Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Эхлээд магтан дуу дуулцгаая: Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ.
Дагаж дуулах: Үй түмэн хүн Намайг уухайлдаг, үй олон хүн Намайг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг дууддаг. Хаанчлал хүний ертөнцөд бууж ирлээ.
1 Үй түмэн хүн Намайг уухайлдаг, үй олон хүн Намайг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг дуудаж, бүх хүн Миний үйл хэргийг харахаар хараагаа бэлчээдэг. Хаанчлал хүний ертөнцөд бууж ирлээ, Миний үнэн бие баялаг агаад элбэг дэлбэг. Үүнд баясахгүй хэн байх билээ? Баяр хөөртэйгөөр бүжихгүй хэн байх билээ? Өө, Сион! Намайг тэмдэглэхийн тулд ялгуусан тугаа өргө! Ялалтын ялгуусан дуугаа дуулж, Миний ариун нэрийг түгээ!
2 Газар дэлхийн зах хязгаар дахь бүх бүтээл ээ! Миний төлөө тахил болохоор өөрсдийгөө яаран цэвэрлэ! Тэнгэр дэх одод оо! Даруйхан байрандаа эргэн очиж огторгуйд Миний сүр хүчийг харуул! Намайг гэх дундаршгүй хайр хүндлэлээ шингээсэн газар дээрх хүмүүсийн дууг Би чих тавин сонсож байна! Бүх бүтээл эргэн амилах энэ өдөр, Би хүний ертөнцөд буун ирсэн. Энэ мөчид, яг энэ үед бүх цэцэг цоморлогоо дэлгэж, бүх шувуу нэгэн өнгөөр жиргэж, бүх зүйл баяр хөөрөөр цалгидаг! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын нүргээнд дахин хэзээ ч өндийхгүйгээр устан үгүй болдог!
3 Газар дээр хэн өндийн босож, эсэргүүцэж зүрхлэх билээ? Газар луу буухдаа Би шатаалт, уур хилэн, бүх гай гамшиг авчирдаг. Газар дээрх хаанчлалууд одоо Миний хаанчлал болсон! Тэнгэрт үүлс хөлбөрөн нүүгэлтдэг; тэнгэрийн дор гол нуурууд долгилж, сэтгэл уярам аялгууг баясалтайгаар урсгадаг. Ичсэн амьтад үүрнээсээ гарч, бүх хүнийг Би зүүд нойрноос нь сэрээдэг. Түмэн олон ардын хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Надад өргөн барьдаг!
Хургыг дагаж шинэ дуу дуулъя
Та нар энэ дууг дуулах болгондоо юуны тухай боддог вэ? (Сэтгэл маш их хөөрч, догдлон, хаанчлалын гоо үзэмж хэчнээн гайхалтай сайхныг, мөн хүн төрөлхтөн болон Бурхан хэрхэн үүрд хамт байх тухай боддог.) Бурхантай хамт байхын тулд хүн ямар болох ёстой талаар бодож үзсэн хүн байна уу? Бурхантай нэгдэж, хаанчлалд үргэлжлэх гайхалтай сайхан амьдралыг эдлэхийн тулд хүн ямар байх ёстой гэж та нар төсөөлдөг вэ? (Тэдний зан чанар өөрчлөгдөх ёстой.) Тэдний зан чанар өөрчлөгдөхдөө харин ямар хэмжээгээр өөрчлөгдөх ёстой вэ? Зан чанар нь өөрчлөгдсөний дараа тэд ямар болох вэ? (Тэд ариун болно.) Ариун байдлын шалгуур юу вэ? (Хүний бүх бодол, эргэцүүлэл Христтэй нийцэх ёстой.) Тийм нийцэл хэрхэн илэрдэг вэ? (Хүн Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаггүй, Бурханд бүрэн захирагдаж чаддаг, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээн хүндэтгэдэг.) Та нарын зарим хариулт дөхөж байна. Та нар бүгдээрээ зүрх сэтгэлээ нээж, хэлэхийг хүссэн зүйлээ хэл. (Бурхантай хамт хаанчлалд амьдардаг хүмүүс үнэнийг эрэлхийлж, аливаа хүн, үйл явдал, эд зүйлд баригдалгүйгээр үүргээ үнэнчээр биелүүлж чаддаг байх ёстой. Ингэснээр харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурхантай нийцүүлж, Бурханаас эмээж, муугаас зайлах боломжтой болдог.) (Аливааг харах бидний өнцөг Бурхантай нийцдэг болж, бид харанхуйн нөлөөнөөс ангижирч чадна. Ядаж л бид Сатанд ашиглуулахаа больж, аливаа ялзарсан зан чанарыг хаяж, Бурханд захирагдаж чадна. Хүмүүс харанхуйн нөлөөнөөс ангижрах нь нэн чухал гэдэгт бид итгэдэг. Харанхуйн нөлөөнөөс ангижирч, Сатаны хүлээснээс мултарч чадахгүй хүмүүс Бурханы авралыг хүртээгүй байдаг.) (Бурханаар төгс болгуулах стандартад нийцэхийн тулд хүмүүс Түүнтэй нэгэн зүрх сэтгэл, санаа бодолтой байж, Түүнийг эсэргүүцэхээ болих ёстой. Тэд өөрсдийгөө мэдэж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы тухай ойлголттой болж, Бурханыг хайрлаж, Бурхантай нийцтэй болж чадах ёстой. Үүнийг л хийх хэрэгтэй.)
Хүмүүсийн төгсгөл зүрх сэтгэлд нь хэр хүнд дардаг бол
Баримтлах ёстой замынхаа талаар та нар бага зэрэг боддог юм шиг харагддаг бөгөөд энэ талаар жаахан ойлголттой болж, үнэлдэг болсон. Гэвч хэлсэн бүх үг чинь хий хоосон, эсвэл бодитой болох эсэх нь та нар өдөр тутмын хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулахаас хамаарна. Олон жилийн туршид та нар бүгд сургаал номлол болон үнэний бодит агуулгын аль алиных нь хувьд үнэний тал болгоноос тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн. Өнөө үед хүмүүс үнэнийг эрмэлзэхэд ихээхэн анхаардгийг энэ нь баталдаг бөгөөд үүний үр дүнд үнэний тал болон хэсэг бүр зарим хүний зүрх сэтгэлд гарцаагүй үндэс сууриа тавьсан. Гэвч Миний хамгийн их айдаг зүйл юу вэ? Хэдийгээр үнэний эдгээр сэдэв болон онол та нарын зүрх сэтгэлд үндэс сууриа тавьсан ч гэсэн бодит агуулга нь чухал биш байдаг. Асуудалтай тулгарч, шалгалт, сонголттой нүүр тулах үед эдгээр үнэний бодит байдлыг та нар хэр зэрэг бодитойгоор ашиглах вэ? Бурханы хүслийг хангаж чаддаг болохын тулд хүндрэл бэрхшээлээ даван гарч, өөрийн шалгалтаас гарч ирэхэд энэ нь та нарт тусалж чадах уу? Та нар шалгалтынхаа дунд бат зогсож, Бурханд цангинасан гэрчлэл хийх үү? Та нар ер нь эдгээр асуудлыг анхаарч байсан уу? Би та нараас асууя: Зүрх сэтгэлд чинь, өдөр бүрийн бүх бодол, эргэцүүлэлд чинь та нарын хувьд хамгийн чухал нь юу вэ? Та нар ер нь энэ талаар дүгнэлтэд хүрч байсан уу? Та нар юуг хамгийн чухал гэж итгэдэг вэ? Зарим хүн “мэдээж, үнэнийг хэрэгжүүлэх” гэдэг байхад зарим нь “мэдээж, Бурханы үгийг өдөр бүр унших” гэж хэлдэг. Зарим хүн “мэдээж, Бурханы өмнө очиж, Бурханд өдөр бүр залбирах” гэдэг бөгөөд “мэдээж, энэ бол өдөр бүр үүргээ зохих ёсоор биелүүлэх” гэж хэлдэг хүмүүс бий. Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун байлгаж, бүх зүйл дээр Түүнд хэрхэн дуулгавартай байж, Түүний хүсэлд хэрхэн нийцүүлж үйлдэх тухай л боддог гэж хэлдэг зарим хүн ч байдаг. Энэ зөв үү? Энэ нь бүх зүйл үү? Жишээ нь, “Би Бурханд захирагдахыг л хүсдэг боловч асуудал тулгарах болгонд би тэгж чаддаггүй” гэж зарим нь хэлдэг. Нөгөө хэсэг нь “Би зөвхөн Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг л хүсдэг, би ганцхан л удаа Түүнийг сэтгэл хангалуун болгож чадвал болох нь тэр, гэхдээ би Түүнийг хэзээ ч сэтгэл хангалуун болгож чадахгүй” гэж хэлдэг. Зарим нь “Би Бурханд захирагдахыг л хүсдэг. Шалгалтын үед би ямар нэгэн гомдол, хүсэлтгүйгээр Түүний зохион байгуулалт, дээд эрх, зохицуулалтад захирагдахыг л хүсдэг. Гэсэн ч би бараг дандаа л захирагдаж чаддаггүй” гэдэг. Гэвч зарим нь “Шийдвэр гаргах болохдоо би хэзээ ч үнэнийг хэрэгжүүлэхээр сонгож чаддаггүй. Би махан биеийг хангахыг үргэлж хүсэж, хувийн, аминчхан хүслээ хангахыг хүсдэг” гэж хэлдэг. Үүний шалтгаан нь юу вэ? Бурханы туршилт ирэхээс өмнө та нар өөрсдийгөө аль хэдийн олон удаа сорьж, ахин дахин туршиж, шалгаад үзчихсэн байх уу? Та нар Бурханд үнэхээр захирагдаж, Түүнийг үнэхээр сэтгэл хангалуун болгож, Түүнээс урвахгүй гэдгээ баталж чадах эсэхээ үз; өөрсдийгөө сэтгэл хангалуун байлгахгүй, өөрсдийн аминчхан хүслийг хангалгүй, харин зөвхөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, хувийн сонголт хийхгүй байж чадах эсэхээ үз. Ингэдэг хүн байна уу? Үнэндээ, яг нүдний чинь өмнө тавьсан цорын ганц баримт л байгаа, та нар дор бүрнээ үүнийг хамгийн их сонирхож, мэдэхийг хамгийн их хүсдэг бөгөөд энэ бол хүн бүрийн төгсгөл, хүрэх газрын тухай асуудал юм. Та нар үүнийг ухаараагүй байж магадгүй боловч хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй билээ. Хүний төгсгөлийн тухай үнэн, хүн төрөлхтөнд өгсөн Бурханы амлалт, Бурхан хүмүүсийг ямар хүрэх газарт аваачих санаатай байгаа тухайд, энэ сэдвээр Бурханы үгийг аль хэдийн хэдэнтээ судалчихсан зарим хүн байдаг гэдгийг Би мэднэ. Тэгтэл хариултыг удаа дараа хайж, оюун санаандаа эргэцүүлэн бодож байгаа хэр нь юунд ч хүрдэггүй, эсвэл магадгүй зарим нэг тодорхойгүй дүгнэлтэд хүрч дуусдаг хүмүүс байдаг. Эцэст нь тэд ямар төгсгөл өөрсдийг нь хүлээж байгаа талаар сайн мэдэхгүй хэвээр үлддэг. Үүргээ биелүүлэхдээ, ихэнх хүн дараах асуултын эцсийн хариултыг мэдэхийг хүсэх хандлагатай байдаг: “Миний төгсгөл ямар байх вэ? Би энэ замаар бүр төгсгөлд нь хүртэл алхаж чадах болов уу? Хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага ямар вэ?” Зарим хүн: “Урьд нь би зарим нэг юмыг хийж, хэлсэн; би Бурханд дуулгаваргүй байсан, Бурханаас урвасан үйлдэл хийсэн, би Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй, Бурханы сэтгэлийг шархлуулж, Бурханы урмыг хугалж, намайг үзэн ядаж, жигшихэд Бурханыг хүргэсэн удаа ч байсан. Магадгүй ийм учраас миний төгсгөл тодорхойгүй байгаа байх” гэж хүртэл санаа зовдог. Ихэнх хүн өөрийнхөө төгсгөлийн талаар түгшдэг гэж хэлэх нь зүйтэй болов уу. “Би амьд үлдэнэ гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна; би Бурханы хүслийг хангаж чадна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна; би бол Бурханы зүрх сэтгэлд нийцдэг хүн; би бол Бурханы магтан сайшаадаг хүн” гэж хэлж хэн ч зүрхэлдэггүй. Бурханы замыг дагах нь нэн хэцүү, үнэнийг хэрэгжүүлэх нь бүхнээс хэцүү гэж зарим хүн боддог. Иймд ийм хүмүүс өөрсдийгөө тусыг олохоос өнгөрсөн гэдэгт итгэж, сайн төгсгөлд хүрэх талаар найдаж зүрхэлдэггүй; эсвэл магадгүй тэд Бурханы хүслийг хангаж чадахгүй учраас амьд үлдэж чадахгүй гэж итгэдэг байх. Үүнээсээ болж тэд, өөрсдөд нь төгсгөл байхгүй, сайн хүрэх газарт хүрч чадахгүй гэж мэтгэдэг. Хүмүүс яг яаж бодохоос үл хамааран, бүгд л өөрийнхөө төгсгөлийн талаар олонтоо бодсон байдаг. Өөрсдийн ирээдүй болон Бурхан ажлаа дуусмагц юу хүртэх тухай асуултуудын талаар тэд байнга тооцоолж, төлөвлөж байдаг. Зарим нь төлөөсийг хоёр нугалж төлдөг; зарим нь гэр бүл, ажлаа орхидог; зарим хүн гэрлэлтээсээ татгалздаг; зарим нь Бурханы төлөө өөрсдийгөө зарлагдахын тулд албан тушаалаасаа огцордог; зарим нь үүргээ биелүүлэхийн тулд гэр орноосоо явдаг; зарим нь зовлон бэрхшээлийг сонгож, хамгийн шаналгаатай, ядаргаатай даалгаврыг үүрч эхэлдэг; зарим нь эд хөрөнгөө зориулж, байгаа бүхнээ зориулахыг сонгодог; гэсэн ч нөгөө хэсэг нь үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрмэлзэхийг сонгодог. Та нар хэрхэн хэрэгжүүлэхээр сонгох нь хамаагүй, хэрэгжүүлэх арга барил чинь чухал уу, үгүй юу? (Чухал биш.) Тэгвэл энэхүү “чухал биш байдлыг” бид хэрхэн тайлбарлах вэ? Хэрэгжүүлэлтийн арга барил чухал биш юм бол, юу чухал вэ? (Гаднах сайхан зан авир бол үнэнийг хэрэгжүүлэхийн илэрхийлэл биш.) (Хувь хүн бүрийн бодол чухал биш; бид үнэнийг хэрэгжүүлсэн эсэх, мөн бид Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй эсэх нь энд гол нь.) (Антихристүүд болон хуурамч удирдагчдын уналт нь гадаад зан авир хамгийн чухал зүйл биш гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Тэд өнгөн дээрээ ихийг хаясан мэт, төлөөс төлөхөд бэлэн байгаа мэт санагддаг боловч ойроос шалгаж үзвэл тэд Бурханыг зүгээр л хүндэтгэдэггүй, харин ч Түүнийг бүхий л талаар эсэргүүцдэгийг нь бид харж болно. Шийдвэрлэх мөчид тэд үргэлж Сатаны талд зогсож, Бурханы ажилд саад болдог. Тиймээс цаг нь ирэхэд бид аль талд зогсох вэ, аливааг үзэх бидний үзэл бодол ямар байх вэ гэдгийг гол нь энд авч үздэг.) Та нар бүгд сайхан ярьдаг, үнэнийг хэрэгжүүлэх, Бурханы санаа зорилго, Бурхан хүн төрөлхтнөөс юу шаарддаг тухайд аль хэдийн үндсэн ойлголттой болж, хэрэгжүүлэх стандарттай болсон юм шиг байна. Та нар ингэж ярьж чадаж байгаа нь тун сэтгэл хөдлөм юм. Хэдийгээр та нарын зарим хэлдэг зүйл тийм ч үнэн зөв биш боловч үнэний тухай зүй ёсны тайлбартай болоход хэдийн дөхөж очсон байна. Та нар эргэн тойрныхоо хүмүүс, үйл явдал болон юмсын талаар, Бурханы зохицуулсан хүрээлэн буй орчин, харж чадах бүх зүйлийнхээ талаар өөрийн гэсэн бодитой ойлголтыг бий болгосныг энэ нь баталдаг. Энэ бол үнэнд дөхсөн ойлголт юм. Та нарын хэлсэн зүйл бүрэн ойлгомжтой биш, цөөн хэдэн үг нь тийм ч зохимжтой биш байгаа ч ойлгох чадвар чинь үнэний бодит байдалд аль хэдийн дөхөж байна. Та нарын ингэж ярихыг сонсоход Надад маш сайхан санагдаж байна.
Хүмүүсийн итгэл үнэмшил үнэнийг орлож чадахгүй
Зарим хүн зовлон бэрхшээлийг дааж чаддаг, төлөөс төлж чаддаг, гаднаа маш сайхан зан авиртай, ихээхэн хүндлэгддэг, бусдын бишрэлийг хүлээсэн байдаг. Ийм гаднах зан авирыг үнэнийг хэрэгжүүлж байна хэмээн үзэж болно гэж та нар хэлэх үү? Ийм хүмүүс Бурханы хүслийг хангаж байна гэж тодорхойлж болох уу? Хүмүүс ийм хүмүүсийг хараад, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлэх замаар алхаж, Бурханы замаар явж байна гэж яагаад дандаа боддог юм бэ? Зарим хүн яагаад ингэж боддог юм бэ? Үүнд ганцхан тайлбар бий. Тэр нь ямар тайлбар вэ? Асар олон хүний хувьд, үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг юу гэсэн үг болох, Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж юу гэсэн үг болох, жинхэнээсээ үнэн-бодит байдалтай болно гэж юу гэсэн үг болох гэх мэт зарим асуултыг тийм ч сайн ойлгодоггүй. Тиймээс гаднаа сүнслэг, эрхэмсэг, сүрлэг, агуу мэт санагддаг хүмүүст байнга хууртдаг зарим хүн байдаг. Үсэг, хоосон сургаалын тухай цэцэн цэлмэг ярьж чаддаг, үг яриа, үйлдэл нь бахдан бишрүүштэй юм шиг санагддаг хүмүүсийн тухайд гэвэл, тэдэнд мэхлэгдэгсэд үйлдлийнх нь мөн чанар, үйл хэргийнх нь цаад зарчим, тэдний зорилго юу болохыг хэзээ ч харж байгаагүй. Түүнчлэн энэ хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг эсэхийг нь хэзээ ч харж байгаагүй, үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн эсэхийг нь бас хэзээ ч тодорхойлж байгаагүй. Тэд энэ хүмүүсийн хүн чанар-мөн чанарыг хэзээ ч ялган таньж байгаагүй. Харин ч тэдэнтэй танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд бага багаар энэ хүмүүсийг биширч, дээдлэн хүндлэх болж, эцэстээ энэ хүмүүс шүтээн нь болдог. Түүнчлэн зарим хүний бодлоор бол өөрсдийнх нь гэр бүл, ажлаа орхиж чадна гэж боддог, өнгөн талдаа төлөөс төлж чаддаг мэт санагддаг, шүтэн биширдэг шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг, сайн төгсгөл болоод сайн хүрэх газарт үнэхээр хүрч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор бол эдгээр шүтээн нь Бурханы магтдаг хүмүүс юм. Юунаас болж тэд ингэж боддог вэ? Энэ асуудлын мөн чанар юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Эхлээд үүний мөн чанарын асуудлыг хэлэлцье.
Хүмүүсийн үзэл бодол, хэрэгжүүлэлтийн арга барил, тэд хэрэгжүүлэлтийн аль зарчмыг авч хэрэгжүүлэхээр сонгодог, дор бүрнээ юунд анхаарлаа төвлөрүүлэх хандлагатай байдаг тухай эдгээр асуудал нь хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагатай үндсэндээ ямар ч хамаагүй байдаг. Хүмүүс өнгөц хэрэг явдал, эсвэл гүнзгий асуудал, үсэг, сургаал номлол, эсвэл бодит байдлыг анхаардаг ч байсан гэсэн өөрсдийн хамгийн их баримталбал зохих зүйлээ баримталдаггүй, өөрсдийн хамгийн их мэдэх ёстой зүйлээ ч мэддэггүй. Үүний шалтгаан бол хүмүүс үнэнд огт дургүй; тиймээс тэд Бурханы айлдвар дахь хэрэгжүүлэлтийн зарчмуудыг эрж хайж, хэрэгжүүлэхэд цаг зав, хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Үүний оронд тэд дөт зам ашиглан, өөрсдийн сайн хэрэгжүүлэлт, сайн зан авир гэж ойлгож, мэддэгээ нэгтгэн дүгнэхийг илүүд үздэг; энэхүү дүгнэлт нь хожим өөрсдийнх нь эрэлхийлэх зорилго болдог бөгөөд үүнийгээ тэд хэрэгжүүлэх үнэн гэж үздэг. Үүний шууд үр дагавар нь хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх явдлыг хүний сайн зан авираар орлуулан ашигладаг ба энэ нь бас хүмүүсийн Бурханд тал олж авах гэсэн хүслийг хангадаг. Энэ нь тэдэнд үнэнтэй тэмцэлдэх хөрөнгийг өгдөг, үүнийг ашиглан тэд бас Бурхантай маргаж, Бурхантай өрсөлддөг. Үүний зэрэгцээ хүмүүс бас Бурханыг эрээ цээргүйгээр хаяж, шүтэн биширдэг шүтээнээ Түүний оронд тавьдаг. Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, үзэл бодол, өрөөсгөл бодол, хэрэгжүүлэлттэй болоход хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярьж өгнө: Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Түүний айлдварыг өдөр бүр уншдаг боловч үнэндээ Бурханы хүслийг ойлгодоггүй. Асуудлын үндэс энд байдаг. Хэрвээ хэн нэгэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Тэр юунд дуртай, юуг жигшдэг, юу хүсдэг, юуг голдог, ямар хүнийг Тэр хайрладаг, ямар хүнд дургүй байдаг, хүмүүст шаардлага тавихдаа Тэр ямар стандарт хэрэглэдэг, тэднийг төгс болгохдоо Тэр ямар арга зам баримталдгийг мэддэг бол тэр хүн өөрийн хувийн бодлыг тээсэн хэвээр байж чадах уу? Ийм хүмүүс зүгээр л явж очоод, өөр нэг хүнийг шүтэж чадах уу? Энгийн нэг хүн тэдний шүтээн болж чадах уу? Бурханы хүслийг ойлгодог хүмүүс үүнээс арай илүү ухаалаг үзэл бодолтой байдаг. Тэд ялзарсан хүнийг зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм, зарчмыг сохроор дагаж мөрдөх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэдэгт ч итгэхгүй.
Хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог Бурханы стандартын талаар олон санал бодол байдаг
Энэ сэдэвтээ буцаж ороод төгсгөлийн тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцье.
Хүн болгон өөрийн төгсгөлийн талаар санаа зовнидгоос хойш Бурхан тэр төгсгөлийг хэрхэн тодорхойлдгийг та нар мэдэх үү? Бурхан ямар аргаар хүний төгсгөлийг тодорхойлдог вэ? Түүнчлэн үүнийг тодорхойлохдоо Тэр ямар стандарт хэрэглэдэг вэ? Хүний төгсгөл хараахан тодорхойлогдоогүй байх үед үүнийг ил болгохын тулд Бурхан юу хийдэг вэ? Үүнийг мэдэх хүн байна уу? Хүмүүсийн төгсгөл, эдгээр төгсгөлийн хуваагддаг ангиллууд, өөр өөр төрлийн хүмүүсийг хүлээж байдаг янз бүрийн төгсгөлийн талаарх сэжүүрийг эрж хайхыг чармайж Бурханы үгийг судлахад аль хэдийн маш урт хугацааг зарцуулсан зарим хүн байдаг гэж Би хормын өмнө хэлсэн. Тэд бас Бурханы үг хэрхэн хүний төгсгөлийг удирддаг, Тэр ямар стандарт хэрэглэдэг, хүний төгсгөлийг Тэр яг яаж тодорхойлдгийг олж мэдэх гэж найддаг. Гэсэн ч эцэстээ энэ хүмүүс хариултыг нь хэзээ ч олж чаддаггүй. Үнэндээ энэ асуудлын талаар Бурханы айлдварт тун цөөхөн дурдсан байдаг. Яагаад тэр вэ? Хүний төгсгөл хараахан ил болох болоогүй цагт Бурхан эцэст нь юу болохыг хэнд ч хэлэхийг хүсдэггүй, мөн цаг нь болоогүй байхад хүрэх газрынх нь талаар хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй—учир нь, ингэх нь хүн төрөлхтөнд ямар ч ашиггүй байх болно. Яг одоо Би Бурхан ямар арга замаар хүний төгсгөлийг тодорхойлдог, эдгээр төгслийг тодорхойлж, ил болгохдоо Түүний ажилдаа баримталдаг зарчим, хүн амьд үлдэж чадах эсэхийг тодорхойлохдоо Түүний ашигладаг стандартын тухай та нарт хэлэхийг л хүсэж байна. Эдгээр нь та нарын хамгийн их санаа зовниж буй асуулт бус уу? Тэгвэл Бурхан хүмүүсийн төгсгөлийг хэрхэн тодорхойлдог гэж хүмүүс боддог вэ? Та нар зарим хэсгийг нь дөнгөж сая дурдлаа: Бурханы төлөө зарлагадаж, үүргээ үнэнчээр биелүүлэхтэй энэ хамаатай гэж та нарын зарим нь хэлсэн; энэ бол Бурханд захирагдаж, Түүнийг сэтгэл хангалуун байлгах тухай гэж зарим нь хэлсэн; Бурханы зохион байгуулалтад захирагдах нь нөлөөлөх хүчин зүйл болно гэж зарим хүн хэлсэн; хамгийн гол нь даруухан байх гэж зарим хүн хэлсэн… Та нар эдгээр үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийн зөв гэж итгэдэг зарчмын дагуу хэрэгжүүлэхдээ Бурхан юу бодож байгааг мэддэг үү? Энэ чигээрээ яваад л байх нь Түүний хүслийг хангаж байна уу, үгүй юу гэдгийг та нар эргэцүүлж үзсэн үү? Энэ нь Түүний стандартад нийцдэг үү? Түүний шаардлагыг хангаж байна уу? Ихэнх хүн үнэндээ энэ асуултыг нэг их эргэцүүлж боддоггүй гэж Би бодож байна. Тэд Бурханы үгийн хэсэг, номлолын хэсэг, эсвэл өөрсдийн шүтэн биширдэг тодорхой сүнслэг хүмүүсийн стандартыг зүгээр л бодох юмгүйгээр хэрэглэж, энэ тэрийг хийх гэж өөрсдийгөө хүчилдэг. Ингэж хийх нь зөв гэж тэд итгэдэг учраас эцсийн дүнд юу болох нь хамаагүй, үүнийгээ баримталсаар, хийсээр байдаг. Зарим хүн “Би маш олон жил итгэсэн; би үргэлж ийм байдлаар хэрэгжүүлсэн. Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгасан, мөн би үүнээс их зүйл олж авсан гэж надад санагдаж байна. Учир нь энэ хугацаанд би олон үнэнээс гадна өмнө нь ойлгож байгаагүй олон зүйлийг ойлгож авсан. Тухайлбал миний олон үзэл санаа, үзэл бодол өөрчлөгдсөн, миний амьдралын үнэт зүйл маш их өөрчлөгдсөн, одоо би энэ хорвоогийн талаар нэлээд сайн ойлголттой болсон” гэж боддог. Тийм хүмүүс, энэ бол үр өгөөж, энэ бол хүн төрөлхтний төлөө хийсэн Бурханы ажлын эцсийн үр дүн гэж итгэдэг. Та нарын бодлоор бол эдгээр стандарт болон та нарын бүх хэрэгжүүлэлтийг хамтад нь авч үзвэл та нар Бурханы хүслийг хангаж байна уу? Та нарын зарим нь тун итгэлтэйгээр “Мэдээж! Бид Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж байна; бид Дээрхийн номлож, ярилцсан зүйлийн дагуу хэрэгжүүлж байна. Бид үргэлж үүргээ биелүүлж, Бурханыг үргэлж дагаж байна, бид Түүнийг хэзээ ч орхиогүй. Тиймээс бид Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байна гэдгээ бүрэн итгэлтэйгээр хэлж чадна. Бид Бурханы санаа зорилгыг хэр зэрэг ойлгож, Бурханы үгийг хэр зэрэг ухаарч ойлгох нь хамаагүй, бид Бурхантай нийцтэй байхыг эрж хайх зам дээр үргэлж байж ирсэн. Бид зөв үйлдэж, зөв хэрэгжүүлж байгаа цагт зөв үр дүнд хүрэх нь дамжиггүй” гэж хэлнэ. Та нар энэ үзэл бодлын талаар юу гэж бодож байна? Энэ зөв үү? “Би эдгээр зүйлийн талаар өмнө нь хэзээ ч бодож байгаагүй юм байна. Би үүргээ биелүүлж, Бурханы айлдварын шаардлагын дагуу үйлдсээр байвал амьд үлдэж чадна гэж л боддог. Би Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадах эсэх, Түүний тавьсан стандартад би нийцэж байгаа эсэх тухай асуултыг хэзээ ч бодож үзээгүй. Бурхан надад хэзээ ч ямар нэг тодорхой заавар хэлж өгөөгүй хойно, намайг зогсохгүй ажилласаар байгаа цагт Бурхан сэтгэл ханаж, надад ямар нэгэн нэмэлт шаардлага тавих ёсгүй гэдэгт би итгэдэг” гэж хэлэх хүмүүс бас байж магадгүй. Ийм итгэл нь зөв үү? Миний хувьд бол, ийм маягийн хэрэгжүүлэлт, ийм бодол, эдгээр үзэл бодол нь бүгд хий мөрөөдлөөс гадна бага зэргийн харалган байдал юм. Намайг ингэж хэлэхэд та нарын зарим нь бага зэрэг урам хугарч: “Харалган байдал аа? Хэрвээ энэ харалган байдал юм бол бидний аврагдах, амьд үлдэх найдвар маш бага, тодорхойгүй юм байна, тийм үү? Ингэж хэлснээрээ Та бидэн дээр хүйтэн ус асгаж байгаа хэрэг бус уу?” гэж бодож магадгүй. Та нар юу гэж итгэх нь хамаагүй, Миний хэлдэг, хийдэг зүйлс та нар дээр хүйтэн ус асгаж байгаа мэт санагдуулах гээгүй юм. Харин ч Бурханы санаа зорилгын талаарх ойлголтыг чинь сайжруулж, Тэр юу бодож байгаа, юу биелүүлэхийг хүсдэг, ямар хүнийг таалдаг, юуг жигшдэг, юуг үзэн яддаг, ямар төрлийн хүнийг олж авахыг хүсдэг, ямар төрлийн хүнийг зэвүүцэн голдог талаарх та нарын ойлголтыг нэмэгдүүлэх гэсэн юм. Тэдгээр нь та нарын оюун санааг саруул болгож, та нарын нэг бүрийн чинь үйлдэл, бодол Бурханы шаардсан стандартаас чухам хэр хол хадуурсан талаар тодорхой ойлголт өгөхийн тулд юм. Эдгээр сэдвийг хэлэлцэх тун шаардлагатай юу? Учир нь та нар маш урт удаан хугацаанд итгэж, маш их номлол сонссон боловч эдгээр нь та нарт хамгийн их дутагдаж байгаа яг тэр зүйлс гэдгийг Би мэднэ. Та нар бүх үнэнийг дэвтэртээ тэмдэглэж, өөрөө чухал гэж итгэдэг зарим зүйлээ зүрх сэтгэлдээ цээжилж, тогтоосон хэдий ч, мөн хэрэгжүүлэлтийнхээ үеэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд эдгээрийг ашиглаж, хэрэгтэй үедээ үүнийгээ ашиглаж, өмнө чинь байгаа хүнд хэцүү цаг үеийг туулахын тулд үүнийгээ ашиглаж, эсвэл амьдрах хугацаандаа эдгээр зүйлийг өөрийнхөө араас зүгээр л дагуулахаар төлөвлөдөг хэдий ч, Миний хувьд бол, яаж хийх чинь хамаагүй, та нар үүнийг хийж л байгаа бол энэ нь тийм ч чухал биш. Тэгвэл юу маш чухал юм бэ? Хэрэгжүүлж байхдаа хийж байгаа бүхэн чинь, үйл хэрэг бүр чинь Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэх, чиний бүх үйлдэл, бүх бодол, хүрэхийг хүсдэг үр дүн, зорилго чинь Бурханы хүсэлд нийцэж, Түүний шаардлагыг хангаж байгаа эсэх, мөн Бурхан тэдгээрийг сайшааж байгаа эсэхийг чи сэтгэлийнхээ гүнд үнэхээр баттай мэдэж байх ёстой. Эдгээр нь маш чухал зүйл юм.
Бурханы замаар алх: Бурханаас эмээж, муугаас зайл
Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэхүү хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр бүр тоо томшгүй олон удаа санаанд орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрд, хэн нэгний түүхийг сонсох бүрд, хэн нэгний Бурханд итгэсэн тухай туршлага, гэрчлэлийг сонсох бүрдээ энэ хүн Бурханы хүсдэг, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг зүрх сэтгэлдээ тодорхойлохын тулд энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгэхээр энэ юу гэсэн хэллэг вэ? Одоо Би та бүгдийг суудал дээр чинь өндөлзүүлж байна. Намайг энэ хэллэгийг хэлэх үед та нарын урам хугарч магадгүй, учир нь олон жилийн турш үүнийг ярихаас цаашгүй байж ирсэн хүмүүс бий. Гэхдээ Би нэг ч удаа үүнийг ярихаас цаашгүй байгаагүй. Энэ хэллэг Миний зүрх сэтгэлд оршдог. Тэгэхээр энэхүү хэллэг нь юу вэ? Энэ нь: “Бурханы замаар алх: Бурханаас эмээж, муугаас зайл” юм. Энэ хэтэрхий энгийн хэллэг бус уу? Гэхдээ энэхүү хэллэг нь хэдий энгийн ч гэсэн энэхүү үгийн талаарх жинхэнэ гүнзгий ойлголттой хүмүүс энэ нь асар их жинтэй, энэхүү хэллэг нь хэрэгжүүлэлтэд маш үнэ цэнтэй, үнэн-бодит байдлыг агуулсан амийн хэлний нэг мөр, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаг хүмүүсийн хувьд насан туршийнх нь зорилго, Бурханы санаа зорилгыг анхаардаг хэн хүний дагах ёстой насан туршийн зам гэдгийг мэдэрнэ. Тэгэхээр та нар юу гэж бодож байна: Энэхүү хэллэг үнэн бус уу? Энэ нь ийм чухал юу, үгүй юү? Мөн магадгүй та нарын зарим нь энэ хэллэгийн талаар бодоод учрыг нь олохоор оролдож байхад: Энэ хэллэг маш чухал уу? Тун чухал уу? Үүнийг тийм их онцлох шаардлагатай юу? гээд эргэлздэг зарим хүн ч байх. Та нарын зарим нь бас энэ хэллэгт тийм ч их дуртай биш байх, учир нь Бурханы замыг аваад, энэ нэг хэллэгт багтаах нь хэтэрхий хялбарчилсан хэрэг гэж та нар боддог. Бурханы хэлсэн бүхнийг авч, ганц хэллэг болгон багасгах нь Бурханыг арай дэндүү өчүүхэн болгож байгаа бус уу? Тийм биш гэж үү? Эдгээр үгийн цаадах гүн гүнзгий утга учрыг та нарын ихэнх нь бүрэн ойлгохгүй байж болох юм. Та нар бүгд үүнийг тэмдэглэж авсан ч гэсэн энэ хэллэгийг зүрх сэтгэлдээ хадгалах санаагүй байгаа; та нар завтай цагтаа дахин харж, эргэцүүлэн бодохын тулд үүнийг зүгээр л тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсан. Та нарын зарим нь энэ хэллэгийг сайн ашиглах гэж хичээх нь байтугай цээжилье гэж оролдох ч үгүй. Гэвч Би яагаад энэхүү хэллэгийг дурдахыг хүсдэг вэ? Та нарын харах өнцгөөс үл хамааран, та нар юу ч гэж боддог байсан, энэ хэллэгийг Би дурдах ёстой байсан, учир нь Бурхан хүмүүсийн төгсгөлийг хэрхэн тодорхойлдогтой энэ туйлын их хамаатай. Энэ хэллэгийн талаарх одоогийн ойлголт чинь ямар байх, эсвэл та нар үүнд хэрхэн хандах нь хамаагүй, Би та нарт үүнийг хэлнэ: Хэрвээ хүмүүс энэ хэллэгийг хэрэгжүүлж, туулан, Бурханаас эмээж, муугаас зайлах стандартад хүрч чадвал амьд үлдэх нь гарцаагүй бөгөөд сайн төгсгөлтэй байх нь лавтай. Гэвч хэрвээ чи энэ хэллэгийн тавьсан стандартад хүрч чадахгүй бол төгсгөл чинь тодорхойгүй гэж хэлж болно. Тиймээс Би сэтгэл зүйг чинь бэлдэх гэж энэ хэллэгийн тухай та нарт хэлж байна, ингэснээр та нарыг хэмжихдээ Бурхан ямар стандарт ашигладгийг та нар мэдэх болно. Миний дөнгөж сая хэлсэнчлэн энэхүү хэллэг нь Бурхан хүн төрөлхтнийг аврах болон хүний төгсгөлийг Тэр хэрхэн тодорхойлдогтой туйлын их хамаатай. Энэ нь ямар байдлаар хамаатай вэ? Та нар үнэхээр мэдэхийг хүсэх учраас бид өнөөдөр энэ тухай ярилцана.
Хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг туршихын тулд Бурхан янзын бүрийн шалгалт ашигладаг
Өөрийнхөө ажлын эрин үе болгонд Бурхан хүмүүст зарим үгийг хайрлаж, зарим үнэнийг хэлдэг. Эдгээр үнэн нь хүмүүсийн баримтлах ёстой зам, тэдний алхах ёстой зам, тэднийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болгох зам, амьдралдаа болон амьдралынхаа явцад хүмүүсийн хэрэгжүүлж, баримталбал зохих зам болдог. Ийм шалтгааны улмаас Бурхан эдгээр айлдварыг хүн төрөлхтөнд илэрхийлдэг. Бурханаас ирдэг эдгээр үгийг хүмүүс баримтлах ёстой бөгөөд тэдгээрийг баримтлах нь амь хүртэхийн тулд юм. Хэрвээ хүн тэдгээрийг баримталдаггүй, хэрэгжүүлдэггүй, Бурханы үгийг амьдралдаа амьдран харуулдаггүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй юм байна. Түүнчлэн хэрвээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхгүй бол Бурханаас эмээж, муугаас зайлахгүй байна, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж ч чадахгүй. Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй, ийм хүмүүст төгсгөл байхгүй. Тэгвэл Бурхан Өөрийнхөө ажлын явцад хүний төгсгөлийг хэрхэн тодорхойлдог вэ? Хүний төгсгөлийг тодорхойлохын тулд Бурхан ямар арга хэрэглэдэг вэ? Одоогоор та нар энэ талаар сайн мэдэхгүй хэвээр байж магадгүй ч Би та нарт процессыг нь хэлэх үед нэлээд тодорхой болно, яагаад гэвэл, та нараас олонх нь үүнийг аль хэдийн өөрсдөө туулсан.
Өөрийн ажлын явцад, эхнээсээ л Бурхан хүн бүхэнд, өөрөөр хэлбэл Өөрийг нь дагадаг хүн бүхэнд зориулж шалгалт тавьсан бөгөөд энэхүү шалгалт нь янз бүрийн хэмжээтэй байдаг. Гэрийнхэндээ гологдох шалгалт, хатуу ширүүн орчны шалгалт, баривчлагдаж, тамлагдах шалгалт, сонголттой тулгарах шалгалт, мөн мөнгө, байр суурийн шалгалт туулсан хүмүүс байдаг. Ерөнхийд нь хэлбэл, та нар дор бүрнээ бүх төрлийн шалгалттай тулгарсан. Бурхан яагаад ингэж ажилладаг вэ? Тэр яагаад хүн бүхэнд ингэж ханддаг вэ? Тэр ямар үр дүн харахаар эрж хайдаг вэ? Миний та нарт хэлэхийг хүсдэг санаа энэ байна: Энэ хүн Бурханаас эмээж, муугаас зайлдаг төрлийн хүн мөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан чамайг шалгаж, чамайг энэ тэр зарим нэг нөхцөл байдалтай тулгараад Өөрөөс нь эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг турших санаатай байдаг. Хэрвээ хэн нэгэнд тахил хамгаалах үүрэг тулгарч, энэхүү үүргийнхээ улмаас Бурханы тахилд хүрсэн бол энэ нь Бурханы зохицуулсан зүйл гэж чи хэлэх байсан уу? Эргэлзээгүй тийм! Чамд тулгардаг бүхэн Бурханы зохицуулсан зүйл байдаг. Ийм асуудалтай тулгарах үед Бурхан чамайг нууцаар ажиглаж, ямар сонголт хийх, хэрхэн хэрэгжүүлэх, ямар бодолтой байгааг чинь харах болно. Бурхан эцсийн үр дүнг хамгаас их анхаардаг, учир нь яг тухайн шалгалтад Түүний стандартад хүрсэн эсэхийг чинь хэмжихэд энэхүү үр дүн Түүнд тусална. Гэхдээ хүмүүс асуудалтай тулгарах болгондоо яагаад үүнтэй тулгарч байгаа, ямар стандартад нийцэхийг Бурхан тэднээс шаарддаг, Тэр тэднээс юу харахыг хүсдэг, юу олж авахыг хүсдэг талаар тэд ихэнхдээ боддоггүй. Энэ асуудалтай тулгарах үедээ ийм хүмүүс ердөө л “Энэ надад тулгарсан зүйл; би болгоомжгүй биш, болгоомжтой байх ёстой! Ямар ч байсан энэ бол Бурханы тахил бөгөөд би үүнд хүрч болохгүй” гэж боддог. Ийм энгийн бодолтой хүмүүс үүргээ биелүүлсэн гэж итгэдэг. Энэ шалгалтын үр дүнд Бурхан сэтгэл хангалуун байх уу, үгүй юу? Энэ талаар ярилцаарай. (Хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг бол Бурханы тахилд хүрэх боломж олгох үүрэгтэй тулгарах үедээ Бурханы зан чанарт халдах нь хэчнээн амархан байх талаар бодож үзэх бөгөөд энэ нь тэднийг гарцаагүй болгоомжтой ханддаг болгоно.) Хариулт чинь дөхөж байна, гэхдээ хараахан болоогүй байна. Бурханы замаар алхах нь гаднаа дүрэм журам мөрдөх явдал биш; харин ч чамд асуудал тулгарах үед чи үүнийг Бурханы зохицуулсан нөхцөл байдал, Түүнээс чамд хайрласан хариуцлага, эсвэл Түүний чамд даалгасан даалгавар гэж юуны түрүүнд үзнэ гэсэн үг юм. Энэ асуудалтай тулгарах үедээ чи үүнийг бүр Бурханы чамд тавьсан шалгалт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед чи зүрх сэтгэлдээ стандарттай болж, энэ хэрэг явдал Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Чи Бурханд үнэнч байхын зэрэгцээ үүргээ биелүүлж чадахуйц байдлаар үүнийг хэрхэн шийдэх талаар, мөн Түүнийг хилэгнүүлж, Түүний зан чанарт халдалгүйгээр хэрхэн үүнийг хийх талаар бодох ёстой. Тахилыг хамгаалах талаар бид дөнгөж сая ярилаа. Энэ хэрэг явдал тахилтай хамаатай, бас чиний үүрэг, хариуцлагыг хөнддөг. Чи энэхүү хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Гэхдээ энэ асуудалтай тулгарсан үед ямар нэгэн уруу таталт байдаг уу? Байдаг. Энэ уруу таталт хаанаас гардаг вэ? Энэхүү уруу таталт Сатанаас гардаг, мөн энэ нь хүний ёрын муу, завхарсан зан чанараас гардаг. Уруу таталт байдаг болохоор энэ асуудал нь хүмүүсийн хийх учиртай гэрчлэлд зогсох явдлыг хамардаг бөгөөд энэ нь мөн чиний үүрэг, хариуцлага юм. Зарим хүн “Энэ бол маш жижиг асуудал; үүнийг ийм сүртэй юм болгох үнэхээр хэрэгтэй гэж үү?” гэдэг. Үнэхээр их хэрэгтэй! Учир нь, Бурханы замаар явахын тулд бид өөрсдөд маань, эсвэл бидний эргэн тойронд болж байгаа юуг ч, бүр өчүүхэн зүйлсийг ч зүгээр орхиж болохгүй; бид үүнд анхаарал хандуулах ёстой юу, үгүй юу гэж боддог ч байсан бай, ямар нэгэн асуудал тулгарсан л бол бид үүнийг зүгээр орхиж болохгүй. Болж буй бүхнийг Бурханы бидэнд өгсөн туршилт гэж харах ёстой. Юмыг ингэж харах талаар чи юу гэж бодож байна? Хэрвээ чи ийм хандлагатай бол энэ нь: Чи сэтгэлийнхээ гүнд Бурханаас эмээдэг бөгөөд муугаас зайлахад бэлэн гэсэн нэг баримтыг баталдаг. Хэрвээ чамд Бурханыг сэтгэл хангалуун байлгах энэ хүсэл байгаа бол чиний хэрэгжүүлж байгаа зүйл Бурханаас эмээж, муугаас зайлах стандартаас тийм ч холгүй байна.
Хүмүүсийн нэг их анхаардаггүй, ер нь дурддаггүй асуудлууд нь үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч хамаагүй, ялихгүй аар саар зүйл гэж итгэдэг хүмүүс нэлээд их байдаг. Тийм асуудал тулгарахад энэ хүмүүс үүнийг нэг их бодож үзэлгүй, тэгээд зүгээр өнгөрөөдөг. Гэвч үнэндээ энэ асуудал нь чиний сурах ёстой сургамж, Бурханаас хэрхэн эмээж, муугаас хэрхэн зайлах тухай сургамж байсан юм. Түүнчлэн, чиний бүр ч илүү санаа зовних хэрэгтэй зүйл бол энэ асуудал чамд тулгарахаар гарч ирэх үед Бурхан юу хийж байгааг мэдэх явдал билээ. Бурхан яг хажууд чинь үг, үйлдэл бүрийг чинь ажиглаж, хийж буй юм болгоныг чинь, бодол санаанд чинь ямар өөрчлөлт гарч байгааг хардаг—энэ бол Бурханы ажил. Зарим хүн “Энэ хэрвээ үнэн юм бол би яагаад үүнийг мэдрээгүй юм бэ?” гэж асуудаг. Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чи гол замаа болгож баримтлаагүй учраас үүнийг мэдрээгүй; тиймээс, хүмүүст хийдэг Бурханы нарийн ажлыг, хүмүүсийн янз бүрийн бодол, үйлдлийн дагуу өөрөө илэрдэг тэр ажлыг чи мэдэрч чаддаггүй. Чи хөнгөн хийсвэр юм! Томоохон асуудал нь юу вэ? Жижиг асуудал нь юу вэ? Бурханы замаар алхахтай хамаатай асуудлуудыг том, жижиг гэж хуваадаггүй, бүгдээрээ л том асуудал—та нар үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу? (Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадна.) Өдөр тутмын асуудлуудын тухайд, хүмүүсийн маш том, ач холбогдолтой гэж үздэг зарим асуудал, ялихгүй аар саар зүйл гэж үздэг өөр хэсэг асуудал байдаг. Хүмүүс эдгээр том асуудлыг маш чухал гэж үздэг бөгөөд тэдгээрийг Бурхан илгээсэн гэж тооцдог. Гэвч энэ том асуудлуудыг шийдвэрлэх явцад дутуу дулимаг биеийн хэмжээ, дорд муу хэв чанарынхаа улмаас хүмүүс Бурханы хүслийг дандаа биелүүлж, ямар ч илчлэл олж авч, үнэ цэнтэй ямар ч бодит мэдлэг эзэмшиж чаддаггүй. Жижиг асуудлуудын тухайд гэвэл, тэдгээрийг хүмүүс зүгээр л анзаарахгүй үлдээж, бага багаар алга болгодог. Тиймээс Бурханы өмнө шинжлүүлэх, Түүгээр туршигдах олон боломжийг хүмүүс алдсан. Бурханы чамд зориулж зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмс, нөхцөлүүдийг чи үргэлж анзаардаггүй бол юу гэсэн үг вэ? Энэ нь өдөр бүр, цаашлаад мөч бүрд Бурхан чамайг төгс болгохоос, мөн Бурханы манлайллаас чи байнга татгалзаж байна гэсэн үг юм. Бурхан чамд зориулан нөхцөл байдал зохицуулах бүрдээ нууцаар харж, зүрх сэтгэлийг чинь харж, бодол, эргэцүүллийг чинь ажиглаж, хэрхэн бодож байгааг чинь харж, хэрхэн үйлдэхийг чинь харахаар хүлээж байгаа. Хэрвээ чи хайхрамжгүй хүн бол—Бурханы зам, Түүний үг, эсвэл үнэнд хэзээ ч нухацтай хандаж байгаагүй хүн бол—Бурхан чамд зориулан тодорхой орчин зохицуулахдаа Тэр ямар шаардлагад нийцэхийг чамаас шаарддаг, Тэр юу гүйцэлдүүлэхийг хүсэж байгааг чи хайхарч, анхаарал хандуулахгүй. Чамд тохиосон хүмүүс, үйл явдал, юмс нь үнэн, эсвэл Бурханы хүсэлтэй ямар холбоотойг чи бас мэдэхгүй. Иймэрхүү олон удаагийн нөхцөл байдал болон шалгалттай тулгарсны дараа Бурхан чамаас ямар ч үр дүн олж харахгүй бол Тэр яах вэ? Чи шалгалттай удаа дараа нүүр тулсны дараа зүрх сэтгэлдээ Бурханыг өсгөөгүй, бас чамд зориулан Бурханы зохицуулсан нөхцөл байдлыг ч байгаагаар нь, Бурханы шалгалт, туршилт гэж хараагүй. Харин ч Бурханы чамд хайрласан боломжуудаас ээлж дараалан татгалзаж, тэдгээрийг ахин дахин алдсан. Энэ бол хүмүүсийн харуулдаг туйлын дуулгаваргүй байдал бус уу? (Мөн.) Үүнээс болж Бурхан гомдох уу? (Тэгнэ.) Буруу, Бурхан гомдохгүй! Миний ингэж хэлэхийг сонсоод та нар дахин нэг удаа цочирдлоо. “Бурханд үргэлж гомдолтой санагддаг гэж өмнө нь хэлээгүй бил үү? Тиймээс Бурхан гомдохгүй гэж үү? Тэгвэл Бурханд хэзээ гомдолтой санагддаг вэ?” гэж та нар бодож байж магадгүй. Товчхондоо Бурхан энэ нөхцөлд гомдохгүй. Тэгвэл дээр дурдсан зан авирт хандах Бурханы хандлага юу вэ? Хүмүүс Бурханы илгээдэг шалгалт, туршилтыг голж, тэдгээрээс зайлсхийх үед ийм хүмүүст хандах цорын ганц хандлага Бурханд байдаг. Энэ ямар хандлага вэ? Бурхан ийм хүмүүсийг зүрх сэтгэлийнхээ гүнээс зэвүүцэн голдог. “Зэвүүцэн голох” гэдэг үгэнд давхар утга бий. Би үүнийг Өөрийнхөө өнцгөөс хэрхэн тайлбарлах хэрэгтэй вэ? Гүн утгаараа “зэвүүцэн голох” гэдэг үг нь жигших, үзэн ядах гэсэн утгатай байдаг. Нөгөө нэг утга нь юу вэ? Тэр нь ямар нэг зүйлээс татгалзах гэсэн санааг агуулдаг хэсэг юм. “Татгалзах” гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Товчоор хэлбэл, “зэвүүцэн голох” гэдэг нь иймэрхүү байдлаар авирлаж байгаа тэр хүмүүст хандах Бурханы эцсийн хандлага, хариу үйлдлийг илэрхийлдэг үг юм; энэ бол тэдэнд хандах туйлын үзэн ядалт, зэвүүцэл, улмаар энэ нь тэднийг орхих шийдвэрт хүргэдэг. Энэ бол Бурханы замаар хэзээ ч алхаагүй, хэзээ ч Бурханаас эмээж, муугаас зайлаагүй хүнд чиглэсэн Бурханы эцсийн шийдвэр билээ. Миний өмнө нь дурдсан энэхүү хэллэгийн чухал ач холбогдлыг та нар одоо бүгд харж чадаж байна уу?
Хүний төгсгөлийг тодорхойлохын тулд Бурханы хэрэглэдэг аргуудыг одоо та нар ойлгож байна уу? (Тэр өдөр бүр өөр өөр нөхцөл байдлыг зохицуулдаг.) Тэр өөр өөр нөхцөл байдлыг зохицуулдаг—энэ нь хүмүүсийн мэдэрч, хүрч чаддаг зүйл юм. Тэгвэл үүнийг хийх Бурханы сэдэл юу вэ? Тэр хүн нэг бүрд өөр өөр арга замаар, өөр өөр цагт, өөр өөр газарт шалгалт өгөх санаа зорилготой байдаг. Шалгалтын үеэр хүний ямар талуудыг туршдаг вэ? Өөрт тулгардаг, сонсож, харж, биечлэн туулдаг асуудал бүрдээ чи Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг чинь шалгалт тодорхойлдог. Хүн бүхэн ийм шалгалттай тулгарна, учир нь Бурхан бүх хүнд шударга ханддаг. Та нарын зарим нь “Би Бурханд олон жилийн турш итгэсэн; тэгэхээр би яагаад ямар ч шалгалттай тулгараагүй юм бол?” гэж хэлдэг. Бурхан чамд зориулан нөхцөл байдлыг зохицуулах болгонд чи тэдгээрийг нухацтайгаар авч үзээгүй, Бурханы замаар алхахыг хүсээгүй учраас чамд шалгалт тулгараагүй гэж санагддаг. Иймээс чи зүгээр л Бурханы шалгалтыг огт мэдэрдэггүй. Зарим хүн “Би цөөн хэдэн шалгалттай тулгарч байсан боловч хэрхэн зүй зохистой хэрэгжүүлэхээ мэдэхгүй. Хэрэгжүүлсэн үедээ ч гэсэн Бурханы шалгалтын үеэр бат зогссон эсэхээ мэдэхгүй л байна” гэдэг. Ийм байдалтай хүмүүс гарцаагүй цөөнх биш. Тэгвэл хүмүүсийг хэмждэг Бурханы стандарт юу вэ? Хэдхэн хормын өмнө яг л Миний хэлсэнчлэн: Чи хийж, бодож, илэрхийлж байгаа юм бүхэндээ Бурханаас эмээж, муугаас зайлж байна уу, үгүй юу гэдэг чинь юм. Чамайг Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг ингэж тодорхойлдог. Энэ ухагдахуун энгийн байна уу? Үүнийг хэлэхэд бишгүй амархан, харин хэрэгжүүлэхэд амархан уу? (Тийм ч амархан биш.) Яагаад тийм ч амархан биш вэ? (Яагаад гэвэл, хүмүүс Бурханыг мэддэггүй, Бурхан хүмүүсийг хэрхэн төгс болгодгийг мэддэггүй учраас асуудалтай тулгарах үедээ тэд асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй. Тэд Бурханаас эмээх бодит байдалтай болж чадахаасаа өмнө янз бүрийн шалгалт, цэвэршүүлэлт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой.) Та нар ингэж хэлж болох ч та нарын хувьд Бурханаас эмээж, муугаас зайлах нь яг одоо амархан хийж болохуйц санагддаг. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, та нар маш их номлол сонсож, үнэн-бодит байдлаас багагүй хэмжээний усалгаа хүлээн авсан; энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах талаар онолын болон оюун санааны хувьд ойлгох боломжийг та нарт олгосон. Бурханаас эмээж, муугаас зайлахыг хэрхэн бодитоор хэрэгжүүлэх тухайд бол энэ мэдлэг бүгд тун тустай байсан бөгөөд тийм зүйлийг амархан биелүүлж болмоор юм шиг та нарт санагдуулдаг. Тэгвэл хүмүүс яагаад үүнийг бодитоор биелүүлж чаддаггүй вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн уг чанар-мөн чанар нь Бурханаас эмээдэггүй бөгөөд мууд дуртай байдаг. Жинхэнэ шалтгаан нь энэ юм.
Бурханаас эмээхгүй, муугаас зайлахгүй байх нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг
“Бурханаас эмээж, муугаас зайлах” гэсэн энэ хэллэг хаанаас үүссэнийг Би та нараас асууж эхэлмээр байна. (Иовын ном.) Бид Иовыг дурдсан болохоор түүний талаар хэлэлцье. Иовын цаг үед Бурхан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, аврахын төлөө ажиллаж байсан уу? Үгүй. Тийм биз дээ? Иовын хувьд бол, тухайн үед тэр Бурханы талаар хэр их мэдлэгтэй байсан бэ? (Тийм ч их биш.) Иов Бурханы талаар яг одоо та нарын мэддэгээс ихийг мэддэг байсан уу, багыг мэддэг байсан уу? Та нар яагаад хариулж зүрхлэхгүй байна вэ? Энэ бол хариулахад маш хялбар асуулт. Бага! Мэдээжийн хэрэг! Та нар одоо Бурхантай, Бурханы үгтэй нүүр тулсан байдаг; Бурханы талаарх та нарын мэдлэг Иовынхоос хавьгүй илүү. Би яагаад үүнийг сөхөж байна вэ? Ингэж хэлсний минь зорилго юу вэ? Би та нарт нэгэн баримтыг тайлбарлахыг хүсэж байна, гэхдээ тэгэхээсээ өмнө та нараас нэг асуулт асуумаар байна: Иов Бурханы тухай маш бага мэддэг байсан ч Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг байсан; өнөөгийн хүмүүс яагаад ингэж чаддаггүй юм бэ? (Тэд гүн завхарсан байдаг.) Тэд гүн завхарсан гэдэг нь уг асуудлыг үүсгэж буй өнгөцхөн үзэгдэл боловч Би үүнийг хэзээ ч ингэж харахгүй. Та нар “гүн завхрал”, “Бурханы эсрэг тэрслэх”, “Бурханд үнэнч бус байх”, “дуулгаваргүй байдал”, “үнэнд дургүй байх” гэх мэт сургаал, нэр томьёог авч, асуудал бүрийн мөн чанарыг тайлбарлахдаа эдгээр хэлц үгийг ашигладаг. Энэ бол хэрэгжүүлэх өө сэвтэй арга юм. Өөр өөр шинж чанартай асуудлуудыг тайлбарлахдаа нэг хариулт ашиглах нь үнэн болон Бурханыг доромжилж байна гэсэн сэжгийг зайлшгүй төрүүлдэг; Би иймэрхүү хариулт сонсох дургүй. Энэ тухай нухацтай бодоод үз! Та нарын хэн нь ч энэ асуудлын талаар бодож байгаагүй боловч Би өдөр бүр үүнийг харж, мэдэрч чадна. Тиймээс та нарыг үйлдэж байхад Би харж байдаг. Ямар нэгэн зүйл хийж байхдаа та нар мөн чанарыг нь мэдэрч чаддаггүй, харин Би үүнийг харахдаа мөн чанарыг нь харж, бас мэдэрч чаддаг. Тэгэхээр энэ мөн чанар нь юу вэ? Өнөө үед хүмүүс яагаад Бурханаас эмээж, муугаас зайлах чадваргүй байдаг вэ? Та нарын хариулт энэ асуудлын мөн чанарыг тайлбарлаж огт чадахгүй, бас шийдвэрлэж ч чадахгүй. Яагаад гэвэл, та нарын мэддэггүй эх сурвалж үүнд байдаг. Энэ эх сурвалж нь юу вэ? Та нар энэ талаар сонсмоор байгааг Би мэдэж байна, иймээс Би энэ асуудлын эх сурвалжийг та нарт хэлье.
Бурхан ажил хийж эхэлснээс хойш хүнийг хэрхэн үздэг байсан бэ? Бурхан тэднийг аварсан; Тэр хүмүүсийг Өөрийн гэр бүлийн гишүүн, Өөрийн ажлын зорилго, Өөрөө байлдан дагуулж, аврахыг хүссэн хүмүүс, Өөрөө төгс болгохыг хүссэн хүмүүс гэж үзэж байсан. Өөрийн ажлын эхнээс л Бурхан хүнд ингэж хандаж байв. Харин тэр үед хүн төрөлхтөн Бурханд ямар хандаж байсан бэ? Бурхан хүмүүсийн хувьд үл таних нэгэн байсан бөгөөд тэд Бурханыг танихгүй нэгэн шиг үзсэн. Бурханд хандах тэдний хандлага зөв үр дүнд хүрээгүй, тэд Бурханд хэрхэн хандах ёстой талаар тодорхой ойлголтгүй байсан гэж хэлж болно. Тиймээс тэд Түүнтэй хүссэнээрээ харьцаж, юу дуртайгаа хийсэн. Тэдэнд Бурханы талаар ямар нэгэн үзэл бодол байсан уу? Эхэндээ тэдэнд байгаагүй; тэдний санаа бодол, таамаглал гэгч нь Түүний тухай тодорхой нэг үзэл, таамаглалаас бүрдэх төдий байсан. Өөрсдийнх нь үзэлд нийцсэн зүйлсийг нь тэд хүлээн зөвшөөрсөн бөгөөд, ямар нэг зүйл үзэлтэй нь нийцэхгүй үед тэд өнгөн дээрээ дуулгавартай дагасан боловч зүрх сэтгэлийнхээ гүнд үүнтэй хүчтэй зөрчилдөж, эсэргүүцсэн. Эхэндээ хүн, Бурхан хоёр хоорондоо ийм харилцаатай байв: Бурхан тэдийг гэр бүлийн гишүүнээ гэж харж байхад, хүн Бурханд танихгүй нэгэн шиг хандсан. Гэхдээ Бурхан хэсэг ажилласны дараа Бурхан юунд хүрэхээр хичээж байгааг хүмүүс ойлгож авч, Бурхан бол жинхэнэ Бурхан юм гэдгийг тэд мэдсэн; тэд мөн Бурханаас юу олж авч болохыг мэдэж авсан. Энэ үед хүмүүс Бурханыг юу гэж үзсэн бэ? Тэд Түүнийг аврах татлага хэмээн харж, Түүний нигүүлсэл, ерөөл, амлалтыг хүртэх гэж найдсан. Энэ үед Бурхан хүнийг юу гэж үздэг байсан бэ? Тэр тэднийг байлдан дагуулалтынхаа бай гэж харж байсан. Бурхан үг ашиглан тэднийг шүүж, туршиж, тэднээр шалгалт туулуулахыг хүссэн. Гэхдээ тэр үеийн хүмүүсийн хувьд Бурхан бол өөрийн гэсэн зорилгодоо хүрэхэд ашиглаж болох объект л байсан. Бурханы гаргасан үнэн өөрсдийг нь байлдан дагуулж, аварч чадна, Бурханаас хүссэн зүйлээ авахаас гадна, хүссэн хүрэх газартаа хүрэх боломж тэдэнд байна гэдгийг хүмүүс харсан. Үүнээс болж тэдний зүрх сэтгэлд өчүүхэн төдий чин сэтгэл бүрэлдэж, Бурханыг дагахад бэлэн болсон. Цаг хугацаа өнгөрч тэд Бурханы талаар өнгөцхөн, хоосон онолын бага зэрэг мэдлэг олж авсан учраас Бурхан, Түүний хэлсэн үг, Түүний номлол, Түүний гаргасан үнэн, Түүний ажилтай “танил” болж эхэлсэн гэж хүртэл хэлж болно. Иймээс өөрсдөд нь Бурхан танихгүй нэгэн байхаа больж, өөрсдийгөө аль хэдийн Бурхантай нийцтэй болох замд хөл тавьсан гэж тэд эндүүрэх болсон. Одоо бол хүмүүс үнэний талаар маш их номлол сонсож, Бурханы ихээхэн ажлыг туулсан. Гэсэн ч олон янзын хүчин зүйлс, нөхцөл байдлаас үүдсэн хөндлөнгийн оролцоо, саад бартааны улмаас ихэнх хүн үнэнийг амжилттай хэрэгжүүлж чаддаггүй, бас Бурханыг сэтгэл хангалуун байлгаж ч чаддаггүй. Хүмүүс улам их хойрго болж, улам итгэлгүй болсон. Өөрсдийнх нь төгсгөл тодорхойгүй юм шиг санагдах нь улам нэмэгдсэн. Тэд хэрээс хэтэрсэн санаа гаргаж зүрхэлдэггүй, ахиц дэвшил гаргах гэж тэмүүлдэггүй; тэд зүгээр л дуртай дургүй дагаж, алхам алхмаар урагшилдаг. Хүмүүсийн өнөөгийн байдлын тухайд, тэдэнд хандах Бурханы хандлага ямар вэ? Тэр эдгээр үнэнийг тэдэнд хайрлаж, Өөрийн замыг тэдэнд суулгаж өгч, дараа нь тэднийг өөр өөр арга замаар шалгахын тулд өөр өөр орчин нөхцөл зохицуулдаг. Түүний зорилго нь эдгээр үг, эдгээр үнэн болон Өөрийн ажлыг авч, хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болох төгсгөлийг авчрах явдал билээ. Миний харсан ихэнх хүн Бурханы үгийг хоосон сургаал, цаасан дээрх зүгээр нэг үсэг, сахин мөрдөх журам гэж үздэг. Тэд үйлдэж, ярихдаа, эсвэл шалгалттай тулгарахдаа Бурханы замыг өөрсдийн мөрдөх ёстой зам гэж үздэггүй. Хүмүүс ялангуяа томоохон шалгалттай тулгарахад энэ үнэн байдаг; Бурханаас эмээж, муугаас зайлахаар хэрэгжүүлж байгаа ямар ч хүнийг Би хараагүй. Тиймээс хүмүүст хандах Бурханы хандлага нь туйлын их жигшил, зэвүүцлээр дүүрэн байдаг! Тэр тэднийг удаа дараа, бүр хэдэн зуун удаа шалгасан ч гэсэн, “Би Бурханаас эмээж, муугаас зайлахыг хүсэж байна!” хэмээн шийдсэнээ харуулах ямар ч тодорхой хандлага байхгүй хэвээр байдаг. Хүмүүст ийм шийдэмгий байдал нэгэнт байхгүй, ингэж харагддаггүйгээс хойш тэдэнд хандах Бурханы өнөөгийн хандлага нь, өршөөл үзүүлж, хүлээцтэй байж, хүлцэн тэвчиж, тэвчээр гаргаж байсан өнгөрсөн үеийнхтэй нь адил байхаа больсон. Харин ч Тэр хүн төрөлхтөнд туйлын их урам хугарсан. Хэнээс болж ийнхүү урам хугарсан бэ? Хүмүүст хандах Бурханы хандлага хэнээс хамаардаг вэ? Энэ нь Түүнийг дагадаг хүн нэг бүрээс хамаардаг. Олон жилийн ажлынхаа замналын явцад Бурхан хүмүүст олон шаардлага тавьж, тэдэнд зориулж олон нөхцөл байдлыг зохицуулсан. Гэхдээ хэрхэн гүйцэтгэснээс нь үл хамааран, Бурханд хандах хандлага нь ямар ч байсан, хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлах зорилгод тодорхой нийцүүлэн хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс Би үүнийг нэг хэллэгээр дүгнэн хэлж, хүмүүс яагаад Бурханаас эмээж, муугаас зайлах Бурханы замаар алхаж чаддаггүй талаар бидний дөнгөж сая ярьсан бүхнийг тайлбарлахад энэ хэллэгийг ашиглана. Энэ ямар хэллэг вэ? Энэ бол: Бурхан хүмүүсийг Өөрийн аврах объект, Өөрийн ажиллах объект гэж үздэг; хүмүүс Бурханыг өөрийн дайсан, өөрийн эсрэгцэл гэж үздэг. Одоо чи энэ асуудлын талаар тодорхой ойлголттой болсон уу? Хүн төрөлхтний хандлага ямар болох, Бурханы хандлага ямар болох, хүн, Бурхан хоёрын хоорондын харилцаа ямар болох нь маш тодорхой байна. Та нар хэчнээн ч их номлол сонссон ч гэсэн, Бурханд үнэнч байж, Бурханд захирагдаж, Бурхантай нийцтэй байх замыг эрж хайж, бүхий л амьдралаа Бурханд зарлагадахыг, Бурханы төлөө амьдрахыг хүсэх гээд өөрийн гэсэн дүгнэлтээ гаргасан тэдгээр зүйл нь Надад бол, Бурханаас эмээж, муугаас зайлах Бурханы замаар ухамсартайгаар алхаж байгаагийн жишээ биш, харин ч тэдгээр нь тодорхой зорилгод хүрэхдээ ашиглаж болох зүгээр нэг сувгууд юм. Тэдгээрт хүрэхийн тулд та нар зарим дүрэм журмыг дурамжхан мөрддөг бөгөөд Яг энэ дүрэм журмууд л Бурханаас эмээж, муугаас зайлах замаас хүмүүсийг улам илүү холдуулж, Бурханыг дахин нэгэнтээ хүн төрөлхтний эсрэг болгодог.
Өнөөдрийн сэдэв бага зэрэг хүнд боловч ямар ч байсан хожмын туршлага, хожмын цаг хугацааг туулахдаа Миний дөнгөж сая та нарт хэлсэн зүйлийг хийж чадна гэж Би найдсаар л байна. Чамд хэрэг болсон үед Бурхан оршин байдаг, харин хэрэггүй үед Тэр оршин байдаггүй юм шиг Түүнийг хоосон агаар мэт бүү үз. Дотоод ухамсартаа ийм бодол тээмэгцээ чи Бурханыг аль хэдийн хилэгнүүлсэн байдаг. “Би Бурханыг хий хоосон агаар төдий гэж үздэггүй. Би үргэлж Түүнд залбирч, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг, миний хийдэг бүхэн Бурханы шаардсан цар хүрээ, стандарт, зарчмын дотор байдаг. Би гарцаагүй өөрийн санаа бодлын дагуу үйлдэхгүй байгаа” гэж хэлэх хүн байж магадгүй. Тийм ээ, чиний хэрэгжүүлж байгаа арга зам зөв. Гэсэн ч чи асуудалтай тулгарах үедээ юу гэж боддог вэ? Чамд асуудал тулгарах үед чи хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Зарим хүн Бурханд залбирч, Түүнээс гуйх үедээ л Бурхан оршин байгааг мэдэрдэг боловч асуудал тулгарах болгонд, өөрийн санааг гаргаж, түүнийгээ дагахыг хүсдэг. Энэ нь тэд Бурханыг ердөө л хоосон агаар гэж үздэг гэсэн үг бөгөөд ийм нөхцөл байдлын улмаас оюун санаандаа тэд Бурханыг оршин байхгүй болгодог. Хэрэгтэй үед нь Бурхан орших ёстой, харин хэрэггүй үед Тэр орших ёсгүй гэж хүмүүс итгэдэг. Өөрсдийнхөө санаанд үндэслэж хэрэгжүүлэх нь хангалттай гэж хүмүүс боддог. Тэд хүссэн болгоноо хийж болно гэж итгэдэг; Бурханы замыг эрж хайх хэрэг тэдэнд байхгүй гэж тэд гагцхүү итгэдэг. Одоо ийм нөхцөлд байгаа, ийм байдалд гацсан хүмүүсийн тухайд тэд аюул дуудаж байгаа бус уу? Зарим хүн “Аюул дуудаж байгаа, үгүйн аль нь ч бай, би маш олон жилийн туршид итгэж ирсэн, Бурхан намайг орхиж тэвчихгүй учраас намайг орхихгүй гэдэгт би итгэдэг” гэдэг. Нөгөө хэсэг нь “Би бүр эхийнхээ хэвлийд байсан цагаас Эзэнд итгэж ирсэн. Дөч, тавин жил болсон учраас цаг хугацаагаар бол би Бурханаар аврагдаж, амьд үлдэхэд хамгийн тохирно. Энэхүү дөч, тавин жилийн хугацаанд гэр бүл, ажил төрлөө орхиж, мөнгө, байр суурь, зугаа цэнгэл, гэр бүлтэйгээ байх цаг гээд өөрт байсан бүхнийг би хаясан. Би олон амттай хоол идэж, их зугаа цэнгэлийг эдлээгүй, олон сонирхолтой газраар яваагүй, энгийн хүний дааж чадахааргүй зовлонг хүртэл туулсан. Хэрвээ Бурхан энэ бүхний төлөө намайг аварч чадахгүй юм бол надад шударга бус хандаж байна, би ийм Бурханд итгэж чадахгүй” гэдэг. Ийм үзэл бодолтой хүн олон байдаг уу? (Олон байдаг.) Тэгвэл өнөөдөр Би нэг баримтыг ойлгоход чинь та нарт тусалъя: Ийм үзэл бодолтой хүмүүс бүгд өөрсдийгөө баллаж байна. Яагаад гэвэл, тэд өөрсдийнхөө төсөөллөөр нүдээ таглаж байна. Яг эдгээр төсөөлөл, мөн өөрсдийнх нь дүгнэлт нь хүмүүсээс хүрэхийг шаарддаг Бурханы стандартыг орлож, Бурханы жинхэнэ санаа зорилгыг хүлээн зөвшөөрөхөөс тэднийг хойш татдаг. Энэ нь Түүний жинхэнэ оршин тогтнолыг мэдэрч чадахгүй болгож, мөн Бурханаар төгс болгуулах боломжоо алдаж, Бурханы амлалтад оролцох аливаа оролцоогоо хаяхад хүргэдэг.
Бурхан хүмүүсийн төгсгөлийг хэрхэн тодорхойлдог болон хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог Түүний стандарт
Чи аливаа үзэл бодол, дүгнэлт дээр тогтохоосоо өмнө чамд хандах Бурханы хандлага ямар болохыг, Тэр юу бодож байгааг ойлгох хэрэгтэй, тэгвэл чи өөрийнхөө бодлыг зөв эсэхийг шийдэж чадна. Хүний төгсгөлийг тодорхойлохдоо, Бурхан хэзээ ч цаг хугацааг, хэмжих нэгж болгож ашиглаж байгаагүй, ийнхүү тодорхойлохдоо, хүний хэр их зовлон зүдүүр амссанд нь бас хэзээ ч үндэслэж байгаагүй. Тэгвэл Бурхан хүний төгсгөлийг тодорхойлохдоо юуг стандарт болгож ашигладаг вэ? Цаг хугацаанд үндэслэж тодорхойлох нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцэх болно. Түүнчлэн, нэгэн үе үлэмж ихийг зориулж, ихийг зарлагадаж, асар том төлөөс төлж, үлэмж ихээр зовж байсныг нь та нар байнга хардаг хүмүүс байдаг. Та нарын бодлоор бол тэд Бурханы аварч болох хүмүүс юм. Энэ хүмүүсийн үзүүлж, амьдран харуулдаг бүхэн нь хүний төгсгөлийг тодорхойлох Бурханы стандартын талаарх хүмүүсийн үзэлтэй яг таг нийцдэг. Та нар юунд ч итгэдэг байсан, Би эдгээр жишээг нэг нэгээр нь нэрлэхгүй. Товчоор хэлбэл, Бурханы бодсон стандарт биш л бол хүний төсөөллөөс гардаг бөгөөд иймэрхүү бүх зүйл хүний үзэл юм. Хэрвээ чи өөрийн үзэл, хоосон төсөөлөлдөө сохроор зүтгэвэл ямар үр дагавар гарах вэ? Бурхан чамайг зэвүүцэн голох үр дагавар л байж болно гэдэг нь тун илэрхий байна. Учир нь чи Бурханы өмнө үргэлж чадвараа гайхуулж, Түүнтэй өрсөлдөж, маргалдаж байдгийн дээр Түүний бодлыг үнэхээр ухаарч ойлгох гэж хичээдэггүй, бас Түүний хүсэл болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ухаарч ойлгох гэж ч хичээдэггүй. Ийм маягаар авирлах нь Бурханыг алдаршуулахгүй, харин өөрийгөө бүхнээс дээгүүр өргөмжилж байгаа хэрэг юм. Чи өөртөө итгэдэг; чи Бурханд итгэдэггүй. Бурхан ийм хүмүүсийг хүсдэггүй, бас тэдэнд аврал авчрах ч үгүй. Хэрвээ чи ийм үзэл бодлоо хаяж, урьд нь чамд байсан тэдгээр буруу үзэл бодлыг залруулж чадвал, чи Бурханы шаардлагын дагуу байж чадвал, энэ мөчөөс эхлэн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хэрэгжүүлж чадвал, Бурханыг бүх зүйл дээр агуу Нэгэн хэмээн дээдэлж, өөрийгөө болон Бурханыг тодорхойлохдоо өөрийн хоосон төсөөлөл, үзэл бодол, итгэл үнэмшлийг ашиглахаас татгалзаж хүчрээд, оронд нь Бурханы санаа зорилгыг бүхий л талаар эрж хайж, хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ухааран, ойлгож авч, Түүний стандартад нийцсэнээрээ Түүнийг сэтгэл хангалуун болгож чадвал—тэгвэл гайхалтай байх болно! Энэ нь чамайг Бурханаас эмээж, муугаас зайлах замд орох гэж байгааг илтгэн харуулна.
Бурхан хүмүүсийн янз бүрийн бодол, санаа, үзэл бодлыг төгсгөлийг нь тодорхойлох стандарт болгож ашигладаггүй бол, Тэр хүмүүсийн төгсгөлийг тодорхойлохдоо ямар стандарт ашигладаг вэ? Тэр төгсгөлийг нь тодорхойлохдоо шалгалт ашигладаг. Бурхан хүмүүсийн төгсгөлийг тодорхойлохдоо шалгалт ашигладаг хоёр стандарт бий: Эхнийх нь хүмүүсийн туулдаг шалгалтын тоо, хоёр дахь нь эдгээр шалгалтын хүмүүст үзүүлсэн үр дүн. Энэ хоёр үзүүлэлт нь хүний төгсгөлийг тогтоодог. Тэгвэл одоо энэ хоёр стандартыг дэлгэрэнгүй тайлбарлацгаая.
Эхлээд, хүн Бурханаас ирсэн шалгалттай тулгарах үед (энэ шалгалт нь чиний хувьд багахан, дурдахын ч хэрэггүй байж болно), Түүний гар чам дээр байгаа, энэ нөхцөл байдлыг Тэр чамд зориулж зохицуулсан гэдгийг Тэр чамд тов тодорхой мэдүүлнэ. Биеийн хэмжээ чинь дутуу дулимаг хэвээр байхад Бурхан чамайг туршихаар шалгалт зохицуулах бөгөөд эдгээр шалгалт нь чиний биеийн хэмжээ, чиний ухаарч ойлгож, тэсвэрлэж чадах зүйлд тохирсон байна. Чиний аль хэсгийг турших вэ? Бурханд хандах хандлагыг чинь. Энэ хандлага маш чухал уу? Мэдээж, чухал! Энэ бол онцгой чухал! Хүний энэ хандлага бол Бурханы хүсэж байгаа үр дүн учраас Түүний хувьд, энэ бол бүхнээс хамгийн чухал зүйл юм. Эс бөгөөс Бурхан ийм ажил хийж, хүчин чармайлтаа хүмүүст зарцуулахгүй байх байсан. Эдгээр шалгалтын аргаар Бурхан Өөрт нь хандах чиний хандлагыг харахыг хүсдэг; чамайг зөв зам дээр байгаа эсэхийг харахыг Тэр хүсдэг. Мөн Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг чинь харахыг Тэр хүсдэг. Тиймээс тодорхой нэг цаг үед үнэнийг их ч ойлгосон, бага ч ойлгосон бай, чи Бурханы шалгалттай тулгарсаар байх болно, чиний ойлгосон үнэний хэмжээ ихсэхийн хэрээр Бурхан чамд таарах шалгалтуудыг үргэлжлүүлэн зохицуулсаар байх болно. Чи шалгалттай дахин нэг удаа тулгарах үед чиний үзэл бодол, бодол санаа, мөн Түүнд хандах хандлага чинь энэ хооронд ямар нэгэн өсөлт туулсан эсэхийг Бурхан харахыг хүснэ. Зарим хүн “Яагаад Бурхан дандаа хүмүүсийн хандлагыг харахыг хүсдэг юм бэ? Үнэнийг хэрхэн хэрэгжүүлж байгааг нь Тэр аль хэдийн харсан бус уу? Яагаад бас хүмүүсийн хандлагыг харах гэж?” хэмээн гайхдаг. Энэ бол утгагүй дэмий яриа! Бурхан ийм маягаар ажилладаг болохоор Түүний хүсэл тэнд байх л ёстой. Бурхан хүмүүсийг байнга хөндлөнгөөс ажиж, үг үйлдэл бүр, үйл хэрэг, хөдөлгөөн бүрийг нь ажигладаг; тэр ч бүү хэл тэдний бодол, санаа бүрийг Тэр аждаг. Бурхан хүмүүст тохиолддог бүхнийг, тэдний сайн үйлс, тэдний алдаа, гэм буруу, бүр урвалт, эсэргүүцлийг нь хүртэл тэдний төгсгөлийг тодорхойлох нотолгоо болгож тэмдэглэж авдаг. Бурханы ажил алхам алхмаар өргөгдөхийн хэрээр чи улам их үнэнийг сонсож, улам их эерэг зүйл, эерэг мэдээллийг хүлээн авдаг болж, илүү их үнэний бодит байдлыг олж авна. Энэ үйл явцын туршид чамд тавих Бурханы шаардлага ч мөн нэмэгдэж, ийнхүү нэмэгдэхийн хэрээр, Тэр чамд зориулж илүү чухал шалгалтыг зохицуулна. Энэ хугацаанд Түүнд хандах чиний хандлага сайжирсан эсэхийг ажиглах нь Түүний зорилго юм. Мэдээж, ийм зүйл болох үед Бурханы чамаас шаарддаг үзэл бодол, үнэн-бодит байдлын талаарх ойлголттой чинь нийцэх болно.
Биеийн хэмжээ чинь аажмаар өсөн нэмэгдэхэд чамаас шаарддаг Бурханы стандарт мөн адил өснө. Чамайг дутуу дулимаг байхад Тэр чамд маш доогуур стандарт тогтооно; биеийн хэмжээ чинь арай их болоход Тэр чиний стандартыг арай өндөр болгоно. Гэхдээ, бүх үнэний талаарх ойлголтыг олж авсны дараа Бурхан яах вэ? Тэр чамайг бүр ч илүү том шалгалттай тулгаруулна. Эдгээр шалгалтын дундаас Бурхан чамаас олж авахыг хүсдэг, чамаас харахыг хүсдэг зүйл бол Түүнийг илүү гүнзгий мэддэг болж, Түүнийг жинхэнээсээ хүндэтгэдэг болох явдал юм. Энэ үед, чамд тавих Түүний шаардлага нь, биеийн хэмжээ чинь дутуу дулимаг байсан үеийнхээс илүү өндөр, “илүү хатуу ширүүн” байх болно (хүмүүс тэдгээрийг хатуу ширүүн гэж үзэж магадгүй боловч Бурхан үнэндээ тэдгээрийг боломжийн гэж үздэг). Бурхан хүмүүсийг шалгахдаа ямар бодит байдлыг бүтээхийг хүсдэг вэ? Тэр хүмүүсээс зүрх сэтгэлээ Өөрт нь өгөхийг үргэлж шаардаж байна. Зарим хүн “Би яаж үүнийг өгөх юм бэ? Би үүргээ биелүүлсэн; би гэр орон, ахуй амьдралаа орхиж, өөрийгөө зарлагадсан. Эдгээр нь бүгд миний зүрх сэтгэлээ Бурханд өгөхийн жишээ бус уу? Өөрөөр би яаж зүрх сэтгэлээ Бурханд өгч болох юм бэ? Эдгээр нь үнэндээ миний Түүнд зүрх сэтгэлээ өгөх арга зам биш байсан байж болох уу? Бурханы тодорхой шаардлага юу вэ?” гэж хэлнэ. Шаардлага нь тун энгийн. Үнэндээ, шалгалтынхаа янз бүрийн үе шатанд, зүрх сэтгэлээ Бурханд янз бүрийн хэмжээгээр аль хэдийн өгчихсөн зарим хүн байдаг боловч хүмүүсийн дийлэнх олонх нь зүрх сэтгэлээ Бурханд хэзээ ч өгдөггүй. Бурхан чамайг шалгахдаа зүрх сэтгэл чинь Түүнтэй, махан биетэй, эсвэл Сатантай байгаа эсэхийг хардаг. Бурхан чамайг шалгахдаа Түүнийг эсэргүүцэн зогсож байна уу, эсвэл Өөртэй нь нийцсэн байр сууринд байна уу гэдгийг чинь харж, зүрх сэтгэл чинь Өөрийнх нь талд байгаа эсэхийг хардаг. Чи тѳлѳвшѳѳгүй байхдаа шалгалттай тулгахдаа итгэл багатай байдаг бөгөөд үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг учраас Бурханы санаа зорилгыг биелүүлэхийн тулд чухам юу хийх хэрэгтэйгээ мэдэж чадахгүй. Гэвч хэрэв чи үнэнээсээ, чин сэтгэлээсээ Бурханд залбирч чаддаг хэвээр байвал, зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүнийг өөрийн эзэн болгож, хамгийн эрхэм дээд гэж итгэдэг зүйлсээ Түүнд өргөн барихад бэлэн байж чадвал, чи зүрх сэтгэлээ Бурханд аль хэдийн өгчихсөн байх болно. Чи илүү их номлол сонсож, үнэнийг илүү их ойлгох тусам биеийн хэмжээ чинь бас аажмаар өснө. Энэ үед Бурханы шаардлагын стандарт нь чиний дутуу дулимаг байсан үеийнхтэй адилгүй байна; Тэр чамаас илүү өндөр стандарт шаардана. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд аажмаар өгөхийн хэрээр зүрх сэтгэл нь Бурханд аажмаар улам ойртсоор байдаг; хүмүүс Бурханд жинхэнээсээ ойртож чадах тусам зүрх сэтгэл нь Түүнийг улам их хүндэтгэнэ. Бурхан чухам ийм л зүрх сэтгэлийг хүсдэг.
Бурхан хэн нэгний зүрх сэтгэлийг олж авахыг хүсэх үедээ тухайн хүнийг олон тооны шалгалт туулуулна. Эдгээр шалгалтын үеэр хэрвээ Бурхан тухайн хүний зүрх сэтгэлийг олж аваагүй, эсвэл энэ хүнд ямар нэг хандлага байгааг нь харвал, өөрөөр хэлбэл, энэ хүн Түүнд хүндэтгэл үзүүлсэн байдлаар хэрэгжүүлэх буюу авирлахыг нь Бурхан хараагүй, мөн энэ хүнээс Тэр муугаас зайлах хандлага, шийдэмгий байдлыг хараагүй бол, зөндөө олон шалгалтын дараа түүнд гаргасан тэвчээрээ Бурхан буцаан авч, түүнийг цаашид хүлцэхээ болино. Энэ хүнийг Тэр цаашид шалгахаа больж, түүн дээр ажиллахаа болино. Тэгэхээр энэ хүний төгсгөлийн тухайд энэ нь юуг илтгэн харуулж байна вэ? Энэ нь түүнд ямар ч төгсгөл байхгүй гэсэн үг юм. Магадгүй энэ хүн ямар ч муу зүйл хийгээгүй байж болно; магадгүй тэр ямар ч бусниулах зүйл хийж, ямар ч үймээн үүсгээгүй байж болно. Магадгүй тэр Бурханыг илт эсэргүүцээгүй байж болно. Гэвч энэ хүний зүрх сэтгэл Бурханаас далд хэвээр байна; тэр хэзээ ч Бурханд хандах тодорхой хандлага, үзэл бодолтой байгаагүй бөгөөд зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Өөрөөс нь эмээж, муугаас зайлахаар эрж хайж байгааг нь Бурхан тодорхой харж чаддаггүй. Бурхан ийм хүмүүсийг тэвчихээ больж, тэдний төлөө ямар нэг төлөөс төлж, тэдэнд ямар нэг өршөөл үзүүлж, тэдэн дээр ажиллахаа болино. Ийм хүний Бурханд итгэх итгэлийн амьдрал аль хэдийн дууссан. Учир нь түүнд өгсөн олон шалгалтаас бүгдээс нь Бурхан Өөрийн хүссэн үр дүнг олж аваагүй. Тиймээс өөрсдөөс нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг Би хэзээ ч олж хараагүй олон хүн байдаг. Үүнийг хэрхэн харж болох вэ? Энэ хүмүүс олон жил Бурханд итгэсэн байж болно, өнгөн дээрээ маш эрч хүчтэйгээр авирлаж байсан; тэд олон ном уншиж, олон ажил хэргийг зохицуулж, арван хэдэн тэмдэглэлийн дэвтэр дүүргэж, үлэмж олон үг, хоосон сургаал эзэмшсэн. Гэвч тэдэнд ямар ч харагдахуйц өсөлт ер байгаагүй, Бурханы талаарх үзэл бодол нь үл мэдэгдэх хэвээр, хандлага нь тодорхойгүй байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний зүрх сэтгэлийг харах боломжгүй байна; тэдгээр нь үргэлж боодолтой, битүүмжлэгдсэн байдаг—Бурханаас битүүмжлэгдсэн байдаг. Ийм учраас тэдний үнэн зүрх сэтгэлийг Тэр хараагүй, энэ хүмүүсээс Өөрийг нь гэсэн жинхэнэ хүндлэлийг Тэр хараагүй, түүнээс гадна, энэ хүмүүс Өөрийнх нь замаар хэрхэн алхаж байгааг Тэр хараагүй. Хэрвээ одоог хүртэл Бурхан ийм хүмүүсийг олж аваагүй бол ирээдүйд Тэр тэднийг олж авч чадах уу? Чадахгүй! Тэр олж авч чадахгүй зүйлээ авах гэж зүтгээд л байх уу? Тэгэхгүй! Тэгвэл ийм хүмүүст хандах Бурханы одоогийн хандлага ямар вэ? (Тэр тэднийг зэвүүцэн голж, үл ойшоодог.) Тэр тэднийг үл ойшоодог! Бурхан ийм хүмүүсийг анхаарч үздэггүй; Тэр тэднийг зэвүүцэн голдог. Та нар эдгээр үгийг маш хурдан, маш үнэн зөв цээжилсэн. Та нар сонссон зүйлээ ойлгосон мэт байна!
Бурханыг дагаж эхлэхдээ дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг зарим хүн байдаг; тэд Түүний хүслийг ойлгодоггүй, бас Түүнд итгэх гэдэг юу болохыг ч мэддэггүй. Тэд хүний үүсгэсэн, андуу ташаа арга замаар Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Ийм хүмүүс шалгалттай тулгарах үедээ үүнийг мэддэггүй; Бурханы удирдамж, гэгээрэлд хөшүүн хэвээр байдаг. Бурханд зүрх сэтгэлээ өгнө гэж юу болох, шалгалтын үеэр бат зогсох гэж юу болохыг тэд мэдэхгүй. Бурхан ийм хүмүүст хязгаарлагдмал хугацаа өгөөд энэ хугацаанд Бурханы шалгалт гэж юу болох, Бурханы санаа зорилго юу болохыг ойлгуулна. Дараа нь энэ хүмүүс үзэл бодлоо харуулах ёстой. Энэ үе шатанд байгаа хүмүүсийг Бурхан хүлээсээр л байна. Зарим нэг үзэл бодолтой боловч тээнэгэлзсээр байгаа, Бурханд зүрх сэтгэлээ өгөхийг хүсдэг боловч үүнтэй эвлэрээгүй байгаа, хэдийгээр зарим энгийн үнэнийг хэрэгжүүлдэг ч томоохон шалгалт тулгарахад нуугдаж, бууж өгөхийг оролддог хүмүүсийн тухайд—тэдэнд хандах Бурханы хандлага ямар вэ? Тэр одоо ч гэсэн тэднээс жаахныг хүлээдэг бөгөөд үр дүн нь тэдний хандлага болон гүйцэтгэлээс хамаардаг. Хэрвээ хүмүүс ахиц дэвшил гаргахдаа идэвхтэй биш бол Бурхан яадаг вэ? Тэр тэднийг хаядаг. Учир нь Бурхан чамайг хаяхаас өмнө чи аль хэдийн өөрийгөө хаячихсан байдаг. Тиймээс ингэснийх нь төлөө чи Бурханыг буруутгаж болохгүй. Бурханд гомдоллох чинь буруу.
Нэгэн бодитой асуулт хүмүүсийн янз бүрийн ичгүүртэй байдлыг ил болгодог
Бүгдээс хамгийн эмгэнэлт төгсгөлтэй өөр нэг төрлийн хүн байдаг; энэ бол Миний хамгийн дурдах дургүй төрлийн хүн юм. Тэд Бурханы шийтгэлийг хүртэж байгаа, эсвэл тэдэнд тавих Бурханы шаардлага хатуу ширүүн учраас эмгэнэлт төгсгөлтэй болохоороо тэд эмгэнэлтэй биш юм; харин ч энэ нь өөрсдөөс болдог учраас тэд эмгэнэлтэй юм. Ердийн хэлц үгэнд өгүүлдэгчлэн тэд булшныхаа нүхийг өөрсдөө ухдаг. Ямар хүн ингэдэг вэ? Энэ хүмүүс зөв замаар алхдаггүй, тэдний төгсгөл урьдаас ил болдог. Бурханы нүдэнд, ийм хүмүүс бол Түүний жигшил зэвүүцлийн хамгийн том объект юм. Хүмүүсийн хувьд ийм хүмүүс хамгийн хөөрхийлөлтэй нь юм. Ийм хүмүүс Бурханыг дагаж эхлэхдээ маш урам зоригтой байдаг; тэд олон төлөөс төлж, Бурханы ажлын хэтийн төлөвийн талаар санал бодол сайтай, өөрсдийнхөө ирээдүйн тухайд арвин их мөрөөдөлтэй байдаг. Тэд мөн Бурханд нэн итгэлтэй байж, Тэр хүмүүсийг бүрэн төгс болгож, тэднийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачиж чадна гэж итгэдэг. Гэсэн ч ямар нэг шалтгаанаар энэ хүмүүс дараа нь Бурханы ажлын явцад зугтдаг. “Зугтах” гэдэг нь энд юу гэсэн үг вэ? Энэ нь тэд салах ёс хийлгүй, дуу ч гаргалгүйгээр алга болдог гэсэн үг юм; Тэд үг дуугүй явдаг. Хэдийгээр ийм хүмүүс Бурханд итгэдэг гэж хэлдэг боловч үнэндээ Бурханд итгэх замд үндэс сууриа ерөөсөө тавиагүй байдаг. Тиймээс тэд Бурханд хэчнээн удаан итгэсэн ч байсан, Бурханаас нүүр буруулж чадсаар байдаг. Зарим хүн бизнест орохоор, зарим нь өөрийнхөөрөө амьдрахаар, зарим нь баяжихаар, зарим нь гэрлэж, хүүхэдтэй болохоор явдаг… Явж буй хүмүүсийн дунд хожим мөс чанар нь гэнэт сэргэж буцаж ирэхийг хүсдэг зарим хүн байдаг бөгөөд тэсэж үлдэхэд маш хэцүү байдаг, өчнөөн олон жилийн турш энэ хорвоод урсгал даган хөвж дуусдаг нөгөө хэсэг хүн байдаг. Энэхүү зорилгогүй амьдрагчид нь маш их зовлон зүдүүр туулдаг бөгөөд энэ хорвоод амьдрах нь хэтэрхий зовуурьтай, Бурханаас салж чадахгүй гэж тэд итгэдэг. Тэд гай гамшгаас зугтаж, авралыг олж, сайхан хүрэх газарт хүрэхийн тулд Бурханы гэрт буцаж очиж, тайтгарал, амар амгалан, баяр хөөрийг олж авч, Бурханд үргэлжлүүлэн итгэхийг хүсдэг. Учир нь, энэ хүмүүс Бурханы хайр бол хязгааргүй бөгөөд Бурханы нигүүлсэл дундаршгүй гэдэгт итгэдэг. Хүн юу хийсэн байх нь хамаагүй, Бурхан тэднийг уучилж, өнгөрснийг нь тэвчих ёстой гэж боддог. Энэ хүмүүс буцаж ирээд үүргээ биелүүлэхийг хүсэж байгаагаа ахин дахин хэлдэг. Өөрсдийн зарим эд зүйлийг чуулганд өгч, ингэвэл Бурханы гэрт буцаж очих замаа засна гэж найддаг хүмүүс хүртэл байдаг. Ийм хүмүүст хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Тэр тэдний төгсгөлийг хэрхэн тодорхойлох хэрэгтэй вэ? Чөлөөтэй ярьцгаа. (Бурхан ийм хүнийг хүлээж авна гэж бодож байсан, гэхдээ дөнгөж сая үүнийг сонссоны дараа Тэр тэгэхгүй байж магадгүй гэж санагдлаа.) Шалтгаанаа хэл. (Ийм хүмүүс үхлийг өөрийн төгсгөл байлгахгүйн тулд л Бурханы өмнө ирдэг. Тэд үнэхээр чин сэтгэлээсээ Бурханд итгэхээр ирдэггүй; Бурханы ажил удахгүй дуусна гэдгийг мэддэг учраас тэд ирдэг, тиймээс тэд хүрч ирээд ерөөл хүртэж чадна гэж эндүүрдэг.) Чиний хэлж байгаагаар, энэ хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй учраас Тэр тэднийг хүлээн авч болохгүй, тийм үү? (Тийм.) (Миний ойлгож байгаагаар, ийм хүмүүс нь ашиг хонжоо хайгчид бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй.) Тэд Бурханд итгэх гэж ирээгүй; тэд бол ашиг хонжоо хайгчид. Сайхан хэллээ! Энэ ашиг хонжоо хайгчид бол хүн болгоны үзэн яддаг төрлийн хүмүүс юм. Тэд салхи үлээсэн зүгт хийсэж, өөрт нь ашиггүй л бол юуг ч хийе гэж боддоггүй, тэгэхээр мэдээж, тэд жигшмээр! Өөр ах, эгч нарт хуваалцмаар санал бодол байна уу? (Бурхан тэднийг цаашид хүлээж авахгүй, учир нь Түүний ажил дуусах гэж байгаа бөгөөд одоо бол хүмүүсийн төгсгөлийг тогтоох үе юм. Чухам энэ үед л энэ хүмүүс эргэж ирэхийг хүсдэг—тэд үнэхээр үнэнийг эрэлхийлэхийг хүссэндээ биш, харин гай гамшиг ирж буйг харсан, эсвэл гаднын хүчин зүйлс нөлөөлсөн учраас тэр юм. Хэрвээ тэдэнд үнэнийг эрэлхийлэх санаа зорилго үнэхээр байсан бол хэзээ ч Бурханы ажлын дундаас зугтахгүй л байсан.) Өөр санал бодол байна уу? (Тэднийг хүлээж авахгүй. Бурхан үнэндээ тэдэнд аль хэдийн боломж өгсөн боловч тэд Бурханд хайхрамжгүй хандах гэж зүтгэсээр байсан. Энэ хүмүүсийн санаа зорилго ямар байх нь хамаагүй, тэд үнэхээр гэмшиж байсан ч гэсэн Бурхан тэднийг мөн л буцаж ирэхийг нь зөвшөөрөхгүй. Учир нь Тэр тэдэнд маш олон боломж өгсөн атал тэд аль хэдийн өөрсдийн хандлагыг харуулсан: Тэд Бурханыг орхихыг хүссэн. Энэ шалтгааны улмаас одоо тэд буцаж ирэхийг оролдвол Бурхан тэднийг хүлээж авахгүй.) (Бурхан ийм хүнийг хүлээж авахгүй гэдэгтэй би санал нэг байна, учир нь хэрвээ хүн үнэн замыг харж, Бурханы ажлыг маш урт хугацааны турш туулсан байтлаа дэлхий рүү, Сатаны тэвэрт буцаж очиж чадаж байвал энэ нь Бурханаас айхтар урвасан хэрэг юм. Бурханы мөн чанар нь өршөөл, хайр гэдэг нь бодит үнэн боловч энэхүү мөн чанар нь ямар хүнд чиглэж байгаагаас хамаардаг. Хэрвээ энэ хүн тайтгарал хайж, найдаж болох ямар нэгэн зүйл хайж Бурханы өмнө ирвэл, тэр ердөө л Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг төрлийн хүмүүс биш бөгөөд ийм хүмүүст үзүүлэх Бурханы өршөөл энэ хүрээд дуусна.) Хэрэв Бурханы мөн чанар нь өршөөл юм бол, Тэр яагаад ийм хүнд арай жаахан илүүг өгөхгүй байгаа юм бэ? Арай жаахан илүү өршөөл хүртвэл энэ хүнд боломж гарах бус уу? Урьд нь хүмүүс Бурхан хүн бүрийг аврагдаасай гэж хүсдэг бөгөөд хэнийг ч мөхөөсэй гэж хүсдэггүй гэж дандаа хэлдэг байсан; Хэрвээ зуун хониноос нэг нь төөрвөл Бурхан ерэн есийг нь орхиод алга болсон нэгийг нь хайна. Одоо энэ хүмүүсийнхээр бол, тэд чин сэтгэлээсээ итгэх учраас Бурхан тэднийг хүлээж авч, хоёр дахь боломж олгох ёстой юу? Энэ үнэндээ хэцүү асуулт биш; маш энгийн! Хэрвээ та нар Бурханыг үнэхээр ойлгож, Түүний талаар бодит мэдлэгтэй бол нэг их тайлбар хэрэггүй—нэг их таамаг ч бас хэрэггүй, тийм үү? Та нарын хариулт дөхөж байгаа боловч Бурханы хандлагаас хол зөрүүтэй байсаар байна.
Дөнгөж сая та нарын зарим нь Бурхан ийм хүнийг хүлээж авах боломжгүй гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн. Бусад нь тийм ч баттай байгаагүй ба Бурхан тэднийг хүлээж авч ч магадгүй, үгүй ч байж магадгүй гэж бодож байсан—энэ хандлага бол арай дундыг баримталсан хандлага. Бурхан ийм хүнийг хүлээж авна байх гэж найдсан үзэл бодолтой хүмүүс бас байсан—энэ бол илүү тодорхойгүй хандлага юм. Бодож буй зүйлдээ итгэлтэй байдаг та нар шиг хүмүүс, Бурхан маш удаан ажиллаж, Түүний ажил дууссан учраас Тэр энэ хүмүүсийг хүлцэх хэрэггүй гэж итгэдэг; тиймээс Тэр тэднийг дахин хүлээж авахгүй гэж боддог. Та нарын дундаас арай дундыг баримталдаг нь эдгээр асуудлыг нөхцөл байдал тус бүрээр нь шийдэх хэрэгтэй гэж итгэдэг; хэрвээ энэ хүмүүсийн зүрх сэтгэл Бурхантай салшгүй холбоотой, тэд Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг бол Бурхан урьдын сул тал, алдааг нь мартах хэрэгтэй—Тэр энэ хүмүүсийг уучилж, дахин нэг боломж олгон, Түүний гэрт эргэн ирж, Түүний авралыг хүртэхийг нь зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ хэрвээ энэ хүмүүс хожим дахиад зугтах юм бол Бурхан тэднийг хүсэхээ болих бөгөөд энэ хүмүүсийг хаяхыг шударга бус хандсанд тооцож болохгүй. Бурхан ийм хүнийг хүлээж авч чадна гэж найддаг өөр бүлэг хүн байдаг. Энэхүү бүлэг нь Бурхан үнэхээр тэгэх эсэхэд тийм ч итгэлтэй биш байдаг. Хэрвээ Тэр ийм хүнийг хүлээж авах хэрэгтэй гэж тэд итгэж байтал Тэр тэгэхгүй бол энэхүү үзэл бодол нь Бурханы харах өнцөгтэй бага зэрэг нийцэхгүй байгаа мэт санагдана. Хэрвээ Бурхан ийм хүнийг хүлээж авах хэрэггүй гэж тэд итгэж байтал Бурхан, хүнийг гэсэн Өөрийнх нь хайр хязгааргүй бөгөөд ийм хүнд дахин нэг боломж олгохыг хүсэж байна гэж хэлж таарвал энэ нь хүний харанхуй бүдүүлэг байдлыг ил болгож байгаагийн жишээ болох бус уу? Ямар ч байсан та нар бүгд өөрийн гэсэн үзэл бодолтой. Эдгээр үзэл бодол нь та нарын өөрсдийн чинь бодол дахь мэдлэгийг төлөөлдөг; тэдгээр нь мөн үнэн болон Бурханы хүслийн талаарх та нарын ойлголтын гүний тусгал юм. Ингэж хэлэх нь зөв, тийм үү? Энэ асуудал дээр та нарт санал бодол байгаа нь гайхалтай. Гэхдээ та нарын санал бодол зөв эсэх тухай асуулт байсаар байна. Та нар бүгдээрээ бага зэрэг санаа зовж байна, тийм үү? “Тэгвэл юу зөв юм бэ? Бурхан чухам юу бодож байгааг би сайн харахгүй, бас мэдэхгүй байгаа бөгөөд Тэр надад юу ч хэлээгүй. Түүний юу бодож байгааг би яаж мэдэж чадах юм бэ? Бурханы хүн төрөлхтөнд хандах хандлага нь хайр. Урьд нь ханддаг байсан хандлагаараа явбал Тэр ийм хүнийг хүлээж авах ёстой боловч би Бурханы одоогийн хандлагын талаар тийм ч сайн мэдэхгүй байна; Тэр энэ хүнийг хүлээж авч ч магадгүй, авахгүй ч байж магадгүй гэж би хэлж л чадна.” Энэ бол инээдтэй юм, тийм үү? Энэ асуулт та нарыг үнэхээр мухардалд оруулчихлаа. Хэрвээ та нарт энэ асуудлын талаар зүй зохистой үзэл бодол байхгүй бол танай чуулган ийм хүнтэй үнэхээр тулгарвал та нар яах вэ? Хэрвээ та нар нөхцөл байдлыг зөв шийдэхгүй бол Бурханд халдаж болно. Энэ нь аюултай хэрэг явдал бус уу?
Дөнгөж сая Миний гаргаж тавьсан асуудалтай холбогдуулан Би яагаад та нарын үзэл бодлыг асуухыг хүссэн бэ? Би та нарын үзэл бодлыг, Бурханы талаар хэр их мэдлэгтэйг чинь, Түүний санаа зорилго, хандлагын талаар хэр их ойлгож байгааг чинь туршихыг хүссэн юм. Хариулт нь юу вэ? Хариулт нь та нарын үзэл бодол юм. Та нарын зарим нь маш хуучинсаг үзэлтэй, зарим нь төсөөллөө ашиглаж тааж байна. “Таах” гэж юу вэ? Энэ нь та нар Бурхан хэрхэн боддогийг ялган таньж чадахгүй болохоор Бурхан ямар нэгэн байдлаар бодох ёстой гэсэн ор үндэсгүй таамаглал бодож олдог гэсэн үг юм; өөрийнхөө зөв, бурууг та нар өөрсдөө үнэндээ мэдэхгүй учраас тодорхойгүй үзэл бодол илэрхийлдэг. Ийм баримттай тулгараад та нар юу харсан бэ? Хүмүүс Бурханыг дагахдаа Түүний хүсэлд бараг анхаарал хандуулдаггүй, Түүний бодол, хүмүүст хандах Түүний хандлагыг ховорхон анхаарч үздэг. Хүмүүс Бурханы бодлыг ойлгодоггүй тул Түүний санаа зорилго, зан чанарын тухай асуулт асуухад та нар будилдаг; та нар гүн эргэлзээнд автдаг, тэгээд нэг бол тааж, эсвэл аз туршдаг. Энэ ямар гээч сэтгэлгээ вэ? Энэ нь нэг баримтыг баталдаг: Бурханд итгэдэг ихэнх хүн Түүнийг хоосон агаар шиг, нэг хоромд оршин тогтноод дараагийн хоромд үгүй болдог юм шиг санагддаг зүйл шиг үздэг. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Учир нь, асуудалтай тулгарах бүрдээ та нар Бурханы хүслийг мэддэггүй. Та нар Түүний хүслийг яагаад мэддэггүй вэ? Та нар яг одоо л мэдэхгүй байгаа юм биш, харин ч эхнээсээ эцсээ хүртэл та нар энэ асуудлын талаарх Бурханы хандлага юу болохыг мэддэггүй. Чи үүнийг ойлгож чадахгүй, Бурханы хандлагыг ямар болохыг мэдэхгүй боловч энэ талаар сайн бодож байсан уу? Чи үүнийг мэдэхээр эрж хайсан уу? Чи энэ талаар нөхөрлөсөн үү? Үгүй! Энэ нь нэг баримтыг баталж байна: Чиний итгэж үнэмшдэг Бурхан бодит байдлын Бурхантай ямар ч холбоогүй. Чи Бурханд итгэхдээ зөвхөн өөрийн болон удирдагч нарынхаа санаа зорилгыг л эргэцүүлдэг; чи Бурханы хүслийг үнэхээр мэдэж, эрж хайх гэж огтхон ч оролдохгүйгээр, ердөө л Бурханы үгийн өнгөц, онолын утгыг л эргэцүүлдэг. Тийм биш гэж үү? Энэ асуудлын мөн чанар нь тун аймшигтай! Маш олон жилийн дараа Би Бурханд итгэдэг олон хүнийг харсан. Тэдний итгэл Бурханыг оюун санаанд нь юу болгож хувиргасан бэ? Зарим хүн Бурханыг зүгээр нэг хоосон агаар мэт үзэж Түүнд итгэдэг. Энэ хүмүүс Бурханы байгаа, байхгүйг мэдэрч, мэдэж чаддаггүй, тэр ч бүү хэл, тодорхой харж, эсвэл ойлгож чаддаггүй учраас Бурханы оршин тогтнолын талаарх асуултад өгөх хариулт тэдэнд байдаггүй. Дотоод ухамсартаа энэ хүмүүс Бурханыг оршдоггүй гэж боддог. Зарим хүн Бурханыг хүн мэтээр үзэж Түүнд итгэдэг. Өөрсдийнх нь хийж чаддаггүй бүх зүйлийг Тэр бас хийж чадахгүй, Тэр өөрсөд шиг нь бодох ёстой гэж энэ хүмүүс боддог. Тэд Бурханыг “үл үзэгдэх, хүршгүй хүн” тодорхойлдог. Бурханыг хүүхэлдэй мэтээр итгэдэг бүлэг хүн бас байдаг; энэ хүмүүс Бурханд ямар ч сэтгэл хөдлөл байхгүй гэж итгэдэг. Бурхан бол шавар хөшөө, асуудалтай тулгарах үедээ Бурханд ямар ч хандлага, үзэл бодол, санаа байдаггүй гэж тэд боддог; Түүнийг хүн төрөлхтний эрхшээлд байдаг гэж тэд итгэдэг. Хүмүүс ердөө л хүссэнээрээ итгэдэг. Түүнийг тэд агуу болговол Тэр агуу; тэд Түүнийг жижиг болговол Тэр жижиг байдаг. Хүмүүс нүгэл үйлдээд, Бурханы өршөөл, хүлээцтэй байдал, хайр хэрэгтэй болоход Бурхан өршөөлөө үзүүлэх ёстой гэж тэд боддог. Энэ хүмүүс “Бурханыг” оюун ухаандаа зохиож, энэхүү “Бурханаар” хэрэгцээгээ гүйцэлдүүлж, бүх хүслээ хангуулдаг. Хаана, хэзээ гэдэг нь хамаагүй, мөн ийм хүмүүс юу хийдэг нь хамаагүй, тэд Бурхантай харьцаж, Бурханд итгэхдээ энэхүү хоосон төсөөллөө ашигладаг. Бурханы хайр хязгааргүй, Түүний зан чанар зөвт, хүн Түүнд хэчнээн халдах нь хамаагүй, Тэр алийг нь ч санахгүй гэж боддог учраас Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн атлаа өөрсдийг нь Тэр аварч чадна гэж итгэдэг хүмүүс ч бас байдаг. Хүний алдаа, гэм нүгэл, дуулгаваргүй байдал нь тэр хүний зан чанарын түр зуурын илэрхийлэл учраас Бурхан хүмүүст боломж олгож, тэдэнд тэвчээртэй, хүлээцтэй хандана гэж тэд боддог; Бурхан тэднийг урьдын адил хайрласаар байна гэж тэд итгэдэг. Иймээс тэдний аврагдах ихээхэн найдвар тээсээр байдаг. Үнэндээ, хүмүүс Бурханд яаж итгэдэг байх нь хамаагүй, үнэнийг эрэлхийлэхгүй байгаа цагт Тэр тэдэнд сөрөг хандлага баримтална. Учир нь чи Бурханд итгэх явцдаа Бурханы үгийн номыг авч, эрдэнэ мэт үзэж, өдөр бүр судалж, уншдаг атлаа жинхэнэ Бурханыг үл тоомсорлодог. Чи Түүнийг ердөө л нэг хоосон агаар мэт, яг л хүн шиг үздэг—та нарын зарим нь Түүнийг хүүхэлдэйнээс хэтрэхгүй зүйл мэт үздэг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл Миний харж байгаагаар, та нар асуудалтай нүүр тулсан ч бай, эсвэл зарим нэг нөхцөл байдалтай тулгарсан ч бай дотоод ухамсарт чинь оршиж байгаа тэдгээр зүйл, дотроос чинь гарсан тэдгээр зүйл Бурханы үг болон үнэнийг эрэлхийлэхтэй хэзээ ч ямар ч холбоотой байгаагүй. Чи юу бодож байгаа, чиний үзэл бодол юу болохыг чи өөрөө л мэддэг, тэгээд өөрийн бодол санаа, үзэл бодлыг Бурханд хүчээр тулгадаг. Чи оюун санаандаа тэдгээрийг Бурханы үзэл бодол болгодгийн дээр эдгээр үзэл бодлыг стандарт болгон тууштай баримталдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, ингэж авирлах нь чамайг Бурханаас улам бүр холдуулдаг.
Бурханы хандлагыг ойлгож, Бурханы талаарх бүх буруу төсөөллийг хая
Та нарын одоо итгэж байгаа энэ Бурхан чухам ямар Бурхан юм бэ? Та нар ер нь энэ талаар бодож үзсэн үү? Муу хүн муу үйл үйлдэж буйг хараад Тэр үзэн яддаг уу? (Тиймээ, Тэр тэгдэг.) Харанхуй бүдүүлэг хүмүүс алдаа гаргахыг хараад Түүний хандлага ямар байдаг вэ? (Гунигтай.) Тахилыг нь хүмүүс хулгайлж байгааг хараад Тэр ямар хандлагатай байдаг вэ? (Тэр тэднийг үзэн яддаг.) Энэ бүгд маш ойлгомжтой. Хүн Өөрт нь итгэх итгэлдээ төөрөлдөж, үнэнийг яагаад ч эрэлхийлэхгүй байгааг нь хараад Бурхан ямар хандлагатай байдаг вэ? Та нар тийм ч итгэлтэй биш байна, тийм үү? “Төөрөгдөл” гэдэг бол хандлага болохын хувьд нүгэл биш, бас Бурханд халдаж байгаа ч хэрэг биш бөгөөд энэ нь нэг төрлийн томоохон алдаа биш гэж хүмүүст санагддаг. Тэгэхээр энэ тохиолдолд Бурханы хандлага ямар байхыг Надад хэлээч? (Тэр үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.) “Хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байх”—энэ ямар хандлага вэ? Энэ нь Бурхан энэ хүмүүсийг дорд үзэж, үл тоомсорлодог гэсэн үг юм! Тэр энэ хүмүүстэй харьцаж байгаа байдал нь хүйтэн хөндий хандлага байдаг. Гэгээрэл, гэрэлтүүлэлт, цээрлүүлэлт, сахилгажуулалтын ажил зэрэг ямар ч ажлыг тэдэн дээр хийлгүйгээр үл тоомсорлох нь Бурханы арга барил юм. Ийм хүмүүсийг ердөө л Бурханы ажилд оруулдаггүй. Түүний зан чанарыг хилэгнүүлж, захиргааны зарлигийг нь зөрчдөг хүмүүст хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Туйлын их жигшил зэвүүцэл! Түүний зан чанарыг хилэгнүүлсэндээ гэмшдэггүй хүмүүст Бурхан туйлын их хилэгнэдэг. “Хилэгнэсэн” гэдэг нь зөвхөн мэдрэмж, сэтгэлийн байдал юм; энэ нь тодорхой хандлагатай холбоогүй. Гэхдээ иймэрхүү мэдрэмж, сэтгэлийн байдал нь ийм хүмүүст төгсгөл авчирна: Энэ нь Бурханыг туйлын их жигшлээр дүүргэнэ! Энэхүү туйлын их жигшлийн үр дагавар нь юу вэ? Бурхан энэ хүмүүсийг үл тоомсорлож, хэсэг хугацаанд хариу өгөхгүй. Тэгээд Тэр “намрын улирлын дараа” тэднийг ялгахаар хүлээнэ. Энэ нь ямар санааг агуулж байна вэ? Энэ хүмүүст төгсгөл байсаар байх уу? Бурхан ийм хүмүүст төгсгөл өгөхийг хэзээ ч зориогүй! Иймээс Бурхан ийм хүмүүст одоо хариу өгөхгүй байгаа нь тун хэвийн хэрэг бус уу? (Тийм, энэ бол хэвийн.) Ийм хүмүүс одоо юу хийхээр бэлдэж байх ёстой вэ? Тэд өөрсдийн зан авир болон үйлдсэн муу үйлийнхээ сөрөг үр дагаврыг үүрэхэд бэлдэх хэрэгтэй. Энэ бол ийм хүнд барьж буй Бурханы хариу юм. Иймээс Би одоо ийм хүмүүст: Эндүүрэлтэйгээ зууралдахаа боль, бүтэшгүй мөрөөдөл бүү өвөрлө хэмээн тодорхой хэлж байна. Бурхан хүмүүст үргэлж хүлээцтэй хандахгүй; Тэр тэдний гэм буруу, дуулгаваргүй байдлыг үргэлж тэсвэрлэхгүй. Зарим хүн: “Би ч бас иймэрхүү цөөн хэдэн хүн харж байсан, залбирах үед нь Бурхан тэдний сэтгэлийг онцгойлон хөдөлгөж, тэд гашуунаар уйлдаг. Ер нь тэд бас маш их аз жаргалтай байдаг; Бурхан тэдэнтэй хамт байгаа мэт, Бурханы удирдамж тэдэнд байгаа мэт санагддаг” гэж хэлнэ. Ийм дэмий юм бүү ярь! Гашуунаар уйлж байгаа нь заавал Бурхан сэтгэлийг нь хөдөлгөсөн юм уу, эсвэл Бурхан түүнтэй хамт байгаа гэсэн үг биш, Бурханы удирдамж байна гэсэн үг бүр ч биш. Хэрвээ хүмүүс Бурханыг хилэгнүүлбэл Бурхан тэднийг удирдан чиглүүлсээр байх уу? Товчхондоо, Бурхан хэн нэгнийг таягдан хаяж, орхихоор шийдсэн бол тэр хүний төгсгөл аль хэдийн үгүй болдог. Залбирах үед нь тэдэнд хэчнээн таатай санагдах, зүрх сэтгэлдээ Бурханд хэчнээн их итгэдэг байх нь хамаагүй энэ нь чухал биш болсон байдаг. Чухал зүйл нь Бурханд ийм итгэл хэрэггүй; Бурхан энэ хүмүүсийг аль хэдийн зэвүүцэн голсон. Ирээдүйд тэдэнтэй хэрхэн харьцах нь ч бас чухал биш. Чухал зүйл нь гэвэл, энэ хүмүүс Бурханыг уурлуулах яг тэр мөчид төгсгөл нь тогтоогддог. Хэрвээ Бурхан ийм хүмүүсийг аврахгүй гэж шийдсэн бол тэд шийтгүүлэхээр үлдэнэ. Бурханы хандлага энэ билээ.
Хэдийгээр Бурханы мөн чанар хайр агуулдаг бөгөөд Тэр хүн болгонд өршөөнгүй ханддаг боловч Түүний мөн чанар нь бас нэр хүнд гэдгийг хүмүүс анзаардаггүй, мартсан байдаг. Түүнд хайр бий гэдэг нь хүмүүс Түүнд дураараа халдаж болдог, Тэр ямар ч мэдрэмж, хариу үйлдэл гаргахгүй гэсэн үг биш, түүнд өршөөл бий гэдэг нь хүмүүст хэрхэн хандах талаар Түүнд ямар ч зарчим байхгүй гэсэн үг бас биш билээ. Бурхан амьд; Тэр үнэхээр оршдог. Тэр бол төсөөллийн хүүхэлдэй, эсвэл өөр ямар нэг эд зүйлийн аль нь ч биш. Тэр оршдог болохоор бид Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг цаг үргэлж анхааралтай сонсож, Түүний хандлагад нухацтай анхаарал хандуулж, Түүний мэдрэмжийг ойлгож авах хэрэгтэй. Бурханыг тодорхойлохдоо бид хүмүүсийн төсөөллийг ашиглах ёсгүй, бас хүмүүний бодол, хүслийг Түүнд тулган, Бурханыг хүний төсөөлөлд үндэслэсэн хүний арга барилаар хүнд ханддаг болгох ёсгүй. Хэрвээ тэгвэл чи Бурханыг уурлуулж, Бурханы уур хилэнг төрүүлж, Бурханы эрхэм чанарыг сорьж байна! Тиймээс энэ асуудал хэр хүнд болохыг та нар ойлгож авмагцаа өөрийнхөө үйлдэлд анхаарал болгоомжтой бай гэж Би та нарын хүн нэг бүрээс шаардаж байна. Хэлж ярихдаа ч мөн анхаарал болгоомжтой бай—чи Бурханд хэрхэн хандах тухайд бол анхаарал болгоомжтой байх тусмаа сайн! Бурханы хандлага ямар болохыг ойлгохгүй байхдаа хайхрамжгүй бүү ярь, хайхрамжгүй үйлдэл бүү хий, хайнга нэр хоч бүү зүүлгэ. Түүнээс ч чухал нь, дур зоргоороо дүгнэлт бүү хий. Үүний оронд чи хүлээж, эрж хайх ёстой; ийм үйлдэл нь бас Бурханаас эмээж, муугаас зайлахын илрэл юм. Юуны түрүүнд, хэрвээ чи үүнд хүрч чадвал, юуны түрүүнд, чи ийм хандлагатай бол тэнэглэл, харанхуй бүдүүлэг байдал болон аливаа юмсын цаад учир шалтгааныг ойлгодоггүй гээд Бурхан чамайг буруутгахгүй. Харин ч Бурханд халдахаас айдаг, Түүний санаа зорилгыг хүндэлдэг, Түүнийг дуулгавартай дагахад бэлэн хандлагын чинь ачаар Бурхан чамайг санаж, чамайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж, дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг байдлыг чинь тэвчих болно. Эсрэгээрээ, Түүнд хандах хандлага чинь хүндэтгэлгүй—Түүнийг хүссэнээрээ шүүж, Түүний санаа бодлыг дур зоргоороо таамаглаж, тодорхойлж байвал—Бурхан чамайг яллаж, сахилгажуулж, бүр шийтгэнэ; эсвэл Тэр чиний талаар санал шүүмж хэлж магад. Тэрхүү санал шүүмж нь чиний төгсгөлтэй хамаатай байж ч болох юм. Тиймээс Би үүнийг дахин нэг удаа цохон тэмдэглэмээр байна: Та нар дор бүрнээ Бурханаас ирдэг бүхэнд анхаарал, болгоомжтой байх ёстой. Хайхрамжгүй бүү ярь, мөн хайхрамжгүй үйлдэл бүү хий. Чи ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө зогсоод бодох ёстой: Миний энэ үйлдвэл Бурханыг уурлуулах болов уу? Ингэснээрээ би Бурханыг хүндэлж байна уу? Энгийн асуудал дээр ч гэсэн чи эдгээр асуултыг ойлгох гэж оролдон, тэдгээрийг бодож үзэхэд илүү их хугацаа зарцуулах хэрэгтэй. Хэрвээ чи бүхий л талаар, бүх зүйл дээр, цаг ямагт эдгээр зарчмын дагуу үнэхээр хэрэгжүүлж, ялангуяа ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ ийм хандлага баримталбал Бурхан чамайг үргэлж залж чиглүүлж, дагах замаар хангана. Хүмүүс ямар дүр үзүүлэх нь хамаагүй, Бурхан тэднийг тун тодорхой, ил тод хардаг бөгөөд ийнхүү үзүүлсэнд чинь үнэн зөв, тохирох үнэлгээг өгнө. Сүүлчийн шалгалтыг туулсны чинь дараа Бурхан чиний төгсгөлийг тодорхойлохын тулд бүх зан авирыг чинь авч бүрэн нэгтгэж дүгнэнэ. Энэхүү үр дүн нь хүн нэг бүрийг ямар ч эргэлзээгүйгээр итгүүлнэ. Би энд та нарт юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл: Та нарын үйл хэрэг, үйлдэл бүр, бодол болгон хувь заяаг чинь шийднэ.
Хүмүүсийн төгсгөлийг хэн тодорхойлдог вэ?
Хэлэлцэх ёстой хамгийн чухал бас нэг асуудал байгаа бөгөөд тэр нь Бурханд хандах та нарын хандлага юм. Энэ хандлага бол туйлын чухал! Энэ нь та нарыг эцэстээ сүйрэл рүү явах уу, эсвэл та нарт зориулж Бурханы бэлдсэн гайхалтай сайхан хүрэх газар луу явах уу гэдгийг шийддэг. Хаанчлалын эрин үед Бурхан хэдийнээ 20 гаруй жил ажилласан бөгөөд магадгүй энэ 20 жилийн хугацаанд та нар ямар байсан талаараа сэтгэлийнхээ гүнд бага зэрэг итгэлгүй байж ирсэн байх. Гэвч Бурхан зүрх сэтгэлдээ та нарын хүн нэг бүрийн талаар бодит, үнэн зөв бүртгэл хийчихсэн. Хүн болгон Түүнийг дагаж, Түүний номлолыг сонсож, үнэнийг аажмаар улам их ойлгож эхэлсэн үеэс нь эхлээд, хүн болгон үүргээ биелүүлж эхэлсэн хүртэлх хүн бүрд хамаарах бүх зан төлөвийн байдлын бүртгэлийг Бурхан хөтөлсөн. Үүргээ гүйцэтгэж, бүх төрлийн орчин нөхцөл, шалгалттай тулгарч байхдаа хүмүүсийн хандлага ямар байдаг вэ? Тэд хэрхэн биелүүлдэг вэ? Зүрх сэтгэлд нь Бурханы талаар ямар мэдрэмж төрдөг вэ?… Бурханд энэ бүгдийн данс, бүртгэл бий; Тэд бүгдийнх нь бүртгэлийг хөтөлдөг. Та нарын бодлоор эдгээр асуудал толгой эргэмээр байж магад. Гэвч Бурханы үзэж байгаагаар бол тэдгээр нь бүгд тов тодорхой, хайнга байдлын өчүүхэн төдий ч ул мөр байдаггүй. Энэ бол хүн нэг бүрийн төгсгөлтэй хамаатай, тэдний хувь заяа болон хэтийн ирээдүйг хөндсөн асуудал, тэр ч байтугай, Бурхан уйгагүй хүчин чармайлтаа энд л зарцуулдаг; иймд Бурхан үүнийг хэзээ ч өчүүхэн төдий ч үл ойшоож тэвчихгүй, бас ямар ч хайнга байдлыг тэвчихгүй. Бурхан хүн төрөлхтний энэхүү дансны бүртгэлийг хөтөлж, Бурханыг дагасан хүмүүсийн замналыг эхнээс нь төгсгөл хүртэл бүгдийг нь тэмдэглэж авдаг. Энэ хугацаанд Бурханд хандах чиний хандлага хувь заяаг чинь тодорхойлдог. Энэ үнэн бус уу? Одоо чи Бурхан зөвт гэдэгт итгэж байна уу? Түүний үйлдэл зохистой юу? Та нарын толгойд Бурханы талаар өөр ямар нэгэн төсөөлөл байсаар байна уу? (Үгүй.) Тэгэхээр та нар хүний төгсгөл бол Бурханы тодорхойлдог зүйл гэж хэлэх үү, эсвэл хүмүүс өөрсдөө тодорхойлдог зүйл гэж хэлэх үү? (Энэ бол Бурханы тодорхойлох зүйл.) Хэн эдгээрийг тодорхойлдог вэ? (Бурхан.) Та нар итгэлгүй байна, тийм үү? Хонконгийн ах, эгч нар аа, хэлээч—хэн тэдгээрийг тодорхойлдог вэ? (Хүмүүс өөрсдөө тэдгээрийг тодорхойлдог.) Хүмүүс өөрсдөө тодорхойлдог гэж үү? Тэгвэл хүмүүсийн төгсгөл Бурхантай ямар ч хамаагүй гэсэн үг болох бус уу? Өмнөд Солонгосын ах, эгч нар хэлээч. (Бурхан хүмүүсийн бүх үйлдэл, үйл хэрэг дээр үндэслэж, мөн явж байгаа замынх нь дагуу төгсгөлийг нь тодорхойлдог.) Энэ маш бодитой хариулт байна. Миний та бүхэнд мэдэгдэх ёстой нэг баримт бий: Бурхан авралын ажлынхаа явцад хүмүүст зориулж стандарт тогтоосон. Тэд Бурханы үгийг сонсож, Бурханы замаар алхах ёстой байх нь энэхүү стандарт билээ. Энэ стандартыг хүмүүсийн төгсгөлийг дэнслэхэд ашигладаг. Чи Бурханы энэ стандартын дагуу хэрэгжүүлбэл сайн төгсгөл олж авч чадна; тэгэхгүй бол чи сайн төгсгөл олж авч чадахгүй. Тэгэхээр энэ төгсгөлийг хэн тодорхойлдог гэж чи хэлэх вэ? Бурхан ганцаараа биш, харин Бурхан, хүн хоёр хамтдаа үүнийг тодорхойлдог. Энэ зөв үү? (Зөв.) Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурхан хүн төрөлхтнийг аврах ажил хийж, хүн төрөлхтөнд үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг бэлдэхийг идэвхийлэн хүсдэг; хүмүүс бол Бурханы ажлын объект бөгөөд энэ төгсгөл, энэхүү хүрэх газрыг Бурхан тэдэнд бэлдэж өгдөг. Хэрвээ Түүнд ажиллах объект байгаагүй бол Тэр энэ ажлыг хийх хэрэггүй байх байв; Бурхан энэ ажлыг хийгээгүй бол хүмүүст аврал хүртэх боломж үгүй байх байлаа. Хүмүүс бол аврагдах хүмүүс, хэдийгээр аврагдах нь энэхүү процессын идэвхгүй тал нь боловч энэ үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүсийн хандлага нь хүн төрөлхтнийг аврах ажилдаа Бурхан амжилттай байх уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. Бурхан чамайг залж чиглүүлдэггүй байсан бол чи Түүний стандартыг мэдэхгүй, бас зорилгогүй байх байсан. Чамд энэ стандарт, энэ зорилго байсан ч, чи хамтран ажилладаггүй, үүнийг хэрэгжүүлдэггүй, төлөөс төлдөггүй хэвээр байвал энэ төгсгөлийг олж авахгүй. Ийм учраас хүний төгсгөлийг Бурханаас салгаж болохгүй, бас хүнээс салгаж болохгүй гэж Би хэлдэг. Одоо тэгэхээр та нар хүмүүсийн төгсгөлийг хэн тодорхойлдгийг мэдэж авлаа.
Хүмүүс туршлага дээр тулгуурлан Бурханыг тодорхойлох хандлагатай байдаг
Бурханыг мэдэх тухай сэдвийг хэлэлцэж байх үед та нар нэг зүйлийг анзаарсан уу? Бурханы хандлага сүүлийн үед өөрчлөгдсөнийг та нар анзаарсан уу? Хүмүүст хандах Түүний хандлага хувиршгүй юу? Бурхан үргэлж ингэж тэвчиж, бүх хайр, өршөөлөө хүмүүст үүрд үзүүлсээр байх уу? Энэ асуудалд Бурханы мөн чанар бас хамаардаг. Өмнө нь дурдсан үрэлгэн хүү гэгчийн асуулт руу буцаж очицгооё. Энэ асуултыг асуусны дараа та нарын хариулт тийм ч тодорхой байгаагүй; өөрөөр хэлбэл, та нар Бурханы санаа зорилгыг баттай сайн ойлгоогүй байна. Бурхан хүн төрөлхтнийг хайрладгийг мэдээд тэд Түүнийг хайрын бэлгэ тэмдэг гэж тодорхойлдог: Хүмүүс юу хийж, хэрхэн авирлаж, Бурханд яаж хандаж, хэчнээн дуулгаваргүй байсан ч бай, Бурханд хайр байдаг учраас, Бурханы хайр хязгааргүй агаад хэмжээлшгүй учраас эдгээрийн аль нь ч үнэндээ хамаагүй; Бурханд хайр байдаг учраас Тэр хүмүүст хүлээцтэй хандаж чаддаг; Бурханд хайр байдаг учраас Тэр хүмүүст, тэдний дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг, дуулгаваргүй байдалд өршөөнгүй хандаж чаддаг гэж тэд итгэдэг. Энэ үнэхээр ийм байдаг уу? Зарим хүний хувьд, тэд Бурханы тэвчээрийг нэг удаа, эсвэл хэдэнтээ мэдэрснийхээ дараа энэхүү туршлагаа Бурхан талаарх ойлголтынхоо хөрөнгө мэт үзэж Тэр өөрсдөд нь үүрд тэвчээртэй, өршөөнгүй хандана гэж итгээд амьдралынхаа явцад Бурханы энэхүү тэвчээрийг өөрсдөд нь хандах Түүний стандарт болгож үздэг. Бурханы хүлээцтэй байдлын нэг удаа мэдэрснийхээ дараа Бурханыг хүлээцтэй, тэдний бодлоор бол энэхүү хүлээцтэй байдал нь хязгааргүй, хариу нэхдэггүй, бүр ямар ч зарчимгүй гэж үүрд тодорхойлох хүмүүс бас байдаг. Ийм итгэл үнэмшил зөв үү? Бурханы мөн чанар, Бурханы зан чанарын тухай асуудлыг хэлэлцэх бүрд та нар гайхширсан мэт харагддаг. Та нарын ийм байгааг харах нь Намайг тун их түгшээдэг. Та нар Бурханы мөн чанартай холбоотой олон үнэнийг сонссон; мөн Түүний зан чанартай холбоотой нэлээд олон хэлэлцүүлгийг сонссон. Гэвч та нарын оюун санаанд эдгээр асуудал болон үнэний энэ талууд нь зүгээр л онол болон бичигдсэн үгс дээр үндэслэсэн ой санамжууд юм; та нарын хэн нь ч өдөр тутмын амьдралдаа Бурханы зан чанар гэж чухамхүү юу болохыг хэзээ ч мэдэрч, харж чадаагүй. Тиймээс та нар бүгд итгэхдээ мунгинуу байдаг; Бурханд хүндэтгэлгүй хандаж, бүр Түүнийг үл тоомсорлох хүртлээ та нар бүгд сохроор итгэж байна. Та нар Бурханд ийм хандлагатай байх нь юунд хүргэдэг вэ? Энэ нь та нарыг үргэлж Бурханы талаар дүгнэлт хийхэд хүргэдэг. Та нар өчүүхэн төдий мэдлэг олж авмагцаа маш их сэтгэл ханаж, Бурханыг бүхэлд нь олж авсан мэт санагддаг. Дараа нь Бурхан ийм л байдаг гэж дүгнэх бөгөөд Түүнийг чөлөөтэй хөдөлгөдөггүй. Түүнчлэн Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийх болгонд Түүнийг Бурхан гэдгийг нь та нар хүлээн зөвшөөрч чаддаггүй. Нэг л өдөр Бурхан “Би хүн төрөлхтнийг хайрлахаа болино; Би хүмүүст өршөөл үзүүлэхээ болино; хүмүүст гаргах Миний тэсвэр, тэвчээр барагдлаа; Би тэднийг туйлаас жигших жигшил, дургүйцлээр дүүрэн боллоо” гэж хэлэх үед хүмүүс энэхүү мэдэгдлээс болж сэтгэлийнхээ гүнд зөрчилдөнө. Тэдний зарим нь бүр “Та миний Бурхан байхаа больсон; Та миний дагахыг хүссэн Бурхан байхаа хэдийнээ больсон. Хэрвээ Та ингэж хэлж байгаа бол, Та цаашид миний Бурхан байхад тохирохгүй бөгөөд би Таныг цаашид дагах хэрэггүй. Хэрвээ Та надад өршөөл үзүүлж, намайг хайрлаж, надад хүлээцтэй хандахгүй юм бол би Таныг дагахаа болино. Та намайг хязгааргүй тэвчиж, надад үргэлж хүлээцтэй хандаж, Та бол хайр, тэвчээр, хүлээцтэй байдал гэдгээ надад харуулах юм бол л би Таныг дагаж чадна, зөвхөн тэр үед л би эцсээ хүртэл Таныг дагах итгэлтэй болно. Би нэгэнт Таны тэвчээр, өршөөлийг хүртсэнээс хойш миний дуулгаваргүй байдал болон гэм нүгэл үүрд өршөөгдөж, уучлагдаж болохын дээр би хэдийд ч, хаана ч нүгэл үйлдэж, улайж, өршөөгдөж, мөн Таныг уурлуулж болно. Та миний талаар сэтгэгдэлтэй байх, эсвэл дүгнэлт хийх ёсгүй” гэж хэлдэг. Хэдийгээр магадгүй та нарын нэг нь ч ийм асуудлын талаар субьектив байдлаар, санаатайгаар бодохгүй ч гэсэн Бурханыг нүглийг чинь уучлах хэрэгсэл, гайхалтай сайхан хүрэх газар олж авахад ашиглах объект гэж үзэх болгондоо, чи амьд Бурханыг чадамгайгаар өөрийнхөө эсрэг, өөрийн дайсан болгосон байдаг. Надад ингэж харагддаг. “Би Бурханд итгэдэг”, “Би үнэнийг эрэлхийлдэг”, “Би зан чанараа өөрчлөхийг хүсэж байна”, “Би харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхийг хүсэж байна”, “Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна”, “Би Бурханд дуулгавартай байхыг хүсэж байна”, “Би Бурханд үнэнч байж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсэж байна” гэх мэт зүйлсийг чи хэлсээр байж магадгүй юм. Гэхдээ чиний үг хэчнээн сайхан сонсогддог, чи хэдий их онол мэддэг, тэр онол хэдий сүржин, хүндэлмээр байх нь хамаагүй бодит үнэн гэвэл одоо та нарын ихэнх нь Бурханы талаар дүгнэлт хийхдээ эзэмшсэн дүрэм журам, хоосон сургаал, онолоо хэрхэн ашиглахыг аль хэдийн сурсан учраас Түүнийг хар аяндаа л өөрсдийнхөө эсрэг тавьдаг. Хэдийгээр чи үсэг, хоосон сургаал эзэмшсэн боловч үнэний бодит байдалд жинхэнээсээ ороогүй учраас чиний хувьд Бурхантай ойр болж, Түүнийг мэдэж, ойлгох нь маш хэцүү байдаг. Энэ бол тун эмгэнэлтэй явдал юм!
Би дараах дүр зургийг видеоноос үзлээ: Хэдэн эгчид “Үг нь махбодоор илэрсэн” ном байх бөгөөд тэд үүнийг маш өндөрт өргөн барьж байсан; тэд энэхүү номыг дундаа, толгойноосоо өндөрт өргөж байсан. Хэдийгээр энэ нь зүгээр л нэг дүрс боловч Миний дотор төрсөн зүйл нь дүрс биш, харин хүн бүр зүрх сэтгэлдээ өндөрт тээдэг зүйл бол Бурханы үг биш, харин Бурханы үгийн ном гэж Надад бодогдсон. Энэ бол туйлын гунигтай хэрэг. Ийм үйлдэл нь Бурханыг өндөрт өргөж байгаатай огтхон ч адилгүй, учир нь та нарт Бурханы талаарх ойлголт байхгүй болохоор мэдээжийн асуулт, өчүүхэн жижиг асуудал хүртэл та нарыг өөрсдийн гэсэн үзэлтэй болгодог. Би та нараас нухацтайгаар юм асуухад, таамаглал, өөрсдийн төсөөллөөрөө хариулдаг; та нарын зарим нь бүр эргэлзсэн өнгөтэй болж, Миний асуултыг асуултаар хариулдаг. Та нарын итгэдэг Бурхан чинь жинхэнэ Бурхан биш гэдгийг энэ нь Надад улам тодорхой хэлж өгдөг. Бурханы үгийг ийм олон жилийн турш уншсаныхаа дараа та нар дахиад л тэдгээрийг, Бурханы ажил болон илүү их хоосон сургаалыг ашиглан Түүний талаар дүгнэлт хийдэг. Түүнчлэн, та нар Бурханыг ойлгох гэж хэзээ ч оролддоггүй; Түүний санаа зорилгыг ухаарч, хүмүүст хандах Түүний хандлагыг ойлгож, эсвэл Бурхан хэрхэн боддог, Тэр яагаад гунигтай, ууртай байдаг, Тэр яагаад хүмүүсийг зэвүүцэн голдог болон иймэрхүү бусад асуултыг ухаарч ойлгох гэж хэзээ ч хичээдэггүй. Түүнээс гадна, Бурхан хүн төрөлхтний талаар хандлага, санаа бодолгүйгээр, тэдний янз бүрийн үйлдлийг нь зүгээр л ажиглаж байдаг учраас Бурхан үргэлж дуугүй байсаар ирсэн гэж бүр ч олон хүн итгэдэг. Гэтэл өөр нэг бүлэг хүн Бурхан үг дуугүй хүлээн зөвшөөрсөн учраас дуу гаргадаггүй, Тэр хүлээж байгаа, эсвэл ямар ч хандлагагүй учраас Тэр чимээгүй байгаа гэж итгэдэг; Бурханы хандлагыг хэдийнээ номд бүрэн дэлгэрэнгүй өгүүлсэн, хүн төрөлхтөнд бүрэн дүүрэн илэрхийлсэн учраас хүмүүст ахин дахин давтан хэлэх хэрэггүй гэж тэд боддог. Бурхан хэдийгээр чимээгүй байгаа ч Түүнд хандлага, үзэл бодлоос гадна хүмүүсээс хүрэхийг шаарддаг стандарт байсаар байдаг. Хэдийгээр хүмүүс Түүнийг ойлгох гэж, эрж хайх гэж хичээдэггүй боловч Бурханы хандлага маш тодорхой байдаг. Нэгэн үе маш их урам зоригтойгоор Бурханыг дагаж байсан атлаа хэзээ нэгэн цагт Түүнийг хаяж, орхиод явсан хүнийг аваад үзье. Энэ хүн одоо буцаж ирэхийг хүслээ гэхэд, гайхалтай нь та нар Бурханы үзэл бодол, Бурханы хандлага ямар байхыг мэддэггүй. Энэ бол туйлын гунигтай хэрэг бус уу? Үнэндээ энэ бол нэлээд өнгөцхөн асуудал юм. Хэрвээ та нар Бурханы зүрх сэтгэлийг үнэхээр ойлгосон бол, ийм хүнд хандах Түүний хандлагыг мэдэх байсан бөгөөд тодорхойгүй хариулт өгөхгүй байсан. Та нар мэдэхгүй байгаа учраас Би хэлж өгье.
Ажлынх нь явцад зугтсан хүмүүст хандах Бурханы хандлага
Ийм хүмүүс хаа сайгүй байдаг: Тэд Бурханы замын талаар итгэлтэй байдаг байснаа янз бүрийн шалтгаанаар гарч явж, юу хүссэнээ хийх гээд баяртай ч гэж хэлэлгүй чимээгүйхэн явдаг. Энэ хүмүүсийн явдаг шалтгааныг бид одоохондоо ярилцахгүй; эхлээд бид ийм хүнд хандах Бурханы хандлага ямар байдгийг авч үзэх болно. Энэ маш тодорхой байна. Бурханы нүдэнд бол, энэ хүмүүс явсан тэр мөчөөс Бурханд итгэх хугацаа нь дуусдаг. Үүнийг хувь хүн өөрөө биш, харин Бурхан дуусгасан. Энэ хүн Бурханыг орхиж явсан нь Бурханыг хэдийн голж, Түүнийг хүсэхээ больж, Бурханы авралыг хүлээн авахаа больсон гэсэн үг юм. Ийм хүн Бурханыг хүсэхгүй байгаагаас хойш Бурхан түүнийг хүсэж болно гэж үү? Түүнчлэн ийм хүмүүс ийм хандлага, ийм үзэл бодолтойн дээр Бурханыг орхиж явахаар шийдэхдээ Бурханы зан чанарыг аль хэдийн хилэгнүүлсэн байдаг. Хэдийгээр тэд уурсаж, Бурханыг хараагаагүй, аливаа балиар, дэндсэн авир гаргаагүй ч гэсэн, мөн хэдийгээр энэ хүмүүс “Би гадаа ханатал зугаацаж, эсвэл ямар нэгэн зүйлийн улмаас Бурхан надад хэрэгтэй хэвээр байх өдөр ирвэл би эргэж ирнэ. Эсвэл Бурхан намайг дуудвал би эргэж ирнэ” хэмээн бодож эсвэл “Би гаднаа гомдож, эсвэл гадаад ертөнц хэтэрхий харанхуй, хэтэрхий хорон муухай гэдгийг хараад урсгалаараа явахыг хүсэхээ болих үедээ Бурханд эргэж очно” гэж хэлдэг ч гэсэн тийм байдаг. Хэдийгээр энэ хүмүүс яг хэзээ буцаж очихоо дотроо тооцоолсон ч гэсэн, буцаж ирэх хаалгаа онгорхой орхихыг хичээсэн ч гэсэн тэд юунд итгэж, хэрхэн төлөвлөх нь хамаагүй, энэ бүгд зүгээр л хий хоосон мөрөөдөл гэдгийг тэд ухаардаггүй. Тэдний явахыг хүсэж байгаа нь Бурханд ямар санагдахыг мэддэггүй нь тэдний хамгийн том алдаа юм. Тэд Бурханыг орхиж явахаар шийдсэн тэр мөчөөс Тэр тэднийг бүрмөсөн хаядаг; тэр үед Тэрээр ийм хүний төгсгөлийг зүрх сэтгэлдээ аль хэдийн тодорхойлсон байдаг. Тэр нь ямар төгсгөл вэ? Тэр нь энэ хүн хулгануудын нэг учраас тэдэнтэй хамт мөхөх болно. Тиймээс хүмүүс хэн нэгэн Бурханыг хаясан боловч шийтгэл хүртэхгүй байх иймэрхүү нөхцөлийг дандаа хардаг. Бурхан зарчмынхаа дагуу ажилладаг. Зарим зүйлийг харж болдог байхад заримыг нь Бурхан зөвхөн зүрх сэтгэлдээ шийдвэрлэдэг учраас хүмүүс үр дүнг нь харж чаддаггүй. Хүмүүст харагддаг тал нь аливаа юмны жинхэнэ тал байх албагүй, харин чиний хардаггүй нөгөө тал нь үнэндээ Бурханы жинхэнэ чин сэтгэлийн бодол, дүгнэлтийг агуулдаг.
Бурханы ажлын үеэр зугтсан хүмүүс бол үнэн замыг хаядаг хүмүүс юм
Ажлынх нь үеэр зугтсан хүмүүст Бурхан яагаад тийм ноцтой шийтгэл өгдөг вэ? Яагаад Тэр тэдэнд маш их уурладаг вэ? Юуны өмнө Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн гэдгийг бид мэднэ; Тэр бол хэн нэгэнд нядлуулах хонь биш, хүмүүсийн хүссэнээрээ удирдах хүүхэлдэй бүр ч биш. Тэрээр мөн захируулдаг хоосон агаар ч биш. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт үнэхээр итгэдэг бол Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байж, Түүний мөн чанарыг уурлуулах учиргүй гэдгийг мэдэх ёстой. Энэхүү уур хилэн нь нэг үгээс, нэг бодлоос, магадгүй зарим төрлийн өөдгүй зан авираас, эсвэл бүр нэг төрлийн аядуу зөөлөн зан авираас, хүмүүсийн нүдээр, хүний ёс зүйгээр зүгээр өнгөрөөж болох зан авираас үүдсэн юм уу магадгүй хоосон сургаал, онолоос үүдэлтэй байж ч болно. Гэхдээ нэгэнт Бурханыг уурлуулсан бол чи боломжоо алдаж, төгсгөлийн өдрүүд чинь ирсэн байна. Энэ бол аймшигтай зүйл! Хэрвээ чи Бурханд халдаж болохгүй гэдгийг ойлгодоггүй бол Бурханаас айдаггүй, магадгүй Түүнд тогтмол халддаг байж болзошгүй юм. Хэрвээ чи Бурханаас хэрхэн эмээхээ мэддэггүй бол Бурханаас эмээж чадахгүй бөгөөд Бурханы замаар алхах—Бурханаас эмээж, муугаас зайлах зам дээр хэрхэн өөрөө гарахыг мэдэхгүй. Чи үүнийг мэддэг болж, Бурханд халдаж болохгүй гэдгийг ухаарч ойлгомогц, Бурханаас эмээж, муугаас зайлах гэж юу болохыг мэдэх болно.
Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхах нь чи хэр их үнэнийг мэддэг, хэр их шалгалт туулсан, эсвэл хэр их сахилгажсан тухай байх албагүй юм. Харин ч энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд хандах хандлагаас чинь болон ямар мөн чанарыг илэрхийлдгээс чинь хамаардаг. Хүмүүсийн мөн чанар болон тэдний субьектив хандлага маш чухал, гол түлхүүр нь юм. Бурханаас татгалзаж, орхиж явсан хүмүүсийн тухайд гэвэл, Түүнд хандах тэдний жигшмээр хандлага, үнэнийг үзэн яддаг зүрх сэтгэл нь хэдийнээ Түүний зан чанарыг уурлуулсан учраас Түүний хувьд тэд хэзээ ч уучлагдахгүй. Тэд Бурханы оршин тогтнолын тухай мэддэг, Тэр аль хэдийн ирчихсэн гэдэг мэдээлэл тэдэнд байсан, бүр Бурханы шинэ ажлыг ч туулсан. Тэдний явсан нь төөрөгдөлд орсон эсвэл мунгинасан хэрэг биш, тэднийг албадсан хэрэг бүр ч биш. Харин ч тэд ухамсартайгаар, саруул ухаанаар Бурханыг орхиж явахыг сонгосон. Тэдний явсан нь замаа алдсан явдал биш, тэд хаягдсан хэрэг ч бас биш. Тиймээс Бурханы нүдэнд тэд бол замаа алдсан үрэлгэн хүү байх нь байтугай, сүргээсээ төөрсөн хурга ч биш юм. Тэд аймшиггүйгээр явсан бөгөөд ийм нөхцөл, ийм байдал нь Бурханы зан чанарыг хилэгнүүлдэг бөгөөд ийнхүү хилэгнэсэн учраас Тэр тэдэнд горь тасрам төгсгөл өгдөг. Ийм төгсгөл аймшигтай бус уу? Иймээс, хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй бол Бурханд халдаж болно. Энэ бол жижиг асуудал биш! Хэрвээ хүмүүс Бурханы хандлагыг нухацтай авч үздэггүй, мөн тэд бол Бурханы зарим төөрсөн хурганууд бөгөөд зүрх сэтгэлээ өөрчлөхийг нь Бурхан хүлээсээр байгаа учраас буцаж ирэхийг нь Бурхан тэсэн ядан хүлээж байгаа гэж итгэсээр байдаг бол тэд шийтгэгдэх өдрөөсөө тийм ч холгүй байна. Бурхан тэднийг хүлээж авахаас зүгээр ч нэг татгалзахгүй. Тэд Түүний зан чанарыг хоёр дахь удаагаа хилэгнүүлж байгаа тул хэрэг явдал бүр ч илүү аймшигтай! Энэ хүмүүсийн хүндэтгэлгүй хандлага Бурханы захиргааны зарлигийг хэдийнээ зөрчсөн байдаг. Тэр тэднийг одоо ч хүлээж авах уу? Энэ асуудлын талаарх Түүний зүрх сэтгэл дэх зарчим бол, хүн үнэн замын тодорхой мэдлэгийг олж авсныхаа дараа ч ухамсартайгаар, саруул ухаанаар Бурханыг голж, Бурханаас явж чадаж л байвал Бурхан тийм хүний авралд хүрэх замыг нь хааж, хойшид энэ хүний хаанчлалд орох хаалга нь хаагдана. Энэ хүн дахин нэг ирж хаалга тогшиход Бурхан хаалгаа нээж өгөхгүй; энэ хүн үүрд хаалганы цаана үлдэнэ. Магадгүй та нарын зарим нь Библи дэх Мосегийн түүхийг уншсан байх. Бурхан Мосег мялаасны дараа 250 удирдагч Мосегийн үйлдэл болон өөр янз бүрийн шалтгааны улмаас дуулгаваргүй байдлаа түүнд илэрхийлсэн. Тэд хэнд захирагдахаас татгалзсан бэ? Энэ нь Мосе байгаагүй. Тэд Бурханы зохицуулалтад захирагдахаас татгалзсан; тэд энэ асуудал дээр Бурханы ажилд захирагдахаас татгалзсан. Тэд дараах зүйлийг хэлсэн: “Та нар арай дэндэж байна. Чуулсан олон түмэн, хүн бүр нь ариун бөгөөд Ехова тэдний дунд байна.” Хүний үзэл бодлоор бол эдгээр үг, мөр маш ноцтой юу? Тэдгээр нь ноцтой биш. Ядаж л эдгээр үгийн үгчилсэн утга нь ноцтой биш. Хуулийн үүднээс тэд ямар ч хууль зөрчөөгүй, учир нь, энэ нь гадна өнгөндөө дайсагнасан үг хэлтэй биш, доромжилсон өнгө аяс бүр ч байхгүй. Эдгээр нь жирийн л өгүүлбэр, өөр юу ч биш. Тэгвэл яагаад эдгээр үг Бурханы уур хилэнг тэгж их өдөөж чаддаг вэ? Яагаад гэвэл, тэдгээрийг хүмүүст биш, харин Бурханд хэлсэн юм. Тэдний илэрхийлсэн хандлага, зан чанар нь Бурханы зан чанарыг хилэгнүүлдэг яг тэр зүйл бөгөөд тэд Бурханы халдаж болохгүй зан чанарт халддаг. Тэдгээр удирдагчийн төгсгөл эцэстээ ямар байсныг бид бүгд мэднэ. Бурханыг хаясан хүмүүсийн тухайд тэд ямар үзэл бодолтой вэ? Тэдний хандлага ямар вэ? Мөн яагаад тэдний үзэл бодол, хандлага нь Бурхан тэдэнтэй ингэж харьцахад хүргэдэг вэ? Үүний шалтгаан нь, Түүнийг Бурхан гэдгийг тэд сайн мэдэж байсан ч гэсэн Түүнээс урвах замыг сонгосон, тийм учраас тэд аврагдах боломжоо бүрэн алдсан. Библид: “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй” (Еврей 10:26) гэж хэлсэнтэй яг адилхан. Та нар одоо энэ асуудлын талаар тодорхой ойлгосон уу?
Хүмүүсийн хувь заяаг Бурханд хандах хандлагаар нь шийддэг
Бурхан бол амьд Бурхан бөгөөд хүмүүс өөр өөр нөхцөл байдалд өөр өөрөөр авирладагтай яг л адил эдгээр авирт хандах Түүний хандлага өөр өөр байдаг, учир нь Тэр хүүхэлдэй биш, хоосон агаар ч биш. Хүн төрөлхтөн Бурханы хандлагыг мэдэж авахаар эрэлхийлбэл зохино. Хүмүүс Бурханы хандлагыг мэдсэнээрээ Бурханы зан чанарыг хэрхэн бага багаар мэдэж, Түүний зүрх сэтгэлийг ойлгож авч болохыг сурах ёстой. Бурханы зүрх сэтгэлийг бага багаар ойлгоод ирэхийн цагт Бурханаас эмээж, муугаас зайлах нь биелүүлэхэд тийм ч хэцүү зүйл гэж чамд санагдахгүй. Түүнчлэн, чи Бурханыг ойлгох үед Түүний талаар дүгнэлт хийх магадлал бага болно. Чи Бурханы талаар дүгнэлт хийхээ боливол Бурханд халдах магадлал бүр л бага болж, чамайг мэдээгүй байхад Бурхан чамайг Өөрийнх нь талаар мэдлэг олж авахад хөтөлнө; энэ нь зүрх сэтгэлийг чинь Бурханыг хүндлэх сэтгэлээр дүүргэнэ. Тэгээд чи өөрийн эзэмшсэн хоосон сургаал, үсэг, онолын аргаар Бурханыг тодорхойлохоо болино. Харин ч бүх зүйлээс үргэлж Бурханы санаа зорилгыг эрж хайснаар, чи өөрийн мэдэлгүй Бурханы зүрх сэтгэлийн дагуу хүн болно.
Бурханы ажил нь хүмүүст харагддаггүй, хүршгүй боловч Бурханы хувьд, хүн болгоны үйлдлийг, Өөрт нь хандах тэдний хандлагын хамт Тэр ойлгодог төдийгүй, бас Өөрт нь илэрхий байдаг. Үүнийг хүн бүр танин мэдэж, тодорхой ойлгосон байх ёстой. Чи өөрөөсөө үргэлж “Миний энд хийж байгааг зүйлийг Бурхан мэддэг болов уу? Яг одоо миний юу бодож байгааг Тэр мэддэг болов уу? Тэр мэддэг ч байж магадгүй, мэддэггүй ч байж магадгүй” хэмээн асууж байж магад. Хэрвээ чи ийм үзэл бодолтой байж, Бурханыг дагаж, Түүнд итгэдэг боловч, Түүний ажил, Түүний оршин тогтнолд эргэлзэж байвал эрт орой хэзээ нэгэн цагт чи Түүний уур хилэнг хүргэх өдөр ирнэ, учир нь, чи аль хэдийн аюулт хавцлын ирмэг дээр дэнжгэнэж байна. Бурханд олон жил итгэсэн ч гэсэн Бурханы хүслийг ойлгох нь байтугай үнэн-бодит байдлыг олж аваагүй хүмүүсийг Би харж байсан. Энэ хүмүүс амь болон биеийн хэмжээндээ ямар ч ахиц гаргахгүй, гагцхүү хамгийн өнгөц хоосон сургаалыг баримталж байдаг. Учир нь, энэ хүмүүс Бурханы үг нь өөрөө амь гэж хэзээ ч үзэж байгаагүй, хэзээ ч Түүний оршин тогтнолтой нүүр тулж, хүлээн авч байгаагүй. Бурхан тийм хүмүүсийг хараад баяр хөөрөөр дүүрдэг гэж чи бодож байна уу? Тэд Түүнийг тайтгаруулдаг уу? Тиймээс хүмүүс Бурханд хэрхэн итгэх нь тэдний хувь заяаг шийддэг. Хүмүүс Бурханыг хэрхэн эрж хайж, Түүнд хэрхэн хандах тухайд бол хүмүүсийн хандлага хамгийн чухал юм. Бодлын чинь мухарт эргэлдэж буй хоосон агаар мэт Бурханыг бүү үл тоомсорло; өөрийн итгэдэг Бурханыг үргэлж амьд, жинхэнэ Бурхан гэж бод. Тэр гурав дахь тэнгэрт хийх юмгүй сууж байгаа юм биш. Харин ч Тэр хүн бүрийн зүрх сэтгэл рүү байнга өнгийж, юу хийх гэж байгааг чинь ажиж, жижиг сажиг үг, үйл хэрэг бүрийг чинь харж, хэрхэн авирлаж байгаа, Түүнд хандах хандлага чинь ямар болохыг байнга харж байдаг. Чи өөрийгөө Бурханд өгөх хүсэлтэй ч бай, үгүй ч бай, бүхий л үйлдэл, сэтгэлийн гүн дэх бодол, санаа чинь Бурханы өмнө илхэн, Түүнд харагдаж байдаг. Чиний зан авир, үйл хэрэг, Түүнд хандах чиний хандлагаас шалтгаалж чиний талаарх Түүний санаа бодол, чамд хандах Түүний хандлага байнга өөрчлөгдөж байдаг. Би зарим хүнд бага зэрэг зөвлөгөө өгмөөр байна: Бурхан чамайг ухаангүй хайрлах ёстой юм шиг, чамайг хэзээ ч орхиод явж чадахгүй юм шиг, чамд хандах Түүний хандлага хувиршгүй, хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй юм шиг өөрсдийгөө Бурханы гар дээр нялх хүүхэд шиг бүү тавь, мөн мөрөөдөхөө боль гэж Би зөвлөе! Бурхан хүн болгонд зөвт ханддаг, Тэрээр хүмүүсийг байлдан дагуулж, аврах ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Энэ бол Түүний удирдлага юм. Тэрээр хүн болгонд нухацтай ханддаг бөгөөд тоглож наадах гэрийн тэжээвэр амьтан шиг үздэггүй. Хүмүүсийг гэх Бурханы хайр бөөцийлж, эрхлүүлэх хайр биш, хүн төрөлхтөнд үзүүлдэг Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь ч бас өөгшүүлсэн, зоргоор нь тавьсан биш байдаг. Эсрэгээрээ хүмүүсийг гэх Бурханы хайранд амийг энхрийлж, өрөвдөж, хүндлэх багтдаг; Түүний өршөөл, хүлээцтэй байдал тэдэнд тавьсан Түүний итгэл найдварыг илэрхийлдэг бөгөөд хүн төрөлхтөнд амьд үлдэхэд хэрэгтэй зүйл юм. Бурхан амьд бөгөөд үнэхээр оршин тогтнодог; хүн төрөлхтөнд хандах Түүний хандлага зарчимтайн дээр ягшмал бөөн дүрэм огтхон ч биш, бас энэ нь өөрчлөгдөх боломжтой. Хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зорилго цаг хугацааны эрхээр, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, хүн нэг бүрийн хандлагатай хамт аажмаар хувьсан, өөрчлөгдөж байдаг. Иймээс Бурханы мөн чанар хувиршгүй, Түүний зан чанар өөр өөр үед, өөр өөр нөхцөл байдлаас гардаг гэдгийг чи зүрх сэтгэлдээ тов тодорхой мэдэж байх ёстой. Энэ бол ноцтой асуудал гэж чи бодохгүй байж болно, Бурхан юмыг хэрхэн хийх ёстойг төсөөлөхдөө чи үзлээ ашиглаж магадгүй. Гэхдээ үзэл бодлын чинь яг эсрэг нь үнэн байх үе байдаг бөгөөд үзлээ ашиглан Бурханыг хэмжих гэж оролдсоноороо чи Түүнийг хэдийнээ уурлуулсан. Учир нь, Бурхан чиний боддог шиг ажилладаггүй, чиний хэлдэг шигээр энэ асуудалд ханддаггүй. Иймээс чи өөрийн эргэн тойрондоо байгаа юм болгонд хандахдаа болгоомжтой, хянамгай байж, бүх зүйл дээр Бурханы замаар алхах—Бурханаас эмээж, муугаас зайлах зарчмыг дагах талаар суралц гэж Би чамд сануулж байна. Чи Бурханы хүсэл, Бурханы хандлагын асуудал дээр бат ойлголттой болж, энэ талаар чамтай хэлэлцэх гэгээрсэн хүмүүсийг олж, хичээнгүйлэн эрж хайх ёстой. Өөрийн итгэдэг Бурханыг хүүхэлдэй шиг үзэж, дур зоргоороо шүүж, Түүний талаар дураараа дүгнэлт хийж, Түүнд зохих ёсоор хүндэтгэлтэй хандахгүй байж болохгүй. Бурхан чамайг аварч, төгсгөлийг чинь тодорхойлох зуураа чамд өршөөл, хүлээцтэй байдал, эсвэл шүүлт, гэсгээлт хүртээж магадгүй боловч ямар ч тохиолдолд чамд хандах Түүний хандлага өөрчлөгдөшгүй биш юм. Түүнд хандах чиний хандлагаас гадна Түүний талаарх ойлголтоос чинь энэ нь хамаардаг. Бурханы талаарх түрхэн зуурын өрөөсгөл мэдлэг, ойлголтоороо Түүнийг үүрд мөнхөд тодорхойлж болохгүй. Үхсэн Бурханд бүү итгэ; амьд Бурханд итгэ. Үүнийг санаж яв! Хэдийгээр Би та нарын сонсох хэрэгтэй байсан зарим үнэнийг энд хэлэлцсэн боловч та нарын одоогийн байдал, биеийн хэмжээнээс шалтгаалан урам зоригийг чинь мохоохгүйн тулд одоохондоо та нарт илүү их шаардлага тавихгүй. Тэгэх нь зүрх сэтгэлийг чинь хэтэрхий их уйтгараар дүүргэж, Бурханд дэндүү их урам хугарахад хүргэж болно. Үүний оронд, та нар урдах замаараа алхахдаа зүрх сэтгэлдээ байгаа Бурханыг гэх хайр, Бурханыг хүндэлдэг хандлагаа ашиглаж чадна гэж Би найдаж байна. Бурханд хэрхэн итгэх тухай энэ асуудлыг бүү аргацаа; үүнийг байж болох хамгийн том асуултуудын нэг гэж үз. Үүнийг зүрх сэтгэлдээ тээж, хэрэгжүүлж, бодит амьдралтай холбо; зүгээр нэг бүү дүр үзүүл. Учир нь, энэ бол амьдрал, үхлийн асуудал, чиний хувь заяаг тодорхойлох асуудал билээ. Үүнд тоглоом, наргиан шиг бүү ханд! Өнөөдөр та нартай эдгээр үгийг хуваалцсаныхаа дараа та нар толгойдоо хэчнээн их зүйлийг нь ойлгож авсан бол гэж Би гайхаж байна. Өнөөдөр энд Миний ярьсан зүйлийн талаар асуух асуулт та нарт байна уу?
Хэдий эдгээр сэдэв нь бага зэрэг шинэ, та нарын үзэл бодол, ер нь та нарын эрэлхийлж, анхаардаг зүйлсээс бага зэрэг холдсон боловч эдгээрийг та нар хэсэг хугацаанд нөхөрлөвөл Миний энд хэлсэн бүхний талаар та нар нийтлэг ойлголттой болно. Эдгээр сэдэв нь бүгд маш шинэ, та нарын урьд өмнө хэзээ ч эргэцүүлж үзэж байгаагүй сэдвүүд болохоор ямар нэгэн байдлаар та нарын ачааг нэмэхгүй гэж Би найдаж байна. Би өнөөдөр эдгээр үгийг та нарыг айлгахын тулд хэлж байгаа юм биш, бас тэдгээрийг Би та нартай харьцах арга зам болгож ашиглаж байгаа ч юм биш; харин ч Миний зорилго бол бодит үнэний тухай бодит баримтыг ойлгоход та нарт туслах явдал юм. Хүн, Бурханы хоёр хоорондоо ялгаатай учраас хэдийгээр хүмүүс Бурханд итгэдэг ч гэсэн Түүнийг хэзээ ч ойлгож, хандлагыг нь мэдэж байгаагүй. Түүнчлэн хүмүүс Бурханы хандлагад санаа тавихдаа хэзээ ч нэг их урам зоригтой байгаагүй. Харин ч тэд сохроор итгэж, явсан бөгөөд Бурханы талаарх мэдлэг, ойлголтдоо хайхрамжгүй байж ирсэн. Тиймээс Би эдгээр асуудлыг та нарт ойлгомжтой болгож, та нарын итгэдэг энэ Бурхан чинь чухам ямар төрлийн Бурхан бэ, мөн Тэр юу бодож байгаа, янз бүрийн хүмүүст хандахдаа Түүний хандлага ямар байдаг, та нар Түүний шаардлагыг биелүүлэхээс хэр хол байгаа, та нарын үйлдэл болон Түүний шаарддаг стандарт хоёрын хоорондох зөрүү хэр их байгааг ойлгоход та нарт туслахыг хичээж байна. Ийм зүйлсийг та нарт мэдүүлэх нь та нарт өөрсдийгөө хэмжих хэмжүүр өгөх зорилготой бөгөөд ингэснээр явж байгаа зам чинь ямар үр дүн рүү хөтөлж байгааг, энэ зам дээр юу олж аваагүйг, ямар салбарт огт оролцож байгаагүйгээ та нар мэднэ. Та нар өөр хоорондоо хэлэлцэхдээ цар хүрээний хувьд тун явцуу, өнгөцхөн агуулгатай цөөн хэдэн түгээмэл хэлэлцдэг сэдвийн талаар ихэвчлэн ярьдаг. Та нарын хэлэлцдэг зүйл, Бурханы санаа зорилго хоёрын хооронд, мөн та нарын хэлэлцүүлэг болон Бурханы шаардлагын цар хүрээ, стандартын хооронд зай, завсар байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ийнхүү үргэлжлүүлэх нь та нарыг Бурханы замаас улам л хол хазайхад хүргэнэ. Та нар ердөө л Бурханы одоогийн айлдварыг авч, шүтэн мөргөх объект болгож, тэдгээрийг зан үйл, дүрэм журам гэж хардаг. Та нар үүнийг л хийж байгаа! Үнэндээ, та нарын зүрх сэтгэлд Бурханы орон зай байхгүй, Тэр та нарын зүрх сэтгэлийг үнэндээ хэзээ ч олж аваагүй. Бурханыг мэдэх маш хэцүү гэж зарим хүн боддог—энэ үнэн. Энэ хэцүү. Хэрвээ хүмүүсээс үүргээ биелүүлж, гаднаа аливаа зүйлсийг хийж, шаргуу ажилла гэвэл Бурханд итгэх маш амархан юм байна гэж тэд бодно, учир нь энэ бүхэн хүний хийж чадах хэмжээнд байдаг. Гэхдээ сэдэв нь Бурханы санаа зорилго болон хүнд хандах Түүний хандлага руу шилжих мөчид хүн болгоны бодлоор юм үнэхээр арай илүү хэцүү болдог. Яагаад гэвэл, үүнд үнэний тухай хүмүүсийн ойлголт, тэдний бодит байдлын оролт хамаардаг, тэгэхээр мэдээж, тодорхой хэмжээгээр хүндрэлтэй байна! Гэсэн ч эхний хаалгаар нэвтэрч, оролтыг олж авч эхэлсний чинь дараа юм аажмаар улам бүр хялбар болдог.
Бурханаас эмээж эхлэх цэг нь Түүнд Бурхан шиг хандах юм
Нэг хүн саяхан нэг асуулт дэвшүүлсэн байна: Бид Бурханыг Иовын мэдэж байснаас илүү сайн мэддэг мөртөө Түүнийг яагаад яагаад хүндэлж чаддаггүй юм бэ? Бид энэ асуудлыг өмнө нь бага зэрэг хөндсөн. Үнэндээ, энэ асуудлын мөн чанарыг ч бас өмнө нь хэлэлцсэн, Иов тухайн үед Бурханыг мэддэггүй байсан ч гэсэн Түүнд Бурхан шиг хандаж, Түүнийг тэнгэр, газар, бүх зүйлийн Эзэн гэж үздэг байсан. Иов Бурханыг дайснаа гэж үзээгүй; харин Түүнийг бүх зүйлийг Бүтээгч хэмээн шүтэн мөргөдөг байсан. Өнөө үед хүмүүс яагаад Бурханыг ийм их эсэргүүцдэг вэ? Тэд яагаад Бурханыг хүндэлж чаддаггүй вэ? Нэг шалтгаан нь тэд Сатанаар гүн завхруулагдсан бөгөөд сатанлаг уг чанар тэдэнд гүн шингэсэн болохоор тэд Бурханы дайсан болсон юм. Тиймээс тэд хэдийгээр Бурханд итгэж, Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч Түүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө Түүний эсрэг тавьж чадсан хэвээр байдаг. Хүний уг чанар үүнийг тодорхойлдог. Нөгөө нэг шалтгаан нь хүмүүс Бурханд итгэдэг ч гэсэн ердөө л Түүнд Бурхан шиг ханддаггүй. Харин ч Түүнийг өөрсдийн дайсан гэж үзээд хүн төрөлхтний эсрэг тавьж, Бурхантай эвлэршгүй гэж санагддаг. Ийм л энгийн юм. Энэ асуудал өмнөх хэлэлцүүлэгт хөндөгдсөн бус уу? Үүнийг бодоод үз: Энэ шалтгаан нь бус уу? Бурханы талаар бага зэрэг мэдлэг чамд байдаг боловч энэ мэдлэг чинь яг юунд хүргэх вэ? Хүн бүрийн яриад байгаа зүйл энэ бус уу? Бурханы чамд хэлсэн зүйл энэ бус уу? Чи үүний онолын болон сургаалын талыг нь л мэддэг, гэвч чи Бурханы жинхэнэ царайг ойлгож байсан уу? Чамд субьектив мэдлэг бий юу? Чамд бодитой мэдлэг, туршлага бий юу? Бурхан чамд хэлээгүй бол чи мэдэж чадах байсан уу? Онолын мэдлэг чинь жинхэнэ мэдлэгийг төлөөлдөггүй. Товчхондоо, хэр их мэддэг, үүнийг хэрхэн мэдэж авсан чинь хамаагүй, Бурханы талаар жинхэнэ ойлголт олж авах хүртэл Тэр чиний дайсан байна, Бурханд үнэхээр Бурхан шиг хандах хүртэл Тэр чамайг эсэргүүцнэ, учир нь чи бол Сатаны биелэл билээ.
Чи Христтэй хамт байхдаа магадгүй чи Түүнд өдрийн гурван хоолоор үйлчилж, цайгаар үйлчилж, Түүний амьдралын хэрэгцээнд санаа тавьж чадах байх; чи Христэд Бурхан шиг хандаж байгаа юм шиг байна. Ямар нэг зүйл тохиолдох бүрд хүмүүсийн үзэл бодол үргэлж Бурханы үзэл бодлын эсрэг байдаг; хүмүүс үргэлж Бурханы үзэл бодлыг ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хүмүүс өнгөн дээрээ Бурхантай сайн харилцаатай байдаг хэдий ч энэ нь тэд Түүнтэй нийцтэй байдаг гэсэн үг биш. Ямар нэгэн зүйл тохиолдмогц хүн төрөлхтний дуулгаваргүй байдлын үнэн төрх ил гарч, ингэснээр хүн болон Бурханы хооронд оршдог дайсагналыг баталдаг. Энэхүү дайсагнал нь Бурхан хүнийг эсэргүүцэж, хүнд дайсагнахыг хүсэж байгаа хэрэг биш, мөн Тэр тэднийг Өөрийнхөө эсрэг тавьж, тэдэнд тэгж хандаж байгаа хэрэг ч бас биш юм. Харин ч Бурханы эсрэг энэхүү мөн чанар нь хүний субьектив хүсэлд, хүний далд ухамсарт нуугдаж байгаа хэрэг юм. Хүмүүс Бурханаас ирдэг бүхнийг өөрсдийн судалгааны объект гэж үздэг болохоор Бурханаас ирдэг зүйлд, Бурхантай хамаатай зүйлд хандах хариу үйлдэл нь юун түрүүнд таамаглаж, эргэлзэн, дараа нь Бурхантай зөрчилдөж, Түүнийг эсэргүүцсэн хандлага сонгох байдаг. Үүний дараа удалгүй тэд сөрөг ааш авир тээн Бурхантай маргалдаж, тэмцэлдэхэд хүрч, бүр ийм Бурханыг дагавал зохих эсэх талаар эргэлзэх хүртлээ дэнддэг. Эрүүл ухаан нь тэдэнд ийм байдлаар үргэлжлүүлж болохгүй гэдгийг хэлдэг боловч тэд өөрийн эрхгүй ингэхээр сонгож, эцсээ хүртэл ямар ч эргэлзээгүйгээр үргэлжлүүлэх болно. Жишээлбэл, Бурханы тухай цуу яриа, гүтгэлэг сонсоод зарим хүний эхний хариу үйлдэл ямар байдаг вэ? Тэдний хамгийн түрүүнд үзүүлдэг хариу үйлдэл нь энэ цуу яриа үнэн, худал эсэх, ийм цуур яриа байдаг эсэх талаар гайхширч, тэгээд харзнах хандлага сонгох байдаг. Тэгээд тэд “Үүнийг магадлах арга алга. Үнэхээр ийм явдал болсон болов уу? Энэ үнэн болов уу, үгүй болов уу?” хэмээн бодож эхэлдэг. Хэдийгээр ийм хүмүүс өнгөн дээрээ харуулдаггүй ч гэсэн зүрх сэтгэлдээ аль хэдийн эргэлзэж, Бурханыг аль хэдийн үгүйсгээд эхэлсэн байдаг. Ийм хандлага, ийм үзэл бодлын мөн чанар нь юу вэ? Энэ нь урвалт бус уу? Тэдэнд ийм асуудал тулгарах хүртэл энэ хүмүүсийн үзэл бодол юу болохыг чи харж чадахгүй; тэд Бурхантай зөрчилддөггүй, Түүнийг дайсан гэж үздэггүй мэт харагддаг. Гэвч асуудал тулгармагц тэд даруй Сатантай хамт зогсож, Бурханыг эсэргүүцдэг. Энэ нь юуг харуулж байна вэ? Энэ нь хүн, Бурхан хоёр бол эсрэг тэсрэг гэдгийг харуулж байна! Бурхан хүн төрөлхтнийг дайснаа гэж үздэг биш, харин хүн төрөлхтний мөн чанар өөрөө Бурханд дайсагнаж байдгаас тэр юм. Хүн Бурханыг хэчнээн удаан дагаж, хэр их төлөөс төлсөн нь хамаагүй, хүн Түүнийг хэрхэн магтаж, Түүнийг хэрхэн эсэргүүцэхээс тэвчиж, бүр Бурханыг хайрлах гэж хэчнээн өөрсдийгөө хүчилдэг ч бай, тэд Бурханд хэзээ ч Бурхан шиг хандаж чадахгүй. Үүнийг хүмүүсийн мөн чанар тодорхойлдог бус уу? Хэрвээ чи Түүнд Бурхан шиг хандаж, Тэр бол Бурхан гэж жинхэнээсээ итгэдэг бол Түүнд эргэлзэж чадна гэж үү? Чи зүрх сэтгэлдээ Түүний тухай ямар нэгэн асуултын тэмдэг тээсээр байж чадна гэж үү? Чадахгүй, тийм үү? Энэ хорвоогийн чиг хандлага маш ёрын муу, энэ хүн төрөлхтөн ч мөн адил; тиймээс чамд яахаараа тэдгээрийн талаар ямар ч үзэл байхгүй байж болох юм бэ? Чи өөрөө тун хорон муу, тиймээс яахаараа чи тэр талаар ямар ч үзэлгүй байдаг юм бэ? Гэтэл хэдхэн цуу яриа, зарим нэг гүтгэлэг л Бурханы тухай тийм том үзлийг бий болгож, маш олон зүйлийг төсөөлөхөд хүргэж чадаж байгаа нь биеийн хэмжээ чинь хэчнээн дутуу дулимаг болохыг харуулж байна! Ердөө л хэдхэн шумуул, хэдхэн балиар ялааны “шунгинаан” чамайг мэхлэхэд хангалттай гэж үү? Энэ ямар гээч хүн бэ? Бурхан ийм хүмүүсийн талаар юу боддогийг чи мэдэх үү? Тэдэнд хандах Бурханы хандлага үнэндээ маш тодорхой. Ийм хүмүүст хандах Бурханы хандлага нь тэдэнд хүйтэн хөндий хандах—тэдэнд ямар ч анхаарал тавихгүй, энэхүү харанхуй бүдүүлэг хүмүүсийг нухацтай авч үзэхгүй байх нь Түүний хандлага юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Түүнд эцсээ хүртэл дайсагнахаар амлалт өгсөн, Түүнтэй нийцтэй байх замыг эрж хайхаар хэзээ ч төлөвлөөгүй тэр хүмүүсийг олж авна гэж Бурхан зүрх сэтгэлдээ хэзээ ч төлөвлөөгүй билээ. Миний хэлсэн эдгээр үг хэдэн хүнийг гомдоож магадгүй юм. Тэгвэл та нарыг үргэлж ингэж гомдоохыг минь та нар хүсэж байна уу? Та нар хүссэн, хүсээгүй, Миний хэлж байгаа бүхэн бодит үнэн! Хэрвээ Би та нарыг үргэлж ингэж гомдоож, шархыг чинь ил болговол зүрх сэтгэлдээ тээдэг та нарын эрхэм дээд Бурханы дүр төрхөд нөлөөлөх үү? (Нөлөөлөхгүй.) Тэгэхгүй гэдэгтэй Би санал нийлж байна, учир нь, та нарын зүрх сэтгэлд Бурхан огт байхгүй. Та нарын зүрх сэтгэлд оршдог, та нарын жигтэйхэн өмгөөлж, хамгаалдаг Бурхан бол ердөө л Бурхан биш. Харин хүний төсөөллөөс гарсан зүйл; тэр ердөө оршдоггүй. Иймээс энэ оньсогын хариуг Би ил болгох нь хамаагүй илүү дээр; энэ нь бодит үнэнийг ил болгож байгаа хэрэг бус уу? Жинхэнэ Бурхан бол хүний төсөөлдөг тэр зүйл биш. Та бүхэн энэ бодит байдалтай нүүр тулж чадахын дээр энэ нь Бурханы талаарх мэдлэгт чинь тус болно гэж Би найдаж байна.
Бурханы хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс
Бурхан итгэлийг нь зүрх сэтгэлдээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй зарим хүн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан итгэлийг нь сайшаадаггүй учраас энэ хүмүүсийг Өөрийнхөө дагалдагч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хүмүүсийн хувьд, Бурханыг хэчнээн жил дагасан ч гэсэн, тэдний санаа, үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөөгүй; тэд шүтлэггүй хүмүүс шиг шүтлэггүй хүмүүсийн бусад хүмүүстэй харилцах зарчим, арга барил, тэдний амьд үлдэх хууль болон итгэлийг баримталдаг. Тэд хэзээ ч Бурханы үгийг хүлээн авч амиа болгодоггүй, Бурханы үг бол үнэн гэж хэзээ ч итгээгүй, хэзээ ч Бурханы авралыг хүлээн авах гэж зориогүй, Бурханыг хэзээ ч өөрсдийн Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Бурханд итгэхийг нэг төрлийн сонирхогчдын хобби хэмээн харж, ердөө л сүнслэг тэжээл мэт Түүнд ханддаг болохоор Бурханы зан чанар, эсвэл мөн чанарыг ойлгох гэж хичээвэл зохилтой гэж боддоггүй. Жинхэнэ Бурхантай холбоотой бүхэн энэ хүмүүст ямар ч хамаагүй гэж хэлж болно; тэд сонирхдоггүй, анхаарал тавья гэж боддог ч үгүй. Учир нь, зүрх сэтгэлийнх нь гүнд тэдэнд “Бурхан бол харагддаггүй, хүршгүй бөгөөд оршдоггүй” гэж үргэлж хэлж байдаг хүчтэй дуу хоолой байдаг. Ийм Бурханыг ойлгохыг хичээж хүчин чармайлт гаргах хэрэггүй, ингэх нь өөрсдийгөө хуурсан хэрэг болно гэж тэд итгэдэг. Ямар ч бодитой үзэл бодол баримталж, аливаа бодит үйлдэлд өөрсдийгөө зориулахгүйгээр, ердөө л үгээр Бурханыг хүлээн зөвшөөрснөөрөө өөрсдийгөө сүрхий ухаалаг байна гэж тэд итгэдэг. Бурхан энэ хүмүүсийг юу гэж хардаг вэ? Тэр тэднийг үл итгэгчид гэж хардаг. Зарим хүн “Үл итгэгчид Бурханы үгийг уншиж чадах уу? Тэд өөрсдийн үүргийг биелүүлж чадах уу? ‘Би Бурханы төлөө амьдарна’ гэдэг үгийг хэлж чадах уу?” гэж асуудаг. Тэдний өнгөн дээрээ үзүүлдэг зүйлийг хүмүүс дандаа хардаг; тэд хүмүүсийн мөн чанарыг хардаггүй. Гэтэл Бурхан эдгээр өнгөн талын үзүүлэх байдлыг хардаггүй; Тэр зөвхөн дотоод мөн чанарыг нь л хардаг. Тиймээс энэ хүмүүст Бурхан ингэж хандаж, ингэж тодорхойлдог. Энэ хүмүүс “Бурхан яагаад ингэдэг вэ? Бурхан яагаад тэгдэг вэ? Би энийг ойлгож чадахгүй байна; би тэрийг ойлгож чадахгүй байна; энэ хүний үзэлтэй нийцэхгүй байна; Та надад үүнийг тайлбарлах ёстой …” гэж хэлдэг. Үүний хариуд Би ингэж асуудаг: Эдгээр асуудлыг Би үнэхээр чамд тайлбарлах шаардлагатай юу? Эдгээр асуудал үнэндээ чамд хамаатай юу? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Чи хаанаас ирсэн юм бэ? Чи үнэхээр Бурханд заах шаардлага хангасан уу? Чи Түүнд итгэдэг үү? Тэр чиний итгэлийг хүлээн зөвшөөрдөг үү? Нэгэнт чиний итгэл Бурхантай ямар ч хамаагүйгээс хойш, Түүний хийж буй зүйл чамд ямар хамаатай юм бэ? Чи Бурханы зүрх сэтгэлд хаана нь зогсож байгаагаа мэдэхгүй учраас Бурхантай ярилцах шаардлага хангасан байж чи яаж чадах юм бэ?
Сануулах үгс
Эдгээр сургамжийг сонсоод та нарт таагүй байгаа бус уу? Хэдийгээр та нар эдгээрийг сонсох, хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байж болох ч тэдгээр нь бүгд бодит баримт юм. Ажлын энэ үе шатыг Бурхан гүйцэтгэх учраас хэрвээ чи Түүний санаа зорилгод сэтгэл тавьдаггүй, Түүний хандлагыг хайхардаггүй, Түүний мөн чанар, зан чанарыг ойлгодоггүй бол эцэст нь хохирох хүн бол чи байна. Миний үгийг сонсоход хэцүү байна, мөн урам зоригийг чинь хугалсан гэж бүү буруушаа. Би үнэнийг ярьдаг; Би та нарын урмыг хугалах гээгүй юм шүү. Би та нараас юу шаардах, үүнийг та нар хэрхэн хийх шаардлагатай нь хамаагүй, та нар зөв замаар алхаж, Бурханы замыг дагаж, зөв замаас хазайхгүй гэж найдаж байна. Хэрвээ чи Бурханы үгийн дагуу хийхгүй, Түүний замыг дагахгүй бол Бурханы эсрэг тэрсэлж, зөв замаас төөрсөн гэдэгт чинь эргэлзэхгүй байж болно. Тиймээс та нарт тодруулж өгөх ёстой зарим асуудал байгаа бөгөөд та нарыг ойлгомжтой, тодорхой, өчүүхэн төдий ч тээнэгэлзэхгүйгээр итгэдэг болгож, Бурханы хандлага, Түүний санаа зорилго, Тэр хүнийг хэрхэн төгс болгож, хүний төгсгөлийг ямар арга замаар тодорхойлдог талаар тодорхой ойлголттой болоход чинь туслах ёстой гэж Надад санагддаг. Хэрвээ чи энэ зам дээр гарч чадахгүй байх өдөр ирвэл Би ямар ч хариуцлага үүрэхгүй, учир нь эдгээр үгийг чамд аль хэдийн маш тодорхой хэлчихсэн. Өөрийнхөө төгсгөлийг чи хэрхэн зохицуулах тухайд, энэ асуудал нь бүхэлдээ чамаас хамаарна. Янз бүрийн хүмүүсийн төгсгөлийн тухайд Бурхан өөр өөр хандлагатай байдаг, Түүнд тэдгээрийг дэнслэх Өөрийн гэсэн арга замаас гадна тэдэнд зориулсан Өөрийн гэсэн шаардлагын стандарт байдаг. Хүмүүсийн төгсгөлийг дэнслэх Түүний стандарт нь бүх хүнд шударга байдаг—үүнд эргэлзэх юмгүй! Тиймээс зарим хүн эмээх шаардлагагүй юм. Одоо та нарын сэтгэл амрав уу? Өнөөдрийн хувьд ингээд дууслаа. Баяртай!
2013 оны 10 дугаар сарын 17