57-р бүлэг
Чи бодол, санаа бүрээ, үйлдэл болгоноо шалгаж үзсэн үү? Тэдгээрийн аль нь Миний хүсэлд нийцдэг, аль нь нийцдэггүйг тодорхой мэдэж байна уу? Чи үүнийг ялган таньж яавч чадахгүй! Чи яагаад Миний өмнө ирсэнгүй вэ? Чамд Би хэлээгүй болохоор уу, эсвэл өөр шалтгаанаар уу? Чи үүнийг мэдэх ёстой! Тоомсоргүй хүмүүс Миний хүслийг ухаарч, ямар нэгэн агуу гэрэлтүүлэлт юм уу илчлэл хүлээн авч яавч чадахгүй гэдгийг мэд.
Чуулган хоол тэжээл авч чаддаггүй, жинхэнэ нөхөрлөлөөр дутмаг байдгийн шалтгааныг чи олж мэдсэн үү? Үүнд хүргэсэн хүчин зүйлсийн хэчнээн нь чамтай хамаатайг чи мэдэх үү? Амиар хангаж, Миний дуу хоолойг гарга гэж Би чамд зааварчилсан. Чи эдгээр зүйлийг хийсэн үү? Ах эгч нарынхаа амийн ахиц дэвшлийг саатуулсандаа чи хариуцлага хүлээж чадах уу? Чи асуудлуудтай нүүр тулахаараа тайван, хянамгай байхын оронд түгшиж мэгдсээр ирсэн. Чи үнэхээр мэдлэггүй! Миний дуу хоолой ариун хүмүүст хүрэх ёстой. Ариун Сүнсний ажлыг бүү дар, алгуурлаж Намайг бүү саатуул; эдний аль нь ч, хэнд ч ашиг тус өгөхгүй. Чи бие ба оюун санаагаараа өөрийгөө Надад бүрэн зориулаасай гэж Би хүсдэг, тэгснээр бодол, санаа бүр чинь Миний төлөө байж, чи Миний бодол, санааг хуваалцаж, хийдэг бүхэн чинь өөрийнхөө төлөө биш, өнөөгийн хаанчлал ба Миний удирдлагын төлөө байх болно. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэлийг хангалуун болгоно.
Миний хийсэн юу ч нотолгоогүй байдаггүй. Чи яагаад Намайг дуурайсангүй вэ? Чи хийдэг зүйлдээ яагаад нотолгоо хайсангүй вэ? Надаар өөр юу хэлүүлмээр байна? Би чамд сургахаар гараас чинь атгасан боловч чи сурч чадаагүй. Чи үнэхээр тэнэг! Бүхнийг цоо шинээр эхэлмээр байна уу? Бүү сэтгэлээр уна. Чи дахин нэгэнтээ биеэ барьж, ариун хүмүүсийн хамтын найдвар болон хүслийн өмнөөс өөрийгөө бүхэлд нь зориулах ёстой. “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би асар ихээр ерөөх нь гарцаагүй” гэсэн үгийг сана.
Чи юу ч хийсэн замбараагүй биш, дэг журамтай байдлаар хийх ёстой. Ариун хүмүүсийн байдлыг гарын арван хуруу шигээ мэднэ гэж чи үнэхээр хэлж зүрхлэх үү? Эндээс харахад чамд мэргэн ухаан дутаж байна, чи энэ асуудлыг огтхон ч нухацтай авч үзээгүй, үүнд ямар ч хугацаа зарцуулаагүй. Хэрэв чи үүнд хамаг цагаа үнэхээр зарцуулж чадсан бол дотоод байдал чинь ямар байх байсныг харна. Чи бодитой хүчин чармайлт гаргахаар эрмэлздэггүй; зүгээр л бодит шалтгаануудыг хайж, Миний хүслийг өчүүхэн төдий ч анхаарч үздэггүй. Энэ нь Намайг гүнээ шархлуулсан! Ийм маягаар бүү үргэлжлүүл! Миний чамд өгсөн ерөөлүүдийг чи хүлээн авахгүй юм гэж үү?
Өө, Бурхан минь! Таны хүүхэд Танд өртэй билээ. Би Таны ажлыг ноцтойгоор авч үзээгүй, Таны хүсэлд анхаарал тавиагүй, Таны сургамжид ч итгэлтэй байгаагүй. Таны хүүхэд энэ бүхнийг өөрчлөхийг хүсэж байна. Та намайг орхихгүй байх болтугай, Та надаар дамжуулан Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийх болтугай. Өө, Бурхан минь! Хүүхдээ ганцааранг нь бүү үлдээгээч! Харин хором мөч тутамд намайг дагалдаач. Өө, Бурхан минь! Намайг хайрладгийг тань Таны хүүхэд мэддэг ч би Таны хүслийг ухаарч чаддаггүй; Таны ачааг хэрхэн анхаарахаа мэддэггүй, эсвэл Таны даалгасан зүйлийг хэрхэн биелүүлэхээ мэддэггүй. Тэр ч бүү хэл чуулганыг хэрхэн хариулахаа мэддэггүй. Үүнд би гуниглаж, бачимдаж байгааг Та мэднэ. Өө, Бурхан минь! Цаг ямагт намайг залж чиглүүлээч. Одоо л би өөрийнхөө хэчнээн дутуу дулимгийг, бүр дэндүү дулимаг гэдгийг мэдэрч байна! Хэр их гэдгийг нь би дүрслэн хэлж ер чадахгүй нь. Таны төгс хүчит гар Өөрийн хүүхдэд нигүүлсэл үзүүлж, намайг цаг ямагт дэмжиж, Таны өмнө нүүрээрээ газар унан мөргөхийг зөвшөөрч, өөрийн сонголтыг хийдэггүй, өөрийн гэсэн бодол, санаатай байдаггүй болгож өгөөч. Өө, Бурхан минь! Таны хүүхэд бүх зүйлийг Таны төлөө, өнөөгийн хаанчлалын төлөө хийхийг хүсдэгийг Та мэднэ. Энэ цаг мөчид миний юу бодож байгааг, миний юу хийж байгааг Та мэднэ. Өө, Бурхан минь! Намайг Өөрөө шинжлэн шалгаач! Та амьдралын цаг тутамд надтай хамт алхаж, надтай хамт үлдээч гэж л би Танаас гуйя, ингэснээр Таны хүч чадал миний хийдэг бүхнийг дагалдах болно.