52-р бүлэг
Намайг зөвт байдлын Нар болон гарч ирэхэд та нар Надтай хамт алдар суу хийгээд сайн ерөөлийг үүрд мөнх хуваалцдаг! Энэ бол маргашгүй баримт бөгөөд аль хэдийн та нар дээр батлагдаад эхэлчихсэн. Учир нь Би амласан бүхнээ та нарт биелүүлнэ; Миний хэлдэг бүхэн бодит байдал бөгөөд хэзээ ч хий дэмий болохгүй. Эдгээр сайн ерөөл та нарт байна, өөр хэн ч үүнийг авч чадахгүй; энэ бол эв эетэйгээр Надтай харилцан уялдаж хийсэн үйлчлэлийн чинь үр шим юм. Шашны үзлээ хаяцгаа; Миний үгийн үнэн зөвд итгэ, бүү эргэлз! Би та нартай тоглоогүй байна, Би үнэнээсээ хэлсэн; Миний ерөөл хайрласан хүмүүс тийнхүү тэр ерөөлийг хүлээн авдаг бол Миний ерөөл хайрлаагүй хүмүүс ямар ч ерөөл хүлээн авдаггүй. Энэ бүхнийг Би тодорхойлдог. Газар дэлхийн эд баялаг ердөө л шалихгүй юм! Миний бодлоор бол энэ нь нэг центийн ч үнэ хүрэхгүй өтөг бууцнаас өөрцгүй. Тийм учраас та нар газар дэлхийн зугаа цэнгэлийг хэтэрхий өндрөөр үнэлэх хэрэггүй. Надтай хамт тэнгэрлэг ерөөл эдлэх нь хавьгүй илүү утга учиртай, үнэ цэнтэй биш гэж үү?
Урьд нь үнэн илчлэгдээгүй, Би ил тод гарч ирээгүй байсан; тэр үед та нар Надад эргэлзэж, Миний талаар итгэлтэй байж зүрхлээгүй. Харин одоо бүх зүйл илчлэгдэж, Би зөвт байдлын Нар болон гарч ирсэн билээ—тиймээс хэрвээ та нар эргэлзсээр байгаа бол тэрийгээ юу гэж хэлэх вэ? Газар дэлхийг харанхуй нөмөрсөн байх үед гэрлийг харж чадаагүйг чинь уучилж болно, харин одоо харанхуй булан тохой бүрийг нар гэрэлтүүлж, далд зүйл далд байхаа больж, нууц зүйл нууц байхаа больсон—хэрвээ та нар эргэлзсээр байгаа бол та нарыг Би тийм ч амархан өршөөхгүй! Одоо бол та нар Миний талаар туйлын итгэлтэй болж, Надад өөрсдийгөө зориулж, Миний төлөө зарлагадах цаг. Намайг өчүүхэн төдий эсэргүүцсэн хэнийг ч дахин бодож үзэхгүйгээр, хором ч хойшлуулахгүйгээр нэн даруй шүүлтийн галаар ниргэх болно—учир нь одоо бол өршөөлгүй шүүлт ирсэн үе, оюун санаа болоод зүрх сэтгэл нь зөв биш хүмүүст шүүлт тэр даруй ирнэ. Энэ бол “Миний ажил цахилах аянга мэт байдаг” хэмээн ярьдгийн жинхэнэ утга учир юм.
Энэ нь хурдан урагшилж байгаа; хүмүүсийг гайхшируулж, хүмүүсийг айдаст автуулахгүй байж чаддаггүй, үүнийг цаашид хойшлуулж, зогсоох боломжгүй. Миний ажлыг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, төдий чинээ хурдан урагшилна; сэрэмжгүй, бэлдээгүй хэн боловч үргэлж хөсөр хаягдах аюулд байдаг. Чи цаашид уруу таталтад автаж болохгүй. Миний ажил бүрэн эхэлж, Харь үндэстнүүд болон орчлон ертөнц даяар тэлж байна. Шүүлтийн гал харгис бөгөөд хэнийг ч өршөөж, хайрлахгүй. Бурханд үнэнч атлаа буруу бодол, санаа тээдэг, эсвэл ердөө л бага зэрэг эсэргүүцдэг хүмүүс бас шүүгдэх болно; үүнд эргэлзэх зүйлгүй. Миний гэрэл туссан хэн ч гэрэл дотор амьдарч, гэрэлд үйлдэж, замын төгсгөл хүртэл Надад үйлчилнэ. Гэрлийн дотор амьдардаггүй хүмүүс харанхуйд амьдарч байгаа. Тэднийг гэм буруудаа хандах хандлагаас нь хамаарч шүүснийхээ дараа Би шийдвэр гаргана.
Миний өдөр ирлээ. Өнгөрсөнд дурдсан “Миний өдөр” одоо нүдний чинь өмнө байна, учир нь та нар Надтай хамт буусан билээ. Би чамтай, чи Надтай; бид агаарт уулзсан, алдрыг хамтдаа хуваалцдаг. Миний өдөр үнэхээр бүрмөсөн ирчхээд байна!