6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгаа
Холбогдох Бурханы үг:
Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам их орох боломж олгож чаддаг. Түүний ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болдог, дүрэмд баригддаггүй бөгөөд хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөө, амиа аажмаар өсгөх, үнэнд илүү гүн орох чадавх олгодог. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хамаагүй тааруухан байдаг. Бас ажил нь мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг ба хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал руу ч, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү ч аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсээр үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлуулдаг. Ийм удирдамж нь хүмүүсийг буруу замаар оруулж л чадна. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь шалгуур хангадаг эсэхийг ялган таних гол түлхүүр бол тэдний удирдан чиглүүлдэг зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид нь үнэнтэй нийцэлтэй зарчмыг хүлээн авдаг эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авдаг эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь хүмүүсийн оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан мэхлэгдэнэ. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил
Ариун Сүнс дээр нь ажиллах үед хүмүүсийн байх олон байдлын талаар чи ойлголттой байх хэрэгтэй. Ариун Сүнсний хүн дээр хийдэг ажлын улмаас бий болсон олон байдлын талаар, ялангуяа Бурханд зохицон үйлчилдэг хүмүүс бүр ч нухацтай ухаж ойлгосон байх ёстой. Хэрвээ чи зөвхөн их туршлага, оролтод хүрэх арга замын талаар л ярьдаг бол туршлага чинь хэтэрхий өрөөсгөл болохыг энэ нь харуулдаг. Жинхэнэ байдлаа мэдэхгүйгээр, үнэний зарчмыг ойлгож авахгүйгээр зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжгүй. Ариун Сүнсний ажлын зарчмыг мэдэж, түүнээс гарах үр дүнг ойлгохгүйгээр ёрын муу сүнсний ажлыг ялган танихад чамд хэцүү байх болно. Чи ёрын муу сүнсний ажил, мөн хүмүүсийн үзлийг илчилж, асуудлын гол цөмийг нь ойлгох ёстой; чи бас хүмүүсийн хэрэгжүүлэлтийн олон гажуудал, Бурханд итгэх итгэлд нь байж болох асуудлуудыг зааж өгөх ёстой бөгөөд ингэснээр хүмүүс тэдгээрийг танин мэдэж болох юм. Ядаж л чи тэдэнд сөрөг юм уу идэвхгүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Гэхдээ чи ихэнх хүмүүсийн хувьд бодитоор оршдог хүндрэл бэрхшээлийг ойлгох ёстой бөгөөд бодлогогүй загнаж, “гахайд дуулахыг заах гэж оролдох” ёсгүй; энэ бол мунхаглал юм. Хүмүүсийн туулдаг олон бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чи эхлээд Ариун Сүнсний ажлын өрнөл хөгжлийг ухаарч ойлгох ёстой, Ариун Сүнс өөр өөр хүн дээр ажлаа хэрхэн хийдгийг ойлгож, хүмүүст тулгардаг бэрхшээл, тэдний дутагдлыг ойлгож, ямар ч гажуудал, алдаа мадаггүйгээр асуудлын голыг нэвт шувт харж, асуудлын уг сурвалжид хүрэх ёстой. Ийм хүн л зохицон үйлчлэх шаардлага хангадаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шаардлага хангадаг хоньчны эзэмшвэл зохих зүйл
Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таашаагдаж, Бурханд туйлын үнэнч байж чадах ёстой. Чи ганцаараа эсвэл олны өмнө үйлдсэн ч бай, Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч, Бурханы өмнө бат зогсож чаддаг бөгөөд бусад хүн чамд хэрхэн хандахаас үл хамааран үргэлж алхах ёстой замаараа алхаж, Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьдаг. Зөвхөн ийм л хүн Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс Бурханы агуу даалгавар болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, Бурханы зүрх сэтгэлийг өөрийн болгож, Бурханы ачааг өөрийн болгож авах чадвартай бөгөөд хэтийн ирээдүйгээ эс хайхардаг. Тэд хэтийн ирээдүйгүй, юу ч олж авахгүй байсан ч хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч ийм хүн бол Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс нь бас Түүний итгэлт хүмүүс юм; Бурханы итгэлт хүмүүс л Түүний санаа зовнил, бодлыг хуваалцаж чадна. Мөн махан бие нь өвдөж, сул дорой байсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэд хайрладаг зүйлээ орхиж, зовлон шаналлыг тэсэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг агаад Бурханы хийхийг хүсдэг зүйл ийм хүмүүсийн гэрчлэлээс төрөн гардаг. Иймийн учир энэ хүмүүс Бурханд таашаагддаг, тэд бол Бурханы Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух зарц нар нь бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ
Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна
Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг халдварлаж, оршихуйн зарим нь нөлөөлнө. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (мэдээж, эдгээр гүн гүнзгий сургаалд хүрэхийн аргагүй) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлдэггүй, харин хүмүүсийг номлох, ажиллахад сургаж, тэдний мэдлэг болон элбэг арвин шашны сургаалыг сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай, мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн үзлийг сөрдөггүй, үзлийг нь ч илчилдэггүй, дутагдал, завхралынх нь төлөө хүмүүсийг засаж бүр ч чаддаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг бүхэн нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны үзэл, теологийн онол байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяасыг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил
Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи “сайн санааныхаа” улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол хэзээ ч хамаагүй таягдан хаягдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой
Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхгүүд мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ чамайг Бурханыг тэрсэлж, эсэргүүцдэг болгодог. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн дээд онолуудыг ярьж чаддаг байж болно—гэхдээ эдгээрт ямар ч бодит байдал агуулагддаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэнэ. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон сургаал л бий болгож, тэдийг чамд дургүй болгоно. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдалд илүү анхаар
Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг ойлгож авсан атлаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол Бурханыг бүр ч их эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм