Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь

Чуулганы амьдрал дотор л өөрчлөгдөж чадна гэж хүмүүст санагддаг. Чуулган дотор амьдрахгүй бол өөрчлөгдөж чадахгүй, бодит амьдрал дээр өөрчлөлтөд хүрэх боломжгүй мэт тэдэнд санагддаг. Энд асуудал юу байгааг та нар ойлгож байна уу? Бурханыг бодит амьдралд авчрах талаар өмнө нь Би ярьсан; энэ бол Бурханд итгэдэг хүмүүс Бурханы үгийн бодит байдал руу орох зам билээ. Үнэндээ чуулганы амьдрал бол хүмүүсийг төгс болгох хязгаарлагдмал арга зам төдий юм. Хүмүүсийг төгс болгох үндсэн орчин нь ямар ч гэсэн бодит амьдрал билээ. Энэ нь Миний ярьсан бодит хэрэгжүүлэлт, бодит дадлага бөгөөд өдөр тутмын амьдралдаа хэвийн хүн чанарын амьдралд хүрч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломжийг хүмүүст олгодог. Нэг талаар, хүн боловсролын түвшнээ дээшлүүлэх, Бурханы үгийг ойлгох ба хүлээн авах чадвартай болохын тулд сурч боловсрох ёстой. Нөгөө талаар, хэвийн хүн чанарын ухаарал болон эрүүл ухааныг олж авахын тулд хүн шиг амьдрахад шаардлагатай суурь мэдлэгээр зэвсэглэсэн байх ёстой, учир нь хүмүүс энэ талууд дээр бараг юу ч үгүй байдаг. Үүнээс гадна, хүн бас чуулганы амьдралаар дамжуулан Бурханы үгийг амталж, аажмаар үнэний тухай тодорхой ойлголттой болох ёстой.

Бурханд итгэхдээ Бурханыг бодит амьдралд авчрах ёстой гэж яагаад хэлдэг вэ? Хүмүүсийг өөрчилдөг нь зөвхөн чуулганы амьдрал биш; илүү чухал нь хүн бодит амьдралд бодит байдал руу орох ёстой. Та нар сүнслэг байдал, сүнслэг асуудлуудынхаа талаар өмнө нь байнга ярьдаг байсан хэрнээ бодит амьдралд олон зүйлийг хэрэгжүүлэлгүй орхиж, мөн тэдгээрт орохоо үл хайхардаг байсан. Та нар өдөр бүр бичиж, өдөр алгасалгүй сонсож, уншдаг байсан. Хоолоо хийж байхдаа “Өө, Бурхан! Та миний доторх амь болох болтугай. Өнөөдөр яаж өнгөрсөн ч намайг ерөөж, гэгээрүүлээч. Та өнөөдөр намайг юуны ч талаар гэгээрүүлсэн бай, үүнийг яг одоо ойлгох боломж надад өгөөч, ингэснээр Таны үг миний амь болж магадгүй” гэж хүртэл залбирсан. Хоолоо идэж байхдаа бас: “Өө, Бурхан минь! Та энэ хоолыг бидэнд хайрласан билээ. Та биднийг ерөөх болтугай. Амен! Амьдралынхаа төлөө Танд найдахыг зөвшөөрөөч. Та бидэнтэй хамт байх болтугай. Амен!” гэж залбирсан. Хоолоо идэж дуусаад аяга тавгаа угааж байхдаа “Өө, Бурхан минь, би бол энэ аяга. Сатан биднийг завхруулж, бид яг л усаар цэвэрлэх ёстой хэрэглэсэн аяга шиг болжээ. Та бол ус, Таны үг бол амийг минь тэтгэгч амьд ус билээ” гэж дэмийрч эхэлсэн. Нэг л мэдэхэд унтах цаг болж, “Өө, Бурхан минь! Та намайг өдөржин ерөөж, чиглүүллээ. Би Танд үнэхээр их талархаж байна …” хэмээн дахиад дэмийрч эхэлсэн. Энэ маягаар чи өдрийг өнгөрүүлж, дуг нойрондоо умбасан. Ихэнх хүн өдөр бүр энэ маягаар амьдарсан ба одоо ч гэсэн бодит оролтоо хайхрахгүй, харин амаараа залбирахад л анхаарсан юм. Энэ бол тэдний урьдын амьдрал—хуучин амьдрал нь. Ихэнх нь ийм; ямар нэгэн бодит дадлагаар дутмаг бөгөөд тун цөөхөн бодит өөрчлөлт амсдаг. Тэд зөвхөн амаараа залбирч, зөвхөн үгээрээ Бурханд ойртох боловч ойлголт нь гүнзгий биш байдаг. Хамгийн энгийн жишээ болгож гэрээ цэвэрлэхийг авч үзье. Чи гэрээ замбараагүй байгааг харж, тэндээ суугаад: “Өө, Бурхан минь! Сатаны надад нөлөөлсөн ялзралыг хараач. Би яг л энэ гэр орон шиг бохир заваан юм. Өө, Бурхан минь! Би Таныг үнэхээр магтаж, Танд талархъя. Таны аврал, гэгээрэлгүйгээр би энэ баримтыг ойлгохгүй байх байсан” хэмээн залбирдаг. Чи зүгээр тэнд сууж, дэмий үглээд л удаан хугацаанд залбираад дараа нь юу ч болоогүй юм шиг авирлаж, үглээ эмгэн шиг аашилдаг. Чи энэ маягаар бодит байдалд жинхэнээсээ огтхон ч оролгүй, хэтэрхий олон өнгөц хэрэгжүүлэлттэйгээр сүнслэг амьдралаа өнгөрүүлдэг! Бодит дадлагад орох нь хүмүүсийн бодит амьдрал, бодитой бэрхшээлийг хамардаг—энэ бол тэднийг өөрчлөх цорын ганц зам юм. Бодит амьдралгүйгээр хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Амаараа залбирахын хэрэг юу вэ? Хүний уг чанарыг ойлгохгүй бол бүх зүйл цагийн гарз, хэрэгжүүлэх замгүй бол бүх зүйл дэмий л хүчээ барсан хэрэг юм! Хэвийн залбирал хүмүүсийн доторх хэвийн байдлыг хадгалж чаддаг ч тэднийг бүр өөрчилж чадахгүй. Хүний өөрийгөө зөвтгөдөг, сагсуу, биеэ тоосон, дээрэлхүү байдлыг мэдэх, мөн завхарсан зан чанарыг мэдэх нь—эдгээр зүйлийн талаарх мэдлэг нь—залбирлаар ирдэггүй, харин Бурханы үгийг амталснаар тэдгээрийг нээн илрүүлэх ба бодит амьдралд Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэддэг. Өнөөгийн хүмүүс бүгдээрээ аман дээрээ нэлээд сайхан ярьж чаддаг бөгөөд хамгийн өндөр—үе үеийн бусад ямар ч номлолоос өндөр—номлол сонссон хэрнээ түүнээс маш багыг амьдралдаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, тэдний бодит амьдралд Бурхан үгүй; өөрчлөлтийн дараах шинэ хүний амьдрал тэдэнд байдаггүй. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулдаггүй, мөн бодит амьдралд Бурханыг авчирдаггүй. Тэд тамын хөвгүүд шиг амьдардаг. Энэ нь увайгүй гажуудал биш гэж үү?

Хэвийн хүний төрхийг сэргээх буюу хэвийн хүн чанартай болохын тулд хүмүүс зөвхөн үгээрээ Бурханыг баярлуулж болохгүй. Ингэснээрээ тэд өөрсдийгөө хорлодог бөгөөд энэ нь тэдний оролт болон өөрчлөлтөд ямар ч ашиг тусгүй. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд хүмүүс бага багаар хэрэгжүүлэх ёстой. Тэд алгуурхнаар орж, жаахан жаахнаар эрж хайж, шинжилж, эерэг талаас орж, үнэний бодит амьдралаар, ариун хүний амьдралаар амьдрах ёстой. Тэгсний дараа бодит асуудал, бодит зүйлс, бодит орчин нь хүмүүст бодит дадлагатай болох боломж олгодог. Тэднээс хоосон ярихыг шаарддаггүй; харин бодит орчинд дадлага хийхийг шаарддаг. Хүмүүс эхлээд дорд хэв чанартайгаа ухаарч, дараа нь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн орж, бас хэвийн хэрэгжүүлдэг; ингэж тэд бодит байдлыг олж авдаг ба ийнхүү оролт нь илүү хурдацтай явагдаж болох юм. Хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим нэг бодит байдал байх ёстой; тэд бодит зүйл, бодит үйл явдал, бодит орчинтойгоор хэрэгжүүлэх ёстой. Чуулганы амьдралд түшиглэх төдийхнөөр жинхэнэ дадлага олж чадах уу? Хүмүүс бодит байдалд ингэж орж чадах уу? Үгүй! Хэрвээ хүмүүс бодит амьдралд орж чадахгүй бол хуучин амьдралын хэв маяг, аливааг хийдэг арга замаа өөрчилж чадахгүй. Энэ нь бүхэлдээ хүний залхуурал, хэт их найдамтгай зангаас болдоггүй, харин ердөө л хүн амьдрах чадамжгүйгээс, түүнчлэн Бурханы шаарддаг хэвийн хүний төрхийн стандартыг ойлгодоггүйгээс болдог. Урьд нь хүмүүс байнга хэлж, ярьж, нөхөрлөж, бүр “уран илтгэгч” болж байсан атлаа тэдний нэг нь ч амь зан чанартаа өөрчлөлт эрж хайж байгаагүй; харин тэд гүн гүнзгий онол эрж хайх гэж сохроор зүтгэсэн. Тиймээс өнөөгийн хүмүүс амьдралдаа Бурханд итгэх шашны энэ маягийг өөрчлөх ёстой. Тэд нэг зүйл, нэг үйл явдал, нэг хүн дээр анхаарлаа төвлөрүүлэн хэрэгжүүлэлт рүү орох ёстой. Тэд аливааг анхааралтай хийх ёстой—тэр үед л үр дүнд хүрч чадна. Хүмүүсийн өөрчлөлт мөн чанараас нь эхэлдэг. Уг ажил хүмүүсийн мөн чанар, амьдрал болон залхуу хойрго, найдамтгай зан, боол шиг байдалд чиглэх ёстой, тэгж байж л тэд өөрчлөгдөж чадна.

Хэдий чуулганы амьдрал зарим талаараа үр дүнтэй байж болох ч гол нь бодит амьдрал хүнийг өөрчилж чаддаг. Бодит амьдралгүйгээр хүний хуучин уг чанарыг өөрчилж чадахгүй. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлыг жишээ болгон авч үзэцгээе. Есүс хуучин хуулиудыг халж, шинэ эрин үеийн тушаалуудыг тогтоохдоо бодит амьдралын жинхэнэ жишээ ашиглан ярьсан билээ. Нэгэн амралтын өдөр Есүс шавь нараа дагуулан тариан талбай дундуур явахад шавь нар нь өлсөж, тариан түрүү идэх гээд шувтрав. Үүнийг фарисайчууд хараад амралтын өдрийг сахисангүй гэцгээжээ. Тэд бас амралтын өдөр ямар ч ажил хийж болохгүй гэцгээж, амралтын өдөр нүхэнд унасан тугалуудыг аварч болохгүй хэмээсэн юм. Есүс эдгээр явдлыг эш татан шинэ эрин үеийн тушаалуудыг аажмаар тунхаглажээ. Тухайн үед хүмүүст ойлгуулж, мөн өөрчлөгдөхөд нь туслахын тулд Тэр олон бодит явдлыг ашигласан. Энэ нь Ариун Сүнс ажлаа гүйцэтгэдэг зарчим бөгөөд зөвхөн ийм маягаар л хүмүүсийг өөрчилж чадна. Бодит явдал байхгүй бол хүмүүс зөвхөн онол, оюун ухааны ойлголт олж авч чадна—энэ бол өөрчлөх үр дүнтэй арга биш юм. Тэгэхээр, мэргэн ухаан, ухаарлыг дадлагаар хэрхэн олж авдаг вэ? Хүн зүгээр л сонсож, уншиж, мэдлэгээ сайжруулснаар мэргэн ухаан, ухаарал олж авч чадах уу? Яаж ийм байж болох билээ? Хүн бодит амьдралд ойлгож, туулах ёстой! Тиймээс хүн дадлага хийх ёстой бөгөөд бодит амьдралаас холдох ёсгүй. Хүмүүс өөр өөр талуудад анхаарал хандуулж, янз бүрийн талд: хүний боловсролын түвшин, илэрхийлэх байдал, аливааг харах чадвар, ялган таних, Бурханы үгийг ойлгох чадвар, суурь мэдлэг, хүн чанарын ёс журам болон хүмүүст байвал зохих хүн чанартай холбоотой бусад зүйлд орох ёстой. Ойлголт олж авсныхаа дараа хүмүүс оролтдоо анхаарах ёстой ба тэр үед л өөрчлөлтөд хүрч чадна. Хүн ойлголт олж авсан хэрнээ хэрэгжүүлэлтийг орхисон бол яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Одоо хүмүүс ихийг ойлгодог боловч бодит байдлыг амьдран харуулдаггүй; тийм учраас Бурханы үгийн мөн чанарын талаар баттай ойлголт бага байдаг. Чи ердөө бага зэрэг л гэгээрсэн; Ариун Сүнснээс жаахан гэрэлтүүлэлт хүлээн авсан мөртөө бодит амь руу ордоггүй—эсвэл оролтын талаар огт тоодоггүй—тул өөрчлөлт чинь багасна. Тийм урт хугацааны дараа хүмүүс ихийг ойлгож байна. Онолын мэдлэгийнхээ тухай ихийг ярьж чаддаг боловч гаднах зан чанар нь хэвээр үлдэж, анхдагч хэв чанар нь өчүүхэн ч сайжралгүй байсан шигээ үлддэг. Хэрвээ тийм бол чи эцэстээ хэзээ орох юм бэ?

Чуулганы амьдрал бол хүмүүс Бурханы үгийг амтлах гэж цугладаг ердөө л нэг төрлийн амьдрал бөгөөд хүний амьдралын өчүүхэн хэлтэрхий төдий юм. Хэрвээ хүний бодит амьдрал бас чуулганы амьдралтай нь адил—хэвийн сүнслэг амьдралтай, Бурханы үгийг хэвийн байдлаар амталдаг, хэвийн байдлаар Бурханд залбирч, Түүнтэй ойр байдаг, Бурханы хүслийн дагуу бүхнийг үйлддэг бодит амьдралтай, үнэний дагуу бүгдийг үйлддэг бодит амьдралтай, залбирал үйлдэж, Бурханы өмнө тайван байдаг, магтан дуу дуулж, бүжиглэдэг бодит амьдралтай—бол зөвхөн тийм амьдрал л хүнийг Бурханы үгийн амьдрал руу аваачна. Ихэнх хүн чуулганы амьдралынхаа хэдэн цагаас бусад үеийн амьдрал нь огт хамаагүй мэт “тоохгүйгээр” зөвхөн тэр хэдэн цагт анхаарлаа төвлөрүүлдэг. Мөн Бурханы үгийг идэж ууж, магтан дуу дуулж, залбирч байхдаа л ариун хүний амьдрал руу ороод бусад цагт нь хуучин байдалдаа эргэн очдог олон хүн байдаг. Тийм амьдрал хүмүүсийг өөрчилж чаддаггүй, Бурханыг мэдэх боломж бүр ч өгөхгүй. Хүн Бурханд итгэхдээ, өөрийн зан чанарыг өөрчлөхийг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салгах ёсгүй. Чи бодит амьдралд өөрийгөө мэдэж, өөрийгөө хаяж, үнэнийг хэрэгжүүлж, түүнчлэн бүх зүйл дээр биеэ авч явах зарчмууд, суурь мэдлэг, ёс журмыг суралцах ёстой, ингэсний дараа чи аажмаар өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж сохор, мэдлэггүй байх болно. Хүмүүсийг аврах Бурханы ажил нь хүнийг богинохон хугацаанд хэвийн хүний амьдралаар амьдруулах явдал биш, эндүү ташаа үзэл, хоосон сургаалыг нь өөрчлөх явдал ч биш. Харин хүмүүсийн хуучин зан чанарыг өөрчлөх, амьдралын хуучин маягийг нь тэр чигт нь өөрчлөх, бүх хоцрогдсон сэтгэлгээ, сэтгэл санааны байдлыг өөрчлөх нь Түүний зорилго юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарснаар хүний амьдралын хуучин зуршил, эсвэл урт удаан хугацаанд амьдарч ирсэн хуучин маягийг өөрчлөхгүй. Ямар ч атугай, хүн бодит амьдралаас тасарч болохгүй. Хэвийн хүн чанарыг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; үнэнийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд амьдран харуулахыг; өөрсдийн чиг үүргийг зөвхөн чуулганы амьдралд төдийгүй бодит амьдралд гүйцэтгэхийг Бурхан хүмүүсээс хүсдэг. Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ, бодит амьдралд орсноор дамжуулан өөрсдийгөө мэдэж чадахгүй бол, мөн бодит амьдрал дээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй хүмүүс нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг мөртөө чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг мөртөө хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүнд жигшигдэн гологддог хүмүүс билээ. Чи бодит амьдралд оролтоо хэрэгжүүлж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мунхаг байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Ийм маягаар мэдлэг чинь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэнэ. Ийм төрлийн мэдлэг л бодит бөгөөд байр байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг.

Хүмүүсийг төгс болгох явдал одоо албан ёсоор эхэлчихсэн, чи бодит амьдралд орох ёстой. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд бодит амьдралд орохоос эхэлж, бага багаар өөрчлөгдөх ёстой. Хэрвээ чи хүний хэвийн амьдралаас зайлсхийж, сүнслэг асуудлын талаар л яривал юмс сонирхолгүй, уйтгартай болно; тэдгээр нь бодит бус болно, тэгээд хүн яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Бодитой туршлага руу орох үндэс суурийг тавихын тулд бодит амьдралд хэрэгжүүлэхээр ор гэж одоо чамд хэлсэн. Энэ бол хүний хийх ёстой зүйлсийн нэг мөн. Ариун Сүнсний ажил бол голдуу удирдах байдаг бол харин үлдсэн хэсэг нь хүмүүсийн хэрэгжүүлэлт болон оролтоос хамаардаг. Хүн бүр янз бүрийн замаар бодит амьдрал руу орж болно, тэгснээрээ бодит амьдралд Бурханыг авчирч, жинхэнэ хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна. Энэ л утга учиртай амьдрал юм!

Өмнөх: Хэвийн сүнслэг амьдралын талаар

Дараах: Хүн бүр үүргээ гүйцэтгэх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх