5. Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй
Холбогдох Бурханы үг:
Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш хүний олж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдэж авсан бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сүнсний аврал болоод махан биеийн сайн сайхны төлөө биш, мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан амьдралаа баяжуулах гэх мэт ч биш гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн сайн сайхны төлөө, эсвэл түр зуурын таашаалын төлөө Бурханыг хайрладаг бол эцэст нь Бурханыг гэсэн хайр чинь оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүмүүс биш, харин амар хялбар амьдралд шунадаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь албадсан, сэтгэлийн баяр хөөрийн төлөөх эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чиний хайр ямар төрлийн хайр нь вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын чинь хайр дээр дурдсантай адил байдаг. Ийм хайр нь зөвхөн тухайн байдлыг л хадгалдаг; энэ нь хувиршгүй байж чаддаггүй, мөн хүнд үндэслэж ч чаддаггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимслэлгүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи нуран унана. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ л Бурханыг хайрлаж, дараа нь амь зан чанар чинь өөрчлөгдөөгүй хэвээр бол чи харанхуйн нөлөөний бүрхүүлээс зугтаж чадахгүй хэвээр байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй байх болно. Тийм ямар ч хүн Бурханаар бүрэн авхуулж чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Бурханаар бүрэн авхуулж чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, өөрөөр хэлбэл, Сатан руу буцан очих бөгөөд Бурханаас ирэх шийтгэлийн дараагийн алхмыг хүлээн авахын тулд гал болон хүхэрт нууранд унана. Бурханаар авхуулсан хүмүүс нь Сатаныг орхиж, эрхшээлээс нь зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардын тоонд оруулна. Ингэж л хаанчлалын ард бий болдог билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ
Өнөөдөр чи бодитой Бурханд итгэхийн тулд зөв замд хөл тавих ёстой. Чи Бурханд итгэдэг бол зөвхөн ерөөл эрж хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Чи Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрлээр дамжуулан Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханыг жинхэнээсээ хайрладаг болж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханыг гэсэн хайр чинь хэн ч сүйтгэж, саад болж чадахааргүй хамгийн жинхэнэ байх үед чи Бурханд итгэх зөв замаар явж байдаг. Чамайг Бурханд харьяалагддагийг энэ нь батална, учир нь зүрх сэтгэл чинь аль хэдийн Бурханы өмч болж өөр юу ч чамайг эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын улмаас чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлаж чаддаг. Тэр үед чи Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы үгийн гэрэлд ирж амьдарна. Чи харанхуйн нөлөөнөөс ангижирсан үедээ л Бурханыг олж авсан гэж хэлж чадна. Бурханд итгэхдээ чи энэ зорилгыг эрж хайхыг хичээх ёстой. Энэ бол та нарын хүн нэг бүрийн үүрэг билээ. Та нараас хэн нь ч хэрэг явдлын одоогийн байгаа байдалд сэтгэл хангалуун байх ёсгүй. Та нар Бурханы ажилд хоёрдмол сэтгэлээр, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Та нар Бурханыг бүхий л талаар, цаг үргэлжид бодож, бүх зүйлийг Түүний төлөө хийх ёстой. Та нар ярих юм уу үйлдэх болгондоо Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Зөвхөн ингэснээр л Бурханы санаа зорилгод нийцэж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай
Бурханд үйлчилдэг хүн Түүний төлөө хэрхэн зовохыг л гагцхүү мэддэг байх ёсгүй; түүгээр зогсохгүй Бурханд итгэх нь Бурханыг хайрлах хайрыг эрэлхийлэх зорилготой гэдгийг ойлгох ёстой. Бурхан зүгээр л цэвэршүүлж, зовоохын төлөө чамайг ашигладаггүй, харин чамайг Түүний үйлдлийг мэдэж, хүний амийн жинхэнэ ач холбогдлыг мэдээсэй, тэр тусмаа Бурханд үйлчлэх амар ажил биш гэдгийг мэдээсэй гэсэндээ ашигладаг. Бурханы ажлыг туулах нь нигүүлслийг эдлэх биш, харин Бурханыг хайрлах хайрынхаа төлөө зовох юм. Чи Бурханы нигүүлслийг эдэлдэг юм чинь Түүний гэсгээлтийг ч бас эдлэх ёстой; чи энэ бүхнийг туулах ёстой. Чи Бурханы гэгээрлийг дотроо мэдэрч чадна, Тэр чамайг хэрхэн засаж, шүүж байгааг мөн туулж чадна. Ийм маягаар чиний туршлага иж бүрэн болно. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлаа чам дээр хэрэгжүүлсэн. Бурханы үг чамайг зассан, тэгээд ч зогсохгүй мөн чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чамайг сөрөг, сул дорой байх үед Бурхан чиний төлөө санаа зовдог. Энэ бүх ажил нь хүний бүх зүйл Бурханы зохион байгуулалтын дотор байдаг гэдгийг чамд мэдүүлэхийн тулд юм. Бурханд итгэх гэдэг нь зовох, эсвэл Түүний төлөө төрөл бүрийн юм хийх явдал гэж чи бодож болох юм; Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан, тав тухтай байхын тулд байдаг гэж ч бодож болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх итгэлтэйгээ холбох ёстой зорилго биш юм. Хэрэв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөг чинь буруу бөгөөд чамайг төгс болгох угаас боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Чи ийм ойлголтоор дамжуулан өөрийн зүрх сэтгэл дэх бүх хувийн хүсэлт, найдвар, үзлийг арилгаж болох юм. Эдгээрийг арилгаснаар л Бурханы шаардлагад нийцэж чадна, ингэснээр л чи амьтай болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү ямар ч үнэ цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм. Чи Бурханд итгэх талаар зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх ёстой. Чи Бурханы үгийг идэж, уух хэрэгтэй, үнэнийг амьдран харуулж чаддаг байх ёстой, ялангуяа Түүний бодитой үйл хэрэг, орчлон даяарх гайхамшигтай үйл хэрэг, мөн махбодод хийдэг бодитой ажлыг нь харж чаддаг байх ёстой. Хүмүүс бодитой туршлагаараа дамжуулан Бурхан Өөрийн ажлыг тэдэн дээр яг хэрхэн хийдэг, тэдэнд чиглэсэн Түүний санаа зорилго юу болохыг ойлгож чадна. Энэ бүгд нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанарыг таягдан хаях зорилготой юм. Дотроо байгаа бүх цэвэр бус байдал, зөвт бус байдлыг хаяж, буруу санаа зорилгоо хаяж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгосноор, жинхэнэ итгэлээр л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна. Бурханд итгэх итгэлийнхээ суурин дээр л чи Түүнийг жинхэнээсээ хайрлаж чадна. Бурханд итгэхгүйгээр Түүнийг хайрлаж чадах уу? Чи Бурханд итгэдэг юм чинь энэ талаар мунгинаад байж болохгүй. Зарим хүн Бурханд итгэх итгэл тэдэнд ерөөл авчирна гэдгийг харангуутаа эрч хүчээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлтийг эдлэх ёстой гэдгийг харангуутаа бүх эрч хүчээ алддаг. Энэ нь Бурханд итгэх мөн үү? Эцсийн дүнд итгэлээрээ чи Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг болох ёстой. Чи Бурханд итгэдэг мөртөө Түүнээс юм нэхсээр байдаг, тавьж чадахгүй шашны олон үзэл, салж чадахгүй хувийн ашиг сонирхол чамд байдаг, махан биеийн ерөөлийг эрж хайсаар байдаг, махан биеийг чинь аварч, сүнсийг чинь аврахыг Бурханаас хүсдэг бол эдгээр нь бүгд харах өнцөг нь буруу хүмүүсийн зан авир юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаггүй, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй, харин махан биеийн ашиг сонирхлын араас л хөөцөлддөг. Та нарын дотор олон хүн шашны итгэл үнэмшлийн ангилалд хамаарах итгэлтэй байдаг; энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Түүний төлөө зовоход бэлэн зүрх сэтгэл, өөрийгөө хаях хүсэлтэй байх ёстой. Хүмүүс энэ хоёр нөхцөлийг хангахгүй л бол Бурханд итгэх тэдний итгэл хүчингүй, тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг, Бурханы мэдлэгийг эрж хайдаг, амийг эрэлхийлдэг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой
Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр өөд гарах явдал уу? Бурханд итгэх огтхон ч амаргүй. Тэдгээр шашны итгэлийг үгүй хийх ёстой; өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулахаар эрэлхийлэх, тэмдэг, гайхамшиг дээр төвлөрөх, Бурханы нигүүлсэл, амар амгалан, баяр хөөрт илүү их шунах, махан биеийн хэтийн ирээдүй, тав тухыг эрэлхийлэх зэрэг нь шашны хэрэгжүүлэлт бөгөөд шашны ийм хэрэгжүүлэлт нь тодорхойгүй төрлийн итгэл байдаг. Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол Бурханы үгийг амь-бодит байдлаа болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Бурханд итгэх итгэл нь Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх явдал юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээгдсэн зүйлдээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан биеийн амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, завхрал доторх амьдралаа Бурханы үгийн амь доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эрхшээлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биеээ бус, Бурханыг дуулгавартай дагаж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар суу чам дээр илэрхийлэгдэхийн төлөө, мөн чи Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхын төлөө байдаг. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшиг харах хүсэлд л төвлөрсөн зүйл байж болохгүй, өөрийн махан биеийн төлөө ч байх ёсгүй. Энэ нь Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханыг дуулгавартай дагаж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэхийн гол зорилт юм. Хүн Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай илүү их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханыг дуулгавартай дагаж чадна. Бурханы талаар мэдлэгтэй байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ бол хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амь-бодит байдал болгон хүлээн авах явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар мэрийх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы санаа зорилгыг харгалзан үзэж, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг
Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
Өнөөдөр чи Бурханыг яг хэр их хайрладаг вэ? Бурханы чиний дотор хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой сургамж юм. Бурхан газар дээр ирээд хүний дотор хийсэн, хүнд харуулсан бүхэн нь хүнээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийгөө үнэхээр мэдүүлэхийн төлөө байдаг. Хүн Бурханы төлөө зовж, өдий хүрч чадсан нь нэг талаар Бурханы хайраас, нөгөө талаар Бурханы авралаас болдог; үүнээс ч илүүтэйгээр энэ нь хүний дотор Бурханы хийдэг шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог. Хэрэв та нарт Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт байхгүй бол, хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэхээр хайрлахгүй. Хүний доторх Бурханы ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам Бурханы ажил хэчнээн утга учиртайг төдий чинээ харуулдаг бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ жинхэнээсээ хайрлаж чаддаг. Бурханыг хайрлах энэ сургамжид хэрхэн хүрдэг вэ? Зовлон, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр—түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр энэрэл, өршөөлийг л өгдөг байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу? Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, жигшүүртэй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтын үеэр Бурхан хүнд зориулан зарим орчныг бүрдүүлдэг, ингэснээр хүн тэр орчинд Бурханы хайр татам байдлыг бүр илүү мэдэрч туулж чаддаг. Хэдий өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр туйлын их гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь доторх Бурханы ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, амар тайван гэр бүлтэй, эсвэл материаллаг ерөөлтэй байгаа бол Бурханыг хараахан олж аваагүй бөгөөд Бурханд итгэх итгэлийг чинь амжилттай гэж үзэж болохгүй. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд материаллаг ерөөл аль хэдийн хүртээчихсэн, гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс болгуулж чадахгүй. Хүмүүс туршлагаараа Бурханы хайрын заримыг мэдэрч, Бурханы хайр, өршөөлийг хардаг ч үүнийг хэсэгхэн хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, хүний доторх завхарсан зүйлийг илчилж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулж чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож чадахгүй гэдгийг хардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэг үе шатны ажил байсан бөгөөд хүн Бурханы нигүүлслийг эдэлснээр Бурханыг мэдэж авч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
Бурханыг дагадаг олон хүн хэрхэн ерөөл хүртэх, эсвэл гай гамшгаас хэрхэн зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болон удирдлагыг дурдмагц тэд дуугаа хурааж, огт сонирхохоо больдог. Тийм залхмаар асуултуудыг ойлгох нь тэдний амийг өсөхөд туслахгүй, эсвэл ямар ч ашиг тус өгөхгүй гэж тэд боддог. Иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээлэл сонссон хэдий ч үүнд нухацтай бус байдлаар ханддаг. Тэд үүнийг эрхэм нандин зүйл гэж хүлээн авдаггүй, өөрсдийн амийн нэг хэсэг гэж бүр ч ухамсарладаггүй. Энэ хүмүүсийн Бурханыг дагах зорилго маш энгийн бөгөөд ерөөгдөх гэсэн ганцхан зорилготой. Ийм хүмүүс энэхүү зорилготой хамааралгүй өөр ямар ч зүйлд анхаарал хандуулахаас залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэхээс илүү зөв зүйтэй зорилго үгүй—энэ нь тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэн юм. Хэрвээ ямар нэг зүйл энэ зорилгод нь нэмэр болдоггүй бол үүнд тэдний сэтгэл огт хөдөлдөггүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаархал зөв зүйтэй мэт харагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд бас Бурханы төлөө зарлагадаж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд дур сонирхол, амьдралыг үзэх үзэл, тэр ч бүү хэл эрэл хайгуулын чиглэлээ өөрчилдөг; гэхдээ Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилж чаддаггүй. Тэд өөрсдийн хүсэл эрмэлзлийг удирдахын төлөө ийш тийш гүйдэг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн их зовлон бэрхшээл, саад тотгор байх нь хамаагүй, тэд цөхрөлтгүй зүтгэж, үхлээс айдаггүй. Ямар хүч тэднийг ийм маягаар өөрсдийгөө үргэлжлүүлэн зориулахад хүргэдэг вэ? Тэдний мөс чанар уу? Агуу, эрхэм жудагтай байдал нь уу? Ёрын муу хүчтэй эцсээ хүртэл тэмцэх шийдвэр нь үү? Шагнал эрэлхийлэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн үнэнч сэтгэл нь үү? Эсвэл хэрээс хэтэрсэн хувийн шаардлагаас үргэлж татгалзсан тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй хүний хувьд тийм их хүчин чармайлт гаргана гэдэг бол үнэхээр л гайхамшиг юм! Энэ хүмүүс хэчнээн ихийг зориулсныг одоохондоо хэлэлцэхээ больё. Гэсэн ч тэдний үйлдлийг задлан шинжилбээс тун зохилтой. Бурханыг хэзээ ч ойлгоогүй хүмүүс Бурханы төлөө яагаад маш ихийг зориулдаг вэ гэдэгт, өөрсөдтэй нь нягт холбоотой ашиг тусаас гадна өөр ямар нэгэн шалтгаан байж болох уу? Үүнээс бид урьд нь таниагүй нэг асуудлыг олж илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаа юм. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л шаргуу ажилладаг. Ашиг сонирхолд үндэслэсэн ийм харилцаанд садан төрлийн хайр байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, аргаа барсан эгдүүцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг. Нөхцөл байдал иймдээ тулахад хэн ийм чиг хандлагыг өөрчилж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэр аймшигтай болсныг хэчнээн хүн үнэхээр ойлгож чадах вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн эвгүй, харахын аргагүй байгааг хэн ч төсөөлж чадахгүй гэдэгт Би итгэж байна.
Хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн талаарх хамгийн гунигтай зүйл бол, хүн Бурханы ажлын дунд өөрийн удирдлагыг явуулдаг атлаа Бурханы удирдлагыг огт анхаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнд шүтэн мөргөхөөр эрэлхийлэхийн зэрэгцээ өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээн, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн авах вэ гэж хуйвалдаж байдагт оршино. Хүн хэчнээн арчаагүй, жигшүүртэй, өрөвдмөөр гэдгээ ойлгодог ч гэсэн хэчнээн хүн өөрсдийн туйлын хүслэн, итгэл найдварыг амархан орхиж чадах билээ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө л бодохоо больж чадах билээ? Өөрийнхөө удирдлагыг гүйцэлдүүлэхийн тулд Өөртэй нь ойр хамтран ажиллах хүмүүс Бурханд хэрэгтэй байдаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд бүх бие, сэтгэлээ зориулснаар Түүнд дуулгавартай байх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Харин өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, багыг өгөөд шагнуулахаар хүлээдэг хүмүүс бүр ч хэрэггүй. Ялихгүй хувь нэмэр оруулчхаад үүндээ эрддэг хүмүүсийг Бурхан үзэн яддаг. Түүний удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахын тулд Түүний хийдэг ажлаас үүссэн боломжийг далимдуулдаг хүмүүсийг Тэр бүр их зэвүүцдэг. Учир нь, Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөний ажлаар дамжуулан Бурхан юу биелүүлж, юунд хүрэхийг хүсдэг талаар энэ хүмүүс хэзээ ч анхаарч байгаагүй. Тэд ерөөл хүртэхийн тулд Бурханы ажлаас гарах боломжийг хэрхэн ашиглаж болох талаар л анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг харгалзан үздэггүй, гагцхүү өөрсдийнхөө хэтийн ирээдүй, хувь заяаг анхаарч байдаг. Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажилд дургүйцэж, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон Түүний санаа зорилгын талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлаас гадуур дуртай зүйлээ л хийж байгаа. Тэдний үйлдлийг Бурхан санадаг ч үгүй, сайшаадаг ч үгүй—тэр ч бүү хэл, Бурхан таашаан хардаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна
Одоо чи юуг эрэлхийлэх ёстой вэ? Чи Бурханы ажлыг гэрчилж чадах уу, үгүй юу, Бурханы гэрчлэл болон илрэл болж чадах уу, үгүй юу, Бурханаар ашиглуулахад тохирох уу, үгүй юу— эдгээр нь чиний эрэлхийлэх ёстой зүйлс юм. Бурхан яг хэр их ажил чамд хийсэн бэ? Хэр ихийг чи харж, хэр ихийг чи ухаарсан бэ? Хэр ихийг чи туулж, амссан бэ? Бурхан чамайг шалгаж, засаж, сахилгажуулсан эсэхээс үл хамааран Түүний үйлдэл, ажил чам дээр хэрэгжиж ирсэн. Гэвч Бурханд итгэгч бөгөөд Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлэхэд бэлэн хүний хувьд чи бодитой туршлага дээрээ үндэслэн Бурханы ажлыг гэрчилж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа Бурханы үгийг амьдран харуулж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа дамжуулан бусдыг хангаж, бүхий л амьдралаа зарлагадан Бурханы ажилд гэрчлэл хийж чаддаг уу? Бурханы ажилд гэрчлэл хийхдээ чи туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний санаа зорилгыг хангаж чадна. Чи Бурханы ажилд гэрчлэл хийдэг хүн мөн үү? Чамд ийм эрмэлзэл бий юу? Хэрэв чи Түүний нэрийг, цаашлаад Түүний ажлыг гэрчилж чаддаг, Түүний шаарддаг Түүний ардуудын дүр төрхийг амьдран харуулж чаддаг бол чи Бурханыг гэрчлэгч мөн. Чи Бурханд яг яаж гэрчлэл хийдэг вэ? Хэрвээ чи Бурханы үгийг амьдран харуулахаар эрэлхийлж, хүсэн хүлээж, амаараа гэрчлэл хийж, ингэснээр хүмүүс Түүний ажлыг мэдэж авч, Түүний үйлдлийг харна—хэрэв чи үүнийг үнэхээр эрэлхийлбэл Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи зөвхөн Бурханаар төгс болгуулж, бүр эцэст нь ерөөгдөхийн төлөө л эрэлхийлдэг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг цэвэр биш байна. Чи Бурханы үйл хэргийг бодит амьдрал дээр хэрхэн харж, чамд санаа зорилгоо илчлэх үед нь Түүнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлэх ёстой, Түүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хэрхэн гэрчлэх учиртайг, Тэр чамайг сахилгажуулж, засдагийг хэрхэн гэрчлэхийг эрэлхийлэх ёстой. Энэ бүхэн нь одоо чиний тунгаан бодож байх ёстой зүйл юм. Бурханыг хайрладаг зүрх сэтгэл чинь гагцхүү төгс болгуулсныхаа дараа Бурхантай хамт алдрыг олж авч чадахын төлөө юм бол энэ нь бас л хангалтгүй бөгөөд Бурханы шаардлагад нийцэж чадахгүй. Чи бодитой байдлаар Бурханы ажилд гэрчлэл хийж, Түүний шаардлагыг хангаж, хүмүүс дээр хийсэн Түүний ажлыг мэдэрч туулж чаддаг байх хэрэгтэй. Шаналал, нулимс, гунигийн аль нь ч бай чи энэ бүгдийг бодитоор мэдэрч туулах ёстой. Эдгээр нь чамайг Бурханыг гэрчлэгч болгон төгс болгох учиртай юм. Чи одоо яг юунаас болоод зовж, төгс болгуулахаар эрж хайдаг вэ? Одоогийн зовлон зүдүүр чинь үнэхээр Бурханыг хайрлаж, Түүнийг гэрчлэхийн төлөө байдаг уу? Эсвэл энэ нь махан биеийн ерөөл, хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө байдаг уу? Чи бүх санаа зорилго, сэдэл, эрэлхийлдэг зорилгоо залруулах ёстой бөгөөд өөрийн хүсэлд хөтлөгдөж болохгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой