Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ I

Хурд

БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ I

Өнөөдөр бид нэг чухал сэдвийг ярилцъя. Энэ нь Бурханы ажил эхэлснээс хойш одоо хүртэл хэлэлцэж байгаа сэдэв бөгөөд хүн нэг бүрд тун чухал юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн бүрийн Бурханд итгэх итгэлийн явцад тохиолдох асуудал бөгөөд хөндөх ёстой асуудал юм. Энэ бол хүн өөрсдийгөө салгаж чадахааргүй чухал, зайлшгүй асуудал мөн. Чухал гэснээс, Бурханд итгэгч хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Зарим хүн хамгийн чухал зүйл бол Бурханы хүслийг ойлгох гэж боддог; зарим нь Бурханы үгийг илүү идэж уух нь хамгийн чухал гэж итгэдэг; зарим нь хамгийн чухал зүйл бол өөрсдийгөө мэдэх гэж боддог; бусад нь хамгийн чухал зүйл бол Бурханаар дамжуулан яаж аврал олохыг, хэрхэн Бурханыг дагахыг, Бурханы хүслийг хэрхэн биелүүлэхийг мэдэх явдал юм гэж үздэг. Бид өнөөдөртөө энэ бүх сэдвийг хойш тавья. Тэгэхээр бид юуны тухай хэлэлцэх вэ? Бид Бурханы тухай сэдвийг хэлэлцэнэ. Энэ нь хүн бүрд хамгийн чухал сэдэв мөн үү? Бурханы тухай сэдвийн агуулга нь юу вэ? Мэдээж, энэ сэдэв нь гарцаагүй Бурханы зан чанар, Бурханы мөн чанар болон Бурханы ажлаас салашгүй юм. Тэгвэл өнөөдөр бид “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай” ярилцъя.

Хүн Бурханд итгэж эхэлсэн үеэсээ эхлээд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай сэдвүүдтэй харилцсаар ирсэн. Бурханы ажлын тухайд гэвэл, зарим хүн: “Бурханы ажил бидэн дээр хийгддэг; бид үүнийг өдөр бүр туулдаг болохоор бидэнд танил юм” гэж хэлнэ. Бурханы зан чанарын тухайд гэвэл, зарим хүн: “Бурханы зан чанарын тухай сэдэв нь насан туршдаа бидний судалж, шинжилж, анхаарсаар ирсэн сэдэв тул бидний хувьд мөн л танил юм” гэж хэлнэ. Бурханы Өөрийнх нь тухайд зарим хүн: “Бурхан Өөрөө бол бидний дагадаг, итгэдэг, эрэлхийлдэг Нэгэн тул бидэнд мөн л танил юм” гэж хэлнэ. Бүтээлийн эхлэлээс хойш Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч зогсоогоогүй, энэ зуураа Тэр Өөрийн зан чанарыг үргэлжлүүлэн илэрхийлж, янз бүрийн арга замаар Өөрийн үгийг илэрхийлэхийн зэрэгцээ хүн төрөлхтөнд Өөрийгөө болон Өөрийн мөн чанарыг илэрхийлэхээ, бас Өөрийнхөө хүн төрөлхтөнд хандсан хүсэл болон тэдэнд тавьсан шаардлагыг илэрхийлэхээ хэзээ ч зогсоогоогүй. Иймд шууд утгаараа эдгээр сэдэв нь хэнд ч танил бус байх ёсгүй. Гэтэл өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүст Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө үнэндээ огт танихгүй зүйл юм. Яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь хүн Бурханы ажлыг туулах үедээ мөн Бурхантай холбоотой болдог ба Бурханы зан чанарыг ойлгодог, эсвэл нэг хэсгийг нь мэддэг мэт санагддаг. Ийм болохоор хүн Бурханы ажил болон Бурханы зан чанарын талаар мэддэггүй гэж боддоггүй. Харин ч хүн Бурханыг маш сайн мэддэг ба Бурханы тухай ихийг ойлгодог гэж боддог. Гэвч өнөөгийн нөхцөл байдалд үндэслэвэл олон хүний Бурханы тухай ойлголт номоос уншсан зүйлээс нь хэтрэлгүй, тэдний хувийн туршлагын цар хүрээнд боогдож, төсөөлөлд нь баригдсан, цаашлаад тэдний нүдээрээ харж чадах баримтуудаар хязгаарлагдсан байдаг. Энэ бүхэн нь Бурханы Өөрийн үнэн байдлаас маш хол байдаг. Энэ “хол” гэдэг нь яг хэр хол юм бэ? Хүн өөрөө тодорхойгүй байж магадгүй, эсвэл бага зэрэг ойлголт, бага зэрэг мэдрэмжтэй байж магадгүй ч Бурханы Өөрийн тухайд бол Түүний тухай хүний ойлголт нь жинхэнэ Бурханы Өөрийн мөн чанараас хэтэрхий хол байдаг. Ийм учраас бид “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө” гэсэн сэдвийг системтэйгээр, нарин тодорхой хэлэлцэх шаардлагатай болж байгаа юм.

Үнэн хэрэгтээ Бурханы зан чанар нь хүн бүрд нээлттэй байдаг ба нуугдмал байдаггүй, учир нь Бурхан хэзээ ч санаатайгаар аливаа хүнээс зайлсхийдэггүй ба хүмүүсийг Өөрийг нь мэдэх, Өөрийг нь ойлгох боломжгүй болгох гэсэндээ Өөрийгөө хэзээ ч зориуд нууж байгаагүй. Харин Бурханы зан чанар үргэлж нээлттэй байсаар ирсэн бөгөөд хүн тус бүрд үргэлж ил тод дайралддаг. Бурханы удирдлагын үеэр Бурхан хүн бүхэнд хандаж Өөрийн ажлыг хийдэг бөгөөд Түүний ажил хүн бүр дээр хийгддэг. Тэрээр эдгээр ажлыг хийхдээ зан чанараа тасралтгүй илэрхийлж, хүн нэг бүрийг удирдан чиглүүлж, хангахын тулд Өөрийн мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоо ашиглаж байдаг. Эрин үе болгонд, үе шат бүрд нөхцөл байдал сайн ч бай, муу ч бай, Түүний амь хүнийг байнга, зогсолтгүйгээр хангаж, дэмжиж байдагтай адилаар Бурханы зан чанар үргэлж хүн бүрд нээлттэй байдаг бөгөөд Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хүн бүрд нээлттэй байдаг. Гэхдээ зарим хүний хувьд Бурханы зан чанар далд хэвээр үлддэг. Яагаад тэгдэг вэ? Учир нь, энэ төрлийн хүмүүс Бурханы ажил дотор амьдарч, Бурханыг дагадаг атлаа Бурханд ойртох гэх нь байтугай Бурханыг ойлгох гэж хэзээ ч оролдоогүй, Бурханыг мэдэхийг ч хүсээгүй. Энэ хүмүүсийн хувьд Бурханы зан чанарыг ойлгоно гэдэг нь тэдний төгсгөл ирж байна гэсэн үг юм; тэд Бурханы зан чанараар шүүгдэж, яллагдах гэж байна гэсэн үг юм. Иймд энэ хүмүүс хэзээ ч Бурханыг болон Түүний зан чанарыг мэдэхийг хүсэж байгаагүй ба Бурханы хүслийг илүү гүнзгий мэдэж, ойлгохоор шимтдэггүй. Тэд ухамсартай хамтын ажиллагаагаар Бурханы хүслийг ойлгох санаагүй байдаг—тэд зөвхөн хүссэн юмаа цуцалтгүй хийж, түүндээ үүрд сэтгэл хангалуун байдаг; итгэхийг хүсдэг Бурхандаа л итгэдэг; өөрсдийнх нь төсөөлөлд оршдог Бурханд, өөрсдийнх нь үзэлд оршдог Бурханд итгэдэг; мөн өдөр тутмын амьдралдаа өөрөөс нь сүүдэр мэт салшгүй Бурханд итгэдэг. Жинхэнэ Бурханы Өөрийн тухайд бол тэд огт тоосон шинжгүй байж, Түүнийг ойлгох, Түүнд анхаарал хандуулах хүсэлгүй байж, Түүнд ойртох санаа бүр ч бага байдаг. Харин тэд Бурханы илэрхийлдэг үгийг зөвхөн өөрсдийгөө өнгөлөн далдалж, сайхан харагдуулахын тулд л ашигладаг. Ингэснээр, өөрсдийгөө аль хэдийн амжилттай итгэгчид болон Бурханд зүрх сэтгэлийнхээ гүнд итгэдэг гэж тэд боддог. Тэд зүрх сэтгэлдээ өөрсдийн төсөөлөл, өөрсдийн үзэл болон Бурханы тухай өөрсдийн хувийн тодорхойлолтод ч хөтлөгддөг. Харин жинхэнэ Бурхан Өөрөө тэдэнд огт хамаагүй байдаг. Учир нь, тэд жинхэнэ Бурханыг Өөрийг нь ойлгож, Бурханы жинхэнэ зан чанарыг ойлгон, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг нэгэнт ойлгосон цагт тэдний үйлдэл, тэдний итгэл, тэдний эрэл хайгуул яллагдана гэсэн үг юм. Ийм учраас тэд Бурханы мөн чанарыг ойлгохыг хүсэхгүй байгаа ба Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү сайн мэдэх, Бурханы зан чанарыг илүү сайн ойлгохын тулд идэвхтэйгээр эрж хайх, залбирах дургүй, хүсэлгүй байдаг. Тэд Бурханыг зохиомол, хоосон хөндий, тодорхой бус зүйл байгаасай гэж хүсдэг. Тэд Бурханыг яг л өөрсдийнх нь төсөөлсөнтэй адилхан нэгэн, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг нэгэн, дуусашгүй нөөцтэй, үргэлж бэлэн байдаг нэгэн байхыг хүсдэг. Тэдэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй болоход тэрхүү нигүүлсэл нь байгаач гэж тэд Бурханаас гуйдаг. Тэдэнд Бурханы ерөөл хэрэгтэй болоход тэрхүү ерөөл нь байгаач гэж Бурханаас гуйдаг. Өөрсдөд нь таарамжгүй орчин нөхцөл тулгарахад тэд, өөрсдийг нь зоригжуулж, арын хамгаалалт болооч гэж Бурханаас гуйдаг. Энэ хүмүүсийн Бурханы тухай мэдлэг нь нигүүлсэл болон ерөөлийн хүрээн дотор гацсан байдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы тухай тэдний ойлголт нь төсөөлөл болон бичиг үсэг, хоосон сургаал төдийхнөөр хязгаарлагдаж байдаг. Гэвч Бурханы зан чанарыг ойлгохыг эрмэлздэг, Бурханыг Өөрийг нь жинхэнээсээ харахыг, Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа, Бурхан юу болохыг үнэхээр ойлгохыг хүсдэг зарим хүн бий. Энэ хүмүүс үнэний бодит байдал болон Бурханы авралын араас хөөцөлдөж, Бурханы байлдан дагуулалт, аврал, төгс болголтыг хүлээн авахыг эрж хайж байдаг. Энэ хүмүүс Бурханы үгийг уншихдаа зүрх сэтгэлээ ашигладаг, мөн тэдэнд зориулан Бурханы бэлтгэсэн хүн, үйл явдал, юм бүрийг биечлэн мэдрэхэд зүрх сэтгэлээ ашигладаг бөгөөд үнэнчээр залбиран эрж хайдаг. Тэдний хамгийн их хүсдэг зүйл бол Бурханы хүслийг мэдэж, Бурханы жинхэнэ зан чанар болон мөн чанарыг ойлгох явдал юм. Ингэснээрээ тэд Бурханд халдахаа больж, туршлагаараа дамжуулан Бурханы хайр татам байдлыг болон Түүний үнэн талыг илүү их харах чадвартай болно. Мөн ингэснээр тэдний зүрх сэтгэлд жинхэнэ бодит Бурхан оршин тогтнох ба ингэснээр Бурхан тэдний зүрхэнд байраа эзэлж, тэд цаашид төсөөлөл, үзэл, мөн тодорхой бус байдлын дунд амьдрахаа болино. Энэ хүмүүс Бурханы зан чанар болон Түүний мөн чанарыг ойлгох тулгамдсан хүсэлтэй байдгийн шалтгаан бол Бурханы зан чанар болон мөн чанар нь хүний туршлагын аль ч мөчид хэрэг болж болох, насан туршид нь амийг тэтгэх зүйл юм. Бурханы зан чанарыг ойлгомогцоо тэд Бурханыг илүү хүндэтгэн, Бурханы ажилд илүү сайн хамтран ажиллаж, Бурханы хүсэлд илүү анхааралтай байж чадаж, үүргээ сайн биелүүлдэг. Энэ бол Бурханы зан чанарт хандах хоёр төрлийн хүний хандлага юм. Эхнийх нь Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй. Тэд Бурханы зан чанарыг ойлгож, Бурханыг Өөрийг нь мэдэж, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харахыг хүсдэг, Бурханы хүслийг үнэхээр мэдрэхийг хүсдэг гэцгээдэг боловч сэтгэлийнхээ гүнд Бурхан оршин байдаггүй байсан нь дээр гэж боддог. Яагаад гэвэл, эдгээр хүмүүс байнга Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг; тэд байр суурийн төлөө зүрх сэтгэлдээ Бурхантай тэмцэлдэж, Бурханы оршин тогтнолыг үргэлж сэжиглэж, бүр үгүйсгэдэг. Тэд зүрх сэтгэлээ Бурханы зан чанараар буюу бодит Бурханаар Өөрөөр эзэмдүүлэх хүсэлгүй байдаг. Тэд зөвхөн өөрсдийн хүсэл, төсөөлөл болон санаархлаа л хангахыг хүсдэг. Тиймээс энэ хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагаж, мөн Түүний төлөө гэр бүл, ажлаа орхиж чадах боловч муу үйлээ төгсгөдөггүй. Цаашлаад зарим нь тахил хулгайлж, зарим нь тахилийг үрэн таран хийж, зарим нь бас Бурханыг нууцаар харааж байхад бусад нь өөрсдийгөө ахин дахин гэрчилж, өөрсдийгөө өргөмжилж, хүмүүс болон байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэхийн тулд байр сууриа ашигладаг. Тэд хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлэхийн тулд төрөл бүрийн арга саам ашигладаг ба хүмүүсийн сэтгэлийг байнга өөртөө татаж, хяналтдаа оруулахаар хичээдэг. Цаашлаад зарим нь, өөрсдийгөө Бурхан хэмээн хүмүүст санаатайгаар буруу ойлгуулж, хүмүүсийг өөрт нь Бурхан шиг хандахад хүргэдэг. Тэр өөрийгөө ялзарсан хүн гэдгээ, мөн ялзарч, биеэ тоосон ба өөрийг нь шүтэх хэрэггүй, тэр хэчнээн ч сайныг үйлдсэн бай, тэр нь бүхэлдээ Бурханы өргөмжлөл бөгөөд тэдний хийх ёстой зүйл гэдгийг хүмүүст хэзээ ч хэлдэггүй. Тэд эдгээр зүйлийг яагаад хэлдэггүй вэ? Учир нь тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа алдахаас маш их айдаг. Иймээс ийм хүмүүс Бурханыг хэзээ ч өргөмжилдөггүй, мѳн Бурханд гэрчлэл хийдэггүй. Тэр хэзээ ч Бурханыг ойлгохоор оролдож байгаагүй учраас Бурханыг өргөмжилж, гэрчилдэггүй. Тэр Бурханыг ойлголгүйгээр Бурханыг мэдэж чадах уу? Тэгэх боломжгүй! Иймд “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө” гэх сэдэв дэх хэдэн үг энгийн байж болох боловч хүн болгоны хувьд ач холбогдол нь өөр юм. Үргэлж Бурханд дуулгаваргүй байдаг, Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дайсагнадаг хүний хувьд энэ нь яллалт гэсэн үг юм; харин үнэний бодит байдлыг эрэлхийлдэг, үргэлж Бурханы өмнө ирж, Бурханы хүслийг эрж хайдаг хүний хувьд усанд орсон загас мэт байдаг нь эргэлзээгүй. Тэгэхээр, та нарын зарим нь Бурханы зан чанар, Бурханы ажлын тухай яриаг сонсмогцоо толгой нь өвдөж, зүрх нь эсэргүүцлээр дүүрч, жигтэйхэн тавгүйтдэг. Гэвч зарим нь сонссоны дараа: Энэ сэдэв надад маш ашиг тустай учраас яг хэрэгтэй зүйл байна. Энэ бол миний амийн туршлагад дутагдаж болшгүй хэсэг; энэ бол хамгийн үндсэн чухал зүйл, Бурханд итгэх итгэлийн үндэс бөгөөд хүн түүнээс салж болохгүй гэж боддог. Та бүгдийн хувьд энэ сэдэв ойрхон бөгөөд хол, мэдэхгүй боловч танил санагддаг. Гэхдээ ямартай ч, энэ бол хүн бүрийн сонсох ёстой, мэдэх ёстой бөгөөд ойлгох ёстой сэдэв юм. Чи үүнд яаж хандах, үүнийг яаж харах, хэрхэн хүлээж авахаас үл хамааран энэ сэдвийн чухал ач холбогдлыг тоохгүй байж болохгүй.

Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа эхлэн Өөрийн ажлыг хийсээр ирсэн. Эхэндээ энэ ажил маш энгийн байсан ч гэсэн Бурханы мөн чанар болон зан чанарын илэрхийллийг агуулж байв. Хэдийгээр өнөөдрийг хүртэл Бурханы ажи лилүү өндөр түвшинд хүрч, Өөрийг нь дагагч хүн бүрд асар олон тооны тодорхой ажил зориулж, мөн нэлээд олон тооны үгийг илэрхийлсэн боловч Бурханы үнэн бие эхнээсээ эдүгээг хүртэл хүн төрөлхтнөөс нуугдсаар ирсэн. Хэдийгээр Тэр хоёр удаа бие махбодтой болсон боловч, Библид тэмдэглэгдсэн үйл явдлын үеэс өнөөг хүртэл Бурханы үнэн биеийг ер нь хэн харсан юм бэ? Та нарын ойлголт дээр үндэслэвэл, Бурханы жинхэнэ биеийг харсан хүн ер нь байна уу? Байхгүй. Хэн ч Бурханы үнэн биеийг хараагүй, өрөөр хэлбэл, хэн ч Бурханы үнэн төрхийг үзээгүй. Энэ бол хүн бүрийн хүлээн зөвшөөрдөг зүйл юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үнэн бие буюу Бурханы Сүнс нь Түүний бүтээсэн Адам, Ева болон Түүний хүлээн зөвшөөрсөн зөв шударга хүн Иовыг оролцуулаад бүх хүнээс нуугдмал байдаг. Тэд хүртэл Бурханы үнэн биеийг хараагүй юм. Тэгвэл Бурхан яагаад Өөрийн үнэн биеийг зориудаар далдалдаг вэ? Зарим хүн: “Бурхан хүмүүсийг айлгахаасаа эмээдэг” гэж хэлдэг. Зарим нь: “Хүн дэндүү жижигхэн, Бурхан дэндүү том учраас Бурхан Өөрийн үнэн биеийг нуудаг; хүмүүс Бурханыг харж болохгүй, эс бөгөөс тэд үхнэ” гэдэг. Бас: “Бурхан Өөрийн ажлыг өдөр бүр удирдаад завгүй байдаг, хүмүүст Өөрийгөө харуулахаар гарч ирэх цаг Түүнд байдаггүй байх” гэж хэлэх хүмүүс ч бий. Та нар алинд нь ч итгэдэг бай хамаагүй, Надад нэг дүгнэлт байна. Энэ дүгнэлт нь юу вэ? Энэ бол Бурхан үнэн биеэ хүмүүст харуулъя гэж огт хүсдэггүй гэсэн дүгнэлт юм. Хүмүүсээс нуугдмал байх нь Бурханы зориуд хийдэг зүйл. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн үнэн биеийг хүмүүст санаатайгаар харуулдаггүй. Үүнийг та нар бүгд ойлгосон байхаа. Нэгэнт Бурхан Өөрийн үнэн биеийг хэнд ч харуулаагүй тул Бурханы үнэн бие оршин байдаг гэж та нар итгэдэг үү? (Тэр оршин байдаг.) Мэдээж Тэр байдаг. Бурханы үнэн бие оршин байдаг нь эргэлзээгүй юм. Гэвч Бурханы үнэн бие хэр том болох, эсвэл ямар харагддаг тухайд гэвэл, эдгээр асуултыг хүн төрөлхтөн судлах хэрэгтэй юу? Үгүй. Үгүйсгэсэн хариу байна. Бурханы үнэн биеийн тухай сэдэв бол бидний судлах хэрэгтэй асуудал биш, тэгвэл бидний судлах хэрэгтэй асуудал юу вэ? (Бурханы зан чанар.) (Бурханы ажил.) Гэвч албан ёсны сэдэв рүүгээ орохын өмнө саяхан хэлэлцэж байсан зүйлдээ буцаж очъё: Бурхан яагаад Өөрийн үнэн биеийг хэзээ ч хүн төрөлхтөнд харуулаагүй вэ? Яагаад Бурхан Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтнөөс зориуд нуудаг вэ? Үүнд зөвхөн ганц л шалтгаан байгаа ба тэр нь: Хэдийгээр бүтээгдсэн хүн нь Бурханы ажлыг хэдэн мянган жилийн туршид туулсан боловч Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы мөн чанарыг мэддэг ганц ч хүн байхгүй. Бурханы нүдээр бол, ийм хүн төрөлхтөн Өөрийнх нь эсрэг байдаг ба Өөрт нь дайсагнадаг хүмүүст Бурхан Өөрийгөө харуулдаггүй. Энэ бол Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн үнэн биеийг хэзээ ч харуулалгүй, Өөрийн үнэн биеийг тэднээс зориуд халхалдгийн цорын ганц шалтгаан юм. Та нар одоо Бурханы зан чанарыг мэдэж авахын чухал ач холбогдлыг тодорхой ойлгосон биз дээ?

Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхэд үргэлж бүх анхаарлаа хандуулж иржээ. Хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг хэдий ч Тэр үргэлж тэдний дэргэд байж, тэдэн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдлээр хүн бүр дээр ажилласаар ирсэн болохоор Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон одоогийн Хаанчлалын эрин үеийг авчирсан. Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон хүн төрөлхтнийг гэх Түүний хүсэл нь хүмүүсийг харж, мэдрэг гэж нээлттэй ил байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүмүүсийн харилцсаар ирсэн Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийн цэвэр илэрхийлэл мөн. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажлыг ямар аргаар, эсвэл аль өнцгөөс хийж байгаагаас үл хамааран хүмүүст үргэлж Өөрийн жинхэнэ ялгамж чанараар хандаж, хийх ёстой зүйлээ хийж, хэлэх ёстой зүйлээ хэлж байдаг. Бурхан ямар ч өнцгөөс ярьж байсан бай—гурав дахь тэнгэрт зогсож байсан ч, эсвэл махбодод орших юм уу бүр энгийн хүний байдлаар байсан ч—Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх сэтгэл зүрхнээс, Өөрийн бүх оюун ухаанаар, хуурч мэхлэхгүйгээр, нууж далдлахгүйгээр ярьдаг. Өөрийн ажлыг явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон зан чанарыг илэрхийлж, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохоо юу ч үлдээлгүй илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр залж чиглүүлдэг. Харагддаггүй, баригддаггүй Бурханы удирдамж дор хүн төрөлхтний өлгий эрин болох Хуулийн эрин үеийг хүн ийнхүү туулсан юм.

Хуулийн эрин үеийн дараа Бурхан анх удаа махбод болсон ба бие махбодтой болсон цаг хугацаа нь гучин гурван жил хагас үргэлжилсэн билээ. Хүний хувьд гучин гурван жил хагас гэдэг урт хугацаа юу? (Урт биш.) Хүний насны хэмжээ гучин хэдэн жилээс ер нь урт байдаг тул энэ нь хүний хувьд нэг их урт цаг хугацаа биш. Гэхдээ бие махбодтой болсон Бурханы хувьд энэ гучин гурван жил хагас бол маш урт юм. Тэр Бурханы ажил, Бурханы даалгаврыг үүрсэн хүн, энгийн хүн болсон. Энэ нь Тэрээр жирийн хүний хийж чадахгүй ажлыг хариуцаж, үүний зэрэгцээ энгийн хүний тэсвэрлэж чадахгүй зовлонг туулах болсон гэсэн үг юм. Нигүүлслийн эрин үед, ажлынх нь эхлэлээс загалмайд цовдлогдох хүртэлх хугацаанд Эзэн Есүсийн амссан зовлонгийн хэмжээг өнөөдрийн хүмүүс нүдээр үзэж чадахгүй байж болох ч та нар Библийн түүхээс үүнийг бага зэрэг ойлгож чадах уу? Эдгээр тэмдэглэсэн баримтад хэчнээн олон нарийн зүйл байдгаас шалтгаалахгүйгээр ерөнхийдөө, энэ хугацаан дахь Бурханы ажил бэрхшээл, зовлонгоор дүүрэн байлаа. Ялзарсан хүний хувьд, гучин гурван жил хагас нь урт хугацаа биш; бага зэрэг зовлон амсах нь том асуудал биш. Гэвч ариун, ямар ч өө сэвгүй Бурханы хувьд бол Тэрээр бүх хүний нүглийг үүрэх хэрэгтэй болж, нүгэлтнүүдтэй хамт идэж, хонож, амьдрах нь хэтэрхий их зовлон шаналал юм. Тэрээр Бүтээгч, бүх зүйлийн Захирагч, бүх юмны Эзэн атал энэ ертөнцөд ирж, ялзарсан хүмүүсийн дарлал, харгислалыг тэсвэрлэх хэрэгтэй болсон. Өөрийн ажлыг дуусгаж, хүн төрөлхтнийг зовлонгоос аврахын тулд Тэр хүнээр яллагдаж, бүх хүний нүглийг үүрэх хэрэгтэй байлаа. Түүний туулсан зовлонгийн хэмжээг жирийн хүн төсөөлж, мэдрэх боломжгүй юм. Энэ зовлон юуг харуулдаг вэ? Энэ нь хүн төрөлхтнийг гэх Бурханы зориулалтыг харуулдаг. Энэ нь хүнийг аврахын тулд, хүмүүсийг нүглээс золин аврахын тулд, Өөрийн ажлын энэ шатыг дуусгахын тулд Түүний тэвчсэн доромжлол, төлсөн төлөөсийг харуулдаг. Энэ нь бас Бурхан хүн төрөлхтнийг загалмайгаас золин аврах байсныг харуулдаг. Энэ нь бүтээгдсэн зүйл төлж чадашгүй, цусаар, амиар төлсөн төлөөс мөн. Учир нь, Түүнд Бурханы мөн чанар байдаг ба Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг эзэмшсэн тул Тэр ийм төрлийн зовлонг дааж, ийм төрлийн ажлыг хариуцаж чаддаг. Энэ бол Түүний оронд ямар ч бүтээлийн хийж чадахгүй зүйл юм. Энэ нь Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажил, Түүний илэрхийлсэн зан чанар билээ. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг энэ нь илэрхийлж байна уу? Хүн төрөлхтний мэдүүштэй зүйл энэ мөн үү?

Тэрхүү эрин үед хүмүүс Бурханы үнэн биеийг хараагүй боловч Бурханы нүглийн тахилыг хүлээн авч, загалмайгаас Бурханаар золин аврагдсан. Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажлын талаар хүмүүс мэдэж магадгүй боловч энэ хугацаанд Бурханы илэрхийлсэн зан чанар болон хүслийн талаар мэддэг хүн бий юу? Хүмүүс ердөө л өөр өөр эрин үед хийсэн Бурханы ажлын нарийн ширийнийг янз бүрийн сувгаар дамжуулан мэддэг, эсвэл Бурханыг ажлаа хийж байх үед гарсан Бурханд холбогдолтой түүхүүдийг л мэддэг. Эдгээр агуулга болон түүх нь Бурханы тухай зүгээр л нэг мэдээлэл, эсвэл домгоос цаашгүй байдаг ба Бурханы зан чанар болон мөн чанартай ямар ч хамаагүй. Иймд хүмүүс Бурханы тухай хэдэн ч түүх мэддэг байх нь хамаагүй, тэд Бурханы зан чанар болон Түүний мөн чанарын тухай гүнзгий ойлголт болон мэдлэгийг төлөөлж чадахгүй. Хуулийн эрин үетэй адилаар, Нигүүлслийн эрин үеийн хүмүүс махбод дахь Бурхантай ойрхон, дотно холбоотой байсан боловч Бурханы зан чанар болон Бурханы мөн чанарын тухай мэдлэг нь бараг хоосон байсан.

Хаанчлалын эрин үед Бурхан эхний удаагийнхтайгаа адилаар дахин махбод болсон. Ажлынхаа энэ хугацаанд Бурхан мөн л Өөрийн үгийг илэн далангүй илэрхийлж, хийх ёстой ажлаа хийж, Өөртөө юу байгааг болон Өөрийгөө юу болохыг илэрхийлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүний дуулгаваргүй, мунхаг байдлыг тэсэн тэвчсээр байсан. Бурхан ажлынхаа энэ хугацаанд ч гэсэн үргэлж Өөрийн зан чанарыг харуулж, Өөрийн хүслийг илэрхийлж байгаагүй гэж үү? Иймд хүнийг бүтээснээс эхлээд одоог хүртэл Бурханы зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, Түүний хүсэл нь хүн бүрд үргэлж нээлттэй байсаар байдаг. Бурхан Өөрийн мөн чанар, зан чанар, эсвэл Өөрийн хүслийг хэзээ ч зориуд нууж байгаагүй. Хүн Бурханы юу хийж байгааг, Түүний хүсэл юу болохыг тоохгүй байгаа л хэрэг, тийм учраас Бурханы тухай хүний ойлголт ийм өрөвдөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн үнэн биеийг нуухын зэрэгцээ хором бүрд хүний дэргэд байж, Өөрийн хүсэл, Өөрийн зан чанар болон мөн чанарыг үргэлж нээлттэй илэрхийлж байдаг. Зарим талаар, Бурханы үнэн бие хүмүүст бас нээлттэй байдаг боловч сохор, дуулгаваргүй байдлаасаа болж тэд Бурханы илрэлтийг үргэлж харж чаддаггүй. Иймээс хэрвээ одоогийн нөхцөл байдлаар бол Бурханы зан чанарыг болон Бурханыг Өөрийг нь ойлгоход хүн бүрд хялбар байх биш үү? Энэ нь хариулахад маш хэцүү асуулт байна, тийм үү? Та нар үүнийг хялбар гэж хэлж болно, гэхдээ зарим хүн Бурханыг мэдэхээр эрж хайдаг атлаа Түүнийг хэзээ ч мэдэж, эсвэл Түүний талаар тодорхой ойлголттой болж чаддаггүй—энэ нь үргэлж бүдэг бадаг, тодорхойгүй байдаг. Харин та нар үүнийг тийм ч амаргүй гэж хэлбэл энэ нь ч бас буруу юм. Ийм урт хугацаанд Бурханы ажлыг туулсаар ирсэн учир хүн бүр туршлагаараа дамжуулан Бурхантай жинхэнээсээ харилцаж байсан. Тэд ядаж л Бурханыг зүрх сэтгэлдээ тодорхой хэмжээгээр мэдэрсэн, эсвэл өмнө нь зүрх сэтгэлдээ Бурхантай тааралдсан болохоор Бурханы зан чанарын талаар бага зэрэг ухамсарласан буюу Түүний тухай зарим ойлголтыг олж авсан байх ёстой. Бурханыг дагаж эхэлсэн цагаас одоог хүртэл хүн хэтэрхий ихийг хүртсэн боловч хүний муу хэв чанар, мунхаг байдал, дуулгаваргүй байдал болон төрөл бүрийн санаа зорилго гэсэн олон шалтгааны улмаас хүн бас үүнээс дэндүү ихийг нь алдсан. Бурхан хүнд хангалттай ихийг аль хэдийн өгчихөөгүй гэж үү? Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг ч, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, тэр ч байтугай Өөрийн амиар тэднийг хангадаг; Бурханы тухай хүмүүсийн мэдлэг нь зөвхөн одоогийнх шигээ байх ёсгүй юм. Ийм учраас Би Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийн тухай сэдвээр та бүхэнтэй цаашид нөхөрлөх хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр мянга мянган жилийн турш хүнд зориулсан Бурханы чин сэтгэлийн хүчин чармайлт дэмий өнгөрөхгүй ба үүний зэрэгцээөөрсдийг нь гэсэн Бурханы хүслийг хүнд үнэнээсээ ойлгуулж, мэдэрч чаддаг болгох зорилготой. Ингэснээр Бурханы тухай хүмүүсийн мэдлэг шинээр нэг алхам урагшилж чадна. Энэ нь бас Бурханыг хүмүүсийн зүрх сэтгэл дэх жинхэнэ байранд нь буцааж, өөрөөр хэлбэл, Түүнд шударгаар хандах болно.

Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь ойлгохын тулд маш бага зүйлээс эхлэх ёстой. Та нар юунаас бага багаар эхлэх ёстой вэ? Юуны өмнө, Би Библийн зарим нэг бүлгийг олсон. Доорх мэдээлэл нь бүгд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай сэдэвтэй холбоотой Библийн эшлэлүүдийг агуулдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь мэдэхэд чинь лавлах материал болгохын тулд Би эдгээр эшлэлийг тусгайлан олсон юм. Бурхан урьдын ажлаараа илэрхийлсэн боловч хүмүүсийн мэддэггүй зан чанар болон мөн чанар юу болохыг харахын тулд Би энд та нартай эдгээр эшлэлийг хуваалцах болно. Эдгээр эшлэл хэдийгээр хуучин боловч бидний ярилцаж байгаа сэдэв хүмүүст байдаггүй, хэзээ ч сонсож байгаагүй шинэ зүйл юм. Та нарын заримд энэ нь ойлгогдошгүй байж магадгүй—Адам, Еваг дурсаж, Ноа руу эргэж очих нь хуучин замаараа буцан явж байгаа хэрэг биш үү? Та нар юу ч гэж бодсон хамаагүй, эдгээр эшлэл нь энэ сэдвийг ярилцахад маш тустай бөгөөд өнөөдрийн нөхөрлөлийн сургалтын материал буюу эх материал болгож болно. Намайг энэ нөхөрлөлийг дуусгах үед эдгээр эшлэлийг сонгосон Миний цаад санааг та нар ойлгох болно. Өмнө нь Библийг уншсан хүмүүс энэ цөөн хэдэн эшлэлийг харсан байж болох ч жинхэнээсээ ойлгоогүй байж магадгүй. Тэдгээрийг нэг нэгээр нь дэлгэрэнгүй авч үзэхээсээ өмнө эхлээд гүйлгэн харцгаая.

Адам, Ева хоёр хүн төрөлхтний өвөг дээдэс юм. Бид Библийн дүрүүдийг дурдах гэж байгаа бол тэр хоёроос эхлэх ёстой. Дараагийнх нь хүн төрөлхтний хоёр дахь өвөг дээдэс болох Ноа юм. Та нар харж байна уу? Гурав дахь дүр нь хэн бэ? (Абрахам.) Та нар бүгдээрээ Абрахамын түүхийг мэдэх үү? Та нарын зарим нь үүнийг мэдэж магадгүй, гэхдээ бусад нь тийм ч тодорхой мэдэхгүй байж магад. Дөрөв дэх дүр нь хэн бэ? Содомын сүйрлийн түүхэнд хэнийг дурдсан бэ? (Лотыг.) Гэвч энд Лотыг өгүүлээгүй байна. Хэний тухай өгүүлдэг вэ? (Абрахам.) Абрахамын тухай түүхэнд дурдсан гол зүйл бол Ехова Бурханы хэлсэн зүйл юм. Та нар үүнийг харж байна уу? Тав дахь дүр нь хэн бэ? (Иов.) Бурхан ажлынхаа энэ үе шатанд Иовын түүхийг ихэд дурддаггүй гэж үү? Тэгвэл та нар энэ түүхийн талаар маш их анхаардаг уу? Та нар маш их анхаардаг юм бол Библи дэх Иовын түүхийг анхааралтай уншсан уу? Иов юу хэлж, юу хийснийг та нар мэдэх үү? Та нар хамгийн ихдээ хэдэн удаа уншсан бэ? Та нар үүнийг үргэлж уншдаг уу? Хонконгийн эгч нар аа, бидэнд хэлнэ үү. (Өмнө нь Нигүүлслийн эрин үед байхдаа би ганц хоёр удаа уншсан.) Та нар тэрнээс хойш дахин уншаагүй юу? Уншаагүй бол тун харамсалтай юм болж дээ. Би та нарт хэлье: Бурханы ажлын энэ үе шатанд Тэр Иовыг олон удаа дурдсан нь Түүний хүслийг агуулж байсан юм. Тэрээр Иовыг олон удаа дурдсан боловч та нарын анхаарлыг татаагүй нь дараах баримтыг нотолдог: Та нар Бурханаас эмээж, муугаас зайлдаг сайн хүмүүс байх сонирхолгүй байна. Учир нь та нар Бурханы дурдсан Иовын тухай түүхийн талаар бүдүүн тойм ойлгосондоо сэтгэл хангалуун байдаг. Та нар уг түүхийг ойлгосондоо л сэтгэл хангалуун байдаг ба Иов хүнийхээ хувьд ямар хүн болох тухай нарийн ширийнийг болон Бурхан яагаад Иовын талаар олон удаа дурддагийг тоодоггүй, мөн ойлгохоор оролддоггүй. Хэрвээ та нар Бурханы сайшаадаг ийм хүнийг ч сонирхохгүй байгаа юм бол яг юунд анхаарлаа хандуулж байна вэ? Та нар Бурханы дурдсан ийм чухал хүнийг тоохгүй, түүнийг ойлгох гэж оролдохгүй байгаа юм бол Бурхны үгсэд хандах хандлага чинь юу вэ? Энэ нь эмгэнэлтэй хэрэг биш гэж үү? Та нарын ихэнх нь бодитой зүйлд оролцдоггүй, бүгдээрээ үнэнийг эрэлхийлдэггүйг энэ нь баталдаггүй гэж үү? Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол Бурханы сайшаадаг хүмүүс болон Бурханы дурдсан хүмүүсийн түүхэнд хангалтай анхаарал хандуулна. Чи үүнд хүрч, эсвэл үүнийг мэдэрч чадах эсэх нь хамаагүй, даруй уншиж, ойлгож, дараа нь арга зам олж дуурайхаар хичээж, чадах бүхнээ чадлынхаа хэрээр хий. Энэ бол үнэнийг эгээрэн хүсдэг хүнд л байх ёстой зан төлөв юм. Гэхдээ энд сууж байгаа та нарын ихэнх нь харин Иовын түүхийг огт уншаагүй. Энэ үнэхээр ямар нэг асуудлыг тодорхойлж байна.

Миний саяхан ярьж байсан сэдэв рүү буцаж оръё. Хуучин Гэрээний Хуулийн эрин үетэй холбоотой бичвэрүүдийн энэ хэсэг нь голдуу Миний эш татсан дүрүүдийн түүх юм. Эдгээр түүх нь Библийг уншсан хүмүүсийн дийлэнх олонход танил байдаг. Эдгээр дүр маш их бэлгэдэлтэй. Тэдний түүхийг уншсан хүмүүс, Бурханы тэдэн дээр хийсэн ажил болон тэдэнд хэлсэн үг одоогийн хүмүүст бодитой, мөн ойлгомжтой гэдгийг мэдэрч чадна. Чи Библийн эдгээр түүх, тэмдэглэлийг уншихдаа Бурхан тэр үед Өөрийн ажлыг хэрхэн хийж, хүмүүстэй яаж хандаж байсан талаар илүү сайн ойлгож чадна. Гэхдээ өнөөдөр эдгээр эшлэлийг олсон Миний зорилго бол чи эдгээр түүхийг болон доторх дүрүүдийг нь ойлгох гэж оролдоосой гэсэндээ биш. Харин ч энэ хүмүүсийн түүхээр дамжуулан Бурханы үйл хэргийг болон зан чанарыг харж, тэгснээрээ Бурханыг хялбархан мэдэж, ойлгож, Түүний бодит талыг харж, төсөөллөө зогсоож, Түүний тухай үзлээ орхиж, мөн тодорхойгүй байдал дундах итгэлээ төгсгөл болгож чадаасай гэсэн юм. Үндэслэлгүйгээр Бурханы зан чанарыг ойлгох гэж, мөн Бурханыг Өөрийг нь ойлгож, мэдэх гэж оролдох нь чамайг ихэвчлэн арчаагүй, арга мөхөс, хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байдалд оруулдаг. Ийм учраас Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү бодитойгоор мэдрэх, Бурханы зан чанарыг болон Бурханыг Өөрийг нь мэдэх, мөн Бурханы оршин тогтнол, хүн төрөлхтөнд зориулсан хүслийг нь жинхэнээсээ мэдрэх боломжийг хүнд олгохын тулд Би ийм арга бодож, иймэрхүү арга замыг ашиглах санаатай байсан юм. Энэ та нарт ашигтай бус уу? Та бүхэн одоо энэ түүх, бичвэрүүдийг хараад зүрх сэтгэл дотроо юу мэдэрч байна вэ? Миний сонгож авсан бичвэрүүдийг та нар илүүц гэж бодож байна уу? Би сая та нарт хэлсэн зүйлээ дахин онцлох ёстой: Та бүхнээр энэ хүмүүсийн түүхийг уншуулах гэсэн нь Бурхан Өөрийн ажлыг хүмүүс дээр яаж хийдгийг болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ойлгоход чинь туслах зорилготой юм. Та нар үүнийг юугаар дамжуулан ойлгох вэ? Бурханы урьд нь хийсэн ажлыг яг одоо хийж буй ажилтай нь уялдуулан, Бурханы тухай янз бүрийн зүйлийг ойлгоход хүрдэг. Эдгээр янз бүрийн зүйл нь үнэн бодитой бөгөөд Бурханыг таньж мэдэхийг хүсдэг хүмүүс тэдгээрийг мэдэж, ойлгох ёстой.

Одоо бид Адам, Ева хоёрын тухай түүхээс эхэлье. Эхлээд бичвэрийг уншицгаая.

А. Адам, Ева хоёр

1) Адамд өгсөн Бурханы тушаал

Эхлэл 2:15-17 Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

Та нар энэ эшлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичвэрийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? “Адамд өгсөн Бурханы тушаалыг” яагаад бичвэрээс эш татсан бэ? Бурхан, Адам хоёрын дүр зураг та бүгдийн зүрх сэтгэлд буув уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар тэнд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байх байсан бэ? Энэ дүр зураг та нарт ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан, хүн хоёр л байгаа боловч тэдний ойр дотно харилцаа нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд зүгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, гэнэн цайлган, санаа зовох зүйлгүй байж, Бурханы харцан дор баяр цэнгэлээр дүүрэн амьдарч байна; Бурхан хүнд санаа тавьж, хүн Бурханы хамгаалалт, ерөөл дор амьдарч, хүний хийж, хэлж буй бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байлаа.

Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн үеэс хойш түүнд өгсөн анхны тушаал нь энэ гэж хэлж болно. Энэ тушаал юу тээж байна вэ? Энэ нь Бурханы хүслийг тээдэг, мөн хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зовнилыг тээдэг. Энэ бол Бурханы анхны тушаал байсан ба Бурхан анх удаа хүн төрөлхтний талаар санаа зовсон нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн мөчөөсөө эхлэн хүн төрөлхтний төлөө хариуцлага хүлээх болсон. Түүний хариуцлага юу вэ? Тэр хүнийг хамгаалж, харж хандах ёстой. Хүн Өөрт нь итгэж, үгийг нь дагаж чадна гэж Тэр найддаг. Энэ нь мөн л Бурханы хүнд тавьж бий анхны найдлага юм. Тийм найдлагийг тээхийн зэрэгцээ Бурхан дараах зүйлийг хэлдэг: “Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ.” Энэхүү энгийн үг Бурханы хүслийг төлөөлдөг, мөн Бурханы зүрх сэтгэл аль хэдийн хүнд санаа тавьж эхэлснийг илэрхийлдэг. Бүх зүйлийн дотроос зөвхөн Адам л Бурханы дүрээр бүтээгдсэн; Адам бол Бурханы амийн амьсгаатай цорын ганц амьд зүйл байсан; тэр Бурхантай хамт алхаж, Бурхантай ярилцаж чаддаг учраас Бурхан түүнд ийм тушаал өгсөн. Бурхан энэ тушаалаараа хүн юу хийж болох, юу хийж болохгүйг маш тодорхой зааж өгчээ.

Энэ энгийн хэдэн үгээс бид Бурханы зүрх сэтгэлийг харсан. Бид Бурханы ямар зүрх сэтгэлийг харсан вэ? Бурханы зүрх сэтгэлд хайр байдаг уу? Тэнд санаа зовнил байдаг уу? Энэ эшлэлд байгаа Бурханы хайр, анхаарлыг хүмүүс ойлгоод зогсохгүй маш сайн, үнэнээсээ мэдрэх боломжтой юм. Тийм биш гэж үү? Намайг эдгээр зүйлийг хэлсний дараа та нар эдгээрийг зүгээр л хэдэн энгийн үг гэж бодож байна уу? Тийм ч энгийн биш, тийм үү? Та нар үүнийг өмнө нь харж чадсан уу? Хэрвээ Бурхан чамд энэ хэдэн үгийг биечлэн хэлсэн бол зүрх сэтгэлд чинь ямар санагдах байсан бэ? Хэрвээ чи хүн чанаргүй хүн байсан бол, хэрвээ чиний сэтгэл цэвдэг бол чи юу ч мэдрэхгүй, Бурханы хайрыг мэдэрч чадахгүй бөгөөд Бурханы зүрх сэтгэлийг ойлгох гэж оролдохгүй байх байсан. Хэрвээ чи мөс чанартай, хүн чанартай хүн байсан бол мэдрэмж чинь өөр байх байсан. Чи халуун дулаан байдлыг мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба аз жаргалыг мэдрэх байсан. Тийм биш гэж үү? Чи эдгээр зүйлийг мэдрэх үед Бурханд хэрхэн хандах вэ? Бурханд ээнэгшин дассан мэт санагдах болов уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлан хүндэтгэх болов уу? Зүрх сэтгэл чинь Бурханд улам ойртох болов уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд яг хэр чухал болохыг харж болно. Гэвч хүмүүс Бурханы хайрыг мэдэрч, ойлгох нь бүр ч илүү чухал юм. Үнэндээ Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд иймэрхүү зүйлийг олон хэлдэггүй гэж үү? Гэвч өнөөгийн хүмүүсийн хувьд, Бурханы зүрх сэтгэлийг мэдэрч чадах хүн байна уу? Миний дөнгөж сая ярьсан Бурханы хүслийг та нар ухаарч чадах уу? Бурханы хүсэл ийм тодорхой, үнэн бодитой, жинхэнэ байхад та нар мэдэрч чаддаггүй. Ийм учраас Би та бүхнийг Бурханы талаар бодитой мэдлэг, ойлголтгүй гэж хэлдэг. Энэ нь баримт биш гэж үү? Энэ хэсэг дээр бидний ярилцах бүх зүйл энэ юм.

2) Бурхан Еваг бүтээсэн нь

Эхлэл 2:18-20 Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн огторгуйн бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв. Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, огторгуйн жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.

Эхлэл 2:22-23 Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм, түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй хүн гэж нэрлэх болно” гэжээ.

Бичвэрийн энэ хэсэгт нэлээд хэдэн чухал хэллэг байна. Та нар тэдгээрийг онцлон тэмдэглэнэ үү: “Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ.” Тэгэхээр бүх амьд амьтанд хэн нэр өгсөн бэ? Бурхан биш, харин Адам. Энэхүү хэллэг нь хүнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээхдээ түүнд мэргэн ухаан өгсөн. Иймд хүний мэргэн ухаан Бурханаас ирсэн байна. Энэ бол эргэлзээгүй юм. Гэхдээ яагаад? Бурхан Адамыг бүтээсний дараа Адам сургуульд явсан уу? Тэр уншиж чаддаг байсан уу? Бурхан төрөл бүрийн амьд амьтныг бүтээсний дараа Адам тэднийг таньж чадсан уу? Тэднийг юу гэж нэрлэдгийг Бурхан түүнд хэлж өгсөн үү? Мэдээж Бурхан түүнд эдгээр амьтныг яаж нэрлэхийг зааж өгөөгүй. Энэ бол баримт! Тэгвэл тэр эдгээр амьтанд яаж нэр өгөхийг болон ямар нэр өгөхийг яаж мэдсэн бэ? Энэ нь Адамыг бүтээхдээ Бурхан түүнд юу нэмсэн бэ гэдэг асуулттай холбоотой юм. Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийн мэргэн ухааныг түүнд нэмсэн гэдгийг баримтууд баталж байна. Энэ бол гол чухал зүйл юм. Та нар бүгдээрээ анхааралтай сонс! Энд та бүхний тодорхой мэдэх ёстой бас нэг чухал зүйл байна: Адам эдгээр амьтанд нэр өгсний дараа тэр нэрс нь Бурханы хувьд тодорхойлогдсон. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Энэ нь мөн Бурханы зан чанарыг агуулдаг ба Би үүнийг тайлбарлах ёстой.

Бурхан хүнийг бүтээж, түүнд амийн амьсгал үлээж оруулаад, Өөрийнхөө мэргэн ухаан, Өөрийн чадвар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоосоо заримыг нь өгсөн. Бурхан хүнд энэ бүх зүйлийг өгсний дараа хүн бие даан зарим нэг юм хийж, өөрөө бие даан зарим зүйлийг бодож чаддаг болсон. Хэрвээ хүний бодож, хийж байгаа зүйл Бурханы нүдэнд сайн харагдаж байвал Бурхан түүнийг зөвшөөрч, саад болдоггүй. Хүний хийж байгаа зүйл зөв бол Бурхан тэр чигт нь орхидог. Иймээс “Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ” гэсэн өгүүлбэр юуг илтгэдэг вэ? Энэ нь, Бурхан төрөл бүрийн амьтны нэрд ямар ч засвар хийхгүй гэснийг харуулж байна. Адам амьтныг яаж нэрлэсэн бол, Бурхан “За” гэж хэлээд л тус нэрийг тэр хэвээр нь тодорхойлжээ. Бурхан ямар нэг санал илэрхийлсэн үү? Үгүй, огт үгүй. Та нар эндээс юу харж байна вэ? Бурхан хүнд мэргэн ухаан өгсөн ба хүн Бурханаас заяасан мэргэн ухааныг ашиглан юм хийдэг. Хэрвээ Бурханы нүдээр хүний хийж байгаа зүйл эерэг бол Бурхан ямар ч үнэлгээ, шүүмжлэлгүйгээр баталж, зөвшөөрч, хүлээн авдаг. Энэ ямар ч хүн, ямар ч муу ёрын сүнс юм уу Сатаны хийж чадахгүй зүйл юм. Та нар эндээс Бурханы зан чанарын илэрхийллийг харж байна уу? Хүний хувьд, ялзарсан хүний хувьд, эсвэл Сатаны хувьд, өөрсдийгөө төлөөлүүлэн яг хамар дор нь юм хийхийг бусдад зөвшөөрөх байсан уу? Мэдээж, үгүй! Тэд өөр хүн юм уу өөр хүчтэй байр суурийн төлөө тэмцэх байсан уу? Мэдээж, тэгэх байсан! Хэрвээ тухайн мөчид ялзарсан хүн юм уу Сатан Адамтай хамт байсан бол тэд Адамын хийж байсан зүйлийг лав зөвшөөрөхгүй байсан. Тэдэнд бие даан бодох чадвар болон өөрсдийн гэсэн санаа бодол байгаа гэдгийг батлахын тулд тэд Адамын хийсэн бүхнийг ор тас үгүйсгэн: “Чи үүнийг ингэж нэрлэмээр байна уу? Гэхдээ би энийг ингэж нэрлэхгүй, би үүнийг тэгж нэрлэнэ; чи үүнийг Том гэж нэрлэлээ, харин би Харри гэж нэрлэнэ. Би өөрийнхөө гоц ухааныг үзүүлэх хэрэгтэй” гэх байлаа. Энэ ямархуу уг чанар вэ? Энэ нь биеэ тоосон зан биш гэж үү? Харин Бурханд тийм зан чанар бий юу? Бурхан Адамын хийсэн зүйлийг ер бусын байдлаар эсэргүүцсэн үү? Хариулт нь маргаангүй үгүй! Бурханы илэрхийлдэг зан чанарт өчүүхэн төдий ч маргах дуртай, биеэ тоосон, эсвэл өөрийгөө зөвтгөдөг зан байдаггүй. Энд энэ нь маш тодорхой илэрч байна. Хэдийгээр энэ нь тун ялимгүй зүйл боловч хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэдэхгүй бол, хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан яаж ажилладгийг болон Бурханы хандлага юу болохыг эргэцүүлэн бодох гэж хичээхгүй бол чи Бурханы зан чанарыг мэдэхгүй, эсвэл Бурханы зан чанарын илэрхийлэл болон илчлэлийг харж чадахгүй. Тийм биш гэж үү? Миний сая тайлбарласан зүйлтэй та нар санал нийлж байна уу? Адамын хийсэн үйлдлийн хариуд Бурхан “Сайн байна. Чи зөв хийлээ. Би зөвшөөрч байна” гэж чангаар тунхаглаагүй. Гэвч Бурхан зүрх сэтгэл дотроо Адамын хийсэн зүйлийг үнэлж, сайшааж, хүлээн зөвшөөрч байсан. Энэ бол бүтээлийн цаг үеэс хойш Бурханы төлөө Түүний заавраар хүний хийсэн анхны зүйл байв. Энэ бол Бурханы оронд, Бурханы нэрийн өмнөөс хүний хийсэн зүйл байлаа. Бурханы нүдээр бол энэ нь Түүний хүнд бэлэглэсэн мэргэн ухаанаас урган гарсан зүйл байв. Бурхан үүнийг сайн зүйл, эерэг зүйл гэж харсан. Адамын тэр үед хийсэн зүйл нь хүнд байсан Бурханы мэргэн ухааны анхны илрэл байсан юм. Бурханы хувьд энэ нь сайн илрэл байлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Өөрийн мэргэн ухааны нэг хэсгийг Бурхан хүнд нэмсэн нь хүнийг Өөрийг нь илэрхийлэн харуулж чадах амьд бүтээл болгох зорилготой байсан юм гэдгийг Би энд та нарт хэлэхийг хүсэж байна. Иймэрхүү амьд бүтээл Өөрийнх нь нэрийн өмнөөс юм хийх нь Бурханы удаан хугацаанд хүсэн хүлээсэн яг тэр зүйл байлаа.

3) Бурхан Адам, Ева хоёрт арьсан дээл хийж өгөв

Эхлэл 3:20-21 Адам эхнэрээ Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

Бид гурав дахь эшлэлийг харцгаая, Адамын Евад өгсөн нэр нь цаанаа утга учиртай гэдгийг энэ нь харуулдаг, тийм биз дээ? Адам бүтээгдсэнийхээ дараа өөрийн бодолтой болж, олон зүйлийг ойлгосныг энэ нь харуулдаг. Гэвч одоохондоо бид, тэр юуг ойлгосныг болон хэр их юм ойлгосныг судалж шинжилэхгүй, учир нь гурав дахь эшлэл дээр Миний хэлэлцэхийг хүсэж байгаа гол асуудал энэ биш юм. Тэгэхээр гурав дахь эшлэлийн гол нь юу вэ? “Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав” гэсэн мөрийг авч үзье. Хэрэв бид өнөөдөр бичвэрийн энэ мөрийн талаар нөхөрлөхгүй бол та бүхэн эдгээр үгийн цаана байгаа утгыг хэзээ ч ойлгохгүй байж магадгүй. Эхлээд Би та нарт зарим нэг сэжүүр өгье. Төсөөллөө тэлж, Адам, Ева хоёрын амьдарч байгаа Еден цэцэрлэгийг дүрсэл. Бурхан тэднийг эргэж тойрохоор очих үед тэд нүцгэн байсан тул нуугдсан байлаа. Бурхан тэднийг олж хараагүй, тэгээд тэднийг дуудахад “Бид нүцгэн байгаа учир Таныг харж зүрхэлсэнгүй” гэж хэлдэг. Тэд нүцгэн байсан учир Бурханыг харж зүрхэлдэггүй. Тэгээд Ехова Бурхан тэдэнд зориулж юу хийдэг вэ? Эх бичвэрт: “Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав” гэдэг. Бурхан тэдний хувцсыг юугаар хийснийг одоо та нар мэдэв үү? Бурхан тэдний хувцсыг амьтны арьсаар хийсэн. Өөрөөр хэлбэл, Бурханы хүнд зориулж хийсэн хувцас нь арьсан дээл байжээ. Энэ бол хүнд зориулж Бурханы хийсэн анхны хувцас байв. Арьсан дээл гэдэг бол өнөөдрийн стандартаар хүн болгоны авч өмсөж чаддаггүй дээд зэрэглэлийн хувцас юм. Хэрвээ хэн нэгэн чамаас: Хүн төрөлхтний өвөг дээдсийн өмссөн анхны хувцас нь юу байсан бэ? гэж асуувал чи: Арьсан дээл байсан гэж хариулна. Энэ арьсан дээлийг хэн хийсэн юм бэ? гэвэл чи: Бурхан хийсэн! гэж хариулна. Энэ хувцсыг Бурхан хийсэн гэдэг нь гол зүйл юм. Үүнийг ярих нь үнэ цэнтэй юу? Би дөнгөж сая үүнийг дүрсэлсэн болохоор та нарын оюун санаанд дүр зураг нь буув уу? Ядахнаа бүдүүвч зураг ч болтугай байх ёстой. Үүнийг өнөөдөр та нарт хэлсний учир нь хүний анхны хувцас юу байсныг мэдэгдэх гэсэн юм биш. Тэгвэл гол зүйл нь юу вэ? Гол зүйл нь арьсан дээл биш, харин энэ зүйлийг хийж байхдаа Бурханы илэрхийлсэн зан чанар, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг хэрхэн мэдэх тухай юм.

“Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцасласан” тухай энэ дүр зурагт Адам, Ева хоёртой хамт байх үедээ Бурхан ямар ялгамж чанартай байсан бэ? Зөвхөн хоёр хүн амьдардаг ертөнцөд Бурхан ямар ялгамж чанартайгаар гарч ирсэн бэ? Бурханы ялгамж чанартайгаар уу? Хонконгийн ах, эгч нар аа, хариулагтун. (Эцэг эхийн ялгамж чанартайгаар.) Өмнөд Солонгосын ах, эгч нар аа, Бурхан ямар ялгамж чанартайгаар гарч ирсэн гэж та нар бодож байна вэ? (Өрхийн тэргүүний.) Тайваний ах, эгч нар аа, та нар юу гэж бодож байна вэ? (Адам, Евагийн гэр бүлийн гишүүний дүрээр, гэр бүлийн гишүүний дүрээр.) Та нарын зарим нь Бурханыг Адам, Евагийн гэр бүлийн гишүүн, зарим нь Бурханыг өрхийн тэргүүн, бусад нь эцэг эхийн хувиар гарч ирсэн гэж байна. Эдгээр нь бүгд тун тохиромжтой. Гэвч Би юу гэх гээд байна вэ? Бурхан энэ хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний цорын ганц гэр бүлийн гишүүн болохын хувьд Бурхан тэдний амьдралыг харгалзаж, үндсэн хэрэгцээнд нь санаа тавьж байлаа. Энд Бурхан Адам, Ева хоёрын эцэг эхийн хувиар гарч ирсэн. Бурханы хийсэн энэ үйл явдлаас хүн Бурханы хэр сүрлэг болохыг хардаггүй; Бурханы дээдийн дээдийг, Түүний нууцлаг байдлыг болон Түүний уур хилэн, сүр жавхланг бүр ч хардаггүй. Хүний хардаг нь ердөө л Бурханы даруу байдал, Түүний хайр, хүнд тавих анхаарал халамж, хүний төлөөх хариуцлага болон хамгаалалт юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь хүний эцэг эх хүүхдүүддээ анхаарал тавьдагтай адил билээ. Энэ нь мөн хүний эцэг эх хөвгүүд, охидоо хэрхэн хайрлаж, халамжилж, санаа тавьдагтай адилхан үнэн бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байдаг. Өөрийгөө өндөр, агуу байр сууринд тавихын оронд Бурхан арьс ашиглан хүнд Өөрийн гараар хувцас хийж өгсөн. Энэ арьсан дээл нь тэдний ичгүүрийг далдлах, эсвэл тэднийг хүйтнээс хамгаалахад зориулсан эсэх нь огт хамаагүй. Товчхондоо, Бурхан үүнийг Өөрийн гараар биечлэн хийсэн юм, харин хүмүүсийн төсөөлдөг шигээр бодлын хүчээр, эсвэл ид шидийн хүчээр хувцас хийж хүнд нөмөргөөгүй, харин оронд нь Бурхан хийж чадахгүй, хийх ёсгүй гэж хүн төрөлхтний боддог зүйлийг жинхэнээсээ хийсэн байна. Зарим хүн үүнийг дурдах шаардлагагүй энгийн зүйл гэж үздэг боловч энэ нь Бурханыг дагадаг хэрнээ урьд нь Түүний талаар тодорхойгүй төсөөллөөр дүүрсэн бүх хүнд Түүний үнэн бодитой, хайр татам байдлыг ойлгох, мөн Түүний үнэнч, даруу байдлыг харах боломж олгодог юм. Энэ нь өөрсдийгөө өндөр бөгөөд агуу гэж боддог тэвчихийн аргагүй биеэ тоосон хүмүүсийг Бурханы үнэн бодитой агаад даруу байдлын өмнө ичгүүрийг мэдэрч, бардам толгойгоо гудайлгахад хүргэдэг. Энд Бурханы үнэн бодитой агаад даруу байдал нь, Тэр хэр хайр татам болохыг харах боломжийг хүмүүст бүр ч илүү олгодог. Эсрэгээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд байдаг агуу Бурхан, хайр татам Бурхан, бүхнийг чадагч Бурхан нь маш өчүүхэн, муухай, ганц ч цохилт даахааргүй юм. Чи энэ эшлэлийг харж, энэ түүхийг сонсох үед ийм юм хийснийх нь төлөө Бурханыг дорд үзэх үү? Зарим хүн тэгж магадгүй, гэхдээ бусдынх нь хувьд тэс ондоо байх болно. Тэд Бурханыг жинхэнэ, хайр татам гэж бодох ба Бурханы чухамхүү энэ жинхэнэ байдал болон хайр татам байдал нь тэднийг хөдөлгөдөг юм. Тэд Бурханы бодит талыг харах тусмаа Бурханы хайр үнэхээр оршин байгааг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы чухал байдлыг, Тэр мөч бүрд тэдний хажууд байдгийг төдий чинээ их ойлгож чадна.

Одоо бид хэлэлцүүлгээ өнөө үетэй холбох хэрэгтэй. Бурхан бүр эхэндээ Өөрийн бүтээсэн хүмүүсийн төлөө ийм янз бүрийн жижиг сажиг зүйлийг, тэр ч байтугай хүмүүсийн бодож ч зүрхлэхгүй, эсвэл хийнэ гэж ч санахааргүй зарим нэг зүйл хийж чадсан юм бол өнөөдрийн хүмүүсийн төлөө ийм зүйл хийж чадах болов уу? Зарим хүн “Тийм!” гэж хэлнэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурханы мөн чанар хуурамч биш, Түүний хайр татам байдал хуурамч биш. Учир нь Бурханы мөн чанар үнэхээр оршин байдаг бөгөөд бусдын нэмсэн зүйл биш, цаг хугацаа, орон зай, эрин үе өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгддөг зүйл бүр ч биш юм. Бурханы жинхэнэ агаад хайр татам байдал нь үнэндээ хүмүүсийн огт сонирхолгүй, шалихгүй гэж үздэг, Бурхан огт хийх боломжгүй гэж үздэг маш өчүүхэн зүйлсийг хийснээр илрэн гардаг. Бурхан дүр үзүүлдэггүй. Түүний зан чанарт болон мөн чанарт ямар ч хэтрүүлэг, хуурамч төрх, бардамнал, ихэрхэг зан байдаггүй. Тэр хэзээ ч сайрхдаггүй, харин Өөрийн үнэнч байдал, чин сэтгэлээр бүтээсэн хүмүүсээ хайрлаж, анхаарал тавьж, халамжилж, залж чиглүүлж байдаг. Хүмүүс үүнээс хэр ихийг нь ойлгож, мэдэрч, харж чадах нь хамаагүй, Бурхан үнэнээсээ эдгээр зүйлийг хийж байдаг. Бурхан ийм мөн чанартай гэдгийг мэдэх үед Бурханыг хайрлах хүмүүсийн хайранд нөлөөлөх үү? Бурханаас эмээхэд нь нөлөөлөх үү? Чи Бурханы бодит талыг ойлгох үед Түүнд улам ойртон, Түүний хайр, хүнийг гэх халамжийг нь улам бүр үнэнээсээ ойлгож чаддаг болохын зэрэгцээ зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүний талаар элдэв сэжиг, эргэлзээ тээхээ болино гэж найдаж байна. Бурхан бүхнийг хүн төрөлхтний төлөө хийж, энэ бүхнийгээ Өөрийн чин сэтгэл, итгэмжит байдал, хайраар чимээгүйхэн хийж байдаг. Гэвч хийдэг бүхэндээ зовниж, харамсах явдал Түүнд хэзээ ч байгаагүй. ба Тэр хэнээс ч, хэзээ ч ямар нэгэн хариу хүсдэггүй, мөн хэзээ ч хүнээс ямар нэг зүйл авахыг хүсдэггүй. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго бол хүний жинхэнэ итгэл, хайрыг хүлээн авах явдал юм. Эхний сэдвээ ингээд дуусгая.

Эдгээр хэлэлцүүлэг та нарт тус болов уу? Хэр их тус болов? (Бурханы хайрын тухай илүү их ойлголт, мэдлэгтэй боллоо.) (Харилцан ярианы энэ арга цаашид Бурханы үгийг илүү сайн ойлгоход, үг хэлж байх үеийнх нь мэдрэмж ба хэлсэн зүйлийнх нь утга учрыг ойлгоход болон яг тэр үед юу мэдэрч байсныг нь мэдрэхэд бидэнд тусалж чаддаг.) Эдгээр үгийг уншсаны дараа та нарын дундаас Бурханы бодит оршин тогтнолыг илүү их мэдэрсэн хүн байна уу? Бурханы оршин тогтнол нь хоосон хөндий, тодорхойгүй биш гэдгийг мэдэрч байна уу? Ийм мэдрэмжтэй болох үед та нар Бурхан яг хажууд чинь байгааг мэдэрч байна уу? Уг мэдрэмж яг одоо тийм ч илт бус, эсвэл та нар үүнийг хараахан мэдэрч чадахгүй байж магадгүй. Гэвч нэг л өдөр та нар зүрх сэтгэлдээ Бурханы зан чанар болон мөн чанарыг үнэнээсээ гүнзгий мэдэрч, бодитой мэдлэгтэй болох үед Бурхан яг хажууд чинь байгааг мэдрэнэ—зөвхөн чи зүрх сэтгэлдээ Бурханыг хэзээ ч жинхэнээсээ хүлээн аваагүй юм. Энэ нь үнэн юм.

Та нар харилцан ярианы энэ аргын талаар юу гэж бодож байна? Та нар хоцроогүй биз? Бурханы ажил болон Бурханы зан чанарын талаарх ийм хэлэлцүүлэг маш хүнд гэж та нар бодож байна уу? Та нарт ямар санагдсан бэ? (Маш сайхан, баяртай байна.) Та нарт юу нь сайхан санагдав? Та нар яагаад баярлав? (Еден цэцэрлэгт буцаад очсон юм шиг, Бурханы хажууд очсон юм шиг байлаа.) “Бурханы зан чанар” гэдэг нь үнэндээ хүн бүрд их танил бус сэдэв юм, учир нь чиний төсөөлдөг зүйл, номоос уншиж, нөхөрлөлөөс сонссон зүйл чинь сохор хүн зааныг тэмтэрч байгаа юм шиг санагддаг—чи зөвхөн гараараа хүрсэн боловч нүдээрээ үнэндээ юу ч хардаггүй. “Гараараа хүрээд” Бурханы тухай тодорхой ойлголт байтугай үндсэн мэдлэг ч авч чадахгүй. Энэ нь чамд улам их төсөөлөл авчрах ба чи Бурханы зан чанар болон мөн чанар яг юу болохыг нарийн тодорхойлж чадахгүй. Харин оронд нь чиний төсөөллөөс урган гарах тодорхойгүй хүчин зүйлс нь зүрх сэтгэлийг чинь үргэлж эргэлзээгээр дүүргэж байх шиг санагддаг. Чиний тодорхойлж чадахгүй атлаа бас ойлгохоор оролддог зүйл зүрх сэтгэлд чинь үргэлж зөрчил, мөргөлдөөн үүсгэх ба заримдаа энэ нь бүр саад болж, мухардалд оруулдаг. Чи Бурханыг хайхыг, Бурханыг мэдэхийг, Түүнийг тодхон харахыг хүсэж байгаа боловч үргэлж хариуг нь олж чадахгүй байвал маш зовлонтой хэрэг биш үү? Мэдээж, эдгээр үг нь зөвхөн Бурханыг хүндэлж, Бурханыг хангалуун байлгахыг хүсдэг хүмүүст чиглэж байна. Ийм зүйлд огтхон ч анхаарлаа хандуулдаггүй хүмүүсийн хувьд энэ нь ямар ч хамаагүй, учир нь тэд Бурханы бодит байдал болон оршин тогтнол нь домог юм уу мөрөөдөл байгаасай гэж найддаг, тэгвэл тэд юу дуртайгаа хийж, өөрсдийгөө хамгийн агуу, хамгийн хүндэт хүмүүс болж чадаад үр дагаврыг нь тоолгүйгээр муу үйл үйлдэж, тэгээд ямар ч шийтгэл хүлээхгүй, ямар ч хариуцлага үүрэхгүй, тэр ч бүү хэл, мууг үйлддэг хүмүүсийн тухай Бурханы хэлсэн зүйлс тэдэн дээр биелэхгүй. Энэ хүмүүс Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй ба Бурханыг болон Түүний тухай бүхнийг мэдэх гэж оролдохоос үхтэлээ залхдаг. Тэд Бурхан оршдоггүй байсан нь дээр гэж үздэг. Энэ бүлэг хүмүүс Бурхантай дайсагнадаг бөгөөд таягдан хаягдах хүмүүс юм.

Дараа нь бид Ноагийн түүх болон энэ нь Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхантай Өөртэй нь хэрхэн холбогдох тухай хэлэлцэнэ.

Бичвэрийн энэ хэсэгт Бурхан Ноад юу хийж байгааг та нар харж байна вэ? Энд сууж байгаа хүн бүр уг бичвэрийг уншаад энэ талаар зарим нэг зүйлийг мэдэж авсан байх: Бурхан Ноагаар бүхээг бариулаад дараа нь үерээр дэлхийг устгасан. Бурхан Ноад найман хүнтэй гэр бүлээ аврах бүхээг барьж, тэднийг амьд үлдээд хүн төрөлхтний дараагийн үеийн өвөг дээдэс болохыг тэдэнд зөвшөөрсөн юм. Одоо уг бичвэрийг уншицгаая.

2. Ноа

1) Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барих заавар өгсөн нь

Эхлэл 6:9-14 Ноагийн үр удам энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Бурхантай хамт явдаг байв. Ноа Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий бас Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ, Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхайгаар давирхайд” гэв.

Эхлэл 6:18-22 “Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн эхнээр, хөвгүүд, бэрүүдтэй цуг тэр бүхээгт орно. Мөн өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд чи мах цустай амьтан бүрээс эр, эмийг хосоор нь бүхээгт оруул. Амьд үлдээхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхдөг бүхний төрөл төрлөөс хосоороо чам дээр очно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно” гэв. Ноа тийнхүү үйлдэв; тэрээр Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор нь гүйцэтгэжээ.

Энэ хэсгийг уншсаны дараа та нар Ноа гэж хэн болох талаар ерөнхий ойлголттой болов уу? Ноа ямар хүн бэ? Эх бичигт: “Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс” гэж байна. Орчин үеийн хүмүүсийн ойлголтоор бол тэр үед зөв шударга хүн гэж ямар хүн бэ? Зөв шударга хүн бол төгс хүн байх учиртай. Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдээр төгс хүн үү, эсвэл Бурханы нүдээр төгс үү гэдгийг та нар мэдэх үү? Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдээр биш, харин Бурханы нүдээр төгс хүн байх нь эргэлзээгүй. Энэ бол гарцаагүй! Учир нь хүн сохор бөгөөд харж чадахгүй, зөвхөн Бурхан л бүх газар дэлхий болон хүн нэг бүрийг ажиглаж байдаг тул Ноа төгс хүн гэдгийг Бурхан л мэднэ. Иймд дэлхийг үерээр устгах Бурханы төлөвлөгөө нь Ноаг дуудсан мөчөөс эхэлсэн.

Тэрхүү эрин үед Бурхан Ноаг дуудаж нэгэн маш чухал зүйл хийхээр шийджээ. Тэр яагаад үүнийг хийх хэрэгтэй болсон бэ? Яагаад гэвэл, тухайн мөчид Бурханы зүрх сэтгэлд нэгэн төлөвлөгөө байлаа. Тэр дэлхийг үерээр устгах төлөвлөгөөтэй байв. Яагаад дэлхийг устгана гэж? Энд ингэж хэлсэн байна: “Газар дэлхий бас Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ.” “дэлхий хүчирхийллээр дүүрчээ” гэсэн өгүүлбэр хүмүүст юуг харуулж байна вэ? Энэ нь дэлхий болон хүн төрөлхтөн дээд зэргээр ялзрахад тохиолддог үзэгдэл ба тэр нь: “дэлхий хүчирхийллээр дүүрчээ.” Өнөөдрийн хэлээр “хүчирхийллээр дүүрсэн” гэдэг нь бүх юм эмх замбараагүй байна гэсэн үг юм. Хүний хувьд энэ нь нийгмийн бүх давхаргад дэг журам байхгүй, юмс бүгд ихээхэн замбараагүй бөгөөд удирдахад хэцүү байна гэсэн үг. Бурханы нүдээр энэ нь дэлхийн хүмүүс дэндүү ялзарсан гэсэн үг юм. Ямар хэмжээнд хүртэл ялзарсан бэ? Бурхан цаашид харж тэвчихгүй, энэ талаар цаашид хүлцэж чадахаа болих хүртэл хэмжээнд ялзарсан. Бурхан түүнийг устгахаар шийдэх хэмжээнд хүртлээ ялзарсан юм. Бурхан дэлхийг устгахаар шийдэх үед нэгэн бүхээг барих хүн олохоор төлөвлөсөн. Дараа нь Бурхан үүнийг хийлгэхээр Ноаг сонгосон нь Ноагаар бүхээг бариулах явдал байв. Яагаад Ноаг сонгосон бэ? Бурханы нүдээр Ноа зөв шударга хүн байсан бөгөөд Бурхан юу ч гэж зааварласан түүнийг нь ёсоор хийх байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы хий гэснийг хийнэ гэсэн үг юм. Өөртэй нь хамт ажиллаж, Өөрийнх нь даалгасныг гүйцээж, газар дээрх ажлыг нь гүйцээх ийм хүн олохыг Бурхан хүссэн. Тэр үед ийм ажлыг гүйцээж чадах хүн Ноагаас өөр байсан уу? Яавч үгүй! Ноа бол Бурханы даалгасан зүйлийг гүйцээж чадах цорын ганц тохирох хүн байсан тул Бурхан түүнийг сонгосон. Гэхдээ тэр үед хүмүүсийг аврах Бурханы стандарт, цар хүрээ нь өнөөгийнхтэй адил байсан уу? Хариулт нь мэдээж ялгаа бий! Би яагаад үүнийг асууж байна вэ? Тэр үед Ноа бол Бурханы нүдэн дэх цорын ганц зөв шударга хүн байсан ба харин түүний эхнэр, хөвгүүд ба бэрүүд нь зөв шударга хүмүүс биш, гэсэн ч Ноаг бодоод Бурхан энэ хүмүүсийг үлдээсэн. Бурхан хүмүүсээс одоо шаарддаг байдлаараа тэднээс шаардаагүй, харин Ноагийн гэр бүлийн бүх найман гишүүнийг амьд үлдээсэн. Тэд Ноагийн зөвт байдлын ачаар Бурханы ерөөлийг хүртсэн юм. Хэрэв Ноа байгаагүй бол тэдний хэн нь ч Бурханы даалгасан зүйлийг гүйцээж чадахгүй байсан билээ. Иймд Ноа бол тэр үеийн дэлхийн сүйрлээс амьд гарах ёстой цорын ганц хүн байсан бөгөөд бусад нь зүгээр л хөндлөнгийн завшаантнууд юм. Бурхан Өөрийн удирдлагын ажлыг албан ёсоор эхлэхээс өмнөх эринд хүмүүст хандаж, тэднээс шаардаж байсан зарчим ба стандарт нь харьцангуй зөөлөн байсан гэдгийг үүнээс харж болно. Өнөөдрийн хүмүүсийн нүдэнд, Ноагийн гэр бүлийн найман хүнд хандсан Бурханы байдал шударга ёсоор дутмаг мэт харагддаг. Гэвч одоогийн хүмүүс дээр хийдэг Түүний ажлын далайц, Түүний дамжуулдаг үгийн хэмжээтэй харьцуулахад Ноагийн гэр бүлийн найман хүнд хандсан Бурханы хандлага нь, ердөө л тухайн үеийн ажлын цаад шалтгааны дагуу авсан ажлын зарчим байсан юм. Харьцуулбал, Ноагийн гэр бүлийн найман хүн Бурханаас илүү ихийг авсан уу, эсвэл одоогийн хүмүүс ихийг авсан уу?

Ноа дуудагдсан нь энгийн нэг баримт боловч бидний ярьх гэж байгаа гол зүйл болох энэ тэмдэглэл дэх Бурханы зан чанар, Түүний хүсэл, Түүний мөн чанар нь энгийн биш. Бурханы энэ хэдэн талыг ойлгохын тулд бид эхлээд Бурхан ямар төрлийн хүнийг дуудахыг хүсдэг вэ гэдгийг ойлгоод, үүгээрээ Түүний зан чанар, Түүний хүсэл болон мөн чанарыг ойлгох ёстой. Энэ бол маш чухал. Тэгэхээр Бурханы дуудхаар шийдсэн тэр хүн Түүний нүдэнд чухам ямар төрлийн хүн вэ? Энэ нь Түүний үгийг сонсож, Түүний зааврыг дагаж чадах хүн байх ёстой. Үүний зэрэгцээ энэ нь хариуцлагатай агаад Бурханы үгийг, биелүүлэхээр хүлээсэн хариуцлага, үүрэг гэж үзэн гүйцэтгэх хүн байх ёстой. Тэгвэл ийм хүн Бурханыг мэддэг хүн байх хэрэгтэй юу? Үгүй. Тэр үед Ноа Бурханы сургаалыг тийм ч их сонсоогүй ба Бурханы ямар ч ажлыг мэдрээгүй байсан. Иймд Бурханы тухай Ноагийн мэдлэг маш бага байв. Энд Ноаг Бурхантай хамт явдаг байсан гэж бичсэн боловч тэр Бурханы үнэн биеийг ер нь харсан уу? Хариулт нь яавч үгүй! Яагаад гэвэл, тэр үед зөвхөн Бурханы элч нар л хүмүүс дээр ирдэг байсан. Тэд аливааг хэлж, хийхдээ Бурханыг төлөөлдөг байсан ч Бурханы хүсэл болон санааг дамжуулдаг төдий байсан юм. Бурхан хүнтэй нүүр тулан үнэн биеэ харуулаагүй. Бичвэрийн энэ хэсгээс бид үндсэндээ энэ Ноа гэдэг хүн юу хийх ёстой байсан, мөн түүнд өгсөн Бурханы заавар юу байсан бэ гэдгийг хардаг. Тэгвэл энд Бурханы илэрхийлсэн мөн чанар нь юу байсан бэ? Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэг үйл явдал эсвэл үзэгдэл тохиолдож байгааг харах үед үүнийг хэмжих стандарт Түүний санаанд байдаг ба энэ стандарт нь арга хэмжээ авах төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ үйл явдал, үзэгдлийг хэрхэн үзэхийг нь тодорхойлдог. Тэр бүх зүйл дээр тоомжиргүй, эсвэл мэдрэмжгүй байдаггүй. Энэ нь үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн эшлэл энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ.” Энэ удаа Бурханы үгэнд Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэж хэлсэн үү? Үгүй! Бурхан мах цустай бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрлийг хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдээр бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр: “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв.” “учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг юу гэсэн утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтөн болон мах цустай бүхний ялзралыг ямар хэмжээнд хүртэл тэвчдэг бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл. Хүн төрөлхтөн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл. Хүн төрөлхтөн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурханы тэвчээр цаашид үгүй болно. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл удахгүй ирнэ. Энэ нь Бурханы зан чанарын илэрхийллийн нэг хэсэг биш гэж уу? Одоогийн эрин үед Бурханы нүдээр зөв шударга хүн бас л бий юу? Бурханы нүдээр төгс хүн бас л бий юу? Энэ эрин үе нь Бурханы нүдээр газар дээрх мах цустай бүхний үйлдэл ялзарсан үе мөн үү? Энэ эрин үед Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүсээс, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цусаас бүрдсэн бүх хүн Бурханы тэвчээрийн хязгаарыг сорьж байгаа биш гэж үү? Өдөр бүр энэ ертөнц дээр та нарын хажууд тохиолддог, та нарын нүдээрээ харж, чихээрээ сонсдог, биеэрээ мэдэрдэг бүхэн хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы нүдээр бол, ийм ертөнц, ийм эрин үеийг дуусгавал зохих бус уу? Одоогийн эрин үеийн нөхцөл байдал нь Ноагийн үеийн нөхцөл байдлаас огт өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан хэвээрээ. Бурхан Өөрийн ажлаас болоод тэвчих чадвартай байдаг боловч бүхий л төрлийн нөхцөл, байдлын дагуу бол Бурханы нүдээр энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байлаа. Нөхцөл байдал нь дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч илүү дор байна. Гэхдээ ялгаа нь юу вэ? Энэ нь бас Бурханы зүрх сэтгэлийг хамгийн их гуниглуулдаг зүйл бөгөөд та нарын дотроос хэн нь ч үүнийг ухамсарлаж чадахгүй байж магадгүй.

Дэлхийг үерээр устгах гэж байхдаа Бурхан Ноаг бүхээг барих болон зарим бэлтгэл ажил хийлгэхээр дуудаж чадаж байв. Бурхан Өөртөө энэ олон зүйлийг хийлгэхээр Ноа хэмээх нэг хүнийг дуудаж чадсан юм. Гэвч одоогийн энэ эрин үед Бурхан дуудах хүн үгүй болжээ. Яагаад ийм байна вэ? Энд сууж байгаа хүн нэг бүр уг шалтгааныг сайн мэдэж, тодорхой ойлгодог байх. Би үүнийг та нарт тодорхой хэлэх хэрэгтэй юу? Үүнийг хэлчихвэл та бүхний нэр нүүрийг бага зэрэг гутааж, хүн бүрийг хямрааж ч магадгүй. Зарим хүн ингэж хэлж магадгүй: “Хэдийгээр бид Бурханы нүдээр зөв шударга бус, төгс бус хүмүүс боловч хэрэв Бурхан биднээр ямар нэг зүйл хийлгэхээр зааварчилбал бид хийж чадна. Өмнө нь, агуу гамшиг ирж байгаа тухай Түүнийг хэлэхэд бид гамшгийн үед хэрэг болох хүнс болон бусад зүйлсийг бэлдэж эхэлсэн. Энэ бүхэн нь Бурханы шаардлагын дагуу хийгдээгүй гэж үү? Бид Бурханы ажилтай үнэхээр хамтран ажиллаагүй гэж үү? Бидний хийсэн эдгээр зүйлийг Ноагийн хийсэнтэй харьцуулж болохгүй юм гэж үү? Бидний тэгж хийж байсан нь жинхэнэ дуулгавартай байдал биш гэж үү? Бид Бурханы зааврыг дагаж байгаагүй гэж үү? Бид Бурханы үгэндгадгүй. Зарим хүн ингэж хэлж магадгүй: “Хэдийгээр бид Бурханы нүдээр зөв шударга бус, төгс бус хүмүүс боловч хэрэв Бурха гэж Бурхан яагаад хэлдэг вэ?” Эдгээр хүмүүсийн үйлдлүүд болон Ноагийн үйлдлүүдийн хооронд ялгаа байна уу? Ялгаа нь юу вэ? (Өнөөдөр гамшигт зориулж хүнс бэлдэх нь бидний өөрсдийн санаа байсан.) (Бидний үйлдлүүд “зөв шударга” байж чаддаггүй байхад Ноа бол Бурханы нүдээр зөв шударга хүн юм.) Та нарын хэлсэн зүйл нэг их хол зөрсөнгүй. Ноагийн хийсэн зүйл нь одоогийн хүмүүсийн хийж байгаа зүйлээс мөн чанараараа ялгаатай юм. Ноа Бурханы зааврыг дагаж байхдаа Бурханы хүсэл юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, их тайлбарлалгүйгээр хийх ёстой зүйлийг нь зааварласан бөгөөд Ноа ёсоор болгож, түүнийг нь хийсэн. Тэрээр дотроо Бурханы санааны учрыг олох гэж оролдоо ч үгүй, Бурханыг эсэргүүцээ ч үгүй, мөн хоёрдмол зүрх сэтгэлтэй байгаа ч үгүй. Тэр зүгээр л цайлган, энгийн сэтгэлээр ёсоор нь хийсэн. Бурханы юу л хий гэснийг хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонссон нь түүний аливааг хийх итгэл үнэмшил байлаа. Бурханы даалгасан зүйлийг тэр ингэж шулуухан, энгийнээр хариуцаж авсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, түүнчлэн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн олз, гарзын талаар бодох явдал биш, харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад, Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэхэд хэзээ гэдгийг нь асуугаагүй, учрыг нь ухах гэж оролдоогүй, Бурханаас дэлхийг хэрхэн устгах гэж байгааг нь бүр ч асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааварласнаар хийсэн. Бурхан түүнийг яаж хийхийг, юугаар хийхийг хүссэн, тэр бүхнийг Бурханы заавраар хийсэн бөгөөд Бурханыг хэлж дуусмагц даруйхан ажлаа эхэлсэн. Тэр Бурханыг сэтгэл хангалуун байлгах хандлагатайгаар Бурханы зааврын дагуу үйлдсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Бурханаас ертөнцийг сөнөөх хүртэл хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу, эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдэхгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, ёсоор нь хийсэн. Одоогийн хүмүүс ийм биш юм: Бурханы үгээс жаахан л мэдээлэл цухалзах юм бол, хүмүүс жаахан үймээн самууныг мэдрэх юм бол даруйхан үсэрч босоод юу ч хамаагүй, ямар ч үнээр хамаагүй хойшид идэж, уух, хэрэглэх зүйлээ бэлдэж эхлэх ба гамшиг тохиолдоход зугтах замаа ч төлөвлөсөн байдаг. Үүнээс ч илүү сонирхолтой нь, энэ чухал мөчид хүний тархи үнэхээр маш “тустай” байдаг. Бурхан ямар ч заавар өгөөгүй нөхцөлд хүн хойшдынхоо явдалд маш тохиромжтойгоор төлөвлөж чаддаг. Та нар үүнийг дүрслэхдээ “төгс” гэдэг үгийг хэрэглэж болох юм. Харин Бурханы хэлдэг зүйл, Бурханы санаа зорилго, Бурханы хүсэж буй зүйлийн талаар бол хэн ч хайхардаггүй ба ойлгох гэж оролддоггүй. Энэ нь одоогийн хүмүүс болон Ноагийн хоорондох хамгийн том ялгаа биш гэж үү?

Ноагийн түүхийн тухай энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг харсан уу? Хүний ялзрал, бузар булай, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Тэр цаашид тэвчихээ больж, харин шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнд хүмүүс хэзээ ч халдаж болохгүй гэдгийг юм уу, эсвэл Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын төлөө байдаггүй бөгөөд Тэр хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулах зорилготой биш. Харин энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь иймэрхүү хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний эрх мэдэл дор цаашид амьдрахыг зөвшөөрч, цаашид тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Иймээс, хүн төрөлхтөн бүгдээрээ Түүнтэй дайсагнаж, бүхий л дэлхий дээр Түүний аварч чадах нэг ч хүн байхгүй болоход Тэр ийм хүн төрөлхтнийг цаашид тэвчихээ болих ба ийм хүн төрөлхтнийг устгах Өөрийн төлөвлөгөөг эргэлзэж тээнэгэлзэлгүй хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогддог. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы эрх мэдэл дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм. Энэ нь, одоогийн эрин үед Бурхан Өөрийн төлөвлөгөөг дуусгаж, Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг аврахаар тэсэж ядан байгаа гэдгийг харуулахгүй байна гэж үү? Ийм нөхцөлд Бурхан юунд хамгийн их санаа тавьдаг вэ? Түүнийг огт дагадаггүй хүмүүс, эсвэл угаасаа Түүнтэй сөргөлддөг хүмүүс Түүнд яаж хандаж, Түүнийг яаж эсэргүүцдэг, эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж гүжирдэж байгааг анхаардаггүй. Тэрээр Өөрийг нь дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх авралын бай нь Түүгээр бүрэн төгс болгуулсан эсэх, мөн тэд Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л санаа тавьдаг. Түүнийг дагадгаас бусад хүмүүсийн тухайд бол Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр бас Өөрийг нь дагадаг, Өөрийн аврах гэж байгаа хүмүүсийг чадлынхаа хэрээр хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар, Тэр бүрэн төгс болгох гэж байгаа хүмүүстээ туйлын их тэвчээр, хүлээцтэй байж, тэднийг чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар, Бурхан Өөрийг нь дагадаггүй, Өөрийг нь эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг туйлын их үзэн ядаж, жигшдэг. Хэдийгээр, Сатаны төрлийн энэ хүмүүс Өөрийг нь дагаж, Өөрийг нь шүтэн мөргөдөг эсэхийг Тэр тоодоггүй боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчихийн хамт тэднийг мөн л үзэн яддаг бөгөөд Сатаны төрлийн энэ хүмүүсийн төгсгөлийг шийдэнгээ удирдлагын төлөвлөгөөнийхөө ирэхийг бас хүлээж байна.

Дараагийн хэсгийг харцгаая.

2) Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл

Эхлэл 9:1-6 Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж “Өсөн үржиж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувууд та нараас айж, та нараас эмээнэ; газар дээрх шавьж бүхэн, далайн бүх загасыг та нарын гарт өгнө. Амьд хөдөлдөг бүхэн та нарын хоол болно; та нарт хүнсний ногоо өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар тэдний махыг амьтай нь буюу цустай нь идэж болохгүй. Та нарын цусыг урсгаж, амийг хөнөөсөн араатан бүрээс, мөн хүний гараас Би амийн цусыг гарцаагүй нэхнэ; хүний ах дүү бүрийн гараас ч Би хүний амийг нэхнэ. Хүний цус урсгасан хэний ч цус хүний гараар урсана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.

Та нар энэ хэсгээс юу хардаг вэ? Би яагаад эдгээр эшлэлийг сонгосон бэ? Би яагаад Ноа болон түүний гэр бүлийн бүхээг дээр байсан үеийнх нь амьдралын талаар эш татаагүй вэ? Учир нь тэр агуулга нь бидний өнөөдрийн ярилцаж буй сэдэвтэй нэг их холбоогүй юм. Бидний анхаарлаа хандуулж буй зүйл бол Бурханы зан чанар билээ. Хэрвээ та нар тэр тухай дэлгэрэнгүй мэдмээр байвал Библи аваад өөрсдөө уншаарай. Бид тэр тухай энд ярихгүй. Өнөөдрийн бидний ярилцах хамгийн гол сэдэв бол Бурханы үйл хэргийг хэрхэн мэдэх тухай юм.

Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг барьж, Бурхан дэлхийг үерээр сөнөөж байсан өдрүүдэд амь зогоож, найман хүнтэй гэр бүл нь бүгдээрээ амьд гарсан. Ноагийн гэр бүлийн найман хүнээс бусад бүх хүн төрөлхтөн устсан, газар дэлхий дээрх бүх амьд юм устсан. Ноад Бурхан ерөөлөө хайрлаад түүнд болон хөвгүүдэд нь хэдэн үг хэлсэн. Эдгээр үг нь Бурханы түүнд хайрласан зүйл, мөн Бурханы түүнд өгсөн ерөөл байсан юм. Энэ бол Түүнийг сонсож, Түүний зааврыг хүлээн авч чаддаг хүнд өгдөг Бурханы ерөөл, амлалт бөгөөд энэ нь бас хүмүүсийг шагнадаг Бурханы арга юм. Өөрөөр хэлбэл, Бурханы нүдээр бол Ноа төгс хүн, эсвэл зөв шударга хүн байсан эсэхээс үл хамааран, Бурханы талаар хэр зэрэг мэддэг байснаас үл хамааран, товчхондоо Ноа болон гурван хүү нь бүгдээрээ Бурханы үгийг сонсож, Бурханы ажлаас хамжилцаж, Бурханы зааврын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн. Үр дүнд нь дэлхийг үерээр сүйрүүлсний дараах хүмүүс болон төрөл бүрийн амьд зүйлийг үлдээж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний дараагийн алхамд асар их хувь нэмэр оруулсан. Хийсэн бүхнийх нь төлөө Бурхан түүнийг ерөөжээ. Өнөөдрийн хүмүүсийн хувьд Ноагийн хийсэн зүйл дурдахын ч хэрэггүй байж магадгүй. Зарим нь бүр: Ноа юу ч хийгээгүй, Бурхан түүнийг байлгахаар шийдсэн болохоор тэр мэдээж үлдэх байсан. Түүний амь гарсан нь түүний гавьяа биш юм. Энэ бол Бурханы хийхийг хүссэн зүйл, учир нь хүн бол идэвхгүй гэж бодож магадгүй. Гэвч Бурхан зүрх сэтгэлдээ ингэж боддоггүй. Хүн агуу, эсвэл өчүүхэн байх нь Бурханд хамаагүй, Түүнийг сонсож, Түүний заавар, Түүний даалгасан зүйлд дуулгавартай хандаж, Түүний ажил, Түүний хүсэл, Түүний төлөвлөгөөтэй хамтран ажиллаж, тэгснээр Түүний хүсэл болон Түүний төлөвлөгөө төвөггүй хэрэгжиж байх л юм бол тэдний тийм үйлдэл Түүнд дурсагдахуйц, Түүний ерөөлийг хүртэхүйц байх юм. Бурхан тийм хүмүүсийг эрхэмлэдэг ба тэдний тийм үйлдэл, Өөрийг нь гэсэн тэдний хайр, сэтгэлийг нандигнадаг. Энэ бол Бурханы хандлага юм. Тиймээс Бурхан яагаад Ноаг ерөөсөн бэ? Яагаад гэвэл, хүний тийм үйлдэл, дуулгавартай байдалд Бурхан ингэж ханддаг юм.

Бурхан Ноаг ерөөсөн тухайд зарим хүн: “Хэрвээ хүн Бурханыг сонсож, Бурханыг хангалуун болгож байвал Бурхан хүнийг ерөөх ёстой. Энэ нь зүй ёсны хэрэг биш гэж үү?” гэж хэлнэ. Бид ингэж хэлж болох уу? Зарим хүн: “Болохгүй” гэдэг. Бид яагаад тэгж хэлж болохгүй вэ? Зарим хүн: “Хүн Бурханы ерөөлийг хүртэх эрхгүй” гэж хэлдэг. Энэ үг бас бүрэн зөв биш юм. Учир нь хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг болон түүний хийдэг зүйл нь тэнцэх эсэхийг магадлах стандарт Бурханд байдаг. Бурханы анхаардаг зүйл нь хүний гадна талын үйлдэл биш, харин хүний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийх нь хамаагүй, ямар боловч хийж л байвал Бурхан хүнийг ерөөх ёстой гэсэн үг биш. Энэ бол Бурханы тухай хүмүүсийн буруу ойлголт юм. Бурхан зөвхөн юмны эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах хугацаанд хүний зүрх сэтгэл ямар байгааг болон хүний хандлага ямар байгааг илүү онцлон анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, анхаарал халамж болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг. Тэр үед Ноа Бурханы талаар хэр их мэддэг байсан бэ? Та нарын одоогийн ойлгодог сургаал шиг их байсан уу? Бурханы тухай ухагдахуун болон мэдлэг гэх мэт үнэний талын хувьд тэрээр та нартай адил хэмжээний усалгаа, хариулга хүлээн авсан уу? Үгүй ээ, тэгээгүй! Гэвч энд үгүйсгэхийн аргагүй нэг баримт байна: Одоогийн хүмүүсийн ухамсар, оюун санаа, зүрх сэтгэлийнх нь гүнд байгаа Бурханы тухай ухагдахуун болон хандлага нь бүдэг бадаг бөгөөд тодорхойгүй. Хүмүүсийн нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн хандлагатай байдаг гэж бүр ч хэлж болох юм. Харин Ноагийн зүрх сэтгэл, ухамсарт Бурхан үнэхээр оршин байдаг агаад эргэлзээгүй байсан тул түүний дуулгавартай хандлага нь хольцгүй байсан ба туршилтыг давж чадсан. Түүний зүрх сэтгэл нь цэвэр бөгөөд Бурханд нээлттэй байсан. Тэрээр Бурханы даалгасныг хүлээн авч, Бурханы хий гэсэн бүхнийг хийх чадвартай байхын тулд нэг их онолын талаарх мэдлэгээр өөрийгөө итгүүлж, Бурханы үг бүрийг сонсож, арга бүрийг дагах хэрэггүй байсан бөгөөд Бурханы оршин тогтнолыг батлах олон баримт ч түүнд хэрэггүй байсан. Энэ бол Ноа болон өнөөдрийн хүмүүсийн хоорондын мөн чанарын ялгаа ба Бурханы нүдээр төгс хүн ямар байх тухай жинхэнэ тодорхойлолт юм. Бурхан Ноа шиг хүмүүсийг хүсдэг. Тэр бол Бурханы сайшаадаг, мөн Бурханы ерөөдөг чухам тийм төрлийн хүн юм. Та нар үүнээс гэгээрэл олж авав уу? Хүмүүс хүмүүсийг гаднаас нь хардаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний зүрх сэтгэл, мөн чанар юм. Өөрт нь хайхрамжгүй, эргэлзсэн байдлаар хандахыг Бурхан хэнд ч зөвшөөрдөггүй ба мөн Өөрийг нь сэжиглэх, ямар нэг байдлаар туршихыг ч хүмүүст зөвшөөрдөггүй. Иймээс өнөөдрийн хүмүүс Бурханы үгтэй нүүр тулдаг, эсвэл бүр Бурхантай нүүр учирдаг гэж ч хэлж болох атал зүрх сэтгэлийнх нь гүнд байдаг ямар нэг зүйлээс, завхарсан мөн чанар байдгаас, Бурханд дайсагнасан хандлагаасаа болоод тэдний Бурханд итгэх жинхэнэ итгэл нь боогдож, Түүнд хандах дуулгавартай байдал нь хаагддаг. Үүнээс болоод Бурханы Ноад хайрласантай адил ерөөлийг олох нь тэдний хувьд маш хэцүү юм.

3) Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь

Эхлэл 9:11-13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй. Тэгээд Бурхан “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь энэ: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.

Одоо бид Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон тухай хэсгийг бичвэрээс харцгаая.

Ихэнх хүмүүс солонго гэж юу болохыг мэддэг ба солонготой холбоотой зарим түүх сонссон. Библи дэх солонгын тухай түүхийн тухайд гэвэл, зарим хүн үүнд итгэж, зарим нь үүнийг домог гэж үздэг байхад бусад нь ерөөсөө итгэдэггүй. Ямар ч байсан солонготой холбоотой тохиолдсон бүхэн нь Бурханы нэгэнтээ хийсэн бүх зүйл ба хүнийг удирдах Бурханы удирдлагын үйл явцад болсон явдал юм. Эдгээр зүйлийг Библид уг ёсоор нь тэмдэглэсэн байдаг. Эдгээр тэмдэглэл нь тэр үед Бурханы сэтгэл санааны байдал ямар байсныг, эсвэл Бурханы хэлсэн эдгээр үгийн цаана ямар санаа байсныг бидэнд хэлээгүй. Түүнчлэн Бурхан эдгээр үгийг хэлж байхдаа ямар мэдрэмжтэй байсныг хэн ч мэдэж чадаагүй. Гэвч үүнийг хийхээс өмнөх болон дараах Бурханы сэтгэл санаа нь үг өгүүлбэр болгоноос илэрч байна. Бурханы тэр үеийн бодол нь Түүний айлдварын үг, хэллэг бүрээр дамжин хуудаснаас даруй тодрон гарч ирэх мэт байдаг.

Бурханы сэтгэл санаа бол хүн төрөлхтний хамгийн их анхаарах ёстой зүйл бөгөөд мэдэж авах гэж хичээвэл зохих зүйл юм. Учир нь Бурханы бодол нь Бурханы талаарх хүний ойлголттой нарийн холбоотой бөгөөд Бурханы тухай хүний ойлголт нь хүний амийн оролтод дутагдаж болшгүй хэсэг юм. Тэгэхээр эдгээр зүйл тохиолдож байхад Бурхан юу бодож байсан бэ?

Анх Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн, Бурханы нүдээр маш сайн бөгөөд Өөрт нь ойр байсан хүн төрөлхтөн Түүний эсрэг боссоныхоо дараа үерээр устгагдсан. Ийм хүн төрөлхтөн хоромхон зуур ингэж алга болсон нь Бурханыг шаналгасан уу? Мэдээж, шаналгасан! Тэгвэл Тэр энэ зовнилоо юугаар илэрхийлсэн бэ? Энэ нь Библид хэрхэн тэмдэглэгдсэн вэ? Энэ нь Библид ийнхүү тэмдэглэгджээ: “Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй.” Энэ энгийн өгүүлбэр нь Бурханы бодлыг илэрхийлж байна. Дэлхийн энэ сүйрэл Түүнийг маш их шаналгасан. Хүний үгээр бол Тэр маш гунигтай байсан юм. Бид ингэж төсөөлж болно: Дэлхийг үерээр устгасны дараа, нэгэнтээ амиар дүүрэн байсан газар дэлхий ямархуу харагдаж байсан бол? Нэгэнтээ хүн төрөлхтнөөр дүүрэн байсан дэлхий үерээр устгагдсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Хүний суурьшил үгүй, амьд зүйл үгүй, хаа сайгүй ус, усны гадаргуу дээр туйлын замбараагүй байсан. Иймэрхүү дүр зураг нь дэлхий ертөнцийг бүтээх үеийн Бурханы анхдагч санаа зорилго байсан уу? Мэдээж үгүй! Бурханы анхдагч санаа бол бүх газар нутаг даяарх амийн эрч хүчийг харах, Түүний бүтээсэн хүмүүс Түүнд шүтэн мөргөж байхыг харах явдал байсан, харин Ноа л ганцаараа Түүнд шүтэн мөргөж, Түүний дуудлагад хариу өгч, даалгасан зүйлийг нь гүйцээж байх явдал биш. Хүн төрөлхтөн алга болох үед, Бурхан Өөрийн анх төлөвлөж байсан зүйлээ бус, харин шал эсрэг зүйлийг харсан. Түүний зүрх яаж шаналахгүй байж чадах юм бэ? Иймд Өөрийн зан чанарыг харуулж, Өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж байх үедээ Бурхан шийдвэр гаргасан. Тэр ямар шийдвэр гаргасан бэ? Бурхан дахиж хүн төрөлхтнийг үерээр устгахгүй хэмээн амлаж, хүнтэй байгуулсан гэрээ болгон үүлэнд нум (тайлбар: бидний хардаг солонго) хийжээ. Мөн үүний зэрэгцээ энэ нь хүмүүст Бурхан нэгэн цагт ертөнцийг үерээр сөнөөсөн гэдгийг хэлж, Бурхан яагаад ийм зүйл хийснийг хүнд үүрд сануулахын тулд байсан.

Энэ удаа дэлхийг устгах нь Бурханы хүссэн зүйл байсан уу? Бурханы хүссэн зүйл огт биш байсан нь дамжиггүй. Бид дэлхийн сүйрлийн дараа газар дэлхий ямар эмгэнэлтэй байсны өчүүхэн хэсгийг төсөөлөн бодож чадах боловч тэр үед Бурханы нүдэнд ямар дүр зураг харагдаж байсныг дөхүүлэн төсөөлж чадахгүй юм. Одоогийн хүмүүс ч бай, эсвэл тэр үеийн хүмүүс ч бай, дэлхийг үерээр сөнөөсний дараах дүр зургийг хараад Бурханы сэтгэл санааны байдал ямар байсныг төсөөлж, мэдэх чадваргүй юм. Бурхан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлаас болж ингэж хийхээс өөр сонголтгүй байсан боловч дэлхийг үерээр сөнөөснөөс болж Бурханы сэтгэл шаналсан, энэ баримтыг нэг ч хүн ойлгож, мэдэрч чадаагүй юм. Тийм учраас Бурхан өнгөрсөнд иймэрхүү юм хийсэн гэдгийг хүмүүс санаж байг гэж, мөн Бурхан дахиж ийм маягаар дэлхийг хэзээ ч сөнөөхгүй гэж тэдэнд амлах гээд Бурхан хүн төрөлхтөнтэй гэрээ байгуулжээ. Энэ гэрээнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг ба хүн төрөлхтнийг устгах үед Бурханы зүрх сэтгэл шаналж байсныг хардаг. Хүний хэлээр бол Бурхан хүн төрөлхтнийг устгах үедээ, хүн төрөлхтөн алга болж байгааг харах үедээ зүрх сэтгэл нь шимшрэн, элэг нь эмтэрч байсан. Бид үүнээс илүү дүрсэлж чадна гэж үү? Хэдийгээр эдгээр үгийг хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэрэглэдэг ба хүний хэл дэндүү хомсдох боловч Бурханы мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дүрслэхэд Надад бол тийм ч муугүй, бас дэндүү хэтрүүлээгүй санагдаж байна. Энэ нь та нарт дор хаяж Бурханы сэтгэл санаа тэр үед ямар байсан тухай маш бодитой, маш тохиромжтой ойлголт өгч байна. Одоо та нар дахиж солонго харахаараа юу бодох вэ? Ядаж л та нар Бурхан өнгөрсөнд дэлхийг үерээр сөнөөсөндөө гунигтай байсныг санана. Бурхан энэ дэлхийг үзэн ядаж, хүн төрөлхтөнд зэвүүцэж байсан ч Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтнийг устгах үедээ Түүний зүрх сэтгэл шархалж, тавьж явуулж ядан, дурамжхан, тэсвэрлэхийн аргагүй болж байсныг та нар санах болно. Түүний цорын ганц тайтгарал нь Ноагийн гэр бүлийн найман хүн байв. Ноагийн хамтын ажиллагаа нь Түүний бүх зүйлийг бүтээсэн уйгагүй зүтгэлийг ядаж л талаар болгоогүй юм. Бурханыг зовж байх үед энэ нь л Түүний зовуурийг намдаах ганц зүйл байв. Тэр үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнд зориулсан бүх найдвараа Ноагийн гэр бүлд тавьж, тэднийг Түүний хараал дор биш, Түүний ерөөл дор амьдарч чадна гэж найдан, Бурхан дэлхийг дахиж үерээр устгахыг тэд хэзээ ч харахгүй, бас өөрсдөө ч устгагдахгүй гэж найджээ.

Эндээс бид Бурханы зан чанарын аль хэсгийг ойлгох хэрэгтэй вэ? Хүн Түүнтэй дайсагнадаг тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгасан хэдий ч Түүний зүрх сэтгэл хувиралгүй хэвээр үлдсэн. Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, Бурханд тодорхой хэмжээгээр дуулгаваргүй хандах үед Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэн, мөн Өөрийн зарчмын дагуу энэ хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанараас болж Бурхан хүн төрөлхтнийг бас өрөвдсөн бөгөөд хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга замыг бүр ч хүсэж байв. Харин хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар байж, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан, өөрөөр хэлбэл, Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан. Бурхан тэднийг яаж ч дуудаад, тэдэнд яаж ч сануулж, тэднийг хангаж, тусалж, хүлээцтэй хандсан ч хамаагүй хүмүүс үүнийг нь ойлгохгүй, ухаарахгүй бөгөөд ямар ч анхаарал хандуулдаггүй. Бурхан шаналж байхдаа ч хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлахаа бас л мартаагүй ба хүний буцан эргэхийг хүлээдэг. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийнэ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөсөн мөчөөс хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд буцан эргэх боломж олгох зорилготой байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж юм. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл хэчнээн их өвдөжвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн.Эргэлзээгүйгээр, хүн төрөлхтийг гэх Бурханы хайр нь зүгээр нэг дэмжсэн дүр үзүүлэх явдал биш, харин үнэн бодитой гэдгийг бид олж харсан. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, мэдэгдэхүйц бөгөөд хуурамч, бохир, мэхэлсэн, эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан Өөрийгөө хайр татам гэж хүмүүст харуулахын тулд хэзээ ч, ямар ч заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд, эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гайхуулахын тулд хэзээ ч хуурамч гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр тал нь хүний хайрыг хүртүүштэй бус уу? Тэдгээрийг шүтэн мөргүүштэй биш гэж үү? Тэдгээрийг нандигнууштай биш гэж үү? Одоо Би та нараас ингэж асуумаар байна: Эдгээр үгийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд байдал, агуу, ариун байдал, хүлээцтэй байдал, хайр гэх зэрэг—Бурханы зан чанар болон мөн чанарын энэ бүх янз бүрийн тал нь Өөрийн ажлыг хийх бүрд хэрэгжиж, Түүний хүнд хандсан хүсэлд шингэсэн ба хүн нэг бүр дээр хэрэгжиж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхээс үл хамааран, Бурхан хүн бүрд бүх талаар санаа тавьж, Өөрийн чин зүрх сэтгэл, мэргэн ухаан болон янз бүрийн аргыг хэрэглэн, хүн бүрийн зүрхийг дулаацуулж, сүнсийг сэрээдэг. Энэ бол маргаангүй үнэн юм. Энд хэдэн ч хүн сууж байгаа нь хамаагүй, хүн бүр Бурханы хүлээцтэй байдал, тэвчээр болон хайр татам байдлын талаар өөр өөр туршлага, мэдрэмжтэй байгаа. Бурханы тухай эдгээр туршлага, эдгээр мэдрэмж, эсвэл Түүний тухай мэдлэг—товчхондоо, энэ бүх эерэг зүйл нь Бурханаас үүдэлтэй. Тэгэхээр Бурханы тухай хүн бүрийн туршлага, мэдлэгийг нэгтгэн, өнөөдөр Библиэс уншсан зүйлтэйгээ нийлүүлэхээр та нар одоо Бурханы талаар илүү үнэн бодитой, зүй зохистой ойлголттой болж байна уу?

Энэ түүхийг уншиж, энэ үйл явдал дээр Бурханы харуулсан зарим зан чанарыг ойлгоод та нар Бурханы талаар ямар цоо шинэ ойлголттой болсон бэ? Энэ нь та нарт Бурхан болон Түүний зүрх сэтгэлийн талаар илүү гүнзгий ойлголт өгсөн үү? Одоо та нар Ноагийн түүхийг дахин харахдаа өөрөөр үздэг үү? Та нарын бодлоор бол Библийн энэ эшлэлүүдийг хэлэлцэх хэрэггүй байсан уу? Одоо бид үүнийг хэлэлцсэний дараа та нар үүнийг хэлэлцэх шаардлагагүй гэж бодож байна уу? Шаардлагатай байсан, тийм биз? Бидний уншсан зүйл хэдийгээр нэг түүх боловч энэ нь Бурханы нэгэнтээ хийсэн ажлын тухай үнэн тэмдэглэл юм. Миний зорилго бол та нарт эдгээр түүхийн нарийн ширийнийг, эсвэл энэ дүрийг дэлгэрэнгүй ойлгуулах гэсэн биш, та нараар энэ дүрийг судлуулах гэсэн биш, мөн та нараар Библийг дахиад судлуулах гэсэн юм огт биш. Та нар ойлгож байна уу? Тэгээд Бурханы тухай та нарын мэдлэгт эдгээр түүх тус болов уу? Энэ түүх Бурханы тухай та нарын мэдлэгт юу нэмэрлэсэн бэ? Хонконгийн ах, эгч нар аа, бидэнд хэлээч. (Бурханы хайр бол бидэн шиг ялзарсан хүмүүсийн эзэмшдэг зүйл биш гэдгийг бид ойлгосон.) Өмнөд Солонгосын ах, эгч нар аа, бидэнд хэлээч. (Хүнийг гэсэн Бурханы хайр үнэн бодитой. Хүнийг гэсэн Бурханы хайр нь Түүний зан чанар болон Түүний агуу, ариун байдал, дээдийн дээд байдал болон Түүний хүлээцтэй байдлыг агуулдаг. Бид энэ талаар илүү гүнзгий ойлгохоор оролдууштай.) (Саяхны харилцан яриагаар нэг талаас би Бурханы зөвт бөгөөд ариун зан чанарыг харж чаддаг ба мөн хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зовнил, хүнийг өршөөх Бурханы өршөөл болон Бурханы хийж байгаа бүхэн, Түүний бодол санаа бүхэн нь хүн төрөлхтнийг гэсэн Түүний хайр, санаа зовнилын илэрхийлэл гэдгийг харж чадна.) (Хүн төрөлхтөн тодорхой төвшинд муу ёрын болсноос үүдэн Бурхан дэлхийг үерээр сөнөөсөн ба Бурхан тэднийг үзэн яддаг байсан тул хүн төрөлхтнийг устгасан гэж урьд нь би ойлгодог байсан. Өнөөдөр Бурхан Ноагийн тухай түүхийг ярьж, Бурханы элэг эмтэрч байсан гэж хэлсний дараа л би Бурхан тэр хүмүүсийг зөнд нь хаяхдаа үнэндээ дурамжхан байсан гэдгийг ухаарлаа. Хүн төрөлхтөн хэтэрхий дуулгаваргүй байсан учраас л Бурхан тэднийг устгахаас өөр аргагүй болсон юм байна. Үнэндээ, тэр үед Бурханы зүрх сэтгэл маш гунигтай байжээ. Эндээс би Бурханы зан чанар дахь хүн төрөлхтнийг гэсэн халамж, санаа зовнилыг ойлгож байна. Үүнийг би өмнө нь мэдээгүй.) Маш сайн байна! Дараа нь та нар ярьж болно. (Үүнийг сонссоны дараа миний сэтгэл их хөдөллөө. Би өмнө нь Библийг уншиж байсан боловч бидэнд Өөрийгөө мэдүүлэхийн тулд Бурхан өнөөдрийнх шигээ эдгээр зүйлийг шууд задлан шинжилж байсныг би хэзээ ч мэдэрч байгаагүй. Бурхан биднийг ийнхүү дагуулан, хамтдаа Библи уншиж, хүний ялзралаас өмнөх Бурханы мөн чанар нь хүн төрөлхтнийг гэсэн хайр, халамж байсан гэдгийг болон хүн төрөлхтөн ялзарснаас эхлээд одоогийн эцсийн өдрүүд хүртэл Бурхан зөвт зан чанартай хэвээр хэдий боловч Түүний хайр, халамж нь өөрчлөгдөөгүй гэдгийг надад мэдүүлсэн. Энэ нь хүн ялзарсан эсэхээс үл хамааран бүтээлийн цаг үеэс одоог хүртэл Бурханы хайрын мөн чанар хэзээ ч өөрчлөгдөөгүйг харуулдаг.) (Өнөөдөр би Бурханы мөн чанар нь цаг хугацаа болон Түүний ажлын байрлал өөрчлөгдсөнөөс үүдэн хувирч өөрчлөгддөггүй гэдгийг харлаа. Бурхан дэлхий ертөнцийг бүтээж байгаа ч бай, эсвэл хүнийг ялзарсны дараа үүнийг устгаж байгаа ч бай, Түүний хийсэн бүхэн утга учиртай бөгөөд Түүний зан чанарыг агуулдаг гэдгийг харлаа. Тиймээс би Бурханы хайр хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй гэдгийг, мөн бусад ах, эгч нарын дөнгөж сая дурдсанаар дэлхийг устгах үедээ Бурханы хүн төрөлхтөнд өгсөн анхаарал халамж болон өршөөлийг ч бас харлаа.) (Эдгээр нь миний үнэхээр мэддэггүй байсан зүйлс юм. Өнөөдөр сонсоод би Бурхан бол үнэхээр итгэл хүлээсэн, үнэхээр найдвартай, итгүүштэй бөгөөд Тэр үнэхээр оршин байдаг гэдгийг мэдэрч байна. Бурханы зан чанар болон хайр үнэхээр ийм бодитой гэдгийг би зүрх сэтгэлдээ үнэхээр ойлгож байна. Энэ бол өнөөдөр үүнийг сонссоны дараах миний сэтгэгдэл юм.) Маш сайн байна! Та нар сонссон бүхнээ зүрх сэтгэлдээ хүлээн авсан юм шиг байна.

Та нар өнөөдрийн хэлэлцсэн Библийн бүх түүхийг оролцуулаад Библийн бүх эшлэлээс нэгэн тодорхой баримтыг анзаарсан уу? Бурхан хэзээ нэг цагт Өөрийн бодлыг, эсвэл хүн төрөлхтнийг гэсэн Өөрийн хайр, халамжийг илэрхийлэх гэж Өөрийнхөө хэлийг ер нь ашиглаж байсан уу? Тэрээр энгийн хэл ашиглан хүн төрөлхтөнд хэр их санаа тавьж, хайрладаг гэдгээ хэлснийг батлах тэмдэглэл бий юу? Үгүй! Үгүй биз дээ? Та бүхний дунд Библийг болон Библиэс өөр номууд уншсан хүмүүс олон байгаа. Та нарын дунд ийм үг харсан хүн байна уу? Хариулт нь мэдээж үгүй! Учир нь Бурханы үг болон Бурханы ажлын баримтыг агуулсан Библийн бичвэрт Бурхан, Өөрийн сэтгэлийг дүрслэх, эсвэл хүн төрөлхтнийг гэсэн Өөрийн хайр, халамжийг илэрхийлэх гэж ямар ч эринд, ямар ч цаг үед Өөрийн арга барилыг ашиглаж байгаагүй ба Өөрийн сэтгэл санаа болон мэдрэмжийг илтгэхдээ Бурхан, яриа буюу ямар нэгэн үйлдлийг хэзээ ч ашиглаагүй—энэ нь баримт биш гэж үү? Би яагаад ингэж хэлж байна вэ? Би яагаад үүнийг дурдах хэрэгтэй вэ? Яагаад гэвэл, энэ нь бас Бурханы хайр татам байдал болон Түүний зан чанарыг агуулдаг.

Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс, эсвэл Түүнийг дагадаг эсэхээс үл хамааран Бурхан хүн төрөлхтнийг Өөрийн хайртай хүмүүс гэж үздэг—хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд хамгийн ойр дотнын хүмүүс гэж үздэг болохоос биш, Өөрийн тоглоом гэж үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийн бүтээл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны бага зэрэг ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн бүхэн нь ийм төрлийн харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, халамжилж, тэдэнд санаа тавьдгаа үзүүлдгээс гадна мөн хүн төрөлхтнийг тасралтгүй хангадаг. Зүрх сэтгэлдээ Тэр үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил, эсвэл маш их гавьяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэдэнд бүх зүйлийг өгч байгаагаа хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байна гэж ч боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан чимээгүйхэн, дуугүй хангаж байдаг. Хүн Түүнээс хэчнээн их хангамж, хэр их тусламж авч байдаг ч хамаагүй, Бурхан хэзээ ч хүнээс гавьяа хүсэх гэж боддог ч үгүй, болгох гэж оролддог ч үгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба энэ нь бас Бурханы зан чанарын жинхэнэ илэрхийлэл юм. Ийм учраас бид, Бурхан хүн төрөлхтнийг Өөртөө талархуулж, эсвэл Өөрийгөө магтуулахын тулд бодлоо илэрхийлснийг болон Бурхан яагаад ингэж хийснээ, хүн төрөлхтний төлөө яагаад ингэж их санаа тавьдгаа хүмүүст илтгэснийг юм уу тайлбарласныг Библиэс, эсвэл өөр ямар ч номоос ерөөсөө олохгүй. Цаашлаад Тэр шархалж, зүрх сэтгэл нь туйлын их шимширч байсан ч гэсэн хүн төрөлхтний өмнө хүлээсэн хариуцлагаа, хүн төрөлхтний төлөөх халамжаа хэзээ ч мартдаггүй ба энэ бүх өвдөлт, шаналгааг Тэр ганцаараа чимээгүйхэн тэсвэрлэж байдаг. Харин ч Бурхан урьдын адилаар хүн төрөлхтнийг хангасаар байдаг. Хүн төрөлхтөн Бурханыг байнга магтаж, эсвэл Түүнд гэрчлэл хийдэг боловч эдгээр нь Бурханы хүнээс нэхэж авсан зүйл биш юм. Учир нь хүнд зориулан хийдэг сайн зүйлсийнхээ нэгийг нь ч талархлаар солих, эсвэл хариу төлөөс авах гэсэн санаа Бурханд ерөөсөө байдаггүй. Харин Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг, Түүнийг сонсож, Түүнд үнэнч байдаг болон Түүнд дуулгавартай байдаг хүмүүс Бурханы ерөөлийг байнга хүртдэг бөгөөд Бурхан ийм ерөөлийг огтхон ч үлдээлгүй хайрлана. Түүнчлэн хүмүүсийн Бурханаас хүртдэг ерөөл нь тэдний төсөөллөөс байнга давсан байдаг, мөн хүмүүс хийсэн зүйлээрээ, эсвэл төлсөн төлөөсөөрөө сольж чадахааргүй байдаг. Бурханы ерөөлийг эдэлж байхдаа Бурхан юу хийж байгаа талаар анхаардаг хүн байна уу? Бурханы мэдрэмжид санаа тавьдаг хүн байдаг уу? Бурханы шаналлыг ойлгох гэж хичээдэг хүн байдаг уу? Эдгээр асуултын тодорхой хариулт нь: Үгүй! Тэр үед Бурханы мэдэрч байсан шаналлыг Ноаг оролцуулаад ямар ч хүн мэдэрч чадах уу? Бурхан яагаад тийм гэрээ байгуулсныг хэн нэгэн ойлгож чадах уу? Тэд чадахгүй! Хүн Бурханы шаналлыг ойлгодоггүй нь Бурханы шаналлыг ойлгож чаддаггүйгээс болдог бус, мөн Бурхан хүн хоёрын хоорондын зайнаас юм уу тэдний байр суурийн ялгаанаас ч болдог юм биш; харин хүн Бурханы ямар ч мэдрэмжид санаа тавьдаггүйгээс болдог. Бурхан бол бие даасан—хүн Түүнд санаа тавьж, Түүнийг ойлгож, анхаарч халамжлах нь Бурханд хэрэггүй, учир нь Бурхан бол Бурхан, иймээс Тэр өвддөггүй, сэтгэл хөдлөлгүй; Тэр гуниглахгүй, уй гашууг мэдэрдэггүй, Тэр бүр уйлдаг ч үгүй, учир нь Бурхан бол Бурхан, иймээс Түүнд сэтгэл хөдлөлийн ямар ч илэрхийлэл хэрэггүй бөгөөд Түүнд сэтгэл санааны тайтгарал хэрэггүй, хэрвээ ямар нэг нөхцөлд эдгээр нь Түүнд хэрэгтэй болбол Тэр үүнийг Өөрөө шийдвэрлэх ба хүнээс ямар ч тусламж шаарддаггүй гэж хүмүүс боддог. Эсрэгээрээ сул дорой, төлөвшөөгүй хүмүүст л Бурханы тайтгарал, хангалт, зоригжуулалт хэрэгтэй байдаг ба Бурхан тэдний сэтгэл хөдлөлийг хэзээ ч, хаана ч тайвшруулах хэрэгтэй байдаг. Хүний зүрх сэтгэлийн гүнд ийм нэгэн зүйл нуугдаж байдаг: Хүн бол сул дорой; тэднийг Бурхан бүх талаар харж хандах ёстой, Бурханаас авдаг бүх халамжийг тэд хүртэж, өөрсдийнх нь гэж бодож байгаа бүхнээ Бурханаас шаардах ёстой. Бурхан бол хүч чадалтай; Түүнд бүх юм бий, Тэрээр хүний хамгаалагч, мөн ерөөл хүртээгч байх учиртай. Тэрээр хэдийнээ Бурхан бөгөөд бүхнийг чадагч учраас хүнээс дахин юу ч авах хэрэггүй.

Хүн Бурханы ямар ч илэрхийлэлд анхаарал хандуулдаггүй болохоор Бурханы гуниг, шаналал, баяр баясгаланг хэзээ ч мэдэрч байгаагүй. Харин Бурхан хүний бүх зан төлөвийг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг. Бурхан хүн бүрийн хэрэгцээг хэзээ ч, хаана ч хангаж, хүн бүрийн бодол санааны өөрчлөлтийг ажиглаж, ингэснээр тэднийг тайтгаруулан ухуулж, чиглүүлэн гэрэлтүүлж байдаг. Хүний төлөө Бурханы хийсэн бүх зүйл, төлсөн бүх төлөөсийг авч үзвэл хүмүүс, Библийн хэсгүүд болон Бурханы одоогийн хэлсэн зүйлсээс Бурхан хүнээс ямар нэгэн юм шаардана гэж тодорхой бичсэн зүйл олж чадах уу? Үгүй! Харин ч хүмүүс Бурханы бодлыг хэчнээн ч үл тоож байсан Тэрээр хүнийг мөн л ахин дахин замчилж, байн байн хангаж, тэдэнд тусалж, тэдэнд зориулан Өөрийн бэлтгэсэн гайхалтай сайхан хүрэх газарт очуулахын тулд Бурханы замыг дагах боломжийг тэдэнд өгдөг. Бурханы хувьд, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний нигүүлсэл, Түүний өршөөл, Түүний бүх шагнал нь Түүнийг хайрладаг, дагадаг хүмүүст юу ч үлдээлгүй өгөгдөнө. Гэвч Тэр Өөрийн амссан шаналал, Өөрийн бодол санааг хэнд ч, хэзээ ч харуулдаггүй ба Түүнийг тоохгүй байна гэж, эсвэл Түүний хүслийг мэдэхгүй байна гэж хэнд ч, хэзээ ч гомдоллодоггүй. Тэрээр энэ бүгдийг зүгээр л чимээгүйхэн тэсэж, хүмүүс үүнийг ойлгож чадах өдрийг хүлээж байдаг.

Би яагаад энд эдгээр зүйлийг хэлж байна вэ? Миний хэлсэн зүйлээс та нар юу харсан бэ? Бурханы мөн чанар болон зан чанарт хүмүүс анзааралгүй өнгөрөхөд хамгийн хялбар нэг зүйл байдаг бөгөөд агуу хүмүүс, сайн хүмүүс гэж бусдын боддог ямар ч хүн, эсвэл өөрсдийнх нь төсөөллийн Бурханы эзэмшиж чаддаггүй, харин гагцхүү Бурханы эзэмшдэг нэг зүйл байдаг. Энэ зүйл юу вэ? Энэ бол Бурханы аминч бус байдал юм. Аминч бус байдлын талаар ярихад чи өөрийгөө ч бас их сэтгэл харамгүй гэж бодож магадгүй, яагаад гэвэл, чи хүүхдүүдээ хандахдаа тэдэнтэй хэзээ ч наймаалцдаггүй, тэдэндээ үргэлж өгөөмөр байдаг, эсвэл бас эцэг, эхдээ бол маш их сэтгэл харамгүй байдаг гэж боддог. Чи юу ч гэж бодож байсан чамд дор хаяж “аминч бус” гэдэг үгийн тухай ухагдахуун байдаг ба чи үүнийг эерэг үг гэж боддог, мөн хувиа хичээдэггүй хүн байх нь их бахдам хэрэг гэж боддог. Чи аминч бус байхдаа өөрийгөө агуу гэж боддог. Гэвч бүх зүйл, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаас Бурханы аминч бус байдлыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад ийм байна вэ? Яагаад гэвэл, хүн хэтэрхий аминчхан! Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагадаг боловч Бурхан яаж чамайг хангаж, чамайг хайрлаж байгааг болон чамд анхаарал тавьж байгааг хэзээ ч харж, ойлгож чаддаггүй. Чи юу хардаг вэ? Чамтай цусан төрлийн холбоотой, чамайг хайрлаж, энхрийлдэг хүнийг хардаг. Чи өөрийн бие махбодод хэрэгтэй зүйлсийг хардаг ба өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний аминч бус байдал гэгч нь юм. Яг ийм “аминч бус” хүмүүс тэдэнд амь хайрладаг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурхантай харьцуулахад, хүний аминч бус байдал нь аминчхан, жигшүүртэй болдог. Хүмүүсийн итгэдэг аминч бус байдал нь хоосон, бодит бус, бохир хольцтой, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй. Хүний аминч бус байдал нь өөрийнхөө төлөө байдаг бол Бурханы аминч бус байдал нь Түүний мөн чанарын жинхэнэ илэрхийлэл юм. Бурханы аминч бус байдлын үрээр л хүн Түүнээс тасралтгүй урсах хангамж хүртэж байдаг. Та нарт Миний өнөөдрийн ярьж буй энэ сэдэв тийм ч гүн нөлөөлөөгүй, толгой дохих төдийхөн л зөвшөөрдөг боловч чи зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг мэдрэх гэж оролдох үед өөрийн мэдэлгүй дараах зүйлийг олж мэднэ: Энэ ертөнцөд чиний мэдэрч чадах бүх хүн, үйл хэрэг болон юмсын дундаас гагцхүү Бурханы аминч бус байдал л жинхэнэ агаад бодитой, учир нь чамайг гэсэн Бурханы хайр л ямар нэгэн болзол тавьдаггүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханыхаас өөр хэний ч аминч бус байдал гэгч нь бүгд хуурамч, өнгөцхөн, үнэн бодитой биш; энэ нь тодорхой зорилго, санаархал, тохиролцоо агуулдаг ба шалгуур давж чаддаггүй. Үүнийг бохир, жигшүүртэй гэж хэлж бүр ч болох юм. Та нар зөвшөөрч байна уу?

Та бүхэн эдгээр сэдвийн талаар сайн мэдэхгүй бөгөөд жинхэнээсээ ойлгохын өмнө бодох бага зэргийн хугацаа хэрэгтэй гэдгийг Би мэдэж байна. Эдгээр асуудал болон сэдвийн талаар та нар мэдэхгүй байх тусам эдгээр сэдэв нь та нарын зүрх сэтгэлд дутагдаж байгааг төдий чинээ баталж байгаа юм. Би эдгээр сэдвийн талаар хэзээ ч дурдахгүй бол та нарын дундаас тэр талаар бага ч атугай мэдэж авах хүн байх байсан болов уу? Та нар хэзээ ч мэдэхгүй байх байсан гэж Би бодож байна. Энэ бол баттай. Та нар хэр ихийг ухаарч, мэдэж чадахаас үл хамааран товчхондоо, Миний ярьдаг энэ сэдвүүд хүмүүст хамгийн их дутагддаг бөгөөд тэдний хамгийн сайн мэдэж байвал зохих зүйл юм. Эдгээр сэдэв нь хүн бүрийн хувьд маш чухал—тэдгээр нь үнэт эрдэнэ ба амь, тэдгээр нь өмнөх замдаа зориулж та нарын эзэмших ёстой зүйлс мөн. Энэ үгсээр удирдамж хийхгүй бол, Бурханы зан чанар болон мөн чанарыг ойлгохгүй бол чи Бурханы тухайд үргэлж эргэлзэж явах болно. Чи Бурханыг ойлгож ч чадахгүй бол Түүнд яаж сайн итгэж чадах юм бэ? Чи Бурханы сэтгэл хөдлөл, Түүний хүсэл, Түүний сэтгэл санаа, Тэр юу бодож байгааг болон Түүнийг юу гуниглуулдгийг, юу баярлуулдгийг огт мэддэггүй бол чи яаж Бурханы зүрх сэтгэлд анхаарал тавьж чадах юм бэ?

Бурхан сэтгэл гонсойх бүрдээ Түүнд анхаарлаа огт хандуулдаггүй, Түүнийг дагадаг, Түүнийг хайрладаг гэдэг мөртөө Түүний мэдрэмжийг өчүүхэн ч тоодоггүй хүн төрөлхтөнтэй нүүр тулдаг. Түүний зүрх сэтгэл яаж шаналахгүй байх юм бэ? Бурханы удирдлагын ажилд Тэрээр хүн бүхэнд хандан чин сэтгэлээсээ ажиллаж, ярьж, юу ч үлдээлгүй, нууж хаалгүй нүүр тулдаг байтал харин Түүнийг дагадаг хүн бүр Түүнд хаалттай байж, хэн ч Түүнд идэвхтэй ойртож, Түүний зүрх сэтгэлийг ойлгож, мэдрэмжийг нь анхаарахыг хүсдэггүй. Бурханы дотнын хүн болохыг хүсдэг хүмүүс хүртэл Түүнд ойртож, Түүний зүрх сэтгэлийг анхааран халамжилж, эсвэл Түүнийг ойлгохоор оролдохыг хүсдэггүй байна. Бурханыг хөгжилтэй, баяртай байхад аз жаргалыг нь хуваалцах хэн ч байдаггүй. Хүмүүс Бурханыг буруугаар ойлгох үед Түүний шархалсан зүрх сэтгэлийг тайтгаруулах хэн ч байдаггүй. Түүний зүрх сэтгэл шархалж байх үед уужиртал ярихыг нь сонсохыг хүсэх ганц ч хүн байдаггүй. Бурханы удирдлагын ажлын энэ хэдэн мянган жилийн туршид Бурханы хажууд байж, баяр гунигийг нь хуваалцах хүн байтугай Бурханы сэтгэл хөдлөлийг ойлгох нэг ч хүн байгаагүй, мөн тэдгээрийг ойлгож, мэдрэх хэн ч байгаагүй юм. Бурхан ганцаардаж байна. Тэр ганцаардаж байна! Завхарсан хүн төрөлхтөн Түүнийг эсэргүүцдэгээс болж Бурхан ганцаардаж байгаа юм биш, харин сүнслэг байхыг эрэлхийлдэг, Бурханыг мэдэхийг, ойлгохыг хүсдэг, цаашлаад өөрийн бүх амьдралыг Түүнд зориулахыг хүсэж буй хүмүүс хүртэл Түүний бодлыг бүр ч мэддэггүй ба Түүний зан чанар болон сэтгэл хөдлөлийг ойлгодоггүйгээс болдог.

Ноагийн түүхийн төгсгөлд Бурхан тухайн үеийн Өөрийн мэдрэмжийг илэрхийлэхийн тулд ер бусын арга хэрэглэснийг бид хардаг. Энэ арга бол маш онцгой бөгөөд тэр нь хүмүүстэй гэрээ хийх явдал юм. Энэ нь Бурхан дэлхийг үерээр устгахаа больж байгааг тунхаглаж буй арга юм. Гадна талаасаа гэрээ хийх нь маш энгийн зүйл мэт харагддаг. Энэ нь, хоёр талын хоёулангийнх нь ашиг сонирхлыг хамгаалах зорилгыг биелүүлэхэд туслахын тулд хоёр талыг зөрчилтэй үйлдлээс хамгаалахдаа үсэг бичиг ашиглаж байгаагаас өөрцгүй билээ. Хэлбэрээрээ бол энэ нь маш энгийн зүйл боловч Бурхан ийм юм хийж байгаагийн цаад санаа, утга учрын хувьд бол Бурханы зан чанар болон сэтгэл санааны жинхэнэ илэрхийлэл юм. Хэрвээ чи эдгээр үгийг хойш тавьж, тоохгүй өнгөрвөл, хэрвээ Би та бүхэнд юмсын үнэнийг хэзээ ч хэлэхгүй бол хүн төрөлхтөн хэзээ ч Бурханы бодлыг мэдэхгүй. Чиний төсөөллөөр бол Бурхан энэ гэрээг хийх үедээ инээмсэглэж, эсвэл сүрхий буурьтай дүртэй байж магадгүй боловч хүмүүсийн төсөөллөөр Бурханы царайд хамгийн энгийн ямар ч илрэл байхаас үл хамааран Бурханы ганцаардал байтугай Бурханы зүрх сэтгэлийг, эсвэл Бурханы шаналлыг хэн ч харж чадаагүй билээ. Хэн ч Бурханыг өөртөө итгүүлж чадаагүй буюу Бурханы итгэлийг олж чадаагүй, эсвэл Тэр Өөрийн бодлыг илэрхийлж, Өөрийн шаналлыг уужиртал хэлэх нэгэн болж чадаагүй юм. Тийм учраас Бурхан ийм зүйл хийхээс өөр сонголтгүй болсон. Гадна талдаа Бурхан өмнөх хүн төрөлхтнөөс салах ёс хийхийн тулд амархан зүйл хийж, өнгөрсөн явдлуудыг бүрэн шийдвэрлэж, дэлхийг үерээр устгах явдлаа төгс гүйцэлдүүлсэн. Гэвч Бурхан энэ үеийн шаналлаа зүрх сэтгэлийнхээ гүнд булсан юм. Бурханыг уужиртлаа ярихыг сонсох нэг ч хүн байхгүй байх үед Тэр дэлхийг дахин хэзээ ч үерээр устгахгүй гэж хэлэн хүнтэй гэрээ хийсэн. Солонго гарч ирэхэд хүмүүст ийм нэгэн зүйл нэг удаа тохиолдсон гэдгийг сануулж, муу зүйл хийхгүй байхыг тэдэнд анхааруулдаг. Ийм шаналалтай байдалд ч Бурхан хүнийг мартаагүй ба тэдэнд маш их анхаарал тавьсаар байсан. Энэ нь Бурханы хайр болон аминч бус байдал биш гэж үү? Гэтэл хүмүүс зовох үедээ юуны тухай боддог вэ? Энэ үед тэдэнд Бурхан хамгийн хэрэгтэй байдаг бус уу? Энэ үед хүмүүс Бурханаар өөрсдийгөө тайтгаруулах гэсэндээ үргэлж Бурханыг татан авчирдаг. Хэдийд ч бай Бурхан хүмүүсийн урмыг хугалдаггүй ба Тэрээр хүмүүсийг бэрхшээлтэй байдлаас нь үргэлж гаргаж, гэрэлд амьдруулдаг. Бурхан хүнийг ингэж хангаж байдаг боловч хүний зүрх сэтгэлд Бурхан бол зөвхөн эргэлзээ тайлах эм, тайтгаруулах ундаа юм. Зовж байхдаа, зүрх сэтгэл нь шархалсан үедээ Өөрт нь хань болж, эсвэл Өөрийг нь тайтгаруулж байх бүтээл юм уу нэг хүнтэй байна гэдэг бол Бурханы хувьд даварсан хүсэл юм. Хүн Бурханы мэдрэмжийг хэзээ ч анхаардаггүй тул Бурхан хэнээс ч Өөрийг нь тайтгаруулж чаддаг хүн байгаач гэж шаарддаггүй, мөн боддог ч үгүй. Тэр Өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлэхийн тулд зүгээр л Өөрийн аргуудыг хэрэглэдэг. Зарим нэг зовлон туулах нь Бурханд сүртэй юм биш гэж хүмүүс үздэг боловч чи үнэхээр Бурханыг ойлгох гэж оролдох үедээ л, Түүний хийж байгаа бүхнээс Бурханы чин сэтгэлийн хүчин чармайлтыг жинхэнээсээ ухаарах үедээ л чи Бурханы агуу байдал болон Түүний аминч бус байдлыг мэдэрч чадна. Хэдийгээр Бурхан солонго ашиглан хүнтэй гэрээ хийсэн боловч үүнийг яагаад хийснээ болон яагаад энэ гэрээг байгуулснаа хэнд ч хэлээгүй. Энэ нь Тэр хэнд ч Өөрийн жинхэнэ бодлыг хэлээгүй гэсэн үг юм. Учир нь Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтөндөө Бурхан ямар их хайртайг ойлгож чадах нэг ч хүн байхгүй ба мөн хүн төрөлхтнийг устгах үедээ Түүний зүрх хэчнээн их шимширснийг ухаарч чадах нэг ч хүн байхгүй юм. Тиймээс Тэр хүмүүст юу мэдэрч байгаагаа хэлсэн ч гэсэн тэд энэ итгэлийг нь дааж чадахгүй. Шаналж байгаагаа үл харгалзан Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг үргэлжлүүлсээр байна. Бурхан үргэлж Өөрийн хамгийн сайн тал, хамгийн сайн зүйлийг хүнд өгөөд Өөрөө бүх зовлонг чимээгүйхэн үүрдэг. Гэхдээ Бурхан эдгээр зовлонг хэзээ ч ил дэлгэдэггүй, харин оронд нь тэдгээрийг тэсвэрлэж, чимээгүй хүлээдэг. Бурханы тэвчээр нь хүйтэн цэвдэг, хөшүүн, арчаагүй ч биш, мөн сул доройн шинж ч биш юм. Харин Бурханы хайр болон мөн чанар нь угаасаа хувиа хичээдэггүй байсаар ирсэн юм. Энэ нь Түүний мөн чанар болон зан чанарын төрөлхийн илэрхийлэл бөгөөд жинхэнэ Бүтээгч болох Бурханы ялгамж чанарын үнэн бодитой биелэл билээ.

Үүнийг хэлэхэд зарим хүмүүс миний юу хэлж байгааг буруугаар ойлгож магадгүй. Бурханы мэдрэмжийг ийм дэлгэрэнгүй, ийм их сэтгэл хөдөлгөм байдлаар дүрслэх нь хүмүүсээр Бурханыг өрөвдүүлэх зорилготой байсан уу? Иймэрхүү санаа байсан уу? (Үгүй!) Эдгээр зүйлийг хэлсэн цорын ганц зорилго минь бол та бүхэнд Бурханыг илүү сайн мэдүүлж, Түүний хэсэг бүрийг ойлгуулж, Түүний сэтгэл хөдлөлийг ойлгуулж, Бурханы мөн чанар, зан чанар нь хүний хоосон үгсээр, бичиг үсэг, номлол болон төсөөллөөр дүрслэгддэг бус, харин Түүний ажлаар үнэн бодитоор, бага багаар илэрхийлэгдэж байдаг гэдгийг ухааруулахын төлөө юм. Өөрөөр хэлбэл, Бурхан болон Бурханы мөн чанар нь үнэхээр оршин байдаг—тэдгээр нь зураг биш, төсөөлөл биш, мөн хүний гараар бүтээгдээгүй бөгөөд санаанаасаа зохиосон зүйл биш юм. Та нар үүнийг одоо ухамсарлаж байна уу? Хэрэв та нар үүнийг ухамсарласан бол өнөөдөр Миний үг зорилгодоо хүрчээ.

Бид өнөөдөр гурван сэдвийг хэлэлцлээ. Хүн бүр энэ гурван сэдвийн тухай нөхөрлөлөөс маш их зүйл олж авсан гэж Би итгэж байна. Энэ гурван сэдвээр дамжуулан Миний ярьсан Бурханы бодол, эсвэл Миний дурдсан Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы тухай зарим хүний үзэл бодол, ойлголтыг орвонгоор нь эргүүлж, тэр ч бүү хэл, хүн бүрийн Бурханд итгэх итгэлийг эргүүлж, түүнчлэн хүн бүрийн зүрх сэтгэлдээ гайхан биширч байсан Бурханы дүр төрхийг эргүүлсэн гэдэгт Би үнэхээр итгэлтэй байна. Ямартай ч Библийн энэ гурван хэсгээс Бурханы зан чанарын талаар мэдсэн зүйл чинь та нарт ашиг тустай байна гэж Би найдаж байна, мөн та нар буцаж очоод энэ тухай илүү их тунгаан бодно гэж найдаж байна. Өнөөдрийн уулзалтаа үүгээр дуусгая. Баяртай!

2013 оны 11 дүгээр сарын 4

Өмнөх:БУРХАНЫ ЗАН ЧАНАР БОЛОН ТҮҮНИЙ АЖЛЫН ХҮРЭХ ГЭСЭН ҮР ДҮНГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Дараах:БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ II

Холбогдох агуулга