10.13. Хэрхэн Сатаны нөлөөнөөс ангижирч, аврал хүртэх тухай

488. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

489. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

490. Харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс бол үхэл дунд амьдардаг, Сатанд эзэмдүүлсэн хүмүүс юм. Хүмүүс Бурханаар аврагдаж, Бурханаар шүүгдэж, гэсгээгдэлгүйгээр үхлийн нөлөөнөөс зугтаж чадахгүй, амьд болж чадахгүй. Энэ “үхмэл хүмүүс” Бурханд гэрчлэл хийж чаддаггүй, Бурханд ашиглагдаж ч чаддаггүй, хаанчлалд орж бүр ч чадахгүй. Бурхан үхэгсдийн бус, амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг ба үхэгсдээс бус, амьд хүмүүсээс Өөрийнх нь төлөө ажиллахыг шаарддаг. “Үхэгсэд” бол Бурханыг эсэргүүцэн тэрсэлдэг хүмүүс юм; тэд бол сүнс нь мэдрэлгүй бөгөөд Бурханы үгийг ойлгодоггүй хүмүүс, үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш, мөн Сатаны эзэмшил дор амьдарч, Сатанд ашиглагддаг хүмүүс юм. Үхэгсэд үнэний эсрэг зогсож, Бурханы эсрэг тэрслэн, дорд, жигшүүрт, хорон, хэрцгий, зальхай, муу санаатай байснаараа өөрсдийгөө харуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгийг идэж уусан ч гэсэн Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй; тэд амьд боловч алхаж буй үхдэлүүд, амьсгалдаг цогцсууд юм. Үхэгсэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах ямар ч чадваргүй бөгөөд Түүнд бүрэн дүүрэн дуулгавартай байж бүр ч чаддаггүй. Тэд ердөө л Түүнийг мэхэлж, доромжилж, Түүнээс урваж чаддаг бөгөөд амьдран харуулдаг бүх хэв маягаараа Сатаны уг чанарыг илчилдэг. Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой; Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдол болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд дахин амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Хамгийн гол нь тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин төрсөн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи амилсан хүн мөн үү?

491. Харанхуйн нөлөө гэж юу вэ? “Харанхуйн нөлөө” гэдэг нь Сатан хүмүүсийг мэхэлж, завхруулж, хүлж, хянадаг нөлөө юм; Сатаны нөлөө бол үхлийн уур амьсгалтай нөлөө. Сатаны эзэмшилд амьдардаг бүх хүн мөхөх тавилантай.

Бурханд итгэдэг болсныхоо дараа харанхуйн нөлөөнөөс хэрхэн ангижрах вэ? Бурханд чин сэтгэлээсээ залбирсныхаа дараа чи зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн хандуулж, энэ үед Бурханы Сүнс зүрх сэтгэлийг чинь хөдөлгөдөг. Чи өөрийгөө Түүнд бүрэн зориулах хүсэлтэй болдог ба энэ мөчид чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан байдаг. Хэрвээ хүний хийдэг бүхэн Бурханы таалалд нийцэж, Түүний шаардлагуудыг хангадаг бол тухайн хүн Бурханы үгээр, Бурханы халамж, хамгаалалт дор амьдардаг хүн юм. Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж чадахгүй, Түүнийг байнга хууран мэхлэх гэж оролддог, Түүнд хааш яаш байдлаар ханддаг, оршин тогтнолд нь итгэдэггүй аваас ийм хүмүүс бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч буй хэрэг юм. Бурханы авралыг хүлээн аваагүй хүмүүс бүгд Сатаны эзэмшил дор амьдарч байгаа; өөрөөр хэлбэл, тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдардаг. Бурханд итгэдэггүй хүмүүс Сатаны эзэмшил дор амьдарч байгаа. Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс ч гэсэн Бурханы гэрэлд заавал амьдарч байх албагүй, учир нь Түүнд итгэдэг хүмүүс үнэндээ Түүний үгээр амьдардаг, эсвэл Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс биш байх магадлалтай. Хүн Бурханд итгэхээс хэтэрдэггүй бөгөөд тэрээр Бурханыг мэддэггүй учраас аанай л хуучин дүрэм журмаар, үхмэл үгс дунд, харанхуй, тодорхойгүй амьдралаар амьдарч, Бурханаар бүрэн ариусгагдаагүй, бүрмөсөн авхуулаагүй байна. Иймээс Бурханд итгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдардаг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой боловч Бурханд итгэдэг хүмүүс хүртэл Ариун Сүнс өөрсөд дээр нь ажиллаагүйн улмаас харанхуйн нөлөөн дор амьдарсаар байдаг. Бурханы нигүүлсэл, Бурханы өршөөлийг хүлээн аваагүй хүмүүс болон Ариун Сүнсний ажлыг харж чаддаггүй хүмүүс бүгд харанхуйн нөлөөнд амьдардаг; Бурханы нигүүлслийг эдэлдэг мөртөө Түүнийг мэддэггүй хүмүүс ч бас ихэнхдээ харанхуйн нөлөөнд амьдарч байгаа. Хэрвээ хүн Бурханд итгэдэг ч амьдралынхаа ихэнхийг харанхуйн нөлөөнд өнгөрүүлбэл тухайн хүний оршин тогтнол утга учраа алдчихсан байдаг тул Бурхан оршин байдагт итгэдэггүй хүмүүсийг бол ярихын ч хэрэггүй юм.

Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй юм уу Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний шаардлагад нийцэж чаддаггүй бүх хүн харанхуйн нөлөөн дор амьдардаг. Үнэнийг эрэлхийлдэг, Бурханы шаардлагад нийцэж чаддаг хүмүүс л Түүнээс ерөөл хүлээн авч, харанхуйн нөлөөнөөс ангижирна. Чөлөөлөгдөөгүй, зарим зүйлээр үргэлж удирдуулж байдаг, Бурханд зүрх сэтгэлээ өгч чадахгүй байгаа хүмүүс бол Сатанд боолчлогдон, үхлийн уур амьсгалд амьдарч байгаа хүмүүс юм. Үүрэгтээ үнэнч бус, Бурханы даалгаварт үнэнч бус, чуулган дахь чиг үүргээ гүйцэтгэдэггүй хүмүүс харанхуйн нөлөөн дор амьдарч байна. Чуулганы амьдралыг санаатайгаар үймүүлдэг, ах эгч нарын хоорондын харилцааг зориуд сүйтгэдэг, эсвэл өөрсдийн бүлгийг бүрдүүлдэг хүмүүс бүр гүн харанхуйн нөлөөн дор, Сатаны боолчлолд амьдардаг. Бурхантай хэвийн бус харилцаатай, үргэлж хэрээс хэтэрсэн юм хүсдэг, үргэлж ашиг хонжоо олохыг хүсдэг, өөрсдийн зан чанарыг өөрчлөхөөр огтхон ч эрж хайдаггүй хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс юм. Үнэнийг хэрэгжүүлэхдээ үргэлж хайнга, нухацтай бус байж, Бурханы хүсэлд нийцүүлэхийг хичээдэггүй, оронд нь өөрсдийн махан биеийг л хангахыг хичээдэг хүмүүс ч бас харанхуйн нөлөөн дор, үхэлд ороогдон амьдарч байгаа хүмүүс билээ. Бурханы төлөө ажиллахдаа шударга бус байдал, заль мэх ашигладаг, Бурхантай хааш яаш байдлаар харьцдаг, Бурханыг хуурч мэхэлдэг, үргэлж хувиа хичээдэг хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа хүмүүс юм. Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлдэггүй бүх хүн харанхуйн нөлөөн дор амьдардаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна

492. Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах билээ? Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр бодож байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд хүнийг амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхиогүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт, шүүлт юм; түүнчлэн энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал билээ.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү их хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдарч, махан биед оршдог; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол улам илүү доройтно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсдэг бол цэвэрлэгдэж, аврагдах ёстой. Петр ийнхүү залбирсан: “Бурхан минь, надад элэгсэг хандах үед тань би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг; Та намайг гэсгээх үед би бүр ч их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой байж, үгээр хэлэхийн аргагүй зовлон туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлаас болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэднэ. Таны хүслийг хангаж чаддаггүй учраас би уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр би Таны өршөөл, өгөөмөр сэтгэлийг эдлэхгүй байх байсан. Өнөөдөр, Таны хайр тэнгэрүүдийг даван гарсан ба бусад бүх зүйлээс илүү давдгийг би бүр ч сайн хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл, хайр энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг олсон. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн цэвэрлэгдэхгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байх байсан. Хэдийгээр би хэдэн зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бүр үхэхдээ тулсан ч гэсэн, Таныг үнэхээр мэдэж, дээд зэргийн авралыг олж авах боломжийг энэ нь надад олгосон. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт, сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эзэмшил дор харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол Таны Сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Хэрвээ Та надад өвчин өгч, эрх чөлөөг минь авах юм бол би үргэлжлүүлэн амьдарч чадна, харин Таны гэсгээлт, шүүлт намайг орхивол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр бол дэндүү гүн гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй хайр билээ. Таны хайр байхгүй бол би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харж чадахгүй байх байсан. Би яаж үргэлжлүүлэн амьдарч чадах билээ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил тул би Таныг яаж орхиж чадах билээ? Би Танаас гуйя, санаа амраасан хэдхэн үг байлаа ч гэсэн миний хамгийн их тайвшралыг надаас бүү аваач гэж би Танаас хүсэж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; би Таныг хайрлахгүй байж яахан чадах билээ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч тийм амьдрал нь илүү утга учиртай, мөн намайг илүү их баяжуулж, намайг илүү их өөрчилж чадах ба бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгож чадна гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан.”

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

493. Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм. Бурхан чамайг аварч байгаа нь чамайг Сатаны эдгээр зүйлээс салгахын төлөө байдаг. Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө байдаг. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, энэ завхралд дөнгөлөгдөхөө больж чадах үедээ аврагдчихсан байх бус уу? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн хэвийн хүн байх ба Бурханаар ерөөгдөж, таашаагдана.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2

494. Хүн бүхий л амьдралдаа Сатаны эзэмшил дор амьдардаг, өөрөө Сатаны нөлөөнөөс ангижирч чадах хүн нэг ч үгүй. Бүгд өчүүхэн ч утга учиргүй, эсвэл үнэ цэнгүйгээр бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэн үгүй. Өөрийг нь Сатаны нөлөөнөөс чөлөөлөх үнэнийг хүн олж авч чадахгүй. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч өөрийгөө Сатаны нөлөөний хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид маш цөөхөн хүн энэ нууцыг олж илрүүлсэн, тун цөөн хүн үүнийг ухаарсан. Ийм болохоор, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны урхидалтын нөлөөллөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр, та нар Сатаны эзэмшил дор байсаар байгаа бус уу? Дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, бохир заваан, дуулгаваргүй гэдгээ бүр ч мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч гэсэн сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Энэхүү амгалан байдал нь завхарсан байдлаас чинь болдоггүй гэж үү? Энэхүү санаа амар байдал дуулгаваргүй байдлаас чинь гардаггүй гэж үү? Хүмүүс хүний тамд амьдардаг, Сатаны харанхуй нөлөөн дор амьдардаг; газар нутаг даяар сүнснүүд хүнтэй хамт амьдарч, хүний махан бие рүү бага багаар халдан довтолдог. Газар дээр чи үзэсгэлэнтэй сайхан диваажинд амьдардаггүй. Чиний байгаа газар бол диаволын ертөнц, хүний там, үхэгсдийн ертөнц юм. Хэрвээ хүн цэвэрлэгдэхгүй бол бохир заваан байдаг; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулахгүй бол Сатаны хоригдол хэвээр үлддэг; хэрвээ шүүгдэж, гэсгээгдэхгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болон амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг чинь батлахад хангалттай. Хэрвээ чиний оюун санаа болон бодол цэвэрлэгдээгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол бүхий л оршихуй чинь Сатаны эзэмшлийн хяналтад байж, оюун санаа чинь Сатанд захирагдах ба бодлыг чинь Сатан зохион байгуулж, бүх оршихуйг чинь Сатаны гар хянаж байдаг. Чи одоо Петрийн стандартаас яг хэр хол байгаагаа мэдэж байна уу? Чамд тийм хэв чанар байгаа юу? Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хэр их мэддэг вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хэр ихийг эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж авч чадахгүй бол ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс гэсгээлт, шүүлтийг ердөө ч мэдэх чадваргүй. Хэрвээ чи махан биеийн амар тайван, махан биеийн зугаа цэнгэлээр хөөцөлдвөл цэвэрлэгдэх ямар ч аргагүй байх ба эцэст нь Сатан руу эргэн очно, учир нь чиний амьдран харуулдаг зүйл бол Сатан, мөн махан бие билээ. Өнөөдрийн байдлаар олон хүн амийг эрэлхийлдэггүй ба тэд ариусгагдах тухай, эсвэл илүү гүн гүнзгий амийн туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тийм болохоор тэд яаж төгс болгуулж чадах юм бэ? Амийг эрэлхийлдэггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй бөгөөд Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс Сатаны харанхуй нөлөөнөөс зугтаах чадваргүй байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

495. Бурханд итгэдэг атлаа үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн Сатаны нөлөөнөөс ангижрах аргагүй байдаг. Үнэнч шударгаар амьдардаггүй, бусдын өмнө нэг янзаар аашилж, харин ар хударгаар нь өөрөөр авирладаг, гаднаа даруу төлөв, тэвчээртэй, хайр энэрэлтэй мөртөө мөн чанартаа зусар зальхай, ов мэхтэй, Бурханд үнэнч биш хүмүүс бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүсийн нийтлэг төлөөлөл юм. Тэд бол хорт могойн төрлийн хүмүүс мөн. Зөвхөн өөрсдийн ашиг тусын төлөө Бурханд итгэдэг, өөрсдийгөө зөвтгөдөг, их зантай, онгироо сагсуу, байр сууриа хамгаалдаг хүмүүс бол Сатаныг хайрлаж, үнэнийг эсэргүүцдэг хүмүүс билээ. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд бүрэн харьяалагддаг хүмүүс юм. Бурханы ачааг боддоггүй, Бурханд үнэн сэтгэлээсээ үйлчилдэггүй, өөрсдийн ашиг сонирхол болон гэр бүлийнхээ ашиг сонирхолд байнга санаа тавьдаг, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхих чадваргүй, Түүний үгээр хэзээ ч амьдардаггүй хүмүүс Бурханы үгийн гадна амьдарч байгаа юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй.

Бурхан хүмүүсийг бүтээхдээ тэдэнд Өөрийн баялгийг эдлүүлж, Өөрийгөө тэднээр үнэхээр хайрлуулахын төлөө байсан; ийм маягаар хүмүүс Түүний гэрэлд амьдрах байлаа. Өнөөдөр Бурханыг хайрлаж чаддаггүй, Түүний ачааг боддоггүй, Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч чаддаггүй, Бурханы зүрх сэтгэлийг өөрсдийн мэт авч үздэггүй, Бурханы ачааг өөрсдийн мэт үүрэлцэж чаддаггүй хүмүүсийн дээр Бурханы гэрэл гэрэлтдэггүй, тиймээс тэд бүгд харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа. Тэд Бурханы хүслийг эрс эсэргүүцдэг зам дээр байдаг бөгөөд хийдэг бүхэнд нь өчүүхэн ч үнэн байдаггүй. Тэд Сатантай хамт шалбаагт хөлбөрдөг. Тэд бол харанхуйн нөлөөн дор амьдарч буй хүмүүс юм. Хэрвээ чи Бурханы үгийг үргэлж идэж уун, Түүний хүсэлд анхаарал тавьж, Түүний үгийг хэрэгжүүлдэг бол Бурханд харьяалагдаж, Бурханы үгсээр амьдардаг хүн юм. Чи Сатаны эзэмшлээс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахыг хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханы үгсээр амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнсэнд тийм боломж олгохгүй. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр Түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст Түүний өгдөг итгэл хормын төдий л үргэлжилдэг; хэрвээ хүн анхаарал, болгоомжгүй байвал Ариун Сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдрахгүй байгаа бол Сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг байдалд амьдардаг бол Түүнд харьяалагддаг ба Тэр чам дээр ажиллана; хэрвээ чи Бурханы шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурханы үгээр амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы айлдварыг оршин тогтнолынхоо үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдэрнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна

496. Харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд чи эхлээд Бурханд үнэнч байж, зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой; тэгсэн цагт л чи зөв байдалтай байх болно. Зөв байдалтай амьдрах нь харанхуйн нөлөөнөөс ангижрах урьдчилсан нөхцөл юм. Зөв байдалгүй байна гэдэг нь чи Бурханд үнэнч бус бөгөөд зүрх сэтгэлдээ үнэнийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлгүй гэсэн үг. Тэгвээс харанхуйн нөлөөнөөс ангижрах талаар ярихын ч хэрэггүй. Миний үг бол хүн харанхуйн нөлөөнөөс ангижрах үндэс суурь бөгөөд Миний үгийн дагуу хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс харанхуйн нөлөөний боолчлолоос ангижирч чадахгүй. Зөв байдалтай амьдрах гэдэг нь Бурханы үгийн удирдамж дор амьдрах, Бурханд үнэнч байдалтай амьдрах, үнэнийг эрж хайх байдалтай амьдрах, Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах бодит байдалд амьдрах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах байдалтай амьдрах явдал юм. Эдгээр байдал болон энэ бодит байдал дотор амьдардаг хүмүүс үнэн рүү гүн орох тусмаа аажмаар өөрчлөгдөнө. Тэд ажил лавшрахын хэрээр өөрчлөгдөж, эцэст нь Бурханаар гарцаагүй авхуулах, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн болно. Харанхуйн нөлөөнөөс ангижирсан хүмүүс Бурханы хүслийг яваандаа олж мэдэн, Бурханы хүслийг алхам алхмаар ойлгож, эцэстээ Бурханы ойр дотнын хүн болно. Тэд Бурханы тухай үзэл тээдэггүй, Түүний эсрэг тэрсэлдэггүйгээр үл барам, урьд нь өөрсдийг нь эзэмдэж байсан үзэл, тэрслүү занг улам их жигшдэг ба тэдний зүрх сэтгэлд Бурханыг гэх жинхэнэ хайр бий болдог. Харанхуйн нөлөөнөөс ангижирч чаддаггүй хүмүүс махан биедээ бүрэн эзэмдүүлдэг ба тэрслүү зангаар дүүрэн байдаг; тэдний зүрх сэтгэл хүний үзэл, амьдралын гүн ухаан болон өөрсдийнх нь санаа зорилго, төлөвлөгөөгөөр дүүрдэг. Бурхан хүнээс нэгэн сэтгэлийн хайрыг шаарддаг; Тэрээр юу шаарддаг гэхээр хүнийг Өөрийнх нь үгээр бодлоо дүүргэж, Түүнийг гэх зүрх дүүрэн хайранд эзэмдүүлэхийг шаарддаг. Бурханы үгээр амьдрах, Түүний үгэн дотроос хүний эрж хайх ёстой зүйлийг хайх, үгийнх нь төлөө Бурханыг хайрлах, Бурханы үгийн төлөө гүйх, Бурханы үгийн төлөө амьдрах—эдгээр нь бүгд хүний хүрэхээр зүтгэх ёстой зорилго юм. Бүх зүйл Бурханы үгэнд үндэслэн бий болох ёстой; ингэснээр л хүн Бурханы шаардлагуудад нийцэж чадна. Хэрвээ хүн Бурханы үгээр зэвсэглээгүй бол Сатанд эзэмдүүлсэн өт хорхойноос өөрцгүй билээ! Бодоод үз: Бурханы хэчнээн үг чиний дотор үндэслэсэн бэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдарч байгаа вэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдраагүй вэ? Хэрвээ Бурханы үг чамайг бүрэн эзэмдээгүй бол яг юу зүрх сэтгэлийг чинь эзэмддэг юм бэ? Өдөр тутмын амьдралдаа чи Сатанд захирагдаж байна уу, эсвэл Бурханы үгэнд эзэмдүүлж байна уу? Чиний залбирал Түүний үгэнд суурилдаг уу? Чи Бурханы үгийн гэгээрлээр дамжуулан сөрөг байдлаасаа гарсан уу? Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгох нь хүн бүрийн орох ёстой зүйл юм. Хэрвээ чиний амьдралд Бурханы үг байхгүй бол чи харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа бөгөөд Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, Түүний нэрийг гутааж байна. Ийм хүмүүс Бурханд итгэх нь тэр чигтээ дураараа аашилж, үймүүлж байгаа хэрэг. Чи амьдралынхаа хэр ихийг Түүний үгийн дагуу амьдарч өнгөрүүлсэн бэ? Чиний амьдралын хэдий хэр нь Түүний үгийн дагуу байгаагүй вэ? Бурханы үгийн чамаас шаардсан зүйлсийн хэр их нь чамд биеллээ олсон бэ? Хэр их нь биелээгүй вэ? Чи эдгээр зүйлийг нарийн шалгаж үзсэн YY?

Харанхуйн нөлөөнөөс ангижрахад нэг талаас Ариун Сүнсний ажил, нөгөө талаас хүний чин сэтгэлийн хамтын ажиллагаа шаардлагатай. Хүн зөв замд ороогүй байна гэж Би яагаад хэлдэг вэ? Зөв замд орсон хүмүүс юун түрүүнд зүрх сэтгэлээ Бурханд өгч чадна. Энэ бол ороход маш удаан хугацаа шаардагддаг даалгавар юм, учир нь хүн төрөлхтөн үргэлж харанхуйн нөлөөн дор амьдарсаар ирсэн бөгөөд Сатаны боолчлолд хэдэн мянган жил байсаар ирсэн. Тиймээс энэ оролтод ганц хоёрхон хоногийн дотор хүрч чадахгүй. Хүмүүс өөрсдийн байр байдлыг ойлгоосой гэсэндээ Би энэ асуудлыг өнөөдөр хөндлөө; харанхуйн нөлөө гэж юу болох, гэрэл дотор амьдрах гэж юу болохыг хүн ялган таньж чаддаг болох үед оролт хавьгүй амархан болдог. Яагаад гэвэл, Сатаны нөлөөнөөс ангижрахаасаа өмнө Сатаны нөлөө гэж юу болохыг чи мэдэх ёстой; ингэсний дараа л чи үүнээс ангижрах замыг олно. Түүнээс хойш юу хийх вэ гэдэг бол хүний өөрийнх нь асуудал. Бүх зүйл рүү эерэг талаас ор, хэзээ ч бүү идэвхгүйгээр хүлээ. Ийм маягаар л чи Бурханаар авхуулж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна

497. Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдэнд төгс, шулуун шударга байсан ч гэсэн Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь ь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага ба түүнчлэн, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан Бурханы мөн чанарыг ухааруулах, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломж олгох, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Өөрийн алхмуудын дагуу хүнд оруулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, Бурханы талаарх мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Ийм хүмүүс шулуун шударга байдаг учраас, Бурханд итгэлтэй, дуулгавартай бөгөөд Түүнээс эмээдэг учраас, мөн тэд Сатанаас бүрмөсөн салдаг учраас энэ. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанд соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг бөгөөд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй; тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

498. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлсэн гэрчлэл нь хүмүүсийг асар их дэмжиж, зоригжуулах эх сурвалж болдог. Тэд Иовоос авралынхаа найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг дийлж, Сатаныг ялах нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт Сатанд ичгүүр, ялагдал авчирч чадах бөгөөд Сатаныг айлгаж, яаран зугтаалгахын тулд—амиа алдах байсан ч хамаагүй—зөвхөн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгсөн анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос хэзээ ч ангижирч чадахгүй, мөн Сатаны хүчирхийлэл, дайралтаас хэзээ ч зугтаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийнхнийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, шулуун шударга байсан цагт л Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадна гэдгийг сургадаг; Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадах л юм бол Сатанд хэзээ ч захирагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалт дор амьдарна—зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдсан байх болно. Иовын хүн чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг аврал эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэр бүх хүний хувьд үнэт эрдэнэ билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

499. Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэд эрх чөлөөгүй, Сатан тэднийг суллаагүй, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, яриад байх хэвийн оршин тогтнох ямар ч эрх байхгүй, түүнчлэн яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн бат зогсож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа, Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ чи Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад туслах зэвсгээр зэвсэглээгүй бол аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Сатанд маш их тамлагдсанаас болоод чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед чи мөн л гэрчлэл хийх чадваргүй, өөрийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол аврагдах найдвар чамд бага байх болно. Эцэст нь, Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед чи бас л Сатаны атганд хэвээр байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй, тиймээс чамд боломж, эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгэхээр, ийм хүмүүс Сатанд бүрэн олзлогдсон байх болно гэсэн үг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

500. Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлж, Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулдаг. Зорилго нь, хүнийг биеийн хэмжээгээр зэвсэглэж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилттай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний биеийн хэмжээг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал уг туршилтыг давсан байх юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд бууж өгөх юм бол уг туршилтыг даваагүй байх болно. Хүний ямар ч талыг Бурхан шалгалаа гэсэн, Түүний шалгалтын шалгуур бол Сатаны дайралтад өртөх үедээ хүн гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы түүнд өгсөн зэвсгийг ганцаараа өргөж, Сатаны боолчлолыг ялж, Сатаны найдварыг бүрэн алдуулж, өөрийгөө орхиулж чадах эсэхээс хамаардаг гэж хэлж болно. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч түүнийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхий л үйл явц юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

501. Өнөөдөр чи төгс болгуулахаар эрж хайж, эсвэл гаднах хүн чанараа өөрчилж, хэв чанараа сайжруулахаар эрж хайж болох боловч өнөөдөр Бурханы хийдэг бүхэн утга учиртай, ашиг тустай гэдгийг ойлгож чаддаг байх нь хамгийн чухал юм: Энэ нь, бузар газарт төрсөн чамд бузар булайгаас зугтаж, үүнээс ангижрах боломж олгодог, мөн Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломж олгодог. Эдгээр зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр чи энэхүү бузар газарт хамгаалагддаг. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсдэг вэ? Чи бузар газарт төрсөн ч бохир заваанаар дахин хэзээ ч сэвтэхгүйгээр ариун болж чаддаг, Сатаны эзэмшил дор амьдардаг ч Сатаны нөлөөнөөс салж, Сатанаар эзэмдүүлдэг ч үгүй, дарлуулдаг ч үгүй бөгөөд Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаяж чаддаг бөгөөд амьдран харуулдаг зүйлдээ сатанлаг зан чанарыг илчлэхээ болиод, харин хүнийг бүтээхдээ Бурханы хүнээс шаардсан зүйл буюу хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хэвийн гүн ойлголт, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр, Бурханд үнэнч байдлыг амьдран харуулдаг. Энэ нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл билээ. “Бид бузар газарт төрсөн боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний удирдлагын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр дуулгавартай байж чадаж байгаа маань ч бас Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд бидний сайнаас, эсвэл бид аяндаа Бурханыг хайрласнаас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан тогтоосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдсан ба Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; бас Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид аврагдаж, Сатаны эзэмшлээс ангижирсан ба бузар завааныг орхиж, агуу улаан лууны үндэстэн дотор ариусгагдаж чаддаг” гэж чи хэлдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 2

502. Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсана, тэгээд тэр үед цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи эрэлхийлдэггүй. Чи өөрийгөө басамжилж байгаа бус уу? Өнөөдөр, Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа хэдий ч чамд тавьсан шаардлага, амьдран харуул гэж чамаас шаардсан зүйлд ямар ч илүүц зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдвэл зохистой бус уу? Бурханы гэсгээлт, шүүлт чиний сүнсийг сэрээх чадваргүй гэж үү? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бие махбодын багахан тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс; тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

503. Бурхан тийм далайцтай ажил хийж, энэ бүлэг хүмүүсийг бүрмөсөн авардаг болохоор чи Сатаны нөлөөнөөс зугтаж, ариун газарт амьдарч, Бурханы гэрэлд амьдарч, гэрлийн манлайлал болон удирдамжтай байж чаддаг. Мөн амьд байгаа чинь утга учиртай байдаг. Та нарын идэж, өмсөж байгаа зүйл үл итгэгчдийнхээс өөр; та нар Бурханы үгийг эдэлж, утга учиртай амьдралаар амьдардаг—тэгвэл тэд юу эдэлдэг вэ? Тэд “өвөг дээдсийнхээ өв хөрөнгийг” болон “үндэсний сэтгэлийг” л эдэлдэг. Тэдэнд хүн чанарын өчүүхэн ч ул мөр байдаггүй! Та нарын хувцас, үг, үйлдэл бүгд тэднийхээс өөр. Эцсийн эцэст та нар бузар заваанаас бүрмөсөн зайлж, Сатаны уруу таталтад хууртахаа больж, Бурханы өдөр тутмын хангалтыг олж авна. Та нар үргэлж болгоомжтой байх ёстой. Хэдий бузар газарт амьдардаг боловч та нар бузар заваанаар бохирдоогүй ба Бурханы хажууд амьдарч, Түүний агуу хамгаалалтыг хүлээн авч чадна. Бурхан та нарыг энэхүү шар газар нутагт байгаа бүх хүний дундаас сонгосон. Та нар хамгийн ерөөгдсөн хүмүүс биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын утга учрыг ухаардаггүй, эсвэл үнэн замыг олж авдаггүй бол ингэж амьдрахад ямар ач холбогдол байх юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2

Өмнөх: 10.12. Хэрхэн Бурханд үйлчилж, гэрчлэл хийх тухай

Дараах: 10.14. Зан чанарын өөрчлөлт болон Бурханаар төгс болгуулахыг хэрхэн эрэлхийлэх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх