11.1. Бурханы эрх мэдлийн тухай

529. Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьдарч буй хүмүүс нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг юм бэ? Яагаад бид үхэх ёстой юм бэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн хувь заяагаа үнэхээр хянадаг уу? … Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг тасралтгүй асуусан. Харамсалтай нь, хүн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангах болжээ. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, чадан ядан нуусан айдас, арга мөхөс байдлаас нь хүнийг ангижруулахад огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн зүрх сэтгэлээ мэдээгүйжүүлэхийн тулд энгийн нүдээр харж, уураг тархиараа ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг төдий. Гэсэн ч шинжлэх ухааны тийм мэдлэг нь нууцыг шинжлэн судлах гэсэн хүн төрөлхтнийг болиулахад хангалтгүй. Орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн ердөө мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө аргагүйн эрхэнд энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрүүдийн дээр мөнхөөс мөнхөд бүхнийг захирдаг Нэгэн бий. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, хүн төрөлхтний хэзээ ч мэдэж аваагүй Нэгэн, оршин тогтнолд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн юм—гэсэн ч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтнийг хангаж, тэжээдэг, хүнийг оршин тогтнуулдаг Нэгэн; мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн Нэгэн юм. Түүнчлэн амьд үлдэхийн тулд хүн төрөлхтний найддаг цорын ганц Нэгэн Тэр билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дэх бүх амьд оршихуйг удирддаг. Тэрээр дөрвөн улирлыг хянаж, салхи, хяруу, цас, бороог дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уулс, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьд зүйлсээр хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг, Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд дор бүрнээ Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Хэн Түүний дээд эрхээс өөрийгөө чөлөөлж чадах вэ? Хэн Түүний зохицуулалтаас өөрийгөө салгаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байж, бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж бүр ч чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл хамааран чиний хувь заяаг Бурхан тодорхойлдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийг захирна гэдэгт эргэлзэх юмгүй. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн танин мэдэж, ойлгох эсэхээр тогтоогддоггүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит баримтыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, төд удалгүй хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы нүдэн дор амьдарч, нас бардаг. Хүн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүд анихдаа ч бас энэхүү удирдлагын төлөө нүд аньдаг. Хүмүүс ахин дахин нааш цааш ирж, буцдаг. Энэ нь бүгд ялгаагүй Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага хэзээ ч зогсоогүй; энэ нь үргэлжид урагшилж байгаа. Тэрээр хүн төрөлхтөнд Өөрийн оршин тогтнолыг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд буцаан аваачна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

530. Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар, яагаад бүтээсэн нь хамаагүй, бүх зүйл Бурханы үгийн ачаар бий болж, бат зогсож, оршин тогтносон бөгөөд энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд Бүтээгч, хүн төрөлхтний төлөө бүх зүйлийг бүтээхийн тулд хүч чадал, эрх мэдлээ хэрэглэж, хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд цор ганц арга барилаа ашигласан. Түүний хийсэн бүхэн удалгүй амьсгалыг нь хүлээн авах хүн төрөлхтөнд зориулсан бэлтгэл байв. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл тэнгэр, гэрэл, тэнгис далай, хуурай газар зэрэг агуу том зүйлс болон ан амьтан, жигүүртэн шувууд, бүх төрлийн шавж, бичил биетэн, тэр дундаа хүний нүдэнд харагдахгүй олон янзын нян гэх мэт өчүүхэн жижиг зүйлс зэрэг хүн төрөлхтнөөс бусад бүх бүтээл дээр илэрсэн юм. Бүтээгчийн үгээр амьд үлддэггүй юу ч үгүй, Бүтээгчийн үгээр өсөж үрждэггүй юу ч байхгүй, мөн Бүтээгчийн үгийн захиралт дор амьдардаггүй юу ч үгүй. Тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч гэсэн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээрээ Бүтээгчийн өөрсдөд нь хайрласан амийн эрч хүчийг харуулж байсан; тэд хүн төрөлхтөнд өгсөнтэй нь адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн хайрласан хүний хэлээс ялгаатайгаар амийг илэрхийлэх аргыг дор бүрнээ хүлээн авсан байв. Бүтээгчийн эрх мэдэл илэрхий хөдөлгөөнгүй материаллаг зүйлсэд амийн эрч хүчийг өгдөг, тиймээс тэд хэзээ ч алга болдоггүй, түүнчлэн бүх амьд зүйлд үржиж олшрох зөн мэдрэмж өгдөг, тиймээс тэд хэзээ ч устдаггүй, ийнхүү тэд Бүтээгчийн олгосон оршин тогтнох хууль, зарчмыг үеэс үед уламжлах болно. Бүтээгч эрх мэдлээ хэрэгжүүлдэг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримталдаггүй бөгөөд энэ нь ямар ч хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг захирч, мөн бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чаддаг; Тэр уул нурууд, гол нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чаддаг, түүнчлэн бүх зүйлийг хэрэгтэй зүйлээр нь хангаж чаддаг. Энэ бол хүн төрөлхтнөөс бусад бүх зүйлийн дунд илэрсэн Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Энэ нь нэг амьдралын туршид л илэрдэггүй, энэ хэзээ ч зогсож, амрахгүй бөгөөд ямар ч хүн болон зүйл өөрчилж, сэвтээж чадахгүй, бас ямар ч хүн, зүйл нэмж, хорогдуулж чадахгүй—учир нь Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба ямар ч бүтээгдээгүй зүйл үүнд хүрэх аргагүй юм. Жишээ нь, Бурханы элч, тэнгэрэлч нарыг авч үзье. Тэд Бүтээгчийн эрх мэдлийг эзэмших нь бүү хэл Бурханы хүч чадлыг ч эзэмшдэггүй. Тэдэнд Бурханы хүч чадал, эрх мэдэл байдаггүйн шалтгаан бол тэд Бүтээгчийн мөн чанарыг эзэмшдэггүйгээс нь үүдэлтэй. Бурханы элчүүд болон тэнгэрэлчүүд гэх зэрэг бүтээгдээгүй зүйлс хэдийгээр Бурханы өмнөөс зарим зүйлийг хийж чадах боловч Бурханыг төлөөлж чадахгүй. Тэд хүний эзэмшдэггүй зарим нэг хүч чадлыг эзэмшдэг ч гэсэн Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй, тэд бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг удирдах, бүх зүйлийг захирах Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй. Иймээс Бурханы цор ганц байдлыг бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй, үүний адилаар Бурханы эрх мэдэл, хүч чадлыг ч бүтээгдээгүй ямар ч зүйл орлож чадахгүй. Бурханы хэн нэг элч бүх зүйлийг бүтээсэн гэж чи Библиэс харсан уу? Бүх зүйлийг бүтээхийн тулд Бурхан яагаад Өөрийн элчүүд, эсвэл тэнгэрэлчүүдийг илгээгээгүй вэ? Тэд Бурханы эрх мэдлийг эзэмшдэггүй байсан учраас Бурханы эрх мэдлийг хэрэгжүүлэх чадваргүй байсан. Бүх бүтээлийн адилаар тэд бүгд Бүтээгчийн дээд эрх, Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг ба иймээс Бүтээгч мөн л тэдний Бурхан, тэдний Захирагч билээ. Сурвалжит ч бай, дорд ч бай, хүч чадал нь их ч бай, бага ч бай хамаагүй, тэд бүгдийн дотроос Бүтээгчийн эрх мэдлийг даван гарах нэг ч зүйл байхгүй, иймд тэдний дотроос нэг нь ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй. Тэд хэзээ ч Бурхан гэж нэрлэгдэхгүй ба хэзээ ч Бүтээгч болж чадахгүй. Энэ бол хувиршгүй үнэн агаад бодит баримт юм!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

531. Өөрийн үгээс улбаалан бүтээсэн бүх зүйл нь бий болж, бат зогсож, аажмаар өөрчлөгдөж эхлэхийг Бурхан харсан. Энэ үед Бурхан үгээрээ бүтээсэн янз бүрийн зүйлдээ, гүйцэлдүүлсэн олон янзын үйлдэлдээ сэтгэл хангалуун байсан уу? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь үүний хариулт юм. Та нар эндээс юу харж байна вэ? “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг нь юуг төлөөлж байна вэ? Энэ юуг бэлгэдэж байна вэ? Энэ нь, төлөвлөж тушаасан зүйлээ биелүүлж, хүрэх гэж зорьсон зорилгодоо хүрэх хүч чадал, мэргэн ухаан Бурханд байсан гэсэн үг юм. Бурхан ажил бүрээ гүйцэлдүүлчхээд харамссан уу? Хариулт нь мөн л “Бурханыг харахад энэ нь сайн байлаа” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, Тэр харамсаагүйгээр үл барам, харин ч сэтгэл хангалуун байсан. Тэр харамсаагүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурханы төлөвлөгөө бол төгс, мөн хүч чадал, мэргэн ухаан нь төгс бөгөөд Түүний эрх мэдэл л тийм төгс байдлыг биелүүлж чадах цорын ганц эх сурвалж гэсэн үг юм. Хүн ямар нэг зүйлийг биелүүлэх үедээ Бурханы адилаар тэр нь сайн байлаа гэж хэлж болох уу? Хүний хийдэг бүх зүйл төгс болж чаддаг уу? Хүн аливаа зүйлийг бүрмөсөн гүйцэлдүүлж чаддаг уу? “Төгс зүйл гэж үгүй, харин илүү дээр зүйл л гэж байдаг” гэж хүмүүс хэлдэгчлэн хүний хийдэг юу ч төгс болж чаддаггүй. Хийсэн, биелүүлсэн бүхэн нь сайн байсныг Бурхан харах үед Бурханы бүтээсэн бүхэн Түүний үгээр болсон, өөрөөр хэлбэл, “Бурханыг харахад энэ нь сайн байх” үед Түүний бүтээсэн бүхэн тогтсон хэлбэр дүрсээ олж, өөрсдийн төрлөөр ангилагдан, эцсийн тогтсон орон байр, хэрэгцээ болон чиг үүрэг нь өгөгдсөн гэсэн үг юм. Түүнчлэн, тэдний бүх зүйлийн дунд гүйцэтгэх үүрэг болон бүх зүйлийг удирдах Бурханы удирдлагын үеэр туулах ёстой аян зам нь Бурханаар аль хэдийн урьдчилан тогтоогдсон бөгөөд үүрд хувиршгүй юм. Бүтээгчийн бүх зүйлд өгсөн тэнгэрлэг хууль энэ байлаа.

“Бурханыг харахад энэ нь сайн байлаа” хэмээх энэхүү энгийн бөгөөд дутуу үнэлэгдсэн, ихэвчлэн үл ойшоогддог үг нь Бурханаас бүх бүтээлд өгсөн тэнгэрлэг хууль, тэнгэрлэг зарлиг юм. Энэ үг нь Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү гүн гүнзгий өөр нэгэн биелэл юм. Бүтээгч үгээрээ дамжуулан олж авах гэж зорьсон бүхнээ олж авч, хүрэх гэж зорьсон бүхэндээ хүрч чадсанаар зогсохгүй бүтээсэн бүхнээ гартаа хянаж, Өөрийн эрх мэдэл дор захирч чадсан, цаашлаад энэ бүхэн нь дэг журамтай, тогтмол байсан. Бүх зүйл Түүний үгээр өсөн үржиж, оршин тогтнож, устаж үгүй болсон төдийгүй Түүний эрх мэдлийн хүчинд тэд Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон бөгөөд үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм! Энэ хууль нь “Бурханыг харахад энэ нь сайн байх” яг тэр мөчид эхэлсэн бөгөөд Бүтээгчийн хүчингүй болгох өдөр хүртэл Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө оршин тогтнож, үргэлжилж, чиг үүргээ гүйцэтгэх болно! Бүтээгчийн цор ганц эрх мэдэл нь бүх зүйлийг бүтээж, бүх зүйлд бий болохыг тушаах чадвараар нь илрээд зогсохгүй, бүх зүйлийг удирдаж захирах, бүх зүйлд амийн эрч хүчийг хайрлах, цаашлаад төлөвлөгөөнийхөө дагуу бүтээх бүх зүйлээ Өөрийн бүтээсэн дэлхийд төгс хэлбэр, төгс амийн бүтэц, төгс үүрэгтэйгээр эцэслэн гарч ирж, оршин тогтноход хүргэх Түүний чадвараар илэрсэн. Энэ нь мөн Бүтээгчийн бодол ямар ч хориг хязгаарт баригддаггүй, цаг хугацаа, орон зай, газар зүйд хязгаарлагддаггүй байдлаар илэрсэн. Эрх мэдлийнх нь адилаар Бүтээгчийн цор ганц ялгамж чанар ч мөнхөөс мөнхөд үл өөрчлөгдөнө. Түүний эрх мэдэл үргэлж цор ганц ялгамж чанарынх нь төлөөлөл, бэлгэ тэмдэг байх бөгөөд Түүний эрх мэдэл ялгамж чанартай нь зэрэгцэн үүрд мөнх орших болно!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

532. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирагдуулдаг; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Өөрийн гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэлд байх ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байж болохгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан зарлигдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг цэгцэлж, жагсаан, Бурханы хүслийн дагуу төрлийнх нь дагуу ангилж, тус бүрийн байр суурийг нь оноодог. Хэчнээн том байх нь хамаагүй юу ч Бурханыг даван гарч чадахгүй, мөн бүх зүйл Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд нэг ч зүйл Бурханд дуулгаваргүй байж, эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхэлдэггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

533. Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршиж байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил болсон ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхий л хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байж ирсэн. Ямар гараг яг ямар цагт хаашаа явдаг; ямар гараг хэзээ, ямар даалгавар биелүүлдэг; ямар гараг ямар тойрог замаар эргэдэг, хэзээ алга болж, эсвэл солигддог гээд энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагдаж байдаг. Гарагуудын байрлал, тэдгээрийн хоорондын зай бүгд чанд тогтсон зүй тогтлыг дагадаг бөгөөд бүгдийг нь яг таг мэдээллээр тодорхойлж болно; тэдгээрийн аялах зам, тойрог замын хурд болон зүй тогтол, янз бүрийн байрлалд очих цаг гээд энэ бүгдийг нарийн тооцоолж, тусгай хуулиар тодорхойлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг өчүүхэн төдий ч гажихгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, дагадаг зүй тогтлыг нь ямар ч хүч өөрчилж, тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг тусгай хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээллийг Бүтээгчийн эрх мэдэл урьдаас тогтоосон байдаг учраас тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх, хяналтын дор эдгээр хуулийг сайн дураараа дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг зүй тогтол, мэдээлэл, хачирхалтай, тайлбарлахын аргагүй хууль, үзэгдлийг хүн олж нээхэд хэцүү зүйл биш. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг, бас Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг ноёрхдог гэдэг бодит үнэнийг, түүнчлэн Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн хүн судлалын эрдэмтэд, одон орон судлаачид, физикч нар хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг удирддаг зарчим, зүй тогтол бүгдийг асар том, үл үзэгдэх хар энерги захирч, хянадаг гэдгийг улам бүр олж нээсээр байна. Энэхүү баримт нь хүнийг, хөдөлгөөний эдгээр зүй тогтлын дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдэгтэй эрхгүй нүүр тулж, хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч, Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгараад, бүх зүйлийн оршин тогтнолыг захирч байдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүн хүлээн зөвшөөрөх ёстой; мөн хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй, тэдгээр нь аяндаа өрнөж байдаг юм биш, харин Эзэн захирагчийн тушаалаар болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ухамсарлаж чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний харж болох бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхий дээр амьдардаг ургамал, амьтан, бичил биетэн, хүмүүс гээд бүх зүйл Бурханы дээд эрх, хяналтад захирагдаж байдаг. Бурханы дээд эрх, хяналтын дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, үгүй болж байдаг; тэдгээрийн оршин тогтнолыг захирдаг хуулиуд бий болж, тэдгээр нь үүний дагуу өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад тэр вэ? Цорын ганц хариулт бол: Бурханы эрх мэдлийн улмаас тэр юм. Эсвэл, өөрөөр хэлбэл, Бурханы бодол, Бурханы үгийн улмаас тэр; Бурхан Өөрийн биеэр үйлддэг учраас тэр билээ. Энэ нь Бурханы эрх мэдэл, Бурханы санаа бодол эдгээр хуулийг үүсгэдэг бөгөөд эдгээр хууль нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөж, эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж, алга болж байдаг гэсэн үг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

534. Бурханыг үгээ хэлмэгц Бурханы эрх мэдэл энэ ажлыг хариуцан авч, Бурханы амаараа амласан баримт нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр юм бүхэнд өөрчлөлт гарч эхэлдэг… Хавар ирснээр бүх зүйл сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйл Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс ангид байдаггүй. Бурханы амнаас шийдвэр, амлалт гарах үед бүх зүйл үүний хэрэгжилтэд үйлчилж, үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, тус тусын үүргээ биелүүлж, дор бүрнээ чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Үүнээс чи юу олж харж байна вэ? Бурханы эрх мэдлийг чи хэрхэн мэддэг вэ? Бурханы эрх мэдэлд цар хүрээ бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу? Үүнийг тодорхой өндөртэй, тодорхой урттай гэж хэлж болох уу? Тодорхой хэмжээ, хүч чадалтай гэж хэлж болох уу? Үүнийг хүний хэмжигдэхүүнээр хэмжиж болох уу? Бурханы эрх мэдэл нь асаж унтардаггүй, ирж буцдаггүй ба Түүний эрх мэдэл хэчнээн агуу болохыг хэн ч хэмжиж чадахгүй. Хэр их цаг хугацаа өнгөрөхөөс үл хамааран Бурхан хүнийг ерөөх үед энэхүү ерөөл нь үргэлжилж, үргэлжлэл нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг гэрчилж, Бүтээгчийн бөхөшгүй амийн хүчний дахин илрэлтийг удаа дараа харах боломжийг хүн төрөлхтөнд олгох болно. Түүний эрх мэдлийн илрэл бүр нь Түүний амнаас гарсан үгийн төгс нотолгоо болж бүх зүйлд болон хүн төрөлхтөнд харагддаг. Түүнчлэн, Түүний эрх мэдлээр хэрэгжсэн бүх зүйл нь юутай ч харьцуулшгүй нарийн гоёмсог, туйлын өө сэвгүй юм. Түүний бодол, Түүний үг, Түүний эрх мэдэл болон Түүний хэрэгжүүлдэг бүх ажил бүгд харьцуулахын аргагүй сайхан дүр зураг бөгөөд бүтээлүүдийн хувьд хүн төрөлхтний хэл нь үүний ач холбогдол болон үнэ цэнийг илэрхийлэх чадваргүй гэж хэлж болно. Бурхан хүнд амлалт өгөх үед, тухайн хүний хаана амьдардаг, юу хийдэг эсэх нь, амлалтыг хүлээн авахын өмнөх, эсвэл дараах нөхцөл, мөн амьдрах орчинд нь хэр их өөрчлөлт байсан эсэх нь—Бурханд бүгд алган дээр нь байгаа мэт тодхон байдаг. Бурхан үгээ хэлсний дараа хэчнээн их хугацаа өнгөрөх нь хамаагүй Бурханы хувьд үгээ дөнгөж хэлсэн мэт л байдаг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөнд өгсөн амлалт бүрээ бүртгэж, хянаж, биелүүлэх хүч чадал, ийм эрх мэдэл Бурханд байдаг бөгөөд тухайн амлалт нь юу ч бай, бүрэн биелэх хүртлээ хэр их хугацаа шаарддаг ч бай, бүр цаг хугацаа, газар зүй, арьс өнгөөр тодорхойлогдох хэрэгжүүлэлтийнх нь цар хүрээ хэр өргөн байдаг ч бай, энэ амлалт биелж, хэрэгжих болно, түүнчлэн хэрэгжилт, биелэлт нь Түүнээс өчүүхэн төдий ч хичээл зүтгэл шаардахгүй. Энэ нь юуг нотолдог вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлын өргөн хүрээ нь бүхий л орчлон ертөнцийг болон бүхий л хүн төрөлхтнийг хянахад хангалттай.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

535. Өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн хувьд хүн төрөлхтний шинжлэх ухааныг хөгжин цэцэглэж яваа гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны эрэл хайгуулын ололт амжилтыг бахдам гэж тодорхойлж болно. Хүний чадвар улам их өсөж байгаа гэж хэлж болох ч хүн төрөлхтөн шинжлэх ухаанаар нээлт хийж чаддаггүй нэг зүйл байдаг: Хүн төрөлхтөн нисэх онгоц, нисэх онгоц тээвэрлэгч болон цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернэт зохион бүтээж, өндөр технологи бүхий амьдралын хэв маягаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байна. Амьтан бүрийн зөн мэдрэмж, амьдардаг хууль, мөн бүх төрлийн амьд зүйлийн амьдрал, үхлийн мөчлөг—энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанд боломжгүй, мөн захирагдахгүй. Одоо, хүний шинжлэх ухаан хэчнээн их өндөрлөгт хүрсэн ч бай, Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй юм. Энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдал болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг ялган таних чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дэлхий дээр маш олон далай тэнгис байдаг боловч эдгээр нь хэзээ ч хязгаараа давж, хуурай газар дээр дураараа гарч ирээгүй, учир нь Бурхан дор бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; эдгээр нь Түүний хаа тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр ийш тийш чөлөөтэй нүүж чаддаггүй. Эдгээр нь Бурханы зөвшөөрөлгүйгээр бие биедээ халдаж болдоггүй бөгөөд Бурханыг хөдөл гэхэд л хөдөлж чаддаг. Хаа хүрч, хаана үлдэхийг нь Бурханы эрх мэдэл тодорхойлдог.

Шулуухан хэлэхэд, “Бурханы эрх мэдэл” гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Аливаа зүйлийг яаж хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд Тэр хүссэнээрээ л хийдэг. Бүх зүйлийн хууль хүнээс бус, Бурханаас хамаардаг; үүнийг хүн өөрчилж чадахгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй, харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы тушаалаар өөрчлөгддөг, энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйл, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс—бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы захирамжийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ганц ч хүн, эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй, бас үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа ч өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлээс үүдэн бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас мөхдөг. Энэ бол Бурханы эрх мэдэл юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

536. Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эрх мэдэл, хүч чадал хоёрын аль аль нь эерэг гэдгийг баттай хэлж болно. Эдгээр нь ямар ч сөрөг зүйлтэй холбоогүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйлтэй хамаагүй. Бурханы хүч чадал нь амь болон амин чанар бүхий ямар ч хэлбэрийн зүйлсийг бүтээх чадвартай бөгөөд Бурханы амь үүнийг тогтоосон байдаг. Бурхан бол амь, иймээс Тэр бол бүх амьд зүйлийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь Бурханы үг бүрийг бүх амьд зүйл дуулгавартай дагадаг болгож чаддаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг. Дараа нь Бурхан бүх амьд зүйлийг захирч, тушаадаг бөгөөд үүрдийн үүрд хэзээ ч гажуудал гарахгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг тул үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн цор ганц байдал билээ. Иймээс “эрх мэдэл” гэх үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар нь уу гэдгээс үл хамааран аль алийг нь Бүтээгчтэй л холбон үзэж болдог, учир нь энэ нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар, мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

537. “Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэсэн байдаг. Эдгээр нь Бүтээгчийн анх хүн төрөлхтөнд хэлсэн үг юм. Тэр эдгээр үгийг хэлэхэд хүний нүдний өмнө солонго бий болсон бөгөөд өнөөдөр ч солонго оршсоор байгаа билээ. Бүх хүн тийм солонгыг харсан, тэгвэл солонгыг харах үедээ чи хэрхэн гарч ирдгийг нь мэддэг үү? Шинжлэх ухаан үүнийг баталж, эх үүсвэрийг нь тогтоож, эсвэл хаана байдгийг нь тодорхойлж чадахгүй. Учир нь солонго бол Бүтээгч болон хүний хооронд хийгдсэн гэрээний тэмдэг юм; үүнд ямар ч шинжлэх ухааны үндэслэл хэрэггүй, үүнийг хүн хийгээгүй, мөн хүн үүнийг өөрчлөх чадваргүй. Энэ нь үгээ хэлснийх нь дараах Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл юм. Хүнтэй байгуулсан Өөрийн гэрээ болон Өөрийн амлалтыг биелүүлэхийн тулд Бүтээгч Өөрийн гэсэн онцгой аргыг ашигласан, иймээс Өөрийн байгуулсан гэрээний тэмдэг болгон солонгыг ашигласан, энэ нь Бүтээгчийн хувьд ч, эсвэл бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд ч үүрд мөнх хувиршгүй үлдэх тэнгэрийн зарлиг, хууль билээ. Гэсэн ч энэ хувиршгүй хууль нь бүх зүйлийг бүтээсний дараах Бүтээгчийн эрх мэдлийн өөр нэг жинхэнэ илрэл юм гэдгийг хэлэх ёстой бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь хязгааргүй гэдгийг хэлэх ёстой; солонгыг тэмдэг болгон хэрэглэсэн нь Бүтээгчийн эрх мэдлийн үргэлжлэл болон өргөжилт юм. Энэ нь Бурханы үгээ ашиглан хийсэн өөр нэгэн үйл байсан бөгөөд үг ашиглан хүнтэй байгуулсан гэрээнийх нь тэмдэг байв. Тэр юу хийхээр шийдсэнээ болон үүнийг ямар байдлаар хэрэгжүүлж, биелүүлэх тухайгаа хүнд хэлсэн бөгөөд ийм маягаар Бурханы амнаас гарсан үгийн дагуу энэ нь биелсэн. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эдгээр үгийг хэлснээс хойш хэдэн мянган жилийн дараа, өнөөдөр ч хүмүүс Бурханы амаар хэлэгдсэн солонгыг харж чадна. Бурханы айлдсан тэдгээр үгийн ачаар энэ зүйл өнөөдрийг хүртэл хувирч, өөрчлөгдөлгүй үлдсэн. Хэн ч энэ солонгыг алга болгож чадахгүй, хэн ч үүний хуулийг өөрчилж чадахгүй бөгөөд энэ нь гагцхүү Бурханы үгийн төлөө оршдог. Үүнийг л Бурханы эрх мэдэл гээд байгаа юм. “Бурхан үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелнэ, тэгээд биелсэн зүйл нь үүрд мөнх үргэлжлэх болно.” Ийм үг энд тодорхой харагддаг бөгөөд энэ нь Бурханы эрх мэдэл, хүч чадлын тодорхой тэмдэг, шинж чанар юм. Ийм тэмдэг, шинж чанар ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй, тэдний алинаас ч харагддаггүй, бүтээгдээгүй ямар ч зүйлээс ч харагддаггүй. Энэ нь зөвхөн цор ганц Бурханд харьяалагддаг ба гагцхүү Бурханы эзэмшдэг ялгамж чанар, мөн чанарыг бүтээлүүдийнхээс ялгадаг. Үүний зэрэгцээ энэ нь бас, Бурханаас Өөрөөс нь өөр, бүтээгдсэн юм уу бүтээгдээгүй ямар ч зүйлсийн хэзээ ч даван гарч чадахааргүй тэмдэг болон шинж чанар юм.

Бурхан хүнтэй гэрээ байгуулсан нь асар чухал үйл явдал байсан. Тэр үүгээр дамжуулан хүнд нэг баримтыг болон Өөрийн хүслийг хэлсэн юм. Бурхан энэ зорилгодоо хүрэхийн тулд өвөрмөц арга барил хэрэглэж, хүнтэй гэрээ байгуулахад онцгой тэмдэг ашигласан ба энэ тэмдэг нь Түүний хүнтэй байгуулсан гэрээний амлалт байлаа. Тэгвэл, энэ гэрээг байгуулсан нь агуу үйл явдал байсан уу? Яг хэр агуу байсан бэ? Үүнд л энэ гэрээний маш онцгой чанар оршдог юм: Энэ нь хоёр хүн, хоёр бүлэг, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ бус, харин Бүтээгч, бүх хүн төрөлхтний хооронд байгуулсан гэрээ бөгөөд Бүтээгч бүх зүйлийг эцэслэх хүртэл хүчинтэй хэвээр байх болно. Энэ гэрээг хэрэгжүүлэгч нь Бүтээгч, үүнийг сахиулагч нь ч бас Бүтээгч юм. Товчхондоо бол, хүн төрөлхтөнтэй байгуулсан солонгон гэрээ нь бүхэлдээ Бүтээгч, хүн төрөлхтний хоорондын ярианы дагуу хэрэгжиж, биелсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ хэвээр байж ирсэн. Бүтээлүүд Бүтээгчийн эрх мэдэлд захирагдаж, дуулгавартай байж, итгэж, ойлгож, нүдээр үзэж, магтахаас өөр юу хийж чадах билээ? Учир нь цорын ганц Бурхан л ганцаараа тийм гэрээ байгуулах хүч чадлыг эзэмшдэг. Ахин дахин солонго татах нь хүн төрөлхтөнд зарлал тунхаглаж буй хэрэг бөгөөд энэ нь хүний анхаарлыг Бүтээгч болон хүн төрөлхтөн хоорондын гэрээнд хандуулдаг. Бүтээгч болон хүн төрөлхтний хоорондох гэрээний тогтмол илрэл болж хүн төрөлхтөнд харагддаг зүйл нь солонго бус, уг гэрээ ч бус, харин Бүтээгчийн хувиршгүй эрх мэдэл билээ. Ахин дахин солонго гарч ирэх нь Бүтээгчийн нуугдмал газар дахь агуу, гайхалтай үйл хэргийг илэрхийлдгийн зэрэгцээ хэзээ ч бөхөхгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй Бүтээгчийн эрх мэдлийн амин чухал тусгал болдог. Энэ нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг талын илрэл биш гэж үү?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

538. Эхлэл 18:18 дахь “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” гэдгийг уншсаны дараа та нар Бурханы эрх мэдлийг мэдэрч чадав уу? Бүтээгчийн ер бусын байдлыг мэдэрч чадав уу? Бүтээгчийн эрхэм дээд байдлыг мэдэрч чадав уу? Бурханы үг тодорхой байдаг. Бурхан амжилтдаа итгэсэндээ, үүнийгээ дүрслэхийн тулд ийм үг хэлдэггүй; харин тэдгээр нь Бурханы айлдварын эрх мэдлийн нотолгоо бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлдэг тушаал юм. Энд та нарын анхаарах ёстой хоёр илэрхийлэл бий. Бурханы хэлсэн “Абрахам гарцаагүй агуу, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө” хэмээх эдгээр үгэнд ямар нэгэн тодорхойгүй элемент байна уу? Санаа зовоох ямар нэгэн элемент байна уу? Айдсын ямар нэгэн элемент байна уу? Бурханы айлдвар дахь “гарцаагүй ингэх болно”, “тэгэх болно” гэсэн үгээс үүдэн, хүнд ялангуяа байдаг, хүнээс ихэвчлэн харагддаг эдгээр элемент нь Бүтээгчтэй хэзээ ч, ямар ч хамаатай байгаагүй юм. Бусдад сайн сайхныг хүсэхдээ хэн ч тийм үг ашиглаж зүрхлэхгүй, хэн ч ийм итгэлтэйгээр өөр нэгнийг агуу, хүчирхэг үндэстэн болгохоор ерөөж, газар дээрх бүх үндэстэн түүгээр ерөөгдөнө гэж амлаж зүрхлэхгүй. Бурханы үг хэдий чинээ тодорхой байна, ямар нэг зүйлийг төдий чинээ баталдаг—тэгвэл тэр зүйл нь юу вэ? Бурханд ийм эрх мэдэл байгаа бөгөөд Түүний эрх мэдэл эдгээр зүйлийг биелүүлж чадна, мөн эдгээрийн хэрэгжилт нь гарцаагүй юм гэдгийг энэ нь баталдаг. Бурхан Абрахамыг ерөөхдөө зүрх сэтгэлдээ өчүүхэн ч эргэлзээгүй, бүрэн итгэлтэй байсан. Цаашлаад энэ нь бүхэлдээ Түүний үгийн дагуу биелэх бөгөөд биелэлтийг нь ямар ч хүч өөрчилж, саад болж, сулруулж, үймүүлж чадахгүй юм. Юу ч тохиолдсон бай, Бурханы үгийн хэрэгжилт, биелэлтийг юу ч цуцалж, нөлөөлж чадахгүй. Энэ нь Бүтээгчийн амнаас гарсан үгийн жинхэнэ хүч бөгөөд хүний үгүйсгэлийг тэвчдэггүй Бүтээгчийн эрх мэдэл юм! Чи эдгээр үгийг уншчихаад эргэлзсээр л байна уу? Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр жавхлан, эрх мэдэл байдаг. Ийм сүр хүч, эрх мэдэл, хэрэгжих нь гарцаагүй баримтад бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл үүнийг давах аргагүй. Бүтээгч л хүн төрөлхтөнтэй ийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг, хий дэмий бардамнал биш, харин ямар ч хүн, зүйл, эд юмсын давах аргагүй цор ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд нотолсон билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

539. Бурхан “Би чиний үр удмыг олшруулна” гэж хэлсэн нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ билээ. Энэ нь Абрахамд өгсөн Бурханы амлалт бөгөөд солонгон гэрээтэй адил мөнх биелэх юм. Бурхан л энэ амлалтыг биелүүлэхэд тохиромжтой, мөн биелүүлэх чадвартай. Хүн үүнд итгэдэг ч бай, үгүй ч бай, үүнийг хүлээн зөвшөөрдөг ч бай, үгүй ч бай, мөн үүнийг хэрхэн үзэж, үүнд хэрхэн ханддаг ч бай, энэ бүгд нь Бурханы хэлсэн үгийн дагуу нэгд нэггүй биелэх болно. Хүний хүсэл юм уу, үзэл дэх өөрчлөлтийн улмаас Бурханы үг өөрчлөгдөхгүй ба аливаа хүн, зүйл, эд юман дахь өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй. Бүх зүйл үгүй болж болох ч Бурханы үг үүрд үлдэнэ. Харин ч, бүх зүйл үгүй болох өдөр нь Бурханы үг бүрэн биелэх яг тэр өдөр байдаг, учир нь Тэр бол Бүтээгч бөгөөд Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж, бүх зүйлийг болон амийн бүх хүчийг хянадаг билээ; Тэр оргүй хоосноос ортой зүйлийг бий болгож, ортой зүйлийг үгүй хийж чаддаг ба амьдаас үхсэн хүртэлх бүх зүйлийн хувиралт өөрчлөлтийг хянадаг, иймээс Бурханы хувьд хүний үрийг үржүүлэхээс амархан зүйл гэж үгүй. Энэ нь хүнд уран зөгнөл, үлгэр мэт сонсогддог боловч Бурханы хувьд хийхээр шийдсэн, хийх гэж амласан зүйл нь уран зөгнөл ч биш, үлгэр ч биш. Харин энэ нь Бурханы аль хэдийн харсан, гарцаагүй биелэх баримт юм. Та нар үүнийг үнэлж байна уу? Абрахамын үр удам үй олон байсан гэдгийг баримтууд нотолж байна уу? Яг хэр олон байсан бэ? Бурханы хэлснээр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон уу? Тэд дэлхий дээрх бүх үндэстэн, бүс нутаг, газар орон бүрд тархсан уу? Энэ баримтыг юу биелүүлсэн бэ? Энэ нь Бурханы үгийн эрх мэдлээр биелсэн үү? Бурхан үгээ хэлснээс хойш хэдэн зуун, хэдэн мянган жилийн турш Бурханы үг үргэлжлэн биелж, байнга бодит байдал болсоор байсан; энэ нь Бурханы үгийн сүр хүч, Бурханы эрх мэдлийн баталгаа юм. Бурхан анх бүх зүйлийг бүтээхдээ гэрэл бий болтугай гэж хэлэхэд гэрэл бий болсон. Энэ нь маш хурдан болж өнгөрч, тун богино хугацаанд биелсэн, үүний биелэлт болон хэрэгжилтэд ямар ч саатал байгаагүй; Бурханы үгийн үр нөлөө нь шуурхай байсан. Аль аль нь Бурханы эрх мэдлийн илрэл байсан, гэхдээ Бурхан Абрахамыг ерөөхдөө Бурханы эрх мэдлийн мөн чанарын өөр нэг талын зэрэгцээ Бүтээгчийн эрх мэдлийн хэмжээлшгүй байдал, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү нарийн талыг харах боломжийг хүнд олгосон юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

540. Бурхан Абрахам, Иов хоёрыг ерөөснийхөө дараа байгаа газартаа үлдээгүй, бас гарах үр дүнг нь харахаар хүлээнгээ Өөрийн элчүүдийг ажиллуулаагүй. Харин ч Бурханыг үгээ айлдмагц, Бурханы эрх мэдлийн удирдамж дор бүх зүйл Бурханы хийх гэж зорьсон ажилтай нийцэж эхэлсэн бөгөөд Бурханы шаардсан хүмүүс, зүйлс болон эд юмс бэлтгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы амнаас үг гармагц бүхий л газар нутаг даяар Түүний эрх мэдэл хэрэгжиж эхэлсэн бөгөөд Тэрээр Абрахам болон Иовд өгсөн амлалтаа хэрэгжүүлж, биелүүлэх замаа тавих зуураа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн алхам, гол үе шат болгондоо шаардагдах бүх зүйлийг зохих ёсоор төлөвлөж, бэлтгэдэг. Энэ хугацаанд Бурхан Өөрийн элч нарыг төдийгүй, бүтээсэн бүх зүйлээ удирдан жолоодсон. Өөрөөр хэлбэл, Бурханы хэрэгжүүлсэн эрх мэдлийн цар хүрээ дотор элч нар төдийгүй бүх зүйл хамрагдаж байсан ба биелүүлэх гэж зорьсон ажлаа гүйцэтгэхийн тулд Тэр эдгээрийг удирдан жолоодсон; ийм онцлог арга замаар Бурханы эрх мэдэл хэрэгжсэн юм. Зарим хүн үзэл бодолдоо Бурханы эрх мэдлийн талаар дараах ойлголттой байдаг: Бурханд эрх мэдэл байгаа, Бурханд хүч чадал байгаа, иймээс Бурхан гуравдагч тэнгэрт юм уу, тогтсон газраа л байх хэрэгтэй, тодорхой нэгэн ажил хийх хэрэггүй, Бурханы ажил бүхэлдээ бодол дотор нь гүйцэлддэг. Бас Бурхан Абрахамыг ерөөсөн ч гэсэн, Түүнд юу ч хийх хэрэг байгаагүй бөгөөд үгээ хэлэх төдийхөн л хангалттай байсан гэж зарим нэг хүн итгэдэг байж магад. Ийм зүйл үнэхээр тохиолдсон уу? Мэдээж үгүй! Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг боловч эрх мэдэл нь хий хоосон бус, жинхэнэ, бодитой байдаг. Бурханы эрх мэдэл, хүч чадлын жинхэнэ, бодит байдал нь Түүний бүх зүйлийг бүтээх, бүх зүйлийг хянах мөн хүн төрөлхтнийг удирдаж, чиглүүлэх үйл явцад нь аажмаар илчлэгдэн, биеллээ олдог. Хүн төрөлхтөн болон бүх зүйлийг захирах Бурханы арга барил, харах өнцөг, нарийн учир бүр, мөн Түүний хэрэгжүүлсэн бүх ажил, бүх зүйлийн талаарх Түүний ойлголт—эдгээр нь бүгд Бурханы эрх мэдэл, хүч чадал нь хоосон үг биш гэдгийг яг таг нотолдог. Түүний эрх мэдэл, хүч чадал бүх зүйл дээр байнга харагдаж, илчлэгддэг. Эдгээр илрэл, илчлэл нь Бурханы эрх мэдлийн бодит оршин тогтнолыг өгүүлдэг, учир нь Тэр агшин тутамд Өөрийн эрх мэдэл, хүч чадлаар ажлаа үргэлжлүүлж, бүх зүйлийг удирдаж, захирдаг бөгөөд Түүний хүч чадал, эрх мэдлийг тэнгэрэлч нар юм уу Бурханы элч нар орлож чадахгүй юм. Абрахам, Иов хоёрт ямар ерөөл хайрлахаа Бурхан шийдсэн—энэ нь Бурханаас хамаарсан. Хэдийгээр Бурханы элч нар Абрахам болон Иов дээр биечлэн очсон боловч үйлдэл нь Бурханы тушаалын дагуу, Бурханы эрх мэдлийн дор, мөн Бурханы дээд эрхийн дор байсан. Хүмүүс, Библийн тэмдэглэлээс Бурханы элч нар Абрахам дээр зочилсныг мэдэх бөгөөд харин Ехова Бурханы аливааг биечлэн хийж байхыг нь хараагүй боловч үнэндээ хүч чадал, эрх мэдлийг үнэхээр хэрэгжүүлдэг цорын ганц Нэгэн бол Бурхан Өөрөө бөгөөд энэ нь ямар ч хүний эргэлзээг тэвчихгүй! Тэнгэрэлч болон элч нар агуу хүч чадлыг эзэмшиж, гайхамшгийг биелүүлэн, Бурханы даалгасан зарим зүйлийг хэрэгжүүлэхийг чи харсан ч гэсэн, тэдний үйлдэл ердөө л Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн төлөө байдаг бөгөөд Бурханы эрх мэдлийн илрэл яавч биш—бүх зүйлийг бүтээж, захирах Бүтээгчийн эрх мэдэл ямар ч хүн, эд юманд байхгүй, тэд үүнийг эзэмшдэггүй. Иймээс ямар ч хүн, эд юм Бүтээгчийн эрх мэдлийг хэрэгжүүлэх юм уу харуулж чадахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

541. Бурхан Өөрийн ялгамж чанарыг нотлохын тулд ямар нэг зүйл хийж чадах байсан уу? Бурханы хувьд энэ нь хялбархан ажил байлаа. Тэр Өөрийн ялгамж чанар, мөн чанарыг нотлохын тулд хаана ч, хэдийд ч ямар нэг юм хийж чадах байв, гэхдээ Бурхан аливааг төлөвлөгөөтэйгээр, алхам алхмаар хийдэг. Тэр аливаа зүйлийг эмх замбараагүйгээр хийдэггүй; Тэр хүн төрөлхтөнд харуулах хамгийн утга учиртай зүйлийг хийхдээ зөв цаг, зөв боломжийг хайдаг байлаа. Энэ нь Түүний эрх мэдэл болон ялгамж чанарыг нотолдог. Иймээс Лазарыг амилуулсан нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг нотолж чадсан уу? Судраас энэ хэсгийг харцгаая: “Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар ‘Лазар, гараад ир!’ гэж хашхирсанд… тэр үхсэн хүн гарч ирэв”. Эзэн Есүс үүнийг хийх үедээ: “Лазар, гараад ир” гэдэг ганц зүйл л хэлсэн. Лазар дараа нь булшнаасаа гарч ирсэн—энэ нь Эзэний хэлсэн ганцхан өгүүлбэрийн дүнд биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй ба өөр ямар ч үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх үү, эсвэл тушаал гэх үү? Эсвэл ид шид маягийн юм байсан уу? Өнгөн дээрээ энэ нь гайхамшиг гэгдэж болох юм шиг санагддаг бөгөөд хэрвээ та нар үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээж үүнийг бас л гайхамшиг гэж болно. Гэвч үүнийг үхсэн хүний сүнсийг дуудаж авчрах шившлэг гэж, мөн ид шид гэж хэлж яавч болохгүй. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, өчүүхэн төдий баталгаа байсан гэж хэлэх нь зөв юм. Энэ бол Бурханы эрх мэдэл, чадвар билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь одуулж, Үхэгсдийн орон руу, эсвэл очих ёстой газар луу нь явуулах эрх мэдэл байдаг. Хүн хэзээ үхэх, үхсэнийхээ дараа хаана очихыг Бурхан шийддэг. Тэр үүнийг хэдийд ч, хаана ч хийж чадна. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай, газар нутагт баригддаггүй. Тэр хийхийг хүсвэл хийж чадна, учир нь бүх зүйл, бүх амьд амьтан Түүний захиралт дор байдаг бөгөөд бүх зүйл Түүний үгээр, Түүний эрх мэдлээр өсөн үржиж, оршин тогтнож, устаж үгүй болдог. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна—энэ нь ч бас Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол гагцхүү Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.

Лазарыг үхлээс буцаан авчрах зэрэг зүйлийг Эзэн Есүс хийхэд Түүний зорилго нь хүн болон Сатанд нотолгоо харуулах, мөн хүн төрөлхтний бүх зүйлийг, хүн төрөлхтний амьдрал, үхлийг Бурхан шийддэг ба Тэр хэдийгээр бие махбодтой болсон ч гэсэн урьдын адилаар харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсний ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд мэдэгдэх явдал байсан юм. Үүгээрээ хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүмүүст болон Сатанд харуулах гэсэн. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчилж, харуулсан хэрэг байсан ба энэ нь мөн хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг гэсэн үгийг бүх зүйлд илгээх Бурханы арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан—ийм арга барил нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь хүн төрөлхтөнд зааварлаж, хүмүүсийг хангахын тулд Өөрийн чадвар, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг харах боломжийг хүн төрөлхтөнд олгох Бүтээгчийн үггүй арга байв. Мөн Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд бодит үйлдлээр хэлэх Түүний арга зам байлаа. Хүн төрөлхтөнд Түүний зааварчлах ийм төрлийн чимээгүй арга барил нь үүрд үргэлжилдэг—энэ нь арилшгүй бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд цочрол болон хэзээ ч гандан буурахгүй гэгээрлийг авчирсан юм. Лазар амилсан явдал Бурханыг алдаршуулсан—энэ нь Бурханы дагалдагч нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд гагцхүү Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт, үзэгдлийг бат суулгасан.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

542. Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний гарал үүсэл, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

543. Хэрвээ хүний төрөлтийг өмнөх амьдрал нь заяадаг бол хүний үхэл тэрхүү хувь төөргийн төгсгөлийг заадаг. Хэрвээ хүний төрөлт нь энэ амьдрал дахь хүний үүрэг даалгаврын эхлэл юм бол хүний үхэл нь тэрхүү үүрэг даалгаврын төгсгөлийг заадаг. Бүтээгч хүний төрөлтөд зориулсан тогтсон цогц нөхцөл байдлыг тодорхойлчихсон байдаг болохоор Тэр мөн үхэлд нь зориулан тогтсон цогц нөхцөл байдлыг зохицуулчихсан байдаг нь илэрхий юм. Өөрөөр хэлбэл, хэн ч санамсаргүй төрдөггүй, хэний ч үхэл гэнэтхэн байдаггүй, төрөх, үхэх хоёр хоёулаа хүний өмнөх болон өнөөгийн амьдралтай гарцаагүй холбоотой байдаг. Хүний төрөлт болон үхлийн нөхцөл байдлын аль алиныг нь Бүтээгч урьдчилан тодорхойлдог; энэ бол хүний хувь тавилан, хувь заяа юм. Хүний төрөлтийн талаар олон тайлбар байдаг хойно, хүний үхэл өөрийн гэсэн янз бүрийн онцгой цогц нөхцөл байдалд болдог нь мөн үнэн билээ. Хүмүүсийн амьдрах хугацаа өөр өөр, үхсэн байдал, цаг нь ялгаатай байдгийн шалтгаан нь энэ юм. Зарим хүн эрүүл, чийрэг ч эрт үхдэг; зарим нь сул дорой, эмгэг хуучтай ч өндөр насалж, зоволгүйгээр таалал төгсдөг. Зарим нь зуурдаар, зарим нь жамаараа нас нөгчдөг. Зарим нь гэрээсээ хол насан эцэслэж байхад зарим нь хайртай хүмүүсийнхээ дэргэд нүд аньдаг. Зарим хүн агаар дээр, зарим нь газар доор нас бардаг. Зарим нь усанд живж, зарим нь гамшигт үгүй болдог. Зарим нь өглөө, зарим нь орой нас бардаг… Хүн бүхэн нэр цуутай төрөлт, гялалзсан амьдрал, алдар суутай үхлийг хүсдэг боловч хэн ч өөрийн хувь тавиланг даван гарч, Бүтээгчийн дээд эрхээс зугтаж чадахгүй. Энэ бол хүний хувь заяа юм. Хүн ирээдүйдээ зориулан бүхий л төрлийн төлөвлөгөө гаргаж болох боловч өөрийн төрөх болон энэ дэлхийгээс явах байдал, цаг хугацааг хэн ч төлөвлөж чадахгүй. Хүмүүс хэдийгээр үхлээс зайлсхийж, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг боловч үхэл тэдэнд мэдэгдэлгүйгээр чимээгүйхэн ойртсоор байдаг. Хэзээ үхэх, яаж үхэх, тэр ч бүү хэл хаана тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Мэдээжийн хэрэг, амьдрал, үхлийн эрхийг барьдаг нь хүн төрөлхтөн биш, байгаль дэлхий дээрх ямар нэг амьтан биш, харин цор ганц эрх мэдэлтэй Бүтээгч юм. Хүн төрөлхтний амьдрал, үхэл нь байгаль дэлхийн хуулийн үр дүн биш, харин Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрхийн үр дагавар билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

544. Бурханы эрх мэдэл дор бүх хүн Түүний дээд эрх, зохицуулалтыг идэвхтэйгээр, эсвэл идэвхгүйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд амьдралынхаа явцад хүн хэрхэн тэмцэж, хэчнээн олон тахир муруй замаар явах нь хамаагүй, эцэстээ Бүтээгчийн өөрт нь зориулан тодорхойлсон хувь заяаны тойрог зам руу буцах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдал, Түүний эрх мэдлийн орчлон ертөнцийг хянаж, захирдаг арга барил юм. Энэхүү даван туулшгүй байдал, энэхүү хянан захирах хэлбэр нь бүх зүйлийн амьдралыг захирч, дахин төрлийг саадгүйгээр ахин дахин олох боломжийг хүмүүст олгож, дэлхийг өдрөөс өдөрт, жилээс жилд тогтмол эргүүлж, урагшлуулдаг хуулиудыг хариуцдаг. Та нар энэ бүх бодит үнэнийг нүдээр харсан бөгөөд тэдгээрийг өнгөцхөн ч бай, гүн гүнзгий ч бай ойлгодог, хэр гүнзгий ойлгосон чинь үнэний талаарх мэдлэг, туршлага, Бурханы талаарх мэдлэгээс чинь хамаарна. Үнэний бодит байдлыг хэр сайн мэддэг, Бурханы үгийг хэр их туулсан, Бурханы мөн чанар, зан чанарыг хэр сайн мэддэг гээд энэ бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын талаарх чиний ойлголт хэр гүнийг илэрхийлдэг. Бурханы дээд эрх болон зохицуулалтын оршин тогтнол нь хүн тэдгээрт захирагдах эсэхээс хамаардаг уу? Бурханд энэхүү эрх мэдэл байдаг гэсэн бодит үнэн нь хүн төрөлхтөн үүнд захирагдах эсэхээр тодорхойлогддог уу? Бурханы эрх мэдэл нь нөхцөл байдлыг үл харгалзан оршдог. Бүх нөхцөл байдалд Бурхан хүн бүрийн хувь заяа болон бүх зүйлийг Өөрийн бодол, Өөрийн хүслийн дагуу захиран, зохицуулдаг. Хүмүүс өөрчлөгдсөнөөс болж энэ нь өөрчлөгдөхгүй; энэ нь хүний хүслээс хамаарахгүй, цаг хугацаа, орон зай, газар зүйн ямар ч өөрчлөлтөөс болж хувирах боломжгүй, учир нь Бурханы эрх мэдэл бол Түүний үнэн мөн чанар билээ. Хүн Бурханы дээд эрхийг мэдэж, хүлээн зөвшөөрч чадах эсэх, мөн үүнд захирагдаж чадах эсэх нь гээд эдгээр нөхцөлийн аль нь ч хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн бодит үнэнийг өчүүхэн төдий ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы дээд эрхийн талаар ямар хандлагатай байх нь хамаагүй, хүний хувь заяа болон бүх зүйлийг захирах дээд эрх Бурханд байдаг гэсэн бодит үнэнийг өөрчилж ердөө чадахгүй. Чи Бурханы дээд эрхэд захирагддаггүй байсан ч гэсэн Тэр чиний хувь заяаг захирч л байдаг; чи Түүний дээд эрхийг мэдэж чадахгүй байсан ч гэсэн Түүний эрх мэдэл оршсоор л байдаг. Бурханы эрх мэдэл болон хүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхийн бодит үнэн нь хүний хүслээс хамааралгүй бөгөөд хүний эрхэмлэдэг зүйл, сонголтын дагуу өөрчлөгддөггүй. Бурханы эрх мэдэл хаа сайгүй, цаг тутам, агшин бүрд байдаг. Тэнгэр, газар үгүй болно, харин Түүний эрх мэдэл хэзээ ч үгүй болохгүй, учир нь Тэр бол Бурхан Өөрөө, Түүнд цор ганц эрх мэдэл байдаг, мөн Түүний эрх мэдэл хүмүүс, үйл явдал, юмс, орон зай, газар зүйн байршлаар хязгаарлагддаггүй билээ. Бурхан цаг ямагт Өөрийн эрх мэдлийг ашиглаж, Өөрийн сүр хүчийг харуулж, Өөрийн удирдлагын ажлыг үргэлж хийдэг шигээ үргэлжлүүлдэг; үргэлж хийдэг шигээ л Тэр цаг ямагт бүх зүйлийг захирч, хангаж, зохион байгуулдаг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Энэ бол бодит үнэн; балар эртний үеэс хойш энэ нь өөрчлөгдөшгүй үнэн байсаар ирсэн!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

545. Бурханы эрх мэдлийн талаарх үнэн нь хүн бүрийн нухацтай авч үзэх ёстой, зүрх сэтгэлээрээ туулж, ойлгох ёстой үнэн юм; учир нь эдгээр үнэн хүн бүрийн амьдралд; хүн бүрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд; хүн бүрийн амьдралдаа туулан өнгөрөх ёстой шийдвэрлэх онцгой үеүдэд; Бурханы дээд эрхийн тухай хүний мэдлэг болон Бурханы эрх мэдэлтэй тулгарахдаа баримтлах хандлагад нь; тэгээд мэдээжээр, хүн бүрийн эцсийн хүрэх газарт нөлөөлдөг билээ. Иймээс тэдгээрийг ойлгож, мэдэхэд насан туршийн эрч хүч шаардагддаг. Бурханы эрх мэдлийг нухацтайгаар авч үзэхдээ, Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөх үедээ чи Бурханы эрх мэдэл оршин байдаг үнэнийг аажмаар ухаарч, ойлгох болно. Гэвч хэрвээ чи Бурханы эрх мэдлийг хэзээ ч танин мэдэж, Түүний дээд эрхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол хэчнээн олон жил амьдрах чинь хамаагүй, Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн төдий ч мэдлэг олж авч чадахгүй. Хэрвээ чи Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадахгүй бол замын төгсгөлд хүрэх үедээ хэдий Бурханд олон арван жил итгэж байсан ч гэсэн, чамд амьдралаараа харуулах зүйл юу ч байхгүй, хүний хувь заяаг захирах Бурханы дээд эрхийн талаар өчүүхэн ч мэдлэг чамд байхгүй байна. Энэ нь тун гунигтай зүйл бус уу? Иймээс амьдралдаа хэр хол явсан, одоо хэдэн настай, замналын чинь үлдсэн хэсэг хэр урт байх нь хамаагүй, чи эхлээд Бурханы эрх мэдлийг танин мэдэж, нухацтайгаар авч үзэж, Бурхан бол чиний цор ганц Эзэн гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүмүүний хувь заяаг захирдаг Бурханы дээд эрхтэй холбоотой эдгээр үнэний талаар тодорхой, үнэн зөв мэдлэг, ойлголтыг олж авах нь хүн бүрийн заавал авах сургамж; энэ бол хүний амьдралыг мэдэж, үнэнийг олж авах түлхүүр юм. Өдөр бүр хүн бүрийн нүүр тулдаг, хэний ч зайлсхийж чадахгүй, Бурханыг мэдэх амьдрал, түүнийг сурах үндсэн явц нь ийм билээ. Хэрвээ хэн нэгэн энэ зорилгод хүрэхийн тулд дөт замаар явахыг хүсэж байгаа бол тэр чинь боломжгүй гэдгийг одоо Би чамд хэлчихье! Хэрвээ та нар Бурханы дээд эрхээс зугтахыг хүсэж байгаа бол тэр чинь бүр ч боломжгүй! Бурхан бол хүний цорын ганц Эзэн, Бурхан бол хүний хувь заяаны цорын ганц Эзэн учраас хүн өөрийн хувь заяаг захирах боломжгүй, үүнийг даван гарах боломж ч байхгүй. Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяаг зохион байгуулж, зохицуулж, хянаж, өөрчлөх нь бүү хэл нөлөөлж ч чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг захирч чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрх бүхий цорын ганц эрх мэдэлтэй байдаг, иймээс Бүтээгч л хүний цор ганц Эзэн билээ. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй, ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод, сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит үнэн, үнэхээр оршин байдаг бодит үнэн бөгөөд ямар ч хүн, зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ та нарын нэг нь юмсын байгаа байдалд сэтгэл ханамжгүй хэвээр байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, алдар нэр, эд баялаг олдог бол; чи юмыг өөртөө л хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна гэдгийг Би чамд хэлье! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийж, хичээл зүтгэл чинь талаар өнгөрснийг олж мэдэх болно. Хувь заяаны эсрэг тэмцэх хүсэл, эрмэлзэл болон цадигаа алдсан авир чинь чамайг буцах замгүй болгож, үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно. Хэдийгээр одоогоор чи үр дагаврын айхтар ноцтой байдлыг ойлгохгүй байгаа ч гэсэн, Бурхан бол хүний хувь заяаны Эзэн хэмээх үнэнийг улам илүү гүнзгий мэдэрч, ойлгохын хэрээр Миний өнөөдрийн ярьж байгаа зүйл болон үүний жинхэнэ утга санааг аажмаар ухаарч эхэлнэ. Чамд зүрх сэтгэл, сүнс үнэхээр бий эсэх, чи үнэнийг хайрладаг хүн мөн эсэх нь, Бурханы дээд эрх болон үнэний талаар ямар хандлагатай вэ гэдгээс чинь хамаардаг. Мэдээжийн хэрэг энэ нь Бурханы эрх мэдлийг үнэхээр мэдэж, ойлгож чадаж байгаа эсэхийг чинь тодорхойлдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол явсан зам, хийсэн сонголтынхоо үрээр чи ямар ч хэрэггүй болж, эргэлзээгүй Бурханд жигшигдэн, гологдоно. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалт, дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ туулдаг хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай жинхэнэ мэдлэгтэй болж, Түүний дээд эрхийн тухай жинхэнэ ойлголтыг олж авсан байх болно; тэд үнэхээр Бүтээгчид захирагдсан байх болно. Ийм хүмүүс л үнэхээр аврагдсан байх болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

546. Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

547. Хүн төрөлхтөн болон орчлон ертөнцийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй нягт сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чаддаггүй. Бүх зүйлийн хуулиас хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; бүх зүйлийн амьд үлдэх хуулиас тэр Бүтээгчийн засаглалыг ухамсарладаг; бүх зүйлийн хувь заяанаас тэр Бүтээгч Өөрийн дээд эрх, хяналтаа тогтоодог арга замыг таамагладаг; хүмүүс болон бүх зүйлийн амьдралын мөчлөгөөc хүн, бүх зүйл ба амьд оршихуйн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг үнэхээр туулж, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх эрх мэдэл болон хүчнээс давсан байдгийг нүдээрээ харж авдаг. Иймээс, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл энэ бус уу?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

548. Бурхан эрх мэдэл, хүч чадалтай ч гэсэн, үйлдэлдээ маш нягт нямбай, зарчимч байж, хэлсэн үгэндээ хүрдэг. Түүний хатуу чанд байдал болон үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн хосгүй байдлын илрэл юм. Бурхан дээдийн дээд эрх мэдлийг эзэмшдэг, бүх зүйл Түүний эрх мэдэл дор байдаг, бүх зүйлийг захирах хүч чадал Түүнд байдаг хэдий ч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж, тасалдуулж байгаагүй бөгөөд эрх мэдлээ хэрэгжүүлэх болгондоо Өөрийнхөө зарчмыг чанд баримталж, амаараа хэлсэн зүйлээ яг таг дагаж, төлөвлөгөөнийхөө алхмууд болон зорилгыг дагадаг. Бурханы захирдаг бүх зүйл Бурханы эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч мөн дуулгавартай дагадаг ба Түүний эрх мэдлийн зохицуулалтад захирагддаггүй ямар ч хүн, зүйл гэж үгүй, мөн тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх нь илүүц юм. Бурханы нүдээр бол, ерөөгдсөн хүмүүс Түүний эрх мэдлээр бий болсон сайн хувь заяаг хүртэж, хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлийн улмаас шийтгэлээ хүлээдэг. Бурханы эрх мэдлийн дээд эрхэн дор, эрх мэдлийнх нь хэрэгжилтээс ангид ямар ч хүн юм уу зүйл байдаггүй, тэд Түүний эрх мэдлийн хэрэгждэг зарчмуудыг ч өөрчилж чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөр хувирдаггүй, тэрчлэн Түүний эрх мэдлийн хэрэгжих зарчмууд нь ямар ч шалтгааны улмаас өөрчлөгддөггүй. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл үгүй болж болох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч алга болохгүй. Энэ бол Бүтээгчийн хувиршгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар бөгөөд энэ нь чухамдаа Бүтээгчийн цор ганц байдал юм!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

549. Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй, мөн цаашлаад Бурханы тушаал болон онцгой захирамжуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, эдгээрийг хэзээ ч үл тоож зүрхлээгүй ба Бурханы аливаа зарлигийг дур мэдэн өөрчилж мэдээж зүрхлээгүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар тул Сатан эдгээр хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Бурханы эрх мэдлийн сүр хүч энэ биш гэж үү? Бурханы эрх мэдлийн гэрчлэл энэ биш гэж үү? Бурханд хэрхэн хандаж, Бурханыг хэрхэн үзэх талаар Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг тул сүнсний ертөнц дэх Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн цаад зарчмуудыг илүү гүн гүнзгий үнэлдэг. Сатан эдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй бөгөөд ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй, мөн Бурханы эрх мэдлийг зөрчих ямар ч зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж ч зүрхэлдэггүй. Хэдийгээр ёрын муу, биеэ тоосон уг чанартай боловч Сатан өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Мянга мянган жилийн турш Сатан эдгээр зааг хязгаарыг чанд мөрдөж, Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Сатан хэдий хорлонтой боловч ялзарсан хүн төрөлхтнөөс хамаагүй ухаалаг; тэр Бүтээгчийн ялгамж чанарыг болон өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг гэдгийг, мөн Бурханы эрх мэдэл болон цор ганц байдлаас л улбаалан бүх зүйл өөрчлөгдөж, дэг журамтай байдлаар үржиж олшрон, хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар амьдарч, өсөн үржиж чаддаг бөгөөд ямар ч хүн юм уу эд юм энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн юм уу, эд юм энэ хуулийг өөрчлөх чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно—учир нь эдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн урьдчилан тогтоосноор, Бүтээгчийн эрх мэдлээс гарсан.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

550. Сатаныг онцгой ялгамж чанартай болохоор нь маш олон хүн түүний янз бүрийн талын илрэлийг хүчтэй сонирхох болсон. Гайхамшиг үзүүлж, хүн төрөлхтний хийх боломжгүй зүйлсийг хийх чадвартай болохоор нь Сатаныг бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг гэж итгэдэг мунхаг хүмүүс хүртэл олон байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөхийн сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Энэ хүмүүс хөөрхийлөлтэй агаад жигшмээр. Тэд мэдлэггүй учраас хөөрхийлөлтэй ба тэрс үзэл, төрөлхийн ёрын муу мөн чанарынхаа улмаас жигшүүртэй. Одоо та нарт, эрх мэдэл гэж юу болох, энэ нь юуг бэлгэдэж, юуг төлөөлдөг болохыг хэлэх шаардлагатай мэт Надад санагдаж байна. Ерөнхийд нь ярихад, Бурхан Өөрөө эрх мэдэл юм, Бурханы эрх мэдэл Өөрийнх нь дээдийн дээд байдал, мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийн эрх мэдэл нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг төлөөлдөг. Ийм байхад Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхэлдэг үү? Мэдээж үгүй! Учир нь Сатан бүх зүйлийг бүтээх чадваргүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээлээс нэг ч атугай зүйлийг бүтээж байсан удаагүй бөгөөд ямар нэг амьтай зүйлийг бүтээж үзээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл байхгүй, Бурханы байр суурь, ялгамж чанарыг хэзээ ч эзэмших боломжгүй бөгөөд энэ нь түүний мөн чанараар тодорхойлогддог. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж үгүй! Сатаны үйл, үзүүлсэн гайхамшгийг бид юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу урсгалыг удирдаж, Бурханы ажлыг бүх талаар нурааж, доголдуулж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, зовоож, хүнийг урхидаж, мэхлэн доройтолд оруулж, хүнийг үхлийн сүүдэрт хөндий рүү явуулахын тулд Бурханыг голоход хүргэснээс бусдаар Сатан хүнд дурсагдаж, сайшаагдаж, нандигнамаар зүйл өчүүхэн төдийхнийг ч хийсэн гэж үү? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг ялзруулах байсан уу? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг хорлох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл, хүч чадал байдаггүй болохоор хийдэг бүхнийх нь мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийдэг бүхнийг шалихгүй заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт төдийлөн зохистой биш гэж Би боддог. Хүн төрөлхтнийг ялзруулсан түүний муу үйл нь шалихгүй заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны муу ёрын хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл нь шалихгүй заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал, уул толгодоор хааяагүй таран бэлчсэн Иовын мал сүрэг хормын төдийд үгүй болсон; Иовын их хөрөнгө агшин зуурын төдийд алга болсон. Үүнийг шалихгүй заль мэх төдийхнөөр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхний уг чанар нь хохироох, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, хорлонт байдал, харанхуй гэх мэт сөрөг нэр томьёотой таарч, нийцдэг тул зөвт бус, ёрын муу бүх тохиолдол нь Сатаны үйлтэй нягт холбоотой, Сатаны муу ёрын мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн ч “хүчирхэг” бай, хэчнээн ч эр зориг, хүсэл эрмэлзэлтэй бай, хэчнээн ч их хор хохирол учруулах чадалтай бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай хамаагүй, тэр хэзээ ч ганц боловч амьд зүйлийг бүтээж чадаагүй, хэзээ ч бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ л ухамсартайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

551. Хэдийгээр Сатан Иовыг шунахай харцаар харсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Сатан хэдий төрөлхийн ёрын муу, харгис ч гэсэн Бурханыг тушаал өгсний дараа тушаалыг нь дагахаас өөр сонголт түүнд байгаагүй. Иймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт улангассан байсан ч Бурханы өөрт нь тогтоосон хязгаарыг умартаж зүрхлээгүй, Бурханы тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгийн зарчим болон хязгаарыг давж зүрхлээгүй—энэ баримт биш гэж үү? Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг үүнээс харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрлэг хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы тушаалыг зөрчдөг, тэнгэрлэг хуулийг эсэргүүцэж, дуулгаваргүй байдаг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл нь Бурханы үг бүрийн утга санаанд агуулагдаж байдаг. Бурханы тушаалыг зөрчвөл Бурханы эрх мэдэлд халдаж, тэнгэрлэг хуулийг эсэргүүцсэнийхээ үр дагаврыг хүртэх ёстойг Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь яг юу вэ? Эдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Сатаны Иовд гаргасан үйлдэл бол хүнийг ялзруулах үйлийнх нь бичил дүр зураг төдий зүйл байсан. Сатаны хэрэгжүүлэх эдгээр үйлдэлд Бурханы тогтоосон хязгаар, Сатанд өгсөн тушаал нь Сатаны хийдэг бүх зүйлийн ард үйлчилдэг зарчмуудын ердөө л бичил дүр зураг нь байсан юм. Үүнээс гадна, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхлээгүйнх нь бичил дүр зураг төдий байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатан байтугай бүх зүйлийн дотроос Бүтээгчийн тогтоосон тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж чадах, эдгээр тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж зүрхлэх ямар ч хүн болон зүйл үгүй. Учир нь эдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн оноодог шийтгэлийг ямар ч хүн болон эд юм өөрчилж, мултарч чаддаггүй. Бүтээгч л тэнгэрлэг хууль, зарлигийг тогтоож чадна, эдгээрийг хүчинтэй болгох хүч чадал Бүтээгчид л байдаг ба Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн, эд зүйл сөрж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлийн дунд дээдийн дээд тул “Бурхан хамгийн агуу нь, Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

552. Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш ялзруулж ирсэн. Тэр тоолохын аргагүй олон ёрын мууг үйлдэж, үе үеийнхнийг хууран мэхэлж, дэлхий дээр аймшигтай том нүгэл үйлдсэн. Тэр хүнийг зовоож, хууран мэхэлж, Бурханы эсрэг уруу татаж, бас Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, доголдуулах муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрмийг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны муу ёрын уг чанар, цадиггүй явдал маш муу муухай, маш ой гутам, жигшүүртэй, маш өчүүхэн агаад хэврэг юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч гэсэн Бурханд захирагддаг хүмүүс, зүйлс, эд юмст өчүүхэн төдий ч өөрчлөлт оруулж чадахгүй. Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн одоо ч Бурханы хайрласан гэрэл, агаарыг эдэлж, Бурханы Өөрийн гаргасан амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэгс, шувууд, загас жараахай, шавж хорхойг эдэлж, Бурханы хангасан бүх зүйлийг эдэлдэг; өдөр шөнө бас л үргэлжлэн ар араасаа солигддог; дөрвөн улирал ердийнхөөрөө ээлжилдэг; тэнгэрт нисэх галуу энэ өвөл нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас жараахай өөрсдийн гэр болох гол, нуурыг хэзээ ч орхидоггүй; газар дээрх голио зуны өдрүүдэд хоолой мэдэн донгоддог; өвсөн дундах хүрэлзгэнэ намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; галуу сүрэглэн цуглардаг байхад бүргэд ганцаараа амьдардаг; арслангийн сүрэг ан хийн амь зогоодог; хандгай өвс ногоо, цэцэгсээс холддоггүй… Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л нүд ирмэхийн төдийд үй түмэн өөрчлөлт тохиолддог—харин тэдний зөн мэдрэмж, амьд үлдэх хууль л өөрчлөгддөггүй. Тэд Бурханы хангалт, тэжээл дор амьдардаг бөгөөд зөн мэдрэмжийг нь хэн ч өөрчилж, амьд үлдэх дүрмийг нь хэн ч доголдуулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтнийг Сатан ялзруулж, мэхэлсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс тэд бас л татгалзаж чадахгүй бөгөөд Бурханы бүтээсэн энэхүү орон зайд хүн амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн мэдрэмж өөрчлөгдөөгүй. Хүн одоо ч харахын тулд нүд, сонсохын тулд чих, бодохын тулд уураг тархи, ойлгохын тулд зүрх сэтгэл, алхахын тулд хөл, ажиллахын тулд гар гэх зэрэгтээ түшиглэдэг; Бурханы хангалтыг хүлээн зөвшөөрч чаддаг болгох гэж Бурханаас хүнд хайрласан бүх зөн мэдрэмж нь өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн, Бурхантай хамтран ажиллах хүний чадавх өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадавх өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнслэг хэрэгцээ өөрчлөгдөөгүй, гарал үүслээ олж тогтоох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр авруулах гэсэн хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл ч өөрчлөгдөөгүй. Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг даван туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал энэ юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд орж, бүтээлийн эхлэлийн Адам, Ева биш болж, мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлс болон ялзарсан сатанлаг зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд одоо ч Өөрийнх нь бүтээсэн тэр хүн төрөлхтөн хэвээрээ юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж, одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн нь Бурханы нүдээр бол жаахан хир буртагт баригдсан, хоржигносон ходоодтой, үл ялиг удаан хөдөлгөөнтэй, өмнөх шигээ сайн ой санамжтай байхаа больж, бага зэрэг хөгширсөн төдий л боловч хүний бүх чиг үүрэг, зөн билэг нь тэр чигтээ бүрэн бүтэн харагддаг. Энэ бол Бурханы аврах гэж зорьдог хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох л юм бол энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харах л юм бол Бурханд өөрийгөө зориулахын тулд өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг орхиж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө зориулах болно. Зүрх сэтгэл нь Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, тэжээлийг дахин нэг удаа хүртсэн үед хүн төрөлхтний ой санамж сэргэж, энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн эрх мэдэл дор үнэхээр эргэн очсон байх болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

553. Бурханы эрх мэдлийг хүн дуурайж чадахгүй, Бурханы ялгамж чанар болон байр суурийг хүн хуулбарлаж чадахгүй. Бурханы ярианы өнгийг чи дуурайж чадах боловч Бурханы мөн чанарыг дуурайж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы оронд зогсож, Бурханыг дуурайж чадах боловч Бурханы хийхээр зорьдог зүйлийг хэзээ ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч бүх зүйлийг удирдан, захирч чадахгүй. Бурханы нүдээр чи үүрд өчүүхэн бүтээл байх бөгөөд ур дүй, ур чадвар чинь хэчнээн агуу ч бай, авьяас билиг чинь хэчнээн их ч бай хамаагүй, чи бүхэлдээ Бүтээгчийн эрх мэдэл дор байдаг. Чи ганц нэг хүчтэй үг хэлж чадлаа гээд энэ нь чамайг Бүтээгчийн мөн чанартай болгож харагдуулж чадахгүй, Бүтээгчийн эрх мэдлийг эзэмшсэн гэдгийг ч илэрхийлэхгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь Бурханы Өөрийн мөн чанар юм. Тэдгээрийг сурч мэдсэн юм биш, гаднаас олж авсан ч юм биш, харин энэ нь Бурханы Өөрийн төрөлх мөн чанар юм. Иймээс Бүтээгч, бүтээл хоёрын харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

Өмнөх: 11. Бурханыг мэдэх тухай үгс

Дараах: 11.2. Бурханы зөвт зан чанарын тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх