхан хүнд өршөөлтэй, хүлээцтэй ханддагийг мэдсэн нь ч бий. Гэхдээ хүний явдал хэчнээн муу муухай, зан чанар нь хэчнээн ялзармал байсан ч хамаагүй, Бурхан үргэлж тэвчсэн. Тэвчихдээ Түүний зорилго нь Өөрийн хэлсэн үг, гаргасан чармайлт, төлсөн төлөөс нь, Түүний олж авахыг хүссэн хүмүүст үр нөлөө үзүүлэхийг хүлээх явдал юм. Ийм үр дүн хүлээхэд цаг орох бөгөөд энэ нь хүмүүс дөнгөж төрөнгүүтээ насанд хүрэгч болдоггүйтэй адил хүнд зориулсан өөр өөр орчныг бүтээхийг шаарддаг; тэр нь арван найм, эсвэл арван есөн жилийг зарцуулдаг ба зарим хүний хувьд жинхэнэ том хүн болж нас биед хүрэхэд хорь, гучин жил ч хэрэгтэй байдаг. Бурхан энэ үйл явц гүйцэхийг хүлээдэг, Тэр тийм цаг ирэхийг хүлээдэг бөгөөд энэхүү үр дүн гарахыг нь хүлээдэг. Хүлээх хугацаандаа Бурхан асар өршөөнгүй байдаг. Гэхдээ Бурханы ажлын хугацаанд туйлын цөөн тооны хүн цохигдон унадаг ба зарим нь Бурханыг ихэд эсэргүүцсэний улмаас шийтгэгддэг. Тийм жишээнүүд нь хүний халдлагыг тэвчдэггүй Бурханы зан чанарын бүр ч илүү том нотолгоо бөгөөд сонгогдсон хүмүүст хандах Бурханы хүлээцтэй байдал, тэвчээрийн бодит оршин тогтнолыг бүрэн баталдаг. Мэдээж, эдгээр ердийн жишээн дэх энэ хүмүүст гарсан Бурханы зан чанарын нэг хэсгийн илчлэл нь Бурханы нийт удирдлагын төлөвлөгөөнд нөлөөлдөггүй. Үнэн хэрэгтээ Бурханы ажлын энэхүү сүүлчийн үе шатанд, хүлээж байх хугацааныхаа турш Бурхан тэвчсэн ба Өөрийг нь дагадаг хүмүүсийг аврахын төлөө Өөрийн тэвчээр болон амийг зольсон. Та нар үүнийг харж байна уу? Бурхан Өөрийн төлөвлөгөөг шалтгаангүйгээр нураахгүй. Тэр Өөрийн уур хилэнг сул тавьж чадна, бас өршөөнгүй байж чадна; энэ нь Бурханы зан чанарын хоёр үндсэн хэсгийн илчлэл юм. Энэ маш ойлгомжтой байна уу, үгүй юу? Өөрөөр хэлбэл, Бурханы тухайд гэвэл, зөв ба буруу, шударга ба шударга бус, эерэг ба сөрөг—энэ бүхэн нь хүнд тодорхой харагддаг. Тэр юу хийх вэ, Тэр юунд дуртай вэ, Тэр юуг үзэн яддаг вэ—энэ бүхэн Түүний зан чанарт шууд тусгагдаж чаддаг. Тийм зүйлсийг мөн Бурханы ажлаас маш илэрхий, тодорхой харж болдог ба тэдгээр нь бүдэг бадаг, эсвэл ерөнхий биш; харин тэдгээр нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг гойд илэрхий, жинхэнэ, бодит байдлаар харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол жинхэнэ Бурхан Өөрөө билээ.

Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдаж байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн

Хэрвээ Би эдгээр зүйлийн талаар нөхөрлөөгүй бол та нарын хэн нь ч Библийн түүхүүдээс Бурханы жинхэнэ зан чанарыг харж чадахгүй байх байлаа. Энэ бол баримт. Яагаад гэвэл, хэдийгээр Библийн эдгээр түүх Бурханы хийсэн зарим зүйлийн талаар тэмдэглэсэн байдаг боловч Бурхан цөөн хэдэн үг хэлсэн ба хүнд Өөрийн зан чанарыг шууд танилцуулаагүй, эсвэл Өөрийн хүслийг ил тод гаргаагүй. Дараагийн үеийнхэн эдгээр тэмдэглэлийг үлгэр түүхээс өөрцгүй үзсэн тул Бурхан Өөрийгөө хүнээс нуудаг юм шиг, мөн Бурханы үнэн бие биш, харин Түүний зан чанар болон хүсэл хүнээс нуугддаг юм шиг хүмүүст санагддаг. Миний өнөөдрийн нөхөрлөлийн дараа ч Бурхан хүнээс бүрэн нуугдсан байдаг гэж та нар бас л бодож байна уу? Бурханы зан чанар хүнээс нуугдмал байдаг гэж та нар бас л итгэж байна уу?

Бүтээлийн цаг үеэс хойш Бурханы зан чанар Түүний ажилтай зэрэгцэн оршсоор ирсэн. Энэ нь хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй, харин олон түмэнд бүрэн мэдэгдэж, хүнд ил байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний зүрх сэтгэл Бурханаас улам их холдсон бөгөөд хүний ялзрал илүү гүнзгий болохын хэрээр хүн, Бурхан хоёрын зай улам бүр ихэссэн юм. Хүн Бурханы нүднээс аажмаар, баараггүй алга болсон. Хүн Бурханыг “олж харж” чадахаа больсон нь түүнийг Бурханы талаарх ямар ч “мэдээлэлгүй” болгож орхисон; тийнхүү тэр Бурхан оршин байдаг эсэхийг мэддэггүй ба бүр Бурханы оршин тогтнолыг бүрэн үгүйсгэхдээ тулсан байна. Иймд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар хүн мэдэхгүй байх нь Бурхан хүнээс нуугддагаас болоогүй, харин хүний зүрх сэтгэл Бурханаас холдсоны уршиг юм. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, Бурханыг хэрхэн хайрлахаа мэддэггүй, Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд хүн, Бурханаас үргэлж зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас хол хөндий байдаг. Тэгвэл түүний зүрх сэтгэл хаана байдаг вэ? Үнэн хэрэг дээрээ хүний зүрх сэтгэл хаашаа ч яваагүй: Үүнийг Бурханд өгч, эсвэл Бурханд харуулахаар илчлэхийн оронд хүн өөртөө хадгалсан. Зарим хүн Бурханд үргэлж залбирч, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэлийг хараач, миний боддог бүхнийг Та мэднэ” гэж хэлдэг ба зарим нь бүр Бурханд өөрсдийгөө харуулж, хэрвээ тангаргаа зөрчвөл тэднийг шийтгэж болно гэж амладаг мөртлөө шүү. Хэдийгээр хүн зүрх сэтгэл доторхыг нь харахыг Бурханд зөвшөөрдөг боловч энэ нь хүн, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг биш, мөн өөрийн хувь заяа, ирээдүй болон бүх зүйлийг Бурханы хяналт дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөдөг чиний тангараг, эсвэл Түүнд чи юу амладгийг үл харгалзан, Бурханы бодлоор бол чиний зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь чи зүрх сэтгэлийг чинь харахыг л Бурханд зөвшөөрдөг, харин хянахыг зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, чи зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд чихэнд чимэгтэй үг л хэлдэг; тэгэх зуураа чи олон янзын зальхай санаагаа, нууц сэдэл, далд явуулга, төлөвлөгөөнийхөө хамт Бурханаас нуудаг ба өөрийн ирээдүй, хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан булаан авах вий гэдгээс их айдаг. Тиймээс Өөрт нь хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож байгааг, юу хийхийг хүсдэгийг, мөн зүрх сэтгэлдээ юу хадгалж байгааг харж чаддаг боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтад өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч хянах эрх байдаггүй. Хүн өөрийн ухамсарт Бурханы зохицуулалтад өөрийгөө өгөхийг хүсдэггүй, эсвэл зорьдоггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаасан төдийгүй, Бурханы итгэлийг олж авах ба хуурмаг сэтгэгдэл төрүүлэхийн тулд зусар яриа, бялдуучлал ашиглах, жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс нуун зүрх сэтгэлээ хааж, далдлах арга зам боддог хүмүүс ч байна. Бурханд харуулахгүй байх тэдний зорилго бол тэд чухамдаа ямар вэ гэдгийг ойлгохыг Бурханд зөвшөөрөхгүй байх явдал юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгөхийг хүсдэггүй, харин өөрсдөдөө хадгалахыг хүсдэг. Үүнийг тайлбарлавал, хүн юу хийдэг, юу хүсдэг нь бүгд өөрийнх нь төлөвлөж, тооцоолж, шийдсэн зүйл байдаг; түүнд Бурханы оролцоо буюу хөндлөнгийн оролцоо шаардлагагүй, тэр ч бүү хэл, Бурханы зохион байгуулалт, зохицуулалт хэрэггүй гэсэн үг. Тиймээс Бурханы тушаал, Түүний даалгавар, эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагын тухайд гэвэл, хүний шийдвэр нь түүний өөрийн санаархал, сонирхол дээр, тухайн үеийн өөрийнх нь байдал, орчин нөхцөл дээр тулгуурладаг. Хүн өөрийн явах ёстой замыг дүгнэж, сонгохын тулд өөрийн мэддэг мэдлэг, ухаарал болон өөрийн оюун ухааныг үргэлж ашигладаг бөгөөд Бурханы хөндлөнгийн оролцоо, хяналтыг зөвшөөрдөггүй. Энэ бол Бурханы хардаг хүний зүрх сэтгэл билээ.

Анхнаасаа өнөөдрийг хүртэл зөвхөн хүн л Бурхантай ярилцах чадвартай байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, бүх амьд зүйл ба бүтээлийн дундаас хүнээс өөр юу ч Бурхантай ярилцаж чадахгүй. Хүнд сонсох чих, харах нүд бий; тэр хэл яриатай бөгөөд өөрийн санаа бодол, хүсэл зоригтой. Тэр Бурханы ярихыг сонсож, Бурханы хүслийг ойлгож, Бурханы даалгаврыг хүлээн авахад шаардлагатай бүхнийг эзэмшдэг, иймээс Бурхан хүнийг Өөртэйгөө адилхан санаатай, Өөртэй нь хамт алхаж чадах түнш болгохыг хүсэж, Өөрийн бүх хүслийг хүнд найддаг. Удирдаж эхэлснээсээ хойш Бурхан, хүнийг зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Бурханаар ариусгуулж, хангуулан, Бурханаар хайрлуулж, Бурханд таалагддаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болохыг нь хүлээсээр байна. Бурхан энэхүү үр дүнг үргэлж тэсгэлгүй хүсэн хүлээсэн. Библийн тэмдэглэлүүд дотор тийм хүмүүс байдаг уу? Бурханд зүрх сэтгэлээ өгөх чадвартай хүн Библид байдаг уу? Энэ эрин үеэс өмнө тохиолдсон урьдын жишээ бий юу? Өнөөдөр, Библийн тэмдэглэлүүдийг үргэлжлүүлэн уншиж, Иов хэмээх энэ хүний хийсэн зүйл нь өнөөдрийн бидний ярьж байгаа “Бурханд зүрх сэтгэлээ өгөх” тухай сэдэвт холбоотой эсэхийг харцгаая. Иов Бурханд таалагдаж, Бурханд хайрлуулж байсан эсэхийг харцгаая.

Иовын талаарх та нарын сэтгэгдэл юу вэ? Зарим хүн судраас эш татаж, Иов “Бурханаас эмээж, муугаас зайлсан” гэдэг. “Бурханаас эмээж, муугаас зайлсан”: энэ нь Иовын талаарх Бурханы үнэлгээ юм. Хэрвээ та нар өөрийн үгийг ашиглавал Иовыг хэрхэн дүгнэх байсан бэ? Зарим хүн Иовыг сайн, ухаалаг хүн байсан гэж хэлдэг; зарим нь түүнийг Бурханд жинхэнэ итгэлтэй байсан гэж хэлдэг; зарим нь Иовыг зөв шударга, хүн чанартай хүн байсан гэж хэлдэг. Та нар Иовын итгэлийг харсан, өөрөөр хэлбэл, зүрх сэтгэлдээ та нар үүнд их ач холбогдол өгч, Иовын итгэлд атаархдаг. Тэгвэл өнөөдөр, Иов Бурханд ингэж таалагдах юу эзэмшдэг байсныг харцгаая. Дараа нь доорх бичвэрүүдийг уншицгаая.

III. Иов

1. Иовын талаарх Бурханы болон Библи дэх үнэлгээ

Иов 1:1 Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв.

Иов 1:5 Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов: “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв.

Иов 1:8 Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.

Эдгээр хэсгээс та нар ямар гол зүйлийг харж байна вэ? Библийн энэ гурван товчхон хэсэг бүгд Иовд хамаатай. Хэдий богино боловч тэдгээр нь тэр ямар хүн байсныг тодорхой өгүүлдэг. Иовын өдөр тутмын ааш авир, зан төлвийн тухай дүрслэлээр дамжуулан Иовын талаарх Бурханы үнэлгээ оргүй биш, харин ч үндэслэл сайтай байсан гэдгийг хүн бүхэнд хэлдэг. Тэдгээр нь, Иовын талаарх хүний үнэлгээ (Иов 1:1) ч тэр, эсвэл түүний талаарх Бурханы үнэлгээ (Иов 1:8) ч тэр, аль аль нь Бурхан болон хүний өмнө гүйцэтгэсэн Иовын үйл хэргийн үр дүн (Иов 1:5) юм гэдгийг бидэнд хэлдэг.

Эхлээд бүгдээрээ нэг дэх хэсгийг уншицгаая: “Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв.” Энэ бол Библи дэх Иовын талаарх эхний үнэлгээ бөгөөд энэ өгүүлбэр нь Иовын талаарх зохиогчийн үнэлэлт юм. Энэ нь “Тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв” гэж Иовыг үнэлэх хүний үнэлгээг төлөөлдөг нь зүйн хэрэг. Дараа нь Иовын талаарх Бурханы үнэлгээг уншицгаая: “Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй.” Хоёр үнэлгээний нэг нь хүнээс гарсан ба нөгөө нь Бурханаас үүсэлтэй; тэдгээр нь адилхан агуулгатай хоёр үнэлгээ юм. Иовын ааш авир, зан төлөв нь хүмүүст танигдсан бөгөөд мөн Бурханд магтагдсан гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өмнө гаргадаг Иовын зан төлөвболон Бурханы өмнө гаргадаг зан төлөв нь адилхан байсан; тэр өөрийн ааш авир, сэдлийг Бурханы өмнө цаг ямагт дэлгэдэг, ингэснээр Бурхан тэдгээрийг нь ажиглаж болох байсан ба тэр бол Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсан. Тиймээс Бурханы бодлоор бол дэлхий дээрх хүмүүсээс зөвхөн Иов л төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байлаа.

Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлүүд

Дараа нь, Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж муугаас зайлсны гойд илрэлүүдийг харцгаая. Үүний өмнөх болон дараах хэсэг дээр нэмээд, мөн Иовын Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлийн нэг болох Иов 1:5-ыг уншицгаая. Энэ нь өдөр тутмын амьдралдаа тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж байсантай холбоотой; хамгийн чухал нь тэр өөрөө Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд хийх ёстойгоо хийсэн төдийгүй бас хөвгүүдийнхээ өмнөөс Бурханы өмнө шатаалт тахил байнга өргөдөг байлаа. Найрлаж байхдаа тэд үргэлж “нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж Иов айдаг байсан. Энэ явдал дээр Иовын илрэл юу байсан бэ? Эх бичвэрт дараах тэмдэглэл байдаг: “Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв.” Бурханаас эмээх нь түүний гадаад талын ааш авирт илрэхээсээ илүүгээр зүрх сэтгэлээс нь гарч байсныг, тэр өөрөө муугаас зайлаад зогсоогүй, мөн хөвгүүдийнхээ өмнөөс байнга шатаалт тахил өргөж байсан учраас мөн Бурханаас эмээх нь цаг ямагт, өдөр тутмын амьдралынх нь бүх талаас олж болохыг Иовын ийм зан төлөв бидэнд харуулдаг билээ. Өөрөөр хэлбэл, Иов Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзахаас ихэд айгаад зогсохгүй, хөвгүүд нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзах вий гэж бас санаа нь зовдог байв. Бурханаас эмээх Иовын үнэн чанар нарийвчилсан шалгалтыг давна гэдгийг үүнээс харж болох бөгөөд энэ нь ямар ч хүн эргэлзэх аргагүй зүйл юм. Тэр тэгж хааяа хийдэг байсан уу, эсвэл байнга хийдэг байсан уу? Бичвэрийн сүүлийн өгүүлбэрт “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв” гэсэн юм. Эдгээр үгийн утга нь, Иов хөвгүүдээ хааяа нэг, эсвэл өөрт нь тааламжтай санагдсан үед л эргэж тойрдоггүй байсан, мөн залбирлаар дамжуулж Бурханд нүглээ наманчлаагүй гэсэн үг юм. Үүний оронд тэр хөвгүүдээ тогтмол илгээж, ариусгаж, тэдний төлөө шатаалт тахил өргөж байсан билээ. Энд “тасралтгүй” гэж байгаа нь тэр ингэж ганц хоёр өдөр, эсвэл түр зуур хийсэн гэсэн үг биш. Энэ нь Иовын Бурханаас эмээдгийн илэрхийлэл түр зуурынх байгаагүй бөгөөд зөвхөн мэдлэг юм уу, хэлсэн үгээр хязгаарлагдаагүй гэдгийг хэлж байна; үүний оронд Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлийг хөтөлж, түүний үйлдлийг удирдаж байсан бөгөөд энэ нь түүний зүрх сэтгэлд оршин тогтнолынх нь үндэс байсан. Тэр тасралтгүй ингэж хийсэн гэдэг нь зүрх сэтгэлдээ тэр, Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс дандаа эмээдэг байсан бөгөөд мөн түүнчлэн хөвгүүд, охид нь Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байсныг харуулдаг. Энэ нь Бурханаас эмээх, муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлд хэр зэрэг чухал байсныг үзүүлдэг. Тэр тэгж тасралтгүй хийсэн, учир нь зүрх сэтгэлдээ тэр түгшиж, айж байсан—муу юм хийчихлээ, Бурханы эсрэг нүгэл үйлдчихлээ, Бурханы замаас хазайчихлаа, тэгээд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй боллоо гэж айж байсан юм. Үүний зэрэгцээ охид, хөвгүүд нь Бурханд халдах зүйл хийчихлээ гэж айж, тэдэнд бас санаа нь зовдог байсан. Иовын өдөр тутмын амьдралын ердийн зан төлөв ийм байв. Яг энэ ердийн зан төлөв нь Иовын Бурханаас эмээдэг, муугаас зайлдаг нь хоосон үг байгаагүй бөгөөд Иов үүнийг бодит байдал дээр амьдран харуулсан гэдгийг нотолдог. “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв”: Эдгээр үг нь бидэнд Бурханы өмнө Иовын хийсэн өдөр тутмын үйл хэргийг хэлж өгдөг. Тэр тийнхүү тасралтгүй үйлдэхэд түүний үйлдэл болон зүрх сэтгэл Бурханы өмнө хүрдэг байсан уу? Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл, түүний ааш авирт Бурхан байнга сэтгэл ханамжтай байсан уу? Тэгвэл ямар байдалд, мөн ямар орчинд Иов тийнхүү тасралтгүй үйлдсэн бэ? Зарим хүн: “Бурхан Иовд байн байн харагддаг байсан учраас Иов тийнхүү тасралтгүй үйлдсэн” гэж хэлдэг. “Иов муугаас зайлах хүсэлтэй байсан учраас тийнхүү тасралтгүй үйлдсэн” гэж зарим нь хэлдэг. “Иов өөрийнх нь эд хөрөнгө хялбар олдоогүй гэж бодож, үүнийг Бурхан хайрласан гэдгийг мэддэг байсан болохоор Бурханыг гомдоож, халдсаны уршгаар эд хөрөнгөө алдана гэж маш их айсан байх” гэж зарим хүн хэлдэг. Эдгээр үгийн аль нэг нь үнэн үү? Мэдээж үгүй. Учир нь Бурханы бодлоор бол, Иовын тухайд Бурханы хүлээн зөвшөөрч, хамгийн их хайрласан зүйл нь зөвхөн түүний тийнхүү тасралтгүй үйлдсэн явдал биш байсан; харин үүнээс ч илүүтэйгээр, Сатаны гарт өгөгдөж, уруу татагдаж байх үедээ Бурхан, хүн, Сатан гурвын өмнө түүний гаргасан зан төлөв байсан билээ. Доорх хэсгүүд нь Иовын талаарх Бурханы үнэлгээ үнэн гэдгийг бидэнд харуулдаг хамгийн үнэмшилтэй баримтыг өгдөг юм. Дараа нь Библийн дараах хэсгүүдийг уншицгаая.

2. Сатан Иовыг анх удаа уруу татсан нь (малаа хулгайд алдаж, хүүхдүүдэд нь гай зовлон тохиолдов)

а. Бурханы хэлсэн үгс

Иов 1:8 Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.

Иов 1:12 Тэгээд Ехова Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэв. Тэгэхэд нь Сатан Еховагийн дэргэдээс явав.

б. Сатаны хариу

Иов 1:9–11 Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Чи түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Чи түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Чиний өөдөөс хараах болно” гэв.

Иовыг уруу татахыг Бурхан Сатанд зөвшөөрсөн нь Иовын итгэлийг төгс болгохын төлөө байв

Иов 1:8 бол Ехова Бурхан, Сатан хоёрын яриаг Библиэс харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах зүйлийг дурджээ: Тэгээд Ехова Сатанд хандан, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв. Энэ бол Иовын талаар Сатанд хэлсэн Бурханы үнэлгээ байсан; тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэж Бурхан хэлсэн. Бурхан, Сатан хоёр хоорондоо ийм үг солихоос өмнө Бурхан, Иовыг уруу татахад Сатаныг ашиглана—Иовыг Сатаны гарт өгнө гэдгээ шийдчихсэн байсан. Нэг талаар энэ нь Иовын талаарх Бурханы ажиглалт болон үнэлгээ алдаагүй, чамбай байсныг баталж, мөн Иовын гэрчлэлээр дамжуулан Сатаныг шившиглэх байсан; нөгөө талаар энэ нь, Бурханд итгэх Иовын итгэлийг нь, Бурханаас эмээхийг нь төгс болгох байсан юм. Тиймээс Сатаныг Бурханы өмнө ирэхэд Бурхан хоёрдмол утгаар яриагүй. Тэр шууд гол зүйлдээ орж, Сатанаас “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэсэн. Бурханы асуултад дараах утга байсан: Сатан хаа сайгүй хэсүүчлэн явсан бөгөөд Бурханы зарц байсан Иовыг дандаа тагнадаг байсныг Бурхан мэдэж байв. Иовын итгэл болон Бурханаас эмээдэг нь баттай байж чадахгүй гэдгийг батлахын тулд Сатан, Иовд сүйрэл авчрах арга зам олох гэж оролдон Иовыг дандаа сорьж, дайран довтолж байсан. Түүнчлэн Иовыг Бурханаас татгалзаж магадгүй, өөрөө Иовыг Бурханы гараас булаан авч магадгүй гэсэндээ Сатан Иовыг хорлох боломжуудыг дуртайяа хайж байлаа. Гэсэн ч Бурхан, Иовын зүрх сэтгэл доторхыг ажиглаж, тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн гэдгийг харсан. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг, төгс, шулуун шударга хүн бөгөөд хэзээ ч Бурханаас татгалзаж, Сатаныг дагахгүй гэдгийг Сатанд хэлэхийн тулд Бурхан асуулт ашиглажээ. Иовын талаарх Бурханы үнэлэлтийг сонсоод доромжлогдсондоо Сатаны уур хүрсэн ба Иовыг булаан авах гэж улам их уурлаж, улам их тэвчээргүй болсон, учир нь хэн нэгэн хүн төгс, шулуун шударга байж чадна, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдэгт Сатан хэзээ ч итгээгүй юм. Үүний зэрэгцээ Сатан бас хүний төгс байдал болон шударга занд зэвүүцсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүмүүсийг үзэн ядсан. Иймээс Иов 1:9–11-т ийн бичжээ: “Дараа нь Сатан Еховад хариулж, ‘Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Чи түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Чи түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Чиний өөдөөс хараах болно’ гэв.” Бурхан, Сатаны хорлонтой уг чанарыг туйлын сайн мэддэг байсан ба Сатан, Иовд сүйрэл авчрахаар аль хэдийн төлөвлөсөн гэдгийг тун сайн мэдэж байсан, иймээс Иов бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг Сатанд дахин нэг удаа хэлснээрээ Бурхан үүнийг Сатаныг номхруулан дарж, мөн Сатаныг үнэн нүүр царайгаа харуулан, Иовыг дайрч, уруу татаг гэж хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Иов бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж муугаас зайлсан нэгэн гэдгийг Бурхан зориуд онцолсон бөгөөд энэ аргаар Сатаныг, Иовынтөгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг үзэн ядаж, уурладгаасаа болоод Иов руу дайрахад хүргэсэн. Үүний үр дүнд Иов төгс, шулуун шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэдэг бодит баримтаар дамжуулан Бурхан Сатанд ичгүүр авчрах байсан ба Сатан бүрмөсөн шившиг болж, ялагдах байсан юм. Үүний дараа Сатан, Иовын төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муугаас зайлдагт нь дахин хэзээ ч эргэлзэж, буруушаан чичлэхээ болих байсан. Ийм байдлаар Бурханы шалгалт болон Сатаны сорилт нь бараг зайлшгүй байсан билээ. Бурханы шалгалт болон Сатаны сорилтыг даван гарч чадах цорын ганц хүн нь Иов байв. Энэ ярианы дараа Иовыг уруу татах зөвшөөрөл Сатанд өгөгдсөн. Тиймээс Сатаны дайралтуудын эхний үе эхэлсэн. Энэ дайралтуудын бай нь Иовын эд хөрөнгө байсан ба учир нь Сатан дараах буруушаалтыг Иовын эсрэг хийсэн билээ: “Иов Бурханаас учир шалтгаангүйгээр эмээдэг гэж үү?… Чи түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон.” Үүний үр дүнд Бурхан Иовд байгаа бүхнийг авахыг Сатанд зөвшөөрсөн—энэ нь Бурхан Сатантай ярьсны гол зорилго байсан юм. Гэсэн хэдий ч Бурхан Сатанд, “Т үүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” (Иов 1:12) гэсэн нэг шаардлага тавьсан. Энэ бол Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрч, Иовыг Сатаны гарт өгснийхөө дараа Бурханы Сатанд тавьсан нэг болзол байсан бөгөөд Сатанд тогтоосон хязгаар байв: Иовыг хорлохгүй байхыг Тэрээр Сатанд тушаасан. Яагаад гэвэл, Иов бол төгс, шулуун шударга хүн байсан гэдгийг Бурхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд Өөрийнх нь өмнө гаргадаг Иовын төгс байдал, шулуун шударга занд эргэлзэхийн аргагүй, Иов шалгалтыг давж чадна гэдэгт итгэлтэй байсан тул Бурхан Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөн боловч Сатанд хязгаарлалт тавьсан: Иовын бүх эд хөрөнгийг авахыг Сатанд зөвшөөрсөн боловч тэр Иовд хуруу ч хүргэж болохгүй байв. Энэ юу гэсэн үг вэ? Тухайн үед Бурхан Иовыг Сатанд бүрэн өгөөгүй гэсэн үг юм. Сатан, Иовыг хүссэн ямар ч аргаараа уруу татаж болох боловч Иовыг өөрийг нь—толгойнх нь нэг үсийг ч—гэмтээж болохгүй байсан, яагаад гэвэл, хүний бүх юмыг Бурхан хянадаг, хүн амьдрах уу, үхэх үү гэдгийг Бурхан шийддэг. Сатанд тийм эрх байдаггүй. Бурхан эдгээр үгийг Сатанд хэлсний дараа Сатан хүлээж ч тэвчилгүй эхэлсэн. Тэр Иовыг уруу татахын тулд бүх аргыг ашигласан ба тун удалгүй Иов үй олон хонь, үхэр болон Бурханы өгсөн бүх эд хөрөнгийг алдсан… Тийнхүү Бурханы шалгалт түүн дээр ирсэн юм.

Хэдийгээр Библи бидэнд Иовын сорилтын эх сурвалжийг хэлдэг ч эдгээр сорилтод өртсөн Иов юу болоод байгааг өөрөө мэдэж байсан уу? Иов зөвхөн ердийн нэг хүн байсан; мэдээж түүний эргэн тойронд юу болж буй талаар тэр огт мэдээгүй. Гэсэн хэдий ч түүний Бурханаас эмээдэг нь, төгс байдал болон шулуун шударга зан нь Бурханы шалгалт түүн дээр ирсэн гэдгийг түүнд ухааруулсан. Тэрээр сүнсний ертөнцөд юу болсныг ч, мөн эдгээр шалгалтын ард Бурханы ямар санаа зорилго байсныг ч мэдээгүй. Гэхдээ түүнд юу тохиолдсон ч хамаагүй төгс байдал, шулуун шударга зангаа чанд хадгалах ёстой бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримтлах ёстой гэдгээ мэдэж байсан. Эдгээр асуудалд хандсан Иовын хандлага болон хариу үйлдлийг Бурхан тодорхой харжээ. Бурхан юу харсан бэ? Бурханаас эмээдэг Иовын зүрх сэтгэлийг олж харсан, учир нь эхнээсээ л шалгагдаж дуусан дуустлаа Иовын зүрх сэтгэл Бурханд нээлттэй хэвээр үлдэж, Бурханы өмнө дэлгээтэй байсан бөгөөд Иов төгс байдал, шулуун шударга зангаа орхиогүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замаа хаяагүй буюу эргэж буцаагүй—үүнээс илүү тааламжтай зүйл Бурханд байгаагүй юм. Дараа нь, Иов ямар сорилт туулж, эдгээр шалгалтад хэрхэн хандсан тухай бид үзэх болно. Библиэс уншицгаая.

в. Иовын хариу үйлдэл

Иов 1:20–21 Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд, “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэв.

Иов эзэмшдэг бүхнээ буцааж өгсөн нь түүний Бурханаас эмээдэг байдлаас үүдсэн

Бурхан, Сатанд “Т үүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэж хэлсний дараа Сатан явсан, дараахан нь Иов гэнэтийн, хатуу ширүүн дайралтад өртсөн: Эхлээд түүний үхэр, илжгийг дээрэмдэж, зарим зарцыг нь алсан; дараа нь түүний хонь болон бас хэдэн зарцыг шатааж сүйрүүлсэн; тэгсний дараа тэмээг нь булаан авч, дахиад хэдэн зарцыг нь хөнөөсөн; эцэст нь түүний охид, хөвгүүдийн амийг авсан. Энэ цуврал дайралт бол эхний сорилтын үеэр Иовын туулсан зовлон шаналал байсан юм. Эдгээр дайралтын туршид Сатан Бурханы тушааснаар зөвхөн Иовын эд хөрөнгө болон хүүхдүүдийг онилсон ба Иовыг өөрийг нь гэмтээгээгүй. Ямар боловч Иов асар их эд баялагтай баян байснаа хоромхон зуурт юу ч үгүй хоосон нэгэн болж хувирсан. Хэн ч энэ хачирхалтай гэнэтийн цохилтыг тэсвэрлэж, эсвэл хариуд нь зохистой үйлдэл хийж чадахгүй байх байсан, харин Иов өөрийн ер бусын талыг харуулжээ. Библид дараах явдлыг дурджээ: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” Энэ бол үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонсоод Иовын үзүүлсэн эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан, мэгдэж сандарсан шинжгүй байсан ба уурласан, үзэн ядсан байдлыг бүр ч илэрхийлээгүй. Тэгэхээр эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал, эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш төдийгүй залхаан цээрлүүлэлт юм уу, шийтгэл ирж байгаа явдал бүр ч биш гэдгийг тэр зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн бол Ехова байсан. Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс, шулуун шударга хүн чанар нь түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалаг, зүй зохистойгоор нарийн чамбай шүүж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван загнасан: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” “Нөмрөгөө урж” гэдэг нь хувцасгүй бөгөөд юу ч авч яваагүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хусаж” гэдэг нь дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг болоод Бурханы өмнө эргэж очсон гэсэн утгатай; “газар унан мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд дөнгөж төрсөн нярай хүүхэд болж Бурханд буцаж очсон гэсэн үг юм. Өөрт нь тохиолдсон бүхэнд Иовын хандсан хандлагыг Бурханы ямар ч амьтан гаргаж чадахгүй байх байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээдэг, Бурханы өмнө дуулгавартай байдаг чанар нь байсан бөгөөд түүнд юм өгсөнд нь төдийгүй, мөн түүнээс буцааж авахад нь ч Бурханд талархаж чадаж байсан. Түүнчлэн тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг Бурханд буцаан өгөх чадвартай байлаа.

Иовын Бурханаас эмээдэг, дуулгавартай байдал нь хүн төрөлхтөнд үлгэр болох жишээ бөгөөд түүний төгс, шулуун шударга зан нь хүний эзэмшвэл зохих хүн чанарын оргилд хүрсэн юм. Тэр хэдийгээр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг ухаарсан, ийнхүү ухаарсан учраас Бурханаас эмээсэн ба Бурханаас эмээдэг болохоороо Бурханы өмнө дуулгавартай байж чадсан юм. Түүнд байгаа бүхнийг нь авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний бие махбодыг авах байлаа ч гэсэн тэгэхийг нь ямар ч гомдолгүйгээр баяртайгаар зөвшөөрнө гэдгээ Бурханд хэлсэн. Түүний зан авир бүхэлдээ түүний төгс, шулуун шударга хүн чанараас болсон байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон сайн санааныхаа үрээр Иов, Бурханы оршин тогтнолын тухай ухаарал болон амссан туршлагадаа тээнэгэлзээгүй. Энэ үндсэн дээр өөртөө шаардлага тавьж, Бурханы өмнө өөрийн бодол, биеэ авч явах байдал, зан төлөв, үйлдлийн зарчмыг өөрт нь өгсөн Бурханы удирдамжийн дагуу, мөн бүх зүйлийн дотроос олж харсан Бурханы үйл хэргийн дагуу жигдэлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад нөлөөлсөн. Энэ бол Иовын хатуу баримталдаг зарчимч чанарын эх сурвалж байсан юм. Иов үнэнч шударга, гэнэн цайлган, сайхан хүн чанарыг эзэмшсэн байсан ба Бурханаас эмээх, Бурханы өмнө дуулгавартай байх, муугаас зайлах бодит туршлагатай, түүнчлэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэдгийг мэдэж байсан. Зөвхөн эдгээр зүйлийн ачаар л тэр Сатаны тийм харгис балмад дайралтын үеэр гэрчлэлдээ бат зогсож чадсан бөгөөд Бурханы шалгалтууд ирэхэд Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы сэтгэлд нийцэх хариулт өгч чадсан юм. Эхний уруу таталтын үед Иовын зан төлөв маш гүндүүгүй байсан хэдий боловч насан туршаа хичээж чармайгаад ч тийм гүндүүгүй болох найдвар хойчийн үр удамд байгаагүй, мөн дээр дүрсэлсэн Иовын зан төлөвийг эзэмшсэн байх нь зайлшгүй байсангүй. Өнөөдөр Иовын цэгц шулуун зан төлөвтэй тулгараад та нар, Бурханд итгэдэг, эсвэл Бурханыг дагадаг гэж хэлдэг хүмүүсийн Бурханд харуулсан “туйлын дуулгавартай, үхэн үхтэлээ үнэнч байна” гэсэн хашхираан, шийдмэг байдалтай үүнийг харьцуулан үзээд ихэд ичиж байна уу, эсвэл үгүй юу?

Иов болон түүний гэр бүлийн амссан зовлон бүхнийг Библиэс унших үед чамд ямар санагддаг вэ? Чи гүн бодолд дарагддаг уу? Чи гайхшаа бардаг уу? Иовд тохиолдсон шалгалтуудыг “аймшигтай” гэж дүрсэлж болох уу? Өөрөөр хэлбэл, Библид дүрсэлсэн Иовын шалгалтуудыг уншихад хангалттай аймаар бөгөөд бодит амьдрал дээр ямар байх байсныг хэлэхийн ч аргагүй билээ. Үүнээс харахад Иовд тохиолдсон болгон “дасгал сургуулилт” байгаагүй, харин жинхэнэ “буу”, “сум” ашигласан жинхэнэ “тулаан” байсан юм. Харин тэр хэний гараар энэхүү шалгалтад өртсөн бэ? Тэдгээр нь мэдээж Сатаны ажил байсан, Сатан эдгээр зүйлийг өөрийн гараар хийсэн. Гэвч эдгээр зүйлийг Бурхан зөвшөөрсөн байлаа. Ямар аргаар Иовыг уруу татахыг Бурхан Сатанд хэлсэн үү? Тэр хэлээгүй. Бурхан, Сатанд заавал дагах ёстой зүгээр л нэг болзол тавьсан бөгөөд үүний дараа Иовд сорилт ирсэн. Иовд сорилт ирэх үед Сатаны ёрын муу, муу муухай, хорон санааг болон хүнийг жигшин зэвүүцэж, Бурханд дайсагнадгийг нь хүмүүс мэдэрсэн. Энэхүү сорилт хэчнээн хэрцгий байсныг үгээр дүрслэхийн аргагүй гэдгийг үүнээс бид харж чадна. Хүнийг хүчирхийлдэг Сатаны хорлонтой уг чанар болон түүний муухай нүүр царай энэ мөчид илчлэгдсэн гэж хэлж болно. Иовд улайрсан, хайр найргүй хүчирхийлэл учруулахын тулд Сатан энэ боломжийг, Бурханы зөвшөөрлөөр өгөгдсөн боломжийг ашигласан бөгөөд түүний харгислалын арга барил болон түвшний аль аль нь өнөөгийн хүмүүсийн хувьд төсөөлөхийн аргагүй, огт тэсвэрлэшгүй юм. Сатан Иовыг сорьсон бөгөөд Иов энэхүү сорилтын үеэр өөрийн гэрчлэлд бат зогссон гэж хэлэхийн оронд өөрт нь зориулж Бурханы тогтоосон шалгалтаар Иов өөрийн төгс, шулуун шударга занг хамгаалж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг замыг хамгаалахын тулд Сатантай хийх тэмцлийг эхлүүлсэн гэж хэлсэн нь дээр юм. Энэ тэмцэлд Иов асар их үнэтэй хонь, үхрээ алдаж, бүх эд хөрөнгөө алдсан бөгөөд хөвгүүд, охидоо алдсан. Гэхдээ л төгс, шулуун шударга зангаа, эсвэл Бурханаас эмээдгээ болиогүй. Өөрөөр хэлбэл, Сатантай хийсэн энэ тэмцэлд Иов өөрийн төгс байдал, шулуун шударга зан болон Бурханаас эмээх байдлыг алдсанаас эд хөрөнгө, үр хүүхдээсээ салсан нь дээр гэж үзсэн. Тэрээр хүн байхын үндсийг хадгалахыг илүүд үзсэн. Библид Иовын эд хөрөнгөө алдсан бүхий л үйл явцыг товч өгүүлдэг ба түүнчлэн Иовын ааш авир, хандлагыг тэмдэглэсэн. Эдгээр товч, тодорхой тэмдэглэл нь Иов энэ сорилттой нүүр тулахдаа бараг тайван байсан гэдэг санаа төрүүлдэг, гэхдээ Сатаны хорлонтой уг чанартай гэдгийг бас харгалзаж, яг юу болсныг дахин сэргээж үзэх юм бол, тэр зүйлс эдгээр өгүүлбэрт дүрсэлсэн шиг тийм ч энгийн, хялбар биш байх байв. Бодит байдал нь хамаагүй илүү хэрцгий байсан. Хүн төрөлхтөнд болон Бурханы сайшаасан бүх хүнд ханддаг Сатаны сүйрэл, үзэн ядалтын түвшин ийм байдаг ажээ. Хэрвээ Бурхан Иовыг бүү гэмтээ гэж Сатанаас шаардаагүй байсан бол Сатан түүнийг жишим ч үгүй хөнөөх байсан нь эргэлзээгүй. Сатан хэнийг ч Бурханд шүтэн мөргөөсэй гэдэггүй, мөн Бурханы нүдэнд зөв шударга хүмүүсийг болон төгс, шулуун шударга хүмүүсийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хэвээр байгаасай гэж ч хүсдэггүй. Яагаад гэвэл, хүмүүс Бурханаас эмээж муугаас зайлна гэдэг нь тэд Сатанаас зайлж, түүнийг хаяна гэсэн үг юм, иймээс Сатан өөрийн бүх уур хилэн, үзэн ядалтыг Иов дээр ямар ч өршөөлгүйгээр гаргахын тулд Бурханы зөвшөөрлийг ашиглажээ. Тэгэхээр Иов сэтгэл санаанаас махбод руу, гаднаас дотогш хүртэл асар их зовлон шаналал амссан байгаа биз дээ. Тэр үед энэ нь ямар байсныг өнөөдөр бид ойлгохгүй ба тухайн үед зовлон шаналалд өртөж байхдаа Иовын сэтгэлийн хөдөлгөөнийг Библийн тэмдэглэлүүдээс хальтхан л олж харж чадна.

Иовын гуйвшгүй зарчимч чанар Сатанд ичгүүр авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн

Тэгвэл, Иовыг ийм зовлон шаналалд унасан үед Бурхан юу хийсэн бэ? Бурхан ажиглаж, харан үр дүнг нь хүлээсэн. Бурхан ажиглаж, харж байхдаа юу мэдэрсэн бол? Мэдээжээр, шаналж байсан. Гэхдээ тийн шаналлаа гээд Бурхан, Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөндөө харамссан байж болох уу? Хариулт нь бол Үгүй, Тэр тэгж харамссан байж таарахгүй. Учир нь, Иов бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдэгт Тэр бат итгэж байсан. Бурхан зүгээр л Иовын зөв шударга байдлыг Бурханы өмнө баталж, мөн өөрийн ёрын муу болон жигшүүрт байдлыг илчлэх боломжийг Сатанд өгсөн. Түүнээс гадна энэ нь Иовын хувьд энэ дэлхийн хүмүүс, Сатаны өмнө төдийгүй Бурханыг дагадаг бүх хүний өмнө ч өөрийн зөв шударга байдал болон Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг гэрчлэх боломж байсан юм. Эцсийн үр дүн нь Иовын талаарх Бурханы үнэлгээ зөв бөгөөд алдаагүй байсныг баталсан уу? Иов Сатаныг үнэхээр ялан дийлсэн үү? Энд бид Иовын хэлсэн үлгэр жишээ үг буюу тэр Сатаныг ялсан гэдгийн баталгаа болсон үгийг уншина. Тэр: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно” гэж хэлсэн. Энэ бол Иовын Бурханд дуулгавартай ханддаг хандлага юм. Дараа нь тэр: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэсэн. Иовын хэлсэн эдгээр үг нь Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг бөгөөд хүний санаа бодлыг харж чаддаг гэдгийг баталдаг, мөн тэдгээр нь Иовын талаарх Түүний үнэлгээ ямар ч алдаагүй байсан ба Бурханд сайшаагдсан энэ хүн зөв шударга байсан гэдгийг баталдаг. “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг.” Эдгээр үг нь Бурханыг гэрчилсэн Иовын гэрчлэл юм. Сатаныг сүрдүүлж, шившгийг нь тарьсан, тэрийг самгардан зугтахад хүргэсэн ба цаашлаад Сатаныг гинжилж, ямар ч арга чаргагүй болгож орхисон зүйл нь эдгээр энгийн үг байсан юм. Иймээс эдгээр үг нь мөн Ехова Бурханы үйл хэргийн гайхалтай байдал болон сүр хүчийг Сатанд мэдрүүлж, Бурханы замаар зүрх сэтгэлээ удирдуулсан хүний ер бусын чадварыг ойлгох боломжийг Сатанд олгосон. Цаашлаад тэдгээр нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримталж байгаа өчүүхэн жижиг хүний үзүүлсэн хүчирхэг амийн эрч хүчийг Сатанд харуулсан. Тийнхүү Сатан эхний тэмцэлд ялагджээ. Сатан “үүнээс сургамж авснаа” үл харгалзан Иовыг зүгээр орхих бодолгүй байсан ба түүний хорлонтой уг чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Сатан, Иов руу үргэлжлүүлэн дайралт хийх гэж оролдсон тул дахин нэг удаа Бурханы өмнө ирсэн…

Дараа нь, Иов хоёр дахь удаагаа соригдсон талаар Библиэс уншицгаая.

3. Сатан Иовыг дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатгинд баригдав)

а. Бурханы хэлсэн үгс

Иов 2:3 Ехова Сатанд хандан, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв.

Иов 2:6 Тэгээд Ехова Сатанд хандан, “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний аминд л бүү хүр” гэв.

б. Сатаны хэлсэн үг

Иов 2:4–5 Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Чи одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Чиний өөдөөс хараах болно” гэв.

в. Иов шалгалтад хэрхэн хандсан тухай

Иов 2:9–10 Тэгэхэд эхнэр нь түүнд, “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.

Иов 3:3–4 Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг, Дээр буй Бурхан түүнийг бүү хараг. Тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.

Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн

Библид Бурхан болон Сатаны хоорондын дараах яриаг тэмдэглэжээ: “Ехова Сатанд хандан, ‘Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна’ хэмээв” (Иов 2:3). Энэхүү ярианд Бурхан Сатанд адилхан асуулт дахин тавьсан. Энэ нь, эхний шалгалтын үеэр Иовын илэрхийлж, амьдран харуулсан зүйлийн талаарх Ехова Бурханы нааштай үнэлгээг бидэнд үзүүлсэн асуулт бөгөөд Сатаны сорилтыг туулахаас өмнөх Иовын тухай Бурханы үнэлгээнээс огтхон ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнд сорилт ирэхээс өмнө Бурханы нүдэнд Иов бол төгс байсан, тиймээс Бурхан түүнийг болон түүний гэр бүлийг хамгаалж, түүнийг ерөөсөн; Бурханы нүдэнд бол тэр ерөөгдөхүйц үнэ цэнтэй байсан. Сорилтын дараа Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдсанаас болж хэлээр нүгэл үйлдээгүй, харин Еховагийн нэрийг магтсаар байсан. Түүний жинхэнэ зан төлөвийг хараад Бурхан түүнийг магтсан ба тэр учраас түүнд онц дүн тавьсан юм. Учир нь, Иовын бодлоор бол түүний үр хүүхэд, эсвэл эд хөрөнгө нь түүнийг Бурханаас татгалзуулахад хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл дэх Бурханы байрыг түүний хүүхдүүд эсвэл, ямар ч эд хөрөнгөөр орлуулж чадахгүй байв. Иовын эхний сорилтын үеэр Бурханыг хайрлах түүний хайр болон Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хайрлах хайр нь бүхнийг ялан дийлдэг гэдгийг тэр Бурханд харуулсан. Энэ шалгалт нь Ехова Бурханаас шагнал хүлээж авах болон эд хөрөнгө, үр хүүхдүүдээ Түүнд булаалгах тохиолдлыг Иовд амсуулсан төдий байв.

Иовын хувьд энэ нь түүний сүнсийг цэвэрлэж угаасан жинхэнэ туршлага болсон, энэ нь түүний амьдралыг бүрэн дүүрэн болгосон амийн баптисм байсан, түүнчлэн энэ нь түүний дуулгавартай байдал болоод Бурханаас эмээх байдлыг туршсан тансаг найр байсан юм. Энэ сорилт нь Иовын байр суурийг баян хүнээс юу ч үгүй нэгэн болгон хувиргасан ба энэ нь мөн хүн төрөлхтөнд чиглэсэн Сатаны хүчирхийллийг түүнд амсуулсан. Зовлон гачигдал нь түүнийг Сатаныг жигшихэд хүргээгүй; харин ч Сатаны зэвүүн үйлдлээс тэр Сатаны бузар муухайг болон жигшүүрт байдлыг, түүнчлэн Бурханд хандах Сатаны дайсагнал, эсэргүүцлийг харсан бөгөөд энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөнхөд тууштай баримтлахад түүнийг улам зоригжуулсан юм. Тэрээр эд хөрөнгө, хүүхдүүд, хамаатан садан зэрэг гадны хүчин зүйлсээс болж хэзээ ч Бурханыг хаяхгүй, Бурханы замаас буруулахгүй, мөн хэзээ ч Сатан, эд хөрөнгө, ямар нэг хүний боол болохгүй; Ехова Бурханаас өөр хэн ч түүний Эзэн буюу түүний Бурхан байж чадахгүй гэж тангараглажээ. Иовын хүсэл эрмэлзэл ийм байсан юм. Нөгөө талаар, Иов бас энэ сорилтоос ямар нэг зүйлийг олж авсан: Бурханаас түүнд өгсөн шалгалтуудын дундаас тэр асар баялаг олж авсан юм.

Иов амьдралынхаа өнгөрсөн хэдэн арван жилийн турш Еховагийн үйл хэргийг харж, түүнд зориулсан Ехова Бурханы ерөөлийг олж авсан. Тэдгээр ерөөл нь түүнийг ихэд тавгүйтүүлж, өртэй гэж санагдуулдаг болсон, учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй мөртөө тийм агуу ерөөлийг хүртэж, маш их нигүүлслийг эдэллээ гэж итгэдэг байсан юм. Энэ шалтгаанаас болж, Бурханы ачийг хариулж чадна хэмээн найдаж, Бурханы үйл хэрэг, агуу байдлыг гэрчлэх боломжтой болно хэмээн найдаж, дуулгавартай байдал болон итгэл нь Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх хүртэл Бурхан түүний дуулгавартай байдлыг шалгах ба түүнээс гадна итгэл нь ариусна гэж найдан зүрх сэтгэлдээ үргэлж залбирдаг байв. Тэгээд Иов дээр шалгалт ирэхэд Бурхан түүний залбирлыг сонсжээ гэдэгт итгэсэн юм. Иов энэ боломжийг юм бүхнээс илүү нандигнан хайрласан ба тийнхүү насан туршийнх нь хамгийн агуу хүсэл биелж болох байсан учраас үүнд хуумгай хандаж зүрхлээгүй. Энэ боломж ирсэн нь түүний дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдал туршигдаж, ариусгагдаж болзошгүй гэсэн үг байсан юм. Цаашлаад, Иов, Бурханы сайшаалыг хүртэх бололцоотой болсон, тийнхүү түүнийг Бурханд илүү ойр аваачна гэсэн үг байв. Ийм итгэл, эрэл хайгуул нь шалгалтын явцад улам төгс болж, Бурханы хүслийн талаар илүү их ойлгох боломжийг түүнд олгосон юм. Иов бас Бурханы ерөөл болон нигүүлсэлд улам их талархдаг болсон ба зүрх сэтгэлдээ Бурханы үйл хэргийг улам их магтаж, Бурханаас илүү их эмээж, Бурханыг улам хүндэтгэдэг болсон бөгөөд Бурханы хайр татам, агуу, ариун байдлыг илүү ихээр эгээрэн хүссэн. Энэ үед Иов хэдийгээр Бурханы бодлоор бол мөн л Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан боловч мэдэрч туулсан зүйлийнх нь тухайд гэвэл, Иовын итгэл үнэмшил болон мэдлэг нь түргэн ахисан: Түүний итгэл үнэмшил ихэссэн, дуулгавартай байдал нь бат бөх болсон ба Бурханаас эмээх нь илүү гүнзгийрсэн. Хэдийгээр энэхүү шалгалт Иовын сүнс болон амийг өөрчилсөн боловч энэ өөрчлөлтөд Иов сэтгэл хангалуун байгаагүй, мөн энэ нь түүний ахиц дэвшлийг удаашруулаагүй. Энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолж, дутагдлаа эргэцүүлж бодонгоо тэрээр дараагийн шалгалт ирэхийг хүлээн чимээгүйхэн залбирсан, учир нь Бурханы дараагийн шалгалтын явцад итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь дээшлээсэй гэж хүсэн хүлээж байсан юм.

Бурхан хүний хэлж, хийж байгаа бүхнийг болон зүрх сэтгэлийн гүнд байгаа бодлуудыг нь ажигладаг. Иовын бодол Ехова Бурханы чихэнд хүрч, Бурхан залбирлыг нь сонссон, ийм байдлаар хүлээж байсных нь дагуу Бурханы дараагийн шалгалт Иовд ирсэн юм.

Хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг Иов асар их зовлон дунд үнэхээр ойлгожээ

Ехова Бурханы Сатанд тавьсан асуултын дараа Сатан нууцхан баярласан. Яагаад гэвэл, Бурханы нүдэнд төгс байсан хүн рүү дайрахыг дахин нэг удаа зөвшөөрнө гэдгийг Сатан мэдэж байв—энэ нь Сатаны хувьд ховор боломж байлаа. Сатан энэ боломжийг ашиглан Иовын итгэл үнэмшлийг бүрмөсөн бусниулж, Бурханд итгэх итгэлийг нь алдуулж, тэгснээр Бурханаас эмээж, Еховагийн нэрийг магтдагийг нь болиулахыг хүссэн. Энэ нь Сатанд завшаан болох байв: ямар ч газар, ямар ч үед Сатан Иовыг захирч, тоглоом болгож чадах байлаа. Сатан хорон төлөвлөгөөгөө ор мөргүй нууж байсан боловч ёрын муу уг чанараа хянаж дийлээгүй. Энэ үнэн нь Ехова Бурханы үгэнд хариулсан хариултаас нь цухалздаг ба Библид бичсэнээр: “Мөн Сатан Еховад хариулж, ‘Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Чи одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Чиний өөдөөс хараах болно’ гэв” (Иов 2:4–5). Бурхан, Сатан хоёрын энэ ярианаас Сатаны хорон муу санааны талаар мөн чанарт хамаарах мэдлэг болон санаа олж авахгүй байхын аргагүй юм. Сатаны эдгээр төөрөгдлийг сонсоод үнэнийг хайрлаж, мууг жигшдэг бүх хүн Сатаны жигшүүрт, ичгүүргүй байдлыг улам их үзэн ядах нь эргэлзээгүй бөгөөд Сатаны төөрөгдөлд хиртхийн зэвүүцэхийн зэрэгцээ энэхүү зөв шударга хүн төгс төгөлдөрт хүрээсэй хэмээн залбирч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг энэ хүн Сатаны сорилтыг мөнхөд даван гарч, гэрэлд амьдарч, Бурханы удирдамж, ерөөл дунд амьдраасай гэж хүсэн Иовын төлөө гүн гүнзгий залбирал, чин сэтгэлийн хүслээ өргөн барина; иймээс тэд бас Иовын шударга үйл хэрэг нь Бурханаас эмээж, муугаас зайлах замаар замнаж байгаа тэр бүх хүнийг мөнхөд зоригжуулж, урам хайрлаж чадаасай гэж хүсэх болно. Хэдийгээр Сатаны хорт санаархлыг энэ тунхаглалаас харж болох боловч Бурхан Сатаны “хүсэлтийг” амархан зөвшөөрсөн—гэхдээ Тэр бас “тэр чиний гарт байна; харин түүний аминд л бүү хүр” (Иов 2:6) гэдэг нэг болзол тавьсан. Учир нь, энэ удаа Сатан Иовын яс махыг гэмтээхийн тулд гараа урагш сунгая гэж гуйсан, Бурхан “харин түүний аминд л бүү хүр” гэж хэлсэн. Энэ үг нь Тэрээр Иовын махан биеийг Сатанд өгсөн боловч Иовын амь Бурханы мэдэлд үлдсэн ба Сатан Иовын амийг авч болохгүй, үүнээс бусдаар бол Иовын эсрэг ямар ч арга, хэрэгсэл ашиглаж болно гэсэн утгатай байлаа.

Бурханы зөвшөөрлийг авсныхаа дараа Сатан Иов руу яаран очиж, түүний арьсыг өвтгөхөөр гараа сунгаж, бүх биеэр нь яр хатги гаргасан ба Иов арьсан дээрх өвчнөө мэдэрсэн. Иов Ехова Бурханы гайхалтай, ариун байдлыг магтсан нь Сатаны балмад омгийг улам гааруулжээ. Хүнийг хорлохын баяр баяслыг мэдэрсэн учраас Сатан гараа сунгаж, Иовын бие махбодыг сийчин яр хатгийг нь идээлүүлжээ. Иов тэр даруй юутай ч зүйрлэшгүй их шаналал, тарчилгааг бие махбодоороо мэдэрсэн бөгөөд махбодын энэ өвчний улмаас сүнсэнд нь ирсэн цохилтыг намжааж болох юм шиг л хамаг биеийн арьс махаа өөрийн эрхгүй нухалсан юм. Бурхан өөрийг нь хараад дэргэд нь байгаа гэдгийг тэр ухаарсан бөгөөд өөрийгөө хатуужуулах гэж чадлаараа хичээсэн. Тэрээр дахин нэг удаа газар сөхөрч, “Та хүний зүрх сэтгэл доторхыг хардаг, Та хүний гаслан зовлонг ажигладаг; хүний сул дорой байдал яагаад Таны санааг зовооно вэ? Ехова Бурханы нэр магтагдах болтугай” гэжээ. Сатан Иовын тэсэшгүй бэрх өвчин шаналлыг харсан боловч Еховагийн нэрийг орхиж байхыг нь харсангүй. Тиймээс тэр Иовыг мөч мөчөөр нь салгах гэж байж ядан ясыг нь өвтгөхөөр гараа яаран сунгажээ. Төдхөн Иов урьд өмнө үзээгүйгээр тарчилсан; түүний махыг яснаас нь тасар татан салгах мэт, ясыг нь хэсэг хэсгээр нь бяцалж байгаа мэт байжээ. Энэхүү шаналгаат тарчилгаанаас болж, ингэснээс үхсэн нь дээр гэж түүнд бодогдсон юм… Энэ өвчнийг тэсэх чадвар нь хязгаартаа хүрсэн… Тэр хашхирахыг хүссэн, өвдөлтөө намдаахын тулд биеийнхээ арьсыг урж тасдахыг хүссэн—гэхдээ Сатанд сул талаа харуулахыг хүсээгүй учраас орилохоо тэвчиж, биеийнхээ арьсыг урж тасдаагүй билээ. Ингээд Иов дахин нэг сөгдсөн боловч энэ удаад Ехова Бурханы байгааг мэдрээгүй. Ехова Бурхан үргэлж түүний өмнө, түүний ард юм уу, аль нэг талд нь байдгийг тэр мэддэг байв. Гэсэн ч түүнийг өвдөж шаналах үед Бурхан нэг ч удаа хараагүй; Бурхан нүүрээ дараад нуугдаж байсан, учир нь, хүнд зовлон шаналал авчрах нь хүнийг бүтээснийх нь утга учир биш байсан билээ. Энэ удаа Иов мэгшин уйлж, энэхүү бие махбодын тарчилгааг тэвчихийн тулд чадах бүхнээ хийж байхдаа ч гэсэн Бурханд талархахгүй байж чадаагүй: “Хүн анхны цохилтод л унана, тэр сул дорой агаад хүч чадалгүй, балчир агаад мунхаг—яагаад Та түүнд тийм их халамжтай, эелдэг зөөлөн хандахыг хүсдэг юм бэ? Та намайг цохидог, гэхдээ ингэх нь Таныг ч бас өвтгөдөг. Хүний юу нь Таны халамж, анхаарлыг хүртэхүйц юм бэ?” Иовын залбирал Бурханы чихэнд хүрсэн бөгөөд Бурхан дуугүйхэн, ямар ч чимээ гаргалгүй харж л байв… Сатан есөн шидийн аргаар үзээд бүтэлгүйтээд чимээгүйхэн явж одсон, гэвч Иовыг шалгах Бурханы шалгалт үүгээр төгсөөгүй. Учир нь Иовд илчлэгдсэн Бурханы хүч чадал олон нийтэд ил болоогүй, Иовын түүх Сатаны ухралтаар дуусаагүй. Бусад дүр орж ирснээр илүү сонирхол татам үйл явдлууд тохиолдох гэж байсан.

Иов Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсны бас нэг илрэл нь тэрээр бүх зүйл дээр Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан

Иов Сатаны хөнөөл сүйтгэлд зовсон атлаа Ехова Бурханы нэрийг орхиогүй л байсан. Түүний эхнэр анх эхэлж, хүний нүдэнд харагдах дүрээр Сатаны үүргийг гүйцэтгэн Иов руу дайрч давшилсан. Эх бичвэрт үүнийг ингэж дүрсэлсэн байна: “Тэгэхэд эхнэр нь түүнд, ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв” (Иов 2:9). Эдгээр нь хүний дүрээр хэлсэн Сатаны үг байсан юм. Тэдгээр нь дайралт, буруушаалт, түүнчлэн уруу таталт, сорилт, гүтгэлэг байлаа. Сатан Иовын бие махбод руу дайрч бүтэлгүйтчихээд Иовын зарчимч чанар руу шууд дайрсан ба үүнийг ашиглан Иовын зарчимч чанарыг хаяулж, Бурханаас татгалзуулж, цаашид амьдрахыг нь болиулах гэж хүсэж байв. Иймээс ч Сатан Иовыг уруу татахын тулд ийм үгсийг ашиглахыг хүсжээ: Хэрвээ Иов Еховагийн нэрийг орхивол энэ бүх зовлон шаналлыг туулах хэрэггүй; тэр өөрийгөө махан биеийн өвчин шаналлаас чөлөөлж чадах юм. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй тулгараад Иов: “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэж түүнийг загнасан. Иов эдгээр үгийг эртнээс мэддэг байсан боловч энэ удаад тэдгээрийн талаарх Иовын үнэнхүү мэдлэг батлагджээ.

Эхнэр нь түүнд Бурханыг хараа, тэгээд үх гэж зөвлөсөн нь дараах утгатай байлаа: “Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад Түүнийг хараахгүй байгаа юм бэ? Одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Бурхан чинь чамд тийм шударга бус байхад чи одоо ч ‘Еховагийн нэр алдаршиг’ гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр чамд яаж гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдал, Бурханы нэрийг хая, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Тэгээд чиний бэрхшээл эцэс болно.” Энэ мөчид Бурхан, Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадаагүй бөгөөд бид ч бас үүнийг Библийн ямар ч түүхээс уншихгүй—гэхдээ Иов эдгээр үгийг хэлэхээс ч өмнө Бурхан үүнийг аль хэдийнээ харчихсан байсан. Бурханы зөв гэдгийг бүгдэд батлахыг Иовд зөвшөөрөх гэж л Бурхан энэ боломжийг ашиглахыг хүссэн юм. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн зарчимч чанарыг орхиж, Бурханаас татгалзаагүйгээр үл барам эхнэртээ бас ингэж хэлсэн: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” Эдгээр үг ихээхэн жинтэй юу? Энд эдгээр үгийн жинг баталж чадах ганцхан баримт байна. Эдгээр үгийн жин гэвэл, тэдгээрийг Бурхан зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн ба тэдгээр нь Бурханы хүсэмжилсэн зүйл, Бурханы сонсохыг хүссэн зүйл, харахыг эгээрэн хүссэн үр дүн юм; эдгээр үг нь бас Иовын гэрчлэлийн охь манлай билээ. Үүгээр Иовын төгс, зөв шударга байдал, мөн Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдал бүгд нотлогдсон. Тэр соригдож байх үедээ, бүр бүх бие нь яр хатгинд баригдсан байхдаа хүртэл, дээд зэргийн тарчилгаа амсаж байхдаа, эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч бас л ийм үгийг хэлж байсанд Иовын эрхэм нандин чанар оршино. Өөрөөр хэлбэл, ямар ч сорилт байсан, зовлон зүдүүр, тарчлаан хэчнээн хүнд бэрх байсан ч, үхэл хүртэл ирэх байсан ч хамаагүй, тэрээр Бурханаас татгалзах юм уу, Бурханаас эмээж, муугаас зайлах замаас няцахгүй гэдэгтээ зүрх сэтгэлдээ итгэж байсан. Тэгэхээр Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурь эзэлж байсан ба зүрх сэтгэлд нь зөвхөн Бурхан л байсныг харж болно. Ийм учраас бид Библид түүний тухай ийн дүрсэлснийг уншдаг: Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй. Тэр хэлээр нүгэл үйлдээгүйгээр үл барам зүрх сэтгэлдээ ч Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан үг хэлээгүй, Бурханыг гомдоосон зүйл ч хийгээгүй. Тэр амаараа Бурханы нэрийг алдаршуулсан төдийгүй, зүрх сэтгэлдээ ч Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам, зүрх сэтгэл нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан бөгөөд Бурхан, Иовыг эрхэмлэн хайрласан чухамхүү шалтгаан энэ байсан юм.

Иовын талаарх олон буруу ойлголт

Иовын туулсан зовлон зүдгүүр нь Бурханы илгээсэн элчүүдийн ажил байгаагүй, мөн Бурханы гараар ч хийгдээгүй. Харин үүнийг Бурханы дайсан Сатан биечлэн учруулсан юм. Үүний уршгаар Иовын туулсан зовлон зүдгүүрийн хэмжээ маш ноцтой байв. Гэсэн ч энэ мөчид Иов зүрх сэтгэлд нь байсан Бурханы талаарх өдөр тутмын мэдлэг, өдөр тутмынхаа үйлдлийн зарчим болон Бурханд хандах хандлагаа бүгдийг үлдээлгүй илэрхийлсэн—энэ нь үнэн юм. Хэрвээ Иовыг сориогүй бол, хэрвээ Бурхан Иов дээр шалгалт буулгаагүй бол Иовыг “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэхэд нь чи Иовыг хоёр нүүртэн гэж хэлэх байсан; Бурхан түүнд маш их эд хөрөнгө өгсөн, иймээс тэр Еховагийн нэрийг мэдээжээр алдаршуулж байсан. Хэрвээ шалгалтад өртөхөөсөө өмнө Иов, “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлсэн бол чи, Иов хэтрүүлж байгаа ба тэр Бурханы гараар байнга ерөөгддөг тул Бурханы нэрийг орхихгүй гэх байсан. Хэрвээ Бурхан түүнд гай гамшиг авчирсан бол тэр Бурханы нэрийг лав орхих байсан гэж чи хэлэх байсан. Харин өөрт нь тохиолдох вий гэдгээс хүмүүсийн айдаг, хэний ч хүсэхгүй, эсвэл харахыг ч хүсэхгүй, хэн ч өөрт нь тохиолдоосой гэж хүсэхгүй тийм нөхцөл байдалд, бүр Бурхан ч харж тэвчихгүй нөхцөл байдалд орохдоо Иов: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх зарчимч чанараа хадгалсаар байж чадсан. Тухайн үед Иовын гаргасанзан төлөвтөй тулгараад сүржин үг ярих дуртай хүмүүс болон чамирхаж, номчирхох дуртай хүмүүс хэлэх үггүй болдог. Бурханы нэрийг үг яриагаараа л магтдаг боловч Бурханы шалгалтуудыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс нь Иовын хатуу баримталж байсан зарчимч чанараар яллагдаж, хүн Бурханы замыг хатуу баримталж чадна гэж хэзээ ч итгэж байгаагүй хүмүүс Иовын гэрчлэлээр шүүгддэг. Эдгээр шалгалтын үеийн Иовын зан төлөв болон хэлсэн үгтэй нь тулгараад зарим хүн будилна, зарим нь атаархана, зарим нь эргэлзэнэ, мөн зарим нь Иовын гэрчлэлийг үл тоомсорлон бүр сонирхсон ч шинжгүй харагдана, яагаад гэвэл, тэд шалгалтуудын үеэр Иовд тохиолдсон зовлон шаналлыг харж, Иовын хэлсэн үгийг уншдаг төдийгүй шалгалт ирэхэд Иовын өөрийн эрхгүй харуулсан хүний “сул талыг” мөн хардаг. Энэ “сул тал” нь Иовын төгс байдлын өө сэв, Бурханы нүдэнд төгс харагддаг хүний дутагдал юм гэж тэд итгэдэг. Өөрөөр хэлбэл, төгс хүмүүс нь өө сэвгүй, ямар ч хир толбогүй, ямар ч дутагдалгүй, ямар ч өвдөлтийг мэддэггүй, хэзээ ч гуниглаж, гутардаггүй бөгөөд үзэн яддаггүй, гаднаа ямар ч хурц ааш авир гаргадаггүй гэж итгэцгээдэг; үүний үр дүнд хүмүүсийн асар олонх нь Иовыг үнэхээр төгс байсан гэдэгт итгэдэггүй. Шалгалтын үеэр гаргасан түүний ааш авирын ихэнхийг хүмүүс зөвтгөдөггүй. Жишээлбэл, Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хүмүүсийн төсөөлж байсан шигээр уйлж унжаагүй юм. “Жудаг муутай байдал” нь түүнийг хүйтэн хөндий гэж хүмүүст бодогдуулсан, учир нь түүнд ямар ч нулимс, гэр бүлээ гэсэн хайр байгаагүй. Энэ нь Иовын бусдад төрүүлсэн эхний муу сэтгэгдэл юм. Үүний дараа гаргасан ааш авир тэдэнд бүр ч илүү адармаатай санагддаг: “Нөмрөгөө урж” гэдгийг хүмүүс Бурханыг үл хүндэлсэн гэж тайлбарладаг бөгөөд “толгойн үсээ хусаж” гэдэг нь Иов Бурханыг доромжилж, эсэргүүцсэн гэсэн үг хэмээн эндүүрдэг. “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” хэмээх Иовын үгээс гадна, Бурханы магтсан Иовын зөв шударга байдлын алийг нь ч хүмүүс олж хардаггүй ба тиймээс Иовын талаарх тэдний ихэнхийн үнэлгээ нь үл ойлгосон, эндүүрсэн, эргэлзсэн, буруушаасан болон зөвхөн онолоор хүлээн зөвшөөрөхөөс цаашгүй байдаг. Иов бол төгс, шулуун шударга хүн агаад Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн гэсэн Ехова Бурханы үгийг тэдний хэн нь ч үнэхээр ойлгож, үнэлж чаддаггүй.

Иовын талаарх өөрсдийн сэтгэгдэл дээр тулгуурлан хүмүүс түүний зөв шударга байдлын талаар улам их эргэлзэх болсон, учир нь Библид тэмдэглэгдсэн Иовын үйлдэл болон зан авир нь хүмүүсийн төсөөлдөг шиг гойд сэтгэл хөдөлгөм байгаагүй. Тэр ямар ч агуу гавьяа байгуулаагүйгээр үл барам бас үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарны хэлтэрхий авсан. Энэ үйлдэл нь мөн хүмүүсийг гайхашруулж, тэднийг Иовын зөвт байдалд эргэлзэхэд—бүр үгүйсгэхэд—хүргэдэг, учир нь өөрийгөө маажиж байх зуураа Иов Бурханд залбираагүй, эсвэл амлалт өгөөгүй; цаашлаад тэр шаналлын нулимс ч урсгаж харагдаагүй. Энэ үед хүмүүс Иовын зөвхөн сул талаас өөр юу ч хардаггүй тул Иовын “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлэхийг сонссон ч гэсэн тэдний сэтгэл огт хөдлөхгүй, эргэлзсээр байдаг бөгөөд түүний үгээс Иовын зөв шударга байдлыг олж харж мөн л чаддаггүй. Сорилтынхоо зовлон шаналлын үеэр Иов айж хавчганасан ч биш, биеэ тоосон ч биш байсан гэдэг нь хүмүүст төрүүлсэн үндсэн сэтгэгдэл юм. Түүний ааш авирын цаана зүрх сэтгэлийнх нь гүнд явагдсан түүхийг хүмүүс хардаггүй, мөн түүний зүрх сэтгэл дэх Бурханаас эмээх байдлыг, эсвэл муугаас зайлах замын зарчмыг баримталж байгааг нь ч хардаггүй. Түүний уужуу тайван байдлаас болж хүмүүс түүний төгс, шулуун шударга байдал бол хоосон үг, Бурханаас эмээдэг нь ердөө л цуу яриа юм байна гэж боддог; нөгөө талаар, түүний гаднаа илчлэн харуулсан “сул тал” нь Бурханы төгс ба шулуун шударга гэж тодорхойлдог тэр хүнд хандах “шинэ өнцөг”, бүр “шинэ ойлголтыг” тэдэнд өгч, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг. Иов ам нээж, өөрийнхөө төрсөн өдрийг хараахад тэрхүү “шинэ өнцөг” болон “шинэ ойлголт” батлагддаг байна.

Хэдийгээр туулсан зовлон шаналлынх нь хэмжээ ямар ч хүн төсөөлшгүй, ойлгошгүй байсан ч гэсэн Иов ямар ч тэрслүү үг хэлээгүй, харин өөрийнхөө аргаар биеийнхээ өвдөлтийг л багасгасан юм. Библид тэмдэглэснээр тэр ингэж хэлсэн: “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” (Иов 3:3). Ер нь хэн ч эдгээр үгийг чухал гэж үзээгүй байх, тэдгээр үгэнд анхаарал хандуулсан хүмүүс ч байдаг л байх. Та нарын бодлоор, тэдгээр нь Иов Бурханыг эсэргүүцсэн гэсэн утгатай юу? Тэдгээр нь Бурханы эсрэг гомдол уу? Та нараас олон хүн Иовын хэлсэн эдгээр үгийн талаар зарим нэгэн бодол санаатай байгаа бөгөөд хэрвээ Иов төгс, шулуун шударга байсан юм бол ямар нэгэн сул тал, эсвэл уй гашуу харуулах ёсгүй байсан ба харин ч Сатанаас ирсэн аливаа дайралттай эерэгээр нүүр тулж, бүр Сатаны сорилтыг инээмсэглэн угтах учиртай байсан гэж итгэдэг гэдгийг Би мэднэ. Түүний биед Сатаны учруулсан ямар ч тарчилгаанд өчүүхэн төдий ч хариу үйлдэл үзүүлэх ёсгүй байсан, мөн зүрх сэтгэлийнхээ доторх аливаа мэдрэмжийг харуулах ч ёсгүй байсан. Тэр ч бүү хэл, энэ шалгалтуудыг бүр илүү хатуу ширүүн болгооч гэж Бурханаас хүсэх байсан юм. Энэ бол Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг, тууштай хүний харуулах, эзэмшвэл зохих зүйл. Энэ асар их зовлонгийн дунд Иов өөрийн төрсөн өдрийг л хараасан. Тэр Бурханы талаар гомдоллоогүй, тэр ч бүү хэл Бурханыг эсэргүүцэх өчүүхэн ч бодол түүнд байгаагүй юм. Үүнийг хэлэхэд амархан, хийхэд хэцүү, учир нь эрт үеэс өнөөг хүртэл хэн ч, хэзээ ч тийм сорилтыг амсаагүй, эсвэл Иовд тохиолдсон зовлонг туулаагүй. Тэгвэл яагаад хэн ч Иовынхтай адил төрлийн сорилтод ер өртөөгүй юм бэ? Яагаад гэвэл, Бурханы үздэгээр, хэн ч тийм хариуцлага, эсвэл даалгавар үүрч чадахгүй, хэн ч Иов шиг байж чадахгүй, цаашлаад тийм их зовлон шаналал тохиолдох үед Иов шиг тэгж өөрийн төрсөн өдрийг хараахаас гадна Бурханы нэрийг орхилгүй Ехова Бурханы нэрийг үргэлжлүүлэн алдаршуулсаар байж хэн ч чадахгүй. Өөр хүн ингэж чадах уу? Бид Иовын талаар ингэж ярихдаа түүний ааш авирыг сайшаан магтаж байна уу? Тэр бол зөв шударга ба Бурханыг гэрчилж чадах хүн байсан бөгөөд Сатаныг гараараа толгойгоо бариад зугтахад хүргэх чадвартай байсан, ингэснээр Сатан түүнийг буруушаах гэж Бурханы өмнө дахиж очоогүй—иймд түүнийг сайшаан магтахад юу нь буруудаад байна? Та нар Бурханаас илүү өндөр стандарттай байдаг болохоор уу? Та нар дээр шалгалт ирэх үед Иовоос хамаагүй илүү байх байсан болохоор уу? Иовыг Бурхан магтсан—та нарт юу байж болох вэ?

Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов төрсөн өдрөө хараав

Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг байхад хүмүүс хүний гадна талыг хардаг гэж Би үргэлж хэлдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг учраас мөн чанарыг нь ойлгодог, харин тэгэхэд хүмүүс бусдын гадна талд үндэслэн мөн чанарыг нь тодорхойлдог. Иов ам нээж, өөрийн төрсөн өдрийг хараах үед энэ үйлдэл нь Иовын гурван найзыг оролцуулаад бүх сүнслэг хүнийг гайхшируулсан. Хүн Бурханаас ирсэн бөгөөд Бурханаас хайрласан амь нас болон бие махбоддоо, түүнчлэн өөрийн төрсөн өдөрт талархвал зохих ба тэдгээрийг хараах ёсгүй. Энэ нь жирийн хүмүүсийн ойлгож, ухамсарлаж чадах зүйл юм. Бурханыг дагаж буй хэний ч хувьд энэ ойлголт нь ариун бөгөөд халдашгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн юм. Харин Иов дүрэм зөрчсөн: Тэр төрсөн өдрөө хараасан. Энэ нь хориотой бүсэд нэвтэрсэн гэж жирийн хүмүүсийн үздэг үйлдэл юм. Иов хүмүүсээр ойлгуулж, өрөвдүүлэх ч эрхгүйгээр үл барам Бурханы уучлалыг ч хүртэх эрхгүй. Үүний зэрэгцээ улам олон хүн Иовын зөв шударга байдалд эргэлзэх болдог, учир нь Бурхан ивээсэн нь Иовыг өөгшүүлсэн юм шиг байв; түүнийг цадиггүй, хэнэггүй болгож, өөрийг нь ерөөж, насан туршид нь халамжилсных нь төлөө Бурханд талархаагүй төдийгүй өөрийн төрсөн өдрийг сүйрэг гэж зүхсэн байдаг. Бурханыг эсэргүүцсэн явдал биш юм бол энэ юу юм бэ? Тийм өнгөц байдал нь хүмүүсийг Иовын үйлдлийг буруушаах нотолгоогоор хангадаг, гэхдээ тухайн үед Иов үнэхээр юу бодож байсныг хэн мэдэх юм бэ? Иов яагаад ингэсний шалтгааныг хэн мэдэх юм бэ? Зөвхөн Бурхан болон Иов өөрөө л дотоод түүх, учир шалтгааныг нь мэддэг.

Сатан Иовын ясыг өвтгөхөөр гараа сунгахад Иов зугтах аргагүйгээр, эсвэл эсэргүүцэх чадалгүйгээр түүний саварт оржээ. Түүний бие, сэтгэл асар их өвдөж шаналсан ба энэ өвдөлт нь махан биед амьдардаг хүний өчүүхэн, эмзэг, хүч чадалгүй байдлыг түүнд гүн гүнзгий мэдүүлсэн. Үүний зэрэгцээ, тэр бас Бурхан яагаад хүн төрөлхтнийг анхаарч, халамжилдагийг ул үндэстэй ойлгож, үнэлэх болсон юм. Сатаны саварт байхдаа Иов мах, цуснаас бүрдсэн хүн бол үнэндээ огт хүч чадалгүй, сул дорой байдгийг ухаарсан. Түүнийг өвдөг сөхрөн унаж, Бурханд залбирах үед Бурхан нүүрээ халхалж, нуугдаж байгаа мэт түүнд санагдсан, учир нь Бурхан түүнийг Сатаны гарт бүрэн өгсөн билээ. Тэгэхийн зэрэгцээ Бурхан бас түүний төлөө уйлж, түүнчлэн түүний төлөө зовж шаналж байсан; Бурхан түүнийг өвдөхөд нь өвдөж, шаналахад нь шаналж байв… Бурханы өвдөхийг, түүнчлэн энэ нь Бурханд хэчнээн тэвчихийн аргагүй байсныг Иов мэдэрч байсан юм… Иов, Бурханд илүү их уй гашуу авчрахыг хүсээгүй, өөрийнхөө төлөө Бурханыг уйлуулахыг ч хүсээгүй, түүгээр ч зогсохгүй өөрөөс нь болж Бурханы зовж шаналахыг харахыг хүсээгүй билээ. Энэ мөчид Иов бие махбодынхоо өвчнийг цаашдаа амсахгүйн тулд зөвхөн өөрийн махан биеийг л хаяхыг хүсэж байсан, учир нь ингэж л тэрээр өөрийнх нь өвдөлтөөс болж Бурханы шаналж байгааг болиулах байсан—гэсэн ч тэр тэгж чадаагүй бөгөөд зөвхөн бие махбодын өвдөлтийг төдийгүй мөн Бурханы санааг зовоохгүйг хүссэн шаналлыг бас туулах хэрэгтэй болсон. Энэ хоёр—нэг нь бие махбодын, нөгөө нь сүнсний—өвдөлт нь Иовд зүрх зүсэм, дотор бачуурам өвдөлтийг авчирсан ба мах цуснаас бүтсэн хүний хязгаарлагдмал байдал хүнд арга мөхөс, арчаагүй санагдуулдгийг түүнд мэдрүүлсэн юм. Эдгээр нөхцөл байдалд Бурханыг эгээрэн хүсэх түүний тэмүүлэл улам ирмүүн болж, Сатаныг жигших нь улам их болсон. Энэ үед Иов, өөрийнх нь төлөө Бурханы уйлж, шаналж байгааг харсны оронд хүний ертөнцөд хэзээ ч төрөөгүй байсан нь дээр байж, байгаагүй байсан нь дээр байж гэж үзэх байсан юм. Тэр өөрийн бие махбодыг гүнээ жигшиж, өөрөөсөө, өөрийнхөө төрсөн өдрөөс, бүр өөртэйгээ холбоотой юм бүхнээс залхаж, дургүйцэж эхэлсэн. Тэр өөрийнхөө төрсөн өдрийг, эсвэл үүнтэй холбоотой бүхнийг цаашид дурдахыг хүсээгүй, иймээс ам нээж, “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг, Дээр буй Бурхан түүнийг бүү хараг. Тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг” (Иов 3:3–4) хэмээн төрсөн өдрөө хараажээ. “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” гэсэн Иовын үгс өөрийгөө жигшиж байгааг нь, түүнчлэн “Тэр өдөр харанхуйлаг, Дээр буй Бурхан түүнийг бүү хараг. Тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг” гэсэн нь Бурханд шаналал учруулсанд гэж өөрийгөө буруутгасныг, мөн өртэй болсноо ухаарсныг нь харуулдаг. Энэ хоёр хэсэг нь Иовд тэр үед ямар санагдаж байсны бүрэн илэрхийлэл бөгөөд түүний төгс, шулуун шударга байдлыг бүгдэд бүрэн дүүрэн харуулдаг. Үүний зэрэгцээ, Иовын хүсэж байсанчлан түүний Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал, түүнчлэн Бурханаас эмээх нь үнэхээр дээшилсэн. Мэдээжээр, энэхүү дээшлэлт нь Бурханы хүлээж байсан яг тэр үр нөлөө юм.

Иов Сатаныг ялж, Бурханы нүдэнд жинхэнэ хүн болсон

Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг гомдоллосон ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, өөрийн эд агуурс, үр хүүхдийг давж, өөртөө байгаа бүх өмч хөрөнгийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурхан юмсыг нь буцаан авахад тэр дуулгавартай байж чадсан ба Бурханы хийсэн зүйлээс болж Бурханд талархал, магтаал өргөж чадсан. Сатаны эхний сорилтын үеэр Иовын зан төлөв ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд гараа сунгаж, Иов урьд өмнө үзээгүй айхтар их өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшируулж орхиход хангалттай байв. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа ашигласан бөгөөд түүний зан төлөв болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов, бие махбодын өвдөлт нь Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг нь өөрчилж чадахгүй, мөн Бурханд үнэнч зүтгэдгийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд бодит зан төлөвөө ашигласан; тэрээр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчийлгаж, итгэл нь Сатаныг түгшээж, бэмбэгнүүр болгосон, үхэл, амьдралын тулааны үеэр Сатаны эсрэг тулалдсан хэр чинээ нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шулуун шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон болохоор Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг буруушааж байснаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, махан биеийг ялан дийлсэн, Сатаныг ялан дийлсэн, үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байлаа. Энэ хоёр шалгалтын үеэр Иов гэрчлэлдээ бат зогсож, төгс, шулуун шударга байдлаа амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлжээ. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг хатуу баримталдаг шулуун шударга байдлынхаа үнэн зөв, үнэ цэнтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийн талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдалд нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгт хүрэх үед Ехова Бурханы халамжийг мэдэрсэн түүнийг нь төрсөн өдрөө хараахаас өөр аргагүйд хүргэсэн юм. Тийм зан авир нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илчлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсээгүй, бас зовоож тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба дассан сэтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, гуниглал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, таашаал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд “төгс ба шулуун шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс зөв шударга үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амийн үнэ цэн дээшлэн, хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны мөрдлөг, хорлолгүйгээр амьдарчээ… Тэрээр Бурханы нүдэнд жинхэнэ хүн болсон; тэр чөлөөлөгдсөн…

Иовын тухай

Иов шалгалтуудыг хэрхэн туулсныг мэдээд та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг олж авсан нууцынх нь талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх биз ээ. Иймээс өнөөдөр Иовын тухай ярьцгаая!

Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно

Хэрвээ бид Иовын тухай хэлэлцье гэвэл түүний талаар Бурханы амнаас гарсан: “Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээх үнэлгээнээс эхлэх хэрэгтэй.

Эхлээд Иовын төгс, шулуун шударга байдлын талаар үзэцгээе.

“Төгс” болон “шулуун шударга” гэсэн үгийг та нар юу гэж ойлгож байна вэ? Иов бол зэмлэх зүйлгүй, шударга үнэнч хүн байсан гэж та нар итгэдэг үү? Энэ нь мэдээжээр “төгс” болон “шулуун шударга” гэдгийн үгчилсэн тайлбар, ойлголт байх юм. Гэвч бодит амьдралын агуулга нь Иовын талаарх жинхэнэ ойлголтын салшгүй хэсэг—үг, ном, онол нь дангаараа ямар ч хариулт өгөхгүй. Бид Иовын гэр бүлийн амьдралыг болон амьдралынхаа явцад хэвийн зан төлөв нь ямар байсныг харснаар эхэлье. Энэ нь бидэнд түүний амьдралын зарчим, зорилгын талаар, түүнчлэн зан чанар болон эрэл хайгуулын талаар хэлэх болно. Одоо Иов 1:3-ын хамгийн сүүлчийн үгийг уншицгаая: “Энэ хүн дорнын бүх хүнээс хамгийн агуу нь байв.” Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иовын байр суурь, нэр хүнд маш өндөр байсан бөгөөд тэр элбэг дэлбэг эд хөрөнгөтэй болохоороо юм уу, эсвэл төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байсан уу гэдгийг хэдийгээр бидэнд хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө Иовын байр суурь, нэр хүнд нь ихэд үнэлэгдэж байсныг бид мэднэ. Библид бичигдсэнээр Иов төгс байсан, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсан, их эд баялаг эзэмшиж, хүндтэй байр суурь эзэлсэн хүн байсан гэдэг нь Иовын талаарх хүмүүсийн анхны сэтгэгдэл юм. Тийм орчинд, тийм нөхцөлд амьдарч байсан жирийн хүний хувьд Иовын хоол хүнс, амьдралын чанар, хувийн амьдралын янз бүрийн талууд нь ихэнх хүний анхаарлын төвд байж таарна; тиймээс бид Библийг үргэлжлүүлэн унших ёстой: “Түүний хөвгүүд явж, өдөр бүр гэр гэртээ ээлжлэн найрлаж байв; бас гурван эгч дүүгээ хамт хооллож, ууцгаая хэмээн дуудуулдаг байв. Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов ‘Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй’ гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв” (Иов 1:4–5). Энэ эшлэл бидэнд хоёр зүйлийг хэлж байна: Эхнийх нь Иовын хөвгүүд, охид ихэд идэж, уун үргэлж найрладаг байсан; хоёр дахь нь Иов тэдний төлөө ямагт санаа зовж, тэд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханаас татгалзсан байж магадгүй гэдгээс айж байнга шатаалт тахил өргөдөг байсан. Энд хоёр өөр төрлийн хүний амьдралыг дүрсэлсэн. Эхнийх нь Иовын хөвгүүд, охид хангалуун амьдралтай учраас дандаа найрладаг байсан, тэд хэтэрхий үрэлгэн амьдарч, ханатлаа дарс ууж, хооллож, материаллаг эд баялгаас бий болсон өндөр чанарын амьдралыг эдэлж байсан. Ийм амьдралаар амьдарснаар тэд үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг гомдоох нь гарцаагүй байв—гэтэл тэд өөрсдийгөө ариусгаагүй, эсвэл шатаалт тахил өргөөгүй. Тэдний зүрх сэтгэлд Бурханы зай байгаагүй, тэд Бурханы нигүүлслийг бодож үзээгүй, Бурханыг гомдоохоос ч айгаагүй, тэр ч бүү, хэл зүрх сэтгэлдээ Бурханыг орхихоос ч айгаагүй байгаа биз дээ. Мэдээжээр, бид Иовын хүүхдүүдэд биш, харин тийм зүйлтэй тулгараад Иов юу хийсэнд анхаарлаа төвлөрүүлэх юм; энэ нь эшлэлд дүрслэгдсэн өөр хэрэг бөгөөд Иовын хүн чанар-мөн чанар болон өдөр тутмын амьдралыг агуулдаг. Библид Иовын хөвгүүд, охидын найр наадмын талаар дүрслэхдээ Иовыг ер дурддаггүй; зөвхөн түүний хөвгүүд, охид дандаа хамт идэж, ууж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Иов найр наадам хийгээ ч үгүй, мөн хөвгүүд, охид нь үрэлгэн байдлаар идэхэд нь оролцоо ч үгүй. Хэдий баян чинээлэг, их эд хөрөнгө, олон зарцтай байсан ч гэсэн Иовын амьдрал тансаг байгаагүй. Тэр дээд зэргийн амьдрах орчиндоо автаагүй, эд хөрөнгөнийхөө улмаас махан биеийн зугаа цэнгэлд шунаагүй, эсвэл шатаалт тахил өргөхөө ч мартаагүй, тэр тусмаа энэ нь зүрх сэтгэлдээ Бурханаас аажмаар холдоход хүргээгүй. Тэгэхээр Иов амьдралдаа сахилга баттай байсан бөгөөд Бурхан түүнийг ерөөсний үр дүнд шунал, таашаалыг чухалчилж байгаагүй, бас амьдралын чанарт анхаарлаа төвлөрүүлээгүй нь илэрхий. Харин хүлцэнгүй, даруухан байж, сайрхаж бардамнаагүй бөгөөд Бурханы өмнө болгоомжтой, хянуур байв. Бурханы нигүүлсэл болон ерөөлийг байнга бодож, Бурханаас үргэлж эмээж байсан юм. Өдөр тутмын амьдралдаа Иов хөвгүүд, охидынхоо төлөө шатаалт тахил өргөхийн тулд эртлэн босдог байв. Өөрөөр хэлбэл, Иов зөвхөн өөрөө Бурханаас эмээгээд зогсохгүй, мөн хүүхдүүд нь өөрийнх нь адилаар Бурханаас эмээж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхгүй байх гэж найддаг байсан юм. Иовын эд баялаг зүрх сэтгэлд нь ямар ч зай эзлээгүй, Бурханы эзэлсэн байр суурийг ч орлоогүй; өөрийнхөө төлөө хийсэн ч бай, эсвэл хүүхдүүдийнхээ төлөө хийсэн ч бай, Иовын өдөр тутмын үйлдэл нь бүгд Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой байв. Ехова Бурханаас эмээх нь зөвхөн түүний яриагаар хязгаарлагдаагүй, харин үйлдэлд нь хэрэгжсэн зүйл байсан ба өдөр тутмын амьдралынх нь хэсэг бүрд тусгагдаж байлаа. Иовын энэ жинхэнэ зан төлөв нь, тэрээр үнэнч байсан бөгөөд шударга ёс болон эерэг бүхнийг хайрлах мөн чанарыг эзэмшсэн байсан гэдгийг бидэнд харуулдаг. Иов дандаа хөвгүүд, охидоо явуулж, ариусгуулж байсан нь хүүхдүүдийнхээ үйлдлийг сайшааж, зөвшөөрөөгүй гэсэн үг; харин ч зүрх сэтгэлдээ тэдний ааш авирт сэтгэл гонсойж, тэднийг яллаж байсан юм. Хөвгүүд, охидынх нь ааш авир Ехова Бурханы дургүйг хүргэмээр байна гэж тэр дүгнэсэн, тиймээс тэдийг Ехова Бурханы өмнө очиж, нүглээ наманчил гэж үргэлж хэлдэг байв. Иовын энэхүү үйлдэл нь түүний хүн чанарын өөр нэг талыг бидэнд харуулдаг: тэр нүгэл үйлдэж, Бурханыг гомдоосон хүмүүстэй хэзээ ч хамт алхаагүй, харин тэднээс зайлсхийж, нүүр буруулж байсан. Хэдийгээр энэ хүмүүс хөвгүүд, охид нь байсан ч гэсэн өөрийнх нь цусан төрөл байсан учраас зан төлөвийн зарчмаасаа няцаагүй, мөн уян сэтгэлээсээ болж тэдний нүглийг өөгшүүлээгүй. Үүний оронд тэр, тэднээс наманчилж, Ехова Бурханы өршөөлийг олж ав гэж шаардсан ба өөрсдийн шунахай зугаа цэнгэлийн төлөө Бурханыг орхихгүй байхыг тэдэнд анхааруулж байсан. Иовын бусдад ханддаг зарчим нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зарчимтай нь салшгүй холбоотой. Тэр Бурханы хүлээн авсан зүйлсийг хайрладаг бөгөөд Бурханы дургүйг хүргэдэг зүйлийг жигшдэг байсан, тэрээр зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг хүмүүсийг хайрлаж, мууг үйлдэж, эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг жигшдэг байжээ. Ийм хайр болон жигшил түүний өдөр тутмын амьдралд харагдаж байсан ба тэр нь Бурханы нүдээр харсан Иовын шулуун шударга байдал юм. Мэдээж, энэ нь Иовын өдөр тутам бусадтай харилцдаг жинхэнэ хүн чанарын илэрхийлэл, амьдран харуулалт бөгөөд бидний мэдэж авах ёстой зүйл билээ.

Шалгалтын үеийн Иовын хүн чанарын илрэл (Шалгалтын үеийн Иовын төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг ойлгох нь)

Бидний дээр хуваалцсан зүйл бол туршилтаас өмнө өдөр тутмын амьдралдаа харуулж байсан Иовын хүн чанарын янз бүрийн тал юм. Энэ олон янзын илэрхийлэл нь ямар ч эргэлзээгүйгээр Иовын шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг талаарх анхны мэдлэг, ойлголтыг өгч, аяндаа анхны нотолгоогоор хангадаг. Яагаад Би “анхны” гэж хэлсний шалтгаан бол ихэнх хүн одоо ч гэсэн Иовын хүн чанар болон Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээх замыг эрж хайсан түвшний талаар үнэн зөв ойлголтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иовын талаарх ихэнх хүний ойлголт нь “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэсэн түүний үгийг агуулсан Библийн хоёр хэсгээс үүссэн түүний талаарх таатайхан сэтгэгдлээс илүү гүнзгийрдэггүй. Тиймээс бидний хувьд Бурханы шалгалтыг хүлээж авч байхдаа Иов хүн чанараа хэрхэн амьдран харуулсныг ойлгох нь бидэнд маш их хэрэгтэй юм; ийм байдлаар Иовын жинхэнэ хүн чанар нь бүх хүнд бүхэлдээ харагдана.

Эд хөрөнгийг нь дээрэмдсэн, хөвгүүд, охид нь амиа алдаж, зарц нар нь алагдсаныг сонсоод Иов дараах хариу үйлдэл хийсэн: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв” (Иов 1:20). Эдгээр үг бидэнд нэгэн баримтыг хэлж байгаа юм: Энэ мэдээг сонссоны дараа Иов тэвдэж балмагдаагүй, уйлаагүй, эсвэл энэ мэдээг дуулгасан зарц нараа буруутгаагүй, тэр ч бүү хэл, нарийн ширийнийг нь мөрдөж, тодруулан яг юу тохиолдсоныг олж мэдэх гэж гэмт хэрэг болсон газрыг шалгаагүй. Тэр эд хөрөнгөө алдсандаа ямар ч шаналал, харуусал харуулаагүй, мөн хүүхдүүдээ, хайртай хүмүүсээ алдсандаа уйлж унжаагүй. Харин ч нөмрөгөө урж, толгойн үсээ хусаад газар унаж, шүтэн мөргөсөн. Иовын үйлдлүүд ямар ч энгийн хүнийхээс өөр байв. Тэдгээр нь олон хүнийг будилуулж, “хүйтэн хөндий” байсных нь төлөө Иовыг зүрх сэтгэлдээ зэмлэхэд хүргэсэн. Эд хөрөнгөө гэнэт алдах үедээ жирийн хүмүүс уй гашууд дарагдаж, цөхөрсөн мэт байдаг—эсвэл зарим хүн сэтгэлийн гүн хямралд орж ч магадгүй байдаг. Яагаад гэвэл, тэдний зүрх сэтгэлд эд хөрөнгө нь насан туршийнх нь хичээл чармайлтыг төлөөлдөг, тэдний амьд үлдэх нь үүнээс хамаардаг, энэ нь тэдний амьд явах итгэл найдвар болдог; эд хөрөнгөө алдана гэдэг бол хичээл чармайлт нь талаар өнгөрч, горьдлого найдваргүй, бүр ирээдүй ч байхгүй боллоо гэсэн үг юм. Энэ бол ямар ч жирийн хүний өөрийн өмч хөрөнгөд хандах хандлага ба үүнтэй харилцах ойр дотно харилцаа нь юм, мөн хүмүүсийн үзлээр бол энэ нь эд хөрөнгийн ач холбогдол билээ. Тиймээс хүмүүсийн асар олонх нь Иов хөрөнгөө алдчихаад хайхрамжгүй хандсанд гайхаж будилсан. Өнөөдөр бид Иовын зүрх сэтгэлд юу болж байсныг тайлбарласнаар энэ бүх хүний төөрөгдлийг арилгах гэж байна.

Эрүүл ухаанаар бол, тийм арвин их хөрөнгийг Бурханаас хүртсэн болохоор эдгээр хөрөнгийг алдсандаа Иов Бурханаас ичих ёстой, учир нь тэр тэдгээрийг харж хандаж, анхаарал тавиагүй; Бурханы өгсөн хөрөнгийг хадгалаагүй. Тиймээс өмч хөрөнгийг нь дээрэмдсэн гэдгийг сонсоод түүний анхны хариу үйлдэл нь хэрэг болсон газарт очиж, алдагдсан бүхнийг бүртгэж, дараа нь Бурханд өчих ёстой байсан, тэгснээр тэр Бурханы ерөөлийг дахин нэг удаа хүртэж магадгүй байсан юм. Харин Иов тэгээгүй—үнэндээ түүнд тэгэхгүй байх хувийн шалтгаан байсан билээ. Түүний эзэмшдэг бүхнийг Бурхан түүнд хайрласан бөгөөд өөрийнх нь хөдөлмөрийн үр шим биш гэж Иов зүрх сэтгэлдээ гүнээ итгэдэг байсан. Тиймээс тэр эдгээр ерөөлийг дээр нь дөрөөлж хөрөнгөжих зүйл гэж үзээгүй, харин баримтлах ёстой замаас хамаг хүчээрээ зуурч, амьдралынхаа зарчим болгох хэрэгтэй гэж үзсэн. Тэр Бурханы ерөөлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрт талархдаг байсан, гэхдээ ерөөлд сэтгэл татагдаагүй, мөн илүү их ерөөлийг ч эрэлхийлээгүй. Өмч хөрөнгийн талаарх түүний хандлага ийм байв. Тэр ерөөл олж авах гэж юу ч хийгээгүй, мөн Бурханы ерөөлөөр дутлаа, эсвэл алдлаа гэж санаа нь зовж, шаналаагүй; Бурханы ерөөлийг хүртсэндээ сүйдтэй, ухаангүй ихээр баярлаагүй, мөн байнга ерөөл хүртдэг гээд Бурханы замыг үл тоогоогүй, Бурханы нигүүлслийг ч мартаагүй юм. Өөрийн эд хөрөнгийн талаарх Иовын хандлага хүмүүст түүний жинхэнэ хүн чанарыг илчилдэг: Нэгдүгээрт, Иов шунахай хүн байгаагүй ба материаллаг амьдралдаа ихийг шаарддаггүй байсан. Хоёрдугаарт, Бурхан түүнээс байгаа бүхнийг нь авна гэдгээс Иов хэзээ ч айж, санаа зовж байгаагүй, энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байх түүний хандлага байсан; өөрөөр хэлбэл, Бурхан хэзээ түүнээс авчих бол гэж, эсвэл авах болов уу, яах бол гэдэг талаар түүнд ямар ч шаардлага, гомдол байгаагүй ба яагаад гэдэг шалтгааныг ч асуугаагүй, харин зөвхөн Бурханы зохицуулалтад дуулгавартай байхыг зорьсон. Гуравдугаарт, түүний хөрөнгө өөрийнх нь хөдөлмөрөөс бий болсон гэж тэр хэзээ ч итгээгүй, харин тэдгээрийг түүнд Бурхан хайрласан гэж итгэдэг байв. Энэ нь Иовын Бурханд итгэх итгэл, бат үнэмшлийн үзүүлэлт байсан. Иовын хүн чанар болон өдөр тутмын жинхэнэ мэрийлт нь түүний талаарх энэ гурван талын дүгнэлтээр тодорхой болсон уу? Эд хөрөнгөө алдаад тайван байсных нь салшгүй хэсэг бол Иовын хүн чанар болон мэрийлт байлаа. Өөрөө өдөр тутам мэрийсний ачаар л Иов Бурханы шалгалтуудын үеэр “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэх биеийн хэмжээ болон итгэл үнэмшилтэй байсан билээ. Эдгээр үгийг нэг шөнийн дотор олж аваагүй, мөн тэдгээр нь Иовын толгойд гэнэтхэн орж ирээгүй, харин олон жилийн амьдралыг туулахдаа түүний харж, олж авсан зүйл байсан. Зөвхөн Бурханы ерөөлийг эрж хайдаг, Бурхан буцааж авна гэж айдаг, үүнийг үзэн ядаж, гомдоллодог бүх хүнтэй харьцуулахад Иовын дуулгавартай байдал маш бодитой биш гэж үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг боловч Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад Иов тун үнэнч, шулуун шударга биш гэж үү?

Иовын ухаалаг байдал

Иовд бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар байсан болохоор эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан үедээ хамгийн ухаалаг шийд болон сонголт хийсэн юм. Тийм ухаалаг сонголт нь түүний байнгын эрэл хайгуул болон өдөр тутмын амьдралдаа мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь Еховагийн гар бүх зүйлийг удирддаг гэдэгт түүнийг итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит баримтыг мэдэх боломжийг түүнд олгосон; мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн, мөн дагаж чаддаг болгосон; дуулгавартай байдал нь түүнийг Ехова Бурханаас эмээхдээ улам илүү үнэнч болгосон; эмээдэг байдал нь муугаас зайлахдаа улам илүү бодитой болгосон; эцэстээ Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; төгс байдал нь түүнийг цэцэн болгож, мөн хамгийн ухаалаг үйлдэл өгсөн юм.

“Ухаалаг” гэдэг үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Үгчилсэн тайлбар нь гэвэл, эрүүл ухаантай, аливааг бодохдоо учир зүйтэй, зохистой агаад эрүүл зөв үг яриа, үйлдэл болон шийдтэй байж, эрүүл саруул, энгийн ёс суртахууны стандартыг эзэмшсэн гэсэн үг юм. Гэсэн ч Иовын ухаалаг байдлыг тайлбарлахад тийм ч хялбар биш. Иовыг туйлын ухаалаг хүн байсан гэж хэлэх үед түүний хүн чанар болон Бурханы өмнө авирласантай нь холбоотой хэлдэг юм. Иов үнэнч байсан учраас Бурханы дээд эрхэд итгэж, дуулгавартай дагаж чадсан, энэ нь түүнд бусдын олж авч чадахааргүй мэдлэгийг өгч, энэхүү мэдлэг нь өөрт тохиолдсон зүйлийг илүү нарийн зөв танин мэдэж, магадлаж, тодорхойлох боломжийг олгосон, энэ нь түүнд юу хийх, юуг чанд баримтлахаа илүү нарийн, хэрсүү сонгох боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний үг, ааш авир, түүний үйлдлийн цаадах зарчмууд, аливааг үйлдэхдээ дагадаг дүрэм журам нь энгийн, тодорхой, бодит байсан бөгөөд харалган, ойворгон, эсвэл сэтгэлийн хөдөлгөөнийх байгаагүй. Түүнд тохиолдсон аливаа зүйлд хэрхэн хандахаа тэр мэдэж байсан, төвөгтэй үйл явдлуудын хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлж, зохицуулахаа тэр мэдэж байсан, өөрийн чанд баримтлах ёстой замыг хэрхэн чанд баримтлахаа тэр мэддэг байсан бөгөөд цаашлаад, Ехова Бурханы өгөх ба авахад хэрхэн хандахаа мэдэж байсан юм. Иовын ухаалаг байдал яг энэ байсан. Чухамхүү ийм ухаалаг байдлаар зэвсэглэсэн учраас л Иов өмч хөрөнгө, хүү охидоо алдах үедээ “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлсэн юм.

Иов бие махбодын асар их өвдөлт, хамаатан садан, найз нөхдийнхөө эсэргүүцэлтэй тулгарах үедээ, мөн үхэлтэй нүүр тулах үедээ биеэ авч явсан бодит байдал нь түүний жинхэнэ нүүр царайг дахин нэг удаа бүх хүнд харуулсан.

Иовын үнэн дүр төрх: Хуурамч зангүй бөгөөд үнэн, цэвэр ариун

Иов 2:7–8-ыг уншицгаая: “Тэгээд Сатан Еховагийн дэргэдээс явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн оройг нь хүртэл яр хатгинд бариулж зовоов. Тэр өөрийгөө хусах ваарны хэлтэрхий авч, үнсэн дунд суув.” Энэ бол яр хатги түүний биеэр тархаж байсан үед Иовын биеэ авч явсан байдлын нэг дүрслэл юм. Энэ үед Иов өвдөлтийг тэвчингээ үнс нурам дунд сууж байсан. Хэн ч түүнийг эмчлээгүй, биеийнх нь өвдөлтийг намдаах гэж хэн ч туслаагүй; харин тэр яр хатгиныхаа гадрыг хусахдаа ваарны хэлтэрхий ашигласан. Өнгөц үзэхэд, энэ нь Иовын зовлонгийн нэг л үе шат төдий байсан ба түүний хүн чанар болон Бурханаас эмээх байдалтай ямар ч холбоогүй, учир нь тэр үед Иов өөрийн санаа сэтгэл, үзэл бодлыг илэрхийлэх ямар ч үг хэлээгүй билээ. Гэсэн ч Иовын үйлдэл болон зан төлөв нь түүний хүн чанарын жинхэнэ илэрхийлэл хэвээр юм. Өмнөх нэгдүгээр бүлгийн тэмдэглэлээс, Иов бол дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байжээ гэдгийг бид уншсан. Харин хоёр дахь бүлгийн энэ эшлэл нь, энэхүү дорнын хамгийн агуу хүн үнэндээ үнс нурам дунд суугаад өөрийгөө маажихаар ваарны хэлтэрхий авсныг бидэнд харуулсан. Энэ хоёр дүрслэлийн хооронд илэрхий ялгаа байхгүй гэж үү? Энэ ялгаа нь бидэнд Иовын үнэн дүр төрхийг харуулсан юм: Өөрийн эрх ямбат байр суурь, зэрэг дэвийг үл харгалзан тэр эдгээр зүйлийг хэзээ ч хайрлаж, анхаарч байгаагүй; бусад хүн түүний байр суурийг хэрхэн үзэж байсныг тоогоогүй, мөн үйлдэл юм уу, зан төлөв нь түүний байр сууринд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар ч санаа зовоогүй; мөн байр суурийн ашиг тусад шунаагүй, байр суурь, зэрэг дэвийнх нь хамт ирсэн алдар сууг ч эдлээгүй. Тэр зөвхөн Ехова Бурханы нүдэнд өөрийн үнэ цэн болон амьдрахын утга учир ямар байхыг л тоодог байсан. Иовын жинхэнэ төрх нь түүний мөн чанар байсан: Тэр алдар нэр, эд баялгийг хайрлаагүй, алдар нэр, баян чинээлэг байдлын төлөө амьдраагүй; тэрээр хуурамч зангүй бөгөөд үнэн, цэвэр ариун байсан юм.

Иов хайр, хорслыг ялгадаг нь

Иовын хүн чанарын өөр нэг тал нь түүний эхнэртэйгээ ярилцсан энэ үгээс харагддаг: “Тэгэхэд эхнэр нь түүнд, ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв. Харин тэр түүнд, ‘Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?’ гэв” (Иов 2:9–10). Иовын эхнэр түүний тарчилж байгааг хараад зовлонгоосоо зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон—гэвч “сайн санааг” нь Иов сайшаагаагүй; харин ч энэ нь түүний уурыг хүргэсэн, яагаад гэвэл, эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх, эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ “мунхаг эм” гэж дуудсан. Иов эхнэртээ уурлаж, үзэн ядсан, түүнчлэн зэмлэж буруушаасан. Энэ нь хайр, хорслыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний шулуун шударга хүн чанарын жинхэнэ төлөөлөл байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжтэй хүн байсан—энэ нь, хорон муу уур амьсгал, урсгалыг үзэн ядаж, гаж буруу тэрс үзэл, хөгийн маргаан болон утга учиргүй нотлохыг жигшин, яллаж, няцаадаг болгосон ба олон нийтэд адлагдаж, ойр дотны хүмүүстээ хаягдах үедээ өөрийн зөв зарчим, үзэл баримтлалд үнэнч байх боломжийг түүнд олгожээ.

Иовын зөөлөн сэтгэл ба чин сэтгэл

Нэгэнт бид Иовын зан төлөвөөс түүний хүн чанарын өөр өөр талын илэрхийллийг харж чадаж байгаа болохоор өөрийн төрсөн өдрийг хараахаар амаа нээхэд нь Иовын ямар хүн чанарыг хардаг вэ? Энэ бол бидний доор хуваалцах сэдэв юм.

Иов өөрийн төрсөн өдрийг хараасан шалтгааны талаар Би дээр ярьсан. Үүнээс та нар юу харж байна вэ? Хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хайр энэрэлгүй байсан бол, хэрвээ хүйтэн хөндий, хэнэггүй, хүн чанаргүй байсан бол Бурханы хүслийг анхаарч чадах байсан уу? Тэгээд Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан болохоороо өөрийн төрсөн өдрийг жигшиж чадах байсан уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байсан бол Бурханыг шаналахад нь зовох байсан гэж үү? Бурхан өөрөөс нь болж зовж шаналсан учраас өөрийн төрсөн өдрийг хараах байсан гэж үү? Хариулт нь бол: Огтхон ч үгүй! Иов зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан; Иов Бурханы зүрх сэтгэлийг анхаарч байсан учраас Бурханы шаналлыг мэдэрсэн; тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы өвдөлтийг мэдэрч, илүү их зовлон шаналал амссан; тэр Бурханы өвдөлтийг мэдэрсэн учраас өөрийн төрсөн өдрийг жигшиж, тиймээс өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Гаднын хүмүүст бол шалгалтуудын үеэр Иовын зан төрх бүхэлдээ үлгэр жишээч байсан гэж хэлж болно. Гагцхүү өөрийн төрсөн өдрийг хараасан нь түүний төгс, шулуун шударга байдалд асуултын тэмдэг тавьж, эсвэл өөр үнэлгээ өгдөг юм. Үнэндээ, энэ нь Иовын хүн чанар-мөн чанарын хамгийн жинхэнэ илэрхийлэл байлаа. Түүний хүн чанар-мөн чанар нуугдаж, баглагдаагүй, эсвэл түүнийг нь өөр хүн засварлаагүй. Өөрийн төрсөн өдрийг хараах үедээ тэр зүрх сэтгэлийнхээ гүн дэх өр нимгэн, чин сэтгэлээ ил харуулсан; тэрээр яг л ёроол нь харагдах булгийн ус мэт цэвэр, тунгалаг байсан юм.

Иовын талаар энэ бүхнийг мэдсэнээр ихэнх хүмүүс Иовын хүн чанар-мөн чанарын талаар нэлээд үнэн зөв, бодитой үнэлгээтэй болох нь гарцаагүй. Тэд мөн Бурханы хэлсэн Иовын төгс, шулуун шударга байдлын талаар гүн гүнзгий, бодит, илүү дэвшилтэт ойлголт, ухааралтай болсон байх ёстой. Энэхүү ойлголт болон ухаарал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замд ороход нь хүмүүст туслах болно гэж найдаж байна.

Бурхан Иовыг Сатаны гарт өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа

Иов төгс, шулуун шударга байсан ба Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсан гэдгийг ихэнх хүн одоо хүлээн зөвшөөрдөг ч, ийнхүү хүлээн зөвшөөрөх нь тэдэнд Бурханы санаа зорилгын талаар илүү их ойлголт өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов тийм төгс, шулуун шударга байсан, хүмүүс түүнийг тэгж их шагширдаг, гэхдээ Бурхан яагаад түүнийг Сатаны гарт өгч, түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршдог нь дамжиггүй—эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүний зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг будилуулсан болохоор бид энэ асуултыг ил тавьж, зүй зохистойгоор тайлбарлах ёстой.

Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдэнд төгс, шулуун шударга байсан ч гэсэн Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь ь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага ба түүнчлэн, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж боддог юм бүхнийг Бурханы алхмуудын дагуу хүнд оруулж, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан, Бурханы мөн чанарыг ухааруулах, Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломж олгох, улмаар хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлдаг болгох зорилготой—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, Бурханы талаарх мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, үймээн самуун, дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эрхшээлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Ийм хүмүүс шулуун шударга байдаг учраас, Бурханд итгэлтэй, дуулгавартай бөгөөд Түүнээс эмээдэг учраас, мөн тэд Сатанаас бүрмөсөн салдаг учраас энэ. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанд соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг бөгөөд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй; тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ.

Иовыг Сатан хүчирхийлж байсан боловч Иов бас мөнхийн эрх чөлөө, чөлөөлөлтийг олж авсан ба хэзээ ч дахин Сатаны ялзруулалт, хүчирхийлэл, буруушаалтад өртөхгүй болж, үүний оронд Бурханы сайшаалын гэрэлд эрх чөлөөтэй, саад тотгоргүй амьдарч, өөрт нь өгсөн Бурханы ерөөлүүдийн дунд амьдрах эрхийг олж авсан. Энэ эрхийг хэн ч түүнээс салгаж, устгаж, булаан авч чадахгүй. Үүнийг Иовд итгэл, шийдэмгий байдал, Бурханд дуулгавартай байж, Бурханаас эмээдгийнх нь хариуд өгсөн юм; Иов газар дээр баяр хөөр, аз жаргал хүртэхийн тулд, тун жам ёсны, үндэслэлтэй эрх ямбыг хүртэхийн тулд, Бурханы жинхэнэ бүтээл болохынхоо хувьд Бүтээгчийг ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр газар дээр шүтэн мөргөхийн тулд амиараа төлөөс төлсөн юм. Иовын туулж амссан сорилтын хамгийн агуу үр дүн бас энэ байсан билээ.

Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед тэдний амьдралыг Сатан үргэлж үймүүлж, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэд эрх чөлөөгүй, Сатан тэднийг суллаагүй, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, яриад байх хэвийн оршин тогтнох ямар ч эрх байхгүй, түүнчлэн яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн өндийн босож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа, Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ чи Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад туслах зэвсгээр зэвсэглээгүй бол аюулд орсон хэвээр байх болно. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Сатанд маш их тамлагдсанаас болоод чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед чи мөн л гэрчлэл хийх чадваргүй, өөрийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол аврагдах найдвар чамд бага байх болно. Эцэст нь, Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед чи бас л Сатаны атганд хэвээр байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй, тиймээс чамд боломж, эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгэхээр, ийм хүмүүс Сатанд бүрэн олзлогдсон байх болно гэсэн үг.

Бурханы туршилтыг хүлээн ав, Сатаны сорилтыг дав, мөн бүхий л оршихуйг чинь авахыг Бурханд зөвшөөр

Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлж, Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулдаг. Зорилго нь, хүнийг биеийн хэмжээгээр зэвсэглэж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилттай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний биеийн хэмжээг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал уг туршилтыг давсан байх юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд бууж өгөх юм бол уг туршилтыг даваагүй байх болно. Хүний ямар ч талыг Бурхан шалгалаа гэсэн, Түүний шалгалтын шалгуур бол Сатаны дайралтад өртөх үедээ хүн гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы түүнд өгсөн зэвсгийг ганцаараа өргөж, Сатаны боолчлолыг ялж, Сатаны найдварыг бүрэн алдуулж, өөрийгөө орхиулж чадах эсэхээс хамаардаг гэж хэлж болно. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, үймүүлэхгүй, дахин хэзээ ч түүнийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхий л үйл явц юм.

Иовын гэрчлэл хойч үеийнхэнд өгсөн анхааруулга ба сэнхрүүлэл

Бурхан хүнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ бас Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг хүмүүс ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналлаас болж зовнидоггүй болсон бөгөөд үүний ач холбогдлын талаар цоо шинэ ойлголттой болсон юм. Тэд Иовынхтай адил сорилтыг туулах эсэхэд санаа зовдоггүй болсон бөгөөд Бурханы шалгалт ирэхийг эсэргүүцэж, үгүйсгэдгээ больсон. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлсэн гэрчлэл нь хүмүүсийг асар их дэмжиж, зоригжуулах эх сурвалж болдог. Тэд Иовоос авралынхаа найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг дийлж, Сатаныг ялах нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт Сатанд ичгүүр, ялагдал авчирч чадах бөгөөд Сатаныг айлгаж, яаран зугтаалгахын тулд—амиа алдах байсан ч хамаагүй—зөвхөн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгсөн анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол Сатаны буруушаалт болон үймээнээс хэзээ ч ангижирч чадахгүй, мөн Сатаны хүчирхийлэл, дайралтаас хэзээ ч зугтаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийнхнийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, шулуун шударга байсан цагт л Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадна гэдгийг сургадаг; Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадах л юм бол Сатанд хэзээ ч захирагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалт дор амьдарна—зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдсан байх болно. Иовын хүн чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг аврал эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэр бүх хүний хувьд үнэт эрдэнэ билээ.

Иовын гэрчлэл Бурханд тайтгарал авчирдаг

Хэрвээ одоо Би та нарт Иов бол хайр татам хүн байсан гэж хэлбэл, та нар энэ үгийн утга учрыг үнэлж чадахгүй байж магад, мөн Би яагаад энэ бүх зүйлийг хэлсний цаад санааг ухаарч чадахгүй байж магад; гэхдээ та нар Иовынхтай адил юм уу, төстэй шалгалтуудыг туулсан байх, гай зовлон амсаж, та нарт зориулан Бурханы биечлэн бэлтгэсэн шалгалтуудыг туулсанбайх, уруу таталт дунд Сатаныг дийлж, Бурханд гэрчлэл хийхийн тулд өөрийн бүх хүчин чармайлтыг зориулж, доромжлол, зовлон шаналалыг тэвчсэн байх тэр өдрийг иртэл хүлээ—тэгэхэд л чи Миний хэлсэн эдгээр үгийн утга учрыг үнэлж чаддаг болно. Тэр үед чи Иовоос хамаагүй дор гэдгээ мэдэрнэ, Иов ямар хайр татам гэдгийг, түүнийг дуурайх нь зүйтэй гэдгийг мэдэрнэ. Тэр цаг ирэхэд Иовын хэлсэн тэдгээр сонгодог үг одоо үед амьдарч байгаа завхарсан хүнд хэчнээн чухал болохыг чи ухаарах ба мөн Иовын хийсэн зүйлийг хийх нь өнөөгийн хүмүүст хэчнээн хэцүү болохыг ухаарах болно. Энэ нь хэцүү юм гэдгийг мэдрэх үедээ чи Бурханы зүрх сэтгэл хэчнээн их түгшиж, зовниж байсныг үнэлэх бөгөөд тийм хүмүүсийг олж авахын тулд Бурханы төлсөн төлөөс хэчнээн өндөр болохыг, мөн хүн төрөлхтний төлөө Бурханы хийдэг, зарцуулдаг зүйл хэчнээн эрхэм болохыг үнэлэх болно. Одоо та нар эдгээр үгийг сонсоод Иовын талаар үнэн зөв ойлголт, алдаагүй үнэлгээтэй болж байна уу? Та нарын үзэхэд, Иов үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс, шулуун шударга хүн байсан уу? Ихэнх хүн мэдээж “Тийм” гэж хэлнэ биз ээ. Учир нь, Иовын үйлдэж, илчилж байсан зүйлсийн баримтыг ямар ч хүн, эсвэл Сатан үгүйсгэж чадахгүй билээ. Тэдгээр нь Иов, Сатаныг ялсны хамгийн хүчтэй нотолгоо юм. Энэ нотолгоог Иов бий болгосон бөгөөд Бурханы хүлээн авсан анхны гэрчлэл байв. Тиймээс Иов Сатаны сорилтыг ялж, Бурханд гэрчлэл хийхэд Бурхан Иовоос найдвар олж харсан бөгөөд Түүний зүрх сэтгэлийг Иов тайтгаруулсан. Бүтээлийн цаг үеэс Иовын цаг үеийг хүртэл тайтгарал гэж юу байдгийг, хүнээс тайтгарал хүлээн авна гэж юу гэсэн үг болохыг Бурхан анх удаа үнэхээр мэдэрсэн үе энэ байв. Өөрийнх нь төлөө хийсэн жинхэнэ гэрчлэлийг Тэр анх удаа харж, олж авсан нь энэ байсан юм.

Иовын гэрчлэл болон Иовын янз бүрийн талын тухай мэдээ сонсоод ихэнх хүн өөрсдийнхөө урдах замд төлөвлөгөөтэй байх болно гэдэгт Би итгэж байна. Иймээс айдас, түгшүүрээр дүүрэн ихэнх хүн бие, сэтгэлийнхээ аль алинд аажмаар амарч эхлэн, тайвшралыг бага багаар мэдэрч эхэлнэ гэдэгт Би бас итгэж байна…

Доорх эшлэлүүд нь мөн Иовын тухай тэмдэглэл юм. Үргэлжлүүлэн уншицгаая.

4. Иов Бурханыг чихээрээ сонссон нь

Иов 9:11 Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаггүй.

Иов 23:8–9 Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй. Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй, Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй.

Иов 42:2–6 Та бүх зүйлийг хийж чадна, ямар ч бодлыг Танаас нууж чадахгүй гэдгийг би мэднэ. Мэдлэггүйгээр ямар нэг зөвлөгөөг нуудаг ямар хүн байх билээ? Тиймээс би ойлгоогүй юмаа хэлчихлээ; миний мэддэггүй байсан юмс надад дэндүү гайхамшигтай. Сонсооч дээ, би Танаас гуйж байна, би ярья: Би Танаас гуйя, Та Өөрийгөө надад харуулаач дээ. Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг.

Бурхан Өөрийгөө Иовд харуулаагүй боловч Иов Бурханы дээд эрхэд итгэдэг

Эдгээр үг ямар учиртай юм бэ? Та нарын хэн нэг нь энд баримт байгааг анзаарсан уу? Нэгдүгээрт, Бурхан байдгийг Иов хэрхэн мэдсэн бэ? Тэгээд тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан захирдгийг тэр хэрхэн мэдсэн бэ? Энэ хоёр асуултад хариулах эшлэл бий: “Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг.” Иов Бурханыг өөрийн нүдээр харсан гэхээс илүү, Бурханы тухай үлгэр домгоос мэдэж авсныг бид эдгээр үгээс харж болно. Тэр эдгээр нөхцөл байдалд Бурханыг дагах замаар алхаж эхэлсэн бөгөөд дараа нь тэр өөрийнх нь амьдралд, мөн бүх зүйлийн дотор Бурхан оршиж байдгийг нотолжээ. Энд үгүйсгэхийн аргагүй баримт байна—тэр баримт нь юу вэ? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагах чадвартай байсан ч гэсэн Иов Бурханыг хэзээ ч хараагүй. Энэ тухайд тэр өнөөгийн хүмүүстэй адилхан байсан биш үү? Иов хэзээ ч Бурханыг хараагүй гэсний утга санаа нь гэвэл, хэдийгээр тэр Бурханы тухай сонссон боловч Бурхан хаана байдгийг, Бурхан ямар болохыг, эсвэл Бурхан юу хийж байгааг мэдээгүй. Эдгээр нь хийсвэр хүчин зүйлс юм; бодитоор ярих юм бол, хэдийгээр тэр Бурханыг дагадаг байсан ч Бурхан хэзээ ч түүнд үзэгдэж, түүнтэй ярьж байгаагүй. Энэ баримт биш гэж үү? Хэдийгээр Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ямар нэгэн тушаал өгч байгаагүй ч гэсэн Иов, Бурханы оршин тогтнолыг харсан бөгөөд бүх зүйлийн дундаас, мөн Бурханы тухай өөрийн чихээр сонсож мэдсэн үлгэр домгоос Түүний дээд эрхийг харсныхаа дараа Иов Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралыг эхэлсэн юм. Бурханыг дагасан Иовын замналын гарал үүсэл, үйл явц ийм байлаа. Гэхдээ тэр Бурханаас эмээж, муугаас зайлж байсан ч, шулуун шударга байдлаа хатуу баримталж байсан ч Бурхан хэзээ ч түүний өмнө гарч ирээгүй билээ. Энэ эшлэлийг уншицгаая. Тэр: “Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаггүй” (Иов 9:11) гэж хэлсэн. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иов Бурханыг өөрийн эргэн тойронд байхыг мэдэрсэн ч байж магадгүй, эсвэл үгүй ч байж магадгүй—гэхдээ тэр хэзээ ч Бурханыг харж чадаагүй. Бурхан түүний өмнүүр өнгөрч, юм хийж, эсвэл хүнийг удирдан чиглүүлж байна гэж төсөөлдөг үе түүнд байсан ч гэсэн тэр хэзээ ч мэдээгүй юм. Хүнийг огт санаандгүй байхад нь Бурхан түүн дээр ирдэг; Бурхан түүн дээр хэзээ ирэхийг, эсвэл хаанаас түүн дээр ирэхийг хүн мэддэггүй, учир нь хүн Бурханыг харж чаддаггүй, тиймээс хүний хувьд Бурхан түүнээс нуугдаж байдаг.

Бурхан өөрөөс нь нуугдаж байснаас болж Бурханд итгэх Иовын итгэл ганхаагүй

Библийн дараах эшлэлд Иов: “Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй. Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй, Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй” (Иов 23:8–9) хэмээсэн. Энэ тэмдэглэлээс бид, Иовын туулсан амьдралын турш Бурхан түүнээс нуугдаж байсан гэдгийг мэдэж болно; Бурхан түүнд ил үзэгдээ ч үгүй, мөн түүнд ямар нэг үг ил шууд хэлээ ч үгүй, гэсэн ч Иов зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолын талаар итгэлтэй байсан. Бурхан түүний өмнө алхаж байж магадгүй, эсвэл түүний хажууд ажиллаж байж магадгүй бөгөөд Бурханыг олж харж чаддаггүй байсан хэдий ч Бурхан хавь ойрын бүх зүйлийг удирдан түүний хажууд байгаа гэдэгт тэр үргэлж итгэдэг байв. Иов, Бурханыг хэзээ ч харж байгаагүй боловч өөрийнхөө итгэлд үнэнч байж чадсан, өөр ямар ч хүн ингэж чадаагүй. Яагаад бусад хүн тэгж чадаагүй вэ? Яагаад гэвэл, Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ил харагдаагүй бөгөөд хэрвээ тэр үнэхээр итгээгүй байсан бол цааш үргэлжлүүлэн явж чадахгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримталж чадахгүй байх байсан. Энэ үнэн биш гэж үү? Иов эдгээр үгийг хэлснийг уншаад чамд ямар санагдаж байна вэ? Иовын төгс, шулуун шударга байдал болон Бурханы өмнө зөв шударга байдаг нь жинхэнэ бөгөөд Бурханы зүгээс хэтрүүлсэн хэрэг биш гэдгийг чи мэдэрч байна уу? Хэдийгээр Бурхан Иовд бусад хүнд ханддагтай адил хандаж, түүнд харагдаагүй, түүнтэй яриагүй боловч Иов үнэнч шударга чанараа бат хадгалж, Бурханы дээд эрхэд итгэсээр байсан бөгөөд цаашлаад, Бурханыг гомдоохоос айдаг байсны дүнд ахин дахин шатаалт тахил өргөж, Бурханы өмнө залбирдаг байсан юм. Бурханыг хараагүй хэрнээ Бурханаас эмээх Иовын чадвараас бид, эерэг зүйлсийг хэчнээн их хайрлаж байсныг нь болон түүний итгэл хэчнээн тууштай, бодитой байсныг харж болно. Бурхан өөрөөс нь нуугдаж байсан учраас Бурханы оршин тогтнолыг үгүйсгээгүй, мөн Бурханыг хэзээ ч хараагүй учраас итгэлээ алдаж, Бурханыг орхиогүй. Үүний оронд, бүх зүйлийг захирах Бурханы нуугдмал ажил дундаас Бурханы оршин тогтнолыг ухаарч, Бурханы дээд эрх болон хүч чадлыг мэдэрсэн юм. Бурхан нуугдсан учраас тэр шулуун шударга байхаа болиогүй, мөн Бурхан хэзээ ч өөрт нь үзэгдээгүй учраас Бурханаас эмээж, муугаас зайлах замыг орхиогүй. Өөрийн оршин тогтнолыг батлахын тулд ил гарч ирээч гэж Иов Бурханаас хэзээ ч гуйгаагүй, учир нь тэр аль хэдийн бүх зүйлийн дундаас Бурханы дээд эрхийг харсан бөгөөд тэрээр бусдын олж авч чадаагүй ерөөл, нигүүлслийг олж авсан гэж итгэж байсан билээ. Хэдийгээр Бурхан түүнээс нуугдсан хэвээр үлдсэн ч, Бурханд итгэх Иовын итгэл хэзээ ч ганхаагүй. Тиймдээ ч тэр өөр хэнд ч байгаагүй зүйл болох Бурханы сайшаал болон Бурханы ерөөлийн үр шимийг хүртсэн юм.

Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл, гай зовлонгийн талаар боддоггүй

Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч дурдаж байгаагүй нэг баримт байдаг бөгөөд бид өнөөдөр энэ баримтад анхаарлаа хандуулна. Иов хэдийгээр хэзээ ч хараагүй, Бурханы үгийг өөрийн чихээр сонсоогүй ч Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Өмнө хэлсэнчлэн “Еховагийн нэр алдаршиг” хэмээх байсан юм. Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, нөхцөл байдал хамаагүй, мөн шалтгаангүй байсан. Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч, түүнийгээ Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, шийдсэн бүхэн, зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, өөрийнх нь төлөө ямар нэг зүйл хийгээч гэж, эсвэл өөрт нь ямар нэг юм өгөөч гэж Бурханаас гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг ашиг олж авна гэсэн давруу хүсэл ч өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Тэрээр бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс нь хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдэл нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнаж, ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрлажээ. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, өөрт нь тохиолдсон бүхнийг хэдийд ч, хаана ч байсан дуртайяа хүлээн авч байв. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай дагах явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Иов хэзээ ч Бурханыг хараагүй, мөн Түүнийг ямар нэг үг хэлэхийг, тушаал өгөхийг, ямар нэг сургаал айлдахыг, эсвэл өөрт нь ямар нэг заавар өгөхийг сонсоогүй. Өнөөгийн үгээр бол, Бурхан үнэний талаар түүнд ямар ч гэгээрэл, удирдамж, хангалт өгөөгүй байхад тэр тийм мэдлэг болон Бурханд хандах хандлагыг эзэмшиж чадсан нь үнэ цэнтэй зүйл байсан, тэр ийм зүйлсийг харуулсан нь Бурханд хангалттай байсан бөгөөд түүний гэрчлэл Бурханд сайшаагдаж, Бурханд эрхэмлэгдсэн. Иов Бурханыг хэзээ ч хараагүй, эсвэл Бурхан түүнд Өөрийн биеэр ямар нэг сургаал хэлэхийг сонсоогүй, гэхдээ Бурханы өмнө гүн онол ярьж, зөвхөн сайрхаж, тахил өргөх тухай ярьдаг боловч хэзээ ч Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаагүй, хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй хүмүүстэй харьцуулахад Иовын зүрх сэтгэл болон тэр өөрөө Бурханд хавьгүй илүү эрхэм нандин байсан билээ. Учир нь, Иовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан, тэрээр хүн чанарын хувьд үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй байж, шударга ёсыг болон эерэг бүхнийг хайрладаг байсан билээ. Зөвхөн тийм зүрх сэтгэл, хүн чанартай хүн л Бурханы замыг дагаж чадах байсан бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурханы дээд эрхийг харж, Түүний эрх мэдэл, хүч чадлыг харж чадах ба Түүний дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах хэмжээнд хүрэх юм. Зөвхөн тийм л хүн Бурханы нэрийг үнэхээр магтаж чадна. Яагаад гэвэл, тэрээр Бурхан өөрийг нь ерөөж, эсвэл өөрт нь гай гамшиг авчрах эсэхийг хардаггүй, учир нь бүх зүйл Бурханы гарт захирагддаг бөгөөд хүн санаа зовно гэдэг бол тэнэг зан, мунхаглал ухаан мөхөс байдлын, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлзэж, Бурханаас эмээдэггүйн шинж гэдгийг тэр мэддэг байсан. Иовын мэдлэг бол яг Бурханы хүсэж байсан зүйл юм. Тэгэхээр Иов Бурханы талаар та нараас илүү онолын мэдлэгтэй байсан уу? Тэр үеийн Бурханы ажил болон айлдвар цөөхөн байсан учраас Бурханы талаар мэдлэг олж авах нь амаргүй хэрэг байжээ. Иовын тийм амжилт шалихгүй хэрэг байгаагүй. Тэр Бурханы ажлыг үзэж туулаагүй, Бурханы ярихыг хэзээ ч сонсоогүй, мөн Бурханы нүүр царайг хараа ч үгүй. Тэр Бурханд хандах тийм хандлагатай байж чадсан нь бүхэлдээ түүний хүн чанар, хувийн эрэл хайгуул буюу одоогийн хүмүүсийн эзэмшиж чадаагүй хүн чанар, эрэл хайгуулын үр дүн билээ. Тиймээс тэр үед Бурхан “Төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэж хэлсэн. Тэр үед Бурхан түүний талаар аль хэдийн ийм үнэлгээ хийж, ийм дүгнэлтэд хүрсэн байлаа. Энэ нь өнөөдөр хэр их үнэн байх байсан бэ?

Бурхан хэдийгээр хүнээс нуугддаг боловч бүх зүйлийн дундах үйл хэрэг нь Түүнийг мэдэхэд хүнд хангалттай юм

Иов Бурханы царайг хараагүй, Бурханы хэлсэн үгийг сонсоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы ажлыг биечлэн туулаагүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн гэрчлэлийг бүгд нүдээр харсан ба тэдгээрийг нь Бурхан хайрлаж, ихэд таашаан бахдаж, сайшааж, хүмүүс атаархаж, биширч, бүр үгээ олж ядан магтдаг. Түүний амьдралын тухайд гэвэл, агуу, ер бусын юм юу ч байгаагүй: Тэрээр бусад жирийн хүний адилаар хүнээс ялгарах юмгүй амьдарч, нар мандахад ажилдаа явж, нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байв. Ялгаа нь гэвэл, амьдралынхаа ердийн хэдэн арван жилийн туршид тэрээр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замын талаарх мэдлэгийг олж авч, Бурханы агуу хүч чадал, дээд эрхийг ухаарч ойлгосон юм. Тэр бусад эгэл хүнээс илүү ухаалаг байгаагүй, гойд амь бөхтэй ч байгаагүй, цаашлаад түүнд онцгой далд ур чадвар ч байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл бол үнэнч, өрөвч зөөлөн сэтгэл, шулуун шударга зан чанар, шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанар байсан—эдгээр зүйлийн алийг ч эгэл хүмүүсийн ихэнх нь эзэмшдэггүй. Тэрээр хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, бодол санаандаа нарийн нягт анхаарал хандуулдаг байв. Тиймээс дэлхий дээрх ердийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы зовнил, нигүүлсэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ. Ямар ч эгэл хүнээс давсан эдгээр зүйлийг Иов олж авч чадсаны эхний шалтгаан бол, тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харьяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан юм. Хоёр дахь шалтгаан нь түүний эрэл хайгуул байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханд хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх гэсэн түүний эрэл хайгуул байв. Бурханыг харж, Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлийг эзэмшиж, эрэлхийлсэн; тэр Бурханыг хэзээ ч хараагүй боловч бүх зүйлийг захирдаг Бурханы арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдийгээр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй боловч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байлаа. Хэдийгээр түүний амьдралын жилүүд бусад эгэл хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нь нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй. Түүний үзэхэд, бүх зүйлийн хууль Бурханы үйл хэргээр дүүрэн байсан бөгөөд Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд дэлхий дээрх ердийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүх өнцөг булан бүрээс Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж, ухаарч, Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурхан нуугдаж, чимээгүй байдаг нь Бурханы үйл хэргийг ойлгож, ухаарахад Иовд саад болоогүй, мөн Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх түүний мэдлэгт ч нөлөөлөөгүй. Түүний амьдрал нь бүх зүйлийн дотор нуугддаг Бурханы дээд эрх, зохицуулалтыг өдөр тутмын амьдралдаа мэдрэх ухаарал байлаа. Бүх зүйлийн дунд чимээгүй байдаг атлаа бүх зүйлийн хуулийг захирч Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолой болон Өөрийн үгийг илэрхийлдэг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы үгийг тэр бас өдөр тутмын амьдралдаа сонсож, ойлгодог байлаа. Тэгэхээр, хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, эрэл хайгуултай байх юм бол Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм. Бурхан Иовд харагдаж, түүнтэй ярьж байгаагүй боловч Иов төгс, шулуун шударга байж, Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд харагдаж, түүнтэй ярихгүй байхад, бүх зүйлийн дундах Бурханы үйл хэрэг болон бүх зүйлийг захирах Түүний дээд эрх нь Бурханы оршин тогтнол, хүч чадал, эрх мэдлийг хүн мэдэж авахад хангалттай байдаг бөгөөд Бурханы хүч чадал, эрх мэдэл нь хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлах замд оруулахад хангалттай юм. Иов шиг эгэл хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан байхад Бурханыг дагадаг эгэл хүн бүр бас чадах ёстой. Хэдийгээр эдгээр үг зохистой дүгнэлт мэт сонсогдож болох боловч энэ нь юмсын хуулийг зөрчдөггүй. Гэтэл баримтууд санасанд хүрээгүй: Бурханаас эмээж, муугаас зайлахыг гагцхүү Иов л сахих зүйл мэт харагддаг. “Бурханаас эмээж, муугаас зайлах” талаар дурдахад хүмүүс, Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь Иовын нэрээр хаяглагдсан ба бусад хүнд ямар ч хамаагүй мэт үүнийг зөвхөн Иов л хийх ёстой гэж боддог. Үүний шалтгаан тодорхой: Учир нь, зөвхөн Иов л үнэнч, зөөлөн сэтгэлтэй, шулуун шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанартай байсан, тиймээс зөвхөн Иов л Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагаж чадсан. Та нар бүгдээрээ энд буй цаад учрыг ойлгосон байх ёстой—үнэнч, өрөвч зөөлөн, шулуун шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлийг хайрладаг хүн чанарыг хэн ч эзэмшээгүй учраас хэн ч Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй, тиймээс хүмүүс хэзээ ч Бурханы баяр баяслыг олж авч, шалгалтуудын дунд бат зогсож чадахгүй юм. Энэ нь бас, Иовоос бусад бүх хүн мөн л Сатанд хүлэгдэж, урхидуулсан хэвээр байгаа; тэд бүгд Сатанд буруушаагдаж, довтлуулж, доромжлогддог. Сатан тэднийг залгих гэж оролддог, тэд бүгд Сатанд олзлогдсон эрх чөлөөгүй хоригдлууд гэсэн утгатай юм.

Зүрх сэтгэл нь Бурхантай дайсагнадаг бол хүн яаж Бурханаас эмээж, муугаас зайлж чадах билээ?

Нэгэнт өнөөгийн хүмүүс Иовынхтой адил хүн чанарыг эзэмшээгүй болохоор тэдний уг чанар-мөн чанар ба Бурханд хандах хандлага нь ямар вэ? Тэд Бурханаас эмээдэг үү? Тэд муугаас зайлдаг уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй хүмүүсийг хоёр үгээр дүгнэн хэлж болно: “Бурханы дайснууд”. Та нар энэ хоёр үгийг үргэлж хэлдэг боловч жинхэнэ утга учрыг нь ерөөсөө мэдээгүй. “Бурханы дайснууд” гэсэн үгэнд мөн чанар байдаг: Энэ нь Бурхан хүнийг дайснаа гэж хардаг гээгүй, харин хүн Бурханыг дайснаа гэж хардаг. Нэгдүгээрт, хүмүүс Бурханд итгэж эхлэх үедээ өөрийн зорилго, далд санаа, хүсэл эрмэлзэлгүй хэн байх билээ? Хэдийгээр тэдний нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд итгэж, Бурханы оршин тогтнолыг харсан ч гэсэн Бурханд итгэх итгэл нь мөн л тэдгээр далд санааг агуулдаг хэвээр бөгөөд Бурханд итгэх эцсийн зорилго нь Түүний ерөөлийг болон өөрсдийн хүссэн зүйлийг хүртэх явдал байдаг. Хүмүүсийн амийн туршлагаас харвал, “Би Бурханы төлөө гэр бүл, ажил мэргэжлээ хаясан, гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу?…” гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга ийм тооцоо хийж, өөрсдийн санаархал, жолоогүй хүсэл, өгөө аваатай бодол агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханыг Бурхан гэж үзэж ханддаггүй. Хүн үргэлж Бурхантай наймаацах гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай наймаацах гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзээд, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага мэт байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний “Бурханд итгэх итгэлийн” талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх хамгийн гүнзгий ойлголт нь юм. Хүний уг чанар-мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Бурханд итгэх хүний зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, хар санаа, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдал, эерэг зүйлд дургүй бөгөөд жигшмээр бөгөөд шуналтай чанар юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж яахин чадна; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн их төлөөс төлсөн ч, хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байхыг хүсдэггүй, мөн Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм. Одоо Иовыг дахин харцгаая. Юуны түрүүнд, тэр Бурхантай тохиролцоо хийсэн үү? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримтлахдаа далд санаа агуулж байсан уу? Тэр үед Бурхан, ирж буй төгсгөлийн талаар хэн нэгэнд хэлсэн үү? Тэр үед Бурхан, төгсгөлийн талаар хэнд ч амлалт өгөөгүй бөгөөд ийм байхад л Иов Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өнөөдрийн хүмүүс Иовтой харьцуулах хэмжээнд хүрэх үү? Хэтэрхий их ялгаа бий; тэд өөр өөр чанартай. Хэдийгээр Иов Бурханы талаар их мэдлэгтэй байгаагүй ч зүрх сэтгэлээ Бурханд өгсөн ба зүрх сэтгэл нь Бурханд харьяалагдаж байсан. Тэр хэзээ ч Бурхантай наймаацаж байгаагүй, Бурханаас хэтэрхий ихийг хүсэж, шаардаж байгаагүй; тэгэхийн оронд “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэж итгэдэг байсан. Энэ нь олон жилийн амьдралынхаа туршид Бурханаас эмээж, муугаас зайлах замд үнэнч байснаар түүний харж, олж авсан зүйл юм. Түүнчлэн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэсэн үгээр төлөөлүүлсэн үр дүнг олж авсан. Энэ хоёр өгүүлбэр нь, туулсан амьдралынхаа явцад Бурханд дуулгавартай байсан хандлагынхаа үр дүнд түүний харж, мэдэж авсан зүйл байсан ба тэдгээр нь мөн Сатаны сорилтыг ялан дийлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болж, Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсох суурь нь болсон юм. Энэ мөчид та нар Иовыг хайр татам хүн гэж төсөөлж байна уу? Та нар тийм хүн болно гэж найдаж байна уу? Та нар Сатаны сорилтыг туулахаас айж байна уу? Иовынхтой адилхан шалгалтуудыг өөрсөддөө тулгах талаар Бурханд залбирах гэж шийдсэн үү? Ихэнх хүн ийм маягаар залбирч зүрхлэхгүй нь эргэлзээгүй. Тэгэхээр та нарын итгэл өрөвдмөөр өчүүхэн гэдэг нь илэрхий; Иовтой харьцуулбал, та нарын итгэлийг ер дурдахын ч хэрэггүй. Та нар Бурханы дайснууд, та нар Бурханаас эмээдэггүй, Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох чадваргүй бөгөөд Сатаны дайралт, буруушаалт, сорилтуудыг ялах чадваргүй. Та нарыг юу Бурханы амлалтыг хүлээж авах эрхтэй болгож байгаа юм бэ? Иовын түүхийг сонсож, хүнийг аврах Бурханы санаа болон хүний авралын утга учрыг ойлгоод та нарт одоо Иовынхтой адил шалгалтуудыг хүлээн авах итгэл байна уу? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг өөрсдөдөө зөвшөөрөх бага ч гэсэн шийдвэр та нарт байх ёстой биш гэж үү?

Бурханы шалгалтын тухай бүү эргэлз

Шалгалтуудынх нь төгсгөлд Иовоос гэрчлэл хүлээн авсны дараа Бурхан Иовтой адилхан хүмүүсээс бүрдсэн нэг бүлэг хүмүүсийг, эсвэл нэг бүлгээс илүү олон хүнийг олж авна гэж шийдсэн, гэхдээ Сатан Бурхантай мөрийцөж, Иовыг сорьж, дайрч, хорлосон шиг аргаа хэрэглэн өөр ямар ч хүнийг дайрч, хорлохыг Сатанд хэзээ ч дахин зөвшөөрөхгүй гэж шийдсэн; сул дорой, тэнэг, мунхаг хүнд дахин хэзээ ч тийм зүйл хийхийг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй—Сатан Иовыг сорьсон нь хангалттай байв! Хүмүүсийг зоргоороо хорлохыг Сатанд зөвшөөрөөгүй нь Бурханы өршөөл билээ. Бурханы хувьд Иов Сатаны сорилт болон хүчирхийллийг амсаж зовсон нь хангалттай байсан юм. Бурхан, Сатанд дахин хэзээ ч ийм зүйл хийхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурханыг дагадаг хүмүүсийн амь болон бүх зүйлийг Бурхан захирч, зохион байгуулдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хүссэнээрээ ашиглах эрх Сатанд байдаггүй—та нар энэ зүйлийн талаар тодорхой мэдэж байх ёстой! Бурхан хүний сул талд санаа тавьж, тэнэг зан, мэдлэггүй байдлыг нь ойлгодог. Хэдийгээр хүнийг бүрэн аврахын тулд Бурхан түүнийг Сатаны гарт өгөх ёстой боловч Сатан хүнийг хууран мэхэлж, зовоож байхыг нь Бурхан харах хүсэлгүй бөгөөд хүн үргэлж зовж байгааг харахыг хүсдэггүй. Хүнийг Бурхан бүтээсэн ба Бурхан хүний бүх зүйлийг захирч, зохицуулдаг нь тун жам ёсны, үндэслэлтэй зүйл; энэ нь Бурханы хариуцлага, бүх зүйлийг захирдаг Бурханы эрх мэдэл юм! Хүнийг хүссэнээрээ хорлож, мууг нь үзэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, хүний замыг алдуулахын тулд янз бүрийн арга бач хэрэглэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, цаашлаад, хүнийг захирах Бурханы дээд эрхэд саад болохыг Сатанд зөвшөөрдөггүй, мөн хүн төрөлхтнийг удирдах, аврах Бурханы агуу ажлыг бүү хэл, бүх зүйлийг захирахдаа баримтладаг хууль дүрмийг дэвслэн сүйтгэхийг Сатанд зөвшөөрдөггүй! Бурханы аваръя гэсэн хүмүүс болон Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөм ба биежилт, түүнчлэн зургаан мянган жилийн ажилдаа зориулсан Түүний хичээл чармайлтын үнэ юм. Бурхан энэ хүмүүсийг Сатанд санаандгүй өгч хэрхэн чадах билээ?

Хүмүүс Бурханы шалгалтад үргэлж санаа зовж, эмээдэг атлаа дандаа Сатаны урхинд амьдарч, Сатанд довтлуулж, хүчирхийлүүлдэг аюултай орчинд амьдарч байна—гэхдээ тэд айдсыг мэдэхгүй, амарлингуй байдаг. Юу болоод байна вэ? Бурханд итгэх хүний итгэл зөвхөн өөрийнх нь харж чадах зүйлсээр л хязгаарлагддаг. Тэрээр хүнийг гэсэн Бурханы хайр, зовнил, хүнд тавих Түүний өрөвч сэтгэл, анхаарал халамжийг өчүүхэн төдий ч үнэлдэггүй. Харин хүн Бурханы шалгалт, шүүлт, гэсгээлт, сүр жавхлан, уур хилэнгийн талаар бага зэрэг айдас, түгшүүртэй байдгаас биш Бурханы сайн санааны талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг. Шалгалтын талаар дурдахад Бурхан далд сэдэл агуулж байгаа мэт хүмүүст санагддаг, тэр ч байтугай зарим нь Бурхан хорон муу санаа өвөрлөдөг гэж итгэдэг бөгөөд Бурхан тэдэнд яг юу хийх гэж байгааг мэддэггүй; тиймээс, Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байх тухай хашхирахын зэрэгцээ хүнийг захирах Бурханы дээд эрх болон хүнийг гэх Бурханы зохицуулалтыг эсэргүүцэж, тэрслэхийн тулд чадах бүхнээ хийдэг, учир нь хэрвээ тэд анхааралтай байхгүй бол Бурхан тэднийг төөрөгдүүлэх болно, хэрвээ тэд өөрсдийн хувь заяаг захирахгүй бол тэдэнд байгаа бүхнийг Бурхан авч, тэдний амь төгсөж ч болох юм гэж тэд итгэдэг. Хүн Сатаны баазад байдаг, гэхдээ тэр Сатанд хүчирхийлүүлж байгаа талаараа хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд Сатанд хүчирхийлүүлдэг мөртлөө Сатанд олзлогдохоос хэзээ ч айдаггүй. Хүн, Бурханы авралыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд л байдаг мөртлөө хэзээ ч Бурханд итгээгүй, эсвэл Бурхан хүнийг үнэхээр Сатаны савраас аврах болно гэж итгээгүй. Хэрвээ хүн Иовтой адилаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, өөрийн бүхий л оршихуйг Бурханы гарт өгч чадах юм бол хүний төгсгөл Иовынхтой адил байж—Бурханы ерөөлийг хүлээж авахгүй гэж үү? Хэрвээ хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах юм бол алдах зүйл юу байна вэ? Тиймээс та нар үйлдлээ анхаарч, өөрт тохиолдох гэж буй бүх зүйлд болгоомжтой хандаж бай гэж Би зөвлөж байна. Бүү яарч, уулгамчил, мөн Бурханд болон та нарын төлөө Түүний зохицуулсан хүмүүс, аливаа үйл явдал болон юманд өөрийн түргэн зангаар, өөрийн зөнгөөр, эсвэл өөрийн төсөөлөл, үзлээр бүү ханд; та нар үйлдэлдээ болгоомжтой байх ёстой ба Бурханы уур хилэнг хүргэхээс зайлсхийхийн тулд залбирч, илүү их эрж хайх ёстой гэж Би зөвлөж байна. Үүнийг санаж яв!

Дараа нь бид, шалгалтын дараа Иов ямар байсныг харах болно.

5. Шалгалтын дараах Иов

Иов 42:7–9 Тэгээд Ехова эдгээр үгийг Иовд айлдсаныхаа дараа, теман хүн Елифазад хэлсэн нь: “Та нар Миний тухай Миний зарц Иовын ярьсан шиг зөв зүйл яриагүйн учир чамд болон чиний хоёр нөхөрт Миний уур хилэн асаж байна. Тийм учраас одоо долоон бух, долоон хуц өөрсөддөө авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө; Миний зарц Иов та нарын төлөө залбирна: Би түүнийг хүлээн зөвшөөрсөн тул тэнэглэсний чинь улмаас та нарыг шийтгэхгүй. Та нар Миний тухай Миний зарц Иовын ярьсан шиг зөв зүйл яриагүй” гэв. Тиймээс теман хүн Елифаз болон шух хүн Билдад, наамат хүн Зофар гарч, Еховагийн тушаасан ёсоор хийв: Ехова Иовыг хүлээн зөвшөөрөв.

Иов 42:10 Тэгээд түүнийг найз нөхдийнхөө төлөө залбирахад нь Ехова Иовыг урьдын байснаар нь сэргээв: Ехова бас Иовд өмнөхөөс нь хоёр дахин ихийг өгчээ.

Иов 42:12 Иймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөжээ: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат хос шар, мөн нэг мянган эм илжигтэй байлаа.

Иов 42:17 Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.

Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан нандигнадаг, харин мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг

Иов 42:7–9-д Бурхан Иовыг Өөрийн зарц гэж хэлсэн. Тэр Иовын тухай дурдахдаа “зарц” гэдэг нэр томьёог ашигласан нь Түүний зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдлыг харуулсан; хэдийгээр Бурхан Иовыг илүү хүндэтгэлтэйгээр нэрлээгүй ч гэсэн энэ нэршил нь Бурханы зүрх сэтгэл дэх Иовын үнэ цэнд нөлөөлөөгүй. Энд байгаа “зарц” гэдэг нь Иовд Бурханы өгсөн, өхөөрдсөн нэр байсан юм. “Миний зарц Иов” хэмээн Бурхан хэд хэдэн удаа дурдсан нь Иовд хэчнээн сэтгэл хангалуун байсныг нь харуулж байна. Хэдийгээр Бурхан “зарц” хэмээх үгийн цаад утгыг хэлээгүй ч гэсэн “зарц” гэдэг үгийн талаарх Бурханы тайлбарыг Библийн энэ эшлэлд дурдсан үгээс нь харж болно. Бурхан эхлээд теман хүн Елифазд “Та нар Миний тухай Миний зарц Иовын ярьсан шиг зөв зүйл яриагүйн учир чамд болон чиний хоёр нөхөрт Миний уур хилэн асаж байна” гэж хэлсэн. Эдгээр үг нь түүнд ноогдсон Бурханы шалгалтуудын дараах Иовын хэлсэн, хийсэн бүхнийг сайшаан зөвшөөрсөн гэдгээ Бурхан хүмүүст ил тод хэлсэн анхны тохиолдол байсан ба Иовын хэлсэн, хийсэн бүхний үнэн зөв, алдаа мадаггүй байдлыг Тэр ил тод нотолсон анхны тохиолдол байсан юм. Тэдний буруу, учир утгагүй үг ярианы улмаас Бурхан Елифаз болон бусдад нь уурласан, яагаад гэвэл, тэд Иовын нэгэн адил амьдралдаа Бурханы илрэлтийг хараагүй, Түүний хэлсэн үгийг сонсоогүй байсан боловч Иов Бурханы талаар тийм нарийн зөв мэдлэгтэй байхад тэд Бурханы тухай зөвхөн сохроор таамаглаж, Бурханы хүслийг зөрчиж, хийдэг бүхнээрээ Түүний зэвүүг хүргэсэн. Үүнээс үүдэн Бурхан, Иовын хэлсэн, хийсэн бүхнийг сайшаахын зэрэгцээ бусдад нь хилэгнэх болсон, учир нь Бурханаас эмээх ямар ч бодит байдлыг Тэр тэднээс олж харж чадаагүйгээр үл барам, тэдний хэлж ярьж байгаад Бурханаас эмээсэн зүйл огт байхгүй байгааг мөн сонссон юм. Иймээс Бурхан дараа нь тэдэнд доорх шаардлагыг тавьсан: “Тийм учраас одоо долоон бух, долоон хуц өөрсөддөө авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө; Миний зарц Иов та нарын төлөө залбирна: Би түүнийг хүлээн зөвшөөрсөн тул тэнэглэсний чинь улмаас та нарыг шийтгэхгүй.” Энэ эшлэлд Бурхан Елифаз болон бусдад нь өөрсдийн нүглийг наманчлах зүйл хий гэж хэлсэн, учир нь тэдний тэнэглэл бол Ехова Бурханы эсрэг нүгэл байсан бөгөөд тиймээс тэд алдаагаа засахын тулд шатаалт тахил өргөх хэрэгтэй болжээ. Шатаалт тахилыг үргэлж Бурханд өргөдөг, гэхдээ эдгээр шатаалт тахилын тухайд юу ер бусын байна вэ гэвэл, тэдгээрийг Иовд өргөсөн юм. Иов шалгалтуудын үеэр Бурханд гэрчлэл хийсэн учраас Бурхан сайшаасан. Харин тэгэхэд Иовын эдгээр нөхөд түүний шалгалтын үеэр илчлэгдсэн; өөрсдийн тэнэглэлийн улмаас тэд Бурханд яллагдаж, Бурханы уур хилэнг хүргэсэн бөгөөд Бурханд шийтгүүлэх ёстой болсон—Иовын өмнө шатаалт тахил өргөж шийтгүүлсэн—үүний дараа тэдэнд ирсэн Бурханы шийтгэл, уур хилэнг арилгахын тулд Иов тэдний төлөө залбирсан юм. Бурханы санаа нь тэдэнд ичгүүр авчрах явдал байсан, учир нь тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс байгаагүй бөгөөд тэд Иовын шударга чанарыг зэмлэсэн. Нэг талаар, Бурхан тэдний үйлдлийг сайшаагаагүй боловч Иовыг ихэд сайшааж, таашааж байсан гэдгээ тэдэнд хэлж байсан; нөгөө талаар, Бурханд сайшаагдан зөвшөөрөгдөх нь хүнийг Бурханы өмнө өргөдөг, хүн өөрийн тэнэглэлийн улмаас Бурханд жигшигддэг, үүний улмаас Бурханыг гомдоодог бөгөөд Бурханы нүдэнд дорд агаад өөдгүй үзэгддэг гэдгийг Бурхан тэдэнд хэлж байсан. Эдгээр нь хоёр өөр төрлийн хүнд өгсөн Бурханы тодорхойлолт, мөн энэ хоёр төрлийн хүнд хандах Бурханы хандлага бөгөөд энэ хоёр төрлийн хүний үнэ цэн, нэр хүндийн талаарх Бурханы илэрхийлэл билээ. Хэдийгээр Бурхан Иовыг Өөрийн зарц хэмээн нэрлэсэн ч, Бурханы нүдэнд энэхүү зарц нь хайрлагдсан бөгөөд бусдын төлөө залбирч, тэдний алдааг уучлах эрх мэдэл хүртсэн байсан юм. Энэ зарц нь Бурхантай шууд ярилцаж, Бурханы өмнө шууд ирж чаддаг байсан ба байр суурь нь бусад хүмүүсийнхээс илүү өндөр, илүү хүндтэй байв. Энэ нь Бурханы хэлсэн “зарц” хэмээх үгийн жинхэнэ утга учир юм. Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас Иов ийм онцгой алдар хүнд хүртсэн бөгөөд бусад нь яагаад Бурханд зарц гэж дуудуулаагүйн шалтгаан гэвэл, тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй байсан юм. Бурханы илт хоёр өөр энэ хандлага нь хоёр төрлийн хүнд хандах Түүний хандлага юм: Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс Бурханд сайшаагдан зөвшөөрөгдөж, Түүний нүдэнд үнэ цэнтэй харагддаг байхад мулгуу хүмүүс Бурханаас эмээдэггүй, муугаас зайлах чадваргүй ба Бурханы тааллыг хүртэж чаддаггүй; тэд үргэлж Бурханд жигшигдэж, яллагддаг ба Бурханы нүдэнд дорд үзэгддэг.

Бурхан Иовд эрх мэдэл олгосон нь

Иов нөхдийнхөө төлөө залбирсан ба дараа нь Иовын залбирлын ачаар Бурхан тэдэнтэй тэнэглэлд нь тааруулж харьцаагүй—Тэр тэднийг шийтгээгүй, тэдэнд ямар нэг залхаан цээрлүүлэлт хүртээгээгүй. Яагаад тэр вэ? Учир нь, Бурханы зарц Иовын тэдний төлөө хийсэн залбирал Түүний чихэнд хүрсэн; Иовын залбирлыг хүлээн авсан учраас Бурхан тэднийг уучилсан. Тэгэхээр, бид эндээс юу харж байна вэ? Бурхан хүнийг ерөөх үедээ олон шагнал өгдөг, энэ нь зөвхөн эд зүйл байдаггүй: Бурхан тэдэнд эрх мэдэл өгч, бусдын төлөө залбирах эрх олгодог ба эдгээр залбирлыг сонсдог учраас Бурхан тэр хүмүүсийн гэм бурууг мартаж, тоолгүй орхидог. Энэ нь Бурханы Иовд өгсөн яг тэр эрх мэдэл юм. Тэднийг яллахыг болиулах гэсэн Иовын залбирлаар Ехова Бурхан тэр мулгуу хүмүүст ичгүүр авчирсан—энэ нь мэдээжээр, Елифаз болон бусдад нь өгсөн Түүний онцгой шийтгэл байсан юм.

Иов дахин нэг удаа Бурханд ерөөгдөж, Сатанд дахин хэзээ ч буруушаагдаагүй

Ехова Бурханы айлдварт “Та нар Миний тухай Миний зарц Иовын ярьсан шиг зөв зүйл яриагүй” гэсэн үг байсан. Иовын хэлсэн зүйл юу байсан бэ? Энэ бол бидний өмнө нь ярьсан зүйл бөгөөд түүнчлэн Иовын Номд Иовыг хэлсэн гэж тэмдэглэсэн олон хуудас үг юм. Эдгээр олон хуудас үгэнд Иов Бурханы талаар ямар нэгэн гомдол, сэжиг ганц ч удаа хэлээгүй. Тэр зүгээр л үр дүнг хүлээдэг. Энэ хүлээлт нь түүний дуулгавартай байдлын хандлага бөгөөд үүний үр дүнд болон Бурханд хэлсэн үгийнхээ үр дүнд Иов Бурханд сайшаагдсан юм. Түүнийг шалгалт туулж, зовлон бэрхшээл амсаж байх үед Бурхан түүний хажууд байсан бөгөөд Бурхан дэргэд нь байснаар түүний зовлон багасаагүй хэдий боловч Бурхан харахыг хүссэн зүйлээ харж, сонсохыг хүссэн зүйлээ сонссон. Иовын үйлдэл, үг нэг бүр Бурханы нүд, чихэнд хүрсэн; Бурхан сонссон, Бурхан харсан—энэ бол баримт. Тэр хугацаанд Бурханы талаарх Иовын мэдлэг, түүний зүрх сэтгэл дэх Бурханы тухай бодол нь тэр үед үнэндээ өнөөгийн хүмүүсийнхтэй адил тодорхой биш байсан боловч тухайн үеийн нөхцөлд Бурхан Иовын хэлсэн бүхнийг мөн л хүлээн зөвшөөрсөн, учир нь түүний ааш авир, зүрх сэтгэл дэх бодол болон илчилж, илэрхийлж байсан зүйл нь Түүний шаардлагад хангалттай байсан юм. Иовд шалгалт тулгарах хугацаанд түүний зүрх сэтгэлдээ бодсон зүйл болон хийхээр шийдсэн зүйл Бурханд үр дүн харуулсан, үүнд нь Бурхан сэтгэл ханамжтай байсан ба үүний дараа Бурхан Иовын шалгалтыг болиулж, Иов өөрийн зовлон бэрхшээлээс өндийн гарч ирсэн бөгөөд түүний шалгалтууд үгүй болж, түүнд дахин хэзээ ч тохиолдоогүй. Иов аль хэдийн шалгалтад орж, эдгээр шалгалтын явцад бат зогсож, Сатаныг бүрэн ялан дийлсэн учраас хүртэх эрхтэй ерөөлүүдийг нь Бурхан түүнд өгсөн юм. Иов 42:10, 12-т бичигдсэнээр Иов дахиж ерөөгдсөн ба эхний удаагийнхаасаа ч илүү ихээр ерөөгджээ. Энэ үед Сатан холдон явсан бөгөөд цаашид юу ч хэлж, юу ч хийгээгүй, тэр үеэс хойш Сатан Иовыг үймүүлээгүй, дайрч довтлоогүй, Сатан Иовд өгсөн Бурханы ерөөлийг дахиж буруушаагаагүй.

Иов амьдралынхаа сүүлийн хагасыг Бурханы ерөөл дунд өнгөрөөжээ

Хэдийгээр тэр үед Бурханы ерөөл зөвхөн хонь, үхэр, тэмээ, эд хөрөнгө гэх мэт зүйлээр хязгаарлагдаж байсан боловч Иовд хүртээхийг зүрх сэтгэлдээ хүсэж байсан Бурханы ерөөл үүнээс хавьгүй их байсан юм. Тэр үед Бурхан Иовд ямар төрлийн мөнхийн амлалтууд өгөхийг хүсэж байсан талаар тэмдэглэсэн байдаг уу? Иовд өгсөн ерөөлдөө Бурхан түүний төгсгөлийг дурдаж, цухуйлгаагүй ба Бурханы зүрх сэтгэлд Иов хэр зэрэг чухал, эсвэл ямар байр суурьтай байсныг үл харгалзан ерөнхийдөө, Бурхан Өөрийн ерөөлийг тун хэмжээ хязгаартай байлгасан. Бурхан Иовын төгсгөлийг зарлаагүй. Энэ юу гэсэн үг вэ? Тэр үед Бурханы төлөвлөгөө хүний төгсгөлийг тунхаглах цэгт хараахан хүрээгүй байсан бөгөөд төлөвлөгөө нь Түүний ажлын сүүлчийн үе шатанд хараахан ороогүй байхад Бурхан зүгээр л эд хөрөнгийн ерөөлийг хүнд хүртээгээд, төгсгөлийн талаар огт дурдаагүй. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Иовын амьдралын сүүлийн хагас Бурханы ерөөл дунд өнгөрсөн бөгөөд үүгээрээ тэр бусад хүнээс өөр байсан—гэхдээ тэр бусдын л адил хөгширсөн ба ямар ч жирийн хүний нэгэн адил хорвоотой салах ёс хийх өдөр түүнд ирсэн. Тиймээс “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17) хэмээн тэмдэглэсэн байна. Энд байгаа “өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” гэдэг нь ямар утгатай вэ? Бурхан хүмүүсийн төгсгөлийг тунхаглахаас өмнөх эрин үед Бурхан, Иовд амьдрах нас тогтоосон байсан бөгөөд тэр насаа наслаад энэ дэлхийгээс жамаараа одох боломжийг Иовд олгосон юм. Иовын хоёр дахь ерөөлөөс насан эцэслэх хүртэл нь Бурхан түүнд ямар ч зовлон бэрхшээл нэмээгүй. Бурханы хувьд Иовын үхэл жам ёсны бөгөөд бас шаардлагатай байсан; энэ нь маш энгийн зүйл бөгөөд шүүлт ч биш, ял зэмлэл ч биш байсан юм. Иов амьд байхдаа Бурханыг шүтэн мөргөж, Бурханаас эмээдэг байсан; үхсэнийх нь дараа түүнд ямар төрлийн төгсгөл ирсэн талаар Бурхан юу ч хэлээгүй ба энэ талаар тайлбар ч хийгээгүй. Бурхан хэлж, хийж байгаа зүйлдээ ёс зүйн өндөр мэдрэмжтэй байдаг бөгөөд Түүний үг ба үйлдлийн агуулга, зарчим нь Түүний ажлын үе шат болон Түүний ажиллаж байгаа цаг хугацааны дагуу байдаг. Иов шиг ийм хүн Бурханы зүрх сэтгэлд ямар төрлийн төгсгөлтэй байсан бэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд ямар нэгийг шийдсэн байсан уу? Мэдээж, Тэр тэгсэн! Энэ нь зүгээр л хүнд мэдэгдээгүй; Бурхан хүнд хэлэхийг ч хүсээгүй, хүнд хэлэх санаа ч байгаагүй. Тиймээс өнгөцхөн хэлэхэд, Иов хоногоо гүйцээгээд өөд болсон ба Иовын амьдрал ийм л байсан юм.

Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ цэн

Иов үнэ цэнтэй амьдралаар амьдарсан уу? Үнэ цэн нь хаана байсан бэ? Түүнийг үнэ цэнтэй амьдралаар амьдарсан гэж яагаад хэлдэг вэ? Хүний хувьд, түүний үнэ цэн юу байсан бэ? Хүний үзэл бодлоос харвал, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд жинтэй гэрчлэл хийснээрээ тэрээр Бурханы аврахыг хүсдэг хүн төрөлхтнийг төлөөлсөн. Тэгээд Бурханы бүтээлийн биелүүлэх учиртай үүргийг биелүүлж, үлгэр дуурайл үзүүлж, Бурханы аврахыг хүссэн бүх хүний хувьд үлгэр жишээ болж, Бурханд итгэж найдсанаар Сатаныг ялах бүрэн боломжтой гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Бурханы хувьд, түүний үнэ цэн юу байсан бэ? Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэн нь Бурханаас эмээх, Бурханыг шүтэн мөргөх, Бурханы үйл хэргийг гэрчлэх, Бурханы үйл хэргийг магтан алдаршуулах, Бурханд тав тух болон баярлуулах зүйл авчрах чадварт нь оршиж байсан; Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэн нь насан эцэслэхээсээ өмнө Иов хэрхэн шалгалт туулж, Сатаныг ялж, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд цангинасан гэрчлэлд хийсэнд оршиж байсан, ингэснээр Бурхан хүн төрөлхтний дунд алдрыг олж авч, зүрх сэтгэлээ тайтгаруулан, Өөрийн хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлд үр дүнг үзэж, итгэл найдварыг харсан юм. Түүний гэрчлэл нь хүн Бурханы гэрчлэлд баттай зогсох чадварын, мөн хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд Бурханы өмнөөс Сатаныг шившиглэж чадах жишгийг тогтоосон. Энэ нь Иовын амьдралын үнэ цэн биш гэж үү? Иов Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчирч, алдрыг олж авахын баяр хөөрийг Бурханд урьдчилан амсуулж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гайхалтай эхлэлээр хангасан юм. Энэ мөчөөс эхлээд Иовын нэр Бурхан алдрыг олж авсны бэлгэ тэмдэг, хүн төрөлхтөн Сатаныг ялсны тэмдэг болсон юм. Амьдралынхаа турш Иовын амьдран харуулсан зүйл болон Сатаныг ялсан түүний гайхамшигт ялалтыг Бурхан үүрд эрхэмлэх бөгөөд түүний төгс, шулуун шударга, Бурханаас эмээдэг байдлыг хойч үеийнхэн хүндэтгэн дуурайх болно. Түүнийг Бурхан өөгүй, гялалзсан сувд шиг үүрд нандигнах ба хүн ч бас түүнийг эрхэмлүүштэй юм!

Дараа нь Хуулийн эрин үеийн Бурханы ажлыг авч үзэцгээе.

IV. Хуулийн эрин үеийн хуулиуд

Арван Тушаал

Тахилын ширээ босгох зарчим

Зарц нарт хандах хууль

Хулгай ба нөхөн төлбөрийн хууль

Амралтын жил болон гурван баярыг мөрдөх нь

Амралтын өдрийн хууль

Тахилын хууль

Шатаалт тахил

Үр тарианы тахил

Эвийн тахил

Нүглийн төлөөх тахил

Гэмийн төлөөх тахил

Тахилч нарын тахилын хууль (Аарон болон түүний хөвгүүдэд үүнийг дагаж мөрдөхийг тушаасан)

Тахилч нарын өргөх шатаалт тахил

Тахилч нарын өргөх үр тарианы тахил

Тахилч нарын өргөх нүглийн төлөөх тахил

Тахилч нарын өргөх гэмийн төлөөх тахил

Тахилч нарын өргөх эвийн тахил

Тахилч нар тахилыг идэх журам

Цэвэр ба бохир амьтад (идэж болох ба болохгүй амьтад)

Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн цэвэрших хууль

Уяман өвчний үзлэг хийх стандарт

Уяман өвчин нь эдгэсэн хүмүүст зориулсан хууль

Халдвартай байшинг ариутгах хууль

Хэвийн бус шүүрдсээс болж зовж буй хүмүүст зориулсан хууль

Эвлэрүүллийн өдрийг жилд нэг удаа сахиж мөрдөх ёстой

Үхэр, хонь нядлах журам

Харь үндэстнүүдийн жигшүүрт зуршлын талаарх хориг (цус ойртохгүй байх гэх мэт)

Хүмүүсийн дагах ёстой хууль (“Та нар ариун байх ёстой: учир нь та нарын Бурхан Ехова Би ариун билээ” (Леви 19:2))

Хүүхдүүдээ Молехт тахил болгон өгсөн хүмүүсийг цаазлах нь

Садар самууны гэмт хэргийг шийтгэх хууль

Тахилч нарын дагаж мөрдөх ёстой дүрэм (Тэдний өдөр тутмын зан авирын дүрэм, ариун зүйлсийг хэрэглэх дүрэм, тахил өргөх дүрэм гэх мэт)

Сахин тэмдэглэх ёстой баярууд (Амралтын өдөр, Алгасал баяр, Пентэкост, Эвлэрүүллийн өдөр гэх мэт)

Бусад хууль (Дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, Газраа буцааж авах, Тангараг өргөх, Аравны нэгийн өргөл гэх мэт)

Хуулийн эрин үеийн хуулиуд нь Бурхан бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлдгийн бодит нотолгоо юм

Тэгэхээр та нар Хуулийн эрин үеийн эдгээр хууль болон зарчмыг уншлаа, тийм үү? Хууль журам өргөн хүрээг хамарч байна уу? Нэгдүгээрт, тэдгээр нь Арван Тушаалыг хамардаг, үүний дараа хэрхэн тахилын ширээ босгох гэх мэт хуулиуд байдаг. Эдгээрийн араас Амралтын өдрийг сахих болон гурван баярыг тэмдэглэх хууль, дараа нь тахилын хууль байдаг. Хэдэн төрлийн тахил байгааг та нар харсан уу? Шатаалт тахил, үр тарианы тахил, эвийн тахил, нүглийн төлөөх тахил гэх мэт байна. Тэдгээрийн дараа тахилчдын өргөдөг шатаалт тахил, үр тарианы тахил болон бусад төрлийн тахилыг оролцуулаад тахилчдын өргөх тахилын хууль байдаг. Хуулийн найм дахь багц нь тахилчид тахил идэх тухай. Тэгээд дараа нь хүмүүс амьдралдаа сахин мөрдөх ёстой зүйлсийн тухай хуулиуд байдаг. Хүмүүс юу идэж болох, юу идэж болохгүй тухай, хүүхэд төрүүлсэн эмэгтэйн цэвэршүүлэлт ба уяман өвчин нь эдгэрсэн хүмүүст зориулсан хууль гэх мэтээр хүмүүсийн амьдралын олон талд зориулсан болзол заалтууд байдаг. Эдгээр хуульд, Бурхан өвчний тухай хүртэл ярьсан бөгөөд бүр хонь, үхэр нядлах дүрэм журам гэх мэт ч байдаг. Хонь, үхрийг Бурхан бүтээсэн бөгөөд чи тэднийг Бурханы хэлснээр л нядалбал зохино; Бурханы үгэнд учир шалтгаан байдаг нь ямар ч эргэлзээгүй, Бурханы тушааснаар үйлдэх нь гарцаагүй зөв агаад хүмүүст ач тустай нь дамжиггүй! Мөн түүнчлэн Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэтийн сахин тэмдэглэх ёстой баяр, журам дүрмүүд байдаг—Бурхан энэ бүхний тухай ярьсан. Сүүлчийн хэдийг нь харцгаая: бусад хууль болох—дэнлүү асаах, эвэр бүрээдэлтийн жил, газраа буцааж авах, тангараг өргөх, аравны нэгийн өргөл гэх мэт. Эдгээр нь өргөн хүрээг хамарч байна уу? Эхний ярих зүйл бол хүмүүсийн тахилын асуудал. Тэгээд хулгай болон нөхөн төлбөрийн хууль, Амралтын өдрийг тэмдэглэх хууль байдаг…; амьдралын юм бүхэн нэг бүрчлэн багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ хүний дагах учиртай олон хуулийг тогтоосон. Эдгээр хууль нь хүнд, газар дээрх хүний хэвийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй хэвийн амьдралаар амьдрах боломжийг хүнд олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд тахилын ширээ хэрхэн босгохыг, тахил яаж байрлуулахыг хэлж өгсөн. Дараа нь хэрхэн тахил өргөх талаар хүнд хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрахыг—амьдралдаа юуг анхаарах ёстойг, юуг сахин мөрдөх ёстойг, юу хийх ёстойг, юу хийх ёсгүйг тодорхойлон тогтоосон. Хүний төлөө Бурханы тогтоосон зүйлс бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн зан авирыг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуульд ороход нь тэднийг залж, Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд нь тэднийг чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмыг ашигласан, тэгснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн амьдралтай байх байсан, хүний хэвийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн онцгой агуулга юм. Хууль, дүрэм маш өргөн агуулгыг хамардаг, тэдгээр нь Хуулийн эрин үед хүн төрөлхтөнд өгсөн Бурханы удирдамжийн тодорхой зүйлс бөгөөд Хуулийн эрин үеэс өмнө байсан хүмүүс тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндлэх учиртай байсан, тэдгээр нь Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажлын тэмдэглэл агаад бүх хүн төрөлхтнийг удирдан залах Бурханы удирдлага, удирдамжийн бодит баталгаа билээ.

Хүн төрөлхтөн Бурханы сургаал болон хангамжаас мөнхөд салшгүй

Эдгээр хуулиас бид, Өөрийн ажилд, Өөрийн удирдлагад, мөн хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь нухацтай, хянуур, нарийн чанд, хариуцлагатай байдаг гэдгийг харж болно. Тэрээр хүн төрөлхтний дунд хийх ёстой ажлаа Өөрийн алхмуудын дагуу өчүүхэн төдий ч зөрүүгүй хийж, хүн төрөлхтөнд хэлэх ёстой үгээ өчүүхэн төдий ч алдаа мадаггүй, хасаж орхилгүй айлдахдаа хүн бол Бурханы удирдлагаас салшгүй гэдгийг харах боломжийг хүнд олгож, Бурханы хийдэг, хэлдэг бүхэн хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг харуулдаг. Дараагийн эрин үед хүн ямар байхаас үл хамааран, хамгийн анх—Хуулийн эрин үед—Бурхан эдгээр энгийн зүйлийг хийсэн юм. Бурханы хувьд, тухайн эрин үед Бурхан, дэлхий ертөнц болон хүн төрөлхтний талаар хүмүүсийн ухагдахуун хийсвэр, ойлгомжгүй байсан ба хэдийгээр тэдэнд зарим нэг ухамсарт санаа, зорилго байсан ч гэсэн тэдгээр нь бүгд тодорхой бус, буруу байсан, тиймээс хүн төрөлхтөн тэднийг гэх Бурханы сургаал болон хангамжаас салшгүй байсан юм. Хамгийн эртний хүн төрөлхтөн юу ч мэддэггүй байсан, иймээс Бурхан амьд үлдэх хамгийн наад захын, энгийн зарчмууд болон амьдрахад шаардлагатай хуулиудыг хүнд зааж эхлэх хэрэгтэй болсон ба эдгээр зүйлийг хүний зүрх сэтгэлд бага багаар шингээсэн. Үгээс бүтсэн эдгээр хуулиар, эдгээр дүрэм журмаар дамжуулан Бурхан хүнд Өөрийнхөө талаар зугуухан ойлгуулж, Өөрийнхөө удирдлагын тухай мэдлэг, ойлголт, хүн Бурхан хоёрын хоорондын харилцааны үндсэн ухагдахууныг аажмаар өгсөн. Зөвхөн энэ үр дүнд хүрсний дараа л Бурхан бага багаар хожим хийх ажлаа хийж чадах болсон. Тиймээс эдгээр хууль болон Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын үндэс суурь бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эхний үе шат юм. Хуулийн эрин үеийн ажлаас өмнө Бурхан хэдийгээр Адам, Еватай болон тэдний үр удамтай ярьсан ч гэсэн тэдгээр тушаал, сургаал нь нэг бүрчлэн хүнд олгохуйц тийм ч эмхтэй, нарийн тодорхой байгаагүй ба тэдгээрийг бичиж тэмдэглээгүй, мөн тэдгээр нь хууль болоогүй. Яагаад гэвэл, тэр үед Бурханы төлөвлөгөө тийм ч хол яваагүй байсан; Бурхан хүнийг энэ алхам руу хөтөлсөн үедээ л Хуулийн эрин үеийн эдгээр хуулийг ярьж эхлэн, тэдгээрийг хүнээр гүйцэтгүүлэн эхэлж чадах байсан юм. Энэ нь зайлшгүй үйл явц байсан ба үр дүн нь гарцаагүй байсан билээ. Эдгээр энгийн зуршил, хууль нь хүнд Бурханы удирдлагын ажлын алхмуудыг болон удирдлагын төлөвлөгөөндөө Бурханы илчилсэн мэргэн ухааныг харуулдаг. Өөрт нь гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авахын тулд, Өөртэй нь адил санаатай бүлэг хүмүүсийг олж авахын тулд, эхлэхдээ ямар агуулга болон арга барилыг хэрэглэх, үргэлжлүүлэхийн тулд ямар арга хэрэглэхээ, төгсгөхийн тулд ямар арга хэрэглэхээ Бурхан мэддэг. Хүний дотор юу байгааг Тэр мэддэг, хүнд юу дутагдаж байгааг мэддэг. Юу өгөх хэрэгтэйгээ Тэр мэддэг, хүнийг хэрхэн удирдан чиглүүлэх ёстойгоо Тэр мэддэг, мөн түүнчлэн хүн юу хийх ёстойг болон юу хийх ёсгүйг Тэр мэддэг билээ. Хүн яг л хүүхэлдэй шиг: Хэдийгээр тэр Бурханы хүслийн талаар ямар ч ойлголтгүй байдаг боловч өөрийн эрхгүй алхам алхмаар өнөөдрийг хүртэл Бурханы удирдлагын ажилд хөтлөгдсөн. Юу хийх гэж байгаа талаараа Бурханы зүрх сэтгэлд бүрхэг зүйл байгаагүй; Түүний зүрх сэтгэлд маш тодорхой, тод томруун төлөвлөгөө байсан бөгөөд хийхийг хүссэн ажлаа Өөрийн алхмууд болон Өөрийн төлөвлөгөөний дагуу өнгөцхөнөөс гүн гүнзгий рүү давшин Өөрөө хэрэгжүүлсэн юм. Хэдийгээр Тэр хожим хийх гэж буй ажлаа дурдаагүй ч гэсэн Түүний дараагийн ажил төлөвлөгөөтэй нь нягт уялдан үргэлжлэн хэрэгжиж, урагшилсаар байгаа нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохын илрэл бөгөөд мөн Бурханы эрх мэдэл билээ. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний аль үе шатанд ажиллаж байгаагаас үл хамааран, Түүний зан чанар, Түүний мөн чанар Өөрийг нь төлөөлдөг. Энд ямар ч алдаа мадаг үгүй. Эрин үе, ажлын үе шат болон Бурхан ямар төрлийн хүмүүсийг хайрлаж, ямар төрлийн хүмүүсийг жигшдэгээс үл хамааран Түүний зан чанар, Түүнд байгаа бүхэн болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэдийгээр Хуулийн эрин үед Бурханы тогтоосон эдгээр хууль, зарчим нь өнөөгийн хүмүүст маш энгийн, наад захын зүйл мэт санагддаг боловч, хэдийгээр ойлгож, хэрэгжүүлэхэд амархан боловч тэдгээрт Бурханы мэргэн ухаан байсаар байдаг ба Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь оршсоор байдаг. Учир нь, эдгээр энгийн юм шиг хуульд хүн төрөлхтний төлөөх Бурханы хариуцлага, анхаарал халамж, бас Түүний бодлын гайхалтай нарийн мөн чанар илэрхийлэгддэг, тэгснээр Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг Түүний гар удирддаг гэсэн баримтыг үнэхээр ухаарах боломжийг хүнд олгодог. Хүн төрөлхтөн хэчнээн их мэдлэг эзэмшиж, хэчнээн онол, нууцыг ойлгосон нь хамаагүй, Бурханы хувьд эдгээрийн юу нь ч хүн төрөлхтөнд өгөх Түүний хангамж болон удирдлагыг орлож чаддаггүй; хүн төрөлхтөн Бурханы удирдамж болон Бурханы биечлэн хийх ажлаас хэзээд салшгүй байна. Хүн, Бурхан хоёрын салшгүй харилцаа ийм юм. Бурхан та нарт тушаал, хууль өгч, эсвэл та нарт Өөрийн хүслийг ойлгуулах үнэнийг өгөх эсэхийг үл харгалзан, Тэр юу ч хийсэн хамаагүй, Бурханы зорилго бол хүнийг сайхан маргааш руу хөтлөх явдал юм. Бурханы айлддаг үг болон Түүний хийдэг ажил хоёулаа Түүний мөн чанарын нэг талын илчлэл бөгөөд Түүний зан чанар, Түүний мэргэн ухааны нэг талын илчлэл; тэдгээр нь Түүний удирдлагын төлөвлөгөөний зайлшгүй чухал алхам билээ. Үүнийг анзаарахгүй өнгөрч болохгүй! Бурханы хийдэг юм бүхэнд Түүний хүсэл бий; Бурхан таарамжгүй үгээс айдаггүй, мөн Түүний тухай хүний ямар ч үзэл, бодлоос айдаггүй. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний дагуу ямар ч хүн, хэрэг явдал, эд зүйлд баригдалгүй зүгээр л Өөрийн ажлыг хийж, Өөрийн удирдлагыг үргэлжлүүлдэг.

За. Өнөөдрийн хувьд ингээд дууслаа. Дараа дахин уулзья!

2013 оны 11 дүгээр сарын 9

Өмнөх: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Дараах: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх