Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Өнөөдөр бид нэг чухал сэдвийг нөхөрлөх гэж байна. Энэ нь Бурханы ажил эхэлснээс хойш одоо хүртэл хэлэлцэж байгаа сэдэв бөгөөд хүн нэг бүрд тун чухал юм. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн бүрийн Бурханд итгэх итгэлийн явцад тааралдах асуудал; энэ бол тааралдах ёстой асуудал юм. Энэ бол хүн төрөлхтөн холдож эс чадах чухал, зайлшгүй асуудал мөн. Чухал гэснээс, Бурханд итгэгч хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Зарим хүн хамгийн чухал зүйл бол Бурханы хүслийг ойлгох гэж боддог; зарим нь Бурханы үгээс улам их идэж уух нь хамгийн чухал гэж итгэдэг; зарим нь хамгийн чухал зүйл бол өөрсдийгөө мэдэх гэж боддог; бусад нь хамгийн чухал зүйл бол Бурханаар дамжуулан яаж аврал олохыг, Бурханыг хэрхэн дагахыг, Бурханы хүслийг хэрхэн биелүүлэхийг мэдэх явдал гэсэн бодолтой байдаг. Бид өнөөдөртөө энэ бүх сэдвийг хойш тавья. Тэгэхээр бид юуны тухай хэлэлцэх вэ? Сэдэв нь Бурхан Энэ нь хүн бүрд хамгийн чухал сэдэв мөн үү? Бурханы тухай сэдэвт юу багтах вэ? Мэдээж, үүнийг Бурханы зан чанар, Бурханы мөн чанар болон Бурханы ажлаас салгаж болохгүй нь лавтай юм. Иймд өнөөдөр бид “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийн тухай” ярилцъя.
Хүн Бурханд итгэж эхэлсэн үеэсээ эхлээд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай сэдвүүдтэй тааралдсаар ирсэн. Бурханы ажлын тухайд гэвэл, зарим хүн: “Бурханы ажил бидэн дээр хийгддэг; бид үүнийг өдөр бүр туулдаг болохоор бидэнд танил юм” гэж хэлнэ. Бурханы зан чанарын тухайд гэвэл, зарим хүн: “Бурханы зан чанар нь насан туршдаа бидний судалж, шинжилж, анхаардаг сэдэв тул бид мэдэх ёстой л доо” гэж хэлнэ. Бурханы Өөрийнх нь тухайд зарим хүн: “Бурхан Өөрөө бол бидний дагадаг, итгэдэг, эрэлхийлдэг Нэгэн; бид Түүний тухай мэддэггүй ч юм биш” гэж хэлнэ. Бүтээсэн цагаас хойш Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч зогсоогоогүй; Өөрийн ажлын турш Тэр Өөрийн зан чанарыг үргэлжлүүлэн илэрхийлж, Өөрийн үгийг илэрхийлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэсэн. Үүний зэрэгцээ Тэр хүн төрөлхтөнд Өөрийгөө болон Өөрийн мөн чанарыг илэрхийлэхээ, бас хүн төрөлхтөнд хандсан Өөрийн хүсэл болон тэдэнд тавьсан шаардлагыг илэрхийлэхээ хэзээ ч болиогүй. Иймд шууд утгаараа эдгээр сэдэв нь хэнд ч танил бус биш юм. Гэтэл өнөөдөр Бурханыг дагадаг хүмүүст бол Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө үнэндээ огтмэдэхгүй зүйл юм. Яагаад ийм байна вэ? Хүн Бурханы ажлыг туулах үедээ Бурхантай бас холбоотой болдог нь тэдэнд Бурханы зан чанарыг ойлгодог, эсвэл ямар байдаг талаар зарим нэг мэдлэгтэй мэт санагдуулдаг. Ийм болохоор хүн өөрийгөө Бурханы ажил болон Бурханы зан чанарын талаар мэддэггүй гэж боддоггүй. Харин ч өөрийгөө Бурханыг маш сайн мэддэг ба Бурханы тухай ихийг ойлгодог гэж боддог. Гэвч одоогийн байдлаар Бурханы тухай энэ ойлголт нь олон хүний хувьд номоос уншсан зүйлээс нь хэтрээгүй, тэдний хувийн туршлагын цар хүрээнд боогдсон, төсөөлөлд нь баригдсан бөгөөд юуны өмнө, нүдээрээ харж чадах баримтуудаар хязгаарлагдсан—бүгд жинхэнэ Бурханаас Өөрөөс нь маш хол байдаг. Энэ “хол” гэдэг нь яг хэр хол юм бэ? Хүн өөрөө эргэлзэж байж магадгүй, жаахан мэдрэмж, жаахан таамаглалтай байж магадгүй боловч Бурханы Өөрийн тухайд бол Түүний тухай хүний ойлголт нь жинхэнэ Бурханы Өөрийн мөн чанараас хэтэрхий хол байдаг. Ийм учраас “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө” гэсэн сэдвийг системтэй, тодорхой байдлаар нөхөрлөх нь бидэнд маш чухал юм.
Үнэн хэрэгтээ Бурханы зан чанар хүн бүрд нээлттэй байдаг ба нуугдмал байдаггүй, учир нь Бурхан аливаа хүнээс хэзээ ч санаатайгаар зайлсхийгээгүй ба хүмүүс Өөрийг нь мэдэх, Өөрийг нь ойлгоход саад хийх гэж Өөрийгөө хэзээ ч зориуд нуух гээгүй. Бурханы зан чанар үргэлж нээлттэй байсаар ирсэн бөгөөд хүн тус бүртэй үргэлж илэн далангүй нүүр тулдаг. Бурханы удирдлагад Бурхан хүн бүхэнтэй нүүр тулан Өөрийн ажлыг хийдэг бөгөөд Түүний ажил хүн нэг бүр дээр хийгддэг. Тэрээр энэ ажлыг хийхдээ зан чанараа тасралтгүй илэрхийлж, хүн нэг бүрийг удирдан чиглүүлж, хангахын тулд Өөрийн мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоо тасралтгүй ашиглаж байна. Эрин үе болгонд, үе шат бүрд нөхцөл байдал сайн эсвэл, муу байгааг үл харгалзан Түүний амь хүнийг байнга, зогсолтгүйгээр хангаж, дэмжиж байдгийн адил Бурханы зан чанар хувь хүн бүрд үргэлж нээлттэй байдаг бөгөөд Түүний эзэмшил болон оршихуй нь хувь хүн бүрд үргэлж нээлттэй байдаг. Гэхдээ зарим хүний хувьд Бурханы зан чанар далд хэвээр үлддэг. Яагаад? Учир нь, энэ хүмүүс Бурханы ажил дотор амьдарч, Бурханыг дагадаг атлаа Бурханд ойртох гэх нь байтугай Бурханыг ойлгох гэж хэзээ ч оролдоогүй, Бурханыг мэдэхийг ч хүсээгүй. Энэ хүмүүсийн хувьд Бурханы зан чанарыг ойлгоно гэдэг нь тэдний төгсгөл ойртсоныг ёрлодог; тэд Бурханы зан чанараар шүүгдэж, яллагдах гэж байна гэсэн үг юм. Ийм учраас тэд Бурханыг болон Түүний зан чанарыг ойлгохыг хэзээ ч хүсээгүй, Бурханы хүслийг илүү гүнзгий ойлгож, мэдэх гэж ер шимтээгүй. Тэд ухамсартай хамтын ажиллагаагаар Бурханы хүслийг ойлгох гэж эрэлхийлдэггүй—тэд зөвхөн хүссэн юмаа цуцалтгүй хийж, түүндээ үүрд сэтгэл хангалуун байдаг; итгэхийг хүсдэг Бурхандаа л итгэдэг; зөвхөн өөрсдийнх нь төсөөлөлд оршдог Бурханд, зөвхөн өөрсдийнх нь үзэлд оршдог Бурханд итгэдэг; мөн өдөр тутмынх нь амьдралд өөрсдөөс нь салшгүй нэгэн Бурханд итгэдэг. Үнэн Бурханы Өөрийн тухайд болохоор тэд огт тоосон шинжгүй байдаг бөгөөд Түүнийг ойлгох, Түүнд анхаарал хандуулах байтугай Түүнд улам ойртох хүсэл тэдэнд бүр ч хомсхон байдаг. Тэд Бурханы илэрхийлдэг үгийг зөвхөн өөрсдийгөө гоёж, сайхан харагдуулахын тулд л ашигладаг. Энэ нь тэднийг аль хэдийн амжилттай итгэгчид, Бурханд зүрх сэтгэл дотроо итгэдэг хүмүүс болгосон гэж тэд боддог. Тэд зүрх сэтгэлдээ өөрсдийн төсөөлөл, өөрсдийн үзэл болон Бурханы тухай өөрсдийн хувийн тодорхойлолтод хүртэл хөтлөгддөг. Нөгөө талаас бол, үнэн Бурханд Өөрт нь тэд огт хамаагүй байдаг. Учир нь, тэд үнэн Бурханыг Өөрийг нь ойлгож, Бурханы жинхэнэ зан чанарыг ойлгон, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг ойлгосон цагт тэдний үйлдэл, тэдний итгэл, тэдний эрэл хайгуул яллагдана гэсэн үг юм. Ийм учраас тэд Бурханы мөн чанарыг ойлгох дургүй, Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү сайн мэдэх, Бурханы зан чанарыг илүү сайн ойлгохын тулд идэвхтэйгээр эрж хайх, залбирах дургүй, хүсэлгүй байдаг. Тэд Бурханыг зохиомол, хоосон хөндий, тодорхойгүй зүйл байгаасай гэж хүсдэг. Тэд Бурханыг яг л өөрсдийнх нь төсөөлсөнтэй адилхан нэгэн, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг нэгэн, дуусашгүй нөөцтэй, үргэлж бэлэн байдаг нэгэн байхыг хүсдэг. Тэдэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй болоход тэрхүү нигүүлсэл нь байгаач гэж тэд Бурханаас гуйдаг. Тэдэнд Бурханы ерөөл хэрэгтэй болоход тэрхүү ерөөл нь байгаач гэж Бурханаас гуйдаг. Бэрхшээлтэй тулгарахдаа тэднийг зоригжуулж, арын хамгаалалт болооч гэж Бурханаас гуйдаг. Энэ хүмүүсийн Бурханы тухай мэдлэг нь нигүүлсэл болон ерөөлийн хүрээн дотор гацсан байдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы тухай тэдний ойлголт нь төсөөлөл, бичиг үсэг, хоосон сургаал төдийхнөөр хязгаарлагдаж байдаг. Гэвч Бурханы зан чанарыг ойлгохыг эрмэлздэг, Бурханыг Өөрийг нь жинхэнээсээ харж, Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа, Бурхан юу болохыг үнэхээр ойлгохыг хүсдэг зарим хүн бий. Энэ хүмүүс үнэний бодит байдал болон Бурханы авралын араас хөөцөлдөж, Бурханы байлдан дагуулалт, аврал, төгс болголтыг хүлээн авахаар эрж хайж байдаг. Тэд Бурханы үгийг уншихдаа зүрх сэтгэлээ ашигладаг, мөн тэдэнд зориулан Бурханы бэлтгэсэн хүн, үйл явдал, юм бүрийг биечлэн мэдрэхэд зүрх сэтгэлээ ашигладаг бөгөөд үнэнчээр залбиран эрж хайдаг. Мэдэх сэн гэж хамгийн их хүсдэг зүйл нь бол Бурханы хүсэл бөгөөд ойлгохыг хамгийн их хүсдэг зүйл нь Бурханы жинхэнэ зан чанар болон мөн чанар юм, тэгснээрээ тэд Бурханыг гомдоохоо больж, Бурханы хайр татам байдал болон Түүний үнэн талыг туршлагаараа дамжуулан илүү их харж болох юм. Мөн ингэснээр тэдний зүрх сэтгэлд жинхэнэ бодит Бурхан оршин тогтнох ба ингэснээр Бурхан тэдний зүрхэнд байраа эзэлж, тэд цаашид төсөөлөл, үзэл, тодорхой бус байдлын дунд амьдрахаа болино. Энэ хүмүүс Бурханы зан чанар болон Түүний мөн чанарыг ойлгох тулгамдсан хүсэлтэй байдгийн шалтгаан бол Бурханы зан чанар, мөн чанар нь хүн төрөлхтний туршлагын турш мөчөөс мөчид хэрэгтэй учраас тэр юм; Түүний зан чанар, мөн чанар хүнийг насан туршид нь амиар тэтгэх зүйл юм. Бурханы зан чанарыг нэгэнт ойлгохоороо тэд Бурханыг илүү хүндэтгэн, Бурханы ажилд илүү сайн хамтран ажиллаж, Бурханы хүсэлд илүү анхааралтай болж чадах ба үүргээ чадлынхаа хэрээр сайн биелүүлнэ. Бурханы зан чанарт хандах хоёр төрлийн хүмүүсийн хандлага ийм юм. Эхнийх нь Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй. Тэд Бурханы зан чанарыг ойлгож, Бурханыг Өөрийг нь мэдэж, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харахыг хүсдэг, Бурханы хүслийг үнэхээр үнэлдэг гэцгээдэг боловч сэтгэлийнхээ гүнд Бурхан байдаггүй нь дээр гэж боддог. Яагаад гэвэл, энэ төрлийн хүмүүс байнга Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг; тэд өөрийн зүрх сэтгэл дэх байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж, Бурханы оршин тогтнолыг үргэлж сэжиглэж, бүр үгүйсгэдэг. Тэд зүрх сэтгэлээ Бурханы зан чанарт буюу бодит Бурханд нь эзлүүлэх хүсэлгүй байдаг. Тэд өөрсдийн хүсэл, төсөөлөл болон санаархлыг хангахыг л хүсдэг. Тиймээс энэ хүмүүс Бурханд итгэдэг, Бурханыг дагаж, мөн Түүний төлөө гэр бүл, ажлаа орхиж болох боловч муу замаа орхидоггүй. Зарим нь бүр тахил хулгайлж, эсвэл үрэн таран хийнэ, зарим нь Бурханыг нууцаар харааж байхад бусад нь өөрсдийгөө ахин дахин гэрчилж, өөрсдийгөө дөвийлгөж, хүмүүс болон байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэхийн тулд байр сууриа ашиглаж байж магадгүй. Тэд өөрсдийгөө шүтүүлэхийн тулд хүмүүсийн сэтгэлийг татаж, хяналтдаа оруулахыг үргэлж хичээн янз бүрийн арга саам хэрэглэдэг. Зарим нь бүр хүмүүсийг санаатайгаар төөрөгдүүлэн өөрсдийгөө Бурхан, тиймээс өөрт нь Бурхан шиг үзэж болно гэж хүмүүст бодуулдаг. Тэд хүнд ялзарсан байна гэдгийг нь, өөрсдийгөө бас ялзарсан, биеэ тоосон гэдгээ, өөрсдийг нь битгий шүт, тэд хэчнээн ч мандаж байх нь хамаагүй, энэ нь Бурханы өргөмжлөлөөс болдог бөгөөд хийх ёстой юмаа хийж байна гэдгээ ямар ч гэсэн хэнд ч ерөөсөө хэлэхгүй л дээ. Тэд эдгээр зүйлийг яагаад хэлдэггүй вэ? Яагаад гэвэл, тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа алдахаас маш их айдаг. Ийм хүмүүс Бурханыг хэзээ ч өргөмжилдөггүй, Бурханд хэзээ ч гэрчлэл хийдэггүй. Тэд Бурханыг ойлголгүйгээр Бурханыг мэдэж чадах уу? Тэгэх боломжгүй! Иймд “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө” гэх сэдвийн үгс энгийн байж магадгүй боловч хүн бүрд утга учир нь өөр өөр юм. Бурханд үргэлж дуулгаваргүй байдаг, Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дайсагнадаг хүний хувьд тэр үгс нь ял зэмийг ёрлодог; харин үнэн-бодит байдлыг эрэлхийлдэг, Бурханы хүслийг эрж хайх гэж үргэлж Бурханы өмнө ирдэг хүн тийм үгсийг усанд орсон загас мэт авч үзнэ. Тэгэхээр, Бурханы зан чанар, Бурханы ажлын тухай яриаг сонсоод толгой нь өвдөж, зүрх нь эсэргүүцлээр дүүрч, жигтэйхэн тавгүйтдэг хүмүүс та нарын дунд бий. Гэвч та нарын дунд, энэ сэдэв өөрсдөд нь маш ашиг тустай учраас яг өөрсдөд нь хэрэгтэй зүйл, өөрсдийнх нь амийн туршлагаас салшгүй зүйл; энэ бол хамгийн гол чухал зүйл, Бурханд итгэх итгэлийн үндэс бөгөөд хүн төрөлхтний орхиж болохгүй зүйл гэж боддог зарим хүн бий. Та бүгдийн хувьд энэ сэдэв ойрхон бөгөөд хол, мэдэхгүй боловч танил санагддаг байж болно. Гэхдээ ямартай ч энэ нь хүн бүрийн сонсох ёстой, мэдэх ёстой, ойлгох ёстой сэдэв юм. Чи үүнд яаж хандах, үүнийг яаж харах, хэрхэн хүлээж авахаас үл хамааран энэ сэдвийн чухал ач холбогдлыг тоохгүй байж болохгүй.
Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа эхлэн Өөрийн ажлыг хийсээр байна. Эхэндээ энэ нь маш энгийн ажил байсан боловч энгийн мөртөө Бурханы мөн чанар болон зан чанарын илэрхийллийг агуулж байв. Хэдийгээр өнөөдрийг хүртэл Эдүгээ Бурханы ажил илүү өргөгдөж, Өөрийг нь дагагч хүн бүр дээрх энэ ажил нь Түүний үгийн агуу илэрхийллийн хамт асар том бөгөөд бодитой болсон байхад Бурханы үнэн бие хүн төрөлхтнөөс тувт нуугдсаар байна. Хэдийгээр Тэр хоёр удаа бие махбодтой болсон боловч Библид тэмдэглэгдсэн үйл явдлын үеэс орчин үеийг хүртэл Бурханы үнэн биеийг хэн ер нь харсан юм бэ? Та нарын ойлголт дээр үндэслэвэл, Бурханы үнэн биеийг харсан хүн ер нь байна уу? Байхгүй. Хэн ч Бурханы үнэн биеийг хараагүй, хэн ч Бурханы жинхэнэ төрхийг үзээгүй гэсэн үг. Энэ бол хүн бүрийн хүлээн зөвшөөрдөг зүйл юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үнэн бие буюу Бурханы Сүнс нь Түүний бүтээсэн Адам, Ева болон Түүний хүлээн зөвшөөрсөн зөв шударга хүн Иовыг оролцуулаад бүх хүнээс нуугдмал байдаг. Тэдний хэн нь ч Бурханы үнэн биеийг хараагүй юм. Харин Бурхан Өөрийн үнэн биеийг яагаад зориуд далдалдаг вэ? Зарим хүн: “Бурхан хүмүүсийг айлгахаасаа эмээдэг” гэнэ. Зарим нь: “Хүн дэндүү жижигхэн, Бурхан дэндүү агуу учраас Бурхан Өөрийн үнэн биеийг нуудаг; хүмүүс Бурханыг харж болохгүй байх, эс бөгөөс тэд үхнэ” гэдэг. Бас “Бурхан Өөрийн ажлыг өдөр бүр удирдаад завгүй байдаг, хүмүүст Өөрийгөө харуулахаар гарч ирэх цаг Түүнд байдаггүй байх” гэж хэлэх хүмүүс ч бий. Та нар алинд нь ч итгэдэг бай хамаагүй, Надад нэг дүгнэлт байна. Энэ дүгнэлт нь юу вэ? Энэ бол Бурхан зүгээр л үнэн биеэ хүмүүст харуулъя гэж хүсдэггүй гэсэн дүгнэлт юм. Хүмүүсээс нуугдмал байх нь Бурханы зориуд хийдэг зүйл. Өөрөөр хэлбэл, Түүний үнэн бие хүмүүст харагддаггүй нь Бурханы санаа юм. Үүнийг одоо бүгд ойлгосон байх. Бурхан Өөрийн үнэн биеийг хэзээ ч хэнд ч илчлээгүй юм бол Бурханы үнэн бие оршин байдаг гэж та нар боддог уу? (Тэр оршин байдаг.) Мэдээж, Тэр байдаг. Бурханы үнэн бие оршин байдаг нь огт эргэлзээгүй юм. Гэвч Бурханы үнэн бие хэр агуу болох, эсвэл ямар харагддаг тухайд гэвэл, эдгээр асуултыг хүн төрөлхтөн судлах хэрэгтэй юу? Үгүй. Үгүйсгэсэн хариу байна. Бурханы үнэн бие нь бидний судлах хэрэгтэй сэдэв биш бол юу байх юм бэ? (Бурханы зан чанар.) (Бурханы ажил.) Гэвч албан ёсны сэдвийн талаар нөхөрлөхийн өмнө дөнгөж сая хэлэлцэж байсан зүйлдээ буцаж оръё: Бурхан яагаад Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтөнд хэзээ ч харуулаагүй вэ? Яагаад Бурхан Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтнөөс зориуд нуудаг вэ? Үүнд зөвхөн ганц л шалтгаан бий, тэр нь бол: Бурханы бүтээсэн хүн Түүний ажлын хэдэн мянган жилийг туулсан хэдий боловч Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы мөн чанарыг мэддэг ганц ч хүн байхгүй. Ийм хүмүүс Бурханы нүдэнд Өөрийнх нь эсрэг байдаг ба Өөрт нь дайсагнадаг хүмүүст Бурхан Өөрийгөө харуулахгүй. Энэ бол Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн үнэн биеийг хэзээ ч харуулаагүй, яагаад Өөрийн үнэн биеийг тэднээс зориуд халхалдгийн цорын ганц шалтгаан юм. Бурханы зан чанарыг мэдэхийн ач холбогдлыг та нар одоо ойлгов уу?
Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхэд үргэлж бүх анхаарлаа хандуулж иржээ. Хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг хэдий ч Тэр үргэлж хүний дэргэд байж, хүн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг залан чиглүүлж, Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдлээр хүн бүр дээр ажилласнаар Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон өнөөгийн Хаанчлалын эрин үеийг авчирсан. Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл нь хүмүүсийг харж, мэдрэг гэж нээлттэй ил байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүн төрөлхтөнд харагдсан Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийнх нь цэвэр илэрхийлэл мөн билээ. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажилд ямар арга, эсвэл ямар өнцөг сонгохыг нь үл харгалзан, Тэр хүмүүст үргэлж Өөрийн жинхэнэ ялгамж чанараар хандаж, Өөрт оногдсон ажлыг хийж, хэлэх ёстой үгийг хэлдэг. Бурхан ямар ч өнцгөөс яривч—гуравдагч тэнгэрт зогсож байсан ч, эсвэл махбодод орших юм уу, бүр энгийн хүний байдлаар байсан ч—Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх сэтгэл зүрхнээс, Өөрийн бүх оюун ухаанаар, хуурч мэхлэхгүй, нууж далдлахгүй ярьдаг. Өөрийн ажлыг явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон зан чанарыг илэрхийлж, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохоо юу ч үлдээлгүй илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр залж чиглүүлдэг. “Харагддаггүй, баригддаггүй” Бурханы удирдамж дор хүн төрөлхтний өлгий эрин болох Хуулийн эрин үеийг хүн ийнхүү туулсан юм.
Хуулийн эрин үеийн дараа Бурхан анх удаа махбод болсон, бие махбодтой болсон нь гучин гурван жил хагас үргэлжилсэн билээ. Хүний хувьд гучин гурван жил хагас гэдэг урт хугацаа юу? (Урт биш.) Хүний насны хэмжээ гучин хэдэн жилээс ер нь хавьгүй урт байдаг тул энэ нь хүний хувьд нэг их урт цаг хугацаа биш. Гэхдээ бие махбодтой болсон Бурханы хувьд энэ гучин гурван жил хагас бол үнэндээ маш урт байсан юм. Тэр Бурханы ажил, Бурханы даалгаврыг үүрсэн хүн—энгийн хүн болсон. Энэ нь, Тэрээр энгийн хүний хийж чадахгүй ажлыг хариуцахын зэрэгцээ бас энгийн хүний тэсвэрлэж чадахгүй зовлонг давах болсон гэсэн үг юм. Нигүүлслийн эрин үед, ажлынх нь эхлэлээс загалмайд цовдлогдох хүртэлх хугацаанд Эзэн Есүсийн амссан зовлонгийн хэмжээг өнөөдрийн хүмүүс нүдээр үзэж чадахгүй байж болох боловч Библийн түүхээс үүний талаар та нарт бага зэрэг ч гэсэн төсөөлөл авч чадах уу? Эдгээр тэмдэглэсэн баримтад хэчнээн олон нарийн зүйл байдгийг харгалзахгүйгээр ерөнхийдөө, энэ хугацаанд Бурханы ажил бэрхшээл, зовлонгоор дүүрэн байлаа. Ялзарсан хүний хувьд, гучин гурван жил хагас нь урт хугацаа биш; бага зэрэг зовлон амсах нь жижиг асуудал. Гэвч бүх хүн төрөлхтний нүглийг үүрэх, мөн нүгэлтнүүдтэй хамт хооллож, хонож, амьдрах ёстой болсон нь ямар ч өө сэвгүй, ариун Бурханы хувьд бол итгэхийн аргагүй их шаналал байв. Тэрээр Бүтээгч, бүх зүйлийн Захирагч, бүх юмны Эзэн атал энэ ертөнцөд ирж, ялзарсан хүмүүсийн дарлал, харгислалыг тэсвэрлэх хэрэгтэй болсон. Өөрийн ажлыг дуусгаж, хүн төрөлхтнийг тоо томшгүй зовлонгоос аврахын тулд хүнд яллагдаж, бүх хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой байлаа. Түүний туулсан зовлонгийн хэмжээг жирийн хүн төсөөлж, мэдрэх боломжгүй юм. Энэ зовлон юуг төлөөлдөг вэ? Энэ нь хүн төрөлхтнийг гэх Бурханы чин зүрхний хайрыг төлөөлдөг. Энэ нь хүмүүсийг нүглээс золин аврахын тулд, Өөрийн ажлын энэ шатыг дуусгахын тулд Түүний тэвчсэн доромжлол, хүнийг аврахын төлөө Түүний төлсөн төлөөсийг илтгэдэг. Энэ нь бас Бурхан хүн төрөлхтнийг загалмайгаас золин аврах байсан гэсэн үг. Энэ нь бүтээгдсэн амьтан төлж чадашгүй, цусаар, амиар төлсөн төлөөс юм. Учир нь, Түүнд Бурханы мөн чанар байдаг ба Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг эзэмшдэг тул Тэр ийм төрлийн зовлонг дааж, ийм төрлийн ажлыг хариуцаж чадах юм. Энэ бол бүтээгдсэн ямар ч амьтан Түүний оронд хийж чадахгүй байсан зүйл юм. Энэ нь Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажил ба Түүний зан чанарын илчлэл билээ. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг энэ нь илчилж байна уу? Хүн төрөлхтний мэдүүштэй зүйл энэ мөн үү? Тэрхүү эрин үед хүмүүс Бурханы үнэн биеийг хараагүй боловч Бурханы нүглийн тахилыг хүлээн авч, загалмайгаас Бурханаар золин аврагдсан. Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажлын талаар хүмүүс мэдэж магадгүй боловч энэ хугацаанд Бурханы илэрхийлсэн зан чанар болон хүслийн талаар мэддэг хүн бий юу? Хүмүүс ердөө л өөр өөр эрин үед хийсэн Бурханы ажлын нарийн ширийнийг янз бүрийн сувгаар дамжуулан мэддэг, эсвэл Бурханыг ажлаа хийж байх үед гарсан Бурхантай холбоотой түүхүүдийг л мэддэг. Эдгээр баримт, түүх нь Бурханы тухай зүгээр л нэг мэдээлэл, эсвэл домгоос цаашгүй байдаг ба Бурханы зан чанар болон мөн чанарт ямар ч хамаагүй. Иймд хүмүүс Бурханы тухай хэдэн чтүүх мэддэг байвч энэ нь тэднийг Бурханы зан чанар, Түүний мөн чанарын тухай гүнзгий ойлголт, мэдлэгтэй гэсэн үг биш юм. Хуулийн эрин үетэй адилаар, Нигүүлслийн эрин үеийн хүмүүс махбодтой Бурхантай шууд, ойр учирдаг байсан боловч Бурханы зан чанар болон Бурханы мөн чанарын тухай тэдний мэдлэг Хуулийн эрин үед байсан шиг нь бараг үгүй байжээ.
Хаанчлалын эрин үед Бурхан эхний удаа болсон шигээ дахиж бие махбодтой болсон. Ажлынхаа энэ хугацаанд Бурхан Өөрийн үгийг юу ч үлдээлгүй илэрхийлсээр, хийх ёстой ажлаа хийж, Өөртөө юу байгааг болон Өөрийгөө юу болохыг илэрхийлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүний дуулгаваргүй, мунхаг байдлыг тэсэн тэвчсээр байна. Бурхан ажлынхаа энэ хугацаанд ч гэсэн үргэлж Өөрийн зан чанарыг харуулж, Өөрийн хүслийг илэрхийлж байгаагүй гэж үү? Иймд хүнийг бүтээснээс эхлээд одоог хүртэл Бурханы зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, Түүний хүсэл нь хүн бүрд үргэлж нээлттэй байсаар байдаг. Бурхан Өөрийн мөн чанар, зан чанар, эсвэл Өөрийн хүслийг хэзээ ч зориуд нууж байгаагүй. Бурханы юу хийж байгааг, Түүний хүсэл юу болохыг хүн төрөлхтөн тоохгүй байгаа л хэрэг, тийм учраас л Бурханы тухай хүний ойлголт ийм өрөвдөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн үнэн биеийг нуудаг атлаа Өөрийн хүсэл, зан чанар болон мөн чанарыг үргэлж ил үзүүлэн хором тутамд хүн төрөлхтний дэргэд байж байдаг. Зарим талаар, Бурханы үнэн бие хүмүүст бас нээлттэй байдаг боловч сохор, дуулгаваргүй байдлаасаа болоод тэд Бурханы илрэлтийг харж хэзээ ч чаддаггүй. Иймээс хэрвээ асуудал нь энэ бол Бурханы зан чанарыг болон Бурханыг Өөрийг нь ойлгоход хүн бүрд хялбар биш байх биз дээ? Энэ бол хариулахад маш хэцүү асуулт байгаа биз? Та нар үүнийг хялбар гэж хэлж болно, гэхдээ зарим хүн Бурханыг мэдэхээр эрэлхийлдэг атлаа Түүнийг хэзээ ч мэдэж, эсвэл Түүний талаар тодорхой ойлголттой болж чаддаггүй—энэ нь үргэлж бүдэг бадаг, бүрхэг байдаг. Харин та нар үүнийг тийм ч амаргүй гэж хэлбэл энэ нь ч бас буруу юм. Ийм урт хугацаанд Бурханы ажлын субьект байж ирсэн учир хүн бүр туршлагаараа дамжуулан Бурхантай жинхэнэ харьцаатай байсан байх ёстой. Тэд ядаж л Бурханыг зүрх сэтгэлдээ зарим нэгэн хэмжээгээр мэдэрсэн, эсвэл Бурхантай сүнслэг түвшинд хальт учирсан байх ёстой бөгөөд Бурханы зан чанарын талаар ядаж л бага зэрэг ухварлан мэдсэн буюу Түүний тухай зарим ойлголт олж авсан байх ёстой. Бурханыг дагаж эхэлсэн цагаас одоог хүртэл хүн төрөлхтөн хэтэрхий ихийг хүртсэн боловч хүний муу хэв чанар, мунхаглал, дуулгаваргүй байдал болон төрөл бүрийн санаа зорилго гэсэн олон шалтгааны улмаас хүн төрөлхтөн бас үүнээс дэндүү ихийг нь алдсан. Бурхан хүнд хангалттай ихийг аль хэдийн өгчихөөгүй гэж үү? Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг ч, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоор, тэр ч байтугай Өөрийн амиар тэднийг хангадаг; Бурханы тухай хүмүүсийн мэдлэг нь зөвхөн одоогийнх шигээ байх ёсгүй юм. Ийм учраас Би Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийн тухай сэдвээр та бүхэнтэй цаашид нөхөрлөх хэрэгтэй гэж бодож байна. Үүний зорилго нь бол, ингэснээр мянга мянган жилийн турш хүнд хүртээсэн Бурханы халамж, анхаарал дэмий өнгөрөхгүй, ингэснээр өөрсдийнх нь төлөөх Бурханы хүслийг хүн төрөлхтөн үнэнээсээ ойлгож, үнэлж чаддаг болгох явдал юм. Ингэснээр Бурханы тухай хүмүүсийн мэдлэг шинээр нэг алхам урагшилж чадна. Энэ нь бас Бурханыг хүмүүсийн зүрх сэтгэл дэх жинхэнэ байранд нь буцаана; өөрөөр хэлбэл, Түүнийг зөв үнэлэх болно.
Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь ойлгохын тулд багаар эхлэх ёстой. Гэвч хаанаас багаар эхлэх вэ? Юуны өмнө, Би Библиэс хэдэн бүлгийг сонгож авсан. Доорх мэдээлэл нь бүгд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийнх нь тухай сэдэвт холбоотой Библийн мөрүүдийг агуулдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь мэдэхэд туслах лавлах материал болгохын тулд Би эдгээр эшлэлийг тусгайлан олсон юм. Эдгээрийг хуваалцсанаар Бурхан урьдын ажлаараа ямар зан чанар илэрхийлсэн ба Түүний боловч хүмүүсийн мэддэггүй зан чанар болон мөн чанарын аль талуудыг хүн мэддэггүй гэдгийг бид ойлгож чадна. Энэ бүлгүүд хуучин байж болох боловч бидний нөхөрлөж байгаа сэдэв бол хүмүүст байхгүй, ер сонсоогүй шинэ зүйл юм. Та нарын заримд нь үүнийг ойлгоход бэрх байж магадгүй—Адам, Еваг дурсаж, Ноа руу эргэж очих нь гишгэсэн мөрөөрөө буцаж яваа хэрэг биш үү? Та нар юу ч гэж бодсон хамаагүй, эдгээр бүлэг нь энэ сэдвийн талаар нөхөрлөхөд маш тустай бөгөөд өнөөдрийн нөхөрлөлийн сургалтын бичвэр эх материал болж чадна. Намайг энэ нөхөрлөлийг дуусгах үед эдгээр бүлгийг сонгосон Миний цаад санааг та нар ойлгоно. Өмнө нь Библийг уншсан хүмүүс энэ цөөн хэдэн мөрийг уншсан байж болох ч жинхэнээсээ ойлгоогүй байж магадгүй. Тэдгээрийг эхлээд товчхон хэлэлцээд дараа нь нөхөрлөлөөрөө нэг бүрчлэн дэлгэрэнгүй авч үзье.
Адам, Ева хоёр хүн төрөлхтний элэнц хуланц юм. Бид Библийн дүрүүдийг дурдах гэж байгаа бол тэр хоёроос эхлэх ёстой. Дараагийнх нь хүн төрөлхтний хоёр дахь өвөг Ноа юм. Гурав дахь дүр нь хэн бэ? (Абрахам.) Та нар бүгдээрээ Абрахамын түүхийг мэдэх үү? Та нарын зарим нь үүнийг мэднэ байх, гэхдээ бусад нь сайн мэдэхгүй байж магадгүй. Дөрөв дэх дүр нь хэн бэ? Содомын сүйрлийн түүхэнд хэнийг дурдсан бэ? (Лотыг.) Гэвч энд Лотыг дурдаагүй байна. Хэний тухай өгүүлдэг вэ? (Абрахамын тухай.) Абрахамын тухай түүхэнд дурдсан гол зүйл бол Ехова Бурханы хэлсэн зүйл юм. Та нар үүнийг харж байна уу? Тав дахь дүр нь хэн бэ? (Иов.) Бурхан ажлынхаа энэ үе шатанд Иовын түүхийг ихэд дурддаггүй гэж үү? Тэгвэл та нар энэ түүхийг маш их тоодог уу? Та нар их тоодог юм бол Библи дэх Иовын түүхийг анхааралтай уншсан уу? Иов юу хэлж, юу хийснийг та нар мэдэх үү? Та нарын хамгийн олон уншсан нь хэдэн удаа уншсан бэ? Та нар үүнийг үргэлж уншдаг уу? Хонконгийн эгч нар аа, бидэнд хэлнэ үү. (Өмнө нь Нигүүлслийн эрин үед байхдаа би ганц хоёр удаа уншсан.) Тэрнээс хойш дахин уншаагүй юу? Харамсалтай байна. Би та нарт хэлье: Бурханы ажлын энэ үе шатанд Тэр Иовыг олон удаа дурдсан нь Түүний санаа зорилгын тусгал байсан юм. Тэрээр Иовыг олон удаа дурдсан боловч та нарын анхаарлыг татаагүй нь дараах баримтын нотолгоо: Та нар Бурханаас эмээж, муугаас зайлдаг сайн хүмүүс байх сонирхолгүй байна. Учир нь, та нар Иовын тухай Бурханы эш татсан түүхийн талаар бүдүүн тойм ойлгосондоо сэтгэл хангалуун байдаг. Та нар уг түүхийг ойлгосон төдийхөндөө сэтгэл хангалуун байдаг, харин Иов хэн болох тухай нарийн ширийнийг, мөн Бурхан яагаад тийм олон тохиолдолд Иовыг эш татдагийн цаад зорилгыг тоодоггүй, ойлгох гэж оролддоггүй. Хэрвээ та нар Бурханы магтсан ийм хүнийг сонирхохгүй байгаа юм бол яг юунд анхаарлаа хандуулж байна вэ? Та нар Бурханы дурдсан ийм чухал хүнийг тоохгүй, түүнийг ойлгох гэж оролдохгүй байгаа юм бол Бурханы үгэнд та нарыг ямар хандлагатай гэх вэ? Энэ нь эмгэнэлтэй хэрэг биш гэж үү? Та нарын ихэнх нь бодитой зүйлд оролцдоггүй, бүгдээрээ үнэнийг эрж хайдаггүйг батлахгүй гэж үү? Хэрвээ чи үнэнийг эрж хайдаг бол Бурханы сайшаадаг хүмүүс болон Бурханы дурссан хүмүүсийн түүхэнд хангалттай анхаарал хандуулна. Тэдний дайтай болж, эсвэл тэдний түүхийг мэдэрч чадах эсэх чинь хамаагүй, хурдан явж тэдний тухай уншиж, тэдгээрийг ойлгож, тэдний үлгэр жишээг дагах арга зам олохыг хичээж, чадах бүхнээ чадлынхаа хэрээр хий. Үнэнийг эгээрэн хүсдэг хүн ингэх ёстой юм. Харин үнэндээ бол энд сууж байгаа та нарын ихэнх нь Иовын түүхийг огт уншаагүй, энэ чинь нэгийг хэлээд байна.
Миний саяхан ярьж байсан сэдэв рүү буцаж оръё. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед холбоотой Библийн энэ хэсэгт нь Би Библийг уншсан хүмүүсийн дийлэнх олонх нь мэдэх маш үлгэр жишээч дүрүүдийн тухай хэдэн түүхийг голлон сонголоо. Хэн ч эдгээр дүрийн тухай түүхийг уншаад тэдэн дээр Бурханы хийсэн ажил болон тэдэнд хэлсэн Бурханы үг одоогийн хүмүүст ч бас бодитой, ойлгомжтой гэдгийг мэдэрч чадна. Чи эдгээр түүхийг, Библийн тэмдэглэлийг уншихдаа түүхийн тэр цаг үед Бурхан Өөрийн ажлыг хэрхэн хийж, хүмүүст яаж хандаж байсан талаар илүү сайн ойлгож чадна. Гэхдээ өнөөдөр эдгээр бүлгийг хэлэлцэхээр шийдсэн шалтгаан бол чамайг эдгээр түүх дээр, эсвэл доторх дүрүүд дээр нь анхаарлаа төвлөрүүлэх гэж оролд гэсэнд биш. Харин ч ингэснээр та нар энэ дүрүүдийн түүхээр дамжуулан Бурханы үйлс болон Түүний зан чанарыг харж чадна. Та нар Бурханыг мэдэж, ойлгох, Түүний бодит талыг харахад илүү хялбар болгоно; энэ нь Түүний тухай төсөөлөл, үзлийг чинь сарниулж, бүрэг бараг байдлаар хүрээлэгдсэн итгэлээс чамайг холдуулж туслах юм. Баттай суурьгүй бол Бурханы зан чанарыг ойлгох гэж, мөн Бурханыг Өөрийг нь мэдэх гэж оролдох нь арчаагүй, арга мөхөс, хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байдалд байнга оруулж болно. Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү бодитоор үнэлэх, Бурханы зан чанарыг болон Бурханыг Өөрийг нь мэдэх, мөн Бурханы оршин тогтнолыг жинхэнээсээ мэдрэх ба хүн төрөлхтний төлөөх хүслийг нь үнэлэхэд чинь туслах арга, барилыг хөгжүүлэхэд энэ Надад түлхэц болсон юм. Энэ та бүгдэд ашигтай бус уу? Одоо эдгээр түүх болон Библийн хэсгүүдийг дахиж хараад та нар зүрх сэтгэл дотроо юу мэдэрч байна вэ? Библиэс Миний сонгож авсан хэсгүүдийг та нар илүүц гэж бодож байна уу? Би сая та нарт хэлсэн зүйлээ дахин онцлох ёстой: Та бүхнээр энэ хүмүүсийн түүхийг уншуулах гэсэн нь Бурхан Өөрийн ажлыг хүмүүс дээр яаж хийдгийг болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг илүү сайн ойлгоход чинь туслах зорилготой юм. Үүнийг ойлгоход та нарт юу туслах вэ? Бурханы урьд нь хийсэн ажлыг ойлгох ба түүнийг нь яг одоо хийж буй ажилтай нь холбох—Бурханы тоолшгүй олон талыг ойлгоход энэ чамд тусална. Эдгээр тоолшгүй олон тал нь үнэн бодитой бөгөөд Бурханыг таньж мэдэхийг хүсдэг бүхэн тэдгээрийг мэдэж, ойлгох ёстой.
Одоо бид Адам, Ева хоёрын тухай түүхээс эхэлье. Эхлээд Библиэс уншицгаая.
I. Адам, Ева хоёр
1. Адамд өгсөн Бурханы тушаал
Эхлэл 2:15–17 Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.
Та нар энэ мөрүүдээс ямар нэг зүйл ойлгов уу? Библийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Би яагаад Адамд өгсөн Бурханы тушаалын тухай ярья гэж шийдсэн бэ? Бурхан, Адам хоёрын дүр зураг та бүгдийн санаанд байна уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрвээ та нар тэнд байсан бол сэтгэлийнхээ гүнд та нар Бурханыг ямар байх байсан гэж боддог вэ? Энэ тухай бодохоор ямар санагдаж байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөн сэргээх зураглал юм. Энд зөвхөн Бурхан, хүн хоёр л байгаа боловч тэдний ойр дотно харилцаа нь чамд дүүрэн бахдал төрүүлнэ: Бурханы бялхам хайр хүнд харамгүй хүрч, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, ариун, санаа зовох зүйлгүй байж, Бурханы харцан дор баяр цэнгэлээр дүүрэн амьдарч байна; Бурхан хүнд санаа тавьж, хүн Бурханы хамгаалалт, ерөөл дор амьдарч, хүний хийж, хэлж буй бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.
Үүнийг Бурхан хүнийг бүтээснийхээ дараа түүнд өгсөн анхны тушаал гэж болно. Энэ тушаал юу тээдэг вэ? Энэ нь Бурханы хүслийг, мөн хүн төрөлхтний төлөөх Түүний сэтгэлийн зовнилыг тээдэг. Энэ бол Бурханы анхны тушаал байсан ба бас хүний төлөө санаа зовдгоо Бурхан анх удаа илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг бүтээсэн мөчөөсөө эхлэн хүний төлөө хариуцлага үүрэхээ мэдэрсэн. Түүний хариуцлага юу вэ? Тэр хүнийг хамгаалж, харж хандах ёстой. Хүн Өөрт нь итгэж, үгийг нь дагаж чадна гэж Тэр найддаг. Энэ нь мөн л хүнд тавьж буй Бурханы анхны найдвар юм. Бурхан тийм найдвартайгаар дараах зүйлийг хэлдэг: “Цэцэрлэгийн бүх модны жимснээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимсээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ.” Эдгээр энгийн үг Бурханы хүслийг төлөөлдөг. Эдгээр нь мөн Бурхан зүрх сэтгэлдээ аль хэдийн хүнд санаа тавьж эхэлснийг илчилдэг. Бүх зүйлийн дотроос зөвхөн Адам л Бурханы дүрээр бүтээгдсэн; Адам бол Бурханы амийн амьсгаатай цорын ганц амьд зүйл байсан; тэр Бурхантай хамт алхаж, Бурхантай ярилцаж чаддаг байв. Тийм учраас Бурхан түүнд ийм тушаал өгсөн. Бурхан энэ тушаалаараа хүн юу хийж болох, юу хийж болохгүйг маш тодорхой зааж өгчээ.
Энэ энгийн хэдэн үгээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг. Харин Бурханы ямар зүрх сэтгэл харагддаг вэ? Бурханы зүрх сэтгэлд хайр байдаг уу? Зовнил байдаг уу? Эдгээр мөрд байгаа Бурханы хайр, зовнилыг хүмүүс үнэлээд зогсохгүй гүнзгий мэдэрч чадна. Зөвшөөрч байна уу? Намайг ингэж хэлсний дараа та нар эдгээрийг зүгээр л хэдэн энгийн үг гэж бодож байна уу? Ер нь тийм ч энгийн биш байгаа биз дээ? Та нар үүнийг өмнө нь мэдэж байсан уу? Хэрвээ Бурхан чамд энэ цөөн хэдэн үгийг биечлэн хэлсэн бол чамд ямар санагдах байсан бэ? Хэрвээ чи хүн чанартай хүн биш байсан бол, хэрвээ чиний сэтгэл цэвдэг байсан бол чи юу ч мэдрэхгүй, Бурханы хайрыг үнэлэхгүй бөгөөд Бурханы зүрх сэтгэлийг ойлгох гэж оролдохгүй байсан. Хэрвээ чи мөс сайтай, хүн чанарын мэдрэхүйтэй хүн байсан бол өөрөөр мэдрэх байсан. Чи дулаан илч мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба аз жаргалыг мэдрэх байсан. Тийм биш гэж үү? Чи эдгээр зүйлийг мэдрэхээрээ Бурханд хэрхэн хандах вэ? Бурханд ээнэгшин дассан мэт санагдах болов уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлан хүндэтгэх болов уу? Зүрх сэтгэл чинь Бурханд улам ойртох болов уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд яг хэр чухал болохыг харж болно. Гэвч хүмүүс Бурханы хайрыг үнэлж, ойлгох нь бүр ч илүү чухал юм. Үнэндээ, Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд иймэрхүү зүйлийг олон хэлдэггүй гэж үү? Бурханы зүрх сэтгэлийг үнэлж үздэг хүн өнөөдөр байна уу? Миний дөнгөж сая ярьсан Бурханы хүслийг та нар ойлгож чадах уу? Бурханы хүсэл ийм тодорхой, бодитой, жинхэнэ байхад та нар үнэлж үнэндээ чаддаггүй. Ийм учраас Би та бүхнийг Бурханы талаар бодитой мэдлэг, ойлголтгүй гэж хэлдэг. Энэ үнэн биш гэж үү? Харин одоохондоо ингээд орхиё.
2. Бурхан Еваг бүтээсэн нь
Эхлэл 2:18–20 Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн огторгуйн бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв. Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, огторгуйн жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.
Эхлэл 2:22–23 Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм, түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй хүн гэж нэрлэх болно” гэжээ.
Библийн энэ хэсэгт нэг чухал мөр бий: “Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ.” Тэгэхээр, бүх амьд амьтанд хэн нэр өгсөн бэ? Бурхан биш, харин Адам. Энэхүү мөр нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээхдээ түүнд оюун ухаан өгсөн. Иймд хүний оюун ухаан Бурханаас ирсэн байна. Энэ бол мадаггүй юм. Гэхдээ яагаад? Бурхан Адамыг бүтээсний дараа Адам сургуульд явсан уу? Тэр уншиж чаддаг байсан уу? Бурхан төрөл бүрийн амьд амьтан бүтээсний дараа Адам тэр бүх амьтныг таньж байсан уу? Тэднийг юу гэж нэрлэдгийг Бурхан түүнд хэлж өгсөн үү? Мэдээж, Бурхан түүнд эдгээр амьтныг яаж нэрлэхийг зааж өгөөгүй. Энэ бол жинхэнэ баримт! Тэгвэл тэр эдгээр амьтанд яаж нэр өгөхийг болон ямар нэр өгөхийг яаж мэдсэн бэ? Энэ нь Адамыг бүтээхдээ Бурхан түүнд юу нэмсэн бэ гэдэг асуултад хамаарах юм. Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийн оюун ухааныг түүнд нэмсэн гэдгийг уг баримтууд баталж байна. Энэ бол гол чухал зүйл юм, тиймээс анхааралтай сонс. Энд та бүхний ойлгох ёстой бас нэг чухал зүйл байна: Адам эдгээр амьтанд нэр өгсний дараа тэр нэрс нь Бурханы үгсийн санд байршсан. Би яагаад үүнийг дурдаж байна вэ? Яагаад гэвэл, энэ нь мөн Бурханы зан чанарыг агуулдаг ба үүнийг Би цааш нь дэлгэрэнгүй тайлбарлах ёстой.
Бурхан хүнийг бүтээж, түүнд амийн амьсгал үлээж оруулаад, Өөрийнхөө оюун ухаан, Өөрийн чадвар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоосоо заримыг нь өгсөн. Бурхан хүнд энэ бүх зүйлийг өгсний дараа хүн бие даан зарим нэг юм хийж, өөрөө бодож сэтгэж чаддаг болсон. Хэрвээ хүний бодож, хийж байгаа зүйл Бурханы нүдэнд сайн харагдаж байвал Бурхан түүнийг зөвшөөрч, саад болдоггүй. Хүний хийж байгаа зүйл зөв бол Бурхан зүгээр орхидог. Иймээс “Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ” гэсэн өгүүлбэр юуг илтгэдэг вэ? Энэ нь, төрөл бүрийн амьтанд өгсөн нэрээс алийг нь ч өөрчлөх хэрэггүй гэж үзсэнийг илтгэж байна. Адам амьтныг ямраар нэрлэхэд нь Бурхан тухайн амьтны нэрийг батлан “Тийм болог” гэж хэлж байжээ. Тэр хэрэг дээр Бурхан ямар нэг санал бодол илэрхийлсэн үү? Үгүй, Тэр мэдээж тэгээгүй. Та нар эндээс юу олж мэдэв? Бурхан хүнд оюун ухаан өгсөн ба хүн юм хийхдээ Бурханаас заяасан оюун ухаанаа ашигласан. Хэрвээ хүний хийдэг зүйл Бурханы нүдэнд эерэг бол Бурхан ямар ч шүүлт, шүүмжлэлгүйгээр баталж, зөвшөөрч, хүлээн авдаг. Энэ нь ямар ч хүн, ямар ч муу ёрын сүнс юм уу, Сатаны хийж чадахгүй зүйл юм. Та нар эндээс Бурханы зан чанарын илэрхийллийг харж байна уу? Хүн төрөлтөн, нэг ялзарсан этгээд, эсвэл Сатан өөрийнх нь өмнөөс яг хамар дор нь юм хийхийг бусдад зөвшөөрөх байсан уу? Мэдээж, үгүй! Тэд өөрсдөөс нь ялгаатай өөр хүн юм уу, өөр хүчтэй энэ байр суурийн төлөө тэмцэх байсан уу? Мэдээж, тэгэх байсан! Хэрвээ тухайн мөчид нэг ялзарсан этгээд юм уу, Сатан Адамтай хамт байсан бол Адамын хийж байсан зүйлийг лав зөвшөөрөхгүй байх байсан. Тэдэнд бие даан бодох чадвар болон өөрийн онцлог ухвар байгаа гэдгийг батлахын тулд тэд Адамын хийсэн бүхнийг ор тас үгүйсгэн, “Чи үүнийг ингэж нэрлэмээр байна уу? Гэхдээ би энийг ингэж нэрлэхгүй, би үүнийг тэгж нэрлэнэ; чи үүнийг Том гэж нэрлэлээ, харин би Харри гэж нэрлэнэ. Би хэчнээн ухаалаг гэдгээ үзүүлэх хэрэгтэй” гэх байлаа. Энэ ямархуу уг чанар вэ? Энэ нь учиргүй биеэ тоосон зан биш гэж үү? Харин Бурхан ямар вэ? Түүнд тийм зан чанар бий юу? Бурхан Адамын хийж байсан зүйлийг хачин байдлаар эсэргүүцсэн үү? Хариулт нь маргаангүй “Үгүй”! Бурханы илчилдэг зан чанарт маргаанч, биеэ тоосон, эсвэл өөрийгөө зөвтгөдөг зан өчүүхэн төдий ч байдаггүй. Энд энэ нь маш тодорхой байна. Хэдийгээр энэ нь ялимгүй зүйл мэт боловч хэрвээ чи Бурханы мөн чанарыг ойлгохгүй бол, хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан яаж ажилладгийг болон Бурханы хандлага юу болохыг ухаарах гэж хичээхгүй бол чи Бурханы зан чанарыг мэдэхгүй, эсвэл Бурханы зан чанарын илэрхийлэл болон илчлэлийг харж чадахгүй. Тийм биш гэж үү? Миний сая тайлбарласан зүйлтэй та нар санал нийлж байна уу? Адамын хийсэн үйлдлийн хариуд Бурхан “Сайн байна. Чи зөв хийлээ. Би зөвшөөрч байна!” гэж чангаар тунхаглаагүй. Гэвч Бурхан зүрх сэтгэл дотроо Адамын хийсэн зүйлийг сайшааж, үнэлж, магтаж байсан. Энэ бол бүтээлийн цаг үеэс хойш Бурханы төлөө Түүний заавраар хүний хийсэн анхны зүйл байв. Энэ бол Бурханы оронд, Бурханы нэрийн өмнөөс хүний хийсэн зүйл байлаа. Бурханы нүдэнд бол энэ нь Түүний хүнд бэлэглэсэн оюун ухаанаас урган гарсан зүйл байв. Бурхан үүнийг сайн зүйл, эерэг зүйл гэж харсан. Адамын тэр үед хийсэн зүйл нь хүнд байсан Бурханы оюун ухааны анхны илрэл байсан юм. Бурханы үзэл бодлоор бол энэ нь сайн илрэл байлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Өөрийн оюун ухаанаас Бурхан хүнд бага сага шингээсэн нь хүнийг Өөрийг нь илэрхийлэн харуулж чадах амьд бүтээл болгох зорилготой байсан юм гэдгийг Би энд та нарт хэлэхийг хүсэж байна. Учир нь, ийм амьд биет Өөрийнх нь нэрийн өмнөөс юм хийх нь Бурханы хүсэн хүлээсэн яг тэр зүйл байлаа.
3. Бурхан Адам, Ева хоёрт арьсан дээл хийж өгөв
Эхлэл 3:20–21 Адам эхнэрээ Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.
Гурав дахь эшлэлийг харцгаая, Адамын Евад өгсөн нэр нь цаанаа үнэхээр утга учиртай гэдгийг энэ нь харуулдаг. Адам бүтээгдсэнийхээ дараа өөрийн гэсэн бодолтой болж, олон зүйлийг ойлгосныг энэ нь харуулдаг. Гэвч одоохондоо бид, тэр юу ойлгосныг болон хэр их юм ойлгосныг судалж шинжлэхгүй, учир нь гурав дахь эшлэлийг хэлэлцэх Миний гол зорилго энэ биш юм. Тэгэхээр Миний онцлон тэмдэглэхийг хүсч буй гол зүйл юу вэ? “Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав” гэсэн мөрийг авч үзье. Хэрвээ бид өнөөдрийн нөхөрлөлөөр бичвэрийн энэ мөрийн талаар хэлэлцэхгүй бол та бүхэн эдгээр үгийн цаад илүү гүн утга учрыг хэзээ ч ойлгохгүй байж магадгүй. Эхлээд Би та нарт зарим нэг сэжүүр өгье. Адам, Ева хоёрын амьдарч байгаа Еден цэцэрлэгийг төсөөлөөд үз. Бурхан тэдэн дээр очиход тэд харин нүцгэн байсан тул нуугддаг. Бурхан тэднийг олж хардаггүй, тэгээд тэднийг дуудахад “Бид нүцгэн байгаа учир Таныг харж зүрхэлсэнгүй” гэж хэлдэг. Тэд нүцгэн байсан учир Бурханыг харж зүрхэлдэггүй. Тэгээд Ехова Бурхан тэдэнд зориулж юу хийдэг вэ? Эх бичвэрт “Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав” гэдэг. Бурхан тэдний хувцсыг юугаар хийснийг та нар үүнээс ойлгов уу? Бурхан тэдний хувцсыг амьтны арьсаар хийсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд өмсгөхөөр хийсэн хувцас нь арьсан дээл байжээ. Энэ бол хүнд зориулж Бурханы хийсэн анхны хувцас байв. Арьсан дээл гэдэг нь өнөөдрийн стандартаар хээнцэр эд бөгөөд хүн болгоны аваад өмсөж чадах эд биш. Хэрвээ хэн нэгэн чамаас “Манай өвөг дээдсийн өмссөн анхны хувцас нь юу байсан бэ?” гэж асуувал чи: “Арьсан дээл байсан” гэж хариулна. “Энэ арьсан дээлийг хэн хийсэн юм бэ?” Тэгэхэд нь чи: “Бурхан хийсэн!” гэж хариулж чадна. Энэ хувцсыг Бурхан хийсэн гэдэг нь энд гол зүйл юм. Энэ нь ярилцууштай зүй биш гэж үү? Миний дүрсэлснийг сонсоод та нарын оюун санаанд дүр зураг буув уу? Ядаж бүдүүвч зураг ч болтугай байх ёстой. Үүнийг өнөөдөр та нарт хэлсний учир нь хүний анхны хувцас юу байсныг мэдэгдэх гэсэн юм биш. Тэгвэл гол зүйл нь юу вэ? Гол зүйл нь арьсан дээл биш, харин Бурханы илэрхийлсэн зан чанар, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг Түүний юу хийснээс хүмүүс хэрхэн мэдэж авах явдал юм.
“Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.” Энэ үзэгдэлд Адам, Ева хоёртой хамт байх үедээ Бурхан ямар үүрэг гүйцэтгэхийг нь бид харж байна вэ? Зөвхөн хоёр хүн амьдардаг ертөнцөд Бурхан Өөрийгөө ямар байдлаар үзүүлсэн бэ? Бурханы үүрэгтэй үзүүлсэн үү? Хонконгийн ах, эгч нар аа, хариулагтун. (Эцэг эхийн үүрэгтэй.) Өмнөд Солонгосын ах, эгч нар аа, Бурхан ямар үүрэгтэй гарч ирсэн гэж та нар бодож байна вэ? (Өрхийн тэргүүний.) Тайваний ах, эгч нар аа, та нар юу гэж бодож байна вэ? (Адам, Евагийн гэр бүлийн гишүүний дүрээр, гэр бүлийн гишүүний дүрээр.) Та нарын зарим нь Бурханыг Адам, Евагийн гэр бүлийн гишүүн, зарим нь Бурханыг өрхийн тэргүүн, бусад нь эцэг эхийн хувиар гарч ирсэн гэж байна. Эдгээр нь бүгд тун тохиромжтой. Гэвч Би юу гэх гээд байгааг та нар ойлгож байна уу? Бурхан энэ хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн ганц гишүүний хувиар Бурхан тэдний амьдралыг анхаарч, хоол, хувцас, оромжинд нь санаа тавьж байлаа. Энд Бурхан Адам, Ева хоёрын эцэг эх болон гарч ирсэн. Бурхан үүнийг хийхэд Бурхан хэр сүрлэг байдгийг нь хүн хардаггүй; Бурханы дээд чанар, Түүний нууцыг болон ялангуяа Түүний уур хилэн, сүр жавхланг хардаггүй. Хүний хардаг нь ердөө л Бурханы даруу байдал, Түүний хайр, хүнд тавих анхаарал, хүний төлөөх хариуцлага, халамж юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь эцэг, эхчүүд хүүхдэдээ хэрхэн анхаарал тавьдагтай ижил билээ. Энэ нь мөн эцэг эх хөвгүүд, охидоо хэрхэн хайрлаж, халамжилж, санаа тавьдагтай адилхан—үнэн бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байдаг. Өөрийгөө өндөр, сүр хүчирхэг байр сууринд өргөхийн оронд Бурхан хүнд хувцас хийх гэж Өөрийн гараар арьс хэрэглэсэн. Энэ арьсан дээл нь тэдний ичингүйрлийг далдлах, эсвэл тэднийг хүйтнээс хамгаалахад зориулсан эсэх нь огт хамаагүй. Юу хамаатай гэвэл, хүний биед нөмөргөсөн энэ хувцсыг Бурхан Өөрийн гараар хийсэн явдал юм. Хүмүүс Бурханыг тэгсэн биз гэж төсөөлдөг байж магадгүй шиг зүгээр л бодоод, эсвэл ид шидийн хүчээр хувцас бий болгохын оронд Бурхан хийхгүй, хийх ёсгүй гэж хүн бодох байсан зүйлийг жинхэнээсээ хийсэн байна. Энэ нь шалихгүй юм шиг санагдаж магадгүй—зарим хүн үүнийг дурдах шаардлагагүй гэж үздэг ч байж болзошгүй—гэвч энэ нь Бурханыг дагадаг хэрнээ Түүний талаар бүдэг бадаг санаа бодлоор дүүрсэн аливаа хүнд Түүний жинхэнэ агаад хайр татам байдлыг ухаарах, мөн Түүний үнэнч, даруу байдлыг харах боломж олгодог юм. Энэ нь өөрсдийгөө өндөр бөгөөд агуу гэж боддог тэвчихийн аргагүй биеэ тоосон хүмүүсийг Бурханы үнэн бодитой агаад даруу байдлын өмнө ичсэндээ бардам толгойгоо гудайлгахад хүргэдэг. Энд Бурханы үнэн бодитой агаад даруу байдал нь Түүнийг хэчнээн хайр татам болохыг харах боломжийг хүмүүст улам их олгодог. Эсрэгээрээ хүмүүс зүрх сэтгэлдээ агуулдаг “агуу” Бурхан, “хайр татам” Бурхан ба “бүхнийг чадагч” Бурхан нь маш өчүүхэн, муухай, хүрэх төдийд нурж унахаар болсон юм. Чи энэ мөрийг харж, энэ түүхийг сонсоод ийм юм хийснийх нь төлөө Бурханыг дорд үзэх үү? Зарим хүн тэгж магадгүй, гэхдээ бусдынх нь хувьд тэс ондоо байх болно. Тэд Бурханыг жинхэнэ, хайр татам гэж бодох ба Бурханы чухамхүү энэ жинхэнэ байдал болон хайр татам байдал тэднийг хөдөлгөдөг юм. Тэд Бурханы бодит талыг харах тусмаа Бурханы хайр үнэхээр оршин байгааг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы нөлөөг, Тэр мөч бүрд тэдний хажууд байдгийг төдий чинээ их ойлгож чадна.
Одоо бид хэлэлцүүлгээ өнөө үетэй холбоё. Бурхан бүр эхэндээ Өөрийн бүтээсэн хүмүүсийн төлөө ийм янз бүрийн жижиг сажиг зүйлийг, тэр ч байтугай хүмүүсийн бодож ч зүрхлэхгүй, эсвэл хийнэ гэж ч санахааргүй зарим нэг зүйл хийж чадсан юм бол өнөөдрийн хүмүүсийн төлөө ийм зүйл хийж чадах болов уу? Зарим хүн “Тийм!” гэж хэлнэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурханы мөн чанар хуурамч биш, Түүний хайр татам байдал хуурамч биш. Учир нь, Бурханы мөн чанар үнэхээр оршин байдаг бөгөөд бусдын нэмсэн зүйл биш, өөр өөр цаг хугацаа, газар нутаг, эрин үетэй хамт өөрчлөгддөг зүйл лав биш юм. Бурханы жинхэнэ агаад хайр татам байдал нь үнэндээ хүмүүсийн огт сонирхолгүй, шалихгүй гэж үздэг—Бурхан ер нь хийнэ гэж хүмүүс бодох ч үгүй маш өчүүхэн зүйлсийг хийснээр л илрэн гарч чадна. Бурхан дүр үзүүлдэггүй. Түүний зан чанар болон мөн чанарт ямар ч хэтрүүлэг, хуурамч дүр, бардамнал, биеэ тоосон зан байдаггүй. Тэр хэзээ ч сайрхдаггүй, харин Өөрийнхөө бүтээсэн хүмүүсийг үнэнч байдал, чин сэтгэлээрээ хайрлаж, анхаарал тавьж, халамжилж, залж чиглүүлж байдаг. Хүмүүс үүнээс хэр ихийг нь үнэлж, мэдэрч, ойлгож чадах нь хамаагүй, Бурхан үүнийг хийж байгаа нь огтхон ч эргэлзээгүй билээ. Бурхан ийм мөн чанартай гэдгийг мэдэх нь Бурханыг хайрлах хүмүүсийн хайранд нөлөөлөх үү? Бурханаас эмээхэд нь нөлөөлөх үү? Чи Бурханы бодит талыг ойлгохоороо Түүнд улам ойртон, Түүний хайр, хүн төрөлхтнийг гэх халамжийг илүү үнэнээсээ үнэлж чаддаг болохын зэрэгцээ зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүний талаар элдэв сэжиг, эргэлзээ тээхээ болино гэж Би найдаж байна. Бурхан бүхнийг хүний төлөө дуугүйхэн хийж, энэ бүхнийгээ Өөрийн чин сэтгэл, итгэмжит байдал, хайраар чимээгүйхэн хийж байдаг. Гэвч хийдэг аливаа зүйлдээ зовниж, харамсах явдал Түүнд ер байдаггүй, Түүнд хэн ч, хэзээ ч ямар нэгэн хэлбэрээр хариу төлөх хэрэггүй, бөгөөд эсвэл хүн төрөлхтнөөс ямар ч юм авах санаа Түүнд огт байхгүй. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго бол хүн төрөлхтний жинхэнэ итгэл, хайрыг хүлээн авах явдал юм. Эхний сэдвийг үүгээр дуусгая.
Эдгээр хэлэлцүүлэг та нарт тус болов уу? Хэр их тус болов? (Бурханы хайрын тухай илүү их ойлголт, мэдлэгтэй боллоо.) (Нөхөрлөлийн энэ арга цаашид Бурханы үгийг илүү сайн үнэлэхэд, үг хэлж байх үеийнх нь сэтгэл хөдлөл ба хэлсэн зүйлийнх нь утга учрыг ойлгоход болон яг тэр үед юу мэдэрч байсныг нь мэдрэхэд бидэнд тусалж чадна.) Эдгээр үгийг уншсаны дараа та нарын дундаас Бурханы бодит оршин тогтнолыг илүү их мэдэрсэн хүн байна уу? Бурханы оршин тогтнол нь хоосон хөндий, бүдэг бадаг биш гэдгийг мэдэрч байна уу? Та нар нэгэнт ийм мэдрэмжтэй болоод Бурхан яг хажууд чинь байгааг мэдэрч чаддаг уу? Уг мэдрэмж яг одоо тийм ч илт бус, эсвэл та нар үүнийг хараахан мэдэрч чадахгүй байж магадгүй. Гэвч нэг л өдөр та нар зүрх сэтгэлдээ Бурханы зан чанар болон мөн чанарыг үнэнээсээ ихэд үнэлж, бодитой мэдлэгтэй болохдоо Бурхан яг хажууд чинь байгааг мэдэрнэ—чи л Бурханыг зүрх сэтгэлдээ хэзээ ч жинхэнээсээ хүлээн аваагүй. Энэ нь үнэн юм.
Та нар нөхөрлөлийн энэ аргын талаар юу гэж бодож байна? Та нар хоцроогүй биз? Бурханы ажил болон Бурханы зан чанарын талаарх ийм нөхөрлөл маш хүнд гэж та нар бодож байна уу? Та нарт ямар санагдсан бэ? (Маш сайхан, баяртай байна.) Та нарт юу нь сайхан санагдав? Та нар яагаад баярлав? (Еден цэцэрлэгт буцаад очсон юм шиг, Бурханы хажууд очсон юм шиг байлаа.) “Бурханы зан чанар” гэдэг нь үнэндээ хүмүүст нэг их танил бус сэдэв, учир нь, чиний төсөөлдөг зүйл, номоос уншиж, нөхөрлөлөөс сонссон зүйл чинь сохор хүн заанд хүрч байгаа шиг санагдуулах хандлагатай байдаг—чи гараараа л тэмтчих боловч үнэндээ юу ч дүрслэн харж чаддаггүй. Сохроор тэмтчээд Бурханы тухай тодорхой санаа байтугай бүдүүн тойм ойлголт ч өгч чадахгүй; энэ нь чиний төсөөллийг улам лөдөөж, Бурханы зан чанар болон мөн чанар яг юу болохыг нарийн тодорхойлоход чинь саад хийх бөгөөд чиний төсөөллөөс урган гарах тодорхойгүй зүйлс зүрх сэтгэлийг чинь эргэлзээгээр тогтмол дүүргэнэ. Чи ямар нэгэн зүйлийн талаар итгэлтэй байж чадахгүй атлаа бас ойлгох гэж оролдоход зүрх сэтгэлд чинь үргэлж зөрчил, тэмцэл, бүр түгшүүр төрүүлэн баримжаа алдуулж, будлиулдаг. Чи Бурханыг хайхыг, Бурханыг мэдэхийг, Түүнийг тодхон харахыг хүсэж байгаа боловч үргэлж хариуг нь олж чадахгүй байвал маш зовлонтой хэрэг биш үү? Мэдээж, эдгээр үг нь зөвхөн Бурханыг эмээн хүндэлж, Бурханыг хангалуун байлгахыг хүсдэг хүмүүст чиглэсэн. Ийм зүйлд ямар ч анхаарал хандуулдаггүй хүмүүст энэ үнэндээ хамаагүй, учир нь, тэд Бурханы бодит байдал болон оршин тогтнол нь домог юм уу, санааны зохиол төдий байгаасай л гэж найддаг, тэгвэл тэд юу дуртайгаа хийж чадна, тэгвэл хамгийн том, хамгийн чухал хүмүүс болж чадна, тэгвэл үр дагаврыг нь тоолгүйгээр муу үйл үйлдэж чадна, тэгээд ямар ч шийтгэл хүлээхгүй, ямар ч хариуцлага үүрэхгүй, тэр ч бүү хэл, мууг үйлдэгчдийн тухай Бурханы хэлсэн зүйлс тэдэнд хамаарахгүй. Энэ хүмүүс Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй. Бурханыг болон Түүний тухай бүхнийг мэдэх гэж оролдохоос үхтэлээ залхдаг. Тэд Бурхан оршдоггүй байсан нь дээр гэж үздэг. Энэ хүмүүс Бурханыг эсэргүүцдэг бөгөөд таягдан хаягдах хүмүүсийн тоонд багтдаг юм.
Дараа нь бид Ноагийн түүх болон энэ нь Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурханы Өөрийнх нь тухай сэдэвт хэрхэн холбогддог тухай хэлэлцэнэ.
Бичвэрийн энэ хэсэгт Бурхан Ноад юу хийж байгааг та нар харж байна вэ? Энд сууж байгаа хүн бүр уг бичвэрийг уншаад энэ талаар зарим нэг зүйлийг мэдэж авсан байх: Бурхан Ноагаар бүхээг бариулаад дараа нь үерээр дэлхийг устгасан. Бурхан Ноад найман хүнтэй гэр бүлээ аврах бүхээг барьж, тэднийг амьд үлдээд хүн төрөлхтний дараагийн үеийн өвөг дээдэс болохыг зөвшөөрсөн юм. Одоо Библиэс уншицгаая.
II. Ноа
1. Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барих заавар өгсөн нь
Эхлэл 6:9–14 Ноагийн үр удам энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Бурхантай хамт явдаг байв. Ноа Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий бас Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхайгаар давирхайд” гэв.
Эхлэл 6:18–22 “Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн эхнээр, хөвгүүд, бэрүүдтэй цуг тэр бүхээгт орно. Мөн өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд чи мах цустай амьтан бүрээс эр, эмийг хосоор нь бүхээгт оруул. Амьд үлдээхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхдөг бүхний төрөл төрлөөс хосоороо чам дээр очно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно” гэв. Ноа тийнхүү үйлдэв; тэрээр Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор нь гүйцэтгэжээ.
Энэ хоёр хэсгийг уншсаны дараа та нар Ноа гэж хэн болох талаар ерөнхий ойлголттой болов уу? Ноа ямар хүн бэ? Эх бичигт “Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс” гэж байна. Орчин үеийн хүмүүсийн ойлголтоор бол тэр үед “шударга” хүн гэж ямар хүн байсан бэ? Шударга хүн бол төгс хүн байх учиртай. Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдэнд төгс хүн үү, эсвэл Бурханы нүдэнд төгс үү гэдгийг та нар мэдэх үү? Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдэнд биш, харин Бурханы нүдэнд төгс хүн байх нь эргэлзээгүй. Энэ бол гарцаагүй! Учир нь, хүн сохор бөгөөд харж чадахгүй, зөвхөн Бурхан л газар дэлхийг бүхлээр нь, мөн хүн нэг бүрийг ажиглаж байдаг тул Ноа төгс хүн гэдгийг зөвхөн Бурхан л мэднэ. Иймд дэлхийг үерээр устгах Бурханы төлөвлөгөө нь Ноаг дуудсан мөчөөс эхэлсэн.
Тэр эрин үед Бурхан маш чухал нэг зүйл хийхийн тулд Ноаг дуудах гэсэн. Энэ ажлыг яагаад хийх хэрэгтэй болсон бэ? Яагаад гэвэл, тухайн мөчид Бурханы зүрх сэтгэлд нэгэн төлөвлөгөө байлаа. Тэр дэлхийг үерээр устгах төлөвлөгөөтэй байв. Яагаад дэлхийг устгана гэж? Энд ингэж хэлсэн байна: “Газар дэлхий бас Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ.” “Дэлхий хүчирхийллээр дүүрчээ” гэсэн өгүүлбэрээс та нар юу ойлгож байна вэ? Энэ нь дэлхий болон түүний хүмүүс хэтэртлээ ялзрахад тохиолддог үзэгдэл юм; үүнээс үүдэн “дэлхий хүчирхийллээр дүүрчээ” гэжээ. Өнөөдрийн хэлээр “хүчирхийллээр дүүрчээ” гэдэг нь бүх юм эмх замбараагүй байна гэсэн үг юм. Хүний хувьд энэ нь нийгмийн бүх анги давхаргад дэг журам байхгүй, юмс бүгд замбараагүй бөгөөд удирдах аргагүй болсон гэсэн утгатай. Бурханы нүдэнд бол дэлхийн хүмүүс дэндүү ялзарсан гэсэн үг байв. Харин ямар хэмжээнд хүртэл ялзарсан бэ? Бурхан цаашид харж тэвчихгүй, энэ талаар цаашид хүлцэж чадахаа болих хүртэл хэмжээнд ялзарсан. Бурхан тэднийг устгахаар зорих хэмжээнд хүртлээ ялзарсан юм. Бурхан дэлхийг устгахаар шийдэхдээ нэгэн бүхээг барих хүн олохоор төлөвлөсөн. Бурхан энэ ажлыг гүйцэтгүүлэхээр Ноаг сонгосон; Ноагаар бүхээг бариулах гэсэн. Яагаад Ноаг сонгосон бэ? Бурханы нүдэнд Ноа бол зөв шударга хүн байсан; Бурхан юу ч гэж зааварласан бай, Ноа ёсоор нь хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурханы юу хий гэснийг нь Ноа хийхэд бэлэн байжээ. Өөртэй нь хамт ажиллаж, Өөрийнх нь даалгасныг гүйцээж—газар дээрх ажлыг нь гүйцээх ийм хүн олохыг Бурхан хүссэн. Тэр үед ийм ажлыг гүйцээж чадах хүн Ноагаас өөр байсан уу? Огтхон ч үгүй! Ноа бол Бурханы даалгасан зүйлийг гүйцээж чадах цорын ганц тохирох хүн байсан тул Бурхан түүнийг сонгосон. Гэхдээ тэр үед хүмүүсийг аврах Бурханы стандарт, хязгаар нь өнөөгийнхтэй адил байсан уу? Хариулт нь гэвэл, мэдээж ялгаа бий! Би яагаад үүнийг асууж байна вэ? Тэр үед Ноа бол Бурханы үзэхэд, цорын ганц зөв шударга хүн байсан ба харин эхнэр нь ч, хөвгүүд ба бэрүүдийн аль нь ч зөв шударга хүмүүс байгаагүй боловч Ноаг бодоод Бурхан энэ хүмүүсийг зүгээр орхисон. Бурхан тэдэнд шаардлага тавихдаа одоогийнх шиг байдлаараа тавиагүй, харин Ноагийн гэрийн бүх найман гишүүнийг амьд үлдээсэн. Тэд Ноагийн зөвт байдлын ачаар Бурханы ерөөлийг хүртсэн юм. Ноа байгаагүй бол тэдний хэн нь ч Бурханы даалгасан зүйлийг гүйцээж чадахгүй байсан билээ. Иймд Ноа бол тэр үеийн дэлхийн сүйрлээс амьд гарах ёстой цорын ганц хүн байсан бөгөөд бусад нь зүгээр л хөндлөнгийн завшаантнууд юм. Бурхан Өөрийн удирдлагын ажлыг албан ёсоор эхлэхээс өмнөх эринд хүмүүст хандаж, тэднээс шаардаж байсан зарчим ба стандарт нь харьцангуй зөөлөн байсан гэдгийг энэ харуулдаг. Ноагийн гэрийн найман хүнд хандсан Бурханы байдал өнөөгийн хүмүүст “шударга ёсоор” дутмаг мэт харагддаг. Гэвч одоо хүмүүс дээр Түүний хийдэг ажлын далайц, Түүний дамжуулдаг үгийнх нь хэмжээтэй харьцуулахад Ноагийн гэрийн найман хүнд хандсан Бурханы хандлага нь тухайн үеийн Түүний ажлын цаад шалтгааныг авч үзэхэд ердөө л ажлын зарчим байсан юм. Харьцуулбал, найман хүнтэй Ноагийнх, Бурханаас илүү ихийг авсан уу, эсвэл одоогийн хүмүүс ихийг авдаг уу?
Ноа дуудагдсан нь энгийн нэг баримт боловч бидний ярих гэж байгаа гол зүйл болох энэ тэмдэглэл дэх Бурханы зан чанар, Түүний хүсэл, Түүний мөн чанар нь тйим ч энгийн биш. Бурханы энэ хэдэн талыг ойлгохын тулд бид эхлээд Бурхан ямар төрлийн хүнийг дуудахыг хүсдэг вэ гэдгийг ойлгоод, үүгээрээ Түүний зан чанар, Түүний хүсэл болон мөн чанарыг ойлгох ёстой. Энэ бол маш чухал. Тэгэхээр Бурханы дууддаг хүн Бурханы нүдэнд чухам ямар төрлийн хүн байдаг вэ? Энэ нь Түүний үгийг сонсож, Түүний зааврыг дагаж чаддаг хүн байх ёстой. Үүний зэрэгцээ энэ нь хариуцлагатай агаад Бурханы үгийг биелүүлэхээр хүлээсэн хариуцлага, үүрэг гэж үзэн гүйцэтгэх хүн байх ёстой. Тэгвэл ийм хүн Бурханыг мэддэг хүн байх хэрэгтэй юу? Үгүй. Тэр үед Ноа Бурханы сургаалыг тийм ч их сонсоогүй ба Бурханы ямар ч ажлыг мэдрээгүй байсан. Иймд Ноа Бурханы тухай маш бага мэдлэгтэй байв. Энд Ноаг Бурхантай хамт явдаг байсан гэж бичсэн боловч тэр Бурханы үнэн биеийг ер нь харсан уу? Хариулт нь, яавч үгүй! Яагаад гэвэл, тэр үед зөвхөн Бурханы элч нар л хүмүүсийн дунд ирдэг байсан. Тэд аливааг хэлж, хийхдээ Бурханыг төлөөлдөг байсан ч Бурханы хүсэл, санаа зорилгыг дамжуулдаг төдий байсан юм. Бурхан хүнтэй нүүр тулан үнэн биеэ илчлээгүй. Бичвэрийн энэ хэсгээс бид үндсэндээ энэ Ноа гэдэг хүн юу хийх ёстой байсан, мөн түүнд өгсөн Бурханы заавар юу байсныг хардаг. Тэгэхээр энд Бурханы илэрхийлсэн мөн чанар нь юу байсан бэ? Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэгэн зүйл, үйл явдал үүсэхийг харахдаа Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандарт нь үүнийг шийдэх төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ зүйл, үйл явдлыг шийдэхдээ ямар арга барилаар хандахыг нь тодорхойлдог. Тэр бүх зүйлд тоомжиргүй, эсвэл хайхрамжгүй байдаггүй. Үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн нэг мөр энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ.” Бурхан үүнийг хэлэхдээ Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэсэн үү? Үгүй! Бурхан мах цустай амьд бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрэл хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдэнд бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв.” “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг ямар утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгэхээр хүнийг болон мах цустай бүхний ялзралыг Бурхан ямар хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл нь. Хүн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл нь. Хүн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл нь. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурхан цаашид тэвчиж чадахаа больсон. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл. Энэ нь Бурханы зан чанарын илчлэлийн нэг хэсэг биш байсан гэж үү? Одоогийн энэ эрин үед Бурханы нүдэнд зөв шударга хүн бас л бий юу? Бурханы нүдэнд төгс хүн бас л бий юу? Энэ эрин үе нь Бурханы нүдэнд бол, газар дээрх мах цустай бүхний үйлдэл ялзарсан үе мөн үү? Эдүгээ Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүсээс, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цуснаас бүрдсэн бүх хүн Бурханы тэвчээрийн хязгаарыг сорьж байгаа биш гэж үү? Өдөр бүр энэ ертөнц дээр та нарын хажууд тохиолддог, та нарын нүдээрээ харж, чихээрээ сонсдож, биеэрээ амсдаг бүхэн хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы үзэхэд, ийм ертөнц, ийм эрин үеийг дуусгавал зохилтой бус уу? Одоогийн эрин үеийн цаад нөхцөл нь Ноагийн үеийн цаад нөхцөл байдлаас огт өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан хэвээрээ. Бурхан Өөрийн ажлаас болоод тэвчиж чаддаг боловч бүхий л төрлийн нөхцөл, байдалд бол Бурханы нүдэнд энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байсан. Нөхцөл байдал нь дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч долоон дор байна. Гэхдээ ялгаа нь юу вэ? Энэ нь бас Бурханы зүрх сэтгэлийг хамгийн их гуниглуулдаг зүйл бөгөөд та нарын хэн нь ч үүнийг ухамсарлаж чадахгүй зүйл байж магадгүй.
Бурхан дэлхийг үерээр устгахдаа Ноаг бүхээг барих болон зарим бэлтгэл ажил хийлгэхээр дуудаж чадсан. Бурхан Өөртөө энэ олон зүйлийг хийлгэхээр Ноа хэмээх нэг хүнийг дуудаж чадсан юм. Гэвч одоогийн энэ эрин үед Бурханд дуудах хүн үгүй болжээ. Яагаад ийм байна вэ? Энд сууж байгаа хүн нэг бүр уг шалтгааныг сайн мэдэж, тодорхой ойлгодог байх. Би үүнийг та нарт хэлэх хэрэгтэй юу? Үүнийг чанга хэлбэл та бүхний нүүрийг улайлгаж, хүн бүрийг хямрааж магадгүй. Зарим хүн: “Хэдийгээр бид Бурханы нүдэнд зөв шударга бус, төгс бус хүмүүс боловч хэрвээ Бурхан бидэнд ямар нэг зүйл хий гэж зааварчилбал бид түүнийг нь хийж чадах л юм. Өмнө нь, сүйдтэй гамшиг ирж байгаа тухай Түүнийг хэлэхэд бид гамшгийн үед хэрэг болох хүнс болон бусад зүйлсийг бэлдэж эхэлсэн. Энэ бүхэн нь Бурханы шаардлагын дагуу хийгдээгүй гэж үү? Бид Бурханы ажилтай үнэхээр хамтран ажиллаагүй гэж үү? Бидний хийсэн эдгээр зүйлийг Ноагийн хийсэнтэй харьцуулж болохгүй юм гэж үү? Бидний тэгж хийж байсан нь жинхэнэ дуулгавартай байдал биш гэж үү? Бид Бурханы зааврыг дагаж байгаагүй гэж үү? Бид Бурханы үгэнд итгэдэг учраас л Бурханы хэлснийг хийгээгүй гэж үү? Тэгвэл яагаад Бурхан гунигласаар байна вэ? Дуудах хүн нэг ч алга гэж Бурхан яагаад хэлдэг вэ?” Та нарын үйлдэл болон Ноагийн үйлдлийн хооронд ялгаа байна уу? Ялгаа нь юу вэ? (Өнөөдөр гамшигт зориулж хүнс бэлдэх нь бидний өөрсдийн санаа байсан.) (Бидний үйлдэл “зөв шударга”, байж чаддаггүй байхад Ноа бол Бурханы нүдэнд зөв шударга хүн юм.) Та нарын хэлсэн зүйл нэг их хол зөрсөнгүй. Ноагийн хийсэн зүйл нь одоогийн хүмүүсийн хийж байгаа зүйлээс эрс ялгаатай юм. Ноа Бурханы зааврыг дагаж байхдаа Бурханы санаа зорилго юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, их тайлбарлалгүйгээр нэг юм хий гэж зааварласан бөгөөд Ноа ёсоор болгож, түүнийг нь хийсэн. Тэрээр дотроо Бурханы санаа зорилгын учрыг олох гэж оролдоо ч үгүй, Бурханыг эсэргүүцээ ч үгүй, мөн хуурамч зан гаргаа ч үгүй. Тэр явж очоод л цайлган, эгэл сэтгэлээр зохих ёсоор нь хийсэн. Бурханы юу л хий гэснийг хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонссон нь түүний аливааг хийх итгэл үнэмшил байлаа. Бурханы даалгасан зүйлийг тэр ингэж шулуухан, энгийнээр хариуцаж авсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, түүнчлэн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн олз, гарзын талаар бодох явдал биш, харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад, Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэхэд Ноа хэзээ гэдгийг нь асуугаагүй, эсвэл юу тохиолдохыг асуугаагүй, мөн Бурханаас дэлхийг хэрхэн устгах гэж байгааг лав асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааварласнаар хийсэн. Бурхан яаж хийхийг, юугаар хийхийг хүссэнчлэн бүхнийг яг Бурханы хэлснээр хийсэн бөгөөд бас даруйхан ажлаа эхэлсэн. Тэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн хандлагатайгаар Бурханы зааврын дагуу үйлдсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Бурханаас ертөнцийг сөнөөх хүртэл хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу, эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, ёсоор нь хийсэн. Одоогийн хүмүүс ийм биш юм: Бурханы үгээс жаахан л мэдээлэл цухалзмагц, салхинд навчис сэржигнэх төдийхнийг мэдэрмэгцээ хүмүүс юу ч хамаагүй, ямар ч үнээр хамаагүй хожим идэж, уух, хэрэглэх зүйлээ, тэр ч байтугай гамшиг тохиолдоход зугтах замаа ч төлөвлөх гэж гэнэт ирмүүн ажилладаг. Үүнээс ч илүү сонирхолтой нь, энэ чухал мөчид “ажил амжуулахдаа” хүний тархи маш сайн байдаг. Бурхан ямар ч заавар өгөөгүй нөхцөлд хүн юм бүхнийг маш тохиромжтойгоор төлөвлөж чаддаг. Та нар ийм төлөвлөгөөг дүрслэхдээ “төгс” гэдэг үгийг хэрэглэж болох юм. Харин Бурханы хэлдэг зүйл, Бурханы санаа зорилго, Бурханы хүсэж буй зүйлийн талаар бол хэн ч хайхардаггүй ба ойлгох гэж оролддоггүй. Энэ нь одоогийн хүмүүс болон Ноагийн хоорондох хамгийн том ялгаа биш гэж үү?
Ноагийн түүхийн тухай энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг харав уу? Хүний ялзрал, бузар булай, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Тэр цаашид тэвчихээ больж, харин шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнд хүмүүс хэзээ ч халдаж болохгүй гэдгийг юм уу, эсвэл Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын тулд биш бөгөөд хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулахын тулд ч биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь иймэрхүү хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний эрх мэдэл дор цаашид амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л дэлхий дээр Түүний аварч чадах нэг ч хүн байхгүй болоход Тэр ийм хүн төрөлхтнийг цаашид тэвчихээ болих ба ийм хүн төрөлхтнийг устгах Өөрийн төлөвлөгөөг эргэлзэж тээнэгэлзэлгүй хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогддог. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы эрх мэдэл дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм. Энэ нь, одоогийн эрин үед Бурхан Өөрийн төлөвлөгөөг дуусгаж, Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг аврахаар тэсэн яддагийг харуулахгүй байна гэж үү? Ийм нөхцөлд Бурхан юунд хамгийн их санаа тавьдаг вэ? Түүнийг огт дагадаггүй хүмүүс, эсвэл Түүнийг юу ч гэсэн эсэргүүцдэг хүмүүс Түүнд яаж хандаж, Түүнтэй яаж мөчөөрхдөг, эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж гүжирдэж байгаад биш. Зөвхөн Өөрийг нь дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх авралын бай нь Түүгээр бүрэн төгс болгуулсан эсэх, мөн тэд Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л санаа тавьдаг. Түүнийг дагадгаас бусад хүмүүсийн тухайд бол Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг төдий. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр бас Өөрийг нь дагадаг ба Өөрөө аврах гэж байгаа хүмүүсийг хүчтэй хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар, Тэр бүрэн гүйцэд болгох гэж байгаа хүмүүстээ туйлын их тэвчээр, хүлээцтэй байж, тэднийг чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар, Өөрийг нь дагадаггүй, Өөрийг нь эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг туйлгүй үзэн ядаж, жигшдэг. Сатаны төрлийн энэ хүмүүс Өөрийг нь дагаж, Өөрийг нь шүтэн мөргөдөг эсэхийг Тэр тоодоггүй хэдий боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчихийн хамт тэднийг мөн л зэвүүцдэг бөгөөд Сатаны төрлийн энэ хүмүүсийн төгсгөлийг шийдэнгээ Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмууд ирэхийг бас хүлээж байна.
Дараагийн хэсгийг харцгаая.
2. Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл
Эхлэл 9:1–6 Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж, “Өсөн үржиж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувууд та нараас айж, та нараас эмээнэ; газар дээрх шавьж бүхэн, далайн бүх загасыг та нарын гарт өгнө. Амьд амьтад та нарын хоол болно; та нарт хүнсний ногоо өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар тэдний махыг амьтай нь буюу цустай нь идэж болохгүй. Та нарын цусыг урсгаж, амийг хөнөөсөн араатан бүрээс, мөн хүний гараас Би амийн цусыг гарцаагүй нэхнэ; хүний ах дүү бүрийн гараас ч Би хүний амийг нэхнэ. Хүний цус урсгасан хэний ч цус хүний гараар урсана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.
Та нар энэ хэсгээс юу юу ойлгож байна вэ? Би яагаад эдгээр эшлэлийг сонгосон бэ? Би яагаад Ноа ба түүний гэр бүлийн бүхээг дээр байсан үеийнх нь амьдралын тухай эшлэл сонгоогүй вэ? Яагаад гэвэл, тэрхүү мэдээлэл нь бидний өнөөдрийн ярилцаж буй сэдэвтэй нэг их холбоогүй. Бидний анхаарах зүйл бол Бурханы зан чанар юм. Хэрвээ та нар тэр тухай дэлгэрэнгүй мэдмээр байвал Библи аваад өөрсдөө уншаарай. Бид тэр тухай энд ярихгүй. Өнөөдрийн бидний ярилцах хамгийн гол сэдэв бол Бурханы үйл хэргийг хэрхэн мэдэх тухай юм.
Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг барьж, Бурхан дэлхийг үерээр сөнөөж байсан өдрүүдэд амь зогоож, найман хүнтэй гэр бүл нь бүтнээрээ амьд гарсан. Найман ам бүлтэй Ноагийнхаас бусад бүх хүн төрөлхтөн устсан, газар дэлхий дээрх бүх амьд юм устсан. Ноад Бурхан ерөөлөө хайрлаад түүнд болон хөвгүүдэд нь хэдэн үг хэлсэн. Эдгээр үг нь Бурханы түүнд хайрлаж байсан зүйлс, мөн Бурханы түүнд өгсөн ерөөл байсан юм. Энэ бол Түүнийг сонсож, Түүний зааврыг хүлээн авч чаддаг хүнд өгдөг Бурханы ерөөл, амлалт бөгөөд энэ нь бас хүмүүсийг шагнадаг Бурханы арга юм. Өөрөөр хэлбэл, Бурханы нүдэнд Ноа төгс хүн, эсвэл зөв шударга хүн байсан эсэхээс үл хамааран, Бурханы талаар хэр зэрэг мэддэг байснаас үл хамааран, товчхондоо, Ноа ба түүний гурван хүү бүгдээрээ Бурханы үгийг сонсож, Бурханы ажилд хамтарч, Бурханы зааврын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн. Үр дүнд нь тэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний дараагийн алхамд асар их хувь нэмэр оруулж, дэлхий үерт сүйрсний яг дараа Бурханы төлөө хүмүүс болон төрөл бүрийн амьд зүйлийг эсэн мэнд авч үлдсэн. Хийсэн бүхнийх нь төлөө Бурхан түүнийг ерөөжээ. Өнөөдрийн хүмүүсийн хувьд Ноагийн хийсэн зүйл дурдахын ч хэрэггүй юм байж магадгүй. Тэр ч байтугай “Ноа юу ч хийгээгүй, Бурхан түүнийг үлдээхээр шийдсэн болохоор тэр мэдээж үлдэх байсан. Ололт амжилтынхаа ачаар тэр амь гарсан биш. Бурхан ийм юм болохыг хүссэн, учир нь хүн бол идэвхгүй” гэж зарим хүн бодож магадгүй. Гэвч энэ нь Бурханы бодож байсан юм биш билээ. Хүн агуу, эсвэл өчүүхэн байх нь Бурханд хамаагүй, Түүнийг сонсож, тэд Түүний заавар, Түүний даалгасан зүйлд дуулгавартай хандаж, Түүний ажил, Түүний хүсэл, Түүний төлөвлөгөөтэй хамтран ажиллаж чаддаг ба тэгснээр Түүний хүсэл болон Түүний төлөвлөгөө төвөггүй хэрэгжиж байх л юм бол тэдний тийм зан төлөв Түүнд дурсагдахуйц, Түүний ерөөлийг хүртэхүйц байх юм. Бурхан тийм хүмүүсийг эрхэмлэдэг ба тэдний үйлдэл, Өөрийг нь гэсэн тэдний хайр, сэтгэлийг нандигнадаг. Энэ бол Бурханы хандлага юм. Тэгэхээр Бурхан яагаад Ноаг ерөөсөн бэ? Яагаад гэвэл, хүний тийм үйлдэл, дуулгавартай байдалд Бурхан ингэж ханддаг юм.
Бурхан Ноаг ерөөсөн тухайд зарим хүн: “Хэрвээ хүн Бурханыг сонсож, Бурханыг хангалуун болгож байвал Бурхан хүнийг ерөөх ёстой. Энэ нь зүй ёсны хэрэг биш гэж үү?” гэж хэлнэ. Бид ингэж хэлж болох уу? Зарим хүн: “Болохгүй” гэдэг. Бид яагаад тэгж хэлж болохгүй вэ? Зарим хүн: “Хүн бол Бурханы ерөөлийг эдлэхэд зохисгүй” гэж хэлдэг. Энэ яг зөв биш юм. Яагаад гэвэл, хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг болон түүний хийдэг зүйл тэнцэх эсэхийг шүүх стандарт Бурханд байдаг. Бурханы анхаардаг зүйл нь хүний гадна талын үйлдэл биш, харин хүний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийхийг үл харгалзан ямар нэг зүйл хийж л байвал Бурхан хүнийг ерөөх ёстой гэсэн үг биш. Энэ бол Бурханы тухай хүмүүст байдаг буруу ойлголт юм. Бурхан юмны зөвхөн эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах хугацаанд хүний зүрх сэтгэл ямар байгааг болон хүний хандлага ямар байгааг илүү онцлон анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, тоомсор болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг. Тэр үед Ноа Бурханы талаар хэр их мэддэг байсан бэ? Одоо та нарын мэддэг сургаал шиг их байсан уу? Бурханы тухай ухагдахуун болон мэдлэг гэх мэт үнэний талын хувьд тэрээр та нартай адил хэмжээний усалгаа, хариулга хүлээн авсан уу? Үгүй ээ, тэгээгүй! Гэвч энд үгүйсгэхийн аргагүй нэг баримт байна: Одоогийн хүмүүсийн ухамсар, оюун санаа, зүрх сэтгэлийнх нь гүнд байгаа Бурханы тухай ухагдахуун болон хандлага бүдэг бадаг бөгөөд тодорхойгүй. Хүмүүсийн нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд үгүйсгэсэн хандлагаар ханддаг гэж ч хэлж болно. Харин Ноа зүрх сэтгэл, ухамсартаа Бурханы оршин тогтнолд бүрэн дүүрэн, өчүүхэн ч эргэлзээгүй итгэдэг байсан тул түүний дуулгавартай байдал хольцгүй байсан ба туршилтыг тэсвэрлэж чадсан. Түүний зүрх сэтгэл цэвэр бөгөөд Бурханд нээлттэй байсан. Бурханы үг бүрийг дагахад өөрийгөө итгүүлэхийн тулд түүнд онолын нэг их мэдлэг хэрэггүй байсан ба Бурханы даалгасныг хүлээн авч чадахын тулд, мөн Бурханы хий гэсэн бүхнийг хийх чадвартай байхын тулд Бурханы оршин тогтнолыг батлах олон баримт ч хэрэггүй байсан. Энэ бол Ноа болон өнөөдрийн хүмүүсийн хоорондын мөн чанарын ялгаа ба Бурханы нүдэнд төгс хүн чухам ямар байх тухай жинхэнэ тодорхойлолт юм. Бурхан Ноа шиг хүмүүсийг хүсдэг. Тэр бол Бурханы магтдаг, мөн Бурханы ерөөдөг чухам тийм төрлийн хүн юм. Та нар үүнээс гэгээрэл олж авав уу? Хүмүүс хүмүүсийг гаднаас нь хардаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний зүрх сэтгэл, мөн чанар юм. Өөрт нь дурамжхан, эргэлзсэн байдлаар хандахыг Бурхан хэнд ч зөвшөөрдөггүй ба мөн Өөрийг нь ямар ч байдлаар сэжиглэх юм уу, туршихыг хүмүүст зөвшөөрдөггүй. Иймээс өнөөдрийн хүмүүс Бурханы үгтэй нүүр тулдаг—Бурхантай нүүр учирдаг гэж хэлж ч болох атал зүрх сэтгэлийнх нь гүнд байдаг ямар нэг зүйлээс, завхарсан мөн чанар байдгаас, Бурханд дайсагнадаг хандлагаасаа болоод Бурханд итгэх жинхэнэ итгэл нь боогдож, Түүнд дуулгавартай байх нь хаагддаг. Үүнээс болоод Бурханы Ноад хайрласантай адил ерөөлийг олох нь тэдний хувьд маш хэцүү юм.
Одоо бид Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон тухай хэсгийг бичвэрээс харцгаая.
3. Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь
Эхлэл 9:11–13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй. Тэгээд Бурхан: “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь энэ: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.
Ихэнх хүн солонго гэж юу болохыг мэддэг ба солонготой холбоотой зарим түүх сонссон. Библи дэх солонгын тухай түүхийн хувьд гэвэл, зарим хүн үүнд итгэж, зарим нь үүнийг домог гэж үздэг байхад бусад нь ерөөсөө итгэдэггүй. Ямар ч байсан солонготой холбоотой тохиолдсон бүх үйл явдал нь Бурханы ажил бөгөөд хүнийг удирдах Бурханы удирдлагын үйл явцад болсон билээ. Эдгээр зүйлийг Библид яг нарийн тэмдэглэсэн байдаг. Эдгээр тэмдэглэл нь тэр үед Бурханы ааш аяг ямар байсныг, эсвэл Бурханы хэлсэн эдгээр үгийн цаана ямар санаа зорилго байсныг бидэнд хэлдэггүй. Түүнчлэн Бурхан эдгээр үгийг хэлж байхдаа ямар мэдрэмжтэй байсныг хэн ч мэдэж чаддаггүй. Гэвч энэ бүхэл үйл явдлын талаар Бурханы сэтгэл санааны байдал нь бичвэрийн цаад утгаас илэрч байна. Бурханы тэр үеийн бодол нь Түүний айлдварын үг, хэллэг бүрээр дамжин хуудаснаас даруй тодрон гарч ирэх мэт байдаг.
Бурханы сэтгэл бодол бол хүмүүсийн хамгийн их анхаарах ёстой зүйл бөгөөд мэдэж авах гэж хичээвэл зохих зүйл юм. Учир нь Бурханы бодол нь Бурханы талаарх хүний ойлголттой салшгүй холбоотой бөгөөд Бурханы тухай хүний ойлголт нь хүний амийн оролтод зайлшгүй чухал зангилаа юм. Тэгвэл эдгээр үйл явдал тохиолдох үед Бурхан юу бодож байсан бэ?
Анх Бурхан Өөрийнхөө үзлээр маш сайн бөгөөд Өөртөө ойр хүн төрөлхтөн бүтээсэн боловч тэд Түүний эсрэг боссоны дараа тэднийг үерээр устгасан. Ийм хүн төрөлхтөн хоромхон зуур ингэж алга болсон нь Бурханыг шаналгасан уу? Мэдээж, шаналгасан! Тэгвэл Тэр энэ зовнилоо юугаар илэрхийлсэн бэ? Энэ нь Библид хэрхэн тэмдэглэгдсэн бэ? Энэ нь Библид ийнхүү тэмдэглэгджээ: “Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй.” Энэ энгийн өгүүлбэр нь Бурханы бодлыг илчилж байна. Дэлхийн энэ сүйрэл Түүнийг маш их шаналгасан. Хүний үгээр бол Тэр маш гунигтай байсан юм. Бид ингэж төсөөлж болно: Нэгэнтээ амиар дүүрэн байсан дэлхий үерт устсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Нэгэнтээ хүн төрөлхтнөөр дүүрэн байсан дэлхий тэр үед ямархуу харагдаж байсан бол? Хүний суурьшил үгүй, амьд зүйл үгүй, хаа сайгүй ус, усны гадаргуу дээр жинхэнэ сүйрэл байсан. Бурхан дэлхий ертөнцийг бүтээх үед иймэрхүү дүр зураг Түүний анхдагч санаа зорилго байсан уу? Мэдээж үгүй! Бурханы анхдагч санаа бол бүх газар нутаг даяар амьдрал цэцэглэхийг харах, Түүнийг шүтэн мөргөдөг ганц хүн нь, эсвэл Түүний дуудлагад хариу өгч, даалгасан зүйлийг нь гүйцээдэг ганц хүн нь Ноа биш, харин Өөрийнх нь бүтээсэн хүмүүс Өөрт нь шүтэн мөргөж байхыг харах явдал байлаа. Хүн төрөлхтөн алга болоход Бурхан Өөрийн анх төлөвлөж байсан зүйлийг бус, харин шал эсрэг зүйлийг харсан. Түүний зүрх яаж шаналахгүй байж чадах юм бэ? Иймд Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж байх үедээ Бурхан шийдвэр гаргасан. Тэр ямар шийдвэр гаргасан бэ? Бурхан дахиж хүн төрөлхтнийг үерээр устгахгүй хэмээн амлаж, хүнтэй байгуулсан гэрээ болгон үүлэнд нум (өөрөөр хэлбэл, бидний хардаг солонго) хийх шийдвэр. Мөн үүний зэрэгцээ энэ нь хүмүүст Бурхан нэгэн цагт дэлхийг үерээр сөнөөсөн гэдгийг хэлж, Бурхан яагаад ийм зүйл хийснийг хүнд үүрд сануулахын тулд байсан.
Тэр удаа дэлхийг устгах нь Бурханы хүссэн зүйл байсан уу? Бурханы хүссэн зүйл огт биш байсан нь дамжиггүй. Бид дэлхийн сүйрлийн дараа газар дэлхий ямар эмгэнэлтэй байсны өчүүхэн хэсгийг төсөөлөн бодож чадах боловч тэр үед Бурханы нүдэнд ямар дүр зураг харагдаж байсныг дөхүүлэн төсөөлж чадахгүй юм. Дэлхийг үерээр сөнөөсний дараах дүр зургийг хараад Бурханы сэтгэл санаа ямар байсныг одоогийн ч юм уу, эсвэл тэр үеийн хүмүүсээс хэн нь ч төсөөлж, ойлгох чадваргүй гэхэд болно. Хүний дуулгаваргүй байдал Бурханыг ийм юм хийхэд хүргэсэн боловч үерт устсан дэлхийн энэ сүйрлээс болж Бурханы амссан сэтгэлийн шаналал нь нэг ч хүний ойлгож үнэлж эс чадах бодит үнэн юм. Тийм учраас Бурхан нэгэнтээ иймэрхүү юм хийсэн гэдгийг хүмүүст сануулах гэж, мөн Бурхан дахиж ийм маягаар дэлхийг хэзээ ч сөнөөхгүй гэж тэдэнд амлахаар зорьж хүн төрөлхтөнтэй гэрээ байгуулжээ. Энэ гэрээнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг ба хүн төрөлхтнийг устгах үед Бурханы зүрх сэтгэл шаналж байсныг хардаг. Хүний хэлээр бол, Бурхан хүн төрөлхтнийг устгах үедээ, хүн төрөлхтөн алга болж байгааг харах үедээ зүрх нь шимширч, элэг нь эмтэрч байсан. Бид үүнээс илүү дүрсэлж чадна гэж үү? Эдгээр үгийг хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэрэглэдэг ба хүний хэл дэндүү хомсдох боловч Бурханы мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дүрслэхэд Надад бол тийм ч муугүй, бас дэндүү хэтрүүлээгүй санагдаж байна. Энэ нь та нарт дор хаяж Бурханы сэтгэл санаа тэр үед ямар байсан тухай маш бодитой, маш тохиромжтой ойлголт өгч байна. Одоо та нар дахиж солонго харахаараа юу бодох вэ? Ядаж л та нар Бурхан нэгэнтээ дэлхийг үерээр сөнөөсөндөө гунигтай байсныг санана. Бурхан энэ дэлхийг үзэн ядаж, хүн төрөлхтөнд зэвүүцэж байсан ч Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлтнийг устгах үедээ Түүний зүрх сэтгэл зовуурилж, зөнд нь хаяж ядан дурамжхан, тэсвэрлэхийн аргагүй болж байсныг та нар санах болно. Түүний цорын ганц тайтгарал нь найман хүнтэй Ноагийн гэр бүл байв. Ноагийн хамтын ажиллагаа нь Түүний бүх зүйлийг бүтээсэн уйгагүй зүтгэлийг талаар болгоогүй юм. Бурханыг зовж байх үед энэ нь л Түүний зовуурийг намдаах ганц зүйл байв. Тэр үеэс Бурхан хүн төрөлхтөнд зориулсан бүх найдвараа Ноагийн гэр бүлд тавьж, тэднийг Түүний хараал дор биш, Түүний ерөөл дор амьдарч чадна гэж найдан, дэлхийг Бурхан дахиж үерээр устгахыг тэд хэзээ ч харахгүй, бас өөрсдөө ч устгагдахгүй гэж найджээ.
Эндээс бид Бурханы зан чанарын аль хэсгийг ойлгох хэрэгтэй вэ? Хүн Түүнтэй дайсагнадаг тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгасан хэдий ч Түүний зүрх сэтгэл хувиралгүй хэвээр үлдсэн. Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, Бурханд ноцтой хэмжээгээр дуулгаваргүй хандахад Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэж, мөн Өөрийн зарчмын дагуу энэхүү хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанараас үүдэн Бурхан хүн төрөлхтнийг бас өрөвдсөн бөгөөд хүн төрөлхтнийг цаашид амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга зам хэрэглэхийг хүртэл хүсэж байв. Гэтэл хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан; өөрөөр хэлбэл, Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан. Бурхан тэднийг яаж ч дуудаад, тэдэнд яаж ч сануулж, тэднийг хангаж, тусалж, тэдэнд хүлээцтэй хандсан ч хамаагүй, хүмүүс үүнийг нь ойлгоогүй, үнэлээгүй бөгөөд ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан шаналж байхдаа хүний ухаарч өөрчлөгдөхийг хүлээн хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлахаа бас л мартаагүй билээ. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөсөн мөчөөс хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд ухаарч өөрчлөгдөх боломж олгох зорилготой байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байв. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл хэчнээн их шаналж, гуньж байсан ч Тэрээр хүмүүст анхаарал, халамж, өгөөмөр өршөөлөө хайрласаар л байсан. Бид үүнээс юу ойлгож байна вэ? Эргэлзээгүйгээр, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь зүгээр нэг дэмжсэн дүр үзүүлэх явдал биш, харин үнэн бодитой гэдгийг ойлгож байна. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, мэдэгдэхүйц бөгөөд бачтай, хуурамч, мэхэлсэн, эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан хайр татам гэдгээ хүмүүст харуулахын тулд хэзээ ч, ямар ч заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд, эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гайхуулахын тулд хэзээ ч хуурамч гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр тал нь хүний хайрыг хүртүүштэй бус уу? Тэдгээрийг шүтэн мөргүүштэй биш гэж үү? Тэдгээрийг нандигнууштай биш гэж үү? Одоо Би та нараас ингэж асуумаар байна: Эдгээр үгийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд байдал, агуу, ариун байдал, хүлээц, хайр гэх зэрэг—Бурханы зан чанар болон мөн чанарын олон янзын тал нэг бүрийн нарийн ширийн нь ажлаа хийх бүрд нь бодитоор илэрхийлэгдэж, хүнд хандсан Түүний хүсэлд шингэсэн ба хүн нэг бүр дээр хэрэгжиж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхийг үл харгалзан Бурхан хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж, сүнсийг сэргээхийн тулд Өөрийн чин зүрх сэтгэл, мэргэн ухаан болон янз бүрийн аргыг хэрэглэн, хүн бүрийг боломжийн бүх аргаар халамжилж байна. Энэ бол маргаангүй үнэн юм. Энд хэдэн ч хүн сууж байгаа нь хамаагүй, хүн бүр Бурханы хүлээц, тэвчээр болон хайр татам байдлын талаар өөр өөр туршлага, мэдрэмжтэй байгаа. Бурханы тухай эдгээр туршлага, эдгээр мэдрэмж, эсвэл Түүний тухай ойлголт—товчхондоо, энэ бүх эерэг зүйл Бурханаас үүдэлтэй. Тэгэхээр Бурханы тухай хүн бүрийн туршлага, мэдлэгийг нэгтгэн, өнөөдөр Библиэс уншсан зүйлтэйгээ нийлүүлэхээр та нар одоо Бурханы талаар илүү үнэн бодитой, зүй зохистой ойлголттой болж байна уу?
Энэ түүхийг уншиж, энэ үйл явдал дээр Бурханы харуулсан зарим зан чанарыг ойлгоод та нар Бурханы талаар ямар шинэ мэдлэгтэй болсон бэ? Энэ нь та нарт Бурхан болон Түүний зүрх сэтгэлийн талаар илүү гүнзгий ойлголт өгсөн үү? Одоо та нар Ноагийн түүхийг дахин харахдаа өөрөөр үздэг үү? Та нарын бодлоор бол Библийн энэ мөрүүдийг нөхөрлөх хэрэггүй байсан уу? Одоо бид үүнийг нөхөрлөсний дараа та нар тэгэх шаардлагагүй гэж бодож байна уу? Гарцаагүй шаардлагатай байсан! Бидний уншсан зүйл хэдийгээр нэг түүх боловч энэ нь Бурханы нэгэнтээ хийсэн ажлын тухай үнэн тэмдэглэл юм. Миний зорилго бол та нарт эдгээр түүхийн нарийн ширийнийг, эсвэл энэ дүрийг дэлгэрэнгүй ойлгуулах гэсэн биш, та нараар энэ дүрийг судлуулах гэсэн биш, мөн та нараар Библийг дахиад судлуулах гэсэн юм огт биш. Та нар ойлгож байна уу? Тэгээд Бурханы тухай та нарын мэдлэгт эдгээр түүх тус болов уу? Энэ түүх Бурханы тухай та нарын мэдлэгт юу нэмэрлэсэн бэ? Хонконгийн ах, эгч нар аа, бидэнд хэлээч. (Бурханы хайр бол бидэн шиг ялзарсан хүмүүсийн эзэмшдэг зүйл биш гэдгийг бид ойлгосон.) Өмнөд Солонгосын ах, эгч нар аа, бидэнд хэлээч. (Хүнийг гэсэн Бурханы хайр үнэн бодитой. Хүнийг гэсэн Бурханы хайр нь Түүний зан чанар болон Түүний агуу, ариун байдал, дээдийн дээд байдал болон Түүний хүлээцийг агуулдаг. Бид энэ талаар илүү гүнзгий ойлгох гэж оролдууштай.) (Нөхөрлөлөөр яг тэр үедээ нэг талаас би Бурханы зөвт бөгөөд ариун зан чанарыг харж чаддаг ба мөн хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зовнил, хүнийг өршөөх Бурханы өршөөл болон Бурханы хийж байгаа бүхэн, Түүний бодол санаа бүхэн нь хүн төрөлхтнийг гэсэн Түүний хайр, санаа зовнилын илэрхийлэл гэдгийг харж чаддаг.) (Хүн төрөлхтөн ноцтой хэмжээнд хүртэл муу ёрын болсны улмаас Бурхан дэлхийг үерээр сөнөөсөн ба Бурхан тэднийг үзэн яддаг байсан тул хүн төрөлхтнийг устгасан гэж урьд нь би ойлгодог байсан. Өнөөдөр Бурхан Ноагийн тухай түүхийг ярьж, Бурханы элэг эмтэрч байсан гэж хэлсний дараа л би Бурхан тэр хүмүүсийг зөнд нь хаяхдаа үнэндээ дурамжхан байсан гэдгийг ухаарлаа. Хүн төрөлхтөн хэтэрхий дуулгаваргүй байсан учраас л Бурхан тэднийг устгахаас өөр аргагүй болсон юм байна. Үнэндээ, тэр үед Бурханы зүрх сэтгэл маш гунигтай байжээ. Эндээс би Бурханы зан чанар дахь хүн төрөлхтнийг гэсэн халамж, санаа зовнилыг ойлгож байна. Үүнийг би өмнө нь мэдээгүй.) Маш сайн байна! Дараа нь та нар ярьж болно. (Үүнийг сонссоны дараа миний сэтгэл их хөдөллөө. Урьд би Библийг уншсан боловч бидэнд Өөрийгөө мэдүүлэхийн тулд Бурхан эдгээр зүйлийг шууд задлан шинжилж байсныг би өнөөдрийнх шиг хэзээ ч мэдрээгүй. Бурхан Библийг ойлгуулахын тулд биднийг ийнхүү хөтлөн залсан нь хүний ялзралаас өмнөх Бурханы мөн чанар нь хүн төрөлхтнийг гэсэн хайр, халамж байсан гэдгийг надад мэдүүлж чадлаа. Хүн төрөлхтөн ялзарснаас эхлээд одоогийн эцсийн өдрүүд хүртэл Бурхан зөвт зан чанартай хэвээр хэдий боловч Түүний хайр, халамж нь өөрчлөгдөөгүй. Энэ нь хүн ялзарсан эсэхээс үл хамааран бүтээлийн цаг үеэс одоог хүртэл Бурханы хайрын мөн чанар хэзээ ч өөрчлөгдөөгүйг харуулдаг.) (Өнөөдөр би Бурханы мөн чанар нь цаг хугацаа болон Түүний ажлын байрлал өөрчлөгдсөнөөс үүдэн хувирч өөрчлөгддөггүй гэдгийг харлаа. Бурхан дэлхий ертөнцийг бүтээж байгаа, эсвэл хүнийг ялзарсны дараа үүнийг устгаж байгаа нь хамаагүй, Түүний хийсэн бүхэн утга учиртай бөгөөд Түүний зан чанарыг агуулдаг гэдгийг бас харлаа. Тиймээс би Бурханы хайр хязгааргүй бөгөөд хэмжээлшгүй гэдгийг, мөн бусад ах, эгч нарын дөнгөж сая дурдсанчлан дэлхийг устгах үедээ хүн төрөлхтөнд өгсөн Бурханы анхаарал халамж болон өршөөлийг ч бас харлаа.) (Эдгээр нь үнэндээ миний мэддэггүй байсан зүйлс юм. Өнөөдөр сонсоод би Бурхан бол үнэхээр итгэл хүлээсэн, үнэхээр найдвартай, итгүүштэй бөгөөд Тэр үнэхээр оршин байдаг гэдгийг мэдэрч байна. Бурханы зан чанар болон хайр үнэхээр ийм бодитой гэдгийг би зүрх сэтгэлдээ жинхэнээсээ ойлгож чадна. Энэ бол өнөөдөр үүнийг сонссоны дараах миний сэтгэгдэл юм.) Онц сайн! Та нар сонссон бүхнээ зүрх сэтгэлдээ хүлээн авсан юм шиг байна.
Та нар өнөөдрийн нөхөрлөсөн Библийн бүх түүхийг оролцуулаад Библийн бүх эшлэлээс нэг юм анзаарав уу? Бурхан хэзээ нэг цагт Өөрийн бодлыг, эсвэл хүн төрөлхтнийг гэсэн Өөрийн хайр, халамжийг илэрхийлэх гэж Өөрийнхөө хэлийг ер нь хэрэглэж байсан уу? Тэрээр энгийн хэл хэрэглэн хүн төрөлхтөнд хэр их санаа тавьж, хайрладаг гэдгээ хэлснийг батлах тэмдэглэл бий юу? Үгүй. Үгүй биз дээ? Та бүхний дунд Библийг болон Библиэс өөр ном уншсан хүмүүс олон бий. Та нарын дунд ийм үг харсан хүн байна уу? Хариулт нь мэдээж үгүй! Учир нь, Бурханы үг болон Бурханы ажлын баримтыг агуулсан Библийн тэмдэглэлд Бурхан, Өөрийн сэтгэлийг дүрслэх, эсвэл хүн төрөлхтнийг гэсэн Өөрийн хайр, халамжийг илэрхийлэх гэж ямар ч эринд, ямар ч цаг үед Өөрийн арга барилыг ашиглаж байгаагүй ба Өөрийн сэтгэл санаа болон сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ Бурхан, яриа буюу ямар нэгэн үйлдлийг хэзээ ч ашиглаагүй—энэ нь баримт биш гэж үү? Би яагаад ингэж хэлж байна вэ? Би яагаад үүнийг дурдах хэрэгтэй вэ? Яагаад гэвэл, үүнд бас Бурханы хайр татам байдал болон Түүний зан чанар илэрдэг.
Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс, эсвэл Түүнийг дагадаг эсэхийг үл харгалзан Бурхан, хүн төрөлхтнийг Өөрийн хамгийн их нандигнадаг хайртай хүмүүс—буюу хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд энхрий дотно хүмүүс—гэж үздэг болохоос биш, Өөрийн тоглоом шиг үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийн бүтээл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны жаахан ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн бүхэн нь ийм чанарт харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтнийг халамжилж, тэдэнд санаа тавьдгаа үзүүлдгээс гадна мөн хүн төрөлхтнийг тасралтгүй, тогтмол хангадаг. Зүрх сэтгэлдээ Тэр үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил, эсвэл маш их гавьяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэдэнд бүх зүйлийг өгч байгаагаа хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байна гэж ч боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан чимээгүйхэн, дуугүй хангаж байдаг. Хүн Түүнээс хэчнээн их хангалт, хэр их тусламж авч байдаг нь хамаагүй, Бурхан хэзээ ч гавьяа гэж боддог ч үгүй, гавъяа болгох гэж оролддог ч үгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба Бурханы зан чанарын жинхэнэ илэрхийлэл юм. Ийм учраас бид, Бурхан Өөрийн бодлыг илэрхийлснийг Библиэс ч, эсвэл өөр аливаа номоос ч ерөөсөө олж үзэхгүй, түүнчлэн Бурхан эдгээр зүйлийг яагаад хийдэг, эсвэл хүн төрөлхтний төлөө яагаад ингэж их санаа тавьдаг гэдгээ Өөртөө талархуулж, Өөрийгөө магтуулах гэсэн зорилгоор хүмүүст тайлбарласныг нь юм уу, зарласныг нь ерөөсөө олж үзэхгүй. Тэр гомдож, зүрх сэтгэл нь туйлын их шимширч байхдаа ч гэсэн хүн төрөлхтний өмнө хүлээсэн хариуцлагаа, хүн төрөлхтний төлөөх халамжаа хэзээ ч мартдаггүй; энэ бүх зовуурь, шаналгааг Тэр ганцаараа чимээгүйхэн тэсвэрлэж байдаг. Харин ч Бурхан хүн төрөлхтнийг үргэлж хангасан шигээ хангасаар байдаг. Хүн төрөлхтөн Бурханыг байнга магтаж, эсвэл Түүнд гэрчлэл хийдэг ч гэсэн эдгээр явдлын алийг нь ч Бурхан шаардаагүй юм. Учир нь, хүн төрөлхтөнд зориулан хийдэг сайн зүйлсийнхээ нэгийг нь ч талархлаар солих, эсвэл хариу төлөөс авах гэсэн санаа Бурханд ерөөсөө байдаггүй. Нөгөө талаар, Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг, Түүнийг сонсож, Түүнд үнэнч байдаг болон Түүнд дуулгавартай байдаг хүмүүс Бурханы ерөөлийг байнга хүртэх бөгөөд Бурхан ийм ерөөлийг харамгүй хайрлана. Түүнчлэн хүмүүсийн Бурханаас хүртдэг ерөөл нь тэдний төсөөллөөс байнга давсан байдаг ба мөн хүмүүс хийсэн зүйлээрээ, эсвэл төлсөн төлөөсөөрөө сольж чадахааргүй байдаг. Хүн төрөлхтөн Бурханы ерөөлийг эдэлж байхад Бурхан юу хийж байгаа талаар анхаардаг хүн байна уу? Бурханы сэтгэл ямар байгаад санаа тавьдаг хүн байдаг уу? Бурханы шаналлыг ойлгох гэж хичээдэг хүн байдаг уу? Эдгээр асуултын хариулт нь: Хэрхэвч үгүй! Тэр үед Бурханы мэдэрч байсан шаналлыг Ноаг оролцуулаад ямар ч хүн ойлгож чадах уу? Бурхан яагаад тийм гэрээ байгуулсныг хүн ойлгож чадах уу? Чадахгүй! Хүн төрөлхтөн Бурханы шаналлыг үнэлдэггүй нь Бурханы шаналлыг ойлгож чаддаггүйгээс болдог бус, мөн Бурхан хүн хоёрын хоорондын зайнаас юм уу, тэдний байр суурийн ялгаанаас ч болдог юм биш; харин хүн төрөлхтөн Бурханы ямар ч мэдрэмжийг огт тоодоггүйгээс болдог. Бурхан бол бие даасан тул хүмүүс Түүнд санаа тавих, Түүнийг ойлгох юм уу, Түүнийг анхаардгаа харуулах нь Бурханд хэрэггүй гэж хүн төрөлхтөн боддог. Бурхан бол Бурхан, иймээс Тэр өвддөггүй, сэтгэлийн хөдөлгөөнгүй; Тэр гуниглахгүй, уй гашууг мэдэрдэггүй, Тэр бүр уйлдаг ч үгүй. Бурхан бол Бурхан, иймээс Түүнд сэтгэл хөдлөлийн ямар ч илэрхийлэл хэрэггүй бөгөөд Түүнд сэтгэл санааны тайтгарал хэрэггүй. Хэрвээ ямар нэг нөхцөлд эдгээр нь Түүнд хэрэгтэй болбол Тэр үүнийг Өөрөө шийдвэрлэх ба хүн төрөлхтнөөс ямар ч тусламж шаардахгүй. Харин ч “сул дорой, төлөвшөөгүй” хүмүүст л Бурханы тайтгарал, хангалт, зоригжуулалт хэрэгтэй байдаг ба Бурхан тэдний сэтгэл хөдлөлийг цаг үргэлж, хаана ч байсан тайвшруулах хэрэгтэй байдаг. Хүн төрөлхтний сэтгэлийн гүнд ийм юм бүгж байдаг: Хүн бол сул дорой; тэднийг Бурхан бүх талаар харж хандах ёстой, Бурханаас авдаг бүх халамжийг тэд хүртэж, өөрсдийнх нь гэж бодож байгаа бүхнээ Бурханаас шаардах ёстой. Бурхан бол хүч чадалтай; Түүнд бүх юм бий, Тэрээр хүн төрөлхтний хамгаалагч, мөн ерөөл хүртээгч байх учиртай. Тэрээр хэдийний Бурхан бөгөөд бүхнийг чадагч учраас хүн төрөлхтнөөс Түүнд хэзээ ч юу ч хэрэггүй байдаг.
Хүн Бурханы ямар ч илэрхийлэлд анхаарал хандуулдаггүй болохоороо Бурханы гуниг, шаналал, баяр баясгаланг хэзээ ч мэдэрч байгаагүй. Тэгэхэд харин Бурхан хүний бүх зан төлөвийг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг. Бурхан хүн бүрийн хэрэгцээг цаг үргэлж, хаана ч хангаж, хүн бүрийн хувиран өөрчлөгдөх бодлыг ажиглаж, ингэснээр тэднийг тайтгаруулан ухуулж, чиглүүлэн гэрэлтүүлдэг. Хүн төрөлхтөнд Бурханы хийсэн бүх зүйл, тэдний төлөө Түүний төлсөн бүх төлөөсийг авч үзвэл, Бурхан хүнээс ямар нэгэн юм шаардана гэж тодорхой илтгэсэн нэг хэсгийг Библиэс юм уу, эсвэл эдүгээг хүртэл Бурханы хэлсэн үгээс хүмүүс олж чадах уу? Үгүй! Харин ч хүмүүс Бурханы бодлыг хэчнээн ч үл тоож байсан Тэрээр хүн төрөлхтнийг мөн л ахин дахин замчилж, байн байн хангаж, тэдэнд тусалж, тэдэнд зориулан Өөрийн бэлтгэсэн гайхалтай сайхан хүрэх газарт очиж чадахад нь туслахын тулд Бурханы замыг дагах боломжийг тэдэнд өгдөг. Бурханы тухайд бол, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний нигүүлсэл, Түүний өршөөл, Түүний бүх шагнал нь Түүнийг хайрладаг, дагадаг хүмүүст харамгүй хүртэнэ. Гэвч Тэр Өөрийн амссан шаналал, Өөрийн сэтгэл санааны байдлыг хэнд ч, хэзээ ч харуулдаггүй ба Түүнийг тоохгүй байна гэж, эсвэл Түүний хүслийг мэдэхгүй байна гэж хэнд ч, хэзээ ч гомдоллодоггүй. Тэрээр хүн төрөлхтөн үүнийг ойлгож чадах өдрийг хүлээн энэ бүгдийг зүгээр л чимээгүйхэн тэсэж байдаг.
Би яагаад энд эдгээр зүйлийг хэлж байна вэ? Миний хэлсэн зүйлээс та нар юу ойлгосон бэ? Бурханы мөн чанар болон зан чанарт анзааралгүй өнгөрөхөд дэндүү амархан нэг зүйл буюу агуу хүмүүс, сайн хүмүүс гэж бусдын боддог ямар ч хүн, эсвэл өөрсдийнх нь төсөөллийн Бурханы эзэмшдэггүй, харин гагцхүү Бурханы эзэмшдэг нэг зүйл байдаг. Энэ зүйл юу вэ? Энэ бол Бурханы аминч бус чанар юм. Аминч бус чанарын талаар ярихад чи өөрийгөө ч бас их аминч бус гэж бодож магадгүй, яагаад гэвэл, чи хүүхэдтэйгээ хэзээ ч үнэ хэлэлцэж, наймаалцдаггүй, бас эцэг, эхдээ маш их аминч бус байдаг гэж боддог. Чи юу ч гэж бодож байсан чамд дор хаяж “аминч бус” гэдэг үгийн тухай ухагдахуун байдаг ба чи үүнийг эерэг үг гэж боддог, мөн аминч бус хүн байх нь их бахдам хэрэг гэж боддог. Чи аминч бус байхдаа өөрийгөө дээгүүр үнэлдэг. Гэвч бүх зүйл, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаас Бурханы аминч бус чанарыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад ийм байна вэ? Яагаад гэвэл, хүн хэтэрхий аминчхан! Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагадаг байж болох боловч Бурхан яаж чамайг хангаж, чамайг хайрлаж, чамд анхаарал тавьдгийг хэзээ ч харж, үнэлдэггүй. Чи юу хардаг вэ? Чамайг хайрладаг, эсвэл жигтэйхэн энхрийлдэг төрөл төрөгсдөө хардаг. Чи өөрийн бие махбодод хэрэгтэй зүйлсийг хардаг ба өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний аминч бус чанар гэгч нь юм. Гэхдээ ийм “аминч бус” хүмүүс өөрсдөд нь амь хайрладаг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурханыхтай харьцуулахад, хүний аминч бус чанар нь нь аминчхан, жигшүүртэй болдог. Хүмүүсийн итгэдэг аминч бус байдал нь хоосон, бодит бус, хуурамч, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй. Хүний аминч бус байдал нь өөрийнхөө төлөө байдаг бол Бурханы аминч бус чанар нь Түүний мөн чанарын жинхэнэ илрэл юм. Бурханы аминч бус чанарын үрээр л хүн Түүнээс тасралтгүй урсах хангалт хүртэж байдаг. Та нарт Миний өнөөдрийн ярьж буй энэ сэдэв тийм ч гүн нөлөөлөөгүй, толгой дохих төдийхөн л зөвшөөрдөг байгаа боловч чи зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг мэдрэх гэж оролдоход өөрийн мэдэлгүй дараах зүйлийг олж мэднэ: Энэ ертөнцөд чиний мэдэрч чадах бүх хүн, үйл хэрэг болон юмсын дундаас гагцхүү Бурханы аминч бус чанар л жинхэнэ агаад бодитой, учир нь чамайг гэсэн Бурханы хайр л ямар нэгэн болзол тавьдаггүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханыхаас өөр хэний ч аминч бус чанар гэгч нь бүгд хуурамч, өнгөцхөн, жинхэнэ биш; энэ нь нэг зорилго, зарим санаархалтай, нэг тохиролцоо агуулдаг ба шалгуур давж чаддаггүй. Үүнийг бүр бохир, жигшүүртэй гэж хэлж ч болох юм. Та нар зөвшөөрч байна уу?
Та бүхэн эдгээр сэдвийн талаар сайн мэдэхгүй бөгөөд жинхэнээсээ ойлгохын өмнө бага зэрэг бодох хугацаа хэрэгтэй гэдгийг Би мэдэж байна. Эдгээр асуудал болон сэдвийн талаар та нар хэдий их мэдэхгүй байх тусам эдгээр сэдэв нь та нарын зүрх сэтгэлд дутагдаж байгааг төдий чинээ баталж байгаа юм. Би эдгээр сэдвийн талаар хэзээ ч дурдаагүй бол та нарын дундаас тэр талаар бага ч атугай мэдэх хүн байх байсан болов уу? Та нар хэзээ ч мэдэхгүй байх байсан биз. Энэ бол баттай. Та нар хэр ихийг ухаарч, мэдэж чадахаас үл хамааран товчхондоо, Миний ярьдаг энэ сэдвүүд хүмүүст хамгийн их дутагддаг бөгөөд тэдний хамгийн сайн мэдэж байвал зохих зүйл юм. Эдгээр сэдэв нь хүн бүрийн хувьд маш чухал—тэдгээр нь эрхэм нандин ба тэдгээр нь амь, тэдгээр нь өмнө чинь байгаа замд зориулж та нарын эзэмших ёстой зүйлс юм. Энэ үгсээр удирдамж хийхгүй бол, Бурханы зан чанар болон мөн чанарыг ойлгохгүй бол чи Бурханы тухайд үргэлж эргэлзэж явах болно. Чи Бурханыг ойлгож ч чадахгүй бол Түүнд яаж зохих ёсоор итгэж чадах юм бэ? Чи Бурханы сэтгэл хөдлөл, Түүний хүсэл, Түүний сэтгэл санаа, Тэр юу бодож байгааг болон Түүнийг юу гуниглуулдгийг, юу баярлуулдгийг огт мэддэггүй, тэгэхээр Бурханы зүрх сэтгэлд яаж анхаарал тавьж чадах юм бэ?
Бурхан сэтгэлээр зовох бүрдээ Өөрт нь огт анхаарал хандуулдаггүй, Өөрийг нь дагадаг, Өөрийг нь хайрладаг гэдэг мөртөө Өөрийнх нь мэдрэмжийг өчүүхэн ч тоодоггүй хүн төрөлхтөнтэй нүүр тулдаг. Түүний зүрх сэтгэл яаж шархлахгүй байх юм бэ? Өөрийн удирдлагын ажилд Бурхан Өөрийн ажлыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, хүн бүртэй ярьж, юу ч нууж хаалгүй нүүр тулдаг байтал харин Түүнийг дагадаг хүн бүр Түүнд хаалттай байж, хэн ч Түүнд идэвхтэй ойртож, Түүний зүрх сэтгэлийг ойлгож, Түүний сэтгэлийг анхаарахыг хүсдэггүй. Бурханы дотны хүн болохыг хүсдэг хүмүүс хүртэл Түүнд ойртож, Түүний зүрх сэтгэлийг анхааран тоож, эсвэл Түүнийг ойлгох гэж оролдохыг хүсдэггүй. Бурханыг хөгжилтэй, баяртай байхад аз жаргалыг нь хуваалцах хэн ч байдаггүй. Хүмүүс Бурханыг буруугаар ойлгох үед Түүний шархалсан зүрх сэтгэлийг тайтгаруулах хэн ч байдаггүй. Түүний зүрх сэтгэл шархалж байх үед уужиртлаа ярихыг нь сонсохыг хүсэх ганц ч хүн байдаггүй. Бурханы удирдлагын ажлын энэ хэдэн мянган жилийн туршид Бурханы хажууд байж, баяр гунигийг нь хуваалцах хүн байтугай Бурханы сэтгэл хөдлөлийг ойлгох нэг ч хүн байгаагүй, мөн тэдгээрийг ухаарч, мэдрэх хэн ч байгаагүй юм. Бурхан ганцаардаж байна. Тэр ганцаардаж байна! Завхарсан хүн төрөлхтөн Түүнийг эсэргүүцдэгээс болж Бурхан ганцаардаж байгаа юм биш, харин сүнслэг байхыг эрэлхийлдэг, Бурханыг мэдэхийг, Түүнийг ойлгохыг хүсдэг хүмүүс, мөн өөрийн бүх амьдралыг Түүнд зориулахыг хүсэж буй хүмүүс хүртэл Түүний бодлыг мэддэггүй ба Түүний зан чанар, сэтгэл хөдлөлийг ойлгодоггүйгээс болдог.
Ноагийн түүхийн төгсгөлд Бурхан тухайн үеийн Өөрийн сэтгэлийг илэрхийлэхийн тулд ер бусын арга хэрэглэснийг бид хардаг. Энэ бол маш онцгой арга байсан: тэр нь. Бурхан дэлхийг үерээр устгахаа зогсоосныг тунхагласан гэрээ хүнтэй хийх арга байв. Гаднаа бол гэрээ хийх нь маш энгийн зүйл мэт харагддаг. Энэ нь хоёулангийнх нь ашиг сонирхлыг хамгаалахын тулд хоёр талд үүрэг хүлээлгэж, гэрээгээ зөрчихөөс урьдчилан сэргийлэх гэж л үг үсэг ашигласан хэрэг билээ. Хэлбэрээрээ бол энэ нь маш энгийн зүйл боловч Бурхан ийм юм хийж байгаагийн цаад шалтгаан, утга учраас үзвэл, энэ нь Бурханы зан чанар болон сэтгэл санааны жинхэнэ илрэл юм. Хэрвээ чи эдгээр үгийг хойш тавьж, тоохгүй өнгөрвөл, хэрвээ Би та бүхэнд юмсын үнэнийг хэзээ ч хэлэхгүй бол хүн төрөлхтөн Бурханы бодлыг хэзээ ч мэдэхгүй. Чиний төсөөллөөр бол Бурхан энэ гэрээг хийх үедээ инээмсэглэж байсан, эсвэл сүрхий буурьтай дүртэй байсан байж магадгүй, гэвч Бурханы царайд хамгийн энгийн ямар илрэл байсан гэж хүмүүсийн төсөөлөхийг үл харгалзан Бурханы ганцаардлыг байтугай Бурханы зүрх сэтгэлийг, мөн Түүний шаналлыг хэн ч харж чадахгүй байсан билээ. Хэн ч Бурханыг өөртөө итгүүлж чадаагүй буюу Бурханы итгэлийг олж чадахуйц биш, эсвэл Бурхан Өөрийн бодлыг илэрхийлж, Өөрийн шаналлыг уужиртал хэлэх нэгэн болж чадахгүй юм. Тийм учраас Бурхан ийм зүйл хийхээс өөр замгүй болсон. Гадна талдаа Бурхан урьдын хүн төрөлхтнөөс хагацахдаа өнгөрсөн асуудлыг шийдвэрлэж, дэлхийг үерээр устгах явдлаа төгс гүйцэлдүүлэн хялбар зүйл хийсэн. Гэвч Бурхан энэ үеийн шаналанг зүрх сэтгэлийнхээ гүнд булсан юм. Бурхан итгэмжлэх нэг ч хүнгүй байхдаа дэлхийг дахин хэзээ ч үерээр устгахгүй гэж хэлэн хүнтэй гэрээ хийсэн. Солонго татсан нь ийм нэгэн зүйл тохиолдсон гэдгийг хүмүүст сануулж, муу зүйл хийхгүй байхыг тэдэнд анхааруулахын тулд байлаа. Ийм шаналалтай байдалд ч Бурхан хүн төрөлхтнийг мартаагүй ба тэдэнд маш их анхаарал тавьсаар байсан. Энэ нь Бурханы хайр, аминч бус чанар биш гэж үү? Гэтэл хүмүүс зовох үедээ юуны тухай боддог вэ? Энэ нь тэдэнд Бурхан хамгийн хэрэгтэй болдог үе биш гэж үү? Иймэрхүү үед хүмүүс Бурханаар өөрсдийгөө тайтгаруулах гээд Бурханыг үргэлж татан авчирдаг. Хэдийд ч байсан Бурхан хүмүүсийн итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй ба хүмүүсийг хэцүү байдлаас нь үргэлж гаргаж, гэрэлд амьдруулна. Бурхан хүнийг ингэж хангаж байдаг боловч хүний зүрх сэтгэлд Бурхан бол зөвхөн тайвшруулах эм, тайтгаруулах ундаа юм. Зовж байхад нь, зүрх сэтгэл нь шархалсан үед Өөрт нь хань болж, эсвэл Өөрийг нь тайтгаруулах нэг бүтээл юм уу, нэг хүнтэй байна гэдэг бол Бурханы хувьд хэтэрхий сайхан хүсэл юм. Хүн Бурханы сэтгэлийг хэзээ ч анхаардаггүй тул Бурхан Өөрийг нь тайтгаруулж чаддаг хүн байгаач гэж хэнээс ч асуудаггүй, тийм хүн бий гэж боддог ч үгүй. Тэр Өөрийн ааш занг илэрхийлэхийн тулд зүгээр л Өөрийн аргуудыг хэрэглэдэг. Зарим нэг зовлон туулах нь Бурханд сүртэй юм биш гэж хүмүүс үздэг боловч чи үнэхээр Бурханыг ойлгох гэж оролдох үедээ л, Түүний хийж байгаа бүхнээс Бурханы чин сэтгэлийн хүчин чармайлтыг жинхэнээсээ ухаарах үедээ л Бурханы агуу байдал, аминч бус чанарыг мэдэрч чадна. Хэдийгээр Бурхан солонго хэрэглэн хүн төрөлхтөнтэй гэрээ хийсэн боловч Тэр үүнийг яагаад хийснээ болон яагаад энэ гэрээг байгуулснаа Тэр хэнд ч хэлээгүй. Энэ нь Тэр хэнд ч Өөрийн жинхэнэ бодлыг хэлээгүй гэсэн үг юм. Учир нь, Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтөндөө Бурхан ямар их хайртайг ойлгож чадах нэг ч хүн байхгүй ба мөн хүн төрөлхтнийг устгах үедээ Түүний зүрх хэчнээн их шимширснийг ухаарч чадах нэг ч хүн байхгүй юм. Тиймээс Тэр хүмүүст юу мэдэрч байгаагаа хэлсэн ч гэсэн тэд энэ итгэлийг нь дааж чадахгүй. Шаналж байгаагаа үл харгалзан Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг үргэлжлүүлсээр байна. Бурхан үргэлж Өөрийн хамгийн сайн тал, хамгийн сайн зүйлийг хүн төрөлхтөнд өгөөд Өөрөө бүх зовлонг чимээгүйхэн үүрдэг. Бурхан эдгээр зовлонг хэзээ ч ил дэлгэдэггүй. Тэгэхийн оронд тэдгээрийг тэсвэрлэж, чимээгүй хүлээдэг. Бурханы тэвчээр нь хүйтэн цэвдэг, хөшүүн, арчаагүй ч биш, мөн сул доройн шинж ч биш юм. Харин Бурханы хайр болон мөн чанар нь үргэлж аминч бус байсаар байна. Энэ нь Түүний мөн чанар болон зан чанарын төрөлхийн илрэл бөгөөд жинхэнэ Бүтээгч болох Бурханы ялгамж чанарын үнэн бодитой биелэл билээ.
Үүнийг хэлсний дараа зарим хүн Миний юу гэснийг буруу ойлгож, “Бурханы сэтгэлийг ийм дэлгэрэнгүй, ийм их дуулиантайгаар дүрслэх нь хүмүүсээр Бурханыг өрөвдүүлэх зорилготой байсан уу?” хэмээн бодож магадгүй. Ийм санаа зорилготой байдаг уу? (Үгүй.) Эдгээр зүйлийг хэлсэн Миний цорын ганц зорилго бол та бүхэнд Бурханыг илүү сайн мэдүүлэх, Түүний асар олон талыг ойлгуулах, Түүний сэтгэл хөдлөлийг ойлгуулах, Бурханы мөн чанар, зан чанар нь хүний хоосон үгээр, бичиг үсэг, номлол болон төсөөллөөр дүрслэгддэг бус, харин Түүний ажлаар дамжин үнэн бодитоор, бага багаар илэрхийлэгдэж байдаг гэдгийг ухааруулах явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурхан болон Бурханы мөн чанар нь үнэхээр оршин байдаг—тэдгээр нь зураг биш, төсөөлөл биш, мөн хүний гараар бүтээгдээгүй бөгөөд хүний санаанаасаа зохиосон зүйл лав биш юм. Та нар үүнийг одоо ухамсарлаж байна уу? Хэрэв та нар үүнийг ухамсарласан бол өнөөдөр Миний үг зорилгодоо хүрчээ.
Бид өнөөдөр гурван сэдвийг хэлэлцлээ. Хүн бүр энэ гурван сэдвийн тухай нөхөрлөлөөс маш их зүйл олж авсан гэж Би итгэж байна. Энэ гурван сэдвээр дамжуулан Миний ярьсан Бурханы бодол, эсвэл Миний дурдсан Бурханы зан чанар, мөн чанар нь Бурханы тухай зарим хүний төсөөлөл, ойлголтыг өөрчилж, тэр ч бүү хэл, хүн бүрийн Бурханд итгэх итгэлийг өөрчилж, түүнчлэн хүн бүрийн зүрх сэтгэлдээ гайхан биширч байсан Бурханы дүр төрхийг өөрчилсөн гэдэгт Би үнэхээр итгэлтэй байна. Ямар ч атугай Библийн энэ хоёр хэсгээс Бурханы зан чанарын талаар мэдсэн зүйл чинь та нарт ашиг тустай гэж Би найдаж байна, мөн та нар буцаж очоод энэ тухай илүү их тунгаан бодох гэж оролдоно гэдэгт найдаж байна. Өнөөдрийн цуглаанаа ингээд дуусгая. Баяртай!
2013 оны 11 дүгээр сарын 4