10.14. Зан чанарын өөрчлөлт болон Бурханаар төгс болгуулахыг хэрхэн эрэлхийлэх тухай
504. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы санаа зорилгод нийцэж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы санаа зорилгод нийцдэг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан ажлаа хийхээр газар дэлхийд ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрийг нь дуулгавартай дагаж, Өөрийг нь гэрчлэхийг хүнээс шаарддаг—хүн Бурханы бодит агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Бурханы хийдэг бүх ажлыг гэрчилж, мөн хүнийг байлдан дагуулах Түүний үйл хэргийг гэрчлэх ёстой. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодит байдаг, ийм гэрчлэл л Сатаныг шившиглэж чадна. Шүүлт, гэсгээлт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Тэрээр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж Өөртөө гэрчлэл хийлгэдэг. Тэрээр зан чанар нь өөрчлөгдсөн, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ашиглан Өөртөө гэрчлэл хийлгэдэг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тэнцэнэ, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тэнцэнэ. Өөрийнх нь нэрийг зориуд гутаахыг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна
505. Хүмүүсийн зан чанарыг хүмүүс өөрсдөө өөрчилж чадахгүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн засалт, сахилгажуулалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн ил болголт, шүүлт, сахилгажуулалт, засалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал зүйл бол тэд Бурханы одоогийн үг, ажлыг дуулгавартай дагаж чадна. Энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч гэсэн тэд эдгээр үзлийг орхиж, санаатайгаар дуулгавартай дагаж чадна. Урьд нь зан чанарын өөрчлөлтийн тухай яриа нь гол төлөв өөрөөсөө урваж, махан биеэ зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн дур сонирхлоос ангижрах тухай байсан—энэ нь нэг төрлийн зан чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлтийн бодитой илэрхийлэл нь Бурханы одоогийн үгийг дуулгавартай дагаж, Түүний шинэ ажлыг үнэхээр мэдэх явдал гэдгийг одоо хүн бүр мэддэг болжээ. Ийм маягаар, Бурханы талаарх хүмүүсийн үзлийг агуулсан мэдлэгийг арилгаж болох бөгөөд хүмүүс Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж, Түүнийг дуулгавартай дагаж чадна—энэ нь л зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм
506. Өөрийн мөн чанарыг мэдэхээс эхлээд үзэл санаа, уг чанар, оюун санааны төлөв гэх үндсэн өөрчлөлтөөр дамжин хүний зан чанар өөрчлөгддөг. Ийм маягаар л хүний зан чанарт жинхэнэ өөрчлөлт гарна. Хүний завхарсан зан чанарын уг шалтгаан нь Сатаны төөрөгдөл, завхрал, хор юм. Хүн Сатанд хүлэгдэж, хянуулсан бөгөөд үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас зовж зүдэрдэг. Суурь зүйлийг нь Сатан завхруулж, Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болгосон учраас л хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг хүлээн авдаггүй. Тиймээс Бурханы талаарх мэдлэг, үнэний талаарх мэдлэгийг нь өөрчлөх үзэл санаа, мэдлэг ухаан, эрүүл ухааны өөрчлөлтөөс нь хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг
507. Хүн амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой, Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй, ингэснээр Сатаны явуулга, нөлөөллөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдарна. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдарч, махан биед оршдог; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол улам илүү доройтно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсдэг бол цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр ийнхүү залбирсан: “Бурхан минь, надад элэгсэг хандах үед тань би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой байж, үгээр хэлэхийн аргагүй зовлон туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг тэрслүү байдлаас минь болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэднэ. Таны санаа зорилгыг хангаж чаддаггүй учраас би уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ сүнслэг түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт хүлцэл, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр би Таны өршөөл, хайр энэрлийг эдлэхгүй байх байсан. Өнөөдөр, Таны хайр тэнгэрүүдийг даван гарсан ба бусад бүх зүйлээс илүү давдгийг би бүр ч их хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл, хайр энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олсон. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэхгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байх байсан.”
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
508. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсвэл эхлээд Бурханд таалагдах ёстой, учир нь Тэр Өөрт нь таалагддаг, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг төгс болгодог билээ. Хэрэв чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхыг хүсвэл Түүний ажлыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрэлхийлэхээр хичээж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Чиний хийдэг бүхэн Бурханы шинжилтийг давсан уу? Санаа зорилго чинь зөв үү? Хэрэв санаа зорилго чинь зөв бол Бурхан чамайг сайшаана; хэрэв санаа зорилго чинь буруу бол зүрх сэтгэлийн чинь хайрладаг зүйл Бурхан биш, харин махан бие, Сатан юм гэдгийг харуулдаг. Тиймээс чи бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх арга зам болгож залбирлыг ашиглах ёстой. Залбирах үед чинь Би хэдийгээр өмнө чинь биечлэн зогсож байхгүй ч Ариун Сүнс чамтай хамт байдаг бөгөөд Надад болон Бурханы Сүнсэнд хоёуланд нь чи залбирч байгаа. Чи энэ махбодод яагаад итгэдэг вэ? Түүнд Бурханы Сүнс байдаг учраас чи итгэдэг. Энэ хүнд Бурханы Сүнс байхгүй байсан бол чи Түүнд итгэх байсан уу? Чи энэ хүнд итгэхдээ Бурханы Сүнсэнд итгэдэг. Чи энэ хүнээс эмээхдээ Бурханы Сүнснээс эмээдэг. Бурханы Сүнсэнд итгэх итгэл нь энэ хүнд итгэх итгэл бөгөөд энэ хүнд итгэх итгэл нь мөн Бурханы Сүнсэнд итгэх итгэл юм. Чи залбирах үедээ Бурханы Сүнс чамтай хамт байгааг, Бурхан чиний өмнө байгааг мэдэрдэг, тиймээс ч чи Түүний Сүнсэнд залбирдаг. Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдлээ Бурханы өмнө авчрахаас хэтэрхий их айдаг; чи Түүний махбодыг мэхэлж магадгүй ч Түүний Сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлэж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардаггүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй; үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй байж, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно. Хэрэв чи зүрх сэтгэлдээ Бурханыг үнэхээр хайрладаг бол “Тэнгэр, газарт болон бүх зүйлийн дунд байдаг Бурхан Танд би амлая: Таны Сүнс миний хийдэг бүхнийг шалгаж, намайг цаг үргэлж хамгаалж, халамжлан, хийдэг бүх зүйлээ Таны өмнө байлгах боломж олгох болтугай. Миний зүрх сэтгэл Таныг хайрлахаа боливол, эсвэл хэзээ нэгэн цагт Танаас урвавал намайг хатуу чангаар гэсгээж, хараа. Энэ амьдралд ч, дараагийн амьдралд ч намайг бүү өршөө!” хэмээн Бурханд тангарагла. Чи ийм тангараг өгч зүрхлэх үү? Хэрэв чи ингэж зүрхлэхгүй бол хулчгар бөгөөд өөрийгөө хайрласаар байгааг чинь энэ нь харуулдаг. Чамд ингэх шийдвэр байна уу? Хэрэв үнэхээр ингэж шийдсэн бол ийм тангараг өгөх хэрэгтэй. Хэрэв чамд ингэж тангараглах шийдвэр байгаа бол Бурхан шийдвэрийг чинь биелүүлнэ. Чамайг Бурханд тангараг өгөхөд Тэр сонсдог. Чиний залбирал, хэрэгжүүлэлтийг хэмжсэнээр Бурхан нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг чинь тодорхойлдог. Энэ нь одоо та нарыг төгс болгох үйл явц бөгөөд хэрэв чамд төгс болгуулах итгэл үнэхээр байвал хийдэг бүхнээ Бурханы өмнө авчирч, Түүний шинжилтийг хүлээж авах болно; хэрэв чи хэтэрхий тэрслүү зүйл хийх юм уу Бурханаас урвавал Тэр тангаргийг чинь биелүүлнэ, ингэснээр мөхөл ч бай, гэсгээлт ч бай, чамд юу ч тохиолдсон хамаагүй, энэ нь өөрийн чинь хийсэн хэрэг юм. Чи тангараг өгсөн тул үүнийгээ мөрдөх ёстой. Хэрэв чи тангараг өгдөг боловч мөрддөггүй бол мөхөх болно. Чинийх тангараг байсан болохоор Бурхан тангаргийг чинь биелүүлнэ. Зарим хүн залбирсныхаа дараа айж, “Бүх зүйл өнгөрлөө! Миний самуун амьдрах боломж үгүй боллоо; хорон муу зүйл хийх боломж үгүй боллоо; орчлон хорвоогийн хүсэлд ташуурах боломж үгүй боллоо!” хэмээн халагладаг. Энэ хүмүүс хорвоогийн юмс болон нүглийг хайрласаар байдаг бөгөөд мөхөх нь гарцаагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийнх нь санаа зорилгод нийцдэг хүмүүсийг Бурхан төгс болгодог
509. Бурхан хүмүүсийг төгс болгоход дүрэм байдаг бөгөөд чамайг хэрэгжүүлэх замтай болгож, бүх сөрөг байдлаас чинь салгахын тулд Тэрээр чиний хүсүүштэй хэсгийг ашиглан чамайг гэгээрүүлж, сүнсээрээ чөлөөлөгдөхөд чинь тусалж, Түүнийг хайрлах илүү их чадвартай болгодог. Ийм маягаар чи Сатаны завхарсан зан чанарыг хаяж чаддаг. Чи цайлган, нээлттэй байж, өөрийгөө мэдэн, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг. Бурхан чамайг гарцаагүй ерөөх тул сул дорой, сөрөг байх үед чинь Тэр чамайг хоёр дахин их гэгээрүүлдэг бөгөөд өөрийгөө илүү сайн мэдэж, өөрийнхөө төлөө гэмшихийг илүү их хүсэж, хэрэгжүүлэх учиртай зүйлсээ илүү сайн хэрэгжүүлж чаддаг байхад чинь тусалдаг. Ийм маягаар л зүрх сэтгэл чинь тайван, амгалан байж чаддаг. Бурханыг мэдэхэд ерөнхийдөө анхаарлаа хандуулдаг, өөрийгөө мэдэхэд болон хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулдаг хүн Бурханы ажил болон Түүний удирдамж, гэгээрлийг олон дахин хүлээн авч чаддаг болно. Хэдийгээр тийм хүн сөрөг байдалд байж болох ч мөс чанарынхаа үйлдэл юм уу Бурханы үгийн гэгээрлээс үүдэн аливааг даруй өөрчилж чаддаг. Хүн өөрийн бодит байдал, Бурханы зан чанар болон ажлыг мэддэг байх үед зан чанарын өөрчлөлтөд үргэлж хүрдэг. Өөрийгөө мэдэж, өөрийгөө нээхийг хүсдэг хүн үнэнийг хэрэгжүүлж чадна. Энэ төрлийн хүн бол Бурханд үнэнч хүн бөгөөд ойлголт нь гүнзгий эсвэл өнгөцхөн, хомсхон эсвэл арвин ямар ч бай, Бурханд үнэнч хүн Бурханы талаар ойлголттой байдаг. Энэ бол Бурханы зөвт байдал бөгөөд хүмүүсийн олж авдаг зүйл; өөрсдийнх нь ололт юм. Бурханы талаар ойлголттой хүн бол үндэс суурьтай, үзэгдэлтэй нэгэн юм. Энэ төрлийн хүн Бурханы махбодын талаар, Бурханы үг, Бурханы ажлын талаар итгэлтэй байдаг. Бурхан хэрхэн ажиллаж, эсвэл ярьдаг, эсвэл бусад хүмүүс хэрхэн үймээн үүсгэдгээс үл хамааран тэр байр сууриндаа бат зогсож, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чаддаг. Хүн ийм байх тусмаа өөрийн ойлгодог үнэнийг улам их хэрэгжүүлж чаддаг. Учир нь тэр үргэлж Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы талаар илүү их ойлголт олж авч, үүрд Бурханы төлөө гэрчлэлд зогсох шийдвэртэй байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна
510. Хүн Бурханд итгэхдээ, өөрийн зан чанарыг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салгах ёсгүй. Чи бодит амьдралд өөрийгөө мэдэж, өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлж, түүнчлэн бүх зүйл дээр биеэ авч явах зарчмууд, суурь мэдлэг, ёс журмыг суралцах ёстой, ингэсний дараа чи аажмаар өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж сохор, мэдлэггүй байх болно. Хүмүүсийг аврах Бурханы ажил нь хүнийг богинохон хугацаанд хэвийн хүний амьдралаар амьдруулах явдал биш, эндүү ташаа үзэл, хоосон сургаалыг нь өөрчлөх явдал ч биш. Харин хүмүүсийн хуучин зан чанарыг өөрчлөх, амьдралын хуучин маягийг нь тэр чигт нь өөрчлөх, бүх хоцрогдсон сэтгэлгээ, сэтгэл санааны байдлыг өөрчлөх нь Түүний зорилго юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарснаар хүний амьдралын хуучин зуршил, эсвэл урт удаан хугацаанд амьдарч ирсэн хуучин маягийг өөрчлөхгүй. Ямар ч атугай, хүн бодит амьдралаас тасарч болохгүй. Хэвийн хүн чанарыг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; үнэнийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; өөрсдийн чиг үүргийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд гүйцэтгэхийг Бурхан хүмүүсээс хүсдэг. Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ, бодит амьдралд орсноор дамжуулан өөрсдийгөө мэдэж чадахгүй бол, мөн бодит амьдрал дээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй хүмүүс нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг мөртөө чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг мөртөө хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүнд жигшигдэн гологддог хүмүүс билээ. Чи бодит амьдралд оролтоо хэрэгжүүлж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мунхаг байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Ийм маягаар мэдлэг чинь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэнэ. Ийм төрлийн мэдлэг л бодит бөгөөд байр байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь
511. Бурханы үгийг идэж, уух, залбирах дадлага хийх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамд урагшлах замыг өгдөг. Бурханы даалгаврын төлөө их ачаа үүрэх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы санаа зорилгыг бодолцон үзэх тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу? Чи Бурханы санаа зорилгыг бодолцон үздэг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь-оролтын төлөө ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой харсан уу? Чиний байгаа чуулган элс шиг тархай бутархай боловч чи үүнд санаа зовдог ч үгүй, түгшдэг ч үгүй бол, мөн ах, эгч нар чинь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уухгүй байгааг хараагүй царайлдаг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Ийм хүмүүс бол Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс биш юм. Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс зөв шударга байдлаар өлсөж, цангадаг бөгөөд Бурханы санаа зорилгыг бодолцон үздэг. Тиймээс та нар одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ. Зарим хүн үүнд үнэмшдэггүй боловч хэрвээ чи итгэхгүй байгаа бол зүгээр л хүлээгээд харзна. Эдгээр үгийг хэрэгжүүлэх цор ганц зорилготой зарим хүн байдаг. Харин чи эдгээр үгийн төлөө өөрийгөө золиослохыг хүсэж байна уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы санаа зорилгыг бодолцон үз
512. Ариун Сүнс хүн бүрийн дотор алхах замтай байдаг бөгөөд хүн бүрд төгс болгуулах боломж олгодог. Сөрөг талаар чинь дамжуулан завхралыг чинь чамд мэдүүлдэг бөгөөд дараа нь сөрөг талыг авч хаяснаар хэрэгжүүлэх замыг чи олно; эдгээр нь бүгд төгс болгуулдаг арга замууд чинь юм. Түүнчлэн, өөрийнхөө доторх зарим эерэг зүйлийн байнгын удирдамж, гэрэлтүүлэлтээр дамжуулан чи идэвх санаачилгатайгаар үүргээ биелүүлж, мэдлэг ухаанаа нэмэгдүүлж, ялган таних чадвартай болно. Нөхцөл байдал чинь сайн байх үед чи Бурханы үгийг уншихыг онцгойлон хүсэж, Бурханд залбирахыг онцгойлон хүсэж, сонсдог номлолуудаа өөрийн байр байдалд хамаатуулан ойлгож чадна. Ийм үед Бурхан чамайг дотроос чинь гэгээрүүлж, гэрэлтүүлэн эерэг талын зарим зүйлийг ухааруулдаг. Ингэж чи эерэг талд төгс болгуулдаг. Сөрөг байдалд чи сул дорой, сөрөг байдаг; зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүйг мэдэрдэг ч Бурхан чамайг гэрэлтүүлж, хэрэгжүүлэх замаа олоход чинь тусалдаг. Энэ байдлаас гарах нь сөрөг талд төгс болгуулж байгаа хэрэг юм. Бурхан хүнийг эерэг, сөрөг талын аль алинд төгс болгож чаддаг. Энэ нь туршлагажиж чаддаг эсэх, Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлдэг эсэхээс чинь хамаардаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хичээдэг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин илүү бодитой зүйлсийг авчран, дотор чинь дутагдаж байгаа зүйлийг илүү сайн мэдэж чаддаг, бодит байдлаа илүү сайн ухамсарлаж чаддаг болгож, хүнд юу ч байхгүй, хүн юу ч биш гэдгийг харуулдаг; хэрвээ чи шалгалтуудыг туулахгүй бол мэдэхгүй бөгөөд бусдаас дээгүүр, бусад бүх хүнээс илүү юм шиг чамд үргэлж санагдана. Энэ бүхнээр дамжуулан, өмнө нь тохиолдсон бүхнийг Бурхан хийж, Бурхан хамгаалдаг байсныг чи ойлгоно. Шалгалтад орох нь чамайг хайр, итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагдаж, чи магтан дуу дуулж чадахгүй болдог бөгөөд дунд нь чи нэг л мэдэхэд өөрийгөө мэдэж авдаг. Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанарыг засахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнийг засдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцыг” ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнийг засах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна
513. Эдүгээ та нарын голчлон эрж хайх ёстой зүйл бол бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулж, өөрт тулгарсан бүх хүн, хэрэг явдал, зүйлээр дамжуулан Бурханаар төгс болгуулах явдал юм, ингэснээр Бурхан юу болохыг илүү ихээр та нарт оруулах болно. Та нар эхлээд Бурханы өвийг газар дээр хүлээн авах ёстой; тэгсэн цагт л Бурханаас илүү их, илүү агуу ерөөлийг өвлөх эрхтэй болно. Энэ бүгд нь та нарын эрж хайх ёстой, юуны өмнө ойлгох ёстой зүйл юм. Бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахаар эрж хайх тусмаа чи бүх зүйлээс Бурханы гарыг төдий чинээ их харж чадах бөгөөд тэгснээр янз бүрийн хэрэг явдал дээр, янз бүрийн өнцгөөс Бурханы үгийн оршихуй болон Түүний үгийн бодит байдал руу орохоор идэвхтэйгээр эрж хайна. Чи нүгэл үйлдэхгүй, ямар ч үзэлгүй, амьдралын гүн ухаангүй, хүний хүсэл зориггүй байх төдийхнөөр сөрөг байдалдаа сэтгэл хангалуун болж болохгүй. Бурхан хүнийг үй олон аргаар төгс болгодог; бүх хэрэг явдалд төгс болгуулах боломж бий бөгөөд олж авсан зүйлийг чинь илүү баяжуулахын тулд Тэр чамайг эерэг талаас нь төдийгүй сөрөг талаас нь ч бас төгс болгож чадна. Бурханаар төгс болгуулах боломж, авхуулах тохиол өдөр болгон гарч байдаг. Хэсэг хугацаанд ийнхүү туршлагажсаны дараа чи асар их өөрчлөгдөж, өмнө нь мэддэггүй байсан маш олон зүйлийг аяндаа ойлгоно. Бусдаар заалгах хэрэггүй; мэдээгүй байхад чинь Бурхан чамайг гэгээрүүлэх болно, ингэснээр чи бүх зүйл дээр гэгээрлийг олж, бүх туршлагадаа илүү нарийн орно. Бурхан чамайг баруун зүүн тийш хэлбийлгэхгүйгээр залж чиглүүлнэ. Тэгээд чи Түүгээр төгс болгуулах замд хөл тавина.
…Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал бүх зүйл дээр хэрхэн туршлагажихыг сурч, өөрт тохиолдож буй бүхнээс гэгээрлийг олж авч чаддаг байх ёстой. Сайн ч бай, муу ч бай чи үүнээс үр ашиг хүртэх ёстой бөгөөд энэ нь чамайг сөрөг болгох ёсгүй. Юу ч болсон бай, чи хүний харах өнцгөөс юмыг задлан шинжилж, судлах (ингэх нь чиний туршлагын гажуудал болно) биш Бурханы талд зогсож байхдаа юмыг дэнсэлж чаддаг байх ёстой. Хэрвээ чи ингэж туршлагаждаг бол зүрх сэтгэл чинь чиний амийн ачаагаар дүүрэх болно; чи байнга Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, хэрэгжүүлэлтийнхээ хувьд тийм ч амар хазайхгүй. Ийм хүмүүсийн өмнө гэгээлэг ирээдүй байдаг. Бурханаар төгс болгуулах маш олон боломж бий. Энэ бүгд нь та нар Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс мөн эсэхээс, Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулж, Түүний ерөөл, өвийг хүлээн авах шийдэмгий байдал та нарт байгаа эсэхээс хамаардаг. Зөвхөн шийдэмгий байдал байгаад хангалтгүй. Та нар ихээхэн мэдлэгтэй байх ёстой, эс бөгөөс хэрэгжүүлэлтээсээ үргэлж хазайх болно. Бурхан та нарыг нэг бүрчлэн төгс болгохыг хүсдэг. Одоогийн байдлаар, ихэнх хүн Бурханы ажлыг аль хэдийн удаан хугацаанд хүлээн зөвшөөрсөн хэдий ч Бурханы нигүүлслийг эдлэх төдийхнөөр өөрсдийгөө хязгаарлагдаж, Түүнээс махан биеийн багахан тав тухыг хүлээн авахыг л хүсэж байдаг атлаа илүү их, илүү өндөр илчлэл хүлээн авахыг хүсдэггүй бөгөөд хүний зүрх сэтгэл үргэлж гадна байсаар байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Хэдийгээр хүний ажил, үйлчлэл болон Бурханыг хайрладаг зүрх сэтгэлд нь хольц арай бага байдаг ч дотоод гол чанар, хоцрогдмол сэтгэлгээнийх нь тухайд бол хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэлийг байнга эрж хайсаар байдгийн дээр хүнийг төгс болгох Бурханы нөхцөл болон зорилго юу болохыг ойшоодоггүй. Иймээс ихэнх хүний амьдрал бүдүүлэг, доройтсон хэвээр, өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Тэд зүгээр л Бурханд итгэх итгэлийг чухал зүйл гэж үздэггүй, бусдын төлөө л итгэж байгаа юм шиг, хэлбэр төдий хийж, хааш яаш аргацаан, урсгал даган зорилгогүй амьдардаг. Цөөн хэд нь л бүх зүйл дээр Бурханы үг рүү орохоор эрж хайж чаддаг, илүү их, баялаг зүйлсийг олж авч, өнөөдөр Бурханы гэр дэх үлэмж их хөрөнгөтэй хүмүүс болж, Бурханы ерөөлийг илүү их хүлээн авдаг хүмүүс юм. Хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар төгс болгуулахаар эрж хайж, газар дээр Бурханы амласан зүйлийг хүлээн авч чаддаг бол, хэрвээ чи бүх зүйл дээр Бурханаар гэгээрүүлэгдэхээр эрж хайж, цаг хугацааг дэмий өнгөрөөдөггүй бол идэвхтэйгээр ороход хамгийн тохирсон зам энэ мөн билээ. Ийм маягаар л чи Бурханаар төгс болгуулах үнэ цэнтэй, эрхтэй байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүст өгөх амлалт
514. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд юмсыг олж авч эсвэл харах боломж олгохыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадвал чамд Бурханаар төгс болгуулах асар их найдлага байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь баргар, гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг. Зөв замд ормогцоо чи бүх зүйл дээр илчлэл олж авна. Ариун Сүнс бусдад юу илчилдэг байх нь хамаагүй, хэрвээ чи тэдний мэдлэгт үндэслэн аливааг өөрөө туулж мэдэрвэл энэ туршлага амийн чинь нэг хэсэг болох ба энэ туршлагаасаа бусдыг хангаж чадна. Үгийг тоть шиг давтаж бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага, мэдлэгийн тухай ярьж эхлэхээсээ өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд илүү их ашиг тустай байх болно. Чи Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагаж ийм маягаар туршлагажих хэрэгтэй. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлээс хичээл сурах хэрэгтэй, тэгвэл чиний амь өснө. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц гаргадаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг үнэн сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна
515. Чи төгс болгуулахыг үнэхээр хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол махан биеэ хаях зоригтой, Бурханы үгийг хэрэгжүүлж чадна, мөн сөрөг, сул дорой биш байх болно. Чи Бурханаас ирдэг юм бүхнийг дуулгавартай дагаж чадна, бусдын өмнө, бусдын ардуур хийдэг бүх үйлдлээ Бурханд харуулж чадна. Хэрвээ чи үнэнч шударга хүний хувиар үйлдэж, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлдэг бол төгс болгуулах нэгэн байх болно. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар авирладаг зальжин хүмүүс төгс болгуулах хүсэлгүй байдаг. Тэд бүгдээрээ мөхөл болон сүйрлийн хүүхдүүд билээ; тэд Бурханд биш, харин Сатанд харьяалагддаг. Тэд бол Бурханы сонгодог төрлийн хүн биш! Хэрвээ чиний үйлдэл, зан авир Бурханы өмнө үзүүлж, Бурханы Сүнсээр шинжүүллж болохооргүй бол энэ нь чамд асуудал байгаагийн баталгаа юм. Чи Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, зан чанарынхаа өөрчлөлтөд анхаарал хандуулах л юм бол төгс болгуулах замд хөл тавьж чадна. Бурханаар төгс болгуулж, Бурханы хүслийг дагахыг үнэхээр хүсэж байгаа бол гомдлын ганц ч үг ган хийхгүй, Бурханы ажлыг дураараа шүүж, дүгнэхгүйгээр Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах ёстой. Энэ нь Бурханаар төгс болгуулах наад захын шаардлагууд юм. Бурханаар төгс болгуулахаар эрж хайдаг хүмүүсээс шаарддаг хамгийн чухал шаардлага бол бүх зүйлийг Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр үйлдэх юм. “Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр үйлдэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чиний бүх үйлдэл, зан авир Бурханы өмнө үзүүлж болохуйц байна гэсэн үг. Зөв санаа зорилготой учраас үйлдэл чинь зөв ч бай, буруу ч бай, тэрийгээ Бурханд юм уу ах, эгч нартаа харуулахаас айхгүй байж, чи Бурханы өмнө тангараг өргөж зүрхэлдэг. Чи Бурханаар ажиглуулахын тулд санаа зорилго, бодол, санаа болгоноо Түүний өмнө үзүүлэх ёстой; ийм маягаар хэрэгжүүлж, орох юм бол чиний амийн ахиц дэвшил хурдан байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг үнэн сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна
516. Бурханаар ашиглуулж, төгс болгуулахыг хүсдэг бол чи үнэний тал бүрийг эзэмших ёстой: зовох шийдвэр, итгэл, тэсвэр хатуужил, дуулгавартай байдал, үнэнийг эрж хайх болон Бурханы санаа зорилгыг ойлгох чадвар, Бурханы уй гашуу, уйгагүй санаа зорилгыг бодолцон үзэх чадвар гэх мэт. Хүнийг төгс болгох хялбар биш, туулсан цэвэршүүлэлт бүр чинь чамаас итгэл, хайр шаарддаг. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсвэл зүгээр л ийш тийш гүйх нь хангалтгүй, зүгээр л Бурханы төлөө өөрийгөө зарлагадах ч бас хангалтгүй. Бурханаар төгс болгуулдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой. Зовлон тулгарахад чи махан биеийг бодолцон үзэхээ больж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүгээр хүссэнээр нь зохион байгуулуулж, Түүний эсрэг гомдол гаргахын оронд махан биеэ хараахыг илүүд үзэх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд хайртай зүйлээ орхих шаналлыг тэвчихэд бэлэн, гашуунаар уйлахад бэлэн байх ёстой. Энэ л жинхэнэ хайр, жинхэнэ итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан, зовлон туулах энэ шийдвэр, энэ жинхэнэ итгэлийн аль алийг нь чи эхлээд эзэмших ёстой, махан биеэс урвах шийдвэр ч бас чамд байх ёстой. Чи Бурханы санаа зорилгыг хангахын тулд өөрийн биеэр зовж, хувийн ашиг сонирхлоо хохирооход бэлэн байх ёстой. Мөн чи зүрх сэтгэлдээ өөртөө гэмшиж чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан бол одоо өөртөө гэмшиж чаддаг болсон. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой
517. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь үндсэндээ хүний уг чанарын өөрчлөлтийг хэлдэг. Хүний уг чанарын зүйлсийг гаднах зан авираас нь харах боломжгүй. Тэдгээр нь хүний оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдол, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлтэй шууд холбоотой бөгөөд зүрх сэтгэлийнх нь гүн дэх зүйлс болон мөн чанарыг нь хамардаг. Хэрвээ хүн үнэнийг хүлээн авч чаддаггүй бол эдгээр тал дээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Бурханы ажлыг туулж, үнэнд бүрэн орж, өөрийн үнэт зүйл болон оршин тогтнол, амьдралын талаарх үзэл бодлоо өөрчилж, аливаа зүйлийн талаарх өөрийн үзэл бодлыг Бурханы үгтэй нийцүүлж, Бурханд бүрэн захирагдаж, үнэнч байж чаддаг болсноор л хүний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Одоо чамайг харахад үүргээ биелүүлж байхдаа бэрхшээлтэй тулгараад жаахан хүчин чармайлт гаргаж, уян хатан байж, Дээрхээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэж, яв гэсэн газар луу явж чаддаг байж магадгүй. Гаднаасаа чи бага зэрэг дуулгавартай мэт харагдаж болох ч үзэлтэй чинь нийцэхгүй ямар нэг зүйл тохиолдох үед тэрслүү байдал чинь гарч ирдэг. Жишээ нь чи засалт, харьцалтад захирагддаггүй, гамшиг тохиох үед бүр ч дуулгаваргүй байдаг; тэр ч байтугай дотроо Бурханыг буруутгадаг. Тиймээс гадна талын тэр үл ялиг дуулгавартай байдал болон өөрчлөлт бол ердөө л зан авирын жаахан өөрчлөлт юм. Багахан өөрчлөлт гардаг ч үүнийг зан чанарын өөрчлөлт гэж тооцоход хангалтгүй. Чи олон замаар явж, олон бэрхшээл туулж, ихээхэн доромжлолыг тэсвэрлэж чаддаг байж болно; Бурхантай маш ойр мэт чамд санагдаж, Ариун Сүнс чам дээр жаахан ажил хийж болно. Гэсэн хэдий ч үзэлтэй чинь нийцдэггүй зүйлийг Бурхан хий хэмээн хүсэх үед чи мөн л захирагдахгүй байж магадгүй, харин ч шалтаг хайж, Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэж, ноцтой тохиолдолд бүр Бурханд эргэлзэн, Бурханы эсрэг тэмцэж магад. Энэ нь ноцтой асуудал байх болно! Чи одоо ч Бурханыг эсэргүүцдэг уг чанартай, үнэнийг үнэхээр ойлгодоггүй, амь зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй гэдгийг энэ нь харуулна. Өөрсдийг нь халах юм уу цэвэрлэсний дараа зарим хүн дотроо мөн л Бурханыг шүүсээр, Бурхан зөвт биш гэж хэлдэг. Тэд бүр Бурхантай маргалдаж, тэмцэлдэж, хаа явсан газартаа Бурханы талаарх үзэл болон Бурханд сэтгэл дундуур байдлаа тарааж байдаг. Иймэрхүү хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг диаволууд юм. Диаволын уг чанартай хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд тэднийг орхих ёстой. Нөхцөл байдал болгонд үнэнийг эрж хайж, хүлээн авч чаддаг, Бурханы ажлыг дуулгавартай дагадаг хүмүүст л үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрэх найдлага бий. Туршлагаараа чи гаднаа хэвийн харагддаг байдлуудыг ялган таньж сурах ёстой. Чи залбирлын үеэр мэгшиж, цурхиран уйлж, эсвэл зүрх сэтгэл чинь Бурханыг маш их хайрладаг, Бурханд маш ойр дотно гэдгийг мэдэрч болох ч эдгээр байдал нь зөвхөн Ариун Сүнсний ажил бөгөөд Бурханыг хайрладаг хүн гэдгийг чинь илтгэдэггүй. Чи Ариун Сүнсийг ажиллаагүй байх үед, Бурханыг үзэлтэй чинь нийцэхгүй зүйл хийх үед ч гэсэн Бурханыг хайрлаж, дуулгавартай дагаж чаддаг хэвээр байх л юм бол Бурханыг үнэхээр хайрладаг хүн мөн. Тэр үед л чи амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн болно. Зөвхөн энэ л үнэн-бодит байдалтай хүн билээ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл
518. Зан чанарын өөрчлөлт нь зан авирын өөрчлөлт биш, гадаад талын хуурамч өөрчлөлт ч биш, эсвэл зүтгэлээс үүдсэн түр зуурын өөрчлөлт ч биш. Эдгээр өөрчлөлт нь хэчнээн сайн байсан ч амь зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй, учир нь эдгээр гадаад өөрчлөлтөд хүний хүчин чармайлтаар хүрч болох ч амь зан чанарын өөрчлөлтөд ганцхан өөрийнхөө хүчин чармайлтаар хүрэх боломжгүй. Үүнд хүрэхийн тулд Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулах шаардлагатай, мөн Ариун Сүнсээр төгс болгуулах шаардлагатай. Хэдийгээр Бурханд итгэдэг хүмүүс зарим нэг сайн зан авирыг харуулдаг ч нэг нь ч Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханы хүслийг биелүүлж чаддаггүй. Яагаад тэр вэ? Учир нь энэ нь амь зан чанарын өөрчлөлтийг шаарддаг бөгөөд зан авирын өөрчлөлт төдийхөн нь огт хангалтгүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь чи үнэнийг мэдэж, туулж, үнэн чиний амь болж, чиний амьдрал, бүх зүйлийг чиглүүлж, захирч чадна гэсэн үг. Энэ бол амь зан чанарын өөрчлөлт. Үнэнийг амиа болгосон хүмүүс л зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс юм. Урьд нь чамд ойлгосон хэр нь хэрэгжүүлж чаддаггүй зарим үнэн байсан байж болох ч одоо чи өөрийнхөө ойлгодог үнэний ямар ч талыг саад, бэрхшээлгүйгээр хэрэгжүүлэх боломжтой. Үнэнийг хэрэгжүүлэх үедээ чи амар амгалан, аз жаргалаар бялхдаг, харин үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол зовж шаналж, мөс чанар чинь түгшдэг. Чи бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгээр амьдарч, амьдрах үндэс суурьтай байж чадна. Энэ нь зан чанар чинь өөрчлөгдсөн гэсэн үг. Одоо чи үзэл, төсөөлөл, махан биеийн дур сонирхол, эрэл хайгуул, өмнө нь орхиж чаддаггүй байсан тэдгээр зүйлийг амархан орхиж чадна. Бурханы үг үнэхээр сайн, үнэнийг хэрэгжүүлэх нь хамгийн сайн зүйл болохыг чи мэдэрнэ. Энэ нь чиний зан чанар өөрчлөгдсөн гэсэн үг. Зан чанарын өөрчлөлт маш энгийн сонсогддог ч үнэндээ ихээхэн туршлага агуулдаг үйл явц юм. Энэ хугацаанд хүмүүс олон бэрхшээл туулах хэрэгтэй, биеэ захирч, махан биеэ хаяж, шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлт амсах хэрэгтэй, бас олон бүтэлгүйтэл, уналт, дотоод тэмцэл, зүрх сэтгэлийн тарчлааныг мэдрэх хэрэгтэй. Эдгээрийг туулсны дараа л хүмүүс уг чанараа бага зэрэг ойлгож чадах ч зарим ойлголт нь тэр даруй бүрэн өөрчлөлтийг бий болгодоггүй; тэд урт хугацааны туршлагыг туулсны эцэст л завхарсан зан чанараасаа бага багаар ангижирч чадна. Ийм учраас зан чанарын өөрчлөлтөд нэг насны амьдрал шаардагддаг. Жишээ нь хэрэв чи нэг асуудал дээр завхрал харуулбал үүнийг ойлгонгуутаа үнэнийг нэн даруй хэрэгжүүлж чадах уу? Чадахгүй. Ойлголтын энэ үе шатанд бусад хүн чамайг засаж, чамтай харьцдаг ба үнэн-зарчимд нийцүүлэн үйлдэхэд хүрээлэн буй орчин чинь чамайг албадан, хүчилдэг. Заримдаа чи үүнтэй эвлэрэхгүй, өөртөө “Би ингэж хийх ёстой гэж үү? Би яагаад хүссэнээрээ хийж болохгүй гэж? Яагаад надаас үнэнийг хэрэгжүүлэхийг дандаа шаарддаг юм бэ? Би энийг хиймээргүй байна, залхаж байна!” гэж хэлдэг. Бурханы ажлыг туулахад дараах үйл явцыг дамжих шаардлагатай байдаг: үнэнийг хэрэгжүүлэх дургүй байснаа үнэнийг дуртайяа хэрэгжүүлдэг болох; сөрөг, сул дорой байснаа хүчтэй болж, махан биеийг хаях чадалтай болох. Хүмүүсийн туршлага тодорхой хэмжээнд хүрээд дараа нь шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, эцэст нь Бурханы хүсэл болон зарим үнэнийг ойлгож авах үед үнэн-зарчмын дагуу үйлдэхдээ бага зэрэг аз жаргалтай, дуртай байх болно. Эхэндээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ дурамжхан байдаг. Үүргээ үнэнчээр биелүүлэхийг жишээ болгон аваад үз. Өөрийн үүргийг биелүүлж, Бурханд үнэнч байх талаар чи бага зэрэг ойлгодог, бас үнэнийг жаахан ойлгодог боловч хэзээ Бурханд үнэнч байж чадах юм бэ? Хэзээ чи өөрийнхөө үүргийг үг хэл, үйл хэргээрээ биелүүлэх юм бэ? Үүнд үйл явц шаардагдана. Энэ явцад чи олон бэрхшээл туулж болох юм. Зарим хүн чамтай харьцаж, бусад нь чамайг шүүмжилж магадгүй. Хүн бүрийн нүд чамайг харж, чамайг шинжих ба тэр үед л чи буруутайгаа ухаарч, тааруухан ажилласан нэгэн мөн гэдгээ, үүргээ биелүүлэхэд үнэнч зан дутмаг байх нь хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг, мөн хааш яаш, хайхрамжгүй байх ёсгүй гэдгээ ухаарч эхэлнэ! Ариун Сүнс чамайг дотроос чинь гэгээрүүлж, алдаа гаргах үед чинь зэмлэнэ. Энэ явцад чи өөрийнхөө талаар зарим зүйлийг ойлгож авч, үүргээ биелүүлэхдээ хэтэрхий их хольцтой, хэтэрхий олон хувийн сэдэл өвөрлөдөг, дэндүү олон давруу хүсэлтэй байдаг гэдгээ мэднэ. Эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгомогцоо чи Бурханы өмнө ирж залбиран, үнэхээр гэмшиж чадвал тэдгээр завхарсан зүйлээс цэвэрлэгдэж чадна. Хэрэв чи өөрийн бодит асуудлуудыг шийдэхийн тулд ийм маягаар байнга үнэнийг эрж хайвал итгэлийн зөв замд аажмаар хөл тавина; чи амийн жинхэнэ туршлагатай болж эхлэн, завхарсан зан чанар чинь аажмаар ариусгагдаж эхэлнэ. Чиний завхарсан зан чанар ариусах тусам амь зан чанар чинь төдий чинээ өөрчлөгдөнө.
Хэдийгээр одоо олон хүн үүргээ гүйцэтгэж байгаа ч мөн чанартаа хэр олон хүн үүргээ аргацааж байгаа вэ? Хэр олон хүн үнэн-зарчмын дагуу үнэнийг хүлээн авч, үүргээ гүйцэтгэж чаддаг вэ? Зан чанар нь өөрчлөгдсөний дараа хэр олон хүн Бурханы шаардсанаар үүргээ гүйцэтгэдэг вэ? Эдгээр зүйлийг илүү их нягталж шалгаснаар чи үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр стандартад нийцэж байгаа эсэхээ мэдэж чадна, зан чанар чинь өөрчлөгдсөн эсэхийг ч тодорхой харж чадна. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх нь энгийн хэрэг биш; энэ нь ердөө зан авирын цөөн хэдэн өөрчлөлт гаргаж, үнэний талаар бага зэрэг мэдлэг олж авч, үнэний тал бүрийг туулсан туршлагаа бага зэрэг ярьж чаддаг байж, эсвэл сахилгажуулагдсаныхаа дараа бага зэрэг өөрчлөлт гаргаж, бага зэрэг дуулгавартай болж чаддаг байна гэсэн үг биш. Эдгээр зүйл амь зан чанарын өөрчлөлт гэж тооцогддоггүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Чи зарим талаар өөрчлөгдсөн байж болох ч үнэнийг үнэхээр хэрэгжүүлэхгүй хэвээр байгаа. Магадгүй чи түр зуур тохиромжтой орчинд байж, нөхцөл байдал бүрдсэнээс болоод, эсвэл одоогийн орчин нөхцөл чинь чамайг албадсанаас болоод ийм маягаар авирладаг байх. Түүнчлэн, сайхан ааштай, байдал чинь хэвийн, Ариун Сүнсний ажилтай байх үедээ чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Гэтэл чи шалгалт туулж, шалгалтынхаа үеэр Иов шиг зовж, эсвэл үхлийн шалгалттай нүүр туллаа гэж бодъё. Энэ үед чи үнэнийг хэрэгжүүлж, гэрчлэлдээ бат зогсож чадах уу? Петрийн хэлсэн шиг “Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно” гэж хэлж чадах уу? Петр юуг үнэлсэн бэ? Петрийн үнэлж байсан зүйл нь дуулгавартай байдал бөгөөд Бурханыг мэдэх нь хамгийн чухал зүйл гэж үзсэн учраас үхэх хүртлээ дуулгавартай байж чадсан. Зан чанарын өөрчлөлт нь нэг шөнийн дотор тохиолддоггүй; үүнд хүрэхэд насан туршдаа туршлагажих шаардлагатай. Үнэнийг ойлгох нь арай амархан ч янз бүрийн нөхцөлд үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх хэцүү. Хүмүүст яагаад үнэнийг хэрэгжүүлэх төвөгтэй байдаг вэ? Үнэндээ эдгээр бэрхшээл нь бүгд хүмүүсийн завхарсан зан чанартай шууд холбоотой бөгөөд бүгд завхарсан зан чанараас үүдэлтэй саад тотгор юм. Тиймээс чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг байхын тулд их зовлон амсаж, төлөөс төлөх ёстой. Хэрэв чамд завхарсан зан чанар байгаагүй бол үнэнийг хэрэгжүүлэхийн тулд заавал зовлон амсаж, төлөөс төлөх шаардлагагүй байсан. Энэ мэдээжийн хэрэг бус уу? Заримдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж болох ч бодит байдал дээр үйлдлийн чинь уг чанараас тэгж байгаа чинь харагддаггүй. Бурханыг дагахдаа олон хүн, гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж, үүргээ гүйцэтгэж чаддаг, тиймээс тэд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж боддог. Гэвч тэд хэзээ ч жинхэнэ туршлагаар мэдэрсэн гэрчлэлээ ярьж чаддаггүй. Энд яг юу болоод байна вэ? Хүний үзлээр тэднийг дүгнэвэл тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагддаг ч Бурхан тэдний хийж байгаа зүйлийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэлтэй, хольцтой байдаг бол чи зарчмаас хазайх магадлалтай бөгөөд үнэнийг хэрэгжүүлж байна гэж хэлж болохгүй; энэ нь ердөө нэг төрлийн зан байдал юм. Хатуухан хэлбэл, чиний ийм зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан тэмдэглэхгүй. Үүний мөн чанар, уг үндсийг цааш нь задлан шинжилбэл чи мууг үйлддэг хүн бөгөөд гадна талын эдгээр зан авир чинь Бурханыг эсэргүүцдэг. Гаднаа чамд юу ч саад болж, чамайг үймүүлээгүй, бодитой хохирол учруулаагүй. Энэ нь логиктой, үндэслэлтэй харагддаг ч дотроо хүний хольц, санаа зорилгыг агуулдаг бөгөөд үүний мөн чанар нь мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх явдал юм. Тиймээс чи Бурханы үгийг ашиглан, үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний бодол санаанд нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэхээс хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэн-бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн, амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн туршлага байгаа юу? Асуудлуудын мөн чанарын тухайд бол та нар ойлгохгүй байж магадгүй; та нарын оролт дэндүү өнгөцхөн байсан. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө гүйж, эрт босож, орой унтдаг атлаа амь зан чанартаа өөрчлөлт гаргаагүй, зан чанарын өөрчлөлт нь юу болохыг ухаарч чадаагүй. Энэ нь оролт чинь хэтэрхий өнгөцхөн байна гэсэн үг биз дээ? Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран та нар амь зан чанарын өөрчлөлттэй холбоотой мөн чанар болон гүн гүнзгий зүйлсийг мэдэрдэггүй байж магадгүй. Та нарын зан чанар чинь өөрчлөгдсөн гэж болох уу? Бурхан чамайг магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Хамгийн наад зах нь, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд Бурханы гэрт үүргээ биелүүлж, ямар нэгэн ажил хийж байх үедээ, эсвэл ердийн үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чиний дотор ажиллаж байгааг мэдэрнэ. Биеэ авч явах байдал чинь Бурханы үгтэй нягт зохицох ба тодорхой түвшний туршлагатай болмогцоо чи урьд нь авирлаж байсан байдал чинь харьцангуй тохиромжтой байсан гэдгийг мэдэрнэ. Гэхдээ, хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, урьд нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсныг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байж, тэдгээр нь үнэнд нийцээгүйг мэдэрвэл хийсэн бүхэн чинь Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь нотолдог. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний арга замаар дүүрэн байсан гэдгийг, зан чанарын өөрчлөлтөд огт хүрч чадаагүй гэдгийг чинь энэ нь нотолдог.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл
519. Хүмүүс сайхан авирлаж болох ч энэ нь үнэнийг эзэмшдэг гэсэн утгатай байх албагүй. Урам зоригтой байх нь хоосон сургаалыг мөрдөж, дүрэм журмыг дагахад л тэднийг хүргэж чадна; үнэнгүй хүмүүс бодит асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй, мөн хоосон сургаал ч үнэнийг орлож чадахгүй. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс өөр байдаг; тэд үнэнийг ойлгосон байдаг, бүх асуудлыг ялган таньдаг, хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэхээ, хэрхэн үнэн-зарчимд нийцүүлэн үйлдэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ мэддэг бөгөөд харуулдаг завхралынхаа мөн чанарыг ойлгодог. Өөрсдийнх нь санаа болон үзэл илчлэгдэх үед тэд ялган таньж, махан биеийг хаяж чаддаг. Зан чанарын өөрчлөлт ингэж илэрхийлэгддэг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүсийн үндсэн гол зүйл бол тэд үнэнийг тодорхой ойлгож авсан байдаг ба аливааг гүйцэтгэхдээ үнэнийг харьцангуй үнэн зөв хэрэгжүүлдэг, мөн завхралаа үргэлж харуулаад байдаггүй. Ерөнхийдөө, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс нэлээд ухаалаг, ялган таних чадвартай харагддаг бөгөөд үнэний талаарх ойлголтоосоо үүдэн, өөрийгөө зөвтгөдөг байдал болон биеэ тоосон занг тийм ч их харуулдаггүй. Тэд өөрсдийнхөө илчилсэн завхралын ихэнхийг нэвт харж, ялган таньж чаддаг тул биеэ тоосон зан гаргадаггүй. Тэд хүний байр суурь юу болох, яаж ухаалаг авирлах, үүргээ хэрхэн биелүүлэх, юу хэлэх, юу хэлэхгүй байх, ямар хүмүүст юу хэлж, юу хийх талаар нарийн бодож ухаарах чадвартай байдаг. Ийм учраас иймэрхүү хүмүүсийг харьцангуй ухаалаг гэж хэлдэг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс хүний төрхийг үнэхээр амьдран харуулдаг ба үнэнийг эзэмшдэг. Тэд аливааг үнэний дагуу ярьж, харж үргэлж чаддаг бөгөөд хийдэг юм бүхэндээ зарчимтай байдаг; тэд аливаа хүн, хэрэг явдал, зүйлсийн нөлөөнд автдаггүй бөгөөд бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байж, үнэн-зарчмыг баримталж чаддаг. Тэдний зан чанар харьцангуй тогтвортой байдаг, тэд гуйвж дайвдаггүй ба орчин нөхцөл нь ямар ч байсан, өөрсдийн үүргийг хэрхэн зохих ёсоор биелүүлэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн авирлахаа ойлгодог. Зан чанар нь үнэхээр өөрчлөгдсөн хүмүүс өнгөц түвшинд өөрсдийгөө сайн харагдуулахын тулд юу хийх талаар анхаардаггүй; тэд Бурханыг хангалуун байлгахын тулд юу хийхээ дотроо тодорхой мэдэж байдаг. Тиймээс гаднаа тийм ч урам зоригтой биш, эсвэл тийм ч агуу зүйл хийгээгүй мэт харагдаж болох ч тэдний хийдэг бүхэн утга учиртай, үнэ цэнтэй, бодит үр дүнтэй байдаг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс ихээхэн үнэнийг эзэмшдэг нь гарцаагүй бөгөөд аливааг харах тэдний үзэл бодол болон зарчимч үйлдлээр үүнийг баталгаажуулж болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүст зан чанарын өөрчлөлт огт байдаггүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан гэсэн үг биш; энэ нь үндсэндээ, Бурханы тухай мэдлэгт хүрч, үнэний талаар ойлгосноос нь үүдэн хүний уг чанарын доторх зарим сатанлаг хор өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлсэн үнэн ийм хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанарын өөрчлөлтийг туулдаг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, биеэ тоосон зантай байснаа одоо ухаалгаар ярилцаж чаддаг болж, хэнийг ч сонсдоггүй байснаа одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж ийм байр байдал, илэрхийллийг агуулдаг, гэхдээ хамгийн чухал зүйл бол дотроо тэдний амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатанлаг хор нь таягдан хаягдаж, үзэл бодол нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Энэ хүмүүс агуу улаан лууны явуулга болон хор яг юу болохыг харж чаддаг; амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэт зүйл өөрчлөгдсөн бөгөөд энэ нь хамгийн үндсэн гол өөрчлөлт, мөн зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
520. Хэрвээ чи завхралаа цэвэрлэж, амь зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл үнэнийг гэх хайр болон үнэнийг хүлээн авах чадвартай байх ёстой. Үнэнийг хүлээн авах гэдэг нь юу гэсэн үг вэ? Үнэнийг хүлээн авах гэдэг нь чи ямар ч завхарсан зан чанартай бай, эсвэл агуу улаан лууны буюу Сатаны ямар ч хор уг чанарт чинь байдаг бай, Бурханы үг эдгээр зүйлийг илчлэх үед тэрийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой, өөр сонголт хийж болохгүй, Бурханы үгийн дагуу өөрийгөө мэдэх ёстой гэсэн үг. Энэ нь Бурханы үгийг хүлээн авч, үнэнийг хүлээн авч чаддаг байна гэсэн үг юм. Бурхан юу ч хэлсэн, Түүний айлдвар хэчнээн хатуу ширүүн ч байсан, Тэр ямар ч үг хэрэглэсэн бай хамаагүй, хэлдэг зүйл нь үнэн мөн л бол чи хүлээн авч чадах ба бодит байдалтай нийцэж байгаа л бол үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Бурханы үгийг хэчнээн гүн гүнзгий ойлгодгоосоо үл хамааран чи үүнд захирагдаж чадах бөгөөд Ариун Сүнсний илчилсэн, ах эгч нарынхаа нөхөрлөсөн гэрлийг хүлээн авч, захирагддаг. Ийм хүн тодорхой хэмжээнд үнэнийг эрэлхийлэх үедээ үнэнийг олж авч, зан чанараа өөрчилж чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүс бага зэрэг хүн чанартай, зарим сайн үйлийг хийж чаддаг, Бурханы төлөө хаяж, зарлагадаж чаддаг байлаа ч гэсэн, үнэний тухайд төөрөлдөж, нухацтай ханддаггүй учраас амь зан чанар нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Петр бусад шавь нартай төстэй хүн чанартай байсан боловч үнэнийг гал цогтойгоор эрэлхийлж байснаараа бусдаас ялгарч байв. Есүсийн хэлсэн зүйлээс үл хамааран, Петр үнэн сэтгэлээсээ тунгаан боддог байлаа. Есүс: “Ионагийн хүү Симон оо, чи Надад хайртай юу?” гэж асуухад Петр: “Би тэнгэр дэх Эцэгт л хайртай хэр нь газар дээрх Эзэнийг хайрлаж байгаагүй” гэж үнэнчээр хариулсан. Хожим нь тэр ойлгоод, “Энэ буруу юм байна, газар дээрх Бурхан бол тэнгэр дэх Бурхан юм байна. Тэнгэр, газарт хоёуланд нь ганцхан Бурхан байдаг бус уу? Хэрэв би зөвхөн тэнгэр дэх Бурханыг хайрладаг бол миний хайр бодитой биш юм, би газар дээрх Бурханыг хайрлах ёстой, учир нь тэгж байж л миний хайр бодитой болно” гэж боджээ. Тиймээс Петр Есүсийн асуусан асуултаас Бурханы үгийн жинхэнэ утгыг ойлгож авсан. Бурханыг хайрлахын тулд, энэхүү хайр нь бодитой байхын тулд хүн газар дээрх бие махбодтой болсон Бурханыг хайрлах ёстой. Тодорхой бус, үл үзэгдэгч Бурханыг хайрлах нь бодитой ч биш, баримттай ч биш, харин бодит, нүдэнд харагдах Бурханыг хайрлах нь үнэн билээ. Есүсийн үгээс Петр үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгосон. Бурханд итгэх Петрийн итгэл зөвхөн үнэнийг эрэлхийлэхэд л чиглэж байсан нь тодорхой юм. Эцэст нь тэрээр бодитой Бурхан—газар дээрх Бурханыг гэх хайранд хүрсэн. Петр тун нухацтайгаар үнэнийг эрэлхийлж байсан. Есүс өөрт нь зөвлөгөө өгөх бүрд тэрээр Есүсийн үгийг чин сэтгэлээсээ тунгаан бодож байсан. Ариун Сүнс түүнийг гэгээрүүлж, Бурханы үгийн мөн чанарыг ойлгохоосоо өмнө тэр магадгүй сар жилээр, бүр хэдэн жилээр ч тунгаан бодсон байх. Ийм маягаар Петр үнэнд орж, үүнийх нь дараа түүний амь зан чанар өөрчлөгдөж, шинэчлэгдсэн.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ
521. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно. Хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, өөрсдөөсөө урвах чадваргүй тул Бурханы нигүүлсэл, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжгүйгээр энэ замаар алхах хэцүү байх байв. Төгс болгуулах Петрийн замаар алхах нь шийдэмгий, итгэлтэй байж, Бурханд найдахаас үндсэндээ хамаардаг. Түүнчлэн хүн Ариун Сүнсний ажилд захирагдах ёстой; бүх зүйл дээр Бурханы үггүй байж болохгүй. Эдгээр нь гол талууд бөгөөд алийг нь ч зөрчиж үл болно. Туршлагаар өөрийгөө мэдэж авна гэдэг маш хэцүү; Ариун Сүнсний ажилгүйгээр үүн рүү ороход тун хэцүү байдаг. Петрийн замаар алхахын тулд хүн өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөхөд анхаарах ёстой. Паулын зам нь амийг эрж хайж, өөрийгөө мэдэхэд анхаарах зам биш байсан юм; Паул ажил хийх, ажлын үр нөлөө, эрч хүчид гойд анхаардаг байлаа. Түүний сэдэл нь ажил, зовлонгийнхоо хариуд Бурханаас ерөөл хүртэж, Бурханаар шагнуулахын төлөө байв. Энэ сэдэл буруу байсан юм. Паул аминд анхаараагүй, зан чанараа өөрчлөхөд ч ямар нэг ач холбогдол өгөөгүй; харин гагцхүү шагналд анхаарсан. Тэрээр буруу зорилготой байсан учраас алхсан зам нь ч мэдээж буруу байлаа. Энэ нь түүний биеэ тоосон, ихэрхүү уг чанараас үүджээ. Харваас Паул ямар ч үнэнийг эзэмшээгүй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байсан юм. Бурхан хүмүүсийг аварч, өөрчлөхдөө зан чанарыг нь голчлон өөрчилдөг. Бурханы үгийн зорилго нь хүмүүсийн зан чанарыг өөрчлөн, Бурханыг мэдэж, Бурханд захирагдаж, хэвийн байдлаар Бурханыг шүтэн мөргөх чадвартай болгох үр дүнд хүрэхийн төлөө байдаг. Энэ нь Бурханы үг, ажлын зорилго билээ. Паулын эрж хайх арга зам Бурханы хүслийг шууд зөрчиж, зөрчилдсөн бөгөөд Бурханы хүслээс шал эсрэг байсан. Харин Петрийн эрж хайх арга зам Бурханы хүсэлтэй бүрэн нийцэж байсан бөгөөд Бурхан хүмүүс дээр яг ийм үр дүнд хүрэхийг хүсдэг. Тиймээс Петрийн зам ерөөгдөж, Бурханы магтаалыг хүртдэг. Паулын зам Бурханы хүслийг зөрчдөг тул Бурхан үүнийг үзэн ядаж, хараадаг.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
522. Хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
523. Хүмүүс төгс болгуулах замд хөл тавих үед хуучин зан чанараа өөрчлөх чадвартай болдог. Түүнчлэн, тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар үнэнд илүү гүн гүнзгий ордог. Тэд дэлхий ертөнцийг үзэн ядаж, үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүнийг үзэн ядаж чаддаг. Тэд ялангуяа өөрсдийгөө үзэн яддаг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр өөрсдийгөө тодорхой мэддэг. Тэгээд үнэнээр амьдрахыг хүсэж, үнэнийг эрэлхийлэхийг зорилгоо болгодог. Тэд уураг тархиныхаа бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй бөгөөд хүний өөрийгөө зөвтгөдөг байдал, онгироо, ихэрхүү занг жигшдэг. Тэд ёс зүйн өндөр мэдрэмжтэй ярьдаг, аливаа зүйлтэй тулгарахдаа ялган таних чадвар, мэргэн ухаантай байж, Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг туулбал тэд сөрөг, сул дорой болдоггүйгээр үл барам, Бурханы энэхүү гэсгээлт, шүүлтэд талархдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; энэ нь тэднийг хамгаалдаг гэж тэд итгэдэг. Тэд амар амгалан, баяр хөөр, цадталаа талх идэхээр эрмэлзэх итгэлийг эрэлхийлдэггүй. Түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас ч хөөцөлддөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст гардаг зүйл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын бодитой түүх (4)
524. Хүн үүргээ биелүүлж байхдаа Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний бүх талын бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Бурханы үг болон ажил тэдэнд туйлын үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болсон, тэд үнэнийг олж авсан, бас Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгосныхоо дараа л шинэ хүмүүс болцгооно. Хэрэв Бурханы үг хүмүүсийн амь болдог бол, хэрэв Бурханы ажлын үзэгдэл, Түүний ил болголт, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, Бурханы хүр гэж шаарддаг хүний амьдралын стандарт тэдний амь болдог бол, хэрэв хүмүүс эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол тэд Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгээр дахин төрж, шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам. Энэ нь төгс болгуулах зам байсан юм. Петр Бурханы үгээр төгс болгуулж, Бурханы үгээс амь олж авч, Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэрээр үнэнийг олж авсан хүн болсон билээ.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ
525. Хүмүүс Бурханы зан чанарыг үнэхээр ойлгож, Бурханы зан чанар бодитой, үнэхээр ариун, үнэхээр зөвт гэдгийг олж харж, Бурханы ариун байдал, зөвт байдлыг зүрх сэтгэлээсээ магтаж чадвал тэд Бурханыг үнэхээр мэдэж, үнэнийг олж авсан байх болно. Бурханыг мэддэг хүмүүс л гэрэлд амьдардаг. Бурханыг үнэхээр мэдэхийн шууд нөлөө нь Бурханыг үнэн голоосоо хайрлаж, дуулгавартай дагаж чаддаг байх явдал юм. Хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, үнэнийг ойлгож, үнэнийг олж авах үед тэдний ертөнцийг үзэх үзэл, амьдралын талаарх үзэл бодолд бодитой өөрчлөлт гарч, дараа нь тэдний амь зан чанарт ч бодит өөрчлөлт бий болдог. Амьдралын зөв зорилготой, үнэнийг эрэлхийлж, үнэний дагуу биеэ авч явж чаддаг, Бурханыг туйлын дуулгавартай дагаж, Бурханы үгээр амьдардаг, зүрх сэтгэлийнхээ гүнд амар тайван, гэрэл гэгээтэй, зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид, Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн байдлаар амьдардаг хүмүүс л жинхэнэ хүний амьдралыг олж авдаг, тэр үед л тэд үнэнтэй, хүн чанартай хүмүүс болдог. Үүнээс гадна, чиний ойлгож, олж авсан бүх үнэн Бурханы үгээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн. Чи Дээдийн Дээд Бурхан—Бүтээгчийн сайшаалыг хүртэж, Тэр чамайг стандартад нийцсэн, хүний төрхийг амьдран харуулдаг бүтээгдсэн зүйл хэмээн хэлэх үед амьдрал чинь хамгийн их утга учиртай байх болно.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ
526. Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудад нухацтай ханддаггүй, үнэн рүү орохоор эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлыг ойлгох ёстой. Ялангуяа Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн энэ ажлыг яагаад хүн дээр хийдгийг ойлгох ёстой. Чи энэ ажлыг хүлээн авч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы тухай болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхээр зорьдог бол төгс болгуулах боломж олдоно.
Төгс болгуулах хүмүүсийн хувьд байлдан дагуулагдах ажлын энэ алхам зайлшгүй шаардлагатай; хүн байлдан дагуулагдмагцаа л төгс болгуулах ажлыг туулж чадна. Зөвхөн байлдан дагуулагдах үүргийг л биелүүлэх нь тийм ч их үнэ цэнтэй биш бөгөөд Бурханаар ашиглуулахад тохирохгүй. Чи сайн мэдээ түгээхэд хувь нэмэр оруулах ямар ч аргагүй байх болно, учир нь чи амийг эрэлхийлдэггүй, өөрийгөө өөрчилж, шинэчлэхээр эрэлхийлдэггүй, иймээс чамд амийн ямар ч бодит туршлага байдаггүй. Энэхүү алхам алхмаар хийгддэг ажлын үеэр чи нэгэнтээ үйлчлэл үзүүлэгч, товойлгогч болж ажилласан боловч эцэстээ Петр шиг байхыг зорьдоггүй, мөн эрэл хайгуул чинь Петрийн төгс болгуулсан замын дагуу байдаггүй бол мэдээж зан чанарын өөрчлөлтийг туулахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг зорьдог хүн бол гэрчлэл хийсэн байх ба ингэж хэлэх болно: “Алхам алхмаар хийгддэг Бурханы энэ ажилд би Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авсан бөгөөд асар их зовлон туулсан хэдий ч Бурхан хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдэж авсан, Бурханы хийдэг ажлыг олж авсан, Бурханы зөвт байдлын тухай мэдлэгтэй болсон ба Түүний гэсгээлт намайг аварсан. Түүний зөвт зан чанар над дээр ирж, надад ерөөл, нигүүлсэл авчирсан; Түүний гэсгээлт, шүүлт л намайг хамгаалж, ариусгасан. Хэрвээ намайг Бурхан гэсгээж, шүүгээгүй бол, хэрвээ Бурханы хатуу ширүүн үг над дээр ирээгүй бол би Бурханыг мэдэж чадахгүй байх байсан, аврагдаж ч чадахгүй байх байсан. Бүтээгдсэн зүйлийн хувиар хүн Бүтээгчийн бүтээсэн бүх зүйлийг эдлээд зогсохгүй, хамгийн чухал нь бүх бүтээгдсэн зүйл Бурханы зөвт зан чанар болон зөвт шүүлтийг эдлэх ёстой, учир нь Бурханы зан чанар хүний таашаалыг хүртүүштэй гэдгийг би өнөөдөр харж байна. Сатаны завхруулсан бүтээгдсэн зүйл болохын хувьд хүн Бурханы зөвт зан чанарыг эдлэх ёстой. Түүний зөвт зан чанарт гэсгээлт, шүүлт байдаг, түүнчлэн агуу хайр байдаг. Хэдийгээр би өнөөдөр Бурханы хайрыг бүрэн дүүрэн олж авч чадахгүй байсан ч үүнийг харах сайн хувь тавилантай байсан ба үүгээр би ерөөгдсөн.” Энэ бол төгс болгуулсан хүмүүсийн алхсан зам бөгөөд тэдний ярьдаг мэдлэг юм. Ийм хүмүүс Петртэй адил; тэд Петртэй адил туршлагатай. Ийм хүмүүс бас амийг олж авсан, үнэнийг эзэмшдэг хүмүүс юм. Тэд бүр эцсийг нь хүртэл туулах үедээ Бурханы шүүлтийн үеэр Сатаны нөлөөнөөс бүрмөсөн ангижирч, Бурханаар авхуулах нь гарцаагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
527. Би Петр шиг хүмүүсийг, төгс болгуулахаар зорьдог хүмүүсийг л хүсдэг. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг олж авах учиртай юм биш. Бурхан ч гэсэн та нарыг олж авах нь үүний зорилго юм; та нар Бурханаар авхуулахын тулд Бурханыг олж авдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, эдгээр үгийг хэрэгжүүлэх үе чинь эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч бас эдгээр үгийг олж авсан байна, өөрөөр хэлбэл, та нар дээд зэргийн энэхүү авралыг олж авсан байх болно. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болсон байх болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан нэгний төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, харин алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй буюу Еховагийн амьсгалгүй хүн тул ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх боломжтой ч олж авсан зүйл чинь өчүүхэн аврал төдий бөгөөд чи сүнстэй амьд оршихуй болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт туулсан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба цэвэрлэгдсэн хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнтэй бөгөөд тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
528. Ирээдүйн үйлчлэлийн замдаа чи Бурханы санаа зорилгыг хэрхэн хангаж чадах вэ? Нэг чухал зүйл бол амь-оролтыг эрэлхийлэх, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх, үнэнд илүү гүн гүнзгий орохоор эрэлхийлэх явдал юм—энэ бол Бурханаар төгс болгуулж, авхуулах зам билээ. Та нар бүгд Бурханы даалгаврыг хүлээн авагч, гэхдээ ямар төрлийн даалгавар вэ? Энэ нь ажлын дараагийн алхамтай холбоотой байдаг; ажлын дараагийн алхам нь бүх орчлон ертөнц даяар хэрэгждэг илүү агуу ажил байх болно. Тиймээс та нар өнөөдөр амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой, ирээдүйд та нар Бурхан Өөрийн ажлаар дамжуулан алдрыг олж авахын жинхэнэ нотолгоо болж, Түүний ирээдүйн ажлын үлгэр жишээ болно. Өнөөдрийн эрэлхийлэл тэр чигтээ ирээдүйн ажлын суурийг тавихын төлөө байдаг, мөн Бурханаар ашиглагдаж, Түүнд гэрчлэл хийж чадахын төлөө байдаг. Хэрвээ чи үүнийг эрэлхийллийнхээ зорилго болговол Ариун Сүнсний дэргэд байж чадна. Эрэлхийлэлдээ өндөр зорилго тавих тусам чи төдий чинээ төгс болгуулж чадна. Үнэнийг хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнс төдий чинээ их ажилладаг. Эрэлхийлэлдээ эрч хүчээ зориулах тусам чи төдий чинээ ихийг олж авна. Ариун Сүнс хүмүүсийг дотоод байр байдлынх нь дагуу төгс болгодог. Зарим хүн, Бурханд ашиглагдахыг, эсвэл Түүгээр төгс болгуулахыг хүсэхгүй байна, зүгээр л махан бие нь эсэн мэнд байж, ямар ч золгүй явдал амсахгүй байхыг хүсэж байна гэж хэлдэг. Зарим хүн хаанчлалд орохыг хүсдэггүй мөртөө ёроолгүй нүхэнд унахыг хүсдэг. Тэр тохиолдолд Бурхан хүслийг чинь бас биелүүлж өгнө. Чи юу ч эрэлхийлдэг бай, Бурхан биелүүлнэ. Тэгвэл чи одоо юу эрэлхийлж байна вэ? Төгс болгуулахыг уу? Одоогийн үйлдэл, зан авир чинь Бурханаар төгс болгуулж, Түүгээр авхуулахын төлөө байдаг уу? Чи өдөр тутмын амьдралдаа өөрийгөө байнга ингэж цэгнэх ёстой. Хэрэв чи ганцхан зорилгын эрэлхийлэлд бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг бол Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Энэ бол Ариун Сүнсний зам юм. Ариун Сүнс хүмүүсийг залж чиглүүлдэг замд хүмүүсийн эрэлхийллээр хүрдэг. Чи Бурханаар төгс болгуулж, авхуулахыг хэдий чинээ их хүсэн тэмүүлнэ, Ариун Сүнс чиний дотор төдий чинээ их ажиллана. Эрэлхийлж чадахгүй байх тусмаа чи улам сөрөг болж, ухарч буцдаг ба Ариун Сүнсний ажиллах боломж төдий чинээ үгүй болдог; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Ариун Сүнс чамайг орхино. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Бурханд ашиглагдахыг хүсэж байна уу? Бурханы үйлдэл та нараар илэрхийлэгдсэнийг орчлон ертөнц болон бүх зүйлд харуулахын тулд та нар Бурханаар төгс болгуулж, авхуулж, ашиглуулахын төлөө бүхнийг хийхээр хичээх ёстой. Та нар бүх зүйлийн дундах эзэн, оршин байгаа бүхний дунд байдаг, та нар өөрсдөөрөө дамжуулан гэрчлэл, алдар сууг Бурханд эдлүүлнэ—энэ нь, хамгийн их ерөөгдсөн үеийнхэн гэдгийн чинь нотолгоо юм!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм